Categories
мэдээ нийгэм

Нүүрсэн дунд нууж ургамлын үндэс хил давуулах гэж байгаад баригджээ

Энэ лхагва гарагт Гашуунсухайт дахь боомтын нүүрс экспортлон гаргах терминал дээр Монгол улсын иргэн Б-гийн хууль бус үйлдлийг илрүүлжээ. Тэрбээр 590 кг ургамлын үндэсийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Үүнийг терминалын компьютерээр илрүүлсэн бөгөөд гарган авахад уг ургамлыг ваакуумжуулан гадуур нь гялгар уутаар бүрж нуусан байжээ. Гашуунсухайтын гаалийн ажилтнууд энэхүү хууль бус үйлдлийг гаалийн шалгалтаар таслан зогсоож Ханбогд сум дахь цагдаагын тасагт шилжүүлэн өгчээ.

Өмнө нь бас энэ төрлийн хэрэг хэд хэдэн удаа гарч байсан талаар тус боомтынхон дурьджээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн өвийн хорооны чуулганд монголын төлөөлөгчид оролцож байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй төлөөлөгчид 6 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Бахрайн Улсын Манама хотноо ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 42 дугаар чуулганд оролцож байна. Уг чуулганаар дэлхийн соёлын болон байгалийн өвийг хадгалан хамгаалахтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Манай төлөөлөгчид дэлхийн өвд бүртгэлтэй Байгаль нуурыг хамгаалах асуудлын хүрээнд Монгол Улс Сэлэнгэ мөрний сав газарт усны барилга байгууламж байгуулахтай холбогдуулан нөлөөллийг тодорхойлох бүс нутгийн байгаль орчны үнэлгээний ажлыг Дэлхийн банктай хамтран гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангаж байгаа болон уг асуудлаар өмнөх чуулганы хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой үг хэлэв. Түүнчлэн уг чуулганаас манай улстай холбоотой гарч буй шийдвэрийн талаар хорооны гишүүн орнууд болон Дэлхийн байгаль хамгаалах холбоо, Дэлхийн өвийн хорооны нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөлтэй тус тус уулзаж Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгч, санал солилцов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Жаст”-ын Ш.Батхүүг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт яаралтай шилжүүллээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүг цагдан хориод гурван сар хагас өнгөрчээ. Ш.Батхүүгийн биеийн байдал эрс муудаж аминд нь халтай байдал үүссэн учир өчигдөр цагдан хорих 461 дүгээр ангиас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шилжүүлсэн байна.

Тухайлбал, Ш.Батхүүгийн сахарын өвчин хүндэрч энгийн хүнийхээс гурав дахин өндөр түвшинд хүрчээ. Тиймээс Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн зүгээс инсулин тариаг маш өндөр тунгаар өдөрт зургаан удаа хийж сахарыг нь өсгөхгүйн тулд аргацаасан арга хэмжээ авч байсан юм. Мөн түүний тархины мэдрэлийн судсанд ноцтой өөрчлөлт гарсан аж.


Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэссээр байна

“Хүүхдийн байцаагчийн” орон тоог цомхотгосноос хойш хүүхэд гэмт хэрэгт өртөх, үйлдэх нь эрс нэмэгджээ. Сүүлийн 3 жилийн байдлаар 3633 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4574 хүүхэд гэмт хэргийн золиос болсон байна. 2017 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгчийн Тамгын газраас явуулсан хэлэлцүүлгийн мөрөөр Цагдаагийн төв байгууллагад Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулагдсан бөгөөд өргөжүүлэн нийслэл, орон нутгийн цагдаагийн газруудад ийм нэгж байгуулах, орон тоо төсвийг гаргаж өгөх хэрэгцээ шаардлага бий.

Хүүхэд гэмт хэрэгт ихээр өртдөг цэгүүдийг камержуулах, үүний тулд Засгийн газрын 2017 оны 312 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Хүүхэд хамгааллыг сайжруулахад шаардагдах төсвийг гаргах, нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг Төрийн тэргүүний хувиар албан ёсоор та бүхэнд хатуу анхааруулан хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр цахилгаан хязгаарлах дүүргүүд

Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 2, 17-р хороо 2, 4-р хороолол Алтангэрэл, Бүргэд 8 Т-1, Даваа 17, Т-8 АОС, 7/1, 7/2, 7/3, Дөл 54, 55, 56, 57, 60, Б7/5, Б7/6, Б7/7-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор;

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: Монгол наадам цогцолбор, Монгол Глобал ХХК.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
мэдээ спорт

Японы шигшээ хоёроор гарлаа

ОХУ-ын Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатарын цагаар шөнийн 02 цагаас хөлбөмбөгийн ДАШТ-ий гуравдугаар тойргийн G хэсгийн Панам-Тунисын шигшээ багуудын халз тоглолт болж, Тунисын шигшээ Панамыг 2:1-ээр хожлоо.

Энэ тоглолтын анхны гоолыг 33 дахь минутад Тунисын хагас хамгаалагч Яссин Мэрия өөрийн хаалганд авто гоол оруулснаар эхний хагас 1:0-ээр завсарлалаа.
Харин сүүлийн хагаст Тунисын довтлогч Фехреддин Бен-Юссеф 51 дэх минутад тэнцээний гоол оруулсан бол, Вахби Хазри 66 дахьминутад дахин гоол оруулснаар, анх удаа ДАШТ-д оролцсон панамчууд Тунисын шигшээ багт 2:1-ээр хожигдлоо.

Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий G хэсгийн Англи-Бельги улсын шигшээ багуудын халз тоглолт Мосвагийн цагаар 21 цагт /Улаанбаатарын цагаар 2018.06.29-ний 02 цагт/ ОХУ-ын Калининград хотын “Калининград” цэнгэлдэх хүрээлэнд болж, 0:1-ээр бельгичүүдийн ялалтаар өндөрлөв.
Энэ тоглолтын ганц гоолыг Бельгийн хагас хамгаалагч Аднан Янузай 51 дэх минутад оруулсан юм. Ийнхүү энэ удаагийн ДАШТ-ий G хэсэгт гурван тоглолтод ялалт байгуулсан Бельгийн шигшээ баг хэсгээ тэргүүлж, англичууд хоёроор шалгарлаа.

Ингээд хасагдах шатны шөвгийн 16-д Бельгийн шигшээ Японы шигшээтэй тоглох бол Английн шигшээ баг, Колумбын шигшээ багийн эсрэг тоглохоор болж байна.
ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Н хэсгийн гуравдугаар тойргийн Япон-Польшийн шигшээ багийн халз тоглолт энэ үдэш /2018.06.28/ Волгоград хотын “Волгоград-Арена” цэнгэлдэх хүрээлэнд болж, Польш 1:0-ээр хожлоо.
Энэ тоглолтын ганц гоолыг сүүлийн хагасын 59 дэх минутад хагас хамгаалагч Рафала Кужавын дамжуулалтаар хамгаалагч Ян Беднарек чөлөөт цохилтоор Японы хаалганд гоол оруулсан юм.
Японы шигшээ баг энэ мөчид хэсгээсээ нэгэнт хоёроор гарах нь Сенегалын шигшээ Колумбын шигшээг хожих эсэхээс хамаарах учраас ширүүн довтолгоо хийхгүй, хамгаалалт хийсээр 1:0-ээр тоглолтыг өндөрлүүлэв. Учир нь хэсгээ тэргүүлж байгаа колумбчууд Сенегалын хаалганд хожлын нэг гоол оруулчихсаныг япончууд мэдэж байлаа.

ОХУ-ын Самара хотын “Самара арена” цэнгэлдэх хүрээлэнд энэ үдэш /2018.06.28/ хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Н хэсгийн гуравдугаар тойргийн Сенегал-Колумбын шигшээ багуудын тоглолт болж, 1:0 колумбчууд хожиж, сенегалчууд нутаг буцахаар боллоо.
Энэ тоглолтын 74 дэх минутад Колумбын хамгаалагч Иерри Мина гоол оруулснаар хэсгээ тэргүүлэх нь тодорхой болж, энэ үр дүнгээ хамгаалсаар эцсийн шүглийг дуугаргалаа.
Ийнхүү Колумбын шигшээ баг өнөө шөнө болох G хэсгийн хоёроор гарах баг /Англи-Бельги/-тай тоглохоор болж байгаа юм. Энэхүү тоглолтыг 41 970 үзэгч “Самара арена” цэнгэлдэхэд үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Таван толгойн шоу, төгрөгийн уналт, шатахууны дуулиантай өдрүүд эхэллээ

Таван толгойг хөдөлгөх том яриа Засгийн түвшинд өрнөх үеэр төгрөгийн ханш унаж шатахууны үнийн дуулиан дэгдээд байна. Шатахууны үнэ нэмэгдлээ гэсэн мэдээлэл өчигдрийн гол сэдэв, шуугиан боллоо. Сошиал ертөнцөд шуугьсан шиг бензиний үнэ нэмэгдээгүй ч энэ удаагийн дуулиан оргүй биш. Наадмын өмнө шатахууны үнэ нэмэхээс аргагүй нөхцөл үүссэн гэж эдийн засагчид онцолж байна. “Шатахуун импортлогчид засгийг рекетлэж үнээ нэмэхээр болжээ. Шунал нь дийлдэхгүй улс юм аа” гэсэн шүүмжлэл иргэдийн дунд өрнөж буй. Харин энэ мэдээлэл яагаад цацагдах болсон цаад шалтгааныг ухаж харж суугаа нь цөөхөн байна. Манай сонины сурвалжлах баг шатахууны үнэ өслөө гэсэн мэдээлэл яагаад цацагдах болсон цаад шалтгаанд хариу хайлаа. Хэд хэдэн эдийн засагчид хандахад шатахууны үнэ өснө гэсэн шуугианы шалтгааныг Төв банкны шийдвэртэй холбоотой гэсэн тайлбар өгч байна. Төв банк сүүлд гурван ч удаа гадаад валютын дуудлага худалдаанд оролцоогүй нь энэ шуугианд нөлөөлжээ.

МОНГОЛБАНКНЫ ГЭДИЙЛТ ШАТАХУУНЫ ШУУГИАНЫ ШАЛТГААН БОЛЖЭЭ

Монголбанкнаас зарладаг гадаад валютын дуудлага худалдааг анхааралтай ажиглаж суудаг хэсэг бүлэг хүмүүс бий. Валютын ченжүүд, гадаадаас доллараар бараа бүтээгдэхүүн худалдан авч, дотоодын зах зээлд нийлүүлдэг бизнес эрхлэгчид дуудлага худалдаа болох өдрийг хуанли дээрээ тэмдэглэж байгаад цаг тоолон хүлээдэг. Тодруулж хэлбэл тэдний дунд шатахуун импортлогчид зүй ёсоор ордог юм. Монгол Улсын гадагш нь урсгадаг долларын дийлэнх хэсэг нь шатахуун худалдан авахад зарцуулагддаг учраас шатахуун импортлогчдод гадаад валютын дуудлага худалдаа шиг чухал зүйл байхгүй. Ингээд харахаар иргэдийн төдийлөн анзаардаггүй гадаад валютын дуудлага худалдаа харин ч халаасан дахь хэдэн бор төгрөгтэй маань холбоотой болж таарч байна.

Төв банк энэ сарын 14-нд зарласан гадаад валютын дуудлага худалдаандаа оролцоогүй юм байна. Дараа нь буюу энэ сарын 19-нд зарласан худалдаанд ч оролцолгүй өнжжээ. Ингээд зогсоогүй, энэ сарын 21-нд товлосон арилжаанаасаа татгалзсан аж. Шил дараалсан энэ үйл явдлууд иргэдийн анхааралд төдийлөн өртөөгүй байж мэднэ. Гэхдээ Монголбанкны энэ үйлдэл импортлогчид болон валютын ченжүүдэд “Доллар өсөх нь” гэсэн дохио өгсөн байна. Ийм шалтгаанаар бензиний үнэ өслөө гэсэн шуугиан дэгджээ.

Төв банкийг гадаад валютын худалдаанд оролцохгүй гэж шийдсэн эхний өдөр банкууд 2414.48 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 64.3 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бол хоёр дахь удаад нь 2424.08 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 91.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн байна.

Монголбанкийг гурав дахь удаагаа валютын худалдаанд оролцохгүй “гэдийхэд” банкууд 2443.90 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 132.8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк гадаад валютын дуудлага худалдаанд оролцохгүй гэсэн шийдвэр гаргахаасаа өмнө буюу энэ сарын 12-нд дуудлага худалдаанд оролцжээ. Тэр өдөр банкууд 44.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлж Монголбанк 2414.30 төгрөгийн ханштайгаар 16.5 сая ам.долларыг зах зээлд нийлүүлсэн байна. Гурван ч удаа дуудлага худалдаанд оролцохгүй гэдийснийхээ дараа Төв банк энэ сарын 22-нд ээлжит бус дуудлага худалдаа зарлажээ. Ээлжит бус гадаад валютын дуудлага худалдааныхаа үеэр нэг долларыг 2451 төгрөгөөр зах зээлд нийлүүлсэн байна. Нийтдээ 88.7 сая ам.доллар нийлүүлсэн гэсэн тоог Төв банкны цахим хуудаснаас харж болно. Монголбанкийг дуудлага худалдаанд оролцохгүй, зах зээлд доллар нийлүүлэхгүй гэж гэдийхээс өмнө 2414 төгрөг байсан ногоон валют гурван ч удаа дуудлага худалдаанаас татгалзсаных нь эцэст 2451 төгрөг болоод нэмэгдчихэж. Бүр тодруулж хэлбэл энэ зуур ам.долларын ханш 37 төгрөгөөр өсчээ. Монголбанк хэдхэн өдрийн өмнө 2414 төгрөгөөр зарж байсан доллараа 37 төгрөгөөр өсгөж зарах нь хэнд ашигтай вэ? Төв банкинд л ашигтай болохоос энгийн олонд өгөөжөө өгөхгүй эд гэдгийг өчигдөр өглөө иргэдийг сандаргасан шатахууны ханшийн мэдээ баталж байна.

Төв банкны одоогийн ерөнхийлөгч томилогдоод удаагүй үед УИХ-ын байнгын хорооноос Монголбанкийг шалгаад “Төв банк алдагдалтай ажилласан байна” гэсэн дүгнэлт гаргаж байв. Тухайн үед манай сонин голлох нийтлэлдээ “Монголбанкны алдагдал эдийн засаг, нийгэмд өгөөж болж очдог том давуу талтай. Төв банк ашигтай ажиллаад байвал эдийн засагт бий болох эерэг өөрчлөлтөөс татгалзаж байна гэсэн үг. Төв банкны алдагдлыг бууруулах хамгийн амархан арга нь төгрөгийн ханшийг суллах. Үндэсний мөнгөн тэмдэгтээ хүчгүйдүүлж, иргэдийнхээ халаасан дахь хэдэн бор төгрөгийн үнэ цэнийг унагах хэрээр төв банкны алдагдал багасаад байдаг. Чехийн төв банкны баланс маш олон жил алдагдалтай явсаар өнөөг хүрсэн ч, алдагдлыг нь хэн ч тоодоггүй. Эдийн засагтаа мэдрэгдэхээр реформууд хийсэн учраас иргэд нь, шийдвэр гаргагчид нь төв банкаа хүндэтгэж хардаг. Тэгэхээр төв банк их хэмжээний алдагдалтай ажилласан гэвэл их л өгөөжтэй ажиллаж, өчнөөн бодлого хэрэгжүүлсэн гэсэн үг” хэмээн онцлон бичиж байсныг уншигчдадаа эргэн сануулъя.

ДОЛЛАРЫН ХАНШ ХОЁР ЖИЛИЙН ДОТОР 503 ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ

Долларын ханшид нөлөө үзүүлдэг хамгийн том газар бол Монголбанк гэдгийг дээр дурдсан жишээнүүдээс төвөггүй харчихаж болно. Төв банк долларын ханшид хэрхэн нөлөөлсөөр өнөөдрийг хүрсэн бэ гэдэг шалтгааныг өөрсдийнх нь цахим хуудаснаас хайя. Одоогоос яг хоёр жилийн өмнө буюу 2016 оны зургадугаар сарын 28-ны өдөр нэг ам.доллар 1962 төгрөгтэй дүйж байж. Тухайн үед Монголбанкинд 1.3 тэрбум ам.долларын валютын нөөц хадгалагдаж байжээ. Яг тэр үед Монголын Засгийн газрын зээлжих зэрэглэл B2 байсан юм. Өнөөдрийн тухайд Монгол банкны валютын нөөц гурван тэрбум доллар болж өсөөд буй. Хоёр жилийн өмнөхөө бодвол ханшид санаа зовж сэтгэлээ чилээхгүй аятайхан амьдрах боломж бүрдсэн гэсэн үг. Тийм атал өнөөдөр зээлжих зэрэглэл B3 болж доошилж, долларын ханш 2465 буюу 503 төгрөгөөр өсчихсөн цойлж явна. Хар ухаанаар бодоход валютын нөөц өсч, эдийн засаг сайжрах тусам зээлжих зэрэглэл буурч, төгрөгийн ханш чангармаар. Гэтэл эсрэгээрээ явж байгаагийн цаад шалтгаан нь юу юм бол? Энэ асуултын хариуг холоос хайх хэрэггүй. Өмнө дурдсанчлан Монгол банкны мөнгөний бодлого бүх асуудлын суурь шалтгаан болж байна.

ТӨГРӨГӨӨ ҮНЭГҮЙДҮҮЛЭХ ӨӨР ШАЛТГААН ТӨРДБАЙГАА ЮМ БИШ БИЗ

Зарим эдийн засагч ингэж хардаж байна. Төв банк яаран сандран ээлжит бус дуудлага худалдаа зарлан байж зах зээлд доллар нийлүүлдэг өдөр буюу зургадугаар сарын 22-нд ногоон валютын ханш “Найман шарга” дээр 2480 төгрөг болж огцом дээшилсэн юм. Дуудлага худалдаанд оролцохгүй гэж гэдийхээсээ өмнө зургадугаар сарын 12-нд Төв банкнаас зах зээлд доллар нийлүүлсэн талаар өмнө онцолсон. Тэр өдөр “Найман шарга” зах дээр ам.долларыг 2417 төгрөгөөр зарж байж. Монголбанкыг доллар зарахгүй гэж толгой сэгсэрснээс болж ам.долларын ханш аравхан өдрийн дотор 63 төгрөгөөр өсчээ. Гурван тэрбум доллар нөөцөлчихсөн, эдийн засаг дажгүй өсөлттэй, нүүрсний ханш гялалзтал цойлж яваа ийм үед “Доллар өсөхөөс аргагүй байсан” гэсэн дүгнэлтэд лав хэн ч итгэхгүй. Гадаад худалдаа ашигтай, валютын нөөц огцом нэмэгдсэн гэдгийг Монголбанк удаа дараа мэдэгдсээр байгаа. “Ноён ногооны ханш өсөх биш, харин ч уруудах орчин бүрдсэн” гэж эдийн засагчид хэлж байна.

МӨНГӨНИЙ БОДЛОГО ХЭР ЗӨВ ЯВЖ БАЙНА ВЭ?

Төв банк одоогоор бодлогын хүүг арван хувьд барьж байна. Хүүг цаашид буулгая гэвэл инфляци өгсөхгүй тогтворжих зураг бий. Инфляцийн тухайд Н.Баяртсайханыг ажлаа хүлээж авах үед 1-2 хувийн түвшинд хэлбэлзэж байсан юм. Харин өдгөө инфляцийн хувьд 6-7 гэсэн тооны хооронд яригдаж байна. Товчхондоо Монголбанкинд инфляцийг ганцхан хувиар өсгөх боломж орон зай үлдсэн гэсэн үг. Төв банк инфляцийг найман хувьд барина гээд бодлогоо батлуулчихсан гэдгийг энэ дашрамд онцолъё. Хэрвээ инфляци найм гэсэн тооноос хэтэрвэл Монголбанкинд бодлогын хүүг бууруулах боломж үлдэхгүй. Өөрөөр хэлбэл бодлогын хүүг өсгөхөөс өөр замгүй болно.

Инфляци хяналтаас гарч өсөхгүй байх орчин бүрдэх хэрээр иргэдэд өгөөжтэй гэдгийг эдийн засагчид онцолж байна. Эсрэгээрээ инфляци цойлвол шатахууны үнэ өснө. Шатахууны үнэ өсвөл тээвэр, хүнс, мах, гурил, оюутны төлбөр дагаад өгсдөг жамтай. Монголбанкны хувьд зөвхөн уламжлалт мөнгөний бодлого хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай ажиллаж байна. Уламжлалт бус бодлогоос татгалзана гэсэн агуулгатай яриа хөөрөө, мэдэгдэл Төв банкны зүгээс давтамжтай дуулдсаар өнөөг хүрсэн. Энэ байр сууринаас нь анзаарахад нэг л зүйл ойлгомжтой байна. Монголбанк мөнгөний бодлогын хүүг өөрчлөх, хаа нэгхэн валютын интервенц хийхээс хэтрэхгүй нь хэнд ч тодорхой асуудал болчихсон. Төв банк эдийн засаг руу чиглэсэн далайцтай, жинтэй бодлого, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхгүй гэдгээ мэдэгдээд буй. Ирэх өдрүүдэд ч эдийн засгаа ингэж харахгүй гэж байгаа. Ийм бодолтой ажиллаж байгаа нь Төв банкны ерөнхийлөгч болон захирлуудынх нь төдийгөөс өдий хүртэл хэвлэлд өгсөн ярилцлагаас тод харагддаг.

Төв банкны мөнгөний бодлогын талаар Бизнесийн сургуулийн захирал, доктор Н.Дашзэвэг “Монголбанк мөнгөний бодлого явуулж чадахгүй байгаа. Наад зах нь л инфляциа онилж чаддаггүй. Инфляцийг прогнозолж байгаа юм алга. Бодлогын хүүг ашиглахгүй байна. Өнөөдөр бодлогын хүү ямар ч нөлөөгүй байна шүү дээ. Бодлогын хүүг буурууллаа гээд зээлийн хүү буураагүй. Зээлийн хүүгээ тодорхойлж чаддаггүй. Ер нь Төв банкинд прагматик бодлого алга. Өөр нэг онцлох зүйл гэвэл Төв банк ханшийн бодлого явуулж чадахгүй байгаа. Төгрөгөө үнэгүйдүүлж байна. Засгийн газраас хамааралгүй болгож, том боломж өгчихөөд байхад инфляциа барьж хүчрэхгүй яваа газар гээд бодохоор хэлэх үг алга даа. Сүүлд гэхэд бодлогын хүүг хэвээр үлдээх нь буруу шийдвэр болсон” хэмээн байр сууриа илэрхийллээ.

ЗАСГИЙН ГАЗАР ШАТАХУУНЫ ҮНИЙН ЭСРЭГ ГАР ХООСОН, ХӨЛ НҮЦГЭН ЗОГСЧ БАЙНА

Мөнгөний бодлого буруу хэрэгжсэнээс үүдсэн сөрөг талыг юуны түрүүнд иргэд, компани аж ахуйн нэгжүүд үүрдэг гэж эдийн засагчид хэлж байна. Мөнгөний буруу бодлогын хамгийн том эрсдэл нь түлш шатахууны үнийн өсөлт аж. Ингээд ч зогсохгүй ган гачгаас болж ургац алдвал сөрөг нөлөө нь бүр хүчтэй илэрдэг байна. Мөнгөний буруу бодлогын энэ сөрөг нөлөөг зөвхөн эдийн засагчид ч биш, энгийн хэн ч бодоод хэлчихнэ. Ган зуд гэх мэт байгалийн давагдашгүй эрсдлээс болж мах, гурилын үнэ хяналтгүй өсөх зайлшгүй эрсдэл манай улсад байдаг. Төв банк бодлогоо зөв явуулбал ийм эрсдлийг хөнгөхөн даваад гарчихдаг. Тийм жишээнүүд өнгөрсөн түүхэнд бий. Харин Төв банк нь өнөөдрийнх шиг эдийн засгийн онцлогтой салбаруудаа хайхрахгүй, валютын ханшин дээр мэдрэмжгүй тоглолт хийсэн шигээ аж төрвөл хамгийн түрүүнд шатахууны үнэ өснө, шатахууны үнийн өсөлтийг дагаад бүх юмны ханш хаданд гарах эрсдэлтэй. Наад зах нь ирэх сард халуу шатаж ган боллоо гэхэд гурил, махны үнэ цойлох нь тов тодорхой асуудал. Өнөөдөр ч өгссөн зурагтай яваа махны үнэ ган зудаас болоод тэнгэрт хадвал долларын ханш одоогийнхоосоо ч өсч мэдэхээр байна. Бүр цаашлуулаад ухвал өнөөдөр найм дээр байгаа инфляци өснө. Тэр цагт Монголбанк мөнгөний бодлогоо суллах биш, чангалахаас аргагүйд хүрнэ. Хэрвээ ийм байдалд хүрвэл ОУВС зүгээр хараад суухгүй. Мөнгөний бодлогоо чангаруул гэж шахна. Валютын сан ингээд шахчихвал хөтөлбөрт нь гуйж байж хамрагдсан Монгол Улсад үгүй гэх эрх байхгүй. Мэдээж энэ бол ирээдүйд гарч мэдэх эрсдэл.

Мөнгөний буруу бодлогын гай шатахууны үнийн өсөлтөөр эхэлдэг тухай өмнө дурдсан. Тэгвэл шатахууны үнийн өсөлтийн эрсдэл дөнгөж эхэлж байна. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлогын сөрөг нөлөө эхлэл төдийхөн байна. Өдгөө 75 ам.доллар байгаа нефтийн үнэ өсөх хэрээр Азийн Монголд А92, А95, дизель түлшний үнэ өсч таарна. Учир нь гүйцэтгэх засаглал, төв банкнаас шатахууны үнийг өсгөхгүй байлгах зэвсгүүдээ аль хэдийнэ хэрэглээд дуусчихсан. Зарим зэвсгээ бүр ад үзсээр байгаад устгачихсан гашуун үнэн бий. Хар үгээр зүйрлэвэл Засгийн газар шатахууны үнийн эсрэг гар хоосон, хөл нүцгэн зогсч байна. Эдийн засагчдын ярьдаг хэлээр бол нийлүүлэлтийн гаралтай инфляцийн хөлд дахиад үрэгдэж мэдэх аюул энгийн иргэдийн өмнө байна.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 10-р хороо, Биокомбинат ШТС-123

НЕФТИЙН КОМПАНИУД ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭХ ТУРШИЛТ ХИЙВ

Өчигдөр өглөө нийслэлчүүдийг түгшээсэн мэдээ бол шатахууны үнийн “өсөлт”. Өнгөрсөн зунаас хойш утаа, тоосонд дарагдсан нийслэлчүүдийн тархиа амрааж, таргаа уудаг газар нь хөдөө нутаг. Хэр хугацаагаар, хаана амрахыг “хөнжлийн хэрээр хөлөө жийнэ” гэдэг шиг үнэн хэрэгтээ худалдан авч чадах шатахууны хэмжээ л мэднэ. Ихэнх хөдөөг зоригсдод хоол, байрны мөнгө гэх мэт сүйдтэй зардал гарахгүй. Ямар түвшинд амрах, хэр олон газар үзэх боломжийг мөн л ноён шатахуун тодорхойлно. Нийслэлчүүд эхнээсээ амарч эхэлсэн энэ үед шатахууны үнэ нэмэгдсэн мэдээ нь аянга л гэсэн үг.

Зарим цахим хуудсуудаар бензиний үнэ нэмэгдсэн зураг нийтлэгдэж, 20-100 төгрөгөөр нэмсэн тухай тайлбар гарч байв. Яг энэ үеэр 11.30 цагт Үндэсний мэдээллийн төвд шатахууны үнийн талаар мэдээлэл хийх тухай зар түгсэн байв. Хэн хийх нь мэдэгдэхгүй байсан ч шатахууны өсөлтийн тухай албан ёсны мэдээлэл байх болов уу гэсэн горьдлого тээн манай сурвалжлах баг тус хуралд очсон юм. Сэтгүүлчид энэ хуралд ач холбогдол өгсөн боловч “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны хуурамч шатахууны талаарх мэдээлэл байсан юм. Хурлыг зохион байгуулагчид төгсгөлд нь “Шатахууны үнийг нэмсэн тухай мэдээлэл бий. Энэ тохиолдолд бид хатуу тэмцэнэ” гэж хэлэв. Гэхдээ тэдний мэдээлэл ноцтой бөгөөд цаашдаа шатахууны үнэд нөлөөлж болзошгүй асуудал байсан юм.

Улмаар 14 цагт УУЯ-нд очиход хэвлэлийн төлөөлөгч нь Ашигт, малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай уулзахыг зөвлөв. Бид Ц.Эрдэнэбаяр даргатай уулзахаас өмнө Монголын нефть импортлогчдын холбоотой уулзахын тулд 19001950 лавлахаас асуусан боловч ямар ч хаяг, утас байхгүй нь тодорхой болов. Харин Петровис компанийн төв байрны хүлээн авагчаас Монголын нефть импортлогчдын холбооны тухай асуухад “мэдэхгүй” гэж хариулав. Компанийн мэдээллийн албаны хүнтэйгээ уулзуулж өгөхийг хүсэхэд бас л “тийм албан тушаалтан байдаггүй” гэв. Эцэст нь Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай холбогдоход “Яаманд хуралтай байна. Удахгүй ажил дээрээ мэдээлэл өгнө” гэв. Ингэснээр сэтгүүлчид Ашигт малтмал, газрын тосны газарт даргыг 20-иод минут хүлээн суув. Биднийг ороход дарга ирээгүй байх зуур өнөөгийн төрийн албаны зураг болсон “Дарга байхгүй, ирэхгүй байх, хуралтай байгаа” гэх мэдээллийг ажилтнууд тасралтгүй өгөх юм. Бид даргатай утсаар ярьж уулзахаар болсон гэдгээ хэлэхгүй тэднийг сонсож суусан юм. Харин Ашигт малтмал, газрын тосны газрын даргын туслах гэсэн хаягтай өрөөнд байгаа залуугаас “Дарга чинь хаана яваа юм бэ” гэвэл “Дарга томилолттой байгаа” гэв. “Гадаадад уу” гэвэл яаран “Албан ажлын томилолтоор” гэж хариулав. Мөн Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн гэсэн хаягтай өрөөнд байгаа залуугаас “Бензин борлуулагч компаниуд өөрсдөө дур мэдэн үнэ нэмэх эрхтэй юу” гэж асуувал “Үгүй байх. Яаманд үнийн зөвлөл гэж байдаг. Ер нь даргаас асуусан дээр байх” гэв.

Ц.Эрдэнэбаяр дарга ирснээр бензиний үнэ нэмсэн талаарх мэдээлэл авах төрийн ганц хүнтэй таарснаар ажил дээрээ очих нүүртэй болох нь тэр. Бидэнтэй уулзахдаа тэрээр тус тусдаа уулзсан ч болно гэсэн юм.

-Өнөө өглөө зарим компани шатахууны үнэ нэмсэн мэдээлэл байна. Энэ тухай та мэдэж байна уу?

-Өглөө бидэнд зарим шатахуун түгээх станцууд шатахууны үнээ нэмсэн тухай гомдол орж ирсэн. Гэхдээ хотын захаар юм шиг байгаа юм. Манай байгууллага долоо хоног бүр улс даяар үнийн мэдээ авдаг. Одоогоор бидэнд үнэ нэмэгдсэн мэдээ орж ирээгүй байна. Гэхдээ бид гомдлын дагуу шалгах ажлыг эхлүүлсэн.

-Ямар нэгэн хариу өгсөн аж ахуйн нэгж байна уу?

-Бид аж ахуйн нэгжүүдтэй холбогдож байна. Одоогоор үнэ нэмсэн тухай мэдээ алга.

-Компаниуд дур мэдэн үнэ нэмэх эрхтэй юу?

– Тийм эрх байхгүй. Манайд Үнийн зөвлөлийн хамтарсан зөвлөгөөн гэж байдаг. Энэ хамтарсан зөвлөгөөн хамгийн сүүлд энэ зургадугаар сарын 7-ны өдөр хуралдсан.

Энэ үеэр нефть импортлогчдод шатахууны нийлүүлэлт болон жижиглэнгийн үнийг тогтвортой барих зөвлөмж өгсөн. Бид сар бүр ОХУ-аас дараа сарын үнийн мэдээ авдаг. Зургадугаар сарын үнийн мэдээг тавдугаар сарын сүүлээр авдаг. Зургадугаар сард тонн бензиний үнэ 60, дизелийн түлш 46 доллараар нэмэгдэж орж ирсэн.

-Нэмэгдсэн үнэтэй шатахуун хэзээ орж ирсэн бэ?

-Зургадугаар сарын дундаас орж ирсэн. Энэ үеэр жаахан хилийн үнийн өсөлт гарсан.

-Та нар үнэ өсөх тухай мэдэж байсан уу?

– Мэдэж байсан. Тийм учраас бид долдугаар сарын 3-нд Үнийн зөвлөлийг хуралдуулж, шатахууны хангамж, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах үүрэг өгсөн.

-Одоо та нарт шатахууны үнэ нэмсэн баримт байхгүй юу?

-Байхгүй. Бид шалгаж байна.

-Хэрэв үнэ нэмсэн нь тогтоогдвол ямар арга хэмжээ авах вэ?

-Тогтоогдвол эргэж та нарт мэдээлнэ. Зохих байгууллагад нь шилжүүлнэ. Арга хэмжээ авахын тулд ажиллана.

-Цаашдаа зах зээлийн үнэ нэмэгдвэл жижиглэн-гийн үнэ нэмээд л байх уу?

-Манайхан шинэ бодлого хэрэгжүүлнэ. Зах зээлд нефтийн үнэ буурахад шатахууны үнэ буурдаг болно.

-Хэрэгжих үү?

-Хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.

15 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаярын өрөөнд болсон энэ ярианаас харахад шатахууны компаниуд хааяа нэг энд тэнд үнээ нэмээд, буулгаад байх боломжтой бололтой юм. Учир нь өмнөх шөнөөс яригдсан шатахууны үнэ өссөн эсэхэд 15 цагт баталсан эсвэл эсэргүүцсэн ямар нэгэн хариу өгч чадсангүй. Энэ хооронд компаниуд хэд бол хэдэн тонн шатахуун зарж амжина. Хэдийгээр бид үнэ нэмсэн шатахуун түгээх станц олоогүй ч нэмэгдсэн үнээр бензин авсан иргэн баримтаа ирүүлж туслав. Эндээс харвал нефтийн компаниуд үнэ нэмээд үзвэл юу болохыг урьдчилан туршсан байж магадгүй аж.

Ц.Баасансүрэн

Х.Баттөгс

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Таван толгой”-г хөдөлгөвөл Д.Сумъяабазарт баатар цол олгосон ч яадаг юм

УИХ-ын гишүүн, уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Засгийн газрын төлөвлөж байгаагаар “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм байна. Мөн Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Оюу толгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын авто зам, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг хурдан эхлүүлэх нь зөв гэж үзжээ. Үүнийгээ даруйхан хэрэгжүүлэх гэж УИХ-ыг хэлэлцэн батлаад өгнө үү хэмээн төслөө өргөн бариад байгаа нь энэ юм.

Үйл явдлын дарааллыг ажиглавал “Таван толгой” хөдлөх нь тодорхой болж байх шиг байна. Учир Д.Сумъяабазар сайд хэдэн сарын өмнөх ярилцлагадаа “Таван толгойг хөдөлгөхийн тулд Ерөнхийлөгчтэй тохирох хэрэгтэй” гэж дурдаж байв. Тэр тохироо хийгджээ. Мөн бас бус тохироонуудыг ч амжилттай хийсэн бололтой. Яагаад өмнөх Засгийн газрууд “Таван толгой”-н орд газраа хөдөлгөж, эдийн засгаа чадамжтай болгох боломжоо ашиглаж чаддаггүй байв гэхээр тэнд эрх ашиг нь хөндөгдөх бүлэглэлүүдтэйгээ тохиролцохыг хүсдэггүй байж. Зөвхөн нэг талын буюу өөрсдийнхөө эрх ашгийг барьсан төсөл, хөтөлбөр боловсруулаад ороод ирэхээр нөгөө бүлэглэлүүд хөндөслөөд хэвтчих нь тодорхой. Ийм л эрх ашгийн зөрчил олон жил энэ том ордыг хөдөлгөсөнгүй. Харин Д.Сумъяабазар сайд их ухаалаг ажиллажээ. “Таван толгой”-г хөдөлгөх гэхээр эрх ашиг нь хөндөгддөг бүгдтэй нь харилцан тохиролцож чаджээ гэж дүгнэж болохоор байна. Хэн хэндээ ашигтай хувилбарыг тэрбээр чадварлаг тооцож гаргасан бололтой. Түүнээс биш хоёр туйлын оргилд гарчихаад танайх, манайх гээд талцаад байвал ажил урагшлахгүй бахь байдгаараа нэг нь нөгөөгөө муулаад л сууж байсан байх биз. Энэ Засгийн газрын хийсэн тохироонуудыг багцаалж үзэхэд нэг бүлэглэлд нь хувьцаа өгч, нөгөөгөөр нь төмөр зам бариулж, гурав дахиар нь авто зам тавиулахаар болоо байлгүй. Эцсийн үр дүндээ “Таван толгой” эрчимтэй ажиллаад ирэхээр эдийн засгийн эргэлт сайжирна, ажлын байр нэмэгдэнэ, монголчууд мөнгөтэй болно. Ийм л зүйлийг бид олон жил хүлээсэн. Орчин үед дэлхийн том гүрнүүд ч ийм тохироо, эвлэрлийн гэрээ хийж байж л хамтдаа урагшилж байна. Бие биенээ хэвлэлээр муулж, хэзээ ч эвлэрэхгүй мэт аашилж байсан Америк, Хойд Солонгосын удирдагчдын уулзалтыг бид хэдхэн хоногийн өмнө харлаа. Зүгээр ч гүй, “Монголд уулзчихүй юм байх даа, энэ хоёр” гэсэн ихэмсэг бодолтой ажигласан. Тэд бие биенийхээ эрх ашгийг хохироохгүй байж чадсан учраас л уулзалт амжилттай болжээ. Монголчууд бид яг үүн шиг ажиллаж эхэлж байгаагийн нэг сонгодог жишээ “Таван толгой”-г хөдөлгөх дээрх төсөл юм.

Хэрвээ ажил энэ эрчээрээ үргэлжилж, “Таван толгой”-н нүүрсний ордыг цогцоор нь хөдөлгөж чадвал Д.Сумъяабазар болон энэ төсөлд онцгой зүтгэл гаргасан түүний багийнхан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг баатар цолоор шагнасан ч яадаг юм. Том төслүүдээ цаг алдалгүй хөдөлгөж, ард түмнээ ядуугийн зовлонгоос салгах гэж байгаа энэ багийг үндэсний баатрын хэмжээнд авч үзэхэд буруудах юмгүй. Өнгөрсөн жилүүдэд бид өмд бандаашны хэрүүл харсаар залхлаа. Түүнээс өмнө нь эдийн засаг сайжрах тухай үлгэр л сонсдог байлаа. Монголчууд дэлхийд байхгүй чанартай нүүрстэй, тэр нүүрсээ зарах тухай хоосон амлалтууд хөвөрнө. Үлгэр энэ Засгийн өнгөн дээр бодит ажил болох магадлал тун өндөр байгаа болохоор хүн бүр чихээ сортойлгон чагнаж байна. Томхон компаниуд “Таван толгой”-той хэрхэн хамтарч ажиллах тухай тооцоолж байхад жирийн иргэд “ядаж л өнөө хэдэн хувьцааны үнэ өсөх байлгүй” хэмээн горьдлого тавьж суугаа.

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр эрдэмтэд цахилгааныг өөр эх үүсвэрээс гаргаж авах түмэн туршилт хийж, эхнээсээ зарим нь амьдралд нэвтэрч эхэлжээ. Гэхдээ ойрын 20 жилдээ нүүрсний эрэлт хэвээрээ байна. Ам бүл нь өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа энэ дэлхийн хүмүүс өвөл нь даарахгүй гэж, зун нь халууцахгүй гэж цахилгааны хэрэглээгээ нэмсээр байна. Үнэ ч боломжийн өсч байгаа. Яг ийм цонх үед бид нүүрсээ зарж, мөнгө босгох хэрэгтэй. Хэрэлдсээр суутал аль хэдийнэ 10 жил өнгөрсөн. Дахин ийм маягаар 10 жил болоход бидний нүүрсийг хэн ч тоож авахаа болих биз.

Засгийн газар “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татна гэж төлөвлөжээ. Төрийн мэдэл хэт өндөр буюу 70 хувьтай байгаа үед гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх нь эргэлзээтэй юм. Монголын төр засаг тогтворгүй, гадныханд элэггүйгээрээ нэрд гарсан учраас хөрөнгө оруулагчид болгоомжлох нь зүйн хэрэг. Тиймээс 30 хувийн хувьцаа маань хэр үнэд хүрэх бол. Эрэлттэй байж чадах уу гэдэг дээр Д.Сумъяабазар сайд тооцоогоо сайн хийсэн гэж найдъя, анхаарах биз ээ. Казахстанд төрийн өмчийн компаниудаа хувьчлахдаа зөвхөн 16 хувиа л төр авдаг, мөн хөрөнгө оруулагчдыг 16 хувиас хэтрүүлдэггүй байна. Төрийн давамгайлал бага болохоор хөрөнгө оруулагчдад эрсдэл бага. Ингэж тэд арван жилийн дотор 210 сая гаруй тэрбум ам.долларын хөрөнгө босгож, хүчирхэг эдийн засагтай болсон ард түмэн.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюу толгой, Дубайн гэрээг баталсных нь төлөө үндэсний баатрын хэмжээнд өргөмжлөхөд буруудах юмгүй. Харамсалтай нь, тэднийг шоронд барьж хийлээ. Үнэн мөнийг нь мэдэхгүй хэрнээ хүмүүс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг зүхэж байна. Бие нь муудаад эмнэлэгт хүргэхэд хүртэл “шоронгоос гаргах хэрэггүй байсан юм” хэмээн орилолдож байна. Гэхдээ ингэж хашхирч байгаа нь цөөн бүлэг хүний зорилготой үйлдэл юм. Хэрэв Оюу толгой хөдлөөгүй, Дубайн гэрээгээр Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг босгож чадаагүй бол манай эдийн засаг бүр л хөөрхийлөлтэй байдалд орох байлаа. Нөгөө талаараа Оюу толгойн төсөл бол Монгол дахь барууны хамгийн том хөрөнгө оруулалт юм. Геополитикийн хувьд хоёр том хөрштэй Монголын Улс гуравдахьч орны хөрөнгө оруулалтыг татаж чадах нь эдийн засагт ашигтай төдийгүй тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа давхар бататгаж байгаа хэрэг.

Монголд ажил хийсэн хүнээ элдвээр хэлж, барьж хорьдог таагүй хэвшил тогтчих шиг боллоо. Ажил хийсэн хүн алдаа гаргадаг л биз. Ажил хийгээгүй бол алдаа гарахгүй ч эдийн засгийн хувьд асар хохиролтой. Ялангуяа том төслүүдийн хувьд хэдэн сая тэрбум долларын мөнгө яригдана. Ийм мөнгийг Монголын эдийн засагт татаж оруулж чадсан Ерөнхий сайдуудаа өнөөдөр шоронд хорьж байна. Үүнтэй давхцаад тэдний араас шоронд явчих вий гэж айлгүйгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар, Д.Сумъяабазар сайд бас нэгэн том төслийг хөдөлгөхөөр зоригложээ. УИХ даруйхан асуудлыг хэлэлцэн шийдэж өгнө биз. Улс орноо өөд нь татах, эдийн засгаа хүчирхэгжүүлэх, энгийн олноо толгой өндөр амьдруулах үүргээ эд маань мартаагүй л яваа юм байна гэсэн итгэл төрж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Steppe Gold” компанийг олборлолт явуулахыг зөвшөөрчээ

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Steppe Gold” компани “Алтан Цагаан Овоо” төслийн явцын талаар мэдээллээ. Тус компани төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх газрын зөвшөөрлөө авсан байна.Мөн Монголын тэргүүлэгч оператор компаниудтай хамтран ажиллахаар болсон төдийгүй замын бүтээн байгуулалт болон олборлолтын ажлын бэлтгэлээ хангаж эхэлж байгаагаа мэдээлэв. Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш 11 хувиар өссөн байна.

“Steppe Gold” компани тавдугаар сард Торонтогийн Хөрөнгийн биржид IPO гаргаж, 25 сая канад доллар татан төвлөрүүлжээ. Хэдий тийм боловч арилжаагаа эхэлснээс хойш хувьцааных нь ханш 38 хувиар буурсан байна.

Тус компани Монгол дахь Алтан Цагаан Овоо орддоо энэ онд 20 мянган метрийн өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ онд багтаан анхны олборлолтоо эхлэхээр зорьж байгаа ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Х.Болорчулуун: Хэн нэгний эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг шүүгч байгаа бол зайлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.


-Захиргааны ерөнхий хуульд хүмүүс анхаарал хандуулж байна. Захиргааны ерөнхий хуульд заавал нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм уу. Хэрэв уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал Засгийн газар хэмжээлшгүй эрхтэй болчих юм биш үү?

-Энэ асуудал хоёр талтай. Захиргааны хэргийн шүүхийг байхгүй болгох алхам хийгдэх гээд байна. Нэг талдаа Захиргааны хэргийн шүүх байснаар захиргааны чиглэлээр мэргэшсэн шүүгчид ажиллана гэсэн сайн тал байгаа. Гэсэн ч нөгөө талдаа Захиргааны хэргийн шүүх маань захиалгын шүүх болчихоод байгаа юм. Тухайлбал, аймагт гуравхан шүүгч байдаг. Тэд эрх мэдэлтэй аймаг, орон нутгийн удирдлагуудтай ямар нэгэн байдлаар холбоотой болчихсон байдаг л даа. Улсын хэмжээнд ч гэсэн ийм зүйл бий. Иргэний журмаараа явбал ямар шүүгч даргын асуудлыг хэлэлцэхэд орох нь тодорхой бус байж байгаад асуудал шийднэ. Хамгийн гол нь аль ч шүүх хараат бус байх ёстой. Гол зарчим энэ.

-Ганц хоёр шүүгчийн асуудлаас болж Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газрын ямар ч алдаатай шийдвэрийг хэн ч хэлэлцэхгүй байх энэ зарчим руу орох нь буруу юм биш үү. Цаашлаад Захиргааны шүүхгүй болох хэмжээнд хүрэх нь тэгээд зөв үү. Захиргааны хэргийн шүүхээр хууль бусаар ажлаас халагдсан иргэд, газар, лицензийн маргаан, аймаг, сум, дүүрэг, Засгийн газрын алдаатай шийдвэрийг залруулах боломж юм биш үү?

-Захиргааны хэргийн шүүх татан буугдлаа гэхэд ажлаас халагдсан иргэд, дарга нартай холбоотой маргааныг огт хэлэлцэхгүй гэсэн үг биш. Хөдөлмөрийн хуулийн хүрээнд Иргэний хэргийн шүүхээр явчих бүрэн боломжтой. Гэхдээ Захиргааны хэргийн шүүхийг татан буулгахгүй байлгүй дээ.

Та ганц хоёр шүүгч гэж хэллээ. Тэр ганц хоёр шүүгчээ тодорхой болгох ёстой. Үнэхээр хэн нэгний эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг шүүгч байгаа бол зайлах хэрэгтэй. Дарга нар, албан тушаалтнуудын нөлөөнд ордог тийм шүүгч байгаад яах юм.

-Таны ярьж байгааг сонсоход энэ хуулийн төслийг дэмжих ч юм шиг, дэмжихгүй ч юм шиг ойлгогдоод байна. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжих үү?

-Дэмжих, үгүйг чуулганы хуралдаанаар хэлэлцээд, санал хураахад харахгүй юу.

-Хаврын чуулган баасан гаригт өндөрлөнө. Хэлэлцэх хууль маш их байна. Хууль бөөндөнө гэдэг нь болох юм биш биз. гишүүд хуулийн төсөлтэйгөө танилцаж амжиж байгаа юм уу?

-Ямар ч байсан хуулийн төслүүдтэйгээ танилцаж байна. Нэг дор олон хууль ингэж орж ирж байгаа нь тийм ч зохистой зүйл биш.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байна. Огцрох хүртэл нь чуулганы хуралдаанд суухгүй гээд байгаа. Түүний хувьд Нийтийн сонсгол хийж энэ асуудлыг ярилцах ёстой гээд гарын үсэг цуглуулж яваа юм билээ. Таны байр суурь ямар байгаа бол?

-Би нийтийн сонсгол явуулахыг дэмжиж гарын үсэг зурсан. Нийтийн сонсгол хийхэд юунаас нь айгаад байгаа юм. 60 тэрбумд нэр холбогдсон хүмүүс болон хууль хяналтын байгууллагынхантайгаа хамт сууж байгаад ил тод, нээлттэй ярилцъя л даа. Иргэдээс, Их хурлын гишүүдээс нуугаад байх зүйл байхгүй.

-Нийтийн сонсгол хийхээр хэдэн гишүүн гарын үсэг зурсан бэ. 17 гишүүн гэж яригдаад байсан нэмэгдсэн үү?

-60 тэрбумаар нээлттэй сонсгол явуулахаар гарын үсэг зурсан гишүүдийн тоо 19 хүрсэн байх.

-Нийтийн сонсголоо хаврын чуулганаар хийж амжихгүй байх тийм үү. Ирэх намрын чуулганаар хийх юм уу?

-Нийтийн сонсгол хийх товыг УИХ-ын дарга М.Энхболд гаргана. Өөртэй нь холбоотой асуудлыг хэлэлцэх гэж байгаа. Гэсэн ч товыг Их хурлын дарга өөрөө гаргана л даа.

-Таван толгой төслийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд 30 хувийг нь дотоодын болон олон улсын хөрөнгийн биржид арилжаална гэж байна. Тиймээс Таван толгойн асуудал УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Та Таван толгой төслийг дэмжиж байгаа юу?

-Таван толгой дээр IPO гаргаж болно. Гэхдээ олон улсны хөрөнгийн бирж дээр IPO гаргахдаа аль болох нэгж хувьцааныхаа үнийг үнэд хүргэх ёстой. Үүний тулд ажиллах, сурталчлах шаардлагатай. Бэлтгэл ажлаа базаасны дараа бүх зүйл эхлэх хэрэгтэй юм. Тэгэхгүйгээр юугаа ч бэлдээгүй байж хувьцаа гаргаад үнэ өснө гэж байхгүй.

Таван толгой, Оюу толгойг бид олон жил ярьсан. Ярьж, ярьж байгаад хамгийн муу хувилбарыг сонгосны хамгийн том жишээ бол Оюу толгой. Өнөөдөр Монгол Улсад ямар ч ашиггүйгээр л ажиллаж байна. Таван толгой дээр алдах эрх байхгүй. Тал бүрээс нь сайтар ярилц. Зарим гишүүний хэлж байгаа үг хардлага биш. Санамж өгч, сайн ажиллах хэрэгтэй. Таван толгойг хөдөлгөнө, эхлүүлнэ гэж ярьж болохгүй. Таван толгойг бид ашиглаж байгаа. Татварын ашиг нь 700 тэрбум бараг хүрч байна. Татвар төлөлтөөрөө Монгол Улсад хоёрдугаарт ордог аж ахуйн нэгж шүү дээ. 1.5-6 тэрбум ам.доллар гэж үнэлсэн нь бага байна. Яг энэ байдлаараа цааш явна гэвэл хувьцаа гаргах хэрэг байгаа ч юм уу. Хувь гишүүний зүгээс 30 хувьд нь 10 тэрбум ам.доллар асуудалгүй орж ирэх ёстой гэж боддог. Бид өөрсдийнхөө баялгийг үнэд оруулах ёстой. Ялангуяа Таван толгойн орд шиг ийм том орд дэлхийд тун ховор шүү.

-Хаврын чуулганаар баталж амжих юм уу. Бүлэг дээрээ тохиролцсон уу?

-Бүлэг дээр Таван толгой бүлэг ордын асуудлыг хэлэлцье гэдэг л шийдвэр гарсан. Түүнээс биш эцсийн байдлаар Таван толгойг шийдсэн юм байхгүй.