Categories
мэдээ спорт

Дэлхийн хамгийн том олимпийн цагираг Монголд сүндэрлэнэ

Монголын байт харваан холбооны ТУЗ-ийн гишүүдийн санаачлагаар “360 Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны талбайг байгуулж байна.


Байт харвааны спортыг хөгжүүлэх, тамирчдыг бэлтгэлжүүлэх зорилгоор анх удаа хэрэгжүүлж байгаа энэ төсөл маш олон хүний хандив, сэтгэлийн дэмжлэгээр босч байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд Швейцарь стандартаар барьж байгаа “360 Дайчин чанар-Тэсвэрийн талбар” талбайн дэд бүтээн байгуулалт болох дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл олимпын таван цагирагийг дэлхийд хамгийн томоор бүтээж Геннисийн номд бүртгүүлэх гэнэ.


Одоогоор дэлхийн хамгийн том Олимпийн цагирагийг 2012 оны Лондоны олимпоор англичууд бүтээсэн нь 25 метр өргөн, 11.5 метр өндөр байна. Уг цагирагийг англичууд 2016 оны олимпийг зохион байгуулсан Рио Де Жанейро хотынхонд бэлэглэсэн нь одоо Рио хотын Мадурейра цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэж байна. Дэлхийд хамгийн томд тооцогдож буй олимпийн цагирагийг бүтээхэд 317,817 фунт зарцуулжээ.

Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх дэлхийн хамгийн том олимпийн цагираг нь 27 метрийн өргөн, 14 метрийн өндөртэй байх юм. Энэхүү том бүтээн байгуулалтыг тамирчдынхаа сэтгэл зүйг өргөх, спорт сонирхогчдын анхаарлыг спорт руу татах, байт харвааны спортоор хичээллэх хүсэлтэй хүүхэд залууст урам зориг өгөх, мөн жуулчдыг ч бас татах зорилгоор энэ төслийг эхлүүлсэн тухайгаа Байт харвааны холбооны ТУЗ-ийн гишүүн С.Эрдэнэболд, М.Мөнхтулга нар ярьж байна. Мөн Олимпизмын төлөөх энэ үйл ажиллагааг манай Олимпийн хороо, Засгийн газар, соёл, спортын асуудал эрхэлсэн салбарын яам дэмжих байх гэдэгт итгэж буйгаа ч нуусангүй.


Дэлхийн хамгийн том олимпийн цагирагны үндсэн бүтэц, архитектур, даацын тооцоолол барилгын бүтээцийн зургийг Б.Эрхэмбаяр захиралтай “Грунер Арт” ХХК-ийн хамт олон хамтран хийж байна. Байт харваан спортыг хөгжүүлэхийн төлөө тамирчдаа дэмжин ажиллаж байгаа “Та бүхэндээ баярлалаа” гэдэг талархлын үгийг тус компанийн хамт олон болон хандив өргөсөн хүн бүрт Байт харвааны холбооноос дамжуулсныг энэ далимд уламжилья.


“360 Дайчин чанар-Тэсварын талбар” байт харвааны талбайг дэлхийн хамгийн том олимпийн цагирагийн хамт ирэх наймдугаар сарын 1-ний дотор ашиглалтанд оруулах бөгөөд үүний дараа байт харвааны спорт сонирхогчдын дунд үе шаттай сургалт явуулах юм байна.





Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“PLAY TIME-2018” ирэх сарын эхний долоо хоногт болно

Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн ядан хүлээдэг “Playtime-2018” наадам ирэх долдугаар сарын 6, 7, 8-ны өдөр Монгол Шилтгээнд болно.

Тус наадам нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн наадамд дэлхийд алдартай AНУ-ын “Ariel Pink”, Япон улсын “The Fin”, “Lite”, Монголын “Хөх тэнгэр”, анхны синт рок “Сөрөг хүч”, пост панк “The Colors” тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг, Электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй, нийт 70 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлч гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, “La Vie En Rose” гэсэн тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэх гэнэ.

2002 оноос анх зохион байгуулсан тус наадам энэ жил 17 дахь жилдээ болох юм.

Categories
мэдээ нийгэм

Наршихаас сэрэмжлүүлж байна

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хүүхдийн баяр, амралтын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлж, дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

НАРШИЛТААС СЭРГИЙЛЭХ:

  • Бага насны хүүхдийг автомашинд орхихгүй байх
  • Нарны малгай заавал өмсөх, нарны шил, шүхэр хэрэглэх
  • Цэвэр ус, хар цай, хярам ойр ойрхон уух
  • Цайвар өнгөтэй, сул чөлөөтэй хувцас өмсөх
  • Хурц наранд удаан явахаас зайлсхийх
  • Хүүхдийг гадаа удаан тоглуулахгүй байх
  • Хүйтэн ус, шүршүүрт орох

НАРШСАН ҮЕД ИЛРЭХ АНХНЫ ШИНЖ ТЭМДЭГ:

  • Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
  • Бие суларч ядрах
  • Зүрх дэлсэх, судасны цохилтын тоо олшрох, амьсгал давхцах
  • Царай цонхийж, арьс хүйтэн, чийглэг болох
  • Их хэмжээгээр хөлс гарах, халууцах, хүүхэд уцаарлаж уурлах

НАРШИЛТЫН ҮЕД ҮЗҮҮЛЭХ АНХНЫ ТУСЛАМЖ:

  • Эмнэлэгт яаралтай хандах
  • Сэрүүхэн газарт шилжүүлэн хэвтүүлэх (сүүдэр, сэрүүн өрөө)
  • Нойтон алчуур толгойд нь тавих
  • Хувцсыг тайлж суга, цавь, шанаа, дагз, тахим зэрэг том судастай газар хvйтэн жин тавьж, ойр ойрхон солих
  • Бүлээн шингэн уулгах
Categories
мэдээ нийгэм

Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо 93 мянгыг давжээ

Дотоодод ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо 93 мянгыг давж, ипотекийн зээлийн үлдэгдэл 4.2 их наяд төгрөгт хүрээд байна. Орон сууцны зээл нь урт хугацааных байдаг учраас санхүүжилтийн урт хугацааны, оновчтой механизмыг бий болгох шаардлагатай гэж шинжээчид үзэж байгаа ажээ.

Иргэдэд олгох орон сууцны найман хувийн зээлийн эх үүсвэрийг 2016 оны аравдугаар сараас эхлэн МИК-ийн гаргасан баталгаат бондын эргэн төлөлтөөр санхүүжүүлж байгаа юм. 2017 онд бондын үндсэн болон хүүгийн төлбөрт нийт 320 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад төлсөн бөгөөд энэ нь орон сууцны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нэмэлт санхүүжилт болсон байна. Олон улсын жишгийг харвал харьцангуй хөгжсөн зах зээлүүдэд хэд хэдэн загвараар ипотекийн зээлийг үнэт цаасжуулж байна.

Ипотекийн хоёрдогч зах зээл нь гурван үндсэн үүрэгтэй.

Нэгдүгээрт, банкны систем дэх бүрэн биелэх хугацааны зөрүүг бууруулах

Хоёрдугаарт, хөрөнгийг үнэт цаасжуулах, хөрөнгийн зах зээлийг нэмэгдүүлэх

Гуравдугаарт, ипотекийн хугацааг сунгах, шинэ арга нэвтрүүлэх гэж томьёолдог байна.

Европт өргөн тархсан “Pfandbrief” буюу “Үл хөдлөх хөрөнгийн барьцаа бүхий бондын загвар”-ыг авч үзвэл, үл хөдлөх хөрөнгийн моргейж эсвэл нийтийн салбарын зээл зэрэг урт хугацааны хөрөнгийг барьцаалах систем гэж болно. Энэхүү бондын нэг сайжруулсан тал нь бонд эзэмшигч хөрөнгийн багцаас нэхэмжлэх боломжтой, зээл олгогч дампуурсан тохиолдолд баталгаа болдог. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснаас ялгаатай нь үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан бондын хувьд хөрөнгийг бонд гаргагчийн тэнцэлд бичдэг байна.

Харин Азийн хамгийн амжилттай загваруудын нэг нь “Cagamas Model” буюу Малайзын үндэсний моргейжийн корпораци загвар байгаа аж. Энэ нь богино хугацааны хамтарсан санхүүжилтийн системээр ажилладаг. Санхүүгийн байгууллагууд богино хугацааны хадгаламжаар урт хугацааны орон сууцны зээлийг санхүүжүүлэхэд тулгардаг хугацааны зөрүүний асуудлыг шийдэхэд тусалдаг байгаа.

Мөн Азийн загваруудаас Хонгконгийн ипотекийн корпорацийн загварыг нэрлэж болохоор байна. Дээрх корпораци нь моргейжийн зээлээр баталгаажсан баталгаат бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авдаг. Мөн хөрөнгө оруулагчдад зориулсан зээлийн барьцаа гаргадаг, даатгал олгодог байна.

Түүнчлэн институцийн болон жижиглэнгийн зах зээлд бонд гаргаж санхүүжилт босгодог. Мөн бичил санхүүгийн зээлийг дэмжих төвлөрсөн бичил санхүүгийн платформын үйл ажиллагаа явуулдаг ажээ. Сүүлийн жилүүдэд шимтгэлийн орлого нь тасралтгүй өсөж, 2016 онд 116 сая хонгконг долларт хүрсэн байна.

Categories
гадаад мэдээ

Д.Трамп сэтгүүлчдэд Путинтай уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа хэлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахыг тэсэн ядан хүлээж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдэгджээ.

Энэ уулзалтын үеэр Д.Трамп америкийн цэргүүдийг Сириэс аль болох хурдан гаргах талаар В.Путинтай тохиролцоонд хүрэхийг зорьж байна. Тус тохиролцоо нь Иордантай хил залгаа орших Сирийн баруун өмнөд бүс нутагт хамааралтай аж.

ОХУ болон АНУ-ын төрийн тэргүүнүүд Финландын Хельсинки хотод ирэх сарын 16-нд уулзахаар болсон юм. Уулзалтын үеэр талууд мөн хоёр улсын харилцаа хийгээд Сири дэх сөргөлдөөнийг хэлэлцэх төлөвтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганаар тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн “УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай тогтоол, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай болон Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаг батлахаар төлөвлөсөн байна.

Харин үдээс хойш буюу 15.00 цагт УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайд, ЗТХ-ийн сайл, ХЗДХ-ийн сайдад тавьсан гурван асуулгын хариуг сонсоно. Тухайлбал, Л.Мөнхбаатар гишүүн “Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар” ЗТХ-ийн сайдад, М.Оюунчимэг гишүүн “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” ХЗДХ-ийн сайдад асуулга хүргүүлсэн.Харин З.Нарантуяа гишүүн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар” Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн юм.
Categories
мэдээ цаг-үе

Шүүхийнхээ хаалгыг зөөлхөн хаагаарай, шүүхдэлцэж заалдсан засаг минь баяртай

Захиргааны хэргийн шүүхийг татан буулгахаар Засгийн газраас улайран чичирч байгаа. УИХ-аас гарсан шийдвэрийг Засгийн газар биелүүлдэг. Их хуралд шургуулсан Захиргааны ерөнхий хуулийн төсөл батлагдвал засаг хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах нь ээ. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл шүүхгүй засаг хазааргүй азарга шиг болно гэсэн үг. Тэд юу л бол юу хийж дур зоргоороо авирлана. Гэхдээ энэ байдал тийм ч удаан үргэлжлэхгүй. Учир нь Засгийн газраас өргөн барьсан тэр төсөл нь Үндсэн хуулинд харшилж байгааг нийгэм даяар мэдэж, эсэргүүцэж байна. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хэд хэдэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчлөө гээд хуульчид ч бухимдаж байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлт нь батлагдчихвал иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах нь мэдээж. Цэц маргааныг хянан хэлэлцэхдээ Үндсэн хуулийнхаа эсрэг шийдвэр гаргахгүй. Тиймээс хуулинд орсон өөрчлөлтүүдийг Цэц хүчингүй болгоно. Энэ процедур ямар хугацаанд яаж үргэлжлэхийг Захиргааны хэргийн шүүхийг татан буулгагчид мэдэхийн дээдээр мэдэж, нарийн тооцоолсон байгаа. Гол нь тэд шүүхгүй байх хугацаанд хэд хэдэн асуудлыг өөрсдөдөө ашигтай хувилбараар шийдэж амжина гэсэн төсөөлөлтэй яваа байх.

Захиргааны хэргийн шүүх байхгүй болбол хамгийн түрүүнд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг нэг мөр болгоод, өмч хувьчлалыг явуулна. Ашиг сонирхол шингэсэн энэ том асуудлыг саадгүй явуулахын тулд л хууль өргөн баригдаад байгаа юм. Ц.Нямдорж сайдын ярьж буй захиргааны хэргийн хоёр шүүгч болох Ц.Одмаа, М.Батсуурь нар бол зүгээр л шалтаг. Хэдийгээр Худалдаа хөгжлийн банкны хуулийн газрын захирал, Төрийн өмчийн хорооны Захиргааны хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан энэ хоёр захиргааны хэргийн шүүгч болсон нь асуудлын гол зангилаа биш. “Эрдэнэтийн 49” хувийнхан захиргааны шүүх дээр маргаан үүсгэсэн болохоор Ц.Одмааг шүүхийн шийдвэрт нөлөөлж болзошгүй гэж хардаж байгаа нь Ц.Нямдорж сайдын л гаргалгаа. Хэрэв хоёр шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа юм бол шүүхийн системийг нураах гэж санаархана гэж үү.

Үнэн хэрэгтээ засаг олны анхаарлын төвд орсон асуудлыг шүүхийн дарамтгүйгээр явуулах гэж байгаа юм. Магадгүй шийдвэр гаргасных нь дараа Үндсэн хуулийн цэц Захиргааны хэргийн шүүхийг сэргээлээ гэж бодъё. Тэр үед Засгийн газрын гаргасан шийдвэрт шүүх үйлчлэхгүй болох биз. Тэгэхээр Захиргааны хэргийн шүүхгүй байх хугацаанд гарсан шийдвэр хүчин төгөлдөр үйлчлээд явна. Ийм тактикаар “Эрдэнэт”-ийн 49 хувь, өмч хувьчлалыг явуулах хувилбар сохор хүнд ч ил байна.

Энэ бол ардчилалаас ухрах буруу жишгийг тогтоож байна. Дараа, дараагийн улстөрчид ийм бохир аргыг хэрэглэдэг болно. Ер нь явуургүй зүйлийг хугацаа нь дуусах дөхсөн нам, тэтгэвэрт гарах гэж байгаа улстөрч хоёр л хийдэг. “Ангийнхаа хаалгыг зөөлөн хаалаа. Алдрайхан насаа үдлээ дээ, баяртай” гэсэн дууны мөртүүд шиг “Шүүхийнхээ хаалгыг зөөлхөн хаагаарай, шүүхдэлцэж заалдсан засаг минь баяртай” болно доо.

М.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн З.Нарантуяа австралийн элчин сайд Жон Лангтриг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтриг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Австралийн Засгийн газар Монгол улстай уул уурхайн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой, ялангуяа Монгол улсад хөгжиж эхлээгүй уул уурхайн түүхий эдэд суурилсан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулж, хөгжүүлэх хамтын ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Элчин сайдтай хамт яваа Австралийн “Экспорт, даатгалын санхүүгийн корпораци” (EFIC)-ийн ахлах эдийн засагч Кассандра Винзенриэг танилцууллаа. EFIC нь Оюу толгой төсөлд 150 сая америк долларын санхүүгийн хөрөнгө оруулалт хийсэн Австралийн томоохон санхүүгийн байгууллага бөгөөд Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар илүү мэдээлэлтэй болох, оруулсан хөрөнгө оруулалтынхаа явц байдлын талаар танилцахаар Монголд ирээд байгааг дуулгалаа.

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа Монгол Улсын макро эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүд тогтворжиж, төсвийн орлого нэмэгдэж байгааг дурьдаад Олон улсын валютын сантай хамтарч хэрэгжүүлж буй “Санхүүжилтийн өргөтгөсөн хөтөлбөр” нь тодорхой үр дүнд хүрч байгаа ч гадаад зээлийн хэмжээ огцом өсч, уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтцэд дорвитой өөрчлөлт гарч чадахгүй байгаад санаа зовниж байгаа, мөн томоохон төслүүдийг үр ашигтай байдлаар хэрэгжүүлэх асуудал Монголын Засгийн газрын шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай ажил бөгөөд “Эрдэнэс Таван толгой” төслийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ хэлэлцэж буйг мэдээллээ. Мөн “Оюу толгой” төсөлтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдэхгүй байгаа нь Монгол Улсын Засгийн газрыг бусад олон төсөлд хөрөнгө оруулагч талуудтай хамтран ажиллахад саад болж буйг онцолж, УИХ-аас хийж буй шалгалт богино хугацаанд, үр дүнтэй, үнэн зөв, бодитой шийдвэртэй гарна гэдэгт найдаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийн гишүүний хувьд энэ зарчмаар ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

DZ man буюу Б.Дашзэвэг: Хүн чанар минь зулгааж, байцаагчийн үгийг толгой дохин зөвшөөрснөөс өөрийгөө хар нүхэнд унагачихлаа

-ХӨРШ АЙЛЫН ХҮМҮҮС “БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭХИЙГ ЗАВДСАН” ГЭХ БАТАЛГАА БИЧИЖ, ЦАГДАА ДЭЭР ОЧЧИХСОН-


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг бага насны охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгагдаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс есөн жилийн ял авч байсан. Харин түүний гаргасан гомдлыг үндэслэж, Улсын дээд шүүхээс Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд оногдуулах ялын доод хэмжээг буруу тогтоосон, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул ялыг гурван жил болгож өөрчилсөн билээ. Б.Дашзэвэг одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Амгалангийн 421 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Та өнгөрсөн долоо хоногт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн гэсэн үү. Саяхан эмнэлгээсээ гарч ирэв үү. Биеийн байдал тань ямар байна вэ?

-Санаа тавьсанд баярлалаа. Одоо бие маань гайгүй болж байна. Эмчилгээ сайн хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа эмнэлэгт долоо хоног эмчлүүлж байгаад энэ сарын 27-нд гарч, хорих ангид ирээд байна. Тухайн үед эмнэлгийн даргаас эхлээд эмч, сувилагч нар нь их л сайн халамжилж, тусалж дэмжлээ. Сэтгэл санаагаар их унаж, хэцүү байна. Тиймээс бие маань байсхийгээд л мууддаг юм. Би Улсын хоёрдугаар төв эмнэлгээс хорихын эмнэлэгт шилжиж, нийт найман удаа хэвтэж, эмчлүүллээ. Хүний эрүүл мэндийн төлөө ямагт бат зогсож байдаг эмч нар мандтугай гэж хэлье.

-Таныг бага насны охин хүчиндсэн байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон гээд л яриад байна. Тухайн үед зуслан дээр яг юу болсон юм бэ?

-Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг, Шадивлан дахь зуслангийн байшин руугаа өнгөрсөн оны аравдугаар сард очсон. Тухайн үед хөрш айлын н.Батмөнхийн хөл муутай охин үхэр хариулж явсан юм. Би аавтай нь хамт ярилцаад явж байтал охиных нь өмд норчихсон чичрээд байсан юм л даа. Очиход охин даарчихсан байв. Би өвдгийг нь барьж дулаацуулах гэтэл аав нь “Та миний охины биед битгий хүр…” гээд л аваад явчихсан. Би ч араас нь явж байлаа. Гэтэл н.Батмөнх “мөнгө өг” гэж хэлсэн. Эхлээд би уурласан. Яагаа ч үгүй байж юун мөнгө өгөх вэ гэж бодсон. Дараа нь нэр хүндэд чинь халдана гэхээр нь их айсан.

-Тухайн үед мөнгө өгнө гээд баталгаа бичээд өгчихсөн юм уу. Үүний улмаас хэрэг мандчихсан юм биш үү?

-Би тухайн үед одоо “Мөнгө бага, 300 мянга байна” гэж хэлсэн. Би ажилтай тул 1-2 хоногийн дараа авчирч өгье гэсэн юм. Тэгсэн н.Батмөнхийнх “Баталгаа бичиж өг” гэв. Тэд бүр “яг ийм үг бичиж өг” гэсэн. Бичиж өгсөн л дөө. Хэд хоноод очиход цагдаа шүүхийнхэнд нөгөө бичиж өгсөн баталгааг маань гол материал болгоод өгчихсөн байсан. Үйл явдлыг “завдсан” болгоод мэдүүлэг өгсөн юм билээ. Тэдний гэр бүлийнхэн дараа нь “Уучлаарай” гэж хэлсэн. Ингээд хэрэг мандав. Би худал ярьж чаддаггүй. Хүний үгээр зөөлхөн хүн өөртөө ял оноодог юм байна.

-Та цагдаагийн байгууллагад дуудагдаж, байцаалт өгөхдөө юу гэж хэлсэн бэ?

-Би өнгөрсөн хугацаанд их юм мэддэг гэж өөртөө итгэдэг байсан. Гэтэл хууль зүй, гэмт хэргийн талаар ямар ч төсөөлөлгүй юм байна лээ. Хөрш айлынх маань “Бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан” гэх баталгаа бичиж, цагдаа дээр оччихсон. Надаас мөнгө авахын тулд идэвхтэй хөөцөлдөж байсан юм билээ. Хүн чанар минь зулгааж, мөрдөн байцаагчийн асуусан асуултад толгой дохин зөвшөөрснөөс өөрийгөө хар нүхэнд унагалаа. Гэнэт Б.Дашзэвэгт холбогдох шүүх хурал болох үйл явдлууд хурдан өрнөчихсөн. Миний бие өвдөөд сандарч, тэр өдрүүдэд хүнд байсан. Сүүлдээ Б.Дашзэвэгт холбогдох шүүх хурал болно гээд л мэдэгдэх хуудас ирэх болсон юм. Шүүх хурлууд болоод би суух л үүрэгтэй байв. Чих маань юу ч сонсохоо байсан. Юу ч сонсохгүй тийм нөхцөлтэй шүүх хурлуудад оролцсон. Шүүх хурлуудын үеэр хоёроос гурван өгүүлбэр л хэлж байв. Тэр үед би шүүхийнхэн их л ажиллах юм даа гэж бодсон. Надад хүн чанарын талаар том дутагдал байна. Хүний үгээр зөөлхөн хүн. Үүнийг маань хүмүүс ашиглах нь илүү олон юм байна. Ийм л зүйл бодож сууна.

DZ man буюу Б.Дашзэвэгийн шоронгийн камераас гараараа бичиж өгсөн ярилцлагын эх.

-Зуслангийн хөрш айлын чинь эзэн таныг бодож амиа хорлосон гэж сонслоо?

-Монголчууд хүүхдийн хүчирхийлэл гэж шуугьж байсан өдрүүдэд худал мэдүүлэг өгсөн. Хурц үеийг ашиглаж н.Батмөнхөд мөнгө олох санаа төржээ, хөөрхий. Тэгээд буруугаа бодоод амиа хорложээ. Гэр бүлийнхэн нь шүүх хуралд ирсэн. Тэд “Тоймч Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноолоо” гэхэд их хачин болж байсан. Дараа нь н.Батмөнх гялс надтай уулзахдаа “Яана аа, би танаас мөнгө л авах гэсэн юм. Шоронд суучихна гэж огт санаагүй” гэж байсан. Саяхан тэрээр “Би 46 настай, Дашка 70 насыг хол давсан. Дашка есөн жил амьд байх болов уу” гэж байгаад боож, амиа хорлосон байна лээ. Хэрэг бол ердөө л 3-4 минут охины хөлийг дулаацуулахаар өмдийг өвдөг хүртэл тайлсан үед л мөнгө авах сэдэл төрснөөр эхэлсэн юм болов уу. Хоёр хөлгүй хөөрхий охины аав Батмөнх нь хажууд хараад зогсож байлаа. Өөрөөр хэлбэл, тэрээр гэрч байсан юм.

-Шүүхээс ял сонсоход юу бодогдсон бэ?

-Миний нулимс цийлэгнэсэн. Дотор давчдаж, юу болоод байна вэ гэж бодогдсон. Тэгэхдээ би цагдан хорих ангид журмаар нь байна гэж хэлсэн. Удирдлагатай нь эхлээд уулзаж ярилцсан. Тухайн үед би шоронд ороход гурван зүйл бодогдож, нулимс минь гарсан юм. Нэгдүгээрт, Би ямар ч нөхцөлд дасан зохицох хэрэгтэй. Хоёрдугаарт, Нэгэнт л ирсэн учир ёс журмыг яс дагана. Гуравдугаарт, Энд байх хэрэгтэй, сэтгэл санаа хоол ундыг зохицуулах ёстой. Эдгээрийг бодож, хорих ангийн удирдлагад болон өөртөө ч хэлж байлаа. Одоо Цагдан хорих нээлттэй ангид байна. Эдний удирдлага, ажилтнууд хүндэтгэн хандаж байгаад баярлаж сууна. Дүү Б.Пүрэв маань миний төлөө уйгагүй, өдөр шөнөгүй нойроо хумслан байж явж байгаа. Түүний хөл нь муу ч гэсэн, өөрийгөө умартан хүмүүстэй их эвсэг харилцаж, аливаад хүлээцтэй хандаж, чин сэтгэлээсээ үнэний төлөө явж буй юм. Миний хүүхдүүд ч гэсэн адилхан.

-Ял эдэлж байхад хүмүүс таны талаар юу ярьж байна. Өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хаалттай 461 дүгээр ангид хоригдсон гэсэн. Тухайн үед нөхцөл байдал хүнд байсан уу?

-461 дүгээр хорих анги чанга дэглэмтэй хэцүү юм билээ. Ямар сайндаа миний дүү ирчихээд “Та үхэж л болохгүй шүү. Үнэн зөвийн төлөө тэмцэх ёстой. Үнэн ялна” гэж хэлж байсан. Тэр үед надад “яг л үхэх юмсан, ямар хэцүү юм бэ” гэж бодогдож байсан удаатай. Хүмүүс их танхай, зэрлэг байсан. Хорих ангийн өрөөнд таваас зургуулаа байна. Тэдгээр дунд янз бүрийн хүмүүс бий. Тухайлбал, “Таны нөгөө мундаг Соёлын гавьяат зүтгэлтэн, тоймч гэдэг чинь хаана байна. Хүчингийн хэрэг хийчихсэн юм уу” гээд л янз бүрээр л хэлж, доромжилж байсан. Хоол унд ч тохирохгүй арай гэж 30 хоногийг өнгөрөөж, эмнэлэгт шилжсэн. Сэтгэл санааны байдал тавгүй. Заримдаа ар гэрийнхнээс хүн ирэхээр үг ч хэлж чаддаггүй байлаа ш дээ. Одоо энд арай дээр байна. Гэхдээ л бие сэтгэлээрээ хохирч байна. Ерөнхийдөө хорих ангийн удирдлага, дарга нар намайг зөвөөр ойлгосон. Тэд ядаж л дарамтлахгүй, “Та ядарч байна уу, ажил хийчихээд хааяа амарч байгаарай” гэдэг. Хорихын эмнэлэгт хүмүүсийн дарамт шахалт бага зэрэг байсан. Чанга дэглэмтэй 461 дүгээр хорих ангид нэг өдрийг хоёр өдрөөр тооцдог юм билээ. Тиймээс чанга хэцүү байх нь аргагүй ч үгүй биз. Би өнгөрсөн оны аравдугаар сараас ял эдэлж байна. Одоо жил болох дөхөж л байна.

-Таны дүү Б.Пүрэв долоо хоногт нэг л удаа эргэх эрхтэй. Тэр үеэр би сонин аваачиж, гэрийн хоол хийж өгдөг юм гэсэн. Уран бүтээл туурвиж байна уу?

-Шүлэг зохиол их бичиж байна. Тусад нь өөр газар очоод бичвэл сайн байдаг. Бололцоогүй тэмдэглэлийн дэвтрээ урсан, устгасан. Шоронд “Болжмор” шүлэг бичсэн. Хоёрдугаарт, “Төрсөн нутагтаа үлдээх шүлэг”. Гуравдугаарт, “Уйлах шүлэг” (ээ хөөрхий). Дан гэгээлэг биш шүлгээр отов. Уучлаарай.

Эцэст нь миний төлөө санаа тавьж, өдөр шөнөгүй хөөцөлдөж, энэ шоронгийн хаалгыг олон хоногоор сахиж байж, сэтгэлийн минь учиг, юу болсон талаарх үнэн үгийг минь ард түмэнд хүргэж буй “Өдрийн сонин”-ынхоо хамт олонд онцгой их баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье.


Categories
мэдээ нийгэм

“Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийн буруутнуудыг шүүнэ

Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрсөн оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охины амь насанд халдсан жигшүүрт хэрэг гарсан билээ.

Нийгмийг цочироож, олон нийтийг маш ихээр бухимдуулсан уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж байгаа.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал энэ сарын 29-нд буюу өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байгаа юм. Хуралд шүүгчээр Ч.Алтанцэцэг, Э.Чингис, Б.Ариунхишиг, улсын яллагчаар Г.Эрдэнэ, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Г.Мөнхгэрэл, У.Сайбилэг, Т.Амгалансуурь, Ц.Бат-Эрдэнэ нар оролцоно.