Categories
мэдээ нийгэм

2020 онд хотын дарга нар хаана уулзахаа шийднэ

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум өнөөдөр “АСЕМ вилла” цогцолборт зохион байгуулалтын хуралдаанаа хийж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар чуулдаг энэхүү форумын цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ бүс нутгийн хотууд өндөр ач холбогдол өгч, оролцоо нь нэмэгдэх болсон. Нөгөө талаар бүс нутгийн эдийн засаг, соёл, боловсрол, тогтвортой хөгжил гээд олон асуудлыг ч уг форумаар хөндөн ярилцаж, нэгдсэн шийдэл гаргах боломжтой гэж хотын дарга нар үзэж байна. Тиймээс уг форумыг санаачлагч хот буюу Улаанбаатарт чуулж байхдаа байнгын ажиллагаатай институц болгох, хэлэлцэх сэдвийн хүрээг тэлэх, зохион байгуулах хотууд саналаа өгч, өрсөлдөөний механизмыг бүрдүүлэхийг Зүүн хойд Азийн хотын дарга нар дэвшүүлж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хот Зүүн хойд Азийн форумыг санаачлагчийн хувьд нарийн бичгийн дарга нарыг байгуулах, байнгын үйл ажиллагаатай болгох, мөн 4 жилд нэг удаа өөрийн хот буюу Улаанбаатар хотод зохион байгуулах саналаа хотын дарга нарт уламжилж байна” гэж илтгэлдээ онцолсон. Харин форумыг 2 жил тутам зохион байгуулахаар дүрмэндээ тусгах нь зүйтэй хэмээн тэрбээр тодотгосон юм.

Цаашид “Зүүн хойд Азийн форум” байнгын ажиллагаатай “Нарийн бичгийн дарга нарын газар”-тай байх асуудал болон 2020 онд хаана чуулга уулзалт хийхээ өнөөдрийн хуралдаанаараа шийдэж, төгсгөлийн бичиг баримтаа хотын дарга нар гаргана. Хуралдааныг Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан удирдаж, “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг байнгын үйл ажиллагаатай механизм болгох нь” сэдвээр Форум зохион байгуулах ажлын хэсгийн зөвлөх Б.Бадрал танилцуулга хийлээ. Мөн 2020 онд Зүүн хойд Азийн форумыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, өрсөлдөж байгаа Сөүл, Чанчун хотууд танилцуулгаа хийх юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Өчигдрийн хуралдаанаар хотууд бодлого, технологийн дэвшил, инновацийн мэдээллээ хуваалцсан. Хуралдаан зохих үр дүнгээ өгч, бүс нутгийн хотуудын хамтын ажиллагаа, бидний нийтлэг бэрхшээл болж буй байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтөд жинтэй хувь нэмэр болох бодлого шийдэл, хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй төслүүд танилцуулагдсан гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум маань хот суурин газруудын тулгамдсан асуудлаар санал солилцон, туршлага хуваалцдаг бүс нутгийн хамтын ажиллагааны чухал арга хэмжээ болжээ гэж Улаанбаатар хотын зүгээс дүгнэн, форумын үйл ажиллагааг тогтомолжуулан, хотуудын хамтын ажиллаагааны байнгын механизм болгох урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзэж байна” гэлээ.

Форумд оролцож байгаа хотын дарга нар нууц санал хураалтаар дараагийн форум зохион байгуулах хотыг сонгоно. Ингэснээр 2020 онд Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулах газар нь тодорхой болохын зэрэгцээ, форумынхаа дүрэм, нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааны механизмыг тодорхойлно гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Содномцэрэн: Орон нутгийн нөхөн, дахин сонгуульд 79 нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэхээ аваад байна

Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын нөхөн сонгууль энэ сарын 24-нд болох гэж байгаатай холбогдуулан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.


-Нөхөн сонгууль хэдэн аймаг, хэдэн тойрогт болох вэ?

-Нийт 11 аймгийн 26 суманд ИТХ-ын төлөөлөгчдийн нөхөн сонгууль явагдана. Үүнээс хоёр аймагт нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн нөхөн сонгууль болно. Сонгуулийн тухай хуульд зааснаар нөхөн сонгуулийг зарлах эрх нь тухайн орон нутгийн ИТХ-д байдаг. Харин дахин сонгуулийн тухайд Баян-Өлгий, Ховд, Дундговь аймгийн нийт дөрвөн суманд болно. Сонгуулийн тухай хуульд зааснаар нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гариг болон аравдугаар сарын эхний ням гаригт байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана гэж хуульчилсан. Энэ жилийн хувьд зургадугаар сарын сүүлийн ням гариг нь зургадугаар сарын 24-ний өдөр таарч байгаа. Тэгэхээр энэ өдөр дээр дурдсан нөхөн сонгууль явагдана. Дахин сонгуулийн тухайд дээрх аймгууд нь нөхөн сонгуультай хамтатгаж явуулахаар шийдвэрлэсэн.

-Төрийн албан хаагч орон нутгийн Хурлын төлөөлөгч байж болохоор хуульд өөрчлөлт оруулсан, нөхөн сонгууль явуулахгүй гээд Байнгын хороон дээр зарим гишүүд яриад байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр орон нутгийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан тушаал эрхэлж болохоор заасан. Үүнтэй холбоотойгоор Хурлын төлөөлөгч төрийн албанд томилогдсон шалтгаанаар нөхөн сонгууль явуулах байсан зарим аймаг, сумд хасагдсан. Гэхдээ хуульд заасан гуравны нэгээс давсан бол нөхөн сонгууль явагдана.

-Ийм тохиолдол байгаа юу?

-Гуравны нэг хүртэл гэсэн хязгаараас давж төрийн албанд томилогдсон үндэслэлээр нөхөн сонгууль явагдах газар байгаа. Ер нь нас барсан, төрийн албанд томилогдсон үндэслэлээр нөхөн сонгууль явагдана гэж ойлгож болно.

-Зургадугаар сарын 24-ний өдөр болох сонгуульд нийт хэдэн нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсэн бэ?

-Аймаг, сумдын сонгуулийн хороодоос авсан мэдээгээр хоёр нам, нэг эвсэл, мөн бие даагчид сонгуульд оролцохоо илэрхийлээд байна. Орон нутагт явагдах энэ удаагийн нөхөн, дахин сонгуульд нийтдээ 79 нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэхээ аваад байна.

-Ямар нам, эвсэл оролцох вэ?

-Сонгуулийн хороодоос ирүүлсэн мэдээгээр Монгол Ардын Нам, Ардчилсан Нам болон Монгол Ардын Хувьсгалт Нам, мөн АН-МАХН-ын Төв нутаг эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлсэн байна.

-Ер нь ямар нөхцөлд нөхөн, дахин сонгууль явагддаг юм бэ. Үндэслэлийнх нь талаар тодруулахгүй юу?

-Орон нутагт сардаа 3-4, жилдээ 30-40 нөхөн, дахин сонгууль явагддаг байсныг жилдээ хоёр удаа улс даяар нэгдсэн журмаар явуулахаар хуульчилсан.

Нөхөн сонгууль нь УИХ-ын гишүүний болон орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийн орон гарсан тохиолдолд тэр суудлыг нөхөх зорилгоор явагддаг. Орон гарах гэдэгт УИХ-ын гишүүн болон ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн, нас барсан, эгүүлэн татагдсан зэрэг үндэслэлийг Сонгуулийн тухай хуульд заасан байдаг.

Харин сонгуулийн дүн гаргасан шийдвэр нь хүчингүйд тооцогдсон тохиолдолд дахин сонгууль явагдана. Дахин сонгуулийг тухайн шатны сонгуулийн байгууллага нь товлон зарлаж, зохион байгуулдаг. Нөхөн сонгууль явуулах үндэслэлийн тухайд Сонгуулийн тухай хуульд зааснаар нөхөн сонгууль гэж УИХ-ын гишүүн болон орон нутгийн Хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг хэлнэ гэж заасан. Харин орон гарах тухай асуудал нь УИХ-ын тухай хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагддаг. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Хурлын төлөөлөгч нас барсан, чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, өвчний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл тухайн орон нутгаас шилжсэн бол төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор хуульчилсан байдаг. Энэ зургадугаар сард явагдах нөхөн сонгуулийн шалтгааныг аваад үзвэл нас барсан, төрийн албанд томилогдсон зэрэг үндэслэл дийлэнх нь байна.

-Ер нь нөхөн сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна?

-Аль ч шатны сонгуулийн үйл ажиллагаа бол хуулиар нарийвчлан тогтоосон хугацаанд явагддаг онцлогтой байдаг. Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуулиар хуульд заасан бүхий л үйл ажиллагааг графикт оруулан цаг хугацааны хуваарийг боловсруулж СЕХ-ны хуралдаанаар хэлэлцэж баталсан. Сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарь, төлөвлөгөөний дагуу явагдаж байна. СЕХ-ны хувьд орон нутгийн ИТХ-ын зохион байгуулж явуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэйгээр оролцдог. Энэ ч хүрээндээ аймаг, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид болон тэдгээрээр дамжуулан бүх сум, дүүрэгт сонгууль зохион байгуулах ажлын талаар зөвлөмж, чиглэлээ хүргүүлэн ажиллаж байна. Зарим нэг аймаг, сумдад нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн боловч орон нутгийн Хурлаас одоогоор нөхөн сонгуулиа товлон зарлаагүй байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон бол нөхөн сонгууль явуулна гэж тодорхой заасан байдаг.

-Өмнө орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар саналыг гараар тоолж байсан санагдаж байна.Энэ удаад техник хэрэгсэл ашиглах уу?

-Сонгуулийн тухай хуульд зааснаар санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна гэж хуульчилсан. Иймд аль ч төрлийн сонгууль зохион байгуулагдсан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу санал тоолох төхөөрөмжөөр санал авах, дүн гаргах ажиллагаа хийгдэнэ. Өмнө нь орон нутгийн Хурлын нөхөн сонгуулиар санал авах хайрцгаар санал авах ажиллагаагаа зохион байгуулаад, гараар тоолж дүн гаргаж байсан. Монгол Улс 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуультай болсон. Энэ хуулийн хүрээнд сонгууль зохион байгуулах үйл ажиллагаандаа сонгуулийн автоматжуулсан системийг ашиглаж байна. Иймд хуульд заасны дагуу бүх төрлийн сонгуульд санал тоолох төхөөрөмжөө ашиглаж явуулах нь зүйн хэрэг.

-Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг хэзээ хүргүүлэх вэ?

-Саяхан СЕХ хуралдаж Орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудасны загвар, тоог баталсан. Сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэвлүүлж, хүргүүлэх ажлыг СЕХ зохион байгуулна. Саналын хуудас хэвлэх ажил дууссан. Мөн саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг аймаг, сумдад хүргүүлэх, буцаан татах хүргэлтийн хуваарь гаргаад байна. Нийт есөн чиглэлд санал тоолох төхөөрөмж болон саналын хуудасны түгээлтийг хуульд заасан хугацаанд хийнэ.

-Ингэхэд нөхөн, дахин сонгууль зохион байгуулахад хэдий хэмжээний зардал гарах бол?

-Сонгуулийг автоматжуулсан систем ашиглан явуулж байгаа тул үүнтэй холбоотой гарах зардлыг СЕХ гаргана.

-УИХ Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргалаа. Тэгэхээр Хэнтийн тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг ямар хугацаанд хэрхэн зохион байгуулах вэ?

-УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль явагдана. Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг УИХ товлон зарлана. Нөхөн сонгуулийн зохион байгуулалтын бүх ажлууд хуульд заасан тодорхой хугацаанд явагддаг. Энэ процесс ажиллагааны хугацааг тооцож сонгуулийг товлон зарладаг. Нөхөн сонгуулийн санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймгийн сонгуулийн хороог байгуулах ёстой. Тэгэхээр хамгийн багадаа санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгуулийг товлон зарлах шаардлагатай юм.

УИХ долдугаар сард багтаан товлон зарлавал хуулийн дагуу намар аравдугаар сарын долоонд явагдах нөхөн сонгуультай хамт УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг явуулж болно.


Categories
мэдээ нийгэм

Яармагийн шинээр барьж буй гүүрний дэргэд осол гарав

Приус маркийн машин зам тэгшлэгч машинтай мөргөлдөн томоохон осол гарчээ. Яармагийн гүүрийг шинэчлэн давхар гүүр болгон барьж байгаа. Энэ ажлын хүрээнд гүүрэн дээгүүр зам засдаг машинууд дүүрэн холхино. Энэ үеэр приус маркийн машин зам тэгшлэгч машинтай мөргөлдөн осол гарч замын түгжрэл үүсгэн, өглөөг ажилдаа хоцорч эхлүүлж байгаа хүмүүс бухилдалтай байлаа.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудлууд

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
– “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төсөл /Засгийн газар 2018.06.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
– Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 16 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
– Мал аж ахуй болон тариалангийн бүс нутгийн ган, хуурайшилтын нөхцөл байдал, малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.

3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:
– Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 3 гишүүн 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
– Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 6 гишүүн 2018.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
– Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
– Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
– Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан;
– Бусад.

4.Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Төрийн өмчийг хувьчлах нэрээр хэсэг бүлэг хүн хувьдаа завших оролдлого хийж болохгүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Төрийн өмчийг хувьчлах асуудлыг УИХ хэлэлцэж байна. Өмч хувьчлалтай холбоотой иргэдийн гомдол их байдаг. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-Ардчилсан намын суурь зарчим бол хувийн өмчийг дээдэлдэг, хамгаалдаг үзэл. Энэ утгаараа өмч хувьчлалыг дэмждэг. Гэхдээ өнөөдөр Төрийн өмчийг үнэгүйдүүлэх, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хангах замаар хувьчлал явагдах гэж байгааг бид эсэргүүцэж байна. 28 жилийн түүхэнд өмч хувьчлалын нэр хүндийг унагаасан үйл явцыг эргээд харвал тухайн үеийн эрх баригчид буюу коммунистууд гол үйлдлийг хийсэн байдаг. 1990-1996 онд Монголын төрийг тухайн үеийн коммунистууд олонх болж бүрэлдүүлсэн. Ардын Их хурлын депутатуудын дийлэнх нь, мөн тухайн үеийн сум нэгдлийн удирдлагууд 100 хувь коммунист дарга нар бүрдүүлж байсан. Ийм цаг үед төрийн өмчийн хувьчлал явагдсан. Тэр үеийн коммунист дарга нар өмчийг сорчлон авч, улмаар өмч хувьчлалын нэр хүндийг унагаасан. Өөрөөр хэлбэл тухайн үеийн томоохон үйлдвэр, заводыг намын дарга байсан нөхдүүд хувьчилж авсан байдаг. Сумын нэгдлийн коммунист дарга нар тухайн нэгдлийн сор болсон мал сүргийг хямд үнээр, зарим нь үнэгүй хувьчилж авсан байдаг. Энэ мэт түүхээс эргээд харвал өнөөгийн МАН-ын гишүүдийн өмнөх үе өмч хувьчлалыг дампууруулсан.

-Төрийн өмчийн 27 объектыг хувьчлах асуудал яригдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар уг 27 объектийн тайлан тооцоог нэг бүрчлэн гаргуулахаар болсон. Асуудал байгаа учраас тайлан тооцоог дахин гаргуулах гэж байна уу?

-Өмч хувьчлалын үйл явцыг харж байхад асуудалтай зүйл олон байна. Тухайлбал, МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж зэрэг томоохон байгууллага, компаниудыг хувьчлахтай холбоотой тайлан, балансуудыг илт худлаа гаргаж байна. Өөрөөр хэлбэл одоо байгаа тайланг хэд дахин бууруулах, үнэлгээг нь бодит бусаар хийсэн асуудал гарлаа. УИХ-ын гишүүд энэ талаар тоо баримттай нь хэлж, шүүмжилсэн. Тиймээс Их хурал хувьчлагдах гэж буй 27 байгууллагын баримт, тайлан тооцоог нэг бүрчлэн хэлэлцье, дахиж гаргуулъя гэсэн шийдвэрт хүрсэн. Гэхдээ ямар учраас ийм хариуцлагатай ажлыг Засгийн газар хөнгөн хандаж УИХ-д оруулж ирэв. Үүнийг зориуд хийсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Өмч хувьчлалтай холбоотой нэг жишээ хэлье. Өнөөдөр Төрийн банкийг хувьд шилжүүлэх анхны дуудлагын үнэ 75 тэрбум төгрөг байхаар оруулж ирсэн. Гэтэл 2014 онд Японы нэг компани 500 тэрбум төгрөгөөр хувьчилж авъя гэдэг санал ирүүлж байхад тухайн үеийн Засгийн газар хүлээж авалгүй буцааж байсан. Хэдхэн жилийн өмнө байсан үнийнхээ хаана ч хүрэхгүй үнээр дуудлагынхаа үнийг тогтоолоо. Үүнээс үзвэл Төрийн банкийг хувьчлахтай холбоотой Засгийн газрын ашиг сонирхлын зөрчил байна. Төрийн банкны асуудалтай холбоотойгоор хууль бус шүүхийн шийдвэр гарсан. Маргааш өмч хувьчлал эхэллээ гэвэл Төрийн банкийг маш хямд үнээр авах болзол нь хангагдчихсан этгээдүүд байна. Ийм байдлаар Төрийн өмчийг үнэгүйдүүлэх замаар завших гэсэн оролдлого байгаа учраас эргэж сайн нягтлан хянах учиртай. Өмч хувьчлалын асуудлаар Ажлын хэсэг гарч ажиллах нь тодорхой. Тэр үеэр бид саналаа хүргүүлэх болно. Мөн хувьчлагдах гэж буй 27 байгууллагын тайлан тооцоог нэг бүрчлэн гаргуулна. Мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт хийлгүүлж, уг асуудалд хандана. Ер нь төрийн өмчийг хувьчлах нэрийн дор хэсэг бүлэг этгээд хямд төсөр аргаар хувьдаа завших оролдлого хийхээс болгоомжилж байна.

-Өмч хувьчлалын асуудлыг энэ хэвээр дахин оруулж ирээд УИХ-аар хэлэлцэгдвэл цөөнхийн зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

-Бид хуулийн хүрээнд зохих арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авах болно. Завсарлага авч, мэдэгдэл хийж, холбогдох мэргэжилтнүүдийн дүгнэлтийг гаргуулахыг шаардана. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж хориг тавиулах тухай хүсэлтээ өгнө. Эцэст нь төрийн өмчийг хууль бус аргаар хувьчлах, завших гэж байгаа талаар олон нийтэд зарлах байх. Энэ мэт тэмцлийн ямар л арга хэлбэл байна тэр бүгдийг ашиглах болно. Ер нь төрд үлдсэн цөөхөн хэдхэн өмчөө сэтгэлийн хөөрлөөр бөөнд нь хувьчилж болохгүй.

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганаар Банкуудыг хөрөнгөжүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэх эсэхээр гишүүд маргалдсан. Ер нь хаалттай хэлэлцэх ямар шалтгаан байсан юм бол?

-Чуулганаар арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлэх асуудал орж ирсэн. Уг хуулийн хамгийн гол зүйл бол арилжааны банкуудын хариуцлагыг чангатгах, төрөөс тавих хяналтыг сайжруулах зорилгоор оруулж ирлээ гэж Засгийн газар тайлбарлаж байна. Хуулийн зорилго нь ийм бол яагаад заавал нууцын горимоор хэлэлцэх ёстой юм. Их хурлаар уг асуудлыг хаалттай хэлэлцэх ямар шаардлага байна. Үнэхээр банкуудын хариуцлагыг чангатгая гэж байгаа бол нээлттэй л хэлэлцэх ёстой. Гэтэл Засгийн газар уг хуулийг нээлттэй хэлэлцвэл арилжааны банкуудын үйл ажиллагаатай холбоотой нийгэмд янз бүрийн сөрөг үр дагавар гарах магадлалтай гэж тайлбарласан. Хэрэв тийм бол үүнд асуудал байна, өөр зүйл яригдах гээд байна. Уг хуулийн төсөлд арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлэх гэдэг дээр эх үүсвэрийг нь 500 тэрбум төгрөг болгосон байсан. Тэгсэн хэр нь тодорхой хугацаанд банкуудын өөрийн хөрөнгийн дутагдсан эх үүсвэрээ өөрсдөө нөхөн олж бүрдүүл гэсэн үүргийг Засгийн газар өгсөн гэсэн. Ийм үүрэг өгсөн юм бол яах гэж оруулж ирсэн хуулийн төсөл дээр 500 тэрбум төгрөгийг тавьсан юм. Үүнээс үзвэл дахиад татвар төлөгчдийн мөнгөөр арилжааны банкуудыг хөрөнгөжүүлэх гэж байна. Үүнийгээ нууцаар хийх гэж байна гэдэг хардлага төрсөн. Тиймээс миний зүгээс уг асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой гэсэн горимын санал гаргасан юм. Энэ үеэр ширүүн маргаан гарсан. Эцсийн дүндээ уг хуулийн төслийг дахин оруулж ирэхийг Засгийн газарт даалгасан.

-Нэр бүхий гишүүдийн зүгээс УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хүн бүр л ярьж байна. Таны хувьд өнөөгийн парламентын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хэрхэн үзэж байна вэ?

-Эрх барьж буй улс төрийн хүчний үйл ажиллагаа, сахилга хариуцлага ямар байна, тухайн парламентын сахилга хариуцлага тийм л байдаг. Энэ УИХ хэт их олонх нь нэг намаас бүрдсэн парламент гэдгээрээ өвөрмөц. Гэсэн ч 65 гишүүн нь дотроо эв нэгдэлгүй, хариуцлагагүй, талцсан, хуваагдсан байдалтай байна. Мөн эдгээр гишүүдийн үүрэг, ёс зүй, хариуцлага маш сул. Тиймээс өнөөгийн парламентын гишүүдийн ёс зүй хариуцлага, аливаа зүйлд хандаж байгаа хандлага үнэхээр сул байна.

-Д.Гантулга гишүүн чөлөөлөгдсөнөөр парламент 75-уулаа боллоо. Тиймээс тухайн тойрогт нөхөн сонгууль явагдах нь тодорхой байх. Уг сонгууль хэзээ явагдах вэ?

-Сонгуулийн тухай хуулиа-раа зохицуулагдана. Нөхөн сонгууль эхлэх, дуусах хугацаа, сонгуулийн график төлөвлөгөөг гаргаж Сонгуулийн ерөнхий хороо батлах ёстой. Тэр үед нь Ардчилсан нам асуудлыг авч үзнэ.

-Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас Ерөнхийлөгчийн хориг зөвхөн Д.Мурат гишүүнд үйлчлэхээр үлдлээ. УИХ хоригийг хэзээ хэлэлцэх вэ?

-УИХ 45, 47 дугаар тогтоол хүчингүй болоогүй байсан. Нэгэнт хүчин төгөлдөр тогтоол дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Хуулийн ямар нэгэн зөрчилдсөн зүйл байхгүй. Хориг тавьсан хойно УИХ-ын шийдвэр гарч Д.Гантулгыг гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлсөн. Одоо УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал прокурорын оруулж ирсэн санал дээр дахин санал хураалт явуулах болж байна. Уг санал хураалтын дүн хэрхэн гарахыг хэлж мэдэхгүй юм. Ер нь Д.Мурат гишүүний хувьд эрх зүйн өөр нөхцөл үүсчихсэн. Учир нь Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Ингээд хууль хяналтын байгууллагаар шалгуулаад явчихна. Харин Д.Мурат гишүүний хувьд гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх биш түр түдгэлзээд хуулийн байгууллагаар шалгуулна. Хэрэв гэм буруугүй нь тогтоогдвол эргээд гишүүний бүрэн эрх нь сэргэх боломжтой. Ерөнхийлөгчийн хоригийг хэд хоногт хэлэлцэх хуулийн заалт байна тэр хугацаанд нь хэлэлцээд шийдвэрлэх байх.

-Хаврын чуулган хаагдах дөхөж байна. Энэ чуулганаар таны зүгээс ямар хуулийн төсөл дээр ажиллаж, УИХ-аар хэлэлцүүлж, батлуулав. Ирэх намрын чуулганаар ямар хуулийн төсөл оруулахаар ажиллаж байна вэ?

-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орлоо. Энэ хугацаанд хувь гишүүнийхээ зүгээс зургаан хууль санаачилсан. Үүнээс дөрвөн хуулийг УИХ-д өргөн барьж, гурав нь хэлэлцүүлэгт ороод олонхын санал авсангүй. Үүнийг би улс төрийн шалтгаантай гэж харж байгаа. Нэг хууль одоогоор хэлэлцүүлгийн шатанд явж байна. Хоёр хууль хэлэлцүүлэгт хараахан ороогүй байна. Ардчилсан намын зүгээс хэд хэдэн хуулийн төсөл санаачилан УИХ-аар оруулсан. Эдгээр хуулиудын ихэнх нь олонхын дэмжлэг аваагүй. Мөн л улс төрийн шалтгаантай гэж үзэж байгаа.

-Чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын цөөнхийн зүгээс уг хуулийн төслийг алдаа хэмээн үзсэн. Ямар алдаатай хууль орж ирсэн юм бэ?

-Европын холбооны комиссоос гарсан татварын зорилгоор хамтарч ажилладаггүй бүс нутгуудын жагсаал буюу хар жагсаалтад манай улсыг оруулсан. Өөрөөр хэлбэл манай улсад гадаадын ямар ч компани ирээд мөнгө угаачих боломжтой гэсэн хар жагсаалт юм. Үүнээс гарахын тулд татварын зорилгоор мэдээлэл солилцоо ил тод байдлын олон улсын форумд нэгдэх ёстой. Уг олон улсын форумд нэгдэхийн тулд татварын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ийм зорилгоор Засгийн газар уг хуулийн төслийг оруулж ирсэн. Хоёрдугаарт, Татварын ерөнхий тухай хууль хэрэгжээд 10 жил болчихсон. Тиймээс уг хуульд өөрчлөлт оруулах цаг болсон. Ингээд Засгийн газраас уг хуулийн төслийг яаруу сандруу оруулж ирсэн. Тиймээс уг хуулийн төсөл үнэхээр түүхий, боловсролт муутай, зарим зүйл заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна. Үндсэн хуульд хувийн өмчийг хураан авах дайчлан авахыг хориглоно гэж заасан. Мөн гэм буруутай нь шүүхээр шийдэгдээгүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй, гэмт буруутны ял зэмийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэсэн заалт бий. Тэгэхээр Засгийн газраас оруулж ирсэн Татварын тухай хуулиар эцгийнхэн өрийг хүүгээс нь шууд авах зохицуулалт орж ирж байгаа юм. Хэдий эцэг, хүү хоёр ч тус тусын эрх ашигтай хувь хүмүүс шүү дээ. Ингэж шууд авах нь хувийн өмчид халдаж байгаа юм. Гэх мэт татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан заалтуудтай хуулийн төсөл орж ирсэн. Үүнийгээ буцааж хар, дахин оруулж ир гэсэн шаардлагыг тавьсан. Жижиг үйлдвэрлэгчдийг дэмжих нэрийн дор үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих, төлөх ёстой татварын хэмжээг илт багасган хуульчилснаар бизнест тэнцвэргүй байдал үүсгэх заалтууд байсан. Татварын ерөнхий хуулиар зохицуулалт хийхдээ гадаадын хөрөнгө оруулагчдад ногдуулах татварын орлогын хэмжээг бууруулах чиглэлээр олон заалт орж ирсэн гэж хардаж байгаа. Тиймээс уг хуулийн төслийг шууд батлах ямар ч боломжгүй юм.

-Татварын ерөнхий хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулах заалтууд орж ирсэн гэсэн. Яг хэдэн хувиар хэрхэн буухаар оруулж ирсэн юм бол?

-Татвар буурна гэдэг төсөв буурна гэсэн үг. Төсөв буурснаар багш, эмч гэх мэт төрийн албан хаагчдын, иргэдийн цалин хөлс буурна гэсэн үг шүү дээ. Тиймээс татвар бууруулах асуудалд анхааралтай хандах ёстой. Гэтэл уг хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5-10 хувь хүртэл бууруулах заалт орж ирсэн. Мөн тус хуулиар зохицуулагддаг барилга байгууламж, газрын тохижилтыг 40 жилээс 25 жил хүртэл бууруулсан нь дотоодын аж ахуйн нэгж гэхээсээ илүүтэй үндэстэн дамжсан ганц нэгхэн компанид хамааралтай, татварын асар их хэмжээний орлого улсын төсвөөс дутах магадлал байгаа юм. Үүнийг анхаарах учиртай. Засгийн газраас өргөн барьсан уг хуульд тооцоо судалгаагүй зүйл заалтууд олон байсан. Татварын ерөнхий хуулийн 83 дугаар зүйлд Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагын хувь хэмжээг ямар нэгэн тооцоо судалгаагүй оруулж ирсэн. Татварын хэмжээг бууруулсан этгээдэд хариуцлага тооцох нь зөв боловч шууд 30, 50, 100 хувь байхаар оруулж ирсэн байсан. Шууд тус этгээдээс 100 хувь татвар авна гэдэг тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох хэмжээний шийтгэл.


Categories
мэдээ спорт

Олимпийн медальтнуудын хөргөөр зоос хийж, марк худалдаанд гаргана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат тэргүүтэй яамны удирдлагууд Олимпийн медалтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 оны Барселоны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан тэргүүтэй олимпийн наадмаас медаль хүртсэн үе үеийн тамирчдыг хүлээн авч уулзсан байна. Тодруулбал, уулзалтад 1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, 1968 оны олимпийн наадмын анхны хүрэл медальт, ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, 1976 оны олимпийн наадмын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, 1988 оны олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Энхбат, 1996 оны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах нарын ахмад тамирчид ирсэн юм. Мөн 2008 оны олимпийн наадмын алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-ууган, 2008 оны олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, 2016 оны олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай нарын залуу тамирчид оролцжээ.

Монгол Улсын түүхэнд 1968 онд олимпийн наадмаас анхны медаль хүртсэнээс хойш энэ онд 50 жилийн ой тохиож буй. Тиймээс Олимпийн медалтнуудын холбооноос 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөснөө саналаа салбарын сайдад танилцуулсан байна. Тухайлбал, олимпийн наадмыг ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах ажлын хүрээнд олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдын хөргөөр зоосон мөнгө хийх, цуврал маркыг худалдаанд гаргах, алдартай олимп, дэлхийн аваргын медалтнууд болон дасгалжуулагч багш нарын тухай ном хэвлэх, олимпийн аваргуудын хувцас сэлтийг Үндэсний түүхийн музейд тавьж, гадаад, дотоодын жуулчдад сурталчлах зэрэг ажлыг танилцуулжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тэдний тавьсан саналыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд “Улсын баяр наадмаас өмнө олимп, тив дэлхийн аваргуудтай Ерөнхий сайд, яамны удирдлагууд уулзалт зохион байгуулна. Токиогийн 2020 оны олимпод бэлтгэх, үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах гээд олон чиглэлд ажиллаж эхлэх хэрэгтэй байна. Тэрчлэн Ерөнхий сайдын дэргэд ажиллах орон тооны бус Үндэсний зөвлөлийг байгуулах цаг нь ирлээ. Өнгөрсөн жил батлагдсан спортын тухай хууль ирэх жилээс хэрэгжинэ. Хууль хэрэгжсэнээр анх удаа биеийн тамирын арга зүйч улс даяар ажиллана. Гэтэл зургаан сарын дараа хууль хэрэгжих гэж байхад ажил эхлээгүй явна. Тиймээс та бүхэн энэ мэт бидний ажлыг дэмжиж, саналаа хэлээрэй” хэмээн онцолсон байна.

Олимпийн медальтнуудын хөргөөр зоос хийж, марк худалдаанд гаргана

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 19-нд болох үйл явдал

09.00 цагт “Корпорэйт конвешин центр”-т “Хуульчдын форум-2018” болно.

09.00 цагт “Чингис” зочид буудалд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын хамтарсан зөвлөгөөн болно. Утас: 99040987

10.00 цагт Шинжлэх ухаан, технологийн санд хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч “Aйтүүлс” компанийн удирдлагууд болон шинжлэх ухааны салбарын судлаачдын уулзалт, хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Архивын ерөнхий газарт “Монгол-Зөвлөлтийн эдийн засгийн харилцаа 1955-1985 он” үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:91011777

11.20 цагт “АСЕМ Вилла”-д Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын үр дүнгийн талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 91113191, 88080750

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрдэнэт үйлдвэр” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга П.Баттөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Сүхбаатарын талбайд “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” Үндэсний зөвлөлгөөнд оролцогчид МСҮТ-үүдийн хамтарсан “Мэргэжил бүхэн сайхан” өдөрлөгтэй танилцана.

Төрийн ордонд

09.00 цагт “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” Үндэсний зөвлөлгөөн болно.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт Иргэний танхимд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс боловсруулсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг танилцуулна.

11.40 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Д.Амарбаясгалан: Албан тушаалд очъё гэсэн хүн Ардын намын генсекийн үүдэнд дугаарлаж зогсдоггүй

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ хуралдаж, бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийхээр хэлэлцсэн. Энэ дагуу мөнгө төлөөд дарга болох хүсэлтэй хүмүүс МАН-ын генсекийн өрөөний үүдэнд дугаарлаж байна” гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.


-“Эрдэнэт”-ийн хууль бус ТУЗ хуралдаж, бүтцийн өөрчлөлт хийхээр ярьсан. Танай намаас томилох 60 гаруй хүн бий гэсэн мэдээлэл гарсан. Энэ тухайд тайлбар өгөхгүй юу?

-Энэ мэдээллийг би бусадтай адил хэвлэлээс авсан. Ер нь “Эрдэнэт”-ийн асуудлыг нэг талдаа шийдэх ёстой. Монгол Улсын хуулийг олон зөрчсөн, луйврын шинжтэй үйл ажиллагааг, улс төрийн нөлөө бүхий нөхдүүд хууль хяналтынхныг оролцуулаад хийчихсэн асуудал явж байгаа. Үндсэндээ монголчуудыг олон жилийн турш тэжээж ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийг булааж авах үйл ажиллагаа явсан гэж үздэг. Уг ажиллагаа анх хувьчлах процессоосоо эхэлсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшил худалдаж авсныг буруутгаж байгаа юм биш. Төрийн өмчийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ түүнийгээ худалдаалахдаа Монголын Засгийн газар, УИХ-аас зөвшөөрөл авах ёстой байсныг орхигдуулсан нь асуудал дагуулсан. Нөгөөтэйгүүр Худалдаа хөгжлийн банк гэж том банк байна. Монгол Улсын банкны тухай хуулиар зохицуулагдаж үйл ажиллагаагаа явуулдаг банк. Тэр утгаараа хэд хэдэн зүйлийг хөндөх ёстой. Тухайлбал, энэ банк өөрийнхөө эрх мэдлийн хэмжээнд тэр зээлийг олгосон эсэх, нэг арилжааны банк ямар ч барьцаагүйгээр 29 настай залууд хэдэн зуун сая ам.доллар зээлж байгаа нь Банкны тухай хуульд нийцэж буй эсэхийн судлах ёстой. Засгийн газраас ард түмний эрх ашгийг хангах, аж амьдралыг дээшлүүлэх, эдийн засгаа тогтвортой байлгах үүднээс “Эрдэнэт”-ийн асуудалд нухацтай хандах ёстой гэсэн байр суурийг барьж ажиллаж байгаа. УИХ-аас энэ чиглэлд шийдвэр гаргасан. Харамсалтай нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр очихоор Засгийн газрын шийдвэрийг цуцалчихдаг. Гэтэл ҮХЦ хуралдаад “Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр Засгийн газрын гаргасан шийдвэрийг цуцлах, хүчингүй болгох эрх, хэм хэмжээ байхгүй” гэх дүгнэлтийг гаргачихаад байхад дараагийн шатны буюу давж заалдах шатны шүүх хуралдаад анхан шатны шүүхийнхээ гаргасан шийдвэрийг баталгаажуулчих жишээтэй. Энд нэг зүйл харагдаад байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, УИХ, ард түмний эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрийг шүүх хүчингүй болгож байгаагийн цаана ямар ашиг сонирхол байна вэ гэдгийг хардахаас өөр аргагүй байдалд оруулж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын хуулийн дээд оргил нь болсон ҮХЦ хуралдаад Захиргааны хэргийн анхан шатны шүүх ийм шийдвэр гаргах эрх зүйн боломж байхгүй гэдгийг дүгнэчихсэн байхад дахиад дараагийн шатны шүүх дээр аваачиж шийдвэр гаргаж байгаа юм. Тэгэхээр энэ бүх процесс үндсэндээ луйврын шинжтэй явж байна гэж хэлж болно. Энэ луйврыг таслан зогсоох ёстой. Үүнийг таслан зогсоохын тулд манай нам бүх түвшинд анхаарлаа хандуулж ажиллаж байна. Маш олон янзын саад бэрхшээлтэй ч тулгарч байна. “Эрдэнэт”-ийн асуудлыг хөндөж, ярьж буй хүмүүсийг няцаах, мохоох тодорхой улс төрийн зорилго агуулсан, хууль хяналтын зарим байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагаа хүртэл идэвхжиж байгаа. Үүнд бид няцаж зогсох юм бол цаашдаа Монгол Улсын хувь заяа, ирээдүй хойч үеийнхний маань ажиллах амьдрах эх орон хаашаа, юу руу явах вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Сүүлийн үед маш цөөхөн гэр бүл Монгол Улсыг эдийн засаг, улс төр, хууль хяналтын түвшинд нь хянадаг болсныг улс төрийн хүрээнд ярьж байна. Арай ч тийм биш гэж боддог байсан. Одоо үүнтэй санал нэгдэх тал руу ойртлоо.

-Эрх баригч намын хүрээнд “Эрдэнэт”-ийн ТУЗ-өөр дамжуулаад бүтцийн өөрчлөлт хийе гэсэн асуудал яригдсан уу. Тухайлбал, таныг “албан тушаалуудыг 500, 300, 200 саяар зарж байна. Өрөөний чинь үүдэнд олон хүн дугаарлаад зогсож байна” гэсэн мэддээллүүд гараад байгаа. Энэ үнэн үү?

-Эрдэнэтийн асуудал анхнаасаа л луйврын шинжтэй явчихсан. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдчихсэн гэж Ц.Нямдорж сайд хэлж байсан. Үүнийг нь шийдэж байж дараагийн 49 хувийг эзэмшинэ гэж бусад нөхөд ярих ёстой. Энэ асуудал шийдэгдээгүй байхад 49 хувийн төлөөлөл гэсэн хэсэг бүлэг нөхөд очиж суучихаад “Эрдэнэт”-ийн ханган нийлүүлэлтээс эхлээд борлуулдаг зэсийн баяжмал гээд бүх зүйлийг нь давуу эрхтэйгээр өөрсдийн охин компаниудаар хийлгээд, “Эрдэнэт”-ээс улсад орж ирдэг байсан орлогыг бүгдийг нь өөрийн өмч болгочихсон. Үндсэндээ “Эрдэнэт”-ийг худалдаж авсан 400 сая ам.доллароо хоёрхон жилийн дотор нөхөж олох нөхцөлөө бүрдүүлчихсэн ажиллаж байгааг Засгийн газар зөвшөөрөхгүй. Үүнийг таслан зогсоох ёстой. Төр өмчөө мэднэ. Төр 51 хувиа эзэмшиж байгаа бол 49 хувийн хяналт, нөлөөллөөс гарах ёстой гэдэг чиглэлийг барьж ажиллаж байгаа. Харамсалтай нь Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг намтай, миний албан тушаалтай холбож “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл “Эрдэнэт”-ийн томилгоог хийж албан тушаалыг нь худалдаж байна” гэх мэтээр мэдээлж Засгийн газрын шийдвэрийг хүчгүйдүүлэх оролдлого хийж байна. Бид хэзээ ч өмнөх жишгээр явахгүй, давтахгүй, албан тушаал наймаалцахгүй. Албан тушаалд очъё гэсэн хүн Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүдэнд дугаарлаж зогсдоггүй юм. Тухайн албан тушаалд томилогдох шалгуурыг хангасан хүнийг мэргэжлийн байгууллага томилоод явдаг. Харин тэр эрх мэдлээсээ буух гэж буй нөхдүүд юу ч хийж магадгүй байна. Хүнийг яаж ч гүтгэж магадгүй гэдгийг эндээс харах ёстой.

-“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн гишүүдийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгочихсон учраас хурал болвол хууль бус гэх мэдэгдэл гаргасан байсан. Энэ талаар тодруулбал?

-Энэ талаар Төрийн өмчийн хорооноос асуух хэрэгтэй байх. Би тэр талын тайлбарыг өгөх албан тушаалтан биш. Өнөөдөр зөвхөн улс төр талаасаа “Эрдэнэт”-ийн асуудалд тайлбар өгч чадна. Ер нь цаашдаа “Эрдэнэт”-ийн асуудалд онцгой анхаарна. Болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг авч ажиллана. Ард түмэнтэйгээ хамт үүний эсрэг тэмцэнэ гэж бодож байгаа. Мөн түрүүн хэлсэнчлэн хууль хяналт, улс төр, бизнесийн энэ нийлчихсэн бүлэглэлийн эсрэг бид шулуухан тэмцэх цаг нөхцөл нь бүрджээ. Ардчилсан нам, Ардын намыг ч тэр Засгийн эрх барьж байхад төрд шургалчихаад албан тушаал, авлигын гэмт хэрэг үйлдээд сууж байгаа хэсэг бүлэг нөхдүүдийг цэвэрлэхийн төлөө бид ажиллана. Үүний төлөө зорьж ажиллаж байна.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Наранбаатар: Соён гэгээрүүлэх нь хар тамхитай тэмцэх хамгийн үр дүнтэй арга

Үндэсний батлан хамгаалахын Их сургуулийн докторант, хурандаа Ж.Наранбаатартай ярилцлаа.


-Туркийн “Хар тамхи гэж юу вэ, яаж мэдэж болох вэ, юу хийх ёстой вэ” гэсэн номыг монгол хэл рүү орчуулж гаргажээ. Яагаад заавал энэ номыг монгол хэлнээ гаргах болсон юм бэ?

-Анх 1994 онд “Маш нууц” сонин дээр хар тамхитай холбоотой асуудлыг мэргэжилтнүүд хөндсөн юм. Тодруулбал, тухайн үед “хар тамхи манай улсын хилийн хаалгыг тогшиж байна. Энэ бол жинхэнэ тахал, үүнээс өөр аймшигт аюул байхгүй шүү. Тиймээс сэрэмжтэй байхыг сануулъя” гэсэн байдаг. Үүнээс хойш 24 жилийн дараа гэхэд л хар тамхи манай улсад айл бүрийн хаалгыг тогшиж байна. Хар тамхитай тэмцэх чиглэлээр хамгийн сайн ололт олсон газар бол Турк юм билээ. Турк улсын тэрхүү амжилтыг америкчууд хүртэл судалж, лавласан. Иймээс бид сайн жишгийг бүтээлээр дамжуулж харуулъя, урьдчилан сэргийлэх бодит туршлага нь бидэнд хэрэгтэй юм байна гэдэг дээр анхаарал хандуулсан. Уг ном нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, хууль хяналтын мэргэжилтнүүд арга барил судалж, өсвөр насны хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх арга ажиллагааг танин мэдүүлэхэд ач холбогдолтой юм.

-Уг номын зохиогч нь Цагдаагийн газарт хар тамхитай тэмцэх чиглэлээр ажилладаг байсан гэв үү?

-Номын зохиогч Туркийн цагдаагийн газрын дарга Мутлу Челик юм. Тэрээр Цагдаагийн коллеж, цагдаагийн академийг тус тус дүүргэсэн. Хар тамхитай тэмцэх, алан хядах үйл ажиллагаатай тэмцэх, олон нийтийн аюулгүй байдал болон хүүхдийн цагдаагийн талаар мэргэжлийн сургалтад хамрагдсан. Хожим “Хүүхдийн цагдаа” гэдэг нэршилтэй болсон “Сургуулийн цагдаа” болон мансууруулах бодистой хийсэн тэмцлээрээ дэлхийд алдраа цуурайтуулсан нэгэн. Амжилтаа бататгаж “Гудамжны тусгайгийнхан” тасгуудыг үүсгэн байгуулагч. Интерполд Ландмарк гэх нэрээрээ алдартай 17 улсад нэг цаг минутад явагдсан олон улсын “Хүүхдийн порно” ажиллагааг амжилттай удирдсан хүн. Уг ажиллагаанд Туркийн цагдаагийн багийг “Хамгийн амжилттай ажиллагаа” , “Хамгийн шилдэг цагдаа” гэсэн алдрыг хүртэхэд Мутлу Челик хамгийн их хувь нэмрээ оруулсан юм билээ. Мөн олон шагнал хүртэж, ахлах болон их сургуулиудад лекц уншиж, хар тамхинаас урьдчилан сэргийлэх арга барилыг бодитоор дэлгэрүүлсэн нэгэн юм. Мутлу Челик бидэнтэй холбогдсон. Тэрээр “Азийнханд миний гаргасан ном хараахан хүрээгүй” гэдгийг дуулгасан. Иймээс бид орчуулахыг эрхэм болгож, түүнтэй байнга утсаар холбогдож байлаа. Тэрээр сайн тайлбарлаж өгсний үндсэнд нягт холбоотой ажиллалаа.

-Тус номд хар тамхитай тэмцэх арга барилыг нэг бүрчлэн бичсэн юм уу?

-Энэ номыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторант, хурандаа Б.Чинбат болон Г. Батхүү нарын хамт гаргасан. Номын ерөнхий бүтэц нь хар тамхи гэж юу вэ, түүнд харьяалагдах бодисыг нэг бүрчлэн тайлбарлаж, хар тамхи хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, тэдгээр хүмүүсийн эрүүл мэнд, бие эрхтэнд ямар нөлөө үзүүлдэг вэ гэх зэргийг түлхүү гаргаж өгсөн. Гарын авлага хэлбэртэй хэвлэгдсэн учраас төрөл төрлөөр нь ангилж хуваасан байгаа. Номд сэртхийлгэм 27 бодит явдал, сурвалжлага бүхий зүйлийг багтаасан байна.

-Хар тамхинаас болж, амь насаараа хохирсон сэртхийлгэм баримтуудаас ярихгүй юу?

-Жишээ нь, Туркт гурван найз тойрч суугаад хоол идэж байж. Тэд гэнэт “Хар тамхи хэрэглэж үзэх үү” гээд хоорондоо ярилцсан байна. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэчихээд нэг нь доошоо харсан чинь өөрийнх нь хөл алга болсон байж. Тэрээр хажуу дахь найзыгаа “Чи миний хөлийг хулгайлчихсан байна” гэхэд нөгөө нь “Юу яриад байгаа юм бэ” гээд хутгалчихсан хэрэг гарчээ. Улмаар нэг нь амиа алдаж, хоёр нь насаараа ял эдэлж байгаа юм билээ. Хар тамхи, мансууруулах бодисыг ганц удаа хэрэглэхэд л ийм аюултай, эмгэнэлтэй байна шүү дээ.

-Турк улсад анх хар тамхины хэрэглээ гамшгийн хэмжээнд байсан уу. Одоо нөхцөл байдал нь ямар байгаа вэ?

-Турк улс 1930, 1940-өөд оны үеэс хар тамхины хэрэглээгээ дийлж чадахгүй болсон гэдэг. Тухайлбал, айл бүр хашаандаа хар тамхины төрлийн ямар нэг бодис тарьж, ургуулдаг. Түүнийгээ хурааж аваад экспортолдог байж. Харин хар тамхины төрлийн бодисыг эмийг зориулалтаар Америк руу явуулдаг байсан. Ингээд Америкт залуусын дунд хар тамхины хэрэглээ дэндүү их болж, дэлгэрчээ. Тухайн үед Турк улс руу АНУ-ын удирдлагууд захидал хүртэл илгээж байсан юм. “Та нар энэ асуудлаа анхааралдаа аваач ээ. Манай улсын залуучуудын хар тамхины хэрэглээ дийлдэхээ байлаа” гэж мэдэгдсэн байна. Хариуд нь Туркээс “Бид үүнийгээ зогсоох юм бол айл өрх бүрийн амьдрал амьжиргааг шууд зогсооно. Тиймээс боломж байхгүй” гэж хэлжээ. Сүүлд 1970, 80-аад оноос хойш, Туркууд “уг ойлголтыг буруу байжээ” гэдгийг ухаарсан. Хүмүүсийнх нь хэрэглээ, хэм хэмжээ тоогоо алдаад ирэнгүүт, тэмцэхгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгожээ. Одоо нөхцөл байдал нь багасч, нэлээн үр дүнд хүрсэн. Нэг ёсондоо хяналтаа тогтоож чадсан.

-Хар тамхины хэрэглээнээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Туркууд хүүхэд, залуучууд руугаа нэлээн анхаарлаа хандуулсан. Мутлу Челик дэлхийд бараг гарын арван хуруунд багтах Хүүхдийн цагдаагийн газрыг байгуулсан. Ерөнхийдөө хүүхдийг хар тамхины хэрэглэгч болохоос байнга урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан. Харин Хятад улс хар тамхи хэрэглэсэн хүнийг шууд цаазын бодлогоор шийддэг. Тэглээ гээд Хятадад сүүлийн арав, хорин жилд хэрэглэгчид нь өсч байгаа. Ингэхээр урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил их чухал гэдгийг зохиогч их сайн гаргаж өгсөн. Үр үндсийг нь сайн судалж, тухайн хүнд ойлгуулах нь чухал. Энэ бодлогын хүрээнд туркууд их сайн арга барилаа олж, хар тамхи хэрэглэгчдийн тоог бууруулж, тулж ажиллаж чаддаг болсон байна. АНУ ч гэсэн ялын хатуу бодлого баримталснаар үр дүнд хүрээгүй. Тэд Туркийн арга барилыг судалдаг. Туркууд америкчуудаас арав дахин бага төсвөөр амжилттай ажиллаж байгаа юм.

-Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглэгч бүрмөсөн гарч байсан тохиолдол бий юу?

-Бүхий л мэргэжилтэн, судлаачид 35-аас доош насны иргэд, залуучууд ямар нэг байдлаар аливаа зүйлд уруу татагдах магадлал их өндөр байдаг гэдэг. Иймээс хар тамхийг хүүхэд, залуучууд нэг л удаа хэрэглэж үзэж, цаашилбал “хар там” болно гэдгийг номд бодит жишээгээр оруулж өгсөн. Үүнийг номын эхний хэсэгт гаргаж ирсэн. Үнэхээр “хар там” юм. Тухайн хэрэглэгч амьдралын зорилго, мөрөөдөл зэргийн талаар бодож санах зүйл огт байхгүй болно. Зөвхөн ямар ч аргаар хамаагүй хэрэглэхийн төлөө л явна. Хэрэглэсэн хүн юу хийхийг хэн ч хэлж мэдэхгүй. Юу ч болж, тохиолдож магадгүй. Ямар ч төрлийн бодис байсан донтуулдаг. Тухайлбал, хар тамхины нэг төрлийн бодис хэрэглэлээ гэхэд дараа нь дахин хэмжээг нь нэмэгдүүлэх юмсан гэж өөрийн эрхгүй санагддаг. Мөн өөр бодис туршиж үзэхийг бодно. Зогсъё, больё гэдэг ойлголт байдаггүй. Хэрэглэгч зургаан сараас 1.6 жил эрчимтэй эмчилгээ хийлгээд гарахад тухайн хүнийг 94 хувь эдгэрүүлсэн гэж үздэг. Зургаан хувийг нь өөрөө гарах нөхцөлийг бий болгох буюу хичээх ёстой гэсэн үг.

-Уг номын зорилго нь юу байв?

-Уг номоо бид “Ирээдүйгээ хамтдаа аварцгаая” гэсэн уриан дор хэвлүүлсэн. Тус ном сурган хүмүүжүүлэгч, багш нарт сайн гарын авлага болно. Бид цаашид уламжлалт бус аюул заналын чиглэлээр тодорхой судалгаа, бүтээл хийнэ. Ялангуяа хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаа зэрэгт анхаарал хандуулна. Хүүхдийн аюулгүй байдалд анхаарах нь зүй ёсны хэрэг. Энэ нь хар тамхины чиглэлээр цаашид дорвитой хийгдэх ажлын эхлэл. Манай Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх алба чадлаараа ажиллаж байгаа. Гэхдээ урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, нийгэм рүү хандсан ажлыг түлхүү хийх хэрэгтэй юм байна гэж бодогдлоо. Манайх илрүүлж, таслан зогсоож чадаж байгаа. Гэвч цаана нь ургаж, үндэслээд байгаа уг үндсийг зогсоож хараахан чадахгүй байна. 1999 онд манай улсад хар тамхины чиглэлээр судалгаа хийхэд 45 хэрэглэгч байсан. Түүнээс 25 хүн хар тамхины хэрэглээнээс бүрэн салж, өөрсдийгөө татаж авч чадсан гэж байгаа. Харин үлдсэн нь огт чадаагүй гэсэн. Гэтэл өнөөдөр уг тоо барагдахгүй болсон байна. Тулж ажиллаж чадахгүй байна.

Ялангуяа гэмт хэрэг үйлдэгчдийн тоо өсөхийн хажуугаар холбогдогчдын тоо тасралтгүй өсч байгаа. Энэ нь их аюултай. Үүнийг дагаж олон гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болж байгаа юм. Мөн шинэ гэмт хэрэгтнүүд араасаа цуварч байдаг. Зохион байгуулалттай, бүлэглэл, худалдан наймаалах, онц хүнд, хэрцгий гэмт хэргүүд дагаж гарч ирдэг. Ийм аюул байна гэдгийг мэргэжилтнүүд олж харах хэрэгтэй юм.


Categories
мэдээ цаг-үе

Хоёр настай хүүхдээр хурдан морь унуулсан аавыг торгоод өнгөрчээ

-ХУРДАН МОРИНЫ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙГ ХАМГААЛСАН ХУУЛЬТАЙ БОЛЪЁ-

“Миний хүүхэд унана гэж байхгүй. Эмээлийг нь даруулж уяад явуулчихна. Өөрөө морь унахын бөөн хүслэн. Зүгээр ээ, унаган мориноосоо унадаг эр хүн гэж хаана байсан юм бэ”гэж Дорнод аймгийн Баянтүмэн сумын малчин Н.Батсайхан гэх залуу хашхирсан байна. Ингээд хоёр настай нялх үрээ олигтой ч цагааширч, хөлийнх нь ээдрээ гүйцэд гараагүй эмнэг шахуу хээр даагандаа мордуулсан гэнэ. Дараа нь хоёр настай хүүгийн хоёр гуяыг эмээлтэй нь уячихсан байна. Хэлд дөнгөж орж байгаа нялх хүүгийнхээ амь насыг дээсэн дөрөөн дээр дэнчигнүүлж, адгуусны хөлд чиргүүлж амь насаа алдах эрсдэл дунд бөх зүрхтэй аав нь явуулжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 18-нд Баянтүмэн сумын алдарт уяач зээ хүүгийнхээ даахийг үргээжээ. Ингээд бэсрэг наадамд даага уралдуулж байлсан гэнэ. Хүүгийн үсний найранд ирсэн зочид хээр дааган дээр толгойгоо даахгүй шахам явж буй хүүг хараад “Ямар хөөрхөн юм бэ. Ёстой өхөөрдмөөр хөөрхөн байна. Монгол эр хүн чинь ийм л багаасаа морь унадаг юм. Би ч гэсэн энэ хүүхдийн насан дээр л морь унаж байлаа” гээд л онгирсон байна. Сумын алдарт уяачийн зээ хүүгийн даахь үргээх бэсрэг наадамд ирсэн 100 орчим хүмүүсийн хэн нь ч хоёр настай хүүхдээр даага унуулаад уралдаанд оруулж байгааг хориглоогүй байна. Хөөрхий нялх хүү ирж очихын найман километр газарт юу болж байгааг мэдэх сөхөөгүй сэгсчүүлж явсан биз. Хоёр настай хүүхдийг зэрлэг цэнгэлийнхээ золиос болгожээ. Бодохоос ч сэтгэл сэрдхийлгэм, хүний санаанд багтамгүй зүйл болжээ. Хэрэв тэр даага замдаа бүдэрсэн бол, эмээл нь хажуу тийшээ холбирсон л бол тэр хүү хурдан дааганы хөлд хүлээтэй чирэгдэж явсаар амь насаа алдах байсан нь тодорхой байв. Азаар тэр хүү мориноосоо уналгүй барианд орсон байна лээ.

Энэ хэрэг дуулиан шуугиан тарьж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийнхөн дээрх асуудлыг шалгаж эхэлсэн байна. Энэ талаар Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн дарга Э.Жавхлан “Манай аймгийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхдээр хурдан морь унуулсан хэрэг гарсан. Төвд дээрх мэдээлэл ирсэн даруйд ажлын хэсэг гарч, юу болсон бэ гэдгийг шалгасан байгаа. Нэгдүгээрт, Дорнод аймгийн Засаг даргын хурдан морь уралдуулахгүй байх захирамжийг зөрчиж, даага уралдуулсан нь тогтоогдсон. Үүний дараа хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, өөрийгөө хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж хүүхдийн амь насыг эрсдэлд оруулсан байна лээ. Бид хуулийн дагуу хоёр настай хүүхдийг морь унуулсан Б болон наадам зохион байгуулсан иргэнд арга хэмжээ авсан. Зөрчлийн тухай хуулийн зургадугаар зүйлд зааснаар “Эрүүл мэнд, амь насанд аюултай тоглоом наадгайнд хүүхдийг татан оролцуулсан” гэх үндэслэлээр шийтгэсэн байгаа” гэв.

ХОЁР НАСТАЙ ХҮҮХДЭД ХУРДАН МОРЬ УНУУЛСАН АСУУДАЛД МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО БУРУУТАЙ

Сүүлийн жилүүдэд хурдан морь унаач хүүхдүүд бэртэж гэмтэх, хөгжлийн бэрхээлтэй болох, амь насаа алдах нь ихэссэн. Таван жилийн хугацаанд 25 хүүхэд хурдан мориноос унаж амь насаа алдсан байна. Унаач хүүхдүүдийг амь насны даатгалтай болгох, хамгаалалтын хувцас хэрэглэлтэй морь унуулах гээд олон асуудал яригддаг. Харамсалтай нь үүнийг биелүүлдэг уяач, хурдан морины холбоод ховорхон. Уяачид жалга жалгандаа морь уралдуулж дүрэм журамгүй юм шиг л эрх дураараа аашилдаг. Хурдан морины уралдаанд хяналт тавих дүрэм журам батлуулж, түүнийг нь даган мөрдүүлэх ёстой газар нь Монголын морин спорт, уяачдын холбоо. Дээрх холбоонд аймаг сум, баг бүрийн уяачид бүртгэлтэй байдаг. Харамсалтай нь, Монголын морин спорт, уяачдын холбоо ажлаа огт хийхгүй байгаагаас үүдэн олон хүүхэд харамсалтайгаар нартаас буцаж байна. Мөн мориноос унаад хүнд бэртэл авсан олон хүүхэд эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналан хэвтэж байна. Бүр сүүлдээ зэрлэг цэнгэлдээ хоёр настай хүүхдийг ашиглаж эх захгүй аашилж эхэлжээ. Үүнийг таслан зогсоох цаг хэдийнэ болсон. Хэдий болтол уяачид хүүхдүүдийн амь насаар наадах вэ. Мөн Эрүүгийн тухай хуульд арван нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулбал хуулийн хариуцлага хүлээлгэдэг заалт оруулж өгөх шаардлагатай. Нэлээд чанга заалтаар шийтгэдэг хуультай болж байж хүүхдийн амь, эрүүл мэндээр дэнчин тавьж наадам хийдэг уяачдын хэнэггүй занг номхруулна. Хүүхдийн амь насыг санаатайгаар хохироохыг завдсан гэх үндэслэлийг хуульчилж өгөх шаардлага нэгэнт бий болоод байгаа нь хоёр настай хүүхдээ хурдан морь унуулж аархсан аав, шөнө морь уралдуулсан “Дүнжингарав 2018” зэрэг наадмаас тод харагдаж байна.

Э.Баатар