Categories
мэдээ нийгэм

108 зул өргөнө

Цаг бусаар амиа алдах тохиолдол сүүлийн үед нэмэгдлээ. Тэр тусмаа хэн нэгний хайхрамжгүй үйлдэл, бусдад буруугаа чихдэг зангаас болж хүүхдийн амь эрсдэх нь ихэсч.

Өнөөдөр 16:00 цагт цаг бусаар амиа алдсан хүүхдүүдэд зориулан зул өргөх ёслол хийхээр болжээ. Тэнгис кино театрын урд байрлах Ялалтын талбайд 108 зул өргөж бурхны оронд очих хүүхдүүдийнхээ замыг нь гэрэлтүүлнэ. Энэхүү үйл ажиллагаанд нэгдэхийг “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын албан ёсны групп”-ээс уриалж байна.Тэд бяцхан үрсийн араас буян үйлдэж төв ганданд ном уншуулж явна.

Categories
мэдээ спорт

​”Нийтийн хөлбөмбөгийн жил”-ийн хүрээнд “World Cup in River Garden” тэмцээн болж байна

Монголын хөлбөмбөгийн хобооны “Нийтийн хөлбөмбөгийн жил”-ийн хүрээнд “World Cup in River Garden” тэмцээний шилдэг 10 байгууллагуудын дунд Анхдугаар “SUNDAY LEAGUE” тэмцээн амжилттай явагдаж байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байгаа энэ өдрүүдэд RIVER GARDEN хотхоны ногоон талбайд ням гараг бүр тоглолтууд болж байгаа.
Анхдугаар лигт Ахмадын шигшээ баг урилгаар оролцож байна. Ингэснээр 2018 оны есдүгээр сард оролцох “Ази Номхон Далайн Орнуудын Мастеруудын Анхдугаар Наадам”-ын бэлтгэл болох зорилготой. Мөн залуучуудад үлгэр жишээ тоглолтоо үзүүлэн, туршлага солилцон “Нийтийн хөлбөмбөг”-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.



Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Амьдрал миний дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Э.Эрдэнэбаяр нь мэргэжлийн гэрэл зурагчин бөгөөд түүнийг зургийн аппаратгүйгээр төсөөлөшгүй билээ. 1996 онд МУИС-ын Сэтгүүл зүйн ангийг фото сэтгүүлчээр төгсчээ. Тэрбээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Адмон Хэвлэлийн компанид мэргэжлийн гэрэл зурагчнаар тус тус ажиллаж байсан аж. Түүний зургууд дотоодын төдийгүй гадаадын хэвлэл дээр хэвлэгдэн гарч байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбатын 1995 онд Европын орнуудад хийсэн албан ёсны айлчлал үеийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Э.Эрдэнэбаяр нь Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс салбартаа амжилттай ажиллаж буй сэтгүүлч, уран бүтээлчдийн нэр хүндтэй “Ган Үзэгтэн” шагналын эзэн болж байжээ. Тэрбээр Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны гишүүн мөн Америкийн Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны гишүүн юм. Одоогоор АНУ-ын Калифорни мужийн Морага хотод гэр бүлийн хамт амьдарч байна.

“Амьдрал Миний Дуранд”
номондоо тухайн үеийн монголын нийгмийн амьдралыг “Фото журнализм” буюу фото сэтгүүлзүйн баримтат талаас нь харуулахыг хичээсэн ба Монгол улсын 80-аад оны социализмын төгсгөл үе, 90-ээд оны монголын нийгмийн шилжилтийн үе, улс төр, урлаг, спортын салбарынхан, эгэл хүмүүсийн хөрөг, хот, хөдөөгийн хүмүүсийн ахуй амьдрал, байгалийн үзэсгэлэнт дүр төрх, ёс заншил, соёл гээд бүхий л салбарын амьдралыг гэрэл зургийн хальсандаа буулган үлдээхийг зорьжээ. Олон жилийн хөдөлмөрөө шингээн баринтагласан уран бүтээлийн дээжээ өргөн дэлгэж байгаа юм.
Уг номонд 400 орчим зураг багтсан бөгөөд үүнээс үзэсгэлэнд 100 гаруй зураг дэлгэгдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Талийгаач хүүд зориулж дурсгалын самбар босгоно

Сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байгаад амиа алдсан 11 настай хүүгийн гэгээн дурсгалд зориулж самбар босгохоор болжээ. Тодруулбал, 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг нь засаж өгөхөөр фэйсбүүкийн зарим бүлгэмийнхэн нэгдэж эхэлсэн байна.

“Аавуудын бүлгэм”-ийн гишүүд тус сургуулийн хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу засварлан, тоглож байгаад золгүй байдлаар амиа алдсан хүүд дурсгалын самбар босгож өгөхөөр болсон аж. Мөн “Хөлбөмбөгийн хорхойтнууд” бүлгэмийн залуус хандив цуглуулж, хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг хүлээлгэн өгсөн юм.

Categories
мэдээ спорт

​Бүх цаг үеийн мэргэн буучдыг нэрлэж байна

Энэ өдрүүдэд Хөлбөмбөгийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. 21 удаа болсон тэмцээнд мэргэн буучдын жагсаалтыг Германы довтлогч Мирослав Клозе дөрвөн ДАШТ-д оролцож, 16 гоол оруулсан амжилтаар тэргүүлдэг ажээ. Удаад нь Бразилийн домогт хөлбөмбөгч Роналдо, Германы Герд Мюллер нар 15, 14 гоолтойгоор бичигддэг юм. Жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн Жюст Фонтэн ганцхан ДАШТ-д 13 гоол хийсэн гэдгээрээ онцгойрдог. Одоо тоглож байгаа хөлбөмбөгчдөөс Германы Томас Мюллер хамгийн өндөр амжилт буюу 10 гоол оруулаад байна. Түүний ард Уругвайн Луис Суарес, Португалын Криштиану Роналду нар долоон гоолтой бичигдэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Намрын чуулганаар үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2, УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодоос 64, Засгийн газраас 104, нийтдээ 172 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдийг нэр зааж тусгах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас өргөн мэдүүлбэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг УИХ-ын даргад зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан танилцуулав.

Тогтоолын төсөлд дурдсанаар УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар:

1. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
2. Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
3. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,
4. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл,
5. Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
7. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
8. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,
9. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,
11. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
12. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,
13. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
14. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл,
15. Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл,
16. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгажээ.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад дээрх асуудлаар нэмж,

  1. Жижиг, дунд, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл,
  2. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслүүд,
  3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  4. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  5. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ирэх Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр гишүүд санал гаргасныг дэмжсэн юм.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах зорилгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон Д.Хаянхярваа нараас чуулганы хуралдааны дэгийн тухай хоёр хуулийн төслийг өргөн барьсан юм. Хуулийн төсөлд бусад гишүүдийн өмнөөс кноп дарахыг таслан зогсоох, гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болох, Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан байна. Хэлэлцүүлгийн явцад хоёр хуулийн төслийг хамтатган хэлэлцэж, С.Бямбацогт гишүүний өргөн барьсан төслийг суурь болгохоор тогтжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Б.Бат-Эрдэнэ гишүүн, “Энэ асуудлыг заавал хуульчлах шаардлагагүй. УИХ-ын гишүүнээр ажиллаж буй хүмүүс үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, хуралдаан суух ёс зүйтэй байх нь зөв” гэлээ. Мөн тэрбээр гишүүнээр сонгогдсон хүмүүст Монгол Улсын түүх соёл, ёс заншил болон хуулиуд, хариуцлагын талаар сургалтад суулгадаг байх хэрэгтэй гэсэн санал хэлэв.

Мөн УИХ-ын гишүүд өөрөө болон хэвлэл мэдээллээр дамжуулан бусдыг гүтгэн доромжилсон тохиолдолд ямар хариуцлага тооцохоор тусгасныг М.Билэгт гишүүн тодрууллаа. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд энэ заалтыг оруулах боломжгүй. Харин Сонгуулийн тухай болон бусад холбогдох хуульд энэ чиглэлийн заалтыг оруулах боломж бий хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хариулав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.5 хувь дэмжиж, батлав.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын эдийн засаг эхний улиралд хоёр хувиар өсчээ

АНУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд жилийн дүнгээр хоёр хувиар өслөө. Энэ нь шинжээчдийн таамагт хүрээгүй дүн болсон байна. Экспорт буурч, импорт өссөнөөс гадна үйлчилгээний салбарын зарцуулалт саарсан нь үүнд нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч өсөлт саарсан нь улирлын шинж чанартай гэж албаныхан тайлбарлажээ. Цаашид АНУ-ын татварын бодлогын дэмжлэгтэй иргэдийн зарцуулалт нэмэгдэхээс гадна хөдөлмөрийн зах зээлийн нөлөөгөөр цалин аажмаар өсөх төлөвтэй байгаа ажээ. Тавдугаар сард гэхэд АНУ-ын худалдааны алдагдал сүүлийн есөн сард байгаагүй хамгийн доод түвшиндээ хүрч буурсан байна. Ингэснээр II улиралд эдийн засгийн үзүүлэлт эргэн сайжирна гэж эдийн засагчид үзжээ. Холбооны Нөөцийн банк эдийн засаг II улиралд 4.5 хувиар өснө гэж таамагласан байна. Түүнчлэн АНУ-ын бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо зургаадугаар сард 9000-аар нэмэгдэж, 227 мянгад хүрсэн байна. Энэ нь сүүлийн таван долоо хоногт анх удаа өссөн үзүүлэлт болж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүшин Инчёны чөлөөт бүстэй танилцав

БНСУ-ын Засгийн газрын гишүүдтэй санал солилцов

“Жэжүгийн форум” дээд хэмжээний 13 дугаар чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.06.28) БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд Ким Бү Кетэйуулзлаа.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2018 оны долдугаар сарын 3-6-нд Улаанбаатар хотноо Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эрчимтэй явуулж буй талаар Шадар сайд Ө.Энхтүвшин онцлов.

Хоёр улсын онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд нар гамшгаас урьдчилан сэргийлэх болон эрсдлийг бууруулах чиглэлээр Монгол, Солонгосын ижил төстэй байгууллага хооронд цаашид хамтын ажиллагаа хөгжүүлэх, туршлага солилцох тодорхой боломжуудын талаар санал солилцсон юм.

Энэхүү уулзалтын өмнө Шадар сайд Ө.Энхтүвшин БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Ген Хватай уулзаж, бүс нутгийн чухал түнш, Монгол Улсын “гуравдагч хөрш” БНСУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотлон өгүүллээ.

БНСУ-ын Умардын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга Сун Ен Гиль Шадар сайд Ө.Энхтүвшинийг мөн хүлээн авч уулзав. Энэ үеэр Монгол Улс, БНСУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцаа бүх салбарыг хамран өргөжин хөгжиж буйд хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. “БНСУ нь манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орон юм. Манай байгалийн баялаг, Солонгосын хөрөнгө, санхүүгийн боломж, орчин үеийн технологи, ноу-хау-г хослуулан эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэх боломж их байна” гэсэн Шадар сайд Ө.Энхтүвшиний байр суурьтай санал нэг байгаагаа Сун Ен Гиль илэрхийлэв.

Энэ өдрийн үдээс хойш Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн гишүүний хувьд БНСУ-ын эдийн засгийн Инчён чөлөөт бүсийн захирагч Ким Жин Ёнтай уулзан, тус чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Инчёнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төлөвлөгөө 1989 онд батлагдаж, 1992 онд анхны бүтээн байгуулалт, 2003 онд барилга байгууламжийн анхны ажил нь эхэлжээ. Нийт 6 тэрбум ам.долларын хөрөнгөөр боссон энэхүү чөлөөт бүс БНСУ-ын эдийн засагт маш том хувь нэмэр оруулдаг аж.

Инчён чөлөөт бүс бизнес, санхүү, аялал жуулчлал, ложистик гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Смарт сити буюу ухаалаг хот концепцыг хөгжлийн зорилгоо болгон нэвтрүүлсэн Инчён чөлөөт бүсэд өдгөө Бельги, Франц зэрэг орны 80 орчим гадаадын компани хөрөнгө оруулан ажиллаж байна. Татварын онцгой нөхцөлөөр бизнесийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийг татах бодлогыг ч баримталдаг аж. Дэлхийд тэргүүлэгч Кэмбрижийн их сургуулийн Биотехнологийн төв, Стэнфордын их сургуулийн Мэдээллийн технологийн төв ойрын хугацаанд Инчёны чөлөөт бүсэд байгуулагдан үүдээ нээхээр ажиллаж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин Инчён чөлөөт бүсийн туршлагаас хуваалцах, хамтран ажиллахыг хүслээ. Тус бүсийн захирагч Ким Жин Ён “Монголын чөлөөт бүсийн хөгжлийг дэмжиж хамтран ажиллахад баяртай байх болно” гэв. Түүний хэлснээр, Инчён чөлөөт бүсийн туршлагыг судлахаар Эквадор, Панам, Филиппин, Энэтхэгээс ирж байжээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Усанд урсаж байсан хүүхдийг эсэн мэнд аварчээ

Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд өдөр бүр завиар эргүүл хийж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Аврагчид өчигдөр /2018.06.28./ завьт эргүүлээр явж байхдаа бага насны хүүхэд голын усанд урсаж байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан эсэн мэнд аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршлын гүрний дэргэд 8 настай хүүхэд голын эрэг дээрээс алга болсон гэсэн дуудлагыг 20:58 цагт өгснөөр Нийслэлийн аврах анги 105-ын эрэн хайх бүлгийг очиход тус гүүрний дэргэд найман настай, эрэгтэй хүүхэд голд урсаж байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.