Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

ХҮҮХДИЙГ БАГААС НЬ ХӨДӨЛМӨРТ СУРГАЖ БАЙНА

“Бид хамтдаа” Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хөгжлийн түлхүүр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Монгол зан заншил, мал маллах арга ухаан, газар тариалан эрхлэхэд хүүхдийг багаас нь сургах зорилгоор ХӨДӨЛМӨР ЗУСЛАН арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Хөдөлмөр зуслан нь үнэ төлбөргүй ба энэ жил 5 ээлжээр 100 хүүхдийг амраах юм. Гэр орон, хоол хүнсийг хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгаас бүрэн шийдэж өгсөн байна.

Хөдөлмөр зусланд амарч байгаа хүүхдүүд Баяндалай сумын малчин н.Болд гуайнд тусалж, тэднээс мал маллах арга ухааныг суралцаж байна. Өөрсдийн сонирхлоор нь хүүхдүүдийг бүртгэж авсан ба хүүхдүүд өглөө эрт босох, гэр орноо цэвэрлэх, хоол унд хийх, ноос ноолуураар уяа дээс томох, мал маллах, ишиг хурга хариулах, ус түлшээ бэлтгэх зэрэг ахуйн ажлуудыг хийхэд сурч өөрсдийгөө хөгжүүлж байна.

Мөн үүнээс гадна шатар, даам тоголж оюун ухаан, сэтгэн бодох чадвараа хөгжүүлж, гар бөмбөг, агаарын теннис тоголж зуны амралтаа үр дүнтэй, дурсамжтай өнгөрүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

​Байшингийн дээвэр нурж, хүн дарагдаж нас барсан хэрэг гарав

Зураг

Байшингийн дээвэр нурж, хүн дарагдаж нас барсан хэрэг Баян-Өлгий аймагт гарчээ. Тус аймгийн Өлгий сумын Бөхөн-Уул багийн “Бөхөн-Уул”-ын задгайд иргэн 33 настай эрэгтэй Э зургадугаар сарын 28-ний өдрийн 10:00 цагт 10х9 метр хэмжээтэй хувийн байшин барьж байх явцад дээврийн хэсэг нурж дарагдсан байна. Ослын тухай дуудлагыг тус өдрийн 10:27 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, нэг автомашинтай 10:31 цагт очсон аж. Хэргийн газарт таван минут ажиллан цогцсыг гарган авч, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Жигдэнгомбо: Мал маллах сайхан

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн малчин, Улсын аварга малчин Ц.Жигдэнгомботой ярилцлаа.

-Сайхан зусч байна уу?

-Сайхан зусч байна аа.

-Хотод ямар ажлаар ирэв?

-Хөгшинтэйгээ хоёулаа, хувийн ажлаар ирлээ. Эмнэлэгт жилдээ нэг удаа бие хаагаа үзүүлдэг юм. Бас “Малчин” телевизэд ярилцлаганд орох ёстой. Тэрэндээ орчихоод л байж байна даа.

-Танай нутгаар зуншлага хэр байна вэ?

-Хавар гайгүй сайхан болж ирсэн шүү. Манай нутагт цас их унадаг учир цасныхаа чийгийг дагаад нэг сайхан ногоорсон. Тэр ногоорсон дээр нь нэмж бороо орохгүй, хүйтрэхээрээ цас хаялаад олигтой чийг өгөхгүй байсан болохоор сүүл рүүгээ нэлээд гандуухан болсон. Одоохондоо гандуу байгаа гэсэн. Би нааш гараад хориод хоночихлоо.

Хотод орж байгаа энэ бороо чинь шар тос, өөх шүү дээ. Энд бараг ган тайлагдах хэмжээнд бороо орлоо. Нийт нутгаараа иймэрхүү ордог бол их л сайхан байна даа.

-Завханд бороогүй байна гэнэ үү?

-Залгаж асуусан бороогүй байна гэсэн. Ер нь энэ бороо чинь хамрын наана цаана л орчихдог юм шүү дээ. Байгаль их сонин.

-Танайх хэдэн малтай вэ?

-Хонь, ямаа голдуу өсгөж байгаа. 150 орчим үхэртэй. 20 гаран адуутай. Хонь, ямаагаа 2000 хүргэж үзсэн. Манай нутаг чинь эрс тэс уур амьсгалтай. Их хүйтэрдэг, цас их унадаг ер нь хэцүү газар. Дулаан, бараг цас унадаггүй говь нутгийг бодвол манай тэнд малын маллагаа огт өөр. Тэнд сүүлийн хэдэн жил хур бороо бага ордог болчихоод байгаа.

-Зуд гэдэг залхуугийнх гэж яриад байдаг?

-Ер нь тийм л дээ. Бас л хамрын наана цаана л мал үхчихсэн байдаг л даа. Гайгүй хүнийхээс хэдхэн, залхуу хүнийхээс овоо хэдэн мал үхчихсэн байх жишээний. Тэр чинь л маллагаа шүү дээ. Манай тэндхийн мал маллагаа энэ дулаан, цас бага унадаг газрынхаас шал өөр. Өвөлдөө зарим үед хасах 58, 60 хүрнэ. Өнгөрсөн жил хасах 58 хэм хүрч хүйтэрсэн. 25-30 сантиметр зузаан цасыг хэвийн цас гэж үзнэ. Тэрийг бол манайхан өнтэй жил гэж тооцно. Цасны зузаан 30 сантиметрээс хэтэрвэл зудархуу байдал руугаа ордог ийм онцлогтой нутаг. Аль аравдугаар сард л цасанд хучигдчихаар хаана ямар өвс байгааг мэдэх боломжгүй болчихдог. Тэрийгээ л малчин хүн эртнээс харна шүү дээ. Цас шуургатай үед энд нэг өдөр идүүлээд авах юм байна шүү. Энэ цэцэг ургамалтай газар байгаа юм байна гэдгийг малчин хүн л харж тогтоож авна. Эндээс малчин аваачаад ажиллуулахаар юу ч мэддэггүй. Улаанбаатараас хоёр малчин авч өвөлжингөө сургалаа даа. Эмнэг сургадаг бол би хүн сургасаар байтал дуусах нь дээ (инээв).

Аравдугаар сарын эхээр цасан бүрхүүл тогтоход л мал цас цавчиж эхэлнэ. Дөрөвдүгээр сар хүртэл цас цавчиж өвс олж иднэ. Малынхаа чанарыг сайжруулах гээд энд тэндээс мал аваачихаар эхний хоёр, гурван жил их л тордолгоо авна шүү.

-Сүүлийн үед хот газрын хүмүүс яргуй идсэн ямааны мах, адуу, хурганы засаа иднэ гээд хөдөөг зорьдог боллоо?

-Уураг шүү дээ. Амьд малын биенээс тастаад авчихсан мах юм чинь амьд мах юм. Тэр чигээрээ уураг. Уураг нөхөхөд янзын байдаг л даа. Танайх хургаа засч байна уу, малаа засч байна уу, хэлээрэй гэж эртнээс захина. Монгол улс чинь бэлгэдлээ бодоод уут будаа, савтай юм барьчихсан хүрээд ирнэ. Хүний юмыг яаж зүгээр идэх вэ дээ гэнэ. Өдрийн сайныг харж байгаад малаа засна. Тэр өдрийг андахаа байчихсан, бөөгнөрөөд ирнэ. Би тэднийхээс, эднийхээс иднэ гээд бүр айлуудаа хуваарилаад авчихсан байдаг шүү дээ.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Зургаан хүү, нэг охинтой. Отгон хүү маань аравдугаар ангид сурдаг. Хоёр нь нутагтаа мал малладаг. Бусад нь аймгийн төв, хотод байна.

-Фэйсбүүк хаягтай юу?

-Фэйсбүүк байхгүй. Би чинь бас дээр үеийн хүн болчихлоо. Тэр талаар сонирхдоггүй. Утас шөрмөсөөрөө л ярихаас биш. Зурагтаар мэдээллээ авна. Бидний үеийг бодоход юм хөгжсөн сайхан байна шүү дээ. Хот, хөдөөгийн ялгаа гэж байхаа больсон.

-Лааны үе ард хоцорсон?

-Бид лааны гэрэлд сохойдог байсан бол надаас өмнөх үеийнхэн маань тулганыхаа галанд л цохолздог байсан гэдэг. Суманд өндөр хүчдэл ороод ирчихсэн. Нарны зайтай. Үзье гэсэн бүх юмаа үзэж байна. Зурагт нь байна, хөргөгч нь байна. Эндээс зам харгуйг нь тавьчихсан. Гэрэл гэгээ, зам нь орчихсон. Улаанбаатараас дутаад байх юм байхгүй шүү дээ.

-Та хэдэн туслах малчинтай вэ?

-Зундаа нэг, өвөлдөө хоёр туслах малчин авдаг. Манайд туслах малчны тусгай гэр гэж бий. Гэрээ бариад өгчихнө. Нэг юм уу, хоёр жил ажиллаад явчихаар нь гэрээ хураачихна. Хүрээд ирэхээр нь гэрээ гаргаад бариад өгчихдөг.

-Таныг нутаг усныхандаа мал хуй нэлээдийг өгсөн гэж дуулсан юм байна?

-Хэд хэдэн хүнд үнэгүй мал өгсөн. Бас тавин хувийн хөнгөлттэйгээр ч олон хүнд мал өгсөн. Залуучуудад нэлээд хэдэн мал өгсөн шүү. Надаас мал авсан залуус дунд Аймгийн аварга малчин, Сумын аварга малчин ч болчихсон хүмүүс байна. Улсууд манайхаас мал авах дуртай. Өсч үржиж байгаа айлаас мал авахдаа ихэд бэлгэшээнэ.

-Эртээд малчны зөвлөгөөн дээр нэгэн мундаг малчин залуусыг хөдөө очиж малчин бол, дэмжье, цалин өгье гэж уриалж байгаа харагдсан?

-Надад бас хүн олдохгүй байна. Би туслах малчин авна. Гэр бүлтэй залуустай ярина. “Ахдаа гурав юм уу, таван жил гэрээ хийгээд ажилчих. Ах нь нийгмийн даатгалыг чинь төлье, цалин өгье. Зохих хэмжээний өөрийн гэсэн малтай болоод ав. Амьдралыг чинь хөөрхөн болгоод, хөл дээр чинь босгоё” гэхээр сайндаа нэг жил болоод л яваад өгнө. Манай тэнд очсон хүмүүс байгалийн хүнд хүчрээс нь их зугтана. Хүйтнээс нь зүрх алдана. Надад Говь-Алтайн нэг залуу гэр бүлтэйгээ ирээд таван жил ажиллаад хөл дээр сайхан босч аваад явсан даа. Малын дөртэй болж өөрийн гэсэн малтай болсон. Одоо нутагтаа мал маллаж байна гэж утсаар ярьдаг юм.

-“…Мал маллах сайхан даа

Малчин бидний жаргал шүү” гээд дуу бий дээ?

-Дуучин Ч.Алтантүлхүүр энэ дууг их сайхан дуулж байна. Энэ чинь ерөөсөө л мал маллах сайхан гэдгийг бүхэлд нь илэрхийлсэн дуу шүү дээ.

Хөдөөний хамгийн сайхан үе бол зудтай ч бай, зудгүй ч бай хавар малаа онд оруулчихаад төлтэй нь нэвсийтэл туугаад явах шиг сайхан юм малчин хүнд байдаггүй л юм даа. Мал нь нэвсийсэн, төл, ишиг, хурга нь майлалдсан. Их сайхан. Мал маллах сайхан. Тариачин хүн намар тариагаа нэвсийтэл хурааж авч байгаатай ижил шүү дээ. Хавар цагт малчин хүн хамгийн сайхан баярламаар, сэтгэл өөдрөг явдаг нь тэрэнтэй л холбоотой. Хавар цагт тэгж малаа туугаад өвөлжөөнөөс гарах сайхан байдаг юм.

-Хотынхон намар болтол амарч, найрлаад хот бараг эзгүйрчихдэг. Харин малчид наадмын маргаашнаас л өвлийн бэлтгэлдээ ханцуй шамладаг?

-Наадмын дараа намар. Өвсөө энэ жил хаанаас авдаг билээ. Гандуу байгаа болохоор хаанаас тэжээлээ базаана даа гэж байнга бодно. Тэжээлээ олон хоногийн ард гарахаар нөөцлөх ёстой. Нэн ялангуяа манай нутагт сарын нөөцтэй байхгүй бол болохгүй. Тэр олон малыг онд оруулна гэдэг хэцүү шүү. Ганц шөнө л цас дарчихдаг. Өглөө нь мал хөдлөх боломжгүй болдог. Тэгэхээр сарын нөөц тэжээлтэй байх хэрэгтэй. Манайх жилд 1500-2000 боодол өвс авдаг. Би чинь бараг сумын нөөцтэй адил хэмжээний өвс нөөцөлж авдаг хүн шүү дээ. Одоо үед хуучных шиг гараараа хадлан хадна гэж байхгүй. Өвс нь байвал трактор, техник нь бэлэн. Өвс нь байгаад залхуугүй бол хадлан бэлтгэхэд хэцүү юм ер байхгүй.

-Малд нүдтэй, эмнэг сургадаг, сааль сүүнд сайн хүүхдүүд байна уу?

-Хөдөөгүүр эмнэгээ сургадаг хүүхдүүд байна аа байна. Харин мал саадаг, цагаан идээ боловсруулдаг хүүхэд ховордсон. Энэ бол хүний амьдрал дээшилсэнтэй холбоотой, хоёрдугаарт хүний эрхтэй холбоотой юм. Захиргаадалтын үед саахаас өөр аргагүй байсан. Одоо бол хүний эрх гэж сайхан юм ярьдаг болсон болохоор саалиа саана уу, үхрээ саана уу өөрийнх нь хэрэг. Амьдрал нь болж байвал тэр хүний л дурны ажил болчихсон юм даа. Хангалуун амьдралтай байх тусмаа малаа саагаад орон нутагтаа нэмэрлээд, байхгүйдээ байлгаж өгөөд, малаа энд тэнд тавиад сүү таргийг нь нийлүүлээд явж байхад өөртөө ч хэрэгтэй, өрөөлд ч сүү, тараг нь элбэг дэлбэг байж байвал сайхан л байна шүү дээ гэж боддог юм.

-Та сая малаа 2000 хүргэж байсан гэлээ. Цөөлсөн юм уу?

-Цөөлсөн. 2009 оны зуднаар бас нэлээдийг алдсан шүү. 2004 онд сумынхаа анхны Мянгат малчин болж байсан юм. 2007 онд бас л суманд Аймгийн аварга малчин байхгүй байхад аварга болж байлаа. Тэгээд 2009 онд 1800 гаран малтай байснаа 400 гаранг нь явуулаад “За даа, болохгүй юм байна” гэж бодоод өсгөхөө байгаад 1000-1500-гийн хооронд тоо толгойг нь барьдаг болчихсон. Би өнгөрсөн өвөл 36 жилийн дараа Улсын аварга малчин болсон.

-36 жилийн дараа гэдгээ тайлбарлахгүй юу?

-1982 онд манай сумаас Улсын аварга малчин төрөн гарсан байдаг юм. Тэгээд 36 жилийн турш дахин Улсын аварга малчин гараагүй байсан.

-Та хэдэн жил мал маллаж байгаа вэ?

-Насаараа мал маллаж байна.

-Таныг 1990-ээд онд мал хувьчилж аваад л хөдөө гарсан юм болов уу гэж бодож байлаа. Харахад насаараа мал дагасан шинжгүй, аль нэг төрийн байгууллагад ажиллаж байсан юм болов уу хэмээн таамаглахаар юм?

-Хүмүүс намайг анх хараад тэгж бодоод байдаг юм. Би чинь эхээс 13, 14-үүлээ л дээ. Аав маань намайг “Ганц хүүгээ би мэднэ” гээд ерөөсөө сургууль соёлд явуулаагүй. Аав минь эрдэм номтой лам хүн байсан. Намайг малчин болгоно гээд гуравдугаар ангиас сургуулиас гаргаад дэргэдээ авсан. Тэрнээс хойш л мал маллаж явна даа.

-Мянгат малчны мал гэж хөндийг бүрхсэн л юм хуйлраад ороод ирдэг сэн. Бас ч сүртэй шүү. 1500 мал гэхээр түүнээс ч их байлгүй?

-Их л дээ. Зуны цагт мэдэгддэггүй юм аа. Өвөл цас их унаад ирэхээр хотноос нь гаргахад сүртэй. “Энэ ч дээ, цас улам их орвол энэ их малыг онд оруулна гэдэг хэцүү ч юм аа даа” гэх ухааны юм бодогдоно доо (инээв).

-Хонь мянга хүрчихээр идэх юм олдоггүй гээд байдаг нь үнэн үү. Энэ ямар утгатай юм бол. Мал нь өсөх тусам харамч болчихдог гэж арай ойлгож болохгүй байх?

-Малаа өөрөө гаргана. Гаргахдаа учир утгатай гаргана. Маани уншина. Би аавынхаа хааяанд олон жил болсон болохоор хэдэн маань сураад авчихсан. Манай аав мал муулдаггүй байсан. Би тэр ажлыг хийхээс өөр аргагүй болсон. Ганцхан намайг мал дээрээ авсан гол зорилго нь тэр. Морио аргамжлуулж, малынхаа голыг тасдуулъя гэж дэргэдээ авсан юм билээ. Анх малаа гаргахдаа зүрх жигтэйхэн үхдэг байлаа. Харин сүүлийн үед би өөрөө мал гаргахаа байсан. Хүн амьтнаас голыг нь тасдаад өгөөч гэж гуйж байгаад гэртээ зул барьж, мэддэг, чаддаг мааниа уншина. Малчин хүн гэдэг чинь малаа барьж аваад л алаад идээд байдаг хүмүүс биш шүү дээ. Хоосон хонодог тэвчээртэй. Өнөөдөр юу гэхэв, цагаан идээгээ идээд хоноё гэнэ. Малыг муу өдөр муулахгүй. Бас дүйчин өдрүүдээр амийг нь таслахгүй. Малаа гадагшаа өгдөггүй цээртэй өдрүүд ч байна. Малчин хүн тэр бүх гариг, цагийг мэддэг.

Өөрийнхөө гараар, хөдөлмөрөөр өсгөсөн малаа аль болох л далд, нүднээсээ хол амийг нь таслуулахыг хичээдэг болчихдог юм билээ. Малчин хүн чинь мал тус бүрээ мэддэг, таньдаг болчихсон байдаг. Адуу зуу хүрэхээр унах морь олдоггүй, хонь мянга хүрэхээр идэх хонь олдоггүй гэдэг. Тэр олон мал дунд иртэй, чадалтай төл сайтай, ноолуур, ашиг шим сайтай нь бас бий. Тэр малаа хайрласаар л байгаад хамгийн сүүлд нь “Эвий минь олон жил буянаа хайрлалаа даа” гээд өөр хүнд өгөөд явуулдаг шүү дээ.

Та сая надаас асуулаа, 1990 онд мал хувьчилж аваад хөдөө гарсан юм болов уу гэмээр харагдлаа гэж . Малчин хүн гэхээр л хувцас нь гандсан, хар бараан царайтай хүмүүс байдаг гэж ойлгоод байдаг тал бий л дээ (инээв). Хүн өөрийгөө яаж авч явахаас л бүх юм шалтгаална шүү дээ. Би төрийн албанд ажиллаж, дарга, цэрэг хийж үзээгүй хүн.

Залуустаа хандаж хэлэхэд, энэ Улаанбаатарт ажилтай, ажилгүй овооролдож байхаар хөдөө ажлын байр их байна. Мал маллаач ээ. Хөдөө, хот хоёрын ялгаа байхгүй болсон. Хүний хардаг, үздэг бүх юм хөдөө байна. Хотод ажил олдохгүй байхад битгий хот руу яваач ээ. Хөдөө очиж малаа маллавал сайхан байна. Орон нутаг, засаг захиргаа нь харж үзнэ шүү гэдгийг залуустаа уриалъя.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Чимэдбат: Бага насны хүүхдийг буруу тээвэрлэж буй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Замын цагдаагийн албанаас орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны талаар мэдээлэл хийлээ. Он гарсаар улсын хэмжээнд 163 хүн авто замын ослоор амь нас нь хохирсон байна. Ослын 76 хувь нь орон нутгийн замд бүртгэгджээ. Орон нутгийн замд гарч буй осол нь дийлэнхдээ жолооч аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй гардаг гэлээ. Энэ талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбатаас тодрууллаа.

-Урин дулаан цагаар авто тээврийн осол нэмэгддэг. Ихэвчлэн ямар шалтгаанаас зам тээврийн осол гардаг вэ?

-Урин дулаан цаг иржээ. Энэ үеэр орон нутгийн замд зам тээврийн осол тодорхой хэмжээнд бүртгэгдээд эхэлдэг. Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт жолоочийн хариуцлага гэдэг зүйл дутагдаж байгаа нь зам тээврийн ослын гол шалтгаан болж байна. Мөн жолооч, эцэг, эхчүүд бага насны хүүхдийг буруугаар тээвэрлэх тохиолдол их байдаг. Зөвхөн 2017 онд бага насны 1058 хүүхэд зам тээврийн ослоос шалтгаалан гэмтэж, 55 хүүхэд амь насаа алдсан тоо баримт байна. Уг 55 хүүхдийн 47 нь эцэг, эх, ойр дотны хамаатан садан, ах, эгчийнхээ яг хажууд нь тээвэрлэгдэж явсан. Хүүхдүүд томчуудын дүрэмд, бус хариуцлагагүй үйлдлийн золиос болж амь насаа алдсаар байна. Хөдөлгөөнд оролцож байхдаа хамгаалалтын суудлын бүсээ хэрэглэхгүй, онгорхой цонхтой бага насны хүүхдийг тээвэрлэх тохиолдол их байна. Дүрэм журмын дагуу хөдөлгөөнд оролцоогүйгээс болж бүхэл бүтэн ерөнхий боловсролын нэг сургуулийн нэг ангийн хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай мэдээ байгаа. Бид энэ тоон мэдээг тодорхой хэмжээгээр буулгах, аль болох байхгүй болгохоор хичээж ажиллаж байгаа. Орон нутагт очоод үзэхэд мотоцикльтой холбоотой зөрчил маш их бий. Мотоциклийн дөрөөнд ч хөл нь хүрэхгүй хүүхдээс эхлээд хөгшин настай хүмүүс дураараа мотоцикль унаж өдөр тутамдаа хэрэглэдэг болсон. Тэд улсын бүртгэлгүй, каск, хамгаалах малгайгүй хөдөлгөөнд оролцож байна. Урин дулаан цаг ирсэн энэ үед архи согтууруулах ундаа хэрэглэн жолоо барьж буй зөрчлүүдээс болж амь нас эрсдэх тоо нэмэгдэх болсон. Тус нөхцөл байдалтай тааруулан энэхүү аяныг зохион байгуулж байна. Манай арга хэмжээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, Дрифт, Пажэро холбоонууд нэгдэж байгаа. Энэ арга хэмжээг дэмжиж клуб, баг тамирчид, залуучуудаараа нэгдэж дэмжиж байгаа.

-Энэхүү аяны хүрээнд ямар үйл ажиллагаанууд болох вэ?

-Аяны хүрээнд ухуулга суртчилгаа хийж самбар байршуулна. Тус аян энэ сарын 20-ны өдөр улс орон даяар нээлтээ хийнэ. 21 аймагт болон Драгон төв дээр нээлтүүд нэгэн зэрэг эхлэх байгаа. Гудамж болон орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хяналт шалгалт тавих ажиллагааг эрчимжүүлэн явуулна. Бид тээврийн хэрэгслийнхээ хурдыг хэтрүүлж, бага насны хүүхдийг буруу тээвэрлэж буй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж шийдсэн. Маш олон удаа сануулсан. Одоо таслан зогсоох цаг нь болсон гэж үзэж байна.

-Хөдөө орон нутагт гарч буй ослуудаас хэрхэн сэргийлэх вэ ?

-Жолоо барина гэдэг тоглооом биш. Өөрийнхөө болон зорчигчдынхоо амь насыг хамгаалж, дүрэм журмын дагуу хөдөлгөөнд оролцох жолооч хүний үүрэг. Урин дулаан цаг эхлэхээр хүмүүс ихэвчлэн аялал зугаалгаар хөдөө орон нутгийн замд зорчдог. Мэдээж аяллаар явж байгаа учир ойр дотны ах дүү гэр бүлтэйгээ явна. Жолооч нар хүний амийг атгаж яваагаа ухамсарлах хэрэгтэй. Олуулаа, найз нөхдөөрөө явж байхдаа хурд хэтрүүлэн, онгирч, дарвиж, хөдөө цагдаа байхгүй гэсэн ахархан бодлоор согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолооддог, энэ зүйлсийг яаралтай таслан зогсоох шаардлагатай байна.

-Орон нутгийн замд бараг л хяналт, шалгалт байхгүй шүү дээ. Хот хоорондын автобус гэхэд 80-аас дээш хурдтай зорчиж болохгүй. Гэтэл 100 гаруй км цагийн хурдтай давхиж байна. Үүнийг хэрхэн таслан зогсоох вэ?

-Үүнийг нийтийн тээврийн үйлчилгээ буюу орон нутгийн чанартай Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн байгууллагатай хамтран GPS-ээр давхар хяналт тавиад хурд хэтрүүлсэн компани болон жолооч нартай шууд утсаар холбогдон хөдөлгөөний хязгаар, хөдөлгөөнийг хэвийн хэмжээнд явуулах болон эргүүлэн арга хэмжээ тооцох ажлуудыг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Орон нутгийн замд байнгын болон түр посуудыг нэлээдгүй хэмжээгээр байршуулан нэмэлт хүчээр ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Зуны амралт зугаалга эхэлсэн байгаа энэ мөчид Замын цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ээлжийн амралтаа авахгүйгээр ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Өнгөрсөн жилийн мөн үеэс өнөө жилийн мөн үе хүртэл зам тээврийн осол гэмтэл буурсан уу?

-Өнгөрсөн оны нэгдүгээр улирлыг энэ жилтэй харьцуулахад улсын хэмжээнд зам тээврийн осол 19,6 хувиар буурсан. Энэ жил зам тээврийн осол харьцангуй буурсан нь нэг бодлын маш сайшаалтай. Тус үр дүн нь иргэдийн хөдөлгөөнд оролцож буй соёл, цагдаагийн байгууллага болон бусад байгууллагуудын хяналт сайн тавьж байгаатай шууд холбоотой гэж үзэж байна. Иргэд хөдөлгөөнд оролцох чиг хандлагаа өөрчлөхгүй бол хичнээн Цагдаагийн байгууллага хяналтаа эрчимжүүлсэн ч бодитой үр дүнд хүрч чадахгүй. Зам тээврийн ослоос улбаалан амь эрсдэх тоо сэтгэлд хүртэл буурч чадахгүй л байна. Жишээлбэл, жолоочид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох үзэгдэл их байна. Шалгаад үзэхээр хаанаас хаа хүртэл явсанаа санахгүй болтлоо уусан байдаг. Тийм жолоочтой цуг хоёр гуравхан настай охин нь цуг зорчиж байх жишээтэй. Иймэрхүү жишээнүүд маш их бий.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Мишигийн Жавганыг мартахын аргагүй

Ч.Чимид тэргүүтэй жүжиг киноны зохиолчид 1979 он Эхний эгнээний баруун гар талаас хоёр дахь нь М.Жавган.

Өнгөрсөн зууны жаран хэдэн онд Л.Ванган гуай “Монгол кино” үйлдвэрийн ерөнхий редактор байхдаа киноны зохиолчтой болох гэж Ч.Гомбо, М.Жавган, Г.Бат-Очир зэрэг залуусыг шавиа болгон заримдаа гэртээ авчран багшилдаг байлаа. Би ганцхан удаа тэднийг зохиол ярилцаж байхтай таарч билээ. Ванган гуай их дөлгөөн хүн шиг харагдавч шавь нартаа их шаардлагатай болуу гэж л бодогдож билээ. Жавган нэг зохиол хэлэлцүүлсэн бололтой юм.

-За Жавгаан, энэ зохиолыг юм болгох гэж их ярьж байна. Хүний зохиолын санаа чинь бичих тусам наашилж тодордог. Гэтэл чиний санаа чинь цаашаа яваад байх юм гэсэнд хажууд нь байсан Чимид гуай,

-Наад Жавганы чинь зохиолын санаа их цаана байдаг. Наашаа гаргаж ирэхдээ л будлиад байх шиг юм гэсэнд Ванган гуай,

-За тэгвэл, энэ санаагаараа хоёулаа тус тусдаа кино зохиол бичье. Тэгээд нийлж үзье гэв. Тэгтэл бас л Чимид гуай,

-Чи бид хоёр шиг биенээ нөхөж, дутуугаа гүйцээж чадах уу гэж асуув. Ванган гуай, Жавганыг харж инээгээд,

-Чи юу гэж бодож байна вэ гэсэнд Жавган,

-Аа мэдэхгүй. Чадах байх аа. Үгүй би чадахгүй байх аа гэв. Ванган гуай,

-За тэр Чимидийн хэлдэг болох нь. Жавган чи чадна гэж бод. Бич гэж зандрах өнгөтэй дуугарсанаа, би чамайг гээд шавь нараа тойруулж харсанаа, “Би та нарыг нэг, нэг сайн зохиолтой болгоё” гэж бодож байна. Анхны зохиол сайн болбол өөрт болоод бусдад итгэл төрдөг юм. Та нар анхны киногоо сайн хийчихвэл түүгээрээ дөрөөлөөд цааш явна. Үүний тулд та нар хичээх ёстой. Би бүр хичээнэ. Хамаагүй ээ, өөрөө бичээд та нарын нэрээр гаргасан ч болно. Багш шавь хоёр нэг хүн шиг ажиллаад сайн бүтээл хийчихвэл түүгээрээ дөрөөлөөд дараагийнхыгаа өөрөө хийгээд явчихна. Тэгээд биеэ даана. Төдхөн багшаа тоохоо байна гээд инээмсэглэснээ, “Өнөөдрийн хичээлийг ингээд больё. Дараа Гомбын гурван өвгөнтэй зохиолыг ярилцъя. Энэ бол дөхөж байгаа, урам өгч байгаа зохиол. Энэ ч их зовоохгүй юм болчихно оо. За явцгаа” гэв.

Шавь нар энэ үед миний танихгүй хоёр, нийтдээ тавуул байсан санагдана. Жавган, Гомбо хоёр түрүүлээд гарсанд танихгүй хоёр ч дагав. Харин Бат-Очир тээнэгэлзэн зогсоод байсанд Ванган гуай,

-Чи яваач, Чимид бид хоёр ажилтай. Чиний хэрэг байхгүй гэсэнд цаадах нь үг дуугүй гарч явав. Ванган гуай “Манж үг мэдэхгүй нэг муу халх манайд хонохоо шахлаа” гэгчээр цаад нахиу чинь сэжиг авсан шиг байна” гээд над руу харав. Би ч Чимид гуайн захисан юмыг нь мөнгөний хариулттай цуг өгсөнд Ванган гуай хэдэн төгрөгийг нь шүүрч аваад “Чиний хөлний хөлс” гээд надад өгсөнд Чимид гуай,

-Хөлсийг нь сайн өг. Харин архи бүү өг. Наадах чинь архинд дургүй юм билээ. Яахав дээ, хэдүүлээ нэг эрүүл хүнтэй байя л даа гээд хөхөрсөнд,

-Мэдлээ, ноёнтоон гээд бөглөөний лацыг бутраан, шилний ёроолоос цохин пүдхийлгэв. Тэр хоёр нэг нэг хундага бахтайяа балгачихаад шууд уран зохиол руугаа оров. Би бол тэр хоёрыг өнөөдөр нэлээн замрах байх гэж бодож суулаа. Тэр үеийн том зохиолчдод хэдэн онцлог байсан. Миний ажсанаар. Ажил дээрээ архи уудаггүй, хэрвээ уумаар бол сэм гадагш гардаг байлаа. Тэгтэл одоо залуус архи уумаар бол Зохиолчдын эвлэл рүү ирдэг болсон байна. Миний мэдэх томчуул архин дээр улс төр, анги нам, хов жив ярьдаггүй байлаа. Тэд зөвхөн ном зохиол, бичих гэж байгаа зүйлээ ярьж санаа оноо авна. Бусдын сайн зохиолыг олзуурхан ярина. Манай Чимид гуай бол дэлхий дайдаар их явдаг хүн болоод энд тэндэхийн зохиолыг олзуурхан ярина. Би тийм орчин буюу Утга зохиолын хүрээлэнд орж хүмүүжсэндээ хэзээ ямагт бахархана. Аль жаран нэг хоёр онд л бичсэн Чимид гуайн бичсэн судалгааны зүйлийг цуглуулж эхэлсэн юм даг. Дараа нь Намдаг багшийн шавь болсон юм. Чимид, Ванган хоёрын яриаг ч чамгүй сонссон доо. Тэр хоёр жинхэнэ анд нөхөд байлаа. Тэд нийлж бичих зохиолоо ярих нь олонтаа байсан. Харин намайг Ванганыд энэ удаа очиход шавь нарын тухай яриа голлож билээ. Тэр талаар санаанд байгааг хэлбэл, Чимид гуай шууд л Вангаан гэж дуудаад,

-Чи шавь нараа эрхлүүлдэг юм байна. Өнөө театрынхнаа загнадаг шиг чангахан баймаар юм. Элбэж бичье ч гэх шиг гэсэнд цаадах нь,

-Сонин сэдэв олоод бичиж чадахгүй болохоор нь яарч амь тэмцээд байх юм. Зохиолоо хурдан бичээд киногоо хийе л дээ. Тэгээд би яардаг юм гэв.

-Тэгэх юм бол цаадуул чинь юм сурахгүй, чамайг бичихийг хүлээгээд зүгээр сайхан сууна даа гэсэнд Ванган гуай,

-Үгүй байх аа. Энэ Жавган, Гомбо хоёр их оролдлоготой. Хөөрхөн санаа олох юм. Хөгжүүлэх нь дутаад, учраа сайн олохгүй байгаа юм гэж тэднийг хаацайлав. Чимид гуай бүр маргах шинжтэй,

-Чи бол театрынхандаа их хатуу. Шинэ бүтээл хийж байхдаа бүр догширдог. Тиймээс ч богино хугацаанд сайн бүтээл гардаг. Харин чи энэ киноныханд жаахан тал засах шинжтэй юм уу даа гэсэнд цаадах нь инээгээд,

-Үгүй, үгүй. Тэр Жигжид энэ тэртэй чинь үздэг шүү дээ. Зайлуул даа, энэ муусайн банди нарт омог үзүүлээд яах юм бэ. Зохиол чинь мухар шаардлагаар биш, эв түнжингээр бүтдэг зүйл шүү. Тэгээд л…. гэсэнд Чимид гуай,

-Би зүгээр бодсоноо л хэлж байгаа юм гээд Ардын хувьсгалын түүхэн сэдэв рүү оров. Би ч тэдний ярианд орох сачий байх биш, гарч одов. Түүнээс хойш олон он элэгдэж дээ. Ахмад үеийнхэнээ бодохоор Чимид, Ванган хоёр надад заавал санаанд орно. Тэднийг дагаад шавь нар нь үзэгдэх шиг болно. Хөөрхий зайлуул тэд нар нь миний сэтгэлд л байгаа болохоос өмнө минь бичсэн ном, зохиолоор нь хийсэн кинонууд нь зурагтын дэлгэцнээ гарч байх юм. Мөнхийн бүтээл хийх мөн сайхан аа! Жавганы маань “Тууврын замд” кино гараад ирэхээр хөөрхий муу Дорлигжав санаанд орно. Тэр жил Баянхонгор аймагт “Тууврын замд” очжээ. Хүмүүс ихэд сонирхон “Манай Дорлигжавын кино” гэж бахархан ярина. Тэдний суманд кино очихоор аав ээж, ах дүүсэд нь үзүүлж гэнэ. Тэгсэн чинь аав нь сумын намын үүрт ороод “Манай хүү, хүнээ байжээ. Айлын нялх хүүхэд оролдоод нүдний булай болж байна. Би ичээд үзэж чадсангүй. Дарга та түүнийг дуудаад ирээч. Би арьсыг нь хуулъя” гэж хүсчээ. Тэгэхэд нь дарга “Дорлигжав кинонд тоглож сайхан дүр бүтээсэн байна. Бид баяр хүргэсэн цахилгаан явууллаа” гэсэнд аав нь таарсан ч таар шуудай бол доо гээд уурлаад гарч одсон юм гэнэлээ. Энэхэнээр бодсон ч манай Жавганы кино хурц, сонирхолтой шүү. Өнөөх алдартай “Нийслэл хүүг” тэр үеийнхэн байтугай, өнөөгийн үзэгчид инээд хөөртэй их дуртай үздэг. Тээр жил намайг гэрт нь очиход Ванган гуай,

-Жавган минь ээ, чи шалбалзаж үзээч. Сайхан кино болно шүү. Хоёулаа элбээд сайхан кино хийе л дээ. Дараа нь чи биеэ даагаад сайн зохиол бичээрэй гэж шаардаж байсан тэр зохиол нь энэ “Нийслэл хүү” юм билээ. Энэ киног хийхэд Ванган байнга дэргэд нь байсан. Кино сайн болж байна гээд их баярлаж байсан гэж киноны ахмадууд ам хуурайгүй ярьж байсан даа. Жавган ч багшийнхаа урмыг хугалаагүй олон киноны зохиол бичсэн. Захаас нь дурдвал, анхны кино “Нийслэл хүү” (1968), “Туяагийн бичээгүй захиа”, “Мартагдашгүй намар” (1975), “Шинэ хотын гэрэл” (1977), “Тууврын замд” (1979)… Эдгээрийг нэрлэхэд, танд танил байгаа биз.

Жавган бол роман, тууж, өгүүллэг бичдэг эртэй зохиолч юм. Түүний “Есөн хүсэл” роман, “Алтан намар” тууж, “Хоёр эрх, нэг бэрх”, “Далан худалчийн дүү дасга Логой” гээд шог хошин зохиолууд ч бий. Ерээд оноос л шог зохиол дагнан бичсэн байх. Ер нь Жавганы бүх зохиол шог аястай байдаг. “Мартагдашгүй намрын” Батзаяа, “Тууврын замдын” Дорлигжав, “Нийслэл хүүгийн” Бүрэнбэх зэрэг жүжигчнээ бодохоор бүтээсэн дүр нь аяндаа санаанд чинь орно доо. Тэгээд залгаад Жавганаа бодоорой. Та нар бүтээлд нь баяссан мөртөө зохиолчийг нь мартдаг гэмтэй шүү. Бүх уран бүтээл тоглолтын урилгаас эхлээд дууны шүлэг, найраглал, бяцхан тууриас туульсын зохиол хүртэл цөм зохиогчтой байдаг. Гэтэл манайх зохиогч, зохиолчийг мартсан шиг байх боллоо. Хэрэвзээ, манайд Утга зохиол судлал унтарчихаагүй бол Мишигийн Жавганыг мартах ёсгүй дээ. Тэр дундаа өчнөөн жил тэжээлгэсэн киноныхон дурсаж байгаа биз. Монголын утга зохиол, кино урлагт түүний оруулсан хувь нэмрийг чамлаж суудаггүй байлгүй дээ. Даруу дөлгөөхөн, хийсэн бүтээснээ хүнд гайхуулдаггүй, өдрөөс өдөрт шинийг урлах сан гэж дотроо шатаж явдаг түүнийг манай Дундговийнхон бол санахаар барахгүй, бахархаж байдаг байлгүй. Түүний мэндэлсэний 80 жилийн ой энэ жил болж байгааг мэдэх төдийгүй өргөн тэмдэглэх гэж яарч байгаа биз ээ. Энд яруу найрагч А.Лхагва түүний ойг тэмдэглэнэ гээд элдвийг санаачлан гүйж байхад дэмжин тусална гэж найдаж байна.

Х.ЗАНДРААБАЙДИЙ

2018.05.05

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт алга болсон хүүхдүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар тус сумын харьяат 13 настай эмэгтэй А, 10 настай эрэгтэй Ж нар сураггүй болсон. Алга болсон тухай дуудлагыг зургадугаар сарын 24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авсан байдаг. Тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, Ховд аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, Увс аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, нийт 17 хүн, гурван автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ сарын 28-ны өдрийн байдлаар Бугат сумын Буга багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газраас Ногооннуур сумын Бахлаг баг хүртэл 42 км-т “Ховд” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг хийж 20 удаагийн шумбалтаар, үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоожээ. Иймд эрэн хайх ажиллагааг өнөөдөр өглөө 07:00 цагт дахин эхлүүлсэн байна. Үндэсний аврах бригадын найман алба хаагч, нэг автомашинтайгаар очиж, нэмэлт хүч болон өнөөдрөөс ажиллаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын 95-н ажилтан, алба хаагчдад 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлдөг тухай мэдээлэл өглөө гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн өрхийн эмнэлгүүдэд даралтны аппарат гардуулав

“ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих багажийг бэлэглэлээ. Эрүүл мэндийн анхан шатны үзлэг, оношлогоонд дэмжлэг үзүүлэх энэхүү үйл ажиллагаанд НИТХ-ын тэргүүлэгч НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцлоо.

“Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих аппарат нь цусны даралтыг хэмжих 3 удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, Ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах боломжтой. Зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг давуу талтай автомат даралтны аппарат гэдгээрээ онцлог юм байна.

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүрэг дугуйн замтай болов

Энэ онд тохиож буй “Багануур ХК”-ийн 40 жилийн ойн хүрээнд тус компанийн зүгээс ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс 4.5 км урттай дугуйн замыг барьж байгуулан өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нээлтийн үеэр дугуйн замын ажлыг “Багануур” ХК дотоодын нөөц бололцоогоор бүтээн байгуулсан гэдгийг ИТХ-ын Тэргүүлэгч “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун онцолж байв.
Дугуйн зам нь хоёр гүүрэн болон дугуйн суурь зам, амрах орчин, тоглоомын талбайтай бөгөөд замын хоёр хажуу талаар 350 гаруй улиас, 2500 гаруй хайлаас тарьж тохижуулжээ.

Дээрх ажилд ИТХ, ЗДТГ, “Мон Цахим” ХХК, Багануурын Дулааны Станц, Цахилгаан Механикийн Үйлдвэр, Автожим ОНӨААТҮГ Багануур “АЗЗА” ТӨХК, дүүргийн Онцгой байдлын хэлтэс зэрэг байгууллага дэмжин ажилласан байна.

Нээлтэд ИТХ-ын дарга С.Даваасүрэн, ИТХ-ын тэргүүлэгч Б.Батболд, ИТХ-ын төлөөлөгч Ж.Энхбат, Б.Тайванболд, О.Мөнхсайхан болон тус компанийн ажилтан албан хаагчид, дугуй сонирхогч залуусын төлөөлөл оролцов.

Categories
мэдээ нийгэм

​Санхүү, шуудангийн үйлчилгээг хослуулан хэрэгжүүлэх салбар нээгдлээ

“ARD” санхүүгийн нэгдэл, “Монгол шуудан” компаниуд хамтран Монголын даатгалын болон шуудангын салбарт шинэчлэл хийж, өнөөдөр Санхүү, шуудангийн хосолсон үйлчилгээтэй шинэ салбарыг нээлээ.

Тус салбаыг манай улсын эдийн засгийн гол байрлал болох “Монголын хөрөнгийн бирж”-ийн замын эсрэг талд нээсэн нь хөрөнгийн биржийн арилжаанд оролцох, иргэдэд хувьцаа, бондын талаар мэдээлэл өгөх учиртай аж. Мөн цаашдаа үнэт цаасны арилжааны төв болгох зорилготой юм.

Шинэ салбарын нээлтийн үеэр гурван том шинэчлэл хийгдэж байгааг дурьдаж байв.

Үүнд, “Монгол шуудан” компани зүгээс энэ салбраар дамжуулан бүх төрлийн шуудангийн үйлчилгээ үзүүлэхээс гадна санхүүгийн үйлчилгээний салбарт хүч үзэхээр бэлтгэж байгаа тухай хэлж байлаа.

Энэ нь олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ Euroqiro-г шинээр нэвтрүүлж байгаатай холбоотой аж.Шуудангийн өргөн сүлжээт байгууллагаар дамжуулан иргэд хоорондын мөнгөн гуйвуулгийг хямд шимтгэлтэйгээр шилжээлж болохор болжээ.

“Монгол шуудан ХК”-ийн дэд захирал Г.Тэлмэн “Манай байгууллага Улаанбаатар хотд 38, үндсэн 19 салбартай. Харин хот хөдөө нийлсэн 380 салбартай болсон. Энэ жил бид бүх бүх шатандаа шинэчлэл хийж байгаа. Мөн салбаруудаа иргэдэд таатай орчин бүрдүүлэхээр шинэчилж байгаа. Өнөөдөр нээлтээ хийж байгаа энэ салбар бидний иргэдэд үйлчлэх таатай орчин нөхцөтэй хоёр дах салбар болж байна” хэмэв.

Харин “АRD” санхүүгийн нэгдлийн гйүцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлэхдээ “Бидний зорилго иргэдийг хөрөнгө оруулалт хуримтлал хувьцаатай болгох. Бид хуримтлалтай, хувьцаатай болсноор мөнгөний төлөө бус, мөнгө бидний төлөө ажиллах боломжийг нээж байна. Хөрөнгө, санхүүгийн зах зээл нь мөнгийг чиний төлөө ажиллуулах гол зорилготой байдаг. Жишээ нь Шөнө ажиллаа унтаж байхад, ажлаа хийгээд завгүй үе чинь чиний мөнгө, чиний төлөө зогсолтгүй ажиллаж байх нөхцлийнг хөрөнгийн зах зээлээр бүрдүүлж байдаг. Тийм ч учраас иргэдийн эдийн засгийн итгэл үнэмшлийг бий болгож, хөрөнгө оруулагч үндэстэн болохоор “ARD” санхүүгийн байгууллага анхны салбараа нээж байна. Үүнээс гадна Монгол Улс ядуу буурай гэсэн үзлийг залуучуудын сэтгэхүйгээс салгахаар шинэлэг гэсэн юм бүхэнийг Монголдоо нэвтрүүлэхээр ажиллана” гэв.

Нээлтийн үеэр, үнэ төлбөргүй эрүүл мэндийн зайн үйлчилгээ үзүүлэгч “Бидмэд” компантай хамтран олон улсын зайны эрүүлмэндийн үйлчилгээ \телемедиа\ нэвтрүүлж байгаагаа мэдэгдлээ. “БитМэд” комданийн гүйцэтгэх захирал Риши Мадхок “Монгол болон Төв азийн орнуудад эрүүл мэндийн үйлчлгээ ихээр үгүйлэгдэж байдаг бүс нутагууд. Тиймээс бид эрүүлмэндийн алсын зайн үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр болсон” гэв. Үүгээр дамжуулан иргэд анхан шатны оношилгоо, урьдчилан сэргийлэх болон яаралтай тусламж, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой болжээ.

Үүгээр ч зогсохгүй орчин үед дэлхийн олон орон хэрэглэж байгаа ухаалаг систем “GoLend” \GoPay\ буюу криптовалютийг эх хэлээрээ ашиглах боломж бүрджээ. Хэрвээ биткойноо ашиглан ямар нэгэн бичиг баримт шаардахгүйгээр зээл авах боломж гэнэ.

З.МӨНХСУВД