Categories
мэдээ улс-төр

Дөрвөн албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлжээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.27) хуралдаан 09 цаг 28 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр танилцуулсан боловч Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх горимын санал гаргалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийг нэмж хэлэлцэхээр тогтов.

Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Засгийн газраас2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг асуудлын талаарх тайланг Сангийн сайд Ч.Хүрэлбаатартанилцуулав. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд гаргасан гэдгээ тэмдэглэв. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 7,274.9 тэрбум төгрөгт хүрч, 108.8 хувийн биелэлттэй. Зарлага 9,017.3 тэрбум төгрөгт хүрч 95 хувийн биелэлттэй гарч улмаар нэгдсэн төсвийн тэнцэл 1,742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнасан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын 2017 оны төсвийн гүйцэтгэлээр 65,7 тэрбум төгрөг бол батлагдсан төсвөөс 3,2 тэрбум төгрөгөөр буюу 4.7 хувиар хэмнэгджээ. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт хөрөнгө 747,863.1 са төгрөг болж өмнөх оноос 63,696.5 сая төгрөгөөр буюу 9.3 хувиар нэмэгдсэн байна. Нийт авлага 502,432.8 сая төгрөг бол өмнөх оноос 3,821.8 сая төгрөгөөр, тайлант хугацааны нийт өр төлбөр 439,082.0 сая төгрөг болж, 9,155.02 сая төгрөгөөр тус тус буурсан байна.

Үндэсний аудитын газрын даргын орлогч дарга С.Бүрэнбат аудитын дүгнэлт танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 94 тайлан нэгтгэгдсэнээс 72 байгууллагад санал дүгнэлт гаргаж, 9 байгууллага аудитын түүвэрт хамрагдан, 13 байгууллагад итгэл үзүүлсэн байна. Санал дүгнэлт гаргасан 72 байгууллагаас 69 байгууллагад “Зөрчилгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” санал дүгнэлт өгсөн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар системийн хэмжээнд нийт 4,902.8 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс аудитын явцад 3,484.5 сая төгрөгийн алдааг санхүүгийн тайланд залруулж, 17.7 сая төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 313.5 сая төгрөгийн зөрчилд 22 албан шаардлага өгч, 1,087.1 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх талаар холбогдох албан тушаалтанд 73 зөвлөмж хүргүүлсэн гэдгийг онцлов.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд тайлан нэгтгэгдсэнээс 37 байгууллага нь аудитад хамрагдаж, 32 байгууллага “Зөрчилгүй”, 3 байгууллага “Хязгаарлалттай”, 2 байгууллага “Сөрөг” санал дүгнэлт авсан байна. Санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт 183,629.4 сая төгрөгийн алдаа зөрчил илэрснээс аудитын явцад 170,285.7 сая төгрөгийн алдааг санхүүгийн тайланд залруулж, 17.9 сая төгрөгийн зөрчилд 15 төлбөрийн акт, 1,446.1 сая төгрөгийн зөрчлийг арилгах 21 албан шаардлага өгч, 107.7 сая төгрөгийн зөрчил гаргасан 4 албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлж, 11,772.0 сая төгрөгийн алдаа, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар зөвлөмж өгсөн гэдгийг Үндэсний аудитын газрын даргын орлогч дарга С.Бүрэнбат танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав нарын зүгээс дээрх салбаруудын төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхэлсэн асуудлын хүрээнд багтдаг аудитын “сөрөг”, “хязгаарлалттай” дүгнэлт авсан байгууллагын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэх, таван тэрбум төгрөг төсөвлөсөн хүр хорхойны эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээнийүр дүн, үлийн цагаан оготно, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн өнөөгийн байдлын талаар илүүтэй тодруулав.

“Хязгаарлалттай”, “сөрөг” аудитын дүгнэлт авсан байгууллагын талаарх мэдээллийг төсвийн ерөнхийлөн захирагчдад нь хүргэсэн. Энэ оны 09 дүгээр сарын 01-ний дотор хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авсан талаараа ҮАГ-т мэдээлэх үүрэгтэй. Мөн үндэсний аудитын газраас давтан аудит хийж “хязгаарлалттай”, “сөрөг” дүгнэлтийн дагуу шалгалтын мөрөөр авсан арга хэмжээтэй танилцах болно гэж Ажлын хэсгийнхэн хариулав.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хариултдаа, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн “хязгаарлалттай”, “сөрөг” дүгнэлт авсан таван байгууллагын гурван албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, долоон албан тушаалтаанд арга хэмжээ авсныг тодотгохын зэрэгцээ 473 мянган га газарт үлийн цагаан оготныг устгаж, 756,8 сая төгрөгийг зарцуулсан гэж байлаа.

Монгол Улсын нийт газар нутгийн 76,8 хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжилттэй гэсэн судлагаа гарсан. Цөлжилт үүссэн шалтгааны 51 хувийг уур амьсгалын өөрчлөлт, 49 хувийг хүмүүсийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэсэн судалгаа гараад байна. Улсын төсвөөс судалгаа шинжилгээний чиглэлээр лхөрөнгө төсөвлөдөг. Тиймээс цөлжилтийн эсрэг тэмцэхдээ олон улс, гадаадын байгууллагын дэмжлэгийг авч ажиллаж ирсэн. Ирэх долдугаар сард гэхэд НҮБ-ын цөлжилтийн эсрэг конвенцид Монгол Улсын цөлжилтийн талаарх мэдээлэл, тайлангаа хүргүүлж, дэмжлэг авахаар ажиллаж байна гэж БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, доктор, профессор Г.Нямдаваа хариулж байлаа.

Мөн 2018 онд 218 га газарт хүр хорхойг устгах төлөвлөгөөт ажлыг явуулж 4.5 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд ажлын гүйцэтгэл 60 хувьтайбайна. Ирэх долдугаар сараас эхлэн гэрээ хийсэн компаниудын хүр хорхойн устгал хийсэн үйл ажиллагаатай танилцаж,14 хоногийн мониторинг судалгаа хийнэ гэж тус яамны ажлын хэсгээс нэмэлт тайлбар өгөв.

Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболдын санал дэмжигдэв

Намрын чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах УИХ-ын дарга М.Энхболдын санал дэмжигдэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга М.Энхболд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг ирэх чуулганаар хэлэлцэх санал гаргав.

Тэрбээр “Хоёр парламент дамжин хэлэлцэж, баталсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг эргэж харах, өөрчлөх шаардлага бий. УИХ-ын удирдлагууд болон холбогдох Байнгын хороодод иргэд, төрийн бус байгууллагуудаас энэ тухай хүсэлт, саналаа ирүүлсэн байгаа. Тэдгээр санал, хүсэлтэд үндэслэн УИХ-аас ажлын хэсэг байгуулан ажтллуулж, төслүүдийн эхний хувилбарыг боловсруулаад байгаа юм. Түүнчлэн холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтээс дээрх хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар санал авч, төсөлд нэгтгэн тусгах ажил үргэлжилж байна. Засгийн газар, Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь АН-ын бүлгээс намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ирүүлсэн жагсаалтуудад ч дурдагдсан байна. Энэ хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар дагаж нэлээд олон хуульд зохицуулалт хийгдэх нь лавтай. УИХ үүнд анхаарал хандуулан, 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд дээрх хуулиудыг өөрчлөх, нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх нь зүйтэй. Иймд 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаж өгнө үү” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболдын хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хүлээн авч, УИХ-ын тогтоолын төсөлд тусгахаар шийдвэрлэв.

Categories
мэдээ спорт

Өнөөдрийн тоглох хуваарь

ДАШТ-2018: Өнөөдрийн тоглолтын хуваарь

ДАШТ-ийн өнөөдрийн тоглолтын хуваарийг хүргэж байна. Шөвгийн 16 багийн дөрөв нь өнөөдөр тодорно. E, F хэсэгт тус бүрт гурван баг хасагдах шатны төлөө өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдрийн тоглолтоор асуудал шийдэгдэнэ.

ДАШТ-2018: Өнөөдрийн тоглолтын хуваарь

Categories
мэдээ нийгэм

Сүүлийн үеийн дрон түүний програм хангамж, GPS төхөөрөмжийг гардуулан өглөө

Швейцарын хөгжлийн агентлагаас Мэргэжлийн хяналтын байгууллагад хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг агаараас хянах, зөрчил дутагдлыг баримтжуулах зорилгоор ашиглах сүүлийн үеийн дрон түүний програм хангамж, GPS төхөөрөмжийг гардуулан өглөө.

Эдгээр төхөөрөмжийг бичил уурхай ихээр төвлөрсөн аймгуудын Мэргэжлийн хяналтын газруудад хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор ашиглах юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгодог дуурийн өдрүүд эхэлнэ

Дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын ноён оргилын нэг Ж.Пуччингийн мэндэлсний 160 жилийн ой тохиож,УДБЭТ, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран “Сонгодог дуурийн өдрүүд”-ийг зохиохоор болжээ. Маргаашнаас эхлэн энэ сарын 30-ний өдрийг хүртэл үргэлжлэх уг тоглолтын ерөнхий найруулагчаар Г.Эрдэнэбаатар ажиллах гэнэ.

“Сонгодог” өдрүүдийг нээж, эмгэнэлт хайр дурлал, эмэгтэй хүний ээдрээт амьдралын тухай өгүүлэх “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” аж. Уг жүжиг нь Ж.Пуччинигийн гол бүтээлүүдийн нэг бөгөөд азийн хөгжмийн чиглэлийг судлан хийсэн хоёр том бүтээлийн нэг нь юм.

Манай улсад 1967 анхтайзнаа амилж, 40 жилийн ойг нь өнгөрсөн жил тэмдэглэсэн тус жүжгийн гол дүрд УДБЭТ-ын чадварлаг залуу уран бүтээлч Б.Энхнаран, Н.Батжаргал нар тоглоно.Энэ удаагийн тоглолтоор, БНСУ, ОХУ болон БНХАУ-ын уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвихаар болсон нь онцлог юм.

БНСУ-аас удирдаач Ки Сун Ли, сопрано дуулаач Ким Нам Юүн болон И Ёон Сук нартай хамтрах аж. Мөн хамтран ажиллахаар, басс баритон дуулаач Лию Хён Сунг, ОХУ-ын Буриадын АЖ Н.Мөнхзул хүрэлцэн иржээ.

БНСУ-аас ирсэн удирдаачКи Сун Ли “Хэдийгээр бэлдэх хугацаа бага байсан ч манай улсаас оролцож байгаа уран бүтээлчид бүгд чармайн ажиллаж байгаа.Энэ хугацаанд Монголын уран бүтээлчид үнэхээр чадварлаг болохыг бид мэдэрч байна” гэв.

Мөн энэ сарын 29-нд Ж.Пуччингийн “Богема” дуурийг тайзнаа амилуулна. Харин “Сонгодог дуурийн өдрүүд”-ийн гурав дахь үдэш, шилдэг бүтээлүүдийн түүвэр“Олон улсын дуурийн гала” концерт болох юм.

УДБЭТ-ын уран сайхны удирдагч Б.Түвшинбат хэлэхдээ “Гурван өдөр үргэлжлэх сонгодог үдшээс гаднаVII сарын нэгэнд Сүхбаатарын талбайд “Best of classics open air” сонгодог тоглолтыг дөрөв дах жилдээ зохион байгуулахаар болсон. Энэ удаагийн задгай талбайн арга хэмжээнд 2000-аад суудал засагдана. Сонгодог урлагт хайртай, хүндэлдэг 200 хүнд урилга өгнө” гэдийг онцолж байв.

“Нээлттэй сонгодог дуурийн үдэш”-ийг удахгүй болох “Үндэсний их баяр наадам”-ын тусгай хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын иргэд, жуулчдад сонгодог урлагийг сурталчлах зорилгоор зохиож байгаа аж.

З.Сувд

Categories
мэдээ улс-төр

Хурдан морины бүсийн уралдааны товыг тогтоолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хурдан морины бүсийн уралдааны товыг тогтоолоо.

Тодруулбал, Хангайн бүсийн зуны уралдаан Булган аймагт, Төвийн бүсийнх Орхон, Зүүн бүсийнх Сүхбаатар, Говийн бүсийнх Дорноговь аймагт долоодугаар сарын 28-29-ний өдрүүдэд болохоор товлогджээ. Уралдааныг өндөр түвшинд зохион байгуулж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарахыг аймгуудын Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил улсын хэмжээнд 39.7 мянган га-д ойн цэвэрлэгээ хийнэ

БОАЖ-ын сайдын тушаалаар энэ жил улсын хэмжээнд 39.7 мянган га-д ойн цэвэрлэгээ хийхнэ.
Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбатаас тодруулахад, “Ой цэвэрлэхэд шавар намаг, ойн түймэр, хүн хүчний хүрэлцээ дутмаг зэрэг хүндрэл учирдаг. Энэ жил 30 мянган ой цэвэрлэнэ. Ойн тухай хуулиар тухайн бүсэд хийх ойн цэвэрлэгээг орон нутаг хариуцаж ИТХ-аас гаргасан хуваарь, зохион байгуулалтын хүрээнд тухайн орон нутгийн нөхөрлөлүүд орж ажилладаг. Яамны зүгээс зөвхөн мэргэжил, удирдлага, арга зүйн хувьд зөвлөгөө өгч ажилладаг.
-Сүүлийн үед ой цэвэрлэхэд ойн байцаагчаас аваад байгаль хамгаалагч хүртэл ой руугаа орж чадахгүй байдал Богд уулын амуудад үүсээд байна?
-Богд ууланд газрын зөвшөөрөл өгсөн субьект, уул, ой руу орох ам, замыг хааж хашаалсан байгууллага, хувь хүн, ААН аль аль нь Тусгай хамгаалалтын тухай болон Ойн хуулийг дагаж мөрдөх ёстой. Ойд түймэр гарах юм уу, хортон шавьж устгахад ой, уулруугаа орж чадахгүйгээр хашаа, барилга байгууламж барьж, хамгаалалт бий болгосон байгууллага, ААН, хувь хүмүүс, эсвэл зөвшөөрөл өгсөн субьектэд хариуцлага тооцно. Ингэж хориглож хаасан байдлаас үүдэн гарах хүндрэл, учрах хохирлыг ч хуулиар хариуцлага хүлээлгэнэ.
Тодруулга: Цэвэрлэх ойн хэмжээг БОАЖЯ, түүний харъяа Ойн судалгаа, Хөгжлийн төвөөс 10 жилийн давтамжтай хийдэг ойн зохион байгуулалт, судалгааны ажлын үндсэн дээр гаргадаг байна. Манай улсын нийт 2.7 сая га ойн сан бүхий талбайн 70.2 сая шоо метрийг нь унасан болон хатсан модны нөөц бүхий талбай, 40 шахам сая шоо метр нь хатсан буюу ургах чадваргүй болсон мод эзэлдэг байна.

Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгуульд 228.9 сая төгрөг зарцуулахыг дэмжлээ

Нөхөн сонгуульд 228.9 сая төгрөг зарцуулахыг дэмжлээ

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд 228.9 сая төгрөг зарцуулах тооцоо хийжээ. Энэхүү саналыг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд уг саналыг нь дэмжиж, энэхүү зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Нөхөн сонгуулийг аравдугаар сарын 7-нд явуулна

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн товыг хэлэлцлээ. СЕХ нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд явуулах санал гаргаж байгаагаа хэлэлцүүлсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс асуулт асууж, хариулт авлаа.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Нөхөн сонгуулийн хугацааг товлохдоо хуулийн ямар заалтыг үндэслэл болгож байгаа юм бэ. Төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд оролцохоор болбол ажлаасаа хэзээ чөлөөлөгдөх вэ?

Ч.СОДНОМЦЭРЭН: -Өмнө нь нөхөн сонгуулийн хугацааг заадаггүй байсан. Харин өмнөх парламентын үед Сонгуулийн тухай хуулийг нэгтгэн баталснаар хугацаатай болсон. Тодруулбал, жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гариг, аравдугаар сарын эхний долоо хоногийн ням гаригт явуулж байхаар хуульчлагдсан. Тиймээс ирэх аравдугаар сарын 7-нд явуулах санал оруулж ирлээ. Аймгийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 70 хоногийн өмнө байгуулах ёстой. Намууд 60 хоногийн өмнө сонгуульд оролцохоо илэрхийлнэ. Төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших тохиолдолд тухай жилийнхээ нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэсэн хуулийн заалт бий. Энэ шаардлагад нийцүүлж нэр дэвшигчдийг бүртгэнэ.

Улмаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд явуулахыг дэмжлээ.

Categories
мэдээ спорт

Орост бид Сербидээ тоглож байгаа юм шиг бүрэн дэмжлэгтэй

Сербийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Младен Крстаич Бразилийн шигшээ багийн талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр “Бид өрсөлдөгчөө хүндэлж байгаа. Гэсэн ч багийнхаа тоглолтыг зохицуулах ёстой. Бид агуу багтай, тоглоно, гэхдээ бууж өгөхгүй. Орост бид Сербдээ тоглож байгаа юм шиг бүрэн дэмжлэгтэй. ОХУ бол манайтай ах, дүү улс. Сербийн хөгжөөн дэмжигчид, сэтгүүлчид, тоглогчид бүгд оросуудын энэ дэмжлэгийг мэдэрч байгаа” хэмээн өгүүлсэн байна.