Categories
мэдээ улс-төр

Монгол-Италийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллана

Элчин сайд Ц.Жамбалдорж энэ 6 дугаар сарын 26-ны өдөр Италийн Парламентын Депутатуудын танхимын Гадаад харилцааны хорооны дарга хатагтай Марта Гранде-тай Парламентын ордонд уулзаж ярилцав. Байнгын хорооны даргаар томилогдсон М.Гранде-д Элчин сайд Ц.Жамбалдорж баяр хүргэж, Италийн Парламентад Итали-Монголын парламентын бүлэг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Италийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн тэргүүн туршлагаас Монгол Улс суралцаж, нутагшуулах өргөн боломж байгааг Элчин сайд дурдав. Монгол Улсын Их Хуралд Монгол-Италийн парламентын бүлэг үйл ажиллагаа явуулж байгааг Элчин сайд мэдээлж, М.Гранде-г Монголд айлчлахыг урив. М.Гранде Монгол-Италийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудалд анхаарч ажиллахаа нотолж, Итали-Монголын парламентын бүлэг байгуулах чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.


Categories
мэдээ нийгэм

Сингапурт хотноо үндэсний баярын хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Монгол Улсын Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Үндэсний баярын өдрийн хүндэтгэлийн арга хэмжээг Сингапур хотноо зохион байгуулав.

Сингапур хотод байрлаж буй Дипломат төлөөлөгчийн газруудын дунд уламжлал болсон уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яам болон бусад төрийн байгуулага, зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон дэд тэргүүн зэрэг нийт 150 гаруй зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирэв.Монгол, Сингапур хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд 2015 онд зохион байгуулж байсан хүндэтгэлийн арга хэмжээнээс хойш ийнхүү зохион байгуулж буй уг арга хэмжээнд Сингапурын талаас хүндэт зочноор тус улсын Худалдаа, үйлдвэрлэлийн яам, Боловсролын яамны Тэргүүн дэд сайд Чий Хонг Тат, Парламентын гишүүн Лим Био Чуан, Парламентын гишүүн Рахаюу Махзам нар тус тус оролцов.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж Үндэсний баярын өдрийн арга хэмжээг нээж, үг хэлэв. Монгол, Сингапур хоёр улсын улс төрийн харилцаа хөгжин дэвшихийн сацуу иргэд, бизнес эрхлэгч нарын хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд илүү найрсаг, дотно болж байгааг тэмдэглэв. Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн-ийн 2016 онд Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих эрхтэй болсон нөхцөл байдал нь хоёр улсын иргэд, бизнес эрхлэгч нарын харилцааг ийнхүү хөгжүүлж, цаашид аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэрэг салбарт тодорхой ахиц гарах хандлагатай байгаа талаар Элчин сайд дурдав.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Худалдаа, үйлдвэрлэлийн яам, Боловсролын яамны Тэргүүн дэд сайд Чий Хонг Тат мөн нээлтийн үг хэлж, хоёр улсын харилцааны талаар товчхон дурдав. Монгол, Сингапур хоёр улсын харилцаа нь 50 гаруй жилийн арвин түүхтэй бөгөөд энэ хугацаанд талууд цөөнгүй өндөр, дээд хэмжээний айлчлалыг хэрэгжүүлсэн юм. 2018 оны хувьд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Сингапур хотноо хүрэлцэн ирж, Бүгд Найрамдах Сингапур Улсын Боловсролын сайд, Соёл, нийгэм, залуучуудын сайдтай тус тус хоёр талт уулзалт хийснийг Чий Хонг Тат онцлон тэмдэглэв. Уламжлалт ёсоор талууд Монгол, Сингапур хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлж, тус тус Ерөнхийлөгчийн төлөө оргилуун дарс өргөв.

Дипломат төлөөлөгчийн газрууд Үндэсний баярын өдрийн хүндэтгэлийн хүлээн авалтыг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд манай Элчин сайдын яам жижиг оврын нисэх онгоцны хадгалалт, үйлчилгээний цогцолборт зохион байгуулсан нь зочдын хувьд онцлог байв. Түүнчлэн, Монголын аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр монголын үндэсний нүүдэлчин соёл иргэншлийн илэрхийлэл болсон таван ханатай гэрийг Сингапур хотноо авчирч, зочдод танилцуулах, монголын уран нугаралтын үзүүлбэрийг толилуусан зэрэг нь хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод Монголын соёл, урлагийн гайхамшиг, нүүдэлчийн ардын соёлыг танилцуулсан онцлог зүйл болов.

Арга хэмжээг дэмжин оролцсон Монгол, Сингапурын аж ахуйн нэгжүүдийн танилцуулгыг байршуулсан бэлгийн уутыг ирсэн зочид бүрт гардуулав.

Categories
мэдээ нийгэм

“Мандал хүрээ” ХХК-ийн хоол үйлдвэрлэлийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас“Мандал хүрээ” ХХК-ийн хоол үйлдвэрлэлийн газарт хүнсний чанар стандарт, эрүүл ахуй халдвар хамгаалал, хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтхийжээ. Шалгалтаар 30 гаруй зөрчил илрүүлэн хоолүйлдвэрлэлийнүйлажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл ихэрсдэлтэйүнэлэгдсэн тул үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулах албан шаардлага өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын хамтарсан сургалт, дадлага сургуулилт болж байна

“Хил дамнасан халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ, импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хяналт шалгалт” сэдэвт сургалт энэ сарын 28-29-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтод зохиогдож байна.

Энэхүү сургалт, дадлага сургуулилт нь ОХУ, БНХАУ-тай хиллэдэг аймгуудын хилийн боомт дахь алба, хэлтсийн улсын байцаагчдыг хамруулан Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, холбогдох мэргэжлийн байгууллагууд, Алтанбулаг боомтын хил, хяналтын байгууллага, ОХУ-ын Буриад Улсын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гаалийн газрын (хуучнаар Хилээр орох гарахыг хянан байцаах, хижиг байцаах товчоо) удирдлага, мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Сургалтаар хил дамжин халдварлах өвчний сэжиг илэрсэн үед халдвараас сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг хангах, эрсдэлийн үнэлгээ хийх, импортын хүнсний бүтээгдэхүүний бохирдолтоос сэргийлэх, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох чиглэлээр Монгол Улсын холбогдох байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулах, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын мэргэжлийн байгууллага болон хил, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зэргээр харилцан туршлага солилцох аж.

Мөн Алтанбулаг боомт дээр “Хүний халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ” ширээний дадлага сургуулилт хийгдэнэ.

Энэ удаагийн сургалт, дасгал сургуулилт нь МХЕГ-аас ОХУ, БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хийсэн санамж бичиг, хэлэлцээр, ДЭМБ-тай хамтран ажиллах салбар дундын төлөвлөгөө, Монгол Улсын Шадар сайд, Байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын баталсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд хийгдэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол хүү хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтыг эхлүүлэх 64 хөтөчийн нэг боллоо

Хөлбөмбөгийн 2018 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өчигдрийн тоглолт болох Коста-Рика- Швейцарын шигшээ багийн тоглолтын бөмбөгний хөтөч хүүхдээр Монгол хүү Ө.Амар ажилласан онцгой үйл явдал боллоо.

Тэрбээр хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайд гарсан анхны монгол хүүхэд болж байна. ОХУ-л болж байгаа 21 дэх удаагийн ДАШТ-ий тоглолт тус бүрийг 25 улсаас шалгарсан 64 хөтөч хүүхэд эхлүүлж байгаа юм.

Энэхүү ховор боломж Монгол Улсад оногдсон бөгөөд “Киа Моторс Монгол” ХХК-иас “My dream Kia” эссэ бичлэгийн уралдааныг зарлаж, ялагчаар “Шинэ Монгол” сургуулийн сурагч Ө.Амар шалгарсан билээ.

Нижний Новогород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд Коста-Рика-Швейцарын тоглолт болж, 2:2-оор тэнцээгээр өндөрлөсөн.

Categories
мэдээ нийгэм

Пүрэв гарагт хийх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын 28-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 8-р хороо 4-р хороолол 6, 8, 23, 23А, 25, 25/1-25/3, 26, 27, 29, 31, 31/1, Инэл 12, 37Б байрууд болон эдгээрийн ойр орчмоор;

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 13, 14-р хороо Туул тосгон, Ватикан, Бөхийн мяндас, УАУЭС Хатанбаатар, Файв гүүд, Цорос Жамбаа, Талст орд, Баясах трейд, Грийн яард, Шимт газар, Их бялхам, Төгс эхлэл, Төв магис, Талст орд карьер, Назу, Мон суль, Туулривер, Их монгол шувуу, Гэрэлт шинэчлэл, Сонсголон бармат, ВСММ, Бөхөг, Түмэн шувуут ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор.

Categories
мэдээ нийгэм

Согтуу иргэн цагдаагийн албаны машинд дайруулан, амиа алдлаа

Энэ сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн замд цагдаагийн алба хаагч албаны машинтайгаа явж байгаад зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа.

Эх сурвалжийн мэдээлснээр, тухайн үед зам хөндлөн гарч явсан явган зорчигч 25 настай залуу үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуй үед гарцгүй газраар зам хөндлөн гарахаар гүйх үед эл харамсалтай осол гарчээ. Улмаар яаралтай эмнэлэгт хүргэгдсэн боловч хүнд гэмтэл авсан байсан учраас шархаа даалгүй нас барсан аж.

Одоо ослын шалтгаан нөхцлийг тогтоох шалгалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд шинжилгээгээр тухайн иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам хөндлөн гарахаар гарцгүй газраар гэнэт гүйснээс ийн амиа алдсан байна.

Осол гаргасан цагдаа Налайх дүүргийн Замын цагдаагийн албанд ажилладаг алба хаагч бөгөөд тухайн үед ажлаа тараад, албанд ашигладаг 06..УНҮ улсын дугаартай албаны автомашинтайгаа гэр лүүгээ харьж явжээ.

Уг хэргийн газар ТВ4 телевизийн сэтгүүлч газар дээр нь очиж сурвалжилсан бөгөөд хэргийн газрын үзлэг хийж байсан цагдаагийн алба хаагчид бичлэг хийхийг нь хориглож, мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Ослын талаар Замын цагдаагийн албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлж, аюулгүй байдалдаа анхаарахыг иргэддээ байнга анхааруулдаг. Гэтэл явган зорчигчид өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрөөдөггүй, гарц гарамгүй газраар гүйж гардаг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам гарч байгаад амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Эл удаад ч мөн иргэний хайхрамж болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй харамсалтай осол гарсан. Замын цагдаагийн алба хаагч ч гэсэн замын хөдөлгөөнд оролцогч иргэн хүн. Тиймээс цагдаа гэдэг утгаар биш замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч гэдэг утгаар иргэд та бүхэн асуудалд хандах нь зүйтэй.

Эл хэрэг хууль дүрмийн дагуу шалгагдаж, шийдэгдэнэ. Түүнээс биш замын цагдаагийн албан хаагч гээд хууль үйлчлэхгүй байх үндэслэлгүй юм. Хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэв.

Замын хөдөлгөөний дүрэм ганцхан жолоочид биш явган зорчигчид ч гэсэн хамааралтай. Замын хөдөлгөөний дүрэмд явган зорчигчдод дараах зүйлийг хориглосон байдаг. Үүнд гарц гарамгүй хэсгээр гарах. Түүнчлэн аюулгүй байдлаа хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэгт зогсох, эсвэл саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглосон байдаг. Мөн ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглодог.

Гэтэл иргэд яарч сандрах эсвэл зам товчлох гэж оролдсоноос гарцгүй газраар гарах зэргээс үүдэн зам тээврийн осолд өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал нэлээд гарч байгаагийн нэгэн жишээ дээрх тохиолдол болов.

Иргэд гарцаар гарч байгаад зам тээврийн осолд өртлөө гэхэд учирсан хохирлоо төлүүлэх боломжтой. Харин явган зорчигч гарцгүй газраар явсны улмаас хохирсон тохиолдолд зорчигчийн буруу болдог гэдгийг иргэд та бүхэндээ дахин дахин анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хилийн томоохон боомтууд баяр наадмаар ажиллана

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас Монгол Улсаас гарах, орох хилийн боомтуудын ажиллах хуваарийг гаргажээ.

Наадмаар хилийн томоохон боомтууд ажиллана

Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн чуулганаар дараахь 16 төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар дараахь 16 төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  1. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  2. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн нэгтгэсэн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  3. Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  4. Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  5. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  6. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
  7. Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  8. Түр хорооны даргыг сонгох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  9. Прокурорын зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
  10. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /хоёр дахь хэлэлцүүлэг/;
  11. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  12. Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  13. Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  14. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  15. Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл.
  16. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ.
Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй монгол” наадам 12 дахь жилдээ болно

Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 07 сарын 10-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхон, хурсан олонтой хамт тойрон бүжиж, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн болон казах түмний өргөөгөөр зочлоорой.

Өмнөх жилүүдийн адил нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруулна.

Тус наадам нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхийн нийтэд гайхуулан сурталчлах мөн жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжсөн төдийгүй Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх арга хэмжээ юм.

Дахин давтагдашгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён Үндэсний их баяр наадмаа угтахыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас уриалж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.