Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Алхаа гишгээ, явах байдлаар нь тухайн хүнийг таних хиймэл оюун ухааны системийг зохиожээ

Манчестерийн их сургуулийн эрдэмтэд Мадрид хотын их сургуулийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран, алхаа гишгээ, явах байдлаар нь тухайн хүнийг хэн болохыг нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар таних системийг зохион бүтээжээ.

Үүний тулд эрдэмтэд 127 хүний хөдөлгөөнийг тэмдэглэсэн 20 мянга орчим бичлэг бүхий өгөгдлийн санг бий болгосон байна.

“Явж байгаа үед хүн бүрийн хувьд хөдөлгөөний 24 өөр онцлог шинж байдаг. Эдгээр хөдөлгөөнийг бичиж авснаар хурууны хээ, нүдний торлог бүрхэвчээр нь хүнийг танихтай адилаар ашиглаж болно” гэж Манчестерийн их сургуулийн судлаач Омар Костилья Рейес ярилаа.

Шинэ системийг туршиж үзэхэд уг систем нь хүнийг бүх тохиолдолд бараг 100 хувь таниж байжээ. Системийг нисэх онгоцны буудлын хяналт шалгалт хийхэд ашиглах боломжтой гэж зохион бүтээгчид үзэж байна. Үүний тулд тухайн хүн тусгай мэдрэгч бүхий замаар алхахад л хангалттай аж.

Түүнчлэн шинэ системийг анагаах ухаанд ашиглах боломжтой гэнэ. Хүний алхаа гишгээ өөрчлөгдөх нь мэдрэлийн өвчлөлтэй холбоотой байх нь олонтоо. Иймээс өвчнийг эрт илрүүлэхийн тулд хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Цайз захын хойд гудамжнаас “Газарчин” дээд сургууль хүртэл шинээр зам тавилаа

Нийслэлийн автозамын сангийн санхүүжилтээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Цайз захын хойд гудамжнаас “Газарчин” дээд сургууль хүртэл шинээр тавьсан 0.75 км хатуу хучилттай автозам өнөөдөр ашиглалтад орлоо.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх ажлын хүрээнд энэхүү замыг “Велдедлайне Монголиа” компани Нийслэлийн автозамын хөгжлийн газрын захиалгаар, 497 сая төгрөгийн өртөгөөр барьсан гэдгийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг онцлов.

Оршин суугчдын хувьд шороо тоос ихтэй байсан уг замыг шинэчилж байгаа нь хүүхдүүдийн амьдрах, суралцах орчинг сайжруулахад чухал ач холбогдолтой хэмээн ярьж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Замын ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа зургаан сарын 25-нд дуусах байсан ч гүйцэтгэгч компани түргэн шуурхай ажилласан нь сайшаалтай” гээд энэ онд Баянзүрх дүүрэгт барих хэд хэдэн шинэ автозамын ажлын талаар танилцууллаа. Тухайлбал, тус дүүрэгт 28.2 урт метр гүүр барих ажлыг эхлүүлсэн байна. Мөн Налайх дүүрэгтэй холбогдох 20.9 км урттай замын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ спорт

Golden State аваргын цувралын эхний хожлоо авлаа

NBA-ны аваргын цувралын эхний тоглолт Golden State Warriors-ын талбай дээр Clevland Cavalers зочиллоо. Тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй өгөө аваатай байлаа. “Хаан” James өөрийн үүргийг сайн гүйцэтгэж багтаа 50+1 оноо авав. эхний дөрвөн үеийн дараах байдлаар онооны харьцаа 107:107-оор тэнцэж, цаг сунгав. Таван минутын хугацаанд GSW өөрт ашигтайгаар тоглолтыг эргүүлж, 122:114-өөр хожлоо. Ийнхүү GSW 1:0-ийн харьцаатайгаар цувралыг тэргүүлж эхлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжид бүрэн шилжүүлэнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Нийслэлийн хөгжлийн бодлоготой хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулах нь” сэдэвт сургалтыг өчигдөр зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төлөвлөгч, эдийн засагч нар хамрагдсан. Семинарыг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа үг хэлэв.

Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга Г.Батхүрэл Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар болон улсын эдийн засгийн 2019 оны төлвийн талаар танилцуулгыг хийв.

Мөн Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Ж.Дэлгэржаргал Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, 2019-2020 оны төлөвлөлтөд анхаарах асуудлуудыг танилцууллаа. 2018 онд Монгол Улсын төсвийн тухай хуулийн дагуу нийслэлд 193.8 тэрбум төгрөгийн 210 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсан. Энэхүү хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг нь боловсролын салбарт хэрэгжих бөгөөд 34 цэцэрлэг, 52 сургуулийн барилга нь 2019-2020 онд ашиглалтад орсноор 2020 он гэхэд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжид бүрэн шилжүүлэх юм.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлстийн дарга Г.Өлзийбаяр Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулахад анхаарах зүйлс, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг Нийслэлийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд анхаарах зүйлийн талаар танилцуулгыг тус тус хийлээ.

Германы олон улсын хамтын өжиллагааны нийгэмлэг, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн II үе шатны хүрээнд 2018-2021 оны хооронд нийслэлийн 20 гаруй сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах, дулаан техникийн их засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн хөрөнгө оруулалтын удирдлага, бодлогын орчин, засаглалыг сайжруулах ажлын хүрээнд, нийслэлийн Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтийг боловсронгуй болгох аргачлалыг боловсруулах юм.

Categories
мэдээ нийгэм

“Нэг хог-Нэг шаар” санаачилга гаргажээ

Эх үрсийн баярыг энэ жил хоггүй тэмдэглэх уриалгыг “Сийлэнгоо” группын бүсгүйчүүд гаргаж, улмаар хогийн саванд хийсэн хогны тоогоор хүүхдүүд бөмбөлөг бэлэглэхээр болжээ.

Тэд “Нэг хог-Нэг шаар” санаачилга гаргаж, Сүхбаатар аймгийн төв талбайд зориулалтын хогийн савнууд байрлуулж, хогийн саванд хогоо авчирч хийсэн хүүхэд бүрт хогных нь тоогоор бөмбөлөг бэлэглэх аж.
Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн “Сийлэнгоо” групп нь 2018 оны гуравдугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан. Одоогоор 3000 гаруй гишүүнтэй болсон байна.
“Манай групп хэдхэн сарын хугацаанд гишүүнчлэлийн хүрээгээ тэлж, үйл ажиллагаа ч идэвхжсэн. Одоогоор бид бүсгүйчүүддээ зориулан гоо сайхан, оёдол, гар урлалын гээд таван удаагийн сургалт, спорт арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байна. Хүүхдийн баярын өдрөөр бид гишүүдийнхээ хүүхдүүдийг болон зорилтот өрхийн 20 хүүхдийг хамруулсан “Жаргалтай өдөр” арга хэмжээг хийхээр бэлтгээд байна. Салбар салбарын эмэгтэйчүүд манай арга хэмжээг дэмжиж, нэгдэж байгаад талархалтай байна. Мөн хот тохижилтын үйлчлэгч эгч нарынхаа ажлын ачааллыг хөнгөлөх үүднээс хоггүй баярлах уриалгыг дэвшүүлж, “Нэг хог-Нэг шаар” санаачлагыг гаргаад байгаа юм. Энэ бол бидпний хамтдаа хийж буй хамгийн анхны томоохон арга хэмжээ. Цаашид энэ төрлийн олон ажил, арга хэмжээг бүсгүйчүүдтэйгээ хамтран хийх болно.” гэж “Сийлэнгоо” группыг үүсгэн байгуулагч О.Сугар хэллээ
Categories
мэдээ нийгэм

Хаан Банк Сангаас Нийслэлийн 25-р сургуулийн технологийн кабинетийг засварлан хүлээлгэн өглөө

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Нийслэлийн 25-р тусгай дунд сургуулийн технологийн кабинетийг иж бүрэн засварлан өнөөдөр хүлээлгэн өглөө.

Нийслэлийн 25-р тусгай дунд сургууль нь 1967 онд байгуулагдсан оюуны хөгжлийн бэрхшээлтэй болон дауны хам шинжтэй хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлдэг улсын ууган сургууль юм. Тус сургууль нь сурагч хүүхдүүдэд ерөнхий боловсролын суурь мэдлэгийг олгохоос гадна сэргээн засалт болон хөдөлмөрийн ур чадвар олгох сургалтын хөтөлбөртэй юм.

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХААН Банкны ХААН Банк Сангаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан тус сургуулийн эрэгтэй сурагчдын хөдөлмөрийн кабинетийг иж бүрэн засварлан тохижууллаа.

Танхимыг хүлээлгэж өгөх үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл хэлсэн үгэндээ: “Бид хүүхдийн баярын өмнөх өдөр оюуны хөгжлийн бэрхшээлтэй, дауны хам шинжтэй хүүхдүүд суралцдаг 25-р тусгай дунд сургуулийн хөдөлмөрийн кабинетийг иж бүрэн засварлан, сурагчдын сургалтын орчинг сайжруулан хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Цаашид ч бид ХААН Банк Сангаараа дамжуулан уламжлалт төслүүдээ хэрэгжүүлэн хүүхэд залуусын боловсрол, сурах орчинд хувь нэмрээ оруулах болно” хэмээн онцоллоо.

Сургуулийн захирал Ц.Гэрэлмаа “Байгуулагдсан цагаасаа хойш 20 жилийн хугацаанд нэг ч удаа урсгал засвар хийгдээгүй байсан тус кабинетийг ХААН Банк Сангаас иж бүрэн засахаас гадна сурагчдын сургалтад шаардлагатай зарим нэг тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр тохижуулж өгсөнд маш их баяртай байна” хэмээн талархлаа илэрхийллээ.

Ийнхүү улсын хэмжээнд цор ганц оюуны хөгжлийн бэрхшээлтэй боловч ирээдүйд өөрийн чадвараар амьдрах иргэнийг бэлтгэх зорилготой Нийслэлийн 25-р тусгай дунд сургуулийн сурагчид шинэ кабинетаа ийнхүү хүлээн авч, ирэх хичээлийн жилээс шинэ танхимд хичээлэх боломж нөхцөл бүрдлээ.

ХААН Банкны ХААН Банк Сангаас өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монгол орны тодорхой салбаруудад 350 гаруй төсөл хөтөлбөрийг 3,5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагналаа.

2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эмэгтэй байгаа бөгөөд тэдний төлөөлөл болох зургаан охинтой ээж, гурван удаагийн төрөлтөөр зургаан хүүхэдтэй болсон зэрэг 350 ээжид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүндэтгэл үзүүлэн Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд “Алдарт эх”-ийн одонг нь зүүж өгсөн юм.

Одонг зүүж өгсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд хандан:

“Сайн байцгаана уу, ээжүүдээ.

Монголын түг түмэн үрсийн бахархал, нөмөр нөөлөг, хайр энэрэл нь болсон та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийн өдрийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Насан багаасаа жил бүрийн зургадугаар сарын 1-нд хөөр баяр, бэлэг сэлт болж ирсэн үеийнхний төлөөлөл болохын хувьд энэ өдрийн талаарх түүхийг цухас сөхөж харлаа.

Олон улсын ардчилсан эмэгтэйчүүийн холбооноос анх 1951 онд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхыг уриалжээ. Үүнийг Монгол Улс талархалтайгаар хүлээн авч 1952 оны зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баярын өдөр” хэмээн тэмдэглэж, цаашид тогтмолжуулах, уламжлал болгох шийдвэр гаргасан аж.

Би энэ өдрөөр олон хүүхэд төрүүлсэн эхчүүдэд Алдарт эхийн одон олгодог уламжлалыг хүндэтгэн, дэмждэг. Хүүхэд бол аливаа үндэстний баяр баясгалан, ирээдүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бат бөх холбоос юм. Хүүхэд бол бидний бүх зүйл.

ХХ зууны эхээр 700 мянга хүрэхтэй үгүйтэйд тооцогдож, мөхөж байгаа үндэстний тоонд бичигдэж байсан монголчууд ХХ зууны сүүлч гэхэд 2 сая дах иргэнээ хүлээн авсан нь монгол төрийн олон зөв бодлогын нэг байсан юм. БНМАУ-ын үеэс Төрөөс олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлого явуулж “хүүхдийн мөнгө”-ийг тусгайлан олгох, “хүүхдийн жил”-ийг тусгайлан зарлах зэргээр хүн амаа өсгөх бодлогыг тууштай явуулсны үр дүнд бид өнөөдөр 3 сая гаран иргэдтэй болсон билээ.

Харамсалтай нь, сүүлийн үед хүн амаа өсгөх, баялгийн тэгш хуваарилалт хийх үүднээс олгодог “хүүхдийн мөнгө”-ийг улстөржүүлж, ялгаварлан гадуурхсан хэлбэрээр олгох, халамж хэмээн ташаа ойлгож хүүхдийн мөнгөөр “тансагладаг” ажил хийхийг хүсдэггүй бүхэн бүтэн давхарга, сая гаруй хүн байдаг мэтээр дорд үзэх зэрэг зохисгүй хандлага улс төрчдөд ажиглагдах боллоо. “Хүүхдийн мөнгө” бол халамж биш гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй, алдаагаа засах шаардлагатай. Хүн ам зүйн үүднээс нэг гэр бүл 2 хүүхэд төрүүлж, өсгөвөл нөхөн үржихүйн тэнцвэр хадгалагдаж, 3-аас дээш хүүхэд төрүүлж, өсгөвөл хүн амын тоо өснө гэж үздэг ажээ. Алдарт эхийн одонг дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжилж буй эхчүүдэд олгож байгаа нь монголын төр үеийн үед хадгалж, дэмжиж, бэхжүүлж явах учиртай нандин уламжлал, залгамж бодлого юм. Энэ бол хамгийн шударга шагнал, хамгийн нандин, бахархал төгс одон.

Хүндэт эхчүүд ээ, та бүхэнд хувиасаа болон нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс мэхийн ёслоё. Түүх болж үлдсэн эрт дээр цагаас өнөөдрийг хүртэл эхчүүд та нар минь монгол үндэстний бахархал, баяр баясгалан юм. Та бүхний үр хүүхдээ эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлж байгаа чин сэтгэл, цуцашгүй зүтгэлд талархаж байна.

Монголын үрс маш олон болтугай.

Монголын эхчүүдийн өлзий жаргалан үүрд уртад нэмэх болтугай” гэж ерөөв.

Categories
мэдээ нийгэм

Нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан үзүүлэх дадлага сургуулийг зохионо

Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд Монгол, Америкийн аврагчид нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан үзүүлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд өчигдөр газар хөдлөлтийн улмаас үүссэн нурангид нэрвэгдэгчийг эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг хийлээ.

Дадлага сургуульд АНУ-ын Аляскийн үндэсний гвардын нуранги дахь эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн Вес Фэрэйсон, ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймгийн эрэн хайх, аврах салбарын нийт 26 аврагч хамрагдаж, харилцан туршлага солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“НОГООН ЭДИЙН ЗАСАГ БИДНИЙ АМЬДРАЛД” гэрэл зургийн шилдэгүүд тодорлоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE)-тэй хамтран “Ногоон эдийн засаг бидний амьдралд” гэрэл зургийн уралдааныг зарласан билээ.

Уралдаанд байгальд ээлтэй, ногоон ажил хөдөлмөр эрхлэлт, ногоон дэд бүтэц, ногоон амьдралын хэв маяг, хэрэглээ, байгаль орчин, экосистемийг хамгаалах үйлс, ногоон эдийн засгийн мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээж буй үйл ажиллагаа зэргийг харуулсан 29 сонирхолтой гэрэл зургийг ирүүлсэн юм. Эдгээрээс 5 бүтээл шалгаруулж, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө.

Бүтээл ирүүлснээс II байранд Г.Өнөболдын “Хотоос дутуугүй амьдрал”, Г.Эрдэнэцолмон “Аригийн голын анхдагч зөгийчид” шалгарсан бол III-р байранд “Хог хаягдлаа хотдоо ээлтэй, хүндээ өгөөжтэй бүтээгдэхүүн болгоё”, О.Соронзонболд “Ногоон аялал жуулчлал” болон А.Будалцолмонгийн “Саран дээр усгүй” сэдэвт зургууд тус тус шалгарчээ.

Уралдаанд ирсэн гэрэл зургуудыг Швейцар улсын Женев хот дахь НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газрын ажилтан, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажилтан , НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн үндэсний зохицуулагч нар хамтран дүгнэсэн юм.







Categories
мэдээ нийгэм

Аагим халуун байхыг анхааруулж байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст 30 градус давж, аагим халуун байх тул наршилт болон болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, үдээс хойш зарим үед секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 30-32 градус дулаан байна.

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр сэрүүсч 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсэг, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 27-32 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.