Categories
мэдээ нийгэм

Налайх, хонхор чиглэлийн замд хяналтын пост ажиллаж байна

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөдөр Сүхбаатарын талбайд хүүхдүүд зориулсан баярын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагддаг. Үүнтэй холбогдуулан Д.Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 09.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлана гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Мөн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс тус дүүргийн нутаг Налайх, Хонхор чиглэлийн автозамд зөөврийн хяналтын пост байрлуулж тээврийн хэрэгслийн хурд хэмжих, бага насны хүүхдийг тээвэрлэж буй байдалд хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг газар дээр нь шийдвэрлэж ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг аюулгүй, зөв тээвэрлэж байгаа жолооч нарт бэлэг гардууллаа

Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран “Бяцхан зорчигч” арга хэмжээний хүрээнд бага насны хүүхдийг аюулгүй, зөв тээвэрлэж байгаа эсэхэд хамтарсан шалгалт явуулж, хүүхдээ аюулгүй, зөв тээвэрлэж байгаа жолооч эцэг, эх, тээврийн хэрэгсэлд зөв зорчиж байгаа 100 гаруй бяцхан багачуудад “Талх чихэр” ХХК, “Сүү” ХХК-ны “Biofit” тараг, сүү зэрэг нэрийн бүртээгдэхүүний бэлгийг гардууллаа.

Мөн бяцхан үрсийнхээ аюулгүй байдлын төлөө СХД-ийн Замын цагдаагийн хэлтэс, тус дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэстэй хамтарч гудамж замд хяналт шалгалт явуулж бага насны хүүхэд тээвэрлэж байгаа жолооч нарт “Хүүхдээ зөв тээвэрлье”, “Хүүхэд зорчиж байна”, “Анхаар, хүүхдээ хамгаалъя” зэрэг 3 төрийн 100 гаруй авто машины наалтыг тээврийн хэрэгслийн арын хэсэгт нааж иргэдэд тараажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгонбаяр:Би биш бид гэсэн сэтгэхүйг суулгаж өгдөг нь волейболын спортын гайхамшиг

Монголын волейболын холбооны дээд лигийн тэргүүн тоглогч, үндэсний шигшээ баг болон “Замчин” багийн холбон тоглогч Ч.Отгонбаяртай ярилцлаа.

-Волейболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил анх удаагаа түрүүлээ. Өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд цар хүрээ чанараар хамгийн том тэмцээнүүдийн нэг. Улсын аваргадаа оролцож мөнгө хүрэл медаль зүүж байлаа. Өнөө жил анх удаагаа алтан медаль хүртлээ. Миний хувьд дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэсэн мартагдахааргүй тэмцээн боллоо.

-Тэмцээний онцлог зохион байгуулалтын талаар ярихгүй юу?

-Багануурын уурхай 40 ойгоо тохиолдуулж Монголын волейболын холбоотой хамтарч энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Хотоос зайдуу цэвэр агаарт гарсан учраас тамирчид зөвхөн тэмцээн уралдаандаа анхаарлаа хандуулах боломж гарсан. Тэмцээнийг хоёр зааланд зэрэг зохион байгуулж өдөрт нэг л чухал тоглолт явуулсан болохоор ядралт багатай тамирчид бүрэн ур чадвараа дайчилж байлаа. Шигшээ тоглолтыг Монголын Үндэсний олон нийтийн телевизээр шууд дамжуулж волейболын спортыг сурталчилж өгсөн. Дээрээс нь уурхайн ажилчид сэтгэл гаргаж аваргын цомыг урласан нь таалагдсан. Их сайн зохион байгуулалттай тэмцээн болсон.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд хийсэн тоглолтуудынхаа талаар ярихгүй юу?

-Тэмцээн бидний тооцоолж байснаас өөрөөр эргэж шилдэг багууд зооноосоо хасагдсан. Гол тоглолтоо их шөвөгт “Эрчим” багтай тоглож ширүүн өрсөлдөж ялалт байгуулсан.

-Өнөө цагийн Монголын шилдэг тамирчин Э.Сайнбилэг, шинээр гарч ирж байгаа залуу үеийн төлөөлөл Цэнд-Аюуш нараар хүчээ зузаатгасан “Эрчим” багийг хэрхэн буулгаж авав?

-Ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын эцэст 3:2-оор ялалт байгуулсан. Шийдвэрлэх тавдугаар үед манайх 8:4-өөр хожигдож байдал буруу тийшээгээ эргэж байсан шүү. Энэ чухал үед “Эрчим”-ийн залуу тоглогч хоёр ч удаа дамжуулалтын алдаа гаргасан л даа. Үүний дараа манай багийнхны тоглолт сэргэж 15:13-аар хожсон. Тэмцээний оргил тоглолт энэ байсан болов уу. Аваргын төлөө олон улсын хэмжээний мастер М.Цэрэнбаатараар ахлуулсан талбайн эзэн Багануурын багтай таарах болов уу гэж тооцоолж байсан ч “IBT Thunder” баг шигшээд шалгарсан. Тэднийг манайх 3:1-ээр хожиж анх удаагаа улсын аваргын цом өргөсөн дөө. Миний хувьд шигшээ тоглолтын үеэр нүдэндээ гэмтэл авч хүнд үргэлжлүүлэхэд хүнд байсан ч тэвчээр гаргаж, үзэгчдээ хүндлээд тэмцээнээ дуусгасан.

-“Замчин” багийн онцлог давуу тал нь юу байв. Бусад багуудаас ямар чанараар давуу байв бэ?

-Манай багийн гишүүд тус бүрийн үүргээ жигдхэн сайн гүйцэтгэж байсан нь бусад багуудаас ялгарах онцлог болж өгсөн. Багт олон шилдэг тамирчид байхад бөмбөг булаацалдах гээд байдаг талтай. “Замчин” багт ийм асуудал байгаагүй.

-Таны хувьд тэмцээний “Шилдэг холбон тоглогч”-оор шалгарсан. Бусад холбогчдоос ялгарах онцлог нь юу байв. Холбон тоглогч багийг бүх довтолгоог найруулж өгдөг хариуцлагатай байрлал шүү дээ?

-Үндэсний шигшээ багт холбон тоглогчийн үүрэг гүйцэтгэж байхад дасгалжуулагч Мөнхнаран надад олон чухал зөвлөгөө өгсөн л дөө. Үүний үр шим гарч шилдэг холбогч боллоо. Бусад холбогчдоос өндөр нуруу, хурдаараа ялгарч байсан.

-Та Дархан-Уул аймгаас волейболын спортын гараагаа эхэлж байсан. Энэ спорттой яаж холбогдож байсан бэ?

-Миний гэр бүлийнхэн волейболын тамирчин хүмүүс л дээ. Аав, ээж маань волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан. Хүүхэд байхдаа аав, ээжийг тэмцээн уралдаанд оролцоход нь үргэлж дагаж явдаг байсан учраас волейболд хайртай болсон байх. Анх Дарханы Уранчимэг багшаар энэ спортын суурь техникүүдийг залгуулсан. Дараа нь Иноё Сотоши багшаар Японы волейболын спортын гайхалтай техник, тактикийг Монголд тохирсон нөхцөлөөр заалгуулж байсан би азтай хүн. Өнөөдрийн амжилт маань зөв суурь техниктэй холбоотой. Одоо үүнийгээ залуу үеийн тамирчдад өвлүүлэхээр “медальд хүрэх зам” сургалтын төв нээгээд ажиллуулж байна.

-Анх довтлогчоор тоглож байсныг тань мэдэх юм. Өнөөдөр холбон тоглогчийн үүрэг гүйцэтгэж улсын аварга боллоо. Яагаад байрлалаа солив?

-Эхлээд нам нуруутай байсан болохоор чөлөөт хамгаалагчаар тоглож байсан. Хүчтэй довтолж оноо авч байгаа тамирчид гоё харагдахаар нь довтлогчоор хүртэл тоглож байсан үе надад бий. 2005 оны улсын аварга шалгаруулах тэмцээний өмнө багийн хамгаалагч маань тархиндаа хүн гэмтэл авч тоглох боломжгүй болсон л доо. Багийн дасгалжуулагч, тамирчид хуралдаж байгаад оронд нь намайг хамгаалагчаар тоглуулахаар шийдвэрлэсэн. Би татгалзахад багш надаас “ Чи таван оноо авах уу, нэг оноо авах уу” гэж асуусан, эргэлзэлгүй “Тав” гэж хариулахад “Тэгвэл таван довлогчдоо холбож өгөөд таван оноо ав” гэж хэлсэн. Үүнээс хойш л холбогчоор ажиллаж улсын аваргадаа ч амжилттай оролцож шилдэг холбогчоор шалгарч байсан түүхтэй. Дараа нь дээд лигийн Л.Баатархүрээ дасгалжуулагчтай, Мөнгөндөл ахлагчтай “Их Тийн” багт тоглож дээд лигийн утаа үнэрлэсэн дээ. Анхны жилдээ давуулагч, холбогчийн үүрэг гүйцэтгэж хүрэл медаль зүүж байлаа. Энэ үеэс дээд лигийн ах нартай өрсөлдөх хүсэл төрж байсан даа.

-Волейболын дээд лигийн тэгш тоглогчоор шалагрч байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-2009 онд “Харх” багт Олон улсын хэмжээний мастер Р.Хангайгийн холболт доор довтлогч болон холбогчийн туслахаар ажиллаж аварга болж байсан. Тэр жилдээ лигийн “шилдэг тэгш” тэгш тоглогчоор шалгарч Монголын волейболын спортын домог болсон тамирчдын Мандаагийн Алтангэрэл агсны нэрэмжит шагнал хүртэж байсан. Энэ цаг үеэс хойш Монголын шигшээ багтаа дуудагдаж эхэлсэн дээ.

-Волейболын спортоор хичээллэж эхлэхдээ зорилго тавьсан байх. Энэ зорилго тань хэдэн хувьтай явж байна?

-Анх бол хичээж байгаа зүйл дээ шилдэг нь байхыг хүсдэг байлаа. Тухайн үед энэ агуу спортыг том цар хүрээгээр хардаггүй байлаа шүү дээ. Эхлээд аймгийн аваргадаа түрүүлэх зорилт тавьж байлаа. Тэнд очиж улсын аварга гэж дуулаад улсын аваргад түрүүлэхийг зорьсон. Улсын аваргад ороод олон шилдэг хүүхдүүдийг харж “нүд нээгдэж” илүү бэлтгэл сургуулилт хийх хүсэл эрмэлзэл төрж байлаа. Энэ зуур нөгөө хүүхдүүд чинь “Энэ тэр клубийн тамирчин, тэр дээд лигийн тоглогч” гэж ярилцахыг нь сонсоод тэдний зиндаанд орчихыг зорьсон. Араас нь хөдөлмөрлөж явсаар бүх шагналыг нь авч үзлээ. Сая дутуу байсан насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ. Ер нь волейбол гэж гайхалтай спортыг гүйцэд сурна гэж байдаггүй юм байхгүй, насан туршдаа суралцдаг гэдгийг ухаарч байна даа. Энэ гоё спортод гүн орж судлаад, суралцаад явж байна. Одоо өөрийнхөө сурсан зүйлсийг залуу тамирчдад зааж ирээдүйн шилдгүүдийг төрүүлэн гаргахын төлөө ажиллаж байна. Ирээдүйд өөрийн гэсэн клубтэй болж, олон шилдэг тамирчдыг төрүүлэхийг хүсч байна.

-Таны гар нийлж тоглож байсан хамгийн шилдэг тамирчин хэн бэ?

-Сая хамт улсын аварга болсон Б.Анхбаяр дүү маань юм даа. Би өөрөө зорьж Анхаагийнхаа ур чадварыг харуулах гэж нэг багт тоглосон л доо. Бид талбайд маш сайн ойлголцож шийдвэрлэх оноонуудыг авсан. Надад мөр зэрэгцээд тоглож байсан олон шилдэг тамирчид байгаа.

-Волейболын спортын онцлог, давуу талыг өөрийнхөө харах өнцгөөс тайлбарлахгүй юу?

-Би би биш би гэдсэн сэтгэхүйг хүнд суулгаж өгдөг нь волейболын спортын гайхамшиг. Өнөөдөр манайд нэгдэж чадахгүй, хэл амаа ойлголцож чадахгүй тэмцэлдээд байгаа улс үг дуугаа ойлголцъё гэвэл волейболын спортод амжилт гаргаж байгаа багуудын тоглолтыг очиж үз гэж зөвлөмөөр байна. Хоорондоо ойлголцож, бие биенийхээ дутуу талыг нөхөж байгаа багийн уялдаа холбоог шуудайд хийсэн үхрийн эвэр шиг монголчууддаа ярьж өгмөөр санагддаг юм. ОХУ-ын ерөнхийлөгч асан Борис Елцин волейболын спортын талаар “Улсын хөгжиж буй явц багийн спорт тэр дундаа волейболын спортын тактиктай ижил” гэж хэлсэн байдаг.

-Хүнээс ямар ур чадвар шаарддаг вэ?

-Энэ спортоор хичээллэхээр зэхэж байгаа хүн волейболын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой. Ингэж тоглож байж гаргана. Ийм хэмжээнд тоглохын тулд биеийн хурд, хүч, техник ийм байх ёстой гэсэн ойлголтыг авч түүн хүрэхийн тулд ажиллаж эхэлнэ. Өндөр зэрэглэлд хүрсэн хойноо багтаа гүйцэтгэх үүргээ тамирчин бүр дор бүрнээ ухаарах ёстой. Шатар дээр морь, тэмээ ноён нүүдлээрээ л нүүдэг шиг волейболд холбогч холболтоо, хамгаалагч хамгаалалтаа, довтлогч довтолгоогоо л хийж үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Тэгж чадсан цагт сайн баг бүрдэнэ. Багт нэг нөхөр хамгаалаад, дараагийн үед нь довтлоод, холбоод гүйгээд байж болохгүй.

-Та волейболын спортоос олж авсан чанараар амьдралд таарсан саад бэрхшээлийг тойрч гарсан жишээ байдаг уу?

-Би анхныхаа тэмцээний зохион байгуулж байхад сэтгүүлч надаас яриа авч басан юм. Би ажиглатал сэтгүүлчийн нүд дээшээ хараад байсан л даа. Сэтгүүлчийн нүд томроод ирэхэд би бултчихгүй юу.Тэгтэл нисч ирсэн бөмбөг сэтгүүлчийн микрофоныг унагаж байсан. Сүүлд надаас “Яаж бөмбөг ирж байгааг харав аа” гэж хэлж байсан. Волейболын спорт хүнд ажигч, гярхай чанарыг суулгаж өндөг л дөө. Машин бариад хөдөлгөөн оролцож байхад ч энэ чанар надад илэрдэг юм.

-Та өнөөдрийн Монголын волейболын спортын хөгжлийг яаж харж байна?

-Өнөөдөр бид олон улсын өндөр зэрэглэлийн тамирчдыг оруулж ирж өрсөлдөж байж хөгжлөө тодорхойлно. Манайхан дотооддоо л өрсөлдөж, тэмцээн уралдаан цөөхөн болж байна. Дэлхий болон Азийн төвшинд өрсөлдөх арай болоогүй байгаа. Одоогоор волейболын спортын хамгийн чухал зүйл нэгдүгээр пассыг зөв авч байгаа тамирчин өнөөдөр дээд лигт ховор байна. Хөгжлийн талаар барьж байгаа бодлого ч байхгүй байна. Олон улсын тэмцээнд тогмол оролцдог үндэсний шигшээ багтай болоосой гэж хүсэх юм. Тэр цагт бид хөгжлийн гарцаа олно. Хөгжиж байна гэхээс илүү волейболын спорт манай улсад өргөн цар хүрээг хамарч байгаа. Энэ спортод дур сонирхолтой хүүхэд залуучууд олон байгаа ч эд нарыг зөв хөгжүүлэх бодлого байхгүйгаас цааш нь хөгжүүлж чадахгүй байна.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ олон нийтийн ажилд идэвхтэй оролцуул

Хүүхдийг багаас нь өөрөөсөө ялгаатай хүмүүстэй харилцах, ойлголцох, хамтран ажиллах, хүндэтгэхэд системтэй сургах хэрэгтэй. Энэ бол XXI зууны иргэнийг бэлтгэх эцэг эхчүүдийн үүрэг юм.

Хичээлээ л сайн хийх юм бол чи сайн хүн болно, үгүй бол муу хүн болно гэх улиг болсон харанхуй сургаалаа зогсоох хэрэгтэй. Амьдрал дээр ангидаа толгой цохидог байсан онц сурлагатнууд хожим муу амьдарч, харин эсрэгээрээ тааруухан сурлагатнууд сайхан амьдарч байгааг амьдрал баталж, та өөрийн нүдээр харчихаад энэ мэтээр хүүхдээ мунхруулахаа зогсоох хэрэгтэй. Харин үүний оронд хүүхэддээ ертөнцийг өөрийнхөөрөө таньж мэдэхэд тусла. Хэрэггүй хуурамч айдсыг зохиомлоор хэзээ ч битгий үүсгэ.

Үүний оронд эрдэм сурахын ач тусыг бодит жишээнүүд дээр тайлбарлаж, санал бодлоо хуваалцаж, хүүхдийнхээ сонирхолыг сайн зүйл рүү өдөөж, дур сонирхолтой зүйлдээ шимтэхэд нь бүхий л боломж нөхцлөөр хангах нь чухал. Энэ бол өнөөдрийн бяцхан хүү охины ирээдүйн том амжилтын үндэс суурь нь байх болно.

Миний хүүхэд юм чинь чи намайг дагах ёстой. Миний хэлснээр хийх ёстой гэсэн хэт хуучирсан муйхар хүмүүжлийн аргаас татгалзаарай. Учир нь орчин цагийн индиго, кристал хүүхдүүдийг заавал хүмүүжүүлэх гэж албадах шаардалагагүй. Тэд өөрсдөө асар хурдан сэтгэж, юмыг амархан сурч, юу хүсч байгаагаа танд өөрийнхөөрөө илэрхийлж байгаа илэрхийлэмжийг нь анхааралтай ажигла.

Сайн хүн болгох гэж байгаа нь энэ гээд, эсвэл хүмүүжүүлж байгаа нь энэ гээд хүүхдээ эвдэхээс зайлсхий. Гэхдээ энэ нь хэт дураар нь тавь гэсэн үг биш бөгөөд та эцэг, эх хүний хувьд түүнд үнэн, худал, зөв, буруу зүйл гэж юу болох талаар хэлж өг. Зарим тохиолдолд хүүхэд тань таны хүмүүжүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөр. Ухамсар, сэтгэхүйд тань тогтсон буруу үзэл, төөрөгдөл, мунхагаа олж харж, засч залруулах ухаалаг алхмуудыг хүүхдүүд өөрсдөө ч мэдэлгүй хийсэн байдаг шүү дээ.

Хүүхдийн хүмүүжил төлөвшил нь бусадтай хамтран тоглохоос эхлээд олон нийтийг хамарсан ажилд оролцох, уралдаан тэмцээнд үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөж нүүр хагарах гэхчилэн шат дараатайгаар явагддаг. Өөрөө юу хүсч байгаагаа мэддэг, бусадтай харицлаж, өөрийгөө ойлгуулж сурсан хүүхэд хаана ч амархан хөлөө олж, улмаар манлайлагч болж чаддаг.

Яг одоо шинэ хичээлийн жил эхлэх гэж байна. Бидэнд олон шинэ зүйл сурч мэдэх, өөрийгөө болон найз нөхөд, эргэн торныхоо юмс үзэгдлийг тань мэдэх гайхалтай боломжууд нээгдэж байна. Шинэ хичээлийн жилдээ сурлага хөдөлмөрийн амжилт гаргахыг уншигч хүүхэд бүртээ хүсэн ерөөе.

ЭЦЭГ ЭХЧҮҮД АЛДААГ ӨӨРӨӨСӨӨ ХАЙЖ СУРААРАЙ

Ер нь, асуудлыг хүүхдээсээ биш өөрөөсөө харж сураарай. Бид хүүхэддээ юу тулгадгаа эргээд нэг харъя. Монгол улс Ардчилсан нийгэмд шилжээд бараг 30 жил боллоо. Энэ хугацаанд материаллаг зүйлийн хувьд ололт амжилт олсон болохоос сэтгэлгээний хувьд өөрчлөлт гараагүйгээр барахгүй ухралт болсон. Та бид энэ нийгмийн “бүтээгдэхүүнүүд”. Харин таны хүүхэд энэ бүтээгдэхүүний үргэлжлэл байх уу, өөрөө өөрийнхөөрөө зөв хөгжих үү гэдэг асуултанд хариулцгаая.

Нийгмийн сэтгэл зүйд нэг нийгмийн тогтолцооноос нөгөө нийгмийн тогтолцоонд шилжихэд суурь үнэт зүйлийн шилжилт дагаад өөрчлөгдөх ёстой байдаг гэж үздэг. Ийм үнэт зүйлийн шилжилт одоог хүртэл явагдаж байна. Эрх чөлөө ямагт хариуцлага, ёс суртахуунтай холбоотой байдаг. Урьд нь коммунист ёс зүй, хамтын соёл гэж байлаа. Гэтэл үүний оронд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэдэг үнэт зүйлийн оронд дураараа дургих, хэн зальтай нь тэсч үлдэх, ямар ч аргаар хамаагүй эрх мэдэл, мөнгөтэй болох шунал эзлээд авчихлаа шүү дээ. Ийм хариуцлага, ёс суртахуун байхгүй болохоор өөрийгөө дөвийлгөсөн бүдүүлэг түрэмгий байдал хамаг орон зайг эзэлчихээд байна.

Нийгмээ одоогийн өнгө төрхөөр нь харж, мтиний хүүхэд ийм нийгэмд тэсч үлдэхийн тулд тэдэнтэй адилхан байх ёстой гэж сэтгэж байна уу? Эсвэл ирээдүйн Монголыг нэр төртэйгээр нуруун дээрээ үүрэлцэж, монгол хүмүүсийнхээ төлөө гэсэн халуун сэтгэлтэй иргэн таны хүүхэд байх уу гэдэг сонголтыг эцэг эх та өнөөдөр хийж байна гэдгээ ухаараарай. Адаглаад л хүүхэддээ хэзээ ч битгий худал хэлээрэй. Дэргэд нь ч худал хэлж болохгүй цагаан цаас юм шүү дээ.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ-ын санхүү, аж ахуйн албаны нээлттэй өдөрлөг боллоо

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас харьяа нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөг, цагдаа дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаа болж энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав болон цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дарга, алба хаагчид, иргэд оролцлоо.


Энэ үеэр цагдаагийн албаны үйл ажиллагаанд ашиглаж байгаа автомашин, техник, тусгай хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн гаргаж иргэдэд танилцуулсан юм.


Тус албанаас 2018 онд туулах чадвар сайтай “Урал-375 АМ”, Зил-131 маркийн автомашинуудыг явуулын удирдлагын штабын зориулалтаар дотор нь 5-6 алба хаагч ажиллах ширээ, компьютер, принтер, телехяналтын камер, алба хаагчид амрах ор, 220 вт гаргах хүчин чадалтай мотор, өөрийгөө цахилгаан эрчим хүчийг нарны эх үүсвэрээр хангах хүчин чадалтай болгон өөрчлөн шинэчилсэн байна.

Мөн үзэсгэлэн дуудлагын хөдөлгөөнт засварын зориулалтаар ашиглахаар засварын иж бүрэн тоноглосон Хьюндэй маркийн автомашин, усан завийг албаны онцлогт тохируулан тоноглосон “Завьт эргүүл” Ямаха-490 маркийн завь зэргийг олон нийтэд сонирхуулсан юм.

Энэ онд тус албанаас цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын нийт 31 барилга, 5 их засварыг хөрөнгө оруулалтаар, “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын их засварын ажлыг өөрсдийн нөөц, бололцоо ашиглан иж бүрэн завсарлаж , 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг бүр нь 77,7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 27 хяналтын постын байрыг барих бөгөөд 14 постын барилгын ажлын гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулагдсан. 13 постын гүйцэтгэгч шалгаруулах тендер шалгаруулалтын дагуу гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.


Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд: “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн гадна пасад, төвийн дулаанд холбогдох засвар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн барилгын засвар, “Сүлд” чуулгын барилгын сантехникийн засвар, Дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчдын байрны засварыг тус тус хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Батлагдсан төсвийн хүрээнд нээлттэй тендер зарлаж, 2018 оны 7 дугаар сард 400 суурин компьютер, 40 зөөврийн компьютер, 46 хэвлэгч, 1 хувилагч хүлээж авахаар гэрээ байгуулсан. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад хар савхин бээлий 1721 хос, цагаан савхин бээлий 387 хос, савхин хүрэм 5327, албаны саравчтай малгай 2500, хар өнгө цамц 6963, дан өмд 6952, нийт 5 нэр төрлийн 23850 ширхэг дүрэмт хувцас, чимэг хэрэгслийг хангалтаар олгож, бусад дүрэмт хувцас чимэг, хэрэгслийг энэ оны 10 дугаар сард нэгдсэн хангалтаар олгохоор тендерт шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулсан.


Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтны эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл-цагдаа” хөтөлбөрийг 2018-2020 онуудад хэрэгжүүлэхээр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад хүргүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт үйлчлэх дүрэмт хувцасны дэлгүүртэй болох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын 109 тоот өрөөг бүрэн засварлаж, цагдаа 43, дотоодын цэргийн 19 нэр төрлийн дүрэмт хувцас, чимэг хэрэглэл, хэвлэмэл бүтээгдэхүүнээр үйлчлэхэд бэлэн болгосон” гэж ярьсан юм.


Техник хэрэгслийг гурван өдөр иргэдэд нээлттэй үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн сурагчдын амралт эхлэлээ

Ерөнхий Боловсролын Сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дөрөвдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна. 1, 2-р ангийн сурагчид өнөөдөр, 3-5-р ангийн сурагчид зургаадугаар сарын 8-ны өдрөөс амрах бол 6-12 дугаар ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ.

Улаанбаатар хотод
Түвшин Анги Зуны амралт эхлэх хугацаа
Бага I VI/01-ний өдрөөс
II
III VI/08-ны өдрөөс
IV
V
Дунд VI VI/15-ны өдрөөс
VII
VIII
IX
Ахлах X
XI
XII
Хөдөө сум, тосгон, багт
Түвшин Анги Зуны амралт эхлэх хугацаа
Бага I VI/01-ний өдрөөс
II
III VI/08-ны өдрөөс
IV
V
Дунд VI VI/15-ны өдрөөс
VII
VIII
IX
Ахлах X
XI
XII
Categories
мэдээ нийгэм

Зургаан сарын цаг агаарын төлөв байдал

Цаг уур орчны шинжилгээний газраас зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг гаргажээ.

Урьдчилсан мэдээгээр хур бороо орох төлөвтэй ч зарим аймгуудад гэнэтийн хүчтэй аадар бороо асгаж мэдэх аж. Дулааны хувьд ихэнх аймгуудад дундаж байх төлөв гарсан байна.

Баруун аймгуудын нутгаар

Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16 градус, өмнөд хагаст 15-20 градус дулаан буюу ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна.

Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Энэ сард Баян-Өлгийн өмнөд, Увсын зүүн, Говь-Алтайн хойд, Баянхонгорын баруун хойд хэсэг, Завханы ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас бага бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар

Температурын сарын дундаж нь бүх нутгаар 14-19 градус дулаан байх бөгөөд Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0,5-1.0 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус дулаан байна. Мөн хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Энэ сард Архангайн зүүн, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөв гарчээ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхний хагас болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар

Агаарын температурын сарын дундаж нь 14-19 градус дулаан буюу уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр сэрүүсч Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 29-34 градус хүрч халах төлөвтэй. Бусад хугацаанд Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Энэ сард Хэнтийн зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба эцсээр зарим газраар бага зэргийн бороо орно. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур орох үеүдэд салхи зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар

Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 18-23 градус дулаан буюу Дундговь, Дорноговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба ялангуяа гуравдугаар арав хоногийн дунд үеэр өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур орох үеүдэд салхи түр зуур ширүүснэ. Ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, сүүлчээр дуу цахилгааны үеэр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Өргөө амаржих газрыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 77 дугаар зарлиг гаргаж, Нийслэлийн Өргөө амаржих газрыг Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Одонг өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Өргөө амаржих газрын туганд хүндэтгэлтэйгээр зүүв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус эмнэлгийн ажилтнуудад хандан “Өргөө амаржих газрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан, мөн Монголын Эх нялхасын эрүүл мэндийг сахин хамгаалах, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх, эсэн мэнд амаржуулах үйлсэд оруулсан Өргөө амаржих газрын үе үеийн нийт ажилтан албан хаагч, эмч сувилагч, асрагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байна” гээд эмнэлгийн хамт олонд амжилт хүслээ.


Нийслэлийн Өргөө амаржих газар нь 1928 оны дөрөвдүгээр сарын 28-нд үүсэн байгуулагдсан Монгол Улсын анхны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг эх нялхасын байгууллага юм. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн Өргөө амаржих газар нь Монгол Улсын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх 100 ортой эмэгтэйчүүдийн тасаг, 240 ортой эх барихын тасаг, 23 ортой нярайн тасаг гэсэн нийт 390 ортой, 480 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг байна.

Нийслэлийн Өргөө амаржих газарт Монгол Улсын 1 сая дахь иргэн 1990-ээд онд, хоёр сая дахь иргэн 1997 онд, гурван сая дахь иргэний үе чацуутнууд 2015 онд мэндэлжээ. Мөн Монгол Улсын найман хүн тутмын нэг, Улаанбаатар хотын гурван хүн тутмын нэг нь 1-р ууган амаржих газар буюу өнөөгийн Нийслэлийн Өргөө амаржих газарт мэндэлсэн байна. Эмнэлэг үйл ажиллагаа явуулж ирсэн өнгөрсөн 90 жилийн хугацаанд 375 мянга гаруй эхийг эсэн мэнд амаржихад нь тусалж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

АН-ын дарга С.Эрдэнэ мэндчилгээ дэвшүүллээ

Монголынхоо нийт хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Энэ өдөр улс орны ирээдүй болсон хүүхдийн хөгжил, нийгмийн хамгааллын асуудлыг хөндөж, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг төрийн дээд шатанд ярьж хэлэлцдэг уламжлал дэлхийн олон оронд уламжлал болон тогтоод байна. Монгол Улсын хувьд хүүхдийг нийгмийн байдал, гарал үүсэл, ер нь аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдэн ороод чамгүй хугацааг үджээ. Энэхүү ажилд гар бие оролцсон хүний хувьд ямар ч тохиолдолд хүүхдийн эрхийг зөрчих, ялгаварлан гадуурхах асуудлыг тууштай эсэргүүцсээр ирсэн төдийгүй хүүхдэд чиглэсэн бүтээн байгуулалт, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө өнөөдрийг хүртэл зогсолтгүй ажилласаар байгаа билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүний хувиар Баянгол дүүргийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилтынхоо хүрээнд Хүүхдийн баярын босгон дээр ‘Хүүхдийн I, II’ эмнэлгийг ашиглалтад оруулж, нийт хүүхэд багачууддаа бэлэг барьж чадлаа. Ингэснээр Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээгээр дэлхийн стандартад нийцсэн анхны дүүрэг болж байна. Ардчилсан намын зүгээс энэхүү ажлыг нийслэлийн бусад дүүргүүд болон орон нутагт хэрэгжүүлэх хөгжлийн бодлого боловсруулахаар ажиллаж байгааг дурдах нь зүйтэй байх. Түүнчлэн хүүхэд, залуучуудын бие бялдар оюуныг хөгжүүлэх, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн Усан спорт сургалтын төв, Спорт комплекс, Баянгол хүүхдийн зуслан, Хүүхэд хөгжлийн төв, Номын сан зэрэг жишиг болохуйц олон бүтээн байгуулалтын ажлыг дурдаж болно. Эд бүгд зөвхөн нэг дүүргээр хязгаарлагдахгүй Монголын нийт хүүхэд багачуудад хүртээмжтэй байх тал дээр Ардчилсан намын мянга мянган гишүүд сэтгэл оюунаа чилээн ажилласаар байгаа билээ. Мөн 2016 онд санаачлан батлуулсан Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар УИХ-ын чуулганы индрээс үгээ хэлсээр байгаа билээ.

Анх Ардчилсан намаас санаачлан өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж буй ‘Хүүхдийн мөнгө’-ний асуудал дээр Ардчилсан нам, Ардчилсан намын бүлэг тууштай байр суурь баримталж, бүх хүүхдэд эрх тэгш олгохыг эрх баригчдаас шаардаж эсэргүүцлээ илэрхийлсэн ч харамсалтай нь эрх баригчдын алдаатай бодлого, гаднаас хараат явцуу бодлогын уршгаар зорилтдоо хүрч чадсангүй. Бид энэ асуудлыг цаашид ч хөндөн тавьсаар байх бөгөөд ‘Хүүхдийн мөнгө’-ийг 100 хувь олгох хүртэл тэмцлээ зогсоохгүй гэдгээ Монголынхоо нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сонордуулъя. Ингээд та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг Ардчилсан намын мянга мянган гишүүний нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэхийн ялдамд амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай.

УИХ-ЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА СОДНОМЗУНДУЙН.ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль банкны салбарт хийгдэх өөрчлөлтийг иж бүрэн болгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзжээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Монголбанкны удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Өнөөдөр Монгол Улсын банк, санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт шинэчлэл хийгдэж байна. Энэ нь банк, санхүүгийн салбарт сүүлийн 30-аад жилд хийгдэж байгаа томоохонд тооцогдох өөрчлөлт” хэмээн онцолсон. Энэхүү өөрчлөлтийг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийж эхэлж байгаа гэлээ. Өөрчлөлтийг хийхийн тулд эхлээд бүх арилжааны банкуудын эрүүл мэнд ямар байгаа вэ гэдэгт “оношилгоо” хийжээ. Үүнийг активын чанарын үнэлгээ гэх бөгөөд энэхүү үнэлгээг олон улсын аудитын томоохон компани болох “TWC” компанитай хамтран хийжээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Чанарын үнэлгээний үр дүн тун боломжтой гарсан гэж болно. Банкууд нийт дүнгээрээ 511 тэрбум төгрөг буюу буюу ДНБ-ий 1.9 хувьтай тэнцэх хэмжээний өөрийн хөрөнгийн дутагдалтай байна гэсэн “онош” тавигдсан. Үүнийг бид Монгол Улсын банк, санхүүгийн салбар тогтвортой ажиллах боломжтой, эрсдэл багатай гэсэн дүгнэлт гэж харж байна. ОУВС мөн ингэж үзэж өөрийн мэдэгдэлдээ энэ талаар дурдсан” гэж хэлсэн.

Чанарын үнэлгээний дараа Монголбанк арилжааны банкуудаас дутагдаж байгаа энэ хөрөнгөө хэрхэн нэмэгдүүлэхээр тооцсон бизнес төлөвлөгөөг нь авчээ. Ингээд тэрхүү төлөвлөгөөнүүдэд ОУВС-тай хамтран дахин үнэлгээ хийгээд дутагдаж байгаа хөрөнгийг 2018 онд багтааж босгож нэмэгдүүлэх даалгаврыг арилжааны банкуудад өгсөн байна. Арилжааны банкууд идэвхтэй ажиллаж байгааг Монголбанкны ерөнхийлөгч дурдаад 28 их наяд төгрөгийн активтай банкны салбаруудад 511 тэрбум их тоо биш гэдгийг онцолж байлаа.

Банкны салбар эрсдэлгүй байгаа энэ үед арилжааны банкууд 2018 ондоо багтаан дутагдаж буй хөрөнгийг босгох бүрэн бололцоотой гэж Монголбанк үзжээ.

Гэсэн ч ОУВС-гаас зөвлөсний дагуу Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа тус хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн хэмээн Монголбанкны ерөнхийлөгч мэдээлсэн. Ирэх долоо хоногт УИХ дахь намын бүлгүүд, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байна.

Тэрбээр, “Энэ хууль нь банкны салбарт хийгдэж буй өөрчлөлтийг иж бүрэн болгох маш чухал ач холбогдолтой юм. Банк эрүүл байвал санхүүгийн салбар эрүүл байна. Санхүүгийн салбар эрүүл байвал эдийн засаг хүчтэй болж, нийгэм эрүүлжинэ хэмээн үзэж банкны салбарын өөрчлөлтийг эхлүүлж байгаа. Тэгвэл Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулиар банкны салбарыг хүчтэй болгох, санхүүгийн салбарыг эрүүлжүүлж, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ямар нэг эрсдэлд оруулахгүй байх урьдчилсан хамгаалалтыг хийж чадах юм.

Энэ хууль батлагдвал санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалж, аливаа доргио, донсолгоо, хямралаас бүрэн сэргийлж чадах юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан, “Монголын санхүүгийн салбарт сүүлийн 30 жилд хийгдээгүй өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх гэж байгааг Монголбанкны ерөнхийлөгч сая хэллээ. Энэ том өөрчлөлтийг хийхэд банкны хадгаламж эзэмшигчид болон харилцагчдад ямар нэг эрсдэл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, эрсдэл үүсэхээр байвал хадгаламж эзэмшигчид, харилцагчдад ачаалал очихгүй байх нөхцөл бололцоог урьдчилан бүрдүүлэхэд Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн гол зорилго оршиж байгаа юм. Хадгаламж эзэмшигчид, харилцагчдын банкинд итгэх итгэл үнэмшил тогтвортой байснаар банкууд бүтцийн өөрчлөлтийн бодлогоо тогтвортой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

Хэрвээ банкуудад хийх өөрчлөлт шинэчлэл хэд хэдэн үе шаттай явна гэж УИХ-ын гишүүд бид ойлгож байгаа.

Юуны өмнө банкууд дутагдсан хөрөнгөө нөхөөд, эдийн засаг санхүүгийн байдлыг илааршуулах үүргээ хариуцах ёстой. Энэ бол бүтцийн өөрчлөлтийн эхний үе шатанд хийгдэх ажил.

Дараагийн үе шатанд банкууд өөрсдөө дутагдсан хөрөнгөө нөхөж чадахгүй бол бусад сонирхож байгаа хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар дутагдсан хөрөнгийг харилцагчдад ачааалал өгөхгүйгээр шийдэх учиртай. Энэ үе шатанд банкууд дутагдсан хөрөнгөө нөхөж чадахгүй байдал үүсвэл төр оролцож зохицуулах механизмыг энэ хуулийн төсөлд тусгаж өгсөн байгаа.

Үүнээс үзвэл харилцагчид болоод хадгаламж эзэмшигчдэд ямар нэгэн эрсдэл, нэмэгдэл ачаалал очихгүй. Ингэснээр банкууд тогтвортой ажиллах маш чухал нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа.

Үндсэндээ харилцагч, хадгаламж эзэмшигчдээ хамгаалсан, банкуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлсэн, түүнийг төрийн хяналтад байлгаж үр дүнд хүргэх механизмыг агуулсан хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үзсэн байгаа” хэмээн мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.