Categories
мэдээ цаг-үе

Ууган Хас

Хүмүүн төрөлхтөн таниж мэдээгүй, тайлж ухаараагүй үй түмэн юмны нэг нь Хас тэмдэг бөлгөө. Хаа нэгэнтээ, хэн нэгэн бээр Хас тэмдгийн учрыг барим тавим тайлж бичээд үлдээчихсэн баримт нуталгаа өдгөө хэр дэлхийд алга. Балар эртийн хүний хаданд сийлж,зурж үлдээсэн зураг л харин байна.

Хас тэмдгийн хамгийн арвин баян сан хөмрөгтөй газар гэвэл монгол нутаг байх. Алтай, хангай, говь, тал хаана л бол хаана Хас тэмдэг хад чулуунд зураастай, сийлээстэй байж байна. Хамгийн эртнийх нь гэхэд наад зах нь гуч дөчин мянган жилийн нас сүүдэртэйбололтой. Монгол орон харийн үзэл санаан дор шургаастай байсан цагт юун Хас судлал байх билээ. Харин тэр дөнгөнөөс салмагц манай эрдэмт мэргэд Хасыг сонирхож эхэлсэн байдаг. Ном зохиол бичсэн нь ч мэр сэр бий. Энэ хэрэг үйлсэд Аким бид хоёр ч чадал чинээгээрээ хуруу, хошуу нэмэрлэж явна. Хасын “өвчин туссан” ч гэх үү дээ?! Монгол нутагт байх нэлээд олон Хасыг очиж үзэж, зураг хөргийг нь татаж авсан. Аким надаас арай олныг олж үзсэн байх аа. Учир нь мань хүний “Хасын өвчин” минийхээс арай ч илүү үгдэрсэн болов уу?!

Өдгөө маний нутаглан суугаа газрын хад чулуунд Хас сийлж үлдээсэн эрхэмүүд бидний өвөг дээдэс яах аргагүй мөн гэж бодож байна. Тийм болохоор Аким бид хоёр ч гэсэн өвөг дээдсийнхээ өв урлалын нь учир начирыг олох гэж оролдож яагаад болохгүй гэж? Ингэж буй минь зүгээр нэг хэрэгт дурлаж буй илүү зан ч бас арай биш ээ. Эрх биш ухаарлын учир холбогдол цаана нь бий.

Аким авгай Хас тэмдгийн хойноос бузгай эрчтэй хөөцөлдөж, бүр ном ч бичсэн. Би харин өдгөө хэр ном бичээгүй явлаа л даа. Арай л болоогүй гэж бодоод. Хас тэмдэг шиг учир начир нь далд нууц, хачин сонин, эрхэм дээд юмын учирт хөнгөн гоомой аашилж боломгүй санагдаж зүрхшээгээд ч гэх үү дээ?! Аким бид хоёр заримдаа хамт явж, заримдаа ч салгуу явж Хас эрж бэдэрч, олсон дуулсанаа бие биедээ тэр даруй дуулгадаг ч гэлээ чухам гэвэл Хасынхаа нарийн учир начирт санаа нийлэх ч бий,бага сага зөр ч бий. Хас тэмдгийн учрыг олох гэж газар газрын мэргэд олон зууны турш оюун ухаанаа чилээн оролдож байгаа юм билээ. Анх, соёлт Францын эрдэмтэн Эжен Бурнуф гэгч нэгэн бээр Хасын учрыг олох санааг хөгшин Европын ном бичгийн эргэлтэд оруулсан гэх нь бий. Дорно дахиныг судлаач саяхь эрхэм өөрөө Хас судлах үйлсэд арвитай юм хийж чадаагүй бололтой юу даа?! Эжен Бурнуфаас өөр хүмүүс ч Хасын талаар бичиж асан мэдээ занги мэр сэр бий. Тэглээ ч учрыг нь олж, хужрыг нь тунгаасан нь нэгээхэн ч үгүй юм билээ л.

Мөхөс би Хас тэмдгийг орчлонгийн “Эргүүлэг” чанараас улбаатай болов уу хэмээн боддог. Лав л энэ орчлонгийн хамаг бүхэн “Эргүүлэг” чанарын “ Буянаар” оршин байгаа юм уу даа гэх нэгэн бодол надад байдаг. “Эргүүлэг эрч” ч гэж болмоор. Хувинд дүүрэн ус хийгээд уруу нь харуулбал ус асгарчихна. Тэгвэл тэр устай хувингаа толгой дээгүүрээ эргүүлээд байхад хувин уруугаа харсан ч ус нь асгардаггүй. Энэнийг түмэн бодисын ухаан “Төвөөс зугтаах хүч” гэж нэрлэдэг. Үнэндээ гэвээс мөнөөх л эргүүлэг.

Тэмээний ноосыг цувьчихаад татвал амархаан тасарчихна. Тэгвэл тэр ноосыг эрчилж томход бөхөөс бөх дээс болдог. Утас ээрэх ч мөн тийн. Энэ чинь ноосыг эргүүлэг эрч л илүү бат бөх болгож байгаа хэрэг мөн биз дээ. Бөх бат байх нь оршин буйн нэгэн хувилбар чанар мөн. Чухам гэвэл энэ орчлонгийн юм бүхэн гагц эргүүлгээс эрч олсны хүчээр байж байдаг буюу. Юу нэгэн байж байна гэдэг нь ерөөс эргүүлэг чанараас ондоо юу ч биш. Дэлхий нарыг тойрон эргэдэг ахул сар дэлхийг тойрч, хоёулаа мөнөөх л эргүүлгээр хөтрөлдөж аваад нарыг тойрон эргэхдээ дэлхий бас өөрийнхөө тэнхлэгийг эргэдэг. Манай дэлхий алдуураад тэнэчихгүй, эсвэл задраад арилчихгүй, чухам энэхүү эргүүлгийн ачаар л оршин байгаа хэрэг гэдэг шинжлэх ухаанд өдгөө нэгэнт магад болжихуй. Хэрэв зэ,дэлхий эргүүлгийнхээ ачаар л оршин байгаа юм бол дэлхий дээр буй бүхэн мөн л тийн эргүүлэг чанарт дулдуйддаг байж таарах мэт ээ. Уул тал, ус мөрөн, хад чулуу, өвс ургамал, араатан амьтан ер хамаг бүхэн байнгын эргүүлэг хөдөлгөөнд л оршин байдаг болов уу гэмээр. Тиймийн ч учир “Эргэх хорвоо” гэсэн Буддагийн филосоийн үг гарсан байж магадгүй. Хорвоо гэдэг түвд хэлний үг амьд бүхэн төрөөд үхээд эргэж өөр нэгэн төрөл олж төрж, эхлэлгүй, төгсгөлгүй, тасархай бус хүрдэн оршихуй гэсэн утгыг тэмдэглэдэг юм гэнэ билээ. Өөрөөр хэлбэл мөнөөх л гайхал эргүүлэг. Юмс шулуун гунзгуй, тэг дөрвөлжин, жин бөөрөнхий, нэмгэн хавтгай гэх мэт түмэн янз байх авч үнэндээ бол мөнөөх л эргүүлэг юм. Жишээ нь, хүмүүний биеийн махан бод гэхэд горзойсон гунзгуй юм байх мэт боловч далд чинадаа эргүүлэг эргэж байдаг хэрэг. Ил гарах тэмдэг шинж нь толгой зулайд байх үсний эргүүлэг ч байж мэднэ. Зарим хүний толгойн үсэнд эргүүлэг байхгүй байлаа ч тэр хүний махан бод эргүүлэг бус гэсэн үг яавч биш. Эргүүлэг яагаад ч юм бэ, толгойн үсэнд ил гараагүй л хэрэг. Өөр хаа нэгтээ аль нэгэн үсэнд үзэгдэх үзэгдэхгүй эргүүлэг тэмдэг байж л таарна.

Гагц махан бод ч төдий бус хүмүүний ухаан санаа ч мөн л эргүүлэг чанартай байх. Тиймгүйсэн ахул хүмүүн санаж бодож чаддаггүй л байх асан биз. Юмыг санаж байна гэдэг нь хүмүүн уг юмыг ухааныхаа оронд эргүүлж л байна гэсэн үг буй за. Ийнхүү ухаж мэдэх, ухаарч ойлгох, уярч хайлах, уурлаж цухалдах, хайрлах дурлах, хардах сэрдэх, өрөвдөх өмөөрөх, өшөх занах тэргүүтэн ер хүмүүний оюун билиг, ой ухаан, сэтгэл санаа мөн л эргүүлэг чанартай. Эртний Жагарын нэгэн их хөлгөнд ухаарлын дээдийг “Брахма хүрд” хэмээсэн байдаг. Брахма гэдгийг хамаг бүхнийг танин мэдэж,тайлан соёрхсон төгс үнэн гээд,тэрхүү төгс үнэнд хүрч ухаарсан хүмүүнийг Брахмаан хэмээжихүй. Хүрд нь эргүүлэг мөн. Ийн бээр,энэ чинь хүмүүний сэтгэл санаа,ухаан билиг хүрдэн буюу эргүүлэг чанартайг бүр эрт балар цагт нуталсан хэрэг биш гэж үү?!

Амь гэгч мөн л эргүүлэг. Амь махан бодөвч биенд эргэж байдаг хэрэг. Амь чингэж эргэхээ больмогц амьтан үхэхийн хувийг олж байна. Амь гэснээс, амь, сүнс хоёр нэг юм бололтой. Юмны гол цөм утгыг заадаг “Амин сүнс” гэх филосови утга бүхүй монгол хоршоо үг амь сүнс хоёр нийлэг нэг юм гэдгийг зааж байна бус уу?!

Асар ай цараанд төсөөлж бодохул “Байгаа байхгүйн зуур, эхлэл үгүй, төгсгөл үгүй, тасархай бус…” хэмээн хорвоогийн эргүүлэг ёсыг номлосон буддизмын хоосон чанарын философи ч өөрөө бас эргүүлэг чанартай буюу. Ийнхүү, энэ орчлонгийн бод буй бүхэн төдийгүй огт оргүй хоосон ч бас л эргүүлэг чанартай байх аа. Ер нь хэмээвээс, лав л энэ орчлонгийн хамаг юм үзэгдэж харагдаж, баригдаж тэмтрэгдэж байдаг бод юм, үл үзэгдэх, эс тэмтрэгдэх хий юм хоёроос бүрддэг буй за. Чухам гэвэл, бод юм, хий юм хоёроос ертөнц бүтжихүй. Хий юм чинь бидэнд үзэгдэж харагдахгүй, баригдаж тэмрэгдэхгүй л болохоос биш байж л байгаа юм мөн биз дээ?! Өөрөөр хэлбэл хий оршихуй. Энэ орчлонгийн хамаг оршихуй бод, хий хоёр хэлбэр чанартай гэсэн үг юм уу даа. Ялдар хэлвээс, “Орчлон” гэх монгол үг өөрөө ч орчиж эргэлдэж байгаа гэх санааг зааж байгаа хэрэг. Огторгуйн эргүүлгийг дурдаж нурших нь бүр ч илүүц буйз. Учир юун хэмээвээс, “Огторгуй” гэдэг ухаарал “Огт оргүй” буюу хоосон дайд гэсэн санаа. Хий юм эргүүлэг чанартай нь үнэн ахул Огторгуй ч мөн л эргүүлэг чанартай байж таарна.

Тал нутгийн хүн бол “Хуй” гэж нэг гозойсон цагаан тоосыг олонтаа үзсэн байх. Энэ бол эргэж эрчилсэн салхи юм. Хайрга чулуу,харгана бутны мөчир,шороо тоос элдэв юмыг хамаж аваад эргүүлээд явж байдаг. Би багадаа морьтой давхиж яваад хуй салхинд дайруулж малгайгаа ховх татуулан алдаж байсан удаатай. Хуй дотор орсон юм унана гэж байхгүй эргэлдээд талийж өгдөг. Хуй голдуу нар буруу эргэж явдаг юмсануу?! Юутай ч, намайг дайрсан хуй болгон дандаа нар буруу эргэж байсан санагддаг. Чухам гэвэл дэлхий тэнхлэгээ эргэхүйн зүгт. Ер нь хуй тийм байдаг юм уу, эсвэл надтай л тийм хуй дайралдаж байсан юм болов уу, бүү мэд. Эртний хүмүүн төрөлхтөн, түүний дотор бидний эртний өвөг дээдэс саяхь эргүүлэг чанарыг мэддэг л асан аюу. Яаж мэддэг байсан нь бүү мэд. Мэддэг л байж. Хүмүүн төрөлхтний оюун ухаан балчир байх цагт хүмүүний зөн мэдрэмж өдгөөгийн биднийхээс хавьгүй хурц мэргэн,бүр совин билгийн чинээнд хүрдэг байсан ч юм билүү? Чухам тийн учир тэр мэргэн совин билгээрээ мөнөөх гайхал эргүүлэг чанарыг таамаглаж мэдээд тэрнээ хожимд уламж болгон тэмдэглэж Хасыг үүтгэсэн байж тун ч магадгүй. Юутай ч гэсэн нэгд, Хас бол яах аргагүй юу нэгийг зааж тэмдэглэсэн нь гарцаагүй. Хоёрт, Хас тэмдэг чухамхүү, хэм тэгшийг хийгээд эргэхүйг заасан тэмдэг гэдэг бараг л мадаггүй болов уу? Хас тэмдэгний дөрвөн үзүүр нэгэн зүгт нугархай байдаг шүү дээ. Энэ нугархай аваас эргэх хөдөлгөөнөөс өөр юуг ч заагаагүй нь лавтай байх аа. Бас гэвээс, Хас тэмдгийн дөрвөн үзүүр биднийхээр нар зөв, нар буруу эргэх аль алинаар нь нугарсан байдаг. Энэ чинь нарны эргэх зүг, дэлхийн бөмбөрцөг тэнхлэгээ эргэх зүгийг заажээ гэх нь бий. Гэхдээ, энэ баахан эргэлзээтэй. Одоогоор Монголд олдоод байгаа Хасын туйлын олонхын дөрвөн үзүүр нар буруу эргэсэн байдаг. Бүр нэг дор, нэг хад чулуун дээр сийлээстэй балар эртний хоёр Хас хоёулаа нар буруу эргэсэн нь ч бий. Үүнээс үүдэн Хас ерөөс, эргүүлэг чанарыг л зааснаас биш нар зөв, нар буруу зүгийг тухайлан тэмдэглэсэн нь юу л бол гэмээр байдаг.

Тэнхлэгийн учир ярих аваас, Хасын тэнцүү хоёр шулуун яг тэнхлэгээрээ зөрсөн байдаг. Чагт буюу загалмай үүсгэж. Энэ нь тэгш хэмийн ёс мөн. Хэм тэгш биш ахул ямар ч юм оршиж үл чадна. Чингээд тэгш хэмт загалмайн дөрвөн үзүүрийг нэг зүгт нугалчихаар эргэж орших чанар гарч ирж байна. Хэм тэгш агаад бас тэгээд эргэж байна. Гайхамшигтай төгс дүрс байгаа биз? Орчлонгийн оршихуйн эрхэмсэг ёсонэргүүлэг чанарыг заасан тэмдэг тийм ч байхаас яах вэ. Оршихуйн бэлгэ чанарыг энэнээс илүү яаж төгөлдөр төгс тэмдэглэхсэн билээ дээ?!

Хүний биед олон хас буй хэмээн дорно дахины философид тэмдэглэсэн тухай Аким авгай нэгэнтээ цухасхан бичсэн нь бий. Үнэн ч байж магадгүй. Орчин цагийн биологийн ухаан хүний биед хорин гурван хос дөчин зургаан хромсом байна гэж нэгэнт мэдсэн шүү дээ. Энэ чинь мөнөөх л оршихуйн эргүүлэгт хас чанар мөн буй за. Харин эдгээр хас чанар хүмүүний махан бодод төдийхөн бус ухаан билиг,сэтгэл санаанд ч мөн тийн шингээстэй эргэж байдаг аж л. Мөнөөх хорин гурван хос гайхал хромсомын хорин нэгдэх хоймсон нь яагаад ч юм бэ, гурамсан болчихвол хүн зүүлэгдүү төрдөг гэнэ. Энэнийг дэлхий даяарт, тийм өвчин анх олдсон газраар нь “Монгол эмгэг” гэж нэрлэдэг байснаа хожим нь манай гомдлоор өөрчилж,олсон эрдэмтний нь нэрээр “Дауны эмгэг” гэх болсныг бид мэднэ. Хоймсон хоймсон эргэж байдаг хорин гурван хос хромсомын нэг нь гурамсан болчихоор тэрний эргүүлэг буюу хас чанар нь ээдрээд, эзэн хүмүүн эрхтэн бүрэн хэрнээ ухаан санааны гажилттай төрж байгаа нь саяхь эргүүлэгхас чанар махан бодод төдий бус ухаан санаа гэгч хий оршихуйд ч мөн тийн эргэлдэж байдгийг нут болгож байна бус уу?! Ямар гээч үйлийн лайгаар тэр өгөр хорин нэгдэх хоймсон хромсом нь гурамсан болчихдог ч юм бэ? Эмнэж анагааж болдоггүй ч юмсан уу?! Энэ орчлонд хүмүүний зовлон мундах биш дээ…

Чингээд, оршихуй гэхүл эргүүлгээс өөр юү ч биш. Сөргүүлээд, эргүүлэг ахул оршихуй мөн гэмээх нэгэн санаа гаргалага хийж болох мэт. Тийн аваас, Хас тэмдэг эргүүлэг буюу оршихуй ёсыг зааж анх гарсан аюу. Тэрнээс биш газар, тэнгэр, бурхан, мухар сохор сүсгийн учир үүсгээгүй л болов уу?! Оршихуй орчлонгийн учир чанарын ухаарал совин билгийн Хас тэмдэгийг хожим нь харин тахиж сүсэх онго шүтээн,эрхэмлэн дээдлэх бэлгэ сүлдэр болгосон байхыг хэн байг гэх вэ. Ер нь ч чингэсэн байдаг нь жаахан хожим гарна.?????????

Харин Хас тэмдэг монгол язгуурынх уу? Зарим эрдэмтэн мэргэдийн хэлж буйчлан эртэн цагийн Жагар газрын гарвальтай юу? Европын голдуу эрдэмтэд Хасыг эртний Энэтхэгт багцаагаар 25000 жилийн тэртээ үүссэн бололтой хэмээн таамаглах нь зонхилж байна. Жагарын их хөлгөн Рамаянад Хасын тухай анх гарсан байх ч гэдэг. Саяхь Рамаяна буюу монголоор “Раамын үлгэрийн цоморлиг” хэмээн орчуулсныг уншиж мөшгөн үзвээс,тэнд Хасын тухай тэмдэглэсэн нь үгүй байна. Лав л,монголоор орчуулсан тэр хувилбарт. Балар эртний энэ хөлгөн цагийг эзлэн өдгөөд ирэхдээ олон олон янз хувилбарыг үзсэн юм гэнэ билээ л.

Бас, өдгөөгийн Украин улсын нутагт, Мезин нэрт суурингийн хавьцаа архелогийн малтлагаас 25000 жилийн настай хас маягийн угалз олдлоо гэж оросууд бузгай шуугьсан удаатай. Зэрвэсхээн мөшгөж үзэхэд л тэр нь Хас огоот биш, манай алхан хээний хагас зурлагатай төстэй хөвөөлбөр байдаг. Нүүдэлч түмний эд хогшлын зүйлд ийм чимэг сэлт зөндөөн байдаг даа. Орос гэснээс, Загалмайтны шашин судлаач Багдсаров гэгч Оросын нэгэн эрдэмтэн Хасын тухай цөөн үгийг бичиж, ярьж буйг би гүймэгхэн уншиж, зэрвэсхэн цахим сонссоон. Тэр Багдсаров Хасыг 25000 жилийн тэртээд үүссэн байх гэхчлэн, европынхны урьд бичиж асныг л дагаж дурьтгаад,учрыг нь олохгүй байгаа үнэнээ харин хэлж дуулдна билээ. Эрхбиш бичиг эрдмийн хүн болохоороо худал залахаа хүлцэн түвдсэн хэрэг буй за.

Буддагийн, Загалмайтны, Лалын шашны сүм дуганын хийгээд энэ тэр эд өлгийн зүйлийн чимэг болгож Хасыг зурсан, сийлсэн нь зөндөө ч гэсэн тэдгээрийн хамгийн эртнийх нь гэхэд л загалмайтны он тооллоос, сайндаа л хэд гуравхан зууны тэртээх байдаг аж. Ер, аль ч шашин суртал олны сэтгэл санаанд оршдог юм болгоныг шүүрэн зээлдэж хэрэглэсэн алийг тэр гэх вэ. Бүр саяхан, хорьдугаар зууны эхэн хагасд Гитлер гэгч бадмад нэгэн толгойлсон, Германы ажилчны үндэсний социалист нам гэгч гарч ирж, Хас тэмдгээр бэлгэдлээ болгож байсныг бид мэдэхгүй биш дээ, хэ хэ хэ.

Жагар, Нанхиад гэх мэт дорно дахины соёлт газрын урлагт ч Хас эртэн цагаас байсаар иржээ.

Хас хэмээх энэ гайхамшигт тэмдэг язгуур гарвалиасаа үл хамаараад Монголд балар эртэн цагт байсан хийгээд өдгөө ч байгаа нь маргаангүй. Үүнийг нут болгох баримт сэлт зөндөөн бий. Маргах аргагүй, хамгийн нут баримт бол Дэл Уулын Баруун билүүтийн бэлээс олдсон, том жижиг хос Хас мөн. Дэлхий дахины энд тэндээс олдсон хадны зурагтай өнгөцхөөн жишиж, багцаалан үзэхэд л энэ Хас вээр 2000030000 жилийн тэртээх бололтой байна. Чулуун зэвсгийн эрнийх гэхээр. Юутай ч хатуу чулуун багажаар “цоолборлох” аргаар сийлсэн ул мөр ажиглам ил байдаг. Компьюторын 3D програмаар гаргаад үзэхэд бүр ч тод болж байна. Эртэн цагийн түүх соёлыг судлаач зарим эрдэтэн ч “Энэ бол чулуун зэвсгийн үеийн дурсгал” гэх нь миний бодож байгаатай таарч байгаа юм аа.

Дэл уулын Хас хэд хэдэн чанар шинжээрээ хосгүй гайхамшигт туурвил. Юун түрүүн,энэ аваас хад чулуунд сийлээстэй олдсоноос хамгийн эртнийх нь мөн. “Ууган Хас” гэмээр үү дээ?! Энэнээс эртний Хас хад чулуунаас өдгөө хир олдоогүй байна. Чинагш ахул,бас л өдгөө олдоод байгаа дугуй хүрээтэй цорын ганц Хас юм. Бас гэвээс,энэ нь нэг чулуун дээр гурван Хас чандмалуулан хамт сийлсэн байдаг. Гурав дахийг нь яагаад ч юм бэ, гүйцээж амжилгүй, хагас хүрээг нь дутуу цохиод орхижихуй. Ийм чандмань гурван Хас Дэл уулаас ондоон хаана ч алга. Одоохондоо л лавтай яа, хамгийн эртний,ийм хосгүй, “Ууган Хас” уугуул нутгаас минь үзээ хараа, барим тавим олдчихоод байхад Хас яагаад заавал биднийх бус, харь гарвальтай байх ёстой юм бэ?! Өдгөөгийн маний эх орон монгол газарт балар эртэн цагт нутаглан аж төрж асан, бидний өвөг дээдэс орчлонгийн хамаг бүхэн эргүүлэг чанартайг совин билгээрээ ухаараад Хасаараа тэмдэглэн хойч хойч үедээ уламж занги үлдээсэн байхыг хэн байг гэх юм бэ?! Чинагш “Мөнх Тэнгэрийн монгол гүн ухаан лугаа ч холбогдож мэднэ. Юутай ч, Хас тэмдэг Монголынх биш гэж, “Бадарчин баярлах болоогүй” байна биш үү?! Өвөг дээдэс маань үүсгэн бүтээсэн Хас тэмдэг гагц хад чулуунд төдий бус хойч үе бидний ч ой санамж,сэтгэл зүрхэнд лав шингэж үлдсэн байдаг нь хаана л бол хаана захаас аван замаас үргэлж нүднээ тусах хас чимэглэлээс бэлхэнээ үзэж болно. Тэр ч атугай, харьд зольж дөрвөн жаран шахам улираагаад эгүүлэн авч сэргээсэн Монголын төр, Оросын харгис ёсонд автахынхаа өмнөхөн мөнгөн тэмдэгт дээрээ Хас тэмдгийг зурсан нь архивт далд үлдээд өдгөө ардчиллын буянаар мүзэйд талбиастай олны нүд хужирлаж, сэтгэл гэрэлтүүлж байна. Туурга тусаар Монголын олон аймаг, хошууны засаг ноёд Хас тамга барьж асан нь өдгөө бий. Энэ ахул эртний аугаа их уламжлал билээ. Чингис хааны төрийн “Хас эрднийн тамга” гэж монгол түүхнээ олонтаа өгүүлсэн байдаг. Тэр эрхэм тамга чухам ямар дүрстэй байсан бол? Үзэхсэн. Саяхь тамгын тухай ямар гайхамшигтай сайхан домог байдаг билээ дээ? Нэгэнтээ хур шувуу нисэж ирээд Чингис хааны удмын өргөөний үүдэнтээ шар чулуун дээр суугаад “Чингис чингис чингис” гэж гурвантаа донгодоход мөнөөх чулуу хага үсэрч дотроос нь алтан тамга гарч ирээд хийсэн одов. Маргааш өглөө нь мөнөөх шувуу нисэн ирж цагаан чулуун дээр суугаад бас л “Чингис чингис чингис” донгодохуй өнөөх чулуу нь мөн л хага үсэрч мөнгөн тамга гарч ирээд бас л хийсэн алга болов. Гутгаар өглөө саяхь шувуу дахин нисэж ирж хөх чулуун дээр суугаад “Чингис чингис чингис” донгодвоос чулуу хагарч хасвуу тамга гарч ирээд Чингис хааны мутарт бууж, ийн бээр Чингис хаан эрдэнийн Хас тамга барьсан ажгуу хэмээдэг дээ.

Чухам тухайлбаас, Чингис хааны Хас тамгын учир гарган Монголын түүхийн эртний олон хөлгөн сурвалжид бичиж үлдээсэн бий. Мөхөс миний л олж уншсанаар гэхэд Саган Сэцэний “Эрднийн товч”, Лувсанданзаны “Алтан товч”, Жамбадоржийн “Болор толь”, Жамбын “Асрагч нэртийн түүх”, Гомбоваанжилын “Алтан эрих”, Галданы “Эрдэнийн эрих”, Ишбалданы “Эрдэнийн эрих”, Ломийн “Монгол боржигид овгийн түүх” тэргүүтэн лав л найман тулгар түүхнээ Чингис хааны Хас тамгын элдэв учрыг тайлан бичсэн байдаг. Эдгээрийн зарим цөөн нь магтаал домгийн аястай байдаг ч цөмөөрөө түүхийн бичвэр яах аргагүй мөн бөлгөө.

Өдгөөгийн зарим бичээч нар Чингис хааны Хас тамга бол хас хэмээх эрдэнийн чулуугаар хийсэн болохоос биш таваг дээрээ хас тэмдэг сийлсэн биш байх гэсэн санаа хэлсэн байдаг. Тэгвэл тэр Хас эрдэнийн тамга дардаг алган дээрээ ямар бичиг, дүрстэй байсан хэрэг вэ гэхээр тэд эрхэм хариу сөөм үггүй таг болдог. Юу ч хэлэхсэн билээ дээ. Байхгүй юм чинь. Хас тамга л гэж тэмдэглэн бичиж үлдээсэн буй.

Чингис хааны Хас тамга гэсний ялдар хэлвээс,саяхь тамга өдгөө Хятадад нэг газар нуугаастай байгаа байх гэж боддог шүү, би. Чингэж бодох учир байна: Монголын сүүлчийн Их хаан Лигдэн бээр Буддагийн шар шаныг Монголоос үлдэн хөөсүгэй хэмээн байлдаж яваад Хөхнуурын Шаргал талд “Цагаан бурхан” өвчнөөр тэнгэрт халихуй Нинин хатан Сутай хатан хоёр нь Эрххонгор, Ажнай нэрт хоёр хөвүүнээ аван одож, Мүгдэнд очоод, Зүрчидийн улсын Ургач буюу хятадаар Ши Зү алдарт хааны мутарт Чингис хааны цагаан Хас тамгыг минжүүр ембүү сэлтийн хамт барьваас мөнөөх хаан ордондоо аван соёрхоод Эрххонгорт нэгэн гүнжээ эхнэр болгон өгөөд түшмэд тушаалд тохоож,Ажнай хөвүүнд нь Чин ван цол хайрлаж гийгүүлсэн хэмээн Монголын эртний түүхийн, Жамбадоржийн “Болор толь”, Ишбалжирын “Эрднийн эрхи”, Ломигийн “Монголын боржигод овгийн түүх” гэх мэт хэд хэдэн их хөлгөнөө бичсэн байдаг бөлгөө. Ийн бээр ухаж бодвоос Аугаа Их Чингис хааны Хас тамга өдгөө Хятад ,Тайван хоёрын аль нэгэнд байх нэн ч магад бүхүй мэт ээ. Хятад аваас түүх соёлыг ихэд эрхэмлэн нандигнадаг эртний ёст улс шүү дээ. Тийн учир, Чингис хааны тамгыг үрж сүйтгэсэн нь юу л бол?!

Хас тэмдгийн учир гэвээс өчүүхэн хүмүүн би ийн бодож явдаг бөлгөө. Дэл уулаас олдсон саяхь гайхамшигт “Ууган Хас”ыг бидний санал хүсэлтээр өдгөө Дундглвь аймгийн музейд авчирч талбин залсан байгааг, энэ ялдар дуулгахад сэтгэлд таатай анам.

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга М.Энхболд хүүхдүүдэд сүү, тараг бэлэглэв

Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт анх 1925 онд Женевт зохион байгуулагдсанаар 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, Монгол Улс 1952 оноос эхлэн “Хүүхдийн баяр”-ын энэ өдрийг жил бүр тэмдэглэж иржээ. Баярын өдрийг тохиолдуулан “Ирээдүйгээ сүүгээр мялаая” уриатай арга хэмжээ болж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Мустафа Синасер нар баяр хүргэн үг хэлж, энэ үеэр тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан 50 шилдэг хүүхдэд бэлэг гардууллаа.

Бэлэг гардуулах ёслолд УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Монголын сүүний нэгдсэн холбооны удирдлагууд оролцов. Монгол Улсын нийт хүн амын 36.3 хувь буюу 1.2 сая нь хүүхдүүд. “Ирээдүйгээ сүүгээр мялаая” уриатай арга хэмжээний хүрээнд улс орны хойч үе болсон бяцхан үрсэд сүү, тараг бэлэглэсэн нь мөн энэ өдөр Дэлхийн сүүний өдөр давхцаж буйтай холбоотой.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ энэ оны нэгдүгээр сард “Сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих уриалга”-ыг гаргаснаа онцлоод өнөөдөр хүүхэд багачуудын маань 80-90 хувь нь шүд цоорох өвчлөлтэй байна. Сүү ихэд хэрэглэсэн хүүхэд бие бялдар өсгөлүүн, чадал тэнхээтэй болдгийг бидний үеийнхэн мэдэх билээ. Тиймээс амин дэм ихтэй монгол цэвэр сүүгээ хүүхдүүддээ хэрэглүүлж заншихыг эцэг, эхчүүддээ захиж байна гэлээ.

Дэлхий дахинаа сүүний өдрийг 18 дахь жилдээ, манай улсын хувьд Монголын сүүний нэгдсэн холбооны санаачлагаар уг өдрийг гурав дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Глобал коммунитс” олон улсын байгууллага болон сүү үйлдвэрлэгчид дэмжиж оролцлоо. Стратегийн хүнс болсон сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүний биед нэн шаардлагатай амин дэмүүд болох кальци, витамин D, уураг, фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудыг агуулдаг бөгөөд монгол хүний хараа хурц, шүд бөх, бие чийрэг, дархлаа сайтай байдаг нь монгол малын сүү, цагаан идээгээ өргөн дэлгэр хэрэглэж байсантай холбоотой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн байгууллагууд ажиллаж байна

Хүүхдийн баярын үеэр зохиогдох нэгдсэн урлаг, спортын арга хэмжээтэй холбогдуулан Сүхбаатарын талбай дээр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн Пост энэ амралтын өдрүүдэд өглөө 07:00-19:00 цагийн хооронд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх нийслэлийн түргэний 2 баг дээрх постуудад бэлэн ажиллаж байгаа юм. Томоохон эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасгууд 24 цагаар ажиллаж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн байшинг эзэмшилд нь үлдээнэ гэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-ийн хүүхэд багачуудтай баярыг нь хуваалцаж хамтдаа цагийг өнгөрөөв. Хүүхэд, багш нарт амьдралын хэрэгцээний цахилгаан хэрэгслүүд болон гарын бэлэг өгөв.

Хүүхдийг аливаа хүчирхийллээс хамгаалах зорилгоор нэгэн гэр бүлийн санаачлага, хөрөнгө оруулалтаар “Эрдэм төв ” байгуулагджээ. Бүтэн болон хагас өнчин, хүчирхийлэлд өртсөн, хайхрах хүнгүй болсон 30 хүүхдийг асран хамгаалснаар 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, 12 дахь жилдээ тогтвортой ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй хүүхдийг асран, өсгөж насанд хүргэснээс 14 нь их дээд сургууль, 5 нь МСҮТ-д суралцан төгсч ажил амьдралын гараагаа эхэлж, зарим нь гэр бүл, үр хүүхэдтэй болж, эмч, хуульч, гагнуурчнаар ажиллах болжээ.

“Эрдэм төв”-ийн байшин нь Нийслэлийн өмчид бүртгэлтэй бөгөөд өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэн өгөх шийдвэр гарсан талаар мэдэгдэл хүлээн авчээ. Хэрэв тус асрамжийн газрын байшинг газрын хамтаар бусдын хэрэгцээнд шилжүүлвэл өдгөө “Эрдэм төв”-д амьдарч буй 20 гаруй өнчин хүүхэд очих газаргүй болно гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэм төв”-ийн үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэжлүүлэхэд дэмжлэг үзүүлж, байшин болон газрыг тус төвийн мэдэлд бүрэн шилжүүлэх тал дээр анхаарч ажиллана гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээгийн ээж Ц.Марууш: Хилс хэрэгт тамлагдаж байгаа охиныхоо төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ

Г.ЖАМЬЯН (МУСГЗ)

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Т.Чимгээгийн ээж Ц.Марууш төрсөн дүү Т.Өнөрмөнх нартай ярилцаж байна. Энэ хоёр хүн саяхан Т.Чимгээг эргэж очиход шоронгоос захидал бичүүлэхгүй гээд цаас, үзэг оруулаагүй гэнэ. Тэгээд арга тасрахдаа Т.Чимгээгийн ярьснаар хэвлэлд ярилцлага өгч байгаа нь энэ.


-Та нар хэвлэлд тэгтлээ ярилцлага өгч байгаагүй байх. Өөрсдийгөө танилцуулаад эхлэх үү?

Ц.Марууш: -Тэгье. Манайх Дорноговь аймгийн төвд, IV хороонд нь байдаг. Төмөрхүрдийнх гэж айл л даа. Өвгөн минь таалал төгсөөд нэлээн хэдэн жил болж байна. Би хэдэн хүүхдүүдтэйгээ амьдардаг. Манайх таван хүү, дөрвөн охинтой айл. Чимгээ минь охидын том нь. Би Чимгээ болон хүүхдүүдтэй нь хамт амьдардаг юм. Насны эцэст муу юм үзэж, зовж шаналж явна даа. Миний нөхөр хуульч, прокурор хүн байсан. Өвгөн минь байсан бол биднийг ийм гашуун зовлонд учруулахгүй, шударга үнэнээр шийдүүлэх байсан болов уу гээд л харамсах юм даа. (Марууш хэсэгхэн уйлж суулаа)

-Энэ хэрэг явдал танайхны хувьд яаж эхэлсэн бэ?

Ц.Марууш: -Тэр, хүн мөчилж алаад шоронд орсон Амгаланбаатар чинь, Чимгээгийн нөхөр Бямбасүрэнтэй үеэл ах дүү нар. Амгаланбаатар шоронд орсноосоо хойш Чимгээ, Бямбасүрэн хоёр руу эргэж ир, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлүүлдэг л байсан юм билээ. Нэг нь хөхүүл хүүхэдтэй, нөгөө нь ажилтай, үргэлж эргэж тойроод байх боломж байгаагүй байх л даа. Тэгж байснаа л Амгаланбаатар маань Чимгээ рүү мессэж бичиж эхэлсэн юм билээ. “Чи С.Зоригийг алаа биз дээ. Чамайг хэргээ хүлээхгүй бол ална хядна, бариулна” гээд л эхэлсэн гэдэг. Заримдаа болохоор хоёр ах намайг халамжилж сайхан байна гэсэн мессэж бичдэг байсан юм билээ. Тэгж байтал гэнэт нэг өдөр охиныг маань Төв аймгийн автобусны буудал дээрээс 2015 оны 8 дугаар сарын 31-нд баривчлаад явчихсан байсан. Охиноо хаа байгааг мэдэхгүй арваад хонож байснаа шоронд хоригдож байгаа сураг сонссон. Тэгтэл Чимгээгийн нөхрийн хамаатан Ганхуягийг бас аваачаад хорьчихсон. Зургаан сар болгоод сулласан л даа.

-Чимгээг хаана ямар байдлаар хорьж байсан юм бол?

Т.ӨнӨрМӨнх: -Төв аймгийн мөрдөнд хоригдож байсан. Маш хүнд дарамтанд байсан гэдэг юм. Төв аймгийн хориход, эхлээд найман сар подвалын хонгилд ганцааранг хорьсон гэсэн. Өрөөнийх нь таазны 4 буланд аалзны шүлс хэрсэн, булан нь онгорхой, хаалганых нь доогуур зайтай, цементэн шалтай, дээр нь гишгэхэд шороо пургисан, хана нь хөгцтэй, чийг даасан, өдөр шөнө болж байгаа нь мэдэгдэхгүй, хонгилын өрөөнд, гадна орчинд юу болоод байгааг мэдэхгүй, балай хүн шиг болгочихсон гэдэг. Тэгэхэд нөгөө, хүн мөчилж алаад хоригдож байгаа Амгаланбаатар коридороор хорихын атаман шиг явдаг байсан гэх юм билээ. Гэхдээ “Хорин таван жилийн ялтай ялтанд шээх газар байна уу” гэж хашхичин, Чимгээгийн камерын онгорхой нүхээр хараад: “Чи муу энд байгаа юм уу!” гэж заналхийлсэн гэдэг. Тэгээд ч зогсоогүй маргааш нь шөнийн 03 цагт камер онгойлгож орж ирээд 10-15 минут хэл амаар доромжилж, хэргээ хүлээ гэж дарамталж байгаад явсан гэдэг. Маргааш өглөө нь байцаагч Бямбажав полиграфийн шинжилгээ авах гэж шинжээчтэйгээ ирэхэд нь, эгч минь урьд шөнө болсон явдлыг хэлсэн байгаа юм. Тэгэхэд байцаагч нь “тийм юм болоогүй” гэж гүтгэсэн гэдэг. Энэ өрөөнд найман сар хориод 2016 оны тадугаар сард дээд өрөөнд оруулсан юм билээ. Ээж болон биднийг уулзахаар юм ярьж чадахгүй уйлаад, намайг энэ харгис харанхуй газраас салгаж аваач гэж гуйдаг байсан. Миний эгч чинь зүрх муу, нойр булчирхай нь өвддөг, бие муутай хүн л дээ. Тийм хүнийг баривчилж, хилс хэрэг хүлээлгэхээр яаж тамлан зовоосон гээч.

-Чимгээг баривчлагдсанаас хойш танайхан ямар байдалтай амьдарч байна?

Ц.Марууш: -Зөвхөн Чимгээ биш, энэ айл бүхэлдээ сүйрлээ л дээ. Энэ хооронд олон эмгэнэлт явдал болсон. Хамгийн аймшигтай нь Чимгээгийн том охин 28 настай Өнөрцэцэг авто машины ослоор нас барлаа.

-Энэ ослын талаар хүмүүс янз бүрээр ярьж, шуугьсан л даа. Зарим нь, зориуд зохион байгуулалттай аллага ч гэх шиг болсон. Чухам юу болсон юм бэ?

Ц.Марууш: -Ээжийгээ хоригдсоноос хойш, одоогоос хоёр жилийн өмнө болсон хэрэг шүү дээ. Талийгаач Өнөрцэцэг маань үсчин юм. Ажлын газрын хэдэн хүн Сэлэнгэ рүү явж байгаад замын тойруу дээр машин нь онхолдож Өнөрцэцэг таалал төгсөөд бусад нь зүгээр. Хүн амины энэ ноцтой хэргийг нарийн шалгаж арга хэмжээ аваагүй. Чимээгүйхэн дарж өнгөрөөсөн. Эрүүл үлдсэн хоёр хүн нь хаана, юу хийж явдагийг мэдэхгүй. Бид энэ аймшигтай осол хэргийг Чимгээгээс нуучихъя гэж гэр бүлээрээ шийдсэн юм. Яагаад гэвэл шоронд ядарч зүдэрч байхад нь сэтгэл санааны их дарамт болно. Аягүй бол солиорч ч мэднэ гээд таг нуусан. Осол гарснаас хэд хоногийн дараа Чимгээгийн нөхөр Бямбасүрэн эргэж очиж уулзсан. Болсон ослыг хэлэлгүй тойруулж яриад байсан чинь шоронгийн хуяг нь Чимгээгийн дэргэд “Энэ чинь цагаалганы юм байна. Танай ямар хүүхэд үрэгдсэн юм!” гээд зориуд санаа авахуулчихсан гэсэн. Чимгээ эндээс бүх учрыг мэдэж, ухаан нь балартаж унах шахсан гэдэг. Ингэж дарамтлахын тулд, өнөөх тагнуулынхан зориуд хуягаар хэлүүлсэн байхгүй юу. Энэ хооронд Чимгээгийн хайртай эмээ нь нас барсан. Бямбасүрэнгийнх гэж айлын зовлон ийнхүү барагдахгүй л байгаа юм даа. Сүүлд: “Хэргээ хүлээчихсэн бол ийм зүйл болохгүй л байсан” гэсэн утгатай үг ч сонсогдож байсан гэдэг юм. Хүнд хилс хэрэг хүлээлгэхийн тулд дарамталж тарчлаадаг бүх л арга мэхийг хэрэглэдэг юм гэнэлээ.

-Чимгээ ер нь уИх-ын гишүүн, төрийн сайдыг алчихаар хүн үү? Ер нь зан байдлыг нь товчхон ний нуугүй танилцуулахгүй юу?

Ц.Марууш: -Миний охин цагаахан сэтгэлтэй, хүнд итгэмтгий, өр зөөлөн хүн шүү дээ. Хамт ажиллаж байсан хүмүүс нь бүгд мэднэ дээ. Улаан шоргоолжны үүрийг холуур тойрч явдаг хүн, улс төрийн том зүтгэлтнийг хөнөөнө гэж байхуу даа. Төв газраар ганцаараа явж мэддэггүй хүн, төрийн сайдынхыг олж очоод амийг нь хөнөөчихлөө гэхэд хэн итгэх юм бэ?! Тагнуул, хуулийнхан дэндүү завхрал үйлдээд байна уу даа гэж бодох юм.

-Та нар Чимгээтэйгээ хэдий хэдийд ямар байдлаар уулзав?

Ц.Марууш: -Өнгөрсөн оны есдүгээр сард Эмэгтэйчүүдийн төв хориход очиж охинтойгоо уулзсан. Нөхөр, хүүхдүүдтэй нь очиж гурав хоног уулзах ёстой байсан боловч, тог тасарсан гээд хоёр хонуулаад л хөөсөн. Хэдэн эмэгтэйтэй нэг дор байсан. Хийсэн хэрэгтэй хүн бол шийдчихсэн, хувь заяатайгаа эвлэрчихсэн байх юм гэнэ. Чимгээ маань хийсэн хэрэггүй болохоор их хүнд хэцүү юм гэж байсан. Бас ганцааранг нь хорьж байсан. Өглөө зургаан цагт босгоод орой 10 цаг хүртэл суулгачихдаг, хэвтүүлдэггүй хэцүү юм гэж байсан. Суугаагаараа үүрэглэж, хөдөлж болохгүй, жинхэнэ там-эрүү шүүлт юм гэсэн.

-Саяхан бас нэг уулзаа биз дээ?

Ц.Марууш: -Уулзлаа. Уул нь гурав хоног уулзана, хамт байна гэж очсон чинь, гурван цаг л болох шив дээ. Энэ сайд дарга нар шоронгоос захиа бичээд хэвлүүлээд байдаг болохоор нь охиноо өөрийнхөө байдлын талаар захиа бичээд аль гэсэн чинь хуяг нь цаас, бал оруулахгүй гэж хориглосон. Тэгээд охиныхоо ярьсныг чадлаараа тогтоож, зарим ганц нэг нэр усыг нь нууцаар бичиж авсан. Тэр бүхнээ л танд ярьж байгаа нь энэ шүү дээ.

-Хүмүүс бол бүх зүйл Булганаас л хамаарна гэдэг. Нүүрэлдүүлэхэд л хэлээд өгнө гэдэг л дээ. Ер нь амьд гэрч Б.Булгантай уулзсан юм болов уу?

Ц.Марууш: -Булгантай нэг ч удаа уулзуулаагүй гэсэн. Тэрээр өгсөн мэдүүлэгтээ, Чимгээг тэр үеийн зурагтай төстэй боловч, би мөн гэж хэлж чадахгүй гэсэн байдаг. Харин Амгаланбаатарыг хараад, манайд ийм хүүхэд орж ирээгүй, би эмч хүний хувьд чамд хэлэхэд мэдрэлээ үзүүл гэж хэлсэн байдаг юм билээ.

-Амгаланбаатар нь юу гэдэг юм бол?

Ц.Марууш: -Шүүх хурал дээр өмгөөлөгч нь Амгаланбаатараас “Чи яагаад худлаа яриад байдаг юм” гэж асуухад тэрээр: “Би худлаа ярьдаг. Олон жилийн ялтай учраас нар салхинд гарах гэж худлаа ярьдаг юм” гэсэн байна лээ. Охин минь бас нэг сонин баримт ярьсан. Сэжигтнүүдийг, аллага үйлдэхийнхээ өмнө нэг буудалд байрлаж байсан гэдэг шүү дээ. Тэр буудлын эзэн нь шүүх хурал дээр мэдүүлэхдээ, “Би буудлаа уг хэрэг явдал үйлдэгдсэн 1998 оноос хойш, 2002 оны үед нээгээд орлого муу байсан учир удаан ажиллаагүй хаасан” гэсэн байгаа юм.

-Алуурчидтай шатан дээр зөрсөн хоёр хүний тухай их яригддаг байсан. Бодвол шүүх хурал дээр хөндөгдөө л биз. Охин чинь энэ тухай ярих юм уу?

Ц.Марууш: -Ярьж байна билээ. Гэрчээр татагдсан тэр хоёр хүний нэг нь байхгүй, нөгөө нь “18 жилийн өмнөх хүмүүсийг одоо санахгүй байна. Гэхдээ энэ хүмүүс биш байх” гэсэн гэнэлээ. Бас нэг гэрч, тэнд байсан залуу “Энэ Амгаланбаатар мөн байна” гэж гэрчилсэн гэдэг.

-Чимгээ өнөөдөр ямар байдалтай байх юм?

Ц.Марууш: -Гурван жил хүнд хэцүү нөхцөлд хоригдсон эмэгтэй хүн ямар олиг байхав дээ. Умгар өрөөнд, суугаа нөхцөлд байсаар байгаад нуруу нь дээшээ тэнийж чадахгүй, бөгтийж өвддөг, тахийсан, нойр булчирхай, ходоод нь өвддөг, зүрх нь өвдөөд зүүн гар нь даагдахгүй болсон, шөнө унтаж чадахаа больсон байна билээ. Гар дээр нь өссөн эмээгээ, хайртай охиноо алдчихаад байхад нь хүний ёсоор оршуулганд нь ч оролцуулаагүй болохоор сэтгэл нь хямралгүй яахав. Тэхэд, Тагнуулын ерөнхий газрын Бархасбадь гэж хүн “Нүгэл чинь нүдээрээ гарч байна даа” гэж тохуурхсан гэдэг. Миний охин шоронд үхвэл амийг нь Бархасбадь мэтийн хүн чанаргүй байцаагчдаас нэхнэ. (Уйллаа)

-Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Чимгээгийн ар гэрийнхэн долдугаар сарын 8-нд эргэж очсон” гээд ярьж байна билээ. Та нарыг дуртай цагт нь уулзуулаад, анхаарал тавиад байдаг юм уу?

Т.ӨнӨрМӨнх: -Худлаа. Долдугаар сарын 1-нээс шинэ хууль, Ерөнхийлөгчийн дахин сонгууль, баяр наадам гээд биднийг уулзуулаагүй шүү дээ. Уулзана ч гэж дээ, хэцүү. Чимгээ эгч маань уйлчихна. Ээж аргадаж тайтгаруулахыг бодно. Нус нулимстайгаа холилдсон үйл явдал болно. Хажууд хянагч хараад зогсчихно. Ийм нөхцөлийн дунд л уулзахчаан болдог юм.

-Одоо та нарын хувьд ямар янзтай байна?

Ц.Марууш: -Чимгээгээс гадна, гэр бүлийн бид нар бол байнгын дарамтанд байна. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл гэж хүн болсноос хойш тус газрын байцаагч Болд, Баттөмөр гэж хүмүүс манай аймагт очиж бидэнтэй уулзсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичиж, ярилцлага өгч болохгүй гээд биднийг гарын үсэг зуруулах гэсэн. Бид зураагүй. Үндсэн хуулиар бидэнд чинь үгээ чөлөөтэй хэлэх эрх нээж өгөө биз дээ. Тэгсэн чинь, ярилцлага өгөх, бичиж нийтлэх болвол прокуророос заавал зөвшөөрөл ав гэсэн. Мэдээж прокурор зөвшөөрөл өгөхгүй шүү дээ. Эрдэнэтийн хүмүүсийг ч бас ингэж дарамталсан гэсэн. Хэнээс, юу нуугаад байгаа юм бэ? Худал хуурмаг хэрэг зохиож, жирийн иргэдийг хэлмэгдүүлж байгаагаа л нууцлаад байгаа юм. Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц өөрчлөгдөж, Д.Гэрэл гэж хүн болсонд итгэж байсан юмсан. Тэгтэл Б.Хурцаасаа долоон дор загнаж байх шив дээ. Манайхны хувьд зовлон бүхнийг үүрлээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болоод байна.

-Та нар ер нь энэ тухайгаа, төр засгийн удирдлагуудад хандаж хэлдэг үү? хэлдэг бол ямар хариу ирэх юм?

Ц.Марууш: -Хандахаар барах уу. Ерөнхийлөгч, УИХ-ын 76 гишүүнд бүгдэд нь захидал бичсэн. УИХ-ын тав зургаан гишүүн л хариу өгсөн. Бусад нь таг чиг. Хариу өгсөн хүмүүс нь, тэвчээртэй хүлээж бай. Энэ хэрэг үнэн мөнөөр шийдэгдэх цаг ирнэ л гэдэг юм. Уучлаарай, түрүү Өнөрмөнхийн ярьсан зүйл дээр би нэг зүйлийг нэмж тодруулмаар байна. Миний охин Чимгээ эхний найман сар Төв аймгийн мөрдөнд хоригдож байхдаа эмэгтэй хүн, тийм хүнд нөхцөлд зовлон даадгийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн гэдэг юм.

Анх хоригдохдоо өмсөж ирсэн хувцсыг нь сар гаруй солиулаагүй, бие засах 00-ын цаас, ариун цэврийн хэрэгсэл байхгүй, өрөөнд тавьсан хувиндаа бие засаад тэр муухай үнэртэйгээ холилдоод байдаг байсан юм билээ. Арга ядахдаа өгсөн хар цайгаар нь дотуур хувцсаа угааж өмсдөг байсан гэсэн. Өнөөдөр хорин нэгдүгээр зуунд, Ардчилсан Монголд эмэгтэй хүнийг ингэж хорьж тамлаж болдог юм уу. Одоо би бол энэ аймшигт хүмүүсийн гараас охиноо амьд мэнд салгаж авах сан гэдэг ганцхан бодолтой л явна. Хилс хэрэгт тамлагдаж байгаа охиныхоо төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Амьтад ярилцдаг болов уу?

“Урагшаа Торара урагшаа” хүүхэлдэйн кинон дээр туулай, үхэр зусаг, зараа, алтан загас хамт аж төрж, ярилцаж байгааг харж болно. Харин амьдрал дээр амьтад ярилцдаг болов уу, ярилцдаг бол юу ярьж болох талаар сонирхсон юм. “Пеппа торой” хүүхэлдэйн кинон дээр бол аав ээж гахай, Пеппа, Жорж хэмээх торойнуудтайгаа ярихгүй юм алга. Харин бодит байдал дээр амьтдын хооронд баялаг агуулгатай яриа өрнөдөг гэж үү?

АНУ-ын Калифорнийн их сургуулийн Жудит Берг гэгч Сан-Диегогийн амьтны хүрээлэнд заануудын дуу дуугаа авалцахыг хэдэн жилийн турш судалжээ. Дууны утгыг ойролцоогоор мэдэж авахын тулд найман эм заан, нэг эр зааны дууг байнга соронзон хальсанд бичиж, судалсан байна. Үр дүнд нь заанууд нийтдээ арван янзаар дуу авиа гаргаж байгааг тогтоожээ. Тэдгээр нь анхаарал татах, түгшүүр зарлах, идэшлэхийг дуудах, уурлах гэх мэт утга агуулж байв. Заанууд амгалан амьтад учраас “хов базах”-гүй, дов тойрсон хэрүүл хийдэггүй байх л даа. 1989 онд хэвлэгдсэн “Ертөнцийн гайхамшигт сонин” хэмээх номд энэ судалгааны тухай өгүүлсэн байна лээ.

Мич буюу шимпанзег “амьд”-аар нь харах боломж Оросын цирк Монголд ирэх үеэр тохиосон юм. Лола хэмээх шимпанзег сургагчтай уулзахаар циркийн нэг өрөөнд орчуулагч дагуулан очлоо. Амьтан сургагчаас сонирхсон асуултандаа хариулт авахаар хэсэг саатах зуур Лола надад таагүй хандаж байгааг анзаарав. “Лола надад дургүй байна уу даа” гэж лавлахад маань амьтан сургагч “Өрөөнд байгаа эрчүүд чамд анхаарал хандуулахаар дургүйцэж байгаа юм” хэмээн тайлбарласан. Мэдээж амьтан сургагчаас юм асууна, орчуулагч яриаг нь орчуулж таарна. Ингээд л хөөрхий Лолад өөр нэг эм хүйстэнээс эрчүүдээ харамлах мэдрэмж төрсөн хэрэг. Эмэгчин шимпанзе харин эрэгтэй орчуулагчид тун ч таатай хандаж байсан агаад биднийг өрөөнд ормогц үсэрч очоод хоёр ч удаа зуураад авсаныг яана. Хүн, мич хоёр хэл нэвтрэлцэхгүй ч ойлголцож болдог л юм байна лээ.

И.Акимушкин гэж хүний “Байгалийн сонин хачин” хэмээх номыг олон хүн сонирхож уншсан нь лав. Энэ номд сармагчинг сургаж, гайхалтай асрагч болгосон тухай өгүүлжээ. Саажилттай Уильям Пауэллийг хачирхалтай асрагч болох сармагчин Кристл асардаг ажээ. Сэтгэл зүйч Мэри Уиллард энэ сармагчинг зэрлэг амьтны хувьд амаргүй ажилд сургажээ. Онцгой аргаар хийсэн бэлтгэл сургууль бүтэн жил үргэлжилсэн байна. Дараа нь сармагчинг өвчтөнийд суулгажээ. Кристл асруулагчийнхаа дохиогоор ном, сонин авчирч өгч, гэрлийг нь асааж унтраан, хаалга онгойлгох зэргээр олон тусламж үзүүлдэг байв. Тэр ч байтугай пянз тоглуулагчийг залгаж, пянзуудыг сольж тоглуулахын зэрэгцээ өвчтөнийг халбагаар хооллож байжээ.

Өөр нэг сайн сурагч бол Өмнөд Америкийн нэгэн ферм дээр сургасан Ала нэртэй нохой толгойт сармагчин байлаа. Тэрбээр маш сайн малчин болжээ. Сармагчин эхлээд ямааны хашаанд амьдарч, сүрэгтэйгээ ижилдэн дассан байна. Ямаан сүрэг бэлчээрт гарахад хамт явна. Тэр сүргийг бусад ямаатай нийлэхээс хамгаалж, тарвал бөөгнүүлж, орой хотлуулдаг байв. Сайн малч нохойноос ч лут амьтан байж. Тэрбээр ямаа, ишигнүүдийг андахгүй. Нэг удаа мань сармагчин бэлчээр дээрээс орилсоор иржээ. Гэтэл хоёр ишиг бэлчээрт гаргалгүй хашаанд нь үлдээчихсэн байв. Сүрэгт нь 80 ямаа байсан ч хоёр ишиг байхгүйг Ала анзаарчээ. Нялх ишиг эцэж ядарвал үүрч яваад, майлж буй эхийнх нь дэлэн доогуур шургуулж өгнө. Ала эндүүрч ишгийг өөр эхэд хүргэж өгнө гэж үгүй. Ишиг сүүгээ бүгдийг шавхаж чадалгүй цадчихвал ямааны дэлэнг зангируулахгүйн тулд чинэрсэн эсэхийг нь барилж үзээд өөрөө хөхчихнө.

Үүрэг даалгаврыг биелүүлэх өндөр хариуцлага өөр бусад сармагчинд ч байдаг нь анзаарагджээ. Зарим шимпанзе өмнө нь тавьсан зорилгыг биелүүлж хүчрэхгүй бол сэтгэл санаагаар унаж, мэдрэлийн хямралд орж байжээ. Хүнтэй огт төсгүй ч ухаант амьтдын дунд рейтинг өндөртэй өөр нэг амьтны тухай “Телеграф” өгүүлснийг одоо хүргэе.

Далайн гахай яг л хүн шиг хоорондоо ярилцдаг байж болох тухай эрдэмтэд баталж байна. Эрдэмтэд усан доорх амьтдын дуу хоолойг ялган бичиж авдаг микрофон бүтээн, түүнийхээ тусламжтайгаар далайн гахайны харилцан яриаг бичиж авчээ. Сүүн тэжээлтэн амьтад шогшрох, исгэрэх зэрэг өвөрмөц авиагаар сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг болохыг эрдэмтэд нээгээд удаж байна. Далайн гахайнууд гаргаж байгаа авианыхаа өндөр нам болон давтамжийг өөрчилж, бие даасан үгсийг өгүүлбэр болгодог болохыг эрдэмтэд нээсэн нь энэ юм. Украины Феодосиа хотын Карадаг хэмээх байгалийн нөөц газрын эрдэмтэд Яаша, Яана нэртэй хоёр далайн гахайн усан сан дахь “яриаг” бичиж авчээ. Тэд нэгнийхээ хэмнэлттэй өгүүлбэрийг таслалгүй сонссоны дараагаар хариулж байсан гэнэ. Энэхүү судалгааг тэргүүлж буй Доктор Вячеслав Рябов хэлэхдээ “Тэдний энэхүү харилцан яриа нь хүнийхтэй тун төстэй. Далайн гахайны гаргаж буй авианы хэмнэл бүр нь өөр бөгөөд нэг хэмнэл нь тэдний хэлэн дэх нэг авиа, эсвэл нэг үг болов уу гэж бид таамаглаж байна. Бидний туршилтын үеэр бичиж авсан хэд хэдэн хэмнэлийг харахад далайн гахайнууд ээлжлэн өгүүлбэр хэлж, нэгнийгээ “ярьж” байхад саад болохгүй, сонсож байсан. Үүнээс үндэслээд далайн гахай нь нэгнийхээ яриаг сонсож дуусаад “ярьдаг” гэж хэлж болно. Хүний харилцан ярианы гол онцлогууд далайн гахайн хэлэнд илэрч байгаа нь тэднийг өндөр оюуны чадамжтай амьтад болохыг харуулж буй. Иймээс далайн гахайн хэл нь хүнийхтэй адил өндөр хөгжсөн байж болох юм” хэмээн тайлбарлажээ.

Эрдэмтдийн судалснаар Яаша, Яана хоёр дээд тал нь тав хүртэлх үг бүхий өгүүлбэр зохиож байжээ. Энэхүү судалгаагаар далайн гахай нь өөрсдийн гэсэн хэлээр ярьдаг болох нь гарцаагүй болсон бөгөөд одоо хэрхэн тэдэнтэй шууд харилцах талаар бодож эхлэх нь зүйтэй хэмээн Доктор Рябов үзэж байна.

“Хүмүүс бид эх дэлхийнхээ анхны оюун ухаант амьтантай харилцаа тогтоох эхний алхмаа хийх хэрэгтэй. Үүний тулд бид хүн болон далайн гахайн хоорондын харилцаанд саад болж буй хэлний асуудлыг шийдэх төхөөрөмж бүтээх шаардлагатай болж байна” хэмээн тэрээр нэмж хэлсэн юм. 2007 онд Австралийн эрдэмтэд “Би энд байна. Бусад маань хаана байна?”, “Хурдлаарай”, “Тэнд идэх юм байна” гэх зэргээр орчуулагдаж болох хэд хэдэн исгэрээг тодорхойлсон байдаг. Мөн далайн гахайнууд сэлүүрээ ашиглаж нэг төрлийн дохионы хэлээр хоорондоо харилцдаг байна. Өөрөөр хэлбэл хүмүүс яриандаа биеийн хөдөлгөөнөө ашигладаг шиг л тэд ч мөн сэлүүр, их биеэ ашиглаж буйг ажиглажээ.

Энэ жилийн эхээр Флорида дахь хэсэг эрдэмтдийн хийсэн судалгаагаар далайн гахайнууд хүнд даалгавар гүйцэтгэх үедээ асуудлыг шийдэх хамгийн боломжит хувилбарыг хайж байгаа мэт хоорондоо харилцах нь ихэсдэг болохыг харуулжээ.

Б.Эгшиглэн

Categories
мэдээ спорт

Дэлхийн аваргуудын тулаанд Францийн баг илүүрхлээ

Улсуудын аварга шалгаруулах лигийн тэмцээнүүд өндөрлөөд буй энэ өдрүүдэд шигшээ багийн нөхөрсөг тоглолтууд үргэлжилж байна.

Өнгөрсөн шөнө Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн баг 1998 оны дэлхийн аварга Францийн багтай тоглолоо. Францийншигшээ багийн дасгалжуулагч Дидье Дашем довтолгоонд Клайн Мбаффе, Антуан Грызман, Осман Дембеле нарыг довтолгоонд гарсан бол Роберто Манчини Марио Балотеллиг урд шугамд илгээсэн байв.

Тоглолтын нэгдүгээр үеийн зургаадахь минутанд Францын багийн довтлогч Клайн Мбаффе хаалганруу цохисон ч Сиригу амжилттай хаалаа. Харамсалтай нь ойсон бөмбөгийг Самуел Умтити чихэж эхний гоолыг оруулсан. Үүний дараа Францийн шигшээ багийн Лукас Эрнандес зүүн жигүүрээр довлох үед Федерико Чесиа түлхэснийг талбайн шүүгч гярхай харж торгуулийн цохилт заав. Үүнийг Францын багийн лидер Антуан Грызман гоол болгож багийнхаа тэргүүллийн баталгаажуулав. Хоёр гоол алдсан Италийн багт довтлохоос өөр сонголт үлдсэнгүй. Тэдний довтолгоо 36 дахь минутанд амжилттай болж хамгаалагч Бонуччи багийнхаа эхний гоолыг оруулснаар эхний үе завсарласан юм.

Шийдвэрлэх хоёрдугаар үед Францийн баг нягт хамгаалсан тоглолт үзүүлж, боломжтой үед нь сөрөг довтолгоо хийж байв. Үүний нэг нь 63 дахь минутад амжилттай болж Клайн Мбаффегийн ухаалаг дамжуулалтыг Усман Дембеле “чулуу” болгож энэ тоглолтын цэг тавьсан юм. Ийнхүү 1998 оны дэлхийн аварга Францын шигшээ баг хүчтэй өрсөлдөгч Италийг 3:1-ээр илүүрхэж бэлтгэл сайн буйгаа дахин нэг удаа харуулав. Тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтоо 16-ны өдөр Австралийн багийн эсрэг хийх юм.

О.ДАШНЯМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны хүрээнд ирсэн захидал, гар зургийн үзэсгэлэнг үзлээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд хүүхэд, багачуудын гар зургийн болон захидлын үзэсгэлэн дэлгэгдлээ. Энэхүү үзэсгэлэнг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, хүүхэд багачуудад баяр хүргэлээ.

Үзэсгэлэнд тавигдсан хүүхдүүдийн бүтээлүүд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны хүрээнд цугласан юм.

Энэхүү аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд улс даяарх 180 гаруй ЕБС-д суралцаж байгаа 6-18 насны хүүхдүүдээс 10516 захидал, 1268 гар зураг ирснээс Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр зураг, захидал нийлсэн 100 орчим бүтээлийг дэлгэн танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үзэсгэлэнг үзэх үеэр багачууд өөрсдийн захидал, гар зургийг тайлбарлаж, бүтээлээрээ дамжуулан улс орныхоо ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө бүтээлч санал, санаачилга, хүсэл мөрөөдөл, үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн гэдгээ хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд, багачуудад Хүүхдийн баярын мэнд хүргээд “Хүүхдүүд та бүхэн Монгол Улсын хүн амын 34 хувийг эзэлдэг. Тиймээс ч хүүхэд, багачуудын эрхийг хамгаалах тусгайлсан хууль байдаг юм. Энэ хуулийг илүү сайн хэрэгждэг болгох, хүүхдүүд та бүхний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, дуу хоолойг чинь сонсох асуудалд бид илүү их анхаарлаа хандуулах ёстой” учраас “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяныг зохион байгуулсан талаар хүүхдүүдэд ярьж өгсөн юм.

Аяны хүрээнд нийт 11784 захидал, гар зураг ирснээс давхардсан утгаараа:

  • 5 хувь нь тусламж, дэмжлэг хүссэн
  • 20 хувь нь сургууль, орон нутгийнхаа хөгжил, тохижилтын асуудлыг хөндсөн
  • 25 хувь нь хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн
  • 15 хувь нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн
  • 20 хувь нь хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг
  • 20 хувь нь улс орны хөгжилд нэмэр болохуйц шинэ санаа, санаачилга дэвшүүлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэсгэлэн үзэж дууссаны дараа хүүхдүүдтэй хамт дурсгалын зураг татуулж, үзэсгэлэнд оролцсон хүүхдүүдэд Хүүхдийн баярын бэлэг гардуулж, сайн сайхан ирээдүйг хүсэн ерөөв.

Categories
мэдээ

“Хүүхдийн тусламжийн утас 108” 24 цагийн турш үнэ төлбөргүй дуудлага авч байна

“Хүүхдийн тусламжийн утас 108” үйлчилгээний төв нь Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах, тэдний дуу хоолойг сонсох, хүүхдэд сэтгэл зүйн яаралтай болон бусад туслалцаа үзүүлэх зорилгоор 24 цагийн турш бүх үүрэн телефоны дугаараас үнэ төлбөргүйгээр дуудлага хүлээн авдаг билээ. “Хүүхдийн тусламжийн утас 108” Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр буюу Хүүхдийн баяраар хүүхдийн эрх, хамгаалал болон бага насны хүүхдүүд эцэг эхээсээ төөрөх, нарших, хоолны хордлого авсан зэрэг дуудлага мэдээллийг үнэ төлбөргүйгээр хүлээн авч, тусламж үзүүлэн ажиллаж байна.

“Хүүхдийн тусламжийн утас 108” төв нь өдөрт 400-500, хоногт 1000-1200 дуудлага хүлээн авч хариу мэдээлэл зөвлөгөө, хамгааллын үйлчилгээнд холбон зуучилдаг бөгөөд нэг ээлжиндээ гурван зөвлөгч-сэтгэл зүйч, нэг ахлах нийгмийн ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг байна.

Categories
мэдээ спорт

Фрэнк Лампард “Дерби Каунти” багийг удирдана

Алдарт “Чэлси” клубын тоглогч асан алдарт Фрэнк Лампард 2017 оны хоёрдугаар сард зодог тайлсан билээ. Англи иргэншилтэй тоглогчын хувьд шигшээ багийнхаа бүрэлдхүүнтэй багтаж олон олон дээд амжилт бүртгүүлсэн. Тэрээр Английн “Дерби Каунти” багийн ахлах дасгалжуулагчийн ажлыг хэд хоногийн өмнө хүлээн авлаа. “Дерби Каунти” баг Английн Чемпионшипэд энэ улиралд зургаадугаар байр эзэлж, Премьер лигт дэвших эрхийн төлөө плей-оффт орсон ч “Фулхэм” багт хоёр тоглолтын нийлбэр дүнгээр (1:0, 0:2) ялагдсан юм. Лампард тус багтай 3 улирлын гэрээ байгуулсан байна.