Categories
мэдээ нийгэм

Шаардлага хангаагүй 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг устгажээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, 2018 оны зургадугаар сарын 1-ний “Архигүй өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 150 ахлах байцаагч хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад нийт 477 аж ахуйн нэгж, иргэн хамрагдаж стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй 10 нэр төрлийн 2 сая 539 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, нэг сая 616 мянга 500 төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийжээ.
Шалгалтыг Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Нийслэлийн есөн дүүрэгт явуулсан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД 3” шоуны шүүгчид тодорлоо

Монгол HD телевизийн ирэх 9 дүгээр сард үзэгчдийн хүртээл болох “Авьяаслаг Монголчууд 3” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн тодорчээ.

Дэлхий дахинд монголоо таниулан сурталчлах зорилготой тус шоунд өмнөх хоёр улирлын шүүгчээр ажиллаж байсан реппер, продюсер Рокит Бэй хэвээр байгаа бол үлдсэн гурван шүүгчийг шинээр сонгосон байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд реппер, продюсер Рокит Бэй, хөтлөгч, продюсер П.Анужин, жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нар багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн шалгалтын хуваарь

Элсэлтийн ерөнхий шалгалт 2018 оны зургаадугаар сарын 18-20 ны өдрүүдэд зохион байгуулагдана. Харин ЭЕШ-ын дүн оноо жагсаалтыг 2018 оны долоодугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулах аж.

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут:

    1. Монгол хэл,бичгийн шалгалт
    2. Математик
    3. Физик
    4. Хими

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут:

    • Монгол хэл
    • Орос хэл
    • Англи хэл
    • Газарзүй
    • Биологи
    • Монгол улсын түүх
    • Нийгмийн тухай мэдлэг
Categories
мэдээ нийгэм

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд “Хувдай ишигний паян” тоглолт үзүүлэв

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газартай хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зорилтот бүлгийн хамгаалал шаардлагатай, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа болон зав чөлөөгүй ажилладаг ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийг Монголын Хүүхдийн ордонд хүлээн авч “Хувдай ишигний паян” хүүхдийн урлагийн тоглолт үзүүлж, бэлэг гардууллаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, “Нийслэлийн төр захиргааны байгууллагаас хүүхэд багачуудынхаа сайн сайхны төлөө бодлого зорилтоо тодорхойлон, аз жаргалтай амьдрах, мэдлэг боловсрол эзэмших, ардын уламжлалаа дээдэлдэг, эх оронч иргэд болон төлөвших, нийгмийн амьдралд оролцоход нь бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна. Цаашид хүүхэд, гэр бүлд чиглэсэн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж, мэдлэг мэдээллийг сайжруулах, хууль зүйн хорооны ажлыг улам бүр эрчимжүүлж ажиллах болно. Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай амьдрах орчныг бүрдүүлж, бодитой үр дүнд хүрэхийг зорин ажиллаж байна” хэмээв. Энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны зөвлөлийнхөн Сүхбаатар аймагт ажиллажээ

Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллажээ. Орон нутагт Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцтай танилцах, Төрийн албаны тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ орон нутагт сурталчлан таниулсан байна.

Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ үзэл баримтлал, зарчмын шинэ өөрчлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг, Ажлын албаны дарга Д.Баатарсайхан нар аймгийн төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулж, сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцжээ.

Тус аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар зэрэг Төрийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаж мэргэшил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Түүнчлэн төрийн албаны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлөөс 2018 оны тавдугаар сарын 30-нд зохион байгуулсан Орон нутгийн өмчийн газрын дарга,Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч, Эрүүл мэндийн газрын Анхан шатны тусламжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний сул ажлын байрны сонгон шалгаруулалтынүйл ажиллагаанд хяналт хийж, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлжээ. Сонгон шалгаруулалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим сантай холбогдож, шалгалтыг зохион байгуулж, хяналт тавьсан байна.

Сүхбаатар аймагт зохион байгуулсан удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны сонгон шалгаруулалтад орсон иргэд шалгалтын босго оноонд хүрээгүй учраас зарлагдсан ажлын байрууд нөхөгдөх боломжгүй , ажлын байр сул хэвээр үлджээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Би эндээс явахгүй” драмын жүжиг тоглогдоно

УДЭТ-ын уран бүтээлчид Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 02, 03-нд дахин тайзнаа толилуулна.

Жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор СТА Б.Цацрал, туслах найруулагчаар О.Итгэл нар ажилласан бол гол дүр Дорлигт СТА О.Гэрэлсүх, Дулмаад Б.Одгэрэл, Сэржмаад Ц.Аззаяа нар тус тус тогложээ.

Энэхүү жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биедээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндөн харуулах юм.
Тасалбар нь 10, 15, 20, 25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд УДЭТ-ын билетийн касс, WWW.TICKET.MN, үнэгүй хүргэлт 1900-1800 худалдаалж байна.

Дашрамд дурдахад, эл бүтээлийг 1959 онд Ардын жүжигчин Б.Лоовойн найруулгаар тайзны бүтээл болгон жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад Ардын жүжигчин Т.Хандсүрэн нар тоглож байжээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ зуны хүүхдийн зуслангуудын хуваарь гарчээ

Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй зэрэгцээд зуслангуудын ажиллах хуваарь гарчээ. Зуслангийн эхний ээлж энэ сарын 8-наас хүүхдүүдээ авч эхлэх юм байна.

Энэ зун нийслэлд 14 зуслан ажиллах аж. Зуслангийн хуваарийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх: Монгол Улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс нь бидний үр хүүхэд билээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Монгол хүүхдүүд” соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын урлагийн шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн тоглолтыг хүүхэд багачууд, ард, иргэд үзэж сонирхов.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх баярын нэгдсэн арга хэмжээнд оролцож, хүүхэд багачууддаа баяр хүргэж, үг хэлэхдээ, “Монгол Улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс нь бидний үр хүүхэд юм. Төрөөс хүүхдийн төлөө өнгөрсөн 66 жилийн турш болон улирч буй нэг жилд хэрэгжүүлсэн бодлогынхоо үр дүнг дүгнэж, ирээдүйн зорилгоо илүү оновчтой тодорхой болгох хэрэгтэй. Хүүхэд бүр сэтгэл амар, инээд хөөр, хайр энхрийлэл, халамжаар дүүрэн өсөх ёстой. Үүнд аавууд, эрчүүдийн оролцоо маш чухал. Эцэг хүн, Ерөнхий сайдын хувиар бүх аавууддаа алаг үрсээ ачлалт ханиа жаргааж, өргөн тэтгэж, улс орноо манлайлан хөгжүүлье хэмээн уриалж байна.

Монгол улсын хүүхэд бүрийг элэг бүтэн, хайраар дутаахгүй өсгөхийн төлөө бүх боломжоо Засгийн гаазар дайчлан ажиллана. Хүүхдийн баяр бол хамгийн сайхан баяр. Хүүхдүүд та нар минь өдөр бүр ийм баяр баясгалантай байгаарай” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Мөн энэ өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнөр бүл” улсын асрамжийн газрын 180 гаруй хүүхэд багачуудын баярт оролцож тэдний урлагийн тоглолтыг үзэж, гарын бэлгээ түгээж, тус төвийн багш хүмүүжүүлэгчдэд талархлаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга шатрын спортын төрлөөр олон улсын тэмцээнээс медаль хүртсэн хүүхдүүдтэй уулзаж, баяр хүргэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр өсвөрийн шатарчдын төлөөлөл болсон хүүхдүүдийг Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд хүлээн авч уулзаад амжилт гаргасанд нь баяр хүргэлээ.

2018 оны дөрөвдүгээр сарын 20-29-нд Албани улсын Дуррис хотноо болсон “Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д 40 орны 387 шатарчин хүүхдэд оюун ухаанаа сорьсноос Монгол Улсаас 29 шатарчин оролцож, хос алт, хос мөнгө, хос хүрэл медаль хүртсэн байна.

“Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий “Стандарт” төрөлд медаль хүртсэн тамирчид:

  • 13 хүртэлх насны охидын ангилалд “Төв” клубын тамирчин, тус тэмцээний Хошой аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Даваахүүгийн Мөнхзул түрүүлж, алтан медаль, Дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер цолны болзол хангасан байна.
  • 11 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Цэцэн нүүдэл” клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Лхагважамцын Очирбат түрүүлж алтан медаль
  • 9 хүртэлх насны охидын ангилалд “Төгс нүүдэл” клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Хүчбаярын Есүгэн 2-р байрт шалгарч мөнгөн медаль
  • 9 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Гоби чесс” клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Баттулгын Тэнүүнболд 2-р байрт шалгарч мөнгөн медаль
  • 7 хүртэлх насны охидын ангилалд “Занданшатар” клубын тамирчин Наранболдын Содгэрэлт 3-р байрт шалгарч хүрэл медаль, Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолны болзол
  • 9 хүртэлх насны охидын ангилалд “Гоби чесс” клубын тамирчин Дэлхийн шатрын холбооны дэд мастер Гантулгын Лхагважэд 3-р байрт шалгарч хүрэл медаль тус, тус хүртсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улаанбаатар төмөр зам” хоёр жилийн дараа 32 сая тонн ачаа тээвэрлэх чадалтай болно

“Улаанбаатар төмөр зам” хоёр жилийн дараа гэхэд 32 сая тонн ачаа тээнэ гэсэн зураг гарчээ. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа “2019 онд 26.32 сая тонн, 2020 онд 32 сая тонн ачаа зөөх дүр зураг бодитой харагдаж байна. 2020 он гэхэд орон нутгийн ачаа 14 сая тонн, экспортын ачаа 10 сая тонн, импортын ачаа 3.5 сая тонн болно. Үүнтэй холбогдуулж 2020 он хүртэл нэн яаралтай богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт гарсан. Мөнгөн дүн нь 261 сая ам.доллар болно. Өөрөөр хэлбэл 261 сая ам.долларыг хоёрхон жилийн дотор олж ашиглах шаардлага байна. 150-иад сая ам.долларын хөрөнгө оруулалтыг нь өөрийн хөрөнгөөр хийнэ. Үлдсэн хөрөнгийн эх үүсвэрийг нь хөөцөлдөнө. Энэ мөнгөөр суурь бүтэцдээ их засвар хийнэ. Хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчилнэ” гэж ярилаа. Тэрээр өчигдөр болсон “Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвтэй үндэсний зөвлөгөөний үеэр “Улаанбаатар төмөр зам”-ын 2030 он хүртэл хэрхэн хөгжих загварыг танилцуулсан юм.

Тээх чадлаа ингэж огцом өсгөхөд улсын, яамны дэмжлэг хэрэгтэй гэж илтгэгч онцоллоо. Төрийн зүгээс санхүүгийн байгууллагуудтай ярьж өгөх гэх мэт дэмжлэг шаардлагатай байгаа аж. Нэмж дуулгахад төмөр замын нэвтрүүлэх чадварыг хорь гаруй хувиар нэмэх систем удахгүй ашиглалтад орох бололтой.

“Болд төмөр ерөө гол” ХХК-ийн дэд захирал М.Сүхбаатар төмөр замын салбар дахь хувийн хэвшлийн оролцоо, бэрхшээл, шийдэх гарцуудын талаар хөндлөө. Хувийн хэвшил төмөр замд орж ирээд арван жил болсон аж. Нийт төмөр замын 4.6 хувь нь хувийн хэвшилд ногддог гэнэ. Ажиллагсдын дөрвөн хувь нь мөн хувийн хэвшилд харьяалагддаг юм байна. Илтгэгч Монголд байгаа ачааны вагоны 50 гаруй хувь нь хувийн хэвшлийнх гэсэн сонирхолтой статистикийг мөн онцоллоо. Түүний илтгэлээс төмөр зам дээр мэдээллийн технологи ашиглах ёстой гэсэн санаа содон дуулдав. М.Сүхбаатар “Тулгарсан асуудлаа хамтдаа шийдэхгүй бол бие биеэ шүүмжилж суугаад тээх ёстой ачааг газраас хөдөлгөж чадахгүй. Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг ажил болгох талд хамтдаа анхаарах хэрэгтэй” гэсэн үгээр илтгэлээ төгсгөлөө.

“Нортерн рейлвейс” компанийн төслийн зөвлөх Д.Хосбаяр “Монгол Улсын төмөр замын хойд коридор, Эрдэнэт-Овоотын төмөр зам” гэсэн сэдвээр илтгэл тавив.Австралийн “Аспайр майнинг” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани Эрдэнэт-Овоотын төмөр замын төслийг хэрэгжүүлж байгаа юм. “Аспайр майнинг” манай улсад хоёр чиглэлээр ажилладаг. Овоотын ордын ашиглах уул уурхайн төслөөс гадна хойд чиглэлийн гэгддэг Эрдэнэт-Овоотын төслийг хэрэгжүүлж буй. Төмөр замын төслийн тухайд олон улсын банк санхүүгийн байгууллагын шаардлагыг хангахуйц ТЭЗҮ-ийг боловсруулж дуусчээ. Өмнө нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас тус төсөлд 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт олгож болох юм гэсэн сонирхол илэрхийлж байж. Түрүү жил Эрдэнэт-Овоотын төмөр замын чигийг Засгийг газраас баталжээ. Өнгөрсөн онд тус компани Улаанбаатар төмөр замтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан аж. ОХУ-ын талаас, тэр дундаа Тува улсын зүгээс Эрдэнэт-Овоотын төмөр замын төсөлд анхааран ажиллаж байгаа гэнэ. Хоёр жилийн өмнө “Нортерн рейлвейс” компани Тувагийн Засгийн газартай санамж бичиг байгуулж мэдээлэл солилцон хамтарч ажиллаж эхэлжээ. “Улаанбаатар төмөр зам”-тай энэ оны хоёрдугаар сараас хамтарсан ажлын хэсэг байгуулсан гэсэн мэдээллийг Д.Хосбаяр өглөө. Эрдэнэт-Овоотын төмөр замын хувьд гурван улсын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрт хойд коридорт нь багтжээ. Илтгэгч “Бусад коридоруудтай өрсөлдөх чадвартай эсэх дээр 2016 онд судалгаа хийлгэсэн. ОХУ, Хятадын хоорондын худалдаа 2016 онд 80 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ үзүүлэлтийг 100-200 тэрбумд хүргэх зорилтыг хоёр хөрш тавьсан байгаа. Манай улс газар зүйн байрлалын давуу талаас транзит тээврийн том боломж бий” хэмээн ярилаа.

ТЭЗҮ-ээр энэ чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажилд 1.25 тэрбум ам.доллар зарцуулах тооцоо гарчээ. Барилга угсралтын хугацааг нь таван жилээр тооцжээ. Д.Хосбаяр Эрдэнэт-Овоотын төмөр замын онцлогийг “Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа. 30 жилийн дараа төмөр замыг ямар ч төлбөр тооцоогүйгээр 100 хувь төрд хүлээлгэж өгнө” гэж тодорхойлов.

Төмөр замчдын үндэсний зөвлөгөөнийн төгсгөлд оролцогчдын санал дүгнэлтэд үндэслэж зөвлөмж гаргасан юм. Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж батлуулах ажил хэзээ мөдгүй эхлэх нь тодорхой болжээ. Үүнээс гадна эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн жагсаалтад батлагдсан төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх гурван талт арга механизмыг бүрдүүлэх гэсэн өгүүлбэрийг зөвлөмжид тусгасан байна. Төмөр замын хойд коридорыг эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад оруулах тухай ч засгийн хэмжээнд анхаарах бололтой. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бү-тээн байгуулалтад санхүүжүүлэлтийн асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар зөвлөмжид онцолжээ. Мөн Нарийнсухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын маргаантай асуудлыг богино хугацаанд шийдвэрлүүлэх гэсэн өгүүлбэр ч зөвлөмжид багтжээ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах, Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн хөтөлбөрийг шуурхай боловсруулж батлуулах, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нйиэгмлэгт тулгараад буй томоохон өр зээлийн асуудлыг шийдвэрлүүлэх гэх мэт асуудал ч зөвлөмжид туссан байна.