Швейцарийн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч Агота Кристоф 1935 онд Унгарт төржээ. Гэвч 1956 онд Унгарт гарсан улс төрийн үймээний үеэр нөхөр, дөрвөн сартай нялх охины хамт эх орноосоо дүрвэн гарч Швейцарийн Ньюшатель хэмээх франц хэлт хотод ирж суурьшсан байна. Түүний “Том дэвтэр” , “Нотолгоо” , “Гурав дахь худал хэлэлт” гэсэн гурамсан роман нь түүнийг франц хэлтнүүдэд төдийгүй дэлхий дахинаа таниулж чаджээ. Иймээс түүний “Нотолгоо” хэмээх номыг уншсан юм. Нэгдүгээр дэвтэр болох “Том дэвтэр” ном тодорхой гарчигуудад хуваагдаж байсан бол “Нотолгоо”-г зүгээр л нэг хоёр… гээд дугаарлаад явчихаж. Бас хүмүүс нэр устай болчихсон байна. “Нотолгоо” Лукасын аавынх нь цогцсыг олсон цэргүүд гэрт нь ирж буйгаар эхэлнэ. “Юу ч мэдэхгүй, хараагүй, сонсоогүй. Би мэдрэл муутай” гэсэн нь түүний баригдахгүй гэсэн жүжиглэлт болов уу. Зохиолын гол баатар болох Клаус, Лукас гээд ижилхэн үсгүүд орсон, тонгорсон нэртэй хоёр ихэр хүү яг үнэндээ оршдоггүй мэт. Ганцаардахаас айсан, ганцаардлыг тэвчишгүй тэр нэг хүү өөрөө өөртөө төсөөллийн ихрийг үүсгэсэн ч юм уу. Зохиолч эмэгтэй дэлхийн хоёрдугаар дайны цаг үед өөрөө яг зэрэгцэн амьдарч байсан юм билээ. Гэхдээ зохиолоо зүүд юм шиг бичсэн нь анхаарал татна. Аль нь бодит, аль нь төсөөлөл болохыг бүрэн мэдрэхэд тун бэрх. Хаанаас үнэн эхэлж, хаана худал дуусч байгааг ч хэлж мэдэх аргагүй. Нэг өгүүлбэрт үнэн гэж бодож явсан зүйл өөр нэг өгүүлбэрт няцаагдана. Бичих хүүрнэх хэлбэр нь шулуун, товч тодорхой хэрнээ их ээдрээтэй, зальжин юм. Мөн дайны үеийн тэр ёс бус аймшигт үхлүүд, хань ижлээ алдаж, уй гунигт живсэн өнчин зүрхнүүд, төсөөлөхөд ч бэрх ээдрээт эр эмийн харилцаанууд, ижил хүйстнүүд, тэмцэж ядан байгаа уран бүтээлчид гэхчилэн дайны үр дагаварт юу болж байсныг маш товчхоноор шулуухан өгүүлжээ. Нэгдүгээр дэвтрээс илүү хувь хүний ертөнц рүү өнгийж, өнөөх л өнө мөнхөд оршсоор байдаг хайрын ай савыг тэмтэрсэн аж. Тухайлбал, Клаус хил давснаар эмээгийн байшинд үлдсэн Лукасын амьдрал үргэлжилнэ. Дайн түүнээс бүхнийг авч оджээ. Тэр хайртай хүмүүсээ алдаж, орь ганцаар уй гунигтай амьдарна. Эцэгтэйгээ ёс бус харьцаатай байсан Ясмин бүсгүйг санаандгүй байдлаар гэртээ амьдруулдаг. Сэтгэл зүрхнийх нь хоосон орон зайг түүний хөгжлийн бэрхшээлтэй хүү Матияас нөхөж байгааг бэлхнээ харж болно. Хүн хүнээрээ, хүн хайраар дутдаг гэдгийг олон үггүй илэрхийлжээ. Хэвийн бус гурван хүн ийнхүү нэг гэрт амьдарна. Харин нэг л өдөр Ясмин тэднийг орхин одно. Дахиад л Матияасын оршихуйн асуудал хөндөгдлөө. Хайраар дутаж өссөн хүний сэтгэл зүй үргэлж “хэзээ хаягдах бол” гэж түгшиж явдаг. Бяцхан Матияас яг л ийм байдалд орно. Тэгээд л тэр амиа хорлохыг илүүд үздэг. Ингэвэл мэдээж хэнд ч хаягдахгүй. Лукасын хөндий зүрхийг нь дүүргэж байсан Матияас ч тэр, Клара ч тэр бүгд үгүй боллоо. Лукас эхийн хайраар дутаж өссөн болохоор өөрөөс хавь эгчмэд Клараг сонгосон биз. Тэд бүгд алга болсноор Лукасын оршихуй дахиад л хөндөгдөв. Ийнхүү хоёрдугаар дэвтрийн төгсгөл ёстой цочир сонин. Эцсийн эцэст Клаус, Лукас гэх хоёр ихэр байсан юм уу, эсвэл ганц Клаус Лукас гэдэг ганц хүн байсан уу. Үүний нэгдүгээр дэвтэр болох “Том дэвтэр” дээр бичиж үлдээсэн зүйлс тэдний үнэн түүх юм уу. Эсвэл… гээд гайхаш барсан олон асуулттай үлдээсэн “Нотолгоо” байлаа. Хариултыг “Гурав дахь худал” номноос авах болов уу. Энэ мэтчилэн уншигчдын сонирхлыг илт татахуйц гурамсан романаараа зохиолч алдаршжээ.
Month: June 2018
-ӨНДӨР-УЛААН СУМЫН СУРГУУЛИЙН 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ-
Одоогоос 58 жилийн өмнөх төмөр хулгана жилийн намар гэж өвс ногоо өтгөн ургасан, уулын ам бүрээс булаг шанд ундарсан, хүн малын зоо нь тэнийсэн, “Чулуут”, “Баянгол”, “Хануй”, “Азарга”, “Цагаан булаг”, “Цахир”, “Шаврын гол”-уудын ус нь эргээсээ халин урссан, уулын ой мод нь өтгөрөн шаргалтсан, унаган залуу байгаль байлаа. Ийм цаг үед хөх ногоон даалимбан дээлтэй, улаа бутарсан хацартай, хээ шаагүй, хөдөөний малчин айлын төрмөл хүрэн бор царайтай, 34 хүүхэд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын тэр үеийн долоон жилийн сургуульд нэг анги болж байв. Ангийн багш Ж.Ричиндаш гэж галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй бие сэтгэл, хэл яриа, үйл хөдлөл нь цоглог, инээд тодруулсан залуухан эрийн сурагчид боллоо.
Биднийг 1-6 дугаар анги төгстөл багш минь “А” үсгийн эхлэлээс, тооны хүрдийн цээжлэлээс цаашид суралцах ирээдүйн замыг зааж, чиглүүлж өгсөн буянтан юм аа. “Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэдэг дээ. Тэгвэл манай багш монгол бөхийн удамтай, аав нь сумын наадамд гурван удаа түрүүлж байсан сумын заан Жандаг гэх буурал байсан сан. Тэдний хүүхдүүд дундаас манай багш Ж.Ричиндаш суманд нэг түрүүлж, гурван удаа үзүүрлэсэн сумын заан юм. Түүний дүү Ж.Батдорж гэж сумын заан байв. Харин багшийн хүүхдүүд нь улсын начин Р.Цоггэрэл, аймгийн арслан Р.Түвшинбаатар нар. Манай багш урлаг спортоороо сумандаа од нь байлаа. Тэрбээр гар бөмбөг, ширээний теннис сайн тоглодог, сумын клубт дуучин, бүжигчин, найруулагч болдог. Түүнийг сургуулийн хашааны хаа нэгтээ чанга дуугарахад тоглож, сахилгагүйтэж байсан хүүхдүүд чимээгүй болж хичээлдээ ордог байлаа. Тэр үеийн залуусын гоёл болсон герман цагаан малгай духдуулсан, монгол дээлийг маш цэвэрхэн өмсөж, гутлаа гялалзтал тосолж, гэнэн цагаан сахилгагүй нэгэнд хайртай, самбар дээр зурсан мэт бичдэг багш байлаа.
Бидний үеийнхэн аав ээжийнхээ дэргэд нэгдэл нийгмийн мал маллах, эмнэг хангал сургах, хурдан морь унах, хашаа хороо барих, хадлан өвс, түлээ бэлтгэх, сааль сүү авах, идээ цагаа хийхэд гаршсан, бие хаа томтой, их ажилсаг хүүхдүүд байжээ. Ангийнхан дотор хичээл номондоо сайн, төлөв томоотой, сахилгагүй ч хүүхдүүд байлаа. Манай ангийнхан “Бадрал” нэгдлийн хадлан өвс бэлтгэх, “Хануй”-н баригадын төмс ногоо хураах, сургуулийн шургааган хашаа барих, өвлийн түлээ бэлтгэх ажилд хавар бүр явж, нэгдлийн жолооч Н.Гончиг гуайн “ЗИС-5” машинаар олон удаа мод ачиж буулгаж, хагалж хөрөөдөж бэлтгэсэн дээ. Дотуур байранд суудаг хэд, гадуур айлаар суудаг хэд маань нийлж, сургуулийн зарим багш, сум нэгдлийн албан хаагчдын гэрийн түлээг хөрөөдөж хагалах, охидууд маань цагаан сарын бууз, банш хийж, шар тосны сайхан боорцог олж идэх гэж л ажилладаг байлаа. Сургуульдаа мориор ирж, хичээл тараад замдаа уралдаж давхисаар хариад даалимбан цүнхээ гэртээ оруулж тавиад, малчин айлын бүхий л ажилд ханцуй шамлан ордог доо. Хагас, бүтэн сайн өдөр өвөл хаврынхаа сумын төвд байх үеийн түлшний модоо уулнаас бэлтгэж, үхэр тэргээр газар газраас орж ирдэг байсан. Бид чөлөөт цагаараа бөх барилдах, гар бөмбөг, ширээний теннис тоглох, Баянголын мөсөн дээр тэшүүрээр гулгах, Урангийн аманд цанаар гулгах, гахай, матик цохих, гэрийн унинд товх хадаад сургуулийн хойд толгой дээрээс дүнзэн дэлгүүр хүртэл гулгадаг байлаа. Тэр толгой маань улам намсаж, урд хэсэг газар нь хонхойн доошилж байгаа нь, газар хатаж, хавчиж байгаагийн шинж үү дээ. Ингэж хүүхэд бага насаа үдэн өнгөрөөж, нэг мэдэхэд долоон жилийн сургуулийн сүүлчийн долдугаар ангийг төгсөх, 1966 оны есдүгээр сарын 1-нд зургадугаар ангийн “А” ба “Б” бүлгээс 36 хүүхэд нийлж орсон юм аа. Бидний дундаас нэг хэсэг нь мал дээр гарч, зарим нь завсардаж хоцорсон биз ээ.
Зуны турш сургуулийн хүүхдүүдийн дуу чимээ тасарч байх үед ангийн багшаар Г.Чимэдрэгзэн гэж тоо, физикийн мэргэжилтэй залуу ирж буй сураг гарах нь тэр. Сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт болж, томоос том хүүхдүүд цугларч байтал дунд зэргийн нуруутай, зассан шагай шиг цэвэрхэн, тэр үеийн хэллэгээр гонжоом өмсөж, ромбо зүүсэн багшийг сургуулийн захиргаанаас бидэнд танилцуулж, яриа хөөрөө болов. Хоёр анги нийлсэн болоод ч тэр үү, нэлээд задгай байсан хэд хоногийг ангийн багш маань ажиглаж, төгсөх анги учраас биднийг нэг гарт барьж ажиллах чигийг сургуулийн захиргаанаас өгсөн бололтой. Багш маань бидэнтэй нэг бүрчлэн уулзаж, судалгаа гарган авч, ар гэрийн байдлыг маш сайн судалж, өмнөх зургаан жилийн дүнг хичээл нэг бүрээр гаргаж, цаашид яаж ажиллах, ямар сургуульд орох санал хүсэлтийг сонсож, сургуулийн захиргаанаас багш нар хичээлд гэнэт ирж сууж, хяналт тавьж, оройн цагаар олон цагийн давтлага өгч ажилладаг байсан. Г.Чимэдрэгзэн багш элэг нэгт ахан дүүсийнхээ хүүхдүүдийн төлөө чин зүрхнээсээ ажилласнаар сурлагын түвшин жигд сайжирч байв. Анги төгсөх улсын шалгалтандаа сурлага чанарын өндөр амжилт үзүүлж, ангиараа шахам техникум, арван жилийн хувиар авч их амьдралын харгуй замд хөл тавьсан юм даа.
Ангийн андуудаас Ж.Орилбий, Б.лхагва-сүрэн, Н.Өлзий-Орших, Чимидравдан, Б.Чойжилсүрэн, Бадам нар их, дээд сургууль төгсөж, Ө.Гарвуулхаасүрэн, Ч.лонжил, Ж.Жавзандорж, П.Галбадрах, Ж.Чимэдцэеэ, В.Наранцэцэг, М.Пүрэвдулам, Х.Цээван, Н.Сосорбарам, Ш.Бумууноров, Я.Марууш нар, Г.Нямжав, А.Жадмууцол, Н.Дашцэрмаа, Ч.Замдий, С.лхагвасүрэн, Ж.Дамцагдулам, Д.Хандсүрэн, Б.Пунсалдулам нар техникум төгсөж, сумын Засаг дарга “Атар Өргөө” ХХК-ийн захирал, банкны захирал, авто, ойн болон барилгын инженер, багш, Ня-Бо, цэцэрлэгийн багш, Үйлдвэрчний эвлэлийн ажилтан, эмч, сувилагч, нисгэгч, холбоочин зэрэг албыг нэр төртэй өргөж явхын сацуу эх орныхоо хэрэгцээт газарт ажиллаж, амжилт бүтээлийн эзэд болцгоосон билээ. Бага анги болон долдугаар анги төгсөгчдөөс МҮОНРТ-ийн ажилтан байсан Дондовравдан гавьяат холбоочин, Азарга багийн Пүрэвсүрэн аймгийн хошой аварга малчин болж, Төрийн дээд одон медальтан, салбарын тэргүүний ажилтан, байгууллагын аварга болсон хүмүүс хэд хэд байна. Ангийн нөхдөөс олон сайхан анд маань хорвоогийн мөнх бусыг үзүүлж, мартагдашгүй сайхан дурсамжууд сэтгэлд хадгалагдан үлдэж дээ.
Төрийн Захиргааны болон Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан Ж.Орилбий
“ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх орны үзэсгэлэнт газрууд болон гадаад орноор хямд өртгөөр аялах боломжийн талаар мэдээллийг нэг цэгээс авах, дотоодын аялагчдын байгаль орчинд ээлтэй аялах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Монгол Улс маань гайхалтай сайхан байгаль, нүүдэлчин ахуй соёл, найрсаг зочломтгой ёс заншилтай аялан жуулчлах хамгийн таатай орон билээ. Аялан жуулчлах цаг агаарын хамгийн таатай байдал бүрдсэн энэ үед энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж нийслэлчүүддээ амралт, чөлөөт цагаараа эх орондоо төдийгүй хилийн чанадад хэрхэн, яаж зүй зохистой, зөв төлөвлөлттэй аялах талаарх мэдээллийг нэг дороос өгч буйгаараа онцлог болж байна. Энэ жилийн үзэсгэлэнг “Цайны замаар аялахуй” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы төрийн болон аялал жуулчлалын байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн иржээ. Түүнчлэн Ховд аймгийн Аялал жуулчлалын газар хамтран эх орноо, аялал жуулчлал, түүх соёлоо сурталчилж байгаад талархал илэрхийлье. Аялагчид, амрагчид, нийслэлчүүд та бүхэнд сайхан аялж амрахыг хүсье” гэв.
Монгол Улсад хүрэлцэн ирэх жуулчдын тоог тэргүүлдэг манай урд хөрш БНХАУ-аас ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны Хамтын ажиллагааны газрын орлогч дарга Му Вей болон Эрээн хотын орлогч дарга Ду Дэ Шин тэргүүтэй 50 гаруй төлөөлөгчөөс гадна дотоодын 80 орчим аж ахуйн нэгж, байгууллага үзэсгэлэнгийн үеэр улс орноо, аялал жуулчлалаа сурталчилж байна.
Түүнчлэн арга хэмжээний үеэр аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачдын илтгэлүүдийг сонсох боломжтойгоос гадна спорт сонирхогч залуут зориулан “Ulaanbaatar travel cup” хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, Улаанбаатар чуулгын авьяаслаг уран бүтээлчид үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан гайхамшигт тоглолтоо өдрийн турш толилуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өнгөрсөн баяр амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 20 байгууллагын 500 гаруй алба хаагчид хэв журмын хамгаалалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллажээ.
Өнгөрсөн хоногт иргэд байгууллагаас 1,634 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгасан байна.
Үүнээс Д.Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд төөрсөн 60 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Соёлын тэргүүний ажилтан дуучин А. Түмэн-өлзий “Нандин xайрын цэцэгс” шинэ уран бүтээлээ толилууллаа. Дууны шүлгийг Ж.Даваадамдин, аяыг МУСТА Н.Баасандорж зохиожээ.
Засгийн газрын тусгай сан Шинжлэх ухаан технологийн сангийн 25 жилийн ойн хүрээнд нийгэмд чиглэсэн бүтээлч ажлын хүрээнд AR технологитой дижитал 4D “Kids science” цуврал номын эхний дугаар болох “Амьтан судлал” ном худалдаанд гарлаа.
Боловсролын инновацийг дэмжиж, сургуулийн өмнөх, сургуулийн бага, дунд насныханд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой уг номыг “Аргун” үндэсний контент үйлдвэрлэгч гарааны компанийн авьяаслаг залуус зохион бүтээжээ. Дурын ухаалаг утсан дээрээ “4D Амьтад” аппликэйшнийг татан ухаалаг төхөөрөмжийн камерыг номон дээрх амьтад руу чиглүүлэхэд тухайн амьтан амилж гурван хэмжээст дүрслэлээр дэргэд нь байгаа мэт харуулахаас гадна тэдний амьдрах орчин, үр төл, хоол тэжээл онцлог шинжийн талаар сонирхолтой мэдлэг мэдээллийг олгож хүүхэд багачуудыг хийсвэр болон бодит орон зайн гайхамшигт ертөнцөөр аялуулах юм.
Энэхүү номыг ашигласнаар хүүхэд багачууд шинжлэх ухаанд дур сонирхолтой болох ирээдүйн төлөвшилд нь хувь нэмэр оруулах зорилготой аж.
Шинжлэх ухаан технологийн сангийн захирал доктор Д.Энхжаргал хэлэхдээ, “Амьтан судлал” мэдээллийн технологид суурилсан дижитал 4D “Kids science” цуврал номыг гаргаж эхэлж байна. Хүн бол байгалийн амьтан. Байгаль дэлхийтэйгээ танилцаж, танин мэдэж байдаг. Бид эхний дугаар болгож 2-12 насны хүүхдэд зориулж анхны мэдээллийн технологийн дэвшил шингэсэн номыг гаргалаа. Монгол зан үйл монгол ахуй, монгол хэлний чиглэлээр дараагийн 4D ном хийхэд бэлэн болоод байна” гэлээ.
Номын нээлтэд БСШУСЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Хүүхдийн номын ордны захирал Д.Оюунбилэг, Хүүхдийн номын зохиолч О.Сундуй, БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга, доктор Д.Одгэрэл, ШУТСангийн захирал доктор Д.Энхжаргал, Start-Up “Аргун” ХХК-ийн захирал Н.Бямбагэрэл, ХБК-ийн сурагчид болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.
Умард Солонгосын удирдагчтай хийх уулзалтаа цуцалж байгаагаа Д.Трамп долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан хэдий ч Ким Ён Чольтой уулзсаныхаа дараа тэрбээр тус уулзалтыг хийх бодолтой хэвээр байгаагаа ийнхүү мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр Умард Солонгосын эсрэг авч хэрэгжүүлж магадгүй хориг арга хэмжээнүүдийг одоохондоо авч хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдэхийн сацуу Умард Солонгосын “дээд зэргээр шахалт үзүүлэх” гэдэг үгийг дахин ашиглахыг хүсэхгүй байна гэж мэдэгдсэн байна.
НҮБ-ын “Хүн амын сан”-гийн дэмжлэгээр нийслэлийн ЕБС-ийн эмч нарын дунд “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг тавдугаар сарын 28-наас энэ сарын 08-ныг хүртэл зохион байгуулж байна.
Сургалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, ХӨСҮТ, Монголын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо, охид залуус, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвтэй хамтран зохион байгуулж буй юм.
Сургалтын үр дүнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан эрүүл мэндийн хичээлийн цагт “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт хийх 206 сургагч багшийг бэлтгэх аж.
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг баруун бүсийн таван аймгийг хамруулан Ховд аймагт зохион байгуулж байна.
Тус дадлага сургуулийн хүрээнд ОБЕГ-ын Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын 80 орчим аврагч, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын 10 гаруй аврагчтай хамтран зохион байгуулж буй урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан онолын болон дадлага сургуулиуд үргэлжлэн явагдаж байна.
Дадлага сургуулиудын үйл ажиллагаатай ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян танилцсан юм.
Монгол, Америкийн аврагчид уулнаас эрэн хайх аврах ажиллагааны дадлагыг аймгийн төвөөс хойш 12 км зайд байрлах “Шүүтийн тохой”-д, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг аймгийн төвөөс хойш 60 км зайд Мянгат суманд орших “Ховд” голд зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хоёр хүүхэд зам тээврийн осолд өртөн гэмтэж, 23 хүүхэд алга болсон дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Жил бүрийн хүүхдийн баяраар 100 гаруй хүүхэд алга болдог тул сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байсан. Энэ жилийн хувьд харьцангуй тайван баярлажээ.
Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 102 утсанд 1428 дуудлага, 101, 105 дугаарын утсанд 21 дуудлага иржээ. Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад харьцангуй бага тоо юм. Жил бүрийн хүүхдийн баяраар хүүхэд эцэг эхээсээ төөрөх тохиолдол цөөнгүй гардаг. Цагдаагийн байгууллагаас үүнийг анхааруулсаар байсан. Харин өчигдрийн хувьд хүн алга болсон гэх 34 дуудлага иржээ. Үүний 23 нь насанд хүрээгүй хүүхэд байсан байна. Одоогоор 12 хүүхэд олдоогүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг шалгах, сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн хайх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулан ажиллаж байна.