Categories
мэдээ цаг-үе

Физикийн шинжлэх ухааны салбарт цойлж яваа залуу эрдэмтэн

Улс орныг хөгжүүлэхэд Шинжлэх ухааны салбар чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай улсын Шинжлэх ухааны академи холбогдох бүх талын ажлыг бэхжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны боловсон хүчин бэлтгэх ажлыг сайжруулж, эрдэмтдийн хүч чармайлтыг үндэсний эдийн засаг, соёлын хөгжлийн хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж, академийн хүрээлэнгүүдтэйгээ нягт холбоотой ажиллаж байгаа юм. Мөн Шинжлэх ухааны академи нь 1961 оноос хойш нэрт эрдэмтдээр эгнээгээ өргөжүүлж, нийт 126 эрдэмтэн академийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон байна. Эдүгээ салбар салбарын тэргүүлэх эрдэмтдээс бүрдсэн 59 гишүүн буюу академичтай болжээ. Энэ удаагийн “Танайд өнжье” буландаа тус академийн Физик технологийн хүрээлэнгийн Аналитик лабораторийн эрхлэгч Э.Уянгыг онцоллоо. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Орчин үеийн физикийн шинжлэх ухаан, материал судлал, эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой “Устөрөгч энергийн үүсгүүрт ашиглах цагаан алттай нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа” сэдэвт бүтээлээрээ Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн залуу эрдэмтэн юм.

Түүний нээлтийг тодруулбал, уг нэгдлийн бүтэц нь цахилгаан дамжуулал сайн, өндөр температурт тогтвортой, каталик идэвх өндөр, хямд үнэтэй, зэврэлд тэсвэртэй зэрэг шинж чанарыг агуулсан байна. Уг арга технологийг өөрийн хүрээлэнгийн лабораторийн нөхцөлд тохируулан нутагшуулсан нь шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид олгодог шагналыг авах үндэс нь болжээ. Тэрбээр нөхөртэйгөө хамт Физик технологийн хүрээлэнд ажилладаг юм билээ. Түүний гэр бүлийн хүнийг Н.Жаргалан гэдэг бөгөөд тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан. Биднийг тэнд очиход Э.Уянга туршилт хийдэг лабораторио танилцууллаа. Ажил нь өглөөний 08.30-аас эхэлдэг гэнэ. Тэрээр “Устөрөгч энергийн үүсгүүрт ашиглах цагаан алттай нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа”-ны ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэв. Аналитик лабораторид өндөр температурт шатаалт хийж байгаа бөгөөд 27 цагийн турш үргэлжилдэг байна. Одоогоор хүрээлэн дээрээ материалын судалгааны ажлуудаа хийсээр байгаа аж. Түүнийг материал судлаач гэж хэлж болно. Нобелийн шагналыг хүртсэн Графен гэсэн өвөрмөц шинж чанартай материал гэж бий. Үүний адил, тэрхүү материалын шинж чанарыг сайжруулж, хэрэглэх боломжтой гэсэн судалгааг явуулж байна лээ. Наноматериалын лабораторид Лити-ион батарейн анод, катодын материал, түлшний элементийн катализаторын материалыг химийн аргаар гарган авдаг юм. Хамгийн сүүлд Графенийг оксиджуулах туршилт хийсэн гэнэ. Үүний дараа зуухан дээр хатаагаад, шатааж, цэвэршүүлж өндөр цэвэршилттэй материалыг гаргадаг ажээ. Наноматериалын лаборатори нь одоогийн байдлаар дээрх гурван чиглэлээр ажиллаж байгаа гэдгийг Э.Уянга ярилаа. Түүний оролцон ажиллаж байгаа хэсэг нь катодын материал бөгөөд удирдан ажиллаж байгаа аж. Түлшний элементийн катализатор гэдэг материалын туршилт, судалгааны ажлаар тэрээр докторын зэргийг хамгаалсан байна. Манай улсад батарей үйлдвэрлэх үйлдвэр байхгүй. Гэхдээ тус хүрээлэн дээр батарей үйлдвэрлэх технологийг лабораторид нутагшуулж, товчон батарейг гаргаж авдаг юм байна. Батарейнд хасах, нэмэх гэж цэнэг бий. Үүнийг тус тусад нь химийн туршилтаар гаргаж авдаг гэнэ. Аналитик лаборатори нь тухайн материалын шинж чанарыг судалж, багаж, тоног төхөөрөмжөөр хэмжилт хийх зэрэг нарийн нандин ажлыг гүйцэтгэдэг юм билээ.

Тус лаборатори шинжлэх ухааны байгууллага, МУИС, ШУТИС-ийн хийж буй материалуудыг тодорхой үнэ тарифтай хэмжиж өгдөг байна. Тухайлбал, саяхан ШУТИС-ийн докторант усны талаарх шинжилгээг хийлгэхээр иржээ. Увсаас төрөл бүрийн нуур, рашаанаас авчирсан уснуудыг тус бүрт нь шинжлүүлэхээр авчирчээ. Эдний хүрээлэн Их энергийн салбар, Онолын физикийн салбар, Биофизикийн салбар, Техник технологийн салбар, Материал судлалын салбар гэж хуваагдан ажилладаг аж.

Наноматериалын лабораторид

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ НОМЫН САНГААС САЛАХАА БАЙСАН ҮЕЭ ДУРСАВ

Э.Уянга Хэнтийн аймгийн Батширээт суманд 1987 онд төржээ. Батширээт суманд бага насаа ээж, эмээтэйгээ өнгөрүүлсэн байна. Ээжийн амин хайртай ганц охин нь гэнэ. Долдугаар ангиа төгсөөд Өмнөдэлгэр сумын сургуульд шилжин сууж, аравдугаар ангиа төгссөн байна. Ингээд МУИС-ийн Физик-электроникийн ангид 2004 онд элсэн оржээ. Тэрээр дунд сургуульд байхдаа багш, эмч, хуульч болно гээд л янз бүрээр төсөөлөн боддог байж. Есдүгээр ангийн багш нь Физикийн хичээлийг гүнзгийрүүлэн сургаж, хичээлээр шахаж, сонирхлыг нь нээж өгчээ. Оюутан болсон анхны жилдээ хамгийн хатуу, чанга багшийнхаа хичээлд тааруу дүн авдаг байснаа нуусангүй. Үүнээс хойш, хичээлдээ маш сайн чармайж, хичээх ёстой юм байна гэдгийг ойлгож, Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангаас салахаа больсон гэнэ. Ингээд л тэрээр МУИС-ийн босго ийм өндөр болохыг ойлгож байсан гэнэ. Сүүлдээ Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн ажилчид түүнийг андахаа байж. Ажлын цаг тарах хүртэл суудаг байсан бөгөөд амралтын өдрийг алгасдаггүй байсан аж. МУИС-д суралцаж байх хугацаанд Физикийн тэнхимийн ахмад мундаг профессоруудын номын дууг сонссон азтай нэгэн. Эдний оюутан ангийнхан сурлага, хүмүүжил болон бүхий л зүйлээрээ чадварлаг байж. Э.Уянга 2015 онд ангийнхаа гурав дахь доктор нь болжээ.

Э.Уянга нөхрийн хамт

ОХУ-ЫН ДУБНА ХОТОД ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЖЭЭ

Түүний гэр бүлийн хүн Н.Жаргалан 1987 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төржээ. Дөрөвдүгээр анги хүртлээ аймгийн төв дээр суралцсан байна. Улаанбаатар хот руу шилжиж ирээд Нийслэлийн математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай 77 дугаар сургуульд оржээ. Тэрээр багаасаа математик, физикийн хичээлдээ сайн сурагч байж. Аравдугаар анги төгсөх жилдээ физикийн олимпиадад оролцож, хотод тусгай байр эзэлсэн байна. Ингээд улсын олимпиадад оролцох эрх авчээ. Тиймээс 2004 онд МУИС-ийн Физикийн ангид урилгатай элсэж байсан аж. Дөрвөн жил уйгагүй хичээлээ хийж, бакалаврын дипломын ажлыг Шинжлэх ухааны доктор О.Лхагва багшийн удирдлага дор хамгаалжээ. Тэрбээр сургуулиа төгсөөд ШУА-ийн Физикийн хүрээлэнд оржээ. Физикийн хүрээлэнд ирж, академич Д.Сангаа багшийн удирдлагаар, чиглэлээрээ үргэлжлүүлээд суралцсан байна. Мөн ШУТИС-ийн Л.Хэнмэдэх профессор багш удирдаж, онолын чиглэлээр жил гаруй ажиллаж байгаад 2009 оноос гурван сараар ОХУ-ын Дубна хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт ажиллахаар томилогджээ. Ийнхүү тэнд ажиллаж байгаа удирдагч нартайгаа тохиролцоод Улаанбаатарт ирж судалгааны ажлаа үргэлжлүүлж, буцаж яваад гурван жилийн хугацаатай Дубна хотод ажиллахаар явжээ. Тус хотын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт нь 1956 онд байгуулагджээ. Уг институт 17 гишүүн орнуудаас бүрдсэн байна. Үүний нэг гишүүн орон нь манай улс аж. Уг хотод ажиллаж байх хугацаандаа Фуллерен гэдэг молекулын уусмал дахь физикийн шинж чанарын судалгааг хийжээ. Судалгааныхаа дагуу МУИС-ийн магистрт элсэж, 2011 онд амжилттай хамгаалсан байна. Үргэлжлүүлэн Дубнад “горилогч” гэж явдаг байж. Энэ нь ажил хийж явах хугацаандаа тухайн салбар, мэргэжил судалж байгаа сэдвийнхээ хүрээнд “удирдагч” болсон гэж үзвэл “Доктор” хамгаалах эрх авдаг байна. Н.Жаргалан тэрхүү болзол, шалгуур давж гарч чаджээ. Тэнд горилогчийн статустай явж, шалгалтууд өгснөөр эрх нь нээгдсэн байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард докторын зэрэг хамгаалсан гэнэ. Гэр бүлийн хоёр хоёулаа Орос, Англи хэлтэй юм байна. Гэрийн эзэгтэй нэг, хоёрдугаар хоолоор дайлж, аливаа зүйл эрэмбэ дараагаар явах сайхан шүү дээ гэж инээмсэглэн ярина. Харин гэрийн эзэн түрүү жил Монголын залуучуудын холбооноос “Тэргүүний залуу” шагнал авсан гэнэ. Мөн хүрээлэнгийнхээ шилдэг ажилтнаар тодорчээ. Гадаадад явж байсан зургаа үзүүлж, сонин сайхнаас хуучилсаар байлаа. Өнгөрсөн он эдний гэр бүлд шагналын хур буусан жил байсан гэж онцлов.

Н.Жаргалангийн аав нь Техникийн их сургуулийн Усны геологич мэргэжилтэй, ээж нь химич хүн. Ер нь шинжлэх ухааны чиглэлийн хүмүүс юм байна. 1990 оноос шилжилтийн үе байсан учраас хувиараа бизнес эрхэлж иржээ. Тэрээр хоёр дүүтэй юм байна. Эрэгтэй дүү нь барилгын инженер бол бага дүү Орост хуулийн чиглэлээр хавар суралцаж, одоо төгсөх гэж байгаа аж. Н.Жаргалан өвөө эмээгийнхээ алтан сургааль дунд өсчээ. Соёл, өв уламжлалыг сайтар зааж өгдөг байсан гэнэ.

Аналитик лабораторид

ДУБНА ХОТОД АНХНЫ ХҮҮГЭЭ ӨЛГИЙДӨН АВЧЭЭ

Дубна хот маш тайван, тогтуун гэнэ. Улаанбаатар хотоос тийшээ яваад очиход эхэндээ уйдах хандлагатай байж. Харин таван жил гэр бүлээрээ Дубна хотод байсан учраас Улаанбаатар хотдоо ирэхэд давчуухан санагдсан байна. Тус хот ерөнхийдөө цөмийн эрдэм шинжилгээнийхэнд зориулагдан баригдсан гэнэ. Э.Уянга докторын зэргээ МУИС-ийн Францын Ле Манны их сургуулийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хамгаалсан бөгөөд Франц, ОХУ-д судалгаа, шинжилгээний ажлаа хийсээр байсан аж. Ийш, тийш хоёр өөр газар руу явдаг байсан учраас хамтдаа зугаалах цаг ховор байж. Э.Уянга хот хот дамжин явахдаа жирэмсэн байсан гэнэ. Ингээд хүүгээ ОХУ-ын Дубна хотод төрүүлжээ. Хүүгээ төрүүлсэн өдөр хотын баяр болж, салют буудаж байсан тухай гэгээн сайхан дурсамжаа хуваалцав. Тус газарт тайван, хүүгээ цэцэрлэгт өгчихөөд гадуур алхаж, судалгаа хийх үедээ институт дээр очно. Эсвэл спортоор хичээллэж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Тэдний хүүг нь Тэмүүлэн гэдэг бөгөөд одоо гэрийнхээ хажууд 32 дугаар цэцэрлэгт явж байгаа ажээ. Сониноос, Н.Жаргалан Дубна хотод байхдаа спортын уралдаан, тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль авч байжээ.

ОРОЛДЛОГО САЙТ ОРОЙД НЬ ГАРНА

Э.Уянга “Манай улсын Шинжлэх ухааны академийн хүрээлэн олон улсын түвшнээс аль болох хоцрохгүйг хичээж, чармайж, хөдөлмөрлөж яваа гэдгийг ярив. Орчин үеийн олон улсад явагдаж байгаа судалгаа шинжилгээний ажлыг лабораторид хийж байгаа гэнэ. Мөн олон улсын томоохон физикийн шинжлэх ухааны хүрээлэнгийн сэтгүүлд материалынхаа эрдэм шинжилгээний ажлыг өгүүлэл болгож хэвлүүлсэн байна. Шинжлэх ухаанч хүн сониуч байх ёстой. Тэр дундаас физикч хүн аливаа зүйлийг харж, ажиглаж, тууштай, хариулагатай байх зарчмыг баримталдаг байна. Физикийн шинжлэх ухаан хүний амьдралд холбоотой бүх л зүйлсийг судалдаг өргөн агуулгатай салбар. Инженер хүн улс орныг бүтээдэг. Математик, физик хоёр салшгүй холбоотой. Физикийн шинжлэх ухааны судалгаа одоо дэлхийд орчлон руу хүн орж амьдарч болох уу гэдгийг судалж байгаа гэнэ. Манай Шинжлэх ухааны академийн залуучууд нийлээд шинэ бүтээл, хэв маяг, загвар гаргасаар байгаа ажээ.

Э.Уянгын ээж дизелийн механикийн чиглэлээр Дарханы Политехникийг төгссөн байна. Цахилгаан станцад ажиллаж байсан гэнэ. Э.Уянга эмээ дээрээ өсчээ. Эмээ нь ном унших ёстойг сайн ойлгуулж, соёл уламжлал, аливаа ажлыг хариуцлагатай хийх ёстой гэдгийг ч сургасан аж. Э.Уянга докторын дараахь судалгааны ажлаа илүү чанартай гүйцэтгэж, өөрийгөө давуулж хөгжүүлэх ёстой гэдэг зарчим баримталдаг нэгэн. Тиймээс цаашид өөрийгөө илүү их хөгжүүлж, гадаадад сурах зорилго тэмүүлэлтэй. Залуу байгаа дээрээ өөрийгөө хөгжүүлж, байр сууриар бэхэлж авах нь чухал гэдгийг санаж, бодож явдаг байна. Улмаар улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулна гэж байлаа. Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийнхэн Анагаахын сургуулийн холбогдох эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй нийлж, хавдрын эсийг устгадаг материалыг бий болгох гэж байгаа аж. Судлаад, зургадугаар сард Япон явж ажиллана гэдгийг ч сонирхуулсан юм.

Э.Уянга ээж, эмээгийн хамт

Э.Уянга багаасаа ном унших дуртай хүүхэд байж. Тухайлбал, Александр Дюма Монте Кристо гүн, Арбатын хүүхдүүд зэрэг дэлхийн сонгодог зохиолуудыг дуусгажээ. Түүний номын санд арвин ном өрөөстэй байна лээ. Дунд сургуулийн багш нь “Оролдлого сайт оройд нь гарна” гэдэг зүйр үгийг байнга хэлж, аливаа зүйлийн цаад ухагдахууныг сайтар тайлбарлаж өгдөг байжээ. Тиймээс тэр энэ зарчмаар их сургуулийн босгыг давсан цагаасаа зарчимч, хичээнгүй болж, шантрахгүй хөдөлмөрлөдөг байсан гэнэ. ОХУ-ын Дубна, Франц улсаар явахдаа амьдралын зөв хэвшлийг өөртөө бий болгохыг өдөр бүр суралцсанаар зөв арга барилтай болж, суралцсаар байжээ. Гадаадад гэр бүлээрээ сурахад хүндрэлтэй, шантарчихмаар үе байсан ч бие биедээ урам зоригтой, хичээх хэрэгтэй “Эзэн хичээвэл, Заяа хичээнэ” гэдэг үгийг байнга сануулж ирсэн гэдгийг ч тэр хоёр дуу нэгтэйгээр хэллээ. Хүн аливаа зүйлийг барьж авсан л бол заавал цаана нь гарч, сэтгэлээсээ, үр дүнтэй сайн хийж, чадна гэдгийг өөртөө байнга сануулж, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэцгээж байв. Э.Уянга үйлэнд уран болохыг нөхөр нь хэллээ. Хувцас болон гоё сонирхолтой зургийг кодолсноор оёх сонирхолтой гэнэ. Мөн гэрт нь нэг кодолчихсон ваартай цэцгийн зураг харагдав. Түүнийгээ ажлынхаа зав чөлөөгөөр будаж, зурдаг ажээ.

Хосууд оюутан байхдаа танилцаж, хамт номын санд сууж, хичээлээ давтаж үерхдэг байж. Ингээд хоёр жил гаруй үерхэж, жил хамт амьдраад хөөрхөн хүүтэй болжээ. Аав нь Орост байхдаа хүүгийнхээ зургийг их авдаг, мөн анхны хүүхэд байсан учраас юм бүхэн дурсамжтай санагддаг байсан гэдгийг ч яриад авлаа. Сүүлийн үед гэр бүл салалт нэмэгдсэн гэсэн. Залуучууд бие биенийгээ сайтар ойлгож, таньж мэдсэний үндсэн дээр гэр бүл болох ёстой. Мөн аль аль нь бие дааж амьдрах чадвартай болж, боловсрол эзэмшчихээд гэрлэх хэрэгтэй юм болов уу гэдэг талаар ярьсан юм. Энэ үед Э.Уянга нөхрийгөө хариуцлагатай болохыг тодотгов. Учир нь хүүгээ нялх байхад маш сайн асарч, тууштай байсан гэдгийг онцоллоо. Хүүгээ сайн хүмүүжилтэй хүн болгохыг зорьж байгаа гэнэ. Хичээл номыг нь сайн сургаж, төрөл бүрийн дугуйлан секцэнд хамруулж, хөгжим, зураг, баримал гэх зэргээр хичээллүүлж, спортыг ч орхигдуулахгүй гэж байв.

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ нийгэм

Өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн дундаж хугацаа буурчээ

Баянзүрх дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс ирсэн нийт 527 өргөдөл, хүсэлт, санал, гомдол, талархал, шүүмжлэлийг холбогдох албан тушаалтан болон хэлтэс, албадад танилцуулан, шилжүүлж ажилласан байна.

Эдгээр өргөдөл, хүсэлтүүд www.smartcity.mn цахим өргөдөл гомдлын систем, 1800-1200 тусгай дугаарын утас, www.ub1200.mn цахим хуудас, Засгийн газрын 11-11 төв болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжин дүүргийн ЗДТГ-т ирдэг билээ.

Өнөөдрийн байдлаар эдгээр 527 өргөдөл, хүсэлтийн 478 буюу 90,70 хувийг хугацаанд нь шийдвэрлэсэн бол шийдвэрлэх шатандаа 49 өргөдөл бүртгэгдээд байна.Түүнчлэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн дундаж хугацаа 11 хоног 23 цаг болж багасчээ.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 04-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

07.30 цагт МҮХАҮТ-д “Busines Breakfast” уулзалтад Нийслэлийн Засаг дарга С.Батболд оролцоно.

09.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг математик загварчлалын аргааг шийдвэрлэх “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар” болно.

09.30 цагт Нийслэлийн иргэний танхимд “Хамтарсан багийн ололт, амжилт, тулгамдаж буй асуудлууд” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт ЦССҮТ-д “Сар бүрийн 03:Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээ болно.

11.30 цагт “Пума” зочид буудалд сэтгүүлчид “Авто замын 7 тэрбумын асуудал” сэдвээр мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Улс төрч” хэвлэл мэдээллийн байгууллагаас “УБТЗ” нийгэмлэгтэй холбоотой асуудлуудыг АТГ-аар шалгуулах талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол Улс, Европын холбоо хамтран “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” бага хурал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Магалжав: Бөхийн холбооны тамгыг Л.Чинбатад олгосон асуудал шүүхэд шилжсэн

Монгол Улсын заан Ц.Магалжавтай ярилцлаа.


-Маргалдагч хоёр тал үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн сард “Эвлэрлийн комисс” байгуулж хуралдсан. Энэ хурлаар ямар асуудал хэлэлцсэн бэ. Шийдэлд хүрч чадаагүй юм уу?

-МҮБХ-д үүссэн асуудлын улмаас талууд хоорондоо удаа дараа уулзаж ярилцсан. Тэгээд дөрөвдүгээр сарын 21-нд дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр, улсын начин Ц.Дуламсүрэн бид уулзаж зөвшилцөөд санал нэгдэж эвлэрлийн комисс байгуулсан юм. Энэ комиссын үүрэг нь МҮБХ-д үүссэн маргааныг цэгцэлнэ гэж үзсэн. Иймд энэ комиссын таван гишүүн бүх “аймгуудын төлөөлөлтэй дөрөвдүгээр сарын 27-нд уулзаж хэрхэх талаар шийдвэр гаргах, “Их Эе”-ээ хийх тухай шийдвэрлэсэн. 21 аймгийн төлөөлөл сонгохдоо дээрх аварга, арслан, начин ах нар мөн Л.Чинбат захирал 10 аймгаас оролцох бөхчүүдийг, Б.Сайнбаяр бид хоёр үлдсэн есөн аймгаас орох төлөөлөгчдийн нэрийг оруулсан. Дархан, Эрдэнэтийг одоогоор цолтой бөхгүй байгаа юм гээд талууд түр орхисон. Х.Баянмөнх аварга бид хоёр календарь харж байгаад амжвал сайн өдөр юм байна гээд 2018 оны тавдугаар сарын 5-ны өдөр “Их Эе”-ээ хийе гээд комиссын гишүүд гарын үсэг зураад тарцгаасан. Мөн энэ комиссын хурлыг хоёр талаасаа видео ба аудио бичлэг хийж баталгаажуулсан.

Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр нэр заагдсан 19 аймгийн төлөөллөөс Өмнөговь, Дорноговийн төлөөлөл ирээгүй. 17 аймгийн голлох том цолтой бөхчүүд, залуучууд ба эвлэрэл гэх комиссын гишүүдийн дөрөв нь болох Х.Баянмөнх аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан, Б.Сайнбаяр заан бид нар ирсэн. Ц.Дуламсүрэн начин ажилтай байгаад ирж амжаагүй, 21 хүн хуралдсан. Гол асуудал нь Их Эе хурлаа хуулийн дагуу ямар субьект нь зарлах вэ гэдэг асуудал байсан. Энэ нь өмнөх алдаануудыг харж болгоомжилсон зүйл. “Их Эе” хурлаа хийдэг, гэтэл дараа нь хэн нэг нь шүүхийн байгууллагаар асуудал үүсгэхээр их ажил болж хийсэн “Их Эе” маань шүүхээр хүчингүй болдог асуудал 2002 оноос хойш үргэлжилсэн гашуун туршлага бидний өмнө байгаа. Тэгээд энэ асуудлыг хэлэлцээд дөрөвдүгээр сарын 21-ний хурал дээр Баянаа багш 2002 оны “Их Эе” үнэн, тэндээс сонгогдсон Цэцдийн зөвлөл үнэн түүнээс хойших бүх хурлууд маргаантай байна гэдэг үндэслэлийг ярилцаж Бөхийн холбооны 16 жилийн энэ их маргааны өмнөх буюу 2002 оны Цэцдийн зөвлөлөөр одоо болох “Их Эе” хурлаа зарлуулах нь холбооны дүрмийн дагуу зүйл байна гэдэг асуудлаар санал хураалгаж шийдвэрлэсэн. Хуралд оролцогсдын 18 нь 2002 оны Цэцдийн зөвлөлийг нэн яаралтай тавдугаар сарын 3-ны өдөр хуралдуулж “Их Эе”-ийн товыг тогтоолгоё гэж шийдвэрлэсэн. Санал хураалт болоход Д.Мөнх-Эрдэнэ арслан “Машинаас юм авъя” гэж гараад эргэж орж ирээгүй. Х.Баянмөнх аварга, Б.Гантогтох гарьд нар санал хураалтаас татгалзаагүй, харин түдгэлзэж байна гэдгээ хэлсэн. Тавдугаар сарын 3-ны өдөр 2002 оны Цэцдийн зөвлөлийн гишүүдээ урьж хурал хийсэн. Энэ хурал дээр 2002 оны Цэцдийн зөвлөлийн гишүүн Ж.Ганболд заан идэвхтэй оролцож өөрөө даргалж явуулах, эвлэрлийн комиссын таван гишүүн дээр талууд тус бүр найман хүн нэмж оруулаад нийт 21 гишүүнтэй комисс байгуулъя гэсэн санал гаргахад нь бүгд дэмжсэн. Ингээд “Их Эе”-ийг тавдугаар сарын 18-нд хуралдуулахаар тохирсон

-Тавдугаар сарын 18-нд “Их Эе” хуралдаагүй шүү дээ. Шалтгаан нь юу вэ?

-Л.Чинбат тэргүүтэй хүмүүс “Улсын заан Ж.Ганболд биднийг төлөөлөхгүй тул энэ хуралд оролцох боломжгүй” гэж хэлсэн. Энэ товлогдсон “Их Эе” хуралдах боломжгүй болж байгаа талаар Ж.Ганболд заантай уулзахад “Би Р.Нямдорж гуай, Д.Данзан гуайтай үзэл бодол таардаггүй байсан. Тэд явчихсан юм чинь одоо би хэнтэй зөрчилдөх вэ дэ. Дүү нар, хүүхэд шигээ хүмүүстэй юуны талаар ч маргах билээ. Хурлаа хийгээд эв зүйтэй яваасай гэсэндээ тавдугаар сарын 03-ны Цэцдийн зөвлөлийн хуралд очиж оролцсоныг та нар харсан. Намайг Л.Чинбат нар буруутгаж байгаа, одоо би энэ асуудалд оролцохгүй байя даа” гэсэн. Ж.Ганболд ах бөх хүн учир энэ асуудал дээр их нуруутай зөв хандлаа даа гэж би бодсон шүү.

-“Бөхийн өргөө”-г битүүмжлэх болсон шалтгаан нь юу вэ?

-Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр “Гацуурт” компанийн гэрээтэй хамгаалалтын албаны залуучууд дайрч “Бөхийн өргөө”-ний хаалгыг эвдсэн л дээ. Цагдаа, прокурорын байгууллага эмх замбараагүй байдал дахин үүсгэхгүй гэж битүүмжилсэн. Бид “Бөхийн өргөө”-г нээж хэвийн үйл ажиллагааг нь явуулахаар прокурорын байгууллагад удаа дараа хүсэлт тавьсан боловч “Та нарын бөхийн барилдаан, урлагийн гэрээт тоглолтууд явуулах, олон ажилчдын ахуй амьдралыг харгалзаад нээж болно. Гэхдээ Л.Чинбат нарын хүмүүсээс “дахин үймээн самуун гаргахгүй” гэсэн бичиг эсвэл биеэр авчирч гарын үсэг зуруул гэсэн шаардлага тавьж байгаа. Өнөөдрийг хүртэл нөгөө нөхдүүд маань үймээн самуун гаргахгүй гэсэн баталгаа өгөхгүй яваад байна.

-1994 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирсэн “Монгол Улсын аварга” цолтны хүндэтгэлийн нэрэмжит барилдаан бямба гаригт “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д явагдахаар төлөвлөгдсөн ч цуцлагдаж өчигдөр бүтэн сайн өдөр шилдэг гэх 128 бөхийн барилдаан боллоо. Энэ үйл явдлыг та хэрхэн харж байна вэ?

-Иргэний нисэхийн ерөнхий газар аваргуудын нэрэмжит барилдааныг сүүлийн жилүүдэд Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтарч зохион байгуулж байгаа. Тус байгууллага энэ жил уламжлалт барилдаанаа хамтарч зохион байгуулахаар төлөвлөсөн байтал тус байгууллага руу мөн авлигатай тэмцэх газар руу Аваргуудийн барилдааныг хийх асуудлыг зогсоож өгөөч гэсэн агуулга бүхий тавдугаар сарын 17-ны өдөр гэсэн огноотой №70 дугаартай албан бичгийг Дэд Тэргүүн Ц.Төмөрсүх, Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар гэсэн гарын үсэг зурж явуулсан байдаг. Энэ мэдээлэл тавдугаар сарын 24-ний өдрийн бүх мэдээллийн хэрэгсэл, сайтуудад тавигдсан нь одоо байж л байна. ИНЕГ дээрх хүмүүстэй маргаан үүсгэхээс түвэгшээсэн байх л даа. “Барилдааныг энэ жилдээ больё” гэсэн. Бөхийн асуудал нь ийм байхад одоо ямар ч байгууллага ийм л хариу өгөх болоод байна даа. Хамгийн хөгжилтэй нь тавдугаар сарын 26-нд нөгөө нөхөд маань хэвлэлийн хурал хийчихсэн сууж байдаг. Ярьж байгаа зүйлийг сонстол “Аваргуудын барилдааныг олон жил явуулсан МИАТ компанидаа баярлалаа энэ сайхан барилдаан цуцлагдсанд харамсаж байна. Юунаас болсныг бүү мэд. Бөхийн барилдааныг таслахгүйн тулд хувийн хэвшилтэйгээ хамтраад 128 бөхийн барилдааныг хийхээр боллоо. Өндөр байтай шүү бөхчүүд их ирээрэй. Үнэгүй үзүүлнэ шүү” гэж байна лээ. хоногийн хугацаанд ингэж эргэдэг хүмүүсийг одоогоор хараагүй л явна.

-Үүнээс үзэхэд монгол бөхийн ивээн тэтгэгч цөөхөн байгууллагуудынхаа нэгийг цааш нь түлхэж ээ. Ивээн тэтгэгч үгүй бол барилдаан зохион байгуулахад хүндрэлтэй. Барилдаан үгүй бол бөхчүүдийн бэлтгэл сургуулилтын горим алдагдана. Монгол үндэсний бөхийн хөгжил буруу тийшээ л яваад шиг?

-Ивээн тэтгэгч, бөх сонирхогчид бүгд л таагүй хандаж, итгэл буурч байгаа. Бөхийн нэр хүнд их унаж байгаад нь харамсах юм. Бөхчүүд хоорондоо талцаж муудалцсан асуудал энд байхгүй. Цөөн тооны хүмүүс л бөхийн хөгжилдөө сөрөг нөлөө үзүүлж байна. Цаашид зөв байвал ивээн тэтгэгчид маань эргэнэ ээ. Үүнд зөв менежмэнт хийж бөхөө хөгжүүлэх, сонирхолтой болгох зүйлсийг залуус бид төлөвлөж байгаа.

-Гуравдугаар сарын 24-нд Монголын Үндэсний бөхийн наймдугаар “Их Эе” хуралдаж 20 аймгийн бөхийн төлөөлөл оролцсон. Энэ “Их Эе”-ийг дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат нарын хүмүүстэй хамтарч хийгээд асуудлаа шийдэж болоогүй юм уу?

-Наймдугаар “Их Эе”-ийг Монголын Үндэсний бөхийн холбооны өмнөх удирдлагууд зохион байгуулсан. Аварга, арслан цолтой бүх бөхчүүдэд хэл хүргэсэн. Мөн мэдээллийн хэрэгслээр олон хоногийн турш зарласан. Харамсалтай ньхэсэг нөхдүүд маань ирж оролцоогүй. Одоо энэ маргааныг ингэж өндөрт гаргаад байгаа асуудал нь Монголын Үндэсний бөхийн холбооны тамга тэмдгийг Л.Чинбатад давхардуулан олгосонд оршиж байгаа. Энэ тамганы асуудал дээр одоо хэрэг үүсээд шалгагдаад явж байна.

-VIII “Их Эе”-ээс сонгогдсон Б.Бат-Эрдэнэ тэр-гүүтэй хүмүүс монгол бөхийг яаж шинэчлэхээр төлөвлөж байв?

-Гуравдугаар сарын 24-нд хуралдсан “Их Эе”-ээр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн болон дэд тэргүүнийг орон тооны бус болгож өөрчилсөн. Гүйцэтгэх захирал л орон тооны байна, 15 тэргүүлэгч гол шийдвэрийг гаргана гэж шийдвэрлэсэн. Үүнийг их зөв бүтэц гэж харж байгаа. Хурлаар сонгогдсон Цэцдийн зөвлөл дөрөвдүгээр сарын 4-нд хуралдаж, орон нутгийн бөхийн төлөөлөл, дэвжээдийн санал хүсэлтийг бичгээр авч дөрөвдүгээр сарын 30-ны дотор бөхийн барилдааны дүрмээ шинэчлэх зүйлүүдийг хэлэлцэж өөрчилье гэж төлөвлөсөн байсан. Харамсалтай нь “Бөхийн өргөө” битүүмжлэгдэж, холбооны тамгыг давхардуулснаас энэ ажил гацаанд орсон. Тэргүүлэгчид мөн Цэцдийн зөвлөл хамгийн түрүүнд бөхийн барилдааны шүүлтэд камер ашиглах, бөхийн барилдааны дүрэм, допинг зэрэг асуудлуудыг шинэчлэхээр төлөвлөсөн байсан. Барилдааны дүрмийн тухайд 21 аймгийн бөхийн төлөөллийн санал бодлыг сонсоод барьц сонгооны дүрмийг өөрчлөх талаар зөвлөлдөх байсан. Энэ бол хэдэн хүний хүрээнд шийддэг асуудал биш юм. Орчин үед цаг хугацаагүй зүйл гэж огт байх ёсгүй, хоёр бөх удаан барилдаад дуусахгүй байвал яахав. Барьц сонгооноос өөр арга байх уу, гэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Мөн камераар шүүх асуудлыг барилдааны дүрэмд оруулна. Гэхдээ үндэсний бөхийн онцлогийг харгалзаж шийдвэрлэнэ гэх ч юмуу олон зүйлүүд байгаа. Жишээ нь, өрсөлдөгч бөхөө харцагадаж тэврээд, мордож байгаа барилдаан гэж үзье, мордсон хөл нь салахгүйгээр нүдээр харахад яалт ч үгүй давж байгаа барилдаан. Үүнийг камераар шүүгээд 0,2 секундын барилдааныг олон арван дүрс болгоод харуулахаар залуучууд “Чи дээр байгаа ч ороож мордсон өвдөг чинь түрүүлж хүрсэн байнаа, харцагадаж тэврээд унахдаа тохой чинь миний толгой хүрэхээс өмнө газар хүрч байгаа нь камерт харагдаж байна” гээд маргалдаад зогсдог болбол яах вэ. Иймийн тулд камераар шүүнэ, гэхдээ барилдааны дүрэмдээ нарийн заагаад өгчихөд болох асуудал. Камерийн бас нэг онцлог нь ихэнх камерууд нь хөлтэй 1,2-1,5м өндрөөс аваад байгаа нь газартай парлель бус учир янз бүр харагдана. Үүнийг л бид мэдэх учир барилдааны дүрэмдээ зөв оруулаад өгвөл барилдаж байгаа залуус маань буруу шүүлт гэж гомдоллох нь эрс багасна.

-Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж “Допинггүй монгол бөх” төслийг эхлүүлж ид барилдаж байгаа таван ч бөхийн эрхийг хассан. Эрхээ хасуулсан зарим бөхчүүд хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэж байсан. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Дэлхий нийтээр допинг гэж зүйлийг эсэргүүцэж байгаа. Цэвэр шударга, өрсөлдөөн, бөхчүүдийн эрүүл мэндийг хамгаалж допингийн шинжилгээ авахаас өөр арга байхгүй. Залуу бөх тариа хийлгээд аваргыг давах уу гэдэг асуудал сүүлийн үед их ярьж допингийн шалгалтыг авахаа болих хэрэгтэй гэж ухуулга хийх болж. Ижил түвшний бөх нэг нь эм тариа хийлгээд нэг нь шударгаар хөлсөө урсгах уу гэдэг асуудлыг хамгийн түрүүнд бодолцох хэрэгтэй. Допингийн тухай хууль Баяр наадмын 2003 оны хуулиарзохицуулагдаж явж байгаа. Үндэсний баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхөөсдопингийн шинжилгээ авна. Илэрсэн тохиолдолд цол чимгийг хураах юмуу,барилдах эрхийг зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах заалттай байдаг. Иймээс 2003 оноос наадамд допинг хэрэглэсэн бөхчүүдэд харицан адилгүй шийтгэл оноогоод явж ирсэн нь бас маргалдах гол сэдэв болоод байгаа. Бид үүнийг баяр наадмын хуульд өөрчлөлт оруулах замаар засч залруулах хэрэгтэй. Одоо баяр наадмын бус үе заалны барилдаанд допингийн шинжилгээ авч бөхчүүдийн барилдах эрхийг түдгэлзүүлээд эхэлсэн. Энэ ч хөгжил рүү нэг шат ахисан зөв алхам. Гэхдээ хуулиндаа зөвхөн баяр наадмын үед шинжилгээ авна гэж заасан байдаг учраас зөрчил үүсэхээр байгаа. Допингтой холбоотой хууль, дүрэм, журмыг боловсронгуй болгох нь нэн тэргүүнд хийх ёстой ажил мөн.

-Бөхчүүд допингийн талаар мэдлэг мэдээлэл хэр байдаг вэ. Хэрэглэж байгаа шалтгаан нь юу вэ?

-Би өөрөө барилдаж байсны хувьд хэлье. Бөхчүүд допинг дээр хамгийн сайн мэдлэгтэй. Ухуулга, таниулга ном товхимлыг ч гаргасан байсан. Амжилтад хэт яарах, бусдын буруу ухуулга буюу булчинг хурдан томруулна, бас чиний тийм бэртлийг хурдан эдгээхэд энэ тариа нөлөөлнө, тэдэн төгрөгөөр нийлүүлье гэдэг штангийн багш нар, сайн дурын жижиг боди мастеруудын яриа миний үед ч байсан, одоо ч байгаа байх. Одоо допингийн шалгалтанд орж байгаа залуучуудын гол хардлага Допингийн эсрэг төв, Олимпийн хороо гэдэг байгууллагууд тэдгээрт ажиллагсдыг хардаж байгаа. Хардах хүний эрх, бас ийм санал гаргаж байгаа нь ч зөв. Холбоо нь жигдрээд эхэлбэл энэ шалгалтанд өмнө нь бүдэрсэн, одоо бүдрээд байгаа, цаашид бүдрэх магадлалтай болчихоод байгаа залуусынхаа гомдлыг тайлж хуулийн хүрээнд шударга шийдвэрлэнэ.

-Холбооны энэ маргаантай асуудал хэзээ шийдэгдэх вэ. Гарц гаргалгааг нь яаж харж байна?

-Эвлэлдэж нийлээд явахгүй бол хууль шүүхийн асуудал цаашид хоёр гурван жилээр ч үргэлжлэх болов уу. Бидний зүгээс нийлээд хамтраад явъя, хурлаа хийе гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан. Сая тавдугаар сарын 18-нд хуралдахаар товлогдсон “Их Эе”-д Л.Чинбат тэргүүтэй нөхдүүд оролцохгүй гэсэн шаардлага тавьсан. Тавдугаар сарын 24-нд эдгээрхүмүүстэй уулзах хүсэлтээ бичгээр явуулсан, ямар ч хариу ирүүлээгүй. МҮБХ-ны ажлыг цааш хэвийн үргэлжлүүлэхийн тулд олон талын буулт хийж байгаа. Одоогоор шийдэгдсэн юм алга. Монгол Улсын Ерөнхийлөгч хурлаа хий гэсэн шаардлагыг хүргүүлсэн болохоор хурал заавал хийнэ.


Categories
мэдээ цаг-үе

Сэтгэл зүйч Э.Баянжаргал: Зохиомол айдас төрдөг гурав, дөрвөн настнуудыг “мангас”-аар айлгаж болохгүй

Сэтгэл зүйч Э.Баянжаргалтай ярилцлаа.

-Монголчуудын дийлэнхэд хүүхдэдээ гар хүрэх гээд байдаг гэм бий. Багадаа зодуулж өссөний буруу алга гэж ирээд ярьдаг хүмүүс ч олон таардаг. Ер нь хүүхдийг зодож хүмүүжүүлэх хэр зөв арга вэ?

-Маш буруу арга. Манай улс хүүхдээ зодож шийтгэвэл хариуцлага хүлээлгэдэг хуультай. Гэхдээ хүүхдээ зодож шийтгэвэл ийм хариуцлага хүлээлгэнэ гэж хуулийн заалт ярихаас илүүтэйгээр гар хүрэхгүйгээр өсгөж хүмүүжүүлэх арга зүйг нь ойлгуулмаар санагддаг. Таны хэлсэнчлэн томчууд багадаа зодуулж өслөө, тэглээ гээд буруудсан юм алга гэж ярьдаг. Тийм биш л дээ. Харин эсрэгээр нь би зодуулаагүй өссөн юм бол өнөөдөр ямар амжилттай яваа бол гэдэг талаас нь харж ярих хэрэгтэй. Хүүхдийг зодох нь хүмүүжлийн ямар ч ач холбогдолгүйг эрдэмтэд судлаад тогтоочихсон. Багадаа зодуулж байсан насанд хүрэгчдээс судалгаа авахад 95 орчим хувь нь яг юунаас болж аав, ээждээ зодуулснаа санадаггүй гэсэн хариу өгсөн байдаг. Зодох нь хүмүүжлийн ач тусгүйг энэ судалгаанаас харж болно. Ээж аавууд хүүхдээ зөв хүмүүжүүлэх гэсэндээ зоддоггүй, стрессээ тайлах нэг арга нь болсон гэсэн судалгаа ч бий.

-Стрессээ тайлах гэж хүүхдээ зоддог гэсэн тайлбар хатуу сонсогдож байна шүү?

-Сүүлийн үед хүмүүс их стресстэх болсон. Замын бөглөрөл, ажлын орчин гээд стресстэх шалтгаан өчнөөн байна л даа. Шуудхан хэлэхэд тэр бүх стрессээ гарын дор байдаг хүүхдэдээ гаргаж, хүүхдээ аашилж, зодож стрессээ тайлаад байна. Дарга нь загналаа гэхэд тэр бүр үг сөрж чаддаггүй. Даргадаа загнуулж шийтгүүлсэн стрессээ хүүхдэдээ гаргаад байна. Мэдээж аав, ээжүүдэд энэ тайлбар хатуу сонсогдох байх. Дахиад хэлэхэд энэ бол бодитой тайлбар.

-Хүүхдүүд ээж, ааваасаа илүү стресст ордог гэж сонсч байсан. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Бодитой үнэн мэдээлэл. Ээж, аавууд стресст ордог гээд байдаг ч яг үнэндээ хүүхдүүд илүү стресст ордог. Тэр дундаа 5-7 насныхан их стресстдэг. Хэдэн цагт босох, юу идэх, ямар ажил амжуулах гээд сонголт бидний гарт бий. Гэтэл хүүхдэд сонголт хийх боломж маш бага байдаг. Энэ талаас нь харж хүүхдээ илүү ихээр ойлгож харилцахыг сэтгэл зүйчид зөвлөдөг. Японы нэг сэтгэл зүйч бүдэрч унахад хүртэл хүүхдэд сэтгэл зүйн тусламж хэрэгтэй гэж ярьж байсан удаатай. Хүүхдийн тань хайртай амьтан үхчихлээ гэж бодъё. Энэ тохиолдолд аав, ээжүүд өөр амьтан авч өгье гэх мэтээр ханддаг. Хамтдаа гашуудах л хамгийн зөв арга. Ер нь хүүхэдтэйгээ ижил түвшинд, найзын хэмжээнд харилцах хэрэгтэй. Аав, ээжүүдийн хувьд хэн нэгэнтэй ярилцаж зөвлөлдөөд сэтгэлээ онгойлгочихдог. Харин хүүхдүүд хуримтлагдсан уур бухимдал, гомдол стрессээ тайлах аргаа олдоггүй. Тийм учраас стрессээ уйлж, зөрүүдэлж, үеийнхнээ шоглож, аав, ээжтэйгээ тэрсэлдэж гадагшлуулдаг. Үүнийг нь ойлгохгүй загнаж, зодох гээд байдаг нь эцэг эхчүүдийн том алдаа болдог.

-Та сая 5-7 насныхан хамгийн их стресстдэг гэж ярилаа. Ямар шалтгаанаар стресстдэг юм бол?

-Энэ насныхны хувьд сургуульд ордог, шинэ орчинд орж нийгэмшиж эхэлдэг үе. Тэр утгаараа 5-7 насныханд аав, ээжийн дэмжлэг бусад наснаас илүү хэрэгтэй. Багш нь нэг юм хэлээд, ээж аав нь ондоо зүйл яриад байхаар хүүхэд зөрчилд орж эхэлдэг. Цэцэрлэгтээ тоглож, амраад явж байсан хүүхдүүд дүрэм журам дагаад, нийгмийн харилцаанд ороод ирэхээр стресстдэг. Энэ насанд найз нөхөдтэй болох хэрэгцээ үүсдэг. Найзуудыг нь төрсөн өдөрт нь урих, хамтад нь кино үзүүлэх гэх мэтээр дэмжих хэрэгтэй.

-Зодож шийтгэх нь буруу юу, зөв үү гэдэг асуудал руугаа эргээд оръё. Зодуулж өссөн хүүхэд томроод ямар хүн болдог вэ. Сэтгэл зүйн хувьд хэр сөрөг өөрчлөлт гардаг бол?

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ярилцахаар хүний нүүр рүү ч эгцэлж харж чаддаггүй нийтлэг тал анзаарагддаг. Энэ бол зөвхөн эхний шинж тэмдэг нь. Байнга шүүмжлүүлж, загнуулж, зодуулж өссөн хүүхэд ноомой, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, бусдыг хайрлах сэтгэлгүй хүн болж төлөвшдөг. Монголын нэг айхавтар зүйр үг бий. “Хурга байхдаа цадаагүй бол төлөг болсон ч майлсаар байна” гэж. Энэ үгийг ухаад бодвол хүүхэд насандаа хайрлуулж, халамжлуулаагүй бол насанд хүрсэн хойноо хэцүү хүн болно гэсэн утга гарч ирж байгаа биз. Өнгөрсөн нийгэмд төлөв төвшин, дуу цөөтэй хүмүүсийг ноён нуруутай гэж үнэлдэг байсан бол өнөөдөр тэр хандлага өөрчлөгдсөн. Нээлттэй, ямар ч хүний арга эвийг олж чаддаг, үнэхээр чадаад байгаа бол тэрийгээ таниулж илэрхийлдэг хүмүүс л өнөөдөр амжилтад хүрч байна. Тэгэхээр хүүхдийнхээ санаа бодлыг сонсохгүй, зодож дарамталж шийтгэх тусам өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийж байна гэсэн үг. Бие даах чадваргүй, шийдвэр гаргадаггүй, бусдын хараат, аялдан дагагч энгийн номхон хүнийг бэлдэж байна гэдгээ ойлгож ухаарах хэрэгтэй. Бүр их хүчирхийлэлд өссөн хүүхдүүдийн хувьд том болоод гэмт хэрэгтэн болохоос өөр гарц байдаггүйг баталсан судалгаанууд олон бий. Эрүүл саруул төрсөн хүүхдүүдээ өөрийнхөө гараар бусдаас ялгарахгүй энгийн даруу нэгэн болгоё гэж хүсэх аав, ээж мэдээж байхгүй. Зодож хүмүүжүүлэхийн уршгийг мэдэхгүйдээ гар хүрээд байна л даа.

-Зодохгүйгээр эерэгээр хүмүүжүүлэх ямар аргууд байдаг вэ?

-Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэхээр физикийн томьёо шиг тов тодорхой байдаг зүйл биш л дээ. Нас насных нь онцлогийг ойлгож харилцахыг л хэлээд байгаа юм. Түрүүн гэхэд хоёулаа 5-7 насныхны онцлог, энэ насныхантай хэрхэн харилцах тухай ярилаа шүү дээ. Аав, ээжүүдийн алсын зорилго нь хүүхдээ сайн хүн болгох. Гэтэл аар саархан ойрын зорилгоосоо болоод холын зорилгоо мартчихдаг. Холын зорилгоо мартахгүйн тулд хүүхдийнхээ онцлогийг мэдэж харилцах хэрэгтэй. Тодруулж хэлбэл хүүхдийнхээ нас, бие, сэтгэл зүйнх нь онцлогийг нарийн мэддэг байх ёстой. 0-6 настай хүүхэд гэхэд л өөрийн гэсэн онцлогтой. Энэ үед хүүхдэд ээж, аавынх нь хайр чухал байдаг. Биеийг нь илэх, харцаа тогтоож хүүхэдтэйгээ ярих зэргээр харилцаа тогтоож байх хэрэгтэй. Аавууд энэ үед нь хүүхэдтэйгээ дотно байдаггүй тал анзаарагддаг. Учир мэддэг болохоор нь сайн харилцана даа гэцгээдэг. Харамсалтай нь тэр үед хожимдсон байдаг. Яг хэрэгтэй үед нь л хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг нөхөөгүй бол том болсон хойно нь ярилцахад түвэгтэй, үр дүн багатай байдаг.

-Нялх үед нь хүүхдээ ээжид нь бүрэн даатгасан аавуудад хожим нь хүүхэдтэйгээ ойлголцоход хүндрэл гарах нь ээ дээ?

-Тэгж ойлгож болно. Хүүхдүүддээ хоол өгөхөө мэддэг хэрнээ сэтгэл зүйн тэжээлийг нь өгч чаддаггүй гэм аав, ээжүүдэд анзаарагддаг. Зургаан сартайгаас хоёр, гурван настай хүүхдийн хувьд шинэ зүйл сурдаг үе. Энэ үед нь хүүхдийн тархины эд эс хүчтэй хөгждөг. Шинэ зүйлийг сурах тусам эд эсүүд нь холбогдож байдаг. Ийм учраас гурван нас хүртэлх хүүхдүүд бие даахыг хүсдэг.

Ээжийгээ гурил зуурахад нь дуурайх гэдэг. Яг ийм үед нь хориг тавихаар зөрүүдлэхээс эхлээд эсэргүүцэл үзүүлдэг. Энэ насны хүүхэдтэй аав, ээжид зөвлөхөд танай хүүхэд л юм юм руу орох гээд байгаа хэрэг биш, тархины хөгжил нь хэвийн явагдаж байна гэсэн үг. Халуун зүйл рүү орох гэх мэт эрсдлээс хамгаална уу гэхээс танин мэдэх, хөгжих гэсэн үйлдлүүдийг нь шууд хорьж болохгүй. 3-4 настай хүүхдийн хувьд тархинд нь олон янзын эд эс шинээр бүрэлддэг. Тэгэхээр санаа, сэдлийг нь аль болох хориглохгүй байх хэрэгтэй. Гурав, дөрвөн настнуудын нэг том онцлог гэвэл маш их айдастай байдаг. Зохиомол айдас төрдөг үе. Гэтэл энэ насныхныг аав, ээж нь “Үгэнд орохгүй бол цагдаа аваад явна”, “Мангаст өгнө шүү” гэх мэтээр айлгадаг. Айдастай, зорилгоо хэлж ойлгуулж чаддаггүй хүн болох эхлэлийг л тавьж байгаа хэрэг.

-Шилжилтийн нас эрт эхэлдэг болсон гэж ярих юм. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Шилжилтийн нас эрт эхэлдэг болсон. Өмнө нь 10-13 насанд шилжилтийн нас эхэлнэ гэж үздэг байсан бол сүүлийн үед 8-9 нас гэж ярьж байна.

-Гурав, дөрөвдүгээр ангиасаа л шилжилтийн нас руу орчихож байгаа юм байна. Шилжилтийн насанд ааш занд нь өөрчлөлт ордгийг шинжэх ухаан, сэтгэл зүй талаас нь тайлбарлаж өгөөч?

-Үгэнд орохгүй шинж анзаарагддаг. Шилжилтийн насанд бие физиологид өөрчлөлт орж эхэлдэг. Бие, сэтгэл хоёр бол нэгдмэл зүйл. Биед нь өөрчлөлт орохоор ааш нь хувирч эхэлдэг. Уурлахад царай улайж, хоолойны өнгө өөрчлөгдөж, хүүхдийн бие хөгжөөд физиологийн өөрчлөлт гараад ирэхээр яалт ч үгүй зан аашинд өөрчлөлт орж эхэлдэг. Гэтэл ээж, аавууд хүүхдийнхээ энэ онцлогийг ойлгохгүй “Зүгээр байдаг хүүхэд яах нь энэ вэ” гээд эвгүй харилцаад эхэлдэг. “Хүүхэд том хүн байж үзээгүй, харин томчууд хүүхэд байж үзсэн” гэдэг үг бий. Тэгэхээр хүүхэд биднийг ойлгох боломжгүй. Ээж аавууд л хүүхдээ ойлгохоос аргагүй. Мэдээж хүүхдээ ойлгож харилцана гэдэг ярьж байгаа шиг амар зүйл биш. Хэцүү зүйл их тохиолдоно. Тэр болгонд хүлээцтэй, тэвчээртэй байх хэрэгтэй.

-Шилжилтийн насны хүүхэдтэй яаж харилцах ёстой вэ?

-Шилжилтийн насныхан өөрсдийгөө том хүн болчихлоо гэж боддог. Ингэж бодох нь хүүхдийн буруу биш. Тэр утгаараа шилжилтийн насныхан том хүний хийдэг бүхнийг бие даагаад хийхийг эрмэлздэг. Энэ насны нэг том эрсдэл бол амьдралын туршлага багаас болж алдаа гаргах гээд байдаг. Нэг талаараа тархины хөгжилтэй ч холбоотой. Хүний тархи хойноосоо урагшаа хөгждөг. Духны хэсэгт бодож төлөвлөх, эрсдэлт үйлдлийг урьдчилан тооцоолох чадварыг бүрдүүлдэг хэсэг байдаг. Тэр чадвар нь хамгийн сүүлд хөгждөг гэсэн үг. Энэ үед хүүхдийг мэдээж хянах ёстой. Гэхдээ дээрээс харж хянах биш, алсын зайнаас, найз нөхөд шиг нь харилцах учиртай. Хүүхдэд харж хамгаалуулах, сурч боловсрох, амьд явах, оролцох гэсэн дөрвөн үндсэн эрх бий. Оролцох эрхийг бүр багаас нь эдлүүлж байх ёстой. Хувцас худалдаж авахаас эхлээд нүүж суухдаа хүртэл саналыг нь асуух хэрэгтэй. Ингэж өссөн хүүхэд аливаад ач холбогдол өгдөг, бүх юманд дүгнэлт хийх чадвартай хүн болдог. Барууны оронд бүр хүүхдээ дөнгөж төрөхөд нь өлгийнийх нь өнгийг “сонгуулдаг” жишиг бий. Аль нэг өнгөн дээр нь харцаа тогтоовол өнөө өнгийнх нь өлгийг сонгодог юм байна л даа. Өлгийтэй хүүхэд ойлгохгүй шүү дээ гэх байх. Хүүхдийн оролцоог өндөр хэмжээнд авч үзэх ёстой гэдгийг харуулсан сонирхолтой кейс мөн үү гэвэл мөн.

-Ер нь хүүхдийг эерэгээс хүмүүжүүлэхэд хамгийн өргөн хэрэглэдэг ямар арга байдаг бол?

-Хүүхдээ хүмүүжүүлэхдээ зайлшгүй хэрэглэх ёстой арга гэвэл AA буюу алдааг нь биш, амжилтыг нь, ЗЗ буюу загнахгүй, залхаахгүй байх гэсэн аргууд байна. Шалгалтандаа хангалтгүй дүн авсан байлаа ч бурууг нь харж загнахаас илүүтэй зөв хийснийг нь магтаж урамшуулах хэрэгтэй. “Миний хүү маш хүнд даалгаврыг нь хийж чадсан байна. Жаахан хичээхэд л үлдсэн даалгавраа асуудалгүй хийх юм байна” гэх мэтээр урамшуулж, хүч өгөх хэрэгтэй. Бидний тархины хувьд сэтгэл хөдлөлийг удирддаг хэсэг нь дотроо, бодож төлөвлөдөг хэсэг нь гадуур нь хучигдсан байдаг. Сэтгэл хөдлөл удирддаг хэсэг ажиллаж уурлаж бухимдаад ирэхээр бодох хянах хэсэг нь ажиллахгүй болно гэсэн үг. Тэгэхээр түр зуурын бухимдалдаа хөтлөгдөхөөс илүү хэрхэн харилцах ёстойгоо бодож, ухамсарлаж, хүүхэдтэйгээ харилцаарай гэж аав, ээжүүдэд зөвлөе.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “ШХАБ-д элсвэл “нугасны муухай дэгдээхэй” л болно” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” нүүрт Монгол хурандаа нийгэмлэг”-ээр овоглосон Чойжавын Баатарынд зочиллоо хэмээн өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “ ШХАБ-д элсвэл “нугасны муухай дэгдээхэй” л болно “ хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Бүртгэл салангид байгаагаас өмчийн харилцааны асуудал замбараагүй байгаа юм хэмээн ярьжээ.

Б.Бямбасайханы эхнэр Д.Өнөржаргал: Надад уйлах ч завдал олдохгүй байна хэмээн “Баримт үйл явдал” нүүрт ярьсан байна.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Хоёрын хооронд багахан өс яваад байна л гэж харж байгаа хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы “Энэ тухай” нүүрт Д.Дуламсүрэн: “Хөвсгөл Алтандуулга” органик бүтээгдэхүүнийг нийслэлийн зах зээлд нийлүүлж эхэлсэн хэмээн ярьсан байна.

“Юу Эн Ай Ти” ХХК-ийн захирал Э.Цог-Эрдэнэ: Фэйсбүүкийн пост, твиттерийн жиргээнд хиймэл оюунаар анализ хийх боломжтой хэмээн “Шинжлэх Ухаан” нүүрт ярьсан байна.

Чинагийн Галсан: Би германчууд шиг цаг баримталж, тэдэн шиг зүтгэсэн учраас амжилтад хүрсэн “Ардын цолтон” нүүрт ярьжээ.

Б.Өсөхбаяр: Зүгээр л энэ дуугаа жаргаж дуулна гэж бодсон хэмээн “Соёл урлаг” нүүрт ярьсан байна.

“Цаг үе” нүүрт АСЕМ-ийн бэлтгэл ажилтай холбоотой нийт төсөл арга хэмжээний 74 хувийг нь нийслэлийн өмчид бүртгээгүй хэмээн өгүүлсэн байна.

Увсын улсын цолтнууд Монгол туургатны наадамд зодоглосонгүй хэмээн “Спорт” нүүрт өгүүлжээ.

“Өдрийн сонин”-ы “Нийгэм” нүүрт Үлгэрийн баатрууд амилж, цэвэр сүүг сурталчилсан хүүхдийн баяр хэмээн өгүүлжээ.

Ким Жөн Уны зочид буудлын төлбөрийг төлөхөд бэлэн гэв хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
энтертаймент-ертөнц

“Авьяаслаг монголчууд-2018” шоуг шүүх шүүгчдийг зарлав

“Монгол НD” телевизийн хамт олон “Авьяаслаг монголчууд-2018” шоуг гурав дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан дэлхийн шоуны бүртгэл өнгөрсөн нэгдүгээр сарын 08-наас эхэлсэн.

Шоуны оролцогчдын тоо хязгааргүй. Урлагийн олон төрлөөр аль болох олон авьяастнуудыг бүртгэсэн аж. Тус шоу нь 2017 онд “The Voice” шоутай давхцаж байсан учраас зохион байгуулаагүй. Харин 2018 ондоо үргэлжлүүлэн, үзэгчдэдээ хүргэхээр болсон байна.

Тэгвэл энэ удаагийн шоу нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Тодруулбал, “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг ирэх есдүгээр сараас үзэгчдийн хүртээл болох гэнэ. Шүүгчдийн тухайд реппер, продюсер Рокит бэй, хөтлөгч продюсер П.Анужин, жүжигчин Г.Ундармаа, Чингис хаан одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нар шоуг шүүхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Зургаадугаар сарын нэгэнд Улсын хэмжээнд 177 хүүхэд мэндэлжээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр улсын хэмжээнд 177 хүүхэд мэндэлсэн гэдгийг салбар яамнаас нь мэдээлж байна.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн сарын сүүлээр ЭХЭМҮТ-д гурван ихэр хүүхэд төржээ. Тэднийг ээжийнх нь хамт дутуу тээлтийн тасагт байлгаж байгаа аж. Өнгөрсөн 2017 онд Монгол Улсын хэмжээнд нийт 11 эх гурван ихэр хүүхэд төрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Татвараа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа зургаадугаар сарын нэгнээр дуусгавар болж буй.

Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй. Гэвч татвараа төлөөгүй жолооч олон байгааг албаныхан хэлж байна. Тиймээс нийслэлийн Татварын газрынхан татвар төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ.

Тодруулбал, татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгөөр торгоно гэсэн үг. Эл арга хэмжээтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд насыг “хулгайлсан” үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн 175 орноос 71-т жагсжээ

Хүүхдийг Ивээх Сангаас хүүхдийн эрхийн өдрийг угтан “Хүүхэд Насны
Төгсгөл” буюу“ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН ОЛОН ТАЛ” хэмээх тайланг дэлхий
нийтэд дэлгэлээ. Хүүхэд аль улс оронд илүү аюулгүй тайван байгааг үнэлж,
хүүхэд насыг хэрхэн “хулгайлж” буй үзүүлэлтээр нь эрэмбэлэн 175 улс орныг жагсаасан байна.

Энэхүү тайланд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт,
охидын эрт гэрлэлт, өсвөр насныхны жирэмслэлт, хүүхдийн эсрэг
хүчирхийлэл зэрэг үзүүлэлтээр улс орнуудыг жагсаажээ. Монгол Улс 175
орноос 71-т жагссан байна. Авбал зохих 1,000 онооноос 891-г авчээ.
Хэдийгээр өнгөрсөн жилийнхээс 11 нэгжээр өссөн мэт харагдаж байгаа ч
энэ нь сургууль цэцэрлэгийн хамрагдалт нэмэгдсэн, тав хүртэлх насны
хүүхдийн эндэгдэл буурсан үзүүлэлттэй холбоотой.

Хөрш улс орнуудаас БНХАУ 40-д, ОХУ 37-д, харин Казахстан улс 45-д тус тус жагсжээ. Жагсаалтын эхэнд хүүхдэд хамгийн аюулгүй орнуудыг нэрлэхэд Сингапур болон Словен улс тэргүүлж Норвеги, Швед, Финланд улс эхний тавд оржээ.

Хамгийн сүүлд орсон 10 орны найм нь баруун болон төв Африкийн улс орнууд, Нигер улс хоёр дахь жилдээ хамгийн сүүлийн байранд ороод байна.
Дэлхийн хүүхдийн талаас илүү нь буюу 1.2 тэрбум хүүхэд зөрчил
мөргөлдөөн, ядуурал, охидын эсрэг ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа
нь тэдний сурах, өсөж хөгжих бололцоог нь ноцтойгоор хязгаарлаж байна.
Нэг тэрбум гаруй хүүхэд ядууралд нэрвэгдсэн орнуудад амьдарч, үймээн самуун, зөрчилд автагдсан орнуудад 240 сая хүүхэд байна. 575 сая охид жендерийн хувьд ялгаварлан гадуурхал өндөртэй улс орнуудад амьдардаг.

Монгол Улсын хувьд анхаарал татаж буй нэг үзүүлэлт бол хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн
байна. Манай улс хүүхдийн хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй
хэлбэрийг арилгахад чиглэсэн хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж,
Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын наймны өдрийн А/36 “Насанд
хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг
шинэчлэн баталж, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах стандартуудыг
баталж, морь унаач хүүхдийн нэгдсэн бүртгэлийн системтэй болж, Зөрчлийн
тухай хууль, Хөдөлмөрийн тухай, Эрүүгийн тухай хуулиуд хариуцлагын
асуудлыг тусгасан.

Гэсэн хэдий ч улсын хэмжээнд 2012 онд 181, 2013 онд 219, 2014 онд 205
хүүхэд хурдан мориноосоо унаж хэвтэн эмчлүүлсэн ба 2012-2014 онд нийт зургаан
хүүхэд хурдан мориноосоо унаж амь насаа алджээ.

Харин 2017 онд хурдан морины уралдааны явцад мориноос унаж хөгжлийн бэрхшээлтэй болсон гурав, амь насаа алдсан хоёр хүүхэд бүртгэгдсэн
байна. Хурдан морины хаврын уралдаан нь хүүхдийн эрүүл байх, сурч
боловсрох, хамгаалагдах гээд бүхий л эрхийг зөрчдөг, мөн амь насаа
алдсан тохиолдолд хариуцлагыг хүлээлгэх эзэнгүй, ашиг олох зорилгоор
хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн нэг
хэлбэр болохыг судалгаагаар тогтоосон юм.

Монгол Улсын талаар хэд хэдэн жишээ авахдаа ядуу өрхийн хүүхдийн хувьд чинээлэг өрхийн хүүхдээс хөдөлмөр эрхлэх магадлал нь ес дахин илүү байгааг
дурджээ. Иймэрхүү ялгаатай байдал мөн тав хүртэлх насны ядуу өрхийн
хүүхдийн эндэгдлийн тооны зөрөөнөөс харагдаж байна. Хэдийгээр Монгол Улс
нь үндэсний хэмжээнд 1,000 амьд төрөлтөд ноогдох нялхасын эндэгдлийн
тоог 25-аас бага байлгах Тогтвортой хөгжлийн зорилтод хүрсэн ч амьдралын
нөхцөл муутай өрхөд төрсөн хүүхдийн эндэх магадлал гурав дахин их байгааг
анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн, гамшигт өртөж буй байдалд ч томоохон ялгаа ажиглагдаж
байна. Тухайлбал, 2015-2017 онуудад болсон зудад ядуу өрхийн хүүхдүүд
илүү өртөж, сургуульдаа очиж чадахгүй байх, чанартай тэжээллэг хоол
хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй зэрэг бэрхшээл байсаар байна.
Иймд гамшиг болохоос өмнө эрсдэлийг бууруулахад хөрөнгө төсвийг
нэмэгдүүлэх шаардлагатай.

Нэг ч хүүхэд урьдчилан сэргийлж болохуйц шалтгаанаас, хатуу харгис
хүчирхийллийн улмаас амь насаа алдахгүй, хоол тэжээлийн дутагдал, эрт
болон албадан гэрлэлт, эрт жирэмслэлт, албадан хөдөлмөрийн улмаас
ирээдүйгээрээ хохирохгүй байхад хүчин чармайлт тавихаас гадна чанартай
боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийг Засгийн газарт Хүүхдийн Ивээх
Сан уриалж байна.