Categories
мэдээ спорт

Увсын улсын цолтнууд Монгол туургатны наадамд зодоглосонгүй

Түрүү бөх улсын гарьд Б.Гончигдамба

Монгол туургатны их наадмыг Монголын Үндэсний бөхийн холбоо, Сүхбаатар аймгийн “Жавхлант” бөхийн дэвжээ, “Хамаг монгол” студи, “Малчин” телевиз хамтарч Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа. Наадмын үеэр монгол бөх, буриад, өмнөд монгол бөхийн барилдаанууд болж тус бүрт нь 128 бөх зодоглосон юм. Монгол туургатны наадамд Өмнөд монгол, Буриад, Тувагаас бөхчүүд ирж хүч үзлээ. Энэ жилийн наадамд Халимаг улсаас хараахан бөх ирж амжсангүй.

Монгол туургатны их баяр наадмын барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар барилдах болов уу гэсэн хүлээлт бөх сонирхогчдын дунд байсан. Эдгээр хүчтэнүүдийн зураг барилдааны зарлалын хуудсан дээр байсан ч ирж зодоглосонгүй. Уг нь долоохон хоногийн өмнө Л.Чинбат тэргүүнтэй холбооноос зохион байгуулсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар барилдсан. Энэ удаа Б.Бат-Эрдэнэ тэргүүнтэй холбоо зохион байгуулсан барилдаанд Увсын улсын цолтой бөхчүүдээс нэг нь ч барилдсангүй. Цэнгэлдэхэд ч харагдсангүй. Харин тус наадамд хоёр удаа түрүүлж байсан улсын аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва нар үзэгчдийн суудлаас барилдааныг анхааралтай ажиглаж “Бөх билэгт”-ийн дэвжээний бөхчүүдээ дэмжиж сууна лээ.Халх бөхийн барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Д.Баасандорж нараар ахлуулсан хүчит 128 бөх барилдав. Энэ барилдаанд Монгол Улсаас 96, зочин 32 бөх бүртгүүлжээ. Монгол туургатны барилдаанд барьц сонгох дүрмийг хэрэгжүүлсэнгүй. Барилдааны зүүний манлай улсын аварга Г.Эрхэмбаяр гурвын даваанд улсын начин Б.Шоовдорын хүү аймгийн хурц арслан Дарханбатыг амлаж барилдсан ч хашиж мордуулаад өвдөг шороодов. Мөн дагавар магнай улсын заан Д.Баасандорж аймгийн арслан Б.Суманчулууныг амлаж барилдаад тахим буулгав. Энэ барилдааны түрүү бөхөөр нэрлэгдэж байсан аралтай начин Б.Амарзаяа аймгийн арслан Т.Пүрэвсүрэнг амлаж барилдаад дийлсэнгүй. Гурвын даваанд улсын начин Л.Лха-Очир, Д.Анар тунаж барилдаад Завханы начин давхар шуудагны барьцнаас бусгаж тохойлдуулаад, өөрөө суучихав. Энэ барилдааныг хажуухнаас нь харсан хөлийн цэцүүд Д.Анарыг давуулахад үзэгчдийн суудлаас барилдааныг үзсэн аварга Ч.Санжаадамба “Ийм тодорхой барилдааныг ингэж буруу шийдээд байгаа юм аа” гэж халаглаж суув. Аварга барилдааны шүүлтэд камерийн тусламж зайлшгүй хэрэгтэй байгааг онцолно лээ.

Оноолтын давааны онцлох барилдаан нь улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан Т.Пүрэвсүрэн нарын хооронд өрнөсөн. Барьц сонгох дүрэмгүй явагдсан барилдаанд хоёр бөх баруун, зүүн давхар золгоог 10 гаруй удаа халалцсаны эцэст харцага харшиж мордоод шөвгийн наймд шалгарсан юм.

Тавын даваанд улсын гарьд Б.Гончигдамба Ш.Дарханбатыг амлаж барилдаад орхисон бол Архангайн М.Бадарч харцага Өмнөдхангайн Х.Гантулгыг илүүрхэж их шөвөгт үлдсэн. Харин харцага Б.Бат-Өлзий өмнөх даваанд хүнд барилдаан хийсэн ч өсөх идэр начин Э.Энхбатыг аргалж бэлтгэл сайтай байгаагаа харуулсан юм. Энэ давааны дундуур зочин 32 бөхийн барилдааны түрүү байрын төлөө Тувагийн Очиржав Буриадын Магсар нар хүч үзэж Тува барилдааны аварга Очиржав давж халх барилдааны их шөвөгт орж барилдах эрхээ өмнөдтөлсөн юм. Барилдааныг зохион байгуулагчид зочин бөхчүүддээ боломж олгож хооронд барилдуулж аваргыг нь их Монголын бөхчүүдтэй барилдуулсан.

Зургаагийн даваанд Б.Гончигдамба гарьд Тувагийн аварга Очиржавд ямар ч боломж олгосонгүй. Бариа зөрүүн дээр тахимдаад тэнгэр харуулав. Тунасан хоёр барилдаанд улсын харцага Б.Бат-Өлзий М.Бадарчийг зүүн золгооноос мушгиад даваа авав. Удахгүй болох улсын наадмын тавын даваанд тунаад барилдаж мэдэх л хоёр доо.

Түрүү байрын төлөөх барилдаанд улсын гарьд Б.Гончигдамба Б.Бат-Өлзийг зүүн талдаа шахаж татаад анх удаа Монгол туургатны барилдаанд түрүүлсэн юм.

Буриад бөхийн түрүү аймгийн арслан Т.Бэгзсүрэн

ӨМНӨД МОНГОЛЧУУД ТҮРҮҮГЭЭ АЛДСАНГҮЙ

Өмнөд монгол бөхийн барилдаанд 128 бөх зодоглож Өмнөд монголын Шулуунцагаан хошууны аварга Бүрэнсайн долоо даван түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэсэн. Барилдааны их шөвөгт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Б.Бат-Эрдэнэ, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн арслан Б.Баянмөнх нар шалгарсан юм. Үзэгчид Өмнөд монголын үнэн хүчит аварга Д.Баярбаатарын барилдахыг хүлээж байсан ч энэ наадамд зодоглосонгүй. Өмнөд монголын өөр нэг хүчит аварга Алтансүх дөрвийн даваанд улсын начин Б.Бат-эрдэнэд өвдөг шороодож барилдаанаа өндөрлүүлнэ лээ. Өмнөд монголын 512 бөхийн барилдааны түрүү бөхөөр хоёр удаа тодорч байсан тэрээр “Монгол туургатны наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Түрүүлэх зорилготой ирсэн ч бага яарч алдаа гаргаад уначихлаа. Дараагийн удаа монголчуудыгаа баярлуулж сайхан барилдана” гэж ярьсан юм. Алтансүх чөлөөт бөхийн “Монголиа опен” олон улсын тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль зүүж байсан юм. Өмнөд монгол барилдаанд Монгол Улсаас аймгийн арслан А.Давааням, Х.Цогтгэрэл, аймгийн заан Б.Түмэндэмбэрэл нар сайн барилдаж дөрөв давсан. Хөлд хүрэхэд унасан тооцдог дүрэмтэй Өмнөд монгол бөхөөр монгол бөхчүүд барилдахад хүндрэлтэй байгаа нь харагдсан юм. Тэд хутгаа, хавираа, этээ зэрэг мэхүүдийг гаргууд сайн хийж гол өрсөлдөгчидөө давж байсан юм.

Буриад бөхийн үзүүр
сумын заан Б.Өлзийсайхан

“ИРЭЭДҮЙ АВАРГА” ШАГНАЛЫН ЭЗЭН БУРИАД БАРИЛДААНААР АВАРГА БОЛОВ

Төв цэнгэлдэхэд цугларсан олны сонирхлыг хамгийн ихээр татсан нь буриад барилдааны төрөл байсан. Дээгүүрээ нүцгэн, гар газарт хүрэхэд л ялагдах дүрэмтэй барилдаанд Буриад болон Тувагаас чөлөөт бөхийн тамирчид ирж зодоглосон нь өрсөлдөөнийг ширүүн болгож өгсөн. Бөх сонирхогчдын хүлээдэг уран дайчин, шуурхай барилдаанууд энд л гарсан даа.

Монголоос улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Б.Сугаржаргал, Д.Амарсайхан, Ч.Хөхчирэнгэр нарын зэрэг бөхчүүд барилдаж Завхан аймгийн Отгон сумын харьяат “Ирээдүйн аварга шагналын эзэн” аймгийн арслан түрүүлж Т.Бэгзсүрэн түрүүлж, Өмнөдхангай аймгийн харьяат сумын заан Б.Өлзийсайхан үзүүрлэсэн. Барилдааны нэгийн даваанд тамирын өмд, пүүзтэй төдийлөн олны танил биш намхан, туранхай бор залуу буриад барилдаанд зодоглохоор гарч ирэхэд үзэгчид амны хүүхэд гэж л харж байлаа. Гэсэн ч өнөөх залуу “бөх морь хоёр жижигддэггүй” жишээг харуулж арал бяртай өрсөлдөгчидөө арга, мэхээр ялж энэ өдрийн үзүүр бөхөөр шалгарсан юм. Тэрээр үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баярсайханы удирдлагад бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэж насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль зүүж байсан өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдын нэг юм.

Буриад барилдааны их шөвөгт Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн арслан Ц.Сандагдорж нар шалгарсан. Дээгүүр барилдах боломжтой чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер аймгийн хурц арслан Н.Золбоо хоёрын даваанд аймгийн арслан Э.Мөнхбаатарт өвдөг шороодож таавар будлиулсан. Энэ даваанд дээш барилдах боломжтой улсын начин Ч.Хөхчирэнгэр, Б.Сугаржаргал нар унаж барилдаанаа дуусгасан.

Энэ үеэр наадмын зохион байгуулагчид үзэгчдээс азтан тодруулж “Приус 30” маркийн төмөр хүлгээр байлсан. Азтан шалгаруулах сугалааг Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Өмнөд монголын аварга Д.Баярбаатар нар сугалж Баянхонгор аймгийн харьяат Т.Нямдэлгэр хэмээх залуу тодорсон юм. Тэрээр “Энэ барилдааныг үзэх үү, болих уу гэж эргэлзэж байгаад л найзтайгаа ирсэн. Автобусаар ирээд автомашин хожоод гэртээ харих боллоо баяртай байна” гэж хэлээд шинэхэн төмөр хүлэгтээ аваргуудыг суулгаад Төв цэнгэлдэх хүрээлэнг нар зөв тойрч наадамчидтай мэндчилсэн юм.

Монгол туургатны барилдааны түрүү бөхийг гурван сая төгрөгөөр байлсан бол үзүүр бөхийг нэг сая таван зуун мянга, их шөвөгт шалгарсан бөхийг 800 мянган төгрөгөөр шагнасан юм. Цэнгэлдэхэд цугларсан олон барилдааны дараа “Улсын арслан П.Бүрэнтөгсийн зоримог, Н.Батсуурийн сийрэгхэн, улсын харцага Т.Баасанхүүгийн уран, хурц барилдаан үгүйлэгдлээ ”гэж өөр хоорондоо ярилцана лээ.

О.НЯМ

Categories
мэдээ соёл-урлаг

М.Цэрэндолгор тав дахь дугаарын ялагч боллоо

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны тав дахь дугаар өчигдөр /2018.06.03/ үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны тав дахь дугаарын ялагчаар жүжигчин М.Цэрэндолгор шалгарлаа.

Тэрээр өчигдрийн дугаарт дуугүй киноны хаан Чарли Чаплины цорын ганц дууг яг түүн шиг дуулж, шүүгчдээс шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Шүүгч Г.Ганхүү: Чаплин энэ дууг ямар ч утгагүй, англи итали хэлээр орчуулах аргагүйгээр дуулсан. Түүнээс хойш нэг ч дуу дуулаагүй. Чи түүний дүрийг гайхалтай авч гарлаа.

Шүүгч Х.Оюунбилэг: Чи өөртэй итгэлтэй байна. Бүжиг дуулалт сайн байлаа.

Шүүгч Б.Амархүү: Чаплины дуулж байгаа байдлыг мэддэггүй байх. Энэ дүрийг чи өөртөө итгэлтэй гоё аваад гарлаа

Ялагч М.Цэрэндолгор үзүүлбэрийнхээ тухай “Оролцож байгаа долоон оролцогчдодоо чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Шат бүрд намайг хурцалж байсан шүүгчиддээ баярлалаа”хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын бялуу урлаачдын “GATSBY” уралдаанд монгол эмэгтэй нэгдүгээр байр эзэлжээ

Бялуу урлалыг урлаг болгон хөгжүүлж, урлаачдын уран чадварыг сорьдог олон улсын уралдаанд М.Наранчимэгийн бүтээл тэргүүлжээ. Тэрбээр Англи улсад зохиогдсон олон улсын бялуу урлаачдын “GATSBY” сэдэвт уралдааны “SWEET EASY” төрөлд оролцож нэгдүгээр байр эзэлсэн байна. Уг тэмцээнд дэлхийн 62 орны амттан урлаачид оролцсон аж.

Тэрбээр өмнө нь АНУ-д болсон ICES буюу “International cake exploration societe” гэх 40 дэх удаагийн уулзалт, шоунд эх орноо төлөөлөн оролцож гуравдугаар байрын шагнал хүртэж байсан билээ. М.Наранчимэг өмнө нь манай сайтад ярилцлага өгөхдөө “Миний ээж нарийн боов хийдэг хүн байлаа. Ширээ сайхан засдаг, гэрийн сайн эзэгтэй байсан. Эмээ, ээж хоёр маань нарийн боов хийдэг тогооч мэргэжилтэй. Ээж маань Дархан хотын дөрөвдүгээр цэцэрлэгийн тогооч байсан. Ээжийнхээ үргэлжлэл болж “Саран” гэх тодотголтой бялууг урлаж хэн нэгний баярын ширээг чимж яваадаа маш их баяртай байдаг юм” хэмээн ярьж байлаа.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд МУИС-ийн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд МУИС-ийн багш ажилтнуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж тэдний санал бодлыг сонслоо. МУИС-д хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн, оюутны дүн засдаг, шаардлага хангаагүй оюутан элсүүлдэг, төгсгөдөг, багш ажилтан, оюутнуудад дарамт шахалт үзүүлдэг, аудитын дүгнэлтээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн, үүрэг гүйцэтгэгч захиралтай жил гаруй болж байгаа, сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах гэх мэт асуудлаар МУИС-ийн багш нарыг төлөөлж доктор Г.Элдэв-Очир, дэд профессор доктор Д.Дашдулам, доктор Д.Амартүвшин, профессор доктор Ж.Бат-Ирээдүй зэрэг багш нар мөн Оюутны хөгжил үйлчилгээний газрын мэргэжилтэн Ш.Солонго нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболдтой уулзаж ярилцлаа. Зарим хуулиуд болон Монгол Улсын Их Сургуулийн дүрэм журмыг зөрчсөн талаархи мэдээлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал хандуулж ажиллах болно хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлэх төсөл эхэллээ

Дэлхийн эрүүл хотуудын сүлжээ болох “Эрүүл хотуудын түншлэл” санаачлагын хүрээнд Нийслэлийн Засаг даргын ЗДТГ, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” төслийг хэрэгжүүлж, өнөөдөр төслийн нээлтийг зарлаж байна.

Энэхүү төсөл нь 18 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд уг төслийн эхлэл болгож Улаанбаатар хот болон хот орчмын замд зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарын дунд хамгаалах бүсний хэрэглээний түвшинг тодорхойлох судалгааг 5000 гаруй жолоочоос авч явууллаа.

Уг судалгааг нийслэлийн 6 дүүрэгт тодорхой байршлуудад, мөн хот орчмын замд буюу 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо, хйод чиглэлийн зуслангийн замд, Өлзийт хорооллын замд нийт цагдаагийн 10 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 62 сонсогчийн хамт ажлын 2 өдөр, амралтын 1 өдрийн турш явуулсан юм.

Зорчигчдын хамгаалах бүсний хэрэглээ 20 хүрэхгүй хувьтай байна

Судалгааны урьдчилсан дүнгээс танилцуулахад:

Жолооч хамгаалах бүс хэрэглэсэн- эрэгтэй-94 хувь, эмэгтэй 93 хувь буюу нийт 93,8 хувь нь хэрэглэсэн,
Урд суудалд сууж яваа зорчигч хамгаалах бүс бүсэлсэн- эрэгтэй 73 хувь, эмэгтэй 73 хувь буюу нийт 73 хувь нь хэрэглэсэн,
Арын 1 зорчигч хамгаалах бүс бүсэлсэн-18 хувь хэрэглэсэн, 82 хувь хэрэглээгүй,
Арын 2 зорчигч хамгаалах бүс хэрэглэсэн-12,9 хувь хэрэглэсэн, 87,1 хувь хэрэглээгүй,
Арын 3 зорчигч хамгаалах бүс хэрэглэсэн-14,6 хувь хэрэглэсэн, 85,4 хувь хэрэглээгүй,
Арын суудлын бүрээс хамгаалах бүс хийх нүхтэй эсэх судалгаанд 79,9 хувь нь тийм гэсэн хариултыг өгсөн байна.

Дээрх судалгаанаас үзэхэд жолооч нар хамгаалах бүс хэрэглэж хэвшсэн хэдий ч тээврийн хэрэгслээр зорчигч нарт хамгаалах бүс хэрэглэхийг шаарддаггүй, хэрэглүүлдэггүй зөрчил гарч байна.

Төслийн хүрээнд хамгаалах бүсний ач холбогдлыг иргэдэд сурталчлан таниулж, мэдээлэл сурталчилгааг бүх хэлбэрээр олон нийтэд хүргэх кампанит ажлыг зохион байгуулах бөгөөд үүний дараа дахин хамгаалах бүсний хэрэглээний түвшин тогтоох судалгааг явуулж, үр дүнг тооцох юм байна.

Categories
мэдээ улс-төр

Манай улс ШХАБ-д элсэх үү гэх асуудлыг МАН хэлэлцэж байна

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарь ёсоор хуралдах ёстой. Энэ дагуу МАН-ын бүлэг хуралдаанаа зардаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд саналаа нэгтгэж байгаа аж. Түүнчлэн манай улс ШХАБ-д элсэх үү гэх асуудлыг намын бүлэг дахин хэлэлцэж буй гэх мэдээлэл байна.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж эхлээгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бөхийн ахмадын УАШТ-ийг зохиолоо

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, МЧБХ хамтран зохион байгуулсан гурав дахь удаагийн ахмадын УАШТ-ийг зохиолоо. Энэ сарын 2-3-нд Спортын төв ордны “А” зааланд болж өндөрлөв. Сүүлийн өдөр 41-45, 46-50 насны ангиллын бөхчүүдийн барилдаан болж Н.Баатарсүрэн, Т.Батнасан, Ш.Баянмөнх, Д.Ганбат гурав, Мастерсийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, ОУХМ Х.Нямдорж улсын хошой аварга болов.

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос жил бүр олгодог 500 мянган төгрөгийн тусгай шагналыг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Хойлогдоржид олгосныг тус холбооны ерөнхийлөгч Б.Өнөбаатар гардууллаа. Түүнчлэн МҮОХ-ны Олимпийн Алтан медалиар ахмадын дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер М.Цанлигт олгосон юм.

41-45 насны ангилал
55-62 кг 1. Төмөрбаатарын Батнасан /“Хангарьд” клуб, ахмадын ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/
2. Жанчивын Хурц /Хан-Уул дүүрэг/
3. Даваахүүгийн Соёл-Эрдэнэ /“Женко” клуб/
3. Намнангийн Одгэрэл /Баянгол дүүргийн 51 дүгээр сургууль/
70 кг 1. Нямжавын Баатар /“Арслан” клуб/
2. Төмөр-Очирын Түмэн /Дархан-Уул аймаг/
3. О.Ганхуяг /“Арслан” клуб/
78 кг 1. Лочингийн Нямчулуун /“Тулгат” клуб/
2. Чойжилсүрэнгийн Пүрэвбаяр /“Арслан” клуб/
3. Бадмаабазарыг Азархад /Хан-Уул дүүрэг/
3. Гүндашийн Лувсансамбуу /Орхон аймаг,
“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
88 кг 1. Доржготовын Ганбат /“Тулгат” клуб, ахмадын ДАШТ-ний хүрэл медальт/
2. Чойжамцын Баттулга /“Арслан” клуб/
3. Ч.Чинзоригт /Хан-Уул дүүрэг/
3. Божингийн Нямлхагва /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
-100 кг 1. Идэрчулууны Отгонбаатар /“Замчин” спорт клуб/
2. Балжирын Ганбат /Баянзүрх дүүрэг/
3. Оросоогийн Одсүрэн /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
3. Очирхүүгийн Мөнхтөр /Баянзүрх дүүрэг/
+100 кг 1. Шурагийн Баянмөнх /“Дархан-уул аймаг, ахмадын ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/
2. Гандуламын Отгонбаатар /Дархан-Уул аймаг/
3. Ламжавын Лхагвадорж /Налайх дүүрэг, “Мөнхийн хүчтэн” клуб/
3. Төмөр-Очирын Баттөмөр /Завхан аймаг/

46-50 насны ангилал
55-62 кг 1. Гэндэндоржийн Баатарсүрэн /Орхон аймаг, “Хангарьд” клуб, ахмадын дэлхийн аварга/
2. Миесэнгийн Мөнхнэмэх /Налайх дүүрэг, “Мөнхийн хүчин” клуб/
3. Минжмаагийн Отгонбаяр /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
3. Сайдын Цогтбаяр /Баянзүрх дүүрэг/
70 кг 1. Хаянхирваагийн Нямдорж /Орхон аймаг, “Хангарьд” клуб, ахмадын дэлхийн аварга/
2. Банзрагчийн Алтанзул /“Өнө Мөнх” ХХК/
3. Цэдэнбалжирйн Гантулга /“Аваргууд” академи/
3. Доржпаламын Баттөмөр /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
78 кг 1. Дашзэвэгийн Мөнх-Эрдэнэ /“Өнө Мөнх” ХХК/
2. Бодийн Отгон /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
3. Долгорын Ганхуяг /Дорнод аймаг/
88 кг 1. Дүгэрсүрэнгийн Ганболд /“Аваргууд” академи/
2. Д.Эрдэнэбаяр /“Аваргууд” академи/
3. Буянтогтохын Болд /“Арслан” клуб/
3. Мягмарын Батсайхан /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
-100 кг 1. Мижиддоржийн Жамьянпүрэв /“Хилчин спорт хороo/
2. Чадмаагийн Амарсанаа /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
3. Даваацэрэнгийн Мөнхбат /Налайх дүүрэг, “Мөнхийн хүчтэн” клуб/
3. Доржжүгдэрийн Баярдалай /“Арслан” клуб/
+100 кг 1. Консолын Канат /Налайх дүүрэг, “Мөнхийн хүчтэн” клуб/
2. Базаррагчаагийн Пүрэвсүрэн /Баянзүрх дүүрэг/
3. Нацагдоржийн Баянмөнх /“Тулгат” клуб/
3. Даваацэрэнгийн Мөнхчулуун /“Тулгат” клуб/

Categories
мэдээ спорт

Кыргызстан улсаас таван бүсгүй Улаанбаатарын дэвжээнд хүч үзнэ

Зургадугаар сарын 9-10-нд болох “Монголиа Опен-2018” Олон улсын тэмцээнд ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн 16 тамирчин зодоглохоор болсон билээ. Тэгвэл Кыргызстан улсаас таван бүсгүй Улаанбаатарын дэвжээнд хүч үзэхээр болжээ. Тодруулбал, 62 кг-ын жинд “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий хошой алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальт Айсулу Тыныбекова, 76 кг-д өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Айпери Медет-Кызы, 68 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга Мээрим Жуманазарова, 57 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Назира Марсбек Кызы, 59 кг-д өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Нураида Анаркулова гэсэн тамирчид зодоглоно. Дасгалжуулагчаар Нурбек Изабеков, шүүгчээр Улан Деркенбаев, Эрнес Суранов, Азамат Бекмирзаев нар ирэхээр болсон байна.


Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралтын хуваарь гарлаа

Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дөрөвдүгээр улирлын амралтын хуваарь гарсан байгаа.

Тухайлбал, 1, 2 дугаар ангийн сурагчид өнгөрсөн баасан гарагаас эхэлж амарсан бол, харин 3, 5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 8-ны өдрөөс буюу энэ баасан гарагт амарна.

Харин 6-12 дугаар ангийн сурагчдын амралт энэ сарын 15-ны өдрөөс эхлэх юм байна.

Categories
мэдээ спорт

Бөхчүүд хамтарсан бэлтгэл хийнэ

Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан Улсын их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн дэвжээдийг хамтарсан бэлтгэл хийх боломжийг олгожээ.

Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 17.00-20.00 цагийн хооронд бөхийн дэвжээнүүд цагийн хуваарийн дагуу бэлтгэл хийх юм байна. Мөн энэ сарын 10-ны өдөр 09.00-12.00 цагийн хооронд бөхчүүд хамтарсан бэлтгэл хийх юм байна. Баяр наадмын өмнө томоохон сорилго, бэлтгэл болох бөхийн бэлтгэлд дэвжээдийн багш, дасгалжуулагч, бөхчүүдээ идэвхтэй оролцохыг уриалжээ.