Categories
мэдээ нийгэм

Археологичид “Бурханы гар” олжээ

Английн археологичид Эртний Ромын үеийн шүтээн болж байсан баримлын хэсгийг олжээ. Хадрианы хананы ойролцоо хийсэн малтлагаар олсон уг олдвор нь 2.3 кг жинтэй хүрлээр цутгасан гар аж. Уг олдворыг МЭ-ий 209-210 оны үед өнөөгийн Их Британийн газар нутагт болсон томоохон тулааны үеэр Ромын цэргүүд цуст ялалтаа тэмдэглэн тахиж байсан Jupiter Dolichenus бурханы баримлын гар гэж түүхчид таамаглаж буй аж.

Археологичид “Бурханы гар”-ыг олжээ

Археологичид “Бурханы гар”-ыг олжээ

Эртний Ромчууд МЭӨ III зуунаас тахин шүтэж ирсэн Jupiter Dolichenus хэмээх бурханы баримлын гар ийнхүү олдсон нь түүх төдийгүй шашин судлалын хувьд ч үнэт олдвор, судлагдахуун болж буй юм.

Jupiter Dolichenus бурхан нь цэргүүдийг ивээн, ялалт авчирдаг хэмээн итгэл эртний ромчуудад хүчтэй байжээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Энх-Амгалан: Шинэ бүрдсэн парламент анхдугаар чуулганаараа шинэ дэгээ баталдаг олон улсын жишиг бий

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон Д.Хаянхярваа нараас УИХ-ын чуулганы дэг болон гишүүний хариуцлагын талаар зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг өргөн барьсан юм. Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг хамтатган хэлэлцэж, С.Бямбацогт гишүүний өргөн барьсан төслийг суурь болгохоор тогтжээ.

Анхны хэлэлцүүлгийн үеэр асуулт асуусан гишүүдээс О.Баасанхүү “Карт хийгээд ирц орж байна. Дахиж хурууны хээгээр бүртгэх илүү зардал. Үүний оронд саналыг хурууны хээгээр өгөхийг иргэд шаардаж байгаа. Мөн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаас өөр зүйлийг хэлэлцэж цаг их алддаг” хэмээн шүүмжлэхэд Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан гишүүн “Хурууны хэгээр бүртгэхэд одооны нөхцлөөс ихээхэн өөрчлөлт гарна. Бүтэн чуулганд өөр сэдвээр ярьдаг гишүүд байдаг. 4-5 чуулганд хэлэлцэх асуудлаа хэлэлцсээр үдээс өмнөх чуулган дуусчихдаг тал бий. Тиймээс хэлэлцэх асуудлын талаар намын бүлгийн дарга нар болон бие даагчид байр сууриа илэрхийлдэг байх зохицуулалт орж ирнэ. Шинэ бүрдсэн парламент анхдугаар чуулганаараа шинэ дэгээ баталдаг олон улсын жишиг бий. Цаашдаа үүнд орно” гэлээ.

Ц.Даваасүрэн гишүүн хурууны хээгээр бүртгэдэг, санал өгдөг болбол том дэвшил болно гээд Үндсэн хууль хэлэлцэх дэгийн зохицуулалтад орж ирснийг эсэргүүцэж буйгаа хэлэв. Мөн хоцролт, тасралт ихтэй гишүүдийг эгүүлэн татах гэсэн асуудлыг олны анхаарлын төвд оруулж байгаа ч хуулийн төсөлд туссан бусад зохицуулалтууд тун чухал хэмээж байлаа.
Харин Л.Энх-Амгалан гишүүн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх дэгийн зохицуулалтыг төслөөс хассан гэдгийг хэлээд “Шалтгаангүйгээр чуулганы хуралдаан тасалсан цаг нь нийт хуралдааны цагийн 3-ний 1-ээс давсан бол гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт байсныг хассан. Гишүүдэд ёс суртахуун, санхүүгийн хариуцлага хүлээлгэдэг, сар бүр ирцийн мэдээллийг нь тойргийн сонгогчдод хүргэх гэх мэт хариуцлагын хэлбэрүүд бий. Үүнээс тооцож болно” хэмээв. Мөн хуулийн төсөлд туссан хариуцлагын талаарх заалтууд нь хууль батлагдсан өдрөөс мөрдөж эхлэхээр тусгажээ.
Ингээд Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгав.
Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо

“Иргэдийн оролцоотой – тээвэрлэлтийн нөхцлийг сайжруулах жил”-ийн хүрээнд зарим дүүрэг, хороодын иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу холбогдох судалгаа, тооцооллыг хийж, нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд дараах өөрчлөлтийг орууллаа. Үүнд:

  1. Чингэлтэй дүүргийн 13, 14, 15, 16 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:8 “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналыг богиносгон Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв” болгон өөрчилж автобус хоорондын хүлээгдлийн хугацааг бууруулж байна.
  2. Баянзүрх дүүргийн 19, 22 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Ч:64 “Цагаан даваа-Офицеруудын ордон- Монгол кино үйлдвэр” чиглэлийн замналыг Халдвартын эмнэлэг хүртэл сунгаж байна.
  3. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн Нарны замд шинээр хийгдсэн “Хермес худалдааны төв” зогсоолоор Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал” чиглэлийн замналыгдайруулж явуулах өөрчлөлтийг хийж байна.
  4. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооболон Налайх дүүргийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлт, замын хөдөлгөөний ачаалалд хийсэн судалгааг үндэслэн ХО:5 “Налайх-Зүүн 4 зам-МУБИС”чиглэлийн үйлчилгээг Токиогийн гудамжаар ордог хэсгийг өөрчилж Бээжингийн гудамж буюу Хөгжим бүжгийн коллежийн уулзвараар буцааж эргүүлэх төлөвлөлтийг хийв.
  5. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналыг хоёр хувааж Ч:36“Гачуурт-Офицеруудын ордон-Жуковын музей”, Ч:65 “Зайсан-Офицеруудын ордон” болгон тус тус өөрчлөлт орууллаа.

Дээрх чиглэлүүдэд холбогдох өөрчлөлтийг хийж, үйлчилгээг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр төлөвлөөд байгаа тул иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Түц машины үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

Улсын хэмжээнд 2015 оны 4 дүгээр сараас эхлэн төрийн үйлчилгээг иргэдэд орон даяар жигд хүртээмжтэй, ил тод, авилгал хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор нийт 110 ширхэг Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машиныг байршуулсан.

ТҮЦ машинаар анх 7 төрийн үйлчилгээг үзүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 28 төрлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж, энэ оны хагас жилийн байдлаар иргэд нийт 845,536 удаа үйлчилгээ авсан нь иргэдэд хүртээмжтэй үйлчилгээний нэг болсоныг илтгэж байна.

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн багц хууль батлагдсан.

Энэхүү хууль батлагдсанаар суурь бүртгэлийн лавлагаа мэдээллийг цахим хэлбэрээр олгох, цахим лавлагаа нь цаасан лавлагаатай нэгэн адил хүчинтэй байх, иргэн байгууллага өөрт хамаарах мэдээлэлтэй цахим хэлбэрээр танилцах, иргэн хуулийн этгээдийн зөвшөөрлийн дагуу цахим хэлбэрээр ашиглуулж болох, иргэний биеийн давхцахгүй өгөгдлийг иргэний өөрийн зөвшөөрлөөр таних, баталгаажуулах хэлбэрээр ашиглах, иргэн, хуулийн этгээд бүртгэлийн үйлчилгээ авахдаа биеэр эсхүл цахим хэлбэрээр хүсэлт гаргах, хуулийн этгээдийн болон үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг нээлттэй ашиглуулах зэрэг төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх талаар тусгагдсан.

Уг хуулийг энэ оны 11 дүгээр сарын 01-нээс өдрөөс мөрдөж эхлэхээр болсон нь ТҮЦ машиныг хэрэглээнээс гаргах талаар ташаа ойлголт нийгмийн мэдээллийн сүлжээнд тархахад нөлөөлсөн байна.

Төрийн мэдээлэл солилцооны ХУР системд өнөөдрийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн нийт 27 байгууллага холбогдож, 49 төрлийн сервисийг төрийн 17 байгууллагад, хувийн хэвшлийн 10 байгууллагад нийт 822,112 удаагийн хандалтаар цахим үйлчилгээг үзүүлжээ.

Цаашид төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаарддаг байдлыг болих, төрийн мэдээлэл солилцооны ХУР системийг ашиглан цахимаар хүргэх үйлчилгээний тоог нэмэгдүүлж иргэнд төрийн болон хувийн хэвшлийн бүх төрлийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрээр хаанаас ч хэдийд ч авах нөхцөл боломжийг бүрдүүлэн иргэдийн цаг хугацаа, зардлыг бодитоор бууруулах зорилт тавин ажиллаж байна.

Дашрамд дурдахад ТҮЦ машинтай холбоотой санал, гомдлыг 70180094 дугаараар хүлээн авч, тухай бүрт нь шийдвэрлэж байгаа бөгөөд ТҮЦ машины үйл ажиллагаа жигдэрч, иргэд уг машиныг хэрэглэж хэвшиж санал гомдлын тоо тогтмол буурч байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 77, хөдөө орон нутагт 33 ширхэг ТҮЦ машин хэвийн, тогтвортой ажиллаж байгаа ба Төрийн мэдээлэл солилцооны ХУР системд үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр ТҮЦ машинаар хүргэх үйлчилгээний тоо ч мөн нэмэгдэх юм.

Categories
мэдээ спорт

Монгол хүү Ө.Амар бөмбөгийн хөтөч хүүхдээр ажиллав

Хөлбөмбөгийн 2018 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өчигдрийн тоглолт болох Коста-Рика- Швейцарын шигшээ багийн тоглолтын бөмбөгний хөтөч хүүхдээр Монгол хүү Ө.Амар ажилласан онцгой үйл явдал боллоо.

Тэрбээр хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайд гарсан анхны монгол хүүхэд болж байна. ОХУ-д болж байгаа 21 дэх удаагийн ДАШТ-ий тоглолт тус бүрийг 25 улсаас шалгарсан 64 хөтөч хүүхэд эхлүүлж байгаа юм.

Энэхүү ховор боломж Монгол Улсад оногдсон бөгөөд “Киа Моторс Монгол” ХХК-иас “My dream Kia” эссэ бичлэгийн уралдааныг зарлаж, ялагчаар “Шинэ Монгол” сургуулийн сурагч Ө.Амар шалгарсан билээ.

Нижний Новогород хотын “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд Коста-Рика-Швейцарын тоглолт болж, 2:2-оор тэнцээгээр өндөрлөсөн.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сард цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлнэ

2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн жилийнхтэй адил цахимаар явагдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, цэцэрлэгийн насны багачуудыг ирэх долоодугаар сарын 25-ны мягмар гарагт http://tsetserleg.ulaanbaatar.mn/register сайтаар бүртгэж эхлэх юм байна.

Хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж.

Цахим бүртгэлд 2015 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулах бөгөөд анги дэвших орох хүүхдүүдийг цахимаар бус цэцэрлэг дээр нь наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд бүртгэх юм байна.

Цахимаар бүртгэснээр цэцэрлэгийн хүүхэд элсүүлэх орон тоо болон бүртгүүлсэн хүүхдийн тоо нь нээлттэй байх аж. Харин анги дүүргэлт хэтэрсэн бол сугалааны аргаар цахимаар сонгон шалгаруулах юм байна.

Тухайн цэцэрлэгт цахим бүртгэлээр бүртгэгдэж, элсэн орох эрх нь нээгдсэн хүүхдүүдийн мэдээллийг цэцэрлэгийн гадна, дотор орчинд нээлттэй тавьж эцэг эх, асран хамгаалагчдыг мэдээллээр ханган, түргэн шуурхай үйлчлэх үүргийг цэцэрлэгийн удирдлагуудад Нийслэлийн боловсролын газраас даалгажээ.


Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ

  1. Цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн бүртгэл цахим хэлбэрээр 2017 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 24-нийг дуустал;
  2. Өмнөх хичээлийн жилийн суралцагчид, шинээр элсэх зорилтот бүлгийн хүүхдүүдийн бүртгэлийг хамтатган уламжлалт аргаар 2017 оны 08 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд ажлын цагаар;
  3. Шаардлагатай цэцэрлэгүүдэд “Элсэлтийн тасалбар” үйл ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр товлосон цагт нэгэн зэрэг Боловсролын хэлтсүүдийн удирдлага дор тус тус зохион байгуулна.

Эцэг эх, асран хамгаалагчдад дараах шаардлагыг хангасан байх

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй.
  2. Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох

Зорилтот бүлэгт хамаарах дараах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх

Цэцэрлэгийн эрхлэгч нарт 2015 оны 9-12 сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд хоёр нас хүртэлх хугацаанд цэцэрлэгт явах эсэх асуудлыг шийдвэрлэх (2 нас хүрэх хугацаа хүртэл цэцэрлэгт яваагүй тохиолдолд орон тоо нь хадгалагдахаар зохицуулалт хийж болно) гэж заажээ.

Categories
мэдээ нийгэм

“Мах, сүүний анхдугаар аян”-ны мах зах зээлийн үнээс 13-35 хувиар хямд үнэтэй байна

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд мал, мах бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, хаврын улиралд хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

2018 оны тухайд нийт 12,8 мянган тн махны нөөц бүрдүүлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар, Дархан хотын хэрэглэгчдэд нийт 150 борлуулалтын цэгээр дамжуулан нэг килограмм үхрийн ястай махыг 5500 төгрөг, нэг килограмм хонины ястай махыг 5300 төгрөгөөр, нэг килограмм ямааны ястай махыг 4400 төгрөгөөр тус тус худалдан борлуулж байна.

2018 оны 6 дугаар сарын 21-ний мэдээгээр Улаанбаатар, Дархан хотод нийт 11760.65 тн мах борлуулаад байна. Үүнээс хонины мах 4885.36 тонн, ямааны мах 4036.62 тонн, үхрийн мах 2838.67 тонн буюу аяны хүрээнд нийт махны 91 хувийг борлуулсан гэсэн үзүүлэлт юм.

Энэ сарын 20-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7490 төгрөг, үхрийн /ястай/ мах 8920 төгрөг, үхрийн цул мах 10790 төгрөг, адууны /ястай/ мах 6600 төгрөг, ямааны /ястай/ мах 5265 төгрөгийн үнэтэй байв. Үүнээс үзвэл, “Мах, сүүний анхдугаар аян”-ны махыг зах зээлийн үнээс 13-35 хувиар хямд үнэтэй борлуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Олон удаагийн виз олгох, хоёр талын агаарын тээврийн үнийг бууруулах саналыг Солонгосын талд тавилаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жон Жэ Намыг өнөөдөр (2018.06.27) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулж байгаад нь гүнээ талархан, УИХ, Засгийн газрын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн даргын хувиар БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Намтай хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын үеэр БНСУ руу олон удаагийн виз олгох, визний олголтыг хөнгөвчлөх, хоёр талын агаарын тээврийн үнийг бууруулах, парламент хоорондын харилцааг сайжруулах, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг саналыг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Солонгосын тал тавьсан.

Хоёр талын уулзалтад ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат байлцаж, хүнс, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа.

Элчин сайд Жон Жэ Нам Монгол сайхан оронд туйлын элэгтэй ханддагаа илэрхийлээд, цаашид хоёр орны хамтын ажиллагаа тэр дундаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын харилцааг хөгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байгаагаа хэллээ. Тэрбээр, хамтран ажиллах тодорхой саналуудыг хүлээн авч, судалж үзэн улмаар ажил хэрэг болгох тал дээр ажиллах болно гэв.

Categories
мэдээ нийгэм

Малчид хамтран малын тэжээл тариалж байна

Төв аймгийн Сүмбэр, Борнуур сумд бол Монгол Улсын Засгийн газраас тогтоосон газар тариалангийн бүс нутаг. Уг бүс нутагт газар тариаланг түшиглэсэн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор малын ногоон тэжээл тариалах ажил өнөөдөр эхэлж байна.

Сүмбэр сум нь 116 малчин өрх, газар тариалан эрхэлдэг 16 аж ахуйн нэгж, 60-аад тариаланчтай. 10060 га эргэлтийн талбайтайтай тус суманд бэлчээрийн даац 11 дахин хэтэрснийг Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээнээс харж болно. Тиймээс бэлчээрийн менежментийг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглэсэн төслийг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн баг хэрэгжүүлж байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх урьдач, суурь нөхцөл нь малын тэжээл. Энэ ч утгаараа Сүмбэр сумын 40 га-д, Борнуур сумын 2 га талбайд малын ногоон тэжээл тариалах ажил зохион байгуулж байгааг сум, орон нутгийн удирдлага сайшааж, бэлчээр ашиглах хэсгийн малчиддаа хүн хүч, техникийн туслалцаа үзүүлж байна.

Дээрх сумдад малын ногоон тэжээл тариалах төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв гардан гүйцэтгэж байна. Төвийн зүгээс 40 болон 2 га талбайд малын ногоон тэжээл тариалах сайн чанарын үрээр хангаж байна. Сүмбэр сумын 40 га талбайд тариалах ногоон тэжээлийн тухайд, 1 га талбайн 50 хувьд улаанбуудай, 38 хувьд обьёос, 12 хувьд арвай тарихаар тооцоолжээ. Ингэж тарьсан тэжээлийн холимог нь энгийн малын тэжээлийг бодвол чанар сайтай байдаг учраас малын ашиг шимийг дээшлүүлэхэд тустай юм. Малчид намар 100 тонн буюу ойролцоогоор 12 мянган боодол тэжээл хураан авахыг зорьж байна. Борнуур сумын 2 га талбайд тариалж буй олон наст царгас хэмээх ургамал нь нэгэнт тарьсан байхад жил бүр өөрөө ургаж, нөхөн төлждөг, уургийн хаан гэгддэг малын хүчит тэжээл төдийгүй хөрсийг нөхөн сэргээдэг гэж тус төвийн захирал Р.Цогтбаатар хэлж байлаа.

Мөн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвөөс “Малчдад зориулсан ногоон тэжээл тариалах агротехник” сэдэвт сургалтыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэшсэн багш нартай хамтран зохион байгуулж байна. Ийнхүү малчдыг бэлчээр ашиглах нэгдсэн зохион байгуулалтад оруулж, малын тэжээл тариалах дадалд сургаснаар малчид бие даан тэжээл тариалахад мэдлэг, дадлага болох юм. Малдаа өгөх тэжээлээ өөрсдийн гараар бэлтгэж байгаа учраас малчид идэвхтэй, урамтай ажиллаж байгаа төдийгүй арвин ургац авна гэдэгтээ итгэлтэй байна.

Төв аймгийн Сүмбэр, Борнуур сумын 60 гаруй малчид бэлчээр ашиглах зургаан хэсэгт хуваагдан, багийн зохион байгуулалтаар ажиллаж байна. Бэлчээр ашиглах нэг хэсэгт дунджаар 7 малчин өрх харьяалагддаг. Малчид бэлчээр нутгаа хайрлан хамгаалах, нөгөөтэйгүүр малын ашиг шимээ сайжруулах зорилгоор нэгдэн нийлж байгаа нь бэлчээрийн даацыг бууруулах, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж буй нэгэн жишиг энэ.

Газар тариалан, нүүдлийн мал аж ахуйг зэрэгцэн эрхлэх боломж хомс учраас бэлчээр ашиглах хэсгийн малчид тариалангийн талбайгаа тойруулан хашиж байна. Тэд хашаагаа өөрсдийн хөрөнгөөр босгож, бэлчээр ашиглалтыг сайжруулах, тулгамдсан асуудлаа шийдэх зорилгоор дундын хуримтлал үүсгэжээ. Ийнхүү Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай уялдсан санаачилгыг Ногоон алт-малын эрүүл мэнд төслийнхөн дэмжиж байна. Ийнхүү намар хураан авсан ургацаа бэлчээр ашиглах хэсгийнхэн хураан авч, малаа тэжээнэ. Илүү гарсан тэжээлээ зах зээлийн үнээс харьцангуй бага үнээр борлуулахаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд нар Ромд ажиллалаа

УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд нар энэ 6 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Ром хотноо ажиллаж, Италийн эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах зорилгоор Италийн парламентын гишүүд, салбарын мэргэжилтнүүд болон эмнэлгийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж ярилцав. УИХ-ын гишүүд Италийн Сенатын танхимын Эрүүл мэндийн зөвлөлийн Дэд ерөнхийлөгч хатагтай Мария Кристина, Италийн Эрүүл мэндийн сайд асан Марияпья Каравалья нартай тус тус уулзаж, ярилцах үеэр тус улсын эрүүл мэндийн нэгдсэн даатгалын тогтолцоо, өрхийн болон нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсч, сонирхсон асуултууддаа тодорхой хариу авцгаав. УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд нар Ром хотын “Сан Карло ди Нанси” эмнэлэгт зочилж, удирдлагатай нь уулзаж, эрүүл мэндийн төр-хувийн хэвшлийн түншлэлд суурилсан гэрээт үйлчилгээний хэлбэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авав.