Categories
мэдээ спорт

Бөхчүүд хамтран наадмын бэлтгэл хийх боломжтой болжээ

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг зургадугаар сарын хоёрны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан. Тэгвэл Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхчүүд хамтран наадмын бэлтгэл хийх боломжийг олгожээ.

Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан Улсын их баяр наадмын өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн дэвжээдийн хамтарсан бэлтгэлийг хийлгэхээр болсон байна. Өнөөдрөөс эхлэн бөхийн дэвжээд цагийн хуваарийн дагуу бэлтгэл хийнэ.

Өнөөдөр 17:00-20:00 цагийн хооронд бөхчүүд эхний бэлтгэлээ базаах бол зургадугаар сарын 10-ны өдөр 09:00-12:00 цагийн хооронд бөхчүүд хамтарсан бэлтгэл хийх юм байна. Баяр наадмын өмнө томоохон сорилго, бэлтгэл болох бөхийн бэлтгэлд дэвжээдийн багш, дасгалжуулагч, бөхчүүдээ идэвхтэй оролцохыг уриалжээ.

Categories
мэдээ нийгэм

“UB CUP” тэмцээн боллоо

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “UB CUP” хөлбөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн Аварга Шалгаруулах Хөлбөмбөгийн Тэмцээн хойд хөршид болох гэж байгаатай холбогдуулан МХБХ-ны “Нийтийн хөлбөмбөгийн жил”-ийн хүрээнд байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд явагдаж байгаа энэхүү тэмцээнд Улаанбаатар хотын шилдэг 16 багийн 350 орчим хөлбөмбөг сонирхогч залуучууд оролцлоо.

Тэмцээний нээлт Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн Хөлбөмбөгийн ногоон талбай дээр боллоо. Тэмцээний нээлтийн ажиллагаанд тэмцээнд оролцогч 16 байгууллагын багууд, мөн саяхан болж өнгөрсөн Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “Дуулиан-2020” тэмцээний медальт ЕБС-уудын багууд, тун удахгүй болох “UB CUP” ахмадын багуудын төлөөллүүд эгнэн жагссан байлаа.

Нээлтийн ажиллагаанд оролцохоор Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Нийтийн Биеийн Тамир, Спортын Хорооны дарга Ж.Ганболд, ННБТСХорооны Спортын хөгжлийн хэлтсийн дарга С.Саранцэцэг, МХБХ-ны Тэмцээн, уралдаан зохион байгуулах хэлтсийн дарга С.Жаргал, Улаанбаатар хотын хөлбөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүн Р.Эрдэнэ, Их Талын Дуулиан ТББ-ын УЗ-ийн дарга Б.Гантулга тэргүүтэй хүндэт төлөөлөгчид Төв Цэнгэлдэх Хүрээлэнд хүрэлцэн ирлээ.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга М.Отгонбаяр тэмцээнийг нээж үг хэлсэн бөгөөд тэрээр “Багийн спорт тэр дундаа Нийтийн хөлбөмбөгийг хөгжүүлэх үйлсэд энэхүү тэмцээн үр өгөөжөө тодорхой хэмжээгээр өгөх бөгөөд улам эрчтэй явуулах үүднээс “UB Cup” тэмцээнийг жил болгон зохион байгуулна” гэдгийг онцлон хэллээ.

Өсвөрийн хөлбөмбөгчид морин хуурын аялгуунд төрийн дууллаа эгшиглүүлэн дуулж, Багийн ахлагч нар төрийн далбаагаа мандуулснаар нээлтийн ажиллагаа эхэлсэн юм. Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит 12 дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээнд оролцогч хүүхэд багачуудыг төлөөлж, УЗ-ийн дарга Б.Гантулга 12 дугаартай “Аз жаргалтай Улаанбаатар” өмсгөлийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дарга М.Отгонбаярт гардуулан өглөө.

21 хоногийн турш үргэлжлэн явагдсан Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит “UB CUP” тэмцээн амжилттай өндөрлөлөө гэж нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлт боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа Ховд аймагт боллоо.

Сургуулийн нээлтийн арга хэмжээнд Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер, АНУ-ын Номхон далайн командлалын бодлого зохицуулалт, төлөвлөлтийн даргын дайчилгаа хариуцсан орлогч, бригадын генерал Сюзань П.Варес-Лам, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар оролцож үг хэлсэн юм.

Энэ удаагийн “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын оролцогчдоос гадна Балба, Шри Ланка улсын төлөөлөл, Австрали, Канад, Франц улсын элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Мөн Тайланд, Ширланк, Балба улсууд сургуулийн ажиглагчаар оролцож байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ, “Говийн чоно-2018” дасгал, сургуулилтыг энэ удаа газарзүйн байрлал, тогтоц, тохиолддог гамшиг, аюулт үзэгдлийн онцлог нөхцлийг харгалзан Баруун бүсийн төв Ховд аймагт “Гамшгийн үеийн бүсийн төвийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдэвтэйгээр зохион байгуулж байна. Уг арга хэмжээ нь болзошгүй газар хөдлөлтийн аюул, технологийн гаралтай ослын хор уршгийг арилгах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах, улсын албад, мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийг бодит нөхцлийн цагийн байдалд уялдуулан ажиллуулах, улс орны гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал үр дүнтэй алхам болдог” хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр, энэхүү дадлага сургуулийг зохион байгуулахад хамтран ажилласан АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардын цэргийн багийн ажлын хэсэгт талархал илэрхийлье. Сургалт, дадлага сургуульд оролцож байгаа та бүхэн мэдлэгээ нэмэгдүүлэх, сурч мэдэхийг хичээх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг дээшлүүлэх, бэлэн байдлыг нэмэгдүүлэх, үр дүнтэй байх талаар хичээж оролцохыг хүсье” гээд олон улсын сургалт, дадлага сургуульд оролцохоор ирсэн АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч, гадаад улс орны цэргийн төлөөлөл, Олон улсын байгууллагын оролцогчид, Баруун бүсийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд, Гамшгаас хамгаалах албад, Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, ард иргэдэд баярласнаа илэрхийлж, амжилт хүслээ.

“Говийн чоно 2018” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль нь үндсэн найман чиглэлээр зохион байгуулагдана. Дадлага, сургуулийн төлөвлөгөөний дагуу уснаас, уулнаас, нурангиас эрэн хайх аврах ажиллагааны дадлага сургуулиуд зохион байгуулагдаж Монгол, Америкийн 80 орчим аврагч харилцан туршлага солилцож байна.

Уг дадлага сургуулийн хүрээнд болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдлийн үед эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо хэрхэн байх чиглэлээр эмэгтэйчүүдийн манлайлал сургалт, эмнэлгийн анхны болон яаралтай тусламж үзүүлэх, тухайн улс, орон нутагт тохиолдож байсан олон нэрвэгдэгсэдтэй гамшгийн үед хэрхэн ажиллах талаар эрүүл мэндийн байгууллагуудын туршлага солилцох сургалтууд зохион байгуулагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хониноос шүлхий өвчин илэрчээ

Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн “Шар булаг” гэдэг газар 5 дугаар сарын 28-ний өдөр малчин айлын 14 хонинд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр шүлхий өчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна. Хариу арга хэмжээ авч тус сумын Засаг даргын захирамжаар 5 дугаар сарын 29-ний өдөр хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Тариалалт 72 хувьтай байна

2018 онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай), 15.5 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 32.0 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийхийг зорьж байна. Тэгвэл одоогийн байдлаар хаврын тариалалтын явцын талаар мэдээллийг хүргэж байна.

5 дугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 293.9 мянган га-д үр тариа, 9.0 мянган га-д төмс, 3.5 мянган га-д хүнсний ногоо, 26.2 мянган га-д тосны ургамал, нийтдээ 342.9 мянган га-д тариалалт хийгээд байна. Ингэснээр үр тарианы тариалалт 71.9 хувь, төмс 58.1 хувь, хүнсний ногоо 41.8 хувь, тосны ургамал 62.6 хувьтай тус тус явагдаж байна.

5 дугаар сарын 22-ны мэдээ

5 дугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд 230.5 мянган га-д үр тариа, 5.8 мянган га-д төмс, 2.3 мянган га-д хүнсний ногоо, 17.6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 264.5 мянган га-д тариалалт хийгээд байна. Өөрөөр хэлбэл, үр тарианы тариалалт 56.4 хувь, төмснийх 37.5 хувь, хүнсний ногооных 27.6 хувь, тосны ургамлынх 42.1 хувь буюу хаврын тариалалт 41 хувьтай явагдаж байна.

Засгийн газрын шийдвэрийн дагуу импортын элит үрийн худалдах үнэ тонн тутамдаа 660 мянган төгрөг, 1 дүгээр үржүүлгийн үрийг 620 мянган төгрөг, дотоодын ургацаас нөөц бүрдүүлсэн сортын үрийг 570 мянган төгрөгөөр тус тус тогтоож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгож байна. Одоогоор 560 аж ахуйн нэгж, иргэнд 27.8 мянган тонн буудайн үрийг Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн тариаланчдад 10 хувийн, бусдад нь 30 хувийн урьдчилгаатай олгож байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дараах таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас шугам тоноглолд урсгал засварын ажил хийхтэй холбогдуулан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчийг түр хязгаарладаг. Өнөөдрийн цахилгаан хязгаарлалтын хуваарийг танилцуулж байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хэрэглэгчдээс хүсчээ.

⚡️Баянзүрх дүүрэг
10:30-17:31 цагт: УСУГ-ын худгууд;

⚡️Сүхбаатар дүүрэг
10:30- 12:30 цагт: 6-р хороо Бага тойруугийн 8, 15, 28, 34, 38, 47, НҮБ-ын 36-р байрууд, Шихихутаг дээд сургууль, Сайн наран эмнэлэг, Хутаг орших, Эрдэм, Уйлган СӨХ-үүд, Сэлэнгэ пресс ХХК, Нийслэл аудит ХХК, Магнай трейд ШТС, 2-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор,
11:00-17:00 цагт: 6, 8, 11-р хороо Амарын гудамж Улаанбаатар зочид буудал, 64, 3, 4, 19, 20, 22, 24, Б-26, 50-р байрууд, Хас банк, ЭХЗХ, СБД-ийн Цагдаагийн хэлтэс, Шүүх, Урлагийн ажилтны холбоо, Туушин, Пума империал зочид буудлууд, УБДС ТӨХК-ийн ялтсан бойлер болон эдгээрийн ойр орчмоор,
13:00- 15:00 цагт: 8-р хороо Бага тойруугийн 30-р байр, ХУИС, Эм Эс Ай Си Си, Түрэлт, Тунгалаг эрдэнэ, Сентоза фүүд корт, Бльюмон ХХК-ууд, Мэдээлэл технологийн үндэсний парк болон эдгээрийн ойр орчмоор;

⚡️Чингэлтэй дүүрэг
10:30-17:30 цагт. 7, 9, 10, 11, 12-р хороо Нуурын 16-18, 21 Булагийн 9-20, Дэнжийн 10, 18-25, 27-33, 37, 38, 40-42, Чингэлтэйн 6-15, Хувьсгалчдын Б-ийн 3-13, Хувьсгалчдын А-ын 1-10-р гудамжууд, Анко /Нарантуул 2/, Хүчит Шонхор, Ногоон нуур захууд, Их санд, Кевико, Таны Итгэл ББН, МХС, Авто гараж, Сэтгэлийн цэнгүүн ФЭБ, Они түшээ гүн, Гэрэлт Орчлон, Дэнжийн 1000 кобон, Алтантэвш, ГБХ ХХК-ууд, 173-р цэцэрлэг, ХЦ-ийн 0253-р анги болон эдгээрийн ойр орчмоор,
12:00-11:00 цагт: 4-р хороо Бага тойруугийн 6, 6Б, 6/7, 17, 21, 37, 37Б байрууд болон эдгээрийн ойр орчмоор;

⚡️Сонгинохайрхан дүүрэг
11:00-17:00 цагт: 20, 21-р хороо Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Шатахууны нөөцийн салбар, Сонсголонгийн төв замын 4-р гудамж, Жаргалант тосгон Алтан Дорнод, Юнитель, Түмэн шувуут ХХК-ууд, иргэн Насанжаргал болон эдгээрийн ойр орчмоор;

⚡️Налайх дүүрэг
10.00-13.00 цагт: 4-р хороо Нарангийн 1-10, Туул, Өлгий 1-8-р гудамж
14.00-17.00 цагт: 4-р хороо Бүс нуурын гэр хороолол.

Categories
мэдээ нийгэм

Гүйцэтгэсэн замыг үргэлжлүүлж төсвийн мөнгийг хэмнэхийг уриаллаа

Завхан нутгийн гаралтай сэтгүүлчид авто замын бүтээн байгуулалтын талаар мэдэгдэл хийлээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увс аймгийн Улаангом чиглэлийн 167 км авто замын ажил саяхан эхлэсэн. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол ЛЗ зам гүүр” компани 660 сая юаны өртгөөр, хоёр жилийн дотор концессийн гэрээгээр барьж гүйцэтгэхээр Засгийн газартай гэрээ байгуулжээ. Энэ зам нь ашиглалтад орсноор Завхан аймгийн хойд талын сумд, Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдох юм. Замын зүүн хэсгийг барьж эхлээд байгаа аж. Харин энэ нь зураг төслөөр хоёр зэрэгцээ зам нэг чиглэл рүү явах болоод байгаа юм. Үүнийг сэтгүүлчид зураг төсөл, санхүү, инженерүүдийн тооцоотой судалж, хөрөнгө хэмнэн өөр чиглэлээр явуулж 5.7-10 тэрбум төгрөг хэмнэж болохыг судалжээ. Хэрэв концессийн гэрээг өөрчлөх боломжгүй, төсөв мөнгийг танаж болохгүй бол хэмнэсэн мөнгөөрөө Түдэвтэй сумыг дайруулан хатуу хучилттай зав тавьж болохыг судалгаагаар гаргасан байна. Тэд Түдэвтэй сумын 227 оршин суугчийн дунд судалгаа хийж сумын төвөөр төв замыг тавих санал асуулга явуулжээ. Судалгаанд оролцсон нийт хүмүүсийн ес нь зөвшөөрөхгүй гэсэн бол 218 нь зөвшөөрч энэхүү зураг төслөө гаргасан аж. Энэ тухай сэтгүүлч М.Амарбаяр ярихдаа “Дөрвөн замын уулзвараас эхлээд Улаангом орох зам нь Улиастай орох зам зэрэгцээд 20 гаруй км-ын хоёр зэрэгцээ зам нь Хүрэн тал гэдэг газрын дээгүүр тавигдсан. Ингэж зэрэгцүүлж тавихын оронд Улиастай замыг үргэлжлүүлэн тавибал 10-аад км-ийг шинээр тавина. 25 км зам тавихын оронд 10-аад км гэдэг нь доод тал нь 5.7 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо гаргасан. Гэхдээ энэ тоо нэмэгдэнэ гэсэн судалгааг замын инженерүүд хийгээд байгаа” гэв.

Тиймээс хайхрамжгүй байдлаар улсын хөрөнгийг үрэн таран хийхгүй байхыг Завханы сэтгүүлчид анхааруулж байна. Үүнээс хэмнэсэн 10 км замыг Түдэвтэй, Нөмрөг, Сонгино зэрэг сумын төвд хатуу хучилттай зам, тохижилтын ажилт хийх байдлаар үр ашигтай оновчтой зарцуулахыг хүслээ.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг Макаод тулалдана

Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ирэх сарын 23-нд Макаод болох “One championship-pinnacle of power“-д Филиппин улсын тамирчин Эдварт Келлитэй тулалдахаар болжээ. Тэрбээр 2016 оны долдугаар сард Эдварт Келлигийн төрсөн ахтай тулалдаж хүнд цохилтоор ялж байсан түүхтэй.

Монголын тулааны спортын түүхэнд бичигдсэн хамгийн анхны Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг 1975 оны 12 дугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат суманд төрсөн. Тэрбээр холимог тулааны урлагийг “Бөхийн олон төрөл болох жудо, самбо, сумо, үндэсний бөх, кураш, мөн тулааны бусад төрөл болох бокс, каратэ, кик бокс гэх мэт тэмцэлдээнтэй спортуудад ашиглагдаж байгаа бүх арга техникийг холимог тулаанд зэрэг ашиглаж болдгоороо онцлогтой. Үүнд тэсвэр тэвчээр, ухаан их шаардагдана” гэж тодорхойлсон байдаг.

Categories
мэдээ спорт

Боксын “УЛААНБААТАР ЦОМ – 2018” ОУТ-д оролцох тамирчдын нэрс зарлагдлаа

Манай орны нийслэлд энэ сард болох “Улаанбаатар цом – 2018” олон улсын боксын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын нэрс тодорсон байна.

Энэ жил Монгол Улсад боксын спорт үүсч, хөгжсөний түүхт 70 жилийн ой, Монгол боксчин олимпийн наадмаас анх удаа медаль /1988 он, Сөүл, Н.Энхбат/ хүртсэний 30 жилийн ой, Монголын боксчин анх удаа олимпийн аварга болсон /2008 он, Бээжин, Э.Бадар-Ууган/ түүх 10 жилийн ой тус тус тохиож байгаа билээ. Эдгээр түүхт ойн хүрээнд зохион байгуулах тус тэмцээнд манай улсаас 4 багийн 40 шилдэг тамирчин, 8 дасгалжуулагчийн хамт хүч, ур чадвараа сорих юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол циркийн хөгжлийн төвийн хамтлагийг мөнгөн шагналаар урамшуулна

Монгол циркийн хөгжлийн төвийн хамтлаг өнгөрсөн нэгдүгээр сард Бүгд Найрамдах Унгар улсын Будапешт хотноо болсон олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн билээ. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаас холбогдох журмын дагуу тус хамтлагт ийн мөнгөн шагнал олгохоор болжээ.

Унгар улсын Будапешт хотод болсон тэмцээнд нийт 20 орны 168 жүжигчин оролцсон бөгөөд Монголын Үндэсний Цирк /МҮЦ/-ийн Т.Номуунбаатар ахлагчтай, Н.Энхболд багштай, Н.Эрдэнэ продюсертэй циркийн жүжигчид оролцож нийлбэр оноогоор хамгийн их оноог авч алтан цомын эзэд болсон юм.