Categories
мэдээ нийгэм

Цагаан толгойн нэг ч үсгийг хасахгүй

Сүүлийн хэдэн жил Цагаан толгойн 35 үсгээс Щ, Ъ, Й, Ь гэх мэт үсгүүдийг хасна, хасахгүй гэж ярьж хэлэлцсээр байгаа. Учир нь үг, өгүүлбэр зүйд өргөн хэрэглэгдэхгүй байна гэсэн утгаар нь хасах нь зүйтэй гэж нэг хэсэг нь үзэж нөгөө хэсэг хэл шинжлэлийн эрдэмтэд хасах шаардлагагүй гэж үзжээ.

Тухайлбал, “Монгол хэлний тухай” хуулийн 21-р зүйлийн 2-т “Зөвлөл есөн гишүүнтэй байна. Гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож, зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан ёсоор өнгөрсөн тавдугаар сарын 23-нд зарлиг буулгаж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг томилсон билээ.
Шинээр байгуулагдсан Хэлний бодлогын үндэсний зөвлөл тавдугаар сарын 29-нд болсон анхны хуралдаанаараа “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг танилцуулж, хэвлүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ толь монгол хэлний 37486 үгийг багтааж, үг тус бүрийн давтамжийн зэргийг гаргаж, үгсийн аймгийн ангиллыг тогтоон, үг хувилах байдлыг кодоор илэрхийлсэн бөгөөд түгээмэл хэрэглэгддэг 1000 гадаад үгийн зөв бичлэг, дэлхийн улс орнууд, нийслэлийн зөв бичлэгийг [Гадаад Харилцааны Яамны зөвшөөрсөн] жагсаасан томоохон толь болсон байна. Өнөөгийн кирилл цагаан толгойн нэг ч үсгийг хасаагүй бөгөөд зөв бичих дүрмийг өөрчлөөгүй болно.

Ер нь дэлхийн улс орнууд ийм тольтой байж, академичаасаа эхлээд үйлчлэгч хүртэл бичих зүйлээ журамладаг номтой билээ. Энэ толийг монгол хэл бичгийн хорь гаруй эрдэмтэн хоёр жилийн турш бүтээж, зөв бичих дүрэм дээрээ тохиролцсон болно. Иймд 1941 онд кирилл үсэг зохиогдсоноос хойш болон 1983 онд “Монгол үсгийн дүрмийн толь” зохиогдсоноос хойш үргэлж гардаг зөрөөг энэ толиор бүрмөсөн журамлах бололцоотой боллоо.

Categories
энтертаймент-ертөнц

8600 гаруй ээж “Алдарт эх”-ийн I,II одонгоор энгэрээ мялаажээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд “Алдарт эх”-ийн одон гардууллаа. Энэ жил улсын хэмжээнд нийт 8600 гаруй ээж “Алдарт эх”-ийн I,II одонгоор энгэрээ мялааж буй аж.

Алдарт эхийн одон гэдэг арын хаалгагүй ганц шударга шагнал гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг. Сүүлийн үед олны танил эмэгтэйчүүд болон олны танил эрхмүүдийн гэрийг гийгүүлж яваа гэргий нар нь одон зүүж байна. Ялангуяа одонтой ээжүүд залуужиж, хөөрхөн царайлаг одонтой ээжүүд олон байна гэсэн мэдээ, зураг нь цахим сүлжээгээр дүүрэн байна.
Одон хүртэж буй ээжүүдийн дунд олны танил эмэгтэйчүүд хэд хэд байсан. Мөн олны танил эрхмүүдийн эхнэрүүд ч “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаажээ.

Хөөрхөн Содура одонгоо зүүв
“Содура” киноны гол дүр “Мартагдашгүй намар”, “Говийн домог” зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин, дуучин Ч.Одгэрэлийг Монгол банкны ерөнхийлөгч байсан О.Чулуунбатын бэр гэдгээр нь түмэн олон андахгүй сайн танина. Уран бүтээлээс илүү гэр бүлийн амьдралаа илүүд үздэг дуучин бүсгүй маань өчигдөр алдарт эхийн одонгоо Ерөнхийлөгчөөс гардаж авсан нь хамгийн гоё агшин үйл явдал байлаа. Нэгэнтээ “Гэртээ орой бүр дүнсийгээд суух нөхрөө өрөвдсөн. Тиймээс олон хүүхэдтэй болж гэрээ аз жаргалаар дүүргэнэ ээ” гэж ярьж байсан тэдний хүсэл мөрөөдөл биелэж өдгөө дөрвөн хүүхдийн ээж болсон Очко уран бүтээлдээ эргэн оржээ. Одоо тэрбээр “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож явна.

Дуурийн дуучин Н.Туяа алдарт эх болжээ
Нэг хэсэгКлассик жем” хамтлагийн гишүүн байсан дуучин Н.Туяа хамтлагаасаа гараад ДБЭТ-ын гоцлол дуучин болоод удаж буй. Тэрбээр бие даасан уран бүтээлээ хийж, цомгоо ч гаргасан нэгэн. Харин уран бүтээлээсээ түр хөндийрч гэр бүлийн амьдралдаа анхаарч яваа тэрбээр өчигдөр алдарт эхийн одонгоо авчээ. Түүний хань “Арын хаалгагүй ганц одонг эхнэр минь авлаа. Хань, хүүхдүүдээрээ ганц гангарчихъя” гээд зургаа оруулжээ.
Т.Мөнгөнцоож харцагын гэргий одонгоо зүүжээ
Архангай аймгийн харьяат Улсын харцага Т.Мөнгөнцоожийнх өнгөрсөн жил одонгийн хүүхдээр бүл нэмсэн билээ. Тэгвэл түүний гэргий Г.Мөнхтүвшин өчигдөр алдарт эхийн одонгоо зүүж, ах дүүс, амраг хань, аав ээж, анд найз нар, алдрай бяцхан үрстэйгээ баяраа хуваалцан тэмдэглэжээ. Гэр бүлд нь гэгээн сайхныг ерөөе.
Альтернатив Отгоо алдарт эх болов
“Гитарын дуу”, “Хайрласаар” дуунуудаараа олноо танигдаж рок, альтернатив ертөнцөд өөрийн нэгэн давтагдашгүй орон зайг бий болгосон дуучин Х.Отгончимэг буюу Отгоог фенүүд нь андахгүй сайн мэднэ. Өдгөө 10 гаруй жилийг хол орхисон ч энэ хөгжмийн урсгалд түүний дархлагдсан байр суурийг гүйцэх өрсөлдөгч одоохондоо байхгүй. “Амжилтын үндэс бол шантаршгүй байдал“ хэмээн тодорхойлох тэрбээр дөрвөн хүүхдийн эх болсон ч уран бүтээлээ орхилгүй яваа нэгэн. Тэгвэл өчигдөр тэрбээр алдарт эхийн одонгоо энгэртээ гялалзуулжээ. Тэрбээр баяраа гэр бүлийнхэнтэйгээ болон урлагийн найз нөхөдтэйгээ хуваалцжээ.

Төрийн соёрхолтын гэргий I,II одонтой
УДЭТ-ын ерөнхий найруулагчийн албыг нэр төртэй залгуулж, амьдрал дээр ч өнөр өтгөн айл өрхийг тэргүүлж яваа Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн эхнэр Л.Гантуяа алдарт эхийн I, II одонтой билээ.
Сонирхуулахад, Н.Наранбаатарын эхнэр Л.Гантуяа нь багш мэргэжилтэй, тэрбээр зургаан хүүхэд өсгөж, хүмүүжүүлж яваа ээж билээ.

Аваргын эхнэр Б.Оюунбилэг одонтой ээж
Эх үрсийн баярын өдрөөр олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, ОУХМ Н.Түвшинбаярын төрсөн өдөр тохиодог билээ. Түүний гэргий Б.Оюунбилэг өнгөрсөн жилийн зургадугаар сарын нэгэнд “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонг төрийн ордонд гардан авсан байдаг. Аваргын гэргий Б.Оюунбилэг өнгөрсөн 2016 онд дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан. Ийнхүү аваргынх хоёр хүү, хоёр охинтой болж, гэргий нь алдарт эхийн одон гардан авсан өнөр бүлийнхэн юм.
Categories
гадаад мэдээ

Цагаач иргэд тэнгист осолджээ

Европ тивийг зорьсон Тунис болон Африкийн бусад орноос гаралтай олон арван цагаач сууж явсан завь бямба гарагийн шөнө Газрын дундад тэнгист живсний улмаас тэд амиа алдсан тухай Тунисын Батлах хамгаалах яамны сайд мэдээлснийг “Эн-Эйч-Кэй” телевиз уламжлав.

Тунисын зэвсэгт хүчний аврагчид болон эргийн хамгаалалтын албан хаагчид 68 хүний амийг аварч чадсан хэдий ч 46 хүн амиа алдсан байна.

Мөн Газрын дундад тэнгисийн Туркийн баруун өмнөд хэсгийг хүрээлсэн эрэг орчимд ням гарагт бас нэг завь осолдож, зургаан цагаач аврагдсан боловч есөн хүн харамсалтайгаар амиа алджээ.

Олон улсын цагаачдын байгууллагын тавдугаар сарын сүүлээр гаргасан мэдээлэлд дурдснаар, энэ онд Европ тивийг зорьсон 32 мянга гаруй цагаач иргэн Газрын дундад тэнгисийг дамжин өнгөрчээ. Тэдгээрээс 660 хүн нас барсан юм уу сураггүй алга болсон байна.
Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалынхан даваа гариг бүр нээлттэй ажиллаж байна

Нийгмийн даатгалын салбар хэлтсүүд ажлын ачааллын улмаас зөвлөгөө авахаар ирсэн зарим даатгуулагчид хүртээмжгүй үйлчлэх тохиолдол гардаг. Харин иргэд нарийн зохицуулалттай хуулийн асуудлаар тодорхой мэдлэггүйгээс болж юу бүрдүүлж, хаана хандахаа мэдэхгүй явсаар зарим төрлийн үйлчилгээг авч чадахгүй хохирох нь бий. Тиймээс нийгмийн даатгалын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор долоо хоног бүрийн даваа гарагт Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэд даатгуулагчиддаа нээлттэй ажиллаж, зөвлөгөө мэдээлэл өгдөг болжээ.

Иргэдийн дийлэнх нь тэтгэврээ тогтоолгохын өмнө бодолт хийлгэх, зөвлөгөө авах зорилгоор ханддаг. Даваа гараг бүрийн 09-17 цагийн хооронд НДЕГ-т очсоноор нийгмийн даатгалын тухай хууль, түүнд орсон нэмэлт өөрчлөлт, нийгмийн даатгалын үйлчилгээ, үйлчилгээ авахад шаардах нөхцөл болзол, бүрдүүлэх материал, нийгмийн хамгааллын олон улсын хэлэлцээр, шинэ болон цахим үйлчилгээ, байгууллагын үйл ажиллагаа, онцлох ажлууд болон цаг үеийн мэдээлэл зэрэг салбарын бүхий л мэдээллийг тодруулах, зөвлөгөө авах боломжтой юм байна. Нийгмийн даатгалын сангаас аатгуулагчдад 30 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг юм байна. Эдгээр үйлчилгээг та өнөөдөр НДЕГ-ын нээлттэй хаалганы өдрийн хүрээнд түргэн шуурхай авах боломжтой. Үүнд:

Тэтгэврийн даатгалын үйлчилгээ

-Өндөр насны тэтгэвэр

-Тахир дутуугийн тэтгэвэр

-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Тэтгэмжийн даатгалын үйлчилгээ

-Жирэмсний болон амаржсаны тэтгэмж

-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

-Оршуулгын тэтгэмж

Ажилгүйдлийн даатгалын үйлчилгээ

-Ажилгүйдлийн тэтгэмж

-Мэргэжил олгох давтан сургалтын зардал

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын үйлчилгээ

-Тахир дутуугийн тэтгэвэр

-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

-Тэтгэврийн даатгалын шимтгэл

-Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх төлбөр

-Урьдчилан сэргийлэх зардал

-Сувиллын зардал, сувилалд ирэх, очих унааны зардал

Сайн дурын даатгалын үйлчилгээ

-Өндөр насны тэтгэвэр

-Тахир дутуугийн тэтгэвэр

-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

-Жирэмсний болон амаржсаны тэтгэмж

-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

-Оршуулгын тэтгэмж

-Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх төлбөр

-Урьдчилан сэргийлэх зардал

-Сувиллын зардал, сувилалд ирэх, очих унааны зардал

Categories
гадаад мэдээ

“Авьяаслаг Британичууд 2018” шоуны ялагч тодорчээ

Тархины цус харвалтын улмаас ярих чадвараа алдсан хэдий ч хоолойны синтезатор ашиглан жүжиглэдэг хошин урлагийн жүжигчин “Авъяаслаг Британичууд” шоуны 2018 оны ялагчаар тодорсон тухай телевизийн “Би-Би-Си” суваг мэдээлэв.

Хөгжлийн бэрхшээлтэйгээ тодотгосон богино ханцуйтай цамц өмсдөг 37 настай Ли Ридли нь 250 мянган фунт стерлингийн шагналын эзэн болсон төдийгүй эзэн хааны нэрэмжит урлагийн тоглолтонд оролцох эрхтэй болжээ.

Олон нийтийн шууд санал асуулгаар тодорсон тэрбээр уг шоунд түрүүлсэн анхны хошин урлагийн жүжигчин болсон байна. Уг шоуны хоёрдугаар байрт хөгжимтэй хошин урлаг үзүүлдэг жүжигчин Роберт Уайт, гуравдугаар байрт дуучин Дончез Дакрес нар тус тус шалгарчээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монгол судлаачийн бүтээл “ARTS OF ASIA” сэтгүүлд хэвлэгдлээ

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний түүхийн судалгааны салбарын эрхлэг, доктор Г.Эрэгзэнгийн Seiyon Oh “Nomadic Empires of the Mongolian Stepps” нэртэй өгүүлэл “Arts of Asia” сэтгүүлийн шинэхэн дугаарт хэвлэгджээ.

Энэхүү бүтээлд тэрбээр томоохон судалгаанаасаа сорлон оруулсан байна. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл сумын “Худгийн толгой”, Төв аймгийн Алтанбулаг сумын “Морин толгой” зэрэг газруудад хийсэн Хүннүгийн жижиг улсуудын талаарх судалгаа, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Дуурлиг нарс” гэдэг газарт зургаан жил гаруй Хүннүгийн язгууртнуудын булшны дурсгалын судалга зэргийг багтаажээ.


Доктор Г.Эрэгзэн нь 2012 оноос хойш Солонгосын археологчидтой хамтран Төв аймгийн Баянжаргалан сумын “Гуа дов” гэдэг газарт Хүннүгийн хотын малтлага судалгааны ажлыг хийж байгаа юм. Энэ малтлагаар вааран дээвэртэй хаалганы үлдэгдэл илрүүлжээ. Мөн тэрбээр Мөнгөнморьт сумын нутаг “Хустын булаг” гэх газар Японы археологчидтой хамтран Хүннүгийн төмөр хайлуулах зуухны судалгааг хийж байгаа юм.






Categories
мэдээ нийгэм

Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн шинэ замын хучилт дуусчээ

Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд шинээр барьж буй 3 км авто замын ажил 90 хувьтай явагдаж байна. Одоогоор суурь хучилтын ажил бүрэн дуусч, өнгө хучилт хийхэд бэлэн болжээ. Их тойруугийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах онцгой ач холбогдолтой энэ замыг зургаадугаар сарын 15-нд хүлээн авах аж.

Замын ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар УБЗЗАГ-ын замчид барьж байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр аймагт ой хээрийн түймэр гарчээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Шарлангын гол гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад тавдугаар сарын 17-ны өдрийн 12:05 цагт ой хээрийн түймэр илэрсэн байна. Уг түймрийг унтраахаар ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллажээ. Уг ой хээрийн түймрийг тавдугаар сарын 29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. Зургаадугаар сарын 2-ны өдрийн 07:00-17:30 цагийн хооронд шиврээ бороо орсон түймрийн тархалт зогссон, захаараа бага зэргийн уугилттай, унанги ихтэй, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түүнчлэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянгол Бэлсэг гэдэг газар буюу сумын төвөөс зүүн зүгт 115 км-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 14:30 цагт хүлээн авчээ. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугааар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 22:44 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Түймэрт нийт 20 га орчим талбай шатжээ.

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Харгайтын хэрц гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт 130 км-т Улсын хилийн 92 дугаар тэмдэгтийн чиглэлд хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 2-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, Хилийн 0245 дугаар ангийн 15 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 65 хүн, 6 автомашинтай ажиллаж, энэ сарын 3-ны өдрийн 02:45 цагт цурманд оруулж, 12:00 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүүхэд хүнд бэртэл авчээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон амралтын өдрүүд үргэлжиллээ. Баяр болон амралтын өдрөөр цагдаагийнхан, онцгой байдлынхан, эмнэлгийн байгууллагууд бэлэн байдалд ажиллав.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс Налайх болон Хонхор чиглэлийн автозамд ачаалал их үүссэнээс зөөврийн хяналтын пост байрлуулан ажилласан юм. Ингэснээр тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих, бага насны хүүхдийг тээвэрлэж буй тохиолдолд хамгаалалтын бүс болон аюулгүйн суудал ашиглаж байгаа эсэхэд шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг газар дээр нь шийдвэрлэжээ. Харин нийслэлд хоёр хүүхэд зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэрэг гарчээ. 9,10 настай эрэгтэй, эмэгтэй хүүхэд зам тээврийн ослын улмаас хүнд бэртэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

570 орчим хүүхэд спорт арга хэмжээнд оролцлоо

Жил бүр уламжлал болгон явуулдаг “Олон улсын хүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын үеэр хүүхэд багачуудад зориулсан биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгууллаа.

Баярын нэгдсэн арга хэмжээнд 14 цэцэрлэгийн 480 хүүхэд багачууд Уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлэх тоглолтоор оролцлоо.

Дээрх баярын нэгдсэн арга хэмжээний үеэр Дугуй, Сагсан бөмбөг, Бадминтон, Софт теннис, Хөлбөмбөг, Шатар, Ширээний шагайн наадгай, Ширээний теннис, Киндамогийн тэмцээнүүдийг тухайн спортын холбоодтой хамтран зохион байгуулж, 9 дүүргийн 568 хүүхэд хамрагдлаа гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.