Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхболд “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад үг хэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОХУ-ын Москва хотноо болж буй “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтад оролцож байна. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думээс санаачлан зохион байгуулж буй чуулга уулзалтад дэлхийн 96 орны парламентын төлөөлөгчид оролцож байгаагаас 19 орон парламентын тэргүүний, 15 орон парламентын дэд даргын түвшинд хүрэлцэн иржээ. Чуулга уулзалтаар дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд түлхэц үзүүлэх, терроризмоос сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, үндэсний хууль тогтоомжийн хөгжлийг хангах, парламентын дипломатыг хөгжүүлэх зэрэг парламентын тогтолцоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны тогтвортой механизмыг бүрдүүлэх өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Тэмүүлэн нар ажиллаж, салбар хуралдаануудад оролцож байгаа юм.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтой уулзав

Олон улсын чуулга уулзалтад оролцохоор ирсэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй Монгол Улсын парламентын төлөөлөгчдийг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин Төрийн Думын байранд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хүчин чармайлт чухал нөлөөтэй гэдгийг санал нэгтэй тэмдэглэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Найрамдал нөхөрлөлийн олон жилийн түүхтэй, найрсаг харилцаатай, хөрш орны хувьд бид ОХУ-ын Төрийн Думээс зохион байгуулж буй энэхүү томоохон арга хэмжээнд Парламентын тэргүүний хувьд оролцож буй нь нэр төрийн хэрэг юм” гэлээ.

Уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээ далайц, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг хөндөж ярилцлаа. Тухайлбал УБТЗ-ыг хөгжүүлэх, нэлээд хэдэн жил яригдсан “Эдийн засгийн коридор байгуулах” төслийг ажил хэрэг болгох талаар санал солилцов.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд “2019 онд тохиох Халх голын ялалтын 80 жилийн ойг өргөн хүрээнд, хамтран тэмдэглэх нь манай хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, дайны үед ч, энхийн цагт ч мөр зэрэгцэн тэмцэж явсан бахархалт түүхийг дархлах онцгой ач холбогдолтой юм” гэсэн санал дэвшүүлснийг ноён В.В.Володин дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Мөн ОХУ 2025 онд олон улсын ЭКСПО үзэсгэлэнг эх орондоо зохион байгуулахаар нэрээ дэвшүүлснийг Монгол Улс дэмжих болно гэж УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдлээ.

Хоёр талын худалдаа, эдийн засгийн болон бусад бүхий л салбарын хамтын ажиллагааг хууль тогтоох байгууллагууд бүх талаар бүрэн дэмжиж ажиллах нь хоёр орон, ард түмний нийтлэг эрх ашигт бүрнээ нийцэх болно гэдгийг санал нэгтэй тэмдэглэв.

УИХ-ын дарга М.Энхболд ноён В.В.Володинийг энэ онд Монгол Улсад айлчлахыг урьсныг талархан хүлээж авав.

Ерөнхийлөгч В.В.Путиний зөвлөх И.Е.Левитин УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа

Зургадугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитин Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний бие төлөөлөгч, Монголыг сайн мэдэх хүнтэй уулзаж байгаадаа баяртай байна хэмээн УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлоод, хэд хоногийн дараа Улаанбаатарт болох гэж буй “Орос, Монголын санаачилга-2018” арга хэмжээ амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Ноён И.Левитин өмнө нь ОХУ-ын Засгийн газарт Тээврийн сайдаар ажиллаж, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийг ахалж байсан бөгөөд Улаанбаатарт болох уулзалтад оролцох юм.

“Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа 2017 оноос нэлээд идэвхжиж байна. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газрын салбар хариуцсан сайдуудын ихэнх нь ОХУ-д ажлын айлчлал хийсэн байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нар мөн уулзаж, хамтын ажиллагааны нэн чухал асуудлуудаар санал солилцсон. Бүхэлдээ манай хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байна. Гэхдээ боломж нөөцөө сайн ашиглах, илүү өндөр түвшинд хүргэх шаардлагатай байна” гэж УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд онцоллоо.

Тэрбээр Монгол Улс 14 жилийн турш ажиглагчаар оролцсон ШХАБ-д гишүүнчлэлтэй болох, эсэх асуудлыг ҮАБЗ, УИХ-ын түвшинд нухацтай судалж байна. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудал яригдаж байгаа. Эдгээр асуудлаар хоёр улсын Ерөнхийлөгч уулзах үеэрээ илүү тодорхой ярилцах байх хэмээн тэмдэглэлээ.

Ноён И.Левитин “Евразийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах нь танай улсын хувьд чухал ач холбогдолтой гэж би үздэг. Түүнчлэн Монголын нүүрсийг Алс Дорнодын боомтуудыг ашиглан гадаад зах зээлд гаргах нь чухал юм” гээд, Улаанбаатарт болох “Орос, Монголын санаачилга-2018” уулзалт энэ мэт хамтын ажиллагааны олон чухал асуудалд хариулт өгнө гэдэгт итгэж байна” гэв.

Уулзалтын үеэр төмөр зам, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, авто зам, бүтээгдэхүүний экспорт зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөж ярилцлаа.

УИХ-ын дарга М.Энхболд “Парламентаризмын хөгжил” олон улсын чуулга уулзалтын нээлтэд үг хэллээ


УИХ-ын дарга М.Энхболд зургадугаар сарын 04-ний өдөр болсон Чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ“Энэхүү чуулга уулзалт орон орны парламентчид уулзан золгож, харилцан санал солилцож, туршлагаа хуваалцан, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар зөвшилцөх, хамтын ажиллагааны шинэ чиглэл, арга замыг томъёолох маш сайхан боломжийг бидэнд олгож байна” хэмээн тэмдэглээд, “Газар нутгийн хол ойр, нутаг дэвсгэрийн их, бага, хүн амын олон, цөөнийг үл харгалзан, дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн бүрэн эрхт гишүүн нь бид юм, бид хамтын хүчин чармайлтаар асуудлаа шийдэж чадна гэдгийг мэдрэх нь, нийтлэг зорилгынхоо төлөө гар гараасаа барилцаж нэгдэх нь нэн таатай хэрэг юм. Чухамхүү ийм боломж бүрдүүлж байгаад энэхүү арга хэмжээний үнэ цэнэ оршино” хэмээн онцоллоо.


Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Улс үндэстний оршин тогтнол, дэвшил хөгжил, ард түмний эрх чөлөөт, амар тайван, сайн сайхан амьдралд заналхийлсэн аливаа эрсдэлийн эсрэг Та бид нэгэн бүхэл, цул хүч болон сөрөн зогсох ёстой. Энэ эрхэм зорилгод Монгол Улс, 800 гаруй жилийн түүхэн улбаатай Монгол Улсын парламент өөрийн хувь нэмрээ оруулахад ямагт бэлэн байх болно” гэв.

Чуулга уулзалт үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 05-нд болох үйл явдал

08.30 цагт НЗДТГ-т цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон зам, тээврийн салбарын хөрөнгийн менежментийн чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичигт Дэлхийн банк, НЗДТГ-ын удирдлагууд гарын үсэг зурна.

09.00 цагт Шангри-Ла зочид буудалд “МСС Клауд” компанийн “АА Койн” цахим мөнгийг танилцуулах арга хэмжээ болно.

09.00 цагт Корпорэйт зочид буудалд Төв азийн орнуудын хими, биологийн хог хаягдлын менежментийг бэхжүүлэх замаар эрсдлийг бууруулж, аюулгүй байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөлдөх уулзалт болно.

10.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Бидний мэдэх мазаалай” үзэсгэлэнгийн нээлт болн.

10:00 цагт БХБЯ-наас өөрийн байрандаа “Барилгын зах зээлийн өнөөгийн байдал ба эрэлт нийлүүлэлт” сэдвээр мэдээлэл хийнэ.

14.30 цагт МҮХАҮТ-д “Дотоодын үйлдвэрлэл-төрийн худалдан авалт” үзэсгэлэн, семинар, хэлэлцүүлэг болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

Categories
мэдээ нийгэм

“НАЙРАМДАЛ 40 ЖИЛ” олон улсын майхант зусланг зохион байгуулна

Хүүхдийн гүрэнт улс-Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Найрамдал 40 жил” олон улсын майхант зусланг зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээ нь Найрамдал цогцолборын 40 жилийн ойд илүү олон хүүхдийг хамруулж, биечлэн танилцах боломжийг олгохоос гадна энэ 2018 оны хүүхдийн хамгийн том арга хэмжээ болох юм.
Ирэх долдугаар сарын 16-22-ны өдрүүдэд гадаад, дотоодын 1000 гаруй оролцогчид, зохион байгуулагч 500 гаруй залуучууд, багш нар хамрагдана.
Зуслангийн онцлог нь хүүхдийн зуслангийн хамгийн шинэлэг, бүтээлч хөтөлбөрийг шинжлэх ухааны ололт амжилт, техник сэтгэлгээг хөгжүүлэх, амьдрах ур чадварт суралцах, адал явдал амвхаалж самбааг сорих зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаатай хослуулсан мартагдашгүй дурсамж бүхий зуслан байх болно.
Оролцогчид 10 хүүхэд, 1 удирдагч гэсэн зохион байгуулалттайгаар 4 дэд зусланд хуваагдан үйл ажиллагаанд оролцоно.
Үйл ажиллагаа нь Нүүдэлчдийн соёл төв, Шинжлэх ухаан танин мэдэхүйн төв, Нийгмийн хөгжлийн төв, Адал явдалт хөтөлбөрийн төв, Хүүхдийн ертөнц тоглоомын төв гэсэн 5 төв дээр хүүхдүүдийг хуваарийн дагуу хүлээн авч үйлчилнэ.

Нүүдэлчдийн соёл төв нь гадаад болон дотоодын хүүхдүүдэд монгол орны ёс заншил, ахуй амьдралтай танилцуулах бол дэлхийн түүх, шинжлэх ухааны гайхамшигт ололт амжилт, техник технологийн шинэчлэлтэй танилцуулж бага хэмжээний туршилтуудыг хийлгэхээр Шинжлэх ухаан танин мэдэхүйн төв ажиллах юм.

Харин өнөөдөр хүүхдийн эрх, хамгаалал, тулгарч байгаа бэрхшээл саадыг даван туулах, аливаа эрсдэл, гамшгийн учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, тохиолдсон үед хохирол сүйрлийг түргэн хугацаанд арилгах арга замын талаар Нийгмийн хөгжлийн төв тайлбарлан танилуулах болно.

Мэдээж хүүхдийн насны амьдралыг адал явдалгүй төсөөлөх аргагүй тэгвэл энэ дурсамжийг адал явдалт хөтөлбөрийн төв дээрээс оролцогчид маань авч үлдэнэ.

Мөн Хүүхдийн тоглоомын ертөнцөөр аялж спортын шинэ төрөлтэй танилцах, спортын нөхөрсөг уулзалтуудыг хийж чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой.

Та бүхнийг Найрамдал цогцолборын түүхт 40 жилийн баярт оролцон адал явдал, саад бэрхшээлийг даван туулж, шинжлэх ухааны ололтыг биширч, нарлаг зуны намуухан үдэш мянга түмэн оддын дор түүдгийн дэргэд дурсамж түүхээ хүүрнэн ярилцаж, хамтдаа ил гал дээр өөрсдөө хоолоо хийж амрах дурсамж дүүрэн Олон улсын майхант зусланд хүрэлцэн ирж амрахыг урьж байна.

Майхант зуслангийн үйл ажиллагааг Монголын Скаутын Холбоо зохион байгуулж байгаа бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 324-171, 9996-0606 утсаар лавлаж болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Мянга мянган жилд өөрчлөгдөөгүй мал аж ахуй“ хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Мянга мянган жилд өөрчлөгдөөгүй мал аж ахуй“ хэмээх нийтлэлийг хүлээн авч уншина уу.

С.Эрдэнэ: У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагаа хүлээх цаг болсон хэмээн “Улс төр” нүүрт өгүүлсэн байна.

Сонины эхний нүүрт “Татварын багц хуулиудыг яаравчлан хэлэлцэхийг уриалж байна” гэжээ.

Баримт үйл явдлын долоодугаар нүүрт “Цэнхэр халим” хэмээх хий үзэгдэл монгол хүүхдүүдийг ангуучилсаар байх уу? хэмээн өгүүлэв.

“Монголын ЖДҮ үсрэнгүй хөгжих цаг болсон” гэсэн байна. “Энэ тухай” нүүрээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай ярилцсан ярилцлагыг уншаарай.

Сонины тавдугаар нүүрт “Д.Мөнх-Эрдэнэ: Гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн заалт хуулийн төсөлд огт байхгүй” хэмээн “Улстөр” нүүрт ярьжээ.

Эдийн засаг хэмээх дөрөвдүгээр нүүрт “Эрдэнэ ресурс”-ийн хувьцааны ашиг, эрсдэл хэмээн бичсэн байна.

“Энэ өдөр” хэмээх арын нүүрээс Нэгэн сайхан гол ширгэх вий дээ? гэж бичсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

“Мини шатар-2018” тэмцээн болно

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордноос уламжлал болгон зохиодог “Мини шатар-2018” тэмцээн 2018 оны зургаадугаар сарын 9-10-ны өдрүүдэд болох ажээ. Тэмцээн МҮЭ-ийн Соёлын төв ордны спорт зааланд болно. Хамтран зохион байгуулагчаар Монголын шатрын холбоо ажиллаж байгаа юм. Бүртгэлийг 2018 зургаадугаар сарын наймны 18 цаг хүртгэл хийнэ. Бүргэлийн хураамж нь 10000 төгрөг байх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Под станцын галд түлэгдсэн эмэгтэй нас баржээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Алтай 28-р гудамжинд байрлалтай цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо гурван хүн түлэгдсэн ноцтой осол өнгөрөгч долоо хоногт гарсан. Ослын үеэр түлэгдэж гэмтсэн 25 настай эмэгтэй Н тавдугаар сарын 31-ний орой нас барсан аж.

Хэрэг явдлыг сөхвөл өнгөрсөн тавдугаар сарын 25-нд 16.05 цагийн орчимд цахилгаан хуваарилах байгууламжид 25 настай бүсгүй хоёр бага насны эрэгтэй хүүхэд дагуулаад санамсаргүй оржээ. Энэ үед гэнэт цахилгаан буудсанаас гурвуулаа түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Одоогоор уг ослын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр “Шалгалтын ажиллагааны явцад буюу урьдчилсан мэдүүлгээр тус дэд станцын хаалга онгорхой байсан. Тодруулбал, бага насны хүүхдүүд дэд станцад ороод багаж, төмөр түлхүүр шидсэн байж болзошгүй. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Хавдрын эсрэг үндэсний аян” эхлэлээ

Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран найм дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы үзлэг оношилгоо Увс аймгаас эхэллээ. Тус аяны эмч нарын баг бүрэлдэхүүн Увс аймагт гурав дахь жилдээ ирж буй юм. Өнгөрсөн хоёр жилд 6000 орчим иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулж байжээ.

Энэ жил “Хавдрын эсрэг үндэсний аян”-ны эмч мэргэжилтнүүдийн баг баруун гурван аймаг болох Увс, Баян Өлгий, Ховд аймгуудад ажиллаж, ард иргэдийг 8-10 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулна. Энэ жил ходоодны хорт хавдар өвчнийг онцлон ажиллах бөгөөд энэ төрлийн хавдар хамгийн өндөртэйд тооцогддог дээрх гурван аймгийг сонгожээ. Мөн орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах, сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтад банкны ажилтнуудыг хамруулах болон ард иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах ажилд анхаарах юм.

Нээлтийн үеэр Хаан Банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал М. Энхсайхан хэлсэн үгэндээ “Хаан Банк нь банк санхүүгийн үйлчилгээг иргэд харилцагчиддаа хүргэхээс гадна нийгмийн хариуцлагаа ухамрсарлаж, олон нийтийн эрүүл мэндийн төлөө Хавдрын эсрэг үндэсний аяныг найм дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ аян маань зорилтот бүлэгтээ хүрч чадан олон хүнд эрүүл саруул амьдралыг бэлэглэдэгт бид баяртай байдаг. Цаашид ч энэ аянаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно хэмээнонцоллоо.

Аяны эмч нарын багийн дараагийн ажиллах аймаг Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зургаадугаар сарын 11-ээс үзлэг оношилгоог үргэлжлүүлнэ.

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийг үзлэгт хамруулах, эрт илрүүлэх, хорт хавдар үүсгэгч халдвараас сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой үндэсний хэмжээний “Хавдрын эсрэг үндэсний аян” өнгөрсөн долоон жилийн хугацаанд 115, мянга гаруй иргэнийг хавдрын цогц үзлэг оношилгоонд хамруулжээ.

Аяныг санаачлан хамтран хэрэгжүүлэгч Хаан Банкны хувьд өнгөрсөн долоон жилийн хугацаанд тус аяныг хэрэгжүүлэхэд нэг тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлж, орон нутгийн 2600 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэж, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.

Categories
мэдээ нийгэм

Цусаа бэлэглэх өдөр тохиож байна

“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа 429 дүгээр анги ЦССҮТ-тэй хамтран тэмдэглэв.
Энэ хүрээнд тус ангийн 40 гаруй албан хаагчид цусаа хандивлалаа. Тус ангийн захирагч бөгөөд Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга, хурандаа Б.Лхагважав “Манай ангийн хамт олон ЦССҮТ-ийн үйл ажиллагааг дэмжиж цусаа бэлэглэх хүмүүнлэгийн үйлст хамтран ажиллах уриалга гаргасан юм. Цаашид ч сайн үйлсийг дэмжин ажиллах болно” гэв.

Цусны донорын үйлсийг ард иргэдэд сурталчлах, ач холбогдол, хэрэгцээг ойлгуулах, эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох, амьдралын зөв дадал хэвшилтэй болгох зорилгоор 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн сар бүрийн гуравны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон улс даяар тэмдэглэж байна. Ингэснээр цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг сайжруулах, байнгын донор буюу жилд 2-3 удаа цусаа өгдөг донорын тоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсноос хойш цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ гурав дахин өссөн сайн үзүүлэлт гарсныг тус төвийн захирал Н.Эрдэнэбаяр тодотгож байв.
Мөн донор Б.Түмэнжаргалыг “Мөнгөн донор”, донор Ш.Цогтхишигийг “Хүрэл донор”-оор тус тус өргөмжилж, “Бахархал -10” тэмдгээр донор Б.Ганпүрэв, “Бахархал-20” тэмдгээр донор Ж.Намжилмаа, “Бахархал-30” тэмдгээр донор Д.Эрдэнэбат нарыг тус тус шагнаж урамшуулсан юм.

Categories
мэдээ спорт

Спортын анагаах ухаан, шинжлэх ухааны олон улсын сургалт- семинар болно

Монголын үндэсний олимпийн хорооноос санаачлан энэ сарын 11-14 нд тус хорооны Хурлын танхимд Спортын анагаах ухаан, шинжлэх ухааны олон улсын сургалт- семинарыг зохион байгуулна.

Энэхүү сургалт- семинарыг “Спортын хоол тэжээл”, “Спортын биомеханик”, “Спортын генетик” 3 сэдвийн дор явуулахаар төлөвлөжээ.

Олон улсын сургалтыг ОХУ-ын Био анагаах ухааны холбооны Физик-Химийн Шинжлэх ухаан-Судалгааны Институтын хүний молекул генетикийн лабораторийн дарга, Биологийн ухааны PhD Эдуард Викторович Генерозов, ОХУ-ын Үндэсний олимпийн хорооны Шинжлэх ухаан-методологийн албаны дарга, Спортын шинжилгээний стандартын мэргэжилтэн, Москвагийн Үндэсний Их Сургуулийн Шинжлэх ухааны мэргэжилтэн Сергей Александрович Шаракин, Унгар улсын Биеийн тамир, боловсролын их сургуулийн профессор Андрас Сандор Чабо нар удирдан явуулахаар уригдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Хориотой бараа нууж, хил давуулахыг завджээ

Гашуун сухайт дахь Гаалийн газрын байцаагчид хяналтын бүсийн гарах чиглэлд Норд бенз маркийн 6560ӨМА улсын дугаартай автомашины эзэмшигч Б чиргүүлийн арам төмрөнд нууж авч явсан 160 килограмм ямааны махыг илрүүлжээ.

Гааль дээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хоёр зөрчил гарчээ. Тухайрбал иргэн А нь 2018 оны тавдугаар сарын 28-ны өдөр 7830УБМ улсын дугаартай Toyota Prius маркын авто машинтай улсын хилээр нэвтрэхдээ 56 кг хаягдал гууль нууж хил нэвтрэхийг завджээ. Мөн иргэн Х нь 2018 оны тавдгаар сарын 29-ны өдөр 1942УБҮ улсын дугаартай Toyota Starex маркын авто машинтай улсын хилээр нэвтрэхдээ 80 кг хаягдал гууль нууж хил нэвтрэхийг завдсан зөрчил тус тус гаргасан байна.

Зорчигч иргэд анхаарал болгоомжой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас анхааруулж байна.