Categories
мэдээ нийгэм

Нөхөн сэргээлтэд шаардлагатай ургамлуудыг тариалж байна

“Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг” тухайн уул уурхай эрхэлж буй компаниуд хийх ёстой.

Харин нөхөн сэргээлт хийж буй эсэхэд шат шатны Засаг дарга, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар хяналт хийдэг. Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны хүмүүс Оюутолгой ХХК-ийн нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай тарьц ургац бэлтгэх, тарьмалжуулах ажилтай танилцаж, холбогдох заавар зөвлөгөөг өглөө. Тус компани нь нөхөн сэргээлтэд нэн шаардлагатай говийн үндсэн ургамлуудыг таван га талбайд тариалж байна.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Сэтгүүлчдийн холбооны 70 жилийн ойд баяр хүргэв


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш НҮБ-ын Сэтгүүлчдийн холбоо байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцон баяр хүргэжээ. Тэрээр дэлхийн улс орнуудаас НҮБ-д суугаа сэтгүүлчид дэлхийн олон газар нутгийн энх тайван, хөгжлийн төлөө гаргасан НҮБ-ын хүчин чармайлтыг уламжлан түгээснээрээ дэлхийн энх тайван, хөгжлийн үйлст бодит оролцогч болж байгаа юм гэжээ.

Мөн Антонио Гутерриш өнөөгийн дэлхий нийтэд хоёр төрлийн салбар эрсдэл ихтэй, нэг нь хэвлэл мэдээллийн сэтгүүлч, нөгөө нь хүмүүнлэгийн болон дүрвэгсдэд тусламж үзүүлэх ажилтнууд болно гэжээ. Бүртгэлээс үзэхэд, өнгөрсөн нэг жилд 81 сэтгүүлч ажлаа гүйцэтгэж яваад нас барж, 200 гаруй сэтгүүлч саатуулагдсан байна. НҮБ-д суугаа сэтгүүлчид, дипломат ажилтан 200 гаруй хүн НҮБ-ын Сэтгүүлчдийн холбоо байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

“Ажилтай-Орлоготой иргэн” ажилд зуучлах өдөрлөг болно

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9.1 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн ажилгүй, ажил хайгч иргэдэд хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээлэл өгөх, үйлдвэр дээрх мэргэжил олгох сургалтанд хамруулах, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр зуучлагдан ажилтай, орлоготой болгох зорилготой. Нээлттэй ажлын байр бүхий “Кашмер холдинг”, “Гоёо” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажилд зуучлах өдөрлөгийг 2018 долоодугаар сарын 03-04-ний өдрийн 10.00-15.00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбарт зохион байгуулах гэж байна.
Иргэд энэ арга хэмжээнд оролцсоноор урамшуулалтайгаар ажлын байран дээрх сургалтанд хамрагдан мэргэжил эзэмшиж, ажлын байртай болох боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

БСШУС-ын сайд ЕБС-ийн захирлуудтай уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр нийслэлийн боловсролын салбарын удирдах ажилтнуудтай уулзалт хийжээ. Уулзалтаар сургуулийн гадаад, дотоод орчны аюулгүй байдал, засвар үйлчилгээ, хичээлийн жилийн бэлтгэл хангах, сахилга хариуцлагыг сайжруулах талаар санал солилцож хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг сануулсан юм. Зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан сургуулийн орчинд хүүхэд аливаа эрсдэлд өртөх, хохирогч болохоос урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.

Үүнд:

-Сургуулийн эзэмшлийн биеийн тамирын талбай, байгууламжинд суурилуулсан тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгсэл, тоглоом , сүүдрэвч, гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс, цахилгааны утасны аюулгүй байдал, тэдгээрийн эвдрэл, гэмтлийг хянах үзлэгийг сургуулийн захирал удирдаж 2018 оны 07-р сарын 01-ний өдрийн дотор чанартай зохион байгуулах, эрсдлийн зэрэг тогтоох илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих,
-Сургуулийн эргэн тойронд болон ойролцоо хийгдэж буй засвар үйлчилгээтэй холбогдуулан ухаж бэлтгэсэн нүх, тогтоол усанд хүүхэд унаж бэртэхээс сэргийлж хамгаалах бүс, анхааруулга тэмдэг тэмдэглэгээ тавих, энэ талаар эцэг, эх, асран хамгаалагч болон оршин суугчдад мэдээлэл хүргэх
-Сургуулийн жижүүр зуны амралтын хугацаанд тодорхой үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллахаар нэмэлт гэрээ байгуулж, сахилга хариуцлагыг өндөржүүлэх
-Автобусны үйлчилгээтэй сургууль хүүхдийн автобусны стандарт, шаардлагыг хангах, засвар үйлчилгээ хийх, улсын үзлэгт 2018 оны 08-р дугаар сарын 1-8-ны өдрүүдэд хамруулах үүрэг даалгавар өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Булган төрийн гурван өндөрлөгт захидал бичжээ

Банзрагч овогтой Булган би С.Зориг гишүүнтэй амьдарч байхад 1998 онд манай гэрт аймшгийн хүн амины хэрэг гарсныг Монгол даяараа мэдэж байгаа. Энэ хэрэг гарсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнөөс авахуулаад намайг байцааж, ам зураг гаргуулж, мөн 14 хоног хорьж байсан. Энэ бүх үйл ажиллагааг би зөв гэж бодож, Ажлын хэсгийг дуудах бүр цаг хугацаанд нь ирж, чадах ядахаараа тусалж, энэ хэрэг илэрнэ гэдэгт дандаа итгэл төгс явж ирсэн билээ. 2015 оны арван нэгдүгээр сарын 13-нд намайг Тагнуулын Ерөнхий газар дээр 8 цагт ирээрэй гэсэн. Би өглөө нь ирээд, орой нь хоригдсон. Энэ удаад мөрдөн байцаагч нар нь Эрүүгийн хууль болон хүний эрхийг маш их зөрчсөн.

1. Өмгөөлөгчгүй байцаасан.

2. “Танай гэрт очих шаардлагатай байна гэж хэлэхэд нь би зөвшөөрч, гурван мөрдөн байцаагчтай гэртээ ороход араас нь гэнэт хориод хүн Амгалан баатартай хамт орж ирсэн. /масктай, буутай, камертай/ Ингээд надад прокурорын тушаалыг танилцуулаагүй, шууд гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн.

3. ТЕГ дээр эргэн ирээд Амгаланбаатартай хамт нэг өрөөнд цоожилж, нэг цаг орчим байлгасан. Мэдээж, энэ хүн намайг хэл амаар доромжилж “унтаж хэвтэж байснаа санахгүй байна гээд сандлын маань хөлийг өшиглөж, өдөөн хатгалга явуулж байсан. Амгаланбаатар нь том биетэй боловч ой ухаан нь хөгжөөгүй учир намайг хоёр өгүүлбэр хэлсний дараа тэр юу ч хэлж чадахгүй, чимээгүй болсон.

4. Мөрдөн байцаагч нар нь “нөхөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хажуугаар өнгөрөхдөө хэлж байсан.

5. Бүтэн өдөржин хоолгүй, хамгийн гол нь уух юмгүй байлгасан.

6. Хорьсныхоо дараа тэр “За одоо хэргээ хүлээв, бидэнд хангалттай нотлох баримт байгаа гэж шахаж, сэтгэл санааны дарамт үзүүлж байсан.

Ингээд би 10 сар хоригдоход надаас гурван удаа л байцаалт авсан. Шинэ юм огт асуугаагүй, гол нь хэргээ хүлээ гэсэн агуулгатай, мөн урьд нь өгсөн мэдүүлгүүд чинь хоорондоо зөрөөд байна гэхээс өөр зүйл огт байгаагүй учир би дахин мэдүүлэг өгөхгүй, гарын үсэг зурахгүй гэсэн. Мөн “Энэ хоригдож байгаа хүмүүс алуурчид биш гэж хэлсээр 10 сар хоригдсон. Үүний дараа миний хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ хүмүүсийн шүүх хурлыг намайг оролцуулахгүй, хаалттай хийсэн билээ. Одоо надад шинэ хэрэг нээж, яллагдагч болгосон байна. Надтай мөрдөн байцаагч Бархасбадь хурандаа дөрвөн удаа мэдүүлэг авах гэж уулзсан.

Сүүлийн хоёр удаагийн уулзалтаар тэр “Өөрийн чинь тэмдэглэлийн дэвтэрт танай охины бичсэн зүйлийн талаар асуух хэрэгтэй байна. Хоёулаа Хятад явах уу гэхэд нь би “Би 82 настай ээжийгээ хардаг учир амжихгүй” гэхэд тэр “Охин чинь яг хэзээ ирэх вэ гэж байнга асууж байгаа. Миний охин Сийлэгмаа нь 1998 онд 13 настай, эмээ, өвөө дээрээ амьдарч байсан ба тэр хэзээ ч хүний дэвтэрт юм тэмдэглэх хүн биш юм. Иймээс хэрэв миний охиныг байцаах хэрэгтэй болбол камерт бичлэгтэй, өмгөөлөгчтэй, ямар нэг шахалт дарамтгүй уулзахад нь анхаарч өгөхийг би танаас хичээнгүйлэн хүсч байна.

1937 онд миний өвөө Ц.Тамжав нь Бүх цэргийн яамны Санхүүгийн албаны дарга байхдаа хэлмэгдэж, цаазлуулсан ба 1964 онд цагаатгагдсан билээ. Тэр үеийн архивын баримтуудаас харахад, хэлмэгдсэн хүмүүс хэргээ зөвшөөрч, гарын үсэг зурсан байдаг. Энэ нь тэднийг ар гэр, эхнэр хүүхдээр нь барьцаалсан гэдэг юм билээ. Одоо миний охинтой уулзана гэдэг нь надад дарамт шахалт үзүүлж байгаа хандлага гэдэг сэтгэл надад төрж байна. Миний хань С.Зориг нь 1990 онд найз нөхдийн хамт ардчилсан өөрчлөлтийн төлөө тэмцэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах гэж зүтгэсэн. Иймээс 1937 он Монголд эргэн ирэхгүй гэдэгт би гүнээ итгэж байна.

Би энэ захидлыг бичихдээ:

1. Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд анхаарч, мөрдөн байцаах ажиллагаанд хэрэглэж байгаа залхаан цээрлүүлэх, айлган сүрдүүлэх, гэнэдүүлэх аргуудыг зогсоох.

2. Энэ хэрэгт холбогдуулан гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлэхийг зогсоох

3. Хэргийн нууцтай холбоотой ямар ч мэдээлэл бусдад тарааж болохгүй гэдэг нэрийдлээр надаас манай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч, найз нөхдөөс минь гарын үсэг авсан тул үг хэлж болохгүй, өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй болгосон.

4. Мэдээллийн хэрэгслээр нэг талыг барьсан, сөрөг мэдээлэл явуулж байгаа.

Энэ бүгд нь Монголын төлөө чин сэтгэлээрээ зүтгэж явсан С.Зориг гишүүний нэрийг гутааж, мөн ард түмний маань төр засаг, хууль цаазандаа итгэх итгэлийг маш ихээр бууруулж байгааг анхаарна уу.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 42 тойргийн нөхөн сонгуульд 228 сая төгрөг зарцуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хураалдаанаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн хугацааг товлолоо. Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2018 оны аравдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэв.

Чуулганаар нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Нөхөн сонгуульд 228 сая төгрөгийг зарцуулахаар төсөлд тусгажээ.

О.Баасанхүү: Хайран мөнгө. Мөнгийг хэмнэх хэд хэдэн арга байна. Нэгдүгээрт, сонгогчдын тоогор нам мөнгө авдаг. Машинаар тоолохгүй бол энэ мөнгө хэрэглэхгүй. төрийн албан хаагчид ажлаас чөлөөлөгдөөд ажиллавал ийм мөнгө хэрэггүй. Хоёр дахь арга нь хар машинаар саналын хуудас тоолохгүй бол зардаөо гарахгүй. Гуравдахь арга нь, жагсаалтаас дараагийн хүнийг оруулж болно. Боловсон хүчнээ зөв сонгодоггүй 65-ынхны буруугаас болоод татварын мөнгөнөөс 228 сая төгрөг гаргах гээд байна. Ард түмэн буруугүй, дахин сонгуульд ийм мөнгө төлмөөргүй байна.
Эсвэл боломжтой гишүүд нь тал талаасаа хандив цуглуулаадэнэ мөнгийг гаргаад өгөөч ээ.

Д.Лүндээжанцан, Харамсалтай юм. Сонгуулийн хуулийн дагуу явуулахаас аргагүй. Пропорцианаль тогтолцоотой үед арын хүнийг оруулж болж байсан. Сонгуулийн хуулийн өнөөгийн зохицуулалтаар тэгж болохгүй байна. Хоёрдугаар хэн дуртай нь чөлөөлөгдье гээд байвал яах вэ гэдэг асуудлыг олон хүн хэлж байна. Тэгэхээр хуулиа эргэн харах хэрэгтэй болж байна. УИХ-ын гишүүнээс татгалзах цөөхөн тохиолдол бий. Ерөнхийлөгчөөр сонгогдсон, эрүүл мэндийн гарцаагүй шалтгаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж болно гэв.

Гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүний нөхөн болон дахин сонгуулийн зардлыг санхүүжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжье гэсэн томъёоллоо санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Ийнхүү ирэх аравдугаар сард болох нөхөн сонгуулийг зохион байгуулахад Улсын төсвөөс 228 сая төгрөг зарцуулж, зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын эмч нар УБТЗ-ын ажилтнуудад үнэ төлбөргүй үзлэг хийж байна

БНСУ-ын Вонгуаны Их сургуулийн сайн үйлсийн аяныхан гурав дахь удаагаа манай оронд хүрэлцэн ирээд байна.

Тэд УБТЗ-ын Төв эмнэлэгтэй олон жилийн харилцаатай бөгөөд энэ удаа 100 хүний бүрэлдэхүүнтэй ирж өмнөх жилүүдийн адилаар уламжлалт эмчилгээ, нүд, шүд, дотор, эмэгтэйчүүд, урологи зэрэг нарийн мэргэжлийн чиглэлээр үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг дөрвөн өдөр үзүүлнэ.

Өмнөх хоёр жилд нийт 10 мянга орчим хүнд хүрч үйлчилсэн Солонгосын эмч нарын баг зургадугаар сарын 29 хүртэл 09-17 цагт үнэ төлбөргүй үзлэг хийх юм. Сайн үйлсийн эмч нартай хамт УБТЗ-ын төв эмнэлгийн эмч нар мэргэжлийн дагуу хамтран ажиллаж, тэднээс суралцаж, туршлага солилцох юм.

Мөн Солонгосын сайн үйлсийнхэн УБТЗ-ын Төв эмнэлэгт дурангийн мэс заслын тасгийг нээхээр болжээ. УБТЗ-ын төв эмнэлэгт БНСУ-ын Вонгуаны их сургуулийн боловсролын сангийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар дурангийн мэс заслын тасгийг нээх санамж бичиг байгуусан юм.

УБТЗ-ын Төв эмнэлэг 2012 оноос БНСУ-ын Вонгуаны их сургуулийн боловсролын сантай хамтран ажилласны үр дүнд тус эмнэлгийн 73 эмч, эмнэлгийн ажилтан БНСУ-д мэргэжил дээшлүүлж, тэд мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байна.

УБТЗ-ын 16 мянган төмөр замчид болон тэдний гэр бүл, үр хүүхдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зүтгэл гарган ажиллаж байгаа БНСУ-ын Вонгуаны Их сургуулийн эмнэлгийн Төлөвлөлт зохицуулалтын албаны дарга Со Ил Лёнгийг Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа гардуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Шарилжгүй Улаанбаатар-3” аян зарлалаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Харшлийн эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг энэ сарын 29-нөөс эхлэн наймдугаар сарын 17-ныг хүртэл зохион байгуулах гэж байна.

Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ууганбаяр, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшлийн лабораторийн эрхлэгч Б.Сангидорж, нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Ч.Батсайхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УБЗАА-ны ахлах мэргэжилтэн С.Аригуун ““Шарилжгүй Улаанбаатар-3” аяны эхний нэгдсэн арга хэмжээ 29, 30-ны өдрүүдэд болно. Хоёр дахь нь наймдугаар сарын 10, 11-нд зохион байгуулагдана. Аяны зохион байгуултад хорооны хэсгийн ахлагч нарыг ажиллуулна. УБЗАА-тай хамтардаг хог хаягдал, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг зургаан төрийн бус байгууллага хороо, дүүргийн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах бол ААН, байгууллагын цэвэрлэгээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана. Монголын улаан загалмайн нийгэмлэг шарилж түүх ажилд идэвхитэй оролцож байгаа иргэдийн бүлэг, хэсгийн ахлагч нарыг урамшуулах юм” хэмээв.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшлийн лабораторийн эрхлэгч Б.Сангидорж “Сүүлийн жилүүдэд олон төрлийн харшлийн шинж чанартай өвчлөл ихэсч байна. Тэр дундаа улирлын чанартай тохиолдох ургамлын тоосны харшил өвчин их байна. Нийт хүн амын 2-3 хувь нь ургамлын тоосны харшилтай гэж бидний судалгаанд гарч байна. Хот суурин газрын орчны борхирдол, байгаль, экологийн доройтол, цөлжилт бий болсон зэрэгтэй холбоотойгоор шарилжийн тоосны харшил хүн бүрийн анхаарлыг татаж байна. Шарилжийн төрлийн ургамалууд цэцэглэж агаарт их хэмжээний тоосжилт үүсгэснээс болоод харшлийн төрлийн өвчин үүсч байна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Хот тохижилттой холбоотой санал гомдол, мэдээллийг 1800-1200 утсанд өгөөрэй

Улаанбаатар хот, тохижилттой холбоотой санал гомдол, мэдээлэл танд байна уу?. Харин та хэнд хандахаа мэдэхгүй байгаа бол 1800-1200 утсыг тэмдэглээд аваарай.

Таны амьдарч байгаа газрын ойр орчинд траншейны нүх таггүй, гэрлийн шонгийн цахилгааны утас ил байх зэрэг аюул дагуулсан асуудал байвал дээрх утсанд мэдээлэл өгч болох юм байна.

Энгийн утасны тарифтай 1800-1200 / Нийслэлийн мэдээлэл, лавлагааны утас/ утас нь нийслэл хотын хэмжээнд иргэдийн өргөдөл гомдол, мэдээллийг утсаар хүлээн авч холбогдох байгууллагуудад уламжилдаг . Мөн нийслэлийн харьяа байгууллагуудын утасны дугаар, байршил гээд холбогдох мэдээллүүдийг эндээс лавлаж болно.

Иргэн таны Нийслэлийн мэдээлэл, лавлагааны утсанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэж, хариу өгнө. Харин 30 хоног хүлээх боломжгүй яаралтай шийдвэрлүүлэх асуудлыг Шуурхай удирдлагын төвийн 310005 утсанд хандан 24 цагт багтаан шийдвэрлүүлэх боломжтой.

1800-1200 утсаар дөрвөн оператор мэдээлэл хүлээж авдаг бөгөөд өдөрт дунджаар 240-280 иргэн ханддаг байна. Үүний 30 орчим нь өргөдөл, гомдол байдаг.

Харин үлдсэн нь мэдээлэл лавлах зорилготой дуудлага байдаг байна. Дийлэнх тохиолдолд ачилтын компаниуд хаанаас ямар машин ачсан, хаашаа хүргэснээ мэдээлж, иргэд машинаа хаана байгааг асууж залгадаг гэнэ. Тус лавлахын оператор “Манайх машин ачиж зөөвөрлөдөггүй гэдгийг хэлмээр байна. Харин ачуулсан машин хаана байгаа талаар мэдээллийг иргэдэд өгдөг” хэмээн хэллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Одонтуяа: Хүүхэд хамгааллын хууль батлуулсан ч хэрэгжихгүй байна

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо хамтран хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд хамгаалалд бүх нийтээрээ оролцъё” хэмээх арав хоногийн аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдийг урьж хэлэлцүүлэг хийлээ. Энэ талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодруулсан юм.


-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоо хамтран арав хоногийн аян зохион байгуулж байгаа юм байна. Энэ аяны хүрээнд ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?

-Энэ бол ердөө арав хоногийнх биш, маш урт хугацааны ажил. Хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд хийх маш олон ажил байна. Удахгүй улсын баяр наадам болно. Нэг хүүхэд амь эрсдэхэд олон нийтээрээ шуугиад хэд хоногийн дараа баяр ёслолдоо дарагдаад мартах биш, үүнийг байнга ярьж давалгаалуулж, олон нийтийн анхааралд өртүүлж нийгмээрээ хөдлөх шаардлагатай. Тийм учраас уг арав хоногт улс орон даяараа энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Энэ хугацаанд хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн чухал ажил хийгээд авъя гэж бодож байгаа. Ойр орчмынхоо аюулгүй байдал, төсөв хөрөнгөтэй холбоотой зүйлсийг хийгээд авъя. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийт өөрсдийнхөө чадах хэмжээнд уг асуудлаар зүтгээсэй гэж уриалмаар байна.

-Хүүхдүүд парк дээр тоглож байгаад гэмтлээ, хөлбөмбөгийн талбайн хаалганд дарагдаж, эмийн сангийн хаалганд хүрснээсээ болж тогонд цохиулан амиа алдлаа. Эдгээр хэргүүд хүмүүсийн стандарт мөрддөггүй, өөриймсөг биш байдлаас улбаалж байна. Энэ чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?

-Сүүлийн үед иргэдийн сэтгэл зүйг сэртхийлгэсэн хэд хэдэн ноцтой хэргүүд гарлаа. Нийслэлийн засаг даргаас дүүргийн удирдлагуудад албан даалгавар өгсөн. Өчигдөр(уржигдар) нийслэлийн шуурхай дээр яригдсан. Бид хүүхэд хамгаалах чиглэлээр тодорхой ажлууд хийж байна. Хүүхдийн тоглоомын талбайн асуудал, цахилгааны ил гарсан утас, ямар нэг аюул тарихуйц зүйлсийг засаж янзлах гэх мэт. Дээрээс нь явган хүн зорчих зам талбайн аюулгүй байдлыг хангах чиглэлээр албан даалгаврууд авсан. Иргэд ихээр хандаж байна. Тэд ээжүүд, эмэгтэйчүүдийн байгууллагууд хамтран иргэдийн идэвхийг сэргээсэн ажлуудыг манлайлан хийгээч ээ гэсэн. Тийм учраас Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо яаралтай хуралдаж энэ асуудлыг манлайлан оролцъё гэж шийдээд өнөөдрийн(өчигдрийн) хэлэлцүүлгийг хийж байна. Уг хэлэлцүүлгээр иргэдийн санал хүсэлтийг сонсож, бүх нийтээрээ оролцож чадвал хүүхэд хамгаалах асуудлыг амжилттай шийдвэрлэж чадна гэж үзээд уриалга гаргаж байгаа. Өмнөх парламентаар чухал хуулиуд батлагдсан. Хүүхдийн эрхийн тухай хууль шинэчилэгдсэн. Мөн хүүхэд хамгааллын хуулийг батлуулсан байгаа. Гэр бүлийн орчинд, боловсролын, эрүүл мэндийн чиглэлээр, олон нийтийн газар, хэвлэл мэдээллийн орчинд хүүхдээ яаж хамгаалах талаар маш нарийн зүйлсийг заасан хуулийг батлуулсан. Гэтэл яагаад ийм асуудлууд гараад байна вэ гэхээр хууль хэрэгжихгүй байна гэсэн үг.

-Монгол Улсад батлагдсан хүүхдийн тухай хуулиуд хангалттай хэмжээнд байгаа. Гэтэл хуулиа хэрэгжүүлэх тал дээр хангалтгүй, сэтгэлгүй, хариуцлагагүй байна. Яагаад хууль, аюулгүй ажиллагааны стандартыг мөрдүүлж чадахгүй байна вэ?

-Албан тушаалтнууд, эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, биелүүлэхгүй байна л даа. Стандартыг мөрдүүлэх ёстой байгууллагууд хариуцлагагүй хайнга хандаж байна. Нөгөө талаас хуулийг хэрэгжүүлэхэд төсөв санхүүгийн хүндрэл үүсдэг. Хороон дарга энэ замаар явах эрсдэлтэй гэж хичнээн мэдээд, дүүрэг нийслэлдээ уламжилсан ч төсвийн хөрөнгө байхгүй учраас тэр асуудал шийдэгддэггүй. Тэгэхээр заавал төсвийн мөнгө хараад байлгүй өөрсдийнхөө хүчээр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах алхмуудыг хийх ёстой. Манай иргэд бүх зүйлийг төр хийх ёстой гэсэн ойлголттой байдаг. Төсөв хөрөнгө хүрэхгүйгээс цэцэрлэгийн дээврийн засвар хийгдээгүй, хэзээ мөдгүй дээрээс нь дээвэр нурах эрсдэлтэй барилгууд байна. Цэцэрлэгийн эрхлэгч нь хэзээ нурах бол оо гээд л байж байна. Би дүүргийнхээ сургууль, цэцэрлэгийн захирлуудад байнга хэлдэг. Аюулгүй байдлыг захирал, эрхлэгч 100 хувь хариуцна шүү гэдгийг. Мөн тоглоомын талбай шинээр баригдахгүй байна. Хуучин тоглоомын талбайнууд шинэчилэгдэхгүй байгаагаас хүүхдийн амь эрсдлээ. Тэгэхээр шийдвэр гаргах түвшний хүмүүс 2019 оны төсөвт нэн түрүүнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн төсвүүдийг батлуулахын төлөө ажиллах ёстой. Үүнээс цаашаа “Наадмын дараа намар” гээд бүх зүйл оройтох гээд байна. Бидний үнэт зүйлс юу юм бэ. Уул уурхай, төмөр зам биш, бидний үр хүүхэд шүү дээ.

Б.АМАРТҮВШИН