Categories
мэдээ нийгэм

Залуу эрдэмтэд тэтгэлэг хүртлээ

БСШУС-ын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг хүртсэн залуу эрдэмтэд өнөөдөр батламжаа гардан авлаа.Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторуудын цаашдын судалгааны ажлыг чанаржуулах, тэднийг богино хугацаанд дадлагажуулахад чиглэсэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд БСШУС-ын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн юм. Одоогоор энэхүү тэтгэлгийг 86 залуу доктор хүртээд байна. Энэ жил БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэгт ирүүлсэн 47 төслөөс журмын дагуу сонгон шалгаруулалт хийж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж, инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох 10 төслийг шалгарууллаа. Тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох юм.

Инновацийн тэтгэлэг авах болзол хангасан залуу эрдэмтдэд батламжийг нь гардуулах үеэрээ БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Монгол Улсын дэд боловсролын хүртээмжийг дээшлүүлэх, ахисан түвшний мэргэжилтэн бэлтгэх нь нэн чухал. Улс орны хөгжлийг шинжлэх ухааны судалгаагүйгээр төсөөлөх аргагүй. Тэтгэлэг авч байгаа залуу эрдэмтэд маань олон улсын түвшинд хүрсэн судалгааны үр дүнг гаргахын төлөө ажиллаарай” хэмээн онцлов. Залуу эрдэмтдийг төлөөлж үг хэлсэн ШУА-ийн Хими, хиимийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Нарандалай “Шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг байнга дэмждэг БСШУСЯ-ны удирдлага, хамт олонд баярлалаа. Сайдын нэрэмжит энэхүү тэтгэлэг залуу судлаачид бидний урам зоригийг сэргээж, дараа дараагийн судалгааны ажилд маш том дэмжлэг болдог” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

БСШУС-ын сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг хүртсэн залуу эрдэмтэд:

Нагаанбуугийн Маралмаа “Байгаль орчноо танин мэдэх угсаатны зүйн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх судалгаа” ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн

Дашзэвэгийн Эрдэнэчимэг “Хачигт энцефалит болон япон энцефалит өвчнийг ялган оношлох фермент холбоот эсрэг биеийн урвалын цомог бэлтгэн нийлүүлэх нь” ХААИС-ийн Мал эмнэлэгийн хүрээлэн

Игорийн Хатанбаатар “Криптоспоридиозыг оношлох рекомбинант бэлдмэл бэлтгэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх” ХААИС-ийн Мал эмнэлэгийн хүрээлэн

Лхамжавын Жамбалжамц “Мөндөр ба аадар борооны үүлний симуляцийн судалгаа” МУИС

Түмэндэлгэрийн Атарсайхан “Хөх далан хальс жимсээр хүнсний бүтээгдэхүүнүйлдвэрлэх” ХААИС-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэн

Буджавын Ууганбаяр “Орон нутгийн стратеги, хөгжлийн загвар боловсруулах нь” ШУТИС, ХШУС

Зоригтын Бадамхатан “Хожуу цэрдийн үеийн эвэрт үлэг гүрвэл Рготосегаторs аndrewsi-ийн мөчний элементүүдийн гистологийн харьцуулсан судалгаа” ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн

Лувсандорж Байгалмаа “Стрептокиназа фермент нийлэгжүүлэгч streptоссиз sрр-ийн омог гарган авах микробиологи, технологийн судалгаа” ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн

Бямба-Очирын Нарандалай “Химийн аргаар сайжруулсан идэвхжүүлсэн нүүрсэн шингээгч материал гарган авч, хөнгөн үйлдвэрийн хаягдал уснаас будагч бодис салгах” ШУА-ийн Хими, химийн технологийнхүрээлэн

Ядамын Рэнчинванжил “Малчдын ахуйн хэрэглээний энергийн хэмнэлттэй төхөөрөмжийн судалгаа, туршилт үйлдвэрлэл” ШУТИС, МТС

Залуу эрдэмтэд БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ

Залуу эрдэмтэд БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ

Categories
мэдээ нийгэм

Их дээд сургуулиудын босго оноо

Оюутан болох гэж буй залуустаа улсын их дээд сургуулиудын босго оноо болон төлбөрийн талаар танилцуулъя.

Монгол улсын их сургууль

МУИС

560

Шинжлэх ухаан технологийн их сургууль

ШУТИС

Харин ур чадвар шаардах хөтөлбөрт элсүүлэх оноог ЭЕШ-ын онооны 50 хувь буюу 400 оноо хүртэл, ур чадварын шалгалтын онооны 100 хувийг 800 хүртэлх оноогоор, нийлбэр 1,200 хүртэлх оноогоор тооцох юм байна.

400

Санхүү эдийн засгийн дээд сургууль

СЭЗИС

620

Монгол улсын боловсролын их сургууль

МУБИС

550

Анагаахын шинхлэх ухааны их сургууль

АШУИС

400-480

Хууль сахиулахын их сургууль

ХСИС

500-560

Үндэсний батлан хамгаалахын их сургууль

ҮБХИС

480-680

Соёл урлагийн их сургууль

СУИС

400

Төмөр замын дээд сургууль

ТЗДС

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

ХИС

480

Удирдлагын академи

УА

600

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Босго оноо 560. Элсэлтийн бүртгэл http://burtgel.num.edu.mn хаягаар 6-сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээгдэж 7-р сарын 2-ны өдрийн 12:00 цаг хүртэл явагдана. Элсэлтийн бүртгэлийг улс орон даяар зөвхөн цахим хэлбэрээр явагдана.

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэлийг орон даяар 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 02-ний өдрийн 18:00 цаг хүртэл http://admission.ufe.edu.mn/ хаягаар бүртгэнэ. Элсэхийг хүсэгч нь өөрийн сурлага, авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлсэн эсээ бичиж элсэлтийн комисст цахим хэлбэрээр 2018 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 18:00 цагаар өмнө ирүүлсэн байна.

АНАГААХЫН ШИНЖХЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

АШУҮИС-д элсэхийг хүсэгчид нь Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл тус бүрд 480-аас дээш, тус сургуулийн Сувилахуйн сургуульд элсэхийг хүсэгчид нь хичээл тус бүрд 400-аас дээш тус тус оноо авсан тохиолдолд бүртгүүлэх болзол хангасан байх ёстой. Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод цахим хэлбэрээр АШУҮИС-ийн элсэлтийн http://burtgel.mnums.edu.mn/ бүртгэлийн хаягаар явуулна.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

Улаанбаатар хотоос элсэгчдийг 2018 оны 07 дугаар сарын 01-04-ний хооронд МУБИС-ийн элсэлтийн http://burtgel.surgalt.mn/ вебээр бүртгэнэ. Харин орон нутгийн элсэгчдийг 2018 оны 07 дугаар сарын 01-ээс МИДСК-ийн журмын дагуу бүртгэнэ.

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

Элсэлт Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэгт элсэлтийн цахим бүртгэл 2018 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 08:00 цагт эхэлж 07 дугаар сарын 04-ний 12:00 цагт дуусна. Цахим бүртгэлийг http://mndu.gov.mn/elselt/ вебээр явуулна. Бусад орон нутагт элсэлт МИДСК-ийн тусгай журам, хуваарийн дагуу явагдана.

ТЭЭВРИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл 2018 оны 07 сарын 01-ний өдрийн 08:00 цагаас 07 сарын 03-ны 17:00 цаг хүртэл явагдана.

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Элсэлтийн бүртгэл 2018 оны 05 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 01-ний 22:00 цаг хүртэл https://elselt.humanities.mn/ хаягаар явагдана.

МИДСК-ийн журмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор харна уу. http://www.cmuc.edu.mn/news_full.php?sub=87

Э.АНУДАРЬ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга: Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхийг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр буюу 2018 оны зургадугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм гишүүд Та бүхэнд УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай холбоотой үг хэлье.

Хүүхэд багачуудын эрүүл, амьд явах эрх ноцтой зөрчигдсөн хэргүүд дараалан гарч, нийгмийг бухимдуулж, цочроож байгаа энэ үест та бүхэнд хандаж үг хэлэхээс аргагүйд хүрлээ.

Юуны өмнө хариуцлагагүй албан тушаалтан, аж ахуй эрхлэх цалгар назгай хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудалд хойрго ханддаг түгээмэл үзэгдлийн золиос болж цаг бусаар амь үрэгдсэн бяцхан үрсийн гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлье.

Сүүлийн үед дараалан гарсан эмгэнэлт хэргүүд бол хүүхэд хамгааллын бодлого орхигдсон, хүүхдийн хүчирхийллийн эсрэг Төр дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байгаа, асуудлууд далдуур хуримтлагдан ужгирч, бугшсаны ил гарч буй үзэгдлүүд юм. Би Ерөнхийлөгчийн албыг хүлээн авснаас хойш сүүлийн нэг жилийн турш өдөр бүр шахуу гэмт хэрэг, хариуцлагагүй байдлын улмаас хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон талаарх мэдээлэл өглөө болгон хүлээн авч байна.

Сэтгэл түгшихээс аргагүй тоо баримтуудыг дурдъя. 2017 онд 1692 гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирч, 2018 он гарсаар гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өсчээ. Өнгөрсөн жил золгүй байдлаар 127 хүүхэд нас барсны 55 нь зам тээврийн осолд өртсөн байна. Өсвөр насныхан амиа хорлосон тохиолдол сүүлийн 4 жилд 200-гаад гарчээ. 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Тэдний дунд нялх балчир хүүхдийн тоо өсөх хандлагатай болсон. 948 хүүхэд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсний дотор хулгайн хэрэг 40 гаруй хувийг эзэлж байна.

Энэ бүхний нийгмийн уг үндэс, шалтгаан нь ядуурал, ажилгүйдэлд оршиж байгаа, хууль хэрэгждэггүй, төрийн албанд бүхэлдээ хариуцлагагүй байдал ноёлсонд оршиж байгаа. Энэ бүх хариуцлагагүй, золгүй явдлууд нь Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар Төрөөс дорвитой бодлого, шийдэл гаргахгүй, хариуцлагын тогтолцоог ажиллуулахгүй байгаагийн л үр дагавар гэж үзэхээс өөр тайлбар олдохгүй байна. Учир иймд нэн яаралтайгаар дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой. Үүнд:

Нэг, Хүүхэд хамгааллын хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд хамгааллын стандартыг мөрдүүлэх, ээлтэй орчин бүрдүүлэх хэм хэмжээг бий болгох талаар заасан хирнээ өнөөдрийг хүртэл стандарт, хэм хэмжээгээ боловсруулаагүй, мөрдлөг болгоогүй байгааг анхааралдаа авч нэн яаралтай горимоор стандартыг боловсруулж батлах, хэрэгжүүлэх журмыг гаргах, мөрдүүлэх шаардлагатай байна.

Хоёр, МХГ, БСШУЯ, Ерөнхий сайдын дэргэдэх Хүүхэд хамгааллын зөвлөл, ЦЕГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд холбогдох байгууллага, бүтцүүд хамтран сургууль, цэцэрлэг, сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө тайлагнахыг анхааруулъя.

Гурав, Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолын дагуу цагдаагийн байгууллагад 4 мянган хүн тутамд нэг хэсгийн байцаагч ажиллах жишиг нормативыг тогтоосон. Гэтэл өнөөгийн байдлаар 17 мянгаас 19 мянган хүүхдэд нэг цагдаагийн албан хаагч ногдож байна. Энэ нь цагдаагийн албан хаагчдын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд цаг, хүч хүрэлцэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Төсвийн боломж муу байгаа нөхцөлд иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, иргэдийн нөхөрлөл, сүлжээг бүрэлдүүлэн туслалцуулах шаардлага тулгарч байна. Гэмт хэрэг гарах нөхцөлийг арилгасан, хор уршгийг зайлуулсан, бусдын амар амгаланг сахиулахад иргэний үүргээ нэр төртэйгээр биелүүлсэн сайн дурын нөхөрлөл, иргэдийг сайшааж урамшуулах ажилд Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх, Зөрчлийн тухай хуульд оруулж, хуульчлахыг та бүхнээс хүсье.

Дөрөв, Эцэг эх, асран хүмүүжүүлэгчдэд хандсан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх анхааруулга, санамж, сургалт зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулж, өрнүүлэх ажлыг хүүхдэд ээлтэй орчинг бүрэлдүүлэх үүрэгтэй төрийн байгууллага, албан тушаалтнуудын зүгээс өрнүүлэхийг уриалж байна. Жилд 2500 хүүхэд халуун тогоонд түлэгдсэн, ахуйн осолд өртсөн мэдээ байгаа нь эцэг эхчүүдэд хариуцлагыг нь ухамсарлуулах, аюулгүй орчинг хангах гэгээрлийн ажил шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Хүүхэд хамгаалал бол эцэг эхийн төдийгүй бүх нийтийн үйлс болохыг ухуулан сэнхрүүлэх сурталчилгаа нөлөөллийн ажлыг өргөнөөр явуулж байж золгүй явдлаас сэргийлж чадна. Энэ ажилд хэвлэл мэдээллийн байгууллага, хэрэгслүүдийг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн оролцоосой хэмээн уриалж байна.

Тав, 2012 онд цагдаагийн байгууллагын “Хүүхдийн байцаагчийн” орон тоог цомхотгосноос хойш хүүхэд гэмт хэрэгт өртөх, үйлдэх нь эрс нэмэгджээ. Сүүлийн 3 жилийн байдлаар 3633 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4574 хүүхэд гэмт хэргийн золиос болсон байна. 2017 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгчийн Тамгын газраас явуулсан хэлэлцүүлгийн мөрөөр Цагдаагийн төв байгууллагад Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулагдсан бөгөөд өргөжүүлэн нийслэл, орон нутгийн цагдаагийн газруудад ийм нэгж байгуулах, орон тоо төсвийг гаргаж өгөх хэрэгцээ шаардлага бий. Хүүхэд гэмт хэрэгт ихээр өртдөг цэгүүдийг камержуулах, үүний тулд Засгийн газрын 2017 оны 312 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Хүүхэд хамгааллыг сайжруулахад шаардагдах төсвийг гаргах, нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг Төрийн тэргүүний хувиар албан ёсоор та бүхэнд хатуу анхааруулан хэлж байна.

Зургаа, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиудад заасны дагуу эдгээр хуулиудад үнэлгээ хийлгэж, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхтэй холбоотойгоор амьдралаас урган гарсан зүйлсийг хуульд нэмж суулгаж өгөх ажлыг УИХ, түүний бүтцийн байгууллагууд нэн яаралтай хийхийг шаардаж байна.

Эрхэм гишүүд ээ, та бүхэнд тусгайлан танилцуулж байгаа дээрх 6 зүйл шаардлагын дагуу хийх, хэрэгжүүлэх ажил бүртэй би биечлэн танилцаж, хяналт тавьж ажиллалаа. Та бүгдийн сонгуульт хугацаа талдаа орлоо. Амласан, мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаа хийх, хэрэгжүүлэхийг сонгогчид тань хүлээж, шаардаж байна. Тийм учраас эн тэргүүнд хүүхэд багачуудад ээлтэй орчинг бүрдүүлэхийн төлөө сэтгэлээ чилээгээд, санаагаа нийлүүлээд ажиллаатахаач гэж хүсэж, шаардаж байна.

Мөн та бүхний мэдэж байгаачлан жилийн өмнөөс сүр дуулиантайгаар яригдаж эхэлсэн “60 тэрбумын” гэх тодотголтой хэрэг. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байж чуулганы хуралдааныг завсарлуулах хэрэгтэй гэсэн саналаа хүргүүлж байна.

2018 оны зургадугаар сарын 26-ны өдрийн Вашингтон пост сонинд Монгол оронд сонгууль хэрхэн явагддаг, албан тушаалыг хэрхэн наймаалж буй талаар буюу “60 тэрбумын” гэх тодотголтой хэргийн талаар маш дэлгэрэнгүй нийтлэгдсэн байна. Энэ сонин хоёр сая ширхэг хэвлэгддэг. Бидний асуудал дотоодын бус дэлхий нийтээр гарч, яригдаад эхэллээ. “60 тэрбумын” асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахыг дэмжиж УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан талаар би сонссон. Энэ асуудлаа хэлэлцээд УИХ-ын ээлжит чуулганыг завсарлуулаасай гэж та бүхнээс хүсмээр байна.

Баярлалаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна

Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагааг эхлэхийн өмнө харьяалах нутаг дэвсгэр дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад мэдээлж зөвшөөрөл аваагүй, стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж байсан “Өег хүнс трейд”ХХК-ий үйлдвэрлэсэн “Өег” нэрийн бууз баншнаас дээж НМЭГ-ын лабораторит шинжилгээнд хамруулж, зөрчил гаргасан аж ахуйн нэгжид Зөрчлийн хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.2 дэх заалтын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.



Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тайлан ил боллоо

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тайлан ил болжээ. Сонгуулийн тухай хуулиар зардлын дээд хэмжээ нь нам 6,8 тэрбум төгрөг, нэр дэвшигч 3,9 тэрбум төгрөг байна. Гэвч энэ босгыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй ажээ.

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээний гишүүн “Бодлогод залуусын хяналт” ТББ энэ талаар дүн шинжилгээ хийсэн байна. Тус ТББ-ийн тэргүүн Ц.Мандхайхатан “Бидний мониторингийн гол зорилго нь сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн байгууллагууд холбогдох мэдээллээ хүлээн авч, түүндээ хяналт тавьдаг эсэх дээр тулгуурлан ажилласан. Улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн өгсөн зардлын тайланг хүлээн авахад хүндрэл учирсан ч өнгөрсөн сард эх хувиар нь олж авлаа. Зардлын утга нь хэт ерөнхий, багцлагдсан байгаа нь дүн шинжилгээ хийх явцад харагдсан. Үүнийг маш тодорхой байлгах ёстой” гэлээ.

Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн улдаа сул байна гэлээ. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах цогц зохицуулалт хэрэгтэй байгааг онцоллоо. Сонгуулийн хугацаанд нийт 1030 гомдол ирснээс 151 нь мөнгө, эд зүйл тараасантай холбоотой байсан ч эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй нь тогтоогджээ.

Олон улсад хандив болон зарлагын тайлан нь маш нарийвчилсан байдаг аж.

Э.АНХМАА

Categories
мэдээ нийгэм

Ш.Батхүү эрүүл мэндийн улмаас батлан даалтад гарлаа

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны “Стандарт” банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх хэрэгт “Жаст”-ын Ш.Батхүү нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнийг одоогоос гурван сарын өмнө шүүхийн шийдвэрээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорин 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан юм. Тэгвэл “Жаст”-ын Ш.Батхүүг өчигдөр орой батлан даалтад гаргаж, хилийн хориг тогтоожээ. Түүний эрүүл мэндийн байдал муудаж, бөөр, тархины мэдрэлийн судсанд нь ноцтой өөрчлөлт гарсан тул ийнхүү батлан даалтад гарчээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ш.Батхүүг өчигдөр орой батлан даалтад гаргасан. Яг хэдэн цагт гаргасан нь тодорхойгүй. Ямартай ч гадуур шалгахаар болсон” гэх мэдээллийг өглөө.

Categories
мэдээ улс-төр

Цахим бодлогын түр хорооны даргаар Н.Учрал гишүүнийг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цахим бодлогын түр хорооны даргаар Н.Учрал гишүүнийг томиллоо.

Мэдээлэл харилцааны технологи ашиглан улсын эдийн засагт хөгжлийн шинэ гарц боломжийг үүсгэх, баялаг бүтээх, төрийн ажил, үйлчилгээг ил тод, шуурхай, шударга болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албыг цомхон чадварлаг шуурхай болгох санал дүгнэлт боловсруулах зорилго бүхий Цахим бодлогын түр хороо байгуулах тогтоолыг УИХ энэ оны тавдугаар сард баталсан. Тогтоолоор түр хороог УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Л.Болд нарын 26 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

​12,000 орчим жуулчин наадмын нээлтийг үзэх захиалга өгчээ

Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, аялал жуулчлалын компаниуд Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд жуулчдад зориулсан суудлыг тоо хүрэлцээ муу учраас 1000 суудал нэмж өгөхийг хүсэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Жуулчин тус бүр дунджаар 2000 ам долларыг манай улсад аялахдаа зарцуулдаг байна. Энэ онд дунджаар 90,000 орчим жуулчин ирнэ гэсэн тооцоо бий. Үүнээс 110 компаний захиалга бүхий 12,000 орчим гадныхан наадмын нээлтийг үзэх эрэлттэй байгаа аж. Гэтэл наадмын нээлтийг үзэх хүсэлтэй арван жуулчин болгоны найм нь Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтэрч чадахгүй хаалганы гадна үлддэг болохыг аялал жуулчлалын салбарынхан хэлж байв.

“Засгийн газраас энэ чиглэлийн үйл ажиллагаануудыг аялал жуулчлалын энэ үетэй давхцуулахгүй байх, намар, хавар, өвлийн улиралд хийх тогтоолууд гарсан. Гэтэл энэ жил төр засгаас зохион байгуулагдаж байгаа хурал, үйл ажиллагаанууд наадамтай давхардаж байна. Аялал жуулчлалын улирлын гол имидж нь баяр наадам юм. Тиймээс Монголын аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөл, аялал жуулчлалын компаниудын зүгээс жуулчдад зориулсан суудлын тоог 1000-аар нэмэгдүүлж өгөхийг эрхэм наадамчин олон, ард түмнээсээ ойлгон дэмжиж өгөхийг хүсье” гэж Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр хэллээ.

Д.ХУЛАН

Categories
мэдээ улс-төр

Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар өөрсдийн санаачилсан Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр /2018.06.28/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.

Валютын зохицуулалтын тухай хууль нь 1994 оны 5 дугаар сарын 12-ны өдөр УИХ-аар батлагдсанаас хойш 22 жилийн хугацаанд 19 удаагийн нэмэлт өөрчлөлт оржээ. Хууль зүйн яамнаас “Валютын зохицуулалтын тухай” хуульд 2009 онд шинжилгээ хийн давхардал 3, зөрчил 18, хийдэл 30 гарч байна уг хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан ч одоог хүртэл шинэчлэгдээгүй учраас ийнхүү 7 бүлэг, 21 зүйл бүхий шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар валютын захын бүтэц зохион байгуулалт, гадаад валютын урсгал, гадаад валютын зах, арилжаанд оролцогчдод тавих хяналт, ханшийн хөөрөгдөл бий болох нөхцөл байдлаас сэргийлэх бодлого зохицуулалт, ханшийн хэлбэлзлийн эсрэг авах арга хэмжээ, гадаад валютын захад оролцогчийн хүлээх үүрэг хариуцлага, зэрэг тулгамдсан өнөөгийн асуудлыг цогцоор шийдвэрлэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх харилцааг нэгтгэх, зарим хуулийн этгээдийн онцлогийг тусгах, хяналт, хариуцлагыг тодорхой болгохын зэрэгцээ гадаад секторын статистик, тоон мэдээллийн чанарыг олон улсын жишигт нийцүүлэх ач холбогдолтой гэжээ.
Categories
мэдээ нийгэм

Нийт хүн амын 2-3 хувь нь ургамлын тоосны харшилтай байна гэв

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Харшлийн эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг энэ сарын 29-нөөс эхлэн наймдугаар сарын 17-ныг хүртэл зохион байгуулах гэж байна. Уг аяны нээлтийг маргааш буюу баасан гарагийн 11 цагт дүүргийн хэмжээнд эхлүүлж 90 минут үргэлжлэх аж.

Хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тоог бууруулах, тархалтыг багасгах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, хөл газрын ургамлыг хадаж тайрах ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм. Нэгдсэн арга хэмжээ энэ сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Хоёр дахь арга хэмжээ наймдугаар сарын 10, 11-нд зохион байгуулагдах юм.

Хотын гол гудамж болон туслах зам дагуу замын хажуугийн ногоон байгууламж, явган хүний зам талбайн зах болон замын хөвөө хажуугийн далан дээр ургасан хөл газрын ургамлыг цэвэрлэх ажилд дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс алба, хороод, Сууц өмчлөгчдийн хороо, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс оролцох аж. Мөн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн хашаан дотор болон гаднах, хашаа дагасан хөл газрын ургамлыг цэвэрлэх үүрэгтэйгээр идэвхтэй оролцохыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас уриаллаа.

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшлийн лабораторийн эрхлэгч Б.Сангидорж ярихдаа: Сүүлийн жилүүдэд олон төрлийн харшлийн шинж чанартай өвчлөл ихэсч байна. Тэр дундаа улирлын чанартай тохиолдох ургамлын тоосны харшил. Нийт хүн амын 2-3 хувь нь ургамлын тоосны харшилтай гэж судалгаагаар гарсан. Хот суурин газрын орчны бохирдол, байгаль, экологийн доройтол, цөлжилт зэрэгтэй холбоотойгоор шарилжийн тоосны харшил хүн бүрийн анхаарлыг татаж байна. Иймд дээрх үйл ажиллагааг зохион байгуулснаар тодорхой хэмжээнд харшлын тоо буурна гэв.

Ц.УРАНБОЛОР