Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр хаврын чуулган хаалтаа хийнэ

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг батлах юм. Өчигдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий 19 гишүүний гарын үсэгтэй “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол хийх саналыг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан.

Үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэх асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан бол УИХ дахь АН-ын бүлэг үүнтэй холбогдуулан шуурхай хурал зарлан хуралдуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 29-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт МУИС-ийн Номын санд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас МХЕГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хүүхдийн эрхийн улсын байцаагчдыг чадавхжуулах сургалт болно. Утас: 86094455, 88209963

09.00 цагт “Холлидэй Инн” зочид буудалд “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн II дахь шатны нээлт болно.

10.00 цагт МҮХАҮТ-д Сонгинохайрхан дүүргийн ажил олгогчдын нэгдсэн зөвлөгөөн болно. Утас: 99010499

10.00 цагт БСШУСЯ-нд ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан “Статистикийн арга зүйн гарын авлага” номын нээлт болно.

10.00 цагт Богд хааны ордон музейд “Монгол хатад” эрдэм шинжилгээний бага хурал болно.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийнэ.

11.00 цагт Корпорейт зочид буудалд ХСҮТ-өөс “Хөх, бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын бай эмчилгээ” олон улсын хурал зохион байгуулна. Утас:99063902

11.30 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд НМХГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хэрхэн олгох талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт Хууль сахиулахын их сургуульд Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадоржийн хөшөөний нээлт болно. Утас:88115446, 86003108

11.40 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Дархан цаазат Богдхан уулаа хамгаалах үндэсний аян”, “Залуу ой” төслийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын Үндэсний музейд “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хүүхдүүдийн “Миний ертөнц” гар урлал, уран зураг, цаасан хайчилбарын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас:70110913

12.10 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хохирогчдын эрх ашгийг хамгаалах төвөөс “2008 оны долдугаар сарын нэгэн- 10 жил” сэдвээр мэдээлэл хийнэ.

14.00 цагт ХЗҮХ-д Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын форум-2018”-аас гарсан зөвлөмж, дүгнэлтийг танилцуулна. Утас: 88101120

14.00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэх санамж бичигт Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Хүүхдийг ивээх сантай гарын үсэг зурах ёслол болно. Утас: 86094455, 88209963

15.00 цагт “И март” дэлгүүрийн гадна талбайд Токиогийн гудамжны борооны ус зайлуулах шугам шинэчлэлийн ажлын нээлт болно. Утас:88998134, 77200200

Categories
мэдээ цаг-үе

Хаянхирваагийн Алтанцэцэг: Аав минь шашин номоор хүмүүжсэн зөөлөн сэтгэлтэй хүн байсан

МОНГОЛ УЛСЫН БАРУУН ХИЛ БАЙТАГ БОГДЫН ТУЛГАРАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙД


БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, ахлах дэслэгч Г.Хаянхирваад Байлдааны цусан гавьяаны улаан тугийн одон гардуулав

Дэлхийн хоёрдугаар дайн дуусаж, хүн төрөлхтөнд энх амгалан цаг айлчлан ирсэн ч НҮБ-д ч элсэж амжаагүй Монгол Улсын хувьд хил хязгаар үргэлжид түгшүүртэй байв. Тэр л үед өөрсдөөсөө арван тав дахин их зэвсэгт хүчинтэй дайсантай тулгарч алтан амиа өргөж, ариун цусаа өгөн эх орныхоо сөөм газрын төлөө тулалдсан Байтагийн арван баатрын түүхийг бид хэзээ ч мартаж үл чаднам. Ай, ямархан аавын хөвүүд тэгж ард үлдсэн бүхнээ огоорон ард олныхоо төлөө амиа өгдөг байнам даа. Байтаг Богдын тулгаралтад есөн дайчнаа удирдан эрэлхэг тулалдсан Хилийн 24 дүгээр отрядын аравдугаар заставын улс төрийн орлогч, дэслэгч Гомбожавын Хаянхирваагийн охин Алтанцэцэгтэй уулзаж хөөрөлдлөө.


Х.Алтанцэцэг

-Монголын ард түмэн “Байтагийн арван баатрын домог”-ийг бүгдээрээ мэднэ. Таны аав Г.Хаянхирваа тэр есөн баатрыг удирдаж явсан хүн дээ?

-Миний аав Гомбожавын Хаянхирваа 1921 онд хуучнаар Түшээт хан аймгийн Түшээт гүний хошуу, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Намнан уулын өвөр Арслан толгой гэдэг газарт төрсөн гэдэг. Эцэг Сосорбурам нь тайж хүн байсан учир өвөг Гомбожаваараа овоглосон байдаг. Эх нь Цэрэнчимэд гэж малчин хүн байсан. Аав маань эцэг эхээс есүүлээ, айлын хоёр дахь хүүхэд. Зулай дээр нь гишгэж төрсөн ах нь Загдаа. Дүү нар нь Хишигт, Дуламсүрэн, Дугар, Загдаасүрэн, Дэлгэрэх, Чулуун, Наваан гэж хүмүүс байлаа. Аав маань бага насаа эцэг эх, дүү нартайгаа өнгөрөөж, Намнан уулын хүрээний хамба лам, нагац ах Дамдин гавжид долоохон насандаа шавилан 18 нас хүртлээ шавилсан түвд, монгол бичигтээ гарамгай хүн байсан юм билээ. Энүүхэндээ гэж хэлэхэд шашны өндөр боловсролтой, нүгэл буяныг гүнээ ойлгосон лам хүн л байхгүй юу даа. Аав минь шашин номын талаар ил цагаан яриад байхгүй ч аливаад сэтгэлийн тэнхээтэй хүн байсан. Аавын нутгийнхан мал маллахаас гадна шар будаа тарьдаг байж. Аав багаасаа л энэ төрлийн ажлыг хийдэг байсан юм билээ.

-Аавын тань энгийн амьдралын намтрыг мэдэх хүн цөөхөн. Хамгийн гол нь Байтаг Богдод юу боллоо гэж харах хүн олон. Буун дуу тасраагүй дайны утаа суунаглаж байсан тэр л жилүүдийн тухай юу хуучилдаг байв?

-БНМАУ-ын Халхын голд болсон 1939 оны дайн, 1941-1945 онд болсон дэлхийн хоёрдугаар дайны ялалт зарим улс орны эрх ашигт нийцээгүй нь анзаарагддаг. Эзлэн түрэмгийлж колоничлох байдлаа хадгалж үлдэх нь их гүрнүүдийн амин чухал асуудал байж. Хятадад Ардын чөлөөлөх арми ялалт байгуулахын эсрэг гоминдан, хасгийн дээрэмчин Оспаны оролцоотой Шар сүмийн районд тагнуулын хэд хэдэн отряд байгуулан, тэднийг зэвсгээр хангаж америкийн мэргэжилтнээр удирдуулан хичээллүүлж бэлтгэсэн байдаг. Эдгээр дээрэмчид Монгол Улсын баруун хилийн амгалан тайван байдалд мөнхөд заналхийлж байв. Зөвхөн 1947-1950 оны хооронд хилийн зөрчил тулгаралт, байлдаанд манай 240 гаруй хүн эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооны төлөө алтан амиа алдсан байдаг.

-Та бид хоёрын яриа түүхийн албан ёсны хуурай цөл рүү даялаад байх шиг санагдах юм. Хамгийн гол нь аавын чинь тухай ярих гэсэн хэрэг шүү дээ?

-Мэдэж байна аа. Байтаг Богдын тулгаралт жирийн нэг жалгын толхилцоон биш байсныг л хэлэх гэж эгч нь ийн улиглаад байгаа хэрэг. Би аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж “Эх орны төлөө зүтгэе” гэсэн дурсамж номыг энэ онд хэвлүүлсэн. Амьд ахуйдаа үгэн-суман сийчүүлсээр сэтгэлийн зовлонтой буцсан аавынхаа гэгээн сүнсийг баярлуулах гэсэн юм. 1948 оны долдугаар сарын 8-нд гоминданы 170 гаруй зэвсэглэсэн дээрэмчдийн эсрэг манай арван хилчин тулж байлдан ялсан түүхэн үйл явдлыг бодохоор сэтгэл шимширмээр санагддаг. Эгч нь энэ номоо сэтгэл зүрхний хөөрлөөр биш, дан түүхэн баримтад түшиглэн бичсэн. 170 дайсан болоод есхөн хүнийг харьцуулаад бодохоор тэд манайхнаас арван тав дахин их байсан байдаг. Энэ хилийн манааны ахлагчаар томилогдон ажиллаж байсан миний аав, ахлах дэслэгч Г.Хаянхирваа цэргийн амьдралтай хэрхэн холбогдсоныг дурдвал 1939 онд цэрэгт татагдаж Улаанбаатар хотод ирээд, 1940-1943 онд Цэргийн төв сургуульд суралцан төгсөж, улмаар 1943-1946 онд Сүхбаатар аймгийн Олон булгийн, Дорнодын Чоно голын заставт улс төрийн орлогч, 1946-1948 оны дунд үе хүртэл Халхын голын Сүмбэрийн долдугаар заставын улс төрийн орлогчоор, 1948 оноос Байтаг Богд, Бүдүүн Харгайтад байх Дамжигийн усанд байрлах заставт улс төрийн орлогчоор тус тус ажилласан байдаг. Аав Дорнодын Чоно гол, Халхын голын хилийн заставт ажиллаж байхдаа “Онц хилчин”-ээр тодорч байсан хүн дээ.

Зүүн гараас урд эгнээ Г.Хаянхирваа, хүү Баатархүү, эхнэр Ажаахүү Арын эгнээнд охин Алтанцэцэг, дүү Түмэндалай

-Аав тань тэр хилийн манааны ахлагчаар томилогдсон байсан гэл үү?

-Монгол Улсын баруун хилийн хамгаалалтыг чангатгах зорилгоор шилэгдсэн хилчин дайчдыг зүүнээс баруун руу шилжүүлэхэд аав хамрагдан 1948 оны тавдугаар сард Ховд аймгийн Булган сумын Байтаг Богд Дамжигийн усанд байрлах хилийн заставт шилжин ирж ажилласан юм билээ. Аав маань газар орны байдалтай танилцахын зэрэгцээ элстэй хайрцаг хиймэл дүрсэн дээр хилчдийг хаана, яаж байрлуулах, ээлжээр яаж амраах, хэрэв дайсан тулгарвал хэрхэн цохилт өгөх, ар талын нэмэгдэл хүчтэй ямар дохио зангаагаар харилцах зэрэг сургалтыг сумангийн дарга ахмад Мадригийн хамт судалж байсан гэдэг. Аавын удирдсан арван хилчдийг манаанд гарахын урд өдөр буюу 1948 оны долдугаар сарын 5-ны өдөр дайсны 20-иод морьтой цэрэг хилд ойртон ирж үүнээс дөрвөн хүнтэй тагнуулын хэсэг манай хилийн постын байранд 200-300 м ойртон тагнаж байгаад буцсан тухай мэдээг хүлээн авсан байдаг. Энэ цаг үе нь улсын баяр наадам ойртож байсан цаг үетэй давхцаж байсан зэргээс шалтгаалж хилийн постыг хүч нэмэгдүүлэн офицероор ахлуулах даалгаврыг дээд удирдлагаас сумангийн дарга ахмад Х.Мадригт үүрэг өгсөн гэдэг. Аав баруун хилд ирэхээс өмнө Халхын голын Олон булгийн сумангийн харьяа Сүмбэрийн заставт ажиллаж байхад сумангийн дарга Х.Мадригтай ажиллаж байсан байдаг. Иймээс ахмад Х.Мадриг ажлын туршлагыг харгалзан итгэл хүлээлгэн эгзэгтэй үед хилийн манааны ахлагчаар аавыг томилсон юм билээ.

-Ямар шийдвэрээр томилсон байдаг бол?

-1948 оны долдугаар сарын 6-нд заставын даргын тушаалаар аавын удирдлагад тасгийн дарга Б.Гиваан, хөнгөн пулемётын наводчик Б.Тэгшээ, байлдагч Л.Даваадорж, Н.Дандархайдав, Б.Баян, Ч.Пэлжээ, Ч.Гончигзэгвэ, Д.Чойжин, Э.Архад нарт хүч нэмэгдүүлсэн хилийн постын үүргийг гурван хоног гүйцэтгэх үүрэг даалгавар өгсөн байдаг. Эд нар тус бүрдээ 120 сумтай винтов, хоёр ширхэг гранаттайгаас гадна дундаа нэг хөнгөн пулемёт авч явжээ. Дайсан нэвтэрч болзошгүй гэж үздэг байсан Бүдүүн Харгайтын голын адаг хэсгийг долдугаар сарын 6-7-ны шөнө боож, отож хянаж хоножээ.

-Тулгаралтын эгзэгтэй мөч хормын тухай аав чинь юу гэж ярьдаг байв?

-Долдугаар сарын 8-ны өглөө долоон цагийн орчим Б.Тэгшээ, Б.Баян хоёрыг хилийн постондоо үлдээж бусад хилчид цайгаа чанах гэж байтал “Дайсан ирлээ” гэдэг дохиог хүлээн аваад бүгд санд мэнд галаа унтрааж постын өндөрлөгт очиж байраа эзлэхэд Бүдүүн Харгайтын голыг уруудан 20 орчим морин ачаанд зэр зэвсэг ачсан 170 гаруй, рот орчим цэргүүд гол уруудан ирж яваа харагджээ. Эд бол Мэргэн ууланд бут цохигдсон 22 дайчныхаа өшөөг авч амьд хэл баривчлах зорилгоор “баатар” хэмээгдсэн Манатаар гэдэг хүнээр ахлуулсан 170 орчим цэргийг Сантуха тосгон дахь хуарангаас явуулж байсан байдаг. Эдгээр дээрэмчид Америкийн зэвсэг техникээр иж бүрэн зэвсэглэсэн байж. Дайсан уулын цаанаас далд хараагаар бууддаг 50-75 мм-ийн миномёт 4, хүнд пулемёт 2, хөнгөн пулемёт 6, винтовын бөмбөг буудагч хоёртойгоос гадна хүн бүр Америкийн хутган жадтай винтовоор зэвсэглэсэн байсан тухай зэвсгийн шинжээчид тогтоосон байдаг. Зэвсэглэсэн дайсан хилд тулж ирээд өдөөн хатгаж байгаад буцах тохиолдолд манай хилчид хэт давуу хүчний эсрэг эхэлж гал нээж дайн өдөөхгүй байх зарчим баримталдаг байсан юм билээ. Манай улсын хилд ихээхэн хэмжээний хүн хүч зэр зэвсэгтэй дайсан тулж ирэн дайн өдөөх болсон шалтгаан нь манай хилчдийн байлдааны арга техник хүн хүч үзэл санааны байдлыг сорин танихын зэрэгцээ мөн оны зургадугаар сарын 2-6-нд Мэргэн ууланд болсон тулгаралтад манай дайчдад бут цохигдсон дайсны талын шилдэг гэгддэг 22 хүнийхээ өшөөг авах мөн амьд хэл олзлох, боломж гарвал газар нутгаас тасдан эзэмшин хяналтаа тогтооход давхар чиглэгдэж байсан гэдэг. Энэ удаа манай хилчдээс 12-15 дахин илүү хүн хүч, зэр зэвсэгтэй зэвсэглэсэн дайсан манай улсын хилд тулж ирээд ачаа бараагаа буулгах хандлагатай болсон тул дайн өдөөх нь гарцаагүй болсон байна. Иймээс аав маань хүчээ дайны үеийн зохион байгуулалтад оруулж, дайчдаа хуваарилсан байдаг.

-Тэгээд яасан бол?

-Хилчин Ч.Пэлжээг морьдын хамгийн сайныг шилж унуулан 36 км-ийн зайд байрлах ар талд яаралтай холбоо барихаар явуулах, Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарыг баруун хойд талын өндөрлөгийг эзлэн байрлах, Д.Чойжин, Н.Дандархайдав, Л.Гочингзэгвэ нарыг зүүн талын өндөрлөгийг эзлүүлэн байрлуулахаар тогтжээ. Энэ хоёр өндөрлөгийн голын онинд командын удирдлага болох аав, Б.Баян нар байрласан байгаа юм. Э.Архад ар талын хэвгийд морь барьж хамгаалахаар болсон байна. Хилчдийг таран байрлахаас өмнө ахлах дэслэгч Г.Хаянхирваа дайчдадаа хандан хэлсэн үгийг хамт байлдсан Д.Чойжин 1948 оны долдугаар сарын 27-нд өгсөн ярилцлагадаа “Айх хэрэггүй, сумаа гамнасугай, харин түргэн групп удаж магадгүй. Сум дуусвал гранатаа өөр дээрээ тэслэх хэрэгтэй” гэхэд, бүгдээрээ “За мэдлээ” гэж хэлээд гурван толгойг эзлэхээр болж бэлхэнээ болсон” гэсэн байдаг. Зэвсэг техник, хүн хүчний давуу байдалдаа эрдсэн дайсан гал нээх тушаал өгөх тэр агшинд хилийн манааны ахлагч Г.Хаянхирваа улаан пуужингаар гал нээх тушаалыг дайчдадаа өгсөн байна. Дайсны эхний цохилт манай холбоочныг саатуулахад чиглэгдэж байсан боловч хамгийн сайн сургуультай Баянбалын Тэгшээгийн хүрэн халзан морийг унасан Ч.Пэлжээ дайсны суман мөндрөөс гарч асга, хад, гуу жалга, атираа, нугачаа ихтэй 36 км-т байрлах ар талд холбоо барьж чадсан түүхтэй. Энэ дайны дараа хүрэн халзан морийг дархалсан гэдэг.

-Байлдааны үйл явцын тухай аав тань ярьдаг байв уу?

-Байлдаан эхэлж байх тэр үед манай дайчдын хөнгөн пулемётын дуу тасралтгүй тачигнаж, винтовын мэргэн галд дайсан хиар цохигдон байх тэр агшинд Байтаг Богд Бүдүүн Харгайтын голын лус савдаг эзэн нь эрэлхэг дайчдынхаа эр зоригийг бахархан бас өрөвдөн байрлаж байсан болов уу гэж аав минь дурсан ярьж байсан. Байлдаанд хилчин Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Гиваан нар сумаа дуустал эр зоригтой байлдаад олон удаа шархдаж эгзэгтэй үед өөрсөд дээрээ гранат тэсэлж, барихаар тойрон ирсэн дайсныг устган алтан амиа эх орондоо өргөсөн байдаг. Байлдагч Л.Дандархайдав байлдааны явцад хэд хэдэн удаа шархдан байраа өөрчилж байлдаж байсан боловч хүч тамир нь буурахад дайсан түүнийг амьдаар нь барихаар ойртоход дайснаас өрсөж өөрийгөө буудаж, цугласан олон дайсны өмнө эх орон газар шороо, аминаас үнэтэй байсныг харуулж чадсанаараа тэдэнд сэтгэл зүйн том цохилт өгч байсан гэдэг. Л.Дандархайдав маш сайн ухуулагч байсан бөгөөд зүүн хязгаараас манай аавын хамт шилжиж ирсэн байсан юм билээ. Хилийн манааны ээлж болоогүй байхад өөрийн саналаар манаанд гарч байсан гэхээр ямар гайхамшигтай эр зоригтой хүн байсан нь мэдэгддэг. Байлдагч Б.Баян дайсны өөдөөс нилээн сайн эсэргүүцэн байлдаж байсан боловч тулалдааны явцад шархдан буу нь гацаж хүндрэл учирснаас аргагүй давуу хүчинд автан дайсны суманд оногдож амиа алдсан юм билээ.

-Дайн гэдэг ч хүн хүсэхээргүй зүйл гэдэг нь тодорхой доо?

-Байлдаан эхлэхээс өмнө нам гүм, тайван байсан орчинд буун дуу тачигнан хад чулуу нүргэлэн цуурайтахад зогсоолдоо байсан манай морьд догшрон цовхорч, тал тал тийшээ зүтгэлэхэд хилчин Э.Архад эр чадлаараа тогтоох гэж үзсэн юм билээ. Энэ үед манай холбоочин Ч.Пэлжээ морио унаад хяр давж байгааг харсан дайсан энэ зүгт галын хүчээ төвлөрүүлснээр морьдыг хянахын зэрэгцээ байлдаж байсан хилчин Э.Архад дайсны суманд оногдож амиа алдсан нь гунигтай. Тэмцэлдэн байлдаж байгаа хоёр талын галын хүч дээд цэгтээ хүрч, аль аль тал нь ихээхэн хохирол амсч байх тэр агшинд дайсны командлагч манай суманд өртөн амиа алдсан гэдэг. Энэ үед дайсан галаа түр зогсоосон боловч хэсэг хугацааны дараа дайралт улам ширүүсч манай амьд үлдсэн гурван дайчдыг тус бүрд нь бүслэн олзлохоор улайран дайрсан юм билээ.

М.МӨНХСАЙХАН

Үргэлжлэл бий

Categories
мэдээ спорт

​“G” хэсэгт Бельги тэргүүлж Марокко нэр төрийн хожилтойгоор гэртээ харив

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “G” хэсэгт тэргүүлэхийн төлөөх бус дэд байраар шалгарахын төлөөх өрсөлдөөн ширүүн явагдсан. Хоёрдугаар байраар шалгарсан баг Бразил, Аргентин, Францын багуудаас зөрөх байв.

Энэ хэсгээс хөлбөмбөг сонирхогчдын таамаглаж байсанчлан Англи болон Бельгийн багууд шалгарах болзлоо хангаад байв. Сүүлийн тойрогт хоорондоо тулахад төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Гарет Саутгет эрсдлээс зайлсхийж Харри Кейн, Жордан Хендерсон, Эшли Янг нарын гол тамирчдаа амраав. Белгүүд ч Эдэн Азар, Ромелу Лукаку нараа гараанд гарсангүй. Роберто Мартинез Гарет Саутгет нар талбайд нөөц багаараа өрсөлдөж залуу шидтэн Аднан Янузайгийн гоолоор Белгийн баг ялалт байгуулав. Ийнхүү “улаан чөтгөрүүд” “G” хэсгийг 9 оноотой тасархай тэргүүлж “H” хэсгийн дэд аварга Японтой учраа таарав. Ялсан тохиолдолд тэднийг дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ баг хүлээж байгаа. Харин 1966 дэлхийн аварга Англи Колумбыг л аргалчихвал алтан дагина ойрхон харагдаж байгаа.

Энэ хэсгийн нөгөө талд Панам болон Марракогийн багууд нэр төрийн хожлын төлөө өрсөлдөж Африк тивийнхэн Бен Иосеф, Уаби Хазри нарын гоолоор буулгаж авчээ. Анх удаа дэлхийн аваргын утаа үнэрлэсэн Панамын баг хоёр гоол оруулсан амжилттай гэртээ харьж байна.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

А.Баттамир: Дата мэдээллээ алдсан байгууллага дампуурахаас өөр зам байхгүй

Өчигдөр Шинжлэх ухаан, технологийн санд БСШУCЯ технологийн “Айтүүлс” компанитай хамтран “Төр хувийн хэвшлийн түншлэл 2018” хэлэлцүүлгийг залуу судлаачдад зориулан зохион байгуулав. Тус хэлэлцүүлгийн үндсэн илтгэл болох “Дата мэдээллийн сан нь бизнесийн үнэт суурь болох нь” илтгэлийг судлаач А.Баттамир тавьсан юм. Тэрээр “Айтүүлс” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын алба хашдаг, 2002 онд ШУТИС-ийн Компьютер, технологи, мэдээллийн сургуулийг программ хангамжийн мэргэжлээр төгсжээ. Түүний үзэж буйгаар барууныхан Азийн бүсэнд IT-гийн салбарт нэвтрэх сонирхолтой. Харин энэ том зах зээлийг монголчууд л ашиглах боломжтой гэнэ.


-“Айтүүлс” компани анхны технологийн компанийн хувьцааг маш амжилттай гаргасан. Өнөөдөр хувьцааны үр дүн ямар байна?

-Бид анх хувьцаа гаргахдаа тооцоолсноос гурав дахин их захиалга авсан. Өнөөдөр бидний санал болгосон төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл Дархан хотод баригдах Дата паркийн ажил 60 хувьтай, ирэх наймдугаар сард ашиглалтад орно. Үүнд хувьцаа эзэмшигчид сэтгэл хангалуун байгаа байх.

-Танай паркаар үйлчлүүлэх захиалга ирж байна уу?

-Банкнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор Монголбанкны арилжааны банкнууд 200 км газарт нөөц дата баазад мэдээллээ хадгалуулах шийдвэр байдаг. Энэ дагуу арилжааны банкнуудтай бид хамтран ажиллана.

-Таны илтгэлд гарсан дижитал бизнес гэж юу вэ?

-Дижитал бизнес гэдэг нь өнгөрсөн хугацаанд хийсэн бизнес илүү цахимжих тухай ойлголт. Манай уламжлалт бизнес цаасан дээр тэмдэглэгдэж үлддэг. Үндсэндээ ганц хувь л байдаг. Хэрэв тэр цаас алга болох, үрэгдэх тохиолдолд бизнесийн түүх, баримт устана. Нийгэм асар хурдтай хөгжиж байгаа нөхцөлд бүх зүйл цахим болж байна. Үүнээс үүдээд дижитал бизнес нь бизнесийн хөгжлийн үндсэн суурь болж байгаа юм. Тиймээс бизнесийн загвараа өөрчлөх ёстой болж байна.

-Бизнесмэнүүд үүнийг яаж хэрэгжүүлэх вэ?

-Эхнээсээ хэрэгжүүлээд эхэлсэн. Хүмүүс банк орохгүйгээр мөнгөө авчихаж байна, дэлгүүрт бэлэн мөнгөгүйгээр худалдаа хийж байна, автобусанд карт уншуулаад зорчиж байна. Энэ бүхэн дижитал бизнесийн нэг хэсэг. Технологийг ашигласнаар бизнесийн зардал буурах, үйлчилгээний хурд, хүртээмж, ашиг орлого нэмэгдэж байна. Энэ бүхэн бизнесийн түүхийг эргээд ашиглах боломж олгоно. Өнгөрсөн түүхээ ашиглаад бизнесээ шинэ шатанд гаргахад маш чухал. Харин энэ тал дээр компаниуд маань хангалттай сайн ажиллаж чадахгүй байна.

-Компаниуд юу хийх ёстой вэ?

-Манай монголын зүйр цэцэн үг байдаг. “Айлаас эрэхээр, авдраа ух” гэдэг. Хэн нэг нь гаднаас ирээд бидний бизнесийг сайжруулна гэж байхгүй. Өөрсдөө байгаа бизнес түүхээ хараад, анализ хийж сурах хэрэгтэй. Өмнөх түүхэнд юунаас ашиг олж, юунаас алдагдал хүлээв гэдгээ тооцож сурах хэрэгтэй. Компанид маш их мэдээлэл байдаг ирээдүйд хэрэгжүүлэх төслүүд, хэрэгжсэн төслүүд. Хэрэгжилтийн явц, санхүү бүртгэл, зардлын тооцоо, ажилтнуудын компьютерт хүртэл их хэмжээний мэдээлэл хадгалагдаж байгаа. Энэ бүхнийгээ нэгтгээд анализ хийвэл алдаа, оноо харагдана. Тэгээд цаашдын төлөвлөлтөө хийх хэрэгтэй.

-Танайд байршуулсан мэдээлэл ямар баталгаатай вэ?

-Компаниудын байршуулсан мэдээлэлд бид орох эрх байхгүй. Зөвхөн үйлчлүүлэгч л орж чадна.

-Манай улсад мэдээллийн аюулгүй байдал хангагдсан уу?

-Маш сул байгаа. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь маш өргөн ойлголт. Энэ бол компьютертээ ямар нэг төхөөрөмж, программ суулгаад хамгаалах ойлголт биш. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь өрсөлдөгчдөө болон олон нийтэд нууц мэдээллээ алдахгүй байх тухай ойлголт юм. Эрсдэл үүсээд мэдээллээ алдах, устах тохиолдолд бизнесээ яаж тасралтгүй явуулах вэ, мэдээллээ яаж сэргээх гэдэг асуудал юм. Аюулгүй байдалд лицензтэй программууд, оюуны өмчийн асуудал, ажилтнуудын ёс зүй хүртэл хамрагдана. Банкнууд гэх мэт санхүүгийн чадвартай байгууллагууд энэ нөхцөлийг хангаж чадаж байна. Жижиг дунд компаниуд харин мэдээллийнхээ аюулгүй байдлыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа.

-Дата баазыг яагаад Дарханд байгуулах болсон бэ?

-Дархан хот дэд бүтэц сайтай. Одоогоор манай улсын ихэнх дата Улаанбаатарт төвлөрсөн байна. Ямар нэгэн эрсдэл, жишээлбэл газар хөдлөлөө гэхэд манай дата мэдээллүүд устах аюул бий.

-Манай дата мэдээлэл Улаанбаатарын төвд төвлөрсөн гэдэг нь…

-Хүн амын төвлөрлийг дагаад маш олон зүйл төвлөрдөг. Үүний нэг нь дата мэдээлэл. Гэтэл хөрөнгө оруулалтын нэг зарчим байдаг. “Алтан өндөгнүүдээ нэг сагсанд бүү хадгал” гэдэг. Сагсаа алдчихвал бүх өндгөө алдана. Бид алтан өндөгнөөс дутуугүй үнэт мэдээллээ ганцхан сагсанд хийчихсэн. Харин дата мэдээлэл хадгалах өөр нэг сагс нь Дарханд байгуулсан дата бааз. Манай дата мэдээлэл үндсэндээ Төв шуудан Монголбанкны хооронд л хадгалагдаж байна. Маш олон эрсдэлүүдээс манайд газар хөдлөлтийн эрсдэл өндөр. Дата уствал Монгол Улс маш хүнд байдалд орно.

-Дата уствал ямар эрсдэл үүсэх вэ?

-Орчин цагт энэ үзэгдлийг сүйрэл дээрх сүйрэл гэж үздэг. Маш их мэдээлэл устана. Төрийн мэдээлэл, тэр бүү хэл хүн нас барсны дараа ч дата нь үйлчилж байдаг. Гэрээ хэлэлцээр, өв залгамжлал, өмчийн бүртгэл гээд олон зүйл байхгүй болно. Хэрвээ датагаа сэргээж авч чадахгүй бол бизнес тэр чигээрээ зогсоно.

-Танай компанийн ирээдүй ямар байх бол?

-Мэдээллийн технологийн зах зээл байнга өсөж байна. Сонирхолтой судалгаанууд бий. Жишээлбэл, гар утасны хэрэглээ өсөхөөр суурин компьютерийн хэрэглээ буурна. Бүр хурдацтай өсөж байгаа нь серверүүдийн үйлдвэрлэл. Энэ нь бизнесүүд дижитал болоод байна гэсэн үг. Энэ хэрээр дата өснө. Түүнийг хадгалах болон боловсруулах хэрэглээ тэр хэмжээгээр өснө гэсэн үг. Өөрөөр хэлбэл бизнес өсөх тусам манай дата баазын хэрэглээ өсөөд л байна.

-Япончууд та нартай ямар хэлбэрээр түншилж байна?

-Япончууд бидэнтэй эхний ээлжинд уламжлалт дата төвийн хэлбэрээр хамтран ажиллах, өөрөөр хэлбэр серверээ байршуулаад дата төвийг ашиглах. Хоёр дахь хувилбар нь крипто болон блокчейнтэй холбоотой үйлдвэрлэл. Үүнийг ашиглахад асар их цахилгаан хэрэглэдэг тоног төхөөрөмж ашигладаг. Манай хувьд крипто валют олборлох 10 мянган тоног төхөөрөмж оруулж ирэх боломжтой. Нэг тоног төхөөрөмж жилд 5.2тн нүүрснээс гаргах цахилгаан хэрэглэнэ. Тэгэхээр Японы нүүрсний импортын зургаа орчим хувьтай тэнцэж байна. Үүнийг дагаад эрчим хүчний салбар дэмжигдэнэ.

-Крипто валют олборлох хууль эрх зүйн орчин байгаа юу?

-Технологи ийм хурдтай хөгжиж байхад бид түүнийг амдаж ашиглах чиглэлээр явж байна. Энэ чиглэлээр ажиллахаас өөр замгүй. Монголд крипто валютыг хоригловол дахиад л нэг том зүйлээс хоцорно гэсэн үг.

-Өмнө нь ямар нэгэн зүйлээс хоцорсон юм уу?

-Маш олон зүйлээс хоцорсон.

-Жишээлбэл?

-Мэдээллийн технологи. Тодорхой яривал сошиал сүлжээ. Монголчууд бүгд фэйсбүүк, твиттер хэрэглэж байна. Тэгвэл Хятад өөрийн гэсэн вичат, Орос Яндекс, өөрсдийн сүлжээтэй болсон. Бид мэдээллийн технологид хөрөнгө оруулахгүй, төр дэмжээгүй учраас энэ зах зээлийг алдсан. Саяхан 1985 онд компьютер үйлдвэрлээд зохиогчийн эрхээ авсан монгол залуусын тухай мэдээлэл гарсан. Тэр үед бидэнд чадвар байсан. Гэхдээ төр түүнийг дэмжээд, хөгжүүлээд яваагүй. Ингээд хоёр хөрштэйгөө мэдээллийн технологиор зэрэгцэн алхах боломжоо алдчихаж байгаа юм.

-Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд төрөөс ямар арга хэмээ авах хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, саад болохгүй байх хэрэгтэй.

-Яаж саад болж байна?

-Жишээлбэл, цахим бодлого гэж ярихаар улстөрчид нөгөө л сошиал сүлжээгээр төсөөлдөг. Асуудлыг ганц л өнцгөөс хараад янз бүрийн тайлбар хийгээд байдаг. Гэтэл нөгөө талд маш олон сайн талууд байгааг ойлгодоггүй. Цахимжуулалтын бодлогыг төрөөс нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх ёстой.

-Өнөөдөр хувь хүн баахан карт авч явдаг болсон. Цахим картуудыг нэгтгэх, “Голомт банк шиг хурууны хээгээр үйлчлэх боломж байхгүй юу?

-Энэ асуудал дэлхийд аль хэдийнэ шийдэгдсэн. Манайх л 10 жилийн өмнөх байдлаасаа гарахгүй байна. Төр нэгдсэн бодлогоор л хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй байгаа юм.

-Цаашдаа Монголд дата бааз хөгжүүлэх зах зээл байна уу?

-Маш их боломж бий. Өвөг дээдсээс заяасан газар нутгийн байршил байна. Уламжлалт сэтгэлгээгээр хандвал бид далайд гарцгүй, хоёрхон хөрштэй гэх мэт олон гачлан тоочиж болно. Харин мэдээллийн технологийн нүдээр харвал хоёр том зах зээл, хоёр том хамгаалагчтай байгаа юм. Энэ технологийн хувьд хөршүүд маань биднийг 24 цагаар хамгаалж байгаа бие хамгаалагчид байхгүй юу. Япон болон барууны өндөр хөгжилтэй орнууд Евразийн энэ том хавтан дээр нэг дата баазаа байгуулаад дата мэдээллээ хадгалах сонирхол маш их байна. Гэхдээ Хятадад хэн ч датагаа хадгалуулахгүй. Орост мөн адил. Янз бүрийн эрсдэл өндөр. Барууныханд хамгийн боломжтой байрлал Монгол. Газар зүйн давуу байрлал дээр нэмэгдээд цахилгаан хямдаар үйлдвэрлэх боломжтой. Сэргээгдэх болон эрчим хүчний нөөц маш их. Энэ нь манай давуу тал.

-Энэ салбар тийм их цахилгаан хэрэглэх үү?

-Энэ салбарын үндсэн түүхий эд нь цахилгаан. Бид нүүрс зарах гэж үйлээ үзсэнээс хямд цахилгаан үйлдвэрлээд мэдээллийн технологио хөгжүүлбэл нүүрс зарснаас илүү их ашиг олно. Бас нэг давуу тал нь манай орон сэрүүн цаг ууртай бүсэд хамаардаг. Серверт хэрэглэх цахилгааны 50 хувь нь түүнийг хөргөхөд зарцуулдаг. Энэ нөхцөл Монголын дата баазыг асар өндөр өрсөлдөх чадвартай болгож байгаа юм.

-Энэ боломжийг яаж ашиглах вэ?

-Монголд датааг хадгалах эрх зүйн орчин алга. Манай улс Швейцарь улс шиг датааг хамаалдаг, өгөгдөл хамгааллын хууль хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төр дата руу орохгүй байх хууль эрх зүйн орчныг баталгаажуулах хэрэгтэй.


Categories
мэдээ спорт

Колумб, Японы багууд аялалаа үргэлжлүүлж Сенгегал гэртээ харихаар болов

21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө өндөрлөж шилдэг 16 багийн нэр тодорлоо.

“H” хэсгийн тэргүүн байраар эхний тоглолтод бүтэлгүйтэж Японд хожигдсон Колубмын шигшээ баг шалгарав. Тэд сүүлийн тоглолтоо Сенегалын эсрэг хийж Минагийн оруулсан гоолын ачаар буулгаж авсан юм. Нөгөө талд тэмцээнээ өндөрлүүлэх болзлоо хангаад байсан Роберт Левандовскигоор ахлуулсан Польшийн баг Японы эсрэг нэр төрийн ялалтаа байгуулаад гэртээ харив.

2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарч байсан Колумбын баг амжилтаа бататгахын тулд 1966 оны дэлхийн аварга Английг шигшээг ялах даалгавартай тулж байна. Харин Япон хөлбөмбөгийн шигшээ багийнхаа түүхэнд шинэ хуудас нээийн тулд хүчирхэг Белгийн багтай өрсөлдөнө. Ялсан тохиолдолд түүхэндээ анх удаагаа хөлбөмбөгийн их баяр наадмын бага шөвөгт шалгарах юм.

Африк тивийн шилдэг хөлбөмбөгчин Сайдо Манегаар ахлуулсан Сенегалийн хүчрхэг баг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулх тэмцээнээс “ганзага хоосон” гэртээ харьж байна.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д”Наадмаас өмнө, наадмын дараа гэсэн хачин зуршлаа хаямаар байна” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Наадмаас өмнө, наадмын дараа гэсэн хачин зуршлаа хаямаар байна” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Надад дарамт шахалт ирж байна хэмээн ярьсан байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Н.Учрал залуу улс төрч байж жинхэнэ поп коммунист дүр төрх харуулж байгаа нь гайхалтай хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

МУСГЗ Г.Жамьян: Намайг хорлох л гэж нууц
ажиллагаа явуулаад байна уу даа хэмээн “Хувь тавилан” нүүрт өгүүлжээ.

Өчигдөр буюу зургадугаар сарын 28-нд “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд “Да хүрээ” захын асуудлаар шалгалт хийсэн ажлын хэсэг мэдээлэл хийсэн юм. Тэгвэл “Цаг үе” нүүрт “Да хүрээ” захыг нүүлгэснээр эмх замбараагүй байдал алга болохгүй гэв хэмээн ярьжээ.

Монгол Улсын Соёлын гавьяат
зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч DZ man буюу Б.Дашзэвэг: Хүн чанар минь зулгааж, байцаагчийн үгийг
толгой дохин зөвшөөрснөөс өөрийгөө хар нүхэнд унагачихлаа хэмээн ярьсныг “Баримт үйл явдал” нүүрээс хүлээн авч үзээрэй.

Шинжлэх ухааны академийн
физик, технологийн
хүрээлэнгийн Их энергийн
физикийн лабораторийн
эрхлэгч, Академич Ц.Баатар: Эрдэмтэн бидний
судалгаа дэлхийн шинэ нээлтийг
гаргахад хувь нэмрээ оруулдаг хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьсан байна.

Германчууд гэртээ харьж Бразил, Аргентин
аяллаа цааш үргэлжлүүлэхээр болов хэмээн “FIFA 2018” нүүрт өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы өдрийн сурвалжлагаар Магадлан итгэмжлэлийн шалгуур
хангасан сургуулиуд батламжаа
гардлаа хэмээн өгүүлсэн байна.

“Дэвжээ” нүүрт Волейболын спортын
дэд мастер Д.Батаа: Домог болсон
“Хар” аварга минь
цэнгэлдэх дүүргээд
гараад ирдэг сэн хэмээн ярьжээ.

Монгол орны цаг уурын салбарын
хөгжлийг түүчээлсэн алтан үеийнхэн хэмээн “Нэг ангийнхан нүүрт” өгүүлжээ.

Вьетнамд үер болж, 22
хүн амиа алдаад байна хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухааны академийн дэргэдэх номын худалдааны сайтаар зочлоорой

Дэлхийн номын өдөр болон оюуны өмчийн өдрийг тохиолдуулан ШУА-ийн дэргэдэх цахим номын дэлгүүр нээлтээ хийсэн билээ.

Монголын эрдэмтэн судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтийн хүртээл болгох зорилго бүхий уг дэлгүүрийг ШУА-ийн Инноваци, мэдээллийн төвийнхөн санаачлан бүтээжээ. Энэхүү сайтаас монгол эрдэмтдийн ном, судалгааны ажилтай танилцахаас гадна ном захиалан худалдаж авч болно. Цахим номын санд байршуулсан номууд эхний ээлжинд 20 хувийн хямдралтай худалдаалагдах юм байна. Цахим номын дэлгүүр рүү дараах линкээр хандаж болно. https://bookstore.ac.mn/

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх Ухааны Академид “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг боллоо

“Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг Шинжлэх Ухааны Академийн байранд боллоо. Уг хэлэлцүүлгийг Монголын Анагаах Ухааны Академи болон Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв бусад эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран “Монголын хүн ам, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар хэлэлцэж, шийдвэрлэх арга замын талаар зөвлөмж боловсруулах” зорилгын дор зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт анагаах ухааны доктор, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга Л.Насанцэнгэл “Донтох эмгэгийн үеийн тусламж үйлчилгээ”, докторант, СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа “Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн судалгаа” гэх илтгэлүүдийг тус тус тавилаа. Илтгэлүүдэд дурдаж байгаагаар “Эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөрт өсвөр насныхныг стрессээ зөв аргаар тайлах ур чадварт сургах талаар оруулах” гэх мэтчилэн өсвөр насныхны сэтгэцийг сургуулийн болон гэр бүлийн орчинд зохицуулах болон эрэгтэйчүүдийн эрт нас баралтыг архи, тамхины донтолттой холбож, түүний хэрэглээ болон гарах арга замын талаар зөвлөж байлаа.

М.МӨНХСАЙХАН

Categories
мэдээ нийгэм

“Best of classics open air” сонгодог үдэш тохионо

Сүхбаатарын талбайд энэ амралтын өдөр буюу долоодугаар сарын 1-нд “Best of Classics open air” сонгодог тоглолт болох гэж байна.

ДБЭТ-ын хамт олон 55 дахь тоглолтын улирлын туршид 80 орчим дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, балет, хөгжмийн бүтээлүүдээр ард түмэндээ үйлчилжээ. Тэд НЗДТГ, Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран “Сүхбаатарын талбайд” Дэлхийн сонгодог болон Монголын шилдэг бүтээлээс дээжлэн “Best of Classics open air” цогц арга хэмжээг толилулахаар зэхжээ. Улаанбаатар хотын иргэд, гадаадын жуулчид болон байгууллага хамт олонд нээлттэй сурталчилан таниулах “Best of Classics open air” ажлыг анх 2014 оноос эхлэсэн бөгөөд энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь “Үндэсний их баяр наадмын” хүрээнд НЗТГ, НСУГ-аас тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулагддаг томоохон арга хэмжээний нэг гэдгээрээ онцлог юм.

ДБЭТ-ын хамт олон тухайн арга хэмжээгээр дамжуулан үзэгчидтэйгээ улам ойртох, тэдэнд сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлэх, театрын цаашид баримтлах менежмент, маркетингийн үйл ажиллагааны онцлогыг танилцуулах зорилготой аж.