Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярын арга хэмжээний хуваарь

Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг баярын
өдөр ирэх баасан гарагт тохионо. Баярынх нь өдрөөр хайртай бяцхан үрсээ
хэрхэн баярлуулах талаар аав ээжүүд ихээхэн санаа зовнидог. Тэгвэл энэ
өдөр хаана ямар арга хэмжээ болохыг танилцуулж байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургадугаар сарын 01-нд 09:00-17:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын
04-ний өдрүүдэд “Гайхамшигт долоо хоног” уламжлалт арга хэмжээг 8 дахь
удаагаа зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк,
хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан
зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ОНӨТҮГ

Тавдугаар сарын 31, зургадугаар сарын
01-ний өдрүүдэд “Цэцэрлэгт хүрээлэнгийн хүүхдүүд” арга хэмжээг
12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна.

МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР

Тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын
01-ний өдрүүдэд 13:00, 14:00 цагуудад “Гайхамшигт хайрцаг-2” буюу Алтан
залаат азарган тахиа, Бүлтэйхэй Дэгдээхэй 2, Долоон дэлбээт цэцэг, Том
хамарт одой жүжгүүдийг өөрийн тайзнаа тоглоно.


МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОH

Зургадугаар сарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудад “Хувдай ишигний паян” симфони хөгжимт драмчилсан тоглолт тоглоно.

УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

Зургадугаар сарын 01-ний өдрийн
10:00-16:00 цагийн хооронд “Номинд хүүхдийн хүсэл цөм бүрэн” хүүхдийн
баярын нэгдсэн арга хэмжээг Улсын Их дэлгүүрийн гадаа талбайд зохион
байгуулна. Гадаа асаруудад Бүс болон Импорт салбарын гадаа талбайн
худалдаа, гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргана. Арга
хэмжээнд Найрал дууны сурагчид, Алиалагч ба циркчид, Бүжигчид, Мотив
хамтлаг, Номин Кидс цэцэрлэгийн багачууд, Хөгжөөнт тэмцээн, Зарласан
уралдаанаа дүгнэж, шагнал гардуулах зэрэг ажлууд болно.

УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР

Зургадугаар сарын 01-ний өдрийн
12:00-16:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг гадна
талбай, Үзэсгэлэнгийн танхим, 4-р танхим зэрэгт тус тус зохион байгуулж
хөгжөөнт тэмцээн, Facebook уралдааны ялагч тодруулах, урлагийн тоглолт,
театрчилсан тоглолт зэргийг үзүүлнэ.

НАРАН ИХ ДЭЛГҮҮР

Зургадугаар сарын 01-ний өдрийн
12:00-13:00 цагийн хооронд Наран молл худалдааны төвийн гадна талбай,
14:00-15:30 цагийн хооронд Энхтайваны гүүрний хажуу талын Наран плаза
худалдааны төв, 15:00-16:30 цагийн хооронд 13-р хорооллын дунд замын
Наран плэйс худалдааны төв зэргүүдэд “Наран шилтгээн” хүүхдийн баярын
нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

ТЭНГИС КИНО ТЕАТР

Зургадугаар сарын 01-ний өдрийн
12:00-15:00 цагийн хооронд кино театрын гадна талбайд “Ээжийн дайсан-2,
Такси-2” киноны уран бүтээлчид ирж талархлын өдөрлөг зохион байгуулж,
ирсэн хүүхэд, багачуудтай хамт зураг авахуулж, гарын үсэг зурна.

ХҮННҮ ШОППИНГ МОЛЛ

Зургадугаар сарын 01, 02, 03-ний өдрүүдэд
14:00, 16:00, 18:00 цагуудад “Гайхамшигт Сафари Нууц Тайлагдсан нь”
хүүхдэд зориулсан жүжиг тоглоно.

МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ОНӨТҮГ

Тавдугаар сарын 31-нд 11:00-15:00 цагийн
хооронд “Монгол хүү“ хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааг Хүй долоо
худагт зохион байгуулна.

МОНГОЛЫН ГУРВЫН ЭСРЭГ ГУРАВ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО

Зургадугаар сарын 01-нд 09:00-17:00 цагийн
хооронд FIBA 3×3 Ulaanbaatar Challenger 2018 тэмцээний хүрээнд
Д.Сүхбаатарын талбайд хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн зохион
байгуулна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 27-нд 11:00-16:00 цагийн
хооронд “Хөх Монголын хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын
талбайд зохион байгуулна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 31-нд 11:00-15:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг УБ палас гадна талбайд зохион байгуулна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургадугаар сарын 01-нд 11:00-16:00 цагийн
хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Тусгаар Тогтнолын талбайд
зохион байгуулна.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургадугаар сарын 01-нд 10:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 31-нд 14:00-16:00 цагийн
хооронд Зорилтод бүлгийн өрхийн 1000 хүүхдийг БЗД-ийн соёлын ордонд
хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургадугаар сарын 01-нд 11:00-15:00 цагийн
хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг БХД-ийн ЗДТГ-ын талбайд
зохион байгуулна.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 31-нд 10:00-14:00 цагийн
хооронд Төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийн баярын нэгдсэн арга
хэмжээг Налайх дүүргийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгуулна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Тавдугаар сарын 30-нд 11:00-13:00 цагийн хооронд Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Аса циркт зохион байгуулна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зургадугаар сарын 02-нд 12:00-14:00 цагийн

хооронд 500 ээжид зориулсан “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн арга хэмжээг

Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна.

Categories
энтертаймент-ертөнц

“Монгол Нинжа дайчид” шоуг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр хүргэнэ

Японы TBS телевизийн “Sasuke Ninja

warrior” шоуг “Монгол Нинжа дайчид” нэртэйгээр МҮОНТ албан ёсны онцгой

эрхтэйгээр тун удахгүй хүргэхээр болжээ.

Энэхүү телевизийн шоуг дэлхийн 20 орон
албан ёсны эрхтэйгээр хийж, өөрсдийн бүтээл болгодог бол МҮОНТ авснаар
Монгол 21 дэх улс болж буй юм. Шоунд оролцогчдыг бүртгэж дууссан учир
тун удахгүй олны хүртээл болох нь.

“SASUKE NINJA WARRIOR” ШОУНЫ ТУХАЙ
“Sasuke ninja warrior” нь барууны ертөнцөд “Дайчин тулаанч Нинжа” гэдэг нэрээр олноо танигдсан нэвтрүүлэг юм.

Сасүке-г “Хүч чадлын тулаан” (“Кинники Банзуке”) гэх спорт цэнгээнт нэвтрүүлгийн нэг хэсэг болгон анхлан нэвтрүүлж байжээ.

Хүч чадлын тулаан нэвтрүүлгийн үзэл

санаа нь “Япончуудыг булчинлаг, хүчирхэг болгох”-д чиглэгдсэн байсан

бөгөөд нэвтрүүлэг олон төрлийн спорт, биеийн хүчний тэмцээн тулаанаас

бүрдэж байсан.

“Сасүкэ” тулаан нь “Хүч чадлын тулаан”
нэвтрүүлгээр олонд танигдаад, сүүлдээ “Сасүкэ дайчин Нинжа” нэртэй
өөрийн гэсэн нэвтрүүлэг болтлоо хөгжсөн байна.

Анхны “Сасүкэ дайчин Нинжа” 1997 онд
эфирээр цацагдсан. Үүнээс хойш “Сасүкэ дайчин Нинжа” нэвтрүүлэг жилд нэг
эсвэл хоёр удаа гаргадаг болжээ.

Нэвтрүүлэг нь 4 үеэс бүрдэнэ.

Нэгдүгээр үе: Энэ үе шатанд хурд, авхаалж самбааг шаарддаг.
Хоёрдугаар үе: Хурд, хүч шаардана.
Гуравдугаар үе: Агаарын үе шат. (саад бартааг агаарт байрлуулсан)
Дөрөвдүгээр үе: Цаг хугацаатай уралдах тэмцээн.

Тэмцээнд оролцогчид олс, шат эсвэл ханаар дамжин дээш өгсөн, заасан цаг хугацаанд багтаан цамхагийн оройд хүрэх ёстой. (зорилго)

“Сасүкэ дайчин Нинжа” нэвтрүүлгийн 4 үе
шат нь 21 саад бэрхшээлээс бүрддэг байна. Оролцогчдыг үе шат бүхэнд
биеийн хүчний төрөл бүрийн ур чадвар, сорилоор сорих бөгөөд ялалтын
шатанд хүрэх гол гогцоо нь бие физилиогийн тэнцвэрт ур чадвар (оюун
сэтгэлийн хат мөн хэрэгтэй) байдаг аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Жагзмаа “Мiss Mongolia 2018 ” тэмцээнд өрсөлдөж байна

“Mongolians next top model” тэмцээний оролцогч 18 настай Б.Жагзмаа аль
хэдийн моделийн карьераа эхлүүлжээ. Б.Жагзмаа арван жилийн ширээнээс
салаагүй ч охин секси дүр төрх бүтээсэн нь сошиал хэрэглэгчдийн
эгдүүцлийг хүргэж хатуухан шүүмжлэлд өртөж байсан цаг үе саяхан.

Тэгвэл тэрээр “Мисс Монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон зохион
байгуулдаг “Мiss Mongolia 2018” тэмцээний шилдэг 19 гоо бүсгүйчүүдийн
нэгээр шалгарчээ. Тус тэмцээнд гоо үзэсгэлэн, авьяас чадвар, ур ухаанаар
шалгарсан 19 бүсгүй өрсөлдөж байгаа юм. “Мiss Mongolia 2018” тэмцээний
тэргүүн миссийг ирэх сард тодруулна

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“The Voice of Mongolia” шоуны ялагч өнөөдөр тодорно

“The Voice of Mongolia” шоуг “Монгол HD”
телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр таван сарын
турш хүргэж байгаа билээ. Шоуны анхны дугаар 2018 оны нэгдүгээр сарын
21-ны өдөр эфирт цацагдаж байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт
шилдэг найман оролцогчийн тоглолт болж, финальд өрсөлдөх дөрвөн оролцогч
тодорсон.
Тухайлбал Шүүгч Д.Отгонбаярын багаас
А.Болормаа, С.Ононбатын багаас Б.Өсөхбаяр, Төрийн соёрхолт Л.Болдын
багаас Ж.Ариунжаргал Д.Уламбаярын багаас Ц.Энгүүн нар шалгарсан юм.
Шоуны финалын шалгаруулалт маргааш 19:30 цагт болж ялагчаа тодруулна.

Ялагч “Universal Music” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч
“Монгол Контент” ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ
байгуулна.


Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах вэ?

Ээжүүд, нялх хүүхдүүдийн хувьд хамгийн таатай урин дулаан улирал ирж
байна. Хүүхдүүдийнхээ Д витамины хэрэгцээг нарнаас шууд хангах боломжтой
зуны улирал манай оронд даанч цөөхөн сар үргэлжилдэг нь харамсалтай.
Тиймээс ээжүүд маань өөрсдийнхөө гоо сайхныг ч хөсөр хаян, үр хүүхдүүдээ
салхинд гаргахаар өглөөнөөс орой хүртэл цэцэрлэг бараадан суудаг билээ.

Харин хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах талаар зарим зөвлөгөөг хүргэе.

Зуны улиралд хүүхдээ өглөөний 11 цагаас өмнө, оройны 16 цагаас хойш
20-30 мин арьсыг нь наранд шарвал Д витаминий нийлэгжилт сайн үүсдэг.
Энэ үед арьс бага зэрэг улайссан ч айх зүйлгүй.

Гэхдээ нялх хүүхдэд арай илүү анхааралтай хандана. Хүүхдийг 30-аас дээш
хэмд наранд гаргахгүй байсан нь дээр. Ой хүртэл настай хүүхдийг бага
багаар дасгасаар дээр дурьдсанчлан 20 минут хүртэл, харин нэгээс дээш
настай хүүхдийг 30 минут хүртэл наранд шарж болно

Эцэг эхчүүд хүүхдээ тэврээд сүүдрэвчинд ороод суучихдаг. Үнэндээ ингэж
салхинд гарсан, гараагүй огт ялгаагүй. Тиймээс дээр дурьдсан цагт
хүүхдүүдийнхээ нуруу, хэвлийг ээлж ээлжээр нь наранд шарж суусан нь
дээр.

Зарим эцэг, эх хүүхдээ эгч, ах нарт нь өгөөд гаргачихдаг. Гэтэл
нөгөөдүүл нь орцныхоо үүдэнд дүүгээ тэврээд яриад суучихна. Зарим ээжүүд
ч адил. Гэтэл энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Улаанбаатарын орон
сууцны хороолол дундуур автомашин явахгүй байна гэж бараг үгүй. Тэгэхээр
хүүхэд чинь агаар салхинд гарах биш харин ч автомашины яндангаар гарах
хорт хийгээр амьсгална. Тэгээд ч орцны гаднах талбай чинь нэг ширхэг ч
чулуугүй цэвэрхэн биш л бол машины дугуйнд хавчуулагдсан чулуу үсрэх,
шидэгдэх аюул өндөр. Мөн нарийн тоосонцор зам дагууд хамгийн их байдаг
тул уушгинд хамгийн муу нөлөөтэй нарийн тоосонцороор хүүхдээ
амьсгалуулахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Ялангуяа аавууд хүүхдээ тэврээд машинууд дундуур холхиод байгаа нь
харагддаг. Хэдийгээр тухайн автомашин явахгүй байгаа ч түүнээс гарах
хорт хий, хөрсний бохирдол зогсоол хэсэгт маш ихээр байдаг. Тиймээс
автомашины зогсоолоос аль болох холдож болж өгвөл зүлэг ногоотой, модтой
цэцэрлэг бараадсан нь дээр. Тэгээд ч олон улсын байгууллагаас гаргасан
нэгэн зөвлөмжинд Улаанбаатар хотын хөрсний бохирдол өндөр учир нэг
метрээс доош өндөртэй хүүхдийг тэвэрч явахыг сануулсан байдаг.

Хариуцлагагүй ээж, аав алийг тэр гэхэв. Харин та өөрөө хариуцлагатай
нэгэн бол тэднээс зугтахад гэмгүй. Хүүхдээ салхилуулах гэж биш харин
өөрөө тамхилах гээд гараад ирсэн ээж, аавууд цөөнгүй. Тиймээс тэдэнтэй
үг солих гэж хүүхдээ хордуулахын оронд зүгээр л зугт. Дам тамхидалт шууд
тамхидалтаас ч илүү хор хөнөөлтэй байдаг гэдгийг Та мэднэ биз дээ?

Categories
гадаад мэдээ

Уитни Хьюстоны талаарх баримтат кино ирэх сард нээлтээ хийнэ

“Каннын кино наадам- 2018”-ын үеэр
Америкийн алдарт дуучин Уитни Хьюстоны тухай өгүүлэх “Уитни” нэртэй
баримтат киноны нээлт болжээ. Дуучин Уитни Хьюстон 6 жилийн өмнө 48
насандаа таалал төгссөн юм.Тус баримтат киноны найруулагчаар Кевин
Макдональд ажилласан бөгөөд тэрбээр “One Day in September” баримтат
киногоороо 2000 онд Оскарын шагнал хүртэж байсан нэгэн аж.
“Уитни” баримтат кинонд домогт дуучин
Уитни Хьюстоны тоглолтын ховорхон дүрс бичлэгүүд болон хуучны гэрэл
зургуудыг харуулах төдийгүй түүний ойр дотнынхонтой хийсэн ярилцлага
гарах аж. “Уитни” баримтат кино VI сарын 6-нд дэлгэцнээ гарч олны
хүртээл болох юм байна

Categories
мэдээ соёл-урлаг

Тэнгис кино театрын үзвэрийн хуваарь

“ТАКСИ 2” МУСК


10:35

12:30

14:35

16:35

18:35

20:25

22:20

Solo: A star wars


10:30 14:15 17:00 19:50 22:30

Terminal


11:10

17:00

22:00

Deadpool 2

15:50

18:50

23:20

“ОРК” МУСК

15:05

“Ээжийн дайсан” МУСК

13:05

17:10

19:00

21:00

23:00

“Яллагч” МУСК

15:00 VIP 18:25 20:35 22:40

Avengers: Infinity War

13:00

Хулгайлагдсан гүнж

11:00

13:00


Говийн домог


14:45 17:10 VIP 21:10

“Маш Нууц-2: Байтаг Богд” МУСК

12:40 VIP 19:35

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаадад байгаа монголчуудаасаа УИХ-ын гишүүн сонгоё

Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын гишүүд нийт ард түмний төлөөлөл мөн юм бол гадаадад амьдарч байгаа монголчууд өөрсдийнхөө төлөөллийг төрд сонгох эрхтэй. Яг дотроосоо шүү. Ийм жишиг манайхаас бусад улс оронд бий. Ялангуяа Европын холбооны орнуудад ийм тогтолцоо үйлчилж эхэллээ.

Монголын сонгуулийн тогтолцоонд хүн амын тоо, тэр дундаа сонгуульд санал өгдөг иргэдийн тоо тойрог бүр дээр харилцан адилгүй байна. Дэндүү гэмээр зөрүүтэй явж ирлээ. Эндээс л Их хурлын гишүүдэд нийгмийн зүгээс хандах сөрөг хандлага, улс төрчийнх нь үнэ цэнэ, элдвээр хэлэх эхлэл тавигдаж байгаа юм. 180 мянган сонгогчтой Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, 20 мянган сонгогчтой Багахангай дүүргээс сонгогдсон гишүүн хоёрын төлөөллийн хол зөрүүг юу гэж ойлгох уу. Хоёулаа төрийн эрх барих дээд байгууллагад адилхан эрхтэй байдаг. Орон нутагт гэхэд 128 мянган хүнтэй Хөвсгөл аймаг гурван мандаттай байхад, 72 мянган хүнтэй Хэнтийн аймаг мөн адил гурван мандаттай байна. Хэнтийн нэг гишүүн үсрээд 10 мянган сонгогчоос сонгогдсон бол Хөвсгөлийн нэг гишүүн дор хаяж 23 мянган хүний саналаар гарч иржээ. Энэхүү шударга бус тойргийн хувиарлалт Их хурлын гишүүдийн улс төр дэх байр суурийг улам ганхуулж байна.

Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нийгмийн шаардлага хэдүйн бий болжээ. Фортуна эд нарын ярьдаг шиг бэлгэдлийн тоо болох 99 гишүүн гэж яриад яахав. Гол нь мандатын тоог нэмж, сонгогчдын тоог тэнцүүлэх, тэгээд сонгуульд идэвхтэй оролцуулах тогтолцоо руу яаралтай оръё. Дээд, доод танхимтай болъё. Өнөөдрийн Монголд хамгийн зөв парламентийн тогтолцоо энэ байх. Ингэж гэмээнэ иргэд, олон түмэн засаг төрөө өөрсдийн гараар сонгож, өөрсдийн оюун ухаанаар байгуулж чадна. Сонгуульд иргэдийн саналыг дүүрэн өгүүлэх олон арга, технологи, бусдын туршлагууд бий. Зарим улсад сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхийн тулд урамшуулах, торгох хоёр арга хэрэглэдэг. Үүнийгээ бүр хуульчилдаг. Манайд алийг нь ч хэрэглэдэггүй. Австралид иргэн сонгуульд оролцож саналаа өгөөгүй бол 10 долларын торгууль төлдөг. Харин манай хөрш ОХУ-д сонгуульд шинээр оролцож байгаа иргэддээ Үндсэн хуулийн ном болон соёлын зүйлс бэлэглэдэг практик бий. Бид өөрийн онцлогтоо тохирсон сонгогчдын ирцийг нэмэх, идэвхжүүлэх арга олъё. Жишээ нь иргэдийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалтай нь холбож болно. Зээл, лизинг, бүр найман хувийн зээлтэй нь ч сонгуулийн саналын системээ уялдуулж болох юм. Зөвхөн сайн зохион байгуулалт л хэрэгтэй. Ингэж чадвал эдийн засагт ч хэмнэлттэй, дахин сонгууль явуулна гэж ч заваарахгүй.

Энэ дотроо харин эхэнд хэлсэн гол санаа болох гадаадад амьдарч буй 200 мянга гаруй иргэнийхээ сонгогдох эрхийг хуульчилж өгөх асуудал юм. Гадаадад суугаа монголчуудын хамгийн эмзэг хийгээд зайлшгүй эдлэх ёстой эрх бол төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгогдох эрх юм. Тэдний хувьд энэ эрх хамгийн хаагдмал эрх гэж хэлж болно. Мэдээллийн технологийн хөгжлийг даган өнөөдөр сонгуулийн бүх үйл ажиллагаа цахим технологи руу шилжиж байна. Европ, Америк, Азийн олон оронд интернэтээр саналаа өгдөг боллоо.

Гадаадад байгаа Монголын 200 мянга гаруй иргэн гэдэг бол АН аль эсвэл МАН-ын нийт гишүүдээс давсан тоо. Монголын бүх оюутнуудтай дүйцэх тоо. Монголын бүх оюутнуудыг сонгуульд оролцуулахгүй гэвэл ямар юм болох вэ. Хойд хөршид болсон төрийн ДУМ-ын сүүлийн сонгуульд дэлхийн 145 оронд байгаа оросууд саналаа өгснийг мэдээлсэн. Одоо тэдгээр иргэдийнхээ төлөөллийг төрд сонгодог болох талаар судлах ажлын хэсэг байгуулахыг В.Путин үүрэг болгосныг сонссон биз.

Монголын хүн ам гурван сая. Нэг үндэстний 10 хувь нь гадаадад амьдардаг Монголоос өөр орон дэлхийд тун цөөхөн. Орос орон асар уудам нутагтай, олон сая хүн амтай, харьцуулахад гадаадад амьдарч буй иргэдийнх нь тоо цөөн ч гэсэн оролцоог нь хүндэтгэн үзэж байна. Гэтэл Монгол Улс нийт хүн амынхаа 10 хувьтай тэнцэх иргэдийнхээ төлөөллийг УИХ-даа оруулах талаар төсөөлөх ч үгүй байгаа нь харамсалтай. Угтаа нэг орос хүний саналаас, нэг монгол хүний төрд оролцох жин, өөрчлөлт авчрах боломж нь илүү юм. Ингэхээр сонгуулийн хуульдаа гадаадад байгаа мянга мянган иргэдийнхээ эрх ашгийг онцгой тусгах цаг болжээ.

АНУ-ын Вашингтон хотод гэхэд одоо 10.000 орчим монгол хүн байна гэх. Энэ бол манай нэг багахан сумын хүн амаас хамаагүй илүү олон гэсэн үг. Нийт Америкт байгаа монголчуудын сонгуулийн насных нь иргэд манай нэг аймгийн сонгогчдын тоотой тэнцэж магадгүй. Энэ хүмүүс Мянганы сорилын сангийн санхүүжилтээс их мөнгийг улсынхаа эдийн засагт оруулж байна. Тухайлбал жилд 200-300 сая ам.долларыг бэлнээр Монгол руу илгээдэг. Ингэхээр зөвхөн АНУ-д гэхэд дор хаяж УИХ-ын хоёр мандат өгч болно. Их хуралд төлөөлөлтэй болсон Америкийн монголчууд маань наад зах нь тэндээ “Монгол таун” байгуулах ёстой. Америк дахь Монгол хорооллыг бий болгож Монголдоо байгаа юм шиг амьдрах хэрэгтэй. Америкийн хотуудад “Хятад таун”, “Солонгос таун”… олноор бий болж, тэндээс Америкийн нийгмийн хөгжлийн хөтчүүд хүртэл төрж гарч байна. Жишээ нь, Сан-Франциско хотын сүүлийн бүх удирдлагууд хятад иргэд байгаа. Энэ дэлхийн хамгийн нээлттэй, бүх орны иргэдэд тэгш эрх чөлөө, амжилт гаргах боломж олгодог Америк тивд бид Монгол Улсынхаа салбарыг нээе. Тэнд байгаа монголчуудаас УИХ-ын гишүүнийг сонгосноор Америкийн монголчуудаа бүгдийг нь нэгтгэж, бүртгэлжүүлнэ. Ингэж чадвал Америк руу визгүй зорчих боломж нээгдэнэ. Яагаад гэвэл тэнд байгаа монголчууд эмх цэгцэндээ орсон учраас.

Мөн монголчууд маш олноор ажиллаж, амьдарч байгаа БНСУ, Япон улсуудад УИХ-ын квот олгоё. Тэнд байгаа монголчуудаасаа УИХ-ын гишүүн сонгоё. Бас тэнд “Монгол таун”-уудаа сүндэрлүүлье. “Өдрийн сонин” энэ дэлхийн халуун бүсүүдэд арал худалдаж аваад тэр рүүгээ өвлийн улиралд очицгоож байя гэж бичдэг сэдэвтэй энэ бүхэн агаар нэг юм. Америк, Япон, Солонгос… аль л хөгжилтэй орон бүрт “Монгол таун”-уудыг байгуулж, дуртай үедээ очъё. Ингэх хамгийн боломжит нөхцөл нь УИХ-д гадаадад байгаа монголчуудаа төлөөлөлтэй болгох. Энэ тийм боломжгүй зүйл биш. Өөрсдөөс маань шалтгаална. Эхний алхам нь хийгдсэн. Хэдхэн жилийн өмнө гадаадад байгаа монголчууд сонгуульд саналаа өгдөг болмоор байна хэмээн дуулиан болж байлаа. Өнөөдөр энэ эрх хуулиар олгогдож, ердийн зүйл боллоо. Одоо энэхүү сонгох эрхээ нэг шат ахиулаад төрдөө сонгогдох эрхийг нь хуульчилах.

Гадаадад байгаа сонгогчдын төлөөлөл их сонирхолтой бүтэц шүү. Амьжиргааны түвшин дундаас дээш хүмүүс байгаа. Монголд өдрийн хоолоо яая гэсэн хүмүүс цөөнгүй бий. Тэдэнд нэг сая төгрөгийн амлалт сайхан сонсогдоно. Тэгвэл гадаадад байгаа монголчуудын хувьд мөнгөө цуглуулаад нэг ч гэсэн эмнэлэг баримаар байна гэж ярьдаг. Ийм их ялгаатай. Тэд илүү эв нэгдэлтэй, зорилго тэмүүлэлтэй Монголын хамгийн эх оронч масс гэж болно. Америкийн монголчууд аж төрдөг хот болгондоо “Монголчуудын холбоо” ажиллуулдаг, бас сонин, ТВ, вэб сайт гээд хүчээ нэгтгэсэн, хамтарсан нэгж, цэгүүд олонтой. Гадаадад байгаа 200 мянга гаруй монголчуудад одоо улс төрийн нам байгуулах л дутуу байх шиг. Бусад бүх нөхцөл нь бүрджээ. Тийм болохоор тэдэндээ Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг нь олгох цаг болжээ.

Хэдүй болтол “Хэдхэн хүнээс сонгогдсон муу УИХ-ын гишүүн” гэж энэ муу хэдээ дооёолох маягтай суух вэ, УИХ-ын суудлын тоог нь нэмье, сонгогчдынхоо оролцоог онцгой сайжруулъя.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Золбоо: ШХАБ өргөжиж, тэллээ гээд Монголын хөгжилд хоёр хөршөөс илүү жин дарахгүй

Судлаач, доктор Д.Золбоотой ярилцлаа.


-“Монгол Улс ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа ахисан түвшинд хүргэх хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч саяхан мэдэгдсэн. Манай улс олон жил ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад ажиглагчийн статустай оролцсоор ирсэн шүү дээ. Ер нь ШХАБ-ын гишүүн орноор элсэх шаардлага байна уу. Судлаачийн хувьд эерэг болон сөрөг талыг нь хэрхэн харж байна вэ?

-Манай улс энэ байгууллагын анхны ажиглагчаар нь элссэнээс хойш 14 жил өнгөрчээ. Бага хугацаа биш гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ харилцаа, хамтын ажиллагаанаас алдсан болон олсон зүйл нь юу вэ гэж хэмжиж үзье гэвэл арай өөр дүн гарах байх. Олон хүнтэй уулзаж санал солилцож байна. Залуу судлаач Д.Оргил Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлалын 3.1.1.4, 3.1.1.5 дахь заалтын санааг ШХАБ-д гишүүнээр элсэхгүй байх үндэслэл гэж үзсэн нь ч бас бодох л асуудал. Эерэг гэж нэрлэж болох олон зүйл байгааг ойлгож байна. Гэхдээ л бодит байдал дээр үнэлэхэд учир дутагдалтай. Би саяхан Тайванийн Үндэсний Улс төрийн их сургуульд зочин судлаачаар ажиллаад ирлээ. Мэргэжил нэгт нөхөдтэйгөө янз бүрийн сэдвээр санал солилцсон. Хэрвээ тэдний хэлж байгааг ганц үгээр илэрхийлээч гэвэл манай гадаад бодлого үнэхээр амжилттай хэрэгжиж байгаа. Алдаж, оносон зүйл багагүй боловч дэвшил цөөнгүй байна. Өнгөрсөн бүх л цаг үед манай хүрээлэнгийн судлаач эрдэмтдийн бичиж туурвисан, хийж гүйцэтгэсэн цөөнгүй тооны судалгааны өгүүлэл, ном, хурлын эмхтгэл бий.

-Ерөнхийлөгчийн хувьд ШХАБ-д нэгдвэл гишүүн найман оронтой нь харилцааны нэн таатай орчин бүрдэхийн зэрэгцээ бүс нутгийн дэд бүтцэд холбох асуудал бодит ажил хэрэг болно гэж үр өгөөжийг нь тодорхойлоод байна л даа. Ер нь гурван улсын эдийн засгийн коридор, транзит тээврийн асуудал ШХАБ-д элссэнээр түргэсэх юм уу?

-Хувь судлаачийн хувьд би тэгж харахгүй байна. Төрийн тэргүүн, түүний институцийн зүгээс бодлого боловсруулагч бусад субъекттэйгээ харилцан ойлголцсоны хүрээнд ийм мэдэгдэл гаргасан гэдэгт итгэлтэй байна. Тэрнээс хэн нэгэн хувь хүн НҮБ-ын индэр дээрээс гадныхан байтугай өөрийн талынхан цочирдом мэдээлэл хийдгийн нэг жишээ биш байх гэж найдаж байна. Манай хувьд энэ байгууллагын гишүүд нь хэд, ямар улсууд байхаасаа илүүтэйгээр “мөнхийн” хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа яаж хөгжүүлж, хадгалж үлдэх нь л чухал шүү дээ. Бидэнд тулгарсан асуудал нэг байгууллагын гишүүнчлэлийн хэмжээнд шийдэгдчихдэг бол асуудал амар байж магадгүй. Манай байгууллагад гишүүнчлэлгүй учраас ингээд болохгүй, хөгжихгүй байна гэхээсээ илүүгээр манайхаас өөрөөс нь шалтгаалсан зүйл их байх шиг харагддаг.

Таны асуусан хоёр төслийн хувьд ШХАБ-ын гишүүнчлэлээс илүүтэйгээр манай талын идэвх санаа-чилгаас шалтгаалсан зүйл илүү байгаа болов уу. Хамгийн ойрхны жишээ гэвэл Замын Үүд-Эрээний хил дамнасан эдийн засгийн чөлөөт бүсийн асуудал гээд зөндөө байна л даа. Биднээс шалтгаалсан олон асуудал байх шиг.

-Өнгөрсөн жил ШХАБ Энэтхэг, Пакистан хоёрыг эгнээндээ нэгтгэсэн. Ер нь энэ хоёр улс ШХАБ-д элссэний том өөрчлөлт, үр дүн төдийлөн харагдахгүй байх шиг?

-Яг тэгж шууд хэлж болохгүй байх. Аливаа зүй-лийн эцсийн үр дүнг цаг хугацаа л харуулна. Богино хугацаанд гэхээсээ илүүгээр ирээдүйдээ ашигтай гэж бодож гаргасан тухайн улсын шийдвэр биз. Зарим нэг хүмүүсийн хэлээд байгаа шиг энэ хоёр улсын өмнө гишүүнээр элсэх боломж байсаар байтал бид хугацаа алдлаа, амжсан бол илүү нэр төрийн хэрэг байх байлаа гэдэгтэй миний хувьд санал нийлэхгүй байна. Энэ байгууллага хичнээн өргөжиж, тэллээ гээд манай эдийн засаг, хөгжилд хоёр хөршөөс илүү жин дарна гэж байхгүй. Шударгаар хэлэхэд бид элсээгүйдээ алдсаныг тоон үзүүлэлтээр илэрхийлье гэвэл бас л хэцүү санагдах юм.

-Хэрэв ШХАБ-д элсвэл манай улсын эдийн засаг өсөх үү?

-За даа, шууд утгаараа тийм, үгүй гэж хариулах боломжгүй. Олон талаар өсөх боломж байгааг бол үгүйсгэхгүй. Хоёр хөршийн маань эхлүүлсэн Евроазийн эдийн засгийн нийгэмлэг, Бүс ба зам санаачилгад л өөрсдийн дуу хоолойгоо оруулаад хамтраад яваад л том ахиц гарахаар зүйл олон байж болохоор харагдах юм. Саяхан нэг ТВ-ийн нэвтрүүлгээр гадаад харилцааны байгууллагад насаараа ажилласан дипломатчийн 14 жилийн хугацаанд хурал зөвлөгөөнд нь суух гэж төсвийн мөнгийг ашиггүй үрсээр ирлээ гэдгийг онцолж байна лээ. Би бодохдоо, харин ч гишүүнээр элсчихвэл жилийн татвар, гишүүн улсуудын бусад сайд нарын уулзалтад оролцоно гээд бүр ч их зардал гарахаар санагдах юм.

Энэ бүхэн жижиг асуудал байх, хамгийн гол нь бидэнд ямар ашиг гарах вэ гэдгээ л илүү харсан шийдвэр гаргаасай. Гадаад харилцаа, бодлогын салбарт эргэж буцсан шийдвэр гаргаснаас “Долоо хэмжиж нэг огтолсон” нь дээр биз дээ.

-Ингэхэд өмнө яагаад манай улс ШХАБ-д гишүүнээр элсээгүй өдий хүрсэн юм бэ?

-Илүү прагматик талаасаа харвал бидэнд ашигтай юу, цаг нь болсон уу л гэдэг талаас өөрсдийн байр сууриа илэрхийлсээр ирсэн бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Байнга төвийг сахих тухай” хуулийн төсөл хэсэгтээ л анхаарлын төвд байлаа. Зарим судлаачид энэ хуулийн үзэл санааг иймэрхүү шахалтаас эвтэйхэн бултах арга зам байж болох талаар тэмдэглэсэн нь бий.

-Ер нь манай улсын хувьд ШХАБ-ын гишүүн орон болсноор ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний бодлогыг үг дуугүй биелүүлдэг болно гэсэн болгоомжлол байсан уу. ШХАБ-д элссэн тохиолдолд гуравдагч хөршийн маань бодлогод нөлөөлөх үү?

-Айх, болгоомжлолоос илүүтэй бодит нөхцөл байдлыг үнэлсний үндсэн дээр л өнөөг хүрсэн болов уу. Байгууллагын үндсэн баримт бичгүүддээ гишүүн улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс шууд оролцохгүй гэсэн үндсэн зарчмаа тодорхойлсон байгууллагын хувьд тиймэрхүү хэт туйлширсан дарамт ирэхгүй байх. Түүхэн уламжлалаа харвал 100 гаруй жилийн түүхтэй “гуравдагч хөрш”-ийн бодлогод маань айхтар нөлөөлөхгүй ч гэлээ, олон улсын харилцааны түвшинд болгоомжлол гэх үү, хардлага төрүүлэхийг харин үгүйсгэхгүй. Энгийнээр хэлэхэд гишүүн боллоо гэсэн манай гадаад бодлогод нөлөөлөх хэмжээнд бодлогын өөрчлөлт авчрахгүй.

-Манай судлаачид ШХАБ-д элсэх цаг арай болоогүй гэсэн байр суурьтай юм байна.Тэгвэл элсэхэд тохиромжтой хугацаа нь хэзээ байж болох вэ?

-Судлаачид болгон өөр, өөрийн гэсэн бодолтой байгаа байх. “Өөх ч биш, булчирхай ч биш” одоогийн байр сууриа өөрчлөөд илүү чадварлаг, зарим нэг талаар “зальжин” ч гэхээр ашигтай хувилбар дэвшүүлэн хамтран ажиллах нь буруу биш байж болох юм. Хэн нэгний нөмөр нөөлгийг эрэлхийлэхээргүй болж, олон улсын тавцанд өөрийн гэсэн байр суурь эзэлсэн үедээ манайхан шахагдаж биш, өөрсдөө гүйж очиж хамтын ажиллагааны үр шимээс хүртэх цаг хол биш байгаа гэдэгт итгэж байна.


Categories
мэдээ цаг-үе

​Улсын болон залуучуудын шигшээ багийн тамирчидтай спортын дасгалжуулагчийн ангийнхан

Үндэсний биеийн тамирийн дээд сургуулийн Д.Өлзийжаргал багштай 2г анги.

Шинжлэх ухааны доктор профессор, хөнгөн атлетикийн спортын мастер Г.Лхавасүрэнгийн үүсгэн байгуулсан Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн спортын дасгалжуулагчийн “2г” ангийг энэ удаагийн “Нэг анги” буландаа онцолж байна. Улсын шигшээ багийн гурван ч тамирчинтай энэ анги 38 оюутантай. Ангийн 10 нь эмэгтэй бол 28 эрэгтэй юм байна. Улсын болон залуучуудын шигшээ багт энэ ангийн тамирчид багтдаг. Тухайлбал, 57 кг-ийн жинд барилддаг олон улсын хэмжээний мастер Л.Энхрийлэн. Самбо жудо бөхийн олон улсын хэмжээний мастер Л.Нинжин, Олон улсын хэмжээний мастер Н.Балжиням нар жудо бөхийн улсын шигшээ багийн тамирчид байх жишээний. Ангийн зарим нь “Алдар” спорт хороо, “Хилчин” зэрэг клубуудэд харьяалагддаг цалинтай тамирчид болжээ. Бөхийн төрлөөр хичээллэдэг тамирчид хэрнээ дуулна, шүлэг уншина, бүжиглэнэ, бөх, морины цол дуудна гэх мэт язгуур урлагийн төрлөөр ч чамгүй амжилт гаргадаг авьяаслаг андууд аж. Тэд ангиараа өнгөрсөн жил сургуулийнхаа урлагийн үзлэгт гуравдугаар байр эзэлсэн бол энэ жил амжилтаа ахиулан хоёрдугаар байрт шалгарчээ. Үндэсний бөхөөр хичээллэдэг залуус ч бий. Тухайлбал, Говь-Алтай аймгийн начин Н.Баатархүүгээс гадна гурван ч сумын заан цолтой залуу байна. Увс аймгийн харьяат сумын заан Д.Ядамсүрэн Дархан-Уул аймагт зохиогдсон оюутны үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод, уран барилдаант бөхөөр шалгарчээ. Спортын төрлөөр хичээллэдэг залуус бие бялдарын хөгжил сайтайгаас гадна хариуцлагатай, хэлсэн амандаа заавал хүрдэг, тууштай, тэвчээртэй, хөдөлмөрч, үнэнч шударга байдаг хэмээн ангийн багш Д.Өлзийжаргал ярьж байлаа. Мөн багш нар болон ах эгч нартайгаа заавал хагас бөхийж мэндэлдэг, хүнийг хүндэлдэг дэг журамтай, монгол ёс уламжлалаа дээдэлдэг хүүхдүүд гэнэ. 1991 онд байгуулагдсан 27 жилийн түүхтэй Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн бас нэг онцлог нь үндэснийхээ ёс уламжлал, зан заншил, урлаг спортын төрлүүдээ өвлүүлэн уламжлуулж залгамж болгодгоороо бусад сургуулиас эрс ялгардаг хэмээн оюутнууд сургуулийнхаа тухай ярив. Энэ сургуулийг төгссөн оюутнуудыг сургуулиуд биеийн тамирын багш дасгалжуулагчаар авах сонирхолтой байдаг тул төгсөгчдөд ажлын байр элбэг олддог гэнэ. Энэ сургуулийн оюутнуудыг байгууллагууд дадлага хийлгэх ихэд дуртай, чадахгүй байсан ч хичээдэг, саанчилгатай бусадтай хүндэтгэлтэй ханддаг хэмээн үнэлдэг гэж байв. Мөн худлаа ярих, хулгай хийх, залилан мэхлэх гэдэг зүйл бол спортын сургуулийн оюутнуудад байдаггүй юм хэмээн Д.Өлзийжаргал багш ярилаа.

Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Л.Энхрийлэн, Л.Нинжин.

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан хариуцсан багш, докторант 2г ангийн анги даасан багш Д. Өлзийжаргал ярихдаа “Бид оюутнууддаа мэргэжлийн болон өөр олон төрлийн онолын хичээл, лекцүүдийг сургалтын хөтөлбөртөө тусгаж тогтмол заадаг. Ирээдүйн сурган хүмүүжүүлэгч болох, нийгмийн эрүүл мэнд, биеийн тамирт анхаарах хүмүүс өөрсдөө ёс суртахуунтай, мэргэшсэн боловсон хүчин болох ёстой гэж манай сургуулийнхан үздэг. Зөвхөн мэргэжлийн хичээлээр зогсохгүй өөр олон байгууллага, хувь хүмүүстэй хамтран оюутнуудаа хөгжүүлэхийг хичээдэг. Тухайлбал өнгөрсөн 16-ны өдөр л гэхэд “Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-тай хамтран доктор, профессор Намжил гуайг урьж, эрэгтэй оюутнуудад “Гэр бүл төлөвлөлт”-ийн асуудлаар лекц уншуулсан. Мөн бид “Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар”-тай хамтран улирал бүр нэг зөрчлийн тухай хууль, гэмт хэргийн хохирогч болон оролцогч байхаас ангид байх, нийгэмд биеэ зөв авч явах зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулдаг. Энэ мэтчилэн олон талаас нь хөгжүүлснээр манай оюутнууд маш сайн бие хүн болж төлөвшихөөс гадна, маш сайн мэргэшсэн боловсон хүчин болдог. Хэзээ ч өнөөдөр энэ дасгалыг арван удаа хийчихье, маргааш харин хийхгүй гэдэггүй. Өнөөдөр энэ дасгалыг арван удаа хийсэн бол миний энэ булчин, энэ холбоос маань ингэж хөгжинө гэхчлэн онолын хичээлээр үзсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй мэлэг чадвар олгодог. Бүх хичээл, тодорхой шатлал, системтэйгээр заагддаг. Хэзээ ч шигшээ багийнхаа хүүхдийг, анхан шатны хүүхэдтэйгээ нэг бэлтгэлд, хичээлд оруулдаггүй” хэмээн ярьсан юм.

Мөн ҮБТДС-нь архины хэрэглээг эсэргүүцдэг сургууль гэдгээрээ бусад сургуулиудаас онцлог аж. Жил бүрийн намар их, дээд сургуулийнхан шинэхэн оюутнууддаа зориулан танилцах үдэшлэг зохион байгуулдаг. Харин ҮБТДС- нь багш, оюутнуудаа хамарсан нэг өдрийн явган аяллыг зохион байгуулж, тэмцээн уралдаанаар өөрсдийгөө сорьдог ажээ. 2г ангийнхан зөвхөн спорт гэлтгүй нийгмийн идэвх оролцоо сайтай, үүргээ нэн сайн ухамсарладаг гэдэг нь Боловсрол, Монгол HD зэрэг телевизүүдийн шоу нэвтрүүлгүүдэд хөгжөөн дэмжигчээр оролцдог хэмээн ярих багшийн ярианаас тод харагдаж байлаа. Мөн нөхдийнхөө оролцсон тэмцээн бүрийг нь ангиараа алгасалгүй үзэж, хөгжөөн дэмждэг эвтэй хамт олон аж. Энэ сургуульд аймаг бүрээс ирсэн олон зуун оюутан суралцдаг учраас оюутан бүрийн дотор эх орноороо бахархах, хайрлах, эх оронч сэтгэлгээ оршдог. Мөн тэднийг тодорхойлох хамгийн гол онцлог нь тэвчээр, хатуужил аж. Бусад мэргэжлийн оюутнуудын хувьд зуны амралтаараа аялах, хэл сурах, ажил хийх зэргээр өөрийгөө хөгжүүлэх хугацаа байдаг бол тэдний хувьд энэ бүхнийг бэлтгэлийнхээ хажуугаар амжуулах хүндхэн үүрэг оногддог байна. Жингээ тогтмол барих, бэлтгэлээ зөв хийх нь амжилтын үндэс. Жилийн дөрвөн улирал тасралтгүй бэлтгэл хийж, хөлсөө урсгаж байж өнөөдрийн энэ амжилтад хүрдэг ажээ тэд.

Спортын мастер Б.Дарханбаатар, Н.Алтантуяа, А.Сүрэн нар

Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан хариуцсан багш Д.Өлзийжаргал таеквондогийн спортын зэрэгтэй тамирчин. Тэрбээр Анагаахын дунд сургуулийг төгсөөд энэ сургуульдаа ахин суралцаж багшаар үлджээ. Өдгөө тэрбээр Удирдахуйн ухааны доктурант бөгөөд спортод болон хүүхдэд хайртай зан нь түүнийг төрлөх сургуульдаа сэтгэлээ өгсөн багш болгожээ.

Л.Энхрийлэн залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн баярт мөч