Categories
мэдээ нийгэм

Фермерийн аж ахуй эрхлэгчид сургалтад хамрагдлаа

Дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс “Малын эрүүл мэндийн тухай” хууль, “Малын генетик нөөцийн тухай” хууль хэрэгжиж эхлэх болсонтой холбогдуулан Фермерийн аж ахуй эрхлэгчдийн дунд харилцан туршлага солилцох сургалт, аялалыг зохион байгуулаа.

Сургалтад дүүргийн 11, 20 дугаар хорооны мал бүхий иргэд хамрагдсан бөгөөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, дүүрэг дэх Цагдаагийн III хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн Хөгжлийн төв хамтран тус сургалтыг явуулсан байна.
Тухайлбал дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс “Малын эрүүл мэндийн тухай хууль”-ийг танилцуулсан бол Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс “Малын генетик нөөцийн тухай хууль”-иар сургалт орсон байна.
Харин Дүүргийн хөгжлийн төв “Иргэдийн бүлэг хэрхэн байгуулах” талаар нээлттэй мэдээлэл хийж дүүрэг дэх Цагдаагийн III хэлтсээс малын хулгайн гэмт хэргийн талаарх танилцуулга, урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч ажиллалаа.
Түүнчлэн уг сургалтын үеэр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян семинтал” фермерийн компанитай танилцаж, харилцан туршлага солилцон хамтран ажиллаж, фермийн аж ахуйн менежментийн талаар заавар зөвлөгөө авсан байна.
Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 28-нд болох үйл явдал

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт НҮБ-ын байранд 21 аймгийн боловсролын мэдээлэл статистик, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан “Монгол Улсын боловсролын статистикийн сургалт” болно.

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд “Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь” төслийн үр дүнгийн семинар болно.

10.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянхошуу дэд бүтцийн төвийн бүтээн байгуулалттай танилцана. Утас: 91113191

11.00 цагт МҮХАҮТ-д “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэн, зөвлөгөөн болно.

11.00 цагт Монголын залуучуудын холбоонд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд “Сайн найз” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ болно.

12.00 цагт ЭМЯ-нд 17 аймагт уургийн гаж хөгжлийг оношлох тоног төхөөрөмж гардуулна.

14.30 цагт УДБЭТ-т “Монголын үндэсний балет” улсын хоёрдугаар уралдааны нээлт болно. Утас: 80180808

18.00 цагт Монгол -Японы төвд “Япон киноны өдрүүд”-ийн нээлт болно.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний сур харваагаа хөгжүүлж яваа үйлстэн

Монголчуудын өв соёл болох сур харвааг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн мэдлэг оюун, ур чадвар, арга туршлагаа харамгүй зориулж ирсэн эрхэм бол Хүндэт мэргэн, спортын мастер, нум урлаач, судлаач Төмөрхүүгийн Батмөнх гуай юм. Түүнийг анх нум сум сонирхож эхэлж байхад улсын хэмжээнд хүүхэд, томчууд нийлсэн ердөө 70 хүрэхгүй харваачтай байжээ. Харин өнөөдөр энэ тоо 500 гаруй болж өссөн нь яах аргагүй Ч.Батмөнх гуайн хүчин зүтгэлийн үр шим билээ. Эх орондоо төдийгүй, тив алгасан дэлхий дахинд үндэснийхээ сурыг сурталчилан таниулж яваа түүний ертөнцийг уншигч та бүхэндээ толилуулж байна. Энэ удаагийн “Танайд өнжье” булангийн маань хүндэт зочин Ч.Батмөнх гуайнх аравдугаар хороололд амьдардаг юм билээ. Биднийг очиход хүүхдүүдийн цалгилсан инээд хөөр, баяр баясгалан угтав. Гэрийн эзэгтэй Ч.Батням гуай “Манай хүүхдүүд ирчихсэн ёстой нэг бужигнацгааж байна аа” гэж инээсээр хоймор өөдөө урилаа. Т.Батмөнх, Ч.Батням гуай хоёр ханилаад хагас зуун жилтэйгээ золгож буй ажээ. Дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөж, арваад ач зээгээ тойруулан суух энэ буурлууд үнэхээр жаргалтай харагдав.

Үр ач, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болсон тэд Баянгол дүүргийн “Шилдэг гэр бүл”-ээр шалгарсан байна. Т.Батмөнх гуайн бага хүү Б.Баясгалан “Өнөөдөр манай гэр бүлд олон баярт үйл явдал тохиож байна аа. Ээжийн маань төрсөн өдөр. Бас аав, ээж хоёр маань дөнгөж сая дүүргийн Засаг дарга С.Одонтуяагаас “Шилдэг гэр бүл” өргөмжлөлөө авчихаад ирсэн юм” гэлээ. Тийм болохоор Т.Батмөнх гуайнх хөл хөдөлгөөн ихтэй байсан нь энэ ажээ.

Эднийх яг л урлан шиг. Модлог цэцэгс тасалгаа бүрийг чимэх нь ой модыг санагдуулахын сацуу амар амгаланг мэдрүүлнэ. Хойморь дахь хананд нь гэрийн эзний сур харваанд гаргасан амжилтуудыг илтгэх медалиуд ярайна. Бас орон орны онцлог хийцтэй нум, сумны цуглуулга нүд хужирлана. Эртний болон сүүлийн үеийн хийцүүд харагдах аж. Хамгийн он удаан нь 500 жилийн настай. Архиологийн хайгуулаар агуйгаас олдсон эд гэнэ. Мөн “Мандухай хатан” кинонд зориулж урласан нум ч байна лээ. Үүнийг Т.Батмөнх гуай багштайгаа хамтран урлаж байсан юм байна. Түүний цуглуулгад буриад, хятад, унгар, япон, англи, индинчуудын нум, баруун монголын урианхай нарын модон хавчаахай зэрэг сонин содон хийцтэй олон нум, сум байв. Зочны өрөөний тэргүүнд хадаг яндар болсон нэгэн нум, сумыг хүндэтгэлтэйгээр залсан нь содон тусав. Энэ нь 2002 онд үндэсний сур харвааг хөгжүүлэх Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигийг хүлээж авсан нум аж. Т.Батмөнх гуайн өөрийнх нь урласан тэрхүү нум Төрийн тэргүүний зарлигийг хүлээж авсан болохоор ийнхүү хүндэтгэлтэйгээр шүтэн дээдэлдэг байна. Эднийх гурван өрөөтэй. Гэрийн эзэн биднийг өөрийнхөө өрөөг сонирхуулахдаа “Багшийн дээд сургуулиас хайрласан гал голомт минь байгаа юм” гээд хаалгаа нээв. Энэ өрөөгөөр дүүрэн нум байлаа. Энэ үед гэргий Ч.Батням гуай “Манайх нэг бодлын ажлын байр ч юм шиг байна уу” гэж инээснээ “Хүүхдүүд бүгд тусдаа гарсан болохоор хөгшин бид хоёрт болоод л байдаг” гэв. Энэ өрөөнд Т.Батмөнх гуай өөрийнхөө урласан нумуудаа хатаадаг юм байна. Нэг нумыг бэлэн болгоход бүтэн жилийн хөдөлмөр ордог аж. Учир нь үндэсний нумын онцлог нь урдаа эвэртэй, дундаа хус модон хавчуургатай, ард нь малын шөрмөсийг нэг бүрчлэн салган зулж цавуудаад хатаахад ийм хугацаа зарцуулдаг гэнэ. Ингэж байж нум уян шинж чанартай, бат бөх болдог юм байна. Гэрийн эзний энэ хобби гэр бүлийн бизнес болон өргөжихийн зэрэгцээ олон хүнд сур харвааны ач холбогдлыг мэдрүүлж, үндэсний өв соёлоо хүндлэн дээдлэх ухамсрыг төлөвшүүлж байгаа нь сайшаалтай. Түүнийг сурынхан “Батмөнх багш аа” гэж ихэд хүндэлдэг. Хаалганы хонх дуугарч эрэгтэй, эмэгтэй хоёр “Багш байна уу” гэсээр орж ирэв. Тэд Завхан аймгаас зорьж ирсэн шавь нар нь ажээ. Бүсгүй нь турьхан биетэй ч сур харваанд хурдацтай өсч яваа гэнэ. Түүнийг Ч.Эрдэнэчимэг гэдэг бөгөөд аймагтаа дээд сургуульд сурдаг оюутан юм байна. Өнгөрсөн жилийн наадмаар аймгийнхаа наадамд хоёрдугаар байрт шалгарсан боловч сургалтын нумаар харвасан гээд шагналт байраас мултарчээ. Ингээд багшаасаа мэргэжлийн нум, сум авахаар холоос зорьж ирсэн нь энэ гэнэ. Т.Батмөнх багш түүний таталтын хүчийг хэмжигч багажаар тодорхойлоод өөрт нь тохирсон сайхан нум бэлдсэн гээд гаргаж ирээд “Эзэн Чингэс хааныхаа ертөнцийн талыг эзэлсэн эвэр элэгтэй шөрмөсөн артай монгол нум авсанд баярлалаа. Ажил үйлс нь нум шиг хүчтэй, сум шиг хурдан бүтэж байх болтугай. Мэргэн болоорой” гэж ерөөгөөд өгөхөд бүсгүйн нүд гэрэлтэж, хачин их баярлаж байлаа. Ч.Батмөнх гуай “Завхан, Говь-Алтай аймаг мянган харваачтай болох зорилт тавьсан байгаа. Үндэсний сур харваа маань улам өргөжин тэлж байгаад туйлын баярладаг даа” гэв. Энэ мэтчилэн Т.Батмөнх багшийг зорин ирэх сурынхны хөл тасардаггүй бололтой. Түүнээс зөвлөгөө авахаар, нумаа засуулж, янзлуулах гэсэн өөр багш нарын шавь нар ч зорьж ирдэг юм билээ.

БАГА АНГИЙН БАГШААС ХАРВААЧ БОЛСОН ТҮҮХ

Т.Батмөнх багш 1946 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төржээ. Инженер юм уу, математикийн багш болох зорилготой байсан ч Архангай аймгийн багшийн дээд сургуульд 1963-1966 онд суралцаж төгссөн байна. Ингээд сургуулиа дүүргээд Говь-Алтай аймгийн Халиун суманд нэгдүгээр анги дааж авчээ. Сумын хэмжээнд нэгдүгээр ангийн хоёр бүлэгт нийт 60 гаруй хүүхэд элсэх ёстой байсан ч тэн хагасдаа ч хүрээгүй байна. Хоёр ангийг нэгтгээд байхад хүүхэд нь цуглахгүй байсан болохоор Т.Батмөнх багшийг аймгийн төв рүү буцаажээ. Тэрбээр аймагтаа ирээд дөрөвдүгээр анги төгсгөөд дараа жил нь нэгдүгээр анги дааж авсан байна. Тэр үед Рэнцэндорж багшийн мундаг тайлбартай “Дасгалын арга” гэдэг толийг барьж ажилладаг байсан шинэхэн залуу багш яамны орлогч сайдад ихэд тоогджээ. Түүний хичээл дээр суусан тухайн үеийн орлогч сайд Шагдарсүрэн гуай “Танай аймаг мастер” багштай юм байна” гээд цол олгож, мандаж явж байсан удаатай. Улмаар дааж авсан анги нь монгол бичгийн олимпиадад ангиараа улсад хоёрдугаар байрт шалгарч байжээ. “Шавь нар маань тун ч сайхан бичдэг хүүхдүүд байсан даа” гээд Т.Батмөнх гуай сурагчдаа дурсан ярив. Ингээд тэрбээр 1966 онд Багшийн дээд сургуулийн монгол хэлний ангид урилгаар ирж суралцжээ. 1975 онд сургуулиа төгсөөд Газар зүйн тэнхимдээ багшаар үлдсэн байна. Ардын багш Батсүх гэдэг хүнийг залгамжлан физик, газар зүй хичээлийг заажээ. Тэрбээр энэ мэргэжлээрээ Багшийн дээд сургуульд 20 гаруй жил багшлахдаа “Ус чандмань эрдэнэ” гэсэн хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, Туулын сав дагуу их судалгаа хийж байжээ. Т.Батмөнх гуай 1965 оноос нум эвшээлгэж эхэлсэн түүхтэй аж. Харин 40 гаруй жилийн турш нум урласан байна. Тэрбээр газар зүйн боловсрол олгодог багшийнхаа ажлын хажуугаар сур харвах, нум урлах, соёлын энэхүү үнэт өвийг судлах ажлыг орхиогүй байна. Тухайн үед нэг хүн хоёр ажил зэрэг явуулж болохгүй гэсэн болохоор сонирхлоо дагаж, сур харваагаа сонгожээ.

Нум урлана гэдэг бол хэн бүхний хийчихдэг ч ажил биш. Т.Батмөнх гуай энэхүү нямбай чимхлүүр ажилд 1973 оноос суралцаж эхэлжээ. Улсын мэргэн Ядамсүрэн, Дашцэрэн гэж хоёр мундаг уран багшийгаа дагаж анхандаа нум засч сэлбэдэг байж. Яван чангарсаар багш нараасаа урмын үг их сонсдог болжээ. Тэрбээр 100 гаруй хүнд нум урлах арга, ухааныг заасан гэнэ. Тэднээс одоо 30 орчим нь л тууштай ажиллаж байгаа юм байна. Ингээд бодохоор нум урлана гэдэг тийм ч амар хялбар ажил биш бололтой. Түүхий эд, материалын олдоц тааруу болохоор яалт ч үгүй эдийн засгийн чадал шаарддаг биз.

Т.Батмөнх багш шавиар баян хүн. Газар зүйн мэдлэг олгосон олон, олон шавь нар нь Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, эхнээсээ тэтгэвэртээ суужээ. Тэгвэл сур харвааны шавь нарын нас жил ирэх тусам залуужиж байгаагаараа онцлогтой. “Ер нь би багш байхын заяатай шүү” гээд Т.Батмөнх гуай шавь нараараа ихэд бахархах юм билээ. Тэрбээр сум, дүүрэг, аймаг хотыг баг тамирчидтай болгож, сур харвааг хөгжүүлэхэд чин сэтгэлээсээ зүтгэж байгаа нэгэн. Хотод бол өвөлдөө зааланд, зундаа сурын талбайд л өнждөг аж. Тэрбээр Говь-Алтай аймагтаа сур харвааг хөгжүүлэхийн тулд “Засагт хаан” клубийг үүсгэн байгуулсан бол нийслэлд “Дөрвөн уулын мэргэчүүд” дугуйланг хичээллэдэг юм. Энэ оны хүүхдийн сур харвааны нээлт өнгөрсөн амралтын өдрүүдэд болоход Т.Батмөнх гуайн олон шавь нар цэц мэргэнээрээ уралдацгааж, нэлээд амжилт гаргасанд тэрбээр туйлын баяртай сууна лээ. Сонирхуулахад, “Засагт хаан клуб”-д жил хичээллэсэн Анхбаяр хүү алтан медалийн эзэн болсон бол охидоос Гэрэлмаа хүрэл медаль хүртжээ. Харин насанд хүрэгчдийн харвааны нээлтэд түүний хоёр шавь мастер болон дэд мастер болсон байна.

ГАДААДАД ҮНЭЛЭГДСЭН ГАВЬЯАТ

Т.Батмөнх гуай дэлхийн олон оронд үндэсний нумаа сурталчилж, үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Мөн жил бүр болдог Дэлхийн үндэсний сурын холбооны чуулганд хэдэнтээ илтгэл тавьж, олон улсынханд монгол нум, сум, өв соёлынхоо талаарх судалгааны ажлуудаа танилцуулж байсан юм. Тэрбээр жуулчдыг татахад сур харвааг том түлхэц болтол нь хөгжүүлж чадсан эрхэм юм. Түүний урласан нум сум дэлхийн 50 гаруй оронд түгсэн байна. Тухайлбал, АНУ-аас манай улсад сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд сур харвааг ихэд сонирхож, Т.Батмөнх багшид хүүхдээ шавь оруулж, уралдаан тэмцээнд сойж байсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа ч үлдсэн байдаг. Ер нь Т.Батмөнх багш монгол тулгатны үндэсний сур харвааг хөгжүүлэхэд ч нэлээд хүчин зүтгэсэн хүн билээ. Буриадууд үндэсний нумтай болчихлоо. Халимаг, Тува, Өмнөд монголчууд нум сумаа заалгаж, шавь орж, харвадаг болсон байна. Бас Т.Батмөнх багшийн буянаар нум сумаа урладаг болсон улсууд ч бий. ОХУ-ын Буриад улс гэхэд сүүлийн арваад жилд 300 гаруй нум авсан гэнэ. Буриадууд үндэсний нумтай болгосон Т.Батмөнх гуайн гавьяаг үнэлж, 2006 онд Чингэс хааны мэндэлсний 800 жилийн ойгоор Улаан-Үүдэд болсон Алтаргана наадам дээр Биеийн тамир, соёлын гавьяат цол хүртээжээ.

Сур харваа бол эрүүл мэндэд чухал ач холбогдолтой спорт болохыг гэрийн эзэгтэй онцлов. Тэрбээр анхандаа нөхрийнхөө сонирхлыг тийм ч их ойшоодоггүй байсан бол яваандаа ойлгож, улам дурлах болсон гэнэ. Энэ тухайгаа Ч.Батням гуай ярихдаа “Сур харваагаар хичээллэсэн өндөр настай хүмүүсийн нуруу нь цэх, хараа нь хурц байдаг юм. Манай хөгшиний нүдний хараа хүртэл залуугийнхаараа шүү. Бас эрүүл мэндэд тун тустай, хүнд тэвчээр хатуужил олгодог спорт. Ер нь өөрийгөө ялан дийлж чадсан хүн амжилтад хүрдэг. Бусад спортыг бодвол өөрөө өөртэйгээ өрсөлддөг онцлогтой” гэв. “Алтны дэргэд гууль шарлана” гэгчээр Ч.Батням гуай чамгүй мэргэн. Гэхдээ ямарваа нэгэн тэмцээн уралдаанд оролцдоггүй, сонирхлоороо энэ спортоор хичээллэдэг гэсэн. Т.Батмөнх гуай сурынхаа талаар ярихдаа “Манай нэгэн ахмад мэргэн шавьдаа хэлж байсан гэдэг. “Сур харвана гэдэг бол өргөөшөө бяр, уртаашаа ухаан байдаг юм шүү. Үүнийг чадвал харваач болно” гэж хэлж байсан нь үнэн юм. Хамгийн гол нь нум сум галт зэвсэг гарах хүртэл яагаад гайхамшигтай байсныг мэдэх гэж гадаадынхан их ирж байна. Нэг үеэ бодвол манай улс сур харвааг хөгжүүлэх тал дээр бодлогоор ажиллаж, анхаарал хандуулж байна. Сүүлийн жилүүдэд сур харваанд залуус их идэвхтэй нэгдэж байгаад хөгшин би баярладаг даа” гэв.

Т.Батмөнх гуайн удамд нум урладаг хүн хараахан байхгүй ажээ. Гэхдээ шар сүүнээс хуванцар гаргах нээлтийг хийж Төрийн шагнал хүртэж байсан Ж.Сандаг гуай түүний нагац ах нь байсан гэнэ. Нутгийнхандаа “Уран Сандаг” хэмээн нэрлэгддэг тэрбээр тун ч гарын ур дүйтэй нэгэн байсан тухай тэд дурсан ярина лээ. Одоо Т.Батмөнх гуай 12 жилийн сийлбэртэй нум урлаж байгаа ажээ. Улсын баяр наадмаас өмнө ард түмэндээ дэлгэж, үзэсгэлэнгээ гаргахаар зэхэж байгаа гэсэн. Түүний урласан нум төрийн бүхий л хүндэтгэлд хамгийн дээд бэлэг болдог. Төрийн ордонд байдаг Ерөнхийлөгчийн өргөөний хоймор дахь хоргонд заларсан есөн төрлийн зэвтэй сум бүхий нум бол түүний бүтээл юм. Сонирхуулахад, Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа АНУ-д айлчлахдаа Ж.Бушид бэлэглэсэн нум сумаа мөн л эднийхээр урлуулж байжээ. Энэ тухай гэрийн эзэгтэй ярихдаа “Тэр үед нумыг танай хийж чадсан юм чинь хайрцгийг нь бэлд гэдэг байгаа. Анх удаа гоёлын хайрцаг хийж билээ. Нум урлахаас ч хэцүү байсан шүү. Дахиж ийм хайрцаг хийгээгүй” гээд инээв. Т.Батмөнх гуайн энэ үйл хэргийг төр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрийг нь мялаасан юм билээ. Түүний баримталдаг зарчим бол “Нум урлахад тоо чухал биш. Хамгийн гол нь чанарыг эрхэмлэх ёстой” гэж байв.

НУМ УРЛАХ ЭРДМЭЭ ТОМ ХҮҮДЭЭ ӨВЛҮҮЛЖЭЭ

Т.Бөтмөнх гуай гэргий мөн л Говь-Алтай аймгийн Шарга сумынх ажээ. Эхээсээ гурвуулаа бөгөөд бүгд элэг бүтэн энх тунх амьдарч байгаа гэнэ. Гэхдээ Ч.Батням гуай багадаа хамаатныдаа өргүүлжээ. Тэрбээр “Би өсгөсөн болон төрүүлсэн аав ээжийнхээ хайранд өссөн азтай хүн. Өргөсөн аав, ээжээсээ хоёулаа. Дээрээ нэг ахтай байсан. Аав, ээж хоёр маань сум орондоо сайн малчин депутат хүмүүс байсан. Говь-Алтай аймгийн Говийн хөгжил нэгдлийг үүсгэн байгуулсан анхны гишүүн Э.Чойжилжав гэж хүн байлаа даа. Анх нэгдэл байгуулагдахад манайх 276 үхэр нийгэмчилж байсан юм. Харин ах маань малын эмч Шагдар гэж хүн байсан юм” гэв. Т.Батмөнх гуай эхнэртэйгээ танилцсан түүх нь сонин. Тэд нэг сумынх хэрнээ бие биенээ таньдаггүй байжээ. Архангай аймгийн Багшийн дээд сургуулийн буянаар учирсан түүхтэй юм билээ. Т.Батмөнх гуайг төгсөөд явахад нь эхнэр нь нэгдүгээр курсийн оюутан болж иржээ. Тэртээх он цагийн дурсамжаа сөхөхдөө “Тухайн үед цэргийн алба хаахад гурван жил болдог байв. Эхнэрүүд нөхрөө халагдаж ирэхийг гурван жил хүлээдэг байсан. Үүнтэй адил би эхнэрээ гурван жил хүлээсэн дээ гэж хөгшинөө цаашлуулдаг юм” гээд Т.Батмөнх гуай инээж билээ. Ч.Батням гуай сургуулиа төгсөөд таван жил бага ангийн багшаар ажиллажээ. Ингээд 1975 онд конкурсдэж, Багшийн дээдийн Түүх газар зүйн багшийн ангид суралцаж төгссөнөөсөө хойш ерөнхий боловсролын сургуульд багшилсан байна. Говь-Алтай аймгийн хоёрдугаар арван жилд ажиллаж байгаад хотод ирээд 72, 47 дугаар сургуульд тус тус багшилжээ. Олон хүүхдийг газар зүйн мэргэжилтэн болоход үндсэн суурийг сайн тавихын төлөө ажиллаж байсан дүүргийн нэрийн хуудас болсон багш юм. Тэрбээр Баянгол дүүргийн мэргэжлийн ба ур чадварын аваргыг 13 жил хамгаалжээ. Ч.Батням гуай “Багш гэдэг хүн шавь нараараа бахархаж, омогшиж явдаг онцлогтой.Олон олон мундаг шавь төрүүлсэн дээ. Одоо зарим нь Их дээд сургуульд багшилж, Газар зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийж байна” гэв. Одоо тэрбээр МУБИС-ийн Клиник пропессор, үндэсний сургагч, зөвлөх багшаар ажилладаг байна. Тэдний том хүү дулааны инженер мэргэжилтэй ч аавынхаа эрдмийг өвлөж, нум урладаг болжээ. Дунд охин нь менежер хийдэг бол бага хүү нь эдийн засагч мэргэжилтэй юм байна. Ач, зээ нар нь бүгд сур харваагаар хичээллэдэг ажээ. Т.Батмөнх гуй сур харвааг зааж сургахдаа огтхон ч цааргалж, түвэгшээдэггүй. Бас үнэрхдэггүй. Нум эвшээлгэж суръя гэсэн хэн бүхнийг уриалгахнаар угтаж авдаг байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Хархорин сумын иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзлаа. Хархорин сум нь 12500 гаруй хүн амтай, зэргэлдээ сумдын иргэдэд мөн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлдэг байна. Орон нутгийн удирдлагуудын танилцуулснаар, хүн амын тоо нь аймгийн хэмжээнд хүрэхээр олон ч одоог хүртэл сумын статусаар явж байгаа нь төрийн үйлчилгээ, бүтээн байгуулалтад оногдох төсөв мөнгөний хүндрэл үүсгэдэг байна.

Мөн Хархорин сум нь жилдээ 40-өөс дээш мянган жуулчин хүлээн авдаг аялал жуулчлалын томоохон бүс нутаг хэдий ч жуулчдад үзүүлэх бүтээн байгуулалт, дэд бүцэц муу байгаа тул аялал жуулчлалын хөгжлийн асуудалд анхаарч өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсч байлаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шант багийн иргэн Н.Одхүү


Монголын залуус залуу насныхаа эрч хүч, оюун ухааныг эх орондоо ашиглаж чадахгүй байна. Залуус нь хил даваад эх оронд минь, энд хэдэн хөгшид л үлдлээ шүү. Би Монголын маань залуус эх орондоо ажил хөдөлмөр эрхэлж байсан бол Монгол Улс ингэтлээ доройтохгүй байсан гэж боддог юм. Үүний хажуугаар хятадууд манай улсад ихээр орж ирэх боллоо. Бид ч гэсэн Хятадаас их хэмжээний зээл авах юм. Энэ аль улсын бодлого юм бол доо.

Нүүдэлчин, зоримог, шийдэмгий ард түмэн үзэл бодлоороо хуваагдаад, намаар ялгараад ирэхээр яагаад ч эвтэй байж болдоггүй юм байна. Тиймээс хуучнаараа Ардын Их Хурлыг бий болгох хэрэгтэй гэсэн саналаа хэлмээр байна. Хэрвээ, Ардын Их Хуралд сум бүрээс төлөөлөл сонгогдож ажиллах юм бол энэ төрд хулгайч, луйварчин хүмүүс орох зай завсар багасах болов уу гэж бодож байна.

Мөн Орхоны хөндийн аялал жуулчлалыг хөгжүүлмээр байгаа юм. Ямар ч бодлогогүйгээр баахан аялал жуулчлалын бааз л бариад, нэмэгдээд байх юм. Даанч энд байгаль харуулж, түүх ярихаас өөр жуулчинд үзүүлэх зүйл алга. Аялал жуулчлалд зориулсан бүтээн байгуулалт хийж, хүнд үзүүлэх үзвэртэй болгох зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Д.Дашзэвэг


Хархорин хотын үүх, түүхийг Монгол даяараа мэднэ. Энд эртний нийслэл оршиж, дараа нь олон хаад төрт улсаа захиран сууж байлаа. Мөн Хархорин сум шашны томоохон төв бөгөөд социализмын үед сангийн аж ахуй ид хөгжиж байсан газар юм. Энэ утгаар нь төр засгаас манай хотыг онцгой анхаарах хэрэгтэй. Өмнөх Ерөнхийлөгч нар Хархорин хотыг Монгол Улсын нийслэл болгох асуудлыг ярьж байсан. Мөн Хархорин хотыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх асуудал яригдаж байсан ч сүүлийн жилүүдэд намжлаа. Тиймээс эрхэм Ерөнхийлөгч таниас аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч өгөөч гэж хүсмээр байна.

Мөн Шинэ сум төсөл болоод Сум хөгжүүлэх сангийн үр нөлөөгөөр сумдын өнгө зүс сайжирсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд төсөв мөнгө нь багасаж, аймгийн удирдлагууд сумдад бага мөнгө олгох болсон. Хүн ам олонтой манай сумын төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн УИХ, Засгийн газраас гарч байгаа тогтоол, шийдвэр нь иргэдээ ялгаварлахгүй байх зарчмыг баримтлахгүй байна. Жишээ нь, төв суурин газарт амьдарч байгаа ахмадууд унааны хөнгөлөлт эдэлдэг. Гэвч, хөдөөд ямар нэг унааны хөнгөлөлт байхгүй. Энэ бол ялгаварлан гадуурхах жишээ. Бас нэг ойрын жишээ хэлэхэд Засгийн газраас “Насны хишиг” гэж олгож эхэлсэн ч насны ялгаатай олгож байгаа. Хамгийн сүүлд гэхэд хүүхдийн мөнгө олгохдоо хүртэл үр хүүхдээ өсгөж байгаа гэдэг ухагдахуунаар биш ядуу, баян гэдэг ухагдахуунаар нь ялгаж өгч байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Туяацэцэг


Монгол Улсын ялангуяа Хархорин сумын аялал жуулчлалын асуудалд анхаарах шаардлагатай байна. Хэдэн жилийн өмнө Хангайн бүсийн аялал жуулчлалын форум гээд маш том, сүртэй форум болсон юм. Тухайн үед Хархоринг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх маш олон санал гарсан ч одоо хүртэл үр дүн гараагүй. Хархорин хот 13-р зууны дэлхийн түүх, төв байсан газар шүү дээ. Хэрвээ, манай хотын аялал жуулчлалын орлого нэмэгдэх юм бол ард иргэдийн орлого шууд нэмэгдэнэ. Тиймээс шийдвэр гаргагчдад энэ саналыг маань хүргэж өгөх хэрэгтэй байна. Цонжинболдог шиг бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд цогцлоох шаардлагатай гэж үзэж байгаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн, Орхон голыг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Хишигдэлгэр


Сүүлийн жилүүдэд Орхон гол ихээр бохирдож, түүнийг дагаад байгаль, экологид сөрөг үр дагавар үүсч байна. Бид энэ асуудлаар олон жил хөөцөлдсөний эцэст НҮБ Орхон голын хөндийг дэлхийн өв соёлд багтаасан. Харин дотооддоо эрхэм Ерөнхийлөгч та зарлиг гаргаж, Орхон голоо хамгаалах шаардлагатай болов уу. Энэ асуудлаар танд Зарлиг гаргаж өгөхийг хүссэн албан хүсэлтээ хүргүүлж байна. Орхон голыг хамгаалах асуудлаар биднийг дэмжиж ажиллана уу гэж хүсмээр байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн


Оффшор данстнуудын хэрэг сүүлийн үед намжиж байна. Хэдийгээр та удаа дараа шаардлага тавьж байгаа ч оффшор дансны мөнгө нь бүгдээрээ орж ирэхгүй юм. Үүний хажуугаар 60 тэрбумын асуудал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь гээд олон асуудал үүсч байна. Одоо Тавантолгой, Хөшөөт гээд томоохон уурхайн асуудлууд яригдах юм шиг байна. Энэ бүх сэдвүүд дээр иргэд талцаад л маргах болж. Үүнийг би олон намын систем манай улсад таарахгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Хаа, хаанаа намчирхаж талцаад болохгүй юм. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэдийн санаа бодлыг тусгаж, өөрчлөх хэрэгтэй. Өнгөрсөн жилийнх шиг судалгаа явуулсан болоод Үндсэн хуулийг өөрчилж болохгүй.


Монгол Улсын Ерөхийлөгч Х.Баттулга иргэдийг үг хэлж дууссаны дараа аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлогоо түлхүү танилцуулж, бусад асуудалд хариулт өглөө. Мөн иргэдийн хэлсэн санал, санаачилга, шүүмжлэл зэргийг УИХ, Засгийн газарт бодлого болгож хүргүүлэх асуудалд анхаарч ажиллахаа хэлэв.

Categories
мэдээ цаг-үе

Тэрбум долларын эдийн засаг

Чилийн өмнөд нутаг яргай загас нутагшуулах өндөр боломжтойг иргэд нь олж харж чадсанаар өдгөө тэр хавь яргай загасны фермүүдийн гол нутаг болжээ. (Эх сурвалж: SalmonChili)

Яргай загасгүй Чили дэлхийн яргай загасны зах зээлийг атгаж, экспортоосоо жилд гурван тэрбум ам.доллар олж байна. Чилийн энэ тэсрэлтийг дэлхийд bil­lion dollar industry гэж тодотгодог. Монгол хэлнээ хөрвүүлбэл тэрбум долларын эдийн засаг гэсэн утга гарч ирнэ. Тэрбум долларын салбар нэг л босчихсон бол өөрийгөө улам хөгжүүлээд явчихдаг онцлогтой учраас Чилийн яргай загасны аж үйлдвэрийн салбар 2007-2009 оны бактерийн хямралаа давж, шинэ стандартуудыг нэвтрүүлж, шинэ инновациудыг бий болгон хөгжиж байна.Тэрбум долларын эдийн засгийг босгож ирдэг арга, менежмэнт цэнхэр гаригийн улс орнуудад хэдийнэ бий болсон тухай ярихаас өмнө яргай загасгүй Чили хэрхэн яаж яргай загасны зах зээлийн гол тоглогч болсон түүхийг сонирхъё.

Андын нуруу даган сунасан Чилийн нутгийн Антарктид тив рүү ойртсон өмнөд хэсгийн байгаль, цаг уур “Яргай загасны эх орон” гэгддэг Норвегийнхтой төстэй болохыг чиличүүд анзаарч л дээ. Гаднаас яргай загас авчран нутагшуулж, үржүүлж эхэлсэн түүх нь ердөө энэ. Байгаль цаг уурын нөхцөл төстэйг анзаарч шинэ төрлийн загас үржүүлээд дэлхийгээс валют олох боломжтойг олж харсан иргэдийнх нь оролдлогоос эхэлсэн бизнес Чилийг тэрбум, тэрбум ам.долларын экспорт хийхэд хүргэсэн юм. Хэсэг иргэд боломжийг олж хараад хөдөллөө ч хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэггүй тохиолдолд дэлхийн бизнес болж хөгжих аргагүй. Иргэдийнх нь энэ оролдлого эдийн засгийн шинэ салбар бий болгохыг хүсч зорьсон Засгийн газрынх нь бодлоготой нийлсэн учраас яргай загасны фермийн аж ахуй бий болгох судалгаа, хөрөнгө оруулалт асуудалгүй шийдэгджээ.

Ингээд л фермд үржүүлсэн яргай загас хэмээх шинэ бизнес дэлхийд давамгайлах болж. Чили өдгөө яргай загасны экспортоороо Норвегийн дараа хоёрт жагсдаг. 2003 оноос хойш дэлхийн яргай загасны хэрэглээний 34 хувийг хангаж байгаа. Бидний зэсийн зах зээлийн голлох тоглогч гэдгээр нь андахгүй Чили улс энэ бизнест орж ирсэнээр яргай загасны бизнес загварыг 180 градус өөрчилсөн юм. Өмнө нь дэлхийн зах зээл дээр нийлүүлэгддэг яргай загасны 70 хувь нь байгалийн, 30 хувь нь фермийнх байснаас гадна жилд нэг сая хүрэхгүй тоннын нийлүүлэлттэй байв. Гэтэл яргай загасны зах зээлийн өнөөдрийн зураг нь тэс ондоо. Өдгөө дэлхийн яргай загасны зах зээлийн 70 хувийг фермд үржүүлсэн загас эзэлж байна. Үлдсэн 30 хувь нь байгалийнх.

Тэрбум ам.долларын экспортын салбар бий болгох бодлогын үр дүнд чили виноны экспорт өдгөө дэлхийд тавд эрэмбэлэгдэж байна. Монголчуудын амтархан уудаг дарсны нэгд Чилийн вино зүй ёсоор багтдаг. (Эх сурвалж http://www.worldstopexports.com/chiles-top-10-exports/)

Чилийн экспортод тэрбум ам.доллар давсан бүтээгдэхүүн олон бий. Зэс, загас, жимс, самар, мод, вино зэргийг дурдаж болно. Экспортын орлогоороо аравт жагссан махны тухайд тэрбум ам.доллар хараахан хүрээгүй байна. Гэхдээ Чилийн Засгийн газар махны экспортоо тэрбум ам.долларт хүргэх бодлого бариад эхэлчихсэн. (Эх сурвалж: http://www.worldstopexports.com/chiles-top-10-exports\)

Нэг сая тонн ч хүрдэггүй байсан зах зээлийн өнөөгийн хэмжээ гурван сая тонноор яригдаж байна.

Чилийн яргай загасны аж үйлдвэрийн салбарт 30 мянган хүн ажил эрхэлдэг. Эдийн засгаа солонгоруулж, уул уурхайгаас хамаарах хамаарлаа бууруулах тухай яриа Чилид аль эрт 1930-аад оноос өрнөсөн түүхтэй. Энэ яриа нь 80-аад оноос бодитой ажил болж үр дүнгээ өгч эхэлсэн юм. Дахин онцлоход яргай загасны экспорт Чилид жилд ойролцоогоор гурван тэрбум доллар оруулдаг, billion dollar industry болоод буй. 300 гаруй жилийн түүхтэй Чили вино гэнэтхэн л 1980-аад оноос дэлхийн зах зээлд нэвтэрч, 2017 оны байдлаар дэлхийд тавд жагсаж, хоёр тэрбум америк долларын экспорт хийж байгаа нь мөн л Чилийн эдийн засгийг солонгоруулах бодлого, уул уурхайгаас орж ирсэн мөнгийг энэ салбарын хөгжилд цутгасаны үр дүн гэгддэг.

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Монгол Улсын Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлогодоо олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэсэн форум зохиосныг олон нийт санаж байгаа байх. Бидний хувьд форумын гол фокус нь хөдөө аж ахуйн салбар хуралдаан байсан юм. Эдийн засгийн бодлогын реформын тулгын гурван чулуу болох уул уурхай-хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй-хөнгөн үйлдвэр, худалдаа аялал жуулчлал дэд бүтцийн салбарууд хоорондын уялдааг засаг яаж харж байгаа нь сонирхол татсан хэрэг л дээ. Тэр хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбартаа хувьсгал хийнэ гэж тунхаглаж байв. Сайдын хэлээд буй хувьсгалыг тухайн үед хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодоо хангаад, илүү гарсныг нь гадагш экспортлох юм байна гэж ойлгоод өнгөрсөн юм. Хөдөө аж ахуйн салбарт хийх хувьсгалын тухай яриа сүүлдээ махны экспортод тулгарсан асуудал, газар тариалангийн болон мал аж ахуйн бүс нутгаа зааглах шалтгаан гэх мэт өнөө л форум бүр дээр ярьдаг түмэн бэрхшээл рүү халтирсан учраас өөр нарийн гарц гаргалгаа олж хараагүй билээ. Гэхдээ салбар хуралдаанд нэг сонирхолтой панелист харагдсан. Гадны улсын Засгийн газрын дэмжлэгтэй төслөөр 10 орчим жил зүтгэсний эцэст сарлагийн ноолуур билүү, хөөврийг экспортын бүтээгдхүүн болгосон туршлагаа ярьсан нь содон, шинэ сонсогдсоныг онцолъё. Тэр хүн одоогоор жилдээ гурван сая долларын экспорт хийдэг болсон гэж ярьсан нь салбар хуралдааны үеэр сонссон цорын ганц сонирхолтой жишээ байсан юм.

Нийтлэлийнхээ эхэнд Чилийг онцолсон нь цаанаа нарийн учиртай. Тэдний явсан зам бидний одоогийн явж буй зам ерөнхийдөө давхцаж байснаас гадна Чилийн хөгжлийн явцдаа туулсан зам нь баларч амжаагүй байна. Канад, Австрали хэдийгээр уул уурхай өндөр хөгжсөн орнууд боловч анхнаасаа чөлөөт зах зээлийн системтэй учраас Монголын уул уурхайн салбартай шууд харьцуулаад харчихаж болдоггүй. Чилийн өнөөгийн эдийн засгийн хөгжил нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр 22000 орчим ам доллар. Манай улсын Тогтвортой хөгжлийн бодлого 2030-д тавьсан зорилт болох 18000 ам доллараас ялимгүй илүү гэсэн үг. Эндээс цаашлуулаад ухахаар 2032 он орчмын бидний төсөөлж буй Монгол Улсын хөгжил өнөөгийн Чилийн хөгжил хоёр дүйх бололтой харагдаж байна. Б.Батзориг сайдын хуралд сууж байхад Чилийн хэрэгжүүлж буй бодлого, эдийн засгаа олон тулгууртай болгох төлөвлөгөөний амжилттай шийдлүүд, A Billion Dollar Industry буюу тэрбум давсан долларын экспорт хийх бизнесүүдийг босгож ирж буй тогтолцоо, туршлага өөрийн эрхгүй санаанд бууж байсан юм.

Чилийн яргай загасны экспорт Норвегийн дараа дэлхийд хоёрт ордог.

Өдгөө олон улсад “Тэрбум долларын эдийн засаг”-ийг босгож ирдэг арга, менежмэнт нэгэнт бий болчихсон. Эдийн засагт тэрбум долларын орлого авч ирэх шинэ бизнесийг босгодог Чилийн жор гэхэд л юун түрүүн уул уурхайн салбартаа суурилдаг. Чилийн зэсийн экспорт 17 тэрбум, бусад ашигт малтмалын экспорт нь 17 тэрбумаар хэмжигддэг. Тодруулж хэлбэл Чили улс уул уурхайгаасаа жилд 34 тэрбум ам доллар олдог. Уул уурхайн орлогынхоо тодорхой хувиар санхүүжүүлж байгуулсан Fundación Chile хэмээх байгууллага тус улсын хөгжилд онцгой үүрэгтэй ажилладаг. Fun­dación Chile бол инновацилаг төслүүдэд хөрөнгө оруулах венчур хөрөнгө оруулагчдыг олох, улсад үнэ цэнэ бий болгох шинэ бизнес моделиуд боловсруулж, технологи дамжуулах үйл явцыг дэмжих үүрэгтэй байгууллага. Дэмжиж хамтарсан старт ап компанийнх нь үйл ажиллагаа тогтворжтол тулж түшиж, чиглүүлж зүглүүлэх гол зарчим Fundación Chile-д үйлчилдэг. Өнөө компани нь хөл дээрээ зогсонгуут харин төсөл дэх хувь эзэмшлээ зарж, дараагийн төслүүдэд хөрөнгө оруулдаг.

Тус байгууллагын хамгийн амжилттай хэрэгжсэн төслүүдийнх нь нэг бол нийтлэлийн эхэнд дурдагдсан яргай загас. Тэд улсынхаа өмнөд нутагт яргай загас үржүүлэх тусгай технологи боловсруулж, үүн дээрээ Норвегийн яргай загас үржүүлэх технологийг нэмж нутагшуулж илүү төгөлдөржүүлсэн юм. Ингэж ажилласны эцэст Чилийн яргай дэлхийд гарч ирснээс гадна Fundación Chile энэ технологио япончуудад өндөр үнээр зарсан байдаг. Товчхондоо Fundación Chile бол экспортын шинэ боломжийг олж нээдэг “инновацилаг институт”. Тус сан яргай загаснаас гадна нэрс жимсний экспортын салбар зэрэг олон чиглэл гаргаж ирснийг түүхээс нь харж болно.

Засгаас зохион байгуулсан форумын хөдөө аж ахуйн салбар хуралдаанд Б.Батзориг сайдын урилгаар ирж мэдээлэл өгсөн ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболдын хэлж байгаагаар өнөөдөр манай улсын нийт экспорт 6.2 тэрбум ам доллар, үүний зургаан тэрбум нь уул уурхайн бүтээгдэхүүн юм байна. Үлдэж буй 200 сая долларыг нь хөдөө аж ахуй, газар тариалан, мал мах, ноос, ноолуур хамаг бүхнээ хамж шимж зараад дэлхийгээс олж ирдэг аж.

Эндээс анзаарахад Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх бодлого бол ерөөсөө л экспортын бодлого. Бүр тодруулж хэлбэл экспортоо төрөлжүүлэх бодлого болж таарч байна. Тэрбум долларын эдийн засаг шинээр босгож ирдэг Чилийн туршлагаас харахад олон юмыг хамж шимээд тэрбум доллар хүргэх гэж зүтгэх биш нэг бүтээгдэхүүн, нэг төрлийн малыг ч юмуу барьж аваад, түүн дээрээ фокуслаж инновацилаг, шинэ бизнес модельд тулгуурласан экспортын бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарч, сэтгэлгээндээ өөрчлөлт хийх цаг ирчихэж. Тэгэхээр юуны түрүүнд Fun­dación Chile -ийн Монгол хувилбарыг байгуулъя. Тэр байгууллагаа тэрбум доллар доллар босгох үйл явцын гал тогоо болгомоор байна. Тэрбум долларын салбар босгож ирэх “Гал тогоо”-гоо галаар таслахгүй байхын тулд харин уул уурхайн салбар нь одоогийн зургаан тэрбумын экспортоо хэд дахин нэмэгдүүлж, магадгүй 20 тэрбумын экспорт хийдэг салбар болж хүчирхэгжих хэрэгтэй байна.

Сүүлийн үеийн мэдээ гэвэл Чили дараагийн тэрбум долларын салбар руугаа зүтгэж байна. Үхрийн мах, стейкний экспортын чиглэлээр том ажил эхлүүлсэн тухай мэдээлэл хөвөрч буй. Fun­dación Chile 2025 он гэхэд Чилиэс дэлхийд экспорт хийдэг 250 уул уурхайн ханган нийлүүлэгч төрүүлэхээр зориод эхэлчихсэн. Тэгэхээр уул уурхайд үйлчилгээ үзүүлдэг салбар нь хүртэл тэрбум долларын экспорт хийдэг салбар болж гарч ирэх бололтой.

Fundación Chile-ээс ч илүү амбицтай 2010 онд эхлэлээ тавьсан Start-Up Chile төслийг онцлохгүй өнгөрч болохгүй. Төсөл эхэлснээсээ хойш дэлхийн 79 орны энтерпренерүүдийг Чилийн нийслэл Сантьягод цуглуулаад байна. Сантьяго өдгөө энтерпренерүүдийн төв болсон нь чиличүүд болон дэлхийн технологи сонирхогчдын гайхлыг төрүүлсэн итгэмээргүй ч гэсэн үнэн бодитой явдал болоод байгаа юм. Start-Up Chile 2010 онд нээлтээ хийснээс хойш 1300 гаруй жижиг бизнесүүдтэй хамтран ажиллаад байна.

Төсвөөс санхүүжүүлдэг Засгийн газрын уг хөтөлбөрийг дэлхийн 50 гаруй улсад хуулбарлан авч хэрэгжүүлээд эхэлчихсэн. Лондонгийн Эдийн засгийн сургууль дахь Innovation Co-creation Lab-ийн орлогч захирал Christian Busch “Start-Up Chile-ийн анхдагч санаачилгыг олон улсад тун таатайгаар хүлээн авч хэн бүхэн яриандаа байнга дурддаг болсон” хэмээн онцолсон удаатай. Энэ санаачилгыг анх тухайн үед Чилийн Засгийн газрын энтерпренер шип, инновацийн зөвлөх асан, бизнес эрхлэгч Николас Шеа гаргасан түүхтэй. Хөтөлбөрт ирээдүйтэй бизнес санааг шалгаруулан авч санаачлагчид нь ямар нэг барьцаагүй 10 сая чили песо болон түүнээс дээш хэмжээний санхүүжилт өгдөг. Үүнээс гадна Чилид ажиллах нэг жилийн хугацаатай виз олгодог юм. Christian Busch энэ ажлыг “Чили улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах зорилготой санаачилга” хэмээн олзуурхан дүгнэж байна.

QMC группын захирал М.Дагватай хамтран бичив.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсаа там болгохгүй байх нь боловсролтой байхаас хамаарна

Хаврын шалгалт хаяанд ирж, ирээдүйн мэргэжлээ сонгохоор 18 настнууд ном, дэвтэр шагайгаад тун завгүй байна. Энэ жилээс Их, дээд сургуулиудын босго оноо нэмэгдэж ихэнх сургуулийн жишиг 480-580 онооны хооронд байгаа юм. Энэ нь Монголын ирээдүй болсон залуу үеэс өндөр мэдлэг боловсролыг шаардаж эхэлсэн нь маш зөв. Хүн хүссэн мэргэжилдээ хүрэхийн тулд өөрийгөө дайчилахад сургаж байгаа юм. Улс орнуудын хөгжлийн тулгуур нь өндөр боловсролтой залуу үеэс шууд хамааралтай. Дэлхийн хөгжлийг тодорхойлж буй тэргүүлэх гүрнүүд “ходоод хоосон ч тархи хоосон байх ёсгүй” гэдэг алтан зарчмыг мөрдөж ирсэн. “Дэлхийг бурхан биш инженерүүд бүтээсэн” гээд зүгээр ч нэг хэлчихээгүй юм. Инженерүүдийн ачаар хүн төрөлхтөн дэлхийгээс өөр гариг байдгийг нээж, тэнгэр баганадсан өндөр барилга сүндэрлүүлж, тив алгасан нисэх онгоц бүтээснээс эхлээд дурдаад байвал олон зүйл бий. Тиймээс л дэлхий даяараа инженерүүдийг чухалчилж ирсэн. Монгол Улс бодлогоор байгалийн шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнүүдийг хөрөнгө заран өндөр хөгжилтэй оронд мэргэжил эзэмшүүлмээр байгаа юм.

Боловсролыг дорд үздэг улс хэрхэн сүйрч там болдгийг Сири нотолно. Мөн Муаммар Кадаффигийн 40 жил тэргүүлсэн Ливийн жишээнээс харж болно. Кадаффи байгалийн баялгаас орж ирсэн мөнгөө боловсролд зарцуулахаас илүүтэй ард түмнээ гахай шиг тэжээсээр байгаад эцэст нь өөрөө амиа алдсан. Боловсролгүй хүн эрх мэдэлд хүрвэл харц ардын амьдрал шавар намагт унадаг. Өөрөө боловсролгүй ч боловсролтой залуу үеэ бэлдэх нь нэн тэргүүний асуудал. Кадаффигийн гашуун жишээг Монгол давтахгүйн тулд хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэх инженерүүдээ бэлдмээр байна. Дэлхий дээрх газрын диваажин болсон Япон улс гэхэд дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засаг нь суларч хүн ам нь ядуурч, бүр өлсгөлөнгөөр үхэж байсан. Ийм улс өнөөдөр дэлхийн топ гүрнүүдийн тоонд орчихлоо. Тэд Toyota, Sony зэрэг нийтийн өмчийн хэлбэртэй корпорациудыг байгуулж, түүний үр ашгийг ажлын байр, боловсрол зэрэгт зориулснаар ирээдүй рүү итгэл төгс алхаж эхэлсэн. Японы залуу үеийг барууны орнуудад өндөр боловсрол эзэмшүүлж, тэнд эзэмшсэн барууны мэдлэг боловсролоор энэ улс өнөөдрийн өндөрлөгөө бүтээсэн. Япон хүн ухаантайдаа улс нь хөгжөөд монголчууд мунхагтаа мэдлэг боловсрол эзэмшиж чадахгүй байгаа юм биш. Боловсролын салбарыг хэр дэмжиж байгаагаар нь улсын хөгжлийг тодорхойлдог. Тэд үүнийг хамгийн сайн ойлгосон учраас дэлхийн тэргүүлэх эдийн засгийг бий болгож чадлаа.

Япончууд ирээдүйг харсан хөгжлийн бодлогоо чанд баримталж, ирээдүйд эрэлт хэрэгцээтэй мэргэжил, технологи, шинжлэх ухаан хөгжихийг харж, тэр чиглэлд боловсон хүчнээ бэлддэг нь дэлхийн хөгжлөөс үргэлж нэг алхам урд явдгийг илэрхийлэл. Монгол Улс 10 гаруй жилийн өмнө дэлхийн технологийн хөгжлийг бид амдан алхдаг болно хэмээн ярьж байсан. Хөгжлийн галт тэрэг хэдийнэ дараагийн өртөөндөө хүрч байхад монголчууд морьтой чигээрээ ташуураа барин давхих юм. Дэлхийн технологийн хөгжлийн талаар ярьдаг ч хүнгүй боллоо. Боловсрол ярьсан нэг нь хэнхэг солиотой гэгддэг ийм л цаг үеийг туулж байна даа. Технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч Япон улсад 1000 инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх болсноо Л.Гантөмөр салбарын сайдаар ажиллаж байхдаа зарлаж, алга ташин хүлээж авсан нь дөрвөн жилийн өмнө юм. Саяхнаас японд суралцуулах хүмүүсийн тоо гүйцэхгүй байна гэсэн утгагүй зүйлсийг албаны хүмүүс хэлэх боллоо. Социализмын үед малчны хүүхэд хүртэл хойно сурч өндөр боловсрол эзэмшүүлж байсан шигээ танил тохой таталгүй, гар харж уцаарлан гох дэгээ тавихгүй явуулна гэвэл 1000 байтугай хүн явах хүсэлтэй байгаа. Монголд дуучин, хуульч, эдийн засагч тэргүүт мэргэжил савандаа багтахгүй хахлаа. Ойрын 10 жилдээ энэ чиглэлд ажиллах хүмүүс хангалттай болчихлоо. Тиймээс дахин нуршихад инженерүүдээ л бэлд.

БНСУ, БНХАУ гээд өөрсдийн ойрын жишээг авахад тэд залуу үеэ баруунд өндөр боловсрол эзэмшүүлж чадсанаар дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрнүүд болсон. 20 гаруй жилийн өмнө Монголын хөгжлөөс хол хаягдаад байсан Хонгконгийн жишээг дурдъя. Азийн бар болох нь бүү хэл арай ядан хоол ундаа залгуулж явсан ч боловсролын тогтолцооныхоо шинэчлэлийг хийж, шинэ боловсролын стандартыг баталж, бүх нийтийн боловсрол ба, дээд боловсролд голлон анхаарсан нь зөв алхам байсан нь өнөөдөр харагдаж байна. 1954-1961 оны хооронд бүх нийтийн боловсролын хүрээнд хэдэн мянган шинэ сургуулыг барьж, 1966 он гэхэд сургуулийн насны бүх хүүхдээ сургуульд хамруулж чадсан гэдэг. Харамсалтай нь манайд бичиг, үсэг мэдэхгүй хүн хүртэл Үндсэн хууль өөрчилнө гээд гүйж яваагаас харахад даанч хол байна даа хэмээн бодогдоно. Эдийн засгийн хөгжил боловсрол, шинжлэх ухааны салбартай салшгүй холбоотой. Монголчуудад мэддэг ч юм алга, мэддэггүй ч юм алга. Тиймээс аливаа томоохон шийдвэр гаргахдаа гадны экспертүүдийг урьж амыг нь харж байхаар адилхан экспертүүдээ бэлдэх цаг хугацааны хуанли эргээсээр байна. Манайд харин ч эсрэгээрээ боловсролыг зүхэгчид нэмэгдэж, боловсролгүй нэг нь хог ухаад ч болов амьдарна гэж цэцэрхэнэ. Тэнгэр заяат Чингисийн удам гэж цэхэлзэнэ.

Сингапур улс үнэндээ ядуугийн туйл байхад Англид өндөр боловсрол эзэмшсэн Ли Куан Ю нутагтаа очсоны буянаар хөгжлийн өөр замд орсон гэдгийг манайхан мэднэ. Манайд Их, дээд сургуулиуд бараг гудамж бүрт таардаг ч боловсрол олгохоос урьтаж мөнгөний машин ажиллуулж ирсэн нь боловсролын систем шаландаа унасныг илтгэнэ. Боловсролгүй иргэнтэй улс тэгж хөгжиж дэлхийд тэгж цойллоо гэж лав дуулсангүй. Боловсрол, шинжлэх ухаанаас хол нэг үе бүрэлдсэн нь 1990 оны нийгмийн шилжилтийн донсолгоонд боловсролоо хамт гээсэн 30 гаруй настнууд байна. Тэд ихэвчлэн сошиалд солиорч элий балайгаа гайхуулна. Ойгоос ирсэн сармагчин шиг адгах залуус сошиалд амьдрахаас биш, соёлт нийгэм рүү алхахгүй байна. Залуусын хандлага, мэдлэг, боловсрол фэйсбүүк орчинд толины өмнө зогсож байгаа мэт харагдах юм. Улсаа там болгож мэдэх хүмүүс тамын тогоондоо ёстой арзганах аж. Боловсролгүй тэнэгээ гайхуулсан тийм нэг үеэ ядаж МСҮТ-д хамруулж, арай дөнгүүрүүдийг нь мэдлэг боловсролоор хангаж, хандлагыг нь өөрчилж, галуу шувууны мах идүүлэх сэн.

Технологийн дэвшил цаг, минут бүрээр шинэчлэгдэж байхад манайхан шинэ гар утас авах гэж үйлээ үзэхээс биш, шинэ гар утас бүтээх ухаанд суралцсангүй өнөөдрийг хүрлээ. Боловсрол ярьдаг нэгнээ элий балай гэж үзэх хэмжээнд хүртлээ боловсолд өсөрхөж, сэхээтний давхарга өдөр ирэх бүр хумигдсаар. Бүгдээрээ Солонгос руу гарч ажил хийвэл мөнгө олоод гоё л доо. Хэдэн жилийн дараа эргээд ирэхэд нь хөгжилгүй, буурай улс нь угтан авна шүү дээ. Нэг хэсэг нь гадагшаа явж боловсрол мэдлэгээ дээшлүүлэхийн төлөө зүтгэж байгаа ч нийтээрээ хамрагдаж чаддаггүй. Боловсрол хил хязгааргүй болж байгаа энэ цаг үед өндөр боловсролтой залуу үеэ вагон вагоноор нь ачаад ч болтугай явуулахгүй бол улсаа там болгох ирээдүй их ойрхон байна шүү.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ерөнхий сайдуудын ердийн биш хувь тавилан“ хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Ерөнхий сайдуудын ердийн биш хувь тавьлан“ хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав: “Эрдэнэт” үйлдвэрээ хэмлэж мэрэх, хэрүүлийн бузар хоёроос чөлөөлөх цаг нь болсон хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Баримт үйл явдал нүүрт “Хажуу айлын аав миний хүүг шийтгэх гээд байвал яах ёстой вэ” хэмээн бичжээ.

УИХ-ын чуулганаар “Хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоно” гэсэн байна. Энэ тухай та бүхэн тавдугаар нүүрээс уншаарай.

Томилолт нүүрээс “Газар тариалангийн бүс нутгийг зарласанд тариаланчид ам сайтай байна” хэмээн өгүүлжээ

Сонины 15 дугаар нүүрт “Ж.Оюунчимэг: Зөгийн хатгуур, бариа засал нэгдсэний үр дүнд та дахин төрсөн мэт эрүүлжинэ” хэмээн “Энэ тухай” буланд ярьжээ.

Хөрөг нүүрээс “Засаг төрийн мэргэн түшээ, зангарагтай зүтгэлтний жинхэнэ жишээ” хэмээн бичжээ.

Танайд өнжье булан “Физикийн шинжлэх ухааны салбарт цойлж яваа залуу эрдэмтэн”-ийд өнжжээ.

Ц.Магалжав: Бөхийн холбооны тамгыг Л.Чинбатад олгосон асуудал шүүхэд шилжсэн хэмээн өгүүлсэн байна.

Дэлхийн мэдээнээс та бүхэн “Д.Трамп, Ким Жөн УН нарын уулзалт хугацаандаа болох төлөвтэй байна” гэсэн нийтлэлийг унших нь.

Энэ өдөр нүүрт “Цусны бүлгээрээ хоолловол эрүүл мэндэд тустай” хэмээжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараа суншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Меган Маркл хатан хааны гэр бүлийн ёс зүйд суралцана

Ханхүү Харригийн гэргий Меган Маркл хатан хааны гэр бүлийн ёс зүйд
суралцахаар болжээ. Түүнд хатан хааны зөвлөх 49 настай Саманта Коен
хагас жилийн хугацаанд багшлах гэнэ. Меган Марклын хувьд хатан хааны гэр
бүлийн гишүүн болсноор хүмүүнлэгийн болон олон нийтийн арга хэмжээ,
дээдсүүдийн ёслолд оролцох хэрэгтэй болсон. Тиймээс ийнхүү хатуу чанга
багшийн удирдлагад зургаан сарын турш хичээн суралцахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний ногоог түүхийгээр идэх нь ямар сайн талтай вэ

Орчин үед ногоог түүхийгээр хэрэглэх нь аль хэдийн хэвийн үзэгдэл
болоод зогсохгүй дэлхий даяар хүнсний ногоог түүхийгээр нь хэрэглэхийн
ач тусыг тайлбарлаж байна.
Баримтаас үзвэл, хүнсний ногоог түүхийгээр хэрэглэх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай гэжээ.
Хятад улсын Шаньдун мужийн Цан Шань хошуунд 100 мянган хүний гурав буюу
дөрөв нь ходоодны хорт хавдраар нас бардаг байна. Энэ нь Хөх мөрнөөс
хойшхи бүс нутгийн хошуудтай харьцуулбал ходоодны хорт хавдраар нас
барагсдын хэмжээ хамгийн бага хошуу болох юм.
Учир нь тус газрын ард иргэд хоолтойгоо цуг байнга сармис иддэг бөгөөд
зарим тосгонд хүн бүр өдөрт хүнсэндээ дунджаар 20 грамм сармис
хэрэглэдэг байна.
Мөн Америкийн өндөр настан хүнсний мэргэжилтэн 80 настай Энни Вигмур 20
гаруй жилийн өмнөөс эхлэн түүхий хүнсний ногоо болон жимсний шүүс
хэрэглэж эхэлсэн байна. Ингэснээр тэрээр илэрхий эрүүлжин залуужсан
байна.
Түүхий хүнсний ногоо яагаад ийм ашигтай вэ? гэдэг тал дээр судлаачид их
хэмжээний судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр шинэ соргог хүнсний
ногоо, жимс, мөөг зэрэг нь тохиромжтой нөхцөлд витамин амин дэм,
техникийн бус давс болон зарим нэгэн хорт хавдрын бактер устгах чадалтай
бодис харилцан адилгүй хэмжээтэйгээр агуулсан байдаг гэжээ. Төрөл
бүрийн биологийн идэвхит бодис агуулсан хүнсний ногоон зөвхөн түүхийгээр
идэх үед л үр дүнгээ харуулж хүний биеийн эд эсэд сайнаар нөлөөлдөг аж.
Түүхий ногоонд агуулагдаж байдаг амин дэм нь болсон ногоонд агуулагдаж
байдаг амин дэмээс хол илүү ач тустай гэнэ. Түүгээр ч зогсохгүй арьсны
эд эсийг сэргээн арьсны өвчлөлтийг зогсооно. Улаан луувангийн эд, модлог
эд, дэгдэмхий тос, исэл зэрэг нь хүний биед шингэсний дараа эд эсийн
идэвхит чанарыг ихээр өдөөж дархлааг сайжруулан, хорт хавдрын эд эсийн
устгал хийдэг байна. Гадаад улс орнуудад хорт хавдрыг утсгах энэхүү
чадварыг нь ашиглан “Түүхий ногоогоор эмчлэх” эмчилгээний аргыг бий
болгон ашигласан нь ихээхэн үр дүнд хүрч байна.
Түүхий ногоо олон сайн талтай тул гадаадын олон улс орнууд өөр өөрийн
онцлогтой тохируулан хэрэглэдэг. Түүхий ногоо нь дээрх сайн талтайгаас
гадна багахан хэмжээний тос, давс, сахар зэрэг амтлагчаар амтлан идвэл
их сайхан.
Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хоногт хэдэн мг кальци хэрэглэх ёстой вэ?

-Хүүхэд эхийн хэвлийд байхдаа ясны сийрэгжилттэй болох тохиолдол бий юу?

-Жирэмсэн эхийн ураг бүрэлдэн тогтох үе
буюу гурван долоо хоногтойгоос ургийн ясжилт явагдаж эхэлдэг. Энэ үед
ээж нь кальцийн дутагдалтай, яс нь хэврэгшсэн, ясны сийрэгжилтэд орох
гэж байгаа буюу яс сийрэгжиж байгаа эхээс кальцийн дутагдалтай хүүхэд
гарах гээд байдаг. Хүүхэд бүрэлдэж байгаа үед кальци ясанд нэлээн
шаардагддаг. Энэ хэмжээ ээжид дутмаг учраас бүрэлдэж байгаа хүүхдэд
кальци давхар дутагддаг.

Иймээс төрөх хүүхэд кальцийн дутагдалтай
гарч байна. Хоёрдугаарт, хүүхдийг агаарт гаргахгүй зузаалан витамин
Д-гийн дутагдалд оруулдаг. Витамин Д кальцийг бүрдүүлж ясыг хатуу
байлгахад нөлөөлнө. Энэ элемент дутагдсанаас кальцийн дутагдалд давхар
ордог. Ясны сийрэгжилтийн үед хугарлыг багасгахын тулд зөв хооллох,
кальци ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, биеийн жинг тохирсон
хэмжээнд барих, хүүхэд наснаас дундаж нас хүртэл хоногт 1000 мг кальци
хэрэглэх хэрэгтэй.

Мөн биеийн тамир, спортоор хичээллэж,
идэвхтэй хөдөлгөөнтэй байх юм. Нар салхинд явах, настай хүмүүс хальтирч
унахаас сэргийлэх, цэвэршлийн үед даавар орлуулах бэлдмэл хэрэглэх,
нэгэнт ясны жингээ алдсан бол эргэж сэргэхгүй. Ясны жин алдагдлыг
зогсоож болно. Хамгийн үр дүнтэй арга бол ясны сийрэгжилтээс урьдчилан
сэргийлэх юм.