Categories
мэдээ спорт

3х3 сагсан бөмбөгийн “Дэлхийн Гран при” тэмцээнд УБ-Хангарьд баг III байранд орлоо

БНХАУ-н Ченгду хотноо өнгөрсөн бямба, ням гарагт ФИБА-гийн 3х3 сагсан бөмбөгийн энэ улирлын долоо дахь дэлхийн Гран при тэмцээн боллоо.

Энэ тэмцээнд Ховд болон Улаанбаатар гэсэн мэргэжлийн багууд хүчээ сорилоо. Мөн эмэгтэй багийн хувьд БНХАУ, Серби, Индонези зэрэг улсын багуудтай тэмцээний В хэсэгт багтсан юм. Эмэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо Индонези улсын залуу бүрэлдэхүүнтэй багийн эсрэг хийж хожсон ч БНХАУ болон Сербийн багуудад хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.

Харин Ховд баг урьдчилсан хэсэгт тоглож Литвийн Вилкавискас болон Чехийн Мариенбад багуудыг хожиж үндсэн С хэсэгт Улаанбаатар болон Сербийн Белгради багуудтай тоглосон юм. Гэхдээ Ховд баг үндсэн хэсэгт хожил авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн.

Харин Улаанбаатар Хангарьд баг хэсэгтэй хожигдолгүйгээр хасагдах шатанд шалгарсан юм. Улмаар Улаанбаатар баг 8/1 шигшээ тоглолтод ОХУ-ын Москва багтай хийж 21:17-гоор хожиж шилдэг дөрөвт багтаад Витец багт хожигдсоноор тэмцээний III байр эзэлсэн юм. Тус тэмцээний тэргүүн байрыг дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Сербийн алдарт Лиман баг шалгарсан бол Витец баг дэд аварга боллоо.

Дашрамд дуулгахад, дараагийн дэлхийн Гран при тэмцээн ирэх сарын 2-3-нд Улаанбаатар хотноо Сүхбаатарын талбайд болно. Мөн U23 насны дэлхийн үндэстнүүдийн лигийн тэмцээн зургадугаар сарын 1-3-нд манай улсад болох юм.

Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр Олимпоос алт авсны 10 жилийн ойгоороо Хөх хотын гран прид түрүүллээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээний нэг Хөх хотын Гран при хоёр дахь жилдээ болж, +100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр алтан медалийн эзэн боллоо.

Энэ тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдсан. +100 кг-д шигшээд шалгарч барилдсан олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар алтан медалийн төлөө хүч үзэв. Уг барилдаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр туршлага заан ялалт байгууллаа.

Мөн 90 кг-д Г.Алтанбагана алтан медалийн төлөө БНСУ-ын жүдочтой барилдсан ч гурван торгуулиар ялагдаж мөнгөн медаль хүртэв. Ингэснээр манай баг нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай энэ тэмцээнийг амжилттай өндөрлүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Тэрэлж, Хандгайт, Эмээлт, Богд уул чиглэлд хяналт шалгалт хийлээ

БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газраас ажлын хэсэг гарч, ЕБС-ийн сурагчид нийслэлийн ногоон бүсэд эко аялал зохион байгуулж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Улаанбаатар хот орчмын ногоон бүс буюу Тэрэлж, Хандгайт, Эмээлт, Богд уул гэсэн үндсэн чиглэлд хяналт шалгалт хийхэд таван дүүргийн 17 сургуулийн 32 бүлгийн 800 гаруй сурагч амралт зугаалгаар явж байсан нь илэрсэн байна.
Тодруулбал, ямар нэг амралтын газарт бус Тэрэлжийн голын хөндийд 7, 11 дүгээр ангийн хоёр бүлэг, Гүнжийн сүм орчимд 1, 5 дугаар ангийн 2 бүлэг багш, эцэг эхийн төлөөллийн хамт зугаалж байсантай таарч, хүүхдүүдтэй уулзаж, анхааруулга чиглэл өгчээ. Шалгалтын үр дүнд үндэслэн нийт боловсролын байгууллага, эцэг, эхчүүдэд зориулан дараах зөвлөмжийг гаргав.
-Амралт зугаалга зохион байгуулахдаа сурагчид хураамж, төлбөр төлж амарч байгаа нь хуульд заагаагүй төлбөр хураамжийн нэг хэлбэр болох тул холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
– Амралт зугаалга зохион байгуулсан сургууль, анги, бүлгүүд нь БСШУС-ын сайдын 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаар тушаал, Чиглэл хүргүүлэх тухай 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 1а/3496 дугаар албан бичиг, нийслэлийн Засаг даргын 2018 оны тавдугаар сарын есний өдрийн нэгдүгээр Албан даалгаврын холбогдох заалтыг зөрчиж байна.
Тиймээс Нийслэлийн Засаг даргад албан бичиг хүргүүлж, холбогдох сургуулийн захирлуудад арга хэмжээ тооцож, анхааруулга санамж өгч ажиллах, холбогдох чиглэлийн дагуу хяналт тавьж ажиллах чиглэлээр дахин чиглэл хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баяраар 30 хэм давж хална

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халахыг цаг уурын байгууллагаас мэдээлж буй. Ирэх зургаадугаар сарын нэгэн буюу олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдөр Улаанбаатарт 33 хэм хүрч халах төлөвтэй байна.

Тиймээс иргэд та бүхнийг наршилт, даралт ихсэх, хоолны хордлого, архины хордлого, зам тээврийн осол гэмтлээс сэргийлж, 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна.



Categories
мэдээ нийгэм

Иргэдийн өргөдөл, хүсэлтийг 90 хувьтай шийдвэрлэж байна

Иргэдийн өргөдөл, хүсэлтийг  90 хувьтай шийдвэрлэж байна

Дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс 2018 оны 5 дугаар сарын 21-ээс 5 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Засаг даргын Тамгын газарт ирсэн нийт 509 өргөдөл, хүсэлт, санал, гомдол, талархал, шүүмжлэлийг холбогдох албан тушаалтан болон хэлтэс албадад танилцуулан, шилжүүлж ажиллалаа.

Эдгээр өргөдөл, хүсэлтүүд www.smartcity.mn цахим хаяг, 1800-1200 тусгай дугаарын утас, www.ub1200.mn цахим хуудас, Засгийн газрын 11-11 төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжин ирдэг юм. Иргэдээс ирүүлсэн нийт 509 өргөдөл, хүсэлтийн 457 буюу 89,78 хувийг хугацаанд нь шийдвэрлэсэн бол шийдвэрлэх шатандаа 52 өргөдөл, бүртгэгдсэн байна.

Түүнчлэн тус хэлтсээс дүүргийн ЗДТГ-т ирсэн нийт 75 албан бичгийг бүртгэж холбогдох албан тушаалтанд танилцуулан ажиллалаа. Мөн энэ хугацаанд Засаг даргын Тамгын газраас www.edoc.ub.gov.mn цахим хаягаар 81 албан бичгийг явуулсан байна.

Архивын тасгаас албан бичгийн www.edoc.ub.gov.mn программыг хэрхэн ашиглаж, хэрэглэх тухай хороодын зохион байгуулагч, сургууль, цэцэрлэгийн архив албан бичиг хэргийн ажилтнуудад заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа бөгөөд албан бичгийг 99,41 хувьтай шийдвэрлэж байна.

Categories
мэдээ улс-төр

​УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана

Зураг

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана.

Харин АН-ын бүлэг ирэх лхагва гарагт “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдахаар товлосон байна. Бүлгүүдийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх томоохон хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэх юм.

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоол, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Нийгмийн даатгал, Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл болон Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл зэрэг 20 асуудал хэлэлцэхээр товлоод буй юм.

Categories
мэдээ нийгэм

“Бид хариуцлагатай гэр бүл” өдөрлөг боллоо

“Бид хариуцлагатай гэр бүл” өдөрлөгийг зохион байгууллааБаянзүрх дүүрэг энэ оныг “Хүүхдийн хөгжлийн жил” болгон зарлаж, Хүүхдийн III чуулганаа амжилттай зохион байгуулсан билээ. Чуулганаас гарсан зөвлөмжийн дагуу дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дэлхийн Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Бид хариуцлагатай гэр бүл” сэдэвт өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

“Хүүхдийн хөгжлийн жил”-ийн хүрээнд болсон өдөрлөгийн гол зорилго нь өрх, гэр бүлийн уламжлал болон өнөөгийн амьдралын дүр төрх, хэв маяг, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргын талаарх мэдлэг, туршлага, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүлийн боловсролын талаарх ойлголт мэдлэгийг өгөх, гэр бүлийн тухай хуулийг сурталчилахад оршсон юм.

Өдөрлөгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх Д.Пүрэвдаваа, дүүргийн ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Д.Уламбаяр болон албаны бусад хүмүүс, дүүргийн 28 хорооноос болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээс эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

“Бид хариуцлагатай гэр бүл” өдөрлөгт дүүргийн 28 хорооны төлөөлөл болох 200 гаруй гэр бүл оролцсон юм. Өдөрлөгийн үеэр НҮБ-ын Хүн амын суурьшлын хөтөлбөр, жендерийн мэргэжилтэн Н.Золзаяа, Гэр бүл хүүхэд залуучуудын газрын мэргэжилтэн Л.Бадамцэцэг, Үндэсний аюулгүй байдлын “Стратеги судлалын хүрээлэн”-гийн Эрдэм шинжилгээний ажилтан АУ-ны доктор Э.Энхмаа нар сонирхолтой лекц, илтгэлийг уншлаа. Мөн 84, 97 дугаар сургуулийн авьяаслаг сурагчид өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нарт мэндчилгээ дэвшүүлсэн юм хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Үй цай” сургуульд Азийн дижитал шатрын сургалтын төв нээгдлээ

Хятад хэлний сургалттай “Үй цай” бүрэн дунд сургуульд DGT-Азийн сургалтын төвийн нээлтийн ёслол боллоо. Азийн шатрын дижитал сургалтын төвийн нээлтэд “Үй цай” сургуулийн захирал, доктор Д.Баяраа, тус сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэцэгмаа, Дэлхийн шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Жимми Кенмури, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр нар болон сурагчид, эцэг эхчүүд оролцсон юм. Ёслолын ажиллагааг “Үй цай” сургуулийн авьяаслаг сурагчид монгол, хятад, англи хэлээр хөтөлж байв. Энэ үеэр мөн сурагчид монгол, хятад бүжиг бүжиж, морин хуур тоглож сонирхуулсан.

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Ц.Сайнбаяр ярихдаа:

-Тайландын Чанмай хотноо Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сард болсон юм. “Үй цай” сургуулийн удирдлага энэ үеэр очиж, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Ал Тахэртай уулзан, “Үй цай” сургууль Монголд шатрын онлайн сургалтын төв байх урьдчилсан тохироог хийсэн. Өнөөдөр Голландад байдаг шатрын хөлөг, цаг албан ёсоор хийдэг компани болох “Dijital game technol­ogy” (DGT)-той хамтран Азид анх удаа онлайн сургалтын төвийг “Үй цай” сургуульд нээж байна. “Үй цай” сургуулийн сурагчид бүгд Дэлхийн шатрын холбооны гишүүн болсон. Холбоотойгоо хамтарч, сургалт зохион байгуулах юм. Туркээс Дэлхийн шатрын холбооны мастер Тамер Каратекин ирж, танилцуулах сургалт хийсэн. Дараа нь Дэлхийн шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын шүүгч Жимми Кенмури англи хэл дээр бүх ангид 21 хоног сургалт хийлээ. Сурагчдад дижитал board дээр хэрхэн тоглохыг заасан юм. Цахилгаан шатрын хөлөг буюу e-board дэлхийн аль ч улсын хаана ч байгаа хүнтэй тоглох боломж нээж байгаа юм. Бид цаашдаа 21 аймагтаа ийм дижитал шатрын хөлөгтэй болохоор төлөвлөж байна. DGT сургалтын төв нь Азид төдийгүй Монголд анхных юм. Өнгөрсөн оны сүүлээр манай холбоо сургалтын төв байгуулах эрх авсан. Цаашдаа бид e-board ажиллуулах, холбох хүмүүсээ тус сургуулиар дамжуулж сургах юм.

Шатар сэтгэн бодох чадварыг сайжруулна, хүүхдийг сууж сургана. Хүүхэд бүр шатрын аварга болохгүй ч шатар тоглож, энэ спортын давуу талуудыг өөртөө шингээнэ. Халимаг улс 1995 онд бүх сургуульдаа шатрын хичээл оруулаад, хоёр жилийн дараа ОХУ-ын математик, физикийн олимпиадуудад халимагууд түрүүлж байсан. Шатар тоглодог болсноор хүүхдүүдийн чансаа сайжирсан гэсэн дүгнэлт гарсан юм. Шатар тоглодог хүүхдүүд гадаад хэлэндээ сайн байдаг гэж ярьдаг. Шатар тоглож, өргийнхөө нөхцөлийг хардаг. Шатар тоглодог хүүхдүүд гадаад хэлний үгийн байрлал, дарааллыг сайн тогтоодог гэдэг юм билээ” хэмээв.

“Үй цай” сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Цэцэгмаа “Манай сургууль анх үүсгэн байгуулагдахдаа шатрын хичээл оруулж байсан. Шатрын онолоос нь эхэлж сургая гэж бодсон юм. Энэ жилээс Дэлхийн шатрын холбооны дижитал сургалтын төвөөр дамжуулж хүүхдүүдээ хичээллүүлье гэсэн юм. Манай сургууль найман дижитал шатрын хөлөг авсан. Дэлхийн аль ч өнцөг буланд байгаа хүүхдүүдтэй тоглох боломжтой. Аливаа хичээлийг академик талаас нь зөв хэлбэрээр суурийг нь тавьж өгвөл төгсгөл нь сайн байдаг. Манай сургуулийн 21 жилийн сургалтаас ч энэ бүхэн харагдаж байна. Анх хятад хэлийг заахдаа тухайн улсад хэрэглэгддэг сурах бичиг, багшийг авчирч заалгасан. Зарим хүн хэлж байсан “Өвөр монголчууд хятад хэлийг сайн сурч байна. Тэдэн шиг түргэвчилсэн, хөнгөвчилсөн байдлаар сургавал ямар вэ” гэсэн. Бид хятад хүүхдүүд сурч байгаа сурах бичгээр сургасан нь дээр гэж шийдсэн юм. Өнөөдөр манай хүүхдүүд хос хэлтэй, төрөлх хэлээс гадна англи, хятад хэлтэй. Гадаад хэлийг академик, мэргэжлийн түвшинд сурсан. Шатар хүлээцтэй тэвчээртэй, зөв шийдвэр гаргахад сургадаг. Хэдэн нүүдлийн цаадахыг харж чадаж байна гэдэг амьдрал дээр ч алсыг харсан зөв шийдвэр гаргаж сурахад тусална. Манай сурагчид хятад хэл сурахын тулд сайн суудаг. Шатар хүүхдийг сууж сургадаг.

Монгол айлд морин хуур, шатар байдаг уламжлалтай. Шатрын дижитал сургалтын төв дэлхийд ч шинэ. Азид анх Монголд “Үй цай” сургууль дээр нээгдэж байгаа юм. Багш нарыг нь авчраад, онолоос нь эхэлж зааж байна. Хүүхдүүд шууд интернэтэд холбогдоод тоглож байгаа. Танхим дахь тоглолтыг гадаа дэлгэцээр ээж, аав нь үзэх боломжтой болно. Шатар мэргэжлийн болон сонирхогчийн түвшинтэй нээлттэй спорт. Дижитал шатрын хөлөг, цаг авна гэдэг маш их хөрөнгө оруулалт шаарддаг юм байна” гэж ярилаа.

“Үй цай” бүрэн дунд сургуулийн 11 “А” ангийн сурагч Д.Бат-Оргил “Манай сургууль дээр Азийн шатрын онлайн сургалтын төв өнөөдөр нээгдлээ. Шатар хүний оюун санааг хөгжүүлнэ. Шатрын холбооны сургагч Жимми багш сар гаруй манай сургууль дээр хичээл заалаа. Энэ хугацаанд шатар тоглодоггүй хүүхдүүд нь шатар сурч, тоглодог хүүхдүүд нь илүү сайжирсан. Онлайнаар гадаад хүмүүстэй хэрхэн тоглохыг сурч байгаа. Яаж хамгийн хурдан хожихыг ч Жимми багш заасан” гэлээ.

Дэлхийн шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Жимми Кенмури ярихдаа “Би Монголд дөрөв дэх удаагаа ирж, хичээл зааж байгаа. Монголд ирэх дуртай. Ёс заншил, үндэсний хоол, найрсаг зочломтгой хүмүүс нь надад маш их таалагддаг. Онлайнаар заах хичээлийн сайн тал нь та дэлхийн хаана ч тоглож болно. Сул тал нь нөгөө тоглогчтойгоо амьд харилцаа үүсгэж чадахгүй. Олон оронд шатар зааж, 46 орноор аяласан. “Үй цай” сургуулийн 1-12 дугаар ангийн бүх сурагчид шатрын хичээл заасан. “Үй цай” сургуулийн сурагчид Дэлхийн шатрын холбооны гишүүн болсон. Тэд манай холбооноос зохиогддог тэмцээнүүдэд оролцох боломжтой” хэмээн ярилаа.


Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ цаг-үе

Газар тариалангийн бүс нутгийг зарласанд тариаланчид ам сайтай байна

Засгийн газраас зарласан тариалангийн бүсэд долоон аймгийн 113 багийн нутаг хамрагдсан. Эдгээрээс Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн зарим сумдын нутгаар явж, Засгийн газрын шийдвэр тариаланчдад ямар ач холбогдолтой, үр өгөөжтэй байгаа талаар сурвалжиллаа. Бидний очсон эхний газар бол Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланч Г.Мөнхсайханы тариалангийн талбай байв. Эднийх энэ жил 1200 га талбайд тариалан эрхэлж байгаа юм. Өнгөрсөн жил 300 орчим сая төгрөгийн тариалалт хийсэн боловч газрын чийг бага, хур бороо ороогүйн улмаас олигтой ургац авч чадаагүй байна. Харин энэ жил мөн л дээрх хэмжээний хөрөнгөөр тариалалт хийж байгаа. Одоо хур орж, газрын чийг сайн байвал санаа зовох зүйлгүй гэлээ.

БҮС НУТГИЙГ ТОГТООСНООР МАЛЧИД, ТАРИАЛАНЧДЫН ХООРОНД ҮҮСДЭГ ЗӨРЧИЛ БУУРНА ГЭВ

Тэрээр “Тариаланч бид Засгийн газрын энэхүү шийдвэр бидэнд үнэхээр хур бороо шиг дутагдаж байсан. Хаврын тариалалт ерөнхийдөө дуусчихсан. Малчид өвөлжөөнөөсөө нүүгээгүй байгаа нь асуудал болоод байна. Учир нь хэдхэн хоногийн дараа бидний тариалсан улаанбуудай соёолж эхэлнэ. Айлууд өвөлжөөнөөсөө нүүгээгүй болохоор энэ үеэр тариалангийн талбай руу мал орох эрсдэл өндөр байдаг. Сөөм цухуйчихсан тариаг идэхгүй мал гэж байхгүй шүү дээ. Харин бүс нутаг зарласантай холбоотойгоор малчид тавдугаар сарын 1-нээс өмнө өвөлжөөнөөсөө нүүчихвэл тариаланчдад ямар ч зовлон учрахгүй юм. Өнгөрсөн жил огт ургац авч чадаагүй. Харин энэ жил технологио өөрчилж, мөн газар тариалангийн бүс нутагт багтсан болохоор өнгөрсөн жилийнхээ алдагдлыг нөхнө гэж зорьж байгаа” гэв. Угтаалцайдам сум өнөө жил 11 мянган га талбайгаас ургац хураах тооцооллыг хийсэн байна. Тус суманд 36 мянган тоннын багтаамжтай эливатор ажиллаж байгаа нь Төв аймгийн тариаланчдад том дэмжлэг болдог аж. Өнгөрсөн жил найман мянган га талбайгаас авах ургацаа алдсан Угтаалцайдам сум өнөө жил алдагдлаа нөхөж ажиллахаар төлөвлөж байгаа талаар тариаланчид нь ярьж байв. Энэ талаар тус сумын тариалан эрхлэлтийг дэмжих сангийн салбарын эрхлэгч Г.Пүрэвсүрэн “Хаврын тариалалт тавдугаар сарын 2-ноос эхэлсэн. Одоогоор 70 орчим хувьтай тариалалт явагдаж байна. Өмнөх жилүүдээс энэ жил хөрсний чийг сайн байна. Гэхдээ сүүлийн хэдэн хоног залгаа бүс нутгаар хур бороо орохгүй, хуурайшилттай байгаа учраас газрын чийг багасаж байна. Газар тариалангийн бүс нутгийг тогтоож өгсөнд тариаланчид ам сайтай байгаа. Ингэж бүс нутаг болгосон нь ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр, угсааг сайжруулах, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Мөн малчид, тариаланчдын хооронд үүсдэг зөрчлийг буруулж, хоёр биенээ түшсэн, дэмжсэн харилцаа бий болгоход ач холбогдолтой үзүүлнэ гэж харж байгаа” гэв. Төв аймгийн Угтаалцайдам сумаас хойшоо 200 орчим километр явж Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын газар тариалангийн бүс нутагт очлоо. Улсын үр тарианы 45 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570 гаруй мянган малтай аймаг юм. Бидний очих үеэр тус аймгаас нийт сум, багуудад малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийгдэж байлаа.

Б.Батзориг: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРТ ХӨГЖЛИЙН ШИНЭ ЖАРАН ЭХЭЛЖ БАЙНА

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой ярилцлаа.


-Газар тариалангийн бүс нутгийг зарлаж тогтоох цаг хугацааны зайлшгүй шаардлага яг энэ цаг мөчид байв уу?

-Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.5 хувьд газар тариалан эрхлэх боломжтой үржил шим бүхий хөрс бий. 0,5 хувь буюу нэг сая 50 мянган га талбайн үржил шим 60 орчим хувиар буурсан байна. Арваадхан жилийн дараа бид тариа ногоогоо тарих хөрсгүй болох гээд байна. Энэ гурван сая хүнээ хоол, хүнстэй, ажилтай, орлоготой байлгах нь миний хариуцаж байгаа ажилтай холбоотой гэж би үргэлж боддог. Цаашид ч ийм шийдвэрүүд гаргана.

-Бэлчээрийн мал аж ахуй бүс нутгаас гарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна гэж ойлголоо. Энэ бүс нутагт ер нь хичнээн мал, малчин өрх байдаг вэ?

-Бас шууд тэгж ойлгох нь өрөөсгөл. Малчдад эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, өөрөөр хэлбэл, өндөр ашиг шимтэй мал аж ахуй эрхлэх боломж бий болж байгаагаараа давуу тал гэж харах хэрэгтэй. Цаашдаа тариалангийн бүс нутгийг зарласнаар тухайн бүс нутагт бэлчээрийн буюу уламжлалт мал аж ахуй эрхлэх боломжгүй болж байгаа нь үнэн. Гэхдээ тухайн сум орон нутгийн түвшинд газар зохион байгуулалтаа хийж, бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоож, худаг ус болон дэд бүтцийг шийдвэрлэх замаар тодорхой үе шаттайгаар уламжлалт мал аж ахуй эрхэлдэг малчдыг шилжүүлэх ажлыг зохион байгуулах ёстой. Энэ бүс нутгуудад бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн,1990 оны мал тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад малын тоо толгой Сэлэнгэ аймагт гурав дахин, Төв аймагт 2.7 дахин өссөн байх жишээтэй. 2017 оны байдлаар Сэлэнгэ аймагт 4680 малчин өрх, 9540 малтай өрх, Дархан-Уул аймаг 1370 малчин өрх, 2530 малтай өрхтэй байна гэсэн статистик мэдээлэл байна. Бэлчээрийн мал аж ахуйтай газар нутагт газар тариалангийн технологийг мөрдөх ямар ч боломжгүй байгаа нь салбарын хөгжилд ихээхэн нөлөөлж байгааг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

-Малчдад ямар нэгэн дэмжлэг үзүүлэх үү?

-Тариалангийн тухай хуулиар Тариалангийн талбай дотор барьсан өвөлжөө, хаваржааг тухайн сум орон нутаг дотроо нүүлгэн шилжүүлэхэд гарах тээврийн нэг удаагийн зардлыг тариалангийн аж ахуйн нэгж хариуцахаар тусгагдсан байгаа. Түүнчлэн тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малын үүлдэр угсааг сайжруулахад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа.

-Хэрвээ газар тариалангийн бүс нутгаас малчид гарахгүй гэвэл хүлээлгэх хариуцлага бий юу?

-Тариалангийн тухай хуулиар Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно. Нүүн шилжих мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг сум, дүүргийн Засаг дарга 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Хуулийн эдгээр заалтыг зөрчвөл зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээх болно.

-Эрчимжсэн мал аж ахуй эрхэлье гэж шийдсэн тариалангийн бүс нутагт амьдарч буй малчдад төрөөс дэмжлэг үзүүлэх үү?

-Тариалангийн бүсэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, малын үүлдэр угсаагаа сайжруулж ашиг шимийг нь нэмэгдүүлэхээр саналтай малчдад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байгаа. Үүнд сүүний болон махны хэвийн үхэр өсгөх, фермерийн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

-Газар тариалангийн бүс нутаг зарлаж байгаа нь үндсэн хуулийн тодорхой заалт зөрчиж байна гэж зарим хүмүүс үзэж байгаа. Тухайлбал 16 дугаар зүйлийн 18-д заасанчлан амьдрах газраа өөрөө сонгох эрхийг зөрчиж буй юм биш үү?

-Тариалангийн бүс нутаг, бэлчээрийн мал аж ахуй болон эрчимжсэн мал аж ахуй зэрэг нь үйлдвэрлэлийн хэрэгсэл бөгөөд төрөөс үйлдвэрлэлийн хэрэгслийн байршлыг зааж өгч байгаа болохоос биш, малчдын амьдрах газрыг зааж байгаа хэрэг биш юм. Тиймээс тариаланчид нь тариалангийн бүс нутаг болох талбайгаа дагаж, малчид нь бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйгаа дагаж амьдрах зүй тогтол үйлчилж байна гэж ойлгох хэрэгтэй.


Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлчийг загнасан прокурорыг гурван сарын цалингийн 20 хувиар торгожээ

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа сэтгүүлч асуулт асуухад “Нэг л асуулт асуу л даа, чи. Юун олон юм асуудаг юм бэ” гэж хэлсэн нь сошиалд хүчээ авсан.

Тухайн үедээ энэ асуудалд олон нийт нэлээн шүүмжлэлтэй хандаж, прокурорынхон энгийн иргэд болон гэмт хэрэгт сэжиглэгдсэн, шалгагдаж буй хүмүүстэй зүй бус харьцаж, дарамталж дээрэлхдэгийн нэгэн жишээ гэж дүгнэхэд хүргэсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, прокурорын байгууллагаас сэтгүүлчийг загнаж зандарсан, ажлын алдаа гаргасан У.Эрдэнэтуяа прокурорт гурван сарын цалингийн 20 хувиар торгох шийтгэл оноосон байна.