Categories
мэдээ улс-төр

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.02) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Б.Батзориг, Ц.Гарамжав нараас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын хоёр томъёоллоор санал хураав. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 6 дугаар зүйлд Улсын Их Хурал бүрэн эрхийн хүрээнд хүнсийг баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, гааль, татвар, зээлийн бодлогыг тодорхойлох, хүнс баяжуулалтын талаар хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэх, дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв батлах, баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих үндэсний хөтөлбөр батлах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг агуулгатай хэсэгт заалт шинээр нэмж, мөн төслийн 10 дугаар зүйлийг хасахаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн.

УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжив

Үргэлжлүүлэн Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсантай холбогдуулж “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир танилцуулав.

Уг тогтоолын төсөлд, Баяжуулсан хүнсний тухай хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон бэлтгэл ажлыг хангах, албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт болон захиргааны хэм, хэмжээний актыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор батлах, хүнсийг албан журмаар баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих, үйлдвэрлэл эрхлэгч нарт боломжтой хэлбэрээр дэмжлэг үзүүлэх, холбогдох хуулиудад нэмэлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслийг боловсруулж 2019 оны 01 дүгээр сарын 01-ий өдрийн дотор танилцуулахыг Ерөнхий сайдад үүрэг болгохоор тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээлэл хийлээ

Хуралдааны төгсгөлд Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Яармагийн гүүрээс Баянзүрхийн гүүр чиглэл, Туул голын урд талын хэсэг нь Тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг, голын хойд талын барилгажсан хэсэг нь Нийслэлд хамаардаг. Энэ хүрээнд Яармагийн гүүрээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан ч зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот тушаалаар дуусгавар болгон шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэгт “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ” гэсэн зорилт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт туссан аялал жуулчлалын зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Нийслэлийн ард, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах үүднээс газар ашиглах эрх нь дуусгавар болсон тухайн байршлууд дээр автомашин болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, хог хаягдлын цэг, сүүдрэвч, отоглох цэг, тэмдэг тэмдэглэгээ, ногоон байгууламж бүхий аялал жуулчлалын нэгдсэн төлөвлөлт хийж хамтран ажиллах тухай 10/1988 тоот албан бичгийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлэн хамтран ажиллаж байна гэдгийг салбарын сайд Н.Цэрэнбат мэдээлэлдээ онцоллоо.

Мөн дахин 20 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг гарган Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр цуцлах мэдэгдэл хүргүүлсний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Газар ашиглах эрх нь цуцлагдсан байршлууд болон Маршлын гүүрээс Баянзүрхийн товчоо чиглэлд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран аялал жуулчлалын ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 300-500 сая төгрөг, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхэд 2.5 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар тэмдэглэлийг гаргуулж нийслэлийн Засаг даргатай хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 264 автомашины зогсоол, 60 дугуйн зогсоолын бүтээн байгуулалтын ажлыг 2017 онд хэрэгжүүлэн хүлээн авсан гэдгийг Н.Цэрэнбат сайд мэдээлэлдээ дурдав.

Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат, Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуу аялал жуулчлал эрхлэх зориулалтаар эрх бүхий компаниудын хууль бус ажиллагааг таслах зогсоох ажлын явц, цаашид салбарын яамны зүгээс баримталж байгаа бодлогын талаар тодруулав.

Ажлын хэсгийн зүгээс, Богдхан Уулын дархан цаазат газарт хамаарах Туул голын эрэг дагуух аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан 52 аж ахуй нэгж байгаагийн 48-ынх нь эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 тоот тушаалаар дуусгавар болгон цуцлаад байгаа. Одоогоор таван иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлснээс шүүхийн маргаантай асуудал үүссэн байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан нийт 52 аж ахуйн нэгжийн 19 нь газрын төлбөр огт төлөөгүй, 25 нь дутуу төлсөн, бүрэн төлсөн дөрвөн аж ахуй нэгж байгаа хэмээн хариулсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ соёл-урлаг

700-1000 жилийн өмнөх бичиг үсэг, эд өлгийн зүйлсийг дэлгэлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл, урлагийн газраас энэ сарын 1-6-нд улс орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Төрийн түүхийн музейд өнөөдөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн академич Р.Отгонбаатарын эртний үеийн судар бичиг, эд өлгийн цуглуулгаас дэлгэсэн үзэсгэлэнг ирээдүй болсон хүүхэд залуучуудад сурталчлан таниулах зорилгоор олон нийтийн хүртээл болголоо. Энэхүү үзэсгэлэнд эртний судар ном, бичээс, тэдгээрийг хэддүгээр зуунд, хэрхэн хэрэглэж ирсэн гэх мэт сонирхолтой үүх түүхийг өгүүлэх 150 гаруй том, жижиг эд өлгийн үнэт өвүүдийг харуулсан байлаа.

Үзэсгэлэнгийн танхимаар ороход шилэн хоргонд дээрээс нь давхарлан өрсөн хайрцагнууд хүмүүсийн анхаарал татна. Дөхөж очоод тайлбарыг нь уншвал “Монгол номын шогол” гэжээ. Эрдэмтдийн тайлбарласнаар эрт дээр үед монгол ном судрыг одоогийн хэллэгээр дүрсэлбэл авдар сав шиг хайрцагт хийж хадгалдаг байж. Энэхүү модон материалтай, гадна тал нь төрөл бүрийн хээтэй өнгө үзэмж бүхий хайрцгийг шогол гэж нэрийддэг бөгөөд судар номоосоо хамаарч, урт, богино хэмжээтэй байдаг аж. Дараагийн хоргон дахь бар сийлбэрийн багаж мөн л олны анхаарлыг татна.

Ерөөс энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн бүхий л үзмэрүүд туйлаас сонирхолтой. Магад хэдэн зуун жилийн өмнөх монголчуудын бичиг үсэгтэй холбоотой бүхий л үүх түүхийг хадгалж, тээж байгаа утгаараа ганцхан монголчуудын бус гаднынхны сонирхлыг ч татдаг нь дамжиггүй. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр академич Р.Отгонбаатар, “Энэ үзэсгэлэнгээ би өнгөрсөн жил Франц улсад дэлгэсэн юм. Тэр үеэр Францын нэг хүн над дээр ирж, Чингис хааныг би яаж тийм том гүрнийг гагц эр, бяртай цэрэг, эрэмгий хурдан хүлгийнхээ тусламжтай эзэлсэн юм бол гэж өнөөг хүртэл гайхдаг байлаа. Энэ үзэсгэлэнг үзээд миний эргэлзээ бүрмөсөн тайлагдлаа. Ийм аугаа их бичиг үсгийн соёлтой улс тийм том их гүрнийг байгуулахгүй гээд ч яах билээ ” гэсэн хэмээн бахдангуй ярьсан юм.

Ингээд үзэсгэлэнгийн сонин хачин зүйлийг үзэж сонирхохоор цааш явлаа. Шилэн хоргонд байсан бас нэг сонирхол татсан эд зүйл бол бар сийлбэрийн долоон төрлийн багаж хэрэгсэл өврийн хайрцгийн хамт байх. Сайтар харвал шөвөг шиг хэдий ч долоон багаж бүрийн хошуу нь урт, богино, бүдүүн, нарийн эсвэл яг л цаасны хутга шиг хавтгай гээд төрөл бүрийн хэлбэртэй юм. Тэдгээрийг өврийн хайрцагтаа хийгээд авч явдаг байсан аж. Магадгүй эдгээр хэрэгсэл мужаан, дархан хүмүүсийн гар доорх зэвсэг байсныг илтгэх мэт. Энэ мэтчилэн бэхийн түрхүүл болон хос хумх, хулсан үзгийн хуй тугтуунууд, гарын тэмдэг, номын тамга, модон тамга гэх мэтчилэн эртний монголчуудын бичиг үсгийн соёлыг илтгэх олон төрлийн хэрэглэгдэхүүнийг дэлгэжээ.

Тэрчлэн монголчууд эрт дээр үеэс л цэвэрч нямбай байсныг илтгэх чагтан шахлагын тухай дурдахгүй өнгөрч боломгүй. Энэ шахлага нь тамгыг тэгш, зөв дарахад хэрэглэхээр бүтээсэн тусгай зориулалтын мод аж. Мөн үхрийн эврээр шугамны ором гарган эвэр зуруул хийсэн нь монголчуудын дундаршгүй их суу ухааныг илтгэж буйг академич Р.Отгонбаатар онцолсон юм.

Харин хананд өлгөсөн бүтээлүүд нь ихэвчлэн судар бичигтэй холбоотой байв. Соёмбо Сүлд тэмдгийн бар, Хэвтээ дөрвөлжин, Тод болон Соёмбо үсгийн цагаан толгой, үйсэн дээр бичсэн тарни мөргөлийн бичиг гээд ховор нандин дурсгалууд байна. Эдгээрээс 700 орчим жилийн өмнөх дөрвөлжин үсэгтэй цаасан мөнгө нь монголчуудын мөнгөн тэмдэгтүүдийн түүхэн дурсгалт бичээс болж, өнөө хэр хадгалагдсаар байгааг харуулна. Мөн 1268 онд Хубилай хаан Пагва лам Лодойжалцангаар зохиолгосон Дөрвөлжин үсгийн цагаан толгой нь Монголын нэгэн зүйл үсэг бөгөөд түүний хожуу үеийн бичмэл цагаан толгойнуудыг тэнд дэлгэсэн байлаа. Үүнээс гадна Энэтхэг, Төвдийн хувилгаадын намтар шастирыг өгүүлсэн номлолууд ч байх юм. Хамгийн сонирхол татсан нь тэртээ 19 дүгээр зууны үед Там ба Бэрдийн орны байдлыг монголчууд хэрхэн төсөөлөн зурсан байгааг таван цуврал өнгөт зургаас харж болно. Тамд очвол хэрхдэг, Бэрдийн оронд ямар байдгийг ийн төсөөллөөр зурсан байлаа. Энэхүү сонирхолтой “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” нэртэй үзэсгэлэн 16 хоногийн турш Төрийн Түүхийн музейд үнэ төлбөргүй дэлгэгдэх тул эцэг эхчүүд болон хүүхэд залуусыг үзэж сонирхохыг уриалъя.

Categories
мэдээ спорт

Туялзуур сэлэмний УАШТ-д Б.Гэрэлмаа тав дахь удаагаа түрүүллээ

Монголын туялзуур сэлэмний холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Багануур дүүрэгт болов. Эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэйчүүдийн зургаа дахь удаагийн тэмцээнд зургаан багийн нийт 100 орчим тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ангилалд Б.Батхүү, эмэгтэйчүүдэд Б.Гэрэлмаа нар аваргаллаа.

Энд онцлоход Б.Гэрэлмаа тус тэмцээнээс тав дахь алтан медалиа авсан бол Б.Батхүү хошой аварга болжээ. Мөн багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ үеэр болоход эрэгтэйчүүдэд “Хангарьд” спорт хороо илүүрхсэн бол эмэгтэйчүүдээс “Ub Fencing” клуб түрүүлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох замын ажлын хүрээнд 2018 оны тавдугаар 02-ноос зургадугаар сарын 01-ний өдрийг хүртэл ПК 00+950-иас ПК 01+110-ын хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх хугацаанд замын суурь болон чулуун хучилт хийх, хашлага суулгах, явган хүний зам байгуулах ажлуудыг хийх юм. Тиймээс эрхэм авто зам хэрэглэгчид та бүхэн бусад холбоос замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хоёр Солонгос төмөр замаа холбох ажлаа эхлүүлжээ

Өмнөд болон хойд Солонгос улс өнгөрсөн сарын 27-ны өдөр дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ хоёр улсын хооронд төмөр болон авто замаа холбох, Хойд Солонгосын төмөр замын барилга байгууламжийг шинэчлэх, эх газрын төмөр замын холболтыг сайжруулах судалгааг эрчимтэй явуулахаар болсон юм. Уг ажил хэрэгжвэл энгийн иргэн болон бизнес эрхлэгчид эх газрын төмөр замыг ашиглан ачаа бараагаа Ази Европын хооронд тээвэрлэх боломжтой болох ажээ. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын төмөр замын судалгааны хүрээлэн өнөөдөр “Хойд Солонгосын төмөр замын асуудлыг шийдэн, сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлж, Өмнөд болон Хойд Солонгосын галт тэргийг 50-аас дээш тооны чингэлэгтэй ачааны галт тэргэнд хэрэгтэй холбогч болон тоормосны систем шинэчлэн хийж байгаа” гэж мэдэгджээ.

Өмнөд ба Хойд Солонгос, Хятад, Европын төмөр замын хэмжээ 1435 мм байдаг бол ОХУ-ынх 1520 мм буюу 85 мм өргөн байдаг юм байна. Өмнөд болон Хойд Солонгос, Хятад, Оросын төмөр зам холбогдсоноор Өмнөд Солонгос улс ачаа тээврийг Европ тив хүртэл хуурай замаар тээвэрлэх боломжтой болох бөгөөд агаарын тээврийн зардал 20 хувиар буурч, тээвэрлэх хугацаа 34 хувиар богиносох боломжтой болох ажээ.

Categories
мэдээ спорт

МҮБХ-ны Цэцдийн зөвлөл маргааш хуралдана

МҮБХ-нд үүсээд буй асуудлаас шалтгаалж, Баянзүрх дүүргийн прокуророос ээлжит бус “Их Эе” хуралдсаны дараа Монгол бөхийн өргөөг нээх, мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос яаралтай “Их эе”-ийг хуралдуулж, МҮБХ-ны удирдлагыг сонгон Баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралд оролцуулахыг шаарджээ. Энэ дагуу өнгөрсөн сарын 27-ны өдөр 21 аймгийн төлөөлөл бөхчүүд хуралдаж, дүрмийн дагуу 2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээс сонгогдсон доорх Цэцдийн зөвлөлийг нэн даруй хуралдуулахаар шийдвэрлэсэн юм. Уг цэцдийн зөвлөл хуралдсанаар МҮБХ-ны ээлжит бус “Их Эе”-ийн товыг зарлах юм. Иймээс уг Цэцдийн зөвлөлд сонгогдож байсан гишүүд маргааш буюу тавдугаар сарын 3-нд хуралдахаар болсон байна.

2002 оны IV “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүд:

1.Х.Баянмөнх дар.ав
2.Б.Бат-Эрдэнэ дар.ав
3.О.Балжинням у.ав
4.А.Сүхбат дар.ав
5.У.Мижиддорж у.а
6.Л.Сосорбарам у.а
7.Д.Мөнх-Эрдэнэ у.а
8.Д.Амгаа у.з
9.З.Дүвчин у.з
10.Ж.Ганболд у.з
11.Ц.Цэрэнпунцаг у.г
12.Ц.Баярсайхан у.з
13.Ч.Батзориг у.з
14.Д.Сэрээтэр у.х
15.Ч.Өвгөнхүү у.х
16.Б.Онх у.н
17.Г.Пүрэв-Очир у.н
18.Д.Дашжамц у.н
19.Ц.Дуламсүрэн у.н
20.Б.Адъяахүү у.н
21.С.Мөнхнасан а.а
22.Д.Самданжамц а.а
23.Ц.Шийрэв а.а
24.Д.Батболд у.х
25.Г.Бор а.н
26.Д.Данзан б.з
27.З.Жанжаадорж б.з
28.А.Зангад б.з
29.Р.Нямдорж б.з
30.З.Ойдов б.з
31.Х.Пүрэв б.з
32.Б.Сүхбаатар б.з
33.Ү.Хүрэлбаатар б.з

Аймгуудын бөхийн холбооны дарга нар
1.Б.Өсөхбаяр -Архангай
2.Ш.Хабыл -Баян-Өлгий
3.Ц.Дашцэрэн -Баянхонгор
4.А.Ганболд -Булган
5.Ц.Гончигсүрэн -Говь-Алтай
6.Ш.Насанбат -Говь-Сүмбэр
7.Д.Батбаяр -Дархан
8.С.Түмэнбаяр -Дорноговь
9.Б.Мөнхбат -Дорнод
10…………………… -Дундговь
11.Д.Энх-Амгалан -Завхан
12.Д.Батлут – Орхон
13.Ч.Хүрэлбаатар -Өвөрхангай
14.Н.Наранбаатар -Өмнөговь
15.Ц.Хүрэлбаатар -Сүхбаатар
16.Т.Өсөх-Ирээдүй -Сэлэнгэ
17.А.Ууганбаяр -Төв
18.П.Баттулга -Увс
19.Г.Цэдэнбал -Ховд
20.Г.Эрдэнэбаяр -Хөвсгөл
21.Н.Ганбямба -Хэнтий

Categories
мэдээ спорт

Тивийн аваргад барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 10-13-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болно. Хөвгүүдийн 20, охидын 17 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын нэрс тодорлоо. Ташкентийн дэвжээнд хөвгүүдийн 45 кг-ын жинд Б.Отгонбаатар (Баянхонгор), 48 кг-д Б.Мөнх-Эрдэнэ (Увс), 51 кг-д П.Дашцэрэн, 55 кг-д Н.Төгсжаргал (хоёул Дархан-Уул), 60 кг-д У.Эрдэнэбаяр (Орхон, Ирээдүйн одод), 65 кг-д О.Сүлдхүү (Дархан-Уул), 71 кг-д М.Тэмүүжин (Төв), 80 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 92 кг-д М.Банзрагч (Архангай), 110 кг-д Ц.Билгүүн (Увс) нар эх орнөө төлөөлөн барилдах юм.

Харин охидын 40 кг-д Б.Номун (Женко), 43 кг-д Б.Энхзул (Чингэлтэй дүүрэг), 46 кг-д А.Отгонзаяа (Дархан-Уул), 49 кг-д Д.Отгонжаргал (Женко), 53 кг-д М.Пүрэвтунгалаг, 57 кг-д Б.Хонгорзул (хоёул Баянхонгор), 61 кг-д Б.Оюунгэрэл (ТСБТСДуС), 65 кг-д Т.Оюун-Эрдэнэ (Завхан), 69 кг-д Г.Намуунцэцэг (Архангай), 72 кг-д Б.Намуунзаяа (Налайх) гэсэн бүтэн багаараа оролцоно. Дасгалжуулагчаар гавьяат тамирчин Б.Наранбаатар (Аваргууд), Д.Мөнхбаяр (Налайх), П.Чулуунбаатар (Чингэлтэй дүүрэг), Ё.Батдархан (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), Т.Амарбат (Хэнтий), Ч.Мөнхбат (Архангай), шүүгчээр олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Б.Алтангадас нар ажиллана.

Categories
гадаад мэдээ

Харри, Меган нарт зориулан дурсгалын зоос гаргажээ

Британийн ханхүү Харри, холливуудын уран бүтээлч Меган Маркл нар энэ сарын 18-нд Лондон хотноо хуримаа хийх билээ.

Тэгвэл уг хуримын ёслолд зориулан Хатан хааны ордноос ханхүү болон Меганы хөрөгтэй дурсгалын зоосон мөнгийг гаргасан байна.

Зоосон мөнгөний нүүрэн талд хосын сүй тавих үеийн гэрэл зургаас санаа авч урлажээ.

Харри, Меган нарт зориулан ДУРСГАЛЫН ЗООС гаргажээ Arslan.mn

Categories
мэдээ нийгэм

“Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аян өрнөж байна

НЗДТГ, НЭМГ-аас хамтран сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, идэвхтэй эрт илрүүлэг болон сүрьеэгийн хавьтал илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аяныг 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 19-ний өдрийн хооронд зохион байгуулна. Энэхүү аяны хүрээнд сүрьеэгийн идэвхтэй эрт илрүүлгийг нэмэгдүүлж, сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулах, эмчилгээний амжилтыг дээшлүүлэхэд чиглэсэн салбар дундын уялдаа холбоог эрчимжүүлэх олон ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэдийн дунд “Сүрьеэгүй дүүрэг, хороо, хамт олон, аж ахуйн нэгж” болох үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, “Тэргүүний дүүргийн Засаг даргын Тамгын газар”, ”Тэргүүний дүүргийн Эрүүл мэндийн төв”, “Тэргүүний хороо”, “Тэргүүний Өрхийн эрүүл мэндийн төв”-ийг шалгаруулж, урамшуулах юм хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймагт гурван ихэр охин мэндэллээ

Орхон аймгийн БОЭТ-д өчигдөр гурван ихэр хүүхэд мэндэллээ. Их-Залуу багийн иргэн Э.Одхүүгийн гэргий н.Цэрэннадмид 2120, 1820, 1890 жинтэй гурван охин төрүүлж, дөрвөн охинтой боллоо.

Ээж хүүхдүүдийн бие сайн байна. Э.Одхүү, н.Цэрэннадмид нар хоёулаа Булган аймгийн Бугат суманд багшилдаг юм.
Орхон аймгийн БОЭТ-ийн Төрөх тасагт 2004, 2017 онд гурван ихэр хүүхэд мэндэлж байсан бол энэ он гарсаар гурав дахь гурван ихэр хүүхэд мэндэлсэнд тус тасгийн эмч нар ихэд бэлгэшээж байна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн онд мэндэлсэн гурван ихэр хүүхдийн гэр бүлд Орхон аймгийн төр захиргаанаас орон сууц бэлэглэж байсан юм.