Categories
мэдээ цаг-үе

Цэндийн Доржготов: Нохойн хөшөө барилаа гээд эхийн эндэгдэл буурч, гэмт хэрэг багасах уу даа …

Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Цэндийн Доржготовтой уулзаж хөөрөлдлөө. Москва хотын Хэвлэлийн дээд сургууль дүүргэж, “Тоншуул” сонинд ажиллан уран бүтээлээ туурвихдаа тэрээр “Улаан орхимжны давалгаа”, “Шим мандал”, “Цагийн өнгө”, “Үзэсгэлэн гоо мөнх бус”, “Тэнгэр дуугарахын өмнө”, “90 хоногийн оргодол”, “Бурханы ходоод лонх биш”, “Нөгөө нэг явдал” зэрэг роман тууж, ёс суртахууны сэдэвт олон өгүүллэг, хошин зохиолууд болон хоржоонтой уран егөөдөл бүхий нийтлэл, хэдэн зуун шог зургаараа олны танил болсон уран бүтээлч билээ.


-Наяад оны сүүлээр дөрвөн сарын нэгэн болохоор “Азтай бадарчин” энэ тэр болоод их сайхан байсан санагддаг. Тэр үед та ч зохиол бүтээлээрээ их оролцдог байв уу?

-“Азтай бадарчин” сайхан болдог байсан нь хоёр гурван шалтгаантай байх. Дөрвөн сарын нэгэн болоход шог зохиолчид уулзалт зохион байгуулна. Тэр үед одоог бодоход үзэж харах зүйл ч ховор байсан. Дуурь, драмын театрууд, улсын циркэд болсон ийм уулзалтуудад цонх үүдийг нь хагалаад нэлээд хохирол гаргаж л байж. Д.Даржаа гуай тэргүүлээд Жаргалын Барамсай, Шагдайн Цэнд-Аюуш бид хэд оролцоно. Бидний уран бүтээл хүний дурыг булааж байсан нь юу л бол. Яахав сонсъё гэсэн гайгүй юмнууд байсан л байх. Ер нь тэр үед Улаанбаатарын иргэд юм үзэж чаддаггүй байж. “Элдэв-Очир”, “Ард” кино театруудад орос кино л гарна. Одоо цагт өдөр болгон, долоо хоног бүр л хошин шогийн шинэ тоглолттой байх юм, зурагтаар гарч буй сурталчилгааг харахад.

-Таны бие лагшин тунгалаг уу. Хавар болж байна, гадуур дотуур явах юм уу?

-Жил ирэх тусам л хөл хумигдаад байна. Ноднин овоо байсан, энэ жил тэрэндээ хүрэхгүй. Уржнан бол одоо бодоход би залуу хүн шиг давхиж байж. Тэгээд одоо яахав, хорвоогийн жам хойно гэртээ сууж байна. Монгол сайхан эх орондоо төрөөд хар нялхаасаа ажил хийгээд, сургуульд сураад бусдын адил яваад байсан хүн. Дээшээ нэг их цойлсонгүй, доошоо ч нэг их унасангүй. Хөгшин бид хоёр насны тэтгэвэртээ, дулаан байранд, хүүхдүүд тойроод байж байна. Сайхан л өтөллөө. Тэгтлээ их үглээд дуулаад байх юм надад алга. Энэнээс илүү яахав. Яагаад би ийм өөдрөг сэтгэлтэй байна вэ гэвэл нэгдлийн мал насаараа малласан аав ээж хоёр минь тэтгэвэр гэдэг юмыг үзэлгүй үхсэн юм байгаа юм. Би амралтаараа аав ээж хоёр дээрээ их очимхой хүүхэд байсан. Очоод хэд хоноход тэр хоёр минь малын хойноос сөхөрч унатлаа явж байсныг өөрийнхөө дулаан байранд тарвалзаж буйтай харьцуулаад бодохоор тэнгэр газар шиг ялгаатай, би их азтай байна.

-Та ч нийгмийг өөрийн өнцгөөс хардаг, сэтгэгч-шүүмжлэгч хүн дээ. Зурагтаас өнөөгийн байдлыг харж анзаарч л суугаа биз?

-Энэ капиталист нийгэм гэдгийг чинь бүх өмч өөрийнх болоод, төрийн тогтолцоо нь олон намтай болоод зөвхөн хуулин дор л ямар ч хүн амьдарна гэсэн нэг үг байдаг шүү дээ. Би энэ ардчилал, зах зээлийг чинь ийм зам гэж ойлгосон юм. Гэтэл энэ нийгэмд хууль үйлчлэхгүй байна. Яасан ч олон телевизүүдтэй юм. Нэг нь юм ярихад нөгөөх нь тэс хөндлөн юм гаргаад л, эмхрэхгүй бол ч нэг л биш ээ. Яваандаа эмхрэх биз. Жараад оноос л сургаар Япон тэгдэг гэнэ, Америк, Баруун Герман тийм гэнэ гэж хааяа тийш явсан хүнээс дуулаад ардчилал, зах зээл гэдэг юмны талаар төсөөлөлтэй болсон хүн. Зөвлөлтөд жараад онд намайг сурахаар очиход сэхээтнүүд нь ардчилсан үзэлтэй “Өөрөөр сэтгэгчид” гээд намын хараанд өртчихсөн үе байсан юм. Аав ээж малаа нийгэмчлэлд булаалгаж дээрэмдүүлээд дотроо юмтай очсон намайг Оросын тэр залуучууд ухааруулж, санаа бодлыг минь дэлгэрүүлж өгсөн. Хүмүүс намайг “Москвад төгссөн юм чинь улаан коммунист” гэж боддог байх. Би тэр оросын уран бүтээлч нөхдийн нөлөөгөөр объективный байдлаар аливааг дүгнэх санаатай шүү явсан юм бол уу даа. Нийгмийг шүүмжилдэг “Тоншуул” сонинд ажиллах болсон би ч азтай хүн. Би худлаа магтаж үнэндээ чадахгүй. Үнэн сайхан юмыг магтах бол бахархалтай шүү дээ. “Тийм биш ээ” гэсэн юмаа магтах чинь зовлонтой ёо доо. Одоо ч та нарт ийм зовлон тохиолддог л байх даа. Мөнгө төгрөг өгдөг авдаг гээд ярих юм. Тийм юм ч цаанаасаа муухай шүү.

-Үнэн сайхан юмыг магтах сайхан гэлээ. Танд юу үнэн сайхан санагддаг вэ?

-Хүний нэг сайхан мөн чанар байдаг даа. Хамгийн дээдийн сайхан нь ээжийн сэтгэл юм даа. Энийг чинь хүн яаж шүүмжлэх вэ дээ. Үнэн, худал мэдэгдэхгүй ч гэсэн Буддагийн зөв амьдрах тухай сургаалийг уншихад сайхан юм байна гэж санагддаг. Гэхдээ хүний хувь тавилан өөрөөс нь шалтгаална. Өөрөө бурханы зааснаар зөв амьдрах нь зөвхөн өөрөөс л шалтгаална. Үндсэндээ Бурханы шашны мөрөөр насан турш зөв замнасан хүн цөөхөн байдаг. Тэвчээр алдарна, эдэд шунана, хүнээс чинь янз бүрийн муу араншингууд гарч ирдэг байхгүй юу. Надаас ч ялгаагүй л муу араншин гарна. Тэрийгээ гагцхүү Буддагийн зөв амьдрах сургаалтай харьцуулаад “Ингэхэд болохгүй, тэгвэл болно” гэдгийг ялгаж байх учиртай. Бурханы сургаал надад хэрэг болсон. Бурхан байж ч мэднэ, байхгүй ч байж болно. Хамгийн гол нь сургаальд заасанчлан чи нүгэлгүй орлогоор амьдар. Өөрөөр хэлбэл чи хээл хахууль авч болохгүй нь ээ дээ. Хөлсөө цутган хөдөлмөрлөж, оюунаа шавхан байж олсон мөнгөөрөө амьдар гэсэн гайхамшигтай сургаал байна шүү дээ.

-Таны саяхан гаргасан номд “Гашууны голын хүү”, “Ерэн хоногийн оргодол” гэсэн бүтээлүүд чинь орсон байсан. Тэнд гарч байгаа аав нь шоронд орж байгаа, битүүний шөнө тэмээгээр ирж байгаа зэрэг явдлууд таны амьдралд тохиож байв уу?

-Яг бодит явдал ч биш юм аа. Уран зохиолыг арай ч тэгж амьдралыг хуулж бичихгүй шүү дээ. Ерөнхий ноён нуруу нь бол тэр. Тэр рааманд би уран сайхан оруулаад хүний нэр усыг нь өөрчлөөд явчихсан юм. “90 хоногийн оргодол” туужид дотуур байрны хүүхэд өлсөж цангаж байгаа, хонь мал төллүүлж, ээж нь их ядарч байгаа, аав нь шоронд явж буй энэ тэр бүгд л монгол түмний туулсан амьдрал. Ганц манай аав хэрэгт татагдаж байгаа юм биш шүү дээ. Овоо малтай айлуудад мундаг ногдол оноогоод, тэд нь гүйцэхээ байгаад шоронд явчихдаг. Үнээнийхээ сүүг өөрөө ууж чадахгүй, тугал нь ч хагас хугас хөхнө. Тийм айхтар татвартай байлаа. Айраг овоо гайгүй байснаа сүүлдээ айраг хуу хамдаг болсон. Малын ашиг шимийг яагаад тэгж их хэрэглэх болсон нь ойлгомжгүй л байдаг юм. Орос руу малыг хөлөөр нь их гаргасан шүү дээ. Энэ тухай ярихаар “Зөвлөлтийн ачаар сурчихаад мууллаа” гэж үзэх янзгүй хүн олон шүү. Намайг оюутан байхад Оросын сэхээтэн, уран бүтээлч нөхөд “Оросууд хөрш орноо хөгжүүлэхгүй юм. Аль том төслийг нь гацаагаад байх юм” гэцгээхэд би “Юу л бол доо” гэж гайхдаг л байсан. Манайд ч “Эрдэнэт”-ээс өөр том төсөл ч ямар байсан ч биш дээ. Ялангуяа Киевээс ирсэн хэдэн оюутан надад их ярьдаг байсан. Одоо харж байхад үнэн л байж. Украйнчууд бол монголчууд биш шүү дээ. Оросуудтай хэрэлдвэл хэрэлдэнэ, зодолдвол зодолдоно, маргавал маргана. Би нэг муу монгол хажуугаас нь харж байхад украйнчууд “Та нар дарлаад байна. Бид тусдаа байх хэрэгтэй. Тэгээд найрамдалтай ах дүү хөрш байвал сайхан явна” гэдэг байсан. Оросууд бол дээрэлхүү юм билээ. Тэрэндээ ч импер нь задарсан. Хоёр импер задрахыг бид үзлээ.

-Нэг импер нь ЗХУ байсан. Харин нөгөөх нь?

-Чин гүрний импер 1911 онд нураад ойчсон. Англи, Америк, Япон, Орос тал талаас нь дайраад орсон. Энэ тодорхой түүх учраас би нэг их яриад юу хийхэв дээ. Тэгэхэд Манжийн хараат түшмэг улс шүү явсан монголчууд овсгоотой загнаж Чин гүрнийг бут үсрүүт шалавхан хуралдаж, тусгаар тогтнолоо зарлаад л Богд хааны тамгатай бичгийг хоёр сарын дараа тусгаар болсон Хятадын Засгийн газарт илгээсэн байгаа юм. Ийм том гүрнүүд задарлаа. Хүнд ч гэсэн уруудах, дээрдэх, дордох үе байдаг шүү дээ.

-Манай урд, хойд хоёр хөрш Монголыг хөгжүүлэхгүй “хадны завсар хавчуулсан халиуны зулзага” болгоод байна гэцгээх юм. Та энэ талаар ямар бодолтой явдаг бол?

-Би энэ тухай нэлээд бичдэг. Улсууд ч нэлээд хараадаг. Төр засгийн жолоодогч сайд улс чинь хамаагүй ярьж болдоггүй юм байна лээ, хөөрхий. Намайг ч гэсэн сайдаар тавьчихвал би одооных шигээ шүүмжлэлтэй ярихгүй. Яагаад гэвэл тэр том албанд очихоор улсын, төрийн хүн болчихно шүү дээ. Яагаад улс орны энэ байдлыг зохиолчид, сэтгүүлчид зоригтой хэлээд байна вэ гэдгийг чи бод доо. Би удирдагч, сайд нараас хамаагүй үнэн хэлдэг. Том зохиолчид дандаа л үнэн ярьдаг. Энэ бол төрийн өмнөөс биш Доржготов өөрийнхөө өмнөөс ярьж байгаа учраас тэр юм. Оросын шог зохиолчид биднийг их муу хэлдэг. Би тэрэнд нь жигтэйхэн уур хүрдэг байлаа. Одоо чукчаг орхичихоод “Тэнэг монгол тэгдэг гэнэ ээ” гээд ярьдаг болсон шүү дээ. Улстөрч хүн бол болгоомжтой ярихаас аргагүй. Тэд чинь үнэн худлыг мэдэж л байгаа. Улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой болохоор хэлэхгүй байх нь ч зөв. Зохиолчид, сэтгүүлчид бид тэдний хэлээгүй, яриагүйг хэлж бичиж байх ёстой. Гэхдээ муулсан болгон дийлдэггүй юм. Үнэнээр нь, юмыг нотолгоотой, (хамгийн гол нь үнэн гэдэг үг шалдан болчихоод байгаа юм) баримттай л хэлэх үүрэгтэй. Геометр, алгебрийн томьёо шиг үнэн баримттай, нотолгоотой бичих хэрэгтэй. Залуучууд та нараас тэрийг л хүсэж байна.

-Зохиолч, яруу найрагчид, уран бүтээлчид нийгмийн баялгийг бүтээгчид биш гэсэн хандлага нийгэмд бий болоод байх шиг…

-За яахав, тэд тэгвэл тэгж л байг. Бүхэл бүтэн гурван сая гаруй хүн байна. Хятад гэхэд 1.4 миллиард хүнтэй. Бүгдээрээ баялаг бүтээгчид гээд шавар зуураад барилга бариад байхгүй шүү дээ. Оюун санаа чинь маш их үнэ цэнтэй зүйл. Төр нь зөв бодлого явуулаад, иргэд нь гадны нөлөөнд хууртагдахгүй, үнэнийг ойлгочихвол авьяас гэдэг чинь үнэлж баршгүй баялаг. Яруу найрагчид, сайхан хоолойтой дуучид чинь энэ их олон хүн амын хэдхээн хувь нь юм. Энэ хэдхэн хувь хүмүүс массаа байлдан дагуулж араасаа шууруулах хэрэгтэй. Тийм хэмжээнд хүрэх эсэх нь уран бүтээлчдийн авьяас юм. Улс оронд уран бүтээлчид зайлшгүй байх хэрэгтэй. Шог зохиолчийг аваад үзье л дээ. Дээр үед “Бадарчны үлгэр” гэж яригддаг байсан биз дээ. Одоо ч гэсэн шог зохиолчийн энэ үүрэг байж л байгаа.

-Танай шог зохиолчдоос сүүлийн үед гайгүй уран бүтээл хийж байгаа хэн гээч авьяастан байна?

-“Тоншуул” сэтгүүл гарахгүй болохоор би сайн мэдэхгүй юм. Амарсайхан гээд залуу бичээд, зураад байгаа л сурагтай байх юм. Бас Дагвын Жаргалсайхан гээд залуу бий. С.Цогтбаяр “Тоншуул”-д татаад хэдэн сар ажиллуулж үзсэн байх. “Тоншуул”-аа гаргадаг чадалтай бол эд чинь улам л хөгжөөд, туурвиад л байна л даа. Намайг Нацагдоржийн шагнал авахад Жамцын Шагдарын “Монголд ирдэг хошин шогийн олон шувуудын нэг цөөрөм байдаг. Тэр нь “Тоншуул” гэсэн нэг үг байдаг юм. Уг нь сэтгүүлээ гаргачихвал хошин шогт дөртэй, дуртай эд маань нэг доор цуглачих л юм л даа.

-Өнөөгийн нийгэмд инээдэмтэй бас эмгэнэлтэй юм юу байх шиг байна?

-Амьдрал гэдэг юм чинь барагдашгүй, таагдашгүй. Хүн ч гэсэн таагдашгүй. Хүнийг бүрэн танина гэж байхгүй байх. Хүн таних байтугай би өөрийгөө ч ямархуу этгээд вэ гэдгээ таниагүй л явна. Тэрэнтэй адил ямар ч хөгжилтэй нийгэмд тайлагдахгүй юм нь хүн төрөлхтнийг зовоогоод л явах байх. Энэ оньсогыг тайлах гэсээр хүний оюун ухаан цэцэглэж хөгжиж байгаа юм. Ямар ч асуудалгүй болчихвол хүний нийгэм их хачин болчихно шүү дээ. Шог хошин зохиолоороо жишээ авахад л аливаа юм бүхэн тэнэгрээд байна. Тэнэгэрч байгаад нь би их харамсаж байгаа. Улс төрд сонголт хийж байгаа нь, талцаад хэрэлдэж байгаа нь, хамгийн аймаар нь төрийн том түшээ нь хүртэл ярьж хэлж байгаа нь дэндүү тэнэгэрч байгаагаа илэрхийлэх болсон. Хэн ч гэнэ вэ нэг гишүүн Баянзүрх дүүрэгт нэг чулуун нохойны хөшөө барьчихсан байгаа юм. Тэрийгээ сонин дээр “Энэ хөшөөг барьснаар хүүхдийн эндэгдэл эрс буурч, хулгай гэмт хэрэг багаслаа” гээд гаргачихсан байгаа юм. Тэр чулуун нохойны ачаар тийм юм болно гэж байх уу. Тэгж хэлэхээр л би урам хугараад байгаа юм. Гишүүнээс нохойны хөшөөний талаар биш одооны эдийн засгийн менежмент, хоёр хөрштэйгөө яаж зохицож, яаж гуравдахь хөрштэйгөө харьцах вэ гэх мэтийн өөр юм сонсмоор байна шүү дээ. Ийм тэнэгэрэл их байна аа. Тэнэгэрэл хүнийг ичихгүй болгочихдог байхгүй юу. УИХ-д хачин хачин юм яриад байгаа гишүүд байна аа даа. Эд чинь тэнэгэрээд ичих мэдрэмж нь ажиллахаа больчихсон байна шүү. Шог зохиолч энэ тэнэгэрлийг эдгээж, инээдийг өгдөөж, тэр муухай өвчнийг багасгах ёстой юм.

-Манай хошин шогийн хамтлагууд хятад болж худлаа шушмаатаж шулганах юм уу, хөдөөний эмгэд өвгөдийг л доромжилсон үзүүлбэрүүд тоглох юм. Нарны зайгаар зурагт үздэг болчихсон өнөө цагт тэгтлээ буйдарчихсан ухаантай эмгэд өвгөд ч нүдний гэм л болсон санагдаад байдаг юм даа?

-Тусгүй юм байгаа юм. Муудаа эрэлхэж байгаа юм. “Муу нь муудаа, муна нь гадсандаа дээрэлхүү” гэдэг байх аа. Тэрэн шиг л юм болж байгаа юм. Хүн үнэн юманд дургүйцдэг. Тэр дургүйцэл нийгэмд их багасч байна. “Өө, надад хамаатай биш, яасан ч яахав. Тэр тэгж хулгай хийгээд хилийн цаана луйвар хийжээ гэж ярихад л надад л хамаагүй байвал барав” гэдэг болж. Харин өөрсдөө авилга өгч, алхам тутамдаа хууль зөрчих эвгүй нөхцлийг бий болгоод байна шүү дээ. Үр хүүхдийнхээ ирээдүйг ч баллаж байна. Тэгээд нэг том хулгайчийн нөмөрт очиж байна. Нөмөрт байх нь яахав гэхэд тэр хулгайч нь дандаа хулгай хийхийг албадна. Нөгөө муу чинь сүүлдээ шоронд ороод том нь үлдчихээд байгаа баримт жишээ зөндөө байх юм. Энэ бол харамсалтай. Тааруухан, оюуных нь төвшин доогуур байгаа ард түмнээс муу дарга л сонгогдоно.


Categories
мэдээ цаг-үе

Л.Тунсаг: 2020 онд элэгний эмгэггүй орон болохоор ажиллаж байна

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, клиникийн профессор, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тусламж үйлчлгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагтай ярилцлаа.


-Анх эмч болж байсан дурсамжаас тань ярилцлагаа эхлүүлье. Ажлын гараагаа хаанаас эхлүүлж байсан бэ?

-Анагаах ухааны дээд сургуулийг 1985 онд төгсөж эмч мэргэжлийг эзэмшиж байсан даа. Дараа нь Төв аймгийн Баяндэлгэр сумын эмнэлгээс ажлын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Хоёр жилийн дараа Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр ирж 10 орчим жил ажиллаж байлаа. Тэгээд 1994 онд ХӨСҮТ-д тэр үеийнхээ элэгний архагийн тасагт эмчээр анх ажилд орж 24 дэх жилдээ явж байна даа.

-Эмч мэргэжлийг сонгож эзэмших болсон шалтгаан нь юу байсан бол. Тэр дундаа дотрын эмч их нарийн мэргэжил шүү дээ?

-Аав, эрэгтэй дүү хоёроо элэгний хорт хавдраар алдсан л даа. Аав маань эхээс олуулаа. Аавын маань ах, дүү нарын ихэнх нь элэгний өвчний улмаас эндсэн байдаг. Энэ өвчний улмаас дотны хүмүүсээ алдсан учраас элэг, цөсний эмчийн мэргэжлийг сонгосон. Эзэмшсэн мэргэжлээрээ олон жил ажиллаж элэгний өвчинтэй тэмцэж байна.

-ХӨСҮТ-ийн дэд захирлын албанд хэдэн онд томилогдсон бэ?

-Анх 2008 онд Хүний нөөцийн албаны даргаар томилогдож ажиллаж байсан. 2009-2013 он хүртэл эмчээр ажиллаж байгаад 2013 оноос өнөөдрийг хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын албыг хашиж байна. 33 жил эрүүл энхийн салбарт хүчин зүтгэсэн туршлагадаа тулгуурлаж энэ албыг хашиж байна даа.

-Таны ажлын арга барил юу вэ?

-Дарга удирдагч хүн өөрөө хүнтэй зөв харьцаж ажилтныхаа зовлон жаргалыг ойлгож байх хэрэгтэй. Удирдагч хүн эхлээд бусдыг сайн сонсдог байх хэрэгтэй.

Манай эмнэлэг 800 гаруй ажилтантай. Тэр болгоны зан төрх өөр өөр байдаг. Түүнд тааруулж харьцаж байж ажил амжилттай явна шүү дээ. Ажилтнаа маш сайн ойлгож, дэмжиж, урамшуулж байх нь чухал. Хүн чинь урмын амьтан. Жижигхэн юманд баярлаж ажиллах урам зориг аваг байхгүй юу. Миний ажлын арга барил хүний эвийг олж ажиллах.

-ХӨСҮТ-д сүүлийн үед ямар шинэчлэл хийгдэж байна. Энэ эмнэлгийн онцлог давуу тал нь юу бол?

-ХӨСҮТ бол онцгой объект, хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг. Ямар нэгэн халдварт өвчний дэгдэлт буюу улс орныг хамарсан гамшиг гарахад бид бэлэн байх ёстой. Манай үүрэг зорилго бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх. Бид хөдөө орон нутаг, нийслэлийн өрх дүүргүүдийг мэргэжил, арга зүйгээр хангадаг. Үүнээс гадна ЭМЯ-нд бодлогын бичиг баримт боловсруулахад гол үүрэг гүйцэтгэдэг, сургалтын том суурь эмнэлэг.

-ХӨСҮТ-д нийт хэдэн төрлийн хагалгаа хийдэг вэ?

-Уушгины болон уушгины бус гэсэн сүрьеэ өвчин байдаг. Иймээс уушгины хагалгааг хийж байна. Уушгины бус сүрьеэний хагалгаа гэхлээр нурууны, булчирхай авах гэх мэт мэс ажилбаруудыг бүгдийг нь хийж байгаа

-Энэ эмнэлгээр жилд хэд орчим хүн үйлчлүүлдэг вэ. Иргэдийн гол өвчлөл юу байдаг бол?

-Манай эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар бага насны хүүхдийн тууралтат халдварт өвчин, мөн гэдэсний халдвар, вирусын гаралтай элэгний өвчтэй хүмүүс зонхилон ирдэг. Хүүхдүүд тууралтат халдварт өвчин тусч ирдэг нь сэтгэл эмзэглүүлдэг шүү. Мөн вирусийн гаралтай элэгний өвчлөл их тохиолддог. Дээрээс нь бэлгийн замын халдварт өвчлөл болон сүрьеэгийн өвчлөл их байгаа. Манай эмнэлэг 550 ортой, үүнээс 200 оронд нь сүрьеэтэй хүмүүсийг авч эмчилдэг. Сүрьеэ өвчин нь нас баралтаараа бүх халдварт өвчний тэргүүнд байна. Энэ бол маш их сэтгэл зовоож байгаа асуудал. Жилдээ 4000 гаруй хүн сүрьеэгийн шинэ халдвараар өвдөж байна. Ялангуяа хүүхдүүд их өвдөж байгаад эмзэглэж байдаг. Сүрьеэгээр өвдсөн хүмүүсийн ихэнх нь хүндэрч ирж, мэс засалд ордог.

-Хүүхдийн тууралтат өвчлөл их байгаагийн гол шалтгаан нь юу вэ. Эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байна уу?

-Тууралтат халдварт өвчин олон янз байдаг. Мөн хоол хүнсээр дамждаг халдвар буюу гэдэсний халдварт өвчин буурахгүй байна. Энэ нь бохир гараар халдварладаг учраас эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлагатай салшүй холбоотой.

Мөн хүнсний аюулгүй байдал алдагдсан нь халдварт өвчин тусах гол шалтгаан болж байна. Дэлгүүр хоршоогоор ороход тодорхой шошго, тэмдэг байхгүй, хадгалалтын горим алдагдсан олон бүтээгдэхүүнийг хүүхдүүд авч хэрэглэж байгаа харагдах юм. Дээрээс нь хотын захын гэр хорооллын амьдрах орчин бохир байгаа нь халдварт өвчин үүсэх бас нэг шалтгаан болж байгаа. Энэ нь айл өрхийн амьжиргаатай холбоотой.

-Элэгний өвчнөөр манайд олон хүмүүс өвчилж байгаа. Энэ өвчлөлийн эсрэг ямар үйл ажиллагаа зохион байгуулав. Цаашид яаж ажиллахаар төлөвлөж байна?

-2017 онд Эрүүл мэндийн салбарын хийсэн хамгийн том ажил бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн явдал. 2016 оны есдүгээр сарын 13-наас ХӨСҮТ анх удаа С вирусийн ачааллыг тоолох шинжилгээ, С вирусийн эмийг эрүүл мэндийн даатгалд оруулах ажлыг эхлүүлсэн. ХӨСҮТ-ийн лаборатри бол улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн. Шинжилгээний гадаад хяналтаа Австрали улсад хянуулдаг.

Манайх бусад төрийн болон төрийн бус 22 лабораторт чанарын хяналт тавьж гэрчилгээ олгосон. Өнөөдөр бид “Элэг бүтэн Монгол” төслийн хүрээнд олон хүний “С” вирусийг нь тоолж, шинжилгээ хийж, хэрэгцээтэй эмийг нь уулгаад элэгний өвчлөлөөс сэргийлж чадсан. C вирусийн эсрэг эм уусан хүмүүсийн 99 хувь нь үр дүнгээ өгч, вирус тоологдохгүй болсон. 2018 оны дөрөвдүгээр сарын 4-нд Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хоёрдугаар шатны нээлт болох гэж байна. Энэ үйл ажиллагаанд манай төв тэргүүлж оролцоно.

-Ер нь элэгний өвчлөл манай улсад дэлгэрсэн гол шалтгаан нь юу вэ. Бидний хэрэглэж буй хоол хүнстэй холбоотой юу?

-1970-аад оны үед бид зүү, тариур дамжуулж хэрэглэсний улмаас халдварт шар өвчин гарсан. Үүний хор уршиг гарч 2000 оноос хойш олон залуус элэгний өвчөлөөр нас барсан. Харамсалтай нь тэр үед вирусийн эсрэг эм байгаагүй л дээ. Одоо бид 2020 онд элэгний эмгэггүй орон болох зорилго тавиад ажиллаж байна. Энэ зорилгод хүрэхэд саад болж буй хэд хэдэн бэрхшээлийн нэг нь эмийн аюулгүй байдал алдагдсан явдал. Өнөөдөр өвдөлт намдаах эмийг бага насны хүүхдэд өгч байгаа нь элгийг өвчлүүлж байна. Мөн Монгол эрэгтэйчүүдийн архины хэрэглээ асар өндөр байгаа нь элгийг өвчлүүлэх гол шалтгаан. Вирусийн гаралтай өвчлөлийг бол бид шийдэж байгаа. Ирээдүй болсон залуус архийг хэтрүүлэн хэрэглэж эрүүл мэндээ устгаж байгааг нь хараад харамсдаг. Залуус ч гэлтгүй өсвөр насныхан ч энэ ундааг хэрэглэж байгаа нь ирээдүйгээ баллаж байгаа хэрэг. Үүнийг ухаарах хэрэгтэй.

-Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажилласан хүний хувьд сэтгэл эмзэглэж явдаг олон зүйл байдаг болов уу?

-Сүрьеэгийн өвчлөл. Бид өнөөдөр энэ асуудлыг Засгийн газрын шийдвэр гаргах түвшний хүмүүст байдлыг танилцуулдаг. Бид улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд сүрьеэгийн асуудлыг ярьж шийдвэрлэхгүй бол ихэнх залуучууд сүрьеэгээр өвчилсөн байдаг. Сүүлийн үед бага насны хүүхдүүд сүрьеэгээр өвдөж хүндэрч ирээд нэг ч хонолгүй нас барах тохиолдол олон гарч байгаа. Энэ бол нийгмийн ядууралтай холбоотой.

Нэмээд хэлэхэд бэлгийн замын өвчлөл өндөр байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Үүний шалтгаан нь энэ олон дэн буудал, замбараагүй архидалттай холбоотой. Залуус эрүүл мэнддээ анхаардаггүй, мөн хийж бүтээх насандаа залуус гадны орныг олноор зорьж байгаа нь гэр бүл салалтад хүргэж байгаа. Үүний хохирогч нь хүүхэд. Үүнийг би эмч хүний хувьд хэлэхгүй байхын аргагүй.

-Эмч мэргэжлийн сайн сайхан нь юунд оршдог юм бэ?

-Эмч мэргэжлийн хамгийн сайхан нь хүнд өвчтөн орж ирээд эрүүл болоод талархснаа илэрхийлээд гарах юм даа. Эмч хүн сайхан инээмсэглэж ороод мэндлэхэд өвчтөн сэтгэлээрээ илааршиж байдаг.

-Эрүүл мэндийн салбарт олон жил тууштай ажиллаж хөдөлмөрлөснийг тань үнэлж олон шагнал өгсөн болов уу. Тэнд өлгөсөн “Алтан чагнуур” шагнал анхаарал татаж байна?

-2004 онд H1,N1 халдаврын голомтод ажиллаж эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан. Дараагаар нь 2012 онд миний хийж бүтээснийг төрөөс үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасан. Тэнгэрт гялалздаг од энгэрт гялалзахад баярладаг юм байна лээ. Миний аав 1972 онд энэ одонгоор шагнуулж байсан нь одоо ээжид хадгалаастай байдаг. 2013 онд “Алтан чагнуур” авсан. Энэ бол эмч хүний хувьд гавьяат авсантай тэнцэх хамгийн том шагнал гэж би боддог.

О.ДАШНЯМ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол Улс гурван хөл дээрээ босох нь ээ

график 1

У.Хүрэлсүхийн Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” гэж зарлалаа. Монгол Улсыг хөгжилд хүргэх гурван тулгуур нь хүн төвтэй нийгэм, олон тулгуурт эдийн засаг, шударга ёсыг дээдэлсэн, хариуцлагатай, сахилгатай, тогтвортой засаглал байх ажээ. Энэ гурван тулгуур дээрээ 27 зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлснээр Монгол Улс 2020 он гэхэд хөл дээрээ босох юм байна.

ХҮН ТӨВТЭЙ НИЙГЭМ ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бол хүнээ бүх талаар нь хөгжүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулсан нийгмийг цогцлоохыг хэлж байгаа юм. Хөгжлийн нэг тулгуур болсон хүн төвтэй нийгмийн төлөө гүйцэтгэх засаглал есөн зорилт дэвшүүлсэн юм билээ. Мэдээж, нэн тэргүүнд хүн ардынхаа эрүүл мэнд, аюулгүй амьдралын баталгааг бүрдүүлэхийг чухалчилжээ. Мөн оюунлаг, мэдлэгтэй, бүтээмжтэй нийгмийн гол суурь баазыг зузаатгахын тулд боловсролын хүртээмж, чанарын асуудалд анхаарах юм байна. Хүнээ хөгжүүлэхэд хамгийн чухал нь ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийнхээ ашиг орлогыг арвижуулах. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын чихэнд чимэгтэй мэдээ нь 263 мянган ажлын байрыг бий болгоно гэж байсан. Татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэхээр иргэдийн цалин хөлс, ашиг орлого нэмэгдэж, амьдралын түвшин сайжирна гэсэн эерэг дүр зураг харагдаж байгаа. Иргэддээ эдийн засгийн бодит өсөлтийг хүргэх нийгмийн бодлогын шинэчлэлийг хийснээр цалингийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулж индексжүүлсэн байдлаар нэмэхээр хөгжлийн бодлогодоо тусгажээ. Тэгэхээр ажилгүйдлийн тоо ирэх онуудад хэдий хэмжээгээр буурч, ядуурлын түвшин хэрхэн буурахыг график 1-ээс харах боломжтой.

график 2

ОЛОН ТУЛГУУРТ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ЯМАР АЖЛУУД ХИЙГДЭХВЭ?

Уул уурхайгаас хэт хамааралтай манай улс эдийн засгаа солонгоруулж, өнгө нэмэх тухай байнга ярьдаг. Бодлогын баримт бичгүүд ч олонтаа боловсруулсан байдаг. Тэгвэл Гурван тулгуурт хөгжлийн бодлогын нэг хөл нь “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого” юм. Энэ хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэржилтийг хөгжүүлнэ гэсэн зорилт тавьжээ. Мөн олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлогын салшгүй хэсэг нь Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө. Хөрөнгө оруулах шаардлагатай, ТЭЗҮ хийгдсэн 70 орчим төсөл байгаа юм билээ. Тухайлбал, “Эрдэнэс таван толгой” компанийн концессоор хэрэгжих дэд бүтцийн багц төслүүд байгаа гэсэн. Таван толгойн ордыг олон гарцтай болгохын тулд авто зам, төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх юм байна. Мөн Улаанбаатарын утааг арилгах, 21 аймагт шинэ хөдөө, газрын тос боловсруулах үйлдвэр, “Төв цэвэрлэх байгууламж” болон “Говийн хөгжил” төсөл багтжээ. Дээрхээс гадна хэд хэдэн багц төслийг явуулах аж. Тухайлбал, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинэ буудлын, Эдийн засгийн өсөлтийг дэмжих,бүс нутгийн интеграцид нэгдэх тээвэр, логистик, дэд бүтэц, Эрчим хүчний багц төслүүдийг нэрлэж байгаа юм.

Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бас нэг хөл нь эрүүл хүнсээр хүн ардаа хангаад зогсохгүй экспортлогч улс болох зорилт дэвшүүлсэн байгаа юм. Мөн орчин үеийн мэдээллийн технологи, тээвэр, логистикийн дэд бүтэц, кластерыг хөгжүүлж, аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлнэ гэжээ. Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төслийг боловсруулан төр, бизнесийн үүрэг хариуцлагыг зааглаж, бизнесийн орчныг таатай болгохоор төлөвлөжээ. Ингэснээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2020 он гэхэд 4018 ам.доллар болох юм байна. Одоогийн байдлаар 3600 ам.доллар байгаа аж. Эдийн засгийн өсөлттэй уялдаад нэг хүнд ногдох ДНБ хэрхэн өсөхийг график 2-оос тодорхой харж болно.

ШУДАРГА ЁСЫГ ДЭЭДЭЛСЭН, САХИЛГА, ХАРИУЦЛАГАТАЙ ТОГТВОРТОЙ ЗАСАГЛАЛЫГ ТОГТООХ ГАРЦ

Авлига бол хорт хавдартай адил. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын нэг багана нь засаглалыг сайжруулах тодорхойлолт юм. Ерөнхий сайд ч өөрөө авлигатай хатуу тэмцэнэ гэж мэдэгдэж гарч ирсэн. Тиймээс авлига, хүнд суртлыг халснаар сайн засаглалтай болно. Манай улс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар боловсруулахдаа эхнийхийг нь 2016-2019 он хүртэл авч үзжээ. Дараагийн үе нь 2020-2023 онд хэрэгжих юм байна. Бүх салбар, байгууллага, ажил мэргэжил рүү чиглэсэн авлигатай тэмцэх бодлого учраас цул хүчээр энэхүү “хорт хавдар”-тай тэмцэнэ гэсэн үг. Иймд Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилттэй уялдаж Монгол Улсын авлигын индексийг тодорхой хэмжээнд буулгах зорилт тавьсан байна. 2016 онд хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд авлигын индекс 38 байсан бол жилийн дараа хоёр байраар ахисан үр дүнтэй байгаа юм. Энэ эрчээрээ Монгол Улсын авлигын индекс нэлээд хэдэн байраар ахина гэсэн төсөөлөлтэй байгаа юм билээ. Өнгөрсөн жилүүдэд авлигын индекс ямар байсныг график 3-аар харуулъя.

Монгол Улсын Гурван тулгуурт хөгжлийн бодлогын зорилтод сайн засаглалтай болохын тулд “Бодлогын тогтвортой байдал”, “Төрийн институцийн тогтвортой байдал”, “Ёс зүйтэй, шударга, ил тод төрийн алба”-ыг төлөвшүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд Санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдалгүй болно гэж онцолсон байна. Тиймээс хэд хэдэн хуулийг шинэчилж, боловсруулах зайлшгүй шаардлага тулгарах нь ээ. Төрийн албаны хариуцлагын тухай хууль боловсруулж, Төрийн албаны ёс зүйн дүрмийг шинэчилэх юм байна. Үүнтэй уялдуулж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг шинээр гаргахаар болжээ. Цаашлаад сонгодог парламенттай, сайн засаглалтай улс болъё гэвэл Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиудаа ч шинэчлэх шаардлага гарах байх.

график 3

Ерөөсөө Засгийн газрын тодорхойлж байгаагаар Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг юм. Хөгжлийн энэ гурван баганыг тулж Монгол Улс босч ирэх нь ээ. Үүнийг зарим улстөрчид ялангуяа сөрөг хүчнийхэн шүүмжилж, тохуурхах хэрэггүй. Ямар ч удам сайтай хурдан хүлэг дөнгөж төрөнгүүтээ эхлээд гурван хөл дээрээ босдог шүү дээ. Унага ингэж анх тэнцвэрээ олж байх зуур дөрөв дэх хөлөөрөө тулаад ухасхийн чавхаддагсан. Монгол Улс Гурван тулгуурт хөгжлийн бодлого дээрээ босч ирэхийн тулд Төрийн гурван өндөрлөг нэг тийш харах ёстой. Юутай ч Ерөнхий сайд Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо зарлачихлаа. Ерөнхийлөгч хүртэл энэ бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Тэрбээр эдийн засгийн форумын хаалтын ажиллагаанд оролцож үг хэлэхдээ “Маш хүнд үед би Төрийн тэргүүн боллоо. У.Хүрэлсүх ч гэсэн хүнд үед Засгийн газрын тэргүүн боллоо. Одоо хүчээ нэгтгэн хамтраад зоригтой хөдлөхөөс өөр аргагүй болсон” гэлээ. Эндээс манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хөгжлийн замд дөрөө нийлж буй нь харагдаж байна. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд ч натур нь зөрж, гөжөөд байх хүн биш. Гурван тулгуурт хөгжлийн бодлого гэдэг бол намууд, хувь хүний амбиц гэхээсээ илүү Монгол Улсын хувь заяа болчихоод байна.


Categories
мэдээ нийгэм

Зайсангийн зүүн сугыг “гижигдэх” гэмт хэрэг мөн хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы Баасан гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ны “Баримт үзэл бодол” нүүрт Зайсангийн зүүн сугыг гижигдэх нь гэмт хэрэг мөн”. “Оюуны ундраа”, Одсүрэн хоёрт хууль адилхан үйлчлэх ёстой, үйлчлэхгүй бол хоёуланд нь хууль үйлчлэх ёсгүй гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгчидтэй хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх болно хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Уул уурхай” нүүрт “Уул уурхайн компаниуд дотоодын ханган нийлүүлэгчдийг нэн тэргүүнд дэмжинэ” хэмээн өгүүлсэн байна.

Улс төр нүүрээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Сайд нар ажлаа хийж чадахгүй бол солино шүү дээ” хэмээснийг хүлээн авч уншаарай.

“Баримт үйл явдал” нүүрт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын чиглэлийн ахлах мөрдөгч, хошууч М.Отгонбаатар: Насанд хүрээгүй гурван хүүхэд хар тамхины хэргээр шалгагдаж байна хэмээн ярьжээ.

“Өдрийн сонин”-ы “Үйл явдлын мөрөөр” буланд “Дархан цаазтай бугыг төрийн тусгай хамгаалалттай газарт агнасаар байх уу” хэмээн өгүүлсэн байна.

“Аян замын тэмдэглэл” буланд “Ард түмнээ чинээлэг болгосон “Астана”-гийн баялгийн сан”-гийн талаар хүүрнэжээ. Монгол улс баялагийн сантай болох боломжыг өгүүлсэн байна.

“Миний аав” нүүрт Загдын Түмэнжаргалын охин Дөлгөөн: Аав минь хязгаарыг давж сэтгэдэг, ер бусын авьяас билигтэн хэмээснийг тольдоорой.

Боловсрол , соёл , шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа: Улс орноо хөгжүүлье гэвэл шинжлэх ухаанаа боловсролын салбарын магнайд залах ёстой хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Нэг ангийнхан” буланд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулийн “Сэтгүүл зүйн анги”-ийн зургаа дахь төгсөлтийнхөн оролцжээ.

Ким Жөн Уныг ОХУ-д урьсан уу? хэмээн “Дэлхийн мэдээ” нүүрт өгүүлжээ.

“Хар үхэр, алаг сүүдэр” роман өнөөгийн нийгмийн толь болжээ хэмээн “Ном ярьж өгье” буланд өгүүлсэн байна.

“Цаг үе булан”-д НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Нагоягийн протоколыг хэрэгжүүлэх” төслийн ахлах зөвлөх Ж.ЖаргалГенетикийн нөөц бол үнэлшгүй түүхий эд” хэмээн ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт хээрийн түймэр гарчээ

Зураг

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын хилийн зааг “Халхан гол” гэдэг газарт ойн түймэр гарчээ.

Түймрийн дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нэг автомашин, Цагаан-Үүр сумын 34 иргэн, хоёр автомашин, Чандмань-Өндөр сумын 21 иргэн хоёр автомашин, 17 морьтой хүн, нийт 67 хүн, 5 техник хэрэгсэл, 17 морьтой унтраахаар ажиллаж байна. Түймэр гарсан газар нь Цагаан-Үүр сумаас баруун зүгт 35 км-т оршдог аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Лүндэндоржид ил захидал илгээлээ

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хаяглан захиа бичжээ. Түүний захиаг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Н.ЛҮНДЭНДОРЖ ТАНАА

‘Задарсан дээдсийн завхралыг жаахан ч гэсэн засах гэж яваа залуу хүний хувиар танд хандаж байна. Юуны өмнө та бид хоёрын дунд ямар нэгэн хувийн чанартай зөрчил байхгүй бөгөөд эрдэм номын хүний тань хувьд хүндэтгэн явдгаа энэхүү захидлынхаа толгойд учиглах нь зүйн хэрэг билээ.

Төр оршин буй цагт хууль, хууль буй дор хүмүүний амьдрал оршино. Амьдралын эргүүлэгт, үхэх төрөхийн өчүүхэн заагт нар үздэг нь хүмүүн бид. Өөрт оноогдсон энэ өчүүхэн зааг, цаг хугацааг эх орон, Монгол Улсад минь нүүрлэсэн зах замбараагүй завхралыг өчүүхэн ч гэсэн засч залруулахад зориулъя хэмээн бодож, зориглон хөдөлсөн нь аалзны тор мэт сүлжилдсэн ашиг сонирхол нэгтэй хэсэг бүлэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Нийгэмд бугшаад байгаа хууль, шүүхийн байгууллагын завхрал, шүүгчдийн ёс зүйгүй, увайгүй үйлдлийг зориг гарган илчилснийг минь тааламжгүй, дурамжхан, эсэргүүцэн хүлээн авч буй хэсэг бүлэг этгээдийн тэргүүн эгнээнд та морилж яваа нь Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргад байж боломгүй ёс зүйгүй үйлдэл юм. Өөрөө л амьдраад болчих юм шиг өчүүхэн бодолтой хүмүүстэй нэгдэн нийлж нийгэмд худал хуурмаг мэдээлэл түгээж байгаа үйлдлийг тань хэрхэвч хүлцэхгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна.

Монгол улсын тусгаар тогтнол, ард түмний амь амьдралын баталгааг ханган, шударга ёсыг дээдлэн ажиллах учиртай хууль, шүүхийн байгууллагад бугшсан завхарлыг засах гарц нь хууль, шүүхийн байгууллагыг цэвэр ариун байлгах явдал. Эл зарчмыг үл гажуудуулахын тул би танд хандан мөн олон нийт бодит байдлыг эргэцүүлж, шүүн тунгаагаасай гэсэн үүднээс энэхүү ил захидлыг нээлттэй илгээж байна.

Та 2013 оноос Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар ажиллаж эхэлснээс хойш 5 жил өнгөрч байна. Энэ бол хууль тогтоох байгууллагын нэг бүрэн эрхийн хугацаанаас урт хугацаа. Энэ хугацаанд Монгол Улсын шүүх засаглалд ямар дэвшил шинэчлэл, ахиц өөрчлөлт хийгдсэн бэ? Иргэдийнхээ дунд ямаршуухан үнэлэмж дүгнэлттэй байж, шударга ёсыг тогтооход ямар хувь нэмрээ оруулав гэдгээ Та ард түмэндээ хэзээ тайлагнах вэ? Харамсалтай нь, иргэдийнхээ өмнө шударга байх учиртай Шүүх зоосны өмнө хүчин мөхөсдөж, шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн баримт нотолгоо, мэдээллийн эх сурвалжууд толгой дараалан олон нийтэд ил болж байна. Монгол Улсын шүүх, шүүхийн байгууллага, шүүгчид гаднын хөрөнгө оруулалттай ХААН банкны барьцаанд орж, ядарсан иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа, байсан нь илчлэгдлээ. Үүнийг Та Шүүхийн хараат бус байдлыг хангаж ажилласан гэх үү? Тухайлбал Монгол Улсын шүүхийн хараат бус байдал олон улсын байгууллагын судалгаагаар 137 орноос 110 дугаарт эрэмбэлэгдэж сүүл мушгилаа. Энэ бол инээдэм биш эмгэнэл.

Та болон таныг тойрон хүрээлэгчид ярьж байгаа шигээ шударга уу? Хадгаламжин дахь нэг тэрбум төгрөг, автомашины ослын тухай гээд тантай холбоотой, холбогдолтой таагүй мэдээлэл хөвөрсөөр байна. Түүгээр ч зогсохгүй Таны тарьсан балгийг чимээгүйхэн баллуурдсан хоёр хүнээ Та тэнгэрт тултал тэтгэсэн чинь худал уу? Нэхэн сануулахад 2011 онд үйлдсэн авто тээврийн ослоор оюутан охиныг дайрч амь насыг нь хохироосон хэргийг чинь шалгасан Замын цагдаагийн газрын мөрдөн байцаагч /тухайн үеийн албан тушаалаар/, тээврийн прокурор нар Таныг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хэмжээгүй албанд томилогдсоны дараа шүүгч болон суга дэвшиж Таны ивээлд багтсан гэдгийг нэг бус хэвлэлээр дэлгэсэн. Үүнийгээ Та хэрхэн тайлбарлах вэ?

Албан тушаал, эрх ямба ярилгүй эр улсууд шиг учраа олъё. Надад баримт, Танд “андууд” байна. Олон баримт цааш нь дэлгэж оюун бодлыг чинь чилээлгүй түр энд хүрээд завсарлая. Олон жил хөвөрсөн завхарлын утсыг ээрч чадалгүй алдсан учгийг бас тайлъя. Монгол Улсад Таны яриад байгаа шиг шударга шүүх байгаа л юм бол албан тушаал гэдэг гоёлоо тайлаад нэг шалгуулчих. Ямар ч “но”, нотолгоо илрэхгүй бол Таны хэлснээр би уучлал гуйя! Харин “но”, нотолгоо илрээд намаг балчигт унахын цагт надаас биш Монголын ард түмнээс “багаараа” уучлалт гуйгаарай!

Монголын шүүхэд шударга ёс үгүйлэгдэх хамгийн том шалтгаан нь Та өөрөө юм.

Монгол Улсын иргэн, УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР’

Categories
мэдээ нийгэм

“Тэргүүний залуу эмч” нарын төлөөлөл шагналаа гардан авлаа

Өнөөдөр “Олон улсын эмч нарын өдөр” тохиож байна. Энэ өдрийг анх АНУ-д 1990 оны гуравдугаар сарын 30-нд “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэж байжээ. Үүнээс хойш Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг “Олон улсын эмч нарын өдөр” болгон албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ.

Энэ өдрийг тохиолдуулан УНТЭ-ийн Дүрс оношлогооны эмч Базарсадын Гандолгорыг Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу эмч” цол тэмдгээр шагналаа. Тэрээр сүүлийн гурван жилд 35.000 гаруй иргэнд үзлэг оношлогоо хийж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн шилдэг залуу эмч нарын төлөөлөл юм.

Манай улсын эрүүл мэндийн байгууллагад 50519 ажилтан ажилладаг. Үүний 20 хувь нь буюу 10576 нь их эмч буюу эрүүл мэндийн 5 ажилтан тутмын 1 нь их эмчээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн худалдаа, үйлчилгээг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчийн төсөвт үйлдвэрийн газрыг 2009 онд байгуулж, нийтдээ 973 га талбайд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг. Нийт талбайн 15 хувь нь тохижилт, 85 хувийг ногоон байгууламж байгуулахаар эхний ээлжинд 183 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-ын орлогч дарга Ү.Оюунзул танилцууллаа. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 онд худалдаа үйлчилгээний чиглэлээр ил тод нээлттэй төслийн сонгон шалгаруулалт явуулж, хувийн хэвшилтэй менежментийн гэрээ байгуулан шинэ стандарт тогтооно. Авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, “Маршал таун” хотхон талаас “Гэрэлт гудамж” төсөл хэрэгжүүлэх, спортын талбайнуудыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойш 80 гаруй мянган мод суулгасан. Ургалт 98 хувьтай. Үйлчлүүлж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг онцолсон. Тиймээс худалдаа үйлчилгээг сайжруулах зорилгоор төслийн баг буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар гүйцэтгэх нь зөв гэсэн шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс гаргалаа.

Ингэснээр урин дулааны цагт тус цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж байгаа иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, барааны бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх боломжтой. Цэцэрлэгт хүрээлэнгийн багийнхан ногоон байгууламжаа арчлах, тордох, нэмэгдүүлэх, тохижилтоо сайжруулахад анхаарах юм. Мөн гар дээрээс худалдаа эрхлэлтийг багасах, хүрээлэнгийн үйл ажиллагааг тэлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж байгаа гэдгийг Засаг даргын зөвлөлийн гишүүд онцолж байна. Тухайлбал, “Гэрэлт гудамж төсөл”-ийн хүрээнд Сөүл гудамжны менежментийг хувийн хэвшил хариуцсанаар эерэг үр дүн гарсныг ч онцоллоо. Тиймээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн худалдаа, үйлчилгээний менежментэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Музейн боловсролыг ЕБС-ын хөтөлбөртэй уялдуулна

Музей бол тэр чигтээ Монголын түүх, соёл урлаг, шинжлэх ухаан хэмээн судлаачид хэлдэг. Тэгвэл эх орныхоо арвин их баялаг түүхийг хүүхэд багачуудад таниулах, музейг хүүхдийн ертөнц болгох зорилгоор аймаг, нийслэлийн ЕБС-ын нийт 100 гаруй багш нарын дунд “Музейд суралцахуй” сургалтыг өнөөдөр явууллаа.

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Нийслэлийн Боловсролын газар, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж буй уг сургалтын гол зорилго нь музейн боловсролыг ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөртэй уялдуулах билээ. Тодруулбал, Түүх, Нийгэм, Газарзүй, Монгол хэл бичиг, Дизайн технологи, Урлаг, Иргэний боловсрол, хичээлээс гадуурх ажил, амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа зэрэг хичээлийн хөтөлбөртэй холбож, хүүхэд багачуудад музейн талаарх боловсролыг олгоход чиглэж байна. Энэ сургалтад оролцохоор ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын төлөөлөгч Х.Гүрүнг ирж, “Музейгээр дамжуулан өвийн боловсрол олгох нь” сэдвээр илтгэл тавьж, олон улсын шилдэг туршлага, ололт амжилтаа хуваалцлаа.

Дэлхий нийтэд музейн сургалтыг боловсролын байгууллагатай хамтран явуулж байна. Манай улсын хувьд ч музейд сургалт, боловсролын танхимууд байгуулагдаж, хүүхдийн танин мэдэхүйн боловсролд чиглэсэн хөтөлбөрт илүү анхаарал хандуулж эхэлж байна. Тухайлбал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарлаж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх шийдвэр гаргасан. Энэ жилийн нээлттэй өдрөөр давхардсан тоогоор 400 гаруй мянган хүн музей үзжээ. Тэдний дийлэнх нь хүүхэд, залуучууд байсан. Иймдхүүхэд багачуудад музейн талаарх боловсрол олгож, эх орныхоо түүх соёлтой музейгээр дамжуулан танилцах боломж бүрдүүлэх нь чухал хэмээн үзэж энэ удаагийн сургалтыг зохион байгууллаа. Цаашид ч энэ мэтчилэн олон сонирхолтой сургалт зохион байгуулах төлөвлөгөө гаргажээ. Сургалтад хамрагдсан боловсролын ажилтан, багш нар үр дүнтэй, өгөөжтэй, сонирхолтой сургалт боллоо гэж дүгнээд, сургалтаас олж мэдсэн зүйлээ сурагчиддаа дамжуулан хүргэх болно гэдгээ хэлсэн юм.




Categories
мэдээ нийгэм

Таны хүүхэд хаана явна вэ?

Таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөн, хаагуур юу хийж яваа, хичээл нь хэдэн цагт тараад гэртээ хэзээ ирдгийг мэдэх үү?


Өнгөрөгч шөнө 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд, залуус ахуйн хэрэглээний газ үнэрлэн, мансуурч байсныг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Тус дүүрэгт оршин суух 19 настай, эрэгтэй А, Э, 18 настай Г болон Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай 14 настай, эрэгтэй О нар нь эзэнгүй хашаанд мансуурсан байдалтай байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлж, тэдний үйлдлийг таслан зогсоожээ.

Улсын хэмжээнд 2017 онд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 948 гэмт хэрэг байгаа нь нийт гэмт хэргийн 2.9 хувийг, хүүхэд хүүхэд өртөж хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг тус тус эзэлж байна. Хүүхдүүд эрх зүйн мэдлэг, мэдээлэл хангалтгүйн улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөж хохирох явдал байсаар байгаа нь дээрх тоон үзүүлэлтээс харагдаж байгаа юм.
Иймээс цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, гаралтыг саармагжуулах зорилгоор нэг сарын хугацаатай “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн.

Эцэг, эхчүүд та бүхэн ч өсвөр насны болоод оюутан хүүхдүүдээ миний хүү, миний охин биеэ даах чадвартай болсон гэж анхаарлаа сулруулалгүй хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг анхаарч элдэв гэмт хэргийн золиос болгохоос сэрэмжлээрэй.