Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэг: Залилангаас болгоомжил

Понзи залилан гэдэг үгийг сонсож байсан уу. Тэгвэл энэ луйврын систем Монгол Улсад орж ирээд гэнэн итгэмтгий малчин ард түмэн, хөдөө, орон нутгийн иргэдийг элсүүлэн, залилан мэхлэх ажлаа эхлүүлсэн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Иймд цагдаагийн байгууллагаас иргэд, та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Ирланд улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын жагсаалтад бүртгэлтэй, 2016 оны сүүлчээр байгуулагдсан гэх “Stamford trading technologies” компани нь хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг залилан мэхэлж байгааг илрүүлжээ. Ирландын төв банкнаас “Stamford” нь хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгахад энэ компанийн санхүүгийн бүртгэл олдоогүй бөгөөд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон байна.

Тэд иргэдэд “Бидэнд оруулсан хөрөнгө оруулалтынхаа 5 хувийг долоо хоногт ашиг болгон авна. Энэ нь сард 22 хувь буюу жилд 1264 хувь гэх мэтээр өснө” гэж тайлбарлаж байгаа нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм. Ердөө ганц удаа хөрөнгө оруулалт хийгээд өөр юу ч төлөлгүй, ямар ч зарлага гаргахгүйгээр энэ хэмжээний ашиг олно гэдэг нь хэтэрхий бодит бус нөхцөл юм.

Понзи залилан гэдэг нь 1919-1920 онд хөрөнгө оруулагч Чарльз Понзингийн гаргаж ирсэн “хөрөнгө оруулалтын” луйврын систем. Энэхүү схемийн бүтэц нь заавал пирамид байх шаардлагагүй бөгөөд Понзи схемийн удирдагч хүмүүсээс мөнгийг нь “хөрөнгө оруулалт” гэж хэлж авах ч юунд, хэрхэн хөрөнгө оруулалт хийж буй талаар дурддаггүй. Тийм учраас хөрөнгө оруулалтаас олох ашиг нь хаанаас ирж байна вэ гэдгийг хэн ч мэддэггүй аж. Харин хөрөнгө оруулалтын ашгаа хүртсэн хүмүүсийг даган дуурайж хөрөнгө оруулахаар ирсэн шинэ хүний төлбөрөөр өмнө элссэн хүнээс авсан өрөө төлөхөд л ашиглагдана гэсэн үг гэдгийг энэ төрлийн хууль бус ажиллагааг судлаач, мэргэжилтэн хэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Увс аймагт ихэр ботго төржээ

botgo

Увс аймгийн Улаангом сумын хоёрдугаар багийн малчин Б.Түмэнжаргалын хотонд ихэр ботго төржээ. Энэхүү ховор тохиолдол нь олон жилийн өнө авч ирдэг хэмээн нутгийн иргэд бэлгэшээж байгаа аж. Тиймээс Б.Түмэнжаргалын гэр бүлд сумын удирдлагууд болон ах дүүс нь хүндэтгэл үзүүлсэн байна.

Одоогоос сарын өмнө буюу гуравдугаар сарын 4-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн Улсын сайн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс ихэр цагаан ботго төрсөн байдаг. Ингэ ихэрлэхийг эрт дээр үеэс монголчууд сайн цагийн эхлэл хэмээн бэлгэдэж ирсэн түүхтэй.

Иймд төрт ёсны уламжлал, монгол түмний заншил үйлийг хүндэтгэн дагаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ихэр цагаан ботгоны зургийг гардуулжээ. Дашрамд сонирхуулахад, Дорнод аймагт 1974 оны хоёрдугаар сард Цагаан-Овоо сумын малчин Б.Цэвээндоржийн тэмээний суурьт улаагчин ингэнээс ихэр ботго төрж байсан түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Сургуулиудын өргөтгөл баригдсанаар хоёр ээлжээр хичээллэдэг болно

Нийслэлийн Удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 8930 га газартай Чингэлтэй дүүрэгт 159 мянган хүн ам оршин суудгаас 80 хувь нь гэр хороололд, 20 хувь нь орон сууцны хороололд аж төрж байна. 19 хороотой тус дүүрэгт өрхийн эрүүл мэндийн 16 төв, хоёрдугаар шатлалын 5 эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор 227, мэс заслын 25 тасаг, хүүхдийн 75 тасагтайгаар үйл ажиллагаа явуулж, нийт 637 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж байна. “Манай дүүрэгт сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 11386 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт хамрагдах ёстой хүүхдүүдийн 75.5 хувь бөгөөд цэцэрлэгийн ачаалал 204 хувиар хэтрээд байгаа. Ерөнхий боловсролын сургуульд 25402 хүүхэд суралцаж байгаа. Манай дүүрэгт 3 ээлжээр хичээллэж байгаа 5, 23, 24 гэсэн 3 сургууль байна. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 он хүртэл 5 цэцэрлэгийн өртгөтгөл, 4 цэцэрлэгийг буулгаж шинээр барих, 2 цэцэрлэг шинээр, 2 хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогболбор баригдахаар төлөвлөгдсөн. Ингэснээр орны тоо 1760 хүүхдээр нэмэгдэнэ. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд 5, 23, 24, 50 дугаар сургуулийн өргөтгөл баригдсанаар манай дүүргийн бүх сургууль 2 ээлжээр хичээллэдэг болно” хэмээн Ж.Эрдэнэбат дарга тодотгож байлаа.

Чингэлтэй дүүрэг “Өрхийн хөгжлийн дэмжих жил”-ийн хүрээнд нээлттэй санал асуулга явуулсан байна. Иргэдээс эрүүл мэнд, боловсрол, хууль хүчний байгууллагын үйлчилгээг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, сургалт, орчны тохижилт, газар зохион байгуулалттай холбоотой 3125 санал иржээ. Тухайлбал, газар зохион байгуулалттай холбоотой саналуудаас орц гарц, мухар гудамжийг чөлөөлөх санал 55 хувийг эзэлсэн байна. Иргэдээс ирүүлсэн саналыг ажлын хэсгээс нэгтгэн “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөнд 58 ажлыг тусгажээ.

Чингэлтэй дүүргийн 7 байршилд 198.4 га бүхий газарт “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төсөл хэрэгжиж байгаа. 3000 өрх хамрагдсан энэ төслийн зарим ажил зогсонги болоод буйг хөдөлгөж явуулах нь зүйтэй гэсэн саналыг дүүргийн удирдлагаас гаргаад байгаа юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Шонхорууд Сүпер дээд лигийн аварга боллоо

Image may contain: 8 people, people smiling, people standing

Сүпер дээд лигийн хүрэл медалийг “Blue Dragon” хүртлээ

Монголын Үндэсний Сагсанбөмбөгийн Холбоо болон Монголын Сагсанбөмбөгийн Холбоо хамтран зохиосон супер дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалын төлөөх тоглолт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд боллоо. Хожигдох эрхгүй энэ тоглолтод Улаанбаатар Blue Dragon баг, Баянгол дүүрэг Mongolians багийг 88-74-өөр буулган авсан байна. Тоглолтын эхнээсээ сонирхолтой өрнөж хоёр баг 21 удаа тэргүүллээ солилцож есөн удаа тэнцсэн байна. Гэхдээ шийдвэрлэх мөчүүдэд Blue Dragon баг илүү байж анх удаагаа супер дээд лигийн хүрэл медалийг хүртсэн юм. Blue Dragon баг хамгийн ихдээ 20 оноогоор тэргүүлсэн бол Баянгол дүүрэг Mongolians баг эхний үед 20-15-аар таван оноогоор тэргүүлж байсан байна. Энэ тоглолтод С.Эрдэнэдалай багаа хожилд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж 27 оноо,10 самбар, 5 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол З.Энхтөр 18 оноо, 9 самбар авсан аж. Харин эсрэг багаас Б.Дамдинсүрэн 21 оноо, 18 самбар, Н.Бат-Оргил 21 оноо, 7 самбар, Б.Жанжийжаваалий 15 оноо авлаа.

Ховд Шонхорхууд баг аваргаллаа

Сүпер дээд лигийн аваргийн төлөө Ховд Шонхорууд болон СХД Тэнүүн Өлзий багууд учраа тааран тоглов. Ингээд Ховд Шонхорууд баг аваргын цувралд илүүрхэж супер лигийн цомыг хоёр дахь удаагаа хүртсэн. Харин СХД Тэнүүн Өлзий баг супер лигийн анхны медалиа хүртлээ. Аваргийн төлөөх шийдвэрлэх тоглолтод 110-90-ээр Ховд Шонхорууд хожсон юм. Тус тоглолтод Г.Цэнгүүнбаяр 24 оноо, 9 самбар авч багаа тэргүүллээ. Шонхорууд холын шидэлтийг илүү гүйцэтгэж хурдан довтолгоонд илүү санаачлагатай байсан нь аваргын тоглолтод хожих гол хүчин зүйл болсон. Энэ тоглолтод Рикардо Максвелл 23 оноо, 9 самбар, 6 оновчтой дамжуулалт, Ц.Отгонжаргал 22 оноо, 12 самбар, Э.Дөлгөөн 15 оноо, 15 самбар авсан юм. Харин Өрсөлдөгч багаас ОУХМ Д.Дэлгэрням 25 оноо, 7 самбар, А.Гансүх 16 оноо, 10 самбар авч багаа манлайлжээ. Шонхорууд 48 минутын турш онооны давамгай байдалтай тоглосон бол Тэнүүн Өлзий баг нэгдүгээр үед долоон оноогоор хожиж байжээ. Мөн тус тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогчоор Г.Цэнгүүнбаяр тодорсон байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-н виз хүлээн авах газрууд

БНСУ-н визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын хаяг болон утасныдугаарт өөрчлөлт оржээ.

1. Passport Express International
-Байршил: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Stadion Orgil, (17011) Махатма Гандигийн гудамж, 37-р байр 1-р давхар
-Утасны дугаар : (976)7777-0152, (976)9006-0152
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

2. Монгол – Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг

-Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Элчингийн гудамж, 12А, Мика зочид буудал
-Утасны дугаар : (976) 7012-4909, (976) 9602-7822
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:30~17:00

3. Hang-Mong Law
-Байршил: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Bridge Plaza Building 402, 403 тоот
-Утасны дугаар : (976) 11-46-3005~3007
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

4. Chinggis Journey

-Байршил: Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, Залуучуудын өргөн чөлөө-21, 104 тоот
-Утасны дугаар : (976) 9916-6177, (976) 11-32-1770, (976) 7016-6177, (976) 8606-6177, (976) 9449-3470
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30 , 13:30-18:00

5. Mongol Namshin

-Байршил: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 75-3тоот
-Утасны дугаар : (976) 7014-3332, (976) 9462-0000
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

6. GH&F

-Байршил: Баянгол дүүрэг, 10-р хороолол, VIP төв 510 тоот
-Утасны дугаар : (976) 7722-7700, (976) 7722-7744
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

7. Mongol News

-Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд “Өдрийн сонин”-той байр)
-Утасны дугаар : (976)11-31-8988, (976) 7711-0252
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

8. The Korean Association in Mongolia(TECKM)

-Байршил: Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Сүнжин Гранд зочид буудал С байр 205-208 тоот
-Утасны дугаар : (976) 7015-8288
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00

Categories
мэдээ спорт

“Есөн үнэт зүйл”-ийн цомыг эзэн хааны баг хүртлээ

Испаны эзэн хааны “Реал Мадрид” клуб Сантьяго Бернабау Цэнгэлдэх хүрээлэндээ “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын хүүхдийн фестивалийн “Есөн үнэт зүйл”-ийн цомыг хүлээн авлаа.

“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөрийн 2017 оны оролцогчид дуу нэгтэйгээр “Реал Мадрид” клубыг нийгмийн хариуцлагын хүрээнд найрамдал, тэгш байдал, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, үнэнч, ялалт, уламжлал, хүндэтгэл гэсэн есөн үнэт зүйлийн бэлэг тэмдэг болж чадна хэмээн үзсэн байна. Итали, Орос, Испани, Голланд улсуудаас төлөөлөгчид гадна “Газпром” компанийн захирлуудын зөвлөхийн дарга Виктор Зубков “Есөн үнэт зүйл”-ийн цомыг Реал Мадрид клубт гардуулах үйл ажиллагаанд оролцжээ.

Испанийн алдарт клубын сайн үйлсийн төлөөх “Реал Мадрид сан” нь 1988 онд байгуулагдаж, хорь гаруй жилийн хугацаанд нийт 800000 гаруй эмзэг давхаргын хүүхдүүдийн боловсролыг дээшлүүлсэн. Уг сан нь одоогоор дэлхий даяар 77 оронд 450 спортын нийгмийн хариуцлагын төсөл хэрэгжүүлж байгаа.

Дэлхийн 210 улсын хүүхдүүд хөлбөмбөгийн спортоор эвлэлдэн нэгдэж, нөхөрлөх боломжийг олгодог “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөр 2018 оны зургаадугаар сард Москва хотод болно.

Тус хөтөлбөрт Монгол улс анх удаа хамрагдах юм. Эх орноо төлөөлж “Монголын тэмүүлэл” багийн Ш.Эрхэс залуу сэтгүүлчээр, ДМЮ багийн Э.Даринчулуун тоглогчийн хувиар оролцож, дэлхийн 211 орны хүүхэд багачуудтай хамтран ажиллаж, хөлбөмбөгийн 21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэнд оролцохоор шалгарсан билээ.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ улс-төр

Ази, номхон далайн бүс нутгийн эрчим хүчний II чуулга уулзалтад Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцлоо

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)- оос зохион байгуулсан Ази, Номхон далайн бүс нутгийн Эрчим хүчний хоёрдугаар чуулга уулзалт Бангкок хотноо 2018 оны 4 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд болов. Тус чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн 7 дугаар зорилт болох хямд, найдвартай, тогтвортой, орчин үеийн эрчим хүчээрхангах зорилгод хүрэх чиглэлээр бүс нутагт гарсан ахиц дэвшлийг хэлэлцэж, цаашид хийгдэх ажлын санал зөвлөмжүүдийг гаргав.

Ази, Номхон далайн бүс нутгийн Эрчим хүчний хоёрдугаар чуулга уулзалтад Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож, “Эрчим хүчний шилжилт болон бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт сайд нарын хэлэлцүүлэгт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын эрчим хүчний салбарын бодлого, бүс нутгийн эрчим хүчний уялдаа холбооны хөгжлийн талаарх манай байр суурийг танилцуулсан үг хэлэв.

Чуулга уулзалтын үр дүнд Ази, Номхон далайн бүс нутагт эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад чиглэсэн шилжилтийн ажлыгхурдасгахыг уриалсан Сайд нарын тунхаглалыг батлав.

Мөн энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.ДаваасүрэнНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Шамшад Ахтар, БНХАУ болон Пакистаны төлөөлөгчдийн тэргүүн нартай тус тус уулзаж,хамтын ажиллагааны тодорхой асуудлаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор, Байдрагийн чиглэлийн 129.4 км замын гүйцэтгэл 40 хувьтай байна

Орон нутагт авто замын барилгын ажил гүйцэтгэж буй ААН-үүдийн төлөөлөлтэй Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүд өнөөдөр уулзлаа.Авто замын чанарыг сайжруулах, гэрээний хариуцлага болон хяналтыг нэмэгдүүлэх, замын ажлыг стандарт горимын дагуу гүйцэтгэх, цаг хугацаанд нь багтааж ажлаа хүлээлгэн өгөх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

2018 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр нийт 9 чиглэлийн 556.2 км авто замын барилгын ажлыг шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн байгаагаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй зам барилгын ажил 85 хувьтай, гадаадын зээр тусламжаар хэрэгжиж буй ажил 40 хувьтай, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
2018 ОНД НИЙТ 1,000 ГАРУЙ КМ ЗАМ ХҮЛЭЭЖ АВАХААР ТӨЛӨВЛӨСӨН

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ “2018 онд нийт 1,000 гаруй км зам хүлээж авахаар төлөвлөсөн. Уг замын ажлыг 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэтгэх бөгөөд улсаас 70 орчим тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

2018-2019 оны зам барилгын томоохон ажлуудыг гүйцэтгэвэл 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаад байсан аймаг, орон нутгийг нийслэл хоттой холбох зорилт маань биеллээ олно” гэв. Мөн тус яамнаас энэ онд орон нутагт шинээр хийгдэх зам барилгын ажлуудыг танилцуулсан юм.

2018 онд шинээр эхлэх ажлууд:

  • Улсын төсвөөр: Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн 22 км хатуу хучилттай авто зам, Баян-Өлгий аймгийн төвийн 10.4 км авто замын өргөлтгөл, шинэчлэлтийн ажил, Баянхонгор-Арвайхээр чиглэлийн огцом эргэлтийн 4.4 км замын трассыг өөрчлөх хатуу хучилттай замын ажил.
  • Гадаадын зээл тусламжаар: Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажил, Баруун босоо тэнхлэгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай зам, “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн замаас Мөст сум чиглэлийн 20.3 км зам.
  • Төр хувийн хэвшлийн хөрөнгөөр: Говь-Алтай, Ховд аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэлийн 4 замын уулзвар Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто замын барилгын ажил, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум чиглэлийн 120 км хатуу хучилттай замын барилгын ажлыг хийж гүйцэтгэх аж.

Уулзалтын үеэр ААН-үүдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

ЦАХИР-ТОСОНЦЭНГЭЛ ЧИГЛЭЛИЙН 27 КМ ЗАМЫН АЖЛЫН ЯВЦ УДААШИРЧ БАЙНА

Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч “Хурдны зам” ХХК-ий захирал О.Энхсайхан “Бид хийхээр төлөвлөсөн 127.1 км замынхаа 100 км-ийг 2017 оны намар улсад хэсэгчлэн хүлээлгэн өгсөн. Одоогоор 97 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.

Замын ажил 2012 онд эхэлсэн учраас төсөв дээр асуудал бий болсон. Олон он дамжсан замын ажил учраас валютын ханшны өөрчлөлт, санхүүжилт олгож байсан байгууллагын өөрчлөлт зэргээс үлдсэн 27 км замын ажлын явц удааширч байна” гэж замаа хүлээлгэн өгөхөд үүсч буй хүндрэлээ илэрхийлсэн юм. Үүнд салбарын сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нар хуулийн хүрээнд гэрээг дахин хянаж, энэ асуудлыг дахин авч үзэхээр боллоо.

Мөн ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ хугацаандаа ажлаа гүйцэтгээгээгүй, алга болсон аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авахаа мэдэгдсэн.

БАЯНХОНГОР-БАЙДРАГИЙН ЧИГЛЭЛИЙН 129.4 КМ ЗАМЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА

Баянхонгор-Байдрагийн чиглэлийн 129.4 км зам туслан гүйцэтгэгч “Их богд зам” ХХК-ий захирал Д.Мөнхсайхан “Замын барилгын ажил өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ээс эхэлсэн. 2018 багтааж дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд нийт ажлын 40 хувийг 2017 онд гүйцэтгээд байна. Нийт дөрвөн туслан гүйцэтгэгч компани байгаа тул далангийн ажил харьцангуй хурдан хийгдэж байна.

Замын хяналт маш сайн байгаа. Бид нэг хүрз шороогоо ч хяналтаар оруулдаг. Харин 1 км далан хийхэд 5-6 байгууллагаар шалгуулдаг. Энэ хяналт, шалгалтын системийг нэгдсэн нэг төвтэй болгож өгвөл аль аль талдаа ажил хурдан явах байх. Бид бүгд л сайн зам барих хүсэлтэй” байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр баригдсан замаар даац хэтрүүлсэн машинууд хүдэр зөөх зэрэг асуудал үүсгэж, улмаар замын насжилтад нөлөөлж байгааг дурьдлаа. Иймд замын барилгын ажил гүйцэтгэгч ААН-үүд “Авто замын хууль”-ийн болохгүй асуудал дээр өөрчлөлт оруулах хүсэлтээ илэрхийлж байх хэрэгтэйг, мөн төлөвлөгөөт хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцох хэрэгтэйг УИХ гишүүн О.Батнасан онцоллоо.

Дээрх төлөвлөгөөнүүдийг 2018-2019 онд хэрэгжүүлснээр холбогдоогүй үлдсэн Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн төвүүд 2020 онд Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох юм байна. Ингэснээр улсын чанартай авто замын сүлжээний 50 хувь нь буюу 7,720 км хатуу хучилттай авто замтай болно.

Categories
мэдээ улс-төр

Б.Баярсайхан: “МУТХҮБ-2030”-г хэрэгжүүлэх 2025 он хүртэлх нэгдсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж баталсанаар, Монгол Улсад бодлогын уялдаа холбоо, тогтвортой байдал, залгамж чанар хангагдах бололцоо бүрдэнэ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн Тогтвортой Хөгжлийн Дээд хэмжээний чуулга уулзалтаар дэлхий нийтээрээ хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг2015 онд тунхаглан баталсан билээ. Үүний дараа УИХ-аас Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд хүргэх, түүхэн ач холбогдол бүхий хууль, бодлогын баримт бичгийг гаргасан юм. Сануулбал, 2015 онд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, 2016 онд УИХ-ын 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”бодлогын баримт бичгийг баталсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх бодлогын баримт баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд төвлөрч ажиллаж байгаа ажээ. Тодруулбал, тус байгууллага нь тогтоол шийдвэр, журмуудыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д нийцүүлэх, үүнтэй зэрэгцэн Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх салбарын уялдааг хангасан дунд хугацааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн салбаруудын холбогдох яамд, агентлаг, төрийн бус байгууллага, холбоод, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан салбарын тулгамдсан асуудлуудыг томьёолох, түүнийг хэрэгжүүлэх бодлогын зорилтуудын уялдааг үнэлэх ажлуудыг зохион байгуулж байгаа ажээ. Тэгвэл энэ сарын 2-3-ны өдрүүдэд хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлгийг явуулав. Энд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан,НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниэла Каспарикова нар уригдан оролцсон юм. Бүтэн хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү хэлэлцүүлэгт салбар яамдын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай ярилцлаа.

-Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлгээс та бүхэн ямар үр дүн хүлээж байна вэ?

-НҮБ-аас тунхагласан “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго”-т “Өлсгөлөнг зогсоож, хүнсний аюулгүй байдлыг хангаж, тэжээллэг чанарыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн тогтвортой өсөлтийг хөхиүлэн дэмжинэ” гэж заасан байгаа. Мөн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Хүнсний үйлдвэрлэлд дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, иргэдийг эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тусгасан.

Хүнсний үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн талаарх урт хугацааны дээрх баримт бичгээс гадна дунд хугацаанд хэрэгжүүлэх хэд хэдэн бодлогын баримт бичгүүд, холбогдох хууль, журмууд байгаа боловч эдгээрийн хоорондын уялдаа холбоо, хэрэгжилтийг нь хянах нэгдсэн тогтолцоо байхгүй байгаа нь энэ салбарын хөгжилд ихээхэн саад учруулж байгаа юм. Харин “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг дунд хугацаанд хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээндаж үйлдвэрийн салбар, тэр дундаа мал аж ахуй, газар тариаланд суурилсан хүнсний үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд тухайн салбарын бодлого боловсруулагчид, мэргэжлийн холбоодууд, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор бусад салбаруудын бодлоготой уялдуулан бодитой хэрэгжихүйц хүнс үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх чиглэл, зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахын тулд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

-Цаашид бүх салбарт ийм хэлэлцүүлгийг зохион байгуулах уу?

-Тэгэлгүй яахав. Энэ ажил нь 2017 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл бид мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн хайгуул ашигт малтмал, олборлолт болон хүнд үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 8 удаагийн ийм цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Үүний дараа дэд бүтэц, нийгэм, байгаль орчны салбаруудын хэлэлцүүлгүүдийг хийхээр төлөвлөсөн байна. Дээрх салбаруудын зорилтуудыг Үндэсний хөгжлийн газар дээр байгуулагдсан макро эдийн засгийн Ерөнхий тэнцвэрийн загварыг ашиглан бодлогын харилцан нөлөөлөл, үр дүнгийн шинжилгээ хийх замаар дунд хугацааны тэргүүлэх салбар, бодлого арга хэмжээг томьёолно. Гарах үр дүнд эдийн засгийн бүтцийг олон тулгууртай болгоход аль салбарыг дунд хугацаанд илүү төрөлжүүлж хөгжүүлэх шаардлагтай болохыг тодорхойлох юм.

-Монгол Улсын Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг зарлалаа. Эхний ээлжинд 2020 он гэхэд үр дүнгээ өгнө гэж байсан. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичиг нь гурван үе шаттай хэрэгжинэ. Эхний үе шат нь2020 онд дуусна. Дараагийнх нь 2025 он хүртэл хэрэгжих юм. Гэтэл 2030 он хүртэл тогтвортой хөгжилд хэрхэн яаж хүрэх дунд хугацааны нэгдсэн төлөвлөгөө бидэнд байхгүй байна. Энэ төлөвлөгөөг гаргахын тулд 2025 он хүртэл хэрэгжих дунд хугацааны нэгдсэн төлөвлөгөөгөө боловсруулахажлыг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын тогтвортой хөгжлийн 2025 он хүртэлх дунд хугацааны хоёрдугаар үе шатын нэгдсэн төлөвлөгөөг 2019 онд батлуулах зорилготой ажиллаж байгаа юм. Ингэснээр 2020 оноос хойш ажиллах Засгийн газрын мөрийн хөтөлбөр дунд хугацааны төлөвлөгөөтэй уялдаж, цэгцрэх бөгөөд бодлого төлөвлөлтийн шугам тавигдана. МУТХҮБ-2030 г хэрэгжүүлэх 2025 он хүртэлх нэгдсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж баталсанаар, бодлогын уялдаа холбоо, тогтвортой байдал, залгамж чанар хангагдах бололцоо бүрдэнэ.

2020 он хүртэлх нэгдүгээр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдийг нэгтгээд Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг боловсруулсан. 2020 он хүртэлх Засгийн газар яг ямар бодлого баримталж ажиллахаа энэ Гурван тулгуурт хөгжлийн бодлогоороо зарласан байгаа. Монгол Улсын хөгжлийн гурван багана нь “Хүн төвтэй нийгмийн бодлого”, “Олон тулгуурт эдийн засгийн бодлого”, “Тогтвортой, хариуцлагатай засаглалын тогтолцоог байгуулах” юм. Ингээд тогтвортой хөгжлийн 2020, 2025, 2030 он хүртэл богино, дунд, урт хугацааны бичиг баримтууд бүрэлдэж байна гэж ойлгож болно. Бүх салбар яамдууд, орон нутгийнхан манайхан энэ зорилтууддаа хүрэхийн тулд нэгдсэнтөлөвлөгөөтэй ажиллах шаардлага тулгарч байгаа.

-Гурван тулгуурт хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих үндэс нь юу вэ?

-Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг Засгийн газар хоёрдугаар сарын 6-нд баталсан. Одоо хэрэгжээд эхэлсэн гэсэн үг. Энэ бодлогын баримт бичиг амжилттай хэрэгжихийн тулд оновчтой хөрөнгө оруулалт хийх нь чухал. Тиймээс Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бичиг баримт нь Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр байх юм. Хууль, журмын дагуу энэ хөтөлбөрт 30 тэрбумаас дээш ТЭЗҮ-тэй төслүүдийг салбар яамдуудтай олон удаа хэлэлцүүлэг зохион байгуулж гаргаж ирсэн. Нийт 70 гаруй төсөл улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт багтсан бөгөөд батлуулахаар ажиллаж байна.

-Эдгээр төслүүдийн санхүүгийн эх үүсвэрийг тодотгохгүй юу. Хэзээнээс хэрэгжих боломжтой гэж харж байна вэ?

-Одоогийн байдлаар тэдгээр 70гаруй төслийг санхүүгийн дөрвөн эх үүсвэрээс босно гэж харж байгаа.Үүнд төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламж юм.Энэхүү хоёр эх үүсвэрийг Сангийн яам хариуцаж байгаа. Харин төр, хувийн хэвшлийн түншлэл буюу концесс, гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу хувийн хэвшлээр хэрэгжих төслүүдийн ажлын зохион байгуулалт нь Үндэсний хөгжлийн газар дээр байна. Төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн учраас хөрөнгө оруулалтыг хугацаанд нь хийж чадвал 2020 он гэхэд хэрэгжих боломжтой.

-Эдийн засгийг хөдөлгөх хэд хэдэн багц төслүүд байгаа гэл үү. Аль салбарт түлхүү байна вэ?

-Монгол Улс Олон тулгуурт эдийн засагтай болохын тулд бүх салбараа хөгжүүлэх ёстой. Тиймээс ТЭЗҮ хийгдсэн төслүүд бүх салбарт байгаа. Том төслүүдийг нь сонирхуулбал, дэд бүтцийн буюу зам тээвэр, эрчим хүчний хөгжлийн төслүүд байна. Эдийн засгийг босгох хамгийн том ажил бол Таван толгойн дэд бүтцийн багц төсөл. Тиймээс том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, хөдөө орон нутгаа хөгжүүлье гэвэл нэн тэргүүнд авто зам, төмөр замын ажлуудаа түргэвчлэх хэрэгтэй. Дан ганц зам тавиад зогсохгүй эргэн тойрных нь дэд бүтцийг шийдэж өгдөг эрчим хүчний асуудал чухал байгаа. Том бүтээн байгуулалтуудаа цогцоор нь хөдөлгөж байж цэгцэрнэ л дээ.

-Хүн төвтэй нийгэм бодлого гэж хөгжлийн бодлогодоо хэд хэдэн зорилт дэвшүүлсэн байна лээ. Манай улс хэзээ ядуурлаас гарах вэ?

-Хүн төвтэй нийгмийн бодлогын хамгийн чухал нь ядуурлыг бууруулах ажлын байрыг нэмэгдүүлэх зорилт юм. Өнөөдөр монголчуудын гуравны нэг буюу нийт хүн амын 29,7хувь нь ядуу байна. Энэ тоо хөдөө орон нутагт 35 хувьд хүрч байна гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран ажиллаж2020 он гэхэд ядуурлыг бүрэн хянадаг болно. Манай улсын хөгжлийн бодлого цэгцтэй төлөвлөгөөтэй болсноор энэзорилтод бүлгийн иргэдэд чиглэсэн арга хэмжээг авч чадах юм. Жишээлбэл, халамж хэрэгтэй иргэдэд халамжийн хөтөлбөрт оновчтой хамруулдаг, хэт бага орлоготой, ажлын байр олдохгүйбайгаа иргэдэд ажлын байр санал болгодог байдлаар төсөл хэрэгжүүлж байгаа компаниудын нийгмийн хариуцлагынхүрээнд хийж болно. Ядуурлыг хянадаг шалтгаанаар нь ангилсансистемтэй болбол 2030 он гэхэд манай улс ядуурлаас гарах боломжтой гэж үзэж байгаа.

-Тэгвэл сайн засаглалыг яаж бий болгох вэ?

-Төрийн алба бол залгамж чанартай байх ёстой. Улс төрийн болон төрийн албан тушаалтан хоорондоо ялгаатай. Улс төрийн сонгуулийн үр дүнд төрийн албан хаагчид өөрчлөгддөг энэ буруу жишгийг халж байж сайн засаглал тогтно. Тиймээс Төрийн албаны шинэ хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Төрийн албанд орохыг хүссэн хүмүүс тодорхой босгыг давдаг болж байж энэ албанд тэнцдэг, хариуцлагатай, ёс зүйтэй нөхцөл бүрдэнэ л дээ.

Categories
мэдээ нийгэм

Хууль бус газар олголтыг цэгцлэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын авч хэрэгжүүлсэн нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна.

Харин өнөөдөр хотын дарга “Голомт банк” ХХК, “Болд энэрэл өргөө” ХХК, “Жи жи эй” ХХК -иудын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болголоо.

“Голомт банк” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны “Нархан” хотхоны хойд талд байрлах 504 м² газрыг 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “Жэй кэй си” ХХК-с шилжүүлэн авсан боловч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Өгөөж Чихэр боов” ХК-ийн замын урд талын талбай болох ногоон байгууламж дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 410 дугаар захирамжаар 1522м2 газрыг “Жи жи эй” ХХК-д үйлчилгээний зориулалтаар олгосон байсан бөгөөд эзэмшигч нь энэ газар дээрээ мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жилийн хугацаанд ашиглаагүйг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо.

Үүнээс гадна Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэх зурвасын хамгаалалтын хашааны зүүн урд талд байршуулан иргэн Э-д 4.0 га газрыг эзэмшүүлэхдээ бусдын эзэмшилд байгаа газруудтай давхцуулан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр эрх олгосон, улмаар уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Болд энэрэл өргөө” ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31.3-т заасныг болон бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар захирамжийн хавсралтын “Болд энэрэл өргөө” ХХК-д холбогдох “2” дахь хэсгийг тус тус хүчингүй болгож хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Газрын албанд даалгалаа.

Цаашид Хотын дарга 2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын ашиглалт, хуваарилалттай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс хууль бус газар олголттой тэмцэх үйл ажиллагаагаа эрчимтэй үргэлжлүүлэхээ илэрхийлээд, энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн иргэдийг хамтран ажиллахыг уриаллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.