АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулсан тухай мэдээллийг эх сурвалжууд мэдээллээ. Тус газраас албан ёсны мэдээлэл хараахан өгөөгүй байна. III сарын 12-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Засгийн газрын 2009 онд байгуулсан “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй, гэрээ байгуулахад тодорхой албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг асуудлаар дуудан байцаалт авсан. Тухайн үед С.Баярыг “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан хэрэгт буруутгагдаж буй Ш.Батхүүтэй холбоотой эсэх асуудлаар байцаалт авсан тухай мэдээлж байсан юм. IV сарын 1-ний өдөр Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” -ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан баривчилсан. Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт шалгаж буй юм.
Month: April 2018
Монгол Улс, БНЧУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит долдугаар хуралдаан энэ сарын 9-10-нд Прага хотноо болж байна.
Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Чехийн хэсгийн даргаар Үйлдвэр, худалдааны дэд сайд Эдуард Мужицкий нар ажилладаг бөгөөд энэ удаагийн хуралдаанаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай болон хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож байгаагийн зэрэгцээ талуудын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох юм.
Хуралдааны эхний өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНЧУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Радек Полицартай эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар хоёр талын уулзалт хийсний зэрэгцээ тус улсын хамгийн том эмнэлэг болох Мотол болон жилдээ 40 мянган гаруй эмнэлгийн ор үйлдвэрлэгч “Линет” компанийн үйл ажиллагаатай нь танилцлаа.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дах Монгол-Чехийн Найрамдлын бүлгийн дарга Х.Нямбаатар нар БНЧУ-ын Парламентын дээд танхим болох Сенатын танхимаар зочилж Сенатын танхимын гишүүн, тус танхим дахь Европын холбооны асуудал хариуцсан дэд дарга Ярослав Доубраватай уулзалт хийв.
Манай улс БНЧУ-тай эрүүл мэндийн салбарт олон жилийн турш хамтарч ажиллаж байгаа бөгөөд 1971 онд Чехийн компаниуд Улаанбаатар хотын Нэгдүгээр эмнэлгийг барьсан билээ. Цаашид эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр болон эмнэлгийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургахаар төлөвлөж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.
UFC буюу Үнэмлэхүй тулааны төрлийн аварга шалгаруулах тэмцээний аварга цол хүртсэн Оросын тулаанч Хабиб Нурмагомедовыг Бүгд Найрамдах Дагестан улсын Махачкала хотод хүрэлцэн ирэхэд нь 2 мянга гаруй хүн угтан авчээ. Тулаанчийн ойр дотныхон, найз нөхөд, танилууд нь төдийгүй Дагестаны янз бүрийн хот, дүүргээс ирсэн түүний хөгжөөн дэмжигчид, түүнчлэн тус улсын сайд нар, орон нутгийн захирагчид, алдартай тамирчид зэрэг олон хүн Х.Нурмагомедовыг угтахаар Махачкала хотын онгоцны буудалд хүрэлцэн ирсэн байна.
Япон Улс манай улстай Эдийн засгийн түншлэлийн буюу анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийг амжилттай хийсэн.
Харин манай улсын хувьд Япон Улс руу энэ оны эхний 3 сарын байдлаар, 1, 842.51 мянган ам.долларын бараа экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 26.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Япон улсаас Монгол Улсад импортолсон бараа:
№ | Барааны төрөл | Хэмжих нэгж |
Хэмжээ | Үнэ /сая ам.доллар/ |
1 | Суудлын автомашин, түргэн тусламжийн, тусгай зориулалтын машин | ширхэг | 45146 | 233.4 |
2 | Хүнд даацын машин, механизм, экскаватор, ачааны автомашин | ширхэг | 2118 | 12.8 |
3 | Сэлбэг, хэрэгсэл, дугуй | ширхэг | 755663 | 25.9 |
4 | Гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа | – | – | 3.9 |
5 | Гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл | ширхэг | 169170 | 5.5 |
6 | Эм, эмнэлэгийн хэрэгсэл | ширхэг | – | 9.2 |
7 | Бусад | – | – | 78.1 |
Нийт | 368.8 |
Монголоос Япон экспортолсон бараа:
№ | Барааны төрөл | Хэмжих нэгж |
Хэмжээ | Үнэ /мянган ам.доллар/ |
1 | Мал, амьтны гаралтай түүхий эд, өлөн гэдэс, гүзээ, эмийн үйлдвэрлэлд хэрэглэх амьтны эд эрхтэн |
кг | 9320.5 | 304.3 |
2 | Ааруул | кг | 269 | 2.2 |
3 | Цэвэр зөгийн бал | кг | 126 | 1 |
4 | Чацарганы тос, чацарганы шүүс | литр | 1172.5 | 9.7 |
5 | Хөнгөн цагаан бусад эдлэл | кг | 419520.6 | 480.1 |
6 | Мал амьтны нарийн ширхэгт үс, ноосон ээрмэл утас | кг | 6198.8 | 343.1 |
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.04.10) хуралдаан 14 цаг 30 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг Даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс оролцсон. Засгийн газраас2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулав.
Нийслэлийн Засаг Даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн хэмжээнд жилд 1 сая гаруй тонн, өдөрт 1000 тонн хог хаягдлыг хогийн дөрвөн цэгт тээвэрлэж буулгадаг. Мөн жилдээ барилгын хог хаягдал 120.000 тонн гардаг бөгөөд төсөл хэрэгжиж, хогны үйлдвэр барьснаар 100.000 тонн барилгын хог хаягдлыг боловсруулан явган хүний зам барих барилгын материал хийх зэргээр дахин ашиглах юм. Төслийн хүрээнд стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг Морингийн даваанд байгуулахаар төлөвлөөд байна гэж хариуллаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хатуу хог хаягдлыг булшлах цэг болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг барих эдийн засгийн үр ашгийн тооцоог тодорхой болгохыг, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаанзээлийн хөнгөлөлтийн түвшин 43.06 хувь байгаа нь нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарахгүй учир үүнийг эргэн нягтлахыг Ажлын хэсгийнхэнд анхааруулж байлаа. Ингээд “Улаанбаатар хотын хатуу хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 дэмжлээ. Төсвийн Байнгын хороо, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНУ-д байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-аас дуудах хуудас илгээсэн юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг дуудсан хугацаанд буюу өчигдөр Монголд ирсэн байна. АТГ-аас түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-тэй холбоотой хэрэгт холбогдуулан сэжигтнээр татан шалгасан юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнөөдөр АТГ-д мэдүүлэг өгсөн аж. Түүнийг прокурорын зөвшөөрлөөр таслан сэргийлэх арга хэмжээ авч, түр саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бусаар бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорихоор шүүхээс шийдвэрлэсэн билээ.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, дууны шүлгийн нэрт мастер “Загдын Түмэнжаргал”-ын “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолт болно. Энэ сарын 18-ний өдөр түүний үр хүүхэд, хань ижил, нутгийн зөвлөлөөс санаачлан 65 насны ойд зориулан зохиохоор болжээ. Тоглолтын талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд түүний хань дуучин Б.Мягмарсүрэн, том хүү Т.Дүүрэн, охин Т.Дөлгөөн, багын найз С.Цог нар мэдээлэл хийлээ.
Тоглолтод зохиогчийн үе үеийн шилдэг дуунуудыг өнөө цагийн сор болсон уран бүтээлчид дуулж сонирхуулна. Мөн З.Түмэнжаргал агсны “фото зураг”-ийн үзэсгэлэн гарч, найз нөхөд нутгийн зон олонд үзүүлэх юм.
Түүний багын найз С.Цог эргэн дурсахдаа:
-З.Түмэнжаргал бид хоёр Төв аймгийн Угтаалцайдам суманд байхаас үерхэж нөхөрлөж ирсэн. Сурагч байхдаа “Цаначин хүү” гэдэг шүлэг бичиж, “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдэж байсан. Бид түүнийг нь уншаад манай З.Түмэнжаргал зохиолч болох юм байна гэж цуг мөрөөдөж явлаа. Түмээгийн зохиосон дуунууд ерөнхий боловсролын сургуулиудын сүлд дуу болсон байдаг. “Багш та”,”Сургууль минь баяртай” гэх мэтчилэн. Түүнчлэн хүүхдийн зохиол бүтээлийн тал дээр уриалан оролцдог бүтээлч нэгэн. Түүний зохиосон “Нисдэг алим” зохиол хүүхдүүдийн дунд их тархсан. Би өөрөө хүүхдүүдэд зориулан жижиг номын сан ажиллуулдаг. Ном уншиж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь Түмээгийн зохиосон номыг уншиж байгаа харагддаг гэв.
Том хүү Т.Дүүрэн ярихдаа:
-Миний аавын зохиосон дуунууд Монгол өвд хадгалагдахаар утга төгөлдөр байдаг. “Монголын тал нутаг” дуу нь олон орны дуучид дуулсан. Олон улсын мэргэжилтнүүд зөвхөн Монгол хүний сэтгэлийг уяраагаад зогсохгүй улс үндэстэн бүрийн хүмүүсийн сэтгэлийг хөглөх сайхан дуу болсныг судалж, энэ дуунд ямар нэгэн зүйл байна! ямар нэгэн учир байна аа гэж гайхан шагширч уулга алдаж байгаа бичлэг дэлхий даяар yuotube.ээр түгсэн байдаг. Энэ бол Монгол хүний авьяас билэг, оюуны цар хүрээг илтгэсэн бүтээл юм. Ийм сайхан бүтээлүүдийг сонсож эерэг цэнэг авна гэдэг өнөөгийн нийгэмд их чухал ач холбогдолтой. Миний аав хүүхдийн уран бүтээлийг их дэмждэг хүн. Тиймээс Монголын хүүхдийн уран бүтээлийг дэмжих, хүүхдийг хөгжүүлэх үүднээс “Загдын Түмэнжаргал сан”-г байгуулсан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар аваад түүн дээрээ хүүхдийн уран бүтээлийн төв байгуулах юмсан гэж аав минь ярьдаг байв. Бид дөрвөн сарын 16-ны өдөр өөрийнх нь сонгож нэрлэсэн тэр газар өөрийнх нь байгуулсан “Загдын Түмэнжаргал сан”-гийн төвийн шав тавих ёслол болно. Үүнийгээ олон нийтэд нээлттэй байлгаж хүүхдийн урлагийн боловсролд анхаарах төв болгох юм.
Хань Б.Мягмарсүрэнгийн ярианаас:
-“Миний хань үгнээс аялгуу ургадаг гэж хэлдэг байсан. Үнэхээр сэтгэлээс ургасан үгээ бичиж өөрийнх нь дууг дуулж байгаа уран бүтээлчдийг үгийг нь сольж дуулахыг тэвчдэггүй. Яагаад гэвэл өөрийнх нь цэг таслал, мөр бадаг бүр бүгд сэтгэлээс гарч байдаг, бүгд амьтай гэдэг байлаа. Тийм болохоор ийм сайхан бүтээлийн цэнгүүнийг үзэж сэтгэлээ хөглөөрөй. Мөн ханийнхаа санаачлан байгуулсан “Загдын Түмэнжаргал сан”-г түүний хийж амжаагүй үйлийг үргэлжлүүлэн, сайн үйл олныг хийх болно. Сангийн тэргүүнээр хүү Т.Дүүрэн ажиллана. Ялангуяа энэ сангийн үйл ажиллагаа хүүхдүүдийн боловсролд тэр дундаа урлагийн боловсролд анхаарч ажиллах болно. Тоглолтод олон сайхан уран бүтээлчид оролцоно. Хүүхдийн ордны найрал дуучид, Франц улсаас надтай хамтарч ажилладаг уран бүтээлчид ирнэ” хэмээн ярилаа.
Дашрамд дурдахад дуучин Б.Мягмарсүрэн Франц улсад Монголын соёл урлагийг түгээн дэлгэрүүлж яваа. Францын уран бүтээлчидтэй хамтран хань З.Түмэнжаргалын уран бүтээл болон Монголын урлагийг суртачлан таниулж байна. Тэрээр “Франц улсад ажиллаж амьдран тэнд суугаа нутгийн иргэдэд тоглолт хийдэг. Мөн хамтлагтай болж Монгол улсынхаа соёлыг түгээн дэлгэрүүлж ханийнхаа бүтээлийг байнга дуулдаг” хэмээн ярьлаа.
Тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө фото зургийн үзэсгэлэнг дэлгэж ирсэн зочид төлөөлөгч, үе үеийн шавь нар, нутгийн зон олон, найз нөхдөд дэлгэн толилуулах юм.
С.ОТГОНБАЯР
Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Чанмай хотноо болсон. Монголын багийн тамирчин зургаан настай Мягмаржавын Ялгуун охин рапид төрөлд алтан медаль, блиц төрөлд мөнгөн медаль хүртжээ. Тэмцээнд шар тивийн 26 орны 600 орчим өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорьсон. Өсвөрийн шатарчин М.Ялгуун охин нь Ховд аймгийн Алтай сумынх. Охин өмнө нь Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Соёлын яамны сайдын нэрэмжит 2018 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний зургаа хүртэлх насны охидын ангилалд есөн өргөөс найм хожин түрүүлснээр Монгол Улсын аваргын алтан медалийг Ховд аймагтаа 17 жилийн дараа авч иржээ.
Гэнэн хонгорууд
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс Оюу толгойн төсөлтэй холбогдуулж Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газар, Тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг баривчилж хорьсон. Мөн Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нарыг гадаадаас дуудан авчирч мэдүүлэг аван байцааж байна. Одоо Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт дуудах хуудас хүргүүлчихээд хүлээгээд сууж байгаа. Эдгээр баривчилгаануудыг өнгөцхөн харахад АТГ болоод хууль шүүхийнхэн Монгол Улсад шударга ёсыг тогтоон ажиллаж байгаа мэт.
Гэвч үнэн хэрэгтээ Оюу толгойн асуудлаар голлож Эрдэнэтийн 49, 51 хувийг саармагжуулах, барууны хөрөнгө оруулалтынхны эсрэг хонзонгоо авах гэж баруунд боловсрол эзэмшсэн сэхээтнүүдийг шоронд тарчилгах гэсэн эрх баригчдын бодлого. Маш ойлгомжтойгоор хэлбэл Эрдэнэтийг дүйвээн болгож өнгөрөөх, Оюу толгойгоос өмнө нь хоосон хоцорсон хүмүүс дахин хувь хүртэх гэсэн ийм л зүйл болж байна.
Гадаадаас дуудагдан ирж шоронд хоригдоод байгаа нөхөд бол 1990 оноос хойш Монголын нийгмийг бүтээн байгуулалцсан, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс. Үндсэндээ өнөөгийн эрх баригчдаас алд дэлэм илүү амжилттай явсан эрхмүүд. Сүүлийн үеийн эдгээр баривчилгаанууд Монголын нийгэм, улс төрийн хүрээнд нэгэнт тогтсон механизмын дагуу явагдсан. Манай хууль шүүх, хүчний байгууллагууд үеийн үед эрх баригчдын өрсөлдөгчөө барьж, хорьж, дарж авах занга байсаар ирсэн. Аливаа асуудалд үнэн шударга хандаж байсан тохиолдол хууль хүчнийхэнд бараг л үгүй. Зөвхөн эрх баригч бүлэглэлүүдийн дохио зангаагаар явж гол өрсөлдөгчийг нь намнан буулгаж өгдөг. Үүнийг Монголын улс төрийн хүрээнд тогтсон механизм гээд байгаа. Шоронд хоригдоод байгаа, дуудагдаж байцаагдаад байгаа хүмүүс бүгд төр засгийн эрхэнд байсан. Тиймээс өрсөлдөгчөө намнаж шоронд хатаах гэсэн эрх баригчдын ажиллагааг тэд сайн мэдмээр юм. Гэвч яасан гэнэн хонгор юм бэ. Зангиагаа зүүгээд, онгоцоор нисч ирээд, шалгуулаад үнэн зөвөө шууд тэр дор нь олчихно гэсэн гэнэн бодолтой байх юм.
Хууль зүйн сайдаар ажиллаж байсан С.Батчулуун агсны хэлсэн үг бий. “Би ч энэ савнаас амьд гарахгүй дээ. Бид энэ савандаа үнэн зөвийг нь олох гэж хийдэггүй юм шүү дээ. Нийгмээс арилгах гэсэн хүмүүсээ хийдэг сав. Би хууль шүүхэд ажиллаж байсан хүнийхээ хувьд сайн мэдэж байна” гэж хэлсэн байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан, одоо Элчин сайдын албыг хашиж буй М.Энхсайханы ерөнхий прокурорт хандсан захидлыг уншаад өөрийн эрхгүй өрөвдлөө.
“Бүх асуудлаар хариултыг өгсөн тул урьдчилан төлөвлөсний дагуу Швед улс руу гуравдугаар сарын 29-ний өдөр нисэх гэж буйгаа мэдэгдэж, байцаагч нартай ойлголцсон. Гэтэл нийслэлийн прокурор Ширэндэв нь буцах нислэгтэй өдөр давхцуулан АТГ дээр дахин гэрчийн байцаалт авах мэдэгдэл ирүүлэв. Нислэгээ гурав хоногоор хойшлуулж дурдсан цагт нь АТГ дээр ирсэн боловч уулзах учрах хүн гарсангүй…”. Яалаа гэж уулзах билээ дээ, Энхсайхан минь. Та ийм гэнэн.
Хууль шүүхийнхэн эрх баригчдын хонзонг авч сонгууль хүртэл шоронд нь хатаана гэсэн бодолтой л байгаа. Түүнээс тухайн асуудлын үнэн зөвийг олохдоо биш байх аа. Төрийн өндөрлөгт ажиллаж байсан Н.Алтанхуяг шударга бусын хонгил буюу коридор гэж яриад байгаа. Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж энэ хонгилоор бүгдийг шийтгэдэг хэмээн ярьж хэлээд байгаа. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр өөрсдийнхөө хонгилыг байгуулъя гэж хэлээд байгаа юм биш үү.
Одоо төрийн өндөрлөгт байгаа гурван эрхэм гурван хонгил бий болгочихсон шиг байна. Шүүх, цагдаа, АТГ гэх гурван хонгилоор өөрсдөдөө таарамжгүй, өрсөлдөгч гэж үзэж байгаа хүмүүсээ гүйлгэж амийг нь чангааж байна. Хууль шүүхийнхний хуучин дарга нар нь хэвээрээ, солигдоогүй байхад төрийн гурван өндөрлөг өөрсдийн хонгилыг бий болгоно гэж үү гэх асуулт гарна. Тэгвэл баривчилгаатай холбоотой улс төрийн асуудлыг доод талын албан тушаалтнууд даргадаа хүргэлгүйгээр зохицуулчихаж байгаа байлгүй. Жишээлбэл, АТГ-ын даргаар Ганболдыг байхад дэд даргаар нь Хурц байдаг шиг. АТГ-ын даргаар одоо Энхжаргал байгаа. Түүний хувьд бараг л мэдэлгүй болчихсон байгаа даа. М.Энхболдынхоо жаран тэрбумыг л хариуцаад байж байгаа байх.
Улс төрийн өнгө аясаар дуудагдаад буйгаа Энхсайхан, Баярцогт, Сайханбилэг аль аль нь мэдэхгүй байгаа нь харамсалтай. Өнөөдөр АТГ-аас дуудаж асууна, маргааш нь яг тэр асуултыг прокуророос асууна. Сонгууль хүртэл ийм занганд байна гэдгээ тэд огтоос гадарлахгүй байна. Улс төрийн хэлмэгдүүлэлт, залхаан цээрлүүлэлт гэдэг нарийн технолиготой. Н.Энхбаярыг байцаагдаж байхад өлсгөлөнтэй нь холбоотой үнэн худал нь эс мэдэгдэх янз бүрийн зүйл шар хэвлэлээр бичигдсэн.
Улс төрийн залхаан цээрлүүлэлтийн эсрэг хэрхэн яаж тэмцдэгийн бэлээхэн багш нь яах аргагүй Н.Энхбаяр мөн. Оймсоо гозолзуулаад ачигдах хүртлээ тэр эрх баригчидтай хатуу тэмцсэн. Ийм ийм нэр бүхий хүмүүс намайг шоронд хийж байна гэдгийг ачигдахынхаа өмнөхөн зурагтаар мэдэгдсэн. Шоронд ороод ганц хором ч чимээ аниргүй байгаагүй. Өмгөөлөгч, ар гэрийнхэн нь зай чөлөөгүй хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийж, бараг л үхэж байна хэмээн уйлан майлаан болон хэлж байсан. “Хэрвээ миний хань, миний аав амиа алдах юм бол Монголын төрөөс бид амийг нь нэхнэ” гээд л шүдээ зуугаад үзэж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулгын жишээ байна. Хууль хүчнийхэн Баянголд очин нэгжлэг хийж, баривчлах гэхэд нь баахан жүдочдыг цуглуулаад, хэвлэл мэдээллийнхнийг дуудаад нийгэмд цочрол өгч дуулиан шуугиан болгож байсан.
Улс төрийн хэрэгт унасан хүн улс төрийн акцыг ингэж зогсоо зайгүй хийдэг болохоос энэ хэдэн нөхөд шиг дуудахаар нь сүрхий зангиа занаа болон гүйж очин байцаалт өгөөд хоригдчихдог юм биш л дээ. Тэгээд дараа нь уйлагнасан нэг муу захиа бичих төдийхнөөр аргална гэвэл том эндүүрэл. Ч.Сайханбилэг “Би удахгүй Монголд очно. Үнэн зөвөө шалгуулна” гэж хэлсэн байна лээ. Түүнийг уншаад мөн ч гэнэн байна даа гэж бодсон. Адаглаад тэр жил Гүндалайг онгоцны буудал дээрээс баривчилахад юу болсныг бид мэднэ. Олон улсын хуралд явахаар нисэх гэж байхад нь баривчилж бөөн дуулиан болсон биз дээ. Намаас нь хэвлэлийн хурал зарлаж юу юу ч болсон билээ. Улс төрийн хонгилоос ийм замаар л амьд мэнд гарч ирнэ, тэсч үлдэнэ. Үнэн зөвөө шийдүүлнэ хэмээн ном журмаар нь явбал тэр хүн тэгээд л улс төрийн золиос болоод дууслаа гэсэн үг.
Сүүлийн бодит жишээ Гантулга байна. Их хурлын гишүүнээсээ түдгэлзэн гэнэнтэж балардгийн даваан дээр намын архагууд нь арайхийн авч үлдэх шиг боллоо. Намынх нь бүлэг хүртэл шийдэж чадалгүй мухардалд ороход парламентад насаараа суусан архагууд нь авч үлдэж байна. Тэд ингэж зоримог шийдээгүй бол Гантулга гэсэн энэ залуу улс төрөөс бүрмөсөн арчигдаж, тэр чигээрээ дуусна. Улс төр л орчихсон болохоос уул нь залуу хүний явдал шүү дээ.
Эцэст нь хэлэхэд, Монголын нийгмийг бүтээсэн, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг бий болгосон хүмүүс өөрсдөө зангандаа унаж байна. Монголын нийгэм, улс төрийн бодит хөрс ийм гэдгийг тэд өдий хүртэл мэдээгүй явж ирсэн нь гунигтай гэхээс өөр аргагүй. Амьдралаас дэндүү хол хөндий явж, дандаа дарга сайд хийж хэрвээ идэж уудаг юм бол идэж уугаад, бодит хөрсөндөө огтоос сууж өгөөгүйнх нь гор гарч байна.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг тус дэд хорооны дарга Ц.Нямдорж танилцуулсан юм. Ц.Нямдорж энэ үеэр ярихдаа:
-1992 оны УИХ-аар гишүүнтэй холбогдуулжҮндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарч байсан. Тэрийг хэлэлцэлгүй дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байсан юм.2006 онд энэ асуудлыг хугацаатай болгосон. Цэц УИХ-ын гишүүнтэй холбогдуулж дүгнэлт гаргавал УИХ авч хэлэлцэх хугацаатай болгосон юм.
2004 оны УИХ-д гишүүнтэй холбоотой асуудал басих яригдсан. Гурав, дөрвөн гишүүний асуудал УИХ-д орж ирээд түдгэлзүүлнэ, түдгэлзүүлэхгүй гээд янз янзын юмнууд болж байсан. Тэр үед юу яригдсан гэхээр хэрэг үйлдэж байгаа үед баригдсан бол түдгэлзүүлдэг, шалгадаг. Бусад үед гишүүний бүрэн эрхэд халдах асуудалд болгоомжтой ханддаг байя гэсэн юм. 2010 онд зургаагийн 9-ын 2 гэдгийг аваад хаячихсан юм билээ. Түүнээс хойш газар дээрээ л баригдаагүй бол бүрэн эрхийн хугацаандаа халдашгүй байх хуулийн орчин бий болгосон юм билээ. Үүнтэй холбоотой Цэцийн маргаан яваад байсан. Үндсэн хуулийн 29-ийн 1 гэдэг бол гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж байгаа юм л даа. Түдгэлзүүлэх эсэхийг гэж байгаа шүү. Түдгэлзүүлнэ гэсэн ч үг биш. Бүрэн эрхийг түдгэлзүүлж болно, түдгэлзүүлэхгүй ч байх эрх нь УИХ-д бий. Одоо энэ Төрийн байгуулалтын байнгын хороо нь хуулийн өөрчлөлтийнхөө саналыг оруулаад, энэ асуудлаацэгцлэх юм байлгүй. Яагаад ингэж Цэцийн дүгнэлт гарчихаад байхад удаан хугацаанд өөрчлөлт оруулахгүй, тэр тусмаа асуудал яригдаад байхад ингээд суугаад байсныгби мэдэхгүй. Би бол халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг л оруулж ирж байна. Хамгаалсан асуудал байхгүй. Хуулийн хийдэл үүссэн учраас танилцуулж байж өөрчлөхгүй бол болохгүй болчихож. Яллагдагчаар татагдсан дахиад ч нэг гишүүний асуудал яригдаж байна.Тэр чинь орж ирэхийг үгүйсгэхгүй.
Хуулийн зөрчлийг арилгажбайгаад ярья гэхээр хамгаалж байна гэж мушгиад байгаа юм. Энэ бол зохистой биш. Миний бодлоор хуучин байсан 9-ын 1 –ийн 2-ыг сэргээсэн нь дээр. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө, дараа ч юм уу гэмтхэрэгт холбогдоод тэр нь тогтоогдох юм бол ерөнхий прокурор гишүүнийхээ асуудлыг шийдэж өггэж санал оруулах, УИХ- нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх нь хэвийн үзэгдэл шүү дээ. Үүнийг 2010 онд хуулиас авч хаясан нь ёстой хэрэггүй хуулийн хамгаалалт.Гишүүнийг эгүүлэн татах хоёр тохиолдол бий. Цэц эгүүлэн татах үндэслэл байна гэсэн дүгнэлт гаргавал нэг эгүүлэн татдаг. Тэр саналыг Цэцийн дарга оруулж ирдэг. Шийтгүүлсэн бол дээд шүүхийн ерөнхий шүүгч санал оруулж ирдэг хоёр тохиолдол бий. Түдгэлзүүлэх хоёр заалт байсныг нэгийг аваад хаячихсан. Ямар тохиолдол гэхээр газар дээрээ баригдсан бол Ерөнхий прокурор түдгэлзүүлэх санал оруулж ирэхээр заасан.Газар дээрээ баригдсан гэдэг заалт байхгүй болохоор ерөнхий прокурор ийм санал оруулж ирэхгүй гэсэн юм.
Б.ЭГШИГЛЭН