Categories
мэдээ улс-төр

Хотын дарга ӨМӨЗО-ны Аялал жуулчлал хөгжлийн хорооны даргатай уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотод хийж буй айлчлалынхаа хүрээнд тус орны Аялал жуулчлал хөгжлийн хорооны дарга Жэн И Пинтой уулзлаа. Уулзалтын хүрээнд хоёр орон аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жэн И Пин хэлэхдээ “Та бүхнийг хүрэлцэн ирсэнд баяртай байна. Энэ айлчлалын хүрээнд бидний аялал жуулчлалын салбарт хийгдэх олон ажлын түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Б.Чимэдцэрэн Дэлхийн аварга боллоо

ӨАБНУ-д пауэрлифтингийн хэвтээ шахалтын ахмад, насанд хүрэгчдийн ДАШТ болж, Монголын баг тамирчид хос алт, мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний насанд хүрэгчдийн +120 кг-ын жинд Б.Чимидцэрэн алтан медаль хүртэж, төрийн алтан дуулалаа эгшиглүүлэв. Б.Чимэдцэрэн хэвтээгээс 357 кг туйван өргөснөөр дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон бөгөөд тэрээр өмнө нь ДАШТ-ээс мөнгө, Азийн гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм. Мөн -120 кг-ын жинд дэлхийн аварга Б.Алтангэрэл мөнгөн медаль хүртжээ. Хэдхэн хоногийн өмнө энэ тэмцээний ахмадын 105 кг-ын жингийн ангилалд Б.Ууганбаяр алт, Ц.Баярхүү мөнгөн медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан. Ийнхүү Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 2018 оны хэвтээ шахалтын хэрэглэлтэй төрлийн ДАШТ-ээс хоёр алтан медаль зүүлээ.

О.ДАШНЯМ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ:“Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг”

Супер од, блогч Марк Мэнсон сүүлийн хэдэн жилийн турш өөрийн алдартай блогоороо дамжуулан бидний өөрсдөөсөө болон хорвоо ертөнцөөс хүлээдэг хоосон хүлээлтийг өөрчлөхийг хичээж байна. Түүний “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” ном нь Нью-Йорк таймсийн бестселлер болсон агаад АНУ-д 2016 онд “Harper Collins” хэвлэлийн газар эрхлэн гаргасан байна. Монгол хэвлэлийг “Мон судар” хэвлэлийн газрынхан эрхлэн гаргасан агаад өдгөө хамгийн их борлуулалттай номын нэгээр шалгарчээ.

Энэ номын гуравдугаар бүлэг нь “Та онцгой биш” гэсэн гарчигтай. Анх 1960-аад онд өөрийгөө хүндэтгэх үзэл буюу өөрийнхөө талаар эерэг бодол сэтгэгдэлтэй байх тухай үзэл сэтгэл судлалын ертөнцөд хүчээ авах болсон гэнэ. Өөрийгөө дээгүүр үнэлдэг хүмүүс илүү сайн гүйцэтгэлтэй, алдаа бага гаргадаг гэдгийг судалгаа харуулжээ. 1970-аад онд өөрийгөө хүндэтгэх үзлийг эцэг эхчүүдэд зааж, сэтгэл зүйч, улстөрчид, багш нар энэ үзлийг ярьж, боловсролын бодлогод тусгаж эхэлсэн түүхтэй. Амжилттай оролцогчийн шагнал, хуурамч цом зэргийг шалихгүй тэмцээнүүдэд олгож эхэлжээ. Хүүхдүүдэд яагаад өөрсдийгөө онцгой гэж бодож буй шалтгаанаа бичих гэрийн даалгавар өгөх нь элбэгшив. Номлогчид сүмийн цуглаан дээр “Хүн бүхэн бурхны нүдэнд онцгой нэгэн, хүн бүр дундаж байхын төлөө биш онцгой байхын төлөө төрсөн” гэж айлдаж байлаа.

Гэвч тэр үе өнгөрч шинэ ухагдахуун бий болсон хэмээн зохиолч онцолж байна. Бид бүгд тийм ч онцгой биш. Хүмүүст та нар бол онц гойд бөгөөд юу ч болж байсан өөрийнхөө тухай сайнаар бод гэж заасан ч Билл Гейтс, Мартин Лютер Кинг шиг хүмүүсээр дүүрэн ард түмнийг лав бий болгосонгүй. Харин хий хоосон гарааны бизнес эрхлэгч Жимми шиг хүмүүс олширсон юм хэмээн Марк Мэнсэн дүгнэв. Жимми гэдэг нь хөдөлмөрлөхгүйгээр баян болж болно гэж итгэдэг. Мөн хэнд ч туслахгүйгээр бусдад таалагдаж болно гэж үздэг Монголд ч олон тохиолдох дүр. Жимми шиг хүмүүс өөрсдийгөө мундаг гэж мэдэрдэг төдийгүй, хэзээ ч эрсдлийг амжилттай давж байгаагүй мөртлөө өөрийгөө амжилттай гарааны бизнес эрхлэгч гэж итгэдэг” гэнэ л дээ.

Зохиогч “Хүн бүр хосгүй болж чадахгүй. Нийгэмд ялагч, ялагдагчид үргэлж байдаг. Эдгээрийн зарим нь шударга бус бөгөөд таны буруугаас болоогүй” хэмээн тайвшруулжээ. Мэнсон бидэнд өөрсдийн хязгаарыг мэдэрч, түүнийгээ хүлээн зөвшөөрөхийг санал болгосон юм. Бид амьдралдаа бүх зүйлд ач холбогдол өгөх боломжгүй. Тиймээс юуг чухалчилахаа хүн өөрөө шийдэх хэрэгтэй” гэж тэр бичиж байна. Өөрийгөө хичнээн өндөр үнэлдэг байлаа ч асуудалтайгаа нүүр тулж чадахгүй л бол тэр сул дорой хүн гэнэ.

Өөрийгөө жинхэнэ өндөр үнэлдэг хүмүүс сул талаа хүлээн зөвшөөрдөг, дутагдлаа засахаар ажиллаж чаддаг байна.

Хамгийн хамгийн гэх мэдээллийн урсгалууд нь бидэнд бусдаас онцгойрох ёстой гэж итгүүлжээ. Гэтэл амьдрал ихэнхидээ энгийн, дундаж учраас онцгой мэдээллүүдээс болоод өөрийгөө өрөвдөлтэй, бүтэлгүй мэтээр мэдрэхэд хүрэх нь байдаг. Онцгой байдлын давалгаа энгийн хүмүүсийг өөрийн талаар онцгүй үнэлэмжтэй болоход хүргэж, улмаар бусдад анзаарагдах чухал нэгэн болох хэрэгтэй гэж ойлгуулна.

Ямар нэг талаараа гоц болсон хүмүүс өөрсдийгөө онцгой гэж итгэсэнээс тэгсэн юм биш. Би байгаагаасаа илүү дээр байж чадна гэдгийг ойлгосон учраас тэд түүндээ хүрдэг. Сэтгэл санаа эрүүл байхын нууц нь “Таны амьдралын ихэнхи хором уйтгартай, гоц биш байх ба энэ нь муу биш” гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал. Үүний дараа та найз нөхөдтэйгээ баясах, ямар нэг зүйл бүтээх, тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах, сайхан ном унших, асарч халамжилдаг хүмүүстэйгээ цуг инээлдэхийн баяр гэх мэт амьдралын энгийн зүйлсэд талархах болно хэмээн зохиогч зөвлөсөн байна лээ.

Тоомжиргүй байна гэдэг хэнэггүй байна гэсэн үг биш гэнэ. Харин бусдаас ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Хэнэггүй хүмүүс улбагар, залхуу байх нь элбэг. Гэрийн мухар сахисан интернетийн аварга биетнүүд байдаг.

Харин тоомжиргүй хүмүүс бүх зүйлд санаа зовдоггүй. Зөвхөн гэр бүл, найзууд, зорилго гэх мэт амьдралынхаа нэн чухал зүйлсэд л ач холбогдол өгдөг гэнэ шүү.

Хүүхдүүд жижиг сажиг тааламжгүй зүйлс тохиолдоход ч гамшиг болсон мэт бөөн юм болдог. Харин нас ахих хэрээр хүн бүх зүйлст бус онцгой цөөн зүйлст л анхаарал хандуулах боломжтойг ойлгодог. Харин зовлон үзсэн хүмүүс амьдралын үнэ цэнийг илүү мэдэрдэг тухай энд өгүүлжээ. Үхлийг мэдэрсэн хүн өөрт нь юу чухал, юунд тоомжиргүй хандаж болохыг илүү мэдэрдэг ажээ.

Баян, алдартай, нэр хүндтэй л биш бол хүн биш мэт санагдуулдаг өнөөгийн нийгэмд тоомжиргүй амьдрах тухай эсрэг зам санал болгож, урсгал сөрсөн учраас л энэ ном олон хүнд таалагдсан болов уу.


Categories
мэдээ цаг-үе

Д.Нямхүү: Спорт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өөртөө итгэх итгэл төрүүлж өгдөг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын анхдугаар наадам ирэх сарын 2931ний өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулагдана. Анхдугаар спортын наадамд дифлимп, паралимп, тусгай олимпийн төрөлд 493 хүүхэд өөр, өөрсдийн ангиллын дагуу өрсөлдөх юм. Тэмцээний талаар Монголын үндэсний паралимпийн холбооны ерөнхийлөгч Д.Нямхүүтэй ярилцлаа.


-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын анхдугаар наадам найман төрлийн спортоор явагдах юм байна. Ямар ямар спортын төрлөөр зохиогдох вэ?

-Анхдугаар спортын наадмаар найман төрлийн тэмцээн уралдаан явагдана. Үүнд жүдо, хонхот бөмбөг, шатар, хөнгөн атлетик зэрэг төрлүүд багтаж байна. Анхдугаар спортын наадамд 493 хүүхэд оролцох болно. Энэ тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулна. Эхний удаад төвлөрсөн тусгай сургуулийн хүүхдүүдийг түлхүү хамруулж байгаа.

-Монголд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэдэн хувь нь спортын арга хэмжээнд хамрагддаг вэ?

-Монголд хөгжлийн бэрхшээлтэй 20-30 мянган хүүхэд байдаг юм билээ. Үнэнийг хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандсан спортын арга хэмжээ зохиогдож байгаагүй. 2009 онд би энэ ажлыг авсан цагаас хойш хүүхдүүд рүү хандсан арга хэмжээ зохиох талаар ярилцдаггүй байсан. Олимпийн наадам, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн хооронд бага хугацаа байсан учраас амждаггүй байлаа. Одоо нэг талаасаа амьсгаа авч байна. Нөгөө талаасаа ирээдүйн тамирчдын эх суурийг тавихын тулд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг татан оролцуулж, дотроос нь шинэ залуу тамирчдыг бэлтгэх шаардлага гарч байгаа юм. Энэ тухай саналаа Биеийн тамир, спортын улсын газрын дарга Ц.Шаравжамцад хэлэхэд нааштай хүлээн авч “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын наадмыг зохион байгуулъя, наадмыг хийхэд БНХАУ-ын “Гранд Чайна спорт” групп дэмжиж ажиллах боломжтой” гэж хэлсэн. Үүнийг ч бид баяртайгаар хүлээн авч хамтарч зохион байгуулж байгаа. Цаашдаа энэ арга хэмжээ өдөрлөгүүдийг өргөжүүлж, цар хүрээг нь тэлж өгөхийг зорьж байна.

-Хөдөө орон нутагт аж төрж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд анхдугаар спортын наадамд оролцох боломжтой юу. Татан оролцуулахын тулд зохион байгуулагчид ямар ажил явуулж байгаа вэ?

-Анхдугаар наадамд хөдөө орон нутгаас цөөхөн хүүхэд оролцож байгаа. Дараагийн тэмцээнүүнэд илүү олон хүүхэд хамрагдах байх. Үүний тулд бид хөдөө орон нутагт салбар холбоодыг байгуулахаар ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү хандсан ажил хийхэд хэд хэдэн байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Халамжийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиуд ойр ажиллах хэрэгтэй. Мөн орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллах хэрэгтэй байна л даа. Гэтэл энэ тал дээр манайд санаачилга их муу байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэдийн нийгэмд амьдарч байгаа орчныг сайжруулахын тулд арга хэмжээ авч байгаа албан байгууллагууд гарын арван хуруунд багтахаар цөөн.

-Тэмцээд оролцсон хүүхдүүдийг цааш нь хөгжүүлэх талаар танай холбооноос ямар ажил явуулж байгаа вэ?

-Спортын шинжлэх ухааны эрдэм шинжилгээний төв шинээр байгуулагдсан байгаа. Анхдугаар спортын наадмаас шалгарсан хүүхдүүдийг тус төвтэй хамтарч ямар спортын төрлөөр илүү амжилт гаргах магадлалтайг нь тогтоож өгнө. Өмнө нь сагсны авьяастай хүүхэд хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан асуудал алга болно гэсэн үг. Амжилт гаргах хамгийн өндөр магадлалтай спортын төрөл рүү нь оруулаад хичээллүүлнэ. Ингэснээр илүү үр дүн гарч шинэ залуу тамирчид олноор төрөн гарах болно.

-Төрөөс ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

-Сая Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгайлсан агентлаг байгуулах шийдвэр гаргаж байна. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалахад том түлхэц болно гэж би хувьдаа харж байгаа. Манай холбоо энэ байгууллагатай ойрхон хамтарч ажиллах болно. Мөн УИХ-ын гишүүн асан С.Оюун тусгай олимпийн ерөнхийлөгч хийж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжиж ажиллаж тэмцээнд оролцуулж байсан.

-Тусгай олимпт орсон хүүхдүүдийг хаанаас олж, хэрхэн бэлтгэсэн бэ?

-Монголын Үндэсний паралимпийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Оюунбат дауны хомсдолтой, аутизмтай хүүхдүүдийг гудамжнаас олж бэлтгэл сургуулилт хийлгэж тусгай олимпт оролцуулж байлаа. Ийм хүүхдүүдтэй эцэг, эх сэтгэл зүйн хувьд хамгийн хүнд зовлон бэрхшээлийг туулдаг юм билээ. Гэхдээ хүүхдийг нь ийм ажиллагаанд татаж оролцуулахад хандлага нь өөрчлөгдөж дэмжиж байсан. Тусгай олимп гарч ирсний дараагаар БНСУ-ын тусгай олимпийн хороотой хамтарч хэд хэдэн олон улсын тэмцээнд оролцож байсан шүү.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортоор хичээллүүлэхийн ач тус нь юу вэ?

-Олон сайн талтай. Жишээ нь, тэргэнцэртэй нэг хүүхэд байхад дэлхийн нийгмийн хандлага нь эрүүл хүүхдүүдтэй хамт сургадаг болсон. Анги хамт олон нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ад үзэхгүй байхаар хүмүүжсэн байдаг тул нөгөө хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдэхгүй өснө. Энэ ч утгаараа олон найз нөхөдтэй байдаг. Харин манайд тусгай сургуульд хашчихдаг. Нийгэм энэ хүүхдүүдийг ойлгохгүй учраас бусад нь хараад доог тохуу хийнэ. Ийм ч учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гутарч өөрийгөө дорд үзэх гээд байдаг талтай. Спорт бол тэр хүүхдүүдэд өөртөө итгэх итгэл төрүүлж, эрүүл хүүхдүүдээс зарим талаараа илүү гэх сэтгэхүйг суулгаж, нийгэмшүүлж өгдөг. Ер нь хүүхэд тоглож наадаад, спортоор хичээллэж эхлэх үедээ эрүүл ч бай, хөгжлийн бэршээлтэй ч бай сэтгэл ханамж авдаг. Энэ бол хүүхдүүдийг энэ нийгэмд сайн хүн болгохыг зорьж байгаа хэрэг.

-Өнөөдөр Монголын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид бэлтгэлээ яаж базааж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан ордон байгуулагдах юм бол бидэнд том боломж нээгдэнэ. Өнөөдөр суугаа волейболын тамирчид энд тэндэхийн спорт заалуудыг шөнө нь угааж өгчихөөд, цалинд нь бэлтгэлээ хийж байгаа. Жүдо бөхийн тамирчид стандарт бус зааланд эрүүл тамирчидтай хамт бэлтгэлээ базаадаг. Стандарт зааланд бэлтгэл хийх боломж нөхцөл хомс байгаа учраас тамирчдаа БНХАУ, БНСУ, Япон зэрэг орнууд руу аваачиж хамтарсан бэлтгэл хийлгэж олон улсын тэмцээнд бэлддэг.

-Монголын паралимпийн үндэсний холбоо цаашид ямар зорилго тавьж ажиллаж байна вэ?

-Бид 2012 оны Лондонгийн олимпийн дараагаас 2016 оны олимпийн наадамд бэлтгэж медаль авах зорилго тавьж ажилласан. Үүний үр дүнд хоёр хүрэл медаль авсан. Одоо ирэх олимпийн наадамд алтан медаль авахаар төлөвлөөд явж байна. Мөн залуу үеийн тамирчдыг бэлтгэхээр ажиллаж байгаа.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Урлаг, спорт, сурлагаараа тэргүүлэгч 10 ”Г” ангийнхан

Налайх дүүргийн Алтангадас одонт, Кёкүтэнхо Н.Цэвэгнямын нэрэмжит 10 жилийн “Голомт” цогцолбор сургуулийг 1988-1998 онд суралцаж төгссөн 10Г ангийг энэ удаагийн “Нэг анги” буландаа онцолж байна. Тус ангийнхан 20 жилийн дараа буюу өнөөдөр төрөлх сургууль дээрээ уулзалдах гэж байгаа юм. Ангийн хүү Ц.Амаржамц “Бид бүхэнд “нэг ангийнхан” гэж дуудагдах эрхэм үнэт зүйл бий. Одоо бид бүгд гэр бүлтэй болж, ажил амьдралын их хөл дунд дор бүрнээ завгүй бужигнаж байгаа ч “Манай ангийн охид, хөвгүүд” гэж нэгнээ дуудах нь сэтгэлд маш дотно өөриймсөг сайхан байдаг. Арван жилийн цэвэр ариун нандин үерхэл нөхөрлөл, дуу хуур, инээд хөөр, нэгнээ бяцхан гомдоож байсан гээд бүх зүйл хүүхэд насны минь гэгээн дурсамж, мартагдахааргүй мөчүүдээ бид үргэлж сэтгэлдээ тээж явдаг” гэж ярьсан юм. 20 жилийн ойн уулзалт болох учраас ангийнхныгаа бүртгэж, хэн маань хаана, юу хийж байна гээд нэгнийхээ сургийг гаргаж эхэлжээ. Эдний ангийнхан 19 охин, 21 хөвгүүдтэй. Ангийн онц сурлагатан Н.Сайнбилэг багын хичээл сурлагадаа хичээмтгий, өндөр, туранхай, цовоо сэргэлэн хүү байж. Тэрээр байгаль орчин, биологийн чиглэлээр өдгөө доктор хамгаалж, БНХАУ-д, таван хүүхэдтэй, гэр бүлээрээ амьдарч ажиллаж байгаа гэнэ. Ангийн хоёр ч хүүхэд АНУ, Шведэд амьдарч байна. Хөдөө орон нутагт буюу “Таван толгой” ХХК, “Оюу толгой” ХХК-д ангийн дөрвөн нөхөд ажиллаж байгаа ба тэд ажлын байдлаас шалтгаалаад энэ удаагийн уулзалтдаа ирж амжихгүй нь гэдгээ уламжилжээ. 10Г ангиас нийт хоёр хос төрөн гарчээ.

Ангийн хүү С.Батнасан ярихдаа “Амьдралын зам алдаа оноогоор дүүрэн байдаг ч манай ангийнхан дунд алдахаасаа онож яваа нь олон. Бүгд л сэтгэл бүтэн жигд сайхан амьдарч байна. Нэгнээ сэтгэл зүрхээрээ хөглөн, аль болох урмын сайхан үгээр дэмжин гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөө гэсэн сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөж явна. Тэд маань аав, ээж болсноос хойш төдийлөн нэг дор олуулаа уулзалдаж байгаагүй. Тиймээс одоо нэгэнтэйгээ уулзана гэхээс сэтгэл догдлон, хүүхэд ахуй насны дурсамжид үлдсэн багын тэр л дүр төрхөөрөө нүдэнд тодрон үзэгдэж уулзахын хүслэн болж байна даа” гэж сэтгэл догдлон байв. Ангийнхнийхаа зарим нөхдийнхөө хаана, юу хийж байгааг нь холбоо тогтоож чадаагүй гэх бөгөөд тэдгээр нь С.Сарантуяа, А.Болормаа, С.Батнасан, Бан.Баттулга, Б.Оюунбат нар юм.

Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд ангийн хоёр хүүхэд анд найзуудтайгаа эргэн уулзахааргүйгээр бурхны оронд оджээ.

Тус 10Г анги даасан хоёр багштай. Дөрөвдүгээр ангиас нь дааж авсан Б.Оюунцэцэг хөдөлмөрийн багш юм. Хүүхдүүдийг таних, хэнд ямар ажил даалгахаа сайн мэддэг, зан харилцаан дээр суурилж бүгдийг зохион байгуулдаг чимээгүйхэн алхаатай, дуу цөөнтэй боловч хэлэх гэсэн үгээ шулуухан хэлдэг багш гэж ангийнхан нь дуу нэгтэйгээр хэлж байв. Сурагчид бид багшийнхаа хэлсэн үгийг их сайн сонсч, захиас үгийг нь биелүүлэхийг хичээдэг байсан. Есдүгээр анги төгсгөөд багш маань ар гэрийн хүнээ асран тойлох гээд ахуй амьдралын шалтгаанаас болж аравдугаар ангид бидэнтэй цуг байж чадаагүй. Тиймээс хичээлийн эрхлэгч П.Басанням багш маань биднийг төгсгөсөн гэж дурслаа. П.Басанням багш нь боловсролын байгууллагад 47 жил ажиллахдаа шулуун шударга, нийтэч, зарчимч гэдгээрээ танигдсан, алс холыг харсан байдлаар биднийг хүмүүжүүлдэг байсан гэж байв. Сурагч биднийг эрдэнэс шиг хоёр сайхан багш маань “Та бүхний өмнө ихийг бүтээх холын зам дурайж байна. Үргэлж сурч тэмүүлэх өрнүүн хүсэлтэйгээр улам ихийг сураарай” гэж захиж хэлдэг байсан нь сэтгэлд тод хоногшжээ гэлээ.

Ангийнхан “Нэг нь нийтийн төлөө. Нийт нь нэгнийхээ төлөө” гэсэн уриатай. Одоо ч эдний ангийнхан хамт олныхоо өмнө дэвшүүлсэн уриандаа үнэнч, манлайлж яваа гэдэг нь илэрхий. Ангийн сурагчдаас манлайлагч, сурлагаараа тэргүүлэгч байсан Ууганбаяр, Энхсувд, Алтантуяа нарынхаа тухай ам хуурайгүй магтаалын үгс дайсан юм.

10Г ангийнхан тухайн үедээ “Их сахилгагүй сурагчидтай” гэдгээрээ багагүй алдартай байж. Ангийн багш Б.Оюунцэцэгийн ярьж байгаагаар “Хань маань хүнд өвчин тусч чөлөө аваад гэртээ сууж байхад ангиас төлөөлөл болж хүүхдүүд маань эргэж ирж байсан. Тэрхүү үе сэтгэлд маань маш дотно, тодхон үлдсэн байдаг. Зовж шаналах үед сэтгэлээсээ тусалж хандана гэдэг нь амьдралын хамгийн сайхан зүйлсийн нэг юм. Манай ангийнхан сахилгагүй, адтай гэдгээрээ цуутай байсан ч аливаа зүйлд чин сэтгэлээр ханддаг нь ажиглагддаг байсан. Урлаг, спорт, сурлагаараа бусад ангийн сурагчдаас тэргүүнд нь байсан юм шүү. Их сайхан нөхөрсөг хамт олон байлаа” гэж дурссан.

Харин П.Басанням багш “Анхны төгсгөсөн алдрайхан шавь нар минь. Адтай авхаалжтай, дүрсгүй хүүхдүүд байсан. Эрхлэгчийн албыг хашиж байхдаа сурагчдаа тосон авч төгсгөж байлаа. Ангийнхан маань арван жилдээ ардын багш нараа уурлуулж, инээлгэж байсан. Өнөөдөр шавь нар маань бүгд амжилттай, аз од нь гийсэн сайхан амьдарч байгааг хараад өөрийн эрхгүй баярлаж байна. Иймээс ангийнхнаараа бахархахгүй байхын аргагүй. 1998 оны анхны ангиа төгсгөсөн төгсөлтийн баяр мартагдашгүй сайхан болж байсан. Тэр цагаас хойш 20 жил өнгөрчээ. Шавь нараас минь анх Ц.Амаржамц маань Бүгд Найрамдах Турк улсад төр засгийн зардлаар Цагдаагийн академид суралцахаар явсан нь бахархууштай явдал болсон. Амжилттай төгсөж ирээд, цагдаагийн байгууллагад нэр төртэйгөөр ажиллаж байна. Налайхын сургуулиас гадаадад тэтгэлгээр суралцахаар явсан нь бид бүхний бахархал юм” гэж ярилаа.

10Г-ийнхэн ангидаа олуулаа сууж хичээлээ байнга давтдаг. Нэгнийхээ ойлгоогүй зүйлийг нэгэндээ хэлж өгч тусалдаг байсан гэнэ. Спортоос голчлон сагс, теннис тоглож, нэгнийдээ очиж, гэрийн даалгавраа хийх, айлд цөөхөн байсан компьютер дээр ангиараа нийлж кино их үздэг байсан аж. Тэр үед Налайх дүүрэг Улаанбаатараас хол юм шиг санагддаг байсан. Ингээд бид хот руу орж, ангиараа зугаалдаг байсан. Хүүхдийн парк, Сүхбаатарын талбай дээр очиж патиараа татуулж, тоглолт үзэж, сонин сайхныг ихэд сонирхож явдаг байж. Урлаг, соёлын оддын тоглолт тухайн үед Налайхад болдог байж.

Тоглолт үзэхээр ангиараа бас цуглачихна. Мөн хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд ч тус ангид нэлээн олон суралцдаг байсан аж. Зуны амралтаараа хөдөө орон нутагт байдаг хүүхдүүдийн гэрээр очиж амарч, ангиараа Туул голоор зугаалдаг байжээ. 1990-ээд оны үед зах зээл эхэлчихсэн үе. Талх масло, элсэн чихэр хэнийд байна гэж ярилцаж байгаад нэгнийдээ очиж “хоол бууддаг” байсан гэнэ. Эдний ангид Казах хүүхэд байж. Нэг удаа Наурызын баяраар гэрт нь ангиараа очиж үндсэний баярыг үзэж баярлаж байсан гэнэ. Казах ард түмний үндэсний баяр, баярын ширээ, уламжлалт ёс заншлыг анх удаагаа танин мэдэж их л сонирхолтой санагдаж байлаа гэж дурссан. Тухайн үед урлагийн үзлэг байсхийгээд болно, шөнө оройг хүртэл сургууль дээрээ урлаг, соёлын арга хэмжээндээ бэлдэж гэртээ харих болохоор охидыг хөвгүүд гэрт нь хүргэж өгдөг байжээ.

Ангийн хүү Ц.Амаржамц “Бид ахлах ангид орсон ч гэсэн Б.Оюунцэцэг багштайгаа байнга холбоотой. Аль болох багшийнхаа жаргал зовлон, баяр хөөртэй мөчийг хамтдаа хуваалцахыг хүсдэг байсан. Ингээд багшийнхаа гэрээр аль болох очихыг хичээнэ. Бидэнд хичээл заадаг байсан багш нар маань боловсролын салбарт олон жил тууштай ажилласан туршлагатай хүмүүс байсан. Бид дунд сургуулиа төгсөхөд дор бүрнээ өөрийн гэсэн үзэл бодолтой, зорилго тэмүүлэлтэй болж хүмүүжиж чадсан. Тиймээс эрхэм сайхан багш нараараа үргэлж бахархдаг” хэмээн дурслаа. Ц.Амаржамц “Нэгэн удаа урлагийн үзлэгт бэлдээд оройтож охидыг гэрт нь дөхүүлж өгөх гэж явтал гэнэт нохой дайрчээ. Бүгд тал тал тийш зугтахад нэг мэдсэн чинь ангийнхаа нэгэн охиноо урдаа барьчихсан “Авраач ээ” гээд орилж байсандаа ичиж бантсан” тухайгаа хуучлав. Ангийн охидоос цэвэрч нямбай байдлыг эрхэмлэгч Мөнхцэцэг, олон хөвгүүний харцыг булааж явсан үзэсгэлэнтэй Уянга гэх зэргээрээ ангийнхаа охидын тухай ярьцгаав. Одоо Уянга гадаадад амьдарч байгаа гэнэ. Сурлагаараа тэргүүлэгч, байнгын олимпиадад оролцдог нь Н.Сайнбилэг. Тэрээр тэмцээн уралдаан болгонд оролцдог нийгмийн идэвх сайтай нэгэн байжээ. Тэрээр нэг өдөр ангидаа үсээ тод өнгөөр будуулчихсан орж ирэхэд нь “Үсээ яагаад будсан юм бэ” гэж асуусан чинь “Хотод явж байсан чинь үсний тэмцээн болж байна гээд дуудаад оруулчихлаа” гэж билээ. Тухайн үед ангийн хөвгүүд их шоолж инээж байсан гэдэг. Сахилгагүй хөвгүүд заримдаа охидоосоо хичээлээ нууцхан хуулчихдаг байсан гэдгээ дурсав. Багадаа байрны гадаа сагсны талбайд л цагаа ихээхэн өнгөрөөнө. Хааяадаа ширээний теннис тоглодог гэх. Нэгэн удаа шинэ жил болоход ангийн багш нь “Та бүхэнд ухаан, сэтгэл хоёр хэрэгтэй болохоос биш, мөнгө хэрэггүй. Мөнгө бол амьдралын нэг хэмжүүр, зарцуулах ёстой л зүйл” гэж хэлээд бага мөнгө хурааж нийллэг хийн баярлаж байсан гэнэ. Алим, ундаанаас өөр амтархах зүйлгүй ч нэгнээ харж хөөрчихсөн. Хэмнэлттэй ч хамгийн дурсгалтай шинэ жил болж байсан аж. Тэр үед заримд нь ундаа, алим хүрэлцээгүй юм болов уу яасан юм, бор самбар дээр шохойгоор “Алим, ундаа идье багш аа” гэсэн бичиг бичээстэй байсан талаарх хөгжилтэй дурсамжаа ярьцгаалаа. Хэрвээ нэг нь өөр ангийн, үеийн хэн нэгэнд дээрэлхүүлчих юм бол хамтдаа очоод ёстой нэг үзүүлээд өгдөг байсан гэнэ.

Ангийн дарга М.Баяртогтох, онц сурлагатан С.Батчимэг, Ц.Алтантуяа, Бал.Баттулга нар шалгалтаас ангийнхаа хүүхдүүдийг олон удаа аварч байсан гэнэ. Сагс тоглодог Т.Гантулга, Б.Гантулга, Х.Шинэбаяр нар сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож, байнга медаль зүүж, сургуулийн өсвөр насны шигшээ багт шалгарч тодорхой амжилтуудыг үзүүлж байжээ. Зах зээлд шилжиж, ороо бусгаа үе байсан болохоор ягштал форм хувцсаа өмсөхөөс илүүтэй жинсэн яак, брюкен өмд, ер нь дуртай хувцсаа хөвгүүд нь өмсчихдөг байсан гэнэ. Харин охид нь хуучны цагаан, хар парчикаа нямбай гэгч нь индүүдэж өмсдөг байж.

Өвөл ноосон малгайгаа шовойлгож өмсдөг мода дэлгэрэхэд ангийн хөвгүүд нь охидтойгоо ижилсэж яг нэг ижил стилээр гангарч байсан аж. Арван жилдээ адтай, сахилгагүй байсан Бямбацогт, Шинэбаяр шавь нар маань эрс өөрчлөгдөж, том болохын хэрээр бүр даруухан болж намба сууж амжилт гарган, бусдадаа үлгэр жишээ болохуйц амьдарч байгаад нь бахархаж байгаа талаар багш нар нь дурссан. Ажил амьдралын гараан дунд нандин сайхан андын үерхлээ алдаагүйгээр 20 жилийн дараа алсаас нэгнээ санагалзсаар уулзалдах 10Г ангийнхны баярт өдөр өнөөдөр.


Categories
мэдээ цаг-үе

Д.Хоролдамба: Архивын баримт бол өвөг дээдсийн ой санамж

Архивын Ерөнхий газраас зохион байгуулж буй “Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн”-өчигдөр эхэллээ. Энэ үеэр Архивын Ерөнхий газрын дарга, доктор Д.Хоролдамбатай ярилцлаа.


-Хүмүүс архиваас намтар, ураг удмынхаа түүхийг мэдэхийг хүсдэг болжээ. Хэдэн үеэ олж мэдэх боломж байна вэ?

-Сүүлийн үед хүмүүс ураг удмаа мэдэхийг их хүсдэг болсон. Энэ нь маш зөв, сайшаалтай зүйл шүү. Өөрийн удам судраа, намтар түүхээ мэдэхийн тулд ямар ч хүн ерөнхий түүхийн мэдлэгтэй. Архивын баримтыг унших чадвартай. Босоо монгол бичгээр түвэггүй сайхан уншчихдаг байх ёстой. Архивын ерөнхий газарт 1918,1922 ,1929, 1933 оны хүн амын тооллогын баримтууд бий. 1929 оны хүн амын тооллогын баримт нэлээд чухал байр суурийг эзэлдэг. 1956 оны хүн амын тооллого бас их мэдээлэлтэй. Мөн 1989 оных байна. Сүүлийн үед архивын баримт бичгүүд цахимжаад нэлээд өргөжиж байна. Хэн ч байсан аав, ээж, өвөө, эмээгийнхээ төрсөн нутаг усыг мэдэж байгаа бол архивын ерөнхий газарт хандаад, ураг удмынхаа хэдэн үеийн баримтыг авах боломжтой. Яг хэдэн үеийн түүх гарахыг судалж үзэж байж мэднэ.

-Жирийн иргэд цахимаар ороод, удмынхаа мэдээллийг авах боломжтой юу?

-Манай Архивын ерөнхий газрын сайт, фэйсбүүк фэйж хуудсуудаар ороод сонирхож болно. Архивын ерөнхий газар гээд гүүглээр хайгаад ороход нэлээд мэдээлэл бий. Харин ураг удмынхаа мэдээллийг нарийн дэлгэрэнгүй авъя гэвэл өөрийн биеэр ирж хандаад тэр дор нь гаргуулж авч болно. Мөн тамга тэмдэгтэйгээр баримтжуулан олгож байгаа. Зарим төрлийн мэдээллийг хоёр гурван минутаас эхлээд хоёр, гурав хоногийн дотор гаргаж өгдөг.

-Би аав, өвөөгөө л мэднэ. Тэрнээс дээших үеэ мэдье гэвэл хэдэн үеийн мэдээлэл гарч ирэх боломжтой бол?

-1929 оны тооллого нэлээд дэлгэрэнгүй байдаг юм. 1922,1918 оных ч мөн адил. Өвөөгийнхөө төрсөн аймаг сумыг мэдэж байгаа бол тодорхой мэдээлэл гарна. Ноёд тайж нарын удам судрын мэдээлэл бол Чингис хааны үе хүртэл гардаг. Хандаж үзэж байж болно. Архивыг зөвхөн цаас хадгалдаг газар гэж ойлгож болохгүй. Иргэд ч архивын ач холбогдлыг мэддэг болоод байгаа. Энд түүхийн угсаатны чиглэлийн эрдэмтдийн ажил явагдаж байдаг.

Монголын хүн амын түүхийн тухай баримтууд нэлээд нэмэгдэж байдаг. Мөн баримтуудыг чанартай хадгалах технологийг байнга хийж, хэрэгжүүлж байдаг юм. Архивын баримт гэдэг бол өвөг дээдсийн ой санамж байгаа юм. Энэ ой санамж нь улс үндэстнийг чиглүүлдэг. Төр улсын урагшаа хандсан замд багш нь болж байдаг шүү дээ. Архивын мэргэжилтнүүд зүгээр нэг төрийн албан хаагчид биш, эрдэмтэн судлаачид шүү дээ. Архивын салбарын хамт олон нийгмийн оюун санааны амьдралд, нийгмийн соён гэгээрэлд хувь нэмэр оруулсаар байна. Архивын баримтууд сүүлийн үед улам сайжирсныг олон баримтаар нотолж болно. Архивын 90 жилийн ойн хүрээнд олон ажил хийсэн. Орчин цагийн хүмүүсийн чиг хандлага англи хэл судлах болж. Харин архивын мэргэжилтнүүд манж хэл, монгол бичиг дээр тулгуурлан ажиллаж байна.

Тэгэхээр дээрх хэлүүдийг ойлгодог байлгахын тулд ажилчдаа дотоод сургалтаар мэргэшүүлж байна. Хэдэн зуун хүнийг архив албан хөтлөлтөөр сургаж байна. Мөн ном бүтээлүүд болгож эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж нийтлэх ажлуудыг хийж байгаа. Эрдэмтдийг судалгааны ажилдаа шамдахад нь түлхэц болох ажлуудыг ч хийж байгаа.

-Өмнө нь архивчдыг ОХУ-д сургадаг байсан. Энэ тогтолцоо юу болж байгаа вэ?

-ОХУ-ын ВНИЙДАД-ын сургалтад хамрагдах эсэх талаар мэргэжилтнүүдээс санал авч, зардлын тооцоог гаргаж үзээд, 7-21 хоногийн сургалтад хамруулна. Энэ асуудлыг зургадугаар сард зохион байгуулах Орос-Монголын хамтарсан комиссын ээлжит 23 дугаар хуралдаан дээр Оросын талтай ярилцана. Мөн энэ үеэр бакалаврын түвшинд ажилтныг бэлтгэхээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамруулах замаар шийдвэрлэх боломжийн талаар хөндөж, асуудал дэвшүүлнэ. Хамгийн том хүндрэл нь гадаад арга хэмжээний зардал байхгүй. Гэвч бид гар хумхин суухгүй. БНХАУ-ын Өмнөд Монголын өөртөө засах орны Данс эвхмэлийн товчоо, Тайваний архивтай хамтран ажиллах, ажилтнуудаа сургалтад хамруулахаар харилцаж байна.

ОХУ-д түүх архивын чиглэлээр мэргэжилтнүүдийг тусгайлан бэлтгэдэг байсан тогтолцоо тасалдчихаад байгаа. Ийм байж болохгүй. Энэ уламжлалыг сэргээхээр ярилцаж байна. Мөн бид ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлээр нэлээд ажил хийж байгаа. Ажилтан албан хаагчдаа тогтвор суурьшилтай ажиллуулахыг эрмэлзэж байна. Авдаг хэдэн төгрөг дээр нь ч анхаарч, нэмэр хандив болж байгаа. Мөн ажилчдын үйлчилгээнд зориулж шинэ автобустай болох гэж байна.

-Архивын салбарт өөр ямар ажил хийж байна?

-Төрийн архивын сан хөмрөгийн хамаарлыг шинэчлэн тогтоож, харьяалах архивуудад баримтыг шилжүүлэх ажил хийхийг бид ихэд чухалчлан үзэж байна. Энэ үйл ажиллагаанд Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын архив, мэдээллийн төв, Шүүхийн төрөлжсөн архив, Нийслэлийн архивын газар, Үндэсний төв архивын Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын хөмрөгт хамаарах 50 хөмрөгийн баримтыг шилжүүлэх ажлын бэлтгэл ханган ажиллаж байна. Цаашдаа аймаг, нийслэлийн архивууд дээр түүхэн үечлэл хийгдсэнээр Монгол Улсын түүхийн судалгаанд чухал ач холбогдолтой болох юм.

-Архивын сан хөмрөгийн талаар ямар бодлого явуулж байгаа вэ?

-Бид төрийн архивын тоо бүртгэл-мэдээллийн сангийн программ хангамж боловсруулах ажлыг 2017 онд эхлүүлж, төрийн 37 архив болон тэдгээрт хөмрөг үүсгэгч 5000 гаруй байгууллагын архивт хадгалагдаж буй нийт баримтын бүрэлдэхүүн, тоо хэмжээ, хадгалалтын мэдээг гаргах, нэгтгэх, архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг чанаржуулах. Энэ талаар АЕГ-аас тавих хяналтыг хүчтэй болгох бодлого баримталж байна. Цаашид архивын баримтын улсын нэгдсэн тоо бүртгэл-мэдээллийн сан бүрдүүлж байгаатай холбоотойгоор төрийн архивуудад хадгалагдаж буй хосгүй үнэт баримтыг судалж илрүүлэх, тоо бүртгэлд хамруулах, гэрчилгээжүүлэх, соёлын өвийн улсын тоо бүртгэл-мэдээллийн санд бүртгүүлэх зэрэг тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем нэвтрүүлэх замаар үйлчилгээг түргэн шуурхай болгох зорилтын хүрээнд тодорхой ажлууд хийнэ.

Тухайлбал, БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “АЕГ-ын шинэ цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт” төслийн ажлаар БНСУ-ын ЭКСИМ банкны төлөөлөгчид ирж, ХЗДХЯ, СЯ-тай “Төслийн үзэл баримтлал” баримт бичгийг үзэглээд буцлаа. Төслийн хүрээнд “Нэгдсэн Архивын менежмэнтийн систем”-ийн программ хангамж боловсруулахаар ажиллаж байна.

-Архив судлал, баримт бичиг судлалыг хөгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд ямар ажил хийж байна вэ?

2018 онд Монгол-Оросын хамтарсан комиссын хуралдаан, Сайн ноён хан Т. Намнансүрэнгийн 140 жилийн ойн болон Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран тус бүр үзэсгэлэн зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ онд Сайн ноён ханд холбогдох архивын баримтын эмхэтгэл, “Ноёд, тайж, лам нарын захидлын цуглуулга хөмрөгийн дээжис” баримтын эмхэтгэл, “Монголын тухай БХК (б) Н-ын баримт бичиг” баримт бичгийн эмхтгэл (1953-1966)-ийн IV боть зэргийг бэлтгэн гаргана. Үндэсний төв архивт хадгалагдаж буй яам, аймаг хошуу, албан байгууллагын 5700 орчим тамга, тэмдгээс үнэт болон хосгүй үнэт холбогдох тамга тэмдгийг сонгон цомог гаргахаар ажиллаж байгаа.

Categories
гадаад мэдээ

Уулзалтын үеэр Ким Чен Уны суух сандал, үзгийг хамгаалагчид нь ариутгах бодисоор ариутгажээ

so

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Че Ин нарын түүхэн дээд хэмжээний уулзалт амжилттай болж өнгөрсөн билээ. Тэрээр хоёр Солонгосын хилийг ганцаараа явган алхаж орсон боловч түүнийг 14 бие хамгаалагч дагалдан явжээ.

Ким Чен Ун хилийн бүсэд Герман улсад үйлдвэрлэсэн тусгай зориулалтын “Maybach Pullman Guard” автомашин хөлөглөсөн ба түүнийг машиндаа суухад, машины гадна 12 бие хамгаалагч байнга дагаж байсан аж.

Мөн бие хамгаалагчид уулзалт болсон “Энх тайвны өргөө”-г урьдчилан шалгаж, Ким Чен Ун дурсгалын дэвтэрт сэтгэгдэл бичиж үлээх үед түүний суух сандал, тэнд байсан үзэг рүү ариутгах бодис цацаж ариутгасан байна.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун-ийн 14 бие хамгаалагч бүгд үсээ нэгэн ижил засалттай, богино тайруулж, цэнхэр өнгийн хослол болон цагаан өнгийн цамц өмссөн байжээ.

Хэдийгээр Өмнөд Солонгос нь дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч орны нэгд тооцогддог боловч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний цуваанд явсан 13 машины дийлэнх нь гадаад үйлдвэрийнх байсан аж. Цувааг тэргүүлж явсан цагдаагийн цагаан өнгөтэй “Hyundai Genesis” машинаас бусад нь бүгд гадаадын машин байжээ.

Мүн Жэ Иний бие хамгаалагчид хар өнгийн таван “Cadillac Escalade” машинтай явсан нь АНУ-ын “General Motors” үйлдвэрийнх аж. Тэдний өмнө Германы “Mercedes Benz” үйлдвэрийн хоёр “Maybach” явсны нэгэнд нь Мүн Жэ Ин сууж явжээ.

Тэдний өмнө мөн Герман брэндийн хоёр ширхэг “S-Class” седан явсан бол цувааны сүүлд явсан хоёр микро автобусны нэг нь “GM Chevrolet”-ийн “Starcraft”, нөгөөх нь “Mercedes Benz”-ийн “Sprinter” байжээ.



Categories
мэдээ нийгэм

Еbarimt.mn сайтад системийн шинэчлэл хийж байна

НӨАТ-ын баримт бүртгэлийн ebarimt.mn сайтад системийн шинэчлэл хийж байгаа аж. Энэ хүрээнд баримт баталгаажих процессыг түр хугацаагаар зогсоосон учир бүртгүүлсэн баримтууд хүлээгдэж байгаа юм байна.

Иргэд НӨАТ суутган төлөгч ААН-ээс худалдан авсан бараа ажил үйлчилгээ бүрт төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаа бүртгүүлэн, сар бүр сугалаанд оролцдог. Дараагийн ээлжит сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд явагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хувьцаагаа барьцаалж зээл авах боломж бүрдлээ

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Туушин зочид буудлын хурлын танхимд болж байна. Хурлаар тус компанийн 2017 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулж, ТУЗ-ийн гишүүдийг сонгох юм. Эдүгээ Ард санхүүгийн нэгдлийн хувьцааг 1500 гаруй хүн эзэмшиж буй аж.

Ард санхүүгийн нэгдэлд Ард даатгал, Ард кредит ББСБ, Ард секьюритиз Үнэт цаасны компани зэрэг 12 охин компани үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн онд Ард санхүүгийн нэгдлийн нийт хөрөнгө 39,4 тэрбум төгрөгөөс 49,7 тэрбум төгрөгт хүрч, 64 хувийн өсөлт үзүүлжээ. Нэгж хувьцааных нь ханш 20 хувиар өсч, 2955 төгрөгөөр үнэлэгдэж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан гол шийдвэр нь Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж буй “Жинст Увс” компанитай нэгдэх асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжигдлээ. Ингэснээр Ард Санхүүгийн Нэгдэл нь 1000 төгрөгийн үнэтэй 28 614 263 ширхэг хувьцаатай болж буйг онцлов.

ЖИНСТ УВС ХК, АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛТЭЙ НЭГДЛЭЭ

Энэ хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна. Энэ тухай Ард санхүүгийн нэгдэл компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг ярихдаа: “Манай компанийн хувьд өнөөдөр түүхэн шийдвэр гаргахаар хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг олон нийтэд нээлттэй хийж буйгаараа онцлогтой юм. Хувьцаа эзэмшигч гээд хэдэн хүн ирж суудаг хаалттай байдлаар явдаг жишгийг халж байна Энэ жишиг олон компанид үлгэр жишээ болно гэдэгт найдаж байна. 70-80 хувийн ирцтэй хурлаа хийж байна. Ард санхүүгийн нэгдэл, Хөрөнгө оруулагч үндэстэн ХК 3000 хувьцаа эзэмшигчтэй. 3000 хувьцаа эзэмшигчийг энэ жил 30 мянга болгох зорилт тавиад байна. Цаашлаад 300 мянга, гурван саяулаа хувьцаа эзэмшигч болох боломжтой гэж харж байна. Хоёр жилийн өмнө дэвшүүлсэн хөрөнгө оруулагч үндэстэн гэсэн зорилт руугаа бид дахин нэг алхам урагшиллаа. Хөрөнгийн биржид хувьцаа нь эрэлттэй байгаа Жинст Увс компанитай бид нэгдлээ. Ингэснээр 28 сая гаруй хувьцааг арилжих нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан үед хувьцаа эзэмшигч хувьцааг эргэлтэд оруулж, зээл авах боломжийг бүрдүүллээ. Мөн Грэйп сити компанийн “Моst Money” үйлчилгээгээр дамжуулан ArdPay шинэ аппликэйшнийг гаргалаа.Үүгээр дамжуулж иргэд төлбөр тооцоогоо гар утаснаасаа хийх бүрэн боломжтой болж байгаа юм. Тодруулбал хиймэл оюун ухааныг ашиглаж шууд зээл олгох, кредит карт орлуулах бизнесийг санал болгож байна. Gopay гэдэг нь криптовалютын Монголын үндэсний дотооддоо хийсэн аппликейшн юм. “Gopay” аппликейшнээр дамжуулж биткойноор чөлөөтэй төлбөр тооцоо хийх боломжийг олгож буйгаараа онцлогтой”гэлээ.

“Ард Кредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг: “Хөрөнгийн бирж сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Олон нийт хувьцаанд хөрөнгө оруулах нь өгөөжтэй гэдгийг ойлгож эхэллээ. Хөрөнгийн зах зээл үүнийгээ дагаад хөгжиж байна. Бидэнд юу ажиглагдсан бэ гэхээр хувьцаа авчихаад хувьцааны үнэ өстөл зармааргүй, эсвэл ногдол ашгаа авахаа хүлээх сонирхол байдаг. 3000 гаруй хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа барьцаалж зээл авах боломжийг бүрдүүлэх хүсэлтийг илэрхийлсний үр дүн өнөөдөр гарлаа. Хамгийн гол нь ArdPay шинэ аппликэйшнийг ашигласнаар зээлийн судалгаа, банкинд дугаарлах, бичиг цаас бүрдүүлэх шаардлагагүй болно гэсэн үг. Хувьцаагаа бүртгүүлээд, өргөдлөө өгөөд л таны зээл бүтнэ. Маш бага хүүтэй зээл олгох юм. Зөвхөн Ард санхүүгийн нэгдэл, Жинст Увс ХК-ийн хувьцаа гэлтгүй Хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП-20-т багтах компаниудыг хувьцааг барьцаалж зээл авах боломжтой” хэмээв.

Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Маркетинг эрхэлсэн захирал Б.Тамир: Хувьцаанаас өгөөж авах хоёр арга зам байдаг. Ногдол ашиг, Хувьцааны үнийн өсөлт. Ихэнх хүн түгээмэл байдлаар ойлгож, ногдол ашиг нь бэлэн мөнгөөр ирдэг учраас ногдол ашиг авах нь гол өгөөж гэдэг. Эдийн засгийн тооцооллыг харвал ногдол ашиг нь хувьцааны үнийн өсөлттэй харьцуулбал 1 хувийг л эзэлдэг. Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж энэ удаад ногдол ашиг тараахгүй гэсэн шийдвэр гаргасан. Учир нь бид хийсэн ашгаа компаниа илүү өргөжүүлэх үүднээс компанидаа буцааж зарцуулахаар болж байна. Өнгөрсөн 13 жилийн өмнө манай нэгж хувьцааны үнэлгээ 100 төгрөгөөс эхэлсэн. Харин өнөөдөр 290 дахин өсч 2912 төгрөгөөр үнэлэгдэж байна. Бид маш сайн өсөлтийг бий болгож чадсан. Компанийн засаглалаа хувьцаат компани дэлхийн нийтийн жишгээр ямар байх ёстой тэр хэмжээнд хүргэж, үйл ажиллагаагаа ил тод болгосон.” гэлээ.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Хөрөнгө оруулагч үндэстэн” ХК “Жинст Увс” ХК-тай нэгдсэнтэй холбоотой төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг дахин сонгох юм байна.

Үдээс хойшхи хуралдаанаар “Грэйп Сити” ХХК-ийн ерөнхий захирал А.Сүхдорж “Дэвшилтэт технологи санхүүгийн салбарт амжилттай хэрэгжих боломжтой вэ?” сэдвээр компанийнхаа туршлага дээр тулгуурлан илтгэл тавьж, Most money үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийх юм байна.

Түүнчлэн хуралд оролцож буй хувьцаа эзэмшигчдийнхээ тав тухыг хангах үүднээс бага насны хүүхдүүдийг харах үйлчилгээг хүртэл зэхжээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол орны хөгжилд” XIV чуулга уулзалт Берлин хотноо амжилттай болж байна

“Монгол орны хөгжилд” XIV чуулга уулзалт Берлин хотноо эхэллээ. Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэд эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах гэсэн чин хүслээр эвлэлдэн нэгдэж, анх 2005 онд Лондон хотноо хуран чуулснаас хойш тус арга хэмжээг тасралтгүй жил бүр зохион байгуулж, ийнхүү 14 дэх удаагаа Берлин хотноо хуран чуулж байна.

Улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг тухайн жилийнхээ сэдэв болгон хөндсөөр ирсэн чуулга уулзалт энэ жил “Боловсрол” сэдвийг сонгон хэлэлцэж, “Олон улсын боловсрол салбарын өөрчлөлт, чиг хандлага”, “Блокчейн ба нээлттэй боловсрол“, Монгол Улсын боловсролын шинэчлэл, сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт, чиг хандлага”, “Цахим эрин дэх боловсролын чиг хандлага” зэрэг олон асуудлаар илтгэл хэлэлцүүлж байна. Чуулга уулзалтын хүрээнд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, нийгэмлэг, ТББ-уудын бүсийг уулзалт, хилийн чанад дахь Монгол хэл, соёлын сургалтын байгууллагуудын багш нарт зориулсан сургалт, семинар, Монголын Шатрын холбооны нэрэмжит Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.