Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр болох үйл явдлууд

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт “Альфа” зочид буудалд Олон улсын хөдөлмөрийн байгууллага, ХЭҮК, МХЕГ Залуучуудын зохистой хөдөлмөрийг дэмжих чиглэлд хамтран ажиллах гэрээ байгуулна. Утас:99027019

09.00 цагт Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга буюу StAR байгууллагын төлөөлөгчид АТГ-т ажиллана.

09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд Монгро Улсын иргэдэд 0.7 га газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойн хүрээнд “Газар өмчлөлийн өнөөгийн нөхцөл байдал” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт МУИС-ийн Номын санд Астрономийн улсын олимпиад болно.

09.30 цагт Гамшгаас хамгаалах сургалтын төвд Улаанбаатар хотын гамшгийн эрсдэл, даван туулах чадавхи, бэлэн байдал, өнөөгийн нөхцөл байдлыг дээшлүүлэх чиглэлд ОБЕГ, МХЕГ болон бусад холбогдох байгууллагуудад зориулсан сургалт болно.

09.30 цагт “Нээлттэй нийгэм форум”-д “Төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ, шаардлага” судалгааны тайланг танилцуулна.

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарамнаас МУЗН, Дэлхийн мал амьтныг хамгаалах байгууллагаас хаваржилт хүндэрсэн аймгуудад хүргүүлэх тусламжийн цуваа хөдөлнө.

11.00 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус газрын удирдлагууд “Монголын ТОП 100” аж ахуйн нэгжид багтсан төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзана.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-өөс Ерөнхий сайд асан С.Баярыг 2008 оны долдугаар сарын 01-ны үймээний асуудлаар хэрэг үүсгэн шалгуулах талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд “Эерэг хөгжил 2030” төслийн баг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” галерейд тус төвийн нисэх онгоц, авто машин загвар зохион бүтээх дугуйлангийн сурагчдын “Залуу Зохион Бүтээгч” үзэсгэлэнгийн нээлт болно.

Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелын Монгол Улсад хийх албан айлчлал
09.25 цагт Хүндэт зочин Д.Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирнэ.

09.25 цагт УИХ-ын дарга М.Энхболд хүндэт зочныг Төрийн ордны шатны дэргэд угтан авч мэндчилнэ.

09.30 цагт Хүндэт зочин хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурна (Баганат танхимд).

09.35 цагт Хоёр орны парламентын спикерүүд албан ёсны хэлэлцээ хийнэ.

10.20 цагт Парламентын тэргүүн нар хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслол (Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд).

11.00 цагт Хүндэт зочин Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхана.

11.40 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа хүндэт зочинд бараалхана.

12.15 цагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хүндэт зочинд бараалхана.

Categories
мэдээ цаг-үе

268 мянган тонн нүүрсний хэргийг АТГ шалгаж байна

– ХЯТАДААС ИРҮҮЛСЭН ХИЛЭЭР НҮҮРС ГАРГАСАН ТОО МАНАЙ УЛСЫН ХИЛ ГААЛИЙНХНЫ ГААЛИЙН МЭДҮҮЛЭГТЭЙ ТААРЧЭЭ-

268 мянган тонн хулгайлж, хилээр давуулсан байж болзошгүй гэх асуудал нийгэм даяар шуугиан тариад байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын эхээр БНХАУ-д айчлал хийсэн. Тэрбээр айлчлал хийгээд буцахдаа Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтоор дайрч, Ханбогд, Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, нүүрс тээвэрлэлтийн компаниудын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Гашуунсухайт боомт дээр болсон уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд 268 мянган тонн нүүрс хулгайгаар хил гарсан талаар мэдээлсэн юм. Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сангийн сайдыг хууль цагдаагийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахыг даалгаж “Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой байсан өмч ямар хулгайчийнх нь гараар орж ингэж эзэнгүйдэж байгааг олох хэрэгтэй. Нүүрс хулгайлж зарж байгаа хүмүүсийг явах ёстой газар руу нь явуулах ёстой. Зарим нь ч явж байгаа” хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор 268 мянган тонн нүүрс төрийн өмчит ямар уурхайгаас алга болсон, 20 гаруй сая ам.долларын өртөг бүхий нүүрсийг ямар эрх дархтай албан тушаалтнууд хил давуулан зарсан, хил гаалийн бүрдүүлэлтийг хэрхэн хийсэн бэ, 268 мянган тонн нүүрсийг БНХАУ-ын ямар компанид өгсөн байж болох вэ, 20 сая ам.доллар хэн хэний халаасанд орсон бэ гээд хариулт нэхсэн олон асуулт хөврөх аж. Нүүрс алга болсон гэх асуудлыг АТГ, Эрүүгийн цагдаа, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдын хамтарсан баг шалгаж эхэлжээ. Албаны эх сурвалж ““Таван толгой” ХК-ийн 51 хувь нь төрийн мэдлийнх, 49 хувь нь орон нутгийн өмчид байдаг. “Таван толгой” ХК, “Эрдэнэс таван толгой” компани нэг дор үйл ажиллагаа явуулдаг компаниуд. Хоёр компанийн уурхай нэг мөргөцөг хэсгээр тусгаарласан байдаг юм байна. одоогоос хоёр жилийн өмнө хоёр уурхай хилийн цэгээ нарийн тогтоосон байдаг. “Таван толгой” компани хоёр уурхайг зааглаж байгаа нүүрстэй мөргөцөг цэгийг ухсан зүйл байгаа юм байна лээ. Гэхдээ хоёр компанийн хоорондын ажлыг хэсэг гарч шалгаад, уурхайн аюулгүй байдлыг хангах үүднээс мөргөцөг хэсгийг технологийн дагуу хийгдсэн ажил гэж тайлбарлаж байгаа” гэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛДОД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН БУРУУ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ҮҮ

УИХ-ын гишүүн Л.Энхболд төрийн өмчит Таван толгойтой холбоотой асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлсэн. Тэрбээр “Эрдэнэс Таван толгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар мэдээлэл байна. Мэргэжлийн хяналтын байцаагч хэмжилт хийгээд нүүрс алга болсныг тогтоочихсон. Энэ нь 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс юм. Уг асуудлыг гуравдугаар сарын 26-нд АТГ-т шалгуулахаар хандсан. 268 мянган тонн нүүрсийг хэдэн оны хэдэн сард тухайн мөргөцгөөс ямар компани авсан гэдгийг АТГ тогтоох хэрэгтэй. 2010-2011 онд гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүрс хилээр гарсан. Үүнийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдээгүй байна. 268 мянган тонн нүүрс энэ замаар алга болчихсон уу гэсэн хардлага байна. Дөрвөн сая хоёр зуун мянган тонн нүүрсийг мөн хулгайлсан байж болзошгүй мэдээлэл надад ирээд байна. Ард түмний баялгийг нийлж цөлмөдөг бүлэглэл бий болчихоод байна” хэмээсэн.

ХОЁР КОМПАНИЙН УУРХАЙГ ТУСГААРЛАЖ БАЙСАН МӨРГӨЦӨГ ХАНЫГ УХСАН НЬ ҮНЭН ГЭВ

“Таван толгой” компани, “Эрдэнэс-Таван толгой” ХК 268 мянган тонн нүүрсний асуудлаар албан ёсны тайлбар гаргасан. Компаниуд ““Эрдэнэс-Таван толгой” ХК албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлж, нүүрс олборлож эхлэхээс өмнө тусгай зөвшөөрлийн хилийг нарийвчлан зааглаагүй байсан байдаг. Харин тус компани нүүрс олборлолт эхэлснээс хойш дундын хананы асуудал гарч ирсэн бөгөөд тавин жилийн турш нүүрсээ олборлож буй “Таван толгой” ХК олборлолт газрын гүн рүүгээ нэлээд явсан байсан нь хана үүсэх шалтгаан болсон юм. Гэвч уг асуудалд хоёр компанийн мэргэжлийн хүмүүсийн хамтарсан ажлын хэсэг гарч, нурах эрсдэл үүсээд байсан дундын ханыг буулгаж, аюулгүй болгосон. Мөргөцөг бүхий хана нь нуралт үүсэх эрсдэлтэй байсан учир хоёр компани хоорондоо ярилцаж байгаад хамтарч, хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Түүнээс бус хил давж, хөрс хуулан нүүрс олборлосон асуудал байхгүй гэнэ. “Таван толгой” ХК-ийн нүүрс олборлолтын талбай нь дөрвөн талаараа “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн эзэмшил талбайгаар хүрээлэгддэг учир өдөр бүр хамтарч ажиллах зайлшгүй шаардлага гардаг. Энэ бүхнийг гэрээгээрээ зохицуулж ажилладаг. Түүнээс бус хэн нэг нь илүү дутуу ашиглах, тэр тусмаа тонн тонноор нь нүүрс гаргах ямар ч боломжгүй. Хоёр уурхайг зааглаж байсан ханыг нураахад гарсан 268 мянган тонн нүүрс нь тэр чигээрээ цэвэр коксжсон нүүрс биш. Нүүрсний давхарга өөрөө олон давхаргатай. Өнгөн хөрс, саажсан нүүрс, исэлдсэн нүүрс гэх мэтчилэн чанарын шаардлага төдийлөн хангахгүй давхаргууд явж байгаад газрын гүн рүү нэлээд ухаж байж сайн чанарын коксжсон нүүрсийг олборлодог. Хэл ам болоод буй 268 мянган тонн нүүрс тэр чигээрээ коксжсон нүүрс байсан уу гэвэл үгүй. 200 мянган тонн нь саажсан, исэлдсэн, сул коксжих буюу чанарын шаардлага хангаагүй нүүрс болохыг тухайн үед хоёр компанийн маркшейдерийн баг гараад дүгнэсэн байдаг. Тэгэхээр 268 мянган тонн нүүрсийг хулгайгаар олборлосон гэх асуудал нь өрөөсгөл ойлголт” хэмээн мэдэгдсэн юм.

АТГ-ЫНХАН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН ТАЙЛАН ТООЦООГ ШАЛГАЖ БАЙНА

268 мянган тонн нүүрс хулгайлсан гэх хэргийг шалгаж байгаа АТГ-ын алба хаагчид хоёр уурхайг бүхэлд нь шалгаж эхэлжээ. Ашигт малтмалын газраас жил бүр батлуулдаг уулын ажлын төлөвлөгөөний дагуу ажиллаж байна уу, баталсан төлөвлөгөөний дагуу уурхайн ашиглалтын талбайн аль хэсгээс нүүрс олборлосон байна вэ, жилд хэдэн тонн нүүрс олборлосон, ямар компаниудад хэдэн сая тонн нүүрс нийлүүлээд байгаа, БНХАУ болон бусад гэрээтэй компаниас “Таван толгой” компани, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн дансанд орсон мөнгөн дүн зэргийг нарийвчлан шалгаж эхэлжээ. Мөн хоёр компанийн уурхайгаас гарч, хилээр давсан нүүрсний тайлан тооцоо Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын хилийн мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллагын тайлан тооцоотой тооны зөрүү гарч байгаа эсэхийг шалгаж байгаа гэнэ. Түүнчлэн үүнийг баталгаажуулахын тулд нүүрс тээврийн компаниудын нүүрс хилээр гаргасан тайланг хураан авсан байна. Өөрөөр хэлбэл, “Таван толгой” компани, “Эрдэнэс-Таван толгой” ХК, нүүрс тээврийн компаниуд, Гааль, Мэргэжлийн хяналт зэрэг таван байгууллагын тайлан тооцоог хянах, шалгах ажлыг эхлүүлжээ. одоогоор дээрх таван байгууллагын жилийн эцэс, сар бүрийн тайлан зэрэг тоо баримтууд хоорондоо мөргөлдөж байгаа гэнэ. Мөн БНХАУ-ын хил гаалийнхан ч компани тус бүр дээр нь хилээр гаргасан нүүрсний тайлан тооцоог гаргаж манай улсын хил гаалийнхантай тулгадаг байна. Хоёр улсын гаалийнхны нүүрс хилээр гаргасан тайлан тооцоо хоорондоо таарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, хил гаалийн бүрдүүлэлт огт хийлгүйгээр нүүрс хилээр гарсан асуудал огт байхгүй гэдэг нь тодорхой болжээ. Үүнээс гадна хоёр компанийн дансанд орсон мөнгө, зарлага, 2010 оноос хойш “Таван толгой” компани, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийг удирдаж байсан хүмүүсийн данс, холбоотой байж болзошгүй компаниудыг шалгах ажиллагаа хийгдэж байгаа гэнэ.


Categories
мэдээ цаг-үе

Т.Мандаа: Бид хоёр спортын талбарт багш шавь, талбайн гадна аав хүү байсан

Олон улсын хэмжээний мастер Алтангэрэл агсны аав спортын мастер Т.Мандаатай ярилцлаа. М.Алтангэрэл Монгол Улсын волейболын шигшээ багт 1991-2009 оны хооронд тоглож дээд лигийн тэмцээнд найман удаа түрүүлж байсан юм.


-Энэ өдөр таны хүү олон улсын хэмжээний мастер М.Алтангэрэл агсны нэрэмжит тэмцээнд болж байна. Тэмцээнд оролцохоор олон шилдэг мастерууд цугларчээ. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Миний хүү Алтангэрэлийн нэрэмжит тэмцээн өргөн дэлгэр сайхан болж байна. Монголын волейболын залуу, дунд, ахмад үеийн төлөөллүүд бүгд цугларчээ. Миний хүүтэй нэг үед өрсөлдөж байсан олон найз нь зорьж ирж, хүндэтгэж тэмцээнд оролцож байгаад нь их талархаж байна. Дан ганц тамирчид ч биш волейболд хайртай хөгжөөн дэмжигчид ч ордон дүүрэн ирсэн байна.

-Алтангэрэл агсан анх хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг байсан юм билээ. Аав ээж нь волейболчид байсан учраас энэ спортод орсон хэрэг үү?

-Хүү маань волейболчны гэр бүлд төрж өссөн ч хөнгөн атлетикаар спортын сууриа тавьж байсан. Хөнгөн чинь бүх спортын суурь техникийг хүнд суулгаж өгдөг давуу талтай л даа. Аав, ээж нь волейболын тамирчид байсан учраас тэмцээн уралдаанд оролцоход дагаад л явна. Тиймээс энэ спортод илүү татагдаж удам залгасан волейболын тамирчин болсон. Миний хань Н.Чимэдрэгзэн Монгол Улсын шигшээ багт 19761985 онуудад алба хашиж тэмцээн уралдаанд оролцож байсан. Би 1970-1980 онд шигшээ багт тоглож дасгалжуулагчаар олон жил ажилласан даа.

-Таны хүү анхны волейболын дасгалжуулагчдын нэг Ц.Дамба-Очир багшийн шавь гэж байсан. Энэ талаар ярихгүй юу?

-Миний хүү анхны волейболын багш нарын нэг Ц.ДамбаОчирын гурав дахь үеийн шавь болж Октябрийн районы идэрчүүдийн шигшээ багт тоглож тамирчныхаа замналыг эхлүүлсэн. Удалгүй 18-хан насандаа Улсын шигшээ багийн тамирчин болж, волейболын спортын мастер цол хүртсэн түүхтэй.

-Тамирчин болсон хойно нь хүүгээ дасгалжуулж олон тэмцээн уралдаанд өрсөлдүүлж байсан байх. Тэр дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?

-Би Монголын волейболын спортын төлөө тоглогч дасгалжуулагч хийж 30 гаруй жил хүчин зүтгэсэн. Гэсэн ч хүүтэйгээ хамт талбайд тоглож байсангүй. Харин багийн дасгалжуулагчаар нь хэдэн жил ажилласан. Олон тэмцээнд хамт оролцож ялж, ялагдаж байсан сайхан дурсамж бий. Дасгалжуулагчаар нь ажиллаж байхдаа багийн нөхөдтэй нь адилхан л хатуу шаардлага тавина. Волейболын талбайд гарахад нь багш шавь, энгийн үед аав хүү л байсан.

-Алтангэрэл агсан 17 настайдаа Монголын волейболын холбооны дээд лигт өрсөлдөж байсан юм билээ. Багийн дасгалжуулагчаар нь та ажиллаж байсан уу?

-Тийм, би багийн ахлах дасгалжуулагчаар нь ажиллаж байсан юм. Есдүгээр ангид байхдаа анх удаа дээд лигт орж тэр үеийн Монголын волейболын сор болсон тамирчидтай сайхан өрсөлдөж багаараа лигийн аварга болж байсан. Тэр үед нь хүү маань эрийн цээнд хүрлээ гэж дотроо хачин их баярлаж байсан минь өчигдөрхөн мэт л санагдаж байна. Тухайн үед улсын шигшээ багт дуудагдаж бэлтгэлд хамрагдаж том тамирчдаас их зүйл сурсан нь хожим сайн тамирчин болоход нөлөөлсөн.

-Таны хүүгийн тоглолтын арга барил онцлог нь юу байсан бэ?

-Алтангэрэл тал бүрийн ур чадвартай тэгшхэн тоглогч байсан. Талбайд гараад довтолно, хаалтанд үсэрнэ, хамгаалалтад ч их нэмэртэй тоглодог. Мөн давуулалтыг их сайн гүйцэтгэнэ. Багийн гол тоглогчийн үүргийг л гүйцэтгэдэг байсан даа. Энэ сайн чанаруудаараа багийнхаа сэтгэл зүйг өргөж амжилтад хөтөлдөг тамирчин байсан даа. Сэтгэл зүйн хувьд их тайван. Талбай дээр багийн нөхдөдөө уурлаж, загнана гэж байхгүй.

-Алтангэрэл агсан лигийн тэмцээнд найман удаа түрүүлж байсан шүү дээ. Хэзээ түрүүлэхэд нь хамгийн ихээр баярлаж байв?

-Олон тэмцээнд оролцож түрүү байр авч тэргүүн тоглогчийн шагнал гардаж байсан даа. Тэр дундаас хамгийн анхны түрүү нь сэтгэлд тод үлдсэн байдаг. 17 настай хүүхэд чинь аав ээждээ бол нялхаараа шүү дээ. Нялх хүү маань насанд хүрэгчдийн шигшээ багт дуудагдаж бэлтгэл хийгээд, лигийн аварга болоход магнайгаа хагартал баярласан. Сүүлд олон улсын хэмжээний мастер цолоор энгэрээ мялаахад нь их баяртайгаар хүлээж авсан. Амжилт үзүүлж одон медалиар шагнууллаа гээд хүү маань бэлтгэлээ цалгардуулж байсан удаа байхгүй. Энэ чанар нь лигийн тэмцээнд олон удаа түрүүлэхэд нөлөөлсөн шүү.

-Та хүүгийнхээ эсрэг баг дасгалжуулж өрсөлдөж байсан удаа байгаа юу. Алтангэрэл агсан шиг тамирчин эсрэг багт байх амаргүй биз?

-Хэд хэдэн удаа тоглож байсан. Багийнхандаа бол “Бэлтгэл дээр ярилцсан заавар зөвлөгөөгөөр тогло” гэж хэлнэ. Мэдээж эсрэг багт бүх талын тоглолттой тамирчин байхад амаргүй. Хэзээ ч, ямар ч довтолгоо ирж болох учраас тааварлахад хэцүү.

О.ДАШНЯМ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Төв суурингаас бусад газрыг иргэдэд чөлөөтэй өмчилмөөр байна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Иргэн бүрт нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусгавар болохтой холбогдуулан Засгийн газраас шинэ төсөл өргөн мэдүүлсэн нь энэ юм. Одоогоор нийт хүн амын ердөө 20 хүрэхгүй хувь нь газраа өөрийн болгожээ. Тэгвэл өрхийн хэмжээнд газар өмчилсөн байдал 60 гаруй хувьтай байна. Хэрэв иргэд хуулийн хугацаанд багтаж газраа албажуулахгүй бол улсаас арав орчим сая төгрөгөөр худалдаж авах нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Иймд иргэн бүр нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөх хуулийн хугацааг арван жилээр сунгах саналыг Засгийн газраас оруулж ирлээ. Санаачилсан хуулийн төслөөс нь харахад хот суурин газар, орон нутгийн иргэдэд олгох газрын хэмжээнд огт өөрчлөлт оруулаагүй байна лээ. Иргэнд өмчлүүлэх газрын дээд хязгаар нь нийслэлд 0.07 га, аймгийн төвд 0.35 га, сумын төв, тосгонд 0.5 га хүртэл гэж байнэ лээ. Уг нь манай улс 1.5 сая гаруй хавтгай дөрвөлжин газар нутагтай орон доо. Ийм өргөн, уудам нутагтай, цөөхөн ард түмэнтэй байж алга дарам газар өгөх гэж ингэж сүржигнэх хэрэг байна уу. Нийт газар нутгийнхаа хэмжээг хүн амдаа харьцуулах юм бол нэг км хавтгай дөрвөлжин газарт ердөө хоёрхон хүн л ногдож байгаа шүү дээ. Гэтэл дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх зарим улс өшөө тэлж, томрохыг хичнээн хүссэн ч хилийн зурвастаа тулчихсан зовлонтой байна. Жишээлбэл, Сингапур гэхэд 4.7 сая хүн амтай, 693 км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Нэг км хавтгай дөрвөлжин газарт 6800 орчим хүн ногддог гэж байгаа. Бас Өмнөд Солонгос байна. Ердөө манай нэг аймгийн дайтай, 98480 км хавтгай дөрвөлжин газарт 50 сая иргэн нь амьдардаг. Нэг км хавтгай дөрвөлжин талбайд 500 орчим хүн ногддог. Энэ мэтчилэн бусад улс орнууд алга дарам газар дээрээ хэрхэн шигүү амьдарч байгааг графикаас харах боломжтой.

Гэтэл манай улс иргэддээ өмчлүүлэх газрын хэмжээг дэндүү багаар тогтоож, хуульчлах юм. Ёстой л хоосон ядуу улсын зан байх даа.

Хуулиар тогтоосон тэр хэмжээ, дамжаагаараа зөвхөн хот доторх газраа өмчлүүлж болно. Харин төв суурингаас гадна байгаа цэлгэр, уудам газраа иргэддээ чөлөөтэй өгмөөр байна. Юуны тулд монголчууд бид зах хязгаар нь харагдахгүй, уудам сайхан нутагтай билээ. Эзгүй зэлүүд нутгаа эзэнжүүлэх хэрэгтэй байна. Тав, арван га-гаар нь иргэддээ өгч, эдлэн газартай болгоё. Өөрийнхөө өмчийг хүн хэнээс ч илүү хайрлаж, хамгаална. Хүний тав тухтай байдлыг хангадаг гол хүчин зүйл болох дулаан хангамж, гэр цахилгаан, цэвэр усны гээд дэд бүтцийн асуудлуудаа түвэггүй шийдэх боломжтой эрин зуунд бид амьдарч байна. Техник, технологийн хөгжлийг ашиглаад хүн хаана ч сайхан амьдраад байж чадна. Хувийн эдлэндээ дурын аж ахуйгаа эрхэлж, ажин түжин амьдрах боломжоор төр ард иргэдээ хангаж өгөх ёстой. Адаглаад л өмчилж авсан эдлэн газар нь үр хойчдоо өвлүүлэх том хөрөнгөтэй болно шүү дээ. Ер нь иргэн хүн өмчилсөн газраа хувийн зориулалтаар ашиглахаас гадна захиран зарцуулж, арилжаалж, барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн эрхтэй. Харин гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд шилжүүлэх нь угаасаа хуулиар хориглосон байдаг. Бас газар эзэмших асуудал дээр ч ялгаагүй гадаадын иргэдэд боломжгүй. Тэгвэл одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлдөө алс ирээдүйгээ харсан шийдлүүдийг тусгах хэрэгтэй байна. Хэдий болтол бид нүүдэлчин сэтгэхүйгээр юм болгонд хандах юм бэ. Нөхцөл байдлыг өөрөөр харж, зоригтой шийдвэрүүдийг гаргамаар байна. Газрыг эргэлтэд оруулах нь чухал. Тэртээ тэргүй алслагдмал нутагт хүн тэр бүр очихгүй байгаагаас хойш Монгол Улсын иргэн өмчилж авсан эдлэн газраа гадаадын иргэнд түрээслэх эрхийг нь өгчих л дөө. Монголын харьяат бус хүмүүс газар өмчлөх эрхгүй юм чинь мөнгөө төлөөд ашиглах газар дээр нь хатуу гэрээ байгуулчих ёстой.

Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, хүн амын хэт төвлөрөл зэрэг асуудлуудаас улбаатай хотыг тэлэх бодлого явж байгаа. Газар олголтын ажлыг зохион байгуулахдаа хотоос зайдуу бүсэд газар авах гэсэн иргэдэд аль болох хүссэн хэмжээгээр нь чөлөөтэй өгөх зохицуулалт тусгавал хэн хэндээ дэмтэй. Энэ нь хот тэлж, хөгжих нэг үндэс болно.

Суурьшлын бүс болох боломжтой газар Улаанбаатарыг тойроод Төв аймгийн нутаг дэвсгэрт хангалттай бий. Тэр сайхан хөндийнүүдийг том, томоор нь өмчлүүлэх шийдвэр гарвал иргэд дуртай очно шүү дээ. Гэтэл нэг хүнд 0.07 га газрын квот өгчихөөр хэн ч гэсэн төв рүүгээ л тэмүүлнэ. Ганц олдсон боломжоо ашиглаж, аль болох худалдаа, үйлчилгээгээ ойрчилно. Тэгээд ч хотын гадна иймхэн газарт юу хийж амьдрах билээ дээ. Харин суурин бүсээс гадуурх газрыг эдлэн хэлбэрээр өмчилж, ашиглах тэр эрхийг нь хуулиар зөвшөөрчихвөл иргэд хотоос дорхноо гараад явчихна. Гэхдээ стратегийн зориулалтаар ашиглах газруудаа улс мэдэлдээ байлгах ёстой. Хэтдээ хийн хоолой татах, төмөр зам, авто зам, инженерийн дэд бүтэц хийгдэхээр төлөвлөсөн газруудаа иргэдэд өмчлүүлэхдээ хатуу гэрээлчихвэл хожим гэнэт газар чөлөөлөлт явагдахдаа тулбал хүндрэл үүсэхгүй. Ийм асуудал дээр манайхан замбараагүй газар олгосныхоо горыг амссан гашуун түүх байгааг санахад илүүдэхгүй биз ээ. Хотод бүтээн байгуулалт өрнөж, тэлнэ гэсэн ямар ч тооцоо судалгаагүйгээр иргэдийн хатгасан газар болгоныг өмчилж байсан үе бий. Дараа нь тэнд зам гүүр барих болонгуут эзэд нь амандаа орсон мөнгөө хэлж, гэдийж хэвтчихээд улсын ажлыг гацаах явдал олонтаа л тохиолдож байв. Тиймээс иймэрхүү сургамжаа тооцож, “Стратегийн ач холбогдолтой газруудыг иргэд өмчлөхөөр болбол дараа нь ямар ч маргаангүйгээр чөлөөлж өгнө” гэсэн амлалтыг нь авах ёстой гээд байгаа юм.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуультай бэлчээрийн асуудлыг ч уялдуулах шаардлагатай байна. Манай улс газар нутгийнхаа цар хүрээгээр дэлхийд 19 дүгээрт эрэмбэлэгддэг. Тархмал, нүүдэлчин уламжлалтай малчдын хувьд дуртай газартаа суурьшиж, оторлож ирсэн. Малын тоо толгой огцом өсөхийн хэрээр бэлчээрийн даац, цөлжилтийн нөхцөл байдал тулгамдсан асуудлуудын нэг яах аргагүй мөн. Дээрээс нь малын халдварт өвчин ч хүчрэгдэхээ байлаа. Малчид хаа дуртай газраа биш, өөрт оногдсон эдлэндээ малаа өсгөж, үржүүлэх тэр боломжийг нь хуулиар зохицуулмаар байгаа юм. Малчид заавал суурин газартаа гэлтгүй бэлчээрийнхээ талбайг өмчлөөд аваг л дээ. Ингэж байж эзгүй хээр нутгаа эзэнжүүлье. Ядаж л малчид маань нүүдлийн мал аж ахуйгаас фермерийн аж ахуйд шилжих алхам болох юм биш үү.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Шагнах, шагнал хураах хэмээх дуулианы тухайд” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Тэргүүн нүүрт” Нэгэн жарны тэртээ Бээжин хүртэл дугуйгаар аялсан Ц.Даржаа хэмээн өгүүлжээ.

“Баримт үзэл бодол” нүүрт “Шагнах, шагнал хураах хэмээх дуулианы тухайд” хэмээн өгүүлсэн байна.

Батболд: Нийслэлийн асуудлыг шийдэхгүйгээр Монгол Улсынхыг шийдэх боломжгүй хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Уул уурхай” нүүрт Г.Эрхэмбаяр: Өнөөдөр мөрдөгдөж байгаа Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль үүргээ хангалттай сайн биелүүлсэн хэмээн ярьсан байна.

С.Эрдэнэ: Ч.Хүрэлбаатар Төсвийн хуулийг олон удаа зөрчсөн, одоо дахиад зөрчих гээд байна хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч уншаарай.

“Хууль эрх зүй” нүүрт Ш.Цолмон: Шинэ Эрүүгийн хууль хүн бүрт ялгавартай хандах нөхцөлийг бий болгочихсон байна хэмээн өгүүлжээ.

Р.Бурмаа: Халх гол бол ухаж барагдах нөөцийг үү, ургуулж өсгөх нөөцийг ашиглах уу гэдэг л тэмцэл байсан хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

П.Даш: Генерал цол хурааж байгааг сонсоод надад цочирдох юм уу, эсвэл гайхсан ямар ч мэдрэмж төрөөгүй хэмээн ярьсныг “Үйл явдал” нүүрээс хүлээн авч уншаарай.

Топ 100 аж ахуй нэгжүүд улсын төсвийн 50 хувийг бүрдүүлжээ хэмээн “Цаг үе үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“Спорт” буланд Б.Мөнхзул Азийн аварга боллоо хэмээн өгүүлжээ.

Хоёр Солонгосын эв нэгдлийн эхлэлийг тавилаа хэмээн ярьсныг “Дэлхийн мэдээ” нүүрээс хүлээн авч уншаарай.

“Уран бүтээлч” нүүрт Б.Түвшинбат: Гадны театрт ажиллаж байгаад эх орондоо сэтгэлийн дуудлагаар ирсэн хэмээн ярьжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Гайхалтай бүтээлүүд 3- Моддын хооронд уяагаар холбож босгодог майхан

Тентсайл (Tentsile) майханБарууны орнуудад хэдийн нэвтрээд буй гайхалтай бүтээлүүдийг та бүхэнд цувралаар хүргэж байна.

Ингээд танд хэрэгтэй бөгөөд гайхмаар шинэ бүтээлийг танилцуулъя.

Тентсайл (Tentsile) майхан


Аялах дуртай хүмүүсийн мөрөөдөл болж байгаа майхан гэхэд буруудахгүй л болов уу. Аялах дуртай хүмүүст майхнаа хаана барих вэ гэсэн асуудалтай байнга тулгардаг биз? Учир нь тэгш, зөөлөн газрын олдоц, борооны ус орж ирэх, намаг шалбааг, мөлхөгч элдэв амьтад майханд орж ирэх гээд мундахгүй их асуудал үүсдэг. Эдгээр асуудлыг шийдэхээс гадна танд цоо шинэ мэдрэмж өгөх энэхүү майхан танд лав таалагдана. Моддын хооронд уяагаар холбож босгодог уг майханг зөвхөн модод гэлтгүй машинуудын хооронд том хад асгын хооронд ч босгож болдог. Хамгийн олон талт майхан гэж нэрлээд байгаа уг майхны ид шидийг дараах видеоноос үзээрэй!

Categories
мэдээ спорт

Бостон Селтикс хоёрдугаар шатанд шалгарлаа

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плей оффын нэгдүгээр шатны тоглолтууд өндөрлөлөө. Дорнод бүсийн хоёрдугаар байраар плей оффд шалгарсан Бостон Селтикс нэгдүгээр шатанд Милауки Бакстай оноолт таарсан. Мэргэжилтнүүд гол тоглогчдоо бэртэлд алдсан Бостон Селтикс нэгдүгээр шатнаас хасагдана гэж таамаглаж байсан ч цуврал долоон тоглолтод 4:3-аар илүүрхэж хоёрдугаар шатанд шалгарлаа. Бостон Селтиксээс Кайри Ирвингийн эзгүйд Терри Розер энэ цувралд гялалзаж багтаа хожил авчирсан.

Цувралын долоо дахь тоглолт өнөө өглөө “TD Garden”-д явагдахад 112:96-рр Бостон хожсон. Энэ өдөр Терри Розер 26 оноо, есөн оновчтой дамжуулалт өгсөн юм. Мөн туршлагатай тоглогч Ал Хорфорд 26 оноо авч 17 довтолгооны 13-ыг нь оноо болгожээ. Мөн анхны улиралдаа тоглож буй Жесон Татум 20 оноогоор багтаа тусласан юм.

Харин Баксаас долоо дахь тоглолтод Крис Мидлетон 32 оноо авч багаа тэргүүлсэн бол Яннис Антетекумпо 22 оноо авсан юм. Харамсалтай нь Яннис 17 довтолгооныхоо долоог нь л оноо болгожээ.

Эхний шатыг амжилттай давсан Бостон Селтик хоёрдугаар шатанд Филаделфиа 76 тай өрсөлдөх юм.

О.Дашням

Categories
мэдээ спорт

Ах, дүү арслангуудын барилдаанд улсын начин Б.Серик түрүүлжээ

Зураг

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд засаг захиргааны анхны нэгж байгуулагдсаны түүхт 95 жил, сум байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг угтан зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаанд “Таван богдын бүргэдүүд” дэвжээ, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөх улсын начин Б.Серик түрүүллээ.

Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 48 бөх зодоглосноос аймгийн заан М.Аманбек үзүүрлэж, аймгийн харцага Д.Бейбит, сумын заан Т.Ардагер нар шөвгөрдлөө.

Улаанхус сумаас төрөн гарсан ах дүү аймгийн хурц арслангууд М.Борбан, М.Азикей, М.Нажикей нарын нэрэмжит уг барилдааныг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанхус сумын Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан байна.

Аймгийн ИТХ-аас тогтоол гарч, Улаанхус сумын 80 жилийн ойг ирэх долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм. Ойн баярыг угтан аймгийн төвд урлаг, соёл, спортын арга хэмжээнүүд явагдаж байна. Сумын уран бүтээлчид “Улаанхусын уугуулууд” урлагийн концертоо аймгийн Хөгжимт Драмын Театрт энэ сарын 26-ны өдөр тоглолоо. Харин энэ амралтын өдрүүдэд тус сумын нэрэмжит гар бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болох ажээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулна

Зураг

Засгийн газраас санаачлан Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Амралтын энэ өдөр тус хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх уулзалт Удирдлагын академид болж, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, МУИС, Хууль сахиулахын дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

“Төрийн албан хаагчийн ёс зүйн тогтолцоо, эрх зүйн зохицуулалт”, “Монгол Улсын төрийн албан дахь ёс зүйн зохицуулалт, өнөөгийн байдал”, Төрийн албан хаагчдад хүлээлгэж буй хариуцлага, түүний эрх зүйн зохицуулалт”, “Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлал”, “ХБНГУ-ын Сахилга хариуцлагын тухай хууль” зэрэг сэдвээр танилцуулга, мэдээлэл хийж хэлэлцүүлэг өрнөлөө.

Ёс зүйн хариуцлага бүх шатанд шаардлагатай байна. Мөнгө хөрөнгө шаардахгүй хийж болох ажил бол бүх шатанд хариуцлагыг чангатгах юм гэдгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлээд энэ хуулийг боловсруулан батлуулах нь зөв гэлээ.

Засгийн газар байгуулагдсан цагаасаа төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулж шударга, ёс зүйтэй тогтвортой төрийн албыг бэхжүүлэх шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тиймээс ч Засгийн газар 2018 оныг сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Манай улсын хөгжихгүй байгаа шалтгаан сахилга хариуцлагагүйгээс болж буй. Энэ хариуцлага шат шатанд алдагдсан учир эрх зүйн зохицуулалт шаардлагатай болжээ. Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хуулийн хүрээнд аваачих цаг нь ирсэн гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэллээ.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр Төрийн албаны сахилга хариуцлагын тухай хуулийн үзэл баримтлалаа тогтлоо. Дараагийн хэлэлцүүлгээр хуулийн төслөө боловсруулан танилцуулах үүргийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт үүрэг болголоо.

Categories
гадаад мэдээ

Дональд Трамп, Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалт Монголд болох магадлал хамгийн өндөр байна гэв

Зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын ирэх сарын сүүлчээр эсвэл зургадугаар сарын эхээр хийхээр төлөвлөж буй дээд хэмжээний уулзалт Монголд болох магадлал хамгийн өндөр байна гэж Сөүл болон Москвагийн дипломат эх сурвалжууд Оросын “Известия” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна гэж “ТАСС” агентлаг мэдээлэв.

АНУ болон Умард Солонгосын аль алинтай нь адил тэгш найрсаг харилцаатайгаас гадна техникийн шалтгаануудтай холбоотойгоор энэ түүхэн уулзалт Монгол болох магадлал хамгийн өндөр байна гэж “Известия” сонинд бичсэн байна.

Шинжээчид хэлэхдээ “Пхеньяны хуучны агаарын хөлгийн хүчин чадлын улмаас Швед, Швейцарь зэрэг Европын орнууд энэ уулзалтыг зохион байгуулах магадлалтай гэгдэж байсан газруудын жагсаалтаас хасагдсан” гэжээ.

Сөүл дэх Кукмины их сургуулийн шинжээч Андрей Ланков ярихдаа “Трамп-Кимийн уулзалт болох магадлалтай гэгдэж байсан газрууд хэдийн эхнээсээ хасагдсан. Одоо энэ уулзалт болох хамгийн өндөр магадлалтай газар нь Монгол болж үлдээд байна. Америкчууд энэ уулзалтыг Хятад болон Орост зохион байгуулахыг хүсэхгүй нь мэдээж. Ким Жөн Ун хятадуудад найр тавьж байгаа хэдий ч дээд хэмжээний уулзалтыг Хятадад зохион байгуулахыг хэзээ ч хүсэхгүй” гэжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “Трамп-Кимийн уулзалтыг зохион байгуулах магадлалтай гэгдэж байсан газруудын тооноос Хойд Европын орнууд хасагдсан нь цэвэр техникийн шалтгаантай холбоотой. Зөвлөлтийн үед хамаарах Пхеньяны нисэх онгоцууд зогсолтгүйгээр Европт хүрэх боломжгүй” гэсэн байна.

Мөн ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Солонгос болон Монгол судлалын тэнхимийн эрхлэгч Александр Ворентсов хэлэхдээ “Ложистик болоод улс төрийн хүчин зүйлийн аль алиных нь үүднээс авч үзвэл энэ уулзалт Монголд болох магадлал хамгийн өндөр байна. Монгол Улс Умард Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд “зууч”-ийн үүрэг гүйцэтгэхийг хэзээнээс эрмэлзсээр ирсэн. Тэгээд ч Монгол бол Пхеньян, Вашингтон болон Сөүлийн аль алинтай нь хэвийн харилцаатай цөөн хэдэн улсын нэг” гэсэн байна.

Сөүлийн нэгэн нөлөө бүхий дипломатч мөн хэлэхдээ “Энэ уулзалт Монголд болох магадлал маш өндөр байна. Д.Трамп дотоод асуудалтай холбоотой шалтгаануудын улмаас Пхеньян руу явахгүй. Ким ч Сөүл рүү явахгүй” гэжээ.

http://tass.com/pressreview/1002297