Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Сайханбаатар: Бэлтгэлийг халтуурдаад байвал тэмцээн чамайг баллуурдана

Монголын волейболын спортын сонин хачны талаар “Тэнүүн Огоо” спорт клубын тамирчин ОУХМ Э.Сайханбаатартай ярилцлаа.

-Өсвөрийн шигшээ багийн тамирчид клубын түвшний тэмцээнд тун амжилттай оролцсон. Монголын залуу волейболчдын чадвар ахихад ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

-Юутай ч нэгдүгээрт өсвөрийн тамирчдын нуруу харьцангуй өндөр болсон. Хоёрдугаарт интернэтээр харж, үзэж сурах юм ихтэй болж, дэлхийн шилдэг тамирчид мөн Монголын шигшээ багийн тоглогчдын техник, тоглолтын ур чадварыг нүдээрээ үзэж байгаа болохоор маш хурдтай ахиц гаргаж байна. Хамгийн гол үзүүлэлт нь нуруулаг болсон.

-Та Солонгосын багт таван жил тоглосон. Сурч мэдсэн зүйлээ хүүхэд залууст зааж сургахаар Монголдоо ирсэн гэдэг. Өөрийн нээсэн “Ирээдүй” клубын талаар яриач?

-Би Монголдоо ирэхдээ бэртэлтэй байсан учраас ажил төрөл хийгээгүй. 2014 онд хөл дээрээ боссоныхоо дараа Азийн клубт тоглох боломж олдоод бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Ээж маань багш, дасгалжуулагч ОУХМ Б.Уранчимэг гээд хүн бий. Ээжтэйгээ хамтраад клуб байгуулсан. Ингээд мэддэг чаддаг зүйлээ хүүхэд багачуудад зааж эхэлсэн юм. Би Солонгост таван жил волейболын багт тоглох хугацаандаа нэг их юм мэдэж гийгүүлээгүй ч бэлтгэлийн диктатур, зөв техникийг хүүхэд залууст зааж сургая гэж бодсон. Ээжтэйгээ хамтраад, аав минь туслаад анх “Ирээдүй” клубыг байгуулж байлаа. Солонгос руу буцаагүй шалтгаан гэвэл нэгдүгээрт тэнд хүнд бэртэл авч, жаахан айдастай болсон юм. Дараа нь дахин тоглооч гэсэн санал ирэхэд нь яваагүй. Монголдоо үлдээд аав, ээжтэйгээ гурвуулаа сургалт хийе гэсэн зорилготой байгаа.

-Энэ сургалтанд хүүхдүүд хэрхэн элсэх вэ? Насны ангилал байгаа юу?

-Манай клуб эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалтай явагддаг юм. Эмэгтэй нь ээж, аав хоёртой хамт хичээллэдэг. Мөн анхан дунд гэсэн ангилалтай. Эрэгтэй тамирчид анхан шатнаасаа дунд шатанд, дунд шат нь дээшээ “Ирээдүй” клуб рүү ордог. Манай клубын тамирчдын хамгийн анхны тэмцээн Монголын залуучуудын холбооноос зохиогддог “Д” зэрэглэлийн тэмцээн юм. Одоогоор “Тэнүүн огоо” кап мөн залуучуудын улсын аваргад оролцож, чамгүй амжилт үзүүлсэн. Манай клубт насны хязгаар байхгүй.

-Монголын дээд лигийн тамирчид клубээсээ цалинжаад бэлтгэл сургуулилтаа хийгээд тоглох боломж бий юу?

-Тамирчид тус тусын байгууллага, клубүүдэд харьяалагдаж байгаа. Тодорхой хэмжээний цалин авч байгаа. Гэхдээ цалингийн хэмжээ тийм ч өндөр биш гэж бодож байна.

-Энэ жил манай улсад Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Манай улсын шигшээ дөрөвдүгээр байр эзэлсэн. Зарим хүмүүс медаль хүртэх боломжтой байсан гэж ярьж байна. Үнэхээр тийм боломж байсан уу?

-Медаль авах бүрэн боломж байсан гэж хэлэх үү дээ. Гэхдээ юуг нь нууж хаахав. Волейболын спорт гэдгийг мэдэх хүмүүс нь мэдээд, мэдэхгүй нэг нь монголчууд бүрэн боломжтой байж медаль авч чадсангүй гэсэн сэтгэгдэлтэй үлдсэн. Тамирчид бид яаж бэлтгэл сургуулилт хийж байгаа билээ. Хорин жил бэлтгэл хийж байгаа, хоёр сар бэлтгэл хийж байгаа хүмүүсийн хооронд асар их ялгаатай. Бид хоёр сар бэлтгэл хийх үедээ яг байрлаад, волейболдоо анхаарлаа хандуулж байгаа бол хамаа алга. Бид хажуугаар нь ажлаа хийж байна. Дээрээс нь ар гэр үр хүүхэддээ анхаарах учиртай. Үнэндээ ийм хүмүүсээс амжилт гарахгүй. Би Солонгост таван жил тоглосон. Тэр үед би оюутан хүүхэд байсан. Тэтгэлэг авахын хажуугаар амарч байх үедээ ажил төрөл хийе гэсэн бодолтой байсан. Гэвч тэнд хатуу хориотой байдаг. Тамирчин хүн бол чи бэлтгэлээ л хийх ёстой. Илүү дутуу ажил хийхгүй. Таван жилийн турш тэнд зөвхөн бөмбөг хөөцөлдөж, хичээл хийж байгаад ирсэн. Гэтэл Монголд яаж байна. Миний бодлоор хоёр сар хорин жил хоёрын хооронд ялгаатай.

Манай волейболчид бөмбөгөнд дуртай, тэрнээсээ сэтгэл ханамж, аз жаргалыг мэдэрч байгаа болохоор л тоглоод байгаа. Харин Солонгост нэгдүгээр ангиас нь эхлээд энэ хүүхдийг волейболоор хичээллүүлнэ гээд аав, ээж нь өгсөн бол дунд сургуульдаа волейболоо тоглоод явна. Их сургуульдаа волейболоо тоглож явж байгаад дээд лигтээ сайн драфтлагдаад орчихвол амьдрал нь баталгаатай болчихдог. Дээрээс нь бэлтгэл их хийж байгаа учир тоглогчдын ур чадвар өснө. Манай Монголд багаасаа япон багшаар бэлтгэгдсэн тамирчид зөндөө бий. Тэр тамирчдын хувьд гэвэл анхнаасаа суурь нь зөв тавигдсан. Ээж намайг багад бэлтгэж байгаад япон багш руу шилжүүлсэн. Тэр багшийн аав нь үндэсний шигшээгийн дасгалжуулагч байсан. Өөрөө сайн тамирчин байсан дасгалжуулагч. Би зөв суурьтай явсан учраас Солонгост очоод багт хурдан ууссан байх. Надад тавигдаж байсан шаардлага гэвэл хэл нь болоогүй, багийн тоглолт руугаа оруулах дээр л уусаж өгөхгүй байсан. Тэгээд сүүлдээ гайгүй болсон.

-Ер нь суурь зөв тавигдах ёстой юм байна шүү дээ?

-Суурь л сайн байхад болдог. Хүүхэд залуучууд их асуудаг. Багшаа, Сайхнаа ахаа яаж бид нар тань шиг Солонгос руу явах вэ гэж. Хүсээд явдаг зүйл биш. Сая гэхэд нэг хүн ирээд, Монголоос хоёр тамирчин аваад явлаа. Хоёр дунд сургуулийн хүүхэд. Маш хэцүү шалгууртай байдаг. Дээрээс нь маш олон зүйлийг тэвчиж, туулж гарна. Хоёр хүүхэд явж байгаа нь бас давуу талтай байх. Харин би ганцаараа, хэл мэдэхгүй хамаатан садан байхгүй, болсон болоогүй сайн байна уу баяртайтайгаа л явсан.

-Клубын хэмжээнд хамгийн ойрын хугацаанд ямар тэмцээн байгаа вэ?

-Одоо арваннэгдүгээр сарын 14-нд Монголын волейболын холбооны багуудын дунд зохиогддог холбооны цом буюу хуучин дээд лигийн тэмцээн эхэлж байна. Энэ жил болж байгаа уралдаан тэмцээнүүд ойтой холбоотой Монголд волейбол үүсэний 90 жилийн ой мөн Монголын волейболын холбоо үүссэний 60 жилийн ой гээд энэ жилийн сүүлчийн хамгийн том тэмцээн эхлэх гэж байна.

-Гадаадын багуудаас санал хэр ирж байна вэ?

-Хамгийн сүүлд Чехын багаас санал ирсэн. Сая Азийн аварга дууссаны дараа Солонгосоос ирсэн багийн тоглогчид миний мэдэх хүмүүс, тамирчид нь надтай нэг үед тоглож байсан хүүхдүүд байна. Дээшээ тоглож байсан ах нар ч байна. Доошоо дүү нар нь ч байна лээ. Тэр баг Солонгосын дээд лигт тоглож байгаад доошоо унасан дунд лигийн баг. Гэхдээ тамирчид нь бүгд дээд лигт сонгогдож байсан. Бэртэл гэмтэл, нуруунаасаа болоод л доошоо унасан. Ихэнхи тамирчид нь намайг мэднэ. Дасгалжуулагч нь ч бас мэднэ. Тэр багийнхан санал тавьсан. Миний албан ёсны менежэр “Витафит” компаний захирал Ц.Одхүү гэж хүн бий. Монголын волейболын холбоог хөдөлгөж байгаа хүн. Харин Чехийн баг руу есөн сард явах гэж байснаа хүлээзнэж байгаа. Тус баг нь цааш Европын лигт ордог юм билээ. Би амжилтаа бодоод явах юм бол Монголын хамгийн анхны Европын багт тоглосон хүн болно. Европын лигт тоглох нь надад үлдэх гоё дурсамж юм. Гэсэн ч би явчихвал ээж, аавтайгаа хамтарч байгуулсан клуб минь яах бол гээд бодох юм их. Гадаадын саналуудаас одоогоор татгалзаж байна. 2018 онд юу болох нь вэ.

-Волейболын спортоор хичээллэж эхэлж байгаа хүүхэд залуус, өсвөрийн тамирчдад хандаж юу зөвлөх вэ?

-Миний анзаарснаар сүүлийн үеийн хүүхдүүд ахыгаа ах гэж хүндлэхгүй, багшийгаа багш гэж хүндлэхээ больсон. Тэр байдлыг засах хэрэгтэй. Хоёрдугаарт хэт мөрөөдөөд байна. Фэйсбүүк, интернэт орчин Youtube-ээр бүх юм бэлэн байдаг болсон. Хүүхдүүд гоё сайхан юм хараад суугаад л байдаг, суугаад л байдаг. Яг тийм болчих юм шиг боддог. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд алхам хийх хэрэгтэй. Хөлсөө дуслуулж байж амжилтад хүрнэ. Өдөр шөнөгүй бэлтгэл хийх хэрэгтэй. Би хүүхдүүдээ хорь суниа гэхэд хорин долоо, гуч, дөч суниаж байгаа хүүхэд ганц нэг байдаг. Тийм хүмүүс амжилтад хүрнэ. Би ч бас Солонгост очоод бүх техник нь болсон ч биеийн хүч байхгүй, штанк гэдэг зүйлийг тэнд очоод л зүүдэлж сэрж үзсэн. Тэнд биеийн хүчний бэлтгэл хийж эхлээд л ойлгосон зүйл бусдаас дандаа давуулж хийх хэрэгтэй юм байна гэж. Багш хорин удаа суниа гэхэд би заавал 30 суниадаг байсан. Сүүлийн үед би бэлтгэл сургуулилтандаа анхаарлаа хандуулж чадахгүй байна. Яг үнэндээ Солонгост тоглож байсан үлдэгдлээрээ л тоглоод яваад байгаа байхгүй юу. Ажил амьдрлаа бодох хэрэгтэй байна. Сургалтаа аятайхан удирдаад явмаар байдаг. Тэр тал руугаа анхаарлаа хандуулж байгаа болохоор бие хаандаа анхаарч чадахгүй байна. Хүүхдүүдэд хандаж хэлэхэд зүгээр л хий. Эхлээд бод дараа нь хий, хийж байгаа зүйлээ үр дүнтэй төсөөлөлтэйгөөр хий. Бэлтгэлийг халтуурдаад байвал тэмцээн чамайг баллуурдана гэдэг.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ нийгэм

“Оюутан-цэрэг” хөтөлбөрт 1100 гаруй оюутан хамрагдаж байна

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа,Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар холбогдох албаны хүмүүсийн хамт өнгөрсөн амралтын өдөр МУИС, МУБИС, ШУТИС-д зочлон, Оюутан-цэргүүдийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтын үйл явцтай танилцаж, тэдний санал сэтгэгдлийг сонсон цаашид сургалтыг сайжруулах талаар үүрэг, чиглэл өглөө.

Дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж буй Оюутан-цэрэг хөтөлбөрт энэ жил 1100 гаруй оюутан хамрагдаж байна.

Улаанбаатар хотоос 720 гаруй оюутан залуус зургаан бүлэг болон МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СЭЗИС зэрэг сургуульд хичээллэж байгаа бөгөөд ҮБХИС-ийн 20 гаруй мэргэжлийн багш нар Бямба, Ням гарагт өглөөний 09.00-14.00 цагийн хооронд тухайн сургуулийн хичээл сургалтад нь саад болохгүйгээр 04 дүгээр сарын 1-нээс 06 дугаар сарын 1 хүртэл 96 цаг буюу хоёр кредит багц цагт багтаан “Батлан хамгаалахын эрх зүй”, “Ерөнхий тактик”, “Галын бэлтгэл”, “Тусгай тактик” зэрэг хичээлийг зааж байгаа аж.

Харин хөдөө орон нутагт нийт 13 аймгийн их, дээд сургуулиудыг түшиглэн тухайн аймгийн цэргийн хэлтсүүд хариуцан 400 гаруй оюутан залуус цэргийн ерөнхий онолын бэлтгэл сургалтад хамрагдан хичээллэж байгаа юм байна. Цаашид Ховд аймагт 150, Орхон аймагт 100, Баянхонгор аймагт 50, Дорнод аймагт 50, нийт 350 оюутан залуусыг тухайн аймгуудын цэргийн ангиудыг түшиглэн хээрийн бэлтгэл сургалт зохион байгуулах юм.

Цэргийн мэргэжлийн буюу хээрийн бэлтгэл сургалт 06 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 15-ны хооронд нийт 568 цаг буюу 14 кредитийн эрчимжүүлсэн, вакуум хаалттай сургалт явуулж цэргийн 11 мэргэжлээр суралцуулах аж.

Оюутан залуусыг цэрэг, эх оронч үзэлтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй иргэн болон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуус олон байдаг бөгөөд ирэх онд оюутан залуусын тоог 500-аар нэмэх төлөвлөгөөтэй байгаагаа салбарын сайд онцлон хэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 4000 гаруй залуус Оюутан-цэрэг хөтөлбөрт хамрагдаж, дээд сургуульд сурч байх явцдаа эр цэргийн алба хааж, эх орондоо тангараг өргөжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

Шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдахаар хуваарь гараад байна.

Тодруулбал УИХ дахь МАН-ын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, АН-ын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх асуудлуудаар байр сууриа нэгтгэх юм. Тухайлбал энэ долоо хоногт УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг шинээр орж ирж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд архийг мөнгөнөөс илүү үнэт зүйл гэж үздэг үү

Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх урагшаа явсан. Түүнийг монголын бизнесийн хүрээнийхэн дагасан. Энэ үеэр Бээжинд болсон эрдэс баялгийн олон улсын хурал дээр Хятадын “Чалько” компанийн дэд захирал Ли Хуанг монголчуудын талаар үг хэлэв. Тэр нь юу гэхээр “Монголчуудад мөнгөнөөс үнэтэй зүйл байдаг. Тэр нь архи. Үндэстнийх нь онцлог. Эрдэнэс Таван толгойн тээврийн жолооч нар архичид, архи ууж аваар осол гаргадаг нь маш их хүндрэл учруулдаг” хэмээн олон орны зочид төлөөлөгчдийн өмнө хэлжээ. Тус хуралд оролцсон эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар энэ талаар жиргэж, “Үнэндээ Бээжинд олон улсын хурал дээр ийм юм сонсох хэцүү байлаа шүү” гэжээ. “Чалько”-ийн дэд захирлын хэлсэн үгээс тасалж тавьсан нь энэ юм шиг байна лээ. Тэрнээс тэр нөхөр хил гааль дээрх монголчуудын байр байдлыг уудлан дэлгэж, Ерөнхий сайдад олон улсын индэр дээрээс сайн матсаныг ярих хүмүүс бас бус байна. “Монголын тээвэрчид олсон мөнгөөрөө архи уучихдаг. Машиныхаа сэлбэг хэрэгслийг зараад уучихдаг, машинаа зараад архи уучихсан монгол ч бий…” гэхчлэн.

Энэ үнэхээр монголчууд бидний өнөөдрийн эмгэнэл. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл бидэнд байгаа нь архи болчихоод байна. Ганц урд хил дээр ч биш, монголын хаана ч энэ хандлагыг харна. Гудамж талбай, автобусны буудал дээр зогсож байхад хажууд харчууд мөнгө хэрхэн олох тухай огт ярьдаггүй. Тэнд тэгж архидаад, тэр их хоншоортой, тэдэн шил архи авчирч уусан… гэхчлэн зөвхөн архи дарс, алиа цэнгэл, ууж иддэгээ л бахархаж ярьсан хүмүүс. Дээр нь хүүхэн шуухан бас нэмэгдэнэ. Амьдралын хэмнэл нь ийм л болчихсон ард түмэн монголчууд бид боллоо. Үндэстэн мөхөхийн эхлэл нь архидалт, хар тамхи болсныг хүн төрөлхтөн ярьж, сэрэмжилж, нийгэм даяараа тэмцдэг болсныг бусад улс орны жишээнээс олноор нь харж болно. Монголчууд бид л үүнийг мэдрэхгүй байх шиг.

Гэтэл хүн төрөлхтний ихэнхэд нь мөнгө хамгийн чухал үнэт зүйл нь байна. Мөнгийг амьдралд аз жаргал бэлэглэгч, эрүүл мэндийн баталгаа, аюулгүй амьдрах хэрэгсэл гэсэн үзэл санаа дэлхий даяар дэлгэрч байна. Дэлхийн улс орны иргэд тэр аяараа мөнгө олохын төлөө хөдөлмөрлөж байна. Олсон мөнгөө гэр бүлийнхээ сайн сайханд зарцуулж байна. Гэтэл монголын сүүлийн 90 жилийн социалист нийгмийн байгуулал нь, тэндээс авсан суурь хүмүүжил нь жирийн иргэдийг мөнгөний үнэ цэний талаар муйхар ойлголттой болгочихож. Малчин, барилгачин, жолооч… гээд олон олон мэргэжил эзэмшсэн иргэд маань ийм л соци хүмүүжлийнхээ золиос болчихсон явж байна. Нийгмийн ийм том масс нь мөнгө олно гэж санаа зовохгүй, ажил хийхгүй, архи л бодож, архи олж, түүнийгээ ууж цагийг нөхцөөж байна.

Монголчуудын энэ эмгэнэлт хувь заяаны эсрэг монголын төр засаг юу ч хийсэнгүй. Харин ч улам өөгшүүлэн дэврээх шинжтэй. Архины үйлдвэр, дэлгүүрийн тоог улам нэмж, баар цэнгээний тусгай зөвшөөрлийг олноор өгөх бодлого явж ирлээ. Сүүлийн үеийн статистикаас харахад манай улсын эрэгтэйчүүдийн 39.7 хувь, эмэгтэйчүүдийн 15.5 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх дадалтай болжээ. Энэ нь монголын 3,2 сая иргэний 30 хувь нь архичид болжээ гэсэн үг. Энэ монголын эмгэнэл биш үү!!!

Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлтэй 100 хол давсан аж ахуйн нэгж байна. Спиртийн 11, архины 114, дарсны 15, шар айрагны 19 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Жилд 4032,9 мянган литр спирт, 10719,6 мянган литр архи үйлдвэрлэж байна. Дээр нь гадаадын улс орнуудаас сүүлийн таван жилд нийтдээ 75.6 сая литр согтууруулах ундаа импортоор оруулж, зах зээлд нийлүүлжээ. Түүнчлэн согтууруулах ундаа худалдаалах газрууд жилээс жилд нэмэгдсээр Улаанбаатар хотод гэхэд архи зарах лицензтэй 4034 ресторан, 579 кафе, 568 караоке, 941 шөнийн цэнгээний газар болон уушийн газар байна. Нэг монгол хүнд ногдох архины хэрэглээ жилдээ 50 литр байна. Гэтэл дэлхийн дундаж нэг хүнд 10 литр архи оногдож байна. Монголчууд архины хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт орлоо хэмээн ДЭМБ мэдэгдсэнийг олон улсын мэдээллийн хэрэгслүүд онцлон зарласаар таван жилийн нүүрийг үзлээ.

ДЭМБ-ын 2015 онд явуулсан судалгааны тайланд дурдсанаар, Азид архи согтууруулах ундааны хэрэглээгээр Пакистан, Бангладеш, Индонез улс сүүл барьжээ. Пакистанд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ ердөө 0.1 л, Бангладешт 0.2 л, Индонезид 0.6 литр байна. Дэлхийн 100 гаруй улсыг хамруулсан судалгаагаар Молдав хүний жилд хүртдэг сархадын хэмжээ дунджаар 18.22 литрт хүрч хэрээс хэтэрлээ хэмээн тэр ард түмэн эмзэглэн шуугьж байхад монголчуудын хэрэглээ жилд 50 литрт хүрчихсэн, төр засаг нь юу ч болоогүй юм шиг сууж байна. Молдавын араас нь Чех, Унгар, Орос, Украин, Эстони, Румын, Словени, Беларусь зэрэг хуучин коммунист дэглэмтэй орнууд өндөр хэрэглээтэй байна гэж шүүмжлүүлж байгаа ч монгол нэг иргэний 50 литрийн дэргэд юу ч биш юм. Үнэн ийм л байна.

Монголын төр засаг, эрх баригчдын хувьд ард түмнээ, нийгмээ ийм архидалттай байлгах нь ашигтай бололтой. Сонгуулиар сонгогчид нь элдэв юм нэхэхгүй, архи өгчихөд болдог. Дээр нь архины онцгой албан татвараар төсөвт 300 тэрбум төгрөг төвлөрнө, түүний 30 хувиар нь цалин тэтгэвэр нэмнэ, энэ нь нэг ноосны үйлдвэрийн төлж буй татвараас даруй гурав дахин их татвар төвлөрүүлж байгаа юм гэхчлэн ард түмний тархийг эрх баригчид угааж ирлээ. Үнэхээр л архи пивоны үйлдвэрлэл нэмэгдээд байвал бидний тэтгэвэр нэмэгдэх юм байна гэж бодох жишээтэй. Энэ бол эрх баригчдын зүгээс архидалтыг дэврээж, архины үйлдвэрийн эздийн лоббиг хэрэгжүүлж буй бодлого юм.

Төр засгийн оролцоотой ингэж өөгшүүлсэн нийгэм даяарын архидалт нь ядуурлыг Монголоос салгахгүй байна. Ядуу учраас архи ууж байна гэж архичингууд донгоссон байдаг. Үүн шиг худлаа үг байхгүй. Архичин учраас л ядуу байгаа юм.

Үнэндээ өнөөдөр төр засгийн зүгээс сайн бодлого хэрэгжүүлбэл Монголд архидалтыг эрс багасгах шиг амархан юм байхгүй. Хамгийн гол нь нийгмийн оюун санаанд архи биш, мөнгө л хамгийн үнэт зүйл мөн гэдгийг ойлгуулах ажлыг тууштай, эрчимтэй хиймээр байна. Лангуун дээр байгаа архины доод үнийг шууд 100 мянга болгох хэрэгтэй. Архины үйлдвэрийг 10 болгож бууруулъя. Архины зөвшөөрөлтэй дэлгүүрийн тоог эрс цөөлье. Дээр нь импортыг хязгаарлая. Архины үйлдвэрүүдийн лоббигоор “Архийг хориод, архины үнийг нэмсэнээр иргэд юу ч хамаагүй уугаад хордож үхдэг” гэсэн нялуун яриа гаргадаг. Шагийн архи дэлгэрнэ гэж ярьдаг. Яадаг юм, юу ч хамаагүй уугаад үхнэ л биз. Тэртэй тэргүй архичид нийгмийн илүүдлүүд л байдаг юм чинь, цэвэрлэгдэнэ биз. Хар аяндаа энэ нийгэм чинь “Архи амьдралаас хямдхан юм байна” гэдгийг ойлгоод, төлөвшөөд эхэлнэ.

Өнөөдрийн Монголын нийгмийн нүүр царай нэгэнт ийм болчихсон болохоор архиндаа живсэн ард түмэн гэдгийг олон улсад түншүүд маань зарлаж байгаа болохоор, ДЭМБ-аас Азидаа толгой цохисон архичин улс Монгол боллоо гэдгийг албан ёсоор мэдээлж буй болохоор одоо Монголын төр засгийн зүгээс албадлагын аргаар тэмцэх ёстой. Тэгэхийг цаг үе шаардаж байна. Хуулийн хүрээнд албадлагаар л тэмцэхгүй бол сайн дураараа архинаас гарна гэсэн ойлголт байдаггүй юм. Улс орноо архинаас салгасан Швед, Норвегийн дэлхийд гайхагдсан бэлээхэн жишээнүүд бий. Нийгмээ архинаас салгая гэвэл Шведийн хуулийг тэр чигээр нь хуул гэдэг юм. Учир нь Шведийн төрөөс спиртийг химийн зэвсэг хэмээн албан ёсоор зарлаж хуульчилсан юм. Тэгээд архины бүх дэлгүүрүүдээ төрийн мэдэлдээ авсан. Архины худалдааны бүх ашгийг төр авч, архины чанар, стандарт мөрдүүлж, дэлгүүр бүрт лаборатори ажиллуулж, чанарын мэдээллээр иргэдээ хангах үүргийг мөн л төр хүлээсэн. Орлогын зохих хувиар архидалтаас хүүхэд, залуучуудаа хамгаалах, эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх сан байгуулсан юм билээ. Нэр төрлийн хувьд 7000 нэр төрлийн архи байдаг улс шүү дээ. Градусын хувьд 4-61 градусын хүртэл архи бий. Хамгийн хямд архи нь манай мөнгөөр 150 мянган төгрөг. Ийм л эрс тэс, хатуу шийдэмгий арга хэмжээ авч эхлэхэд тус улсад архи үйлдвэрлэгч хэдэн хүн л боож үхэх шахан, төр засагтаа лобби хийх гэж шившгээ хутгаснаас бус өөр хүндрэл гараагүй юм билээ. Монголд төрийн зүгээс ийм шийдвэр л дутаж байна.

Одоо монголчуудын ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалтын үнэ цэнийг ойлгож, мэдэрч, тэдэнд талтай болж байна. Тэдэнгүйгээр Монгол Улс хөгжихгүй юм байна гэдгийг захын архичин ч гадарлах болсон. Нийгмийн сэтгэл зүйн ийм бүрдэл үеийг өнөөдрийн эрх баригчид сайтар анзаарах, ашиглах хэрэгтэй. Юу гэхээр архичин хүнтэй ямар ч гэрээ хэлцэл, ажил хөдөлмөр ярьж болдоггүй. Яагаад гэвэл архи нь олдвол тэр хүн бүх зүйлийг хаяад архиныхаа мөрийг хөөдөг. “Чалько”-гийн дэд захирлын Бээжингийн Олон улсын хурал дээр “Архидалт бол монгол үндэстний онцлог” гэж хэлсэн үг бол их аюултай. Архичин монголтой гэрээ хэлцэл хийж хамтрахад үнэхээр итгэл алга гэсэн үг. Архидалт нь монгол үндэстний онцлог гэж гадаад ертөнц дүгнэх хэмжээний мессэжийг тэр өгсөн байна. Ингэж болохгүй. Бид алдаагаа цаг алдалгүй засъя. Ингэхийн тулд Монголын төрөөс нэгдүгээрт, архийг химийн зэвсэг гэж үзсэн хатуу хууль гаргах, хоёрдугаарт, монголчуудын оюун санаанд мөнгийг үнэт зүйл гэж ойлгуулах.


Categories
мэдээ нийгэм

‘’Хувь хүний хөгжил-Өөрийгөө хөгжүүлэх арга зам’’ сургалт боллоо

‘’Хувь хүний хөгжил-Өөрийгөө хөгжүүлэх арга зам’’ сургалтыг зохион байгуулав

Иргэд, олон нийттэй хамгийн ойр ажиллаж, тэднийг анхан шатны мэдээллээр хангаж, төрийн үйлчилгээг хамгийн түрүүнд үзүүлж байгаа хүмүүс бол хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд юм.

Иймд тэдний үйл ажиллагааг дэмжиж, ажлын идэвх санаачлагыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоог сайжруулах, хувь хүний хөгжлийг дэмжиж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтнуудыг ‘’Хувь хүний хөгжил-Өөрийгөө хөгжүүлэх арга зам’’ сэдэвт сургалтад хамрууллаа.

Сургалтыг Монгол улсын зөвлөх сэтгэл зүйч, ‘’Монгол өрх’’ төрийн бус байгууллагын тэргүүн С.Баасанбат ‘’Хүний сэтгэл зүйн бүрэн бүтэн байдал, хөгжлийн мөчлөг, дутуу дулимагийн мэдрэмж, ажлын байран дахь стресс’’ сэдвээр орсон.

Түүнчлэн тус сургалт 4 цагийн турш үргэлжилж олон нийттэй хэрхэн харилцаж, хандлагаа яаж өөрчлөх, өөрийгөө хэрхэн таних, яаж хөгжүүлэх талаар харилцан ярилцаж сонирхолтой тест ажиллаж, дасгал хийсэн юм. Уг сургалтад дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга А.Пүрэвдулам болон тус хэлтсийн мэргэжилтнүүд, 28 хорооны нийт 60 ажилтан, албан хаагч хамрагдлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НЭМҮТ шинэ удирдлагатай боллоо

Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор Д.Нарантуяа, дэд захирлаар Д.Бат-Ундрах нарыг тус тус томиллоо.

Анагаах ухааны доктор Д.Нарантуяа нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд зүрх судасны чиглэлээр мэргэшсэн зөвлөх эмч юм.

Тэрээр 2001-2003 онд Халдварт бус өвчин” Артерийн гипертензийн удирдамж, Цусны эргэлтийн өвчний оношлогоо, эмчилгээний талаар судалгааШинжлэх ухаан технологийн төсөл, 2005-2006 онд Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа, 2009-2010 онд Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа STEPS 2010, зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлаарх судалгаанд тус тус артерийн гипертензийн үндэсний зөвлөхөөр ажилласан.

Түүнчлэн Монголын Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн EPOS /THL/Danyalnt,олон улсын төлөөлөгчийн газрын зүрх судасны үндэсний зөвлөх, Дэлхийн зүрхний холбооны албан ёсны гишүүн, Монголын зүрхний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн салбар зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг юм.

Дэд захирал Д.Бат-Ундрах нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд Удирдахуйн ухааны докторант, нийгмийн эрүүл мэндийн удирдлага чиглэлээр удирдахуйн ухааны магистр зэрэгтэй, мэргэшсэн их эмч юм.


Тэрээр Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-д дуудлагын “Их эмч”-ээс, “Сургалт гадаад харилцааны менежер”, Баянзүрх дүүргээ хариуцсан салбарын эрхлэгч, дарга, Тус төвийнхөө Хяналт үнэлгээ шинжилгээ дотоод аудитын асуудал хариуцсан даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.

Тэрээр АSEMбуюу Ази Ёвропын дээд хэмжээний уулзалтын үед “Яаралтай тусламж” үзүүлэх эмнэлгийн тусламжийн багийг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, “Насанд хүрэгчдийн амилуулах тусламж”-ийн удирдамжийг мөрдүүлэх, Яаралтай тусламжийн сургалтыг 21 аймаг 9 дүүргийн “Эрүүл мэндийн төв”, нэгдсэн эмнэлгүүдэд зохион байгуулах, Түргэн тусламжийн үйлчилгээний судалгаа шинжилгээний бүтээлүүдэд хамтран ажиллах зэрэг олон олон ажлуудыг санаачлан удирдан зохион байгуулж ажилласан.

Түүнчлэн АМДА-олон улсын байгууллагын зөвлөх багийн гишүүн, Яаралтай тусламжийн мэргэжлийн холбоодын дэд тэргүүлэгчээр тус тус ажилладаг юм.

Categories
мэдээ нийгэм

Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгаас дөрвөлжин булш, чулуун байгууламж илрүүлжээ

Академич Д.Цэвээндоржоор удирдуулсан судалгааны багийнхан 2017 онд хийсэн ажлынхаа тайланг гаргажээ.

“Монголын эртний түүхийг хүн, малын ясны судалгаагаар тодруулах нь” сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 16 сумдын 10 гаруй багийн нутаг дэвсгэрт хайгуулын ажил хийснээс гадна Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Майхан уулын шинэ чулуун зэвсгийн дурсгалт газарт бэсрэг хэмжээний малтлага явуулж, түүвэр олдвор цуглуулжээ.

Судалгааны ангийн зорилго нь Монголын зүүн бүс нутгийн шинэ чулуун зэвсгээс хүрэл, төмрийн түрүү үеийг хүртэлх ил бууц, суурин, булш оршуулгын дурсгалт газрыг шинээр илрүүлэх, өмнө бүртгэгдсэн дурсгалуудыг нягтлан судлах юм.
Судалгааны ажлын үр дүнд шинэ чулуун зэвсгийн үеийн хэд хэдэн дурсгалт газрыг дахин нягтлан үзэж тэдгээр газруудад судалгааг явуулж, 7 дурсгалт газраас нийт 75 ширхэг олдвор хэрэглэгдэхүүн түүвэрлэн, чулуун зэвсгийн олдворуудыг лабораторийн судалгаанд оруулж, холбогдох баримтжуулалтыг хийгээд байгаа юм байна.
Хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох хиргисүүрийн тархалтын хүрээг судлаачид Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Дэлгэрхаан уул хэмээн тэмдэглэснийг тус судалгааны ангийн хайгуул судалгааны ажлын үр дүнд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Гүрэмийн нуурын хойно орших Дэлгэр-Овоо уул гэдгийг тогтоожээ.

Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт хийсэн хайгуул судалгааны үр дүнд өмнө тэмдэглэгдээгүй 6 дөрвөлжин булш, 1 чулуун байгууламж илрүүлэн олж баримтжуулсан байна.

Дээрх сэдэвт ажлын хүрээнд хийгдсэн хайгуул судалгаа нь цаашид Монголын зүүн бүс нутагт явагдах шинэ чулуун зэвсгээс хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны ажлын үндсэн эх хэрэглэгдэхүүн болж байгаагаараа чухал ач холбогдолтой аж.

Categories
мэдээ улс-төр

Шон О’Фарелыг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарелыг өнөөдөр (2018.04.30) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

Үүний дараа Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нарын уулзалт эхэлсэн.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн хоёр улсын парламентын тэргүүн нар Монгол Улсын Их Хурал, Ирланд Улсын Парламентын Доод танхим хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурна.

Монгол Улс Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хувьцаагаа барьцаалж зээл авах боломж бүрджээ

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Туушин зочид буудлын хурлын танхимд болж байна. Хурлаар тус компанийн 2017 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулж, ТУЗ-ийн гишүүдийг сонгох юм. Эдүгээ Ард санхүүгийн нэгдлийн хувьцааг 3000 гаруй хүн эзэмшиж буй аж.

Ард санхүүгийн нэгдэлд Ард даатгал, Ард кредит ББСБ, Ард секьюритиз Үнэт цаасны компани зэрэг 12 охин компани үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн онд Ард санхүүгийн нэгдлийн нийт хөрөнгө 39,4 тэрбум төгрөгөөс 49,7 тэрбум төгрөгт хүрч, 64 хувийн өсөлт үзүүлжээ. Нэгж хувьцааных нь ханш 20 хувиар өсч, 2955 төгрөгөөр үнэлэгдэж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан гол шийдвэр нь Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж буй “Жинст Увс” компанитай нэгдэх асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжигдлээ. Ингэснээр Ард Санхүүгийн Нэгдэл нь 1000 төгрөгийн үнэтэй 28 614 263 ширхэг хувьцаатай болж байна.

“ЖИНСТ УВС” ХК, “АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ”-ТЭЙ НЭГДЛЭЭ

Энэ хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна. Энэ тухай Ард санхүүгийн нэгдэл компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг ярихдаа: .“Манай компанийн хувьд өнөөдөр түүхэн шийдвэр гаргахаар хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг олон нийтэд нээлттэй хийж буйгаараа онцлогтой юм. Хувьцаа эзэмшигч гээд хэдэн хүн ирж суудаг хаалттай байдлаар явдаг жишгийг халж байна Энэ жишиг олон компанид үлгэр жишээ болно гэдэгт найдаж байна. 70-80 хувийн ирцтэй хурлаа хийж байна. Ард санхүүгийн нэгдэл, Хөрөнгө оруулагч үндэстэн ХК 3000 хувьцаа эзэмшигчтэй. 3000 хувьцаа эзэмшигчийг энэ жил 30 мянга болгох зорилт тавиад байна. Цаашлаад 300 мянга, гурван саяулаа хувьцаа эзэмшигч болох боломжтой гэж харж байна. Хоёр жилийн өмнө дэвшүүлсэн хөрөнгө оруулагч үндэстэн гэсэн зорилт руугаа бид дахин нэг алхам урагшиллаа. Хөрөнгийн биржид хувьцаа нь эрэлттэй байгаа Жинст Увс компанитай бид нэгдлээ. Ингэснээр 28 сая гаруй хувьцааг арилжих нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан үед хувьцаа эзэмшигч хувьцааг эргэлтэд оруулж, зээл авах боломжийг бүрдүүллээ. Мөн Грэйп сити компанийн “Моst Money” үйлчилгээгээр дамжуулан ArdPay шинэ аппликэйшнийг гаргалаа.Үүгээр дамжуулж иргэд төлбөр тооцоогоо гар утаснаасаа хийх бүрэн боломжтой болж байгаа юм. Тодруулбал хиймэл оюун ухааныг ашиглаж шууд зээл олгох, кредит карт орлуулах бизнесийг санал болгож байна. Gopay гэдэг нь криптовалютын Монголын үндэсний дотооддоо хийсэн аппликейшн юм. “Gopay” аппликейшнээр дамжуулж биткойноор чөлөөтэй төлбөр тооцоо хийх боломжийг олгож буйгаараа онцлогтой”гэлээ

Ард Кредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг: “Хөрөнгийн бирж сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Олон нийт хувьцаанд хөрөнгө оруулах нь өгөөжтэй гэдгийг ойлгож эхэллээ. Хөрөнгийн зах зээл үүнийгээ дагаад хөгжиж байна. Бидэнд юу ажиглагдсан бэ гэхээр хувьцаа авчихаад хувьцааны үнэ өстөл зармааргүй, эсвэл ногдол ашгаа авахаа хүлээх сонирхол байдаг. 3000 гаруй хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа барьцаалж зээл авах боломжийг бүрдүүлэх хүсэлтийг илэрхийлсний үр дүн өнөөдөр гарлаа. Хамгийн гол нь ArdPay шинэ аппликэйшнийг ашигласнаар зээлийн судалгаа, банкинд дугаарлах, бичиг цаас бүрдүүлэх шаардлагагүй болно гэсэн үг. Хувьцаагаа бүртгүүлээд, өргөдлөө өгөөд л таны зээл бүтнэ. Маш бага хүүтэй зээл олгох юм. Зөвхөн Ард санхүүгийн нэгдэл, Жинст Увс ХК-ийн хувьцаа гэлтгүй Хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП-20-т багтах компаниудыг хувьцааг барьцаалж зээл авах боломжтой” хэмээв

Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Маркетинг эрхэлсэн захирал Б.Тамир: Хувьцаанаас өгөөж авах хоёр арга зам байдаг. Ногдол ашиг, Хувьцааны үнийн өсөлт. Ихэнх хүн түгээмэл байдлаар ойлгож, ногдол ашиг нь бэлэн мөнгөөр ирдэг учраас ногдол ашиг авах нь гол өгөөж гэдэг. Эдийн засгийн тооцооллыг харвал ногдол ашиг нь хувьцааны үнийн өсөлттэй харьцуулбал 1 хувийг л эзэлдэг. Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж энэ удаад ногдол ашиг тараахгүй гэсэн шийдвэр гаргасан. Учир нь бид хийсэн ашгаа компаниа илүү өргөжүүлэх үүднээс компанидаа буцааж зарцуулахаар болж байна. Өнгөрсөн 13 жилийн өмнө манай нэгж хувьцааны үнэлгээ 100 төгрөгөөс эхэлсэн. Харин өнөөдөр 290 дахин өсч 2912 төгрөгөөр үнэлэгдэж байна. Бид маш сайн өсөлтийг бий болгож чадсан. Компанийн засаглалаа хувьцаат компани дэлхийн нийтийн жишгээр ямар байх ёстой тэр хэмжээнд хүргэж, үйл ажиллагаагаа ил тод болгосон.” гэлээ.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Хөрөнгө оруулагч үндэстэн” ХК “Жинст Увс” ХК-тай нэгдсэнтэй холбоотой төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг дахин сонгох юм байна.

Үдээс хойшхи хуралдаанаар “Грэйп Сити” ХХК-ийн ерөнхий захирал А.Сүхдорж “Дэвшилтэт технологи санхүүгийн салбарт амжилттай хэрэгжих боломжтой вэ?” сэдвээр компанийнхаа туршлага дээр тулгуурлан илтгэл тавьж, Most money үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийх юм байна.

Түүнчлэн хуралд оролцож буй хувьцаа эзэмшигчдийнхээ тав тухыг хангах үүднээс бага насны хүүхдүүдийг харах үйлчилгээг хүртэл зэхжээ.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмч нарыг “үйлдвэрлэдэг” АШУҮИС-ийн нэг өдөр

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Цагаан халатаар жигдэрсэн оюутны их өргөөнөө нэг өдөр өнжив. Өдгөө Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь бүрэлдэхүүний долоо, салбар гурван сургуультай, 12 мянга гаруй оюутантай, эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц улсын сургууль юм. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын дүр төрхийг тодорхойлсон 76 жилийн түүхтэй тус их сургуулийн сургалтын чанар, зорилго, ололт амжилтын талаар сурвалжиллаа. Шавийн эрдэм багшаас гэдэг шиг анагаахын салбарт хамгийн чухал нь сайн багш. Анзаараад харвал эмч болгон багштай, багш минь тэр, багшаасаа би ингэж суралцаад гэж бахархана. Анагаахын сургуулийн багш үндсэн гурван үүргийг гүйцэтгэснээр багш хэмээх эрхэм алдрыг хүлээдэг аж. Нэгдүгээрт, сургалтын үйл ажиллагаа буюу хичээлээ заана. Хоёрдугаарт, мэргэжлийн үйл ажиллагаа буюу өвчтөн үзэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулна. Гуравдугаарт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил зайлшгүй хийнэ. Ийм гурван үндсэн шаардлагын дор АШУҮИС-ийн 600 гаруй багш нар ажилладаг. Удахгүй АШУҮИС-ийн сургалтын Монгол-Япон эмнэлэг ашиглалтад орох тул бэлтгэл ажил гээд жинхэнэ бужигнаж байна аа. Манай улс анх удаагаа их сургуулийн эмнэлэгтэй болж байгаа нь түүхэн үйл явдал юм. Япон улс их сургуулийн 56 эмнэлэгтэй бол Солонгос улс 42 эмнэлэгтэй байдаг. Их сургууль дэргэдээ эмнэлэгтэй байх нь маш олон давуу талтай. Тухайлбал, Их сургуулийн эмнэлэгт шилдэг профессорууд, эмч нар, эрдэмтэн судлаачид ажиллаж, анагаах ухааны шинэ мэдлэг, технологийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт судалгаанууд хийгдэхийн зэрэгцээ үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг чадавхжуулан бэлтгэх юм.

Эрүүл мэндийн салбарын хөгжилд маш том ахиц гарна гэсэн үг. Өнгөрсөн 76 жилийн хугацаанд АШУҮИС улсын төв эмнэлгүүд, төрөлжсөн үндэсний ба бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн зарим томоохон эмнэлгүүдийг түшиглэн сургалтаа явуулж иржээ. Их сургуулийн дэргэдэх эмнэлэгтэй болох тухай төсөл санаачилга анх 2010 оны үед гарч, Японы Засгийн газраас их сургуулийн дэргэдэх сургалтын эмнэлэг байгуулах төслийг 2013 онд дэмжжээ. Ийнхүү Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар эмнэлгийн барилгыг барьж өгөхийн зэрэгцээ орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж байна. Хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай эмнэлэг барихад нийтдээ 220 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдсаны 180 орчим тэрбум төгрөг нь Японы Засгийн газраас, 10 орчим тэрбум төгрөг нь АШУҮИС-иас, үлдсэн 20-30 тэрбум төгрөг нь манай улсын Засгийн газраас гарч байгаа аж. Их сургуулийн дэргэдэх эмнэлгээс гадна өөрсдийн хөрөнгө оруулалтаар Анагаах ухааны сургууль, Монгол уламжлалт анагаах ухааны 80-100 ортой эмнэлгийг бариад дуусч байгаа юм байна.

Баянзүрх дүүрэгт баригдаж буй их сургуулийн хотхон руугаа 2020 он буюу хоёрхон жилийн дараа нүүж, хотын төвд байгаа олон барилгуудаа төрдөө хүлээлгэн өгнө гэдгээ тус сургуулийнхан зарлаад байгаа билээ. Энэхүү уламжлалт анагаах ухааны эмнэлэгт спортын гэмтлийн сэргээн засах Монголын анхны төв байгуулагдах сайн мэдээ байна. Ирэх аравдугаар сараас эмнэлэг ажиллаж эхлэх учраас АШУҮИС-иас хэдийнээ тэнд ажиллах эмч, ажиллагсдаа сургаж бэлдээд эхэлжээ. Эмнэлэг ашиглалтад орохын өмнө бэлтгэл ажил хангах “Ашиглалтын өмнөх алба”-ыг байгуулсан бөгөөд ямар хүрээнд үйлчлэх вэ, хичнээн эмч, ажиллагсад ажиллах, ямар өвчнийг оношлох, эмчлэх вэ зэрэголон талын судалгааг явуулж байгаа юм байна. Саалиа хураахаар саваа бэлд гэгчээр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, улсын хэмжээнд үйлчлэх томоохон эмнэлэгтэй болж байгаа учраас тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард Япон руу дүрс оношилгооны компьютер томографи, ангиографи, соронзон резонанст томографи дээр ажиллах багш, техникч нараа явуулж, үйлдвэртэй нь танилцуулаад иржээ. Шинэ эмнэлгийн үйл ажиллагааг Япон менежмэнтээр явуулахаар төлөвлөж байгаагаа АШУҮИС-ийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал, дэд профессор Д.Зориг багш ярьсан. Тэрбээр их сургуулийн эмнэлэгтэй болсноор оюутнуудын хувьд сургалтын орчин эрс сайжирна. Тухайлбал, Япон менежментээр үйл ажиллагаагаа явуулах тус эмнэлэгт дадлагажих анагаахын оюутнууд Японд сурч байгаагаас ялгаагүй адил хэмжээний мэдлэг мэдээллийг тэндээс авах болно. Оюутан дадлагажина гэхээрээ шууд хүн дээр дадлага хийнэ гэсэн үг биш. Тухайлбал, нэг хичээл 20 хоног үргэлжилнэ гэхэд ядаж гурав хоног нь багш нараа дагаж эмнэлэг дээр нүдээр үзэж чихээрээ харж дадлагажина. Анагаах ухаанд төгсөлтийн дараахь сургалт буюу анагаахын боловсрол эзэмшсэний дараа дахиад хоёроос гурван жил резидент эмчээр суралцах үйл явцыг маш чухалд тооцдог. Дэлхийн их сургуулийн эмнэлгийн тогтолцоонд шилжин орох үйл явцын ард бидэнд хийх ажил бичиг цааснаасааэхлээд хүнээ сургах гэх мэт олон ажил байна гэж ярив. Сонирхуулахад, мөдхөн ашиглалтад орох гэж буй Монгол, Япон сургалтын эмнэлэг, Монгол анагаах ухааны эмнэлэгт цаасгүй технологи буюу эмнэлгийн удирдлага, бүртгэл мэдээллийн тогтолцоог цахим хэлбэрээр нэвтрүүлэхээр “MED IT” компани систем хөгжүүлэлтийн ажлыг хийгээд дуусах гэж байгаа аж. Анагаахын сургууль дээр биднийг сурвалжлагаар явж байх үед БНСУ-ын Ионсей их сургуулийн зочин профессор Ёон Мүн Чаэ, эмч Хан Ен Хүнь нар дэд захирал Д.Зоригтой уулзаж ярилцан эмнэлгийн мэдээллийн системийг хөгжүүлэх, цаасгүй эмнэлэг болоход юу хэрэгтэй, юу дутуу байгаа талаар ажлын хэсгийн санал хуваалцаж байхтай нь таарсан юм. АШУҮИС өөрсдийн санал санаачилгаар төсөл хэрэгжүүлж хотын зах руу оюутны хотхоны анхны жишиг болж нүүх гэж байгаа талаараа “Бид 2024 хүртэлх хөгжлийн бодлогоо гаргаж тавьсан. Тогтвортой урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу ажиллаж байгаа учраас бидний ажил төлөвлөснөөр урагшилж байна” гэж тайлбарласан.

АШУҮИС захирал, дөрвөн дэд захиралтай. Удирдлагын баг долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж, өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа дүгнэхийн зэрэгцээгээр энэ долоо хоногт хийх ажлаа яг таг хуваарилдаг тогтсон уламжлалтай аж.

АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Мөнхбат сургуулийн эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлогын тухай ярихдаа “АШУҮИС эрдэмтэн багш нараа чадавхжуулах, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөр, инноваци, шинэ технологийг нутагшуулах ажлыг дэмжин ажилладаг. Судалгаа шинжилгээний ажлын чанарыг сайжруулах гол хөшүүрэг нь судалгааны сайн лаборатори байдаг. Эрдэм шинжилгээ, судалгааны орчныг эрс шинэчлэх зорилгоор хамгийн сүүлийн үеийн шилдэг дэвшилтэт технологи бүхий орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Цөм лаборатори байгуулсан. 2017 онд анагаахын салбарт ихээхэн хэрэглэгддэг эсийн фенотип тодорхойлдог эс тоологч ХБНГУын “MACS Quant Analyzer 10” багажийг суурилуулсан гэх мэтээр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багажтай байхыг зорьж байна” гэв. АШУҮИС дотроо “Шинжлэх ухаан, технологийг дэмжих сан” байгуулж эрдэмтэн, багш нарынхаа судалгааны төслүүдийг санхүүжүүлэх болжээ. Анх 2015 онд 500 сая төгрөгийг сандаа төвлөрүүлж эрдэм шинжилгээний дөрвөн төслийг санхүүжүүлж байсан бол жил бүр нэмэгдэн явсаар энэ 2018 онд нэг тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Ингэж судлаач багш нараа дэмжсэнээр тэдний урам зориг нэмэгдэж, сайн судалгаанууд хийгдэж, гадны хэвлэлд нийтлүүлсэн өгүүллийн тоо нь олширсон. Өнгөрсөн долоо хоногт АШУҮИС-ийн эрдэм шинжилгээний долоо хоног болж өнгөрсөн бөгөөд “Монголын Анагаахын шинжлэх ухааны Эрдмийн чуулганНэгэн жаран” арга хэмжээ болжээ. Тус сургууль жил бүр Эрдмийн чуулганаа зохион байгуулж тухайн жилд шинэлэг бүтээл, санаачилга, үр дүнтэй амжилттай ажилласан судалгааны баг, багш, судлаач нараа шалгаруулж, урамшуулан дэмждэг аж. Энэ жилийн тухайд салбар хуралдааны шилдэг илтгэлүүдэд шагнал гардуулан, АНУын Дэвис дэх Калифорнийн их сургуультай хамтарсан төслийн тэтгэлгийн батламж олгож, Томсон Ройтерсийн индекс бүхий олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн багш нараа мөнгөн урамшууллаар шагнажээ. АШУҮИС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн багш О.Саранчулуун багштай уулзахад “Манай сургуулийн нүдэнд харагдахгүй нэгэн соёл байдаг. Сургуульд ажиллаж, багшилж байгаа хүмүүсээ дандаа сургаж, боловсруулахыг чармайдаг. Би жишээлбэл, гадаадын хоёр ч их сургуульд суралцаж магистр хамгаалсан. Одоо гадны их сургуульд докторантаар суралцаж байна. Эрдмийн ажлыг дэмжиж, хичээлийн хуваарьт нь зохицуулалт хийж өгөх жишээтэй” гэж ярьсан.

АШУҮИС нь жилээс жилд гадаадын их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээгээ өргөжүүлэн, гадаадын их сургуульд докторантурт суралцах боломжийг улам нэмэгдүүлсээр байна. Зөвхөн 2018 онд Японы “Жичи”, “Доккио”, “Тохоку”, “Шига” их сургуулиудад шинээр найман багш докторантурт суралцахаар явжээ. Хамтарсан судалгааны төсөл боловсруулан хэрэгжүүлэх, докторын дараахь судалгааг дэмжин хамтын ажиллагааны шинэ түвшинд хүргэх, хөгжүүлэх талаар онцгой анхаарч, тухайлбал Японы “Жичи”гийн анагаах ухааны сургуульд хоёр доктор докторын дараахь судалгаанд үргэлжлүүлэн хамрагджээ. Европын холбооны “The Eras­mus Programme”ийн хүрээнд Испанийн “Universidad de Las Palmas de Gran Canar­ia” их сургуультай хамтран Монголын Анагаахын шинжлэх ухааны судалгаа, инновацийн чадавхыг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн гэх мэт гадаад харилцааны мэдээллүүд арвин их. Өнөөгийн байдлаар АШУҮИС нь 17 орны 85 их, дээд сургууль болон нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Оюутнуудын хувьд мөн суралцах идэвх, чадварыг дэмжих хандлагыг чухалчилдаг тухай багш нар ярьж байв. Анагаахын оюутнуудын хувьд академик соёлыг тээсэн газар гэдэг нь анзаарагдсан. Бас хүний харилцааны талаас нь оюутнуудаа ихээхэн бэлтгэдэг юм байна. Өдөр тутам өмсдөг халатаа цэвэрхэн сайхан өмсч сурах соёлоос эхлээд усны стандарт саванд ус уухыг шаардах, охидын хумсыг урт ургуулахгүй, тод өнгөөр будуулахгүй, цээжнээс дөрвөн хуруу дээшээ задгай хувцас өмсгөхгүй байх, хүний анхаарлыг татсан ээмэг, гоёл зүүхгүй байх гэх мэт шаардлагыг оюутнууддаа тавьдаг гэдэг нь сонирхолтой санагдсан. АШУҮИСийн тавдугаар курсийн оюутан Н.Цогтсайхантай уулзахад “Манай сургууль онолын өндөр мэдлэгтэй сайн эмч болж төгсгөхөөсөө гадна хүнийг хүн болгож төгсгөдөг юм болов уу гэж би хувьдаа боддог. Яагаад вэ гэвэл оюутнуудыг нэгдүгээр курсээс нь эхлээд төгстөл нь хүнтэй зөв боловсон харьцах ёстой, хувцаслалтаасаа эхлээд зөв байх ёстой гэх зэргээр харилцааны соёл, ёс суртахууныг заадаг болохоор бусад сургуулиас үүгээрээ эрс ялгарна. Хүнийг энэрэх сэтгэлийг оюутан байхаас нь суулгаж өгөхийг зорьдог. Хүнд тусалж дэмжиж яваарай. Хүний төлөө сэтгэлтэй байгаарай гэдгийг байнга захиж сургадаг. Манай багш нар “Чи нэг бол улаан нойл байх, нэг бол 100 хувь сурах ёстой” гэж хэлдэг. Хүнийг дутуу эмчлэх тухай ойлголт нэгэнт байж болохгүй учраас анхнаасаа мэргэжлээ бүрэн дүүрэн эзэмшсэн сайн мэргэжилтэн болж төгсөх ёстой гэж үздэг” гэж ярив. Тэрээр ярихдаа оюутнуудад сургуулийн захирлын тэтгэлгийг жилд хоёр удаа олгодог болсноос хойш оюутнуудын суралцах идэвх сэргэж, эрдэм шинжилгээний ажилд оролцож, улмаар шилдэг сайн оюутнууд маань сургалтын төлбөрөө бүрэн төлөх бололцоо ч бүрдсэн талаар ярив. Тус сургуулийн оюутнуудтай уулзаж эмч мэргэжлийн жаргал, зовлонгийн талаар ярилцаж суухад “Зургаан жил эхлээд суралцдаг. Хэдийгээр төгсөөд эрүүл мэндийн байгууллагад ерөнхий мэргэжлийн эмчээр сум, өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд ажилладаг ч төгсөгчид маань мэргэжлээ улам гүнзгийрүүлэн суралцаж үндсэн болон цаашилбал төрөлжсөн мэргэжлийг эзэмших хүсэлтэй байдаг. Тэгэхийн тулд эхлээд үндсэн мэргэжлийн эмч болох сургалт буюу резидент эмч хоёр жил хийнэ. Ингэхдээ цалин авдаггүй. Найман жил суралцсаны дараагаар сая л үндсэн мэргэжлээр ажил хийх эрх нээгдэх ч улсын шатлалын эмнэлэгт магистрийн зэрэггүй бол ажиллах бололцоогүй. Ингээд дахиад хоёр жилийн хугацаанд магистрт суралцана. Үндсэндээ арван жил суралцаж байж эмч гэдэг эрхэм алдар нэрийг хүлээдэг гэж ярьцгаасан. Олон жил суралцах нь оюутан бидэнд сэтгэл санааны болон санхүү мөнгөний хувьд “хүнд” тусах ч эмч болно гэсэн чин хүсэл эрмэлзлийн дэргэд энэ бол ялихгүй зүйл юм” гэж хэлээд инээлдэцгээж байсан юм.

АШУҮИСийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Н.Сүмбэрзул “Манай их сургууль баялаг түүхтэй, сургалтыг явуулах өөрийн дэг жаягтай, үндэсний тэргүүлэх их сургуулиудын нэг. Монгол эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд үнэлэгдэж буй жишээ олныг дурдаж болно. Нөгөө талаар гадаадын олон орны эмч нар манай улсад ирж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үйлчлүүлэгчид маань даяаршиж буй энэ үед бидний төгсгөн гаргаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн маань дэлхийн түвшинд ажиллах мэдлэг, ур чадвар, хандлагатай байх ёстой гэсэн шаардлагыг бид өөрсдийн сургалтад тавин ажиллаж байна. Манай анагаахын буюу бидний хэлж заншсанаар хүний их эмч бэлтгэх хөтөлбөр маань бүсийн болон олон улсын түвшинд хэд хэдэн удаа хөндлөнгийн үнэлгээ хийлгэж байсан бөгөөд саяхан 2022 он хүртэл Европын холбооны дээд боловсролын олон улсын магадлан итгэмжлэлийн АSIIN гэдэг байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. Ингэснээр төгсөгчид маань Хойд Америк төдийгүй Европын холбоонд очоод шууд лицензийн шалгалтад орох нь эрх нь нээгдсэн. Одоо АШУҮИС-ийн хамт олон Ази, Номхон Далайн Баруун бүсийн анагаахын шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилт тавин ажиллаж байгаа. Дэлхий нийтэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ухаалаг төхөөрөмж маш хүчтэй нэвтэрч байгаа учраас төгсөгч тухайн мэргэжлээрээ өндөр мэдлэгтэй байхаас гадна дижитал технологийн маш өндөр мэдлэгтэй байх шаардлагатай болсон. Дижитал төхөөрөмж нэвтэрчихээр эмнэлгийн үйлчилгээ, сургалт цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч байна. Өнөөдөр АНУд байгаа эмч мэс заслын Да Винчи технологийг ашиглан Японд байгаа үйлчлүүлэгчид мэс заслын тусламж үзүүлэх хэмжээнд ухаалаг технологи хөгжсөн. Үүнийг бид нэвтрүүлэх ёстой. Манай улсын мэргэжилтнүүд өдөр болгон хөгжиж, тасралтгүй төгөлдөршиж, шинэ мэдээллийг авч, түүнийгээ ур чадвар болгож хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхгүй бол хоцрогдчих гээд байна. Энэ үүднээс тэр тусмаа их сургуулиудад тасралтгүй инноваци явагдах нь чухал. Энэ нь гагцхүү судалгаанд л суурилна. Тиймээс их сургуулиуд судалгааг хөгжүүлэхээс аргагүй юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй баг нь олон мэргэжлийн, олон үндэсний, олон соёлтой, олон хэлтэй болох явц нэмэгдэж байгаатай холбоотой төгсөгчид маань мэргэжлийн өндөр ур чадвараас гадна багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, бусдын соёл зан заншлыг ойлгон хүндэтгэх, гадаад хэлний чадвартай байх нь наад захын шаардлага болон тавигдаж байна.

“Шавийн эрдэм багшаас” гэсэн мэргэн үг байдаг. АШУҮИС өөрийн багш нарын чадавхыг бэхжүүлэх олон талт арга хэмжээг сургууль, тэнхимээр дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд ялангуяа сурган заах арга зүй, анагаах ухааны боловсролын талаарх сургалт, судалгааг багшийн хөгжлийн төвөөр дамжуулан хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр БСШУСЯ-ны “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд дорвитой олон үйл ажиллагаа явуулсны нэг нь Харвардын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй анагаахын багш нарыг чадавхжуулах “Т2Т” хөтөлбөр юм. Үүнээс өмнө мөн Солонгосын Койка байгууллагын дэмжлэгээр багш нарын чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрийг сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр, АНУын Калгарийн их сургуультай хамтран мастер багш бэлтгэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн” гэж ярив.

АШУҮИС багш нарынхаа үнэлгээг оноогоор жилд дүгнэдэг аж. Жишээлбэл, заасан хичээлээс гадна мэргэжлийн үйл ажиллагааны оноо буюу эмчээр ажиллах, эрдэм шинжилгээ судалгаа, төсөл, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, хурал, илтгэлд оролцсон байдал гэх зэргээр тус бүрийн оролцоог нь оноожуулан багшийн гүйцэтгэх үүргийг цогцоор нь үнэлдэг байна. Ингэж ажил, санаачилга, хандлага бүрийг оноожуулаад өгөхөөр багш нар юу хийх ёстой вэ гэдгээ маш сайн мэддэг. Тэгээд оноо нь чамлалттай тохиолдол гарлаа гэхэд хэзээ ч чи үүнийг хийсэнгүй гэж зэмлэхгүй бөгөөд “Үүнийг хийлгэхийн тулд бид танд яаж тусалж дэмжих вэ?” гэж асуудаг гэнэ.

Ийнхүү АШУҮИСийн баг хамт олон Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт анхдагч болсон олон ажлуудыг хийж байна. Хөгжлөөрөө тэргүүлж буй Австрали, Сингапур, Малайз, БНСУ, Хонконг зэрэг 37 улсын 5000 гаруй их, дээд сургуулиудтай өрсөлдөж эхний 100д багтаж орно гэдэг бол амаргүй, маш их хөдөлмөр шаардах ч бид өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэл төгс байна гэж тус сургуулийнхан хэтийн зорилгынхоо тухай ярьж байна. Сургуулийн багш, ажиллагсад оюутан хэнээс нь ч “Танай сургуулийн эрхэм зорилго юу вэ?” гэж асуухад “Бүсийн шилдэг сургууль болно” гэж хариулна байх гэж ярьцгаасан. Нээрээ л тус хамт олон зорилгоо зөв тодорхойлж, зөв менежмэнтээр гадны ололт дэвшлийг авахаар урагшилж буй нь тодорхой харагдсан.