Categories
мэдээ улс-төр

Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хурал Женевт болж байна

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Швейцарь Улсын Женев хотноо болж буй Олон улсын парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд Монголын парламентыг төлөөлөн оролцож байна. Хуралд дэлхийн 70 орчим парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нар хүрэлцэн иржээ.

Энэ удаагийн хуралдаан “Парламент ба Засгийн газар” хэмээх үндсэн сэдвийн дор явагдаж байгаа юм. Оролцогсод парламентын үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулалтыг хангах чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллах, Төрийн албан дахь анти-парламент буюу парламентыг эсэргүүцэх хандлага болон ёс зүйн асуудал, Засгийн газрыг бүрдүүлэхэд гүйцэтгэх парламентын үүрэг, Гүйцэтгэх засаглалыг хянан шалгах парламентын үүрэг, үйл ажиллагаа зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд өөрийн орны холбогдох хууль, тогтоомж болон хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг явуулж байна.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хуралдаан, хэлэлцүүлэгт оролцож, УИХ-ын үйл ажиллагааны онцлог, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудын талаар танилцуулж, туршлага солилцохын зэрэгцээ хоёр талын уулзалтууд хийж байна.

Тэрбээр эхний уулзалтаа БНСУ-ын Үндэсний ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Сон Гунтай хийв. Ноён Ким Сон Гун 2018 оны хоёрдугаар сард энэ албан тушаалдаа шинээр томилогдсон юм. Уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон УИХ-ын Тамгын газарт хэрэгжүүлсэн “Цахим парламент” төслийг санхүүжүүлж, техник, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэнд БНСУ-ын талд талархал илэрхийлэв. Төслийн хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны болон Байнгын хороодын хуралдааны танхимуудын программ хангамж, дуу, дүрсний системийг шинэчлэн тоноглосноор хуралдаанаар хэлэлцэж буй асуудлыг олон нийтэд нээлттэй, шуурхай хүргэх, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад томоохон дэвшил гарсныг онцлов.

Хоёр тал цаашид хоёр орны парламент, түүн дотроо Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо.

Дараа нь Швейцарийн Холбооны Улсын Парламентын доод танхим буюу Үндэсний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Филип Швабтай уулзлаа. Энэ үеэр парламент хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгааг дурдаад, цаашид энэхүү эрчийг сааруулалгүй, улам өргөжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэв. Түүнчлэн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг Швейцарийн Холбооны Улсад туршлага судлах чиглэлээр үргэлжлүүлэн явуулахаар тохиров.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн сонсголын тухай хууль орон нутагт сайн хэрэгжиж байна

Нийтийн сонсголын тухай хууль зурган илэрцүүд

УИХ Нийтийн сонсголын тухай хуулийг 2015 онд баталсан. Улмаар 2016 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ хууль хэрэгжиж эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Гэвч энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим журмыг одоо болтол батлаагүй байна. Нээлттэй нийгэм форум энэ хуулийн дагуу төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, нутгийн удирдлагын байгууллагуудад орон нутагтаа сонсгол зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэг олгож хамтран ажиллаж байна. Үүний дагуу Нийтийн сонсголын тухай хуулийг үндэслэн анх удаа Говь-Алтай аймагт төр, төрийн бус байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцуулан зохион байгуулжээ. Мөн Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд, Завхан, Дорнод аймаг, Багануур дүүрэгт иргэний нийгмийн байгууллагууд нутгийн удирдлагын байгууллагуудтайгаа хамтран нийтийн сонсгол зохион байгуулжээ. Нийтийн сонсгол зохион байгуулсан дээрх аймаг, дүүргийн төлөөлөгчдийг оролцуулсан туршлага солилцох уулзалтыг Нээлттэй нийгэм форум энэ сарын 28, 29-нд зохион байгуулж байна. Иргэдийн идэвхи санаачилга их байгаа ч Нийтийн сонсголын тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим журмыг Засгийн газар батлахгүй байгааг уулзалтад оролцогчид шүүлжилж байлаа. Хэдийгээр нарийвчилсан журам нь батлагдаагүй ч орон нутагт хуулийнхаа ерөнхий шаардлагыг баримтлан нийтийн сонсгол зохион байгуулж байгаа ажээ. Харин Улаанбаатар хотод Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжихгүй байгааг онцолж байлаа. Тухайлбал, Утааны эсрэг аав, ээжүүд төрийн бус байгуулагынхан нийтийн сонсгол хамтран зохион байгуулахаар төрийн байгууллагуудад хандсан боловч бүгдээс нь татгалзсан хариу авчээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар, Танжинь хоттой хамтран ажиллана

Улаанбаатар, Танжинь хоттой хамтран ажилланаНИТХ-ын дарга С.Амарсайханы урилгаар БНСУ-ын Танжинь хотын ИТХ-ын дарга Иэ Жон Ёон тэргүүтэй төлөөлөгчид Нийслэл хотод хүрэлцэн ирснийг өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхантай хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар НИТХ-ын С.Амарсайхан Нийслэл хотын талаарх ерөнхий танилцуулгыг хэлж, Танжинь хотын ИТХ-ын дарга, дэд дарга, иргэдийн хурлын төлөөлөгчдийн хамтаар бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод айлчилж байгаад талархал илэрхийлээд, Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудлуудыг бид хамтын ажиллагаатай хотуудын дэмжлэг болон харилцан үр ашигтай хамтарч ажиллах байдлаар шийдвэрлэхийг зорьж байна. Энэ хүрээнд та бүхэнтэй бид бүх талаар хамтран ажиллах болсонд баяртай байна” гэлээ.

БНСУ-ын Танжинь хотын ИТХ-ын дарга Иэ Жон Ёон “НИТХ-ын дарга С.Амарсайханы урилгаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэндээ талархаж байгаагаа илэрхийлээд, Танжинь хотын хувьд 1.7 сая хүн амтай, 14 дүүргээс сонгогдсон 12 төлөөлөгчтэйгээр Иргэдийн хурлын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ удаа Улаанбаатарт ирэхдээ бид 12 төлөөлөгчийнхөө 5 төлөөлөгчид болох ИТХ дэх хороодын дарга нарыг дагуулж ирсэн. Бид 3 хоногийн хугацаатай Улаанбаатар хотод айлчилж байна. Энэ хугацаанд тантай уулзаж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах, Улаанбаатар хотын хөгжил дэвшилтэй биечлэн танилцах, цаашид ямар чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой байна гэдгийг судлах зорилготой. Танжинь хот бол ХАА-н салбар түлхүү хөгжсөн бүс нутаг, мөн далайн боомттой хотын хувьд бараа материал тээвэрлэх чиглэлээр улс орнуудтай хамтран ажилладаг. Энэ боомтоор дамжин зүүн өмнөд Ази, Япон, Вьетнам, Гонконг, тэр байтугай Европын улс орнууд руу ачаа тээвэрлэлт хийдэг. Солонгосын Хьюндай группийн төмөрлөгийн үйлдвэр манай хотод байрладаг. Танжинь хотод Монгол улсаас цөөнгүй оюутнууд их дээд сургуульд сурдагийн зэрэгцээгээр олон монголчууд гэрээгээр ажилладаг. Манай Танжинь хотын ИТХ-ын зүгээс эдгээр монголчуудад боломжтой бүх хэлбэрээр дэмжиж туслах болно гэдгээ энэ дашрамд илэрхийлье. НИТХ-ын дарга С.Амарсайхан таныг болон ИТХ-ын төлөөлөгчид та бүхнийг боломжтой үедээ манай Танжинь хотод айлчлаарай гэж албан ёсоор урих байна” гэв.

Уулзалтын төгсгөлд Улаанбаатар, Танжинь хоёр хотын ИТХ-ын дарга нар худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, нутгийн удирдлагын чиглэлээр хамтран ажиллах, мөн хоёр хотын төр засгийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг харилцан туршлага солилцуулах, боловсрол соёл, нийгмийн салбарын харилцааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ нийгэм

Швейцарийн прокурорууд: “Оюутолгой”-г тойрсон авлигын хэргээр “Рио тинто”-г шалгаагүй

ЗурагМонголын зэс, алтны “Оюутолгой” төслийг тойрсон авлигын хэргийг Швейцарийн прокурорууд шалгаж байгаа бөгөөд тэдний мөрдөн шалгалт нь төслийг хэрэгжүүлэгч Англи-Австралийн “Рио Тинто” групп руу шууд чиглээгүй ажээ гэж Лондон хотод төвтэй “Financial Times” сонин мэдээлжээ.

“Financial Times” сониныхон энэ дуулианы талаар тодруулга авахаар Швейцарийн Ерөнхий прокурорын газар руу захидал илгээсэн байна. Хариу захидалд “Бидний шалгалт “Рио Тинто” руу шууд чиглээгүй” гэжээ.

Авлигын мөнгийг шилжүүлэхэд ашигласан байж болзошгүй дансуудыг Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын /АТГ/ хүсэлтийн дагуу Швейцарийн прокурорууд битүүмжилж, хэргийг мөрдөн шалгаж байгаа юм.

2009 онд “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээний үеэр “холбогдох албаны хүмүүс эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй” учир шалгаж байна гэсэн мэдээллийг Монголын АТГ-аас хүлээн авснаа “Туркойз Хилл Ресурс” энэ сарын эхээр мэдэгдсэн юм. “Оюутолгой”-н гэрээг байгуулах үед “Рио Тинто” нь тухайн үед “Айвенхоу Майнз” гэсэн нэртэй байсанТуркойз Хилл Ресурс”-ын хувьцааны 10 хувийг эзэмшдэг байжээ. Харин одоо “Рио Тинто” нь “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны 51 хувийг эзэмшиж байгаа юм.

“Рио Тинто”-гийн хамгийн чухал төслүүдийн нэг гэгддэг “Оюутолгой” орд нь 2025-2030 он гэхэд жилд 560 мянган тонн зэс олборлохыг зорьж байна.

Швейцарийн прокурорууд “Оюутолгой”-г тойрсон авлигын хэрэгтэй холбогдуулан “Рио Тинто”-г шалгаагүй гэх энэ мэдээ нь Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанид нэг ч гэсэн дуулианаас салахад “тус” болж магадгүй. Учир нь тус компанийг Африкийн нүүрс, төмрийн хүдрийн томоохон төслүүдтэй холбоотойгоор АНУ болон Их Британийн холбогдох байгууллагууд одоо шалгаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Нийл Сакер: Засгийн газраас төсвийн зарлагыг үр ашигтай болгох тал дээр анхаарах шаардлагатай

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өчигдөр Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь үнэлгээг хэлэлцэж баталсан. Үүнтэй холбогдуулан ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийл Сакер мэдээлэл хийлээ. Тэрээр “Захирлуудын зөвлөлийн гишүүд хөтөлбөрийн хэрэгжилт дээр сэтгэл хангалуун байгаа. Үнэлгээг баталснаар дараагийн санхүүжилт олгогдох үүд хаалга нээгдлээ. Эдийн засаг бидний тооцоолж байснаас хамаагүй эрчимтэй сэргэж, өндөр өсөлттэй гарч байна. Монгол Улсын гадаад валютын нөөц ч эрчимтэй нэмэгдэж одоогийн байдлаар гурван тэрбум ам.доллар боллоо. Засгийн газраас өнгөрсөн нэг жилийн хугацаанд шийдвэртэй арга хэмжээ авсны үндсэн дээр ийм үр дүн гарлаа. Нэгэнт эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас Засгийн газар цаашид урт хугацааны тогтвортой бодлогодоо анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ утгаараа хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн бүтцийн шинэчлэлийн арга хэмжээнүүд илүү ач холбогдолтой болж байна. Бүтцийн шинэчлэлийн хүрээнд татварын орчныг таатай болгож, их хэмжээний татварын орлого цуглуулдаг тогтолцоо рүү шилжих зорилт дэвшүүлж байгаа. Эдийн засаг сэргэхтэй зэрэгцээд төсвийн орлого ч нэмэгдэж байна. Тэгэхээр Засгийн газраас төсвийн зарлагыг үр ашигтай болгох тал дээр анхаарах шаардлагатай. Санхүүгийн салбарт банкууд эдийн засгийн өсөлтийг дэмжиж байх хэрэгтэй. Үүнээс гадна олгож буй зээл нь бага хүүтэй, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг дэмжсэн байвал эдийн засагт тустай” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Барилгын арматур төмрийг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй гэв

Холбоотой Зураг

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос арматур төмрийн эрэлт, нийлүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

2017 онд барилгын гол арматур төмрийг импортоор худалдан авахад 110 сая долларыг зарцуулсан аж. Арматур төмрийн үнэ өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар өссөн байна.

Энэ онд барилгын бүтээн байгуулалтын ажил их хийгдэнэ. Тиймээс дотооддоо арматур үйлдвэрлэхэд Засгийн газраас анхаарах хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Манай улс зах зээлийн арматур хэрэглээний 30 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Дотоодын үйлдвэрүүдийн арматур төмрийн үнэ импортын төмрөөс харьцангуй хямд байдаг байна. Зах зээл дээр нэг тонн арматурын үнэ сая 500 мянган төгрөг байхад, дотоодын үйлдвэрүүдэд сая орчим төгрөгийн үнэтэй байдаг аж.

Төр засгийн хэмжээнд ган төмрийн үйлдвэрлэлийг дэмжиж санхүүжилт, зээл тусламж үзүүлж үйлдвэрүүдийг томсгох тал дээр анхаарах хэрэгтэйг тэд онцлов. Арматур төмөр барилга барихад чухал нөлөөтэй бөгөөд барилга байгууламжийн 40 орчим хувийг бүрдүүлдэг байна.

Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн, Удирдах зөвлөлийн гишүүн Монгол Улсын зөвлөх инженер Р.Бямбадорж “2014 онд улс орны эдийн засаг тогтвортой байсан. Тус онд 333 мянган тонн барилгын арматур төмөр хэрэглэсэн. Үүний 270 гаруй тонныг импортоор авч 70 орчим тонныг дотооддоо үйлдвэрлэсэн. Энэ нь Монгол Улс зах зээлийн 30 хүрэхгүй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг гэсэн үг. Үлдсэн 60-70 хувийг импортоор авч байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд барилгын арматур төмрийн хэрэгцээ, нийлүүлэлт багассан. Монголд арматур төмрийн 14 үйлдвэр ажилладаг. Энэхүү үйлдвэрүүд зах зээлийн хэрэгцээний 30 орчим хувийг эзэлж байна гэсэн үг юм.

2018 оноос эхлэн зах зээл дээр арматурын хомсдол үүссэн. Арматурын үнэ огцом өссөн. Барилгын гол материалын үнэ хэлбэлзэлтэй байгаа нь барилгын үнэ бага багаар буурч байгаа энэ үед сөрөг үр дагавар авч ирж байна” гэв

Categories
гадаад мэдээ

Мүн Жэ Ин, Ким Чен Ун нарын дээд хэмжээний уулзалт IV сарын 27-нд болно

Image result for korea

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмжээний уулзалт IV сарын 27-нд болохоор болсон тухай “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжонд өндөр албаны хүмүүс дээд хэмжээний хэлэлцээ хийхдээ удирдагчдын уулзалт хийх өдрийг албан ёсоор товлосон гэнэ. Уг дээд хэмжээний уулзалтыг мөн Панмүнжонд хийх юм байна. Хэрэв энэ уулзалт амжилттай болбол тус хоёр улсын түүхэн дэх гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт шүлхий гарсан эсэхийг эцсийн байдлаар тогтоогоогүй байна

ЗурагНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шүлхий өвчин гарсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Энэ талаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга М.Адилбишээс тодруулахад, “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нэг өрхийн үхэрт шүлхийтэй төстэй өвчний шинж тэмдэг илэрсэн. Одоогоор тус хэсэгт түр хугацааны хорио цээр тогтоож, шинж тэмдэг илэрсэн үхэрнээс дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит хүргүүлээд байна. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа. Тиймээс шүлхий гарсан гэж хэлэх боломжгүй. Олон нийтийн сүлжээгээр Булган аймгаас ачиж ирсэн мал шүлхийтэй байсан гэсэн мэдээлэл тархсан. Одоогоор тухайн хэсэгт тандалт судалгааны ажил явуулж байна. Шинжилгээний хариу өнөөдөр орой эцсийн байдлаар гарна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хамтарсан багийн гишүүд хүүхдийн эрхийг зөрчсөн 176 баримт илрүүлжээ

ЗурагЯпоны Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр ХНХЯ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) хамтран Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 6 хороо, Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэбулган суманд хэрэгжүүлсэн “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хаалтын зөвлөлгөөн өнөөдөр боллоо.

Гурван жилийн хугацаанд хэрэгжсэн энэхүү төслийн үр шимийг нийт 9 сум, баг, хорооны 28 мянга 637 хүүхэд хүртсэн гэсэн тооцооллыг төслийн баг гаргажээ. Төслийн хүрээнд дээрх хороо, сумдад гэр бүл, хүүхэд хамгааллийн үйлчилгээ үзүүлэх хамтарсан баг байгуулж, чадавжууулан, олон нийтэд хүүхэд хамгааллын талаар ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Төсөлд хамарсан сум, баг, хорооны хамтарсан багийн 165 гишүүн өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийг зөрчсөн 176 баримтыг илрүүлж, 204 хүүхэд, гэр бүлд зөвлөгөө өгчээ.
Мөн олон нийтийн дунд хүүхэд хамгааллын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд хүмүүжлийн эерэг аргын цуврал сургалтад 221 эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулжээ. Тухайлбал, эцэг эхчүүдэд зориулж хүүхдийн нас насны онцлог, түүнд тохируулсан аргаар хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх тухай “Аав ээжийн ном” нь 2017 онд ГБХЗХГ-ын “Эерэг Өөрчлөлт” цом хүртжээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Даваасүрэн: Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрх дуусахаар АТГ-т өгч шалгуулна

ЗурагУИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрх болон бусад асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сард дуусах бөгөөд хугацаа нь дуусмагц АТГ-т өгч шалгуулна хэмээн мэдэгдлээ. Энэ талаар “Д.Сугар намайг өөрийнх нь нэр төрд халдлаа гэж Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан юм байна билээ. Анх 2014 оноос МИАТ-ийн хэргээр ЦЕГ-аар шалгагдаж байгаад АТГ руу шилжээд, АТГ-аас Цэц, УИХ-д энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Гэтэл ийм хүн Үндсэн хуулийн Цэцэд суугаад байж болохгүй шүү дээ. Яагаад энэ хүн ийм олон хэрэгт холбогдон, шалгагдаж байсан хэрнээ санаа зовохгүй байгааг гайхаж байна. Санаа зовохгүй байна гэдэг нь энэ хүний мөн чанарыг харуулж байна. Д.Сугар шиг хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Ирэх тавдугаар сард энэ хүний бүрэн эрхийн хугацаа дуусна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар АТГ-т хандаж шалгуулна. Прокурор энэ хүний хэргийг хаасан юм юм билээ. Тиймээс энэ асуудлаар Ерөнхийлөгчид хандана” гэсэн юм.