Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр Төрийн тэргүүн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, хүлээлгэж өгөв.

Энэ төлөвлөгөө нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын энэ чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажлын анхны нэгдсэн төлөвлөгөө юм байна. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар ҮАБЗ-д улирал тутам танилцуулж ажиллахыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхэд үүрэг болгов.

Categories
мэдээ нийгэм

Гамшгийн үеийн “Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль”-ийг амжилттай гүйцэтгэлээ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/41, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/72 дугаар захирамжийн дагуу болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хүн ам, эд хөрөнгө, байгаль орчныг гамшиг ослын аюулаас авран хамгаалах, сэргээн босгох арга ажиллагаанд төрийн болон аж ахуй нэгж, байгууллага, мэргэжлийн анги, ажилтан, албан хаагчид, иргэдийг сурган дадлагажуулах зорилгоор “Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.

2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны аж ахуйн нэгж, айл өрхийн нийт 514 иргэнийг 5 цэгээс “Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль”-ийг гүйцэтгэсэн юм. “Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба” буюу нийслэлийн Тээврийн газар нь нийтийн тээврийн 10 том оврын автобус, холбогдох техник, хэрэгслийг хамруулав.

Тус дадлага сургуулийг “Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба”-ны бүрэлдэхүүн буюу Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа болон холбогдох нэгжийн дарга нар амжилттай үүргээ биелүүлж оролцлоо гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хоёр талын уулзалтууд хийлээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Монгол Улсын парламентын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганы үеэр нэгдсэн хэлэлцүүлэг, хурлуудад оролцохын зэрэгцээ гадаад орнуудын зочид, төлөөлөгчидтэй хоёр талын ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Британийн парламентын Лордын танхимын дэд дарга, хатагтай Глориа Хүүпер тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Мөн хоёр талын парламентын харилцааг бэхжүүлэхэд харилцан айлчлал чухал ач холбогдолтой бөгөөд тэдгээр нь зөвхөн институц хооронд төдийгүй парламентын гишүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцахад чухал ач холбогдолтой гэв.

Британийн Лордын танхимын дэд дарга, хатагтай Глориа Хүүпер “Британийн парламентын гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 11 дүгээр сард Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Британийн парламент Монголын талаас дэвшүүлсэн аливаа саналыг дэмжиж ажиллах болно” гэлээ.

Түүнчлэн БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ри Жун Хёг-тай хийсэн уулзалтаар Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г идэвхжүүлэх асуудлыг хөндсөн бол, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга Пётр Олегович Толстойтой уулзах үеэр энэ оны зургаадугаар сард ОХУ-ын Москва хотноо болох Олон улсын парламентчдын дээд хэмжээний уулзалтад Монголын парламентчид оролцохыг урив.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Б.Саранчимэг нар БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чин Ёнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээрх хоёр орны хүчин чармайлтыг дэмжих, Монгол-Солонгосын хооронд зорчих жуулчдын тоо тасралтгүй нэмэгдэж байгааг харгалзан нислэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцсан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг өргөн барилаа

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг өнөөдөр /2018.03.30/ өргөн барив.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн дагуу тус комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, уг илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан ийнхүү Улсын Их Хуралд өргөн барьдаг юм.

Энэ удаагийн ээлжит илтгэлийг “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх: Байгаль орчны хууль, тогтоомжийн хэрэгжилт ба иргэдийн оролцоо”, “Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал”, “Хохирол нөхөн төлүүлэх эрхийн зарим асуудал”, “Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, “Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт” гэсэн таван үндсэн сэдвийн хүрээнд боловсруулж, УИХ-аас шийдвэр гаргуулах 16 санал дэвшүүлсэн байна.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Хүний эрхийн асуудал бол улс орнуудын үйл ажиллагааг дүгнэдэг чухал үзүүлэлт юм” гээд манай улсын Засгийн газар 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 129 зөвлөмж авсны 126-г нь хэрэгжүүлж ирсэн. Одоо 156 зөвлөмжийг хэрэгжүүлж, 2019 онд тайлагнах ёстой. Бид жилийн дараа цаасан дээр илтгэл бичихийн тулд биш, явцад нь хэрэгжилтийг нь хянаж, холбогдох асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулахын тулд санал дэвшүүлсэн гэж онцлон тэмдэглэлээ гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Хэмнэе, гамная дэвтэр”-ийг хэрэглээнд нэвтрүүлнэ

Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад орчны бохирдлоос урдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах сэдвээр цуврал сургалтыг 3 дугаар сараас эхлэн зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн дэвтрийн хавтсанд ногоон амьдралын хэв маяг, эрчим хүч, дулаан, ус хэмнэх, орчны бохирдлоос сэргийлэх талаар ойлголт өгөх энгийн ойлгомжтой зурагт мэдээллийг оруулж, сурагчдын хэрэглээнд гаргахаар боллоо.

Хүүхэд багачууд өдөр тутам хэрэглэдэг дэвтрээр нь дамжуулан байгаль орчноо хайрлах, байгалийн шавхагдах нөөц баялагийг хэмнэлттэй хэрэглэж сурах дадалтай болгоход энэхүү “Хэмнэе, гамная дэвтэр”–ийн ач холбогдол оршиж байна.

Энэхүү санаачилгыг Таван богд группийн Улаанбаатар принт хэвлэх үйлдвэр дэмжин оролцохоо илэрхийлж, 2018 оны 9 дүгээр сараас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулж “Хэмнэе, гамная дэвтэр”-ийг хэрэглээнд нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар болов гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“The MongolZ” Ази болон Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Зураг

ESL Proleague-ын Ази болон Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ “The MongolZ” баг авч чадсан байна.

Хятадын бүсийн сонгон шалгаруулалт нэрийн дор зохион байгуулсан урьдчилсан шатны тэмцээнд Солонгосын“MVP.PK”, Монголын “The MongolZ” багууд хоёр дараалан ялалт байгуулснаар дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болжээ.

“The MongolZ” багийн хувьд 23 дараалсан хар цувралынхаа дараа бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт оруулсан нь ийнхүү үр дүнгээ өгсөн байна.

Тэд ирэх дөрөвдүгээр сарын 20-22-нд Австралийн Сидней хотод Ази, Австрали, Далайн орнуудын шилдэг багуудтай өрсөлдөх юм. Тус тэмцээнд тэргүүлж чадвал ESL Proleague-ын эцсийн шатанд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхтэй болно. Манай “The MongolZ” багийн бүрэлдэхүүнд: MaaRaa, ncl, Tsogoo, Temka4wow, hang4u гэсэн нэр бүхий залуус багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Налайхчууд гамшгийн үеийн зарлан мэдээлэх дуут дохиогоор цугларлаа

Аливаа гамшиг бэрхшээл хэлж ирдэггүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшигт байнгын бэлэн байх, иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах мэдлэг, мэдээлэл өгөх үүднээс Засгийн газрын тогтоолоор жил бүр зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулдаг. Эхний дохиогоор “суу, нуугд, хүлээ” зарчмаар хатуу зүйл, ширээний дор нуугдах бол 2 дахь дохиогоор “гүйхгүй, түлхэхгүй, буцахгүй, ярихгүй” зарчмыг баримтлан баруун гараа барьж барилга, байгууламжаас гарна.

Налайх дүүргийн хувьд Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд, олон нийт, 60 гаруй байгууллагын ажилтан, албан хаагчид түр цугларах 7 цэгт шилжин байршиж дадлага сургуульд идэвхитэй оролцлоо.

Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, холбогдох мэргэжлийн ангиуд хамтран Налайх дүүрэгт байрлах Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд гал түймрийг унтраах, аврах ажиллагааны хамтарсан тактикийн сургуулийг зохион байгууллаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчид сертификатаа гардан авлаа

Удирдлагын академийн эрдэмтэн, багш нар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн харьяа байгууллагуудын албан хаагчдын дунд төрийн албаны мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор 32 цагийн сертификат олгох сургалтыг анх удаа ажлын байрнаас нь хөндийрүүлэлгүйгээр тус албан дээр зохион байгууллаа. Сургалтад 62 төрийн албан хаагч хамрагдаж сертификатаа гардан авч, үргэлжлүүлэн 3 албан хаагчийг магистрын ангид суралцуулахаар болов.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нь Удирдлагын академид багшилж докторын зэргээ тус сургуульд хамгаалж байсан төрийн захиргааны шилдэг менежерүүдийн нэг ажээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“КАМЕРЖУУЛАЛТ” болзолт уралдаан эхэллээ

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Цагдаагийн газраас хамтран нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааныг 2018 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай зарлаж байна.

Өнгөрсөн онд зохион байгуулсан “Камержуулалт” болзолт уралдаанд нийслэлийн 152 хороо, 270 гаруй сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэд идэвхтэй оролцож гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд 534.0 сая төгрөгийн 2211 камер шинээр суурилуулжээ.

Энэ удаагийн болзолт уралдаанд дүүрэг, хороо, сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэдээс гадна аж ахуйн нэгж байгууллага оролцох боломжтойгоороо онцлог юм.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МУГХУСАЗЗ, НИТХ, Нийслэлийн цагдаагийн газрын вэб сайт, фэйсбүүк хуудас болон 9910-9382 дугаараас тодруулах боломжтой гэж нийслэлийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эл Би брокерэж ХХК-ийн 2017 оны аудитлагдсан тайлан