Categories
мэдээ нийгэм

“Цайз газрын эзэмшигчдийн эко хотхон” байгуулах 5 талт гэрээнд гарын үсэг зурлаа

НИТХ-ын 14 дугаар хуралдаанаар Улаанбаатар хотын орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцэж баталсан. Тус хөтөлбөрийг 9 зорилтийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр нийт 55,557 өрхийн орон сууцны бүтээн байгуулалтын ажил бий болох юм.

“Нийслэлийн орон сууц дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн 6 дугаар зорилтод заасны дагуу иргэдийн оролцоотойгоор газар дахин зохион байгуулах, ашиглалтыг сайжруулах, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцны хорооллыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор ““Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ Баянзүрх дүүргийн 19-р хороонд “Цайз газрын эзэмшигчдийн эко хотхон” байгуулах 5 талт хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Уг санамж бичигт:

  • “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ захирал Б.Сүхбаатар
  • GIZ-ийн бүс нутгийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захирал Рут Эрлбек
  • “Эрэл ХХК-“ ийн гүйцэтгэх захирал Э.Жаргалан
  • “Ариг банк”-ны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү
  • Цайз газрын эздийн Эко хотхон хоршоо-ны тэргүүн Ш.Буянжаргал нар гарын үсэг зурлаа.

Санамж бичигт оролцогч талуудын хувьд GIZ Хотын Нэксус төсөл – Эко хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулах, ус, эрчим хүчний хэмнэлтийн зөвлөгөө өгөх ба иргэдийн бүлэгт зөвлөх үйлчилгээ үзүүлж, “ЭРЭЛ” ХХК нь өндөр чанарын эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн орон сууцны барилга угсралтын ажил, “Ариг банк” нь өрхийн санхүүгийн чадамжийг тодорхойлж төлбөрийн чадварт нийцсэн ногоон зээлийн бүтээгдэхүүн боловсруулан санал болгох юм. Харин “Цайз газрын эздийн Эко хотхон хоршоо” нь газраа хувь нийлүүлж төслийн бэлтгэл ажил болон хэрэгжилтэнд бүх талаар дэмжлэг үзүүлж Эко хотхон төсөлд өөрийн хөрөнгөөр хувь нийлүүлэн оролцоно.

Төслийн байршилд 12 га газарт буюу 180 нэгж талбарт иргэд нэгдэж, нэгдсэн зохион байгуулалтанд орж, газраа хувь нийлүүлэх зорилгоор “Цайз газрын эздийн Эко хотхон хоршоо”-г байгуулсан юм. Иргэд өөрсдийн газраа хувь нийлүүлэх байдлаар амьдрах орчноо сайжруулахын тулд нэгдсэн зохион байгуулалтанд орж хүчин чармайлт гаргаж байгаа нь цаашид төсөл амжилттай хэрэгжих үндсэн суурь нөхцөл болж байгаа гэдгийг санамж бичиг байгуулах ажлын явцад “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын захирал Б.Сүхбаатар онцоллоо.

Одоогоор тус төслийн Техник, эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/ болон хөрөнгө оруулалтын тооцооллын ажил явагдаж байгаа бөгөөд энэ оны 7 дугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт”-ийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.03.30) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн танилцуулгыг өргөн барилаа.

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг яам холбогдох агентлагуудаас авч нэгтгэн, үнэлгээ хийж, 2017 оны байдлаар нэгтгэн танилцуулж байгаа аж.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны байдлаар 44.6 хувьтай гарчээ.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлогоор нь авч үзвэл:

ØЭдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого-53.9 хувь

ØЭдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого-39.8 хувь

ØНийгмийн бодлого-46 хувь

ØБайгаль орчин, ногоон хөгжлийн бодлого-41.2 хувь

ØЗасаглалын бодлого-47.2 хувьтай гарсан байна.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа тулсан өр, төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк, санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамж үзүүлэх, хууль сахиулах байгууллагуудын болон төрийн албаны тогтвортой байдлыг хангах зорилгоор эрх зүйн орчныг шинэчлэх, сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллажээ. 2017 оны статистикийн дүнгээр эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрч, төсвийн алдагдал 2 дахин буурсан, инфляци 6.9 хувь, ажилгүйдлийн түвшин 7.3 хувьтай, гадаад валютын албан нөөц 3 тэрбум доллар, гадаадын хөрөнгө оруулалт 1.3 тэрбум доллар болж өссөн зэрэг эерэг өөрчлөлтүүд манай улсын эдийн засагт гарсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“АЛТАН ЧАГНУУР”-ын эзэд тодорлоо


Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, МЭМАҮЭХ хамтран “Алтан Чагнуур”-ын эздийг тодрууллаа.

Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, улс эх орныхоо эрүүл мэндийг авран хамгаалагч, эрдэнэт хүний амь нас эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэж, ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгддэг эмч нараа урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал юм.

Шагналд нийслэл болоод хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нэр дэвшсэн байна.

“АЛТАН ЧАГНУУР”-ын эзэн болсон эмч нар:

ДОТОР СУДЛАЛ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн эрхлэгч Очирхүүгийн Баярмаа

ХАВДАР СУДЛАЛ

Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын клиникийн толгой хүзүүний тасгийн эрхлэгч Гүндсамбын Пүрэвдорж

ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨВЧИН СУДЛАЛ

Нийслэлийн амгалан амаржих газрын төрөх тасгийн эрхлэгч Хишигжаргалын Цэцэгдэлгэр

МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ СУДЛАЛ

Улсын гуравдугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Жамъянлодойн Ганбаатар

ӨРХ, СУМЫН ЭРҮҮЛ МЭНД

Архангай аймгийн Өгийнуур сумын эрүүл мэндийн төвийн их эмч Дашбалбарын Галбадрах

СЭТГЭЦ, МЭДРЭЛ СУДЛАЛ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Дашдоржын Энхтуяа

ХҮҮХДИЙН ӨВЧИН СУДЛАЛ

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн хүүхэд өсвөр үеийн их эмч Мөнхөөгийн Цэвээн

ГЭМТЭЛ, МЭС ЗАСАЛ СУДЛАЛ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэрх үе, судлал, үе сэргээх төвийн эрхлэгч Майдарын Отгонбаяр

ХАЛДВАРТ, СҮРЬЕЭ СУДЛАЛ

Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Рэгзэнгийн Эрдэнэбилэг

ДҮРС ОНОШЛОГОО, ЛАБОРАТОРИ СУДЛАЛ

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторийн тасгийн эрхлэгч Нямдоржын Цэрэнбүжид

НҮҮР АМ, НҮД, ЧИХ ХАМАР ХООЛОЙ СУДЛАЛ

Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Пүрэвсүрэнгийн Цэцэгням

АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛ

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хүүхдийн тасгийн эрхлэгч Гомбын Дашиймаа

Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Энэ жилийн хувьд бусдаасаа онцлогтой жил болж байна. Бид 2017 онд олон зорилт тавьж ажилласны дотроос долоон өвчнийг эх орондоо эмчилнэ гэсэн зорилтыг хэрэгжүүлээд байна. Үүнд мэдрэл, мэс засал, үргүйдэл, хүүхэд, эмэгтэйчүүд гэх мэт чиглэлүүд багтсан. Бид эмчилж чаддаг боллоо. Үүнд эдгээр эмч нарын үүрэг их байлаа. Эмч мэргэжилтнүүдээ багаар нь өндөр хөгжилтэй оронд сургаж байгаа. Эх орондоо эдгээр өвчнийг эмчилж чаддаг болсноор иргэдийн гадагшаа урсах мөнгөн хөрөнгө багасч, санхүүгийн дарамтнаас бага ч болов гаргаж байна хэмээн бодож байна” гэв.

Энэ үеэр “АЛТАН ЧАГНУУР”-ын эзэн Архангай аймгийн Өгийнуур сумын эрүүл мэндийн төвийн их эмч Д. Галбадрах “Би 30 гаруй жил эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Анагаах ухааны их сургуулийг төгсөөд хөдөө орон нутагт очиж ажилласан. Эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилтийг цаг алдалгүй иргэддээ үзүүлснээр өнөөдрийн энэ амжилтад хүрлээ. Энэ хүндтэй шагналыг авсандаа баяртай байна. Анагаах ухааны салбар нь нотолгоонд суурилж хүн амд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Яамныхаа зорилгыг анхан шатныхаа нэгжид хэрэгжүүлэхийн тулд лабораторийн 30 гаруй шинжилгээг орон нутагтаа хийж байна. Сүүлийн үеийн ЭХО аппаратыг олон улсын байгууллагатай хамтран сумандаа ажиллуулж байна. Нярайн шарлалтыг эмчилж эхэлснээр одоогоор 120 гаруй хүүхдийг эрүүл саруул болгон гэр бүлд нь аз жаргал нэмсэндээ баяртай байна” гэв.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдөр (2018.03.30) нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хаврын улирал эхэлснээс хойш томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч, нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүсэлт ирсний дагуу ийнхүү ажиллаж байна гэж Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн юм.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны талаар тус төвийн дарга Ц.Лхагва танилцуулсан. Хүүхдийн тасаг нийт 75 ор, зургаан их эмч, арван сувилагчтай ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн хүүхдийн тасагт 133 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 90 хувийг 6 сартайгаас 3 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Их ачааллын улмаас мэдрэлийн тасаг, хөнгөвчлөх эмчилгээний өрөөнүүдэд 58 ор нэмж эх, хүүхдүүдийг хүлээн авч байгаа гэж тэрбээр ярилаа. Мөн эмнэлгийн зориулалтын бус байранд, нэгдсэн агааржуулалтын системгүй, зай талбай муу байгаагийн улмаас өвчтэй хүүхэд хэвтүүлэн эмчлэх орчин нөхцөл бүрдэхгүй байна гэж хэлж байлаа.

Түүнчлэн хүүхдийн эмч, сувилагчийн хүртээмж дутагдалтай байгааг онцолсон. Уг нь долоон хүүхдэд нэг сувилагч ногдох ёстой атал өнөөдөр 25-40 хүүхдийн дунд нэг сувилагч ажиллаж байгаа аж.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Бид зөвхөн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах бус, энд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор ирсэн. Иймээс ачаалал ихтэй байгаа дүүргийн Эрүүл мэндийн төвийн өвчтөнүүдийг бусад ачаалал бага байгаа дүүргүүд рүү шилжүүлэх, эмч, сувилагчийн хүртээмжийг сайжруулах асуудлыг Эрүүл мэндийн сайдад уламжилж, шийдвэрлэх гарцыг хайх болно” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

“Ирээдүйн мистер-2018” тэмцээнд 108 тамирчин оролцоно

Зураг

Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилго бүхий “Ирээдүйн мистер-2018” тэмцээн маргааш буюу энэ сарын 31-нд Соёлын төв өргөөнд болно.

Уг тэмцээнийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар (НЗХГ), Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо хамтран 22 дахь удаагаа зохион байгуулж буй юм. НЗХГ-ын дарга С.Сүх-Очир “Тус тэмцээнд одоогоор Улаанбаатар хотын есөн дүүрэг, Дорнод, Дундговь, Төв, Сэлэнгэ, Дархан, Баянхонгор аймгийн 31 клубын нийт 108 тамирчин оролцохоор бүртгүүлээд байна. “Ирээдүйн мистер” тэмцээнд олон улс, тив, дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс шагнал авч байгаагүй залуу тамирчдыг оролцуулдаг онцлогтой. Тэмцээн 10 ангилалтай. Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах бөгөөд жингийн аваргын төлөө өрсөлдөх болно” гэв.

Тэмцээн маргааш 15.00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Африк, Афганистаны араас орж турк сургуулиудыг хаах уу?

Өнгөрсөн долоо хоногт болсон Монгол Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааны үеэр БНТУ-ын багийг ахлан ирсэн тус улсын Шадар сайд Хакан Чавушолу манай Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзахдаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудыг тус улсад хүлээлгэн өгөхийг хүссэн билээ. Тэд одоогоос жил гаруйн өмнө Ерөнхийлөгч Т.Эрдоганы эсрэг гарсан төрийн эргэлтийг зохион байгуулагчдын нэг Фетулла Гуленыг турк сургуулиудтай холбоотой, тэд санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлсэн гэж харддаг учраас дэлхийн өнцөг буланд байгаа ийм сургуулиудыг хаах, төрийн мэдлийн “Маариф сан”-даа авахаар оролдох болсон. Манайд ч ийм хандлагыг жил орчмын өмнөөс гаргаж, төр засгийн хэмжээнд шахалт үзүүлж ирсэн ч Монгол улс аль нэг газраас харьяат бус, намууд нь хоорондоо эв түнжингүй ч ардчилал гэдгийг яс махандаа мэдэрсэн улс учраас тэдний тавиад байгаа шаардлагыг ойлгоогүй юм. Угаасаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиуд бол манайд бүртгэлтэй хувийн аж ахуйн нэгжүүд. Үүнийг Засгийн газар ямар ч шийдвэр гаргаад өөр улсын төрийн мэдэлд өгөх боломжгүй. Тэгээд ч сүүлийн хорь гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, манай олон залууст чанартай боловсрол олгож ирсэн хувь хүний эзэмшлийг тухайн улс орны дотоод байдал асуудалтай боллоо, шилжүүлнэ гэдэг энгийн ухаанд багтмааргүй. Гэхдээ л худал үгийг мянга давтахаар үнэн болно гэдэг шиг зөв мэдээлэл хангалттай очихгүй бол хүмүүс, төр засгийн хэмжээнд ч төөрч магадгүй л юм. Ямар сайндаа манай зарим нэг сайтад “Террорист сургуулиудыг хүлээлгэн өгөхийг шаардав” гэсэн гарчигтай мэдээлэл гарах вэ дээ. Туркийн Шадар сайд манайд үйл ажиллагаа явуулдаг сургуулиудыг ингэж нэрлэлээ гээд бид дагаж хошуураад байх шаардлагагүй. Монголд хаана ямар террорист сургуулиуд байгаа юм, энд тэгээд террористуудыг бэлтгэдэг хэрэг үү. Олон мянган сурагчид тэдний эцэг, эхчүүд зөвхөн тэд гэлтгүй нийгмээрээ энэ мэдээлэлд эмзэг хандах талтай. Хамгийн гол нь тийм биш гэдгийг мэдэж байгаа учраас төдийлөн сүйд болохгүй байгаа гэж ойлгож болно. Угаасаа дээрх сайтын мэдээний доор байгаа олон арван сэтгэгдлүүдээс манайхны энэ сургуулийн тухай ойлголт бат бөх, хэн яаж ч тархи угаасан хөдөлшгүй гэдэг нь харагдаж байна лээ.

Турк улс сүүлийн жилүүдэд олон улсад ихээхэн ойлгомжгүй байдалтай болчихоод байгаа нь үнэн. Европын орнууд, АНУ, ОХУ гээд ер нь олон улсын тавцанд ихээхэн ганцаардаж байгаа. Гэхдээ ардчилсан нээлттэй бодлого барихын оронд нэг хүний эрх мэдлийн төлөө бүх зүйлийг уландаа гишгэснээс олон улсад ийм байр суурьтай болсон талаар гадны хэвлэлүүд онцолж буй. Тиймээс бодлогоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эдийн засгийн хувьд асуудалтай, тусламж дэмжлэгийн сургаар аманд нь орчих газруудтай тулж ажиллах болсон. Турк сургуулиудыг өөрсдөд нь хүлээлгэн өгөх шаардлагыг нь америк, германчууд ердөө ч ойлгоогүй бөгөөд цөөн орнууд хүлээн авсан нь Африкийн голдуу орнууд. Судан, Чад, Нигер, Буркина Фасо, Сомали, Мали, Мавритан тэдний хүсэлтээр ийм сургуулиудыг хааж, харин Пакистан, Афганистан турк багш нарыг албадан гаргасан мэдээлэл байдаг. Ерөнхийдөө тусламж дэмжлэгээр шахалт үзүүлээд асуудлыг шийдчихсэн аж. Тэдгээр орнуудад “Сургуулиудыг бидний мэдэлд өгчих эсвэл хаачих нэг бол танайхан төрийн мэдэлдээ хураагаад авчих” гэсэн саналыг тавьж ятгадаг. Манайд ч гэсэн 300 сая ам.долларын тусламжийн зээлээ 350 сая болгоё, хүүгээ багасгаж, 15 жилийн хугацаагаа 18 болгоно, Засгийн газрын баталгаагаар биш, банк хоорондын зээллэгээр шийднэ гэж нөхцөлөө бууруулаад байгаа нь үүнтэй холбоотой. Гэхдээ ардчилсан улс оронд асуудал ингэж шийдэгддэггүй гэдгийг мэддэг баймаар юм. Эсвэл манайхыг эдийн засгийн хувьд хэцүүхэн байгаа гээд Африк, Афганистантай адил гэж бодов уу. Туркийн Засгийн газар үнэхээр сургууль байгуулмаар байгаа бол өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийгээд сургууль байгуулах боломж нь нээлттэй шүү дээ. Гэтэл түүний оронд байгааг нь татан буулга, шилжүүл гээд байгаа нь хүнлэг ардчилсан нийгмийн үзэл баримтлал гэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Манай турк сургуулийн дипломыг Туркт хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг зарласан. Гэхдээ энэ нь зөвхөн Туркт болохоос дэлхийн бусад улс орнуудад нөлөөлөхгүй. Ерээд оноос эхлээд сургалтын нарийн боловсруулсан хөтөлбөр нь амжилттай байсан учраас олон зуун турк багш нар дэлхийн улс орнуудад ийм сургуулиудыг хувиараа нээсэн юм билээ. АНУ-д гэхэд 200 гаруй турк сургууль бий. Манайд ч гэсэн турк, монгол хүмүүсийн хувийн хөрөнгөөр нээсэн болохоос Засгийн газраас нь ямар ч хөрөнгө ороогүй сургууль гэдгийг албаны хүн мэдэгдсэн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд Туркийн Засгийн газар олон жилийн турш улсынхаа хэл соёлыг түгээж ирсэн ийм сургуулиудад хатуурхах боллоо. Энэ нь тус улсад өрнөөд буй үйл явдалтай холбоотой. Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган 2016 оны долдугаар сард гарсан төрийн эргэлтийн дараагаас олон хүнийг хэлмэгдүүлэн хорьж, байгууллагуудыг хаах болсон. Төрийн эргэлт гэгдэх тэр хэргийн дараа Туркт 100 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, эздийг нь барьж хорьж, зарим нь улсдаа шилжүүлээд гадагшаа гарахаас аргагүй болсон гэгддэг. Боловсролтой, сэхээрэлтэй олон мянган хүн баривчлагдсан. Тэдний дунд багш нар олноор хоригджээ. Хамгийн гол нь тэр хүмүүс юуны учир буруудаад, яагаад төрийн эсрэг гэмтэн болсноо мэдэхгүй байдагт асуудал нь бий. Манайд ч хорь, гучин жилээр ажиллаж байгаа турк багш нарыг ийм хувь заяа хүлээж байж болох юм. Ерөнхийдөө дарангуйллаар хамгийн түрүүнд боловсролтой, сэхээрэлтэй хүмүүсийг дарж авч байж дараагийн алхмыг хийдэг гэдгийг бид 1937 оны өөрсдийнхөө түүхээсээ мэдэх хойно. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-аас Туркийг онцгой байдлаа цуцалж, гэм зэмгүй иргэдийг баривчлан, эрүүдэн шүүхээ зогсоо гэсэн шаардлагыг тавьсан нь энэ бүхэн хэрээс хэтрээд байсныг баталж байна.

Туркууд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Эмпати” сургуулиудыг хаах, эсвэл өөрсдийн төрийн мэдлийн санд шилжүүлж авахыг хүсч, террорист байгууллагуудтай холбоотой байж магад гэж мэдэгдсэний хариуд манай тал асуудлыг судлан үзэж, шаардлагатай арга хэмжээг авна гэж хариулсан байгаа. Авах арга хэмжээ нь зээлийн хэдэн цаасанд нь багтчихсан хариу гэхээсээ тусгаар улс, ардчилсан үнэт зүйлтэй орны албан ёсны хариу байна гэдэгт эргэлзэхгүй байна.

О.ТУЯА

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт цасан болон шороон шуурга шуурна

Зураг

Ирэх өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ихэнх сумдын нутгаар хур тунадас орж, цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Энэ сарын 31-нээс ирэх 04-р сарын 04-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар 30-31-нд шилжих шөнө нутгийн хойд хэсгээр ялимгүй бороо орно. Харин 31-1-нд шилжих шөнө ихэнх сумдын нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд ихэнх сумдын нутгаар хур тунадас орж цасан болон шороон шуурга шуурах ажээ. Харин бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/сек. Шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эдийн засаг нийгмийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа

Эдийн засаг нийгмийн өнөөгийн байдлын талаар нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү, Ахлах мэргэжилтэн Т.Алтансүх, Тээвэр, холбооны салбарын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Н.Байгалмаа нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.

2017 оны эцсийн байдлаар:

Улаанбаатар хотын хүн ам 1 сая 417.4, байнга оршин суугаа хүн амын хувьд 1 сая 462.9 мянга байгаа юм.

Нийслэлийн 386 мянга 218 өрхийн 44.3 хувь нь байшин хороололд, 55.5 хувь нь гэр хороололд амьдарч байна.

Нийслэлд 661 цэцэрлэг, 241 сургууль үйл ажиллагаа явуулдаг.

Нийслэлд шилжин ирэгсдийн тоо 2017 оны байдлаар 10.3 мянга байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 50 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм.

Нийслэлд 2017 онд 10 мянга 399 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 2 мянга 448 хос гэрлэлтээ цуцлуулжээ.

Улаанбаатар хотын нийт ААН-ийн тоо 2017 оны байдлаар 114 мянга 671 байна. Үүнээс үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн тоо 50 мянга 467 юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 мянга 314-өөр өссөн үзүүлэлт юм.Улаанбаатарт хөдөлмөрийн насны 901 мянга 122 хүн бий. Үүнээс 512.2 мянга нь ажилтай бол 41.4 мянга нь идэвхтэй ажил хайж байна гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

“Боловсрол ба хүмүүжил” сэдэвт хэлэлцүүлэг болов

“2017 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар боловсрол болоод хүмүүжил, боловсролын гүн ухааныг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ дагуу цуврал уулзалт, хэлэлцүүлэг эхэлж байна.

Монголын гэлтгүй аль ч нийгэм нь хүмүүсийн үнэт зүйлсийн нэгдэл байх ёстой байдаг. Хувь хүний үнэт зүйл хүүхдийн хүмүүжлээр дамжин бий болж, нийгмийн ёс суртахууныг тодорхойлдог. Улс орны ирээдүйг авч явах иргэдээ бэлтгэх нь аль ч төрийн бодлогын төвд байдаг зүйл. Үүний хамгийн чухал хэсэг нь боловсролын салбар байдаг. Ямар ч эцэг, эх үр хүүхдээ сайн хүн болоосой гэж хүсдэг мөртлөө түүнийгээ багш, сургуулийн орчинд найдаж, даатгадаг буруу зуршил манай улсад бий. Хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд мэдээж сургууль, багш анхаарал хандуулах ёстой ч эцэг, эхийн оролцоо заавал байх ёстой.

Үе үеийн Засгийн газрууд боловсролын салбарт боломжийн хэрээр их мөнгө төсөвлөж, зарцуулж ирсэн ч бодитой ахиц дэвшил, эерэг өөрчлөлтөд төдийлөн хүрэхгүй байгаа. Манай төсвийн нэг их наядаас дээш төгрөгийн төсөв авдаг цорын ганц салбар нь боловсролын салбар. Татвараар 6-7 их наяд төгрөгийн орлого олоод түүнийхээ нэг их наяд гаруй төгрөгийг боловсролын салбарт зарцуулдаг. Гэвч, үр дүн нь сайн биш байгаа. Шалтгаан нь зөвхөн мөнгөндөө бус боловсролын удирдлага, зохион байгуулалт нь улс төрийн сонгуулийн үр дүнгээс хамааралтайгаар өөрчлөгдөж, удаан хугацаанд тогтвортой явах боломжгүй байгаа гэж харж байна.

Харамсалтай нь өнөөгийн Монголын нийгэм, ёс суртахууны уруудал доройтолд орсныг гэрчлэх олон жишээ бий. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үүссэн нөхцөл байдлыг нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл гэж үзээд, олон нийтийн оролцоотой өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж, нийгмийг хамарсан ёс суртахууны хандлага төлөвшил, соён гэгээрлийн давалгаа бий болгох нь энэ асуудлыг шийдвэрлэх арга зам гэж харж байгаа.

Та бүхэн хүмүүжил, ёс суртахууны асуудал, цаашлаад сургалтын чанар, эцэг эхийн болон төрийн оролцооны талаар сайтар ярилцаж, боломжтой шийдэлд хүрээсэй гэж хүсэх байна. Би эхлээд төрийн гэж хэлэлгүй эцэг эхийн гэж хэлснийг та бүхэн анзаарч байгаа байх. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд хамгийн их үүрэгтэй шүү. Дараа нь боловсролын салбар. Нэг ийм гадаад үг байдаг. “Хүүхдийн хүмүүжлийг тосгоныхон бүгд хариуцдаг” гэж. Мөн “Муу бүхнийг өөрсдөө үйлдээд, цагийг муу хэмээх” гэсэн үгс бий. Бараг л Монголын нөхцөлд таарсан гэж хэлж болохоор үгс байна. Хүүхдийн хүмүүжил, нийгмийн ёс суртахуун бол хэн нэгэн рүү түлхэх асуудал биш, хүн бүрийн үүрэг хариуцлага, үйлдэл, үлгэр дуурайл юм гэдгийг сануулсан үгнүүд байгаа биз.

Өнөөдөр Монголд ёс суртахуунтай, эх оронч хүмүүжилтэй иргэд, зөв үлгэр дуурайл юу юунаас чухал болоод байна. Үүний төлөө нийгмээ оношлох, бодлого тодорхойлох, зөв шийдэл гаргах, эмчилж эрүүлжүүлэх цаг нь болжээ. Та бүхэнд амжилт хүсье” гэв.

Хэлэлцүүлгийн талаар нэмэлт мэдээлэл:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр 26 тоот захирамж гаргаж, “Монголын язгуур суртахуун, уламжлалт соёл, бусад орнуудын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг харьцуулан судлах, Монгол Улсын боловсролын гүн ухаан, үзэл баримтлалыг тодруулан оновчлох, асуудлын хүрээнд хэлэлцүүлэг, судалгааны ажлыг зохион байгуулан гүйцэтгэж, төрөөс хэрэгжүүлбэл зохих бодлогыг боловсруулан танилцуулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм.

Энэ ажлын хэсэг нь боловсролын бодлогын хөгжил, хэрэгжилт, тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу ард иргэдийн оролцоотойгоор судалж байгаа юм байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд боловсролын бодлогын хувьсгал хөгжил, хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг бусад орныхтой харьцуулан үзжээ.

Өнөөдрийн байдлаар Монголын боловсрол цаашид тогтвортой хөгжихүйн үндсийг тодруулан тодорхойлох ажлыг судалж байна. Энэ асуудлыг цаашид гүнзгийрүүлэн судалж, олон нийтийн санаа бодлыг тусгах шаардлагатай тул сонирхлын бүлгүүдийн оролцоог хангасан уулзалт, ярилцлага зохион байгуулж байгаа юм.

Цуврал хэлэлцүүлэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Иргэний танхим”-д эхэлж, “Боловсрол ба хүмүүжил” сэдвээр болсон нь энэ юм.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг залуу эмч нар тодорлоо

“Алтан гарт эмч шилдэг залуу эмч” шалгаруулах ёслол тусгаар тогнолын ордонд боллоо. Ёслолыг “Залуучуудын эрүүл мэндийн корпораци” зохион байгуулж “Интернэт маркетинг медиа”, “Эрин клиник эмнэлэг”, “Монос” груп, “М код” компаниуд дэмжин ажилласан юм.

Ёслолын үйл ажиллагааг удирдан явуулсан “Залуучуудын эрүүл мэндийн корпорацын захирал, Хүний эх эмч Ц.Буджавтай ярилцлаа.

-Олон улсын эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэе! Уг үйл ажиллагаа хэд дэх жилдээ болж байна. Энэ жилийн онцлог юу вэ?

-Баярлалаа. Энэ арга хэмжээ хоёр дах жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Олон улсын эмч нарын өдөртэй давхцан зохион байгуулж байгаараа онцлог цаашид энэхүү ёслолоо жил бүр уламжлал болгон зохион байгуулах бодолтой байгаа.

-Шилдэг залуу эмч нарыг ямар шалгуур үзүүлэлтээр сонгон авсан бэ?

-Дөчөөс доош насны, улсад 3-5жил ажилласан туршлагатай, ажиллах хугацаандаа гаргасан амжилт зэргийг харгалзан үзэж шалгаруулсан. Эмч нарын маань ур чадвар их дээшилж, шилдэг 35 эмчийг шалгаруулахад жоохон бэрхшээл гарсан.

-Энэ шалгаруулалтад эрүүл мэндийн бүх байгууллагуудын эмч нар хамрагдаж чадсан уу?

-Ер нь бол улсын хэмжээний бүх эрүүл мэндийн салбарыхныг хамруулсан. 21 аймаг болон есөн дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн залуу эмч нар бас Монголд ажиллаж байгаа гадаад эмчийн материал ч ирсэн байгаа. Тэр дундаасаа шилдэг 35 нь шалгарч өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн.

-Энэхүү ёслолын гол зорилго нь юу вэ?

-Манай “Залуучуудын эрүүл мэндийн корпорац” нь залуу эмч нараа дэмжих, урам хайрлах зорилгоор байгуулагдсан. Энэ ч үүднээс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Цаашид эмч нараа дэмжин олон олон арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу эмч”-ээр шалгарсан яаралтай түргэн тусламжийн төвийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх

-Юуны өмнө Олон улсын эмч нарын өдрийн баярын мэндийг, “Тэргүүний залуу эмч” болсонд тань давхар баяр хүргэе!

-Баярлалаа. Баярынхаа өдөр энэхүү ёслолд оролцож “Тэргүүний залуу эмч” болсондоо баяртай байна.

-Та эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажиллаж байна?

-Би хориод жил зон олныхоо төлөө эрүүл мэндийн төлөө зүтгэж байна. Одоо ч бараг хөгшиндөө орж байх шиг байна. Энэ хугацаанд “Яаралтай түргэн тусламжийн төв”-ийн дэргэд “Амь дүйсэн үед яаралтай туслах төв”-ийг байгуулан сургалт сурталчилгаа хийж, хойч үеийн залуу эмч нараа араасаа бэлтгэн сургаж байгаа.

-“Амь дүйсэн үед яаралтай туслах төв” гэхээр түргэн тусламжтай адилхан гэж ойлгож болох уу?

-Болохгүй. Түргэн тусламжийг бол заавал эмч гэхгүй онцгой байдлын алба хаагч ч үзүүлж болох талтай. Харин амь дүйсэн үед яаралтай туслах тасаг маань заавал эмч мэргэжилтэй хүн хүний амийг яаралтай үед яаж аврах, хэрхэн тусламж өгөхөөс шалтгаалан хүний амь настай холбоотой байдаг болохоор илүү хүнд салбар юм.

-Шилдэг залуу эмч нарыг тодруулж байгаа энэ арга хэмжээний талаар ямар бодолтой байна?

-Нүдээ олсон сайхан арга хэмжээ. Ер нь эрүүл мэндийн салбарт дутагдаж байгаа нэг асуудлыг нөхөж байна гэж харж байна.

С.ОТГОНБАЯР