Categories
гадаад мэдээ

Кемеровад гурван өдрийн гашуудал зарлаад байна

ОХУ-ын Кемерова мужийн худалдааны төвд томоохон түймэр гарч, 64 хүн амиа алдаад байгаа билээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кемеровад иржээ. Эмгэнэлт явдалтай холбоотойгоор тус мужид гурван өдрийн гашуудал зарлаад байгаа юм.

“Зимняя вишня” худалдааны төвд өнгөрсөн ням гарагт гарсан түймрийг даваа гарагийн өглөө унтрааж дууссан билээ. Гал маш хурдан авалцаж, худалдааны төвийн кино театраар үйлчлүүлж байсан хүүхдүүд сураггүй болж, тэдний наймынх нь цогцсыг олсон байна. Хүүхдүүд бүгд бага насных байжээ.

Нас барсан хүмүүсийн цогцсыг таниулах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй байгааг Оросын Онцгой байдлын газраас мэдээлжээ.

Олон улсын төр, засгийн тэргүүнүүд ОХУ-д эмгэнэлт явдал болсонд харамсч буйгаа илэрхийлсээр байна.

В Кемеровской области объявлен трехдневный траурПутин прибыл в Кемерово - СМИВ Кемеровской области объявлен трёхдневный траур по погибшим при пожаре в ТЦ

Categories
мэдээ нийгэм

Богд уулын зам шавхаа ихтэй ч, ууланд алхагчдын цуваа нэмэгдсээр байна

Өнгөрсөн амралтын өдрөөр Богд уул, Баруун ширээт оргил руу алхаад ирлээ. Өглөө 09.00 цагийн үед уул руу алхахад хүмүүсийн цуваа аль хэдийнээ эхэлчихсэн байна. Зарим нь өглөө эртээ уулын оргилд гарчхаад бууж байлаа. Ажил хэрэгч залуус болон спортын тамирчид өглөө 05.00 цагаас уул руу алхаад оргилд нь гарчихаад ийнхүү 8,9 цагийн үед буугаад ирдэг юм байна. Ингэж тухайн өдрийн ажил, бэлтгэлийн эрч хүчийг авдаг гэнэ. Харин амралтын өдрөө ууланд алхаж өнгөрүүлэхээр, хамт олон найз нөхөд, гэр бүлээрээ тухтай яваа хүмүүс ихэвчлэн 09.00 цагаас хойш уул руу тааваараа алхаад 12,13 цагийн үед оргил дээр гардаг байна. Бид ч яг ийм цагийн хувиараар явсан юм. Оргил дээр гарахад түм түжгэнэсэн байдалтай, хүүхэд залуус гэр бүлүүд 10,20-уулаа нийлээд оччихсон, хоол цайгаа идчихээд тоглож наадаад, унтаж амарч байгаад ирдэг юм байна. Мөн уулын оргил дээр сүүтэй цай, халуун аарц чацаргана, ойр зуурын идэх зүйлс, бэлэн гоймон хүртэл зарж байдаг аж. Дээш өгсөх замд ч мөн ундаа ус, халуун цай зарж байв. Мөн гутландаа хийдэг уулын хадаас, аяллын цүнх, уулын таяг хүртэл зарж буй хүмүүсзамд бидэнтэй тааралдлаа. Хэрэв мөнгөгүй яваа бол нэр хаяг утасны дугаар, албан ажил зэргээ тун тодорхой бичүүлж аваад, хот руу орж ирэхээрээ мөнгийг нь төлчхөж болно гэж байна.

Уулын цас хайлаад, өгсөх замд нэлээд халтиргаатай байсан бол үдээс хойш уруудаж ирэхэд ихэнх цас нь хайлаад урсчихсан, нил шавхай болсон байв. Оюутнууд олноороо, ангиараа ууланд их аялдаг болж, тэд ч халтирч уначихаад инээгээд л босоод ирэх аж. Мөн нэг нэгнийгээ чирч мөстэй хэсгээр нь гулгаад гүйчхэж байна. Тэднээс гадна уулын дугуйт унасан залуу оргилд дугуйтайгаа гарахаар жийж өгөх аж. Оросын нэгэн тамирчин гүйлтийн замд гүйж байгаа мэт уулын уруу руу хурдаараа гүйгээд өнгөрч харагдлаа. Уулын таяг, халтирахаас хамгаалсан гуталны хадаастай, тогтмол ууланд алхдаг хүмүүст уулын цас, шавхай асуудал биш байгаа бололтой юм. Ууланд алхахад хамгийн чухал нь халтирдаггүй ул сайтай гутал юм билээ. Ууланд цастай байгаа тул нимгэн пүүз хөл хайрах янзтай байна лээ.

Түм түжгэнэсэн уулын замд тулгамдсан гол асуудал нь бие засах газар. Бие засах газар огтоос байсангүй. Өдөрт хэдэн зуугаараа, магадгүй хэдэн мянгаараа гарч буй хүмүүс бүгд л уулын жалга довоор бие засчихдаг юм байна. Тиймдээ ч замд нойлын цаас, ариун цэврийн хэрэглэл, бохир арчсан салфитка их харагдах бөгөөд ундаа усны сав гэх мэт хогоо ч ил задгай нэлээд хаясан байлаа. Уулын шавхай дөрөвдүгээр сарын 20-д хүртэл арилахгүй байх гэж ууланд алхагчид ярьж байлаа. Уул руу алхаад бууж ирсний дараа усанд орчхоод сайн унтаж амрахаар бүх биеийн булчин сулраад, бүтэн биеийн барианд орсон юм шиг сайхан болдог гэж байна. Мөн өгсөж, уруудаж алхаж байгаа учраас бүх биеийн булчин шөрмөсийг ажиллуулдаг маш чухал дасгал бодлог гэнэ. Тааваараа алхаад, аялаад ирэхэд дунджаар 5-6 цаг шаардлагатай юм билээ.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах саналыг танилцууллаа

Энэ зун нийслэл хотод дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд хийгдэнэ. Мөн Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил эхлэх учир замын ачаалал хүндрэх аж.

Замын цагдаагийн гүүрэн гарцыг барих ажил хоёр жил хагасын хугацаанд баригдахаар төлөвлөгдөж байсан ч түргэтгэх арга хэмжээ авч жил зургаан сарын хугацаанд барьж гүйцэтгэхээр болсон байна. Энэ хугацаанд замын цагдаагийн уулзвар хаагдах юм. Тус уулзвар нь цагт 2500-2800, өдөрт 20 мянган тээврийн хэрэгсэл зорчдог томоохон уулзвар учир бусад зам, уулзваруудад ачаалал ирж түгжрэл үүсэх аж.

Мөн бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд хэд хэдэн автозамыг хэсэгчлэн хаах юм.

Тиймээс зам, уулзваруудад үүсэх ачааллыг хэрхэн бууруулах талаар санал авах юм байна. Нийслэлийн Замын Цагдаагийн газраас мягмар, пүрэв гарагуудад сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл амарч даваа, лхагва гарагт тэгш дугаартай тээврийн хэрэгсэл амарна гэсэн саналыг танилцууллаа. Энэ нь долоо хоногт тээврийн хэрэгсэл нэг амардаг байсныг хоёр удаа болгоно гэсэн үг. Мөн захууд мягмар гарагт амардаг байсныг баасан гарагт болгож тус өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Тус хязгаарлалт нь дөрөвдүгээр сарын 15-наас, аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх аж.

Иргэн та маргаашнаас эхлэн дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон Замын цагдаагийн албаны www.traffic.police.gov.mn цахим хуудсуудаар дамжуулан саналаа өгөх боломжтой.

Б.Индра, “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 4 дүгээр сараас эхэлнэ. Энэ ажил 1.6 жил үргэлжилэх юм. Үүнтэй холбоотойгоор автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор найман жижиг замыг шинээр барих, өргөтгөх бөгөөд үүнд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Тухайлбал, Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.4 км автозам барихад 393 сая төгрөг, Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академитай холбох 0.3 км автозам барихад 198.2 сая төгрөг шаардлагатай юм. Мөн Хүннүгийн гудамж-Саруул хотхон-Соёлж чиглэлд 0.3 км автозамыг хашлагажуулах, Автозамчдын гудамжийг 13 дугаар хороололтой холбох 0.14 км гүүр барихаар төлөвлөсөн. Уг гүүрэн гарцыг барьснаар Замын цагдаагийн албаны уулзварын хөдөлгөөний ачаалал болон осол аваарын тоо буурна хэмээн үзэж байна” гэлээ.

Цаашдаа Багшийн дээд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, 100 айл болон Баянбүрд, Саппорогийн уулзвар зэрэг нийт 20 байршилд олон түвшний огтлолцол буюу гүүрэн гарцтай болгох төсөл боловсруулж байгаа аж. Ингэснээр Улаанбаатар хотын автозамыг түгжрэлгүй болгох, дугаарын хязгаарлалтыг цуцлах боломж бүрдэнэ гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү дурьдав.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ нийгэм

3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа амжиж татвараа төлөөрэй

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа энэ 7 хоногт дуусч буй тул та үүргээ биелүүлээрэй.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой.

Энэ оны эхний улиралд 4437 иргэн цаг заваа хэмнэж, SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан татвар хураамжаа төлсөн байна. Иргэн та ч гэсэн цаг заваа хэмнэж онлайнаар төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар,

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Иргэн та Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

2

АТҮТ /цирк салбар, таван ган салбар/

3

НҮНТ /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 17:30

5

Нисдэг машин худалдааны төв

Даваа ~ Баасан: 08:30 – 17:30
Бямба, Ням : Амарна

Categories
мэдээ нийгэм

“Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн зорилго үр дүнд хүрсэн үү

Хүүхдийг Ивээх Сан Японы Гадаад хэргийн яамны Төрийн бус байгууллагуудын хөтөлбөрийг дэмжих сангийн буцалтгүй санхүүжилтээр нийслэлийн Ерөнхий боловсролын 24 сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдэд гурван жилийн хугацаанд “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” хэмээх төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэх гол шаардлагын талаар тус төслийн зохицуулагч Г.Цолмон “Энэхүү төслийг Монголд хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага юу байсан бэ гэвэл сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийн тоо ихэсч, тэр хэрээр хүн амын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох байдал нэлээд асуудал дагуулсан. Төсөл эхлүүлж байх үед Улаанбаатар хотод сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдийн эзлэх хувь 30 орчим байсан нь хүн ам цөөтэй манай улсын хувьд маш өндөр тоо. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт хамрагдаж чадалгүй сургуульд элсэж байгаа хүүхдүүд олон байсан. Сургуулийн өмнөх боловсрол болон тодорхой чадваруудад суралцаагүйгээс сургуульд орсныхоо дараа бэрхшээлтэй тулгардаг. Жишээ нь, хүнтэй харилцах, өөрийгөө илэрхийлэх, сэтгэл зүйн бэлтгэлгүйн улмаас айдастай байх, сургуулийн өмнөх насны хүүхдийн эзэмшсэн байвал зохих наад захын дадал чадварт суралцаагүй хүүхэд сургуульд элссэнээр багш, сургууль, эцэг эх төдийгүй хүүхэд өөртөө сурах зан үйлийг хэвшүүлэхэд хугацаа алддаг. Энэ бүхэн зургаан настнуудыг сургуульд элсэхэд, сурах үйл явцад нь дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг харуулж байсан” гэсэн юм.

Тэгвэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэрэгжсэн энэхүү төсөл зорилтот бүлэгтээ ач тусаа өгч чадсан уу гэдгийг уг төсөлд хамрагдсан сургуулийн багш, эцэг эхчүүдээс сонирхлоо.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургуулийн захирал А.Цэцэгсүрэн:

– “Хүүхдийг Ивээх сангаас өнгөрсөн гурван жил манай сургуулийн багш, сурагчид төдийгүй эцэг эх, эмч, номын санч, нийгмийн ажилтан, сургалтын менежер нартай хамтран ажилласан үнэхээр үр дүнтэй, маш их зүйл сурсан, хамтран хэрэгжүүлсэн жилүүд байлаа. Төслөөс үлдэх хамгийн чухал зүйл нь их, дээд сургуульд заадаггүй багшлах арга зүйн зөв дадал хэвшил, ойлголт, эерэг хандлагыг зорилтот буюу бага ангийн багш нарт шат дараат сургалтаар төлөвшүүлсэн явдал гэж харж байгаа. Мөн сургуулийн бусад ажилтан ч хүүхдийг суралцахад оролцдог, нөлөөлдөг гэдгийг шинэ мэдлэгээр ойлгуулсан. Нэгдүгээр ангид элсэн орж буй зургаан настай хүүхдийг эцэг эхчүүд хэрхэн бэлтгэх, төлөвшүүлэх ёстойг модуль сургалтуудаар эцэг эх, хорооны нийгмийн ажилтан зэрэг холбогдох хүмүүст ойлгуулсан нь маш зөв зүйл болсон. Зургаан настай хүүхдийг сургуульд суралцахад сэтгэлзүйн бэлтгэлтэй болгоно гэдэг багш нарын тулгамдсан асуудлын нэг байсан бол манай сургууль төсөлд хамрагдсанаар энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж чадсан. Түүнчлэн багш нар сурагчийн хувийн мэдээллийн сан хөтөлдөг, түүгээрээ дамжуулан сурагчидтай хэрхэн харилцах, ажиллахаа тодорхойлж, онцлогт нь тохируулан ажиллах арга барилын үндсийг суулгасан гэж болно. Төсөл дууссан ч бид цаашид энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Үүнээс гадна төслийн хүрээнд нэгдүгээр ангийн Бэлтгэл хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг шинэчилж, төсөлд хамрагдсан сургуулиудад туршсаны үр дүнд Бэлтгэл хөтөлбөрт хэрэглэгддэг Дасгал ажлын дэвтрийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын материал болгохоор болсон. Тодруулбал, Дасгал ажлын дэвтрийг 2017-2018 оны хичээлийн жилд БСШУСЯ-ны улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлэх “Сурах бичгийн нэгдсэн жагсаалт”-д оруулж батлуулсан. Ингээд зогсохгүй цаашдаа энэ дасгал ажлын дэвтэр үндэсний хэмжээнд нэгдүгээр ангид элсэгчдийн байнгын сурах бичиг болох юм. Энэ бол зургаан настай сурагчдад оруулж буй оюуны маш том хөрөнгө оруулалт” гэсэн юм.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн 1б ангийн багш Б.Гэрэл:

-“Хүүхдийг Ивээх сангийн төсөл манай сургууль дээр хэрэгжихээс өмнө би цөөнгүй жил багшилсан байсан ч тус төслийнхний багш нарыг чадавхжуулах модуль сургалтад хамрагдсанаар өөрийгөө шинээр нээсэн. Зургаан настай сурагчидтай болон тэдний эцэг эхтэй хэрхэн хамтран ажиллах талаар их, дээд сургуульд, тэр тусмаа багш нарт явагддаг сургалтуудад ч төдийлөн тусгагддаггүй маш сонирхолтой, шинэлэг, бүх багш хэрэгжүүлбэл зохих модуль сургалтад хамруулсан. Энэ сургалтад хамрагдсан багш нарын заах арга зүй, сурагчид болон эцэг эхчүүдтэй харилцах ёс зүйд ихээхэн дэвшил гарсан гэдэгт итгэлтэй байна. Нэг жишээ хэлэхэд, багш хичээлийг олон арга хэлбэрээр шавь нартаа ойлгуулдаг. Тэгвэл зургаан настай хүүхдэд тоглоомын арга ашиглах нь илүү үр дүнтэй гэдэг нь энэ төслөөр батлагдсан. Өөрөөр хэлбэл, зургаан настай хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан хичээлээ заах аргыг бусад сургуулийн багш нараас арай өмнө бид шинэлэг аргаар суралцсан гэдэгтээ итгэлтэй байгаа” гэж ярилаа.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуулийн 2б ангийн сурагчийн ээж Б.Номин:

-“Миний охины сурдаг сургууль Хүүхдийг Ивээх сангийн хэрэгжүүлсэн төсөлд хамрагдсан юм билээ. Нөхөр бид хоёр хоёулаа ажилтай болохоор охиндоо гаргах цаг зав багатай байдаг. Охиноо нэгдүгээр ангид элсэхэд нь үнэнийг хэлэхэд хичээлийн хэрэгсэл, хувцсыг нь бэлдэж өгөөд л оруулсан. Гэтэл сургуульдаа дасах, ангийнхантайгаа ойлголцох, сууж сурах, хичээлээ ойлгохоос эхлээд асуудал нэлээд тулгарсан. Энэ байдлыг богино хугацаанд даван туулж, охин маань бусдаасаа хоцрохгүй, хичээлдээ сонирхолтой, дуртай болоход тус сангийн хэрэгжүүлсэн төсөл маш их тус болсон. Жишээ нь, бусад сургуульд байдаггүй хүүхдийн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг энэ төслийн хүрээнд хэрэгжүүлсэн юм билээ. Үүнтэй холбоотойгоор багштай нь уулзаж, охиныхоо чаддаг зүйлс, давуу болон сул талыг нь хэлж тэмдэглүүлснээр багш нь мэдээлэлтэй уялдуулан хичээлээ зааж байсан. Түүнчлэн эцэг эхтэй харилцах дэвтэрт тухайн өдөр охин маань хичээлдээ ямар оролцсон, биднээс шалтгаалах юу дутуу байсан зэргийг багш нь бичиж үлдээдэг нь бидэнд маш их тус болдог. Байнга очиж уулзаад байхгүй ч харилцах дэвтрээрээ багштай нь тогтмол харилцаж байгаа нь маш их таалагдсан. Түүнчлэн сургуульд орохоос нь өмнө хүүхдийнхээ сэтгэл зүйг хэрхэн бэлтгэх тухай эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулсан. Мөн эцэг эхийн хурлаар хүүхдийн давуу тал, эерэг хандлагуудыг эцэг эхчүүд хэрхэн дэмжих тухай, хамтран суралцах тухай гэх мэт үр өгөөжтэй зүйл яригддаг болох эхлэлийг тус сангийнхны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа нь таалагдсан. Ирэх жил манай хүү сургуульд орно. Хүүхдийг Ивээх сангийнхны ачаар туршлагатай болсон” хэмээн ярилаа.

Гурван жилийн турш хэрэгжсэн энэхүү төслийн үр дүнд нийт 204641 хүн хамрагджээ. Үүнд давхардсан тоогоор 1523 бага ангийн багш, сургуулийн удирдах ажилтан болон туслах 135 ажилтан, нийгмийн ажилтан, эмч, номын санч гэх мэт боловсон хүчин 231, 12198 эцэг эх сургалт болон бусад үйл ажиллагаанд оролцон, тодорхой үр дүнд хүрчээ.

Categories
мэдээ нийгэм

Дулаанхаан-Ерөө-Хүдэр чиглэлийн автозамд сэрэмжтэй явахыг анхааруулав

Шар усны үерийн улмаас Сэлэнгэ аймгийн Дулаанхааны дөрвөн замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн автозамын 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110 метрийн урттай/ их хэмжээний эвдрэл үүссэн байдалтай байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч нарт үзэгдэх орчин хязгаарлагдмал замын тойруу, харанхуй үед явахдаа хурдаа тохируулан, болзошгүй аюул, ослоос сэргийлж сонор сэрэмжтэй явахыг анхааруулж байна. Тус аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид болон Улаанбаатар зам засвар арчлалт ТӨҮГ хамтран зам засварлах, тэмдэг, хайс хашлага байрлуулах ажил зохион байгуулж, арга хэмжээ авч ажиллаж буй ажээ.

Гуравдугаар сарын эхээр Монгол орны нийт газар нутгийн 42% нь цастай ба дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 11.3 шоо.км байв. Жишээлбэл: Сэлэнгэ, Орхон, Туул голуудын савын 70-75% нь цастай ба цасан дахь усны нөөц нь 0.96 шоо.км бол Хараа, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын савын 90% цастай, цасны усны нөөц нь 0.40 шоо.км байна. Харин Увс нуур, Тэс голын савын 85% нь цастай, цасан дахь усны нөөц нь 1.36 шоо.км байна.

Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн болон шүлхий өвчин гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн улмаас сэтэрсэн далан, хамгаалалтыг хүчитгэх ажил хийгдэж байна

Дархан сумын 15 дугаар багийн 9-р хэсэгт буусан шар усны үерийн хор хохирлыг арилгах, гольдирлыг өөрчлөх, үерийн усны түвшинг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар аймгийн Онцгой комиссын түр штаб тус хороонд байрлан ажиллаж байна.

Тухайлбал, энэ сарын 24-25-ны өдрүүдэд 15-р багийн 8-р хэсэгт байрлах үерийн хамгаалалтын далангийн ус зайлуулах хоолойг тайрах ажлыг аймгийн Захирагчийн алба, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, ГХБХБГазар, ДДС ХК, ДДЦС ХК, Дархан-Ус суваг ХК-иудтай хамтран зохион байгуулж 24-ний өдөр 70 см, 25-ны өдөр 80 см-ээр багасгаснаар үерийн усны түвшинг амжилттай буурууллаа. Уг ажиллагаанд нийт 50 гаруй албан хаагч оролцсон байна.

Мөн болзошгүй үер уснаас хамгаалах тухай сэрэмжлүүлэг, зөвлөмж, гар ариутгагч тус бүр 200 ширхэгийг айл өрхүүдээр тарааж, хамгаалалтын нэмэлт даланг хүчитгэх, элс шороо хайргаар бэхлэх ажлыг зохион байгуулж, зам хамгаалах, гудамж руу сэтэлсэн хамгаалалтыг сэргээн хүчитгэх ажлыг аймгийн Онцгой байдлын газрын 43 албан хаагч хийж гүйцэтгэлээ.

Түүнчлэн дүйцүүлэх албаны 7 цэрэг айлуудын хашаанаас шавар гаргах болон 112 тоот айлын хашаанд үүссэн сувагт хамгаалах даланг барив.

Үерийн ус орсны улмаас нуралт үүссэн төв замын дагуу нурсан хэсгүүдийг хайрга, шороогоор дүүргэх ажлыг аймгийн Захирагчийн алба, Дархан Ус суваг ХК, ГХБХБГазар, ДДЦС ХК, ДДС ХК, ОБГазрын нийт 24 албан хаагчтай хамтран зохион байгуулж 102 м3 хайргаар хүчитгэлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Бээжинд Ким Жон Ун нууц айлчлал хийж байна уу?

Өчигдөр буюу Даваа гарагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадын нийслэл Бээжин хотод ирснийг Блүүмберг агентлаг хэд хэдэн эх сурвалжийн баримт дээр үндэслэн мэдээлжээ.

Нууцлаг галт тэрэг Хойд Солонгосоос гаран Бээжинд өндөр хамгаалалтын дор ирж, зүүн хойд Хятадын төмөр замын өртөөнүүдийг түр хугацаанд хаахад хүргэсэн байна.

Бээжингийн төмөр замын өртөөнөөс олон тооны мотоциклтой хамгаалагч бүхий нүсэр цуваа хотын төв рүү хөдөлснийг мөн гэрчүүд мэдээлжээ.

Хэрвээ Ким Жон Ун Бээжинд ирсэн нь батлагдвал 2011 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш тэр анх удаа хил давж, гадаад орны төрийн тэргүүнтэй уулзсан хэрэг болж байгаа юм. Мөн дэглэмийг нь гол дэмжигч Хятадын эрх баригчидтай тааруу харилцаатай байсны эцэст ийнхүү Бээжинд айлчилж байгаа нь түүхэн чухал үйл явдал болж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ким Жон Уны уулзалтын урилгыг хүлээн авсан нь түүнийг ийнхүү Хятадын талтай өмнө нь зөвшилцөхөд хүргэсэн бололтой.

Трамп-Кимийн уулзалтын үр дүнд Вашингтон Хойд Солонгост нөлөөгөө тогтоох, эсвэл хоёр Солонгос нэгдэх нь Хятадын сонирхлын эсрэг алхам болох юм.

Тиймээс уулзалтын өмнө Ши Жиньпинтэй Ким Жон Ун уулзаж, бодлогоо нэгтгэх шаардлагатай.

Хойд Солонгосын дэглэмийн аюулгүй байдалд баталгаа өгч чадах гол хүч бол Хятад улс юм.

Даваа гарагийн турш Хятадын иргэд Ким Жон Уны айлчлалын тухай сошиал сувгаар хэлэлцэж байв. Тэд хаалттай байгаа төмөр замын өртөөнүүд, Бээжингийн гудамжаар яваа хамгаалалттай цувааны зураг, дүрсийг хуваалцаж байлаа.

Ким Жон Уны хөлөглөж яваа галт тэргийг өмнө нь түүний эцэг Ким Жон Илийг Бээжинд айлчлахад ирж байсан галт тэрэгтэй адилхан байгааг зарим хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ талаар Японы нэгэн хэвлэлд бичихдээ Хойд Солонгосын галт тэргэнд зөвхөн төрийн өндөр албан тушаалтан зорчиж яваа тохиолдолд харуул хамгаалалтыг өндөржүүлдэг хэмээгээд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг 2011 онд эцгийгээ залгамжилснаас хойш гадаад дахь анхныхаа айлчлалыг Бээжингээс эхэлсэн байж магадгүй хэмээн бичжээ.

Харин Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч энэ талаар огт сонсоогүй хэмээн тайлбар өгөхөөс татгалзжээ. Хойд Солонгосын улсын мэдээллийн агентлагууд ч мөн удирдагч Ким Жон Ун Бээжинд айлчилж буй талаар мэдээлээгүй байгаа гэнэ.

Мөн Японы NHK телевиз Бээжинд буусан Хойд Солонгосын галт тэрэгний цахим сүлжээнд тавигдсан зургийг цацжээ. Бээжинд зогссон галт тэрэг Хойд Солонгосынх болохыг дипломат эх сурвалжууд баталсан байна.

Б.Үржиг

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар ипотекийн хөтөлбөрийн журам батлах асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газар ээлжит хуралдаан өнөөдөр 13.00 цагт болохоор товлогдсон байна. Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм байна.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  • Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын төсөл – Г.Занданшатар
  • Орон сууц хувьчлах тухай – Г.Занданшатар
  • Ипотекийн хөтөлбөрийн журам батлах тухай -Ч.Хүрэлбаатар
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн тухай -Ч.Хүрэлбаатар
  • “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх” төслийн тухай -Ч.Хүрэлбаатар
  • Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай – Д.Цогтбаатар
  • Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Алимовын Монгол улсад хийх айлчлалын тухай – Д.Цогтбаатар
  • Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай – Н.Энхболд
  • Журам батлах тухай- Н.Энхболд
  • Дуусаагүй барилга балансаас балансад шилжүүлэх тухай – Х.Баделхан
  • Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай – Ц.Цогзолмаа
  • Хэлэлцээр батлах тухай /Агаарын харилцааны тухай Люксембургийн Их Гүнт Улс/ – Ж.Бат-Эрдэнэ
  • Хэлэлцээр батлах тухай /Агаарын харилцааны тухай Бүгд Найрамдах Мальта/- Ж.Бат-Эрдэнэ
  • Хэлэлцээр батлах тухай /Бүгд Найрамдах Чех Улс/ – Ж.Бат-Эрдэнэ
  • Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай – Б.Батзориг
  • Үзэсгэлэн худалдааны тухай – Б.Батзориг
  • Бусад асуудал – У.Хүрэлсүх

ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ

  • “2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар -Г.Занданшатар
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар-Г.Занданшатар
  • Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2017 оны жилийн эцсийн дүнгийн талаар – Г.Занданшатар
  • Төрийн өмчийн компаниудын 2017 оны үйл ажиллагааны талаар – Г.Занданшатар
  • Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлын талаар -Г.Занданшатар
  • Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын талаар – Г.Занданшатар
  • Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар- Г.Занданшатар
  • Батлан хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар – Н.Энхболд
  • Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаар – Ц.Даваасүрэн
  • Эмээлт хөнгөн үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийг санхүүжүүлэх эх үүсвэрийн талаар – Б.Батзориг
Categories
мэдээ утга-зоxиол

Монголд анх удаа “Сартай уншлага” болно

Зохиолч Гүн Г.Аюурзаны “Цасны роман” өгүүллэгээр бүтсэн “Сартай уншлага” эвэнт ирэх бямба гаригт (3сарын 31нд 19 цагаас) “Black box” театрт болох гэж байна. Уг арга хэмжээ нь театрын шинэ төрөл болох уншлагын хэлбэрийг Монголд анх удаа амилуулж байгаагаараа онцлог юм байна.

Энэ нь театрчилсан тавилттай бус харин сонгогдсон зохиолыг мэргэжлийн жүжигчин уншиж танилцуулдаг орчин үеийн театрын сонирхолтой хэлбэр юм. Ингэснээрээ уншигч үзэгчид хэн нэгэн найруулагчийн хийцэнд баригдахгүйгээр өөрийн дүгнэлтийг хийх боломжийг олгодогоороо давуу талтай.

Арга хэмжээг зохион байгуулж буй “Бид театрт хайртай” ТББ-ын залуус анх удаа болж буй “Сартай уншлага”-даа Г.Аюурзаны “Цасны роман”-ыг онцолж сонгосон байна. Долоон хэлээр орчуулагдан дэлхийн уншигчдийн хүртээл болоод буй уг өгүүллэгийн талаар утга зохиол судлаач, шүүмжлэгч нар сонирхолтой таамгуудыг дэвшүүлдэг нь уг романыг сонгох шалтгаан болжээ. Тиймээс энэ үеэр утга зохиол судлаач шүүмжлэгч, “Гэгээн Муза” наадмын шүүгч Х.Чойдогжамц урилгаар оролцож үзэгчдэд мэргэжлийн шүүмжээ хуваалцах юм.

Өгүүллэгийг “Black box” театрын жүжигчин М.Баярмагнай уншиж, энэ үеэр Иелийн их сургуулийн хөгжмийн ангийг дүүргэсэн чадварлаг уран бүтээлч Э.Батмягмар альт хийл тоглож, уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ “Өөрийгөө сонс”, “Үүргүй шувуу” инстоляциа танилцуулна.

Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ нь Нидерландад болсон Европын хамгийн том наадмын нэг болох Todays Art-д оролцож, өөрийн шинэ медиа бүтээлийг танилцуулаад ирсэн авьяаслаг залуу уран бүтээлч юм. “Сартай уншлага” –ын тасалбарыг Black box театрын кассаар болон WWW.TICKET.MN-ээр захиалж болохажээ.