Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жорлон

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Жорлон гэдэг үгийг сүүлийн үед цээрлэн “нойл”, ариун цэврийн өрөө”, “бие засах газар” гэх мэтээр эерүүлэх болж. Уг нь бие засах газар гэдэг маань жорлон гэсэн үгийн тайлбар юм л даа. Цээрлээд байх үг ч биш л дээ. Бөгс гэдэг үгийг цээрлэж байна гээд “өгзөг” гэж орлуулах болж. Өгзөг бол бөгс биш, хонгоны товгор хэсгийг ингэж нэрэлдэг. Бөгс ч тийм цээрлэмээр муухай үг биш, оочирын бөгс, бөгс мөнгө, уралдааны бөгс гэх мэт сүүлд нь, хойно нь, ард нь гэсэн утгаар ч өргөн хэрэглэдэг. Биеэ үнэлэгч гэдэг нь янхан гэсэн үгний тайлбар. Ян-эгшиг, хан-эмэгтэй хүн гэсэн гаралтай түвд үг. Дууч эм гэж орчуулсан нь ч тааралдана. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхныг “эгшиглэнт эх” гэж орчуулдаг биз дээ.

Жорлон гэдэг үг хаанаас хэзээ орж ирсэн нь мэдэгддэггүй. Өргөн уудам талд ганц нэгээрээ салангад суух нүүдэлчдэд тухайлсан жорлон хэрэггүй байж. Ер нь хотжил дагасан хэрэгцээ. Тавиад оны сүүлчээр Соёлын довтолгооны их хөдөлгөөнөөр хот байтугай талын малчин айлыг ч тусгайлсан жорлонтой болохыг дээрээс зааварлан албадсан юм. Ингээд хөдөөний айлууд гэрээсээ холгүй нүх ухаж, дөрвөн шон босгоод таараар тойруулж халх хийх болжээ. Түдэв гуайн “Нүүдэл суудал” романд ийм бие засах газар хөдөө нутагт хэрхэн үүссэнийг, ардууд үүнд нь хэрхэн дургүйцэж байсныг их хөөрхөн өгүүлсэн байдаг. Магадгүй энэ үеэс жорлон гэх үг өргөн хэрэглэгдэх болсон байх. Даам мэтийн зарим хөлөгт тоглоомд энэ үг байсан. Энэ нь тухайн даам бүх талаасаа бүслэгдэн нүүдэлгүй болохыг “жорлон болох” гэнэ. Мөнөөх таараар бүх талаасаа бүслэгдсэн нүхийг дүйцүүлэн ингэж нэрлэсэн байж болох. Таамаглал шүү. Эрт эдүгээгийн соёлын харилцаатай байсан аль ч хэлэнд төстэй нэршилтэй үг хайгаад олсонгүй, дуудлагаас нь харахад ориг монгол үг биш бололтой, тиймээс хөлөгт тоглоомоор дамжиж ирсэн үг болов уу.

Жорлонг англичууд “амрах өрөө”, францчууд “бодлогошрох өрөө”, хятадууд “хажуугийн байрлал” гэж өргөмжлөх аж. Бидний одоо “нойль нойль” гээд байх болсон нь Английн армид дарга нарт зориулсан жорлон тусдаа учир Officers Only гэснийг товчлоод давхар “ОО” үсэг (00 биш) тавин хаягладгаас үүдэлтэй гэнээ.

Монголын газар нутагт буй болсон анхны хот бол Улаанбаатар. XIX зууны дундуур тодорхой хүн ам төвлөрсөн суурин Гандан хийд орчмыг тойрон буй болжээ. Сийрэг байсан болохоор физиологийн хэрэгцээг хангах нь хэцүү биш байж. Хүн ам нэмэгдээд ирэхийн сацуу асуудал үүсч таарна. Оросын консул Шишмарёвын сүйх тэрэг гудамжинд хүндрээд сууж байсан хүнийг дайраад алчихжээ. Эндээс зарга үүсэн асуудал Богд хаанд хүрэв. Хоёр тал ярилцан үүнээс хойш сүйх тэрэг явдаг зам дээр хүнээ бие засуулж байхгүй гэсэн үүргийг Монголын тал хүлээсэн байна. Энэ нь бие засах асуудлаар тэмдэглэгдэн үлдсэн анхны баримт бичиг байх. 1913 онд Францын жуулчны авсан кино хальсанд Нийслэл хүрээний гудамжинд өдрийн цагаар олны нүдэн дээр хүндээр бие засаж буй нэг биш хүн гардгаас үзвэл ийм заншил түгээмэл байсан бололтой.

Гандан, Зүүн Хүрээ, Амгалан, Усны гудамж гэх мэтийн гэр хорооллууд үүслээ. Гадуураа хашаатай, тусгаарласан өөрийн газартай. Ийм нөхцөлд хашаагаараа нэг баагаад орхичихож болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ модон ч юмуу, тааран жорлон гэгдэх ухсан нүх дороо дүүрнэ. Ингэхээр нь нүхээ булчихаад ойролцоо газар дахин жорлон босгодог уламжлал тогтсон юм. Ногоон нуур буюу бидний нэрлэдэгээр зуун айлаас хойш долоон буудал хүртэлх газар бол Улаанбаатарын хамгийн удаан тэссэн хөгшин гэр хороолол. 70-80 жил болсон байх. Бид мал маллахдаа гаргууд ч өвс ногооноос хол ард түмэн гэдгийн баталгаа гэвэл ингэж удсан хэдэн мянган хашаанд тарьсан мод нүдний гэм харагддагаас ил. Тойруулж жорлон ухаж булсаар байгаад битүүрсэн хашаанд мод таривал дор нь бэлэн зэлээний органик бордоо байж л байна.

Өтгөн шингэнээр дүүргээд булсан газар эрүүл ахуйн хувьд маш аюултай. Эндээс хамгийн түрүүн хижиг өвчин дэлгэрэх том уурхай. Хижиг бол тун аюултай гоц халдварт өвчин. Гэтэл хичнээн жил болоход яагаад бид хижигт баригдчихаагүй юм бэ? Газар зүй л авардаг байх. Нэгдүгээрт, Монгол нь нэн хуурай орон. Ийм нөхцөлд бактери үржих бололцоо тун хавчигдмал. Нөгөө талаас Монголын дулааны улирал богино. Хөлдүү жорлон арай гэж гэсээд хөөрхий нянгууд амилан алдаж байтал анхны цас ороод, шөнөдөө хасах хэм болж өвчин дэгдээх бололцоог нь хаачихдаг байх аа. Одоо цаг агаар их өөрчлөгдлөө, өвөлдөө олигтой хүйтрэхгүй, зундаа түлж алах гэсэн халуун болдог боллоо. Цаашид бид ийм ариун цэврийн нөхцөлтэй удаан тэсэхгүй шүү.

“Шинжлэх ухааны товч түүх” хэмээх маш сонирхолтой ном бичсэн Билл Брайсоныг манай уншигчид таних болсон байх. Одоогийн сургалтын арга хоцорчээ, хөгжилтэй, хошин, сонирхолтой, уншууртай ийм маягаар шинжлэх ухааныг сургуулийн сурагчдад ойлгуулж байх хэрэгтэй юм байна, иймээс сургалтын арга барил программыг шинэчилье гэсэн хөдөлгөөн зарим оронд өрнөж, Английн Ерөнхий сайд энэ талаар зохиогч Брайсонтой зурагтын шууд нэвтрүүлэг хийж байсан. Сая Брайсоны бичсэн “Гэр ахуйн түүх” ном орчуулагдан хэвлэлээс гарлаа. “Гэр ахуйн түүх гэдэг миний төсөөлж байсан шиг ор, буйдан, зуухны түүх биш, чийг бам, сангас, бордоо, бясаа, цогцос, хулгай гээд бүх юм багтдаг юм байна” гэж зохиогч номынхоо өмнөтгөлд өгүүлжээ. Хотжил, иргэншлээ зайлшгүй дагасан эерэг болоод сөрөг бүх юмыг багтааснаа хэлж буй хэрэг.

Жорлон гэдэг бол хүн төвлөрөн суусан хотжилтой нягт холбоотой ойлголт. Хүн ам олноор төвлөрөх явдал маш эрт буй болсон. Манай эринээс хамаагүй өмнө Сиань хот сая хүнтэй байсан гэдэг. Гэвч урбан хот гэж арай өөр ойлголт байна. Энэ нь хүн ам төвлөрөхөөс гадна соёл, шинжлэх ухаан, тээвэр, цэвэр бохирын магистрали, гэрэлтүүлэг, аж үйлдвэр бөөгнөрсөн хотыг хэлнэ. 1800 онд дэлхийн хүн амын ердөө гурав хүрэхгүй хувь нь урбан хотод амьдарч байсан бол өдгөө энэ үзүүлэлт 50 хувиас даваад байна. Өнөөдөр дэлхий дээр саяас дээш хүн төвлөрсөн 500 орчим урбан хот байгаагийн нэг нь Улаанбаатар. Хот өөрийн стандарт жишигтэй, сууцнаас эхлээд байгаль орчин, нийтийн тээвэр, эрүүл ахуй гээд үй олон асуудлын өөрийн шийдэлтэй байж хүн амьдрах тух тохь байтугай аюулгүй байдал нь хангагдана.

Лондонг дэлхийн анхны урбан хот гэж үздэг. Бүх юм анхных болохоор хотын нөхцөлийг хангах гэж яаж будилж, хөглөж, шинэчлэгдэж хөгжсөн нь үнэхээр сонирхолтой, сургамжтай, бусад нь дуурайлал авахад тохиромжтой жишээ юм. Брайсон ихэнх жишээг Лондонгоос аван гэр ахуйн түүхээ бичжээ. Тэгэхээр энэ нь дан ганц байшингийн тухай бүтээл биш. Жорлонгийн тухай бүтэн бүлэг бий. Ердөө зуу гаруй жилийн өмнө өмхий хамхайдаа баригдсан ямар аймаар хот байсан, түүнийг хэрхэн засаж шийдсэн тухай маш сонирхолтой, наргиантай зөндөө жишээтэйгээр дүрслэн бичжээ. Мөнөөх гудамжинд бааж суугаад сүйх тэргэнд дайруулдаг жишээ бол тэр үеийн Лондонтой харьцуулахад өдөр тутмын хэвийн явдал.

Ус дүүргэсэн савны тусламжаар суултуур дахь ялгадсыг гэрээсээ хөөгөөд гаргачих аргыг нэлээд дээр үед нээжээ. Гэтэл гудамж баасаар дүүрчих нь тэр. Айлуудын хашаа шагайгаар татсан бохироор дүүрчихнэ, тэгэнгүүт чулуугаар дамжуурга хийн гишгин гарч ордог болж. Арай гэж хоолой бариад гол руу гаргадаг болсон чинь Тэмза мөрөн өмхийрчихөж. Английн парламент голын эрэг дээр байдаг тул бүх хаалга цонхоо яв цав хааж аваад хуралддаг болжээ. Өчүүхэн завсраар өмхий сийгэн орж хүн амьсгалах аргагүй болдог учраас. Өмхийг дарах гэж анх үнэртэй ус хийх болсон байна. Номыг уншвал ийм түүхийг өмхий үнэрттэл ярьж өгнө. Бохироос үүссэн өвчин эмгэг, халдвар, ариун цэврийн доройтлын тухай ой гутам жишээ зөндөө. Бөөнөөрөө хиарч үхдэг байсан байгаа юм даа!

Урбан туршлага үгүй, урбан болоод удаагүй манай хотын хувьд ийм аюул нөмрөх түгшүүр улам нэмэгдсээр. Баас шээсэндээ баригдаж, өвчин эмгэгийн үүр болсон хойноо ойлгож байхаар ийм туршлагаас суралцан урьдчилан сэргийлсэн нь уг нь дээр дээ. Бүх аймгаа хар замаар холбосон нь сайн хэрэг. Гэтэл автомашинжсан, замтай болсон хоёр нийлээд хотоо төдийгүй онгон хээр талаа завааруулах нэг ёс их дэлгэрч улам цаашилсаар байна. Хар замын дагуу 50-100 км газар жорлонгийн цогцолбор баривал яасан юм бэ. Тэнд машин болгоныг заавал зогсдогоор журамлаж болно. Зорчигчид нь хөлөө амрааг, гол нь тухтай бие засаад, хогийн цэг дээр нь хогоо хаядаг болбол, тиймээ? Халуун усны цэг тэнд байгуулсан ч болно. Нэг зовлон бий, хуушуур хийдэг гэр гэгчид ирж шаваад уг байснаас нь дордуулж орхино. Бохир завааны үлгэр жишээ болсон хоолон гэрүүд үй түм байгааг цөмөөрөө мэднэ. Иймээс шатахууны колонк гэдэг шиг тодорхой хариуцлага хүлээж төртэй гэрээ хийсэн тодорхой компаниудад хавь ойрын газартай нь түрээслүүлж, хэн дуртай хоолон гэрүүд шавааралдан тэр чигээр нь хогийн цэг болгох эрсдэлийг эхнээс нь хууль журмаар хориглох хэрэгтэй. Ихэнх оронд хурдны зам дагуух жорлонгийн цогцолборт ийм л шаардлага тавьдаг юм билээ шүү дээ.

Энэ дэлхий дээр өдөр ирэх тутам хэдэн арваараа аварга хотууд буй болж байна. Үүний ихэнх нь ядуу буурай орнуудад. Тэр чинээгээрээ байгаль орчны бохирдол, гоц халдварт өвчний дэгдэлт, ядуурал, утаа тортог, хог хаягдал гэсэн олон аюул нүүрлэж буй. Иймээс жорлонгийн асуудал нь улам бүр хавтгайрч буй өнөөгийн дэлхийн нийтлэг бэрхшээл болсон аж. Иймээс ялангуяа жорлонгийн ариун цэврийн асуудалд анхаарлаа хандуулсан Дэлхийн жорлонгийн байгууллага хэмээх олон улсын төрийн бус байгууллага 2001 онд шинээр буй болжээ. Үүнд 53 орны 150 гаруй байгууллага нэгдчихээд байна гэнэ. Арваннэгдүгээр сарын 19-ий өдрийг Дэлхийн жорлонгийн өдөр болгосон. Энэ нь жорлон мандтугай гэж баярлан жагсана гэсэн үг биш, ядахдаа энэ өдөр ариун цэврийн тухай бодож юу хийснээ эргэцүүл гэсэн үг байх аа. Газар газрын нөхцөл өөр учир тэрэнд нь тохирсон жорлонгийн механизм шинээр зохиох, бохир зайлуулах үр дүнтэй арга сурталчлах, бохирын аюулыг нийтэд ойлгуулах гээд олон ажил эд зохиодог. Дэлхийн жорлонгийн их хурал зохиож тайлангаа тавьдаг. Жорлонгийн музей, Ариун цэврийн дэлгүүрийн сүлжээ, Дэлхийн жорлонгийн коллеж, сургалт дамжаа гээд олон ажил зохион байгуулжээ.

Цэвэр жорлонгийн хөдөлгөөнийг олон газар дэмжин санхүүжүүлдгийн тэргүүнд Билл Гэйтсийн эхнэрийн “Милинда Гэйтсийн сан” байна. Тэд ялангуяа хөгжиж буй буурай орнуудын бохирын ариун цэврийг сайжруулахад ихэд анхаарч олон арван сая доллар хандивласаар ирсэн. Дэлхийн жорлонгийн байгууллагын Ерөнхийлөгч Жак Сим Монголд ирж жорлон “шалгачихаад” Азиас Хятад, Монгол хоёрын жорлонгийн ариун цэвэр арай дэндүү байна гэж хэлээд Монголын төрийн бус байгууллагуудыг олон улсын энэ байгууллагад элсэж хамтран ажиллаач гэж ятгаж байсан. Дэлхийг хамарсан том төсөл болохоор ядуу орнууд бэлэн санхүүжилттэй.

Саяхнаас манайд жорлонгийн хөдөлгөөн үүсч их л идэвх санаачилгатай ажиллаж эхэлсэн нь үнэхээр талархам үйлс юм. Айлгах биш ойлгуулах, загнах биш сургах, тараах биш өөрсдөөр нь бүтээлгэх чиглэл бариад үүндээ өргөн олныг хамруулан ажилласаар эрүүл орчин бүтээвэл асар их буян болно. Тэгж ч байгаа байх.

Утаа аюул мөн, гэхдээ жорлон гэнэт дэлбэрвэл хор хөнөөл нь зүйрлэхийн аргагүй гамшиг.

2018.3.24

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабар “Жорлон” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Улс төр” нүүрт Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр “Н-2 визээр зорчих иргэд визний зөрчил гаргахгүй бол сунгах боломжтой” хэмээн ярьжээ.

Орчлон сургуулийн ерөнхий захирал Д.Батмөнх “ISO хэрэгжүүлнэ, нэвтрүүлнэ, баталгаажуулна гэдэг нь үйл ажиллагаагаа стандартчилж тогтмол чанаржуулах явц юм”хэмээн “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт ярьсан байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “22 шүүгчийн ХОМ-ийг шалгуулна” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч үзээрэй.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог,баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабар “Жорлон” хэмээн өгүүлсэн байна.

Монгол Улсын төрийн соёрхолт Намсрайн Сувд “Ээж намайг физикч, математикч болгох гээд багшаар хүртэл ятгуулж байсан” хэмээн ярьсныг “Уран бүтээлч” нүүрээс хүлээн авч уншаарай.

“Гүүрэн замууд барихтай холбоотойгоор дугаарын хязгаарлалтын талаар санал авч эхэллээ” хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлсэн байна.

“Спорт” нүүрт Боксын спортын гавьяат тамирчин Н.Баярсайхан Боксын рингэнд хоёр ч тамирчин амиа алдсан гэхээр эцэг, эхчүүд хүүхдүүдээ тэмцээнд оруулахаас айж байгаа хэмээн ярьжээ.

Тус нүүрт улсын заан Ц.Магалжав “Ирэх сарын 4-нд явагдах хурлаар МҮБХ-ны гүйцэтгэх захирлыг томилно” хэмээн ярьсан байна.

“Эдийн засаг” нүүрт Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Өлзийбаяр ”Манай төр засаг гадны хөрөнгө оруулагчдын хувьцааны үнийг хэд дахин унагачихаад байгаа” хэмээн ярьсныг хүлээн авч уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Цоо шинэ үеийн тэргүүн тэрбумтан

Билл Гэйтс зурган илэрцүүдСүүлийн 20-иод жил өөрийн хөрөнгөөр дэлхийн тэрбумтангуудыг тэргүүлсэн Билл Гэйтс “Оюуны өмч гэдэг бол хадгалах хугацаатай байдаг гадилтай адил түр зуурын зүйл” гэж хэлсэн билээ. Энэ нь оюуны өмчийг байнга хөгжүүлж шинэчилж байхгүй бол хоцрогдож дорхоноо зах зээлээс шахагддаггэсэн үг юм. Үнэхээр ч тэрээр оюуны өмчөөр тэрбумтан болсон цоо шинэ үеийн супербаячуудын анхдагч билээ.

Билл Гэйтс ( англ. William Henry “Bill” Gates)1955 оны 10 сарын 28-нд Сиэтл хотод төржээ. Аав нь өмгөөлөгч, ээж нь багш. Билл Гэйтс дунд сургуульд байхдаа компьютерыг шимтэн сонирхох болж энгийн хялбар программуудыг зохиож эхэлсэн байна. Дунд ангид байхдаа өөрийн зохиосон программыг худалдах анхныхаа компанийг байгуулж байжээ. Тэрээр эцэгтэйгээ адил хуульчийн мэргэжил эзэмшихээр 1973 онд Харвардын Их Сургуульд элсэн орсон боловч 1975 онд сургуулиа орхиж удалгүй дунд сургуулийн найз Пол Аллентай хамтран мэдээллийн технологи, компьютерийн программ хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Майкрософт компаниа байгуулжээ. Гэйтс 31 насандаа АНУ-н түүхэн дэхь хамгийн залуу тэрбумтан болсон ба 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлэх болсон юм. Мэдээж энэ хүн яагаад ийм амжилтанд хүрсэн нь уншигчдад сонин байх бизээ. Тэрээр компьютерт маш сонирхолтой байсан бөгөөд залуу байхдаа програм бичиж сурахад ихэнх цагаа зарцуулдаг байжээ. Үүний үр дүнд тэрээр програмчлалын хэл болох BASIC, мөн IBM-ын захиалгаар MS-DOS хэлийг програмчилж, компьютерт шаардлагатай байсан олон чухал нээлт хийж оюуны өмчийн гэрчилгээ авсан байна. Энэ бүхэн нь Microsoft-ын баталгаатай үндэс суурь болсон ажээ. Энэ нь товчоор “Та өөрийн сонирхдоггүй, дургүй зүйлийг хийх хэрэггүй. Та өөрийн дуртай зүйлийг хийснээр таны амьдралын өдөр бүр баяр баясгалантай, ажилдаа явах хүслээр оргилох бөгөөд улмаар энэ нь таныг амжилтанд хүргэх болно” гэсэн үг юм.

Амжилт гэдэг гэнэт л бий болдог зүйл бус, харин асар их шаргуу хөдөлмөрийн туйлд оршдог гэдгийг Б.Гейтсийн ажил хөдөлмөр нотолдог. Тэрээр өөрийн хүсэл тэмүүллээр цэнэглэгдэн, програмчлал болон кодчиллыг хөгжүүлж, хэрхэн дэлхий дахинд хүргэх шийдлийг судлан олон жилийг машины гаражид өнгөрүүлсэн билээ. Үүнд тэр маш их цаг зарцуулсан. Амжилт гэдэг зөвхөн сайхан санаа гаргаж ирээд л болчихдоггүй учраас хүн сонголтоо хийгээд, түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж байж амжилтанд хүрдэг гэдгийг тэрээр баталсан. Microsoft амжилттай явж байсан ч Б.Гейтс нийлүүлж байгаа бүтээгдэхүүнүүдээ илүү хөгжүүлэх, хэрэглэгчдийн хэрэгцээг хангах судалгаанд олон өдөр, шөнийг зарцуулсан билээ.

Хүн байнга ажлаа төлөвлөж хэрэгжүүлж байх хэрэгтэй. Microsoft-ыг монополийн тухай хуулийг зөрчиж байна хэмээн шүүхийн нэхэмжлэл гарсан бөгөөд бүтэн 21 жилийн маргааны эцэст 2011 онд уг компанийг хуваах шийдвэр гарсан. Энэ хугацаанд Б.Гейтс тухайн үеийн нөхцөл байдалд сатаарахгүйгээр хэтийн төлөвлөгөөгөө боловсруулах ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан байна. Тэрээр хэлэхдээ “цаашдын чиг хандлагын ард нь үлдэх бус түрүүнд нь яв” гэсэн билээ.

Б.Гейтс хэзээ ч хүрсэн амжилтандаа сэтгэл ханаж байгаагүй юм. Тэрээр “Амжилтыг тэмдэглэж болох ч бүтэлгүйтлээс сурсан зүйлдээ анхаарлаа хандуулах нь чухал” гэж хэлсэн байдаг. Мөн тэрээр “Танайд хамгийн сэтгэл хангалуун бус байгаа хэрэглэгчид бол таны суралцах хамгийн том эх үүсвэр юм” гэж үргэлж сануулдаг байлаа.

Хүн тайван дөлгөөн бус үргэлж өөрчлөгддөг, эрч хүчтэй байх ёстой. Билл Гейтс цаг үетэйгээ зэрэгцэхийн тулд өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг байсан нь түүнийг амьд домог болгосон. Тэр зах зээл өөрийн хэрэгцээ, шаардлагаар байнга өөрчлөгдөж байдаг гэдгийг мэддэг учраас Microsoft-ын бүтээгдэхүүнийг тухайн үеийн эрэлтэд нийцүүлэн олон янзаар өөрчилж, шинээр бүтээдэг байжээ.

Хүн бусдыг зөв замд нь чиглүүлж, мэдлэг туршлага олгох, эсвэл ажил амьдралыг нь дээшлүүлэхэд шаардагдаж буй хэрэгцээт нөөц бололцоогоор хангах замаар бусдад туслах үүрэгтэй. Б.Гейтс маш их мөнгө, цаг хугацаагаа бусдад ер бусын туслалцаа үзүүлэхэд зориулдаг. Ингэснээрээ ирээдүйд дэлхийг зөв чиглүүлэх замд удирдах хүмүүсийг бий болгоход хувь нэмрээ оруулж байгаагаасаа аз жаргал авдаг байна.

“Билл Гейтс ба Мелинда Гейтс” сан дэлхий даяар тулгараад буй асуудлуудад олон тэрбум доллар хандивласан нь хүүхдүүд болон насанд хүрэгчдийн амьдралд чухал өөрчлөлт оруулж байна. Энэ бүхэн нь Билл Гейтсийн хувь хүний зан чанарыг илтгэж байгаа бөгөөд түүнийг дэлхийн нийтийн өмнө нийгмийн хариуцлагаа ухамсарласан иргэн хүн гэдгийг харуулж байна. Билл Гейтсийн тэмдэглэлд “Дараагийн зуунд бусдад урам зориг хайрладаг хүмүүс нь лидерүүд болох болно” гэсэн байдаг.

Удирдагчид бусдаас өөр харагддаг. Ухаантай, амбицтай, бусадтай нийцтэй хүмүүс маш олон байдаг хэдий ч удмрдагч болох зан чанархүний цусанд оршдог

зүйл гэж хэлж болно. Билл Гейтсийн тухайд түүний эцэг эх нь түүнийг бие даан сэтгэхийг дэмжиж, шаргуу хөдөлмөр, ёсзүй, бусдыг анхаарч үзэж байх зэрэг үнэ цэнийн тухай тогтолцоог ойлгуулж, шийдэмгий байхад нь зоригжуулдаг байжээ. Гейтс өөрийн хуримтлуулсан мэдлэг туршлага, өөрийн хөгжүүлсэн оюун ухаан, үйлвэрлэл болоод нийгмийг хөгжүүлэх түүний хүсэл зориг, өөрийн гаргасан алсын хараатай санаанууд, бусадтай мэдээлэл солилцох болон бусдад зааварчилгаа өгөх сошиал нэтворк, бусдад нөлөөлөх хүч чадал зэрэг дээрээ суурилан, эцэг эхээсээ сурсан зүйлсээ хөшүүрэг болгосноор амьд домог болж чаджээ.

Чи залуу байсан ч цаг хугацаа чамайг хэзээ ч хүлээдэггүй юм шүү. Чамд сурч мэдэх зүйлс асар их бий. Алт шиг үнэтэй эцэг эхээ хайрлаж, сургуульд хий дэмий сэлгүүцэж наргихыг бус өөрийгөө хөгжүүлж, боловсрохыг эрхэм болгох хэрэгтэй. Хэрэв багш чинь ингэж чадахгүй бол тэднээс шаард. Магадгүй тэд чам шиг хүүхэдтэй олон учирч байгаагүй учраас 10, 20 жилийн өмнөх юмаа давтаж заасаар байгаад орчин үеийн хүүхэд залуусын шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг мартаж дүүнг болсон байж болох юм. Үргэлж зурагт үзэж олон ангит савангийн дуурь үзсэнээр хүн хөгжинө гэж байдаггүй. Өөртөө тависан зорилгодоо үнэнч байж хөдөлмөрлөж чадвал амьдрал чамайг шагнахаа мартана гэж хэзээ ч байхгүй гэдгийг тэр баталсан.

Амьд домог Билл Гейтс дунд сургуульд заахыг мартсан 11 зүйлийг ингэж нэрлэж байна. Үүнд:

1. Амьдрал шударга бус үүнтэй эвлэр. 2. Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн тулд чамаас ямар нэгэн амжилт бүтээл заавал шаарддаг. 3. Сургуулиа төгсмөгц жилийн сая долларын цалин авах магадлал байхгүйтэй адил. Иймээс чи “гавъяа байгуулаагүй” цагт компанийн дэд ерөнхийлөгч болж өндөр цалин авахгүй. 4. Хэрэв чи багшийгаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал босс болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь боссын ажил алба чамайг даалгавраа хэрхэн биелүүлэхээс чи мөнгөтэй болох уу үгүй юу гэдэг нь хамаардаг.5. Зах дээр наймаа хийхийг чи өөрийн нэр хүндээс доогуур гэж бүү бод. Таны өвөг дээдэс ямар ч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.6. Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үгэл, өөрийн бүтэлгүй явдалд шантарч болохгүй, харин алдаан дээрээс суралцаж сур.7. Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг санаа зовох юмгүй хүүхэд насаа өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Ийм учраас юуны өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр. 8. Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи бүх зүйллд ганц ганц удаа шалгалт өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй. 9. Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн “би”-гээ олоход туслана, үүнийг ч хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.10. Бодит амьдралыг зурагтаас үзүүлж байгаатай бүү андуур! Амьдрал дээр хүмүүс ихэнхи цагаа кафед бус харин ажлын газраа өнгөрөөдөг. 11. Нүдний шилтэй “онцчуудтай” сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-ын Инженерийн цэргийн корпусын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АНУ-ын Инженерийн цэргийн корпусын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын барилгын цэргийн болон АНУ-ын инженерийн цэргийн корпус буюу USACE хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, АНУ-ын талаас АНУ-ын Номхон далайн командлалын хойд хэсгийн дэд командлагч генерал Рожер Нобел, АНУ-ын Инженерийн цэргийн корпусын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн ахлах менежер Эван Тинг болон албаны бусад хүмүүс байлцлаа.

АНУ-ын Инженерийн цэргийн корпусын төлөөлөгчид тус байгууллагынхаа бүтэц үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монголын талын сонирхсон асуултуудад хариулсан юм. Тус улсын Инженерийн цэргийн корпус нь инженер, эрдэмтэн судлаачид, удирдах цэргийн албан тушаалтнууд гэх мэт 35 000 орчим хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд өдөр тутамдаа ажилладаг барилгын 300 000 мэргэжилтнүүд, 5000 тусгай мэргэжилтнээс бүрддэг байна. Усан тээвэр, үерийн эрсдлийн менежмент, экосистемийн сэргээн босголт, дэд бүтэц, Усан цахилгаан станц, ус хангамж, эрчим хүч ба тогтвортой хөгжил, цэргийн барилга байгууламж, гадаад дахь цэргийн бүтээн байгуулалтын ажиллагаанууд зэргийг хариуцдаг байна. Мөн тэд байгууллагынхаа оролцсон бүтээн байгуулалт, улс орондоо болон олон улсад хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийнхээ зарим жишээг танилцуулсан юм. Тус байгууллага нь дэлхийн 132 оронтой хамтын ажиллагаатай 43 улсад салбартай, АНУ-ыг тусгаар тогтнолоо зарлахаас нэг жилийн өмнө, хуурай замын армиас нь хоёр хоногийн дараа буюу 1775 онд байгуулагдсан арвин түүхтэй ажээ. АНУ-ын Инженерийн цэргийн корпус өнгөрсөн жил Монгол Улсад хоёр цэцэрлэг барьсны нэг нь Баянзүрх дүүрэг, нөгөө нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн манай улсын ОБЕГ-тай хамтран үерийн аюулгүй байдлын сургалт хийж байсан талаараа тэд дурдлаа.

Энэ тухай танилцуулгыг сонссон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд манайхаар бол Барилгын цэрэг, Инженерийн цэрэг, Ус сувгийн удирдах газар, Тусгай хамгаалалттай газрын захиргаад, ОБЕГ-ын үерийн хамгаалалт, Геодези зураг зүйн газар, Усан цахилгаан станцууд гэх мэт олон аж ахуйн нэгж агентлагийн үйл ажиллагааг хариуцдаг байх нь хэмээн хэлээд тус улсын энэ байгууллагын талаархи дэлгэрэнгүй танилцуулгад талархаж байгаагаа илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга АНУ-ын Инженерийн цэргийн корпус үерийн далан барьж байгаа болон ус хуримтлуулж, УЦС барьж байгаа туршлагыг нь Монгол Улс ихэд сонирхож байгаа бөгөөд Монголын барилгын цэргийн инженерүүдийг байгаль орчин хамгаалах болон үерийн усны далан барихад сургаж өгөх боломжтой эсэхийг асууж санал тавилаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

06-р сарын 01-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018.03.27-ны өдөр боллоо

06-р сарын 01-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн барьсан Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор 2018 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл бүх аймаг, суманд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов. Мөн шүлхий өвчний голомттой болон өвчин илэрсэн аймаг, сумдад малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон байна.

Шүлхий өвчин тараасан, хорио цээрийн дэглэм зөрчсөн, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгов.

Царцсан 1562 айлын орон сууцны барилгыг энэ онд ашиглалтад оруулна

“Төрийн орон сууцны корпораци”-д бүртгэлтэй байсан Говь-Алтай /120/, Дундговь /20/, Орхон /315/, Хөвсгөл /135/, Улаанбаатар хотод /972/ байх нийт 1562 айлын орон сууцны дуусаагүй барилгыг Хөгжлийн банкны балансад шилжүүлэв. Барилгыг гүйцээн барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, энэ онд ашиглалтад оруулахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгалаа.

Барилгуудыг ашиглалтад оруулсны дараа түрээсийн орон сууцны санд шилжүүлэх асуудлыг дахин авч үзэхээр болжээ.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан

16 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг хүчингүй болгов

Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал, дүгнэлтийг үндэслэн нэр бүхий 16 аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Б.Батзориг болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын дарга нарт үүрэг болголоо.

Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгуулах хүсэлт гаргаагүй, зөвшөөрлөө хүчингүй болгох хүсэлт гаргасан, зөвшөөрлийн хугацааг сунгаагүй байхад үйлдвэрлэл явуулж, борлуулалт хийсэн, үйлдвэрлэл нь зогссон, аж ахуйн нэгж нь татан буугдсан, үйлдвэрийн байргүй болсон, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаагүй зэрэг үндэслэлээр зөвшөөрлийг нь цуцлах санал гаргасан байна.

Цэргийн дүйцүүлэх албыг таван сая төгрөгөөр орлуулан хаана

Цэргийн дүйцүүлэх албыг 2018 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх мөнгөний хэмжээг 5,070,990.0 /таван сая далан мянга есөн зуун ер/ төгрөг байхаар тогтлоо.

Цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа иргэд батлан хамгаалах үйл хэрэгт суралцаж, байгалийн болон нийтийг хамарсан гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах, орон нутагт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажилд оролцдог юм.

Мөн “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 44.6 хувьтай байна

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны эцсийн байдлаар 44.6 хувьтай гарчээ. Бодлогоор нь авч үзвэл :

– Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 53.9

– Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8

– Нийгмийн бодлого 46

– Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 41.2

– Засаглалын бодлого 47.2 хувьтай байна.

Товч мэдээ

– Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Үүнтэй холбогдуулан зорилт, арга хэмжээний биелэлтийг тайлагнахдаа зарцуулсан хөрөнгийн хэмжээг тодорхой заах, Үндсэн чиглэлд заасан зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг тухайн жилийн хүрсэн түвшинтэй харьцуулан үнэлж байхыг сайд, холбогдох агентлагийн дарга нарт даалгалаа.

– “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын энэ оны 43 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар сайд Н.Цэрэнбат, Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар танилцуулав.

– “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, “Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулиудын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөл батлагдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр ажиллах нөхцөл бүрдэх юм.

– Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар ба хүртээмжийг дэмжих төсөл”- ийн Зээлийн хэлэлцээрийг дэмжив. Зээлээр хоёр сургууль, найман цэцэрлэг шинээр барьж, найман сургууль, 16 цэцэрлэгийг өргөтгөхөөр төлөвлөжээ. Мөн боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөвлөлтийг сайжруулж, чадавхийг бэхжүүлэх юм.

– “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. Төсөл хэрэгжвэл хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээ шинэчлэгдэж, хог хаях цэгүүдийн хүчин чадал дөрвөн сая тонноор нэмэгдэнэ. Хотод ялгарч байгаа хүлэмжийн хэмжээ жилд 18 тонноор буурч, 100 мянган тонн барилгын хог хаягдлыг боловсруулж ашиглах боломж бүрдэх юм.

– “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн тавдугаар сарын гуравдахь долоо хоногт зохион байгуулж байхаар тогтов. Энэ нь хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг хүүхдүүдэд төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг зорилготой юм.

Categories
мэдээ улс-төр

Царцсан 1562 айлын орон сууцны барилгыг энэ онд ашиглалтад оруулна

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан зурган илэрцүүд“Төрийн орон сууцны корпораци”-д бүртгэлтэй байсан Говь-Алтай /120/, Дундговь /20/, Орхон /315/, Хөвсгөл /135/, Улаанбаатар хотод /972/ байх нийт 1562 айлын орон сууцны дуусаагүй барилгыг Хөгжлийн банкны балансад шилжүүлэв. Барилгыг гүйцээн барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, энэ онд ашиглалтад оруулахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгалаа.

Барилгуудыг ашиглалтад оруулсны дараа түрээсийн орон сууцны санд шилжүүлэх асуудлыг дахин авч үзэхээр болжээ.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан

Categories
мэдээ нийгэм

Дөчин мянга гаруй албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгоно

Холбоотой ЗурагАвлигатай тэмцэх газраас төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг маргааш ил болгох гэнэ. Мөн 40071 албан тушаалтны ХОМ-ийг Хувь хүний нууцын тухай хуульд заасан зохицуулалттай уялдуулан хураангуй хэлбэрээр төрийн өндөр тушаалтнуудынхтай адил хэлбэрээр нийтэд мэдээлэхээр хуваарь гаргажээ. АТГ-аас тавдугаар сар хүртэлх хугацаанд 40 мянга гаруй албан тушаалтны ХОМ-ийг нийтэд хураангуй хэлбэрээр зарлах аж.

Батлагдсан хуваарийн дагуу:

  • Гуравдугаар сарын 28-ны өдөр төрийн өндөр тэдгээртэй адилтгах албан тушаалтнууд,
  • Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр шүүх эрх мэдлийн байгууллагууд, Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд,
  • Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Ерөнхийлөгчийн харьяа байгууллагууд, УИХ-ын харьяа байгууллагууд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, тэдгээрийн харьяа байгууллагууд,
  • Тавдугаар сарын 11-ний өдөр Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ийн хураангуй хэлбэрээр ил тод байршуулна
Categories
мэдээ нийгэм

Хурдан морины уралдааныг 6-р сарын 1-нийг хүртэл хориглов

Хурдан морины уралдаан зурган илэрцүүдМонгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний өргөн барьсан Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр баталлаа.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор 2018 оны 6-р сарын 1-ний өдрийг хүртэл бүх аймаг, сумдад хурдан морины уралдаан зохион байгуулахыг уг тогтоолоор хориглов. Мөн шүлхий өвчний голомттой болон өвчин илэрсэн аймаг, сумдад малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг тогтоолд заасан байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг тараасан, хорио цээрийн дэглэм зөрчсөн, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлын талаарх чанарын судалгаа хийжээ

Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн ихэнх улс орнуудтай харьцуулахад Монгол Улс дахь жендэрийн тэгш бус байдал харьцангуй бага байдаг. Гэсэн хэдий ч жендэрийн тэгш бус байдал байсаар байна. Тухайлбал, эдийн засгийн боломжын хүртээмж, цалин хөлс, бүтээмжийн ялгаатай байдал байгааг зарим судалгаануудаар баримтжуулсан байдаг.Монгол Улс жендэрийн тэгш бус байдлаар дэлхийд 159 орноос 53-т жагсаж байгаа ч олон эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх, ажилд орох боломж нөхцөлүүдийг хязгаарласан саад бэрхшээлтэй тулгарсаар байна хэмээн Дэлхийн банкны шинэ судалгаанд тэмдэглэжээ. Хөдөлмөрийн зах зээлд оршиж буй жендэрийн тэгш бус байдал нь ажиллах хүчний оролцооны түвшин янз бүр, тэгш бус цалин хөлс, эмэгтэйчүүдэд баталгаагүй албан бус ажил хөдөлмөр эрхлэх хандлага өндөр байгаа зэргээр илэрч байна. Манай улсад эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд боловсролын түвшин илүү байгаа ч эмэгтэйчүүд боловсролоо ашиглаж хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй оролцох боломжоор харьцангуй дутмаг байна хэмээн уг тайланд онцолжээ.

Уг судалгааны талаар Монгол Улс дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсоноос тодрууллаа:

Өнөөдөр бид Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд хийсэн жендэрийн тэгш бус байдлын чанарын судалгааны үр дүнг танилцуулж байна. Хөдөлмөрийн зах зээл дээрх жендэрийн тэгш бус байдлыг арилган эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр, нийгэмд олон төрлийн эерэг үзүүлэлтүүд гарч эхэлдэг. Чанарын судалгаа гэдэг нь тоон үзүүлүүлэлт дээр нэмэлт мэдээлэл болгож суурь шалтгаанууд нь юу байгааг, арилгахад ямар арга хэмжээг авах хэрэгтэйг авч үзэн нэгтгэх юм. Суурь шалтгааныг судлахад хүүхэд болон ахмад настэнуудыг харах үйлчилгээ дутмаг байдгаас эмэгтэйчүүдийн ихэнх нь хөдөлмөр эрхлэх боломжгүй байна. Эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлээгүйн улмаас санхүүгийн болон сэтгэл зүйн дарамттай байдаг гэсэн судалгаа гарсан. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх, ялангуяа хамгийн хүртээмж муу байдаг эмзэг бүлэг, хөдөө орон нутаг, алслагдмал газруудад эдгээр үйлчилгээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эдгээр нь амьдрал дээр хэрэгжихгүй байна. Судалгааны үзүүлэлтүүдийг хянаж, түүгээр тодорхой бодлого явуулахад үр дүнтэй. Монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажиллах хүчний зөрөө их байна. Хөдөлмөрийн зах зээл дээрх дутагдлыг арилгах нь өөрийн хүмүүсээ үнэ цэнэтэй баялаг болгох, Монгол Улсын хувьд ач тустай юм гэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С. Мөнгөнчимэг ярихдаа:

Өнөөдрийн судалгаа олон асуудлыг хөндөж байна. Салбарынхаа суурь хуулиудад шинэчилсэн найруулга хийх гэж байгаа. Эмэгтэйчүүдийг нийгэмд ажил хөдөлмөр эрхлэх бодлого шийдвэр гаргах хэрэгтэй. Монголд эмэгтэйчүүд боловсрол өндөр хэрнээ хөдөлмөрийн зах зээл дээрх идэвхтэй байдал нь эрэгтэйчүүдээс бага байна. Эмэгтэй хүнийг ажилд авахад гадаад үзэмжээр нь ялгаваран гадуурхах зүйл байгаа гэх судалгаа гарсан. Хөдөлмөрийн нөхцөл, ажлын цаг уян хатан байх, цалин хөлс зөрөөтэй байх гэх мэтчилэн асуудлууд байна. Цаашид шинэ бодлого гаргахад суурь болсон судалгаа гэж харж байна.

Хуулинд өөрчлөлт оруулна гэлээ. Үүнийг бодит болгохын тулд ямар ажилууд хийж эхлэх вэ?

Хуулинд жендэрийн талаар тодорхой заалтууд байдаг. Хэрэгжилт дээрээ алдаа оноотой зүйл бий. Энэ судалгаа биднийг ямар түвшинд байна, юун дээр алдаад байгааг тодорхой гаргасан болохоор цаашид шинэлэг арга хэлбэрүүдийг оруулж ирэх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Эмэгтэйчүүдийн асуудал гэхээр гэр бүлийн асуудал, хүүхдийн асуудал, эцэг эхээ харж хандах гэх мэт асуудлууд гарч ирдэг. Бид цэцэрлэг, сургуулийн хүртээмж дээр боловсролын яамтай хамтарч ажиллаж байна. Гурван ээлжийн сургуулийг хоёр ээлжийн болгох зорилтуудыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээрээ олон асуудлыг шийдэх бололцоо бүрдэнэ. Олон улсын хувьд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн оролцоог жигд дэмжсэнээрээ хөгжлийг хурдасгаж болно гэж үздэг. Эмэгтэйчүүдийг ажилтай орлоготой байхыг дэмжсэнээрээ гэр бүлийн хүчирхийллийг шийдэх талтай. Манай улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ 15 хувийн бага цалин авч байгаа гэсэн судалгаа байдаг. Төрийн байгууллагад ажил эрхлэж буй хүмүүс дунд ялгаа байхгүй. Хувийн салбарт их байдаг. Эрэгтэйчүүд цалин өндөртэй, эмэгтэйчүүд цалин багатай ажил хийж байна. Бид эмэгтэйчүүдийг ажлаа хийх бололцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн дундаж цалин ажил эрхэлж буй эрэгтэйчүүдийнхээс доогуур байна. 2015 онд эрэгтэйчүүд дунджаар сард 856,000 төгрөгийн цалин авч байсан бол эмэгтэйчүүд 760,700 төгрөг авч байсан байна. Эмэгтэйчүүдийн олонх нь, ялангуяа хөдөө орон нутагт, баталгаагүй албан бус салбарт болон цалин хөлсгүй гэрийн ажил эрхэлдэг ба бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхээс хавьгүй доогуур байна. Олон ажиллагсад ажлын байрны тогтвортой бус байдал, цалин хөлс нь баталгаатай биш, эрүүл мэндийн даатгал, тэтгэвэрийн тогтолцоонд хамрагдаж чаддаггүй. Мөн хүүхэд асрах үйлчилгээ үзүүлэгч ажилтнуудын боловсрол, сургалтыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

1,000 инженер хөтөлбөрт элсэлт авах сорилын тов гарлаа

Монгол Улсад өндөр мэдлэг чадвар бүхий инженер технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол-Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй “Инженер технологийн дээд боловсрол төсөл энэ оноос бакалаврын түвшний элсэгчдээ Япон улс руу илгээж эхэлсэн. Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн өмнө их сургуульд элсэхдээ энэхүү “1,000 инженер” хөтөлбөрт тэнцэж байсан 56 оюутан Японы их дээд сургуулиудад суралцахаар тус улсыг зорино.

УЛААНБААТАРТ

2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн урьдчилсан сорилын тов гараад байна. Улаанбаатар хотод 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний Бямба гараг хүртэл www.mjeed.edu.mn сайтаар бүртгэж урьдчилсан сорилыг дөрөвдүгээр сарын 21-ний /Бямба гараг/ 10 цагт ШУТИС-ийн хичээлийн II байранд зохион байгуулна.

ОРОН НУТАГТ

Орон нутагт тухайн аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цаг хүртэл бүртгэж, нэгтгэсэн мэдээллийг Төсөл хэрэгжүүлэх нэгжид файлаар хүргүүлнэ. Урьдчилсан сорилыг 04 дүгээр сарын 28-ны өдрийн /Бямба гараг/ 10:00 цагт бүх аймгуудад нэгэн зэрэг зохион байгуулна. Ирээдүйд инженер болох сонирхолтой төгсөх ангийн сурагч бүр оролцох боломжтой учраас “1,000 инженер” төслийн албан ёсны сайтаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авч, урьдчилсан сорилд өргөнөөр оролцохыг урьж байна.