Categories
мэдээ улс-төр

Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ассамблейн хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Монгол Улсын парламентын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганд оролцож байна. Чуулганаар дэлхий нийтэд тулгамдаад буй “Цагаач болон дүрвэгсэд”-ийн асуудал, хүний эрх, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийг ялгаварлан гадуурхах, хүчирхийлэхээс урьдчилан сэргийлэхэд парламентын гүйцэтгэх үүрэг, оролцоо зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Болд Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанд, Б.Саранчимэг Эмэгтэй парламентчдын чуулганд, О.Баасанхүү Залуу парламентчдын чуулганд тус тус оролцлоо. Түүнчлэн гишүүд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх нэгдсэн хэлэлцүүлэгт оролцсон байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ассамблейгаар хэлэлцэж буй “Цагаач болон дүрвэгсдийн асуудлаарх олон улсын дэг журмыг сайжруулах нь: Нотолгоонд суурилсан бодлогын шийдвэр гаргах хэрэгцээ, шаардлага” сэдэвт Нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ.

Тэрбээр “Хэдийгээр энэ нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал хараахан биш ч дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүнийхээ хувьд олон улсад үүсээд буй бүхий л асуудлыг анхааралтай ажиглаж, энх тайвныг сахин хамгаалахын төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулахад бэлэн байдаг” гэлээ. Түүнчлэн цагаачиргэд, дүрвэгсдийн амьдрах нөхцөлийг сайжруулах болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэхүү чуулганаас гарах ОУПХ-ны гишүүн орнуудын хамтын шийдвэр ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, О.Баасанхүү, Л.Болд нар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэх ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралд оролцов.

Л.Энх-Амгалан ОУПХ энэ чиглэлээр 2000 оноос хойш нийт 50 гаруй тогтоол, шийдвэр гаргаж, уг хэрэгт холбоотойгоор дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ, Япон, ИБУИНВУ-ын парламентаас хүссэний дагуу ХБНГУ-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэн, эд мөрийн баримтуудыг шинжлэх ажлыг манай талтай хамтран хийх зэргээр тусалж байсанд, одоог хүртэл байнгын анхааралдаа байлгаж байдагт Монголын парламент, ард түмний өмнөөс талархлаа илэрхийллээ.

Мөн тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” хэмээн тов тодорхой заасан тул УИХ уг хэргийг шүүн тасалсан байдалд болон хэргийн талаар гаргасан шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүйг тайлбарласан. Гэхдээ Монгол Улсын Их Хурал хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааны талаар болон яллагдагчдын хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар ирүүлсэн ОУПХ-ны албан тоот, зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагуудаас тухай бүрд нь лавлагаа авч тодруулан, зохих мэдээллийг өгч байснаа дурдсан.

Монголын төр, түүн дотроо хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий УИХ ОУПХ-ны нэгэн адил уг хэргийг олон улсын хэм хэмжээ, түүнд нийцүүлэн гаргасан үндэсний хууль тогтоомжийн дагуу үнэн зөв, шударга ёсонд нийцүүлэн шийдвэрлээсэй хэмээн хүсэж байгаа. УИХ-ын зүгээс ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороотой цаашид ч хамтарч ажиллахад бэлэн байна гэв.

Хорооны гишүүд хуульч хүнийхээ хувьд энэ хэргийн талаар ямар бодолтой байдгийг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс асуухад “Хэрэгтэй холбоотой элдэв хардалт сэрдэлт маш их байдаг ч хавтаст хэрэгтэй танилцаагүй, уншаагүй хэн болов ч, ялангуяа ийм том хэрэгт үзэмжээрээ дүгнэлт хийх боломжгүй гэдгийг л хуульчийнхаа хувьд хатуу хэлэх байна. Уг хэргийн материалын 80 орчим хувь нь төрийн нууцын зэрэглэлээс гарсан тул уншиж танилцах боломжтой болсон. Тиймээс хэргийн материалтай танилцсаны дараа л албан ёсны байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Маргааш “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болно

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.

Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.

Энэ жил 03 дугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулана.

Монгол Улс тэр тусмаа Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотны хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадварыг эзэмшсэн байх нь чухал юм.

Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.

1 дэх түгшүүрийн дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү.Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.

2 дахь түгшүүрийн дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.

3 дахь түгшүүрийн дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү гэж НОБГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монголын эдийн засгийн чуулган эхэллээ

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Монголын эдийн засгийн чуулганы эхний шат болох энэ уулзалтаар Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулж байна.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн суурь баримт бичиг юм. Шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлж, иргэдийн амьдралын түвшинг сайжруулах нь бодлогын гол зорилт юм.

Засгийн газар Монгол Улсын хөгжлийн үндэс нь сайн төр, монгол хүн, Монголын баялаг гэж үзэн “Нэгдмэл зорилготой Монгол Улс” үзэл баримтлалын дор “Олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого, ”Шударга ёсыг дээдэлсэн сахилга, хариуцлагатай, тогтвортой засаглал”, “Хүн төвтэй нийгмийн бодлого” гэсэн гурван тэргүүлэх чиглэл дэвшүүллээ. Энэ хүрээнд 27 зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Засгийн газар бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш шударга татварын орчныг бий болгох зорилгоор татварын багц хуулийг шинэчлэх юм. Татвар нэмэхгүй, харин зарим нэр төрлийн татварыг бууруулахаар хуулийн шинэчилсэн төсөлд тусгаад байна. Хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэн, нийт 5600 орчим саналаас төсөлд нэмж тусган УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.

Засгийн газар татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангах, олон улсын татварын тогтолцоотой өрсөлдөхүйц байлгахыг зорьж байна.

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын хүрээнд болох таван салбар хуралдаанаар Уул уурхай ба үр өгөөж, Түлш, утаа, түгжрэл, шийдэл, Тогтвортой хөдөө аж ахуй -Хөгжлийн тулгуур, Хувьчлал ба шинэчлэл, Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Монголын эдийн засгийн чуулганы хоёрдугаар шатыг тавдугаар сарын 21-22-ны өдөр Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хэлбэрээр зохион байгуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хавар гэдэг дэндүү уйтгартай улирал болж дээ…

Холбоотой ЗурагХавар гэхээр л хүн бүхэн шив шинэхэн улирал гэж бодно. Гэвч хавар хуучнаас хуучин улирал бололтой. Өвлийн хуучин цасны шар ус уйтгартайгаар далан дагаж урсана. Хотын гудмаар өвлийн өлөн тоосонд дарагдсан машинууд цаанаа л нэг гундуухан хөлхөцгөөнө. Тэдний хөлхөж буйн шалтгаан ч хиртэй, хуучин төгрөг. Шинэ төгрөгүүд тэдний хэтэвчинд хэзээ ч очихгүй. Шинэхэн бороо хэзээ нэгтээ орж, хуучин өлөн тоосыг үргээтэл өдий.

Хотын айл бүхний зурагтаар хуучин улстөрчид хуучин хэрүүлээ хийцгээнэ. Байгаль дэлхийтэйгээ ойрхон байсан бол ийм улиг домог болсон зүйлсийг хэн ч анзаарахгүй сэн. Тэртээх жалганд хөгшин бух өеөдөн үхээд ширийг нь гуринхи үнэг сэглэсэн ч хэн үл тоох тийм нэг нэг амгалан Монголын хөдөөд минь бий. Тэнд ямар ч гуниг байдаггүй. Байгаль дэлхий гэдэг жам ёсоороо л цаг улирлаа давтаж буй нь тэр. Харин энэ их хотжилт, хүний нийгэмд бол алив бүхэн уйтгартай. Эргэн санахад Овоон таг дээр хонио хариулж явахад цасан дундаас ургасан яргуй ямархан дотно, ямар сайхан харагддаг байлаа. Одоо гэтэл амьд хүмүүсийн дунд амьдарч яваа атлаа тэртээ олон жилийн өмнө харсан үхсэн цэцгээс ч хоосон санагдах нь дэндүү гунигтай.

Categories
мэдээ нийгэм

​Хурандаа Д.Цогтбаатарыг Б.Хурц гүтгэсэн эсэхийг өнөөдөр шүүнэ

ТЕГ-ын дарга асан Б.Хурц “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо ТЕГ-ын Сөрөх тагнуулын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг Германы иргэнээс“бенз” маркийн автомашин, сая евро авсан гэж ярьсан. Харин Д.Цогтбаатар үүнийг ”гүтгэлэг” гэж мэдэгдээд шүүхэд хандсан билээ. Энэ асуудлаарх шүүх хурал өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны 14.30 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд болох юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Раднаасэд: АТГ-аас намайг дуудаж байцаагаагүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдтэй ярилцлаа.


-Та Хууль зүйн байнгын хорооны дарга. Сүүлийн үед авлига болон албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргүүд их гарах боллоо. Иргэдийн хамгийн ихээр итгэдэг шүүхийн байгууллага авлигад автсан талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гишүүн хэлсэн байх жишээтэй. Энэ бүгдийг яаж эмх цэгцэнд нь оруулах ёстой вэ?

-Эхлээд нэг зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Х.Нямбаатар гишүүнээс эхлээд шүүгчдийн хөрөнгө орлогыг ил тод болгохоос эхлээд дэвшилттэй зүйлс байна. Тэр хөрөнгө хууль ёсных мөн үү, биш үү гэдэг өөрөө ярвигтай. Тэдэн дунд бизнес эрхлэгч хүн ч байгаа байх. Бүр бизнесгүй ч байж магадгүй. Үүн дээр хууль хяналтын байгууллага шалгалт хийж байгаа байлгүй дээ. Шалгалт хийсний дараа сайн, муу гээд хоёр талтай ялгагдаад гараад ирэх ёстой. Энэ үед буруутай этгээдэд нь хариуцлагаа тооцдог байх шаардлагатай. Хоёрдугаарт, шүүгч, прокуророор очиж байгаа хүмүүс мэдлэг, боловсрол, ёс зүй болон ёс суртахууны хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байна уу, энэ хүн яаж томилогдов гэдэг шүүлтүүрийг бид бодох ёстой.

Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг таван хүн сууж байгаад бүх насаар нь шүүгчээр томилохыг санал болгодог. Миний хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийг өргөн бүрэлдэхүүнтэй болгох ёстой гэж боддог. Олон нийтийн оролцоотой байх ёстой. Зайлшгүй энэ л хүн чадна гэдэг мэргэжил болон ёс суртахууны соёлтой хүмүүсийг бид тавьж, дараа нь шүүхээс гарсан шийдвэр ариун тунгалаг байна гэдэг итгэл үнэмшлээ олж авах юм. “Цалин бага байгаа учраас шүүгч нар авлигад автаад байна” гээд байхаар нь цалинг нь нэмсэн.

Өнөөдөр төрд алба хашиж байгаа хүмүүсээс хамгийн өндөр цалинг шүүгч нар авч байна. Гэтэл шүүх асуудлыг мөнгөтэй талд нь шийдээд явж байгаа асуудал бий. Шүүгч гэж хэн байх вэ гэдэг асуудлаа бид эхлээд ярих ёстой. Тиймээс Шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдалтай холбоотой асуудлууд дээр нухацтай хууль тогтоомж Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр хийгдэж байгаа гэж сонссон. Ингэж байж тодорхой болно.

Түүнээс биш шүүгч нар бүгдээрээ авлига авдаг, тэр нь авлига өгдөг гэдэг мэдээлэл алга.

-Шүүгч хүний амь, амьдралыг дэнсэлдэг. Шүүхийн шийдвэр яаж гарна түүгээрээ хүний хувь заяа хэмжигддэг. Гэтэл шүүгч нарыг хянадаг байгууллага алга. Тиймээс энэ бүхэн даамжираад байгаа юм биш үү?

-Ачааллын хувьд шүүгч нар дээр маш их хэрэг очдог. Шүүгч нарыг хянадаг, шалгадаг эрх зүйн тогтолцоо чухал. Тэр хүмүүс бага зэрэг айдастай байх ёстой биз. Түүнээс биш, би шүүгч учраас гүйцэтгэх ажиллагаа явуулж, мөрдөж, шалгаж болохгүй. Миний хойноос дагах, утас чагнаж болохгүй, намайг ингэж болохгүй би хуулиар хамгаалагдсан субъект гэдэг ийм нөхцөлд ажиллаж байна. Буруу хэрэг хийсэн бол түүнийг нь илчилдэг, шалгадаг статусыг бусад субъектэд нь өгөх хэрэгтэй. Мэдээж шүүх засаглал хараат бус байх ёстой. Шүүн таслах ажиллагаа явуулахад нь хэн нэгэн хөндлөгөөс нөлөөлж болохгүй. Шүүгч хуулийн хүрээнд чин шударгаар ажиллъя гэж байгаа бол шударгаар ажиллаж байгаа гэдгийг нь шалгадаг эрхийг нь өөр субъектэд өгөх зайлшгүй шаардлагатайг дахин хэлье.

Өнөөдөр хууль шүүхийнхэнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа АТГ дээр хийгдэж байгаа. АТГ гэж бүх зүйлийг шалгадаг хүчтэй байгууллага хэрнээ ажиллаж байгаа бүтэцийн хувьд бага байна. Дорвитойхон өөрчлөлт шинэчлэл хийхгүй бол хүнд. Ёс зүйн алдаа гаргасан шүүгч тухайлбал яадаг юм. Бүх насаараа томилогдсон тэр хүн жижиг алдаа гаргасан бол үүнийхээ хариуцлагыг хүлээдэг, шүүгчийнх нь эрхийг хасдаг гэх мэтчилэнгээр хариуцлагын механизмыг оруулж ирэхгүй бол ний нуугүй хэлэхэд шүүхтэй холбоотой яриа ард түмний дунд их байдаг. Энэ арга замыг таслан зогсоохын төлөө явах ёстой. Үүнийг өөрчилж байгаа нь тэр гээд буруу хүмүүсийг шүүгч болгох юм бол эргээд улс орондоо хохиролтой нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй.

Хүн хүний эрхэнд ордог хоёрхон статус байдаг. Нэг нь эмнэлэг, нөгөөх нь шүүх. Яг тэдний хэлснээр явдаг. Хүний эрхийн асуудлыг шийддэг байгууллагуудын алба хаагчдын сонгон шалгаруулахаас эхлээд бүх зүйл нь байж болох хамгийн төгс хууль тогтоомжийг бид хийж ажил явна.

-Та хуульч хүн. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэц дээр хэлэлцэхэд УИХ-ыг төлөөлөн орж ялалт байгуулсан. Гэвч нөгөө талдаа Стандарт банкны барьцаанд байгаа 51 хувийн асуудал тун бүрхэг болчихлоо. Энэ тал дээр хуульчийн байр сууринаас хэрхэн хандаж байгаа вэ?

-Эрдэнэтийн 51 хувь дээр нэг зүйл ойлгомжгүй байгаа юм. Хүний өмнөөс хуурамч гарын үсэг зураад хууль бусаар гэрээ байгуулсан нь дотоодын болон гадаадын шинжээчдээр нотлогдсон тохиолдолд баталгаа гаргасан гэх гарын үсэг хуурамчаар үйлдсэн, хуудсыг нь өөрчилсөн бол нэр гараад байгаа хүмүүс хариуцлага хүлээх ёсгүй. Хуурамчаар гарын үсэг үйлдсэн тал хариуцлага хүлээх ёстой. Арбитрийн шүүхийн шийдвэр ч тэгж гарах ёстой юм. Гэтэл яагаад Эрдэнэт үйлдвэр хариуцлага хүлээнэ гээд шийдвэр гарсан бэ гэдэг нь сонирхол татаж байна. Эндээс өгсөн мэдээллүүд дутуу байснаас болж ийм байдал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Үүнийг хамгийн түрүүнд магадлах ёстой.

Хоёрдугаарт, Төмөр зам яг ижилхэн нөхцөлөөр Арбитрийн шүүхэд хандахад Монголын тал буруугүй гэж гарсан. Гэтэл Эрдэнэт дээр Монголын тал хариуцна гэчихлээ. Арбитрийн шүүхэд явуулсан бичиг баримтаа зэрэгцүүлээд харахад хэн алдаа гаргасан бэ гэдэг нь харагдана. Миний хувьд Эрдэнэт үйлдвэр Арбитрийн шүүхийн шийдвэр дээр давж заалдах ёстой гэж харж байгаа. Монголын тал Эрдэнэт үйлдвэр хариуцлага хүлээхгүйгээр буруу зүйл хийсэн хүмүүс нь хариуцлагаа хүлээдэг тэр зарчим руу явах ёстой.

-Ш.Батхүү гэж хувь хүний авсан зээлийг Эрдэнэт үйлдвэр төлнө гэх юм. Ийм зарчим байдаг юм уу?

-Баталгааны гэрээ гэж байдаг. Зээл аваад эргэн төлж чадахгүй бол бид төлнө гээд баталгаа гаргасан бол зайлшгүй төлөх ёстой. Гэтэл Ш.Батхүү гэдэг нөхөр хэн нэгний өмнөөс гарын үсгийг нь дуурайлгаж зураад, гэрээн доторх зарим хуудсыг нь сольсон гээд байгаа. Тэр сольсон хуудас дотор нь баталгааг нь бид хариуцна гэдэг ч юм уу, юу бичээд зээл авсан юм бол. Үнэхээр тийм зүйл болсон нь үнэн бол Эрдэнэт үйлдвэр хариуцлага хүлээх ёсгүй. Ш.Батхүү хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Арбитрийн шүүх ч гэсэн Монголын тал төл гэдэг шийдвэр гаргахгүй.

-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан шийдэгдэх дөхөж байна уу. Үндсэн хуулийн цэц бол УИХ-ын 23 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гээд үзсэн. Гэтэл шүүх дээрээ Засгийн газар ялагдчих гээд тун хэцүү байна л даа…

-Одоо нэг мөр болох байлгүй гэж харж байгаа. УИХ-ын гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчөөгүй гээд эцсийн шийдвэрээ гаргасан. Засгийн газар тодорхой түвшинд ажиллах ёстой.

Цэцийн шийдвэр гарчихсан болохоор Засгийн газар процессын алдаа гаргачихгүй бол шүүх дээр ялагдах үндэс байхгүй.

-Тантай холбоотой Раднаасэдийн 99 авлига гэж нэрлэж байгаад 500 сая төгрөг авсан гэдэг асуудалд нэр холбосон. АТГ-аас таныг шалгаж эхэллээ гэдэг мэдээлэл гарч байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Цаанаа зорилготой мэдээлэл түгээж байна. Говь-Алтай аймагт сонгууль их эрт болж байгаа юм байна даа л гэж харж байгаа шүү. Нэр дэвшсэн сөрөг намынхны хийж байгаа ажил болов уу. раднаасэдээс болж эрх ашиг нь хөндөгдөж, болохгүй бүтэхгүй зүйлийг нь хаасны төлөө энэ хүнийг дарах ёстой гээд ийм зүйл хийж байгаа байлгүй. Ц.Нямдорж гээд нэг хэсэг дайрсан. Дараа нь Ж.Батзандан гээд дайрсан. Одоо Раднаасэдийг гэж байгаа юм байлгүй.

-Таны дансанд 500 сая төгрөг нэг компаниас шилжиж орсон нь үнэн гээд байна. АТГ-аас мөн таныг дуудаж байцаалт авсан гэх юм. Үнэн үү?

-Тийм юм байхгүй. АТГ-аас намайг дуудаж байцаагаагүй.

-Хаврын чуулганыг ирэх долоо хоногт нээнэ. Энэ удаагийн чуулганаар Хууль зүйн байнгын хорооноос ямар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх вэ?

-Байнгын хороо өнгөрсөн намын чуулганаар багагүй ачаалалтай ажиллаж, чамлахааргүй олон хуулиудыг батлан гаргасан. Чуулганы завсарлагааны хугацаанд ажлын хэсгүүд гарч хуулийн хэрэгжилт дээр хяналт тавин ажиллаж байна. Их хурал хууль батлаад байдаг. Гэтэл нөгөө талдаа хуулийн хэрэгжилт ямар байгаа болон хуулинд дутуу орхисон зүйлс юу байна гэдгээ эргэж харж байхгүй бол бид хууль баталсан нэр зүүж, нөгөө талд нь хуулийг мушгин гуйвуулахаас эхлээд сөрөг асуудлууд үүсдэг. Хуулийг даган олон журам гардаг. Хуулиасаа давсан жинхэнэ хүнд суртал бий болсноор хуулийн харилцаанд орж буй хүмүүсийн амьдралд зовлон нэмдэг. Тиймээс Их хурлаас батлагдан гарч буй хуулиуд дээр онцгой анхаарах ёстой гэдэг зарчмын байр суурь баримтлан ажиллаж байгаа.

Ирэх хаврын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль түүнийг дагасан дөрвөн хуулийг багцаар нь хэлэлцэнэ. Хүн харахад тэр бүр мэдэгдэхгүй мэт боловч улс орны хэмжээнд улсын бүртгэл маш том хариуцлага байдаг. Нөгөө талдаа асар үр дагавартай л даа. Үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдтэй холбоотой олон бүртгэлийн асуудал дээр шинэ түвшинд гарсан цахим бүртгэлээс эхлээд шийдвэрлэхээр зүйлс уг хуулиудад туссан. Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцэхээр жагсаалтад орсон. Монгол Улсаас орж гарч байгаа мөнгөний урсгалд татварын байгууллагаас тавих хяналт, ялангуяа хаалттай бүс гэгдэх оффшор бүст гарч мөнгөний асуудал анхаарал татах болсон. Хууль бусаар мөнгө олж түүнийгээ угаах явдлыг цэгцэлж хууль ёсны болгох тал дээр түлхүү анхаарах цаг хэдийнээ болчихоод байна. Өнөөдөр бид гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн тухай ярьдаг. Гэтэл цаана нь гэмт хэрэг үйлддэг зам нь нээлттэй үлддэг. Энэ замыг хаахгүйгээр үр дүн гарахгүй. Тиймээс мөнгө угаах асуудал дээр нэлээд нухацтай ажиллана. Хэлэлцүүлэх хуулийн төслөө Засгийн газар өргөн барьчихсан.

-Эрүү болон Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу?

-Саяхан батлагдсан Эрүү болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Зөрчлийн хуулиуд болон түүний хянан шийдвэрлэх тухай хуулиудыг эргэн харахгүй бол ойлгомжгүй зүйлсээс болж иргэдэд чирэгдэл үүсч байгааг хэлж байна. Тиймээс үүнийг засаж залруулах тал дээр анхаарна. Хуулийг баталж, хэрэгжүүлнэ гэдэг бол ойлголт нэг байж зөв зүйтэй хууль болдог. Тэгэхгүй бол хууль хэрэгжүүлж байгаа байгууллагууддаа хүндрэл, бэрхшээл гарч байгаа. Ялангуяа Зөрчлийн хууль дээр харагдаж байна. Эрүүгийн хуулиудтай холбоотойгоор цагдаа, шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагууд болон Эрүүгийн хуулийн ихэвчлэн хэрэглэдэг байгууллагын төлөөллийг томоохон хэлэлцүүлгүүдийг хийсэн. Хууль хэрэгжүүлэхэд ямар хүндрэл байна вэ, хэрэглэх явцад хууль хооронд болон байгууллага хоорондын зөрчлүүд ямар зүйл дээр их гарч байгаа талаар хоёр өдөр хэлэлцсэн. Энэ хүрээнд гарсан тодорхой санал зөвлөмжүүдийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Удахгүй бид Зөрчлийн хуулиар томоохон хэлэлцүүлгүүдийг хийнэ. Уг хууль төр талаасаа 27 байгууллагын албан тушаалтны оролцоотойгоор хэрэгжиж байгаа. Мэдээж цаана нь иргэд, бизнес эрхлэгчид бий. 27 байгууллага дээр хууль хэрэгжиж буй явц, иргэдэд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг тал талаас нь ярьж нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол болохгүй зүйлс байна. Эдгээр хуулиуд хэд хэдэн парламент, Засгийн газар, хэд хэдэн хүний гар дамжиж батлагдсан болохоор зарим зүйл дээр судалгаа дутуугийн улмаас алдсан зүйл байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа хүнд хариуцлага тооцох, хариуцлага хүлээлгэх тал дээр нарийвчилсан судалгаа байхгүй бол хэрэгждэггүй, хэрэгжлээ гэхэд иргэдэд хүндрэл учруулдаг.

Эдгээр гол хуулиудаас гадна бусад хуулиуд байнгын хороогоор хэлэлцэгдэнэ. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж буй хуулиудын нэг нь Казиногийн тухай хууль. Ажлын хэсэг ажиллаж байна.

-Казиногийн тухай хуульд ямар зүйл заалтууд тусаж байгаа бол. Казиногийн тухай хуулийг өмнөх парламент хэлэлцэнэ гэж байхад казиног дагаж муу муухай зүйлс манай улсад орж ирнэ, монголчууд бүх хөрөнгөө алдаад дуусна гэж байсан. Нөгөө хэсэг нь аялал жуулчлалаас эхлээд монголд хөрөнгө орох том боломж гэж байсан л даа…

-Нэгдүгээрт, казино байх уу, үгүй гэдэг нь өөрөө бодлого л доо. Хоёрдугаарт, монгол хүн энэ казинод орох уу, үгүй юу гэдэг нь нөгөө үндсэн асуудал нь. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Их хуралд өргөн баригдсан уг хуулийн төсөлд монгол хүн монголд байгаа казинод орохгүй байхаар хуулийн төсөл хийгдсэн. Казиног дагаж сайн, муу зүйлс орж ирдэг. Ялангуяа мөнгө угаахаас эхлээд нийгмийн сөрөг үзэгдлүүд гардаг. Ажлын хэсэг үүн дээр анхаарал хандуулж байгаа байх. БОАЖ-наас эхлээд холбогдох газрууд тодорхой түвшинд судалгааны ажил хийсэн.

-Казино байгуулахын давуу тал нь юу юм бэ. Мэдээж хуулийн төслийг боловсруулахын тулд эдийн засгийн тооцоолол хийсэн байж таараа…

-Манай орны татварын орлого нэмэгдэнэ. Учир нь казино байгуулах зөвшөөрөл нь өөрөө маш өндөр үнэтэй. Үүнийг дагаад орж буй тоглоомын төрлөөсөө хамаараад ширээ, автомат тоглоомын хэрэгсэл нь НӨАТ, Онцгой албан татварыг хилээр орж ирсэн даруйдаа төлөхөөр туссан. Жил бүр төлөх татварын хэмжээ нь өндөр. Казино байгуулагдаад ажиллалаа гэхэд эдийн засаг талдаа өгөөжтэй. Татвараар л гэхэд улсын төсөвт багагүй мөнгө хуримтлагдах тооцоо ирүүлсэн.

-Мөнгө угаах болон тер-роризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орно гэлээ. Яг бодлогын ямар өөрчлөлт орох вэ. Манай орныг мөнгө угаах эрсдэл бүхий орон гээд татварын хар жагсаалтад хүртэл оруулж байсан шүү дээ?

-НҮБ-ын Мөнгө угаах болон терроризмын эсрэг конвенцид Монгол Улс нэгдэн орсон. Энэ хүрээнд өөрсдөө эрх зүйн орчноо бүрдүүлэх ёстой байдаг. Бид хүлээсэн үүргийнхээ хүрээнд хуулиа батлаад, хэрэгжүүлээд явж байна. Одоогийн зохицуулалт өргөн хүрээнд хамардаг. Ялангуяа татвараас зайлсхийж хууль бусаар мөнгө олсон, түүнтэй холбоотойгоор хууль ёсны болгох хийгээд банктай холбоотой зохицуулалтууд нэлээд бий. Энэ чиглэл рүү нэмэлт, өөрчлөлт түлхүү орно. Өөрөөр хэлбэл Мөнгө угаахтай холбоотой санхүүгийн төв Монголбанкин дээр ажиллаж байгаа. Уг албаны үйл ажиллагааг өргөтгөх, сайжруулахаас гадна гадагшаа хууль бусаар шилжиж буй мөнгөний урсгалыг хянах хэмжээний болгох хэрэгтэй. Энэ урсгал дээрх хяналтаа сайжруулах чиглэлд хуулийн төсөл хийгдсэн.

-Иргэдийн амьдралд шууд утгаараа тусдаг хуулиуд гэвэл Эрүү болон Зөрчлийн хуулиуд. Эдгээр хуулиудад ямар нэмэлт, өөрчлөлт орох гэж байна вэ. 2002 онд Ц.Нямдорж сайд байхдаа уг хуулиудыг баталж байсан. Өөрөөс нь өөр хүн хуульд гар хүрлээ гээд багагүй бухимдаж байна гэдэг шүүмжлэл ноднин явсан. Дахин сайд болоод уг хуулиудын шинэчилсэн найруулгыг хуучин хэвээр нь байлгах гэж байна гэсэн хардлага байна л даа…

-Эрүүгийн хууль 2015 онд батлагдсан. Үйлчлэх хугацааг нь түр хойшлуулсан байсан тул өмнөх Засгийн газар нэмэлт, өөрчлөлт хийсэн л дээ. Эрүүгийн хууль хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол Улсын хувьд тусгаар тогтнолын дархлаа. Түүнээс ганц хоёр гэмт хэрэгтний асуудал огт биш. Х.Тэмүүжин сайд байхдаа боловсруулаад Д.Дорлигжав сайд болоод бага зэргийн өөрчлөлт оруулж батлуулсан. С.Бямбацогт нэмэлт, өөрчлөлт хийсэн. Өөрөөр хэлбэл Х.Тэмүүжин толгойтой, Д.Дорлигжав цээжтэй, С.Бямбацогт хөлтэй хууль болсон гэсэн үг. Уг хуульд сайн зүйлс бий. 2002 оны хуулийг буцаан хуулинд суулгах гэж байна хэмээн хардах хэрэггүй. Мэдээж эрүүгийн хэрэг мөрдөхтэй холбоотой хугацаа хоног болон бусад дэвшилттэй зүйлсийг аваад явах боломжтой. Эрүүгийн хуульд олон хүн орж хийж, хэлэлцэж, олон гар дамжих тусмаа бурууддаг. Энэ хуулийн нэг үг, үсгийн цаана хэдэн мянган хүний амьдрал шийдэгдэж байдаг, айхтар хууль. Эрүүгийн хуулийг ярьж биш бодож хийдэг. Хүн бодлоо дуусгаж байж бичих ёстой. 2002 оны хуулийг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, цагдаагийн байгууллага, эрдэмтэд гэсэн цөөн хүн уг хуулийг хийсэн. Харьцангуй давуу тал ихтэй. Гэмт хэрэг ир гарч, гэмт хэргийн нөхцөл хүндрэх гэж байхад үүнийг зогсоосон. Зарим нааштай үр дүнгүүдээ бид мартчих юм даа. Тухайлбал, мал, модны хулгай хэрээс хэтэрсэн зүйлсийг эмхэнд нь оруулсан чанга талдаа хууль. Тэгж байж нийгмийн зөв, бурууг тогтоон барьдаг. Эрүүгийн хууль нэг талдаа гэмт хэрэг хийсэн хүнийг гэсгээхээс гадна нийгмийн эрх зүйн ухамсрыг бий болгоход чухал нөлөөтэй байдаг. Одоогийн хуулинд ЦЕГ, АТГ, Улсын дээд шүүх, прокурор дээр тодорхой өөрчлөлт оруулах санал өгсөн. Ялангуяа өмгөөлөгч нарын зүгээс саналаа илэрхийлэх нь их байгаа. Тиймээс саналуудаа тусгаад нэмэлт, өөрчлөлт Их хурал руу орж ирэх байх. Тэгж байж энэ хууль батлагдлаа гэнэ. Түүнээс биш өнөөдөр баталсан хуулиа маргааш нь өөрчлөөд явна гэдэг буруу. Миний зарчмын байр суурь ядаж энэ хуулиа хоёр жил хэрэгжүүлчих юмсан гэж бодож байсан. Мэдээж янз бүрийн шүүмжлэх зүйлс байсан шүү. Хуулийг нэг, хоёр жил хэрэгжүүлээд бодит нөхцөл байдлыг харж байгаад дараагийн өөрчлөлтөө ярих байлгүй дээ гэж бодсон. Гэтэл хууль батлагдахаас эхлээд энэ хууль хэрэгжихэд хүнд гэдгийг зарим хүн хэлж байсан. Сая хэлэлцүүлгийн шатанд хуулийн байгууллагынхан саналаа хэлсэн. Засаж залруулах зүйлс харагдаж байна лээ. Алдаа гарсан л бол жижиг гэлтгүй засах ёстой.

Categories
гадаад мэдээ

Кимийн Бээжинд хийж буй айлчлал

In this photo provided Wednesday, March 28, 2018, by China's Xinhua News Agency,  North Korean leader Kim Jong Un, left, and Chinese President Xi Jinping shake hands in Beijing, China. The Chinese government confirmed Wednesday that North Korea's reclusive leader Kim went to Beijing and met with Chinese President Xi in his first known trip to a foreign country since he took power in 2011. The official Xinhua News Agency said Kim made an unofficial visit to China from Sunday to Wednesday.(Ju Peng/Xinhua via AP)

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Хятадын ерөнхийлөгчтэй уулзахаар энэ долоо хоногт Бээжинд хүрэх гэнэтийн аялал хийлээ. Ким болон түүний эхнэр Ри Сол Жү, Си Жинпинтэй уулзаж, Хятадын албаны бусад хүмүүстэй уулзжээ. Уг айлчлал III сарын 25-28-ны хооронд боллоо. Хойд Солонгосын удирдагчид ирэх сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ-тэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ айлчлал нь Пхеньян Бээжинтэй уламжлалт холбоо, худалдааны гол түншийн харилцаагаа бэхжүүлэхэд чиглэсэн байж магадгүй юм.

Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнгөнтуул: Шатарчин хүн асуудлыг олон талаас нь харж, ул суурьтай бодож зөв шийдвэр гаргадаг

Шатрын спортын олон улсын их мастер, гавьяат тамирчин Батхуягийн Мөнгөнтуултай ярилцлаа.


-Шатрын спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн танд баяр хүргэе. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Урт удаан 11 өрөг үргэлжилсэн амаргүй тэмцээн байлаа. Долоон хожил, дөрвөн тэнцээ авч есөн оноотойгоор алтан медаль хүртлээ.

-Тэмцээнээс харахад өсвөрийн тамирчдын ур чадвар хурдацтай дээшилж байгаа нь ажиглагдаж байна. Гавьяат тамирчин Б.Хатанбаатар, их мастер Б.Гүндаваа нарын шилдгүүд улсын аваргын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авч чадаагүй байв уу?

-Эрэгтэй ангилалд хүүхдүүд сайн тоглосон. Ер нь жилийн жилд нэгээс хоёр өвсөрийн тамирчид дээшээ цойлж гарч ирдэг. Энэ жилийн тухайд онцгой сайн тоглож Г.Амартүвшин насанд хүрэгчидтэй өрсөлдөж түрүүллээ. Улсын аваргад олон өсвөрийн тамирчин оролцож амжилт үзүүлж байгаа нь шатрын спорт хурдацтай хөгжиж байгаагийн илрэл юм даа.

-Таны хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд хараахан түрүүлж амжаагүй юм байна лээ. Түрүүлэх ёстой тэмцээнүүдийн нэг байх. Хэдэн удаа оролцож байсан бэ?

-Тийм ээ. Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцсон ч түрүүлж амжаагүй юм. Хамгийн сүүлд 2002 онд оролцож мөнгөн медаль зүүсэн. Эмэгтэйчүүдийн ангилалд 16 жилийн дараа дахин оролцохоор бэлтгэлээ базааж байна. Дундуур нь эрэгтэйчүүдийн ангилалд орж өрсөлдөөд хоёр удаа дөрөвдүгээр байр эзэлсэн.

-Та шатрын боловсролыг ОХУ-д эзэмшсэн гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?

-2000 онд аав маань Москвад ажиллах болоод манайх нүүж байсан. Тэнд дунд сургууль, их сургуулиа төгсөөд 10 жил амьдарсан. Шатарчин болж төлөвших суурь орос багш нарын арга барилаар тавигдсан.

-1994 онд Өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нь анхны олон улсын чанартай тэмцээн байсан гэсэн. Энэ тэмцээний талаар ярихгүй юу?

-Тэр жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсад болж байсан л даа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10 хүртэлх насны ангилалд зургаан настайдаа оролцоод есөн өргөөс гурван оноо л авч байлаа. Олон сонин зүйлтэй танилцсан тэмцээн болсон. Тоглолтын үеэр хажуу ширээнд суусан өнгөт арьстай хүүхдийг харж гайхаж байгаад анхаарал сарниад нэг өрөгт хожигдчихож байсан нь санаанаас гардаггүй юм.

-Английн их мастер Найжел Шорт 1997 онд Монголд ирж шатарчидтай зэрэг тоглолт хийхэд та тэнцээ хийж байсан. Дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байсан хүнтэй тэнцээд том урам авсан байх даа?

-Их урамшсан шүү. Тухайн үед есөн настай хүүхэд Английн хамгийн шилдэг тамирчинтай хараар тоглоод тэнцээ авна гэдэг том амжилт байсан. Надаас гадна Бадрах гэж хүүхэд тэнцээ авсан.

-2001 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг эх орондоо авчирсан нь анхны тохиолдол болж байсан. Тухайн тэмцээнийг найман оноотойгоор тэргүүлж байсан ч сүүлийн гурван өрөгт ялагдаж аварга болох боломжоо алдсан гэсэн. Туршлага дутсан уу?

-2001 онд 14 хүртэлх насны охидын ангилалд орж өрсөлдөөд 11 өрөг тоглож мөнгөн медаль зүүсэн. Эхний өргүүдэд гол өрсөлдөгчид болох Гүржийн Саломе Мелиа, ОХУ-ын Мариа Фоминых нарыг хожоод байсан л даа. Найм хожсоны дараа дэлхийн аварга болоход ойртож ирлээ гэж бодогдоод эвгүй болчихдог юм билээ. Араас нэхэж байгаа тамирчид яах бол гэх мэт олон зүйл бодогдоод сэтгэлийн их дарамт мэдрэгдсэн. Тухайн үед л сэтгэл зүйн бэлтгэл их чухлыг ойлгосон. Есдүгээр тойрогт Польшийн шатарчин Золанта Завадска миний урьд нь хараагүй гарааг хийхэд нь балмагдаад их амархан ялагдсан. Энэ ялагдлаа мартаж чадалгүй сүүлчийн хоёр өрөгтөө чансаа багатай тамирчдад хожигдчихсон. Нэг л тэнцэхэд алтан медаль хүртэх байсан. Харамсалтай байсан шүү.

-2005 онд 18 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо алтан медаль хүртэхэд их ойрхон байсан. Сүүлийн мөчид л ялагдаж мөнгөн медаль зүүсэн. Энэ тэмцээний талаар ярихгүй юу?

-Тухайн үед оноо тэнцсэн тамирчдын байрыг өсөх кэоффициентээр эзлүүлдэг байсан л даа. Өрөг болгоны дараа гаргадаг хүснэгт дээр ч дандаа өсөхөөр бичигдэж байсан. Тэмцээний эхнээс л тэргүүлж явсан болохоор миний энэ үзүүлэлт сайн байлаа. Тийм ч учраас сүүлчийн өрөгтөө хожоод дэлхийн аварга болчихлоо л гэж ойлгосон. Надаас гадна Гүрж болон Польшийн тамирчид ижил оноотой байсан ч чанараараа би илүүрхэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Сүүлийн өргийн дараа баярлаад ээж рүү утсаар холбогдож дэлхийн аварга болсон баяраа хүртэл хуваалцаад байсан. Харин хаалтын ажиллагааны үеэр намайг хоёрдугаар байрт орсон гэж зарлахад нь гайхаад хачин болсон шүү.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос эмэгтэй хоёр тамирчин шалгарч оролцож байсны нэг нь та. Дэлхийн шилдгүүдтэй хамт өрсөлдөж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Шилдэг 64 тамирчин шалгарч оролцдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа оролцож байсан. 2008 онд оролцохдоо эхний даваанд Польшийн их мастерыг ялаад сүүлд дэлхийн аварга болсон Хятадын тамирчинд ялагдаад хасагдаж байсан. Тэр хятад охин мөнгөн медаль зүүсэн. Шилдгүүд бүгд чуулдаг тэмцээнд шалгарч оролцсондоо сэтгэл өндөр байдаг.

-Амьдрал дээр шатрын спорт хэрэг болж байсан удаа олон байх. Энэ талаар манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Яг одоо толгойд орж ирж байгаа юм алга. Хүн болж төлөвших үеэсээ шатрын спортоор дагнаж хичээллэсэн хүмүүсийн сэтгэхүй арай өөр байдаг болов уу. Аливаа асуудлыг олон талаас нь харж, ул суурьтай бодож зөв шийдвэр гаргадаг нь амьдралд сайнаар нөлөөлдөг.

-Шатрын спортоор хичээллэх хүүхдүүдийн тоо сүүлийн жилүүдэд олширчээ. Энэ спортын ач тус нь юу вэ?

-Одоо цагт өсвөрийн тамирчид их сайн тоглож байна. Эцэг эхчүүд ч шатрын спорт үр өгөөжтэй, хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлдэг гэдгийг ойлгож хичээллүүлдэг болж. Хүүхэд болгон шатарчин болж дэлхийн аварга болохгүй. Гэхдээ шатар хүүхдийн төлөвшилд сайнаар нөлөөлж буйг олж харсан нь сайшаалтай. Хүүхэд бүр хичээл номоо хийнэ. Үүний хажуугаар өсвөр насны хүүхэд сонирхдог зүйлтэй байх нь хөгжилд сайнаар нөлөөлдөг.

-Таны гэр бүлийнхэн спортод элэгтэй хүмүүс байх. Ээж тань морин спортын мастер хүн гэсэн. Гэр бүлийнхээ талаар ярихгүй юу?

-Тийм ээ. Миний гэр бүлийнхэн спортод дуртай хүмүүс. Ээж морин спортын мастер цолыг хүртсэн Монголын гурав дахь эмэгтэй тамирчин. Тухайн үед 30 жилийн дараа морин спортын мастер цолыг хүртэж байсан юм байна лээ. Арван жилийн сурагч байхаасаа хичээллээд ахыг төрүүлснийхээ дараа больсон гэсэн. Аав маань шатрын спортод их дур сонирхолтой, ном сэтгүүл цуглуулдаг хүн. Ах, эгч, бид гуравт шатар сургахад цаг заваа зарцуулсан. Ах, эгч хоёр шатраар дагнаж хичээллээгүй.

-Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг шатрын олимпиадад Монголын тамирчид муугүй амжилт үзүүлж ирсэн. Таны хувьд алгасалгүй орж байсан шүү дээ?

-Энэ тэмцээнд тасралтгүй долоон жил тоглоод 2016 оны олимпиадыг хувийн шалтгааны улмаас өнжсөн. Амжилтын тухайд 2008 онд манай баг “С” зэрэглэлд алтан медаль хүртэж байсан. 2014 онд зэрэглэл ахиж “В” ангилалд алтан медаль зүүсэн. Энэ бол том амжилт.

-Энэ жил шатрын олимптой шүү дээ?

-Энэ олон жил зөвхөн шатрын спортын төлөө явсных үр шимийг нь үзэж амжилттай оролцохыг зорьж байна даа. Улсаа төлөөлж энэ том тэмцээнд өрсөлдөнө гэдэг том хариуцлага. Монголчууд маань шатарт их хайртай ард түмэн. Айл болгонд л шатар байдаг. Барилддаггүй монгол эр хүн гэж байдаггүй гэдэг шиг шатрын нүүдэл мэддэггүй монгол хүн үгүй шүү дээ.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ цаг-үе

Х.Баянмөнх: Допингоор далимдуулж сайхан бөхчүүдийн нэр төрийг гутааж байна

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нар энэ сарын 24-нд наймдугаар “Их Эе”-ийг хуралдуулахаар зарласан. Үүнтэй холбогдуулан өчигдөр Ү.Хүрэлбаатар, Ц.Төмөрсүх, М.Хүдэрбаатар нар хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ үеэр бид зууны манлай монгол бөх, хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхтэй ярилцлаа.


-Өнгөрсөн оны тавдугаар сарын 28-нд нэр бүхий бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит “Их Эе” гэх хуралдаанаас тэргүүнээр нь “Гачуурт” группийн ерөнхийлөгч Л.Чинбатыг сонгосон. Хүмүүс энэ “Их Эе”-ийг хууль бус, ирц бүрдээгүй гэх юм. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Ирц бүрдээгүй биш. Цэцдийн зөвлөлийн шийдвэрээр “Их Эе” хуралдах ёстой байдаг юм л даа. 2002 онд байгуулсан дөрөвдүгээр “Их Эе”-ийн цэцдийн зөвлөл 15 жил хуралдаагүй. Улмаар өнгөрсөн жил Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газар шаардаж цэцдийн зөвлөлийн ирцийг бүрдүүлсэн. Дараагаар нь хуралдаж “Их Эе”-ээ зарлаж төлөөлөгчөө сонгоод бүрэн ирцтэйгээр хуралдсан. Тухайн “Их Эе”-ийн бүх материалыг гурван шатны шүүх хянаж үзээд “Энэ хурал хүчин төгөлдөр хуралдсан байна” гэдэг шийдвэр гаргасан. Энэ бол Улсын дээд шүүхийн шийдвэр. Өнөөдөр бид Дээд шүүхийн шийдвэр биелүүлэх гээд л явж байна.

-Монголын Үндэсний бөхийн холбооны дотоод журамд “Их Эе”-ийг хуралдуулахад амьд сэрүүн байгаа аварга, арслан, гарьд заан цолтнууд заавал оролцох ёстой гэсэн заалт байдаг юм уу. Та бүхний зохион байгуулсан “Их Эе”-д том цолтой бөхчүүдээс хэн хэн оролцсон бэ?

-Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан нэр бүхий цолтнуудыг дурдаад танай хуралд очоогүй гэж ярьсан байна лээ. Тийм зүйл холбооны дотоод журамд байдаггүй байхгүй юу. Аваргууд оролцохыг хүсвэл оролцоно, хэрвээ суухгүй гэвэл аваргагүй ч хурал явагдаж болно. Бусад хүмүүс бол сонгогдож оролцдог юм. Өөрөөр хэлбэл сонгогдохгүй хүн гурав байлаа гэхэд хоорондоо зөвлөж нэг хүнээ “Их Эе”-д төлөөлөгчөөр илгээх боломжтой. Манай хурлын дүрэм нь ийм байдаг

-Улсын Дээд шүүхийн шийдвэр Л.Чинбатыг Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн мөн гэж баталжээ. Та бүхний тамга тэмдгийг улсын бүртгэлийн газар яагаад бүртгэхгүй байгаа юм бэ?

-Өнгөрсөн оны тавдугаар сард хуралдсан “Их Эе”-ийг Улсын бүртгэлийн газар өнөөдрийг хүртэл бүртгэхгүй байна л даа. Ямар нэгэн худлаа шалтаг тоочиж зугтаагаад бүртгээгүй. Энэ хооронд нь Р.Нямдорж гэж хүн хуучин тамга тэмдгээ зараад “Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн гэж өөрийгөө худлаа зарлаад, холбооны тэргүүлэгчид гэж өөрөө томилсон хэдэн хүнээ хэлээд хууль бус ажил явуулаад байна. Энэ хууль бус ажлыг 15 жил явуулж байна шүү дээ. Энэ хүн ч тэргүүн биш. Дээд шүүхийн захирамж гараад тамга тэмдэг хэрэглэх эрхийг нь хасаад “Их Эе” хуралдуулж болохгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг.

-Р.Нямдорж, Д.Данзан нар энэ сарын 24-нд монгол бөхийн наймдугаар “Их Эе”-ийг хуралдуулж тэргүүнээ сонгоно гэсэн. Улсын дээд шүүхийн гаргасан шийдвэрийг харвал энэ хурал хүчин төгөлдөр бус гэсэн үг үү?

-Тамга тэмдэг хэрэглэх эрхийг хассан шийдвэр гарсан гэж хэлээд байна шүү дээ. Наймдугаар “Их Эе” ч гэж байхгүй, энэ хурал ч хуралдах эрх байхгүй. Энэ бол хууль зөрчсөн танхай балмад үйл ажиллагаа. Бөхийн энэ их маргаантай асуудал бол зөвхөн бөхийн асуудал биш, Монгол бөхийн өргөөний асуудал. Р.Нямдорж, Д.Данзан нар Монгол бөхийн өргөөний төлөө амиа өгөх гэж байна. Би бол сүүлийн 10 гаруй жил энэ будлианд оролцохгүй гээд эрдэм шинжилгээнй ажил хийгээд, ном товхимол бичээд суучихсан хүн. Гэтэл сая “Х.Баянмөнх бөхийн өргөөг авах гэж байна” гэж гүтгэхэд нь ирлээ. Мөн чанартаа өргөөнд шунасан хүн байхгүй.

-Сүүлийн үед монгол бөхөд тулгамдаад буй асуудал бол допинг. Үүний эсрэг “Допинггүй монгол бөх” гэж хөтөлбөр хэрэгжүүлээд нэр бүхий дөрвөн ч бөхийн барилдах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийдвэр гаргаж байна. Энэ нь бөхийн хөгжилд урагшлах нэг том алхам болсон болов уу?

-Энэ ажлын хүрээнд 80 гаруй бөхийн шээсийг допингийн шинжилгээнд аваад байна гэсэн. Энэ шинжилгээгээр шантаачлаад Р.Нямдорж бөхчүүдийг “Чи сайхан мэдээрэй. Намайг шүүмжлээд сайн яваарай. Допинг чамаас илрэх байх шүү” гэдгийг сануулсан болов уу гэж бид үзэж байгаа. Ийм л дарангуйлал явагдаж байна шүү дээ. Үүгээр далимдуулж сайхан бөхчүүдийн нэр төрийг гутааж байна. Ер нь монгол бөх урсгалаараа хөгжиж байгаа. Түүнээс биш өнөөдрийн бөхийн холбооноос оролцож байгаа юм байхгүй. “Монгол бөхийн өргөө”-гөө л ашиглаж, идэх уухаа, хамгаалахаа бодож байгаа.

-Л.Чинбат тэргүүнээр сонгогдлоо гэж үзэхэд гүйцэтгэх эхний ажил нь юу байх вэ?

-Хамгийн түрүүнд барилдааны дүрэмд өөрчлөлт оруулна. Барилдааны дүрмийг хэлэлцэх цэцдийн зөвлөлийн хурал 15 жил хуралдаагүй. Одооны шуудагдуулдаг, барьц сонгодог, барилдаан удааширдаг гэх мэт асуудлуудыг хязгаарласан дүрэм гаргана. Барилдааны дүрэм ямар байна түүнийг л бөхчүүд биелүүлнэ. Энэ дэлхийн бөхийн холбоодууд тоглолтынхоо дүрмийг зөв зохиож олон хүний анхаарал татсан ширүүн өрсөлдөөнийг үзүүлдэг. Тиймээс барилдааны дүрмийг олон талаас нь харж маш сайн хийх хэрэгтэй. Тэр цагт бөхийн дэвжээн дээр гарч буй маргаанууд дуусна. Өөр ямар ч арга байхгүй.

-Зайлшгүй шийдэх шаардлагатай асуудал нь барилдааны шүүлтэд техник ашиглах гэдэгтэй олон бөхчүүд, бөх сонирхогчид санал нийлэх байх. Хурдтай үргэлжилсэн барилдааныг хөлийн цэцүүд харж амжаагүй бол үзэмжээрээ шийдвэрлэж байна гэх шүүмжлэл гарч байгаа?

-Энэ холбооны нэгдүгээр зэргийн хоцрогдол нь үүнд оршиж байгаа. Хүний нүд чинь өөртөө л үйлчлэх ёстой. Хуулийн этгээд биш байхгүй юу. Дэвшилтэт технологи, камер ашиглавал тэр үйл явдлыг дахин харж нягтлах боломж олгож байгаа хэрэг. Хүний нүд бол дахиж харахгүй, буруу харсан бол буруугаараа өнгөрнө. Ер нь хүний дэмждэг бөх заавал сүүлд унадаг байхгуй юу. Бөх үзэж байхад шавь нар маань ойролцоо газардахад надад давчихлаа л гэж харагддаг. Удаашруулаад үзэхэд өвдөг юм уу, тохой нь түрүүлээд хүрчихсэн байдаг. Хүний нүд чинь оюун санааныхаа удирдлагаар явж байдаг байхгүй юу. Иймээс сүүлийн үеийн хамгийн чадамгай техник хэрэгслийг ашиглах ёстой. Энэ ганц барилдааны шүүлтэд ч биш бөхчүүдийн эрүүл мэндэд хүртэл ашиглах хэрэгтэй. Үүнээс татгалзаж байгаа явдал бол өөрийнхөө эрх мэдлийг гайхуулж, үүгээрээ дарамталж байгаа хэрэг.

-Монголын Үндэсний бөхийн холбооноос 30-аас доош насны улсын цолтой бөхчүүдийг наадмаас цагаан сарын хооронд зохиогдож байгаа нийт барилдааны 70 хувьд нь оролцсон тохиолдолд наадамд барилдуулах журам гаргасан байсан. Нэг талаараа бөхчүүдийн ирц оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх сайн талтай юм шиг. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Удирдлагууд нь хамгийн бүдүүлэг хүмүүс гэдэг ээ давтан харуулж буй хэрэг. Монгол хүн бол өнөөдөр хонио хариулж яваад, өөхтэй махаа иднэ үү, шимийн архиа хүртээд л наадамлаж байна шүү дээ. Допингийн шинжилгээ болон заавал барилд гэсэн журам гаргаад бөх хүний эрхэнд халдаж болохгүй. Дээр үед Дорнодын Дугарсүрэн заан Ардын хувьсгалын 30 жилийн ойд ирж барилдаж улсын начин болоод 10 жилийн дараа 40 жилийн ойд дахин зодоглож долоо давж заан цол хүртсэн. 10 жил улсын наадамд зодоглоогүй тэр хүнийг ямар ч асуудалгүй барилдуулаад заан цолыг нь өгч л байсан шүү дээ. Хэдийд барилдах нь тэр хүний хувийн асуудал. Түүнийг дарамталдаг заавал барилдуулдаг харанхуй муйхар байж болохгүй. Том цолтой бөх хүн бэртэл гэмтэлтэй байж болно, бие, сэтгэл зүйгээ бэлтгэж байж болно, мэх техникийн тусгай бэлтгэл ч хийж болно, улсын наадмаар барилдахаар ирэхэд нь чөлөөтэй байх хэрэгтэй.

-Сүүлийн жилүүдэд бөх шимтэн үзэгчдийн тоо эрс цөөрч заалны барилдааныг зорьж очиж үздэг хүмүүс байхаа больжээ. Үүнд нөлөөлж буй том хүчин зүйл нь цолны найраа. Улсын цолон дээр л найраа яригддаг байсан бол өнөөдөр аймаг, сумын наадамд хүртэл найраатай болж байна. Үүнтэй яаж тэмцэх вэ?

-Найраатай тэмцэх арга зөндөө байгаа. Одоо хэлчихвэл цаад Р.Нямдорж чинь “будаа идчихнэ”. Би “Дөрвөн уулын хишиг барилдаан хийнэ ээ. Дөрвөн том барилдаан хийж начин цол олгоно. Улсын начин цолыг наадмаар олгохгүй” гэсэн менежмент хийсэн. Үүнийг маргааш нь хуулаад дөрвөн уулсын хишиг барилдаан гэж нэр өгөөд хийсэн байхгүй юу. Хүний оюун ухааныг л хулгайлах болохоос өөрсдөөс нь гарах юм байхгүй.

Д.НЯМ

Categories
мэдээ цаг-үе

Д.Содном: Мөнгө зээлчихээд юу хийхээ бодох биш, юу хийхээ бодчихоод мөнгө зээлэх хэрэгтэй байна

Саяхан Ерөнхий сайд асан Д.Содном Өдрийн сониноор дамжуулан Ерөнхийлөгч Х.Батулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт захидал илгээсэн. Тэрээр захидалдаа Дорнод аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэрт эргэлзэж байгаагаа илэрхийлээд, харин доктор Намжим гуайн ТЭЗҮ-ийг нь боловсруулсан нефтийн үйлдвэрийн төсөл хэрэгжих магадлалтай, ашигтай болохыг дурджээ. Гэтэл өнөөг хүртэл хариугаа аваагүй гэнэ. Энэ талаар болон Монголд ямар үйлдвэр эхний ээлжинд барих шаардлагатай тухай түүнтэй ярилцлаа.


-Яагаад төрийн гурван өндөрлөгт захиа бичих болов?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Занданшатар Дорноговь аймагт газрын тосны үйлдвэр байгуулах шийдвэр гарсан талаар мэдээлэл хийсэн. Гуравдугаар сард хөрөнгө оруулалт, үйлдвэр байгуулах ажил нь эхэлнэ. Техник эдийн засгийн үндэслэлийг хийж байгаа тухай мэдээлсэн.

-Ямар нэгэн зүйл буруу болсон уу?

-Тийм. Юу буруу байна гэвэл Техник эдийн засгийн үндэслэл гараагүй байхад, үйлдвэр барих шийдвэр гарчихсан байгаа юм. Баахан мөнгө, хугацаа зараад ТЭЗҮ хийчихдэг. Нөгөө товлосон газар нь үйлдвэр барихад ашиггүй байвал яах юм гэсэн бодол төрөөд байна л даа. Нэг тэрбум ам.долларын том төсөлд ийм хөнгөн шийдвэр гаргах нь хэр оновчтой юм бол.

Энэ их мөнгийг бид буцааж төлнө шүү дээ. Тийм учраас төсөл ашигтай, оруулсан хөрөнгө оруулалтаа өөрөө нөхөх хэмжээний ашиг хийх ёстой. Энэ бүхнийг удирдагчдад шууд хүргэх нь зүйтэй гэж үзээд захидал бичсэн юм.

-Хариу ирсэн үү, та захидлаа нэгдүгээр сарын 29-нд бичсэн байна. Манай сонинд гуравдугаар сарын 14 гарсан байх юм.

-Одоогоор ирээгүй байна. Асуудлыг судалж байгаа байх гэж найдаад сууж байна.

– Та доктор Намжим агсны Дарханд нефтийн үйлдвэр байгуулах төсөлд найдлага тавьж байна уу?

-Тэр тухай мэднэ. Бид цагтаа хамт ажиллаж байсан. Намайг захидал бичсэний дараа гэр бүлээс нь холбогдож “Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэр барих шийдэр гарч байна. Энэ ямар учиртай юм бол” гэж асуусан. Би захидлаа тэдэнд өгсөн.

– 2013 онд санхүү, хөрөнгө нь шийдэгдээд Японы Ерөнхий сайдын хэмжээнд шийдэгдсэн төсөл яагаад зогссон юм бол?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Намжим бол надад олон удаа хэлж байсан. Бичиг цаас өгөөд шийдэж өгөхгүй байна гэдэг. Би сонсохоос өөр зүйл хийж чадаагүй. Намжим бол ТЭЗҮ-ээс гадна маш их тооцоо судалгаа хийсэн. Ер нь ханатай юм босгочихсон юм. Тухайн үедээ би сонирхож харж л байсан.

-Нефть боловсруулах үйлдвэрийн хувьд та яаж шийдэх байсан бэ?

-ТЭЗҮ-ээ хоёр хувилбартай хийх ёстой гэж бодож байна. Сая шийдвэр гаргасан төслийнхөө ТЭЗҮ, Дархан барих саналтай төслийн ТЭЗҮ-ийг харьцуулах хэрэгтэй байгаа юм.

Би нарийн тооцоог мэдэхгүй ч, Дарханд баригдах үйлдвэрийн төслийг хэрэгжих магадлал өндөр гэж харж байна.

– Яагаад?

-Дарханд барих үйлдвэрийн хөрөнгө оруулалт хамаагүй бага. Дорноговьд барих үйлдвэрийн хувьд дэд бүтцээс эхлээд маш их хөрөнгө оруулалт шаардана. Магадгүй үйлдвэр барихаас дутуугүй хөрөнгө оруулалт хийх болно гэж бодож байна. Наад зах нь цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээ шийдэх хэрэгтэй. Дээр нь 600 км хоолой татна. Магадгүй хос хоолой тавих байх. Энэ бүхэнд хүчирхэг дамжуулах шахуургууд тавина. Нэмэлт их хэмжээний цахилгааны эх үүсвэр хэрэгтэй болно. Алтанширээд төмөр, авто зам барих асуудал үүснэ. Эрдэнэтийн цэвэр усны хэрэглээг 60 км-ээс хангадаг. Миний мэдэхийн энд 3-4 хүчирхэг шахуургууд ажилладаг. Тэгэхээр шинэ шийдвэр гаргасан газар ямар их хөрөнгө оруулалт шаардлагатай нь харагдаж байгаа биз. Харин Дарханд барих төсөлд энэ их хөрөнгө оруулалт хэмнэгдэнэ.

-Таны захидалд бид дотоодод олборлосон нефтийн 80 хувийг Хятадын компаниас зах зээлийн үнээр худалдаж авна гэсэн өгүүлбэр байна. Бидэнд давуу эрх байхгүй юу?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж бий. Энэ гэрээг 1990-ээд оны эхээр АНУ-ын хоёр компанитай байгуулсан байдаг. Гэтэл нөгөөдүүл нь компаниа хятадуудад зарчихаад яваад өгсөн. Гэрээний эрх хятад руу шилжсэн. Түүнийгээ Монгол Улс мөрдөхөөс өөр зам байхгүй. Энэ гэрээнд юу байдаг юм гэхээр хөрөнгө оруулсан компани олборлосон тосныхоо 40 хувийг оруулсан хөрөнгийнхөө өртөг нөхөх зориулалтаар шууд авна. Үлдсэн хувийн ашгийг хувааж авна. Нөөц ашигласны төлбөр гэж жаахан юм өгч байгаа.Үлдсэн 60 хувиас манайх 30 хүрэхгүй хувийг хүртэнэ. Ингэж тооцохоор олборлосон тосны 82 хувь нь Хятадын өмч, 18 хувь нь бидний юм болж байгаа юм. Хятадын мэдлийн 82 хувийг авч үйлдвэртээ боловсруулна гэвэл дэлхийн зах зээлийн үнээр л худалдаж авна. Тийм учраас түүхий нефть гаднаас авах дотоодод үйлдвэрлэж байгаа хятадуудаас авах хоёр ялгаагүй болчихоод байгаа юм. Дотоодын газрын тосны олборлолт хэзээ сая тоннд хүрэх нь тодорхой биш, мөн чанар нь хэр зэрэг вэ гэсэн тодорхойгүй олон асуудал бий.

-Энэ ашиггүй гэрээ хэр удаан үргэлжлэх юм бол?

-Газрын тос олборлоод байвал үргэлжлээд байна. Тухайн үедээ би “Алдаатай гэрээ байна” гэж сануулж л байсан.

-Та мөнгөгүй үеийн Ерөнхий сайд. Өнөөдөр маш их мөнгөтэй болох тусмаа төслүүдэд хайнга хандаад байх шиг байна.

-Үнэхээр их мөнгө орж ирж байна. Гэхдээ энд хайнга хандаад байгааг би шүүмжилж байгаа. Эхлээд юу хийхээ бодчихоод зээл авахын оронд зээлээ авчихаад юу хийх вэ гэдэг болчихоод байгаа. Сая өмнөх зээлээ өрөөр хаалаа. Уг нь тухайн төсөл нь оруулсан хөрөнгө оруулалтаа эргэн төлөх чадвар, тооцоотой байх ёстой юм. Үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Чингис бондоос мөнгөө авчихаад хүү нь яваад байхад юунд зарахаа мэдэхгүй сандраад сүүлд нь зам зэрэг юм руу оруулаад эхэлсэн. Ийм жишээг бүү давтаасай гэж л би бодлоо бичээд байгаа.

-Үйлдвэрийн төсөл ямар байгаасай гэж хүсэж байна?

-Зээлийн хүү, эргэн төлөх хугацаанд уялдсан төсөл байх ёстой. Төслийнхөө ашгаас Энэтхэгээс авсан зээлээ эргэн төлөх чадвартай байх хэрэгтэй. Ямар хугацаанд ямар хэмжээний ашиг олохоо тооцож, аль болох бага хөрөнгө оруулалтаар, хугацаа алдалгүй, оновчтой технологиор үйлдвэрээ барих ёстой гэж хэлээд байгаа юм.

-Доктор Намжим гуайн төсөл танд илүү таалагдаж байгаа юм уу?

-Хэдэн жилийн дараа ашиг олсон юмгүй, баахан өрөнд орчихсон суухгүй байх зам нь Дарханы үйлдвэр гэж хараад байна. Намжим маш их судалгаа, тооцоо хийсэн хүн шүү дээ. Сүүлийн үед интернэтээр сайхан үйлдвэртэй болоход саад хийж байна гэсэн зүйл явж эхэлж байна. Тэр нь ч зөв. Саад хийж болохгүй. Гэхдээ төслийн үр ашгийг сайн тооцох хэрэгтэй гэдэг дээр би санаа зовоод байгаа юм.

-Одоо ОУВС-тай хийсэн гэрээний хүрээнд 5.5 тэрбум доллар орж ирнэ. Та энэ мөнгийг юунд зарцуулаасай гэж бодож байна?

-Экспорт хийх зориулалтай үйлдвэрт зориулах хэрэгтэй.

-Тэр нь ямар үйлдвэр байх вэ?

-Бид чинь эдийн засгаа солонгоруулах тухай удаан ярьж байна. Эхний ээлжинд 100-150 ширхэг мах боловсруулах жижиг үйлдвэр барих хэрэгтэй. Хоёроос гурван сумын дунд нэг жижиг үйлдвэр байх тооцоо бий. Мах гарахгүй байгаа шалтгаан нь боловсруулалтдаа байгаа юм. Үйлдвэрийн аргаар боловсруулж чадвал монгол малын маханд хангалттай зах зээл байна. Үйлдвэр бүрт лаборатори байх хэрэгтэй. Мал бүрийн дотор эрхтэнд шинжилгээ хийгээд баталгаа өгөх хэрэгтэй.

-Яагаад сумдад үйлдвэр байгуулах хэрэгтэй гэж?

-Өмнө нь дөрвөөс таван сар гээд тууврын мал наадмын өмнө үйлдвэрт тушаагддаг байсан. Одоо тууврын мал ч байхгүй. Туух хүн ч байхгүй болсон. Тэгэхээр малчдад ойрхон үйлдвэр байх хэрэгтэй. Миний тооцоогоор бидэнд жилд 200 мянган тонн мах гаргах боломж бий. Гэтэл өнгөрсөн онд 30 орчим мянган тонныг экспортолсон мэдээ бий. Малчдын орлого нэмэгдвэл залуучууд энэ бизнест сонирхолтой болно. Өнөөдөр малын бэлчээр даацаас хэтэрсэн. Ахин өсөх боломж байхгүй. Тийм учраас цаашид байгаа малаа эргэлтэд оруулах хэрэгтэй болж байна. Би цөөнгүй гадны оронд явж үзсэн. Гаднаас ирээд монгол малын мах идэхээр үнэхээр амт нь мэдрэгддэг. Дэлхийн хүмүүс цэвэр эко мах идэх сонирхол нэмэгдэж байна. Цэвэр ус, өвс, агаарт өссөн малын махны амт шал өөр байдаг. Энэ бүхэн манайд байна. Жилд 20 сая төл хүлээн авч байна. Энэ хэмжээний малыг эргэлтэд оруулах хэрэгтэй. 20 сая малаас тал нь дотоодын хэрэгцээгээ хангачихна. Тиймээс арван сая малын түүхий эдийг экспортын чиглэлээр боловсруулах шаардлагатай байгаа юм. Том үйлдвэр байгуулахаар малчдаасаа холдох гээд байгаа юм. Харин арьс шир боловсруулах үйлдвэрийг томоор байгуулж болно. Жишээлбэл баруун, зүүн, төвийн гэхчлэн байгуулж болно. Барууныхан “Жаргалтай малын мах иднэ” гэж ярьдаг болсон. Энэ чинь манай бэлчээрийн малын махыг хэлээд байгаа юм. Бас эдгээр үйлдвэрүүд өндөр ашигтай ажиллана. Үүний баталгаа болох түүхий эд бидэнд байна. Гадаад зах зээл нь хангалттай. Энэ бүхнийг тооцож үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулалт хийх бодлогоо тодорхойлох хэрэгтэй.

-Та Оюу толгойн гэрээг яаж хардаг вэ?

-Зээл авдаг нь буруу байсан юм. Яахав тийм том гэрээ хийх туршлагагүй байсан. Гэхдээ дараагийнх дээрээ анхаарах хэрэгтэй. Гэрээндээ боломжийн засвар оруулах аргыг хайж болно.

-Гэрээнд ямар алдаа гарсан гэж үзэж байна?

– Зээл авахгүйгээр “Манайх баялагаараа хувь нийлүүлнэ. Харин танайх хөрөнгөө оруул. Тэгээд ашгаа хуваана” гэсэн бол болох байсан. Германы эдийн засагч хэдэн сарын өмнө “50-60 тэрбум долларын нөөцтэй ордоо эзэмшүүлчихээд өөрсдөө өрөнд орно гэдэг нь хачин юм” гэсэн. Оюу толгойн гэрээ бидэнд сургамж болсон гэж бодож байна. Гэхдээ сургамж гэчихээд хаячихаж болохгүй. Цаашдаа сайжруулах талаар ажиллах л хэрэгтэй байгаа юм.

-Эдийн засгийн алуурчид гэдэг номонд ийм загварыг бичсэн байсан…

-Харин би бас сүүлийн үед тэр загвар орж ирсэн юм биш байгаа гэж гайхаад л сууж байна. Тийм учраас их хэмжээний хөрөнгө оруулалтад болгоомжтой хандах хэрэгтэй болчихоод байгаа юм.

-Эрдэнэтийн 49 хувь, 51 хувь гээд маргаан явж байна. Та үүнийг хэрхэн дүгнэж байна?

-Эрдэнэтийн 49 хувийг авсан зөв байх гэж бодож байгаа юм. Гэхдээ өөрсдөө мөнгөө босгоод авсан бол шүү дээ. Харин сүүлийн үед гарч байгаа мэдээлэлд дурдсан шиг төрийн мөнгөөр авчихсан бол болохгүй л дээ. Харин 51 хувийн барьцааны тухай бол эхний ээлжинд өдөр болгон хүү нэмэгдээд байгаа тэр өрийг даруйхан төлөхгүй бол болохгүй. Миний ойлгосноор нэгэнт эзэд тодорхой бол дараа нь хариуцлага тооцож болох байх. Энэ асуудалд төр хатуу шийдвэр гаргаад хугацаа алдахгүй тууштайхан хэрэгжүүлчих хэрэгтэй л дээ.

-Сүүлийн үед төрийн түшээд мөнгөтэй холбогдсон мэдээ их гарах боллоо. Энэ юутай холбоотой гэж үзэж байна?

-Ашиглах, идэх сонирхолтой хүмүүс их болсон юм шиг байна. Хариуцлагын тогтолцоо ярианаас хэтрэхгүй байна. Буруу зүйл хийсэн хүмүүст хатуухан хариуцлага хүлээлгээд явуулдаг байх хэрэгтэй. Хариуцлага хүлээлгэнэ гэдэг нь шоронд хийгээд байхыг хэлж байгаа юм биш. Аливаа буруу үйлдлээс гарсан хохирлыг л төлүүлчихдэг тогтолцоо дутагдаад байгаа юм. Сүүлийн 20 гаруй жил ардчилал, хүний эрх гэж хэт туйлширсан. Энэ хооронд хариуцлагын тогтолцоо алга болсон. Тийм учраас миний ярьдаг нэг зүйл бол сахилга, хариуцлага, дэг журам болоод байгаа юм.