Categories
мэдээ нийгэм

Төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө Орлогын Мэдүүлгийг нийтэд ил болголоо

Хөрөнгө Орлогын Мэдүүлг зурган илэрцүүд

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байршигдах бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл өгөх журмыг Авлигатай тэмцэх газар батлах хуулийн зохицуулалттай.

Дээрх хуулийг баримтлан тус газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, мэдээлэл өгөх журам”-ыг баталсан.

Иймд дээрх хууль, журмыг үндэслэн Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нийт 236 албан тушаалтны 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Т.Фестиваль: Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгаж ажилладаг

Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар “Корпорэйт конвэйшн центр”-ийн “Сөүл” танхимд хоёр өдөр үргэлжлэв. Энэ үеэр орон нутгийн Татварын хэлтсийн дарга нар 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнахаас гадна 2018 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Фестиваль “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгаварыг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Татварын албаны ажилтан, албан хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар хэлтсийн нийт албан хаагчдад үүрэг өгч дотооддоо зургаан цагийн сургалт зохион байгуулж ажилласан. Мөн сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгаж хэрэгжилтийг хангаж ажиллах талаар хэлтсийн Ёс зүйн салбар хорооны хуралдаанаар нэг албан хаагчтай холбоотой асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргуулж ТЕГ-т хүргүүлж ажилласан.

Түүнчлэн татварын ажилтны мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ТЕГ-ын даргын 2017 оны А/11 дүгээр тушаалаар батлагдсан “Монголын татварын албаны ажилтан, албан хаагчдын сургалт хөгжлийн хөтөлбөр”-ийн дагуу албан хаагчдыг сургалтад хамруулж, мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар анхаарч, аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсээс зохион байгуулсан “Хуулиа дээдэлье” сарын аяны хүрээнд Татварын хэлтсийн албан хаагчид болон татвар төлөгчдийн дунд сургалт зохион байгууллаа. Үүнээс гадна хэлтсийн байцаагч, ажилтнуудын хүний нөөцийн чадавхи болон хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх талаар онцгой анхаарч, нийт ажиллагсдыг ТЕГ-аас зохион байгуулсан онлайн болон танхимын сургалтад тухай бүр хамруулах ажлыг зохион байгуулсан” хэмээн танилцууллаа.

“Монгол Улсын Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төв болон Татварын ерөнхий газрын 1800-1288 дугаарын утсанд гаргасан гомдол болох “Ахбаян”, “Дөл” супермаркетүүд НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангаагүй, төлбөрийн баримт олгоогүй гэх гомдлын дагуу шалгалт хийж, зөрчлийг илрүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон” гэдгийг ч аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Фестиваль дуулгасан юм. Татварын хэлтсийн даргын мэдээлснээр 2017 оны гуравдугаар сард бүх байцаагчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, 2016 онд хийсэн ажлыг дүгнэж ололт амжилт, алдаа дутагдлуудаа тодорхойлж, 2017 онд хийж гүйцэтгэх ажлуудын талаар нэг мөр ойлголтод хүрч, хэрэгжилтийг хангуулахаар аймгийн төвийн болон сумдын байцаагч нарт үүрэг даалгавар өгч ажиллажээ.

Мөн шинээр батлагдсан НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, татварын хууль тогтоомжуудад орсон өөрчлөлтүүдийн талаар хэлтсийн даргаас томилсон ажлын хэсэг нь Сагсай, Улаанхус, Цэнгэл, Толбо, Дэлүүн, Булган сумдаар явж хууль сурталчлах ажлыг зохион байгуулсны зэрэгцээ өнгөрсөн оны “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн үеэр аймгийн төвийн болон сумдын татвар төлөгчдийн төлөөллүүдийн дунд татварын хууль тогтоомжуудын хэрэгжилт, тус албанаас хийж гүйцэтгэх ажлын талаар зөвлөгөөн зохион байгуулсан байна. Тус хамт олон иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх тал дээр нэлээд анхаарч НӨАТ-ын төхөөрөмжийг байгууллага, дэлгүүр, худалдааны газруудад байршуулж татварын бүрэн төлөлтийг хангуулах, хөдөө, орон нутгийн татварын байцаагчид зайлшгүй аймгийн төвд өөрийн биеэр ирж тайлан мэдээгээ өгч байдаг нь хугацаа, хожимдох, цаг алдах учир цаашид хөдөө орон нутгийг интернет сүлжээнд холбож цаг, тухай бүрт нь мэдээ, тайлангаа авч байх боломжийг бүрдүүлжээ. Цаашид төв, орон нутгийн компаниуд,татвар төлөгч иргэд, үйлчилгээний төвүүдийн татвар төлөлтийг тухай бүрт нь орчин үеийн мэдээлэл, холбоо харилцаа, моби мэдээг ашиглан мессежээр хүргэж байх нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байгаа аж.

Дашрамд дурьдахад, Монголын Татварын албанаас энэ онд “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтыг дэвшүүлэн, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийнхэн ч харилцааны соёлтой, хэл ярианы өндөр чадвартай, орчин үеийн техник технологи дээр ажилладаг, ажил хэрэгч, хариуцлагатай, шударга байх шаардлагыг эдүгээ ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтан, албан хаагчиддаа тавьж байгаа ажээ.





Categories
мэдээ нийгэм

Ноён уулын шүүх хурал өнөөдөр болно

Ноён уулын шүүх хурал зурган илэрцүүд

Нийслэл захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11:00 цагт Ноён уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал болно. Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр тус шүүх хурал болох байсан ч өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Эргэн сануулахад, Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон байдаг. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон. Ашиглалтын дөрвөн лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Тиймээс уг лицензүүдийг хүчингүй болгож өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсанбайна.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь цаашид төсөв, зээл, тусламжийн бодлогыг чиглүүлэгч гол суурь нөхцөл байх болно

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ,
Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

УИХ-ын эрхэм гишүүд ээ, анд найз нараа

Монголын эдийн засгийн чуулга уулзалтын эхний үе шат болох Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор хуран цугласан Та бүхэнд ирж байгаа хавар цагийн энэ сайхан өглөөний мэндийг хүргэе.

Бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид нэг дор цуглаж, улс орны хөгжил, эдийн засгийн бодлого, үйл ажиллагааг хэлэлцдэг уламжлал тогтоод цөөнгүй жил өнгөрчээ.

Энэ хугацаанд та бид уул уурхай, барилга, худалдаа, банк санхүү, аж үйлдвэр, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн голлох салбаруудад хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын төлөвийн талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гарган хэрэгжүүлж ирсэн.

Өнөөдөр зохион байгуулж байгаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалтаар Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Татварын багц хуулийн шинэчлэл болон холбогдох бусад салбарын хөгжлийн асуудлаар санал солилцож, зөвлөлдөхөөр энд хуран цуглаад байна.

Эрхэм нөхөд өө,

Монгол Улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулъя.

2012-2016 онд тухайн үеийн эрх баригчдын хэрэгжүүлсэн алдаатай бодлого, гадаад зах зээлийн таагүй байдлын улмаас эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан.

Үүний улмаас Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Чингис бондын эхний ээлжийн 500 сая ам.доллар, Дим сам бондын 161.7 сая ам.доллар, мөн төгрөг-юаны своп зээлийг цаг хугацаанд нь төлж барагдуулахад хүндрэл тулгараад байсан юм.

Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл 2014 оноос хойш тасралтгүй уруудаж, 2017 оны хоёрдугаар сард Мүүдийз агентлагийн үнэлгээгээр “Хөрөнгө оруулах боломжгүй улс” гэдэг ангилалд багтаад байсан.

Ийм учраас Засгийн газар макро эдийн засгийг тогтворжуулах, төсвийн хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн олон талын арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

Монгол Улсын Засгийн газар УИХ-аас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр эдийн засгийн төлөв байдал сэргэн, тогтворжиж байгааг дараахь статистик үзүүлэлтүүдээс харж болохоор байна. Үүнд:

· Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч буурч байсан бол 2017 онд 5.1 хувьд хүрч өслөө.

· Өрийн удирдлагыг сайжруулж, Хөгжлийн банк болон Чингис бондын 1,1 тэрбум ам.долларын өрийг төлж барагдууллаа.

· 2017 онд экспорт түүхэндээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны ашиг 1.9 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ.

· Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг хоёр дахин буурууллаа.

· Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч,хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрлээ.

· Гадаад валютын албан нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

· Валютын нөөц нэмэгдсэн нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжийг бүрдүүлж,

· Манай улсын өрхийн бодит орлого сүүлийн дөрвөн улирал дараалан өсч, өрхийн бодит зарлага гурван улирал дараалан нэмэгдсэн байна.

· Сүүлийн хэдэн жил тасралтгүй өсч байсан ам.долларын ханшийг тогтворжуулж, төгрөгийн ханшийг чангарууллаа.

· Эдгээрийн үр дүнд эдийн засгийн төлөв сайжирч, тогтвортой байдал руу шилжиж байна.

Олон улсын судалгааны байгууллагаас гаргадаг Монгол Улсын бизнес эрхлэлтийн итгэлцлийн үзүүлэлт 2016 онд 30 нэгжид хүрч ихээхэн тааруу байсан бол 2018 оны гуравдугаар сарын байдлаар 51,8 нэгжид хүрч тогтвортой өсөн нэмэгдэж байгаа нь манай бизнес, эдийн засгийн орчин сайжирч байгаагийн бас нэгэн нотолгоо болж байна.

Эрхэм нөхөд өө,

Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой, эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах ёстой.

Үүний тулд УИХ-аас баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Хөгжлийн зам хөтөлбөр” зэрэг бодлого, зорилтот хөтөлбөрт нийцүүлэн оюун санаа, эдийн засаг, төрийн тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чиглэсэн “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг Засгийн газрын хуралдаанаар 2018 оны нэгдүгээр сард батлан хэрэгжүүлж байна.

Үүнээс эдийн засгийн тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхэд манай Засгийн газар онцгой анхааран ажиллаж байна. Эдийн засгийн хараат бус байдлыг баталгаажуулахад хүн амаа эрүүл хүнс, түлш шатахуун, эрчим хүчээр бүрэн хангаж, улс орноо гадаад өрийн дарамтаас гаргах нь нэн тэргүүний зорилт юм.

Эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэсэн алхамыг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ.

Үүний тулд эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгуурт эдийн засагтай болох зорилтыг хэрэгжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбар дундын уялдааг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь туйлаас чухал байна.

Иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, улмаар хөрш орнуудын эрчимтэй нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр Хүнс экспортлогч улс болох зорилтыг хэрэгжүүлнэ.

Төрийн шинэчлэлийн хүрээнд шударга ёс, сахилга, хариуцлагатай төрийн тогтолцоог бэхжүүлж эдийн засгийн тогтвортой өсөлтийг эрчимжүүлэн, иргэдээ ажлын байраар хангаж, амьдралын чанарыг сайжруулна.

Зөв засаглалыг төлөвшүүлэх гол үндэс нь “Бодлогын тогтвортой байдал”, “Төрийн институцийн тогтвортой байдал”, “Төрийн албаны ёс зүйтэй, шударга, ил тод байдал” хэмээн үзэж, төрийн хяналтыг сайжруулан, шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай байх зарчмыг чанд мөрдүүлж ажиллана.

Түүнчлэн Хүн төвтэй нийгмийг бий болгох зорилгоор хүн амын эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн тусламж, үйлчилгээг сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг дэмжинэ.

Улмаар боловсролын тогтолцоог уян хатан болгож, монгол хүний өрсөлдөх чадварыг хөгжүүлэх замаар үндэсний үнэт зүйлсээ дээдэлсэн монгол хүнийг төлөвшүүлнэ.

Энэ “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Засгийн газраас баримталж буй төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдаж, цаашид төсөв, зээл, тусламжийн бодлогыг чиглүүлэгч гол суурь нөхцөл байх болно.

Засгийн газар бодлогоо боловсруулан гаргадаг ч хэрэгжилт тааруу, хяналт сул байна гэж иргэд, олон нийт шүүмжилдэг. Иймээс “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг амжилттай хэрэгжүүлэх ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газар онцгой үүрэгтэйгээр манлайлан ажиллах болно.

Эрхэм бизнес эрхлэгчид ээ,

Та бүгдэд Татварын хуулийн шинэчлэлийн талаар товч танилцуулъя.

Засгийн газар төсвөө танах, зардлаа бууруулах бодлого баримталснаар төсвийн алдагдал 2017 онд өмнөх оноос 1,9 их наяд төгрөгөөр буурсан. Тухайлбал нэгдсэн төсвийн зардал 2016 онд 33,0 хувиар өсч байсан бол 2017 оны гүйцэтгэлээр 5.5 хувиар буураад байна.

Засгийн газрын дотоод үнэт цаасыг банкуудад өндөр хүүтэй арилжаалж байсныг эргүүлэн худалдан авч, төсвийн алдагдлыг нөхөхөд зориулан өндөр хүүтэй бонд гаргахыг зогсоолоо. Дотоод бондын хэмжээг бууруулснаар арилжааны банкуудын эх үүсвэрийг чөлөөлж, бизнес эрхлэгчдэд зориулах хөрөнгө, эх үүсвэрийг нэмэгдүүллээ.

Үүний зэрэгцээ уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр байх үед хуримтлал үүсгэх, татварын шинэ орчин бий болгох замаар эдийн засаг, санхүүгийн эрсдэлийг бууруулах шаардлагатай байна.

Засгийн газраас бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсруулан танилцуулсан. Улс орны хэмжээнд олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, нийтдээ 5600 орчим санал авч хуулийн төсөлд тусгаад байна.

Татварын хуулийг шинэчлэх, өөрчлөх үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар татварын хууль тогтоомжийг амжилттай шинэчлэх, татвар төлөгчдийн эрх ашгийг хангасан орчинг бүрдүүлэх онцгой ач холбогдолтой.

Татварын бааз сууриа өргөтгөх, хамгаалах, татвар төлөгч бүр хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх, татварын өр төлбөрийг барагдуулах арга хэлбэрийг шинэ шатанд гаргах, татварын ил тод байдлыг хангахыг бид зорьж байна.

Монгол Улсын Засгийн газар шударгаар бизнес эрхлэгчдээ дэмжин татварын зардлыг нь бууруулна. Харин төлбөл зохих татвараас зайлсхийдэг, шударга бусаар өрсөлддөг этгээдүүдтэй хатуу тэмцэх болно.

Энэ удаагийн татварын хуулийн шинэчлэлээр татвар нэмэхгүй гэдэг амлалтаа биелүүлж, харин ч зарим нэр төрлийн татварыг бууруулж байгаа гэдгийг цохон тэмдэглэе.

Татвар төлөгч, бизнес эрхлэгч ард иргэдээс татварын хууль тогтоомж ойлгомжгүй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, тайлан тооцоо гаргах зардал их байна гэсэн шүүмжлэл олонтой гардаг. Иймээс хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгох, түүнийг дагаж мөрдөхөд хялбар, зардал багатай байлгахыг зорьж байна.

Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ. Иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыг татварын бодлогоор дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.

Монгол Улсын Засгийн газар үйлдвэрлэл, худалдаа, бизнес эрхлэгчдээ бүхий л талаар дэмжинэ. Бизнес эрхлэгчдийг хууль бусаар дарамтлагчид, хүнд суртал гаргагчидтай хатуу тэмцэнэ.

Эрхэм нөхөд өө, бизнес эрхлэгчид ээ,

Цаашид бидний өмнө хийж хэрэгжүүлэх ёстой зорилтууд, хийвэл зохих ажил олон байна. Үүнийг бид хамтдаа, хамтын хүчээр хэрэгжүүлэх ёстой.

Засгийн газар – Хувийн хэвшлийнхэнтэйгээ, Засгийн газар – Ард олонтойгоо, Засгийн газар – Гадаад түншүүдтэйгээ нэг зүгт харж, хүсэл зорилгоо нэгтгэж чадвал бид цаашид тулгарч болох ямар ч хүндрэл, бэрхшээл, эрсдэлийг амжилттай даван туулж, хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэн, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэх бүрэн боломжтой.

Эдийн засаг, татварын шинэчлэл, хувьчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчны бохирдол, дэд бүтцийн шийдэл зэрэг асуудлыг олон талаас нь хэлэлцэж, шийдэлд хүрсэн үр дүнтэй, ажил хэрэгч хэлэлцүүлэг болно гэдэгт итгэлтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ

ХҮЧЭЭ НЭГТГЭЖ, ХАМТДАА ЗҮТГЭЦГЭЭЕ

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Мянганы сорилт корпорациас Монгол Улсад хэрэгжүүлэх хоёр дахь компакт гэрээ усны салбарт хэрэгжинэ

АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-ийн Удирдах зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлаар Монгол Улстай хоёр дахь удаа Компакт гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Компакт гэрээ боловсруулж, хэлэлцээ хийх ажлыг удирдлага, чиглэлээр хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдаар ахлуулан, тус яамны дэргэд Компакт гэрээ боловсруулах үүрэг бүхий Үндэсний ажлын албыг байгуулан ажиллуулж байгаа билээ.

Өнөөдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараар ахлуулсан “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ЫН МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь Компакт гэрээ боловсруулж, хэлэлцээ хийх ажлыг удирдлага, чиглэлээр хангах үүрэг бүхий ажлын хэсэг”-ыг хурал Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд боллоо. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, газрын дарга, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, шинжээчдийн багийн ахлагч доктор Д.Доржсүрэн зэрэг олон талын төлөөлөл оролцов. Хуралдаанаар АНУ-ын МСК-аас үзүүлэх буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтын дагуу хийж хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналын талаар хэлэлцэж саналаа АНУ-ын талд уламжлахаар тогтов.

АНУ-ын МСК-аас Монгол Улсад хэрэгжих хоёр дахь Компакт гэрээний хөрөнгө оруулалт нь Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулагадахаар төлөвлөгдөж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх усны эх үүсвэрээс нэмэгдүүлэх, Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн бохир усыг дахин боловсруулж, ДЦС-уудад үйлдвэрийн зориулалтаар дахин ашиглах болон Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын үр ашгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах бодлого, хууль эрх зүй, институцийн цогц хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлэх ажиллаж байна. Компакт гэрээнд энэ оны 3 дугаар улирлын эхээр гарын үсэг зурахаар талууд зорин ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд Уяачдын холбооны Ерөнхийлөгчийн ажлаасаа чөлөөлөгдлөө

М.Энхболд зурган илэрцүүд

“Дүнжингарав-2018” уралдаан Говьсүмбэр аймгийн Баянтал суманд энэ сарын 18-нд харанхуй болтол явагдаж, энэ үеэр 16 мориноосоо унасан. Энэ тухайд хариуцлагын асуудал чухал болоод байгаа.

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар хариуцлага хүлээх тухай хэлэлцсэн байна.

Энэ тухай УИХ-ын дарга, ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.

Тэрбээр “Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр боллоо. Хурлаар “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулсан талаарх Комиссын даргын мэдээллийг сонсож, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэв.

“Дүнжингарав-2018” уралдаан холбогдох дүрэм журмыг зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон гэж хурлаас дүгнэжээ. Түүнчлэн иргэд, олон нийтийн болон Тэргүүлэгчдийн санал шүүмжлэлд үндэслэн дүрэм журам зөрчсөн уяачдын цолыг хураах, морь уралдуулах эрхийг тодорхой хугацаагаар хасах хүртэл арга хэмжээ авах санал дэвшүүлж, уяачдын ёс зүйг чанд сахиулах нь зүйтэй гэж үзсэн байна.

ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболд хэдийгээр уг уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж, Холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Тэргүүлэгчид хүлээн авлаа.

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн мөн чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг ММСУХ-ны ээлжит их хурал хүртэл түр хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Тэргүүлэгчдийн хурлаас ММСУХ-ны ээлжит VII их хурлыг 2018 оны 5-р сард хуралдуулахаар тогтсон байна.

Их хурлаар ММСУХ-ны одоогийн тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ус зайлуулах ажлыг эхлүүлнэ

Ус зайлуулах ажлыг эхлүүлнэ зурган илэрцүүд

Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хорооны 117 айл шар усны үерт өртсөн нөхцөл байдалтай байна. Үерийн улмаас дүүргийн гэр хорооллын айл өрх, гудамж талбай шар усны үерт автаж, айлуудын бохирын цооног дүүрч, хөрс бохирдон хүн, малын халдварт өвчин гарах эрсдэлтэй байдал үүссэн юм. Мөн далан шуудуу усны урсгалыг даалгүй эвдэрсэн, авто замд усны хаялга хийгээгүйн улмаас эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон гээд олон хүндрэл учраад буй. Өнөөгийн нөхцөл байдал болоод бороо ороход хот тэр чигээрээ усанд автдаг асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.

Сүхбаатар дүүргийн зарим хороо шар усны үерт автаж, нөхцөл байдал хүндхэн байна. Ямар арга хэмжээ авч байна вэ?
Нөхцөл байдалтай танилцаж, холбогдох арга хэмжээ авч байна. Ийм байдал үүсэх болсон шалтгаан нь иргэдийн хайхрамжгүй байдалтай холбоотой. Учир нь уулнаас урссан усыг зайлуулахаар гаргасан шуудуун дээр иргэд блокон хашаа барьчихсан байсан. Үүнээс үүдэн шар усны үер бий болсон. Иймээс иргэд нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд хариуцлагатай хандах ёстой. Уг нь Сэлхийн зам баригдаад 2.5 жил болж байна. Энэ хугацаанд ямар ч асуудал гараагүй. Өнөөдрийн байдлаар манай байгууллагын зүгээс авто замыг нөхөн сэргээх, засварлах ажлыг хийж байна. Харин бусад асуудлыг холбогдох албаныхан шийдвэрлэх болно.
Борооны улирал удахгүй эхэлнэ. Энэ жил авто замын усыг зайлуулах ажлыг нийслэлийн аль бүс нутагт хийх вэ?
“Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ, манай авто замын инженерүүд хамтарч уг ажлыг хийж гүйцэтгэнэ. Улаанбаатар хотын бүх авто замын ус зайлуулах асуудлыг шийдвэрлэнэ гэвэл их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. Иймээс нийслэлийн хамгийн их ус хуримтлагддаг байршлуудыг сонгож, ус хуримтлагдахгүй болгохоор төлөвлөсөн. Тухайлбал, Чингис зочид буудлаас дээш өгссөн зам, Цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам, Нарны гүүрний доод хэсэг зэрэг ус их хуримтлагдаж байгаа газруудыг эхний ээлжинд засварлана. Мөн гэр хороолол дахь зарим замд уг ажлыг хийнэ.
Засвар, барилгын ажлыг хэзээнээс эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?
Дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ. Энэ ажлыг хурдан хугацаанд хийх боломжгүй. Ирэх есдүгээр сард бүрэн дуусгахаар төлөвлөсөн.
Уг ажилд нийт хэчнээн төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бэ?
Энэ жил авто замын ус зайлуулах засварын ажилд нийт 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Хоёр жилийн өмнө нийслэлд ус зайлуулах усан насосны станц нэмж байгуулна хэмээн ярьж байсан. Энэ бодит ажил болсон уу?
Уг асуудлыг “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ мэдэж байгаа байх. 2017 оноос эхэлсэн авто замын бүтээн байгуулалтын ажилд ус зайлуулах бүх төрлийн шийдлийг хийж өгч байгаа. Шинээр тавигдаж байгаа бүх замд ус зайлуулах хоолойг давхар шийдээд явж байгаа гэсэн үг. Зуслангийн бүс болон налуу ихтэй уулын бэл дагасан замуудад түвшнийг нь тааруулаад ус зайлуулах хоолой хийсэн. Харин хотын төвийн бүх зам ус зайлуулах хоолойтой холбогдсон.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд Эдийн засгийн чуулганд оролцогчдод илгээлт хүргүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монголын эдийн засгийн чуулганы төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэгт оролцогчдод илгээлт хүргүүлэв. Илгээлтийг УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөх Р.Болд уншин сонсголоо.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАВРЫН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДОД

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,

Монголын эдийн засгийн 2018 оны чуулганы оролцогч, зохион байгуулагч Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Өнгөрсөн жил гаруйн хугацаа бодлогын өөрчлөлт хийж, бодит үр дүн авчирсан өдрүүд байлаа. Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн алдагдлыг 2 дахин бууруулж, 1.1 тэрбум ам.долларын нэн тулгамдсан гадаад төлбөрийг шийдвэрлэлээ. Бодлогын шинэчлэлийн зэрэгцээ гадаад зах зээлийн таатай нөхцөл хадгалагдсан нь хүлээгдэж байснаас нааштай үр дүнг авчирч, эдийн засгийн өсөлт 5.1 хувьтай гарлаа. Зээлжих зэрэглэл, гадаад өрийн тогтвортой байдал сүүлийн жилүүдэд анх удаа сайжирч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэллээ.

Энэ оны хувьд эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, улмаар урт хугацаанд гадаад зах зээлийн өөрчлөлтөөс дархлаатай, өөрөө өөрийгөө тэтгэдэг эдийн засгийн бүтэц рүү шилжих бүтцийн өөрчлөлтийн бодлогыг эхлүүлэх жил болж байна.

Эрхэм зочид оо,

Энэ зорилтын хүрээнд Та бүхнийг 3 асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна:

Нэгдүгээрт, олон асуудлыг хэлэлцэхээс илүүтэй эдийн засгийн суурь асуудлын хэрэгжилт, үр дүнг тогтмол хэлэлцдэг байх нь зүйтэй байна. Монголын эдийн засгийн форум 2010 онд анх зохион байгуулагдсан цагаас хойш өөр өөр түвшний, хэрэгжилт нь нэгнээсээ хамаарсан маш олон асуудлыг өргөн хүрээтэй хэлэлцсэн. Сүүлийн чуулганд л гэхэд хуульчдын өрсөлдөх чадвараас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хүртэлх асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргасан. Харин энэ удаа “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” дотроос нэн чухал 6 суурь асуудлыг сонгон авч, хэрэгжихгүй байгаа шалтгааныг тодорхойлж, оновчтой шийдлийг хэлэлцэх нь зүйтэй байна. Жишээ нь, нэг талаас ирээдүйн тэтгэвэр авагчдын амьдралын баталгаа, нөгөө талаас санхүүгийн зах зээлийн институциональ хөрөнгө оруулагч болдог тэтгэврийн сангийн шинэчлэлийн асуудал орхигдсон хэвээр байна.

Хоёрдугаарт, гадаад зах зээлд, ялангуяа хөрш орнуудын зах зээлд гарах чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтран ажиллах чиглэлийг маш тодорхой болгох шаардлагатай. Монгол Улсын эдийн засгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, дархлааг сайжруулах зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгасан. Бусад улс орны туршлагаас үзэхэд хувийн хэвшил нь ганц нэгээрээ биш нийлж нэгддэг, төр нь санхүүгийн дэмжлэг гэхээс илүү худалдааны бодлого, улс төрийн яриа хэлцэл, зөвлөх үйлчилгээний хүрээнд экспортыг дэмжиж байна.

Гуравдугаарт, энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд тодорхойлох гол асуудлаар төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг 2 сарын хугацаагаар ажиллуулах нь зүйтэй байна. Энэ ажлын хэсгийн ажлын үр дүнг Монголын эдийн засгийн форумын 5 дугаар сард болох хуралдаанаар хэлэлцэж, цаашдын бодлого шийдвэрт тусгах боломжтой. УИХ-ын зүгээс эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газраас санаачлах аливаа хууль, тогтоолын төслийг цаг хугацаанд нь хэлэлцэн шийдвэрлэхэд бэлэн байна.

Эрхэм хатагтай ноёд оо,

Монголын эдийн засгийн форумын эхний хэлэлцүүлэг ийнхүү эхэлж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь төр, хувийн хэвшлийн энэ оны зорилтыг тодорхойлсон, тулгамдсан асуудлыг үр ашигтай, тогтвортой, урт хугацааны зорилтод нийцсэн хувилбараар шийдэх шийдлийг эрэлхийлсэн үр дүнтэй арга хэмжээ болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот


Categories
мэдээ нийгэм

Хориглосон бүсээс малаа гаргах талаар мэдэгдэх хуудас хүргүүлж ажиллалаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ын хүрээнд дүүргийн 12, 16, 17, 19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт буй 53 мал, аж ахуй эрхэлж буй өрхүүдэд Нийслэлийн Онцгой Комиссын албан даалгавар, Мэргэжлийн Хяналтын газрын даргын албан мэдэгдэл хүргүүлэх, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал, аж ахуй хорио цээрийн Улсын Ахлах байцаагчийн мэдэгдэх хуудсыг тус тус хүргүүлэх ажлыг зохион байгуулж дууслаа.

Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэгт мал, аж ахуй эрхэлж буй нийт 53 өрхийн 1264 толгой мал, гахай, шувуу зэргийг хориглосон бүсээс гаргах талаар мэдэгдэх хуудас өгч, малын хашаа саравчинд лац байрлууллаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Тоглолтын ачааллаа дийлээгүйн улмаас нас баржээ

Zeke Upshaw died on Monday after collapsing on the court toward the end of a basketball game.

Америкийн сагсанбөмбөгийн G-лигийн Grand Rapids Drive багийн тоглогч Зэк Апшоу нас барлаа. Тэрээр хоёр өдрийн өмнө багийн хамт Long Island Nets багийн эсрэг тоглосон тоглолтын сүүлийн 40 секунтэд шалан дээр ухаан алдан унасан юм. Улмаар 24 цаг өөрийн амьдралын төлөө тэмцсэн ч эцэст нь амьсгал хураалаа. Тэрээр 26 настай, жигүүрийн тоглогч байсан бөгөөд тоглолтод 11 оноо авч багтаа тусалсан.

Б.АМАРТҮВШИН