Categories
мэдээ спорт

Дэлхийн хөлбөмбөгийн эргэн тойронд

world football зурган илэрцүүд

Манай улсын хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр Маврики улсын шигшээ багт хожигдсон. Тэгвэл дэлхийн хөлбөмбөгт томоохон тоглолтууд боллоо.

Image may contain: one or more people and outdoor

Мягмар гарагт Санкт-Петербургт болсон нөхөрсөг тоглолтод ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Францын шигшээ багт 3:1 харьцаатайгаар хожигдлоо. Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлсэн Францын шигшээ багаас 40 ба 83 дахь минутад Килиан Мбаппе, 48 дахь минутад Поль Погба нар гоол оруулсан бол Оросын шигшээ багийн цорын ганц хариу гоолыг Федор Смолов 68 дахь минутад оруулсан байна.

russia france football зурган илэрцүүд

Мөн тус өдөр Мадридад болсон нөхөрсөг тоглолтод Испанийн шигшээ багт 6:1 харьцаатай бут ниргүүлсэн Аргентины хөлбөмбөгийн үндэсний шигшээ багт тус улсын домогт хөлбөмбөгчин Диего Марадона нийгмийн сүлжээгээр дамжуулан сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн байна. Марадонаг Аргентины шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж 2009 онд Боливийн шигшээ багт мөн л 6:1 харьцаатай хожигдож байснаас хойш анх удаа дээрх томоохон ялагдлыг хүлээж байгаа ажээ. “Яг одоо бидний хийж чадах зүйл бол ур чадвараа сайжруулах явдал юм” гэж Марадона нийгмийн сүлжээнд бичсэн байна. Аргентины гол гол сонинууд харин энэ хожигдлыг Лионель Месси гэмтлийн улмаас тоглоогүйтэй холбон тайлбарлахын зэрэгцээ шигшээ багт Фигу, Сержио Рамос зэрэг авъяаслаг хөлбөмбөгчидтэй эн тэнцэхүйц чадварлаг тамирчид дутагдаж байгааг тэмдэглэжээ.

Б.АМАРТҮВШИН

SPAIN 6-1 BRAZIL зурган илэрцүүд

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулахад шуа хамтран ажиллана

Улаанбаатар хотын хог хаягдлыг сэргээн ашиглан цахилгаан станц байгуулах асуудлаар БНХАУ-ын “Чайна Тиан Ин” компанийн төлөөлөл гуравдугаар сарын эхээр Монгол улсад ажиллах үеэрээ Шинжлэх ухааны академид зочилж, өөрийн технологио монгол эрдэмтдэд танилцуулж, санал солилцож байсан.

Тэгвэл тус компанийн урилгаар Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл зарим судлаач эрдэмтдийнхээ хамтаар энэ сарын 19-23-ны өдрүүдэд БНХАУ-д айчлаад иржээ. Энэ үеэрээ ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БНХАУ-ын “Чайна Тиан Ин” компанийн ерөнхий захирал Цао Дэвяо нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын өнөөгийн хэмжээ, бүтэц, тархалт, ойрын жилүүдийн чиг хандлагыг судлан тогтоож, орчны бохирдолд хог хаягдлаас үзүүлэх нөлөөлөлд үнэлгээ хийх, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоход инноваци нэвтрүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэ үеэр хөндөгдсөн нэг чухал асуудал бол Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн лагийг тус компанийн шатаах технологиор устгах боломжтой гэж үзсэн явдал. Тодруулбал, ASEM-ийн чуулганы үеэр цэвэрлэх байгууламжийн үнэрийг ШУА-ийн ХХТХ-ийн боловсруулсан бүтээгдэхүүнээр нь дарж байсан нь зөвхөн түр зуурын арга хэмжээ байсан. Цэвэрлэх байгууламжийн лагаас хүхэрлэг хий ялгардаг учраас хүний эрүүл мэнд байгаль орчинд хортой бөгөөд одоо хуримтлагдчихаад байгаа 200 гаруй тонн лагийг “Чайна Тиан Ин” компанийн шатаах технологиор устгах бүрэн боломжтой гэж 2 талын судлаачид үзжээ. Мөн хог хаягдлыг дахин сэргээж, эрчим хүч үйлдвэрлэдэг үйлдвэр нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулаад зогсохгүй олон жилийн туршид тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдол, цаашлаад ус, хөрс, орчны бохирдлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн олон талын ач холбогдолтой чухал төсөл болохыг онцлов.

БНХАУ XIII-р 5 жилд хог хаягдлынхаа 50 хувь, зүүн өмнөд бүсдээ 60 хувийг нь шатааж эрчим хүч үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн юм байна. “Чайна Тиан Ин” компанийн технологи нь энэхүү зорилтод бүрэн нийцдэг, Хятад улсын болон олон улсын байгаль орчны шаардлага, стандартуудыг өндөр түвшинд ханган ажилладаг төдийгүй дотоодын болон бусад орнуудад 40 гаруй төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компани юм байна.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл айлчлалынхаа хүрээнд Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуягтай уулзаж “Чайна Тиан Ин” компанийн хог хаягдал боловсруулдаг үйлдвэрүүд, судалгааны хүрээлэн, Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол, хог хаягдал, цэвэрлэх байгууламжийн талаар санал солилцсон юм.

Энэ үеэр элчин сайд Д.Ганхуяг “Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдэхэд хүчин чармайлт тавьж ажиллана гэдгээ уламжилав. Мөн Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол улс код авч, сансрын зургийг үнэгүй авч ашиглах, хоёр улсын түүх, соёлын салбарт илүү идэвхтэй ажиллах боломж байгааг мэдээлж, ШУА-ийг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Уушги, амьсгалын замын эмгэгүүдийн үед энэтхэг турмерикийн үзүүлэх үйлдлийн талаар судалгаа гарчээ

Монгол Улсад жилд 4000 орчим сүрьеэгийн шинэ халдвар бүртгэгдэж байгаагаас нийт халдварт өвчнүүдийн 10 хувийг эзэлж байна. 2016 оны байдлаар уушгины ба уушгины бус сүрьеэгийн тохиолдлын тоо тэнцүү бүртгэгджээ. Сүүлийн үед судлаачдын үзэж байгаагаар сүрьеэгийн менингит ихсэх болсон нь энэ өвчний дэгдэлт улам их болж, хүүхдүүд ихээр өртөж буйг анхааруулсаар байна. 2017 онд сүрьеэ өвчний 3779 шинэ тохиолдол бүртгэгдсэний 2211 нь Улаанбаатар хотод, 1518 нь аймаг орон нутагт, 50 нь хорих байгууллагад бүртгэгджээ. Монголд жилд 100 гаран хүн энэ өвчнөөр нас бардаг бөгөөд нийт нас баралтын 2.2 хувийг эзлэх буюу 10 хувь нь эмэнд тэсвэртэй сүрьеэ байна. Мөн маш олон эмэнд дасалтай сүрьеэ гэж оношлогдсон нь их ба ихэнх тохиолдолд эмчилгээ байдаггүй, ойролцоогоор 10 жил амьдарч, тухайн хугацаандаа 100-аад хүнд халдвар тараадаг нь судлагджээ. Олон эмэнд дасалтай сүрьеэгийн гол шалтгааан нь антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй бөгөөд нийт сүрьеэ өвчөөр өвчлөгсдийн 10 хувийг эзэлдэг байна. Тийм учраас энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал бөгөөд хэрэглэж буй хоол тэжээлээр урьдчилан сэргийлэх боломж байгаа билээ. Эдгээрийн нэг нь байгалийн энэтхэг турмерик юм.

Сүрьеэ өвчний эсрэг энэтхэг турмерикийн үйлдэл:

Хүний уушгины цулцангийн цэвэрлэх үйл ажиллагааг турмерик дотор агуулагдах күркүмин нь сайжруулах үйлдэл үзүүлдэг. Мөн күркүмин нь caspase-3 хамааралт эсийг үхүүлэх болон залгих үйл ажиллагааг дэмждэг төдийгүй эдгээр сүрьеэгийн макрофаг эсийн үйлдлийн хүчин зүйлийн карра В идэвхжлийг сайжруулахад нөлөөлдөг байна.

Уушгины хорт хавдрын эсрэг энэтхэг турмерикийн нөлөө:

Уушги нь цээжний хөндийд байрлах амьсгалын үүрэг гүйцэтгэдэг хос эрхтэн бөгөөд амьсгалахад уушгинд эсийн хэвийн амьдралын үйл ажиллагааг нөхцөлдүүлдэг хүчилтөрөгчөөр дүүрч, амьсгал гаргахад эсээс ялгарсан нүүрс хүчлийн хийг бие махбодиос ялгаруулах эрхтэн юм. Уушгины анхдагч болон хоёрдогч хавдар байдаг ба судлаачид уушгины хавдар үүсгэх гол хүчин зүйлсийг дараахь байдлаар ангилсан байна. Үүнд: Тамхи (утаат тамхи, кокайн, марихуна), дам тамхидалт, туяаны хордлого, асбест, хром, никель, берили, хүнцэл, хөө, давирхай зэрэг нь хавдар үүсгэдэг бөгөөд, агаарын бохирдол, агаарын халдвар, удамшил, хавьтал, зохисгүй хооллолт, уушгины өвчнөөр өвчилж байсан түүхтэй байх зэрэг нь нөлөөлнө.

Бид турмерик буюу күркүминийг уушгины хорт хавдрын үед хэрэглэсэн 300 гаруй судалгааны дүнгээс дараахь мэдээллийг багцлан хүргэж байна.

Турмерик буюу күркүмин нь хавдрын эсрэг үйлдэлтэй байгалийн бүтээгдэхүүн бөгөөд уушгины хавдрын болон янз бүрийн хавдрын үед үр дүнтэй. Аажмаар саармагжиж гэмтсэн ДНХ-ийн зохицуулагч уургуудын алдаатай үйл ажиллагааны улмаас эсийн гажилт бий болж улмаар үр дүнд нь хавдрын эсүүд бий болдог. Эдгээр хавдрын эсүүдэд турмерикийн дотор их хэмжээгээр агуулагддаг бодис болох “Diferuloylmethane” буюу күркүмин нь сөрөг нөлөө үзүүлдэг. Хавдрын эсүүдийн үржил, дахин төлжилтөнд саад учруулахаас гадна хавдрын эсүүдийн генетикийн бүтцэд гэмтэл учруулдаг онцгой антиоксидант юм. Хавдрын генетикийн

-мэдээлэл хуулбарлагчид болох “NF-kB, STAT3, -catenin, AP-1”,

-өсөлтийн уурагууд болох “EGF, PDGF, VEGF”,

-хавдарын ферментүүд болох “COX-2, iNOS, MMPs”,

-энерги дамжуулагчид болох “cyclin D1, CDKs, Akt, PKC, AMPK”,

-үрэвслийн цитокин болох “TNF, MCP, IL-1, IL-6”,

-генеткийн мэдээлэл зохицуулагч болох “Bax, Bad, Bak” болон

-эрүүл эсүүдийн генеткийн мэдээлэл устгагч болох “Bcl(2), Bcl-xL” мэтийн хавдрын эсүүдээс ялгардаг био-химийн бодисуудын нөлөөг саармагжуулах болон устгах үйлчилгээтэй. Америкийн “Уушгины нийгэмлэг”-ийн эрдэмтдийн судалснаар күркүмин нь уушгины эсийн исэлдэлтийг зогсоож уушгины хавдрын эсийн үхэл буюу апоптозыг дэмждэг нь нотлогдсон байна. Турмерик түүний доторх күркүмин нь уушгины хавдрын эсний эсрэг үйлчилгээтэй гэдгийг Тайваний Үндэсний Шинжлэх ухааны зөвлөлийн судлаач эрдэмтэд судалжээ. Судлаачдын судалгаагаар күркүмин нь антиоксидант үйлдэлтэй тул формальдегидээс шалтгаалсан уушгины хавдраас урьдчилан сэргийлдэг байна. Мөн генийн өөрчлөлт (ДНХ-ийн нийлэгжилт гэмтэж хавдар үүсэх) үүсэхээс сэргийлж уушгины хавдраас сэргийлнэ.

Күркүмин нь хорт хавдрын эсрэг үйлдэлтэйгээс гадна хавдрын эсрэг уламжлалт эмчилгээтэй хавсарч хэрэглэхэд үр дүнтэй, хорон чанаргүй бөгөөд гаж нөлөөгүй гэдгийг судлаачид тэмдэглэсэн байна.

Күркүмин нь уушгины хавдрын үед олон янзын замаар эсийн ургалтыг дарангуйлдаг.

Вензол[a]пирен нь хавдар үүсгэгчийн урьтал бодис бөгөөд агаарын бохирдол ба тамхины утаанаас ялгардаг байна. 2015 онд Биофактор сэтгүүлд Күркүмин нь бензол[a]пирены эсэд мутаци үүсгэх үйлдлийг дарангуйлдаг гэж нийтлэгджээ. Ражив Гандигийн нэрэмжит Биотехнологийн төвийн судлаачид күркүмин нь никотиноор үүсгэгдсэн уушгины хавдраас сэргийлдгийг тогтоосон байна. Японы эрдэмтдийн судалгаагаар күркүмин нь тамхины утаагаар идэвхждэг уушгины жижиг эсийн гаралтай хавдрыг идэвхжүүлдэг хүчин зүйлийн идэвхийг дарангуйлдаг гэдэг нь батлагдсан. Турмерик түүний доторх күркүмин нь уушгинд хорт хавдар үүсгэгч никотин зэрэг бодисуудаас уушгийг хамгаална. Зарим хорт хавдрын эсүүд нь хэвийн үүдэл эсүүдийн шинж чанарыг агуулан өөрийгөө шинэчилэхдээ хорт хавдрын өсөлтийг дэмждэг нь хорт хавдрын эсийг эмэнд дасалтай болоход хүргэдэг. Судалгаанаас харахад күркүмин нь уушгины хорт хавдрын эсийн өсөлтийг (пролифераци)дарангуйлснаар уушгины хавдрын эсрэг үйлдэл үзүүлнэ. Хавдрын эсрэг төвийн 2016 онд нийтлэгдсэн судалгаанд күркүмин нь хорт хавдрын эсийн үүдэл эсийн өөрийгөө шинэчлэх үйл явцад нөлөөлдөг буюу ДНХ-ийн нийлэгжилтэд нь нөлөөлснөөр хорт хавдрын үсэрхийлэл, даамжралыг багасгадаг гэж дурджээ. Мөн күркүмин нь хорт хавдрын үүдэл эсэд нөлөөлөх циспластин болон бусад эмийн эмчилгээний үр дүнг сайжруулдаг хэмээжээ. Күркүмин нь хорт хавдрын үүдэл эсийн эсрэг үйлдэл үзүүлдэг нь батлагдсан.

Күркүмин нь молекулын болон биохимийн эмгэг жамд нөлөөлөх замаар хавдар бие махбодийн бусад эрхтэнд үсэрхийлэхээс урьдчилан сэргийлдэг ба үсэрхийллээс сэргийлэх эмийн эмчилгээний үр нөлөөг дэмждэг. Мөн уушгины хоёрдогч хавдар үүсэхээс сэргийлж хавдраас сэргийлэх эмийн эмчилгээний үйлдлийг дэмжинэ.

Күркүмин нь хавдрын үеийн эмчилгээний эмэнд мэдрэг байдлыг нэмэгдүүлдэг. ОУ-ын Нано анагаах ухаан сэтгүүлийн 2016 оны дугаарт хэвлэгдсэн судалгаагаар күркүмин нь уушгины хавдрын үед хэрэглэх доксорубицин гэдэг эмэнд дасал үүсэлтийг бууруулсан нь батлагдсан. Улмаар хорт хавдрын өсөлт, тархалтыг бууруулахын зэрэгцээ эмэнд дасал үүсэхээс сэргийлэх үйлдэлтэй нь нотлогдсон. Мөн турмерик түүний доторх күркүмин нь циспластин ба эрлотиниб зэрэг эмэнд дасал үүсэхээс сэргийлнэ.

Күркүмин нь хавдрын эсрэг эмчилгээнд мэдрэг байдлыг нэмэгдүүлж эмчилгээний үр дүнг дээшлүүлэхээс гадна эмэнд дасал үүсэхээс сэргийлнэ.

Агаарын бохирдлын үед амьсгалын замаар орж буй бохирдлоос амьсгалын замыг хамгаалах, уушгины олон эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бөгөөд уушгины архаг бөглөрөлтөт өвчин үүсэхээс сэргийлдэг нь нотлогдсон тул уушгины архаг бөглөрөлтөт өвчний өндөр эрсдэлтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой юм. /COPD/

Күркүмин нь уушгины хавдрын үед тодорхой дархлааны эсүүдийн идэвхийг зохицуулах, хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах замаар хавдрын эсрэг үйлдэл үзүүлнэ. Мөн бага тунгаар уушгины хавдрын эсрэг дархлааг дэмждэг нь нотлогдсон. Үүнээс гадна күркүмин нь хавдрын судасжилт үүсэх явцыг хориглож уушгинд хавдар үүсэхээс сэргийлнэ.

Энэтхэг турмерик түүний доторх күркүмин нь хорт хавдрын эмийн эмчилгээний үед түгээмэл илэрдэг гаж нөлөөнөөс сэргийлж эмийн хортой нөлөөнөөс эд эрхтэнийг хамгаалах төдийгүй эрүүл болон хавдрын эсийг ялгаж эрүүл эсийг хамгаалж, хавдрын эсийн өсөлтийг дарангуйлдаг. Судалгаагаар күркүмин нь хорт хавдрын эмчилгээний улмаас бие махбодид илрэх шинж тэмдгийг багасгах, гаж нөлөөг буруулах үйлдэлтэй нь нотлогдсон. Мөн хавдрын үед хими болон туяа эмчилгээний хортой нөлөөнөөс хамгаалдаг. Иймээс эдгээр эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд байгалийн гаралтай антиоксидант үйлдэлтэй турмерикийг тогтмол хэрэглэх нь чухал юм. Дэлхийн олон орноос турмерик хэрэглэж заншсан Энэтхэг, Япон, Хятад гэх мэт Азийн орнууд болон Арабын орнууд хавдрын тархалт харьцангуй бага байгаа нь энэ күркүмин орсон байгалийн бүтээгдэхүүнүүдийг хоолондоо өдөр тутам хэрэглэх ба турмериктэй сүү, турмериктэй цай, ундаа, ус, шүүсийг өргөн хэрэглэдэгт оршино. АНУ, Канад, Австрали, Герман, Орос зэрэг олон орны иргэд энэтхэг турмерикийг эмийн бус эмчилгээ, хоол хүнсэнд өргөн хэрэглэдэг болсон байна.

ЭМШУИС-ийн Эм зүйн сургуулийн багш, АУ-ын магистр Б.Булган

Categories
гадаад мэдээ

ОХУ даяар гашуудал зарлав

Энэ сарын 25-нд Оросын Кемерово хотын нэгэн худалдааны төвд гал гарсны улмаас 64 хүн, тэдний дотор 41 хүүхэд амиа алдсантай холбогдуулан лхагва гарагт буюу өнөөдөр улс орон даяараа гашуудал зарлах тухай зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа гэж “Спутник” агентлаг мэдээллээ.

Өнөөдөр Орос орон даяар төрийн далбааг хагас бөхийлгөж байна. Мөн радио телевизийн бүх цэнгээнт нэвтрүүлэг болон зугаа цэнгэлтэй холбоотой бусад арга хэмжээг цуцалсан байна.

В.Путин өчигдөр Кемерово хотод очиж, галд өртсөн “Өвлийн интоор” худалдааны төвийн ойролцоо цэцэг өргөснөөс гадна хайртай дотны хүмүүсээ алдсан иргэдийн төлөөлөлтэй уулзаж, эмгэнэл илэрхийлжээ. Мөн тэрбээр галын шалтгааныг шуурхай, шударга үнэнээр тогтоохыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.

Галын шалтгааныг тогтохоор ажиллаж буй мөрдөн шалгах комиссын ахлагч Александр Бастрыкин хэлэхдээ “Богино холбоос үүссэн, эсвэл ил галын улмаас тус худалдааны төвд гал гарсан байж болзошгүй. Эхний таамаг байх магадлал өндөр байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

У.Хүрэлсүх хөгжлийг сэрээх үү

У.Хүрэлсүхийн Засгийн газар удахгүй хагас жилийнхээ ойтой золгоно. Энэ бол нийгмийн хүлээлтэд юу хийж чадах вэ гэдгээ харуулахад бас ч чамлалтгүй хугацаа. Хэдийгээр гүйцэтгэх засаглалын тэргүүн парламентын гишүүн биш ч гэлээ УИХ-д 65 суудалтай ууган намын даргын тамгыг давхар атгаж байгаа гэдгээрээ тулгамдсан асуудлыг шийдэж, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд түүнд улс төрийн бяр дутна л гэж лав байхгүй. Үүнийгээ ч тэр мэдэхийн дээдээр мэдэж буй.

Намаа зангидаж, засгийн залуураа бат атгаж чадсан түүний хувьд одоо улс орноо том зургаар нь харж 2020 оноос урьтаж эдийн засгаа бүрэн эрүүлжүүлэх, Засгийн газрынхаа Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх их ачаа оногдож байна.

Ерөнхий сайд саяхан Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг баруун аймгуудад томилолтоор ажилласан. Ингэж явахдаа “Засгийн газрын бодлогын цөм нь монгол хүн. Монгол хүн эх орондоо амар амгалан, гэдэс цатгалан, айх аюулгүй амьдрах ёстой” гэдгийг онцолсон. Бас аливаа асуудлыг “судалж байна” гэж иргэдийн цаг завыг үрэлгүй алгуурлалгүй шийдэж байх талаар орон нутгийн удирдлагуудад хатуухан анхааруулаад авсан. Өөрөө ч иргэдийн асуусан асуултад тов тодорхой хариулт өгч, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь хариу өгч, шийдэл гаргаж байсан нь иргэдэд тун ч их таалагдлаа.

Ганцхан жишээ хэлэхэд Ховд аймагт ажиллахдаа олон жил яригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна гэдгээ шулуухан хэлж, бэлтгэл ажилтай газар дээр нь танилцаж, энэ чиглэлээр илүү хурдтай ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орчихвол баруун аймгууд эрчим хүчний импортын хараат байдлаас бүрэн гарна. Тэгээд зогсохгүй хямд үнэтэй эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж, энэ хэрээр үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих боломж өргөжих учиртай. Үүний дам өгөөж нь ажлын байрыг олноор бий болгож хотыг чиглэсэн иргэдийн нүүдэл, харийг зорих залуусын цуваа татрахад тусаа өгнө.

Баруун бүсэд тулгамдаж буй бас нэг асуудал нь барилгын материал, тэр дундаа цементийн өндөр үнэ болоод байгааг иргэд Ерөнхий сайдад уламжилж байсан. Хэрвээ Ховдод цементийн үйлдвэр байгуулчихвал орон сууцны барилгын үнэ өртөг одоо байгаагаас огцом буурч, олон айл шинэ байранд тохь тухтай амьдрах орчин нөхцөл бүрдэнэ гэдгийг хүмүүс учирлаж байлаа.

Нийслэлээс 1600 гаруй км алслагдсан Ховд аймагт цементийн үйлдвэр барих шийдлийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед гаргаж, Ч.Сайханбилэгийн үед Засгийн газрын тогтоолоор албажуулсан түүхтэй. Одоо харин энэ тогтоолыг хэрэгжүүлж амь оруулах, засгийн бодлогын залгамж халаа, төрийн бодлогын түүчээг үргэлжлүүлэх түүхэн үйлсийг У.Хүрэлсүх ойрын үед бүтээж чадвал баруун аймгийн иргэдээс том оноо авах нь ойлгомжтой. Эмнэлэг, цэцэрлэг шинээр барих ажлыг шуурхайлж, эрчим хүч, цементийн үйлдвэртэй болгох амлалтаа хэрэгжүүлнэ гэж шийдтэй дуугарсан Засгийн газрын тэргүүнд иргэд талтай байна.

Одоо У.Хүрэлсүхийн хувьд өөнтөгч өрсөлдөгчдийнх нь зүгээс зүүхийг санаархаж буй “Лоозонгийн Засгийн газар” гэх хочоос холдож, “Хөгжлийн Засгийн газар” гэх хүндтэй нэр хүртэх боломж гагцхүү түүний гарт л байна. Юутай ч түүний энэ удаагийн томилолт цөхөрсөн хүмүүсийн итгэлийг сэргээж, царцсан хөгжлийг сэрээх найдвар байгааг харууллаа. Хөгжлийг сэрээх үү? гэсэн асуултад тэр л өөрөө хариулт өгнө.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Энэ жил 450 кг жинтэй цахилгаан машин худалдаанд гарна

Polymaker car зурган илэрцүүд

Италийн цахилгаан машины компани XEV болон 3D материал хэвлэлийн компани болох Polymaker хамтран, баг бүрдүүлж 450 кг жинтэй олон тооны цахилгаан машин үйлдвэрлэн, худалдаанд оруулахад бэлэн болжээ.

Тэд энэхүү машиныг дотооддоо болон гадаадын орнуудад нийлүүлэх аж. Машины эд анги, суудал, шилнээс бусад нүдэнд харагдах бүх хэсгийг Polymaker компанийнхан 3D хэвлэл ашиглан хийсэн аж.

XEV компанийн зүгээс “Машины загварын ажилд 3-5 жилийг зарцуулсан ч эцсийн загварыг жилийн дотор гаргасан. Энэ жилийн сүүлээр худалдаанд оруулна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНСУ-ын Пусан хотын орлогч дарга Пак Жэ Миныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас Пусан хотод суугаа Консул Д.Баямбадорж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Пусаны Эрүүл мэндийн газрын дарга Ём Дун Соб, Пусаны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн хотын брэнд хэлтсийн дарга Хуан Ён Ха болон бусад албаныхан оролцов. Тэд хоёр хотын хамтын ажиллагаа ялангуяа аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар харилцан санал солилцож, тус салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх санамж бичгийг байгуулсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хотуудын нягт, харилцан ашигтай, бодит хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Улаанбаатар, Пусан хот 2016 онд “Найрамдалт харилцааг хөгжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш хоёр хотын харилцаа бүхий л салбарт тэр дундаа аялал жуулчлалын салбарт эрчимтэй өргөжин хөгжиж байна.

Улаанбаатар хотын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх үүднээс бид өнгөрсөн хугацаанд хот орчмын уулын явган аяллын чиглэлийг хөгжүүлж байгаа. Тиймээс энэхүү чиглэлээр Пусан хотын аялагчдыг Улаанбаатар хот орчмын уулаар жилийн 4 улиралд аялахыг урьж хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн Солонгос улс эрүүл мэндийн аялал жуулчлалыг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр сүүлийн 2 жилд эрчимтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн. Бидний зүгээс энэхүү эрүүл мэндийн аялал жуулчлалын хамтын ажиллагаанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв. Энэхүү хамтын ажиллагаа маань бодит биеллээ олж таны энэ удаагийн айлчлалаар Улаанбаатар хотод “Пусаны Эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих газар” нээлтээ хийх гэж байна. Түүнчлэн өнөөдөр хоёр хотын хооронд аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх санамж бичгийг байгуулснаар манай хоёр хотын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо жилээс жилд байнгын өсөлттэй байгаа бөгөөд тэдгээр жуулчдын 90 хувь нь Улаанбаатар хотоор дамжиж ирдэг. Өнгөрсөн оны судалгаагаар 471.094 мянган жуулчин Монгол Улсад аялал жуулчлалаар ирсэн. Үүнээс БНСУ-с ирж байгаа жуулчдын тоо 74.985 мянгад хүрч өмнөх онтой харьцуулахад 23 хувийн өсөлттэй тоо гарсан байна.

Мөн “Air Busan” ХХК Улаанбаатар-Пусаны чиглэлд шууд нислэг долоо хоног бүрийн мягмар баасан гаригт явуулж байна. МИАТ ХК мөн адил пүрэв, ням гаригуудад шууд нислэг үйлдэж 7 хоногт 4 удаагийн шууд нислэгтэй болсон нь дээрх хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хамгийн том боломж гэж харж байгаагаа хоёр тал онцолж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Герман машинуудын ялалтын цуврал зогслоо

Хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах лигийнтэмцээнүүд завсарлаад буй энэ өдрүүдэд шигшээ багийн нөхөрсөг тоглолтууд явагдаж байна.

Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн баг 2014 оны Дэлхийн аварга Германы багтай тоглож 1:0-ээр яллаа. Тоглолтын нэгдүгээр үеийн 37 дахь минутанд Манчестер ситигийн довтлогч Габриел Жесүсхожлын гоолыг оруулжээ.

Герман машинуудын хувьд 2016 оны Европийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Италийн багт 2:0-ээр ялагдснаас хойш хожигдол амсаагүй байсан юм. Сонирхуулахад энэ хоёр баг хамгийн сүүлд 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймдтаарч Герман7:1-ээр бут ниргэж байсан юм.

Мөн энэ өдөр удахгүй болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах Оросын баг Францтай тулж 3:1-ээр ялагджээ. Ази тивийн төлөөлөл Японы баг Украйнтай талбайдаа тоглосон ч 2:1-ээр ялагдсан байна Японы багаас Намочи Уэда өөрийн хаалгандаа гоол оруулж багаа хөөджээ.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Монголын эдийн засагт урин хавар ирлээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтын үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл баримтлал, төлөвлөлт, хэрэгжилтийн талаар танилцуулж,

– Тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийг реформ

– Хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шудрага ёсыг сахиулах засаглалын реформ

– Иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын реформ бол Монголын эрчимт хөгжлийн гурван тулгуур юм гэдгийг онцоллоо. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сайн байцгаана уу, Сайхан хаваржиж байна уу.

Цаг заваа гарган хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол хүний хувьд хавар цаг нь өвлийг өнтэй давсан баяр, сайн эхлэл, бүтээлч үйлсийн эхэн байдаг. Үүнтэй адил Монголын эдийн засагт ч урин хавар ирлээ.

Эдийн засаг сэргэж байна. Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2016 онд 1.2 хувь болж буурч байсан бол 2017 онд 5.1 хувь болж өслөө.

Төсвийн алдагдал буурч төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа. Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг 2 дахин буурууллаа. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 2016 онд ДНБ-ний 18.0 хувьтай тэнцэж байсан. 2017 онд ДНБ-ний 9.5 хувь байхаар батлагдсан боловч урьдчилсан гүйцэтгэлээр 6.3 хувьтай гарч төсвийн суурь үзүүлэлт эрс сайжирлаа.

Гадаад худалдааны ашиг түүхэндээ анх удаа 1.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Засгийн газар олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хийсэн гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлсний үр дүнд валютын орох урсгал 2017 оны сүүлийн 2 сард 583 сая ам доллараар нэмэгдэж төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарлаа.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрээд байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл эргэн сэргэж байгаагийн илэрхийлэл юм.

Зээлжих зэрэглэлийн шат ахиснаар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн ерөнхий чадамж сайжирч цаашдын чиг хандлага тогтвортой байна гэдгийг олон улсад харууллаа.

Валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч ам.долларын ханшийг тогтворжуулж, буулгалаа. Төгрөгт итгэх итгэл сэргэснээр Монголбанк бодлогын хүүгээ буулгаж 10 хувь, заавал байлгах нөөцийн шаардлагаа ч бууруулж эдийн засаг тэлэх, хөгжих нөхцөлийг бүрдүүллээ.

Өрийн удирдлагыг сайжруулж Чингис бондын эхний хугацаатай өрийг бүрэн төллөө.

Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдсанаас хойш Засгийн газрын дотоод үнэт цаасны өрийн хэмжээг 1.4 их наяд төгрөг, ирэх онуудад төлөх хүүгийн зардлыг 120.0 тэрбум төгрөгөөр буурууллаа.

Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр Монгол Улсын экспортын 80-90 хувийг эзэлдэг эрдэс, түүхий эдийн үнэ 2017 оноос тогтворжиж, цаашид зарим бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байна.

Хэдийгээр эдийн засагт эерэг сайн үр дүн гарч байгаа боловч өрийн дарамтыг бууруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох шаардлагатай байна. Том төслүүдээ эхлүүлэх тал дээр нэгдсэн ойлголцолд ч хүрээгүй явна. Монгол Улс нутаг дэвсгэр, баялгаараа дэлхийд эхний 20-д багтдаг орон. Нэг хүнд ногдох газар нутаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг хэрнээ 3 хүний нэг нь ядуу амьдарч байна.

1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрөхөд монголчууд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас өрийн гүнзгий хямралд нэрвэгдлээ. Хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн түүхийг ямагт санаж, эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн, нэгдмэл цул байж аюулгүй байдал, хөгжлийн төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭН ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна.

Иргэдийн дунд сонгосон замдаа эргэлзэх, ардчилал, зах зээлийн үнэлэмж буурч, үгүйсгэх, буруутгах үзэгдэл нийгэмд тархаж байна.

Өнгөрсөн хугацаанд бидний гол алдаа юу байсныг эргэцүүлж үзвэл бидэнд сайтар төлөвлөсөн, нэгдмэл зорилт бүхий төлөвлөгөө байсангүй! Хамгийн гол нь төлөвлөгөөг хэрэгжүүлэх сэтгэл зүрх, нэгдмэл зориг эрмэлзлэл огт байсангүй.

Иймд манай Засгийн газар нэгэнт хэлэлцэгдэн батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Хөгжлийн зам” хөтөлбөр гэх зэрэг бодлого, зорилт хөтөлбөрийг ахин дахин шүүж, нэгтгэх, уялдуулан нэгдмэл зорилго, шийдэл бүхий хөгжлийн төлөвлөгөө болгон боловсрууллаа. Бас 2030 он хүртэлх дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудтай ч нийцүүллээ. Дэлхий нийтийн хөгжлийн хандлага болон хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хөгжлийн боломж, сорилтыг олон улсын стандарт индексүүдэд тулгуурлан тодорхойллоо.

Үүнийгээ бид ”Гурван тулгуурт хөгжлийн бодлого” хэмээн тунхаглаж, та бүхэнд танилцуулж байна. ЭДИЙН ЗАСГИЙН ТҮШИГ ТУЛГУУР НЬ САЙН ТӨЛӨВЛӨЛТ, САЙН ТӨЛӨВЛӨЛТ НЬ ХӨГЖЛИЙН ХӨТӨЧ ЮМ.

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл баримтлал ба төлөвлөлт

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь бүхэлдээ бол 3 зорилт, 9 бүлэг, 27 шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсыг 2018-2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн суурь баримт бичиг бөгөөд 2015 онд батлагдсан Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу боловсруулсан юм.

“Шинэ зүйл гэдэг нь сайтар мартагдсан хуучин зүйл байдаг” гэх хэлц үг бий. Эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөгөө тооцоотой 1958-1990 оны бүтээн байгуулалттай, 1990 оноос хойших 28 жилийн эдийн засгийн дүр зургийг 32 жилтэй харьцуулбал өөр дүр зураг харагдаж байна.

Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх найман таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн тэр үед Эрдэнэт, Дархан, төмөр зам, хөдөө аж ахуй, атар газар эзэмшиж, ноос ноолуурын үйлдвэр зэрэг олон салбарт том бүтээн байгуулалтууд хэрэгжсэн байна. Үүнийг эргээд харахаар төлөвлөгөөтэй, зорилттойгоор зүтгэл шаардаж, хариуцлага нэхэж, тооцож байсан үе юм. Энэ үед Монгол Улс орчин цагийн хөгжилд ойртсон, иргэншсэн улс болон төлөвшсөн билээ.

Энэ бол хуучныг санагалзаж байгаа хэрэг биш. Дэлхийн эдийн засгийн бодлого тодорхойлогчид энэ зуунд Ази тивд эдийн засгийн үсрэнгүй өсөлт, дэвшил гарна гэдгийг хэлсээр байгаа. БНХАУ, БНСУ, Япон, Сингапур, Хонгконг, Тайвань тогтвортой хөгжлийн бодлого, нэгдсэн төлөвлөлт зохион байгуулалтаар хурдацтай хөгжсөн. Бид энэ туршлага, загвараар хөгжиж Азийн шинэ хөгжлийн төв болж хөгжих боломжтой гэж үзэж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг баталсан.

Манай Засгийн газрын зорилго нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгон, өрсөлдөх чадвараа эрс дээшлүүлж, цаашдын үсрэнгүй хөгжлийн суурийг бэлтгэж үүнийгээ шударга ёс, сахилга хариуцлагатай, төрийн тогтолцоогоо бэхжүүлж, улмаар хуримтлагдсан нийгмийн асуудлуудыг шийдвэрлэж, иргэдээ ажлын байраар бүрэн хангаж, амьдралын түвшинг нь эрс сайжруулахад оршино. Өөрөөр хэлбэл:

– Тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийн реформ

– Хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах засаглалын реформ

– Иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын реформ бол Монголын эрчимт хөгжлийн гурван тулгуур юм.

Нэгдмэл төлөвлөлт бол “Гурван тулгуурт бодлого”-ын суурь юм. Хөгжлийн 162 бодлого, хөтөлбөр, баримт бичгийг шүүж, цэгцэлж нэгтгэсэн гэдгээрээ үнэ цэнэтэй, бодитой төлөвлөгөө болж байна. Салбар хоорондын уялдаа холбоог хангахад онцгой анхаарснаар нэгдмэл байдал хангагдаж, хөрөнгө хүчээ үр ашигтай зарцуулж, хүрэх амжилт тодорхой болно.

Сахилга, хариуцлага бол “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын амин сүнс юм. Төлөвлөгөө гаргаж, зорилт дэвшүүлсэн бол түүнийг бүрэн хариуцах эздийг тохоон томилж, үүрэг, хариуцлагыг шаардах ёстой. Албан тушаалтнууд тавигдсан зорилтыг хариуцлага, сахилга баттайгаар гүйцэтгэж чадвал шагнал, урамшууллаа хүртэн, эс чадваас хариуцлагаа хүлээдэг зарчмыг нэвтрүүлж байж л хөгжил ирнэ

Одоо манай Засгийн газраас хэрэгжүүлэх “Гурван тулгуурт бодлого” багцалж дурдъя!

1. Эдийн засгийн реформ.

Эдийн засгийн реформ татварын реформоор эхэлж байна. УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуулинд нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцүүлнэ. Бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, тодорхой бус ойлгомжгүй заалтуудыг цэгцлэх, татварын албыг чадавхжуулахын тулд энэ өөрчлөлтийг хэрэгжүүлж байна. Ганц жишээ дурдахад, 50 сая төгрөгөөс бага жилийн борлуулалттай аж ахуйн нэгжүүд орлогынхоо 1 хувьтай тэнцэх хэмжээгээр татвар төлж, санхүүгийн тайлангаа жилд нэг удаа хялбаршуулсан байдлаар гаргадаг болгохоор хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан.

Ер нь Татварын гурван хуулинд шинэчлэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон холбогдох 20 гаруй хуулинд өөрчлөлт хийх болно.

Уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий, тогтворгүй эдийн засгаа олон тулгуурт эдийн засаг болгон хувиргах бодлогыг тууштай баримтлан хэрэгжүүлнэ.

Үүний тулд байгаа нөөц, боломждоо тулгуурлан:

· Хүнсний экспорт, хөдөө аж ахуй;

· Аялал жуулчлал;

· Аж үйлдвэр, дэд бүтэц

гэсэн салбарыг хөгжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлж эхэлнэ.

Стратегийн ордуудаа ашиглаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар орлогоо эрс нэмэгдүүлж, “Ирээдүйн өв” сан, “Баялгийн сан”-гуудад хуримтлал үүсгэн, бий болсон хөрөнгөнөөс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, дэд бүтэц зэрэг салбарт эн тэргүүнд хөрөнгө оруулах шаардлагатай байна.

Хоёр. Засаглалын реформ.

Засаглалын реформын хүрээнд эн тэргүүнд дараах шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үзэж байна.

· ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

· ХУУЛИЙН ЗАСАГЛАЛЫН ШИНЭЧЛЭЛ

· ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛ

Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахыг зорьж байна.

Иргэд төр, засгаас шударга ёс, хариуцлагын тогтолцоог хатуу нэхэж шаардах болсон. Энэ шаардлага, хүлээлтэд нийцүүлж хууль, шүүх засаглалыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсэн.

Хууль хэрэгждэггүй, тунхаг төдий байх юм бол дотоод гадаадгүй хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй болж, нийгмийн бүтээлч хэсэг цөхрөн дайждаг жамтай. Монгол Улс авлига, хээл хахуультай тууштай тэмцэж байж л гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, зээлжих зэрэглэл гэх мэт бусад үзүүлэлтээ өөд татна. Ингэж байж л гадаад нэр хүнд өснө.

Төрийн албаны шинэчлэлийг нь “Бодлогын тогтвортой байдал”, “Төрийн институцийн тогтвортой байдал”, “Ёс зүйтэй, шударга, ил тод төрийн албыг төлөвшүүлэх” гэсэн гурван чиглэлээр хийхээр бэлтгэж байна.

Төрийн албаны шинэчлэлийн үр дүнд төрийн хяналт, шалгалт сайжран, шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай, тогтвортой засаглалын зарчим тууштай хэрэгжих болно. Үүний зэрэгцээ санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдалгүй болгох, Төрийн албаны хариуцлагын тухай хууль боловсруулан хэрэгжүүлж, төрийн албаны ёс зүйн дүрмийг шинэчилнэ.

Гурав. Иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын реформ.

Нийгмийн бодлогын шинэчлэлээр баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль, “Монгол хүний хөгжлийн хөтөлбөр”, “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлого”-ыг хэрэгжүүлнэ. Манай Засгийн газар энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлээ сонсож, хамтарч ажиллана. Хөгжлийн бодлого, татвар, нийгмийн даатгал, авилга, хүнд суртал, тэгш бус харилцааг зохицуулах зорилготой Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулан ажиллаж байна.

Манай нийгмийн тулгамдсан асуудал болох “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах салбар дундын үндэсний хөтөлбөр” удахгүй хэрэгжиж эхэлнэ.

Баялгийн шударга хуваарилалт нь нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх хамгийн зөв гарц гэж бид үзнэ. Ядуурлыг арилгаж, иргэдийн амьдралыг сайжруулахын тулд юуны өмнө ядуурлыг хяналтдаа авах ёстой. 250 мянгад хүрээд байгаа ядуу өрхийг мэдээллийн цахим сүлжээнд бүрэн бүртгэж оруулахаар ажиллаж байна.

Ядуурлыг бүртгэж чадвал хянаж чадна. Бүртгэл, судалгаандаа үндэслэн ядуурлыг шалтгаанаар нь ангилж, ангилал бүрт таарах хэрэгслүүдийг ажиллуулна. Заримд нь ажлын байр хэрэгтэй байгаа бол, нөгөө хэсэг нь мэргэжилтэй болох шаардлагатай байгаа. Үнэхээр халамж шаардлагатай хэсэг ч бий. Тэр бүхэнд тохирсон арга хэрэгслүүдийг ашиглан орлогыг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ авахаар Засгийн газар ажиллаж байна.

Засгийн газрын хөтөлбөрүүд, салбарын төлөвлөлт зэрэгт ядуурлыг бууруулахтай холбоотой зорилтуудыг заавал оруулж, аж ахуйн нэгжүүдийг нйигмийн хариуцлагынхаа хүрээнд ядуу өрхүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр гаргахыг уриалж, шаардах болно.

Эцэст нь хэлэхэд: Шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой төрийн тогтолцоог бэхжүүлж, хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгаа тогтвортой хөгжүүлэн, иргэдийнхээ амьдралын түвшинг эрс сайжруулахад манай Засгийн газрын ойрын хугацааны бодлого, зорилго чиглэж байна.

Энэ хүрээнд:

· “Утаагүй Улаанбаатар-2020” төсөл

· “Шинэ хөдөө” төсөл

· “ХАА-н үйлдвэрлэл технологийн парк” төсөл;

· Газрын тос боловсруулах үйлдвэр, түүний дэд бүтцийн төсөл

· Төв цэвэрлэх байгууламжийн төсөл

· Усыг дахин ашиглах төсөл

· Хог хаягдлыг дахин боловсруулах төсөл;

· Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн төсөл;

· Тээвэр, логистик, дэд бүтцийн багц төслүүд;

· Эрчим хүчний багц төслүүд;

· Таван толгойн төсөл, түүний дэд бүтцийн багц төслийг хэрэгжүүжлнэ.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

Categories
мэдээ нийгэм

Франц Улсын их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна

Холбоотой ЗурагМонгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /Хуучнаар/, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2016-2017 оны хичээлийн жилээс Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлгээр 10 оюутан суралцуулах сонгон шалгаруулалт явуулж байна.

Тэтгэлгийн зорилго:

· Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;

· Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;

· Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;

Тэтгэлэг олгох чиглэл:
• Мастерын ба докторын сургалт /англи болон франц хэл дээр/
• Хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тарилан, аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлагийн зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.

Тавигдах шаардлага:

• Монгол улсын иргэн байх.
• Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтай байх.
• Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх.

Англи хэлний мэдлэг:

• TOEFL-н 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.

Франц хэлний мэдлэг:

• DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин.
• DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом).
• TCF –н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом.
• Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Монгол Францын төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.

Бүрдүүлэх баримт бичиг:

· Бүрэн, зөв бөглөсөн анкет /татаж авах (69.26 KB) /.

·CV буюу товч намтар;
• Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эссэ /франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4*2 нүүрнээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/;

• Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;
• Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт;
• Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;
• Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг + нийгмийн даатгалын дэвтэр;

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр/ бүрдүүлэх.

2018 ОНЫ 4 САРЫН 23 -НЫ ДОТОР дараах хаягаар Францын элчин сайдын яаманд ирүүлнэ.

Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ
Энх тайвны өргөн чөлөө -15
Соёл, хамтын ажиллагааны хэлтэс

Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг баримт бичигт үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн үе шаттай зохион байгуулна.

Бичиг баримтын бүрдүүлэлтийг хамтарсан Хороо 2018 оны 4-р сарын 24 нөөс 5-р сарын 7-ны хооронд хянах ба шалгарсан иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг 2018 оны 5 сарын 11 нээс өмнө, Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.

Францын ЗГ-н тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдлэнэ.
• Угтуулан тосох үйлчилгээ авна.
• Францын визны хураамжаас чөлөөлөгдөнө.
• Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сарын 767 € хүртэл мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авна.
• Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ.
• Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авна.
• Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авна.
• Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэнэ.
• Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөнө.
• Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөнө.
Холбоо барих:
Нэмэлт мэдээллийг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-ны ажилтан Т.Төрнямтай 11-324519 утсаар холбогдож авна уу. Цахим хаяг : contact@ambafrance-mn.org

Түүнчлэн, дараах холбоосуудаар дамжуулан Францад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой.

ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) Францад сурч , амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга.
ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД
Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаархи чухал хэрэгтэй мэдээллүүд.
КАМПУС ФРАНС
Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд.
ГАДААД ДИПЛОМ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Гадаад дипломыг хүлээн зөвшөөрүүлэх болон C.I.E.P./ заах арга зүйн сургалтын олон улсын төв/-р түвшин тогтоолгон, гэрчилгээ авах тухай мэдээллүүд