Categories
мэдээ нийгэм

“Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар” салбар хуралдаан болж байна

Монголын эдийн засгийн чуулганы “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар” салбар хуралдаан Төрийн ордны Их эзэн Чингис хааны танхимд өнөөдөр болж байна. Салбар хуралдаанаар “Барилга, хот байгуулалтын салбарын бодлого”, “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар”, “Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Агаарын бохирдлыг бууруулах шийдэл” зэрэг үндсэн илтгэл тавигдлаа.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар” сэдвээр илтгэл тавьсан. Илтгэлээр агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулав.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан. “Байгалийн хий, хийн хөгжлийн хөтөлбөр” боловсруулж, батлуулан хэрэгжилтийг хангах, метан хийн хангамжийн үндсэн болон дэд сүлжээ, дэд бүтэц, инженерийн байгууламж барих, хий олборлох үйлдвэр байгуулах, шатах хийн шаардагдах нөөцийн судалгааны ажлыг эхлүүлэх тухай тус илтгэлд дугдагдсан.

Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын мэргэжилтэн Д.Даваабаяр “Агаарын бохирдлыг бууруулах шийдэл” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр метан хийг ашиглах боломжит нөөцийг тогтоох судалгааг эрчимжүүлэх, нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотод болон томоохон суурин газруудад хэрэглэх шатахууны чанарыг Евро 5 стандартад нийцүүлэх шаардагыг тавьж хэрэгжүүлэх талаар танилцуулсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улиастайн гүүр хооронд дугуйн замтай болжээ

“Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл зургаан км авто зам” /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэл/ барилгын ажлын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн тийш Улиастайн гүүр хүртэл дугуйн замтай болжээ. Зам барилгын ажил Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа аж.

Иргэн та 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу дугуйн тоормос, жолоо, хонх зэрэг нь бүрэн ажиллагаатай байх ёстой. Мөн харанхуй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай дугуйгаар, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Энэ жилийн “ROY”-ийн төлөөх өрсөлдөөн хүчтэй өрнөж байна

2017 nba draft class зурган илэрцүүд

NBA-гийн 2017-2018 оны улирал шувтарч байна. Улирлын эхнээс шилдэг тамирчдын гэмтэл улирлын хар бараан тал байлаа. Үүний хажуугаар гэгээлэг тал ч мөн байв. NBA-гийн өнгийг тодорхойлж чадахуйц олон шилдэг шинэ залуус энэ улирлын онцлог нь байж чадлаа.

Харин энэ олон залуусаас хэн нь шилдэг шинэ тоглогчийн эрхэм алдрыг хүртэх вэ гэдэг асуулт мэргэжлийн аналистуудын толгойг өвтгөөд багагүй хугацаа өнгөрлөө.

Өнгөрсөн жил бэртлийн улмаас улирлыг өнжсөн 213 см өндөр жижиг довтлогч Бэн Симмонс энэ жилийн шинэ тоглогч нарыг өнгөлж байна. Гэвч түүнээс дутуугүй хүчтэй өрсөлдөж буй тоглогчид бий. Энэ жилийн нэгдүгээр тойргийн 13 дахь сонголтоор Юта Жазз багт орсон хамгаалагч Донавон Мичель энэ жагсаалтын тэргүүн эгнээнд бий. Нуруу намтай ч (191 cm) хурц дайчин, супэр од тоглогчдоос дутхааргүй тоглолт толилуулдаг түүнийг олон мянган сонирхогчид уухайн түрлэгээр дэмжиж байна.

Энэ хоёр тоглогчийн хэн нь шилдэг шинэ тоглогч болох ёстой вэ? гэдэг дээр дэлхий даяар л маргаж байх шиг.

Image may contain: 2 people

Бэн Симмонс, Донован Митчлэлл нар хоёулаа 2015 онд их сургуульд элсэн орсон бөгөөд Симмонс нэг улирал их сургуульд тоглоод НБЭ-ийн драфтад орохоор шийдсэн. Харин Донован Митчелл дахин нэг улирал их сургуулийнхаа багт тоглосон юм.

Мөн энэ жилийн рүүкий тамирчид дунд онцлох хэд хэдэн тамирчид бий. Кайл Кузма, Жэйсон Тэйтум, Лонзо Бол, Дэннис Смит Жр, Ди Аарон Фокс, Лаури Марканнан нар өсч дэвжин ирээдүйн супер од болох бүрэн нөөц бололцоотой харагдаж байгаа.

Б.АМАРТҮВШИН


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар хөдөлсөн үед толгойгоо хамгаалах, даацын хана дагуу зогсох хэрэгтэй гэв

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах” өдөрлөг зохион байгууллаа.

Энэ жилийн онцлог нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн ангиудын бэлтгэл бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, авто машин, техник багаж хэрэгслийг сурталчилан таниулах, иргэдэд хөдөлмөр хамгааллын хувцас өмсгөж, гал унтраах дадлага хийлгэх, өндрөөс аврах ажиллагаа зэрэг зохион байгуулав. Маргааш буюу 2018 оны гуравдугаар сарын 29-ны өдөр 16:00 цагт улс орон даяар газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах, дадлага сургуулилт болно. Үүнд ард иргэдийг бэлэн байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Л.Мөнхчимэгээс газар хөдлөлтийн үед иргэд яах учиртайг тодрууллаа.

Газар хөдлөлтийн үед авах хэд хэдэн арга хэмжээ байдаг. Газар хөдлөлтийг хоёроос гурван секундын хооронд мэдрээд дохио дуугарч эхэлдэг. Газар хөдлөлтийн хувьд урьдчилсан таамаглал байх боломжгүй. Дохио дуугарч байвал газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдээд эхэлсэн гэж ойлгох хэрэгтэй. Бэлэн байдлаа хангаж, гэртээ байх үед нэн тэргүүнд цахилгаанаа салгана. Толгой дээрээ зузаан ном гэх мэт зүйлс барьж хамгаална. Газар хөдлөлтийн чичиргээ нэг минут хүрэхгүй үргэлжилдэг. Тэгээд намддаг ч ахиад хөдлөх магадлалтай. Намдсан үед гэрээс гарч аюулгүй газар очих ёстой. Бат бөх ширээний доогуур орох, даацын хана бараадах, цонхноос хол байх ёстой. Даацын хана нь дээвэр нурах үед хошуулдаж унах учраас амьд үлдэх боломжтой байдаг. Судалгаанаас харахад газар хөдлөлтийн үеэр нас барагсдын 70-80 хувь нь гэрийнхээ тавилга, байшин барилгад даруулсан байдаг. Бид гэрийн тавилгаа ханатайгаа бэхлэх хэрэгтэй. Мөн биедээ авч явах 15 зүйлийг байнга бэлэн байдалд байлгах хэрэгтэй. Эмийн сан, ус, бичиг баримт, ойр зуурын хүнс, дулаан хувцас гэх мэт.

JICA олон улсын судалгаа, үнэлгээний баг Улаанбаатар хотын үнэлгээг гаргасан. Үүнд газар хөдлөх магадлалтай орон нутагт орсон. Манай иргэд газар хөдлөлтөөс хол орон нутагт амьдардаг гэж боддог. Гэтэл тийм биш. Газар хөдлөлтийн үед бэлэн байдалд байх шаардлагатай учраас энэхүү сургалтыг зохион байгуулж байна гэлээ.

Чингэлтэй дүүргийн VI хорооны Засаг дарга Ч.Болормаа ярихдаа:

Бид хороод, сургууль, цэцэрлэгүүдэд гамшгаас сэргийлэх талаар сургалт явуулдаг. Дохиолол дуугарсан үед ямар арга хэмжээ авах талаар практик дээр сургалт явагддаг. Энэхүү сургалтын дараа бид сургууль, цэцэрлэгүүдэд хичээл заахаар төлөвлөсөн. Хэрвээ гэрт амьдардаг бол толгойгоо хамгаалах, аюулгүй газарт яаралтай очих хэрэгтэй. Байшин барилгуудын хувьд өндөр давхаруудаас гарч ирэх магадлал бага байдаг. Тийм учраас эхний ээлжинд толгойгоо хамгаалах даацын ханаа налах хэрэгтэй. Айл бүрт яаралтай үед аваад гарах бэлэн байдлын зүйлс байх шаардалагатай. Дохиолол дуугарсан үед аюулгүй газар нэн даруй цуглах хэрэгтэй гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Маргааш орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу маргааш 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгуулах гэж байна. Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага, сургуульд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэрхэн хамрагдаж, оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэд 110 байршилд түр цугларна

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу маргааш 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгуулна. Энэ иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм.

Харин нийслэлийн иргэдийн хувьд 110 байршилд байгуулагдсан түр цугларах талбайд цугларах учиртай. Эдгээр талбайн байршилыг та бүхэнд хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов Монголд айлчилж байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов 2018 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын үеэр Р.Алимов Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нартай уулзан, тус байгууллагын талаар мэдээлэл өгч, ШХАБ-ын хүрээнд хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцон, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч болон бусад салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломж, цаашдын төлөв байдлын талаар ярилцлаа.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов монголын эрдэмтэн судлаачид, яам байгууллагын мэргэжилтэн, оюутан сурагчдын төлөөлөлтэй уулзаж, ШХАБ-ын байдал, төлвийн талаар лекц уншиж, сонирхсон асуултад хариулав. Түүнчлэн тэрээр Монголд хийж буй айлчлалынхаа үеэр үндэсний телевизд ярилцлага өгнө.ШХАБ-ын өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга нар 2007, 2014 онд манайд айлчилж байсан бөгөөд энэ удаагийн айлчлал тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд манай улсад хийж буй гуравдахь удаагийн айлчлал юм. Р.Алимов нь 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Бүгд Найрамдах Тажикстан Улсын Гадаад хэргийн сайд, элчин сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүн юм.

Монгол Улс Төв Азийн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн хамтын үйл явцад идэвхитэй оролцох гадаад бодлогын зорилтын хүрээнд 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болж, дээрх байгууллагын үйл ажиллагаанд нь ажиглагчаар идэвхитэй оролцож байгаа болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гүүрэн замууд барихтай холбоотойгоор дугаарын хязгаарлалтын талаар санал авч эхэллээ

Нийслэлд хийгдэх авто зам, шугам сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор дугаарын хязгаарлалтыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийлээ. Ирэх дөрөвдүгээр сарын 15- наас аравдугаар сарын 1-нийг хүртэл авто замын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх аж.

Тодруулбал, энэ үеэр Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн дөрвөн замын огтлолцол бүхий гүүрэн гарцын барилгын ажил, 60- 70 жилийн насжилттай 40 мянгат орчмын цэвэр усны шугамыг Австри улсын шинэ технологиор доторлох засварын ажил хийгдэх юм байна. Тиймээс Замын цагдаагийн гүүрэн гарцын ажилтай холбоотойгоор нийтдээ найман газарт түр зам гаргахаар төлөвлөжээ.

Гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилд ажиллах хүчийг нэмэгдүүлээд, 1.6 жилд хийж гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангасан гэнэ. Тэгэхээр аравдугаар сарын 30 гэхэд гүүрний ул суурь буюу тулгуур багана дам нурууг бүрэн хийж амжих аж. Замын цагдаагийн гүүр нийт 96 том тулгуур баганатай, 470 метр урттай. А В С гэсэн гурван рамтай байх юм байна.

Төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог замын цагдаагийн уулзвар нь Нарантуул худалдааны төвийн уулзвар хүртэл баруун тийшээ Энхтайваны гүүр, урагшаа Home plaza, хойшоо Гадаад хэргийн яам хүртэл түгжрэл үүсдэг байсан. Гүүр ашиглалтад орсноор энэ түгжрэл байхгүй болно. Мөн авто замтай огтлолцдог төмөр замаар өдөртөө 40 галт тэрэг зорчдог. Ингэх тоолонд автомашины хөдөлгөөн хязгаарлагдаж түгжрэл үүсдэг. Мөн авто машин, галт тэрэг мөргөлдөх осол аваар их гардаг байсан бол гүүрэн гарц баригдсанаар энэ асуудлууд шийдэгдэнэ гэж тооцжээ.

Хөдөлгөөний зохион байгуулалтын хувьд Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг, мэргэжлийн байгууллагуудын баг хамтран хэд хэдэн санал гаргаж Дүнжингарав хороолол, Оддын хотхон, Баян монгол хорооллуудын хөдөлгөөнийг таслахгүй байхаар зохион байгуулах аж.

Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр ярихдаа “Замын цагдаагийн уулзвар босоо чиглэлтэй хаагдаж байгаа учраас, дугаарын хязгаарлалт хийж, олон хоног зам хаахгүйгээр зохицуулалт хийж байгаа нь энэ.

Замын цагдаагийн уулзвараар цагт 2500-2800 буюу өдөртөө 20 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог. Улаанбаатар хотын өмнөд болон хойд хэсгийг холбосон төмөр замтай огтлолцдог томоохон уулзвар юм. Тиймээс дугаарын хязгаарлалт, зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлага тулгарч байна. Авто замын бүтээн байгуулалттай холбоотой автомашины дугаарын хязгаарлалтыг хийх хоёр санал байгаа. Тухайлбал одоо хэрэгжиж байгаагаар долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалтад ордог байсан бол долоо хоногт хоёр удаа хязгаарлагдахаар яригдаж байна. Тодруулбал, бүтээн байгуулалтын үеэр даваа, лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гаригт Нарантуул, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах. Бусад бүст хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой. Хоёрдугаар хувилбар нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх хязгаарлалтын бүст даваа, лхагва гаригт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гаригт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, баасан гаригт хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах юм. “Замын цагдаагийн уулзвар нь Улаанбаатар хотын урд хойд хэсгийн холбодог том уулзвар. Бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай холбоотойгоор ЗЦА-наас ачааны авто машины хөдөлгөөнийг хязгаарлах санал гаргасан. “Нарантуул” худалдааны төв рүү чиглэсэн ачааны авто машинуудын хөдөлгөөн их байдаг. Тиймээс бүтээн байгуулалтын хугацаанд ачааны авто машинуудын маршрутыг өөрчлөх саналтай байгаа. Иргэдийн хувьд үргэлж автомашинаар зорчих шаардлагыг тавьсаар ирсэн. Өвлийн улиралд автомашингүй байх хэцүү ч зуны улиралд бол явганаар, дугуйгаар зорчих боломжтой учраас хоёр өдөр дугаарын хязгаарлалт хийх боломжтой гэж үзэж байна” гэлээ.

Эдгээр саналуудыг цахимаар танилцуулж иргэдийн дунд санал асуулга явуулж дэмжигдсэн саналыг хэрэгжүүлэх ажээ. Санал асуулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд нээлттэй явуулж, дэмжигдсэн саналыг мөрдөнө гэсэн үг. Дугаарын хязгаарлалтыг ингэж өөрчилж зам засварын томоохон ажлуудыг хийснээр цаашид хотын зам түгжрэлгүй болоход ихээхэн хувь нэмэр оруулах юм.

Г.Баярхүү: Тэгш сондгойгоор явах саналыг иргэд зөвшөөрөхгүй бол хэтих түгжрэл үүснэ

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээс дараахь зүйлсийг тодрууллаа.

-Нийслэлд хийгдэх барилга, дэд бүтцийн ажлуудын хуваарийг баталчихсан уу?

-Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Давхар гүүрэн гарцуудын ажил ч эхэлнэ. Мөн дулааны шугам, цэвэр усны шугамуудын ажил эхэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод нэлээд олон авто замын ажил хийгдэнэ. Тиймээс зарим замууд хэсэгчлэн хаагдах хуваарьтай байгаа. Өчигдөр (уржигдар) нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалт барилга дэд бүтцийн ажлын нэгдсэн хуваарийг сонсож баталсан.

-Гүүрэн замууд баригдсанаар, түгжрэл хэр буурах боломжтой байгаа вэ?

-Авто замын түгжрэлийг буруулахын тулд 20 уулзварыг хоёр түвшний огтлолцолтой болгох ажлын хүрээнд зүүн дөрвөн зам, замын цагдаагийн уулзвар, яармагийн гүүрний ажлуудыг хийж эхэлж байна. Ирэх жилүүдэд бид үлдсэн 18 уулзварыг янзалж цэгцэлнэ. Бөхийн өргөөний уулзварыг гэхэд л иргэд хоёр түвшний явган хүний гарц мэт ойлгоод байгаа боловч явган хүний гарцтай хоёр түвшинт огтлолцдог замыг цогцоор нь шийдэх ажил байгаа юм. Гадаад харилцааны яамны уулзвар, замын цагдаагийн гүүр, зүүн дөрвөн замын уулзвар, яармагийн гүүрнүүд ингэж хийгдэж байгаа.

-Дээрх замын ажлууд хийгдсэний дараа дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцдог хэлбэрт шилжих боломжтой юу?

-Аль болох дугаарын хязгаарлалтгүй өдөр болгон машинаа унаад явах боломжтой байлгахаар л ажиллаж байна.

-Паркийн газар чөлөөлөлтийн асуудал юу болсон бэ?

-Паркийн газрын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ороод дэмжигдээд зөвшөөрөгдсөн байгаа.

-Иргэдээс санал авах гэж буй тэгш сондгойгоор зорчих хязгаарлалт нийтийн тээвэр, хэвлэл мэдээллийн хэрэгслийн автомашинд хамаарах уу?

-Хэвлэл мэдээллийн автомашин, нийтийн тээврийн автобус бол хязгаарлалтгүй явна.

-Хэрэв энэ саналыг иргэд дэмжихгүй, дугаарын хязгаарлалт энэ хэвээрээ байвал дээрх замын ажлуудыг хийх боломж бий юу?

-Хэрэв иргэд дэмжихгүй бол хуучнаараа байна. Энэ тохиолдолд замын ажлуудыг хийж болно. Гэхдээ түгжрэл маш ихээр үүсэх тооцоолол гарч байгаа.

-Иргэдээс авах санал хэдийг хүртэл үргэлжлэх вэ?

-Гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл Нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагын цахим хуудас, Замын цагдаагийн газрын цахим хуудас зэргээр зэрэг санал асуулга явагдана.

-Хөдөө орон нутаг руу хотоос гардаг гарцуудыг нэмэгдүүлэх ажил хийгдэх үү. Баруун, зүүн тийш ганц ганц гарцтай учраас түгжрэл их үүсээд байдаг?

-Энэ жил Баянзүрхийн товчооноос Налайх, Чойр хүртэл дөрвөн эгнээ, хоёр түвшний дөрвөн огтлолцолтой зам барихаар зураг төсөл нь гарсан байгаа.

-Дээрх бүтээн байгуулалтуудад нийтдээ хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Өмнөх замын ажлуудаас юугаар онцлогтой вэ?

-Энэ жил Улаанбаатар хотын авто замын хөрөнгөөр, 35.9 тэрбум төгрөгийг замын хөрөнгө оруулалтад хийнэ. Дээрээс нь гадаадын зээл тусламжийн хөрөнгүүдээр бас гүүрэн гарцуудыг хийж байгаа. Мөн Зүүн дөрвөн замын хоёр түвшний огтолцлыг нийслэл өөрийнхөө хөрөнгөөр бие дааж хийж байгаа. Замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн гүүрэн гарцыг бол Хятадын зээл тусламжаар хийж байгаа. Ингээд нийт 20 ийм гүүрэн зам барихаар төлөвлөж байгаагаас гурав нь хийгдэж банйа. Цаана нь 17 зам үлдэж байгаа. Үлдсэн гарцуудыг 2020 он хүртэл барина.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бригадын генерал Х.Жекейн цолыг хураах зарлиг гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дээд цол хураан авах тухай зарлиг гаргалаа.

Тус зарлигт

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Цэргийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын харьяатаас гаргах тухай” 32 дугаар зарлигийг тус, тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын харьяатаас гарсан Халидалдагийн Жекейд олгосон дээд офицерын “бригадын генерал” цолыг хураан авсугай” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт” зөвлөгөөн боллоо

“Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт” зөвлөгөөн өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар оролцлоо.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага өндөр байшин, үнэтэй машин, үйлдвэрлэлээр өрсөлдөхөө больсон. Харин хүний амьдрах таатай орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэхэд чиглэж байна. Улаанбаатар хотын хувьд ногоон байгууламжаараа дэлхийн хотуудаас хоцорч байна. Улаанбаатар хот ургамал ургадаггүй говь цөлийн газар биш. Евро Азийн тал хээрийн бүсэд багтдаг манай бүс нутагт ямар ч ургамал тарьсан ургах нөхцөл бий. Гол нь бидний хичээл зүтгэл, шинжлэх ухаанч бодлого нийслэлийг ногоон байгууламжаар хүрээлж чадна. Бид өнөөдрийн зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтраад нийслэл хотоо ногоон болгоход хэрхэн анхаарч ажиллах вэ гэж ярилцаж байна. Тухайлбал Монгол орны унаган ургамлуудыг тарьмалжуулсан эрдэм шинжилгээний ажлууд байгаа. Унаган ургамал арчилгаа бага шаардаж нийслэлийг ногоон болгоход нөлөөлөх учраас үүнийг ашиглах. Тарьж ургуулах модлог ургамлын төрлөө зөв сонгох хэрэгтэй. Цэцэрлэгт хүрээлэн барих, мод тарьж ургуулахдаа хотынхоо хэв шинжийг чиг хандлагыг бас бодох шаардлагатай байна. Мөн арчилгаанд онцгой анхаарах нь чухал юм. Тиймээс албан тасалгаанд суудаг цагаан захтныг олон болгохыг би хүсэхгүй байна. Харин хотоо ногоон болгодог, эрүүл хот болгодог хүний тоог нэмэхэд тэдэнд хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэхэд би бэлэн байна. Тиймээс бүгдээрээ хамтраад хотоо хогоон болгож амьдрах орчноо сайжруулая” гэлээ.

Зөвлөгөөнд нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, арчилгаа усалгааг хэрхэн хийх зэрэг сэдвээр илтгэл тавигдлаа. Тухайлбал “Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт”, “Ургамал хамгаалал, ургамлын өвчин, хортонтой тэмцэх”, “Ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа” сэдвээр илтгэлүүд тавигдлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Бид нийслэлийн ногоон байгууламжийн бодлогод өөрчлөлт оруулах ёстой байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ямар мод тарих ёстой вэ, Улаанбаатар хотын эргэн тойронд бичил ой төгөлүүдийг байгуулах, цэцэрлэгт хүрээлэн барихдаа мод ургамлыг хэрхэн тарих вэ зэрэг цогц асуудал яригдаж байна. Одоогоор Улаанбаатар хотын нэг хүнд 2-5 мкв ногоон байгууламж ногдож байна. Үүнийг 3-4 дахин ихэсгэж 8 мкв болгохоор зорьж ажиллалаа. Тухайлбал 2017 онд нийт жилийн 4 улиралд ургадаг 4081 ширхэг шилмүүст мод, 408 мянган ургамлын мод, бут, сөөг, 1 сая гаруй мкв талбайг ногоон байгууламжаар тохижууллаа. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг мастер төлөвлөгөөг боловсруулж байна. Ингэснээр хот төлөвлөлтийн бодлого, ногоон байгууламжийн бодлоготой нягт уялдах ёстой юм” гэж ярьлаа хэмээн гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.