Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намаг ба намагт унагсад

Монголчууд хэзээ ч ийм эрх чөлөөтэй, бас хэзээ ч ийм сэтгэл дундуур байсангүй. Улс төрийн болоод, сонгох-сонгогдох эрх чөлөөг дурсаад яахав? Уудам нутагтай ч явах зам хязгаартай, албат хамжлагууд ноёныхоо харьяаллаас гарч явахгүй, БНМАУ-ын иргэд аймаг хот явахдаа томилолт эвсэл “зам явах” хэмээх зөвшөөрөл авах ба автозамын дагуух сэргийлэхийн эргүүлүүд хөдөлгөөнийг хянана.

Сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх бүү хэл, тийм байдал гаргах эрхгүй. Олон түмэн Богдын аврал Манжийн хааны хишигт мөргөж амьдрах үүрэгтэй байсан бол ХХ зуунд нам засагтаа баярлах үүрэг хүлээнэ.

Өнөөгийн эсэргүүцлийн жагсаалын оронд талархлын жагсаал болно. Ордны өмнүүр жагсагчид удирдагчдаа огцрохыг шаардахын оронд урт насалж, улам олон жил даргалахыг ерөөнө.

Монголчууд хэзээ ч ийм баян чинээлэг мөртлөө, ядуу хоосноо гайхаж байсангүй. Хувийн өмч хориотой. Улсын хэмжээгээр 100-гаадхан ширхэг амины “Москвич” мэт машин байх ба тэдний эздэд нууцхан атаархахын зэрэгцээ үзэн ядна. (Саяхан би харсан, зуслангийн замд солонгос машин унасан хүн ирээд хүүхдүүдтэйгээ хог ухаж, хэрэгтэй юмаа цуглуулаад явахыг. Тэрийг хараад яг л та нар шиг “ард түмэн ийм ядуу амьдарч байгааг хараач” гэмээр байсан)

Нам эвлэлийн гишүүд бол амины машинтнуудыг “хувийн өмчтөн болдгийн даваан дээр яваа буруу этгээд” гэж харах ба ирээдүйгээ хувьдаа машингүй, ариун байдлаар төсөөлнө.

Малчин айл гэр бүлийн гишүүдийн тооноос үл хамааран богийн толгойд шилжүүлсэн 75-50 малтай байх эрхтэй бөгөөд түүндээ ногдох сүү, мах, ноосны оногдол татварыг заавал төлөх үүрэгтэй. “Ард түмний материаллаг аж байдал соёлын хэмжээ байнга дээшилж…” гэдэг үгийг олон хүн цээжээрээ санаж байгаа.

Монголын төр хэзээ ч ийм сул дорой, төр бус нь ийм хүчтэй байж үзсэнгүй. Өнөөдөр Засгийн газрын ямар нэг шийдвэрийг хэрхэн эсэргүүцэж нураахаа зөвлөдөг бүлгүүдийн оронд төрөө дэмжих цуглаан зохиогддог байж билээ.

Төрөөс шийдвэр гарах тоолонд түүнийг баярлан хүлээж авах цуглаан болдог байсан ба нам засгийн удирдагчдын хэлсэн үгийг тэмдэглэн авч шалгуулна. Өнөөдөр бид “Үнэн гэдгийг нь мэдэж байгаа боловч өөрт ашиггүй учраас ХУДЛАА байна” хэмээн хашхирч байгаа бол өчигдөр “Худлаа даа гэж бодож байсан ч ҮНЭН байна” хэмээн алга ташиж байлаа.

Тэгээд л …. тэр нэг л өдөр эрх чөлөөтэй боллоо. Социализмыг бид нураагаагүй, жаахан засаж янзлах санаатай жагсаж байтал дэлхийн социализм өөрөө нураад уналаа. Системээ нураасан бусад орны жишгээр бид ч бас ардчиллыг сонголоо. Зүүн европын орнуудын иргэд алдагдсан эрх чөлөө, боогдсон ардчилал, булаагдсан газар, хураагдсан орд харш, орон сууцаа эргүүлэн авав. Тэдэнд эрх чөлөө, чөлөөт сонгууль, эзэмшил газар, хувийн өмч, хувийн үйлдвэр завод бол хуучин танил, алдагдсан зүйлс байлаа. Тэд алдагдсан зүйлсээ сэргээгээд цааш явав.

Харин монголчуудад алдагдсан юм гэвэл хэдэн мал л байлаа. Тийм болохоор мал нь хувьчилсныхаа маргаашаас суга өсөөд бараг гурав нугарч 25 саяас 70-аад сая болов.

Өрнөдийн жишгийг дагаж өмч хувьчлал хийлээ. Орон сууцанд байсан улсад нь орон сууцыг нь бэлэглэв. Ардын засаг хэзээ ч хүний орон сууцыг хурааж аваагүй, хурааж авъя гэхнээ олигтой хашаа байшинтай байгаагүй билээ л. Бас хэзээ ч ард түмнээс хурааж аваагүй үйлдвэр заводыг бас хувьчлав. Мал хувьчлалаас бусад нь зүгээр л бэлэглэх процесс, “олсон хүний олз” маягийн зүйл боллоо. Олон нийтэд “аяыг нь олоод байвал олзтой систем юм байна” гэсэн ойлголт төрлөө. Монгол хүний дайны олзонд амташсан, айлын адуу хөөж сайн эр болдог байсан цагийн сэрэл хөдлөх нь тэр.

Социализм байгуулахдаа ганц булаалгасан юм нь үнэндээ мал байлаа. Малтай байсан, малаа өсгөж болдог байсныг мэдэх учраас л хувьчлалын дараа монголын мал өссөн ажгуу.

Чөлөөт сонгууль, улс төрийн эрх чөлөө, үг хэлэх эрх , төр засгаа олон түмэн өөрсдөө байгуулах гэдэг бол хэзээ ч үзээгүй цоо шинэ зүйлс байжээ. Ноёноо сонгож байсан биш, Манжийн төрийн бодлогыг хэлэлцэж суусан биш, нам засгийн тогтоолыг өөрчлөх гэж явсан ч биш. Дарга болох эсэхийг чинь дарга л мэддэг болохоос биш, их сайндаа “Ах аа намайг бодоорой” гэж сэм гуйж явснаас биш, хэзээ ч “намайг дарга болгоод аль, төр бариад үзье” гэж явсангүй.

Нөгөө талаас олон түмэнд муу ноён, тааруухан депутат сонговол ийм юм болдог гэсэн туршлага сэрэмж ч байсангүй. (Тэр сэрэмж одоо ч төрөөгүй байгаа учраас л өөрөө сонгож төрөө байгуулчихаад “ийм ч төртэй байх гэж” гэж бухимдсаар яваа юмаа)

Гэнэт монголчуудад даргаа өөрөө сонгох, өөрийгөө даргаар сонгуулах гэхчлэнгийн хэзээ ч үзэж амсаж яваагүй боломж нээгдлээ. Нүүдэлчин хүн юмны ерөнхий зарчим, эцсийн зорилгыг харахаасаа өмнө түүнийг амархан давах, олз омог харагдвал шүүрээд өнгөрөх боломжийг хайдаг ч, олдог ч юм.

Ингээд сайн эрсийн сэтгэлгээтэй сэргэлэн зарим нь мөнөөх өмч хувьчлалаас гарсан олзны үнэрт хөтлөгдөөд сүйхээчилж эхлэв. Олзыг төр тарааж байгаа аж. Төрд хүрэх зам бол чөлөөт сонгуульд нэр дэвших явдал. Ингээд олзны уутны амыг барилцахаар хөдөлцгөөлөө.

Улс төрийн чөлөөт сонгуулийн ёс суртахууны уламжлал гэж монголчуудад яаж ч ч байх билээ. Эхэндээ социалист төр байгуулах явцад бий болсон намын сахилга дээр тулгуурлан жаахан наанатай цаанатай сонгууль болж байснаа тэр цагийн албан хаагчид тэтгэвэртээ гарахтай зэрэгцэн шалдаа буулаа.

Гэхдээ сонгогчид ч шаал мангар байсан юм биш. Өнөөдрийн яриад байгаа шиг л монголын ард түмэн нэг их гэнэн цайлганаар явж байгаад үхтлээ хууртчихсан ч юм бүүр ч биш.

Нүүдэлчин монголчууд төр байгуулах ажлыг далимдуулаад юу унагаж болох вэ гэдгийг юун түрүүн гярхай ажиглаж эхэлжээ. Ингээд төрөө байгуулсны хөлсийг төрөөсөө унагаж болгох юм байна гэдгийг ч мэдээд авав. Ямар төр байх нь хэнд хамаатай юм бэ, гол нь унац нь чухал.

Ингээд нэр дэвшигчийнхээ одоо юу өгөх ба дараа нь юу өгөхийг сонирхох болов. Өөрөөр хэлбэл нэр дэвшиж байхад нь “аваанз”-аа авна, сонгогдсоны дараа нь бөгс мөнгөө хөөцөлдөнө.

Ингээд сонгуулийн санал худалдаж авч байгаа нь урьдчилгаа, ялсан нам нь “Эх орны хишиг”, “гэрлэсний шан” тарааж байгаа нь бөгс мөнгийг нь олгож байгаа хэрэг болов, цалингаар зүйрлэвэл.

Ингэж л гурил будаа тараах, бэлэн мөнгө түгээхээс авахуулаад “хүн бүрт сая төгрөг олгох”, “Эрдэнэтийн хувьцааг бүх хүнд хувааж өгөх” амлалт үүссэн болой.

Төрийн эрхийг луйварчид биднээс худалдаж авсан нь үнэн, бид луйварчдад зарсан нь ч үнэн.

Шударга төр байгуулахын төлөө шударгаар саналаа өгсөн хүн ч бишгүй байгаа шиг, шударга төрийг бий болгохын төлөө мөнгө тараасан ч хүн бас байгаа л байх. Гэхдээ ерөнхий зураг иймэрхүү.

Хүн болгон өөр өөрийн хэмжээнд сонголтоо зарж байгаа учраас сонгуулийн дүнд эргэлзэхэд хэцүү болсон. Сонгуулийн өмнөх нийгмийн уур амьсгалд итгэх арга байхгүй. Учир нь бидний олонх нь дэмжиж байгаа хүндээ биш, харин сайн аваанз, гайгүй бөгс мөнгөний төлөө л өгнө. Хэн хэдээр, хэнд өгснийг хэн мэдлээ. Ийм эргэлзээг далимдуулан улаан цайм луйвар хийх, санал будлиулах нь хэвийн зүйл боллоо.

Үзэсгэлэн үзэж явтал нэг хөгийн амьтны зураг таарч гэнэ. Зураачийн нэр, хаяг байхгүй болохоор нь тайлбарлагчийг дуудан асуужээ. Тайлбарлагч “Уучлаарай, эрхэм ээ. Наадах чинь зүгээр л толь” гэсэн байна. Яг түүн шиг өмнө маань байгаа нийгэм улс төрийн амьдралын дүр зураг маань биднийг харуулсан толь л юм шүү дээ.

Хамтдаа унасан намгаас хамтдаа л гарахаас өөр замгүй. Намгаа хараахаа болиод намгаас гарахаа бодсон нь дээр. Намгаас гарвал мэлхийнүүд толгой дээр дэвхцэхээ болиод тэндээ үлдэнэ…

Аа тиим, бас амьдралдаа гарсан дэвшлийг муу муухайтайгаа хамтатган нулимахаа болихгүй бол болохгүйнэ. Алдаж болмооргүй юм зөндөө байна. Жоомтой гээд шатааж боломгүй сайхан байшин бол босох нь боссон шүү, сүүлийн гучаад жилд.

Categories
мэдээ нийгэм

10 одтой, цагаан бич өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 29, Бархасбадь гариг. Билгийн тооллын 13. 10 одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 6:39 цагт мандан, 19:14 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Намаг ба намагт унагсад” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Энэ хаврын эдийн засгийн форум “Хүчээ нэгтгэе” уриан дор өчигдөр болов. Энэ талаарх сурвалжилгыг нэгдүгээр нүүрнээс хараарай.

Мөн дээрх нүүрэнд АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил гаргасанталаарх сурвалжилгыг хүлээн аваарай.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай ярилцсаныг хоёрдугаар нүүрнээс үзээрэй. Тэрээр “Агаарын тээвэр дэх монополийг халснаар аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжинө” гэжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Намаг ба намагт унагсад” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтсийн дарга Б.Одгэрэлтэй ярилцжээ. Тэрээр “Шүүгчдийн ХОМ хаагдсан гэж Х.Нямбаатар гишүүн худлаа ярьсан” гэжээ.

Багш буланд ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техник механикийн тэнхимийн ахлах багш П.Чойсүрэн уригдан ярилцсаныг хүлээн авна уу.

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Ч.Батцэнгэлтэй хөөрөлдсөнийг уран бүтээлч нүүрнээс унших боломжтой. Тэрээр “Дэлхийн дуучин Пүрэвдорж багштайгааа шавь барилдсан азтай хүн дээ, би” хэмээжэээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

100 айлыг үе шаттай нүүлгэх асуудлыг хэлэлцэнэ

Зураг

НИТХ-ын ээлжит бус III хуралдаан энэ сарын 30-нд болно.

Ээлжит бус хуралдаанаар агаар хөрсний бохирдол, замын түгжрэлийг үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг 100 айл орчимын ил задгай барилгын материалын худалдааг цэгцлэх, үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэх аж.
Мөн ажлын байрыг бий болгож, хотын төвлөрлийг сааруулах зорилго бүхий “Улаанбаатар чөлөөт бүс” байгуулах, НИТХ-ын хороодын бүтцийг өөрчлөх, Хурлын дэгт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Categories
мэдээ нийгэм

Бүсгүйчүүл бүлэглэн дээрэм хийх болжээ

бүлэглэн дээрэм хийх зурган илэрцүүд

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн тавдугаар хороонд оршин суух хаягтай, 20 настай, эмэгтэй М, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн 25 настай, эмэгтэй Г нар согтуурсан үедээ Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 33 настай, эрэгтэй А гэх иргэнийг хамжин зодож дээрэмдсэнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Гэтэл хориод насны хоёр охин дүү шигээ жаахан охиныг хамжаад дээрэмдсэн хэрэг дахин гарчээ. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд хичээлээ тараад гэр лүүгээ орохоор байрныхаа гадна явж байсан 15 настай охиныг тус хороонд оршин суух, 21 настай эмэгтэй С, 19 настай эмэгтэй С гэгч нар айлган сүрдүүлж, “Самсунг s5” маркийн гар утас, бэлэн мөнгийг нь дээрэмдээд зугтсан байна. Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа хийсний үр дүнд дээрэмчин охидыг баривчилж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ улс-төр

ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Рашид Алимов уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авч уулзаж байгаад талархаад, ШХАБ-ын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэр дундаа ШХАБ нь хар тамхи, терроризмтой тэмцэхэд түлхүү анхаарах болж, мөн сүүлийн үед эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ нь хар тамхи, терроризмтой тэмцэхээс гадна соёлын болоод эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байгаад талархалтай хандаж буйгаа хэллээ. Мөн ирэх зургадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод болохоор товлогдсон ШХАБ-ын уулзалтад Монгол Улс идэвхтэй байр, суурьтай оролцоно гэдгээ хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Утаагүй, дугаарын хязгаарлалтгүй Улаанбаатар хот болох бодлогоо танилцууллаа

Монгол улсын эдийн засгийн чуулган “Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар” салбар хуралдаанаар үргэлжилж байна. Энэ үеэр НЗД-ын орглогч П.Баярхүүгийн тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр улсын нийт хүн амын 46.2% нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65.8%-ийг бүтээж, их дээд сургуулийн 95.8%, аж ахуйн нэгжийн 67.0% байрлан, автомашины 68.2% зорчин, улс орны эдийн засаг, нийгэм, бизнес, санхүүгийн үйл ажиллагааны төв болон хөгжиж байна. Гэвч төвлөрлийг даган нийслэлд агаар, орчны бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, авто замын түгжрэл, гэр хорооллын төлөвлөлтгүй тэлэлт зэрэг тулгамдсан асуудлууд бий болсоор байна.
Хотын хүн амын 56 орчим хувь буюу 216,021 өрх гэр хороололд, 43.3% буюу 164,807 өрх орон сууцад амьдарч байна. Үүнээс үүдэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гэр хорооллын 216 мянга гаруй өрх, 3000 халаалтын зуух 80 хувийг, тээврийн хэрэгсэл 10 хувийг, дулааны цахилгаан станц 6 хувийг, бусад эх үүсвэр 4 хувийг тус тус үүсгэж байна.

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүнд:

  • Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон;
  • Шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд түр зогсоосон;
  • Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, түүнд мөрдөх журмыг баталсан;
  • 04.01 өдрөөс Нийслэлийн нутаг дэвсгэрт MNS5216;2016 стандартын зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг хориглосон;
  • Агаарын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан;
  • Улаанбаатар худалдааны танхимтай хамтран Ногоон сан ТББ байгуулсан;
  • Агаар цэвэршүүлэгч, амны хаалт, бүх төрлийн цахилгаан халаагуурыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсөн;
  • Түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосон;
  • Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд агаарын чанарт хяналт тавих үүрэг бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй хэлтэс байгуулсан байна.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-р бүсэд Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 55 хороо, 2-р бүсэд Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 26 хороо багтаж байна. Дээрх бүсүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа газруудад халаалтын зуух хэрэглэхийг хориглох, дотоодын агаарын чанарыг сайжруулах ажлыг цэцэрлэг, сургуулиудад үе шаттай хэрэгжүүлж, өвлийн улиралд иргэддээ амны хаалт тараах, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны тоог нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.Харин 3-р бүсийн 8 хороо, 4-р бүсийн 49 хороонд ямар ч тохиолдолд түүхий нүүрс түлэхийг хориглосон.

Гэр хорооллыг төвийн, дундын, захын гэсэн 3 бүсээр хөгжүүлнэ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг төвийн, дундын, захын гэсэн 3 бүсээр хөгжүүлнэ.
Төвийн бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 23.9 хувь буюу 2317 га газрыг хамардаг бөгөөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоотой бүсэд орон сууцны хороолол, үйлчилгээний өндөр давхрын барилга, байгууламж барина.
Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийтдээ 24 байршилд 1473 нэгж талбарын 90 орчим га газрыг чөлөөлөн, дэд бүтцийн ажилд 104.3 тэрбум төгрөгийг зарцуулж, 5093 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Төвийн бүсэд 2018 онд нийслэлийн төсвөөс 10.1 тэрбум төгрөгийг зарцуулж инженерийн дэд бүтцийг барина.
Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн болон нийгмийн дэд бүтцийн ажлуудыг БНХАУ-ын Засгийн газрын 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг бөгөөд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй бүсэд “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлнэ. 2017-2020 хүртэл нийт 50 “Дэд бүтцийн төв”- ийг барихаар төлөвлөж 2017 онд “Дэд бүтцийн төв” барих бэлтгэл ажлыг ханган техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, 5 байршилд ажлын зураг төсөв хийсэн.
Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлээс 3 байршилд дэд бүтцийн төв байгуулна.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 онд Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийн хамгийн их нягтралтай хэсгийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд “Дэд бүтцийн төв” барина.
Захын бүсийн гэр хороолол нь 4402.5га буюу 47.3 хувийн гэр хорооллын хэсэгт үе шаттайгаар бие даасан инженерийн шугам сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний хангамжид холбоно.

Яармаг” хотын шинэ төвийг байгуулна

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн 8 бүсэд хувааж нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлнэ.
Төлөвлөлтийн бүс нь өөрийн засаг захиргаа, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий хотын чанартай 2 төв, дүүргийн чанартай 6 дэд төвтэй байна. Үүнд: Хотын чанартай төвд “Их тойруу” болон Яармаг хотын төв, Дүүргийн чанартай дэд төвд Баянхошуу, Сэлбэ, Сонсголон, Шинэ хот, Гурвалжин, Амгалан дэд төвүүд багтана.
Улаанбаатар хотын доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн төвлөрлийг сааруулах зорилгоор “Яармаг” хотын шинэ төвийг байгуулна.

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машины хөдөлгөөн бүртгэгдсэн байна. Хотын захиргааг Яармагт шилжүүлснээр хотын төвийн төвлөрөл буурах юм. Нийслэлийн төсвөөс 2018 онд эхний ээлжийн 1.6 тэрбум төгрөгийг төлөвлөсөн.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баянхошуу, Сэлбэ дэд төвийг хөгжүүлэх төсөл хэрэгжиж байна.
2017 онд Баянхошуу, Сэлбэ дэд төвд нийт 8.7 км урт ариутгах татуургын шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Төсөл хэрэгжсэнээр 318 га газарт 7220 өрхийн 28533 иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдана.
Улаанбаатар хотын бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулан НИТХ-аар батлуулсан.
Хотын төвлөрлийг сааруулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ суурьшлын бүсийг ажлын байр, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хамт төлөвлөсөн.
Улаанбаатар хотод Ханын материал орчим, Баянголын ам, Яармаг спорт цогцолборын орчим, Авто худалдааны төв, Морингийн даваа, Био-сонгино болон Улиастай ам зэрэг 7 байршилд шинэ суурьшлын бүс, түрээсийн орон сууцыг цогцоор нь хөгжүүлснээр 10,556 айлын орон сууц ашиглалтад орно.
Нийслэлийн агаарын бохирдлын 1, 2 дугаар бүсэд амьдардаг орон сууцгүй, 0.04 га–аас багагүй газартай иргэд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцнаас нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаар дамжуулан орон сууцны урьдчилгаа 30 хувийг газраараа солин зээлд хамрагдах боломжийг бүрдүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар орон сууцны ипотекийн урьдчилгаа 30%-ийн санхүүжилтийг Нийслэлийн орон сууцны сангаас 63 иргэнд олгож, нийслэлийн газрын санг 3.8 га-аар нэмэгдүүлсэн.

Гол болон туслах гудамж замуудыг холбосон авто замуудыг шинээр барина

Нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэх урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулан, авто замын сүлжээний гол болон туслах гудамж замууд болон тэдгээрийг холбосон авто замуудыг шинээр барина.
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 13.1 км авто замыг шинээр барьж, 2.2 км авто замыг өргөтгөн шинэчилж, Зүүн 4 замын гүүрэн гарцын барилгын ажлыг эхлүүлнэ. Тухайлбал: Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км авто зам, Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь-Эхийн авто замаас Ганцхудаг, Цагаан даваа чиглэлийн 3.0 км авто замыг барьж, туслах гудамж замууд болон орон сууцны хороолол доторх холбоос замуудыг шинээр барьж шинэчилнэ.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төсөл”, “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”, “Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м гүүр болон Сонсголонгийн 289.4 у/м гүүр шинээр барих төсөл” зэрэг томоохон төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Тусгай замын автобусыг үйлчилгээнд оруулснаар зорчих орчин сайжирч, хөдөлгөөний хурд нэмэгдэж, түгжрэл буурна

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж, Улаанбаатар хотын хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу тусгай замын автобусыг явуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Төсөл хэрэгжсэнээр хөдөлгөөний аюулгүй байдал, зорчих орчин сайжирч, хөдөлгөөний хурд нэмэгдэж, түгжрэл буурна.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам дунд, том оврын 1,000 орчим тээврийн хэрэгслээр 620.0 мянган иргэдийг тээвэрлэн үйлчилж байна.
Нийтийн тээврийн их багтаамжийн автобуснаас 2017-2021 онуудад нийт 620 автобус нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнээс хасагдана. Тиймээс жил бүр 200 CNG хөдөлгүүртэй автобусаар парк шинэчлэлт хийх шаардлагатай байна.
Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 937 автобус 1 өдөрт 80.0 мянган литр дизель түлш шатааж, агаарт 400 кг PM ялгаруулдаг. Нийтийн тээврийн үйлчилгээнд CNG автобусаар парк шинэчлэлт хийснээр автобуснаас ялгарч буй бохирдуулагч бодис буурна.
Нийтийн тээврийн парк шинэчлэлт, ялангуяа CNG автобусаар хийхээр БНСУ, Европын сэргээн босголт, хөгжлийн банканд хандаад байна.
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци “Нийслэлийн нийтийн тээвэрт байгалийн хий нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлэхээр БНСУ-ын “Үжин Ар Ди Си” компанитай хамтран “Улаанбаатар байгалийн хий” ХХК компанийг байгуулан ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тэмээгээр аялагч Н.Байгальмаа Булганы Ярант боомт дээр иржээ

Холбоотой ЗурагТэмээгээр аялагч бүсгүй Н.Байгальмааг Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хүлээн авч уулзлаа. Аялагч бүсгүй Н.Байгальмаа өнгөрсөн оны 10 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотоос гарч 1800 гаруй км замыг тэмээгээр туулж одоо Монгол Улсын баруун хил болох Ховд аймгийн Булган сумын нутаг Ярантын боомтод ирээд байгаа юм.

Тэрээр тус аймгийн баруун хилээр гарах бэлтгэлээ хийж, тэмээгээ Булган суманд орхиод аймгийн төвд бичиг баримтаа бүрдүүлэхээр ирэх үеэр Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын зарим хэлтсийн дарга нар хүлээн авч уулзжээ. Дэлхийд анх удаа ийнхүү алс холын аяныг тэмээгээр туулах монгол бүсгүйн зоримог чанар, хичээл зүтгэл шантрашгүй байж, зорьсон зорилгодоо хүрэхийг Ховд нутгийн иргэдийн өмнөөс хүсэн ерөөж, амжилт хүслээ.
Тэрээр удахгүй Монгол Улсын баруун хилээр гарч БНХАУ-ын Шинжаан уйгарын өөртөө засах орноор дайран Казахстан улсыг зорих бөгөөд хил гарахад шаардагдах бичиг баримт болон бусад бэлтгэлээ базааж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Түмэнцогт, Асгат сумдад гарсан түймрийн шалтгааныг толруулахаар ажиллаж байна

ЗурагСүхбаатар аймгийн Түмэнцогт, Асгат сумдад гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Түймэр гарсан нөхцөл шалтгаан, учирсан хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Түймрийн нөхцөл байдлын талаар Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар /ОБГ/-аас тодруулахад Түмэнцогт сумын 3-р багийн нутаг Буян-Овоо гэдэг газар түймэр гарч, түймрийг унтраахаар ОБГ-ын алба хаагч, орон нутгийн иргэд гээд 90 гаруй хүн 15 техник машин ажиллажээ. Салхи ихтэй байсан учир түймэр хэдэн хэсэг салаалсны улмаас унтраахад хүндрэлтэй байсан учир унтраах үйл ажиллагаа удаан үргэлжилсэн байна.

Харин Асгат сумын Өлзийт багийн нутагт гарсан түймэрт ОБГ болон орон нутгийн иргэд нийлсэн 40 хүн таван авто машин ажиллаж түймрийг тэлэхээс нь өмнө унтрааж чадсан гэв.
Хуурайшилтын үе эхэлсэн, хүчтэй салхитай өдрүүд үргэлжилж байгаа учир цогтой үнс нурам ил задгай асгахгүй байх, татсан тамхи, зурсан шүдэнзээ сайтар унтрааж, иргэн бүр анхаарал сэрэмжтэй байхыг ОБГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зочлох үйлчилгээний мэргэжлийн тэмцээн, “HORECA EXPO- 2018” үзэсгэлэн болно

“Horeca” зочид буудал зоогийн газрын үзэсгэлэн болон зочлох үйлчилгээний мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээний талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат Аялал жуулчлалын ур чадвары мэргэжлийн сургуулийн захирал О.Отгонбаяр нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Нийслэл Улаанбаатар хотод аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчдын үзэх бүтээгдэхүүнийг бий болгох, гадаад дотоодод сурталчлах ажлыг хийж хэрэгжүүлснээр Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна. Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдыг сэтгэл ханамжийг өндөр байлгахад зочлох үйлчилгээний салбар чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэр дундаа хүнээр дамжин хүнд хүрдэг салбарын онцлогоос хамааран үйлчилгээний ажилчдыг ур чадвар ихээхэн чухал үүрэгтэй байдаг. Эдгээр үйлчилгээний ажилчдыг чадавхжуулах зорилгоор Улаанбаатар хотын зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 дахь жилдээ, “Horeca” зочид буудал зоогийн газрын үзэсгэлэнг 10 дахь жилдээ буюу энэ сарын 30,31-ний өдөр МҮХАҮТ-д зохион байгуулагдах гэж байна.

Нийслэл хотын зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ижил мэргэжлийн ажилтнуудтай туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, зочлох үйлчилгээний салбарын ажил мэргэжлийг сурталчлахад энэхүү тэмцээний зорилго оршино. Тэмцээн нь дараах төрлүүдээр явагдана. Үүнд:

-Зочин хүлээн авагч

-Өрөөний үйлчлэгч

-Тогооч

-Зөөгч

-Угаалгын ажилтны аварга шалгаруулах тэмцээн

Мөн тэмцээний үеэр дараах үзэсгэлэн, үзүүлбэрүүд зохион байгуулагдана. Үүнд:

-Мастер тогооч нарын “Хоол урлаг” бүтээлийн үзэсгэлэн

-Шилдэг ширээ засалтын үзүүлбэр

-Бартендерийн үзүүлбэр

Энэхүү тэмцээнд 2014 оноос эхлэн БНСУ-ын Гояан хот, ОХУ-н Эрхүү, Улаан Үдэ, БНХАУ-ын Хөх хот, Манжуур, Эрээн зэрэг хотуудын зочлох үйлчилгээний салбарынхан оролцож олон улсын тэмцээн байсан боловч төсөв санхүүгийн боломжоос хамааран өнөө жил зөвхөн дотоодын оролцогч нарын дунд зохион байгуулахаар ажиллаж байна.

Аялал жуулчлалын салбар, зочид буудал, зоогийн газрын бизнес нь харилцан уялдаатай хөгжиж дэвшиж ирсэн онцлогтой салбарууд юм. Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний хөгжил нь хүн хоорондын харилцан хамаарал, үйлчлэл, хүний хөгжлийн хүчин зүйлтэй шууд хамааралтай тул хүний хэрэглээ, хэрэгцээ өсөж байгаа нь хэрэглээний технологийн дэвшлийг тодорхойлж байдаг. Зочлох үйлчилгээний салбарын хөгжлийг дагалдаж олон улсын техник технологи нэвтэрч гадаад дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж байгаа зэргээс үндэслэн энэхүү үзэсгэлэн сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 2012 оноос эхлэн олон улсын жишгийн дагуу үзэсгэлэнгээ “HORECA” (Hotel and Restaurant Catering) нэртэйгээр зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнд дараах чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид оролцох боломжтой. Үүнд

  • Ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчид
  • Мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэгчид
  • Хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчид
  • Ундаа усны бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчид
  • Архи, дарс, ликёр нийлүүлэгчид
  • Тоног төхөөрөмж нийлүүлэгчид
  • Зочид буудал
  • Ресторан
  • Дүрэмт хувцас үйлдвэрлэгчид
  • Шилэн эдлэл нийлүүлэгчид
  • Хөдөлмөр хамгаалал үйл ажиллагаа эрхлэгчид
  • Цэцэрлэгжүүлэлт ажил гүйцэтгэгчид
  • Цагаан хэрэглэл үйлдвэрлэгч, нийлүүлэгч
  • Программ хангамжийн үйлчилгээ
  • Хими цэвэрлэгээний үйлчилгээ
  • Кофе, цай, үйлдвэрлэгч, нийлүүлэгч
  • Реклам бүтээгчид
  • Такси үйлчилгээ
  • Бейкери үйлдвэрлэгч

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр зочид буудал, зоогийн газрын бизнес эрхлэгчид хоорондоо хамтран ажиллах гэрээ байгуулах нэгдсэн хангамжаар хангагдах, мэдээлэл солилцох боломжууд өргөн болдог гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.