Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс “Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал”-ын талаарх судалгааны дүнг өчигдөр танилцуулсан юм. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан, Хууль зүйн ухааны доктор Ж.Баясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэхүү судалгааны гол зорилго нь юу юм бэ?
-Тодруулбал, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр “Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний тавдугаар судалгааг хийсэн юм. Энэ судалгаа нь таван жилд нэг удаа явагддаг.
-Судалгааг ямар хугацаанд хийсэн юм бол?
-Судалгааг 2016- 2017 оны хооронд хийсэн. Эдийн засгийн бүсээр 21 аймаг, найман дүүргээс түүврийн аргаар сонгон 94 сум, 30 хороог хамруулан ажилласан. Нийт 2249 өрхийн 9555 хүн энэ судалгаанд оролцсон юм.
–Өмнө жилүүдийн судалгаатай харьцуулахад энэ жил хүн амын хоол тэжээлийн хэрэглээнд ямар өөрчлөлт гарсан байна вэ?
-2014 оны судалгаатай харьцуулахад 0-5 нас хүртэлх хүүхдийн таргалалт 6.6 хувь байсан нь 11.7 хувь болсон. 6-11 настай хүүхдийн таргалалт 4.3 хувь байсан бол 22.2 хувь, 15-49 насны эрэгтэй 49.3 хувь байсан бол 64 хувь болж өссөн үзүүлэлттэй байна. 15-49 насны эмэгтэй 32.9 байсан нь 63 хувь болсон үзүүлэлттэй байгааг ажиглахад ерөнхийдөө хүмүүсийн таргалалтын тоо хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Мөн эрдэс амин дэмийн дутагдлын тархалт түгээмэл хэвээрээ байгаа нь 2010 оныхоос өссөн хандлагатай юм.
-Хүн амын дунд таргалалт нэмэгдэж, хоол тэжээлийн дутагдал өсч буй нь юутай холбоотой юм бэ?
-Ерөнхийдөө буруу дадал зуршил, буруу хооллолтоос үүдэлтэй. Сахар, давсны хэрэглээ их өндөр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас давсны хэрэглээний хэвийн хэмжээ тав гэж зөвлөдөг. Харин манай улсын иргэдийн хэрэглээ 11-13 гэж гардаг. Энэ нь хоёроос гурав дахин их хэрэглээ юм. Мөн хүнс, жимс ногооны хэрэглээ муу байна. Үүний гол шалтгаан нь хүн амын амжиргааны түвшин бага буйтай холбоотой. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн XVII хорооны айлуудаар явахад дийлэнх нь амжиргааны түвшин нь доогуур байсан. Тэдгээр айлуудад “Жимс ногоо идээрэй” гэж зөвлөхөд хүндрэлтэй байсан. Өрхийн гишүүдийн нэг нь л ажил хийдэг, бусад нь ажилгүй байсан даа. Хөдөөнөөс малаа зараад ороод ирсэн иргэд ч байсан. Ийм айлууд мах, сүү, жимс ногооны болон амин дэм агуулсан хүнсний бүтээгдэхүүн байнга хэрэглэх боломж бага санагдсан.
– Зөв хооллохын тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Насанд хүрсэн хүмүүсийн дадал хэвшлийг өөрчлөнө гэдэг хэцүү. Аль болох хүүхдийг багаас нь зөв хооллохыг зааж өгч, хэвшүүлэх хэрэгтэй. Тиймээс энэ тал дээр сургалт, сурталчилгааг сайн хийх нь чухал. “Давс хортой, сахарыг бага хэрэглэх ёстой” гэдгийг багаас нь ойлгуулж, ухамсарлуулах хэрэгтэй. Монголчууд нэгнийгээ даган дуурайх хандлага их байдаг. “Өдийг хүртэл ингэж хэрэглээд болоод ирсэн” гэж бодох биш, одооноос ч болтугай эрүүл мэндээ хайрлах нь бидний эхний алхам юм.
– Хүн амын дунд ямар амин дэм хамгийн дутагдалтай байна вэ?
-Д, А амин дэмийн дутагдал их гарсан. 6-59 сартай хүүхдийн 61 хувь нь Д амин дэм, 9.5 хувь нь А амин дэмийн дутагдалтай байв. Зөвхөн хүүхдэд Д амин дэм өгөх ёстой гэвэл өрөөсгөл ойлголт болно. Насанд хүрсэн хүн ч авах ёстой. Манай орны цаг уурын хувьд нар маань ойрхон байж амин дэмээ өгдөг. Харин улирал нь богино хугацаатай байдаг. Хүнс хүнсэн бүтээгдэхүүнээс авна гэвэл хангалттай байдаггүй. Сүүлийн үед сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ буурчихсан байна. Эдгээр хүчин зүйлээс л шалтгаалж байгаа юм. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4 хувь нь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4 хувь нь Д амин дэмийн дутагдалтай байгааг илрүүлсэн. Мөн баруун болон Хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дутагдалд өртөх эрсдэлтэй байна лээ.
Э.БОЛОР