Categories
гадаад мэдээ

Умард Солонгосын тамирчид Паралимпд оролцохоор болжээ

north korea paralimp зурган илэрцүүд

Ирэх сарын 7-нд Өмнөд Солонгосын Пёнчан хотод эхлэх өвлийн паралимпийн наадамд Умард Солонгос тамирчдаа оролцуулахаар болсон тухай Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Хоёр Солонгосын хилд орших Панмүнжом тосгонд мягмар гарагт буюу өнөөдөр хийсэн ажил хэргийн түвшний хэлэлцээний үеэр талууд ийн тохиролцоонд хүрсэн байна.

Энэ сарын 9-25-нд өвлийн олимпийн XXIII наадмыг амжилттай зохион байгуулсан Пёнчан хот нь ирэх сарын 7-18-нд өвлийн паралимпийн XII наадмыг зохион байгуулна. Паралимпийн нээлт болохоос хоёр хоногийн өмнө Умард Солонгосын тамирчид Өмнөд Солонгост газраар явж очих аж.

Categories
мэдээ нийгэм

Улсын дугаар 2, 7-гоор төгссөн тээврийн хэрэгслийн татвараа төлөх сүүлийн өдөр

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил явагдсаар байна. Хэрвээ таны эзэмшдэг автомашины улсын дугаар 2, 7-гийн тоогоор төгссөн бол татвар төлөх сүүлийн өдөр өнөөдөр тохиож байна. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.

1, 6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард

2, 7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард

3, 8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард

4, 9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард

5, 0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой.

Нийслэлийн мэдээллийн технологийн газраас мэдээлснээр, хэрэв тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний цахим хуудас /www.smartcart.mn/-аар дамжуулан онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ заавал хавсаргах, эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

“Ирээдүйн эзэд” байгалийн ухааны анхдугаар олимпиад болно

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Боловсролын үнэлгээний төвөөс “Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг ирэх гуравдугаар сарын 5-нд зохион байгуулах гэж байна. Тус олимпиад нь ЕБС-ийн төгсөх ангийн суралцагчдын цаашид суралцах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулах зорилготой юм. Байгалийн ухааны нэгдмэл агуулгад математик, физик, хими, биологи, газар зүйн хичээлүүд багтах бөгөөд эдгээр хичээлүүдээс олимпиадын даалгавар бүрдэнэ.

Олимпиадад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн суралцагчдаас сургууль тус бүр ЗАН-тэй хамтран Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар зөвхөн 1 шилдэг суралцагчийг сонгон оролцуулна. Суралцагчийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвийн olympiad.eec.mn хаягаар тухайн сургуулийн сургалтын менежер бүртгэх юм.

“Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад гуравдугаар сарын 05-ны өдөр 09:00 цагт “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн спорт зааланд болно.

Categories
мэдээ нийгэм

Дэд комиссууд тохиролцоонд хүрч, Монгол, Оросын ЗГХК-ын хуралдаан эхлэхэд бэлэн боллоо

Москва хотноо энэ сарын 26-28-нд үргэлжилж буй Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 21 дүгээр хуралдааны үйл ажиллагааны хүрээнд Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13 дугаар хуралдаан өчигдөр болж өндөрлөлөө. Дэд комиссын энэ удаагийн хуралдаан сүүлийн гурван жилд анх удаа болж байгаагаараа онцлог бөгөөд цаашид жил бүр зохион байгуулдаг уламжлалаа хадгалж ажиллах нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэдгийг талууд тэмдэглэв.

ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын хуралдааныг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, ОХУ-ын талаас Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд А.В.Груздев нар ахлан явууллаа.

Дэд сайд Б.Батцэцэг хуралдааны үр дүнгийн тухайд “Монгол, Оросын ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13 дугаар хуралдаанд хоёр улсын Засгийн газрын төлөөллөөс гадна ОХУ-ын хил орчмын найман субъектын төлөөлөгчид хүрэлцэн ирж, нийт 50 гаруй төлөөлөгч оролцсон нь ач холбогдолтой боллоо. Монгол, Оросын харилцаа өргөжиж, хамтран ажиллах сонирхол тэлж байгааг хоёр талын Засгийн газар дэмждэг хэдий ч бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж чадахгүй байгаагаа хуралдааны үеэр бид илэн далангуй ярилцлаа. Монгол, Оросын харилцааг илүү үр ашигтай болгоход хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааг өргөжүүлэх болон зам тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох зэрэг асуудлаар санал нэгдсэн. Ингээд хоёр тал Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг сая үзэглэж ойрын хугацаанд байгуулахаар тохирсон нь Монгол, Оросын Засгийн газар бизнес эрхлэгчдээ дэмжих тодорхой зохицуулалт бий болгож байна гэж ойлгож болно. Түүнчлэн Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор нь бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нэг чухал хөшүүрэг болохыг тэмдэглэж бүхий л талаар дэмжиж ажиллахаар болов. Энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хотод гурван талын шинжээчдийн уулзалтыг явуулж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг тохирохоор товлолоо. Мөн энэ оны зургадугаар сард “Монгол, Оросын санаачилга 2018” цогц арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулах үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, түүний дотор чөлөөт бүсийн хамтын ажиллагааны талаар тусгайлан хэлэлцэхээр тохирлоо” гэв.

Энэ өдөр түүнчлэн Монгол, Оросын ЗГХК-ын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын 5 дугаар хуралдаан болсон юм. БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл тус дэд комиссын хуралдаанаас гарсан үр дүнгийн талаар хэлэхдээ “ОХУ-ын их, дээд сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлж 500-д хүргэсэн зэрэг боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтрах олон ажилд бодитой ахиц авчирсан хуралдаан боллоо. Энд онцлон тэмдэглэхэд, ерөнхий боловсролын тусгай сургуулийн албан хаагч, багш-сэтгэлзүйч, согогзүйч багш, хэл засалч багш нарыг ОХУ-д бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах манай талын саналыг нааштайгаар хүлээн авч ажил хэрэг болгохоор тохиролцож чадлаа” гэв.

ЗГХК-ын хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна. ЗГХК-ын 21 дүгээр хуралдаан маргааш болох бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нарын ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалтаар эхэлнэ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хил дамнасан малын хулгайн хэргийг илрүүлэв

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 дугаар багийн иргэн А-ийн адуу хулгайд алдагдсан тухай гомдол гаргасан байна. Гомдол мэдээллийн дагуу Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчдын хамтаар эрэн сурвалжлах явцад тус сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Асгат” гэх газар ОХУ-ын БН Тува улсын 4 иргэд хууль бусаар Монгол улсын хил нэвтэрч, бүлэглэн адуу хулгайлсан болохыг тогтоон, гэмт этгээдүүдийг саатуулаад байна.

Иймээс хил орчмын бүс нутагт оршин сууж байгаа малчин, ард иргэдэд хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг уриалжээ.
Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Утааны асуудлаа одоо л ярилцахгүй бол ирэх өвөл хүүхдүүдийнхээ амиар төлбөрийг нь төлөх болно

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Намрын чуулган завсарлаад байна. Энэ удаагийн намрын чуулган эрх баригч МАН Засгийн газраа огцруулж дараагийн засгаа байгуулснаар үргэлжиллээ. Та нар болохоор сандал ширээний төлөөх тэмцэл дунд намрын чуулган өндөрлөлөө гэж байсан л даа. Намрын чуулганыг тоймлон дүгнэхгүй юу?

-Өнгөрсөн 20 гаруй жилийн парламентын засаглалын түүхийг харахад Засгийн газар огцруулсан болон байгуулсан чуулган тэрхүү улс төрийн донсолгоогоо тойроод өнгөрсөн байдаг. нэг үгээр хэлбэл үр дүн багатай байдаг гэсэн үг. Энэ удаагийн намрын чуулган ч мөн адил тулга тойрсон хэрүүлтэй ач холбогдол багатай өндөрлөсөн. Тиймээс чуулган завсарлахын өмнө би “Сандал ширээ хуваарилах болохоороо бөөгнөрч ярьчихаад ард түмнийхээ асуудлыг ярья гэхээр парламент тараад явчихаж болохгүй. Байнгын ажиллагаатай парламент юм бол чуулганаа сунгаж хуралдуулъя. Болохгүй бол ээлжит бус чуулган зарлан хуралдуулж парламент өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж ажиллая” гэдэг шаардлагыг тавьсан. Гэсэн ч эрх баригчид хүчээр чуулганаа завсарлуулаад тал тал тийшээ амралт зугаалга болоод алга болсон. үүнд нь сэтгэл дундуур байна.

Миний хувьд сонгогчидтойгоо уулзаж, холбогдох байнгын хороо болон бусад их хурлын бүтцийн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байгаа. Нийгмийн анхаарлыг татаж буй асуудлууд дээр парламент анхаарал хандуулж үнэн мөнийг нь тогтоохгүй бол иргэдийн итгэл улам алсарна. Ойрын үед байнгын хороод хуралдаж иргэдээс тавьж буй асуудлуудад хариу өгөх ёстой.

-Та бол ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналтай байгаа юм байна, тийм үү. МАН-ын гишүүд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага байхгүй гээд байгаа. Ядаж төсвийн тодотгол орсон бол өөр хэрэг гэх юм?

-Төрийн ажлыг маш хариуцлагагүй явуулж байна. Чуулганаар хэлэлцэх асуудал байхгүй гэж ярьдаг. Үнэндээ хэлэлцье гэвэл дааж давшгүй их асуудал бий. Тэр асуудлууд руугаа оролгүй хийх ажил алга гээд суугаад байгаа л даа. Тухайлбал, ОувС-гийн хөтөлбөр хэрэгжиж, сая дахин хэлэлцээр хийж дууслаа. Энэ хүрээнд иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийднэ гэсэн. Одоо уг асуудлуудаа ярья. Нэн яаралтай шүү. Тэгэхгүй бол ОУВС-тай Засгийн газар хэлэлцээр хийсэн л гэсэн. Юу ярьж, хэлэлцсэн нь огт тодорхойгүй байна. Бүр таг болчихлоо. Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж хэлэлцээртэй холбоотой Монголын талын тавих асуудлуудаа яаралтай хэлэлцэж, ярилцмаар байна шүү дээ. Гэтэл энэ хооронд Эрдэнэт үйлдвэрийг тойрсон том өрийн асуудал гарч ирсэн. 100 сая ам.доллар яригдаад байна. Энэ тоглоом биш шүү. Олон тэрбумын асуудал яригдаж байхад сонсоогүй юм шиг чимээгүй байсаар байх уу. Түүнчлэн хүний эрх тойрсон олон асуудал бий. Өнөөдрийн төрийн тогтолцоотой холбоотой зүйлс дээрээ шийдлээ олцгооё.

Цэцийн гишүүд, Элчин сайд нараа томилоогүй байна. Төр, хувийн хэвшил гээд аль ч талд нь төрийн том гацаа бий болчихлоо. Мөн хоёр хөрштэй харилцах харилцаан дээр суурилсан алхамуудаа хийж эхэлье. Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ-д айлчилна гэж байгаа. Энэ айлчлалаас нь өмнө Их хурлаар оруулж шийдүүлэх асуудлууд бий гэдгийг эрх биш мэдэж баймаар юм. Их хурлаар асуудлаа оруулалгүй зугаалах маягаар явж болохгүй биз дээ.

Ерөнхийлөгч ОХУ-д айлчилна. Төрийн гурван өндөрлөгийн айлчлал гэдэг Тагнуулын дарга байсан нөхөр гэнэт явсан шиг зүйл биш. Алхам тутамдаа парламенттай зөвшилцөх, энэ хүрээнд шийдвэрүүд нь гарч бодит алхамууд хийх ёстой. Энэ бүхэн дээр парламент анхаарал хандуулж ажлаа хийх шаардлагатай байна.

-Намрын чуулганы хугацаанд гишүүдийн ёс зүй, ирцийн асуудал шүүмжлэх сэдвийн нэг байлаа. Гишүүдийн ёс зүйг дээшлүүлэх боломж байна уу?

-Парламент гишүүдийн ёс зүй дээр анхаарах цаг болсон. Үнэхээр ёс зүйн алдаа гаргасан бол Их хурлаар хэлэлцэж, хууль хяналтын байгууллагынхны үгийг сонсоод явах ёстой. УИХ-ын гишүүдийн чуулган, байнгын хорооны хуралдаанд суух ирцийн асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг хугацаа алдалгүй хэлэлцмээр байна. Парламентын нэр хүнд унаж байгаа энэ үед иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх тал дээр гишүүд өөрсдөө идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй. Парламентад итгэх иргэдийн итгэл, нэр хүндийн цаана ард түмний итгэлийг хэрэгжүүлэх хүч чадлын асуудал яригдаж байгаа. Эдгээр зүйлсээ бид тодорхой болгох шаардлагатай. Түүнээс биш завсарлаад тарчихсан парламент ямар асуудал шийдэх вэ дээ. Улам л нэр хүнд нь унана. Төрийн ажил цалгардана.

-Намрын чуулганы хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргаан үргэлжилсэн. Гэтэл одоо 51 хувь нь Өмнөд Африкийн Стандарт банкны барьцаанд байна гэх яриа гарч байгаа. Арбитрын шүүх дээр Засгийн газар ялагдсан гэдэг мэдээлэл бий. Зээл авсан хүн нь тодорхой байхад Эрдэнэт үйлдвэрээр зээлийг нь төлүүлэх гэж байна гэх юм. Энэ бүгдийг хэрхэн шийдэх ёстой вэ?

-УИХ-ын таван гишүүн Ерөнхий сайдад асуулт тавьж, Засгийн газар хариултыг нь өгчихлөө. Одоо тэгээд яах вэ. Дөрөвдүгээр сар гарч, хаврын чуулган эхэлтэл бид хүлээх үү. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хороо яаралтай хуралдаж энэ асуудлуудаа яаралтай хэлэлцэх ёстой. Байнгын хорооноос шийдвэр гарчихвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж шийдлээ ярилцах хэрэгтэй. Эрдэнэт Стандарт банктай холбоотой мөнгө бага биш шүү. Улс орны хувь заяатай холбоотой том асуудал. Эрдэнэт үйлдвэрийнхээ хувь заяаг бид өнөөдөр шийдэлгүйгээр 100 хоногийн улс төр маягаар хүчинтэй, хүчингүй нь ойлгомжгүй байдлаар явж болохгүй. Засгийн газраас тогтоол шийдвэр нь гарсан гээд улс төрийн “поп” зүйл яриад байгаа нь буруу. Монголын улс төр ингэж явахгүй ээ. Тиймээс яаралтай УИХ-ын холбогдох байнгын хороод хуралдаж Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуултын хариултыг сонсож, Засгийн газарт чиглэл өгөх ёстой. Шаардлагатай гэвэл УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуул.

-Танай бүлэг гэвч юу хийж байна вэ. Шүүмжлээд л байх юм. Энэ тал дээрээ санаа оноогоо нэгтгэж хуралдсан уу?

-Бүлэг удахгүй энэ асуудлуудын хүрээнд хуралдаж албан ёсоор байр сууриа илэрхийлнэ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувь олгохоор санал хүргүүлсэн. Мөн агаарын бохирдолтой холбоотойгоор яаралтай шийдэх зүйлс бий. Хавар боллоо утаа ариллаа гээд явах юм бол бид ирэх намар дахиад л утаагаа ярьж эхэлнэ. Засгийн газар саналаа танилцуулж, Их хурал шийдвэрээ гаргах хэрэгтэй. Утааны асуудлаа одоо л ярилцахгүй бол ирэх өвөл хүүхдүүдийнхээ амь насаар төлбөрийг нь төлөх болно. Ардчилсан намын бүлгийн гишүүд Хувь хүний орлогын албан татвар нэмсэн асуудлыг эсэргүүцсээр байгаад буцаалгасан. Тэмцэх юм бол үр дүнд хүрч байгааг нь харж байгаа биз дээ. Парламентад есөн гишүүн сууж байгаа ч гэсэн иргэдийн дуу хоолойг хүргээд явж байна. Эцэст нь ард түмэн л хожиж байгаа нь зөв. Тэтгэврийн насыг буцаалгаж чадлаа. Одоо бид хүүхдийн мөнгө, агаарын бохирдолттой холбоотойгоор амины орон сууц, ипотекийн зээл, дэд бүтэц, байгаль орчны асуудлуудаа шийдүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр Засгийн газрыг шахаж ажиллана.

-Таны сонгогдсон тойрогт ямар ажлууд хийгдэх вэ. Ямар ч байсан Засгийн газраас Нийслэлийн харьяаны 33 байгууллагыг Яармаг руу нүүлгэхээр боллоо. Дэд бүтэц хийгдэж, хөгжих боломж гэж харж болох уу?

-Тойрогтоо камержуулах төсөл хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Мөн Яармагийг Монгол Улсдаа үлгэр жишээ болсон гэр хорооллын асуудлыг цогцоор нь шийдэхийн төлөө иргэдтэйгээ хамтарч ажиллаж байгаа. Түүнчлэн ариун цэврийн буюу жорлонгийн асуудлыг шийдэхээр сургалтууд явуулж эхэлсэн. Эцэст нь энэ бүхнээ Засгийн газарт оруулж шийдүүлэх ёстой. Тойргийн ажлууд эрчимтэй явж байна.

Яармагийн дэнжид иргэд газар авах гэхээр тусгай хамгаалалттай гэдэг нэрийн доор өгдөггүй байсан. Иргэд амьдрах орчноо тэлэх хэрэгтэй биз дээ. Одоо болохоор барилга контор барина гээд байх юм. Тэнд тавьсан дэд бүтцүүд иргэдийг ая тухтай амьдруулах, барилгажуулах зорилгоор 2012-2016 онд тавьсан. Гэтэл түүнийг нь дарга нарын конторт л ашиглах нь дээ. Үүнийг харалган бодлого гэж харж байгаа. Яармагт хотын захиргаа барих хэрэггүй. Иргэдийн амьдралыг сайжруулах төслүүд л хэрэгтэй. Хотын захиргаа үнэхээр нүүх шаардлагатай гэх юм бол Сонгинохайрхан, Баянзүрх ч гэдэг юм уу өнөөдрийн хүндрэлтэй нөхцөлийг өөрчилж, хөгжил авч ирэх газраа очиж зовлон дундаа ажиллаж байж ахиц гарна. Зовлонгоос зугтаж, биеийн амрыг хараад иргэдийн амьдрах орчныг булаах маягаар амарчилж байгаа нь төрийн бодлого нэг алхмаар ухарч байгаа гэсэн үг. Иргэдэд тэр газрыг өгөхгүй газрын наймааны эх үүсвэрийг бий болгон иргэдийг хохироосон дарга нарын контор баригдах гэж байна. Үүнийг олон талаас нь ярилцах ёстой. Монгол Улсын нийслэл гэдэг бол хамгийн том статустай засаг захиргааны нэгж. Түүнчлэн Монгол Улсын нийт хүн амын тал хувьд нь хамаарч байгаа шүү дээ. Гэтэл энэ асуудал яахаараа УИХ-аас гадуур шийдэгдээд явдаг юм. Одоо нийслэлийн хуулиудыг хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа ч хоцрогдсон үзэл баримтлалаар хийгдсэн. Тиймээс Их хурал дээр гацсан. Энэ бүгдийгээ хэлэлцээгүй байж, иргэдийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй хүмүүс өнөө маргаашгүй байр саваа сайжруулах гээд зүтгэх юм.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлээд байна уу?

-Тийм.

-Уг хуулийн төслийг намрын чуулганаар батлана гэж байсан ч нэлээд нэмэлт, өөрчлөлт орох тул хаврын чуулганаар хэлэлцье гээд хойшлуулсан. Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд уг хуулийн төсөл дээр байр сууриа илэрхийлээч?

-Хотын захиргааны эрх мэдлийг нэмэгдүүлсэн, дарга нарыг тойрсон эрх ямбын хуулийн төсөл байна лээ. Хотын даргыг Засгийн газрын гишүүн болгох гэсэн эрх ямбаны хууль. Уг нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэлийн иргэдийн амьдралын баталгааны асуудал байх ёстой. Нийслэлийн иргэд даргаа өөрсдөө сонгодог болбол энэ харин том дэвшил болно.

Манайх дөрвөн уулын дундах алга дарам газрыг нийслэл гээд зарлачихсан. Үүнээсээ гарч чадахгүй бүтэж үхлээ. Дөрвөн уулынхаа дунд шигдсээр байгаад гишгэх газаргүй боллоо. Нийслэлээ тэлэх бодлого явуулахын тулд тэлж Төв аймгийг Улаанбаатар аймаг гээд явах ёстой. Дэлхий нийтийн жишиг энэ. Нью-Иорк хот, Нью-Иорк муж гэдэг. Ингэж тэлж байж цаашаа явна. Төв аймаг бол нийслэлийг дэмжсэн онцгой бүс нутаг шүү дээ. Ингэж эрхзүйн статусыг нь өргөх ёстой. Төрөөс зохиомлоор хот тосгон байгуулж зовоогоод байх ч шаардлагагүй. Бид эрх мэдэл, статусыг нь олгох юм бол иргэд өөрсдөө аваад явчихна. Энэ бүгдээ хуулийн төсөлд суулгаад өгөх юм бол дэмжээд явна. Одоо байгаа төслийг нь бол дэмжих боломжгүй. Бид шинэ сэтгэлгээний хувьсгал хийхгүй бол утаанаасаа зугтаж эрүүл газар контор барьж, үүдээ түгжээд суух юм бол энэ нь нийслэлийн мөхөл болно. Үүнийг зогсоох нь Их хурлын үүрэг.

-Та Хүний эрхийн дэд хорооны гишүүн болсон. Танай дэд хороо даргаа сонгоогүй гэсэн яриа бий. Хүний эрхийн асуудал ихээр яригдаж байгаа энэ үед танай дэд хороо хамгийн түрүүнд ажиллах ёстой юм биш үү?

-Уг нь иргэдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа, үйл ажиллагаа нь явж байх ёстой хороо бол Хүний эрхийн дэд хороо. Хоёр жил тэмцэж байж орлоо. Дэд хорооны ажлын зохион байгуулалт одоо алга. Дарга ч алга. Намрын чуулганаар даргыг нь томилох асуудлыг шаардсан ч томилсонгүй. Бидэнд ирсэн маш их өргөдөл, хүний эрх зөрчсөн асуудлууд байна. Энэ бүхэнд хариулт өгөх ёстой. Байнгын ажиллагаатай парламент бол тасралтгүй ажиллах үүрэгтэй. Дэд хороо, байнгын хороо тасралтгүй ажиллах процессыг хангаж өгдөг. Гэтэл дэд хороо нь даргагүй болохоор бид ажиллах эрх зүйн боломж хязгаарлагдаад байгаа юм. Тиймээс Хууль зүйн байнгын хороо яаралтай хуралдах шаардлагатай.

-Сүүлийн үед таныг оффшор данстны хамаарал бүхий этгээд тул оффшор бүст данс эзэмшдэг гэдэг мэдээлэл гарч байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Холбогдох тайлбаруудыг нь АТГ-т хүргүүлсэн. Нэгдүгээрт, өмнө нь миний нэр холбогдож байсан компани дээр оффшор данстай хэмээх зүйл гарсан. Би 2013 оноос хойш тэр компаниас бүр холдсон. Бизнесийн байгууллага оффшор бүст данстай байна уу, үгүй юу гэдэг нь тусдаа асуудал биз дээ.

Хоёрдугаарт, миний дүүгийн удирдаж буй компани оффшор бүст биш европын холбоонд монголд хөрөнгө оруулах зорилгоор тэдний тавьсан шаардлагын дагуу сан байгуулаад эдийн засгийн хямрал эхэлсэн тул хөрөнгө оруулах боломжгүй гээд сангаа хаасан. Европын холбооны тэр улс нь энэ онд оффшорын жагсаалтад орсон. Хэдэн жилийн өмнө болоод дууссан тэр жагсаалтыг өнөөдөр гаргаж ирээд “Оффшорт сантай юм байна” гээд байгаа л даа. Хэзээ тэр санг байгуулаад хэзээ татан буугдсан гэдгийг нь ярихгүй байж нэр хүнд гутаах зорилгоор дайралт, гүтгэлгүүд явж байна. Энэ бүгдээ хуулийн байгууллагаар үнэн мөнийг нь тогтоолгоод явж байгаа. Болд гэж хүн хууль зөрчин ямар нэгэн үйл ажиллагаанд оролцсон бол өнөөдөр хариуцлагаа хүлээхэд ямар ч асуудал байхгүй.

Монголоос хөрөнгө гаргаж оффшор бүст байршуулж байгаа бол хатуу тэмцэх ёстой. Харин монголд хөрөнгө оруулалт татах гэж байгаа хүмүүсээ элдвээр цоллох юм бол Монгол Улс мухардалд орно.


Categories
мэдээ цаг-үе

Төрийн Таван толгой хувийн хэвшлийг хорлоод зогсохгүй, нүүрсний үнийг гурав дахин унагаж байна

Монгол Улс 2017 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 6.2 тэрбум ам.доллар, импорт 4.3 тэрбум ам.долларт хүрлээ. Нийт бараа эргэлт тэрбум шахам доллараар нэмэгджээ.

Гадаад худалдааны ашиг хоёр тэрбум ам.долларт хүрлээ. Үүнд нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн нийт экспортын 95 хувийг эзэлж байгаа бол импортын 67 хувийг түлш, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Өнгөрсөн онд монголчуудад нүүрс хоёр тэрбум гаруй доллар оруулжээ. Гэхдээ энэ бол дэндүү чамлалттай мөнгө. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ орлого хоёр дахин байх боломжтой. Учир нь манайхан нүүрсээ хамгийн хямд үнээр өгдөг. Хямдхан өгдгийн учир нь төмөр замгүйдээ, эсвэл хятадууд зам хааж боогоод байгаад биш гэнэ. Зүгээр л манай Эрдэнэс Таван толгой компани нүүрсээ үнэ хүргэхийг хүсдэггүйд аж. Манай хоёр томоохон нүүрс экспортлогч болох Эрдэнэс Таван толгой төрийн өмч, харин Энержи ресурс хувийн өмч. Гэхдээ Эрдэнэс Таван толгой дангаараа төрийн өмч мөн үү гэдэг нь маргаантай асуудал. Энэ компанийн хувьцаа нэртэй 1072 гэдэг цахим тоо Монголын иргэн бүрт бий. Хэрэв энэ хууль эрх зүйн хүчинтэй бол Эрдэнэс Таван толгойн удирдлага иргэдэд тайлан тавиад зогсохгүй нүүрсээ ямар үнээр зарж, дотоод, гадаадын ямар компани Эрдэнэс Таван толгойтой хамтарч ажиллаж байгаа тухай мэдээлэх ёстой. Түүгээр ч зогсохгүй өндөр ашигтай ажилласан тохиолдолд хишиг хүртээх үүрэгтэй.

Харин өнөөгийн нөхцөлд энэ компани яг эсрэгээр ажиллаж байгаа мэт харагдана. Наад захын мэдээлэл нууц, хэн нэгэн мэдээлэл өгөх чадвартай удирдах албан тушаалтан олддоггүй. Иргэдийн дунд ярьдгаар энэ компани нүүрс тээх эрх өгдөг. Энэ эрхийн төлөө эрх баригч намын дотор зодоон болдог. Харин Энержи ресурс компани аав шиг том компанийн өрсөлдөгч биш. Гэхдээ зах зээлийн эдийн засгийн хангалттай жишээ үзүүлж чадна.

Үүний тод жишээ бол тэдний зарж байгаа нүүрсний үнэ. Өнөөдөр коксжсон нүүрсний үнэ 250 гаруй долларт хүрсэн. Гэхдээ тэр үнэд хүргэхэд чадал дутна. Харин Хятадын зах зээлд үнэд хүргэхийг тэмүүлэх ёстой. Хятадын томоохон зах зээл дээр кокосжсон нүүрсний үнэ нэг тн нь 210-240 хүрч байгаа аж. Энэ үнээр тооцвол өнгөрсөн онд бид нүүрснээс хоёр биш зургаан тэрбум доллар олох байсан.

Өмнөговь аймагт нүүрс олборлож эхэлснээс хойш өнөөг хүртэл тасраагүй маргаан бол нүүрсний үнэ, тээх эрх. Гэрээ хийж, үнэ тогтоох эрх нь томчуулын мэдэлд байдаг бол тээх эрх нь арай доогуур зиндааны улстөрчдөд ногдоно. Гэхдээ тээх эрх гэдэг нь багаар тооцоход хэдэн арван сая, ихээр бодоход хэдэн зуун сая төгрөг олох боломжтой бизнес. Эрдэнэс Таван толгойн бас нэг томоохон бизнес бол хөрс хуулах мэт уул уурхайн ажлууд. Энэ хэдэн тэрбумаар тоологдох мөнгө. Хуурамч хувьцаа иргэдэд тарааж өгөөгүй бол иргэд энэ тухай мэдэх эрхтэй. Энэ олон нууцуудын ард юу байгаа нь үл мэдэгдэнэ.

Ганц мэдэгдэж байгаа зүйл энэ том уурхай коксжсон нүүрсээ уурхайн аман дээрээс 66 доллараар зарж байгаа. Дэлхийн зах зээлийн үнээс дөрөв дахин ийм хямд нүүрс Монгол Улсын Эрдэнэс Таван толгой гэдэг уурхайн аман дээр л байна.

Харин хөрш хувийн компани болох Энержи ресурс 130 доллараар зарж байгаа гэнэ. Хоёр доллараар зарж байгаа талхны хажууд нэг долларын талх байхад ямар ч хүн нэг долларын талхыг л сонгоно. Энэ утгаараа улсын нүүрс хувийн нүүрсийг үнэгүйдүүлж байна. Энэ утгаараа зөвхөн Энержи ресурс гэдэг хувийн компанийг хорлоод зогсохгүй, Монголд нүүрснээс орж ирэх орлогыг гурав дахин бууруулсан гэж болно. Гэтэл Энержи ресурс компани нүүрсээ үнэд оруулах цахилгаан станц бариад зогсохгүй, нүүрс угаах үйлдвэр барьчихсан. Энэ их хөрөнгө оруулалтыг Эрдэнэс Таван толгой үнэгүйдүүлж байна. Харин тус компанид хэдэн тэрбум төгрөгөөр дугуй шахах авлигын шинж чанартай хэрэг гарч байгаад чимээгүй болсон.

Олон улстөрчид төмөр замгүйгээс нүүрсний орлогоо нэмэгдүүлж чадахгүй байгаа тухай ухуулдаг. Гэтэл төмөр зам байгаад ч нүүрсээ үнэгүй шахам өгвөл төмөр зам барихад зээлсэн мөнгөө ч төлөх боломжгүй болно. Үнэн хэрэгтээ өнөөдөр экспортолж байгаа нүүрсээ зах зээлийн үнээр зарж чадвал одоо яригдаад байгаа төмөр замыг барих мөнгө ч хангалттай босох аж.

Гэтэл эрх баригчид энэ бололцоог ашиглахын оронд улсын мэдлийн уурхайн нүүрсийг үнэгүйдүүлж нүүрсний орлогыг нэмэгдүүлэх нэрээр төмөр зам барих мөнгөний эрэлд мордох бололтой. Төмөр зам барьчихсан хойно хятадууд нэг өдөр төмөр замаа хааж орхино. Тэдэнд өчигдрийнх шиг Далай ламыг урьсан учир гэх мэтийн шалтаг хэрэггүй болсон. Хятадууд захын хэдэн хүн хөлслөөд төмөр зам тэгнүүлээд хэвтүүлчихнэ. Ингэвэл төмөр зам барихад оруулсан хөрөнгө яг өнөөдрийн Энержи ресурсын цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэрт оруулсан шиг үхмэл хөрөнгө болж хувирна. Харин өнөөдөр Энержи ресурс ганцаараа хохирол хүлээж байгаа бол төмөр зам хаасан тохиолдолд улс орноороо томоохон хэмжээний хохирол хүлээнэ гэнэ. Нүүрс экспортлох ганц гарц байгаа тохиолдолд хятадууд үнэ тогтоох монополь эрх эдлэх нь гарцаагүй. Гэхдээ тэд 3-4 дахин хямд үнэ тогтоох чадваргүй гэнэ. Хэт доогуур үнийг манайхан өөрсдөө л тогтоож байгаа аж. Энэ тохиолдолд хятадууд “Танайхан хямдаар өгөөд байгаа шүү дээ” гэж хэлэхгүй. Нэг өдөр ч болов ганц нэг шуудай нүүрс чимээгүй авахыг бодно. Үнэн хэрэгтээ манай нүүрс үнэд орох тохироо бүрдсэн. Учир нь Хятадын зүүн хойд хэсэгт оршдог томоохон үйлдвэрийн газрууд нүүрс авах сонирхол нэмэгдэж байгаа. Тухайн бүсэд байгаа нүүрсний ордуудын нөөц эрс буураад зогсохгүй, цаашид шинээр орд ашиглахыг хориглосон. Энэ тохиолдол Монголын нүүрс л хамгийн ойрын түүхий эд болно. Австралийн нүүрс Хятадад илүү үнээр, ихээр зарагддаг. Энэ тэдний нүүрс чанартай гэсэн үг биш аж. Зөвхөн менежмент сайтай учраас тэдний нүүрсийг авдаг аж. Ямар ч хятад Монголд 66 долларын нүүрс байхад Австралийн 240 долларын үнэтэй нүүрсийг авахгүй. Харин хэт бага үнэтэй жижигхэн бүс нутгийн хэмжээний тохиролцоо явагдаж байгаа гэсэн үг. Тэдэнд зах зээлийн ямар ч хууль үйлчлэхгүй байгаагийн илрэл бол хаа ч байхгүй хэт доогуур үнэ. Түүгээр ч барахгүй Монголын хууль ч үйлчилж байгаа нь эргэлзээтэй. Таван толгойн бүлэг ордод зөвхөн төрийн Таван толгой Энержи ресурс үйл ажиллагаа явуулаагүй. Цөөнгүй нүүрс гаргадаг компани бий. Тэр бүхнийг төрийн Таван толгой үнэгүйдүүлж байна. Таван толгой ХК гэж бас байдаг. Олсон цөлмөснөө орон нутгийнхантайгаа чамгүй хуваалцдаг гэдэг. Орон нутгийнхны яриагаар төрийн Таван толгой л хувийн Таван толгойнуудаа балладаг.

Удахгүй төмөр зам барих тухай эрх баригчид ярьж эхэллээ. Энэ төмөр замыг ямар эх үүсвэрээр барих тухай сураг алга. Ганц гарцтай тохиолдолд нүүрс авах баталгаатай гэрээ хийсэн хэрэглэгч л мөнгө гаргах үүрэг хүлээх ёстой гэнэ. Эс бөгөөс Японоос авсан мөнгөөр төмөр зам барьчихаад хятадуудад нүүрс зарна гэвэл “тэмээн дээр ямааны гарз” гэдэг болно. Хэрэв төмөр зам барих шаардлагатай гэж үзвэл хямд ч гэсэн нүүрс аваад байгаа хятадууд хөрөнгийг гаргах нь нүүрсээ зарах баталгаа болно. Тэд нүүрс авбал төмөр замд оруулсан мөнгөө буцааж авна. Авахгүй бол төмөр зам бидэнд гай болохгүйгээр хэвтэж л байх болно. Төрийн Таван толгой хэний өмч вэ гэдгийг тодруулах шаардлага бий. Ямар ч хяналтгүй энэ компанийг хувьцаат компани болгож, иргэдийн хувьцааг баталгаажуулах, эсвэл улсын үйлдвэр гэдгийг албан ёсоор зарлаж хувийн менементийн багаар удирдуулж байж л Монголын нүүрс ядахнаа Энержи ресурсын зарж байгаа үнэд очно. Энэ тохиолдолд төмөр зам, цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, утаа гэх мэтийн асуудал жижигхэн л болж хувирна даа.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Амжилт гэдэг нөр их хичээл чармайлт, тэсвэр хатуужил дээр нь цаг нь болохыг хүлээхийг хэлдэг

Гучаад жил зөвхөн сумогийн сурвалжлага, мэдээгээр дагнасан сумогийн алдарт эмэгтэй сэтгүүлч Ёконо Рейко, Мэргэжлийн сумогийн 70 дахь их аврага ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржийг 2016 оны нэг дүгээр сарын 30-ны “Оозумо пиа” сэтгүүлийн тусгай зочноор урин, түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.


-Энэ зун тохойны хагалгаанд орсон шүү дээ?

-Өвдөөд их зовиуртай байсан л даа. Чимээгүй тэвчээд л яваад байсан юм. Бүр тэвчихийн аргагүй болж, үүнээс илүү тэр чигт нь байлгавал барилдаж чадахгүй болно гэх хүртлээ явчихсан байсан. Тэгээд мэс засалд ч орлоо. Эхлээд бол жижигхэн мэс засал юу байхав, гурван өдөр болоод л эмнэлгээс гарчихна гэж бодож байлаа. “Хагалгааны дараа их өвдөх учир өвчин намдаагч морфин тариа хийлгэх үү” гэж эмч асуухад нь “Би чинь бөх хүн шүү дээ. Тэр тариа мариа хэрэггүй л гэлээ. Гэтэл орой нь унтахын аргагүй их өвдлөө. Бүүр аймаар өвдөөд “За даа, миний сумогийн амьдрал ч дуусч байгаа юм байна” гэж хүртэл бодогдов. Өглөө нь эмчдээ хэлж, морфин тариулсан юм. Ер нь эмчийнхээ үгийг сайн дагах хэрэгтэй юм билээ. (Инээв). Бөх ч гэсэн хүн л юм билээ гэдгийг тэр үед их сайн ойлгосон.

-Тэгээд тохой нь яаж байна?

-Бодож байснаас эдгэрэх нь удаан, бүрэн эдгэтлээ жил гаруй хугацаа хэрэгтэй гэсэн. Цаг хугацаа бас эмчилгээ юм даа. Яг үнэндээ баруун гараа сунгахаас нэг л айгаад байдаг болчихлоо. Сая барьц авахаас өмнө энэ айдсаа авч хаяад дайраад оръё ч гэсэн нэг л болж өгөхгүй өөрийн эрхгүй биедээ захирагдаад байлаа. Сэтгэлдээ бол энэ муу гарыг сунгаад өгье гэж бодсон ч яг барилдахад нөгөө л нэг айдас байгаад л байсан юм.

-Ёкозуна гэдэг байр суурийнхаа хувьд ч мэс засалд орно гэдэг том шийдвэр дээ?

-Өнөөг хүртэл би башёг амрахгүй байх нь маш чухал гэж бодож явлаа. Яаж ч өвдөж байсан барилдана л гэсэн хатуу бодолтой явдаг юм. Гэвч найм даваад аварга гэсэн хариуцлагыг авч явж байна гэж хэлэх аргагүй. Тэгээд л шууд хагалгаанд оръё гэж шийдсэн.

-Амарч байхдаа та юу ойлгож авсан бэ?

-Тэсвэрлэн тэвчихийн чухал юу байдаг вэ гэдгийг ойлгож авсан. Урагшаа, зөвхөн урагшаа дайраад оръё гэсээр өнөөг хүрсэн хүн чинь амрах, амсхийх хэмээх “түр ухралт”-ыг даван туулахын хэцүүг мэдэрсэн цаг үе байсан. Хүний амьдралд урагшлах, давшин орох гэхээсээ илүү хойшлох, ухрах шаардлагатай мөч бас чухал байдаг юм байна, Давшихаасаа илүү ухрахад зориг хэрэгтэй байдгийг бас ойлгосон. Ухрах цаг үеэ олно гэдэг бас хэцүү байсан. За тэгээд ганц сумод биш л дээ. Ерөөсөө л хүний амьдралд ч адил юм.

-Амрахыг төдийлөн сайн гэж боддоггүй аварга хүний хувьд энэ чөлөөндөө та юу хийж, яаж өнгөрүүлэв?

-Бэлтгэлээ хийж, зураг зурж, сэтгэлээ өөр зүйлд хандуулахыг зорьж өнгөрүүлсэн. Сумо харахаар нэг л сэтгэл өвдөөд байсан болохоор сүүлийн өдрийн барилдааныг л үздэг байлаа.

-Багаасаа л зурагт авьяастай таны хувьд хэдий хугацаанд хэдэн зураг зурчихав?

-Амарч байх хугацаанд сэтгэлээ тайван байлгахын тулд дөрвөн сард долоон зураг зурчихлаа. Гэрээс гадна урлангийн газар хөлслөөд тэндээ дуртай хөгжмөө сонсонгоо, нам тайван орчинд брэнди шимэнгээ сэтгэлээ шингээж, урлаж зурсан. Энэ л агшин миний хувьд маш чухал цаг мөчүүд байсан.

-Ямар хөгжим сонсонгоо…?

-Моцарт, төгөлдөр хуурын дан аялгуу, Нагабүчи Цүёошигийн дуунууд гээд л тэр өдрийнхөө сэтгэлзүйн байдлаас болоод янз янз даа. Нагабүчи Цүёошигийн дууг бүгдийг нь мэддэг болохоор дуулангаа л зураад байлаа.

-Ёстой санаанд оромгүй юм аа. За тэгээд ямар зураг урласан гэлээ?

-Фүжи уул.

-Яагаад Фүжи уул гэж?

-Ояагата сумогийн минь нэрийг Фүжи гэж хайрласан. Миний дуртай уул. Энэ хайрхан янз бүрийн дүр төрхтэй үзэсгэлэнт уул. Налгар тайван, их амар амгаланг мэдрүүлдэг. Бас хийморь сэргээж, зоригжуулдаг. Алсаас харахад л өөрийн мэдэлгүй сэтгэл тайвширч, сэтгэлийнхээ гүнээс мэдэрснээ чин сэтгэлээсээ л зуръя гэж хичээдэг юм. Энэ уулыг зурж байхад өөрийн эрхгүй хүч зориг орж, улам илүү хичээе гэсэн хүсэл сэтгэл оргилох шиг болдог учир зурах маш дуртай. Энэ уулыг янз янзаар зурж, “Өглөөний мэнд”, “Оройн мэнд” гэх мэтээр нэр өгч, олон янзын өнгөөр илэрхийлсэн. Эдгээрийн дотроос “Аав ба би” зураг их нандин.

-Тэр зурагт мөнхөд одсон аавыгаа санасан сэтгэлээ их зориулж дээ?

-Тийм шүү. Нарыг ааваар төсөөлж, Фүжи уул нь би өөрөө. Аав минь үргэлж намайг ивээлдээ авч, харж хамгаалж байгаа гэсэн утгатай. Ер нь зураг гэдэг чинь тухайн хүний төсөөлөл, мэдрэмж байдаг болохоос биш ингэж тайлбарлаад байдаг юм биш л дээ. Үзэж байгаа хүн л өөрөөрөө мэдэрч байвал болоо.

-Аав нь ямар хүн байсан бэ?

-Аав цагдаагийн хурандаа байсан. Хүн болгоны хайр хүндлэлийг хүлээсэн хүн байсан. Манайх халуун дулаан, дуу шуутай, аав ээж хоёрынхоо хайранд бөмбөрч өссөн гэх үү дээ. Аав ээж хоёртоо жигтэйхэн хайртай. Гэрийнхнээсээ долоо ч хоног холдож үзээгүй үргэлж хамт байдаг байлаа. Анх энд ирчихээд өдөр болгон уйлдаг байлаа.

-Харих юмсан гэж бодогддог байсан байх даа?

-Аав минь үндэсний бөхийн заан цолтой. Цагдаагийн хурандаа, олны танил хүн байсан болохоор би буцаад харивал аав минь олны шившиг болно гэж бодоод гүрийгээд л харихгүй гэж боддог байсан.

-Аварга багадаа ямар хүүхэд байсан бэ?

Айлын гурван эрэгтэй хүүхдийн хамгийн бага нь, эрх хүү байлаа.

-Айлын эрх хүү тэгээд том болоод юу болъё гэж боддог байсан бэ?

-Бага байхдаа бие хамгаалагч болъё гэж боддог байсан. Сүртэй гоё харагддаг байсан болохоор тэр байх даа.

-Тэгээд яагаад бөх болчихов?

-Сумо бол хувь заяа минь байсан юм шиг байгаа юм. Хүүхэд байхаасаа л Кёкүшюзан, Кёктэнхогийн барилдахыг үзэж нэг хэсэгтээ л Монгол сумогоор амьсгалж байсан үе. Бие бялдраа ер нь хөгжүүлэх дуртай, бөх барилдах юмсан гэж бас бодож явдаг байсан.

-Тэгээд яаж явж байгаад сумо руу орчихов?

-Ояагата Монголд очоод сумогийн тэмцээн зохион байгуулсан юм. Гучаад хүүхдээс би сонгогдлоо. Ояагата -”Сумо их хатуу спорт. Хүүгээ явуулчихад зүгээр үү” гэж ааваас асуухад.Танай сумо хатуу ширүүн байж магадгүй ээ. Би хүүгээ хатуу чанга өсгөсөн болохоор хүү минь зугатаж, халшрахгүй байх гэж бодож байна гэсэн гэлээ.

-Сайхан аав байжээ. Хүсч мөрөөдснөөрөө сумо бөх ч болчихлоо. Анх дэвжээнд ороод хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?

-Хэл мэдэхгүй л хамгийн хэцүү байсан. Өвдчихөөд яг юу өвдөж, яагаад байгаагаа илэрхийлж чадахгүй, хүний газар өвдөж л болохгүй юм байна гэдгийг их мэдэрсэн. Дээр үеэс л маш хатуу кейко хийлгэдэг дэвжээ болохоор жаахан залхуурвал л ах дүү бөхчүүд муухай муухай хараад л эвгүй байдаг байсан. Хичээхээс л өөр аргагүй байдаг байлаа.

-Ийм хэцүү үед хамгийн их сэтгэл санааг тань өргөж дэм болж байсан юм юу байв аа?

-Монголоос аав ээж хоёроос минь үргэлж захиа ирдэг байв. Өдөр болгон кейкон дараа захиагаа унших хамгийн сайхан байдаг байлаа. “Сайн байна уу. Бие нь сайн уу. Ханиад хүрээгүй биз” гэсэн үргэлж надад санаа нь зовсон асуулт дүүрэн захидал байдаг байв. Би ингэж эжий аавыгаа сэтгэлийг нь зовоож болохгүй юм шүү. Тэр үед гар утас байсан биш. Захиаг нь дахин дахин уншиж, нойлын өрөөнд уйлаад л суудаг байлаа. Одоо тэр захидлууд миний нандин эрдэнэс болсон. Эргээд бодоход захиа гэдэг зүйл мэйл, утаснаас огт өөр нэг нандин сайхан зүйл гэх үү дээ.

-Түүнээс хойш Ёкозуна боллоо. Сайхан гэр бүлтэй. Одоо хэдэн хүүхэдтэй вэ?

-Хоёр охин, нэг хүүтэй.

-Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлье гэж боддог вэ?

-Хүүхэд гэдэг бол миний амьдарсны баталгаа болдог. Эцэг эхээс өвлөж авсан амь амьдралын үргэлжлэл. Халуун дулаан хайрыг өвлөн авч, цаашдаа тэр л хэвээр нь үргэлжлүүлээсэй. Хүүхэд болгонд өөрийнх нь амьдрал, хувь заяа бий. Дуртай юмаа хийгээд яваасай л гэж хүсч байна.

-Хүүхэд гэдэг аваргын хувьд ямар оршин тогтнолыг хэлэх вэ?

-Хичнээн ядарч, сэтгэл бие өвдөж байлаа ч хүүхдүүдээ хараад л эв эрүүл болчихдог. Эргээд хүүхдүүдээсээ их хүч, урам зориг авдаг гэх үү дээ.

-Ёкозунаг “Ээжийн хүү” гэж сонссон. Ер нь ээж гэж таны хувьд ямар хүн бэ?

-Эх хүн гэдэг бол хэзээд ч эх хүн байдаг даа. Ээж минь ээжээрээ, хааяа багш, хааяа найз, намайг хамгаалагч амин сахиус, талархаад ч баршгүй их хүндлэлийн оршин тогтнол юм.

-Эцэг гэдэг хүнийг тодорхойлбол?

-Аавыг үгээр илэрхийлж барахгүй нь ээ. Эргэж дахин төрдөг л юм бол энэ ижий, аавдаа хүү нь болж хамт байх юмсан л гэж би хариулна.

-Өдийг хүртэл сумогийн амьдралаар явж байхад өөрийг тань өөрчилсөн үг гэж байдаг уу?

-Ганцхан үгэнд л миний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж байсан. Нутгаасаа гарахдаа нэг арслан болчихоод л гэж энд ирж байлаа. Гэтэл энэ жижигхэн биеэрээ түрүүллээ. Арслан ч боллоо. Нэг л сэтгэл хангалуун болчихлоо. Озэки болчихоод хоёр дахь жилдээ Кюүшюү башёд найман даваатайгаар төгсгөв. Харамсалтай байсан ч цаашид яахаа мэдэхээ байлаа. Ояагатад дуудагдлаа. “Арайчүү л” качикоши хийж найм давах шив дээ. Ичихгүй байна уу” гэж байна. Хүн зорилгодоо хүрчихээр буурахаас биш дээшээ ахидаггүй юм. Аваргын төлөө зорилго тавьж байж л сайн арслан болно гэлээ. Нүд онгойх шиг болсон юм. Зорилгогүй болчихсоноо тэрхэн агшинд би ухаарч билээ. Ояагатагийн хэлсэн тэр үг л миний гацчихаад байсан гаргалгааг гаргаж, сэтгэл минь өөрийн эрхгүй хөнгөн болж байж билээ.

-Та жижиг биетэй бөхчүүдийн шүтээн, үлгэрлэн дагуулагч. Тэдэнд юу гэж захимаар байна?

-Гол нь сэтгэл л чухал. Сумог чин сэтгэлээсээ хайрлах. Кейког зүрх сэтгэлийнхээ угаас дуртай болж, сэтгэлээ зориулж хийх. Албадлагаар ч юм уу хүчээр дуртай дургүй 100 удаа шикко хийж байснаас чин сэтгэлээсээ аравхан удаа хийхэд л биенд наалдацтай, өөрчлөлт мэдэрнэ.

-Ийм биетэй та өөрөөсөө том аварга бөхчүүдтэй таарахдаа юу бодож барилддаг вэ?

-Мэдээж золгоо. Магадгүй би хамгийн хөнгөн жинтэй бөх байж болох ч сэтгэлийн хувьд хамгийн хүнд бөх юм шүү гэж дохёон дээр гардаг. Сэтгэлээрээ бол хэнд ч ялагдахгүй шүү гэж учраа бөхтэйгээ тулдаг.

-Ёкозуна байхын хариуцлагыг юу гэж боддог вэ?

-Нэг их түвэгтэй бодоод байдаггүй. Өөрийнхөөрөө байх л их чухал гэж бодож байна. Ёкозуна ч гэсэн хүн шүү дээ. Аварга гээд л нэг тийм онцгой юунд ч дийлдэшгүй хүчирхэг гэсэн үг биш шүү дээ. Зөв л амьдарч, зөв бодож, ёс зүйн өндөр хэм хэмжүүртэй байхыг хэлэх болов уу. Мэдээж түрүү, дэд түрүү авч тодорхой хэмжээний амжилт, үзүүлэлтүүдийг үлдээх нь ёкозуна байхын хариуцлага гэж бодож байна.

-Харумафүжи аваргын нүдээр Хакухо аварга яаж харагддаг вэ?

-Яг л байгаагаараа. Аварга байх бүх л нандин чанарууд бүрдсэн. Сумог хайрладаг. Юун түрүүнд тэр хүчтэй. Нэг гал болохоор бид хамт кейко хийж, барилдаж ноцолдож, хамт дээшээ явсан. Түүнийг давахгүйгээр би түрүүлж чадахгүй. Сэтгэлээрээ л би түүнд ялагдахгүй юм шүү гэж байнга боддог.

-Ганцхан насны зөрүү, хар багаасаа л хамт дотно нөхөрлөсөн хоёр ёкозуна болоход та хоёрын дунд харилцаа өөрчлөгдсөн үү?

-Дээр үед ч одоо ч хаа нэгтээ яагаад ч юм өрсөлдөгч гэдэг утгаараа хоёулаа уулзахаар нэг их яриад байдаггүй юм.

-Хамгийн сүүлд нь асуухад ойрын зорилтоо хуваалцана уу?

-Үргэлжлүүлэх явдал. Сумо бөх иднэ, унтаж амарна. Нэг өдрийн зөв хэмнэл маш чухал. Сумогийн замаар тэр чигээрээ, шулуухан явмаар байна. Намайг дэмждэг, хайрладаг хүн болгонд сайн бөх байж ачийг нь хариулмаар байна.

ОРЧУУЛСАН Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ В.ДАВАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрэлхэг цэрэг Швэйк

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


Олимп болж байна, хокэй сонирхолтой болж байна. Өгүүллээ хокэйноос эхэлье. 1969 оны эхээр нам засгийн “Үнэн” сонинд хокэйны тухай нүүр дүүрэн нийтлэл гарав аа. Стокхолм хотод хокэйн дэлхийн аварга болж байсан юм. Тэр үед Орбит хэмээх зөвлөлтийн нэвтрүүлэг гардаггүй байсан учир энэ спортын тухай монголчуудын ойлголт сул байлаа. Сонин хэвлэл ч бичдэггүй. Гэтэл нүүр дүүрэн хокэй. Одоо санахад Зөвлөлт-Чехословакын тоглолтын тухай боловч хэн нь хожсон, хаана болсон, хэн түрүүлэв зэрэг мэдээ алга. Чехууд их бүдүүлэг тоглосон тухай л байв. Санахаас зодоон хийсэн, хаалга эвдсэн гэж байлаа. Ингэж би хокэй сонирхох болсон. Жинхэнээсээ юу болсон тухай хожим нь олж мэдсэн, бичлэг киног нь ч хөөцөлдөж байж үзсэн. Дэлхийн аваргын тэр тэмцээнд чехословакчууд оросуудтай хоёр удаа тоглож 2-0, 4-3 аар хожижээ. Энэ бол хокэйн бүх түүхэнд хамгийн домогт, шуугиант, дурсгалт тоглолт болсон юм байна. Тухайн үед дэлхийд нэгдүгээрт бичигдэж байсан Зөвлөлтийн шигшээд ид мандаж байсан багийн бүрэлдэхүүнд домогт Харламов, Петров, Мальцов ч байсан. Чехийн багийн ахлагч Юзэф Голонки “бид мөсөн дээрээ үхдэг ч байсан, тэднийг заавал хожих ёстой” гэж тушаажээ.

Ялалтын дараа Прагийн гудамжинд 500 мянган хүн гарч баярлаж хөөрчээ. Энэ үед Праг хөл хориотой, байлдааны бэлэн байдалд буй Зөвлөлтийн танкууд хотыг бүрэн хянаж байв. Тэд энд хэдхэн сарын өмнө орж ирсэн юм. Чехословакийн коммунистууд социализмыг ардчилахыг хүсчээ. Тэд социализмаас татгалзах гээгүй, зүгээр л илүү эрх чөлөөтэй, хэвлэл мэдээлэл нээлттэй, олон ургалч үзлийг зөвшөөрсөн, эсрэг үзэлтнээ алж хяддаггүй, үг хэлэх эрх чөлөөт социалист нийгэм хүссэн хэрэг. Үүнийгээ “хүний нүүртэй социализм” гэж нэрлэж байв. Үйл явдал тавдугаар сард эхэлсэн учир түүхэнд “Прагийн хавар” гэж нэрлэдэг.

Коммунист нийгэмд хэрвээ хүмүүс эрх чөлөөтэй болох юм бол энэ систем өөрөө тогтох бололцоогүй гэдгийг зөвлөлтүүд сайн мэдэж байв. Хожим эрх чөлөөт социализм байгуулах гэсэн Горбачёвын оролдлого тогтолцоог тэр чигээр нь нураасан шүү дээ. Ингээд Чехословакийн коммунист намын Улстөрийн товчооны гишүүдийг комоор нь баривчлан Кремльд аваачаад үзэл бодлоосоо татгалзахыг тушаасан аж. Зөрөөд нутаг руу нь долоон мянган танктай 300 мянган цэрэг орж эзлэв. Нуга дарсан даа, май тэр эрх чөлөөгөө ингээд ав! Удирдлагыг тэр чигээр нь сольж өөрсдийн хүмүүсээ тавьсан. Прагийн хавар нь коммунист системийн төгсгөлийн эх байсан юм. 1956 оны ЗХУКН-ын их хурал дээр Хрущёв сталинизмын хядлагын талаар илтгэл тавьснаар коммунист үзэлд итгэж явсан сая сая хүмүүсийн урам хугарсан. Яруу алдрын цаана ийм хүчирхийлэл яргалал, хядлага нуугдаж байсныг мэдсэнээр шүү дээ. Харин Прагийн хаврыг танкаар дэвссэн нь олон улсын коммунист хөдөлгөөнд шууд хагарал үүсгэв. Ард түмэн өөрийн сонголтоор өөрийн зам мөрөө тодорхойлохыг зөвшөөрдөггүй нийгмийг үзэл санааных нь хувьд хэн дэмжих билээ. Энэ бүхэн ердийн дарангуйлал, түрэмгийлэл, бурангуйлал, улаан империализм гэдгийг дэлхийн нийт ойлгосон.

Мөнөөх дэлхийн аваргын тэмцээний хувьд чехуудын ялалт бол нэр төрийн хэрэг байлаа. Танкны өөдөөс нүцгэн духаараа мөргөлдөж цусаа урсгаж ялагдсан тэд дэлхийн хамгийн хүчирхэг спортын командыг шударга тавцан дээр дараалж хоёр удаа далаар нь тавьсан нь чехийн ард түмний хувьд бэлгэ тэмдгийн утгатай ялалт болж тэднийг зоригжуулсан юм. Дамшрамд дурдахад тэд шведүүдэд угсраагаар хожигдож гуравдугаар байр эзэлсэн ба Зөвлөлтийн баг аваргалсан. Гэхдээ түрэмгийлэгчдийг ялсан үзүүлэлт нь гол байсан юм шүү.

Чехословакт коммунист эргэлт 1948 оны хоёрдугаар сарын сүүлчээр буюу одоогоос яг 70 жилийн өмнө болжээ. Дэлхийн II дайны үр дүн буюу Ялт, Подстамын гэрээгээр ялагч Зөвлөлтийн нөлөөний бүст хамаарахаар болсон Чехословакт 1948 он хүртэл ардчилсан дэглэм тогтож байлаа. Олон намын парламенттай, хэвлэл мэдээлэл чөлөөтэй, хавчлага хядлага байхгүй, зах зээлийн тогтолцоот орон байв. Ингээд коммунистууд төрийн эргэлт хийсэн юм. Эргэлтийн үр дүнд 250 мянган хүн ажлаасаа халагдан гудамжинд гарч, хэдэн мянган хүн хядлагаас зугтан гадаад руу дүрвэжээ. Гадаад яамны сайд Ян Масарик цонхоор үсэрч үхсэн нь ихэд дуулиан тарьсан. Түүнийг амиа хорлож үхсэн гэж зарласан. Чехууд ярихдаа Масарик Гадаад яамны хамгийн дээд давхраас ардаа байгаа цонхоо хааж түгжээд үсэрчээ гэдэг. Түүнийг зугтахын тулд хажуу тагт руу үсрэхдээ хальтарч унасан гэж 1968 онд тогтсон. Харин өнөөгийн комунист хядлагыг судлан тогтоох Чехийн комиссоос Ян Масарикийг хөнөөсөн байна гэдгийг тогтоосон. Сайд Масарикийг онцлоод буйн шалтгаан нь тэрээр Чех улсын тусгаар тогтнолын эцэг, Чехословакийн анхны Ерөнхийлөгч Томаш Масарикийн хүү юм.

Австри-Унгарын эзэнт гүрний эзэмшилд байсан Чех, Словак, Морав Дэлхийн I дайны үр дүнд Вэрсалийн гэрээгээр тусгаар улс болжээ. Зүгээр л хурал хийгээд тусгааралсан юм биш, Австри-Унгарын эзэнт гүрний эсрэг Антантын гүрнүүдтэй нийлж тэднийг ятган Европыг ноёлж байсан энэ империалист гүрнийг задлахад чехүүд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хожмын Ерөнхийлөгч Томаш Масарик, Эдвард Бэнэш нар гадаадад гарч улсаа тусгаар тогтнуулахын төлөө тэмцжээ. Тэд дэлхийн анхны НҮБ гэж нэрлэж болохуйц Лиги Нацийг байгуулахад их үүрэг гүйцэтгэсэн. Ингэхээр энэ жил бол Чехословак, Чех, Словак улсууд тусгаар тогтносны 100 жилийн ой тохиож байгаа юм.

Энэ оронд найм гэж төгссөн онууд их онцлогтой нь хачин. 1938 онд Мюнхэний хэлэлцээрээр Чехословакийн Сүдэтийг Гитлер булаан авав. Тэнд олон герман үндэстэн суудаг гэдэг шалтгаанаар шүү дээ. Дараа нь Чехословакийг эзэлж Словакийг тусгаар улс гэж зарлаад, Чех Моравыг Германы портектрат гэх нэртэй болгосон юм. Германы түрэмгийллийн эсрэг чехууд ганц буун дуу гаргаагүй. Үнэндээ тэр үед Чехословак нь Европын хүчирхэг орны нэг байсан юм шүү. Айсан хулчийсан гэхээсээ бодит байдалтай түр эвлэрсэн нь илүү ухаалаг болсон ч байж магадгүй. Тэгээд ч гол холбоотон болох Британи, Франц улсууд Мюнхэнд тэднийг Гитлерээс өмөөрөхийн оронд худалдаж орхисон. Дэлхийн дайнд эвдрэл сүйтгэлгүй гарсан. Харьцуулахад Варшав, Берлин тэргүүтэй түүхэн том хотууд газрын хөрстэй тэгшлэгдсэн. Масарик, Бэнэш нар мөн л Холбоотны талд очиж дүрвэгсдийн Засгийн газар байгуулан фашизмын эсрэг тэмцэж байлаа. Бэнэш мөнөөх 1948 оны төрийн эргэлтээр хусагдаад тэр ондоо үхсэн, зайлуул.

1989 онд Чехословакт дахин ардчилал яллаа. Хэддэх удаагаа ч юм бэ дээ? Хүний нүүртэй социализм байгуулах гэсэн хэрэгт орж гэрийн хорионд 20 жил болсон Чехословакийн коммунист намын дарга Александр Дүбчик, 1968 оны эсэргүүцлийн хөдөлгөөний удидагчдын нэг нэрт зохиолч Вацлав Хавэл нар шинэ орныг удирдах болжээ. Сонирхолтой нь тун удалгүй Чехословак улс хоёр хуваагдан салсан юм. Коммунизм дуусгавар болж, хүйтэн дайн зогсмогц олон үндэстнүүдтэй улс орнууд салж, нийлэх гэж бөөн драм болсон. Югослав зургаан улс болж салахын тулд иргэний дайнд идэгдэн хэдэн зуун мянган хүний амийг авч одсон. ЗХУ 15 улс болж салах явц болон түүний хонзон, нэхэл дагал одоо болтол үргэлжилсээр. Гэтэл Чехословак нь тусгаар өөр үндэстнээ даган Чех ба Словак улс болон салахдаа ердөө л гэрээ хэлэлцээр хийгээд боловсноор тус тусын улсаа байгуулжээ. Ердөө л гэр бүл салалт. Үүнийг эвтэйхэн бүтээж үндэсний эвлэрэлд хүргэсэн хүнийг Ерөнхий сайд Клаус гэх юм билээ.

Манийг дунд сургуульд байхад түүхийн хичээлд Ян Хүүс, Ян Жижка гээд шашинтай байлдаад явдаг эх оронч коммунист маягийн хүмүүсийн тухай түүхийн хичээлд заадагсан. Хожим мэдэхнээ хүний түүхийг өөрчилсөн аугаа реформацийг үндэслэгч Мартин Лютэрээс бүхэл зууны өмнө шашны реформ хийж эхэлсэн чех номлогч юм билээ. Католик шашны бурангуйллын эсрэг зогсож сүсэг бишрэлийг “хувьчлах” гэж оролдож. Өнөөгийн чехууд албан ёсоор католик орон боловч үнэн хэрэгтээ шашнаас хамгийн хөндий ард түмэн гэх юм билээ.

Чех бол жижиг үндэстэн. Хүний түүхэнд тэгтлээ цоройж цодойсон түүх үгүй. Генетикийн шинжлэх ухааныг нээсэн Мээндэлийг Чехийн нэрт эрдэмтэн гэдэг байлаа. Генетик хориотой байх үед Австрийн хар лам гэдэг байсан. Прагт төрсөн Кафкаг бас л чех зохиолч гэх. Үнэндээ аль аль нь германчууд. Хашэк, Чапэк, Дворжак гээд дэлхийд нэрд гарсан чех үндэстэн бий л дээ. Асуудал хичнээн суутан төрүүлэв гэдэгтээ биш жижиг үндэстэн хэр хэмжээндээ ямар ч аюул заналыг ухаалгаар зохицон давж чаддаг, бололцоо бүрийг зөв ашиглаж чаддаг чадвар энэхүү зөрчилдөөнт ертөнцөд тэсэн гарах шийдэл юм. Чех үндэстэн мэдээж аль ч ард түмний нэгэн адил эх орончид. Гэхдээ үүнийгээ ухаалаг зохицуулалт гэж үздэг болохоос хавьтсан ойртсоноо харааж зүхэх, хүч дутуугаа мэдэхгүй юу юугүй зэвсэг агсах, чадлаа мэдэхгүй өөрсдийгөө дөвийлгөн хүний тусгай төрөл зүйл мэтээр аашилдаггүй. Үүнийг хөрш зэргэлдээ зарим үндэстнүүдтэй нь харьцуулж хэлж байна. Тэд эрх чөлөөнд үнэнхүү хайртай ард түмэн. Чухам үүнээсээ болж олон удаа хохирол амссан. Хохироход нь түр зуур зохицох боловч өөрийн гэсэн дотоод эрх чөлөөгөө хадгалсаар дараагийн бололцоо гарангуут түүнийг цаг алдалгүй ашигладаг. Хүлцэх чадвартай ард түмэн л түүхийн урт удаан хугацааны шалгуурыг давж чадна.

Хэдэн жилийн өмнө би Чехийн Карлови Варид очсон юм. Номын дэлгүүрээс “Эрэлхэг цэрэг Швэйк дэлхийн дайнд хөглөсөн паян” номыг чех хэлээр сураглатал байхгүй гэнэ. Харин оросоор бол байна гээд гаргаж үзүүллээ. Үүнээ худалдагч тайлбарлахдаа Швэйк чех айл болгонд буй учир хүн авдаггүй. Харин Карлови Варид одоо ихэнх оршин суугчид нь орос баячууд гэнэ. Тухайн цагтаа Карлови коммунист ертөнцдөө хамгийн алдартай рашаан байв. Иймээс баяжсан орос олигархиуд байр савыг нь худалдаж авчээ. Үүнд чехууд “мафи” гэх мэтээр харааж зүхсэнгүй. Оросын танк дахиж орж ирнэ гэж ч сүржигнэсэнгүй. Эдийн засагт нь оруулж буй их мөнгө гэж харж. Гадаадын харьяат оросууд нэг мэдэхэд эргээд буцна. Карлови Вари тэртэй тэргүй чехийн унаган нутаг. Цагтаа австричууд, германчууд, унгарууд ч энд төвхнөж хөрөнгө оруулж л байсан. Танктай орж ирээгүй л бол аль алиндаа ашигтай бизнес хийхэд буруу юу байх вэ дээ.

Унаган чех хүн эрэлхэг цэрэг Швэйкээр төсөөлөгддөг. Залирхаг, сэргэлэн, өөрийн бодолтой, ухаалаг, шооч, найрсаг, эх оронч, үндэсний үзэлтэй. Гэвч энэ сайн чанаруудаа нөхцөл байдалд маш зөв зохицуулж чаддаг. Австрийн цэрэгт хүчээр татагдаж, ямар ч утга учиргүй дайнд өөрийн эрхгүй орсноор хүн алж, хүрээ талах албанд шахагдсан Швэйк мангар царайлахаас өөр яах юм бэ. Өөрийгөө “албан ёсны мангуу” гэж нэрлэсэн чех эр онигоогоор дамжуулж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх аргатай. “Дайн дууссаны маргааш өдрийн орой яг зургаан цагт Хонхорын гуанзанд уулзъя” гэж дэлхийн дайны ид үед Швэйк барилгын цэрэг Водичиктай болздог. Арван сая хүний амь авч дэлхийг хамарсан дайн ид болж байхад тэнд байлдаж яваа цэргүүдийн ярьж буй нь. “Дайн ямар ч байсан дуусна, Чех улс тусгаар болно, Прагт ердийн энх амьдрал үргэлжилнэ, Хонхрын гуанз үйлчлүүлэгчдээ найрсгаар угтан авна. Швэйк, Водичик хоёр тэнд алдарт чех пивоо уунгаа дараагийн болзоогоо тавина. Тэр нь ирээдүйн Чех орон.

Юм яаж ч муугаар эргэсэн ерөнхий чиглэл нь сайн тал руугаа явж байдаг. Энэ бол Швэйкийн хэлэх дуртай үг.

2018.2.25

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Баабар ”Эрэлхэг цэрэг Швэйк” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаар та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы “Улс төр” нүүрээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Албан тушаалаа ашигласан луйварчдын хөрөнгийг хураах замаар шийдэх ёстой хэмээн ярьсныг хүлээн авч үзээрэй.

Хошууч генерал, доктор, профессор Н.Жалбажав: Монгол хүний уг мөн чанарт эх орноо хайрлах үзэл хадгалагдаж хамгаалагдсаар байдаг хэмээн “Генералууд” нүүрт ярьсан байна.

АН 49 хувийг гаднаас авчирлаа, Ардын нам 51 хувийг гадагш нь алдлаа хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Мөн тус нүүрээс “Кореа эйр”, “МИАТ” хоёрын шулаанаас салах зам хэмээн өгүүлснийг уншаарай.

“Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабар Эрэлхэг цэрэг Швэйк хэмээн өгүүлжээ.

“Баримт, үйл явдал”-ын долдугаар нүүрээс Эрдэнэт үйлдвэрийн Англи дахь дансыг битүүмжилсэн гэнэ хэмээн өгүүлсэн байна.

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү:НИТХ-ын үйл ажиллагааг хариуцлагажуулах үүднээс С.Амарсайханыг огцруулах бичгийг өргөн барьсан хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлсэн хэргүүд хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт нийтэлжээ.

Биеийн тамир, спортын үндэсний шигшээ багийн пара цанын Дасгалжуулагч Ж.Дашдондог: Пёнчанд ноднингийнх шиг цаг агаар сайн байвал Ганболд маань амжилт гаргах магадлал өндөр байгаа хэмээн “Дэвжээ” нүүрт ярьсан байна.

Сэтгүүлзүйн судлаач доктор Т.Баасансүрэн: Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй… хэмээн “Өөрөөс нь…” нүүрт ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагвагаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ