Categories
мэдээ нийгэм

Ш.Гүрбазар “Монголын үзэгчдийн мэлмийг баясгасан сайхан бүтээл гаргаж чадна, итгэл төгс байна” гэв

МУСГЗ яруу найрагч, жүжгийн зохиолч Ш.Гүрбазар “Хөх тойрог” нэртэй төсөл хэрэгжүүлж буй талаараа хэвлэлийн хурал хийлээ.

Уг төсөлд хувь заяаны эрхээр төөрөлдсөн эх үр, ахан дүүс, ураг садныг уулзуулах, сонирхолтой амьдралын намтартай хүмүүний тухай өгүүлэх юм байна. Дэлхий дахинаа тархан суурьшсан Монголчуудын хувь заяатай холбоотой түүхийг сэргээх, хүний сайхан сэтгэл өөдрөг тэмүүллийн амьд жишиг болсон хүмүүсийг олох юм. Түүнийг дэлхийд алдаршуулах, хүн философи хэмээх бодомжийг илэрхийлэх зэрэг үндсэн агуулгын дор төслийн сэдэв үргэлжлэх аж. Түүхэн гэхээсээ илүүтэй яг энэ цаг үед амьдарч буй хүмүүсийн тухай голчлон өгүүлэхэд энэхүү төслийн гол зорилго орших гэнэ.Энэхүү төслөө сэтгүүл зүйн салбарын отгон телевиз болох TV2 телевизтэй хамтран хэрэгжүүлэх талаараа онцолж байлаа.

МУСГЗ яруу найрагч, жүжгийн зохиолч Ш.Гүрбазар “Би анхны ууган ТВ-д ажиллаж байсан хүний хувьд хамгийн отгон телевизийг сонгож байна. Бэлгэшээлтэй юм даа. Монголчууд ярьдаг, өөрийн гэсэн оюун, туршлага байвал түүнийгээ шинэ босож байгаа айлын баганаас өргөлцөж ханыг нь дугуйлцаж бүслүүрийг таталцах ёстой гэж. Шинэ зүйлийг эхлүүлж байгаа хүмүүс урам зоригтой, хүсэл эрмэлзэл дүүрэн, итгэл үнэмшилтэй байдаг. Шинийг харж, их зүйлд дурлаж ордог. Тэгвэл үүн дээр миний өчүүхэн туршлага нийлж Монголын үзэгчдийн мэлмийг баясгасан сайхан бүтээл гаргаж чадна, итгэл төгс байна” хэмээн хуучилсан юм.

Иргэний нийтлэлийн нэвтрүүлэг ховорхон энэ цаг үед хүний сэтгэл, мөн чанар тайлагдашгүй нууцыг энэхүү төслөөрөө дамжуулан хүргэхийг зорьж байгаа юм байна. Хүний тухай ялангуяа Монгол хүний тухай өндөр хэмжээнд дуугарах хүсэл тээж явсан нь ийнхүү биелэлээ олох нь гэж байлаа.

Мөн тэрээр хэвлэлийн хурлын төгсгөлд хэлэхдээ “Энэхүү төсөлд түүхийн зөвлөлийн баг, тагнуулын төв газар, улсын бүртгэл мэдээллийн төвийн дэмжигчдийн баг, олон зураглаач, найруулагч, сэтгүүлчид ажиллана. Дөчин жил энэ салбарт ажилласан болохоор итгэл төгс байгаа. Сайхан зүйлийг ард түмэндээ хүргэнэ. Энэ нэвтрүүлгийн гол баатар нь ард түмэн юм. Таны тухай нэвтрүүлэг хийж байгаа учир та бүхэн үзээрэй” гэв.

Г. МӨНХЦАЦРАЛ


Categories
мэдээ нийгэм

АНУ-ын H-2B визийг 4 дүгээр сарын 1-нээс олгож эхэлнэ

Зураг

АНУ-ын Элчин сайдын яамнаас тус улсад хөдөлмөр эрхлэх боломжтой Н-2А, Н-2В визийг монголчуудад олгох болсон талаар тус Элчин сайдын яамны Тэргүүн консул Жэсон Спелбэрг нэгдүгээр сарын 19-ний өдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажилд шаардагддаг H-2B визийг 3 дугаар сарын 1-нээс олгож эхэлнэ гэж мэдээлж байсан юм. Гэвч H-2B визийг 4 дүгээр сарын 1-нээс олгохоор болжээ. Энэ талаар Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам залруулга гаргасан байна.

Уг залруулгад “АНУ-ын ЭСЯ-ны Консулаас 1 дүгээр сарын 16-нд хийсэн мэдээлэлдээ шинээр гарч байгаа H-2В виз олгох хугацааг залруулж буйгаа мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Н.Учрал Тайванийн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр (2018.02.28) Улаанбаатар хот дахь Тайванийн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Руныг хүлээн авч уулзав.

Уулзалтад тус төөлөлөгчийн газрын хэлтсийн дарга Жой Янь байлцав.

Уулзалтаар Монгол-Тайванийн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, худалдаа, бизнес, аялал жуулчлалын салбарыг өргөжүүлж, хөгжүүлэхэд боломж бололцоо их байгааг хоёр тал санал нэгтэй илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр төлөөлөгч Хуан Куо Рун Тайванийн жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ирсэн туршлагаас судлахыг санал болгож, Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ховдын Хар ус нууранд “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний наадам боллоо

Олон ястны өлгий Ховд нутгийн Хар ус нууранд 2018 оны 2-р сарын 24-25-нд “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг долоо дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ жил 18 мянга гаруй зочин гийчин хүрэлцэн иржээ. Байгаль орчноо хайрлан хамгаалах, нийтийн биеийн тамирыг дэмжих, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, давтагдашгүй өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготой наадмын түүх ингэж эхэлжээ. Дэлхий дээр долоон зүйлийн хотон шувуу байдгаас Монголд борцгор хотон л байдаг ажээ. Усны шувууд дотроос хамгийн том, “Улаан ном”-д орсон нэн ховор гэдгээс нь илүү 50 см шахуу урт хошуугаар нь хүмүүс сайн мэдэх байх. Хотон шувууны хошуугаар уяачид хурдан морины хусуур хийж зиндаархдаг болоод удаж байна. Уг нь аль тэртээ 1953 онд хотон шувуу агнахыг хориглосон юм билээ. Нэг аймгийн наадмаар хотон шувууны хошуугаар хийсэн хусуур бүсэндээ хавчуулсан 100 гаруй уяач байсан гээд бодохоор нэн ховор амьтныг агнахыг хориглосон хууль журам ямархуу хэмжээнд мөрдөгдөж байгааг бэлээхэн илтгэнэ. Шувуу судлаачдын хэлж байгаагаар борцгор хотон шувуу нүүдлийнхээ үеэр Монголын хэд хэдэн нуураар дайрдаг боловч зөвхөн Ховд аймгийн Хар ус нууранд өндөглөдөг. 1960-1970 оны үед хэдэн зуугаараа нүүдэллэн ирдэг байсан энэ шувуу хулгайн анчдын балгаар устаж үгүй болох дээрээ тулаад байжээ. Хар ус нуур орчмоор нутагладаг малчид борцгор хотон нүдэн дээр нь устаж, цөөрч байгааг зүгээр хараад суусангүй. Сум, аймгийнхантайгаа хамтраад Хар ус нуур тойрсон замбараагүй суурьшил, хүн, малын хөдөлгөөнийг зохицуулж, бэлчээрийн зохистой төлөвлөлт хийж, хулгайн анчидтай хатуухан тэмцэж эхэлжээ. Малчдын бүлгийн энэхүү тэмцэл хэдэн жилийн дараачаас үр дүнгээ өгч 4-5-хан болж цөөрөөд байсан хотон шувууны тоо толгой эдүгээ 80 гаруй болжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд аймаг дахь салбарынхан энэхүү санаачилгыг эхнээс нь бодитоор дэмжин ажилласан гэдгийг нутгийнхан хэлж байлаа. Үүнд урамшсан нутгийн малчид Хар ус нуурынхаа мөсөн дээр цугларч байгаль орчин, ан амьтнаа хайрлах уриан дор цэнгүүн хийсэн нь “Мөнгөлөг шагшуурга” наадмын эх суурийг тавьсан гэдгийг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог онцолсон юм. Өнөө жил долоо дахь удаагаа тэмдэглэсэн “Мөнгөлөг шагшуурга” наадам баруун бүсийн өвлийн аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болж өргөжсөн төдийгүй гадаад, дотоодын 18 мянга гаруй хүн хуран чууллаа. Ховд аймагт захчин, мянгад, өөлд, торгууд зэрэг 13 ястны дахин давтагдашгүй өв соёл, түүх, биет болон биет бус өвийг нэг дор үзэх боломжийг олгодгоороо “Мөнгөлөг шагшуурга” бусад цас мөсний баяраас ялгардаг. Энэ удаагийн мөсний баярт 17 сумын иргэд, ястан бүрийн төлөөлөл, аймгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, “Морин хуур-2017” наадмын гранпри шагналт Ж.Хүрэлбаатар, Дарви сумын “Мөнгөн аяга” багийн 2017 оны Улсын хошой аварга малчин Д.Баатарцогт болон 2017 оны Улсын аварга малчид, тариаланчид, оролцож, ирсэн зочид гийчдэд хүндэтгэл үзүүллээ. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү наадамд ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн зочноор оролцохдоо “Өв соёлоо дээдэлж, байгаль орчин, ан амьтнаа хайрлах чин хүсэл дор нэгдсэн ийм баяр олон байгаасай. Уг гайхалтай наадам нь Хар ус нуурын лусын зүүд юм” гэж хэлж байсан удаатай.

Энэ жилийн баярт хүрэлцэн ирж оролцсон Японы Элчин сайд Масато Такаока “Баруун монголчуудын өв соёлыг байгалийн сайханд нь үзэх боломжийг олгодог ийм сайхан наадамд оролцсондоо маш их баяртай байна. Энэ сайхан өдрийг насан туршдаа мартахгүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Бүх зүйл энгийнээс эхэлдэг. Баруун бүсийн аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээ болох “Мөнгөлөг шагшуурга” наадам борцгор хотонтой хамт ийн иржээ. Байгалиа хайрлан хамгаалах уриатай, өв соёлоо таниулан сурталчлах эрхэм зорилготой наадмын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, “Улаан ном”-д багтсан борцгор хотон шувууны тоо толгой нэмэгдэж байгаа нь хамгийн олзуурхууштай мэдээ байлаа. “Өв соёлоороо гоёцгооё” үндэстэн, угсаатны хувцас, эдлэл хэрэглэлтэй хос шалгаруулах уралдаанд 50 гаруй иргэн оролцсон бөгөөд тэргүүн байрт Алтай сумын оролцогч Д.Цогбадрахын гэр бүл захчин ястны иж бүрдэл хувцсаар, дэд байрт Дөргөн сумын оролцогч Б.Цэгмэдийн гэр бүл шалгарлаа. “Дээлтэй монгол хүүхэд” уралдаанд 130 орчим хүүхэд оролцсон бөгөөд тэргүүн байрт Алтай сумын оролцогч Ц.Бадралт, Ц.Энхцэцэг нар манлайлав. Энэ жилийн “Дээлтэй монгол хүүхэд” уралдаанд оролцогчид ангийн арьснаас татгалзаж, уламжлалт эсгий, хурганы арьсаар урласан дээлээр гоёсноороо онцлог байлаа. Баруун бүсийн тулгуур төв олон ястны өлгий Ховд аймаг аж амьдрал, байгаль, газар нутгийн хувьд нэлээд онцлогтой, аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломжтой нутаг. Тэр ч утгаараа “Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Мөнгөлөг шагшуурга-2018” наадмыг амжилттай зохион байгууллаа.








Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн сэрэмжлүүлэг: Гар утас хулгайлсан хэргүүдийг илрүүлжээ

Цагдаагийн алба хаагчид өнгөрөгч хоногт гар утас хулгайлсан хэргүүдийг үйлдэл дээр нь болон түргэн шуурхай илрүүлж ажиллажээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар сэжигтэй этгээдүүдийг шалгахад 10 настай, М гэх хүүгийн халааснаас “LG” гар утсыг нь хулгайлсныг илрүүлсэн байна. Уг хэргийг Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 12-13 настай, эрэгтэй, Б, Б, Г үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Офицеруудын ордны урд талын автобусны буудал дээр тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн 26 настай, эрэгтэй М-ын үүргэвчнээс “Samsung J-7” гар утсыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай, 28 настай, эрэгтэй Б хулгайлсныг илрүүлэн шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо “Хавдар судлалын үндэсний төв”-ийн автобусны буудал дээр 30 настай, эрэгтэй Б гэгч нь 19 настай, эрэгтэй С-ын “Samsung Galaxy S6 edge” гар утсыг хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлэн, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт шалгаж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Япон улс мэдээлэл цуглуулах зориулалттай ээлжит хиймэл дагуулаа тойрог замд оруулжээ

Япон улс мэдээлэл цуглуулах зориулалттай ээлжит хиймэл дагуулаа тойрог замд амжилттай оруулжээ. “Киодо” агентлагийн мэдээлснээр, хиймэл дагуулыг Японы өмнөд нутгийн Кагошима муж дахь Танэгашимагийн сансрын төвөөс мягмар гарагт “H2A” пуужингаар тойрог замд оруулсан байна. Энэхүү хиймэл дагуул нь өндөр үзүүлэлттэй камераар өдрийн цагаар зураг авах аж. Аюулгүй байдлын шалтгааны улмаас тус улсын холбогдох албаны хүмүүс хиймэл дагуулыг яг хэдэн цагт хөөргөснөө тодорхой мэдэгдэхээс татгалзсан байна.

Япон улс нь дэлхийн гадаргуугийн зургийг хэдэн зуун метрийн өндрөөс авч, улсынхаа аюулгүй байдлыг хангах зорилгоор мэдээлэл цуглуулах хиймэл дагуулуудыг хөөргөсөөр байгаа юм. Өчигдрийнхөөс өмнө тус улс энэ төрлийн зургаан хиймэл дагуулыг тойрог замд оруулаад байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутнуудын голч оноо 2.8-аас дээш байх ёстой

Нийслэлийн Цэргийн штабаас “Оюутан цэрэг”-ийн бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийж байна. “Оюутан цэрэг” сургалт 3 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэх ажээ.

Угцэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их дээд сургуулийн сургалтын алба сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн Цэргийн штаб 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулж эрүүл мэндийн үзлэгт хамруулна.Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутнуудын голч оноо 2.8-аас дээш байх ёстой. 6 сарын 15-8 сарын 15 хүртэл цэргийн мэргэжлийн бэлтгэлд хамрагдана. Мэргэжлийн бэлтгэлийн үеэр 11 төрлийн цэргийн нарийн мэргэжил эзэмших гэнэ. Энэ хугацаанд хоёр кредитийн төлбөр төлөх ёстой аж. Оюутан цэрэг сургалтад хамрагдах хүсэлтээ сургуулийнхаа сургалтын албаар дамжуулж гаргана.

Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтад 1,000 гаруй оюутан хамрагдах төлөвтэй байгаа гэнэ.

“Оюутан цэрэг” сургалт нийслэлээс гадна 13 аймагт зохион байгуулагдаж байгаа аж.

Бүртгүүлэх оюутан дараах баримт бичиг бүрдүүлсэн байна.

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
  • Сургуулийн тодорхойлолт “Оюутан-цэрэг’ сургалтад хамрагдах зөвшөөрөл/
  • Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Жич: 18 настай оюутан нь 2000 оны 4-р сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн байх

Бүртгэл явагдах газар:

  • Баянгол дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 106 тоот өрөө
  • Баянзүрх дүүрэг- Дүүргийн 55 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ‘Иргэний танхим*-д
  • Сүхбаатар дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын ‘Иргэний танхим’-Д
  • Хан-Уул дүүрэг- Дүүргийн ‘Соёлын ордон’-д
  • Чингэлтэй дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 205 тоот өрөө

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ нийгэм

Хил дамнасан малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэв

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 дугаар багийн иргэн А-ийн адуу хулгайд алдагдсан гэх гомдол мэдээллийн дагуу Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчдын хамтаар эрлийн ажиллагаа явуулжээ.

Үүний үр дүнд 8 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Асгат” гэх газар ОХУ-ын Тува улсын дөрвөн иргэд хууль бусаар Монгол улсын хил нэвтэрч, бүлэглэн адуу хулгайлсан болохыг тогтоон, гэмт этгээдүүдийг саатуулаад байна.

Хил орчмын бүс нутагт оршин сууж байгаа малчин, ард иргэдэд хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн өмчид авсан асуудлыг Цэц хэлэлцэж байна

Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар ““Эрдэнэт үйлдвэр” ХХК , “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар цэцэд мэдээлэл гаргасан иргэдийн асуудлыг хуралдааны эхэнд танилцуулсан юм. Цэцэд мэдээлэл гаргасан иргэдийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг шууд төрийн өмчид авахаар шийдсэн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү гэжээ. Мөн шүүхийн шийдвэргүйгээр харилцан суутган тооцоо хийхээр болсон нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудыг зөрсөн тухай мэдээлэл гаргасан байна Үүний дараа тэрбээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатарын зүгээс Үндсэн хуулийн Цэцэд гаргасан тайлбарыг танилцуулав. Тухайлбал, тэд УИХ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн тайлбар гаргасан байна.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монголын бизнесийн зөвлөлийн уулзалтад оролцлоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Монголын бизнесийн зөвлөл (МБЗ)-ийн гишүүн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдад зориулсан сар бүрийн уулзалтад оролцож, “Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон 2018 оны боломжууд” сэдвийн хүрээнд гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулж, санал бодлоо солилцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жил хагас гаруйн хугацаанд авч хэрэгжүүлсэн эдийн засгаа сэргээх, төрөлжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой бодлогын арга хэмжээ, түүний үр дүнд эдийн засгийн уналт, сааралт тогтворжиж, 2017 онд эдийн засгийн өсөлт 5.1 хувийн өсөлтөд хүрээд байгаа болон Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018-2020 онуудад 4-8 хувь байх боломжтой гэсэн таамаглалыг гаргасныг дурдав.

Мөн Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2017 оны байдлаар 10,5 тэрбум ам долларт хүрч 27,3 хувиар, манай экспортын хэмжээ 6,2 тэрбум ам долларт хүрч өнгөрсөн оны экспортоос 26,1 хувиар тус тус өссөн тухай, түүнчлэн эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлагатай болж, манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 оны жилийн эцсийн байдлаар 1,3 тэрбум ам. долларт хүрч өссөнийг, үүний үр дүнд манай улсын гадаад валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтворжсоныг цохон тэмдэглэв.

Тэрээр цаашид ч Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгчдэд ус, агаар мэт шаардлагатай хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, тогтвортой байдлыг хангах талаар онцгой анхааран ажиллахаа мэдэгдэж, эдийн засгийг төрөлжүүлэх, ингэхдээ уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг жижиг дунд үйлдвэрлэгчдийг тодорхой бодлогын дагуу дэмжих тухай байр суурийг илэрхийлэв.

Монголын бизнесийн зөвлөл нь Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдыг төлөөлөх зорилгоор 2007 онд байгуулагдсан төрийн бус байгууллага бөгөөд хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын дуу хоолой болохыг зорьж ажилладаг, 220 гаруй гишүүн байгуулагуудыг эгнээндэ нэгтгэсэн салбартаа тэргүүлэх байгууллага юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ