Categories
мэдээ улс-төр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 24 асуудал хэлэлцэж, 10 хууль батлуулжээ

-УИХ-ЫН 2017 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН-

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлж ажиллалаа.

Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо нийт 15 удаа, Тусгай хяналтын дэд хороо 1 удаа, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 3 удаа тус тус хуралдлаа.

Тайлангийн хугацаанд Байнгын хороо давхардсан тоогоор 24 асуудал хэлэлцэж, нийт 20 санал, дүгнэлт, 1 танилцуулга бэлтгэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийнтөслүүдийг Байнгын хороо болон чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий болон бусад чиглэлээр 1 ажлын хэсэг байгуулж ажиллуулав.

Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 3, хууль соёрхон батлах тухай хууль 7, Улсын Их Хурлын тогтоол 8-ыг тус тус хэлэлцэн Улсын Их Хурлаар батлууллаа. Мөн санал хураалтын дүнгийн талаарх Улсын Их Хурлын даргын албан тоот 1-ийг боловсруулж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэв.

Тус Байнгын хороо Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр: Нэгдүгээр хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай, “Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиуд,Дипломат харилцаа тогтоох тухай, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай”, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр тогтоолын тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус батлуулав.

Цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг хэлэлцээд “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол гаргаж, Монгол Улсын Засгийн газарт болон Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам зэрэг холбогдох байгууллагад хүргүүллээ. Мөн Тусгай хяналтын дэд хорооны дарга, гишүүд Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, санал солилцов.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагааных нь талаарх мэдээлэл, тайлангуудыг сонсож, холбогдох чиглэл өгч ажилласан бөгөөд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Сангийн яам, Монголбанк зэрэг байгууллагуудаас шаардлагатай мэдээ, мэдээллийг тухай бүрт нь авч хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллав.

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны зарим гишүүд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын үйл ажиллагаатай танилцан үнэлэлт, дүгнэлт өгч Байнгын хорооны тогтоол гаргаж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэв.

Байнгын хорооны дарга болон гишүүд дотоод, гадаадын зочид, төлөөлөгчдийг 5 удаа хүлээн авч уулзаж уулзалт, ярилцлага хийлээ.

Тухайлбал, 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азамат Усенов, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Австрали Улсаас Монгол Улсад суугааОнц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтр, Монголын Дипломат Академийн Ажлын албаны дарга, Онц бөгөөд Бүрэн эрхтЭлчин сайд Г.Жаргалсайхан, Х.Бэхбат нарыг тус тус хүлээн авч уулзлаа.

Түнчлэн тайлангийн хугацаанд Байнгын хороонд хандаж төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдээс өргөдөл, хүсэлт, албан бичиг ирүүлснийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг холбогдох байгууллага, иргэдэдхүргүүллээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: Энэ хавраас бодитой том төслүүдийг эхлүүлэхээр эдийн засаг улам сайжирна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Намрын чуулган хаалтаа хийж, байнгын хороод ажлаа тайлагнаж байгаа. Танай байнгын хороо эдийн засгийг сайжруулахад ямар ажлуудыг хийв?

-Намрын чуулган Эдийн засгийн байнгын хорооны хувьд амаргүй байлаа. Улс орны эдийн засаг хүнд байгаа учраас бид шөнө, үдэшгүй ажилласан. Том хуулиуд, хүнд асуудлууд орж ирлээ. Энэ удаагийн намрын чуулганаар банкны салбарын хуулиудыг цэгцэлсэн. Тодруулбал, Төв банкны тухай хууль, Арилжааны банкны тухай хууль, Иргэдийн хадгаламжийн даатгалын тухай хуулийг батлахын тулд нэлээд эсэргүүцэлтэй хүнд замыг туулсан. Монголбанк гэхэд ерөнхийлөгч нь ганцаараа биш, бүгдээрээ хэлэлцэж байж шийдвэр гаргадаг боллоо. Өмнө долоон их наядыг хэвлэж зах зээл рүү гаргаад тэрнээсээ болоод ханшаа барьж чадахгүй, валютынхаа нөөцийг сэгсэрч хаясан гашуун туршлага бий. Иймэрхүү асуудал дахин гаргуулахгүйн тулд мөнгөний бодлогыг цэгцтэй болгож байна. Дээрээс нь Монголбанкийг олон улсын жишгээр нь явуулдаг, ил тод болгож өгч байгаа. Арилжааны банкууд охин компаниудаа татан буулгаж байна. Өөрөөр хэлбэл, банкууд дороо охин компани байгуулаад, уул уурхайгаас өгсүүлээд орохгүй салбар гэж байдаггүй байсныг болиуллаа. Харин арилжааны банкуудыг дампуурахаас урьдчилан сэргийлж байх үүднээс хуримтлалын сан байгуулж байна. Тэр сангаас арилжааны аль нэг банкуудыг сайжруулаад, дампуурлаас сэргийлэх юм. Хэрэв хүндэрсэн үед нь хадгаламжийн даатгалаасаа авдаг байдал руу оруулж өгч байгаа. Арилжааны банкуудын эзэд, гүйцэтгэх захирлуудад нэлээд өндөр шаардлага тавьж байгаа. Тэднийг цаашдаа зөвхөн зээл олгодог ажлыг нь хийлгэдэг болгож өгч байна. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг өөр зориулалтаар ашигладаггүй, зөвхөн зээл олгодог болгох юм. Энэ мэтчилэн хэд хэдэн асуудлыг шийдсний хүчинд ОУВС оны өмнө 576 сая ам.долларыг өгсөн. Тэд сая ирээд манай улсад ажиллахдаа Засгийн газар, УИХ-ыг амлалтаа бүгдийг нь биелүүлсэн байна. Тиймээс санхүүжилтээ үргэлжлүүлнэ гэж ярьж байгаа. Гуравдугаар сард ОУВС Монгол Улсад нэг тэрбум ам.долллар өгөх учиртай. Ингээд явахад 2018 оны сүүлчээр Монголбанкны нөөц таван тэрбум болох юм.

-Цаашид ам.долларын ханш тогтвортой байна гэсэн үг үү?

-Төгрөг сүүлийн үед чангарч байгаа. Ханш дээшээ алдах нь битгий хэл доошоо бууж байгаа. Тэгэхээр энэ зэрэг арга хэмжээ авахгүй бол болохгүй байна.

УВС-гийн хөтөлбөрийг авснаар эдийн засаг эерэг үзүүлэлттэй гарсан гэж Засгийн газар мэдэгдээд байгаа. Цаашид эдийн засаг ямар байх вэ?

-Намрын чуулганаар статистик болон стандартын гээд хэд хэдэн чухал хуулийг баталсан. Ирэх хаврын чуулганаар банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, активын удирдлагын тухай хууль зэрэг орж ирнэ. Чанаргүй болчихсон зээлүүдээ яаж цэгцлэх вэ, банкуудаа яаж цэвэрлэж авах вэ зэрэг асуудлууд яригдана. Яагаад гэвэл банкуудад Монголын эдийн засгийн мөнгөн урсгалын 90-95 хувь нь байна.

Тиймээс хамгийн түрүүнд банкуудаа цэгцэлж авна. Үүний дараагаар хөрөнгийн бирж, үнэт цаасны зах зээл, үл хөдлөх даатгалын зах зээлүүдийг хөгжүүлэх асуудлуудыг хийгээд явна. Энэ нь Монголын эдийн засагт сайны дохио болж орж ирж байгаа. Оны сүүлч гэхэд үндсэндээ 5.3 хувиар өссөн. Дээрээс нь 20 тн алт авлаа. Төсвийн орлого 8.3 хувиар давж биеллээ. Ийм нааштай үзүүлэлттэй гарч эхэлж байна. Ер нь бол эдийн засгийн энэ өсөлт хагас жилийн дараа иргэдийн халаасанд буух юм.

-Арилжааны банкуудын зээлийн хүү иргэдэд их дарамт болдог. Зээлийн хүүг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бид арилжааны зээлийн хүүг буруулах асуудлыг яриад, тогтоолын төсөл бэлэн болж байна. Жилийн 24 хувьтай байгаа зээлийн хүү 17, 18 хувьтай болж бууж ирнэ. Одоо хадгаламжийн хүүг бууруулна. Арилжааны банкууд бие биеэсээ өрсөж, хадгаламж эзэмшигчдийг татахын тулд өндөр хүү амладаг. Тиймээс хадгаламжийн хүүг нэг хэмд бариад, доош нь буулгая гэж байгаа юм. Хадгаламж бол зээлийн эх үүсвэр. Тиймээс хүү нь бага байвал зээлийн хүү ч буурна. Энэ мэтчилэн хэд хэдэн дорвитой арга хэмжээг авч байна.

-Эдийн засгийн байнгын хороо таван толгойн 1072 хувьцааг арилжаалж эхлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа байх аа. Иргэдэд ногдол ашиг нь очих уу?

-Нүүрсний үнэ гайгүй байгаа болохоор “Эрдэнэс таван толгой” компани сайн ажиллаж, Чалкогийн өрийг дарж дуусгасан. Хөгжлийн банкны 100 сая ам.долларын өрийг ч дарчихсан. Үндсэндээ аж ахуйн нэгжүүдэд өгөх өрөө ч төлж, оны сүүлд 300 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байгаа. Иймд 2018 оны сүүлчээр ноогдол ашгаа олгож эхлэх гэж байна.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авах шийдвэр гарсны дараа 51 хувийг нь “Жаст” групп Стандарт банкинд барьцаалсан асуудал дэгдсэн. Энэ тал дээр Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд юу хэлэх вэ?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авъя гэж байгаа. Энэ хувийг айлын талаас авчирсан хүмүүс Монголбанк, Хөгжлийн банк зэргээс нэлээд мөнгө авсан байдаг. Тэрнийх нь өрөнд тооцоод төр 49 хувиа эргүүлж авъя гэсэн. Тэгээд ч Эрдэнэт, Оюу толгой зэрэг том ордуудын газрын дооорх баялаг бол ард түмний өмч учраас бүгдэд тэгш хуваарилах ёстой. Тухайлбал, татвараараа, хүүхдийн мөнгө, тэтгэврийн мөнгө, төрийн албан хаагчийн мөнгө гээд ард түмэнд жигдхэн хуваарилах ёстой. Гэтэл ингэж Монголын ард түмэнд хуваарилах баялгийг хоёр, гуравхан хүн авсан гэдэг асуудал яригдаад байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай зэрэгцээд 51 хувийг барьцаалсан гэдэг асуудал үүссэн. Үнэндээ 51 хувь биш 51 сая ам.долларын зээлийн батлан даалт юм билээ. Энэ асуудлыг шүүх ажиллагаа гурван жилийн хугацаанд явагдаж байгаа. Үүн дээр “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх удирдлагууд баталгаа гаргачихсан юм байна гэж ойлгож байгаа. Гарын үсэг зуран хүмүүс нь минийх биш гэдэг. Шүүхийн эхний шатанд ялагдчихсан. Одоо давж заалдсан асуудал дуусаагүй, үргэлжлээд явж байна. Нэгэнт эцсийн шийдвэр гараагүй байгаа тохиолдолд энэ тухай мэдээлэл түгээгээд байх нь зохимжгүй юм. Тэгээд ч “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаалгаж, хаалгыг барьсан зүйл огт байхгүй. Үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Улстөрчид нь гарч ирээд янз янзын мэдэгдэл хийгээд байхаар ямар ч мэдээлэлгүй ард түмэн тэрийг нь үнэн юм байна гэж хүлээж аваад байна.

-Арбитрын шатанд мөнгө төлөх шийдвэр гарлаа гэхэд “Эрдэнэт” үйлдвэр төлж таарна. Татвар төлөгч бидний мөнгөөр тэр хүмүүсийн тавьсан өрийг төлөх нь. Засгийн газар энэ асуудлыг “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” групп хоорондын асуудал гэж орхиж болохгүй. Харин мөнгө зээлсэн хүмүүсийг нь олж ирж, тэднээр төлүүлэх ёстой юм биш үү?

-Засгийн газар баталгаа гаргаагүй учраас төлөхгүй. Харин зээл авсан нөхөр төлж чадахгүй болохоор баталгаа гаргасан “Эрдэнэт” үйлдвэр төлнө. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход тэр зээл авсан нөхдүүд төрийн өмчит компаниар баталгаа гаргуулах ёсгүй. Энэ бол буруу, хууль зөрчиж байгаа гэсэн үг. “Жаст”-ын Ш.Батхүү гэх нөхөрт ямар өмч байдаг юм тэрийгээ “Эрдэнэт”-тэй ярьж, буцааж хаах талаас нь хоорондоо ярих асуудлууд байгаа гэж бодож байна. Ямар ч тохиолдолд “Эрдэнэт” үйлдвэрийг хохироож болохгүй.

-Одоо энэ асуудал дээр МАН-ын бүлэг дээрээ ч юм уу, Засгийн газрын түвшинд санаа зовохгүй бол “Эрдэнэт” үйлдвэрээ өгөөд туучих вий дээ?

-Хавар яригдах байх. Гэхдээ “Эрдэнэт”-ийн тэр үеийн удирдлагууд, Төрийн өмчийн хорооны дарга байсан нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгээд явж байгаа юм билээ. Тиймээс хууль, шүүхийн шатанд яваа асуудлыг бид өөрсдөдөө авчираад ярьж болохгүй. Шүүхийн эцсийн шатны шийдвэр гарсан тохиолдолд бүлэг дээрээ ярьж таарна.

Та “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байсан хүний хувьд мэдээлэл сайтай байгаа даа?

-Би 23 наснаасаа “Эрдэнэт” үйлдвэрт орж 2008 оны сонгуульд УИХ-д сонгогдох хүртлээ тасралтгүй ажилласан. Тиймээс энэ үйлдвэрт үүсээд байгаа асуудлын талаар мэлдээлэл сайтай байлгүй яахав. Надтай хамтарч ажилласан хүмүүс одоо энэ толгойны өвчнийг яах уу гээд ярьдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд сүүлийн үед зардлаа бууруулаад, техник, технологийн шинэчлэлээ хийгээд ашигтай ажиллаж байгаа.

-Ингэхэд улс орны эдийн засгийг сайжруулахад томоохон төслүүдийг хөдөлгөх шаардлагатай энэ тал дээр танай байнгын хороо юу хийж байна вэ?

-Юутай ч аж ахуйн нэгжүүд, иргэд нь ажилтай байх үүднээс мөнгөний бодлогоо зөв гаргаад явж байна. Энэ хавраас томоохон арван төрлийн төсөл явна. ТЭЗҮ нь хийгдээд бэлэн болсон байна. Тухайлбал, нефтийн үйлдвэрийг бүгд мэдэж байгаа. Мөн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд орон сууцжуулах ажил байна. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын өргөтгөлүүдийн ажил хийгдэнэ.

Төмөр замд 500 сая ам.долларын төслүүд явна. Гацууртын төсөл эхэлнэ. Энэ мэтчилэн бодитой ажлууд хийгдэнэ. Эдгээр төслийг эхлүүлснээр эдийн засаг сайжрах юм. Хүмүүс мөнгөтэй болохын хэрээр инфляци бидний санааг зовоож байна. Импортын бараа нэмэгдсэн болохоор яалт ч үгүй инфляци өсч байна. Инфляцийг бууруулах арга хэмжээ авахын тулд хаа, хаанаа ярьж байгаа.

-Танай байнгын хороонд шүүмжлэлтэй хандахад, татвар нэмэгдүүлж ард түмний нуруунд хүнд ачаа болохуйц шийдвэр гаргах хэрэг байсан юм уу. Уг нь ОУВСта бүхнийг зардлаа танаж, орлогоо нэмэгдүүлэхийг зөвлөсөн. Гэтэл Ц.Нямдорж сайд нь үнэтэй машин унаж тансагласан шүү дээ?

-Татварын асуудлыг өнгөрсөн жилийн хавар эдийн засгийн байдал хүнд байх үед ээлжит бус чуулганаар шийдэж, ОУВС-гийн хөтөлбөрт орсон. Бидэнд хоёр л зам байсан. Энэ хөтөлбөрт орох, шууд дампуурах гэсэн. Дефолт зарлаад улс орон дампуурсан байсан бол манай хөгжил арав, хорин жилээр ухарна. Ийм байдалд оруулахгүйн тулд бид хүссэн хүсээгүй дэмжсэн. Татвар нэмнэ гэхэд хэн ч дуртай байгаагүй. Татварыг нэмж байж, орлогуудаа бүрдүүлэхээс өөр арга алга байна, эдийн засгийн байдал хүнд байна гэж яригдсан. Дэмжсэн шалтгаан гэвэл том зургаараа Монгол Улсыг дампууруулчихгүйн тулд тийм шийдвэр гаргасан. Одоо эдийн засгийн байдал сайжраад ирэнгүүт сая ОУВС-гийнхан манайд ирээд Засгийн газартай ойлголцолд хүрч, хэлэлцээрүүд хийлээ. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орсон шалтгаан бол урт хугацаатай, бага хүүтэй зээл авч байгаа. Богино хугацаатай, өндөр хүүтэй авсан байсан зээлүүдээ ингэж сольж байгаа юм. Энэ нь хүүний дарамт болон өрийн дарамтаас гарч байна. Ингэхгүй бол эдийн засаг өсөхгүй. Бид юу ч хийж чадахгүй. ямар ч хөрөнгө оруулалт, монгол руу орж ирэхгүй, бүтээн байгуулалт хийж чадахгүй. ОУВС-гийн хөтөлбөрт орсноор өнөөдөр Япон, Солонгосын Засгийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, ОУВС бидэнд хөнгөлөлттэй зээл өгч байна. Энэ онд нэг тэрбум ам.доллар өгч чадна. Ингэж байж, өмнө тавьсан байсан өндөр хүүтэй, богино хугацаатай зээлүүдээ хааж, тэрийгээ баталгаажуулж, валютын нөөцтэй болно. Тэгснээрээ ханшаа бариад, эдийн засгаа өөд нь татаад явах зүйлүүдээ хийгээд явж байгаа.

Ер нь бол зардал танах нь зөв. Ялангуяа Засгийн газрын зардлуудыг танах ёстой. Зардлаа танаж, орлогоо нэмэгдүүлж байж Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжүүдэд тэр бүх боломж нь гарч ирнэ. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд би хувийнхаа машиныг албандаа унаж байгаа. Уг нь албан тушаалаараа бол унаатай, жолоочтой байх ёстой юм билээ. Гэтэл миний бие энэ зардлуудыг тэвчээд машин унахгүй явж чадаж байна. Надад машин унасангүй гээд дутаж байгаа зүйл алга. Тиймээс сайд нар үүн дээр анхаараад болих хэрэгтэй. Би бол Ц.Нямдорж сайдыг 300 гаруй сая төгрөгийн үнэтэй машинаа буцаагаад өгчихсөн гэж сонссон. Хөдөө гадаа явахад том машин хэрэгтэй л дээ. Гэхдээ заавал цоо шинэ байх ёстой ч юм уу даа.

Categories
мэдээ цаг-үе

Улсын аварга малчин Тогтохын Чотон: “Чотон чонын дайсан, чоно малын дайсан” гэсэн хэлц үг ч гарсан. Тэр чинь би юм.

Д.Эрдэнэбат гишүүний хамт

Монгол Улсын аварга малчин Тогтохын Чотонтой ярилцлаа. Тэрээр хувь амьдралаа өөрийн хүчээр босгон улсын аваргын болзол хангасан ч алдар хүндэд бялуураагүй нэгэн юм. Сум орон нутгийнхаа эмнэлэгт хүүхдийн тасаг иж бүрнээр нь тохижуулан хүлээлгэн өгч, жил бүр хүүхэд хөгшдөд гарын бэлгээ гардуулж, өөрийнхөө нэрэмжит шагналыг малчдын дунд бий болгосон гээд Чотон гуайгаар овоглосон буян дагуулсан үйлс тасрахгүй. Г.Аким зохиолчийн “Тэнгэрийн нохой” номын баатар улсын сайн анчин түүний таван хүүхдийн нэг нь төрийн их баяр наадмын хүчтэн өндөр Баянмөнх начин билээ. Сэлэнгэ нутгийн төрийн түшээдээс аваад олон хүн эл эрхмээс үг сургаалыг нь сонсдог юм. “Эгэл жирийн өвгөд гэдэг эрдэнэ хадгалсан уулс юм” хэмээн нэрт зохиолчийн хэлсэнчлэн эгэл даруухан хэрнээ номын гэгээ цацруулж, ариуслын цагаан мөрийг тунаруулсан аварга малчныг “Өдрийн сонин”-ы хаврын тэргүүн сарын шинийн нэгний дугаартаа урин хөөрөлдсөн маань ийм учиртай.


-Таны уугуул нутаг, удам судраас яриагаа эхлэх үү?
-Миний бие 1954 онд Увс аймгийн Хяргас сумын Хайрхан буюу одоогийн Хөшөөт багийн нутагт төрсөн. Манай нутаг Цагаан өвгөн, Цогт, Цэцэн, Бор хайрхан гээд дүнсгэр сайхан уулстай. Бор хайрхны бэлд би төрсөн. Баянаа аварга болоод бидний шүтээн уул юм. Бага нас минь тэр үеийн хүүхдүүдийн адил эцэг эхийн гар дээр өсөөд жаран хоёр онд Хяргас сумын сургуульд орсон. Дараа нь төмөр замын техникумын автын ангийг төгч нэг жилийн хугацаанд хөдөө ээжийгээ сахиж байгаад цэргийн албанд татагдсан. Би чинь тагнуулын шүхрийн анги гэж тусгай үүрэгтэй ангийг төгссөн шүхэрчин хүн, шүхрийн хоёрдугаар зэрэгтэй. Сонирхуулж хэлэхэд тэр үед Хятад улс манай нэг номерийн дайсан байлаа. Хятад руу үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн цэргийн тагнуулын нэг би юм. Одоо бол хөрш орны ах дүүгийн барилдлагатай байгаа. Миний ан хийдэг, мэргэн бууддаг зэрэг нь цэргийн тусгай мэргэжилтэй холбоотой. 1991 онд хошууч цолтой энгийн амьдралд шилжиж байлаа. Цэргийн хүн нүүдлийн шувуу хоёр нутаггүй гэдэг. Миний хувьд олон нүүсэн хүн. Хамгийн сүүлд ирж суурьшиж нутагшсан газар маань Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон юм. Уул хангай хосолсон, жимс ногоо сугсарсан жаргалын өлгий. Монголын хамгийн сүүлчийн ноён гэгддэг Баатар ван Насан-Очирын Наваан-Юндэнгийн унаган нутаг шүү дээ. Манай Сэлэнгэ аймгаас сонгогдсон Их хурлын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь надтай элэг нэг явдгийн нэгэн сэжим энэ юм. Мандал сумын нутагт таван жил улсын байцаагчийн хариуцлагатай албыг хийсэн. Улсын байцаагч тэр үед 12 мянган төгрөгийн цалинтай байлаа. Хэл ам ихтэй, хэцүү алба. Ийм л ажлыг орхиод би гэдэг хүн чаддаг юм маань энэ гээд мал малласан даа.
-Хорин төлгийг хоёр мянган мал болгож улсын аварга болсон гэж таныг ус нутгийн олон тань хүндэтгэдэг юм билээ?
-Тэгж хэлдэг л дээ. Худлаа ч үг биш л дээ гэж би дотроо боддог л юм. Заамарын улсын аварга малчин Жамсран гэж хүнээс анх 23 төлөг нэг хуц, таван ишигтэй ямаа худалдаж авч байлаа. 12 жил нойр хоолгүй өсгөөд бараг 2000 дөхүүлсэн. 2007 онд Монгол Улсын аварга малчны алдрыг хүртсэн. Малыг өсгөе гэж бодохоор өсдөг юм шүү. Хүн алсыг харсан төлөвлөгөөтэй баймаар юм билээ. Чингис хааны “Алс хэтийн зорилгогүй болбаас ойрын зовлон эхэлдэг” гэж мэргэн үг бий. Миний хувьд алс хэтийн зорилготой байсан. Цалингаасаа тодорхой хувийг кассанд хийдэг байсан. Тэр үед банк гэж байсангүй. Ингээд цалингаас 16 мянган төгрөг цугласан байв. Тэр мөнгөө касснаас аваад, богцонд хийж ганзагалаад мал авахаар явж байлаа. 14 мянгад тэр малыг аваад хоёр мянган төгрөг цаана нь үлдэж байсан. Тэр 12 жилд малаа өсгөхдөө би таван сараас арван сарын хооронд гэртээ амар тайван унтаж үзээгүй. Дандаа гадаа хонож байсан. Манай нутагладаг газар бол Сэлэнгийн тайгын үргэлжлэл юм. Би морь жилтэй моринд дуртай хүн. Хурдны морь мөн ч их уяж байсан. Улсын наадамд ганцхан удаа уралдсан. Эрдэнэчулууны том шарга азарга соёолон байхдаа хадуураад түрүүлж байсан жил. Хоёр мянган он байх. Тэр жил шарга соёолон маань наймд, их морь 50-д давхисан. Их нас 500-гаад мордоход тавьд ирж байсан юм. Наймд давхисан соёолонгийн болоод их насны үнэмлэх надад бий. Улсад түүнээс хойш ирж уралдаагүй. Сум орон нутгийн наадмын түрүүг хэлж яаж барахав. Шандаст хүлгүүдийн алтан туурайгаараа хүртсэн 52 медаль манайд бий. Баруун хараа, Зүүн хараа, Батсүмбэр, Борнуур гээд улсын наадамд түрүү, айраг авдаг хурдтай газрууд манай эргэн тойронд байдаг. Манайх гэдэг айл адуутай болсон түүх бас сонин. Анд явдаг ганцхан хээр морьтой байлаа. Гурван шүдлэн байдас нэг шүдлэн саарал үрээ худалдаж авлаа. Түүнийгээ өсгөөд одоо 200 адуу тоолуулаад байна. Улсад хоёр удаа түрүүлсэн, Батсүмбэрийн цоохор Зэвгээгийн бор гэж адууны угшил бий. Улсад гурав айрагдсан Алтангэрэлийн адууны удам мөн л бий.
-Аким зохиолчийн “Тэнгэрийн нохой” номын гол дүр болсноо тодруулахгүй. Бас л сонин санагдаад байх юм?
-Тэр их асуудалтай. Би чинь Монгол Улсын тэргүүний анчин гэдэг алдартай. “Чотон чонын дайсан, чоно малын дайсан” гэсэн хэлц үг ч гарсан. Тэр чинь би юм. Миний аавын удам ядуу амьдралтай, цөөхөн малтай, анчин хүмүүс байж л дээ. Тэр тухай соёлын гавьяат Дамбын Цэмбэл зохиолчийн “Гурван хөх чулуу” номонд бий. Аавын минь нэр ус ч бий. Хорхолдой гэж сум тоолдог анчин байж. Акимын “Тэнгэрийн нохой”-д орсон нь ийм учиртай. Би чонын анчин Рааш гэдэг шиг нэртэй байлаа. Би ульж чоно агнадаг хүн юм. Удмаасаа тийм. Чоно шиг мөртлөө ямар цаг үед бусдыгаа дуудаж байна вэ гэдгээр ялгаатай улина. Манай удам тийм. Сунаж эхлэж дуудаад дундаа цохилт өгөөд гуншиж төгсөх үү, гуншиж эхлээд чангарч төгсөх үү. Тэр бүхэн чонын дохио хэл байдаг. Өглөө уулын оройд, орой уулын хормойд улих ёстой. Миний талаар Ёолк телевизийн нэвтрүүлэг хийнэ гэж хүртэл хэлж л байсан. Эл бүгдээс Аким “Ил товчоо” сонинд байхдаа сонссон юм билээ. Баасандорж гэж талийгаач хүүгээ дагуулаад манайд ирж байлаа. Чононы тухай ном бичихээр өөрийг чинь зорьж ирлээ гэдгээ хэлж байсан.
-Та шүхрийн спортын хоёрдугаар зэрэгтэй гэж хэлж байсан. Таны зургийн цомогт олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаатай авахуулсан зураг байна. Гүндэгмаагийн аав шүхрийн мастер байсан гэдгийг мэдэх юм. Та хоёр найзууд уу?
-Найзуудаар барах уу. Жинхэнэ сэтгэл зүрхний хүмүүс байлаа. Дагвын Отряд маань нууц юмаа надтай л ярьдаг байлаа. Хамт ажиллаж байхад Гүндэгмаа дөнгөж төрөөд хоёрхон настай байлаа. Хурганы үүргэвч шиг үүргэвчинд Отряд багш нялх охиноо хийж үүрээд цэргийн байранд орхидог байлаа. Айлын ганц охин юм. Ингээд олон жил боллоо. 1999 оны өвөл жийп машин манайд ирдэг юм байна. Тэгтэл Отряд багш бууж ирлээ. “Чамайг зорьж ирлээ, агаарын бөмбөлөг гэдгийг би Японоос оруулж ирсэн. Япон багш түншүүд маань ирчихээд байна. Энэ хэдийгээ салхинд гаргаж явна. Чамаар чоно улиулж дуудан, агнуулмаар байна” гэдэг юм. Хоол идээд миний орон дээр унтлаа. Ингээд маргааш япончуудаа авчрахаар явлаа. Маргааш нь хартал булган малгайгаа миний орон дээр мартаад явсан байв. Явахдаа надад “Өвгөн чинь гавьяатад тодорхойлогдсон. Удахгүй цэргийн баяраар гавьяат болох байх” гэдгээ хэлсэн. Маргааш нь цас ороод ирж чадаагүй. Гавьяат авна гэж хэлж байсан цэргийн баярынхаа үеэр шүхрээр бууж байхдаа осолдож нас барсан. Ингээд аавынхаа малгайг 17 жилийн дараа Гүндэгмаа ирж авсан. Би 17 жил хадгалж байсан. Гүндэгмаа өөрийнхөө тухай баримтат кино хийж байгаа юм билээ. Аавынхаа малгайг аваад уйлж байсан. “Миний аав хүний мөстэй сайхан найзтай байжээ” гээд. Гүндэгмаад “Би бол шүтлэгтэй хүн. Чи олимпод аварга болсон хүн. Буу чинь л гацсан болохоос. Хэрвээ чи аавынхаа малгайг надаас аваад шүтэж залбирч байсан бол олимпийн аварга болох байсан ч магад” гэж хэлсэн. Аавыгаа одоо амьд байгаа гэж бодож залбирч яваарай гэж хэлсэн. Тэгтэл Гүндэгмаа өнгөрсөн намар дэлхийн цомын аварга болдог юм байна. Миний санамсаргүй хэлсэн үг биелэлээ оллоо гэж бодож байна.

Хүү өндөр Баянмөнхийн хамт

-Танай хүү Баянмөнх өөрийн хүчээр улсын цолны босго алхсан. Мөн ч аатай начин болсон. Ингэхэд та хүүдээ ус нутгийн домогт их аварга Хорлоогийн Баянмөнх аваргын нэрийг өгсөн үү?
-Өгөхөөр барах уу. Энэ их сонин түүхтэй. Манайх хоёр охинтой боллоо. Миний хувьд хүү төрчихөөсэй гэж бодоод байдаг. Өөрөө бэртлийн улмаас барилдаж чадаагүй учир хүү төрвөл бөх болгоно гэсэн бодол байгаад байдаг. Мөн дээрээс нь нэг голын хүчтэн, домогт их бөх Баянаа аварга бодогдоод байдаг. Эхнэртээ наргиан тоглоомоор “Чамаас хүү гарах нь уу, үгүй юу” ч гэж хэлж л байсан. Тэгтэл наян дөрвөн онд 4 хил 600 килограмм хүү төрлөө. Миний баярласан гэдэг тоймгүй. Хоёр нүдийг нулимс бүрхээд авдаг юм байна. Ханьдаа шөл хийж авчирч өгчихөөд сувилагчаар дамжуулж оруулахдаа зурвас хамт илгээлээ. Тэрхүү зурвас дээр “Хүүдээ Баянмөнх гэж нэр өгнө шүү” гэж бичиж өгөөд оруулж билээ. Би багаасаа барилддаг байсан. Далан таван онд Увс нутагтаа аймгийн начин цол хүртсэн удаатай. Хөлийн бэртлээс болоод барилдаагүй. Хүүгээ улсын наадамд таван жил зодоглоход нь ирж үзээгүй юм. Харин 2010 онд начин болох жил нь ирж үзсэн. Тэр жил миний хүү заалны барилдаанд гойд сайн байсан. “Нутгаа дуурсгана” гэсэн барилдаанд улсын цолгүй байхдаа гайхагдаж байсан. Сумъяабазар, Өсөхбаяр аваргуудыг бүгдийг нь хаяж магнайлж байлаа. “Аваргуудыг будаа болгов” гээд сонин дээр хүртэл бичигдэж байсан. Тэр жил наадмын бэлтгэлээ Зүүнхараад хийсэн юм. Бэлтгэлээс буухынх нь өмнө ээжтэй нь хамт хоёр хонь аваад яваад очлоо. Өсөх-Ирээдүй гээд бөхчүүд ирээд хэлж байна. “Чотон ахаа, энэ жил Баянмөнх маань начин болчих байх аа. Тун сайн байгаа шүү дээ” гэв. Хүүгээ харлаа, бие хаа гойд сайхан харагддаг юм. Өмнө нь бол би хүүгээ дандаа голдог байсан. Харин тэр жил аавынхаа цээжийг хүү минь дүүргэсэн. Наадмын өмнөхөн Зүүнхараагийн наадамд Сүхбат, Балжаа аваргуудыг хаяж байсан Пэрэнлэйдорж начинтай үлдээд түрүүллээ. Тогооч нар нь уйлаад начин болоод ирээрэй гээд үлдэж байлаа. Тэр нь надад маш сайхан санагдсан. Начин болох жил нь хүүгээ уядаг морь шиг дэргэдээ унтуулаад, ээжийг нь хажуугаар нь унтуулсан. Өөрөө байн байн гэрээс гарч тэнгэр бурхандаа залбирч, мэддэг мааниа уншаад л.
-Тавын даваанд Пүрэвжав харцагыг давсан санагдана?
-Өмнө нь начны даваанд хоёр удаа өвдөг шороодож байсан. Тавын даваанд гурав дахиа үлдэж байгаа нь тэр. Аварга, арслан, заанууд цолныхоо эрэмбээр ам авлаа. Аймгийн арслангаас ганцаараа үлддэг юм байна. Тэгтэл Пүрэвжав харцага амлалаа гэж дуулдав. Тэр өвөл Баянмөнх заалны барилдаанд Пүрэвжавт хоёр удаа унаж байсан. Битгий амлаасай гэж бодож байсан бөх нь амлах хэцүү юм билээ. Тавын давааны өмнө хүүдээ халуун цай хоол өгчихөөд, амьтнаас жаахан зайдуу гаргаж байгаад “За миний хүү бор зүрхээрээ л барилдах болж байна. Барьцанд хүрсэн бол хамаг байдгаа зориглоод хийгээрэй. Чамайг уналаа гэж хэн ч загнаж зэмлэхгүй” гэж хэлээд далыг нь алгадаад оруулсан. Ээж нь, эгч дүү нь гээд зэрэгцэж суугаад барилдааныг үзлээ. Би гэдэг хүн хүүгийнхээ барилдааныг ерөөсөө харж чаддаггүй. Есөн хөлт цагаан тугандаа залбираад байдаг. Нэг шуугиад явчихлаа. Яав гэтэл “Баяа унах дөхлөө” гэж байна. Удаа ч үгүй дахиад шуугиад хажууд сууж байсан эгч дүү нар нь орилолдоод, цэнгэлдэх тэр чигээрээ дайвалзаад явчих болдог юм. “Энэ ч нэг юм боллоо доо” гээд хартал Баянмөнх дэвээд, Пүрэвжав тахимаа өгч харагдлаа. Тэр хоёрын барилдаан тавын давааны хамгийн сүүлд үлдчихээд байсан. Нулимс асгараад л ирдэг юм билээ. Хүүгийнхээ есөн хөлт цагаан тугийг тойрч байхыг ч тухтай харж чадаагүй дээ. Наадмын дараа сонинд “Өөрийн хүчээр начин болсон бөхийн гүйж байгаа нь хүртэл үнэнээсээ” гэсэн Баянмөнхийн тухай мэдээлэл гарсан.
Тавын даваанд хав зөрөөд шуудагдахдаа хутгачихсан юм билээ. Аавын үг тэгж нөлөөлсөн байгаа юм. Энэ муу утас чинь улайстал янгинасан. Таних танихгүй олон хүн ярьсан. Өмсдөг Дамдиндорж зааны амьдарч байсан Түнхэлээс миний хүү өөрийн хүчээр улсын цол хүртэж олон түмнээ магнайг нь хагартал баярлуулсан. Манайх таван хүүхэдтэй. Гурван охин, хоёр бандитай. Бага охиных Шведэд амьдардаг. Геологийн багш бий. Хувиараа ажил эрхэлж ч байна. Хоёр хүүгийн том улсын начин Баянмөнх. Бага хүүдээ би Мөнхбат гэж нэр өгсөн. Монголын домогт хоёр аваргын нэрийг хоёр хүүдээ өгсөн. Бага хүүтэйгээ амьдарч байна. Ах нь одоогоос таван жилийн өмнө ханиа алдсан. Хань минь Галсангийн Янжмаа гэж хүний хайлан болсон сайны дээд байлаа.

Наваан-Юндэнгэнийн Оюундарь гишүүн гэрт нь зочиллоо

-Таныг Түнхэл тосгоныхон төдийгүй Сэлэнгэ аймгийнхан “Манай Чотон гуай” гэж хүндэтгэдэг. Буяны үйлсэд гараа сунгасан ариун мөртэй хүн гэж дээдэлдэг юм билээ. Аварга малчин гээд архайж суухын оронд ариун үйлс бүтээнэ гэдэг сайхан юм. Тэр бүгдээсээ хуваалцахгүй юу?
-Бурханы ном судрын талаар бие дааж судалгаа хийсэн хүн л дээ, би. Энэ тухайд өөрийгөө тодорхой түвшинд хүрсэн гэж үнэлдэг. Мөн дээрээс нь би сахиус авсан хүн шүү дээ. Миний бие ээжээрээ овоглосон. Манай аав Хорхолдой гэж хүн байсан. Намайг гурван настай байхад өнгөрсөн. Миний бие үлдэж буй амьдралынхаа зам мөрийг зам буяны үйлсэд зориулсан. Тэр бүгдийг минь үнэлсэн юм уу, одоогоос хориод хоногийн өмнө олон улсын “Улаан хавирган сар” нигүүлсэл алтан медаль хүртсэн. Улсын аварга малчин болох үед 370 малыг бусдад үнэ төлбөргүй өгч малжуулсан байдаг. Түүнээс хойш 10 жил боллоо. Хамгийн сүүлчийн юм гэхэд би хорин жил дараалан орон нутгийнхаа наадмын түрүү бөхийн бай даагыг өгч байна. Хорин жил шүүснийх нь хонийг дааж байна. Улсын сайн малчныхаа нэрэмжит шагналыг бий болгосон хүн. Жилд хоёр хүнд өгдөг. Улсын аварга малчин Чотонгийн нэрэмжит гээд тусгай өргөмжлөл батламжтай, мөнгөн аягатай гардуулдаг уламжлалтай. Залуу, хөгшин хоёр хүнд өгнө. Хэдэн жилийн өмнө малчдын зөвлөгөөнд оролцохдоо “Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах хэрэгтэй” гэдэг саналыг хэлж олны талархлыг хүлээж байсан. Миний санал төр засгийн бодлого болсонд баярладгаа энэ дашрамд хэлье. Мөн жил бүрийн хүүхдийн баяраар 300 хүүхдийн бэлгийг өгдөг юм. Таван мянгын бэлэг 1500.000 болдог юм. Хоёр жилийн өмнө ч болж байна уу, бага ангийн 500 хүүхдэд нийтдээ 2500.000 төгрөгийн бэлэг өгсөн. Талийгаачийнхаа буянд холбогдуулж өгсөн. Мөн жил бүр 30 өндөр настанд гарын бэлэг өгдөг. Зөвхөн энэ 2017 оны төгсгөлд Түнхэлийнхээ нэгдсэн эмнэлэгт хүүхдийн тасгийг бүрэн тохижуулж өгсөн. Хоёр ээлжийн цагаан даавуу, гудас, телевиз, ус цэвэршүүлэгч, угаагуур, том цагнууд, хүүхдийн гурван ээлжийн тоглоом гээд бүрэн тохижуулсан. Өнгөрсөн жил айхтар түймэр гарав даа. Наадмын дараа 50 хоногийн түймэр. Таван настай нэг эр үхэр, нэг сувай гүү түймэр унтрааж буй хүмүүст хоол болгож өгсөн. Тэр бол надад юу ч биш. Түнхэлийн эмнэлгийн хүүхдийн өрөөг тохижуулж өгөхдөө нэг өнчин хүүхдэд хадгаламж нээж өгсөн. 100 мянган төгрөгөөр эхэлж нээсэн. Жил бүр мөнгийг нь нэмээд байх юм. Би гэгээрэх замыг сонгож байгаа. Гэгээрлийн лекц олон газар хийсэн хүн. Хүн физик бие буюу махан бие сүнс буюу оюун ухаан гэх хоёр зүйлээс бүтдэг. Би судалж бясалгал хийж гэгээрдэг хүн. Нэгэнт нас 65 хүрлээ. Одоо дараа төрөлдөө бэлтгэх учиртай. Энэ тухай судалсан, олон ч ном уншсан. Хүн сайн муу хоёр талтай байдаг. Санаатай бөгөөд санамсаргүйгээр өөрийгөө их бузартуулдаг. Дээд төрлийг олохын тулд амьддаа хийсэн бүх нүглээ тэглэх учиртай. Тэгж байж эрдэнэт хүний биеийг олж, үр хүүхдүүддээ эргэж төрнө. Ингэж л бодож, бясалгаж бусдын сайн сайхны төлөө амьдарч яваа хүн дээ, би.

О.Гүндэгмаа баатар Чотон гуайг зорьж очлоо

Categories
мэдээ цаг-үе

Монголд хамгийн олон ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа компаниудын нэрс тодорлоо

Монголд хамгийн олон ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа иргэн, аж ахуй нэгж компаниудыг уншигч та бүхэнд баримттайгаар хүргэж байна. Байгалийн баялагийг хамгийн ихээр ашиглаж байгаа компаниудыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Мэдээж нэг компанид 200 гаруй ашиглалт, хайгуулын лиценз олгох болсон шалтгааны ард авлига хээл хахуулын асуудал байгаа нь тодорхой юм. Мөн Тагнуулын ерөнхий газраас ямар хүмүүс ашигт малтмалын хамгийн олон лиценз эзэмшиж байгаа. Гадаадын ямар хөрөнгө оруулалттай компани Монголд лиценз эзэмшиж байгаа зэргийг нарийвчлан судалжээ. “Адамасмайнинг” гэх нэртэй компани монголын хамгийн олон ашигт малтмалын лицензтэй УРАН

компани юм байна. эх сурвалжийн хэлж байгаагаар 222 лиценз эзэмшиж байгаа гэнэ. Энэ компанийн талаархи мэдээлэл өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарч байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх. Монгол эхнэртэй Японы иргэн Koyonagi Yujiro-гийн үүсгэн байгуулсан компани. Компанийн 50 хувийг нөхөр нь эзэмшдэг бол 49 хувийг иргэн З.Номуундарь эзэмшдэг. Харин үлдсэн нэг хувийг БНХАУ-ын Монголиа Рисорсис Инвесимент Лимитед компани эзэмшиж байна. Тус компани оффшор бүсэд бүртгэлтэй юм байна. З.Номуундарь гэх эмэгтэйн талаарх мэдээлэл нэлээд нууцлаг байдаг ч монголын байгалийн баялагийн эзэн гэдгээр нь улс төр, бизнесийн хүрээнийхэн андахгүй мэддэг юм байна лээ. Үүний араас Тефис майнинг” компани орж байна. Щвейцарын CVRD, Vale international, Багамын арлуудын Itabira Rio Dose зэрэг компаниуд 2013 он хүртэл эзэмшиж байсан. Харин 2013 оноос хойш Монгол Улсад бүртгэлтэй “Космокоал” компани 100 хувь эзэмшиж байна. “Монгол газар” компанийн Ц.Мянганбаяр ч олон лицензтэй компаниудыг тэргүүлж байна. Тус компанийг Б.Батбаяр 2008 он хүртэл гол хувьцаа эзэмшигчид нь байсан ч Goldstar Hold \BVI\ ings-ийн зуун хувийн өмч болсон юм. Ц.Мянганбаяр нь “Эс Кью Эс”-д 13 лиценз эзэмшдэг бол түүний дүү Цэвээнжавын Лхагвасүрэн нь “Эм Жи Пи” компанид 42 лиценз эзэмшдэг байна. Харин үүсгэн байгуулагч Баярмаа 37, “Их монгол майнингэд” 30 лицензтэй юм байна. Энэ мэтээр Монголд хамгийн олон ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа иргэн, аж ахуй нэгж компаниудыг уншигч та бүхэнд хүснэгтээр хүргэж байна. Хүснэгтээс улс төрчдийн ямар хувь эзэмшиж байгаа. Лицензийн компаниудтай хэрхэн холбогддог. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд олгогдсон лицензийн зөвшөөрлийн тоог харж болох юм.

Э.БААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Геополитик тоглоом

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Америкийн нэрд гарсан улстөр судлаач Жоорж Фридман “Дараагийн 100 жил” гэсэн ном бичиж бөөн шуугиан тарьжээ. Ирээдүйд энэ дэлхийн геополитик хэрхэн өөрчлөгдөж ямархуу төрхтэй болохыг үзмэрдсэн хэрэг биз ээ. Алга ташилт дэлхий даяар нижигнэсэн учир мань эр “Дараагийн 100 жил” бүтээлээрээ хөгжөөн дэмжигчдээ мялаав.

Иймэрхүү үзмэрдэлт ховор бус гардаг. Самүэл Хантинтоны “Иргэншил хоорондын мөргөлдөөн” бүтээл бол цаг өнгөрөх тусам батлагдаад байгаагаараа эрхгүй үнэмшил төрүүлнэ. Хүйтэн дайн дууссанаар асуудал цэгцрэхгүй, харин ч үзэл суртлын зөрчилдөөн алга болсноор үндэстэн болон иргэншлүүд уг сурвалжаараа улам ширүүн шөргөөцөлдөх болно гэж түүний айлдсан нь лалын ертөнцийн терроризмын өсөрхөл гомдлоор улам бүр тод томруун харагдах боллоо. Саяхан Америкийн нэг геополитик судлаач хэлэхдээ Путины дараах Орос Сибирийг Хятадад найр тавин олгох ба хариуд нь өөрийн ард түмнийг тайвшруулахын тулд Молдав, Беларусыг өөртөө нэгтгэнэ гэж үзмэрджээ.

Шууд л зөн билгээр мухар сүсгийн аргаар хийдэг үзмэрдэлт, хэдэн зуун жилийн турш мухар сүсэгтнүүдийн итгэж биширч явсан Нотродамусын үзмэрдэлт маягаар энэ бүхнийг тайлбарлах нь учир дутагдалтай. Ялангуяа шинжлэх ухаан технологийн хөгжил дэвшлийн хувьд ийм маягийн үзмэрдэлт бараг л зуун хувь таардаг. Далаад оны үед Олвин Тофлэрийн бичсэн “Ирээдүйн шок” зохиол шуугиан тарьсан. Зохиогч 2000 онд Бээжингийн Их сургуулийн оюутнуудтай уулзахдаа “Ирээдүйн шок” зуун хувь биелэлээ олсон гэж бахархаж байлаа. Артур Кларк, Карл Саган, Айзик Азимов зэрэг зөгнөгчдийн шинжлэх ухааны дэвшлийн талаар бичсэн нь биелэгдэж зарим талаар дутуудуулсан нь харагдаж байна. Үүнийг зөн билгийн тулаан гэхээсээ шинжлэх ухааны үндэслэлтэй прогноз гэвэл зохилтой.

Техник технологийн дэвшлийн ерөнхий хандлагыг зөв тодорхойлоход харьцангуй амархан байж болно, харин улс төр нийгмийн хөдөлгөөний явцыг урьдчилан таах нь илүү төвөгтэй. Тухайн үндэстэн, шашинтны байр байдал, үүнд нь нөлөөлөх технологийн дэвшил, байгаль орчны нөлөөллийг тооцоолох боломж тун бага. Хайзэнбэргийн тодорхойгүй зарчим үүнийг тайлбарладаг. Тэрээр энэ зарчмаа электроны байрлал дээр хэлсэн боловч илүүтэй философийн утгатай, түгээмэл шинжтэй онолын гаргалгаа юм. Ирээдүйд юу болохыг урьдчилж тооцоолоход оролт гаралт нь хязгааргүй олон учир тооцооноос гадуур, өөрөөр хэлбэл бололцоогүй гэсэн дүгнэлт. Тэгэхээр одоо байгаа энэ байдал нь цаашид үргэлжилсээр байх ахул юунд хүргэж болох вэ гэдгийг урьдчилан харж тооцоолох гэвэл илүү амар. Одоо байгаа байдал юунаас болж хэзээ өөрчлөгдөх нь таашгүй.

Африк тивийн хамгийн хөгжингүй орон байсан Өмнөд Родэзи “ардчилсан” болж ширэнгийн баатар Мугаби гарч ирэн улс орныг нь тэжээж байсан цагаан арьстнуудын хөрөнгийг хурааж хөөж гаргаснаар энэ орон маш ойрын хугацаанд гуйлгын тулам болно гэдгийг урьдчилж харахад тийм ч хэцүү биш. Байгалийн баялгаас өөр зарах юмгүй хоцрогдсон Монгол орон гадаадын хөрөнгө оруулагчдаа хөөж, юм хумыг нь булааж авснаар хэдийгээр шулуулж буйгаа гайхан эдийн засгаа солонгоруулна, Монгол ялчихлаа гэж сагсалзаад ч хямралаас мөд салахгүй гэдгийг тааварлахад заавал зөн билгийн тулаанч байх албагүй. Гадаад дотоодын аль нь ч бай хувийн хөрөнгийг төр хурааж авснаар үр ашиг нь эрс муудах төдийгүй авлига хээл хахуульд хаалгаа нээнэ гэдгийг заавал үзмэрдэж мэдэх шаардлага байхгүй. Харин энэ байдал нь хэзээ өөрчлөгдөж дэвшил хөгжил рүү хэрхэн хандахыг урьдчилан таах л хэцүү.

Гадаад Монгол тусгаар тогтносон орон мөн, Төвд бол Хятадын салшгүй нэг бүрэлдэхүүн юм гэдэг нь Дэлхийн II дайны үр дүнгээр буй болсон шийдэл. III дайн хэзээ болох, болдог юм гэхэд ямар шийдвэр гарахыг өнөөдөр урьдчилан таамаглахад нэн хэцүү. Энэ шийдлийг өдгөө дэлхийд цэрэг улс төр нийгмийн дэвшлээр толгойлж байгаа орнууд мэднэ. Үүнийг геополитик гэж нэрлэх ба чухам тэд шийддэг учраас том орнуудад л геополитик бодлого гээч юм бий. Дэлхийн I дайны өмнө Австри Унгарын геополитик гэж шийдвэрлэх нөлөөтэй бодлого байсан, одоо төвийг сахисан тэр орон томчуудын үгийг дагасхийгээд л амьдарч байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргын албыг одоо эрхэлж яваа нэгэн эрхэм “хамаагүй юм ярьчихаар Монгол Улсын геополитикийн нууцыг задалчих гээд байна” гэсний хариуд Гомбосүрэн гуай “Манайх шиг жижиг орон мөрөөрөө байсан нь дээр дээ” гэж хариулсан.

Өнөөгийн ертөнцийн төлөв байдлыг тодорхойлох эрх бүхий Орос, Хятад гэсэн хоёр аваргын дунд хавчуулагдсан Монгол Улсын ойрын ирээдүй эдний геополитикоос хамаарч хэрхэн өөрчлөгдөж болох вэ гэдэг нь тун сонирхолтой сэдэв юм.

Монголчуудын хараа хяналтад байсан Орос орон XVII зуунаас хүчирхэгжин дэлхийн бодлогыг тодорхойлогч цөөн улсын нэг болсон. Ялангуяа хуурай газарт илт ноёрхох болсноор II Николай хааны үед түүхэн дахь хамгийн том газар нутгийг нэгтгэж чадсан хоёр дахь орон болжээ. (Тэргүүн байрыг мэдээж XIII зууны монголчууд.) Тэдний колончлол дорно зүгт хязгааргүй тэлж Америк тивийн Аляскад сая таван зуун мянган ам км нутагтай болсон. Төр улсгүй хоцрогдсон үндэстнүүдийн овог отгийн газрыг эзэлснийг буруушаах аргагүй ч иргэншсэн Хятад, тухайн үедээ дотоодын тэмцэлдээ туйлдсан байсан Монгол зэргийн газар нутгийг булаан эзэлсэн нь зөвтгөхөд хэцүү.

Хар тамхины дайнаас болж Манж Чин гүрэн туйлдчихсан байхад нь оросууд Хойд Манжуураас сая таван зуун мянган ам км нутгийг сүрдүүлэн булааж авчээ. Хоёр газар зэрэг байлдааны фронт нээхээс айсан манж нар 1860 онд гэрээгээр энэ нутгаа өгч салсан байна. Манж нар Хятадыг эзлэн захирч байхдаа Манжуур ба Гадаад Монголыг тусгай хамгаалалттай хаалттай бүс болгон хятад иргэд орж ирэхийг хуулиар хориглосон байв. Иймээс Манжуур нь нэн сийрэг хүн амтай атар нутаг байжээ. Өмнөд Манжуурыг хамгаалахад хүн амын суурьшлаас өөр арга үгүй учир дархлалаа цуцлан тэнд 10 сая хятад тариачдыг нүүлгэн шилжүүлж хүнээр дүүргэжээ. Өмнөд Манжуурыг Орос, Япон хоёр булаацалдсанаас болж 1905 оны дайн болсон. Ялагдсан Орост Гадаад Монгол, ялсан Японд Өвөр Монгол, Өмнөд Манжуур ноогдсон юм. II дайны үр дүнд Подстамын гэрээгээр Өмнөд Манжуур ЗХУ-ын ээмшилд орсон. Хожим Мао бүх Хятадыг эзэгнэхэд найрамдлын гэрээгээр Өмнөд Манжуурыг Хятадад хүлээлгэн өгчээ.

Өдгөө ч хятад иргэд Уссур, Амар мөрний Хойд Манжуурыг булаалган алдагдсан газар гэж үздэг, эргүүлж авах ёстой ч цаг хугацааг хүлээх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй. Орос Хятадын гэрээнүүдийг харуулсан музейд орос хүмүүсийг оруулдаггүй мөртөө өөр гадаадын хүмүүст нээлттэй байдаг нь Хятадын албан бодлого ямар байгааг харуулж буй хэлбэр юм.

Харин Гадаад Монголын хувьд тийм ч хүчтэй эсэргүүцэл Хятадын хувьд байхгүй. Манж Чин улсын бүрэлдэхүүнд түрүүлж орсон Өмнөд Монголыг “нэй монгу” буюу “дотоод Монгол”, “дотор талын Монгол”, “манай Монгол” гэж нэрлэдэг, зуу гаруй жилийн дараа эзлэгдсэн боловч хөл хүрч болохгүй дархлагдсан Хойд Монголыг “вэй монгу” буюу “гадаад Монгол”, “гадна талд байгаа Монгол”, “манай биш Монгол” гэж нэрлэх болсон нь манж нараас гарсан нэршил боловч утга нь санаагаа илэрхийлж буй хэрэг.

Гадаад Монгол нь албан ёсоор газрын зураг дээр Манж Чин улсын бүрэлдэхүүнд байсан авч үнэн хэрэгтээ бүх асуудлаа өөр дотроо шийддэг бие даасан, дархлагдсан вассал дагуул түшиг улс байжээ. Хятадын 50 гаруй үндэстэн дотор манж, гадаад монгол иргэд дархлагдсан онцгой эрхтэй байсныг бодохул монголчууд 200 гаруй жилийн турш манж нартай нийлж хятад үндэстнийг дээрэлхэж байсан дүр зураг харагддаг. Зөвхөн манж, гадаад монгол иргэд хятад хүнтэй гэрлэж болохгүй, тэд л хааны эхнэр татвар эм болох эрхтэй, монгол манж хүн л цэргийн болон төрийн том албат болох эрхтэй гэх мэт. Хаалттай хотод энэ хоёр үндэстэн л орно, хятад хүн зарц хийхийн тулд заавал тайган болсон байх ёстой гэх мэт.

Могой шүтдэг бузрын манж нарыг хөөж, хятад үндэстний Мин гүрнээ байгуулъя гэж уриалж байсан Цинхайн хувьсгалынхан ялалтад хүрмэгцээ өөрсдийгөө Манж Чин улсын өв залгамжлагч гэж нэрийдэн тусгаар тогтнолоо зарласан гадаад Монголыг нэхэж эхэлсэн нь түүхийг гуйвуулсан буруу тайлбар гэлтэй. Энэ шаардлагаа тэд Дэлхийн II дайны төгсгөл хүртэл шаргуу тавьж байсан ч ЗХУ, АНУ-ын эсэргүүцлээс болж 1945 онд гадаад Монголын тусгаар тогтнолыг нэгэн утгатайгаар хүлээн зөвшөөрсөн билээ.

Умард Манжуурыг алдагдсан нутаг хэмээн эргүүлж авах бодлого баримталж буй нь түүхийн учир шалтгаантай. Хятад улс хүчирхэгжих тусам энэ шаардлага улам бодитой болно. Хятадууд цагийг биш цаг хугацааг үнэлдэг философитой. 1949 онд маршал Пэн Дэхуа Шинжааныг чөлөөлөв. Тан гүрний үед энэ нь Хятадын нутаг байлаа. Хятадын үндэсний бахархал болсон яруу найрагч Ли Бао ч энд төрсөн. Мянган жил тэвчээртэй хүлээж байж алдагдсан нутгаа эргүүлж авлаа гэж тухайн үед сурталчилж байв. Иймээс алдагдсан Умард Манжуурыг эргүүлж авахад 160 жил юу ч биш.

Гэтэл Гадаад Монгол бол шал өөр үндэстний нутаг. Аль нэг улсын хавсарга биш, тусгаар тогтнолоо юу юунаас илүүд тавьдаг түүхэн улс орон. Тэгээд ч Дэлхийн II дайнаар тусгаар тогтнол нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн улс. Хятадын хувьд тэд түүхэндээ хэзээ ч империалист гүрэн байгаагүй. Умрын нүүдэлчид л Хятадыг эзлэж төрийг нь эзэгнэхээрээ империалист бодлого явуулж байсны ойрын жишээ гэхэд монголчуудын Юань, манж нарын Чин гүрний түүх тод өгүүлнэ.

Орос улсын хувьд Хаант Оросын үед ч, ЗХУ-ын үед ч, өнөөгийн Путины Оросын хувьд ч гадаад Монгол нь эзлэн авч өөртөө хавсруулах сонирхол үл төрүүлэх говь цөл нутаг билээ. Тухайн үедээ Алс дорнодод аюул учруулаад байсан Япон, хожим хүйтэн дайны үед гүн зөрчилд орсон коммунист Хятадаас тусгаарлах жийргэвч бүс тэдэнд хэрэгтэй байсан учраас эхнээсээ Монголыг болбол тусгаар, эс болбол хяналтын нутаг байлгах сонирхолтой байлаа. Өргөн уудам нутагт цөөн тооны нүүдэлчид байнга байраа сэлгэн нүүх энэ нутаг нь цэрэг дайны хувьд тун ашигтай полигон юм. Хэдийгээр 1907 оны Орос-Японы нууц гэрээгээр гадаад Монгол нь Оросын нөлөөний бүс гэж тогтсон ч үүнийг Хятад болон Японтой наймаа хийх аятай хэрэгслэл гэж үзэж байсан болохоос өөртөө нэгтгэх санаа байгаагүй. Дэлхий даяар коммунизм ялуулна гэж сэтгэж байсан Лениний хийрхлийн үед Монголыг Хятадад коммунист халдвар тараах үүд хаалга гэж үзэж байлаа. Дараа нь Коминтерний хийрхэл дэгдэж коммунист туршилт тавихад нэн таатай орчин гэж үзэх болсон. Хүн ам нь гэхээсээ газар нутаг нь илүү хэрэгтэй гэсэн Шмералын тайлан ч бий.

Харин 1932 оноос гадаад Монголд хандах бодлогыг Сталин гардан авч коммунист хийрхлээс нь салган цэрэг дайны жийргэвч бүс байлгах чиглэл баримтлах болжээ. Юун түрүүн 1939 онд Халх голын хилийн будлианыг бараг дайны хэмжээнд тулгасан байлдаан болгосон нь энэ бодлого маш зөвийг баталсан юм. Дэлхийн дайн дуусахад ЗХУ-Хятадын гэрээний үеэр яагаад гадаад Монголыг тусгаарлах гээд байгаагаа Сталин маш тодорхой хэлсэн: “Би яагаад гадаад Монголыг авах гээд байгаа юм бэ гэвэл шулуухан ний нуугүй хэлэхэд энэ газар цэрэг стратегийн байр сууринаас бидэнд хэрэгтэй гэж үзэж байна”. Ийм ч учраас Монгол Улсыг Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаах Монголын удирдагчдын удаа дараагийн хүсэлтийг үл зөвшөөрсөн төдийгүй энэ балмад санаархлыг нь тун ёозгүй хүлээж авсан юм.

Гучин жил үргэлжилсэн Зөвлөлт, Хятадын зөрчилдөөний үед Монголд зуун мянган цэрэг байрлуулснаар стратегийн хувьд илт давуу байдал олж байлаа. Хятад руу гүн хонхойд орсон Монголын нутаг нь стратегийн хувьд шуудаар 700 км алсад орших Бээжинд хамгийн бодит аюул занал үүсгэж байсан. Зөвлөлтөөс Монголд оруулж байсан хөрөнгө оруулалтын илэрхий дийлэнх нь нүүдлийн мал аж ахуйг тэтгэхэд чиглэж байлаа. Энэ нь Монголыг Зөвлөлтийн армийг махаар хангах бааз гэж үзэж байсантай холбоотой.

Гэхдээ урт удаан хугацааны хамтын ажиллагааны үр дүнд хоцрогдсон нүүдэлчин ард түмнийг соёлжуулж, иргэншүүлж, үйлдвэржүүлж, соёлын их хувьсгал хийснийг үгүйсгэх ёсгүй.

Удахгүй болох сонгуулиар Путин Орос орныг дахин зургаан жил удирдана. Тэрний дараа дахиад зургаан жил засаглаж магадгүй ч алив юманд хязгаар байдаг болохоор нэг л өдөр дуусгавар болно. Дэлхийд гадуурхагдсан империалист энэ их гүрэн явж явж ягтаа тулна. Шинэ удирдлага, шинэ бодлого өөрийн эрхгүй үгүйлэгдэнэ. Нэгэн цагт хилийн цуст мөргөлдөөнд хүргэж байсан Даманы арлыг хятадуудад буцаан өгч байсны нэгэн адил Умард Манжуурыг найр тавин өгснөөр улстөр эдийн засгийн хүнд байдлаасаа гарахаас өөр аргагүй байдал буй болно.

Харин гадаад Монголыг яах вэ? Энэ үндэстэн өөрснөө өргөдлөө бариад Бээжинд очих тийм нөхцөлийг бүрдүүлж чадвал мөнөөх Каспаровын хэлсэнчлэн Монголыг Хятадад үнэ хүргэн зарах процесс болох юм. Хятадын эсрэг хийрхлийг Хятад-Зөвлөлтийн хүйтэн дайны үед монголчууд дунд чинээнд нь тултал хөөрөгдөж өгсөн. Бүтэн үеийг ийм байдлаар хүмүүжүүлсний инерци дахиад гучин жил хүчтэй үргэлжилсээр амой. Оросын хормой дор нуугдаж байгаад Хятадтай байлдсан ч ялна гэсэн гэнэн үзэл маш тархмал байдаг. Ард иргэдээ хятад цустай, эрлийз хурлийз, хятадын тал баримтлагч гэх мэтээр зохиомол ялгаварлал үүсгэж байгаа нь энэ үндэстнийг хагалан бутархах гол зэвсэг болсоор. Энэ бол Монголыг ирээдүйд үнэ хүргэн зарах гол хөзөр юм.

Өнөөдөр Монголын гадаад худалдаанд Хятад гол байр суурийг эзэлж буй боловч стратегийн хувьд Оросоос хамаарах хамаарал ноёлсон хэвээр байгаа. Харин сүүлийн үед стратегийн ноёрхлоосоо алхам алхмаар татгалзаж буйн нэг илрэл нь Эрдэнэт билээ. Нийгэм улстөрийн томоохон хагарал буй болгох зорилго нь даруй шууд үр дүнгээ өгч буй. Нөгөө талаас Хятадаас гэхээсээ Өрнөдөөр монголчуудыг айлган сүрдүүлэх, зохиомол хийрхэл явуулах, шууд гар хөл оролцох явдал улам нэмэгдсээр буй нь Тавантолгой, Оюутолгой, Ариава, Ханресорс зэрэг барууны хөрөнгө оруулалтын эсрэг кампанит ажлаар тод харагдах болсон. Гадны хөрөнгө оруулалт болон стратегийн алив сонирхол үгүй вакуумжсан гадаад Монгол илүү үнэ хүрнэ. Монголын улс төрийн сонгуульд улам идэвхитэй оролцон нөлөөлж байгааг АНУ-ын ТТГ ч нэр заан илчилж байсан. Ийм явдал 2004 онд болж байсан бол мөн 2016, 2017 онд ч давтагдсан билээ.

Хоёр хөрштэйгөө харьцуулахад өнөөгийн Монгол нь илүү ардчилсан, нээлттэй, чөлөөт орон юм. Гэвч эрх чөлөөний үнэ цэнийг ойлгодоггүй, чиглэсэн тодорхой бодлогогүй хүмүүст эрх чөлөө нь “Муу эрд халдага дараа” гэгчээр гай болох ч тохиолдол бий. Есүс цаазлуулж байхдаа “Тэнгэр минь, энэ хүмүүсийг өршөөж хайрла. Эд мэдэхгүй харанхуйдаа ингэж байгаа юм. Түүнээс цаад санаанаасаа муу хүмүүс биш” хэмээн энэрэл хайр хүсэмжилж байсан гэдэг.

2018.2.20

Categories
мэдээ нийгэм

Гоё хүүхэн одтой, хөх бич өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 21, Буд гариг. Билгийн тооллын 6, Гоё хүүхэн одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 7:47 цагт мандан, 18:22 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабар “Геополитик тоглоом” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугартай хийсэн ярилцлагыг тэргүүн нүүрнээс үзээрэй. Тэрээр “Арбитрын шүүхийн шийдвэрт миний нэр байвал би бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд очно” гэжээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Таван толгойн Цахилгаан станцын төслийн нэгжийн захирал Д.Батбилэг нар өчигдөр мэдээлэл хийснийг нэгдүгээр нүүрнээс уншаарай.

Сар шинээр Ардын жүжигчин цол хүртсэн Монголын бүжгийн их мастер Д.Нанжидтай хийсэн ярилцлагыг хүлээн аваарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Геополитик тоглоом” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсад айлчлах талаар мэдээ мэдээллийг улс төрийн тавдугаар нүүрнээс хүлээн аваарай.

“Төрийн Таван толгой хувийн хэвшлийг хорлоод зогсохгүй, нүүрсний үнийг гурав дахин унагаж байна” сурвалжилгыг эдийн засгийн дөрөвдүгээр нүүрнээс хараарай.

“Сахиусан тэнгэр”, “Ээжийн өвөр”, “Эхийн хайр” өгүүллэгүүдийг урлаг соёл нүүрнээс хүлээн авч уншаарай.

Цагдаагийн сургуулийн 326 дугаар дамжааны сонсогч О.Энхбилгүүн эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг барьсан билээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг цаг үе, залуус нүүрэнд хэвлэгджээ.

Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржийг “Оозумо пиа” сэтгүүлийн тусгай зочноор урин, түүнтэй хийсэн ярилцлагыг орчуулан та бүхэнд хүргэж байгааг дэвжээ нүүрнээс үзээрэй.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

Булган, Орхон аймагт гарсан шүлхий өвчний талаар мэдээлэл сонсч, үүрэг чиглэл өглөө

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Мал эмнэлэг үржлийн газрын Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Б.Цолмон нар Булган, Орхон аймгийн удирдлагуудтай шүлхий өвчний нөхцөл байдлын талаар цахим хурлыг өнөөдөр Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд хийлээ.

Хурлаар шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох газрын удирдлагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

Тухайлбал, шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын постыг чангатгах, иргэдийн ундны усны асуудалд анхаарах, голомтын болон хяналтын постуудад ажиллаж байгаа алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах, мэргэжлийн байгууллагууд мэдээллээ солилцон харилцан уялдаатай ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт Энэтхэг улсын “Фортис” эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Эмнэлгийн өндөр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээг хийх, эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, орчин үеийн эмчилгээ, оношлогооны мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллахаар Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Энэтхэг улсын “Фортис” эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг албан ёсоор үзэглэв.

Хамтын ажиллагааны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношлогооны чиглэлээр олон улсын сургалт, семинарт эмч, мэргэжилтнүүдийг хамруулах, удирдлагын болон эмнэлзүйн тусламжийн багуудыг туршлага судлуулах, эмчилгээ, оношлогооны тулгамдсан асуудал, туршилттай холбоотой онлайн зөвлөгөө мэдээлэл солилцох, эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чиглэлээр хамтран ажиллах, өвчтөн, үйлчлүүлэгчдийг оношилгоо, эмчилгээ хийлгэхээр илгээх зэрэг ажлуудыг хамтран хийх юм.

Хамтын ажиллагааны санамж бичгийг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Энэтхэг улсын Шинон Колабрэйтив Консултанси (Фортис Хэлткэйр компанийг төлөөлж) компанийн захирал Друв Шарма нар гарын үсэг зурж баталгаажуулсан ба “Фортис” эмнэлгийн Монгол Улсыг хариуцсан Менежер Гаурав Такрал болон Компаны төлөөлөл, Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтний төлөөлөл байлцав.

Талууд хамтын ажиллагаа эхэлсэнд баярлаж байгаагаа илэрхийлж, үйл ажиллагааг үр дүнтэй, эрчимтэй хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбар “зөөврийн дижитал рентген аппарат”-тай боллоо.

Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэй, Глобаль сангийн санхүүжилтээр “Дэвшилтэт шинэ технологи зөөврийн дижитал рентген аппарат” хүлээн авч анхны оношлогоог Жавхлант сумын иргэдэд үзүүлснээр Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд нэгэн том ахиц гарсан үйл явдал боллоо.

Тус аппаратын нээлтийн үйл ажиллагаанд Глобаль сангийн ерөнхий зохицуулагч хатагтай А.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон албаны хүмүүс оролцсон.

Сэлэнгэчүүд бид 2020-2024 он гэхэд “Сүрьеэгүй Сэлэнгэ” болохын төлөө зорилго тавин ажиллаж байна. Үүнд энэхүү зөөврийн дижитал рентген аппарат чухал үүрэгтэй юм.

Бид “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийн хүрээнд зөөврийн дижитал рентген аппаратаа ашиглан аймгийн хэмжээнд боловсрол, соёлын байгууллага, хилийн цэрэг, хүчний байгууллага, олон нийтийн зах, худалдааны төв, 9 сумын ард иргэд, хөрш Дархан уул аймгийн ЭМГ-н хүсэлтээр Шарын гол сумын ард иргэд нийт 18 нэгжийн 10000 гаруй хүнд цээжний хөндийн эмгэг илрүүлэх оношлогоог хийж 22 сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлж эмчилгээнд хамруулан амжилттай ажиллаж байна.

Сэлэнгэ аймагт ард иргэддээ орон нутагт нь хүрч үйлчилж буй “Халдварт болон халдварт бус өвчний цогц үзлэг”, сумын “Эрүүл мэндийн цахим сан” үүсгэх ажил үргэлжилсээр байна.

Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/147 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр үзүүлэх журам”, аймгийн ИТХТ-н тогтоол “Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг”-ийн цогц үзлэг оношлогоог 9 сумын 10800 гаруй иргэнийг хамруулан сум тус бүрт 3-4 өдөр ажиллан амжилттай зохион байгуулж байна.

“БИД ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙГЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ ХАМГААЛНА” уриатайгаар 13 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар, 6 төрлийн оношлогоо шинжилгээ, цээжний хөндийн эмгэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппарат бүхий баг, хэвтрийн өвчтэй ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр асаргаа, сувилгаа хийх баг, хүүхэд өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн зөвөлгөө өгөх багуудыг нэмэлтээр ажиллуулснаараа онцлог бөгөөд бидний бренд ажил үйлчилгээ болж байгаа юм.