ШӨХТГ-аас 2017 онд хийсэн онцлох ажил, хэрэглэгчийн өргөдөл, гомдол, хяналт шалгалтын үр дүн болон цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрөгч онд ШӨХТГ-аас нийт дөрвөн удаагийн хуралдаан хийж хорь гаруй асуудлыг хэлэлцэж, 19 тогтоол гаргажээ. Тухайлбал: Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоосон тав, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоосон 30, үнэ тарифт өөрчлөлт оруулсан хоёр ажлыг хийсэн байна. Мөн өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийн сацуу Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Өнгөрөгч онд иргэдийн гомдол, мэдээллийн дагуу асуудлыг шийдэн ажилласан бөгөөд нийт иргэдийн дийлэнх буюу
31.6 хувь нь Барилга, ОСНААҮ, СӨХ,
21.2 хувь нь Хүнс, худалдаа, үйлчилгээ
10.1 хувь нь Харилцаа, холбоо, мэдээлэл
5.5 хувь нь Банк, санхүү, даатгал
3.7 хувь нь Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудлаар хандсан байна.
Өнгөрсөн онд зөвлөн туслах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажилласан бол энэ жил гүйцэтгэлийн хяналт шалгалтыг түлхүү хэрэгжүүлж,хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, өрсөлдөөнд харш, хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох, орон нутгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, гомдол, саналыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч, орон нутагт чиглэж ажиллах юм байна.
МӨН ЭНЭ ҮЕЭР ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ, ХОМСДОЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ЮМ
ШӨХТГ-аас шатахуун түгээх станцуудын үнийн хөөрөгдөлт болон хомсдол үүссэнтэй холбогдуулан гурван ажлын хэсгийг гарган ажиллуулж байгаа юм байна. Одоогоор гурван шатахуун түгээх станц үнэ нэмж, хомсдол үүсгээд байгаа аж. Үүнд: Магнай трейд, Петровис, Сод Монгол группийн шатахуун түгээх станцууд гэдгийг илрүүлжээ. Уг гурван шатахуун түгээх станцын захирлуудтай уулзалт зохион байгуулсан бөгөөд тэд хомсдолоо зогсоон гэх бичиг ирүүлжээ. Өөр үнэ нэмсэн, хомсдол үүсгэсэн шатахуун түгээх станцууд байхгүй юм байна.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва ярихдаа”Өнөөдөр шатахуун түгээж, жижиглэнгээр борлуулж байгаа байгууллагуудад үнэ тарифаа нэмэх эрх байхгүй. Нэмэхгүй байх шаардлагыг манай байгууллагын зүгээс тавьж байна. Тэдэнд хязгаарлалт тогтоох шалтгаан байхгүй. Онцгой байдал зарласан, бензин шатахууны нөөц багассан тохиолдолд бензин шатахууныг хязгаарлах ёстой. Аж ахуй нэгжүүд шууд дур мэдэн хязгаарлалт тавих эрх байхгүй. Бидний хувьд үнэ нэмэхгүй, иргэдэд дарамт үүсгэхгүй байх чиглэлд анхаарал тавин ажиллана. Хомсдол үүсгэсэн, үнэ нэмсэн байгууллагын албаны хүмүүстэй уулзалт хийсэн. Өнөөдөр хомсдол үүсгээгүй гэж найдаж байна” хэмээлээ.
Шатахууны үнэ нэмсэн, хомсдол үүсгэсэн тухайн байгууллагууд ямар арга хэмжээ авах талаар ШӨХТГ-ын Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Тэрбиш хэлэхдээ “Өрсөлдөөний хууль болон зөрчлийн тухай хуульд заасан журмын дагуу зөрчлийн төрлөөс хамааран өмнөх жилийн борлуулалтын орлогын 4-5 хувиар торгодог” гэв.