Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Эрх баригчдын ард түмний халаасыг цөлмөж байгаа бодлоготой хатуу тэмцэнэ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Он гарснаар хэд хэдэн төрлийн татвар нэмэгдлээ. Ард түмний нуруун дээр хүнд ачаа болж байгаа татварын нэмэгдлийг сөрөг хүчний хувьд нэлээд эсэргүүцэж, Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Мөн УИХ татвар нэмсэн шийдвэрээ эргэж харж цуцлахыг танай намаас шаардаад байгаа. Эрх баригчид та бүхний шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ?

-МАНсонгуулиар мөрийн хөтөлбөртөө ямар ч төрлийн татварыг нэмэхгүй гэж амлаж гарч ирсэн. Гэтэл эрх баригч болонгуутаа өөрсдийнхөө амласан амлалтаа таг мартаад татвараа нэмж байгаад ард иргэд дургүй байгаа. Энд манай монголчуудын нэг сул тал байнга ажиглагдаад байна л даа. Ер нь УИХ-аас гарч байгаа шийдвэр болгон хүмүүсийн амьдралд шууд нөлөөлдөг. Жишээлбэл, ард түмний өнөөдрийн талхтай нь холбоотой асуудлыг өнгөрсөн 2016 оны хавар УИХ-аар хэлэлцэж байхад АН-ын бүх гишүүд эсэргүүцээд бараагүй. Чуулган дээр кнопын олноор асуудлыг шийдсэн. Тухайн үед “Татвар ингэж, ингэж өөрчлөгдөх гэж байна, ард түмний нуруун дээр хүнд ачаа болно шүү” гээд сөрөг хүчин ярьж, анхааруулсаар байхад иргэд чимээгүй байж байсан. Гэтэл аль хэдийнэ гарсан тэр шийдвэр нь өнөөдөр иргэдийн цалинд шууд нөлөөлөөд эхлэнгүүт дуугарч байгаад харамсаж байна. Энэ мэтчилэн УИХ-аас гарч буй хууль, тогтоол болгон хүмүүсийн амьдралд нөлөөлдөг. Ялангуяа хүн амын орлогын албан татварыг 15-25 хувиар нэмсэн нь буруу. Яг амьдрал дээр улс орныг чирч явдаг хүмүүс бол дундаж орлоготой иргэд байдаг. Тэд л хамаатан садан, ах, дүү нараа дэмжээд явдаг шүү дээ. Жишээлбэл, уул уурхайн томоохон компанид ажилладаг хүний ойр тойрныхон илүү боломжтой, орлоготой болоод ирдэг дээ. Ийм байдлаар улс орныг дундаж давхаргынхан чирч явдаг. Гэтэл “Та нар баян байж болохгүй, та нараас татвар авна” гэдэг бол буруу. Тиймээс энэ шийдвэрийг буцаах талаар АН-ын бүлэг Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Хариу нь 30 хоногийн дотор ирэх ёстой.

Хэрэв энэ хугацаанд ямар нэг хариу ирэхгүй бол бид хууль санаачилна. Харин хүлээж авахгүй бол өөр аргаар татварын нэмэгдэлтэй хатуу тэмцэнэ.

-МАН-ынхан ОУВС-тай байгуулсан гэрээний хүрээнд татвар нэмж байгаа гэж тайлбарладаг. Тэгвэл татвар нэмсэн шийдвэрээ цуцалбал гэрээг зөрчсөн болно биз дээ?

-ОУВС бол эд нарын өөрсдийнх нь явуулж байгаа бодлогын нүүрэн дээр тавьж буй зүгээр нэг зураг. Засгийн газар ОУВС-тай анх гэрээ байгуулж эхлэхдээ хүүхдийн мөнгийг 40 хувьд нь өгөхөөр тохиролцсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эрх баригчид сонгогчдын саналыг авахын тулд бүх хүүхдэд 20 мянган төгрөгийг нь өгөхөөр болоход ОУВС чимээгүй л байсан шүү дээ. Тэгэхээр эндээс тус сан татвар нэмэх шийдвэр дээр 100 хувь дэмжсэн байр суурьтай байж чадахгүй байгаа гэж харагдаж байна. Ер нь ОУВС-гийн зөвлөмжийг гайхаад байгаа юм. Тухайн үед төсвийн тодотголоор 499 тэрбум төгрөгөөр сайд нарын зардлыг өсгөчихөөд, долоон төрлийн татварыг нэмж дөнгөж 100 тэрбум төгрөгийн орлого оруулж байна. Тэгэхэд ОУВС эрх баригчдыг “Та нар 499 тэрбум төгрөгийнхөө зардлыг хас” гэж яагаад зөвлөж болоогүй юм бэ. ОУВС үнэхээр Монгол Улсын төлөө байгаа юм уу. Энэ эрх баригчдын дарга нарын зардлыг бууруулах тал дээр дуугарахгүй байж ядарсан ард түмнээс татвар нэмж ав гэж зөвлөөд байдаг. Ийм ОУВС-гийн зөвлөгөөг заавал дагах шаардлага байхгүй.

-Төр иргэдийн халаасыг хоосолчихоод багахан хэсгийг нь буцаагаад халамж хэлбэрээр тарааж байгаад нийгэм шүүмжлэлтэй хандаж байна. Халамжийн бодлогод та ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж шүүмжилнэ. Татвар төлөгчид зүтгэж, зүтгэж татварын орлогын төлөвлөгөөг сүүлийн хоёр жилд давуулан биелүүллээ. Энэ бол өнгөрсөн хугацаанд Чингис Самурай бондын хүрээнд хийгдсэн том том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтуудтай холбоотой. Чингис, Самурай бондын төслийн хүрээнд нийтдээ 15 том төсөлд зээл олгосон. Үүний үр дүнд манайх цементээ гаднаас авах шаардлагагүй болсон. Цементэд гадагшаа өгдөг байсан мөнгө нь монголдоо үлдэнэ гэсэн үг. Дээрээс нь 888 аж ахуйн нэгжүүдийг шалгаруулаад 1000 гаруй төсөлд зээл өгсөн. Тэд экспортыг дэмжиж, импортыг орлосон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Энэ болгоны үр дүнд гадагшаа гарч буй валютын урсгал багассан. Дээрээс нь ажлын байр нэмэгдэж, үйлдвэрлэл явуулахаар орлого нэмэгдэнэ. Ингэж сүүлийн хоёр жил дарааллан татварын орлогыг нэмэгдүүлж чадсан. Гэтэл үүнийгээ буцаагаад халамж болгон тараадаг байж болохгүй. Өөрөөр хэлбэл, нөхөр нь ажиллаж, ажиллаж хоёр сая төгрөгийн цалин аваад ирэнгүүт татварыг нь нэмж улсын орлогод авчихна. Тэр авсан татвараа буцаагаад эхнэрт нь халамж болгоод өгчихөж байна. Тиймээс татвар нэмсний ямар ч ялгаа байхгүй.

Халамжийн бодлогын хүрээнд 2016 онд нийтдээ 270 орчим тэрбум төгрөгийн халамж өгч байсан. Гэтэл ирэх жилд 680 тэрбум төгрөгийн халамж тараах гэж байна. Татвар нэмэгдсэнээр эдийн засгийн бодитой өсөлт бий болохгүй, бүтээн байгуулалт, шинэ зүйлийг МАН хийхгүй байна. Дээрээс нь Засгийн газар ямарваа нэгэн зоригтой алхам хийхгүй байгаа. Энэ болгоныг шүүмжилж байгаа хүмүүсийн амыг эрх баригчид халамжийн бодлогоор хааж байна.

-Хүн амын орлогын албан татвар 15-25 хувиар нэмэгдсэн. Үүнийг Засгийн газар тайлбарлахдаа “Өндөр цалинтай хүмүүсээс өндөр татвар авдаг дэлхийн жишгийг дагасан” гэлээ?

-Бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэтгэвэр авч байгаа хүмүүстээ дэлхийн жишигт хүрсэн тэтгэврийг нь өгчихөөд насыг нь уртасгах хэрэгтэй. Ажил хийж байгаа хүмүүстээ дэлхийн жишигт хүрсэн цалин өгдөг болчихоод татвараа авдаг байх ёстой. Өнөөдөр 70 мянган дундаж орлоготой иргэдээсээ татвараа нэмж авчихаад 43 тэрбум төгрөгийн орлого олох юм байгаа. Гэтэл нийтдээ төсвийн зардлыг 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Энэ алдагдлаа УИХ-ын болон Засгийн газрын гишүүдийн зардлыг танаж байгаад олох боломжтой. Гэтэл өөрсдийнхөө зардлаа багасгаагүй байж ард түмний халаас руу өнгийсөн бодлого явуулахад хүмүүсийн дургүйцэл дээд цэгтээ хүрч байгаа нь зөв шүү дээ.

-Гадны жишигт ард түмнээ татвараас чөлөөлөх олон аргыг хэрэглэдэг юм билээ. Тухайлбал, АНУ гэр бүлийн нэг хүн цалин авдаг бол түүний орлогыг бүх гишүүдэд хувааж татвараас чөлөөлөх бодлого явуулж байна. Манайд ийм маягаар татварын уян хатан бодлого явуулж болдоггүй юм болов уу?

-Улс орнуудад татвар авдаг олон төрөл бий. Ер нь бол улс орнууд ихэнхдээ цалингийн орлогыг гэр бүлээ тэжээдэг гэж ямагт нэгдүгээрт тавьдаг. Тиймээс гэр бүлийн гишүүдийн тоо, тэдний зардал зэргээс хамаарч татвар авдаг бодлого байна. Бид 2007 онд дөрөв арвын татвар гэж бий болгосон. Энэ бол үнэхээр зөв бодлого байсан. Ер нь нийгмийг тэгшитгэх, бүгдээрээ ядуу байх ёстой гэдэг байдлаар дундаж орлоготой иргэдээсээ татвар авдаг нь буруу үзэгдэл. Яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө боловсрол, мэргэжлийнхээ төлөө илүү зардал гаргаж, зүтгэж, чармайж байж цалин авах хэмжээнд хүрсэн байж таарна. Гэтэл буцаагаад яагаад их татвар төлөх ёстой юм бэ. Тиймээс үүн дээр нэлээд хатуу байр суурьтай байгаа. Цааш цаашдын арга хэмжээг манай бүлэг аваад явна.

-Сүүлийн үед таныг Д.Мурат гишүүнтэй их дотно мэтээр мэдээлэл цацагдах боллоо. Үнэхээр Д.Мурат гишүүнтэй нэр холбогдсон эмэгтэйн ярьсан шиг Казахстанд очоод хүүхэн шуухны асуудал болсон юм уу?

-Ард түмний халаасанд шатахууны үнэ, татварын нэмэгдэл асар их нөлөөлж байна. Дээрээс нь тэтгэврийн нас нэмэгдлээ. Энэ нь нийгмийн бухимдлыг асар их бий болгож байна. Нийт массын бухимдал, нийгмийн анхаарлыг өөр зүгт хандуулахын тулд аливаа хүмүүсийн жижиг, сажиг асуудлыг гаргаж ирж, хар пиар цацаж, асуудлаас холдуулдаг хар технологи байдаг. Энэ аргыг ашиглаж, худал мэдээлэл цацаж байгаа хэрэг. Сошиалаар мэдээлээд байгаа шиг тийм зүйл огт болоогүй. Байгаа ч үгүй.


Categories
мэдээ цаг-үе

С.Дулам: Монголын соёлын чанд дохио, кодыг бид үр хойчдоо, хүн төрөлхтөнд түгээх цаг нь иржээ

Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дуламтай ярилцлаа.

-Ардаараа овоглодог, Ардын багш гэх энэ эрхэм хүндтэй цол хүртсэнд тань баяр хүргэе. Энэ цолыг авна гэсэн хүлээлт танд байв уу?

-Миний хувьд нэг их хүлээгээд байсан зүйл байхгүй. Харин миний өмнөөс хүмүүст их хүлээлт байж ээ гэсэн бодол төрсөн. Би нүүр номтой болоод нэг их удаагүй байна л даа. Нэг мэдсэн чинь л 5000 найзтай, мянга гаруй дагагчтай болчихсон. Тэд намайг Ардын багш болсны дараа баяр хүргэж, санал сэтгэгдлээ бичиж байна. “Нүдээ олсон, эзнээ олсон шагнал байлаа” гэсэн байгаа юм. Тэгэхээр олон түмний дунд хүлээлт байж ээ гэж бодсон.

-Та нүүр номдоо Цагаан сарын ёс заншил, өв уламжлалын тухай өргөн цар хүрээтэй мэдээлэл оруулж байгаа юм билээ. Хүмүүс маш их сонирхож, танаас асууж, лавлаж, талархан хүлээж авч байгаа харагдсан?

-Шинэ он гараад л Монголд Цагаан сарын уур амьсгал орчихдог шүү дээ. “Цагаан сарын бэлгэдэл” гэдэг номоо би 1992 онд гаргасан байгаа. Цагаан сарыг түүхэн талаас нь, ёс заншил бэлгэдэл талаас нь бичсэн байдаг. Тэр номоо сүүлийн хэдэн жилийн хугацаанд нэлээн баяжуулж, тэлснээ нүүр номын найзуудтайгаа хуваалцаж байна. Үүнээс хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ мэдээд аваг, нэг мөр бодол санаатай болцгоог гэж бодсон юм. Болж өгвөл цагаан сарын шинийн нэгнээс өмнө багтаагаад оруулаад дуусгах санаатай байна.

-Нэмж баяжуулсан байдлаар нь дахин хэвлээд гаргавал хүмүүст их хэрэгтэй л юм байна даа?

-Хэвлүүлэх санаа их байна. Гэхдээ мөнгө цаасны зардлаас эхлээд асуудал бий. Манай МУИС-ийн профессорын баг миний урьд нь хэвлүүлсэн “Цагаан сарын бэлгэдэл” номыг англиар орчуулаад, монгол соёлын тайлбар толь болгоод гаргачихсан байна лээ. Орчин үеийн залуус хийгээд, гадаад хүмүүст нэлээн хэрэгтэй бүтээл болжээ гэж харсан.

-Та МУИСургууль гэдэг их айлд дөч гаруй жил багшилж, Монголын мянга мянган оюутныг оюунтан болгон гаргахад үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн хүн. Тэр үеэ эргэн дурсахгүй юу?

-Би өөрөө уранзохиолын багш хүн болохоор уранзохиолын дугуйлангаар дамжуулж оюутнуудтай холбогддог байлаа. Тэр үед залуусын хамгийн их сонирхдог зүйл бол уранзохиол, яруу найраг. Манай МУИС-ийн уран зохиолын дугуйлангаас уранзохиолын таван үе гарч ирсэн гэж нүүр номд манай нэг шавь бичсэн байна лээ. Энэ ч үнэхээр үнэн. Өнөөдөр Монголын нийгмийг өнгөлж байгаа, гялайж, гялтайж байгаа хүмүүс чинь бүгд манай дугуйлангийн хүүхдүүд байна шүү дээ. Өгүүллэгийн нэрт мастер П.Баярсайхан, Далхаагийн Норов, Дамбын Төрбат, Б.Цэнддоо, яруу найрагч Бя. Энхтуяа гээд л олон хүнийг нэрлэж болно. Миний бодлоор жинхэнэ чөлөөт сэтгэлгээ хөгжих гал голомт тэнд байсан. Манай Га багш түүгээрээ их буруудсан. Төв хорооны тогтоолд нэр ус нь дурдагдаад л, уран зохиол чөлөөтэй байх ёстой гэж номлол их сургууль дээр үүссэн. Үүнээс болж марксизм, ленинзмээс гажсан, хөрөнгөтний гэмээр хэсэг бүлэг хүмүүс гарч ирж байна гэсэн утгатай Төв Хорооны тогтоол гарч байлаа. Энэ тухай Монголын түүхийн таван ботид хүртэл бичээтэй байдаг.

-Та ч мөн Ш.Гаадамба багшийн дугуйланд явж байсан. Тэр үеийн залуус уранзохиолд тэгтлээ их татагдаж, энэ дугуйланд идэвхтэй явдаг байсны нууц нь юунд байв аа?

-Би өөрөө уранзохиолын дугуйланд анх очсон өдрөө тод санадаг юм. Намар хичээл эхлээд нэг их удаагүй байсан болов уу. МУИС-ийн Төв байрны 119 тоот лекцийн танхимд уранзохиолын дугуйлан хичээллэх тухай зар сонсоод би хэдэн муу халтар шүлгээ өвөртөлчихөөд эв нь таарвал шүлгээ уншчихья гэж бодоод л яваад очлоо. Танхим дүүрэн хүүхэд байна. Ийм олон зохиолчтой байдаг юм бол “Би ч барахгүй юм байна” гэж бодоод л байж байлаа. Тэгж байтал нэг намхандуу халзан хүн ороод ирсэн. Хүн бүхэн Га багш, Га багш ирлээ гэлцээд л. Дугуйлангийн хичээл эхлээд л Га багш маань уранзохиолын тухай ярьж гарлаа. Нэлээн ярьснаа шүлгээ унших хүн байна уу гэсэн чинь Хэнтийгээс гаралтай Төмөртогоо гэдэг оюутан хоёр, гурван зузаан дэвтэр гаргаад ширээн дээр падхийтэл тавьж байна. Дүүрэн шүлэг. Би уншина аа л гэлээ. Түүний зориг зүрхийг би бахархаж байна гэж жигтэйхэн. Надаас ер нь тийм зориг гарахгүй нь ээ. Энэ зүрх чинь хагарах гэж байгаа юм шиг цохилоод, өвөртөлсөн цөөхөн юм аа гаргаж унших гэхээр зүрх хүрэхгүй. Тэгсэн нөгөөх чинь дуусдаггүй. Нэлээн хээгүй хувцасласан нөхөр, за бараг нус мус нь гоожсоннөхөр байсан санагдана. Хааяа нэг шударчихаад л уншаад байсан. Тэр мөн ч аварга санагдаж билээ. Тэгж л уранзохиолын дугуйланд хөл тавьж байлаа. Тэр үед утгазохиолын дугуйланг удирддаг хүмүүс чинь тавдугаар курсийн том ах нар. Зохиолч Д. Цэмбэл, Ломбын Нямаа гээд л мундагууд. Тэд нар дандаа л дэлхийн том яруу найрагчдын тухай, тухайн үеийн Оросын Евтушенко, Вознесенский нарын шүлэг яруу найргийг нь уншаад л, шүүмжлээд л лут юм аа. Яаж тэд нарын энд хүрдэг билээ гэж бодогдсон. Уранзохиолын сонирхол тэр цагийн оюутнуудад үнэхээр их байсан. Тэр дугуйлан чинь тардаггүй байлаа шүү дээ. Одоо манай дугуйланг миний гарын шавь Д.Нямдорж гээд маш онгод, мэдрэмжтэй, авьяастай хүү удирдаж байгаа.

-Та бол Бямбын Ринчен, Чой. Лувсанжав багш гээд Монголын оюун санааны оргил болсон нэрт эрдэмтдийн гараар орсон, тэдний хойч үе, залгамж болсон хүн шүү дээ. Багш нарынхаа тухай эргэн дурсаач?

-Тэгэлгүй яахав. Ахмад үеийн эрдэмтэн, мэргэн багш нар маань сэрүүн тунгалаг байсан цаг шүү дээ. Чой.Лувсанжав багштан, Б.Ринчен багштан маань байна. Тэр үеийн угсаатны зүйн мундагууд болох Нямбуу багш, Бадамхатан багш гээд олон хүмүүс бий. Тэдний судалгааны аргазүйгээс судалж, суралцсан. Сургуулиа төгсөөд Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн Буддын судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтнаар очдог юм бил үү гэж бодож байлаа. Төвд судлал, Төвдийн утгазохиолоор явах бодолтой байсан юм. Намайг энэ замд оруулсан хүн бол Чой.Лувсанжав багш маань шүү дээ. Тэгээд л сургуульдаа багшаар үлдээд, судалгааны ажлаа үргэлжлүүлж хийх болсон. Тэр үед миний судалж байгаа зүйл нэг их айхтар үнэ цэнтэй зүйл байгаагүй. Монголын гэсэн юмыг нэг их дээш нь гаргах дургүй, монгол ёс заншлаас суралцах дургүй, хуучны хоцрогдсон зүйл гэж үздэг байлаа. Түүнийгээ оюутнуудад айхтар их сурталчилвал хуучин феодлын ёс сурталчиллаа, үндэсний үзэл гаргалаа гэж хэл аманд орж мэдэхээр үе шүү дээ. Тэр үед гэхдээ би ярьдаг юмаа ярьсаар л байсан. Гэхдээ одооныхоос арай аядуу байдлаар, хүмүүст илүү сонирхолтой хэлбэрээр ч юм уу, гарцаагүй ярих ёстой юм гэдэг үүднээс ярьж байлаа. Хамгийн гол нь би тэр үед өөрөө санаачлаад Монголын хязгаар нутгуудаар судалгаа, шинжилгээний ажлууд хийж явсан юм. Увс, Ховдын угсаатны бүлгүүд, тэдний дунд настайчуултай их уулзаж, янз бүрийн эх хэрэглэхүүн цуглуулсан. Нутгийн аялгууны үгсээс эхлээд л тэр бүхэн маань хожмын судалгааны ажилд их хэрэг болсон. Арай жаахан чөлөөтэй болоод ирэхээр Дорнод, Хөвсгөлөөр явсан даа.

-Та нэг ярилцлагадаа Италичууд итали хүүхдийг төлөвшүүлэхийн тулд Дантегийн “Тэнгэрлэг туульс”-ийг уншуулдаг гэж байсан. Монголчууд монгол хүүхдийг төлөвшүүлэхийн тулд юуг уншуулах ёстой вэ?

-“Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”, “Эрийн сайн Хан Харангуй”-г уншуулах ёстой. Энэ зохиолуудыг хүүхэд уншаад, ойлгоход хүнд хэцүү гэж бодох хэрэггүй. Түүнийг хэрхэн яаж ойлгуулах нь уранзохиолын багшийн үүрэг. Үндэсний утгазохиолыг хүүхэд бүр багаасаа үзэж, судлах ёстой. Үүний ач холбогдлыг хэмжээд баршгүй юм.

-Та бол монгол хэл соёл, өв уламжлал, соёлын дархлааны талаар хамгийн их ярьж, жинтэй хувь нэмрээ оруулсан хүн. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хэрэгжилт ямар түвшинд байгаа бол. Танд юу мэдрэгдэж байна?

-Хэрэгжилт ямар түвшинд байгааг нарийн сайн мэдэхгүй байна. Надад мэдрэгдэж байгаа нэг зүйл бол соёлын өв гэдэг бол давтагдашгүй үнэт зүйл, үүнийг хайрлаж, хамгаалах ёстой гэдгийг олон хүн мэддэг болжээ. Гадныханд алдаж болохгүй, өөрсдөө үүнийгээ хөгжүүлж, контент болгож, урлаг соёлын бүтээл болгох ёстой гэдгийг ойлгодог болсон. Тийм учраас соёлын аж үйлдвэр хөгжүүлэх тухай, хэд хэдэн томоохон хурал зөвлөгөөн болоод түрүүчээсээ хэрэгжээд явж байна.

-Та энэ ажилд манлайлан оролцож байгаа хүмүүсийн нэг?

-Чадлын хэрээр оролцож байна. Их сургуулиас тэтгэвэрт гарсны дараа СУИС-д ирсэн гол зорилгын нэг юм. Жишээлбэл, хадны зургийг судалж, монгол бэлгэдэл зүй, дүрсийн болоод дохио зангааны бэлгэдлийн кодуудаар тайлж, үүний үндсэн дээр эртний этно модерн бүжгэн жүжиг бүтээгээд байна. Хоёр ч бүжгэн жүжиг гаргаад, одоо гуравдахиа хийж байгаа. Энэ мэтээр соёл урлагийн инноваци бол иймэрхүү байх ёстой гэсэн чиг баримжаа бий болгоод байна.

-Энэ сайхан бүтээлүүдээ дэлхий нийтэд гаргахын тулд яах ёстой вэ?

-Энэ ажлыг хариуцах ганц мэргэжлийн биш хүн нь би байж байдаг. Энэ талаар гэвэл ноднин Боннын их сургуульд лекц уншиж, өвөлжлөө. Германы урлаг соёлыннэг агентлаг бидний бүжгэн жүжгийг сонирхоод Германд тоглуулъя гээд хамтран ажиллаж байгаа. Харин манай Сосорбарам дүү маань энэ талаар сонирхолтой санаанууд их хэлж байсан. Сосорбарам маань сүүлийн хэдэн жил монгол урлаг гэж юу байдгийг Японд үндсэндээ таниулж байна. Тэгэхээр энэ мэтчилэнгээр гадагш нь чиглүүлэх юм бол маш сонирхолтой бүтээл болох ирээдүй боломж харагдаж байгаа гэж боддог.

-Өнгөрсөн жил Д.Сосорбарам гуайн “Жамаас” дууг Япончууд худалдаж авсан гэдэг?

-Тийм байх. Тэр болгоныг нарийн мэдэхгүй байна. Лав л Монголын язгуур урлагийн хамтлаг, бүжиг, морин хуур зэргийг Тайвань, Хятад, Япон зэрэг улсууд айхтар сонирхох болсон. Энэ сонирхлыг нь дагуулаад бүжгэн жүжгийг тэнд яаж гаргах вэ гээд сонин сонин санаанууд хэлж байна лээ. Хүний бүтээлийн нууцыг энд задалмааргүй байна.

-Даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд бид яаж өөрсдийнхөө өв соёлыг авч үлдэх вэ. Бидний соёлын дархлаа юунд оршиж байна?

-Манай Монголын соёлын чанд дохио, код гэж нэг юм байна. Энэ бол зүгээр нэг хэдхэн жилийн настай зүйл биш. Энэ бол хэдэн зууны настай.Энэ зүйл маань өнөөдөр бидэнд хүрээд ирсэн гэж хардаг. Олон мянган жилийн түүхэн донсолгооныг даваад бидэнд ирээд байна. Тэгэхээр бид үүнийгээ цааш нь үр хойчдоо уламжлуулах, хүн төрөлхтөнд тархаах ийм нөхцөл бүрдсэн байна гэж харж байгаа. Хамгийн энгийн жишээ хэлье. Өнөөдөр дэлхийг дамнасан том нэгтгэл болсон лего тоглоом гэж бий. Энэ жишээгээр Монголын шинэ соёлыг бүтээх боломж байна. Манай хэдэн залуучууд нэгдээд монгол гэрээр яг ийм тоглоом хийгээд түүнийгээ надтай зөвлөж, Монголын соёлын бүх кодуудыг англи, монголоор жагсаасан байгаа. Тэр тоглоомоо “Наад бренд” гэж нэр өгөөд бүх салбаруудаар худалдаалж байна. Энэ бол монгол соёлыг дэлхий дахинд түгээх нэг сайхан боломж юм. Миний сонссоноор МҮХАҮТ-ын хамгийн шилдэг гарааны компани шагналыг манай Наад брэндийн залуучууд авсан байна лээ. Энэ бол ганцхан монгол гэрээр зогсохгүй зүйл юм. Ер нь би нэг зүйлд айхтар итгэлтэй байгаа.

-Юунд?

-Хүн төрөлхтөнд сонголтгүйгээр оноосон нэг л цэнхэр гариг бий. Энэ цэнхэр гаригийнхаа нөөцийг сүүлийн хэдэн жил бид тун харамгүй залгилжээ. Өнөөдөр дэлхий дээрх, байгаль ээжийн нөөц баялаг шавхагдаж байна. Бидний ойр хавьд хоёр дахь дэлхий гэж байхгүй. Бид хоёр, гурав дахь дэлхийг хайхаасаа өмнө энэ цэнхэр гаригаа хайрлаж хамгаалах хэрэгтэй юм. Үүнийг хайрлаж хамгаалах хамгийн гол гүн ухаан нь хэнд байдаг юм гэвэл нүүдэлчдэд байна. Яаж хамгийн бага зүйлээр хангалуун сайхан амьдарч болох тухай ухаан бидний өвөг дээдэст байжээ. Минималист гэж ярьдаг шүү дээ. Ний нуугүй хэлэхэд өрнө дахины соёл иргэншил үүнийг сүйтгэсэн гол зүйл. Үүнийг бүгд мэдэж, хүлээн зөвшөөрч байгаа. Яаж бага зүйлээр хангалуун сайхан амьдарч чадсан бэ гэдгийг дэлхий нийт сонирхож эхэлсэн. Энэ бол ирээдүйн хүн төрөлхтний байнгын анхаарч, сонирхох зүйл байх болно. Ингэхээр монгол соёл судлаачдын үүрэг маш их болно. Тийм болохоор би мэргэжлийнхээ ирээдүйд айхтар итгэлтэй байдаг даа.

-Таныг Францын Турын их сургуулийн профессор Бианки Изабел “Өрнөдийн шинжлэх ухааны хил зөрчсөн хүн” гэж онцлоод намтарчилсан ном бичсэн байгаа шүү дээ. Яагаад ингэж нэрлэсэн юм бол?

-Миний бичсэн зарим бүтээлүүд тухайлбал, бэлгэдэл зүй, монгол домог зүйн судалгааг би Монгол нутагт, их сургуульд ажиллаж байхдаа бичиж байлаа. Тэр үед өрнийн шинжлэх ухааны тухай ямар ч ойлголтгүй, Оросоос өөр газар явж үзээгүй байсан юм. Гэхдээ энэ номд бичигдсэн зүйлсийн нэлээд нь тэнд яригддаг, тэдэнд хэрэгтэй зүйлийг олж харсан гэдэг утгаар л тэгж хэлсэн болов уу. Жишээ нь тэмдэг зүй гэдэг ойлголт бол Америкийн сэтгэгч, эрдэмтэн Чарльз Пийрс гэдэг хүний гаргасан зүйл. Тэмдгийн соёл, тэмдгийн ухааны тухай юу ч олж үзээгүй байхдаа Чарльз Пийрсийн томьёолсон гурван зүйлийн нэг болох бэлгэдэл гэдэг зүйлийг монголынхоо соёл дээр, судалгааны явцдаа олж хараад дэвшүүлээд гаргасан байгаа юм. Тэдний бодсоноос арай өөр, гэхдээ гарцаагүй бодит зүйл дээр тулгуурлаж бичсэн байжээ гэж бодсон. Бэлгэдлийн кодууд, цогцолборууд гэх мэт зүйлс тэдэнд их сонирхолтой санагдсан байх л даа.

-Бас таны яриад байгаа нүүдэлчдийн соёл уламжлал тэдэнд сонирхолтой санагдсан болов уу?

-Тийм байх. Турын их сургуульд нэг удаа лекц уншихаар очихдоо Леонарда Да Винчи амьдралынхаа сүүлийн хэдэн жилийг өнгөрөөсөн шилтгээнд орж үзсэн юм. Тэнд Да винчигийн бичсэн онч мэргэн үгнүүдийг ханан дээр сийлсэн байсан. Тэнд байсан нэг үг нь яг манай монгол өвгөдийн үзэл, сургаал, номлолтой адил утгатай байсныг тодхон санаж байна. Байгаль хэзээ ч худал хэлдэггүй, хуурдаггүй, хүн л худал хэлж, хуурдаг гэсэн байсан. Байгалийн жам гэдэг зүйл бол тогтмол байдаг. Үнэн зүйл. Энэ үнэн, тогтмол зүйлийг монголчууд хүндэтгэж, дагаж амьдрахыг өвгөд маань мэддэг байж. Энэ хоёр үг ялимгүй өөр болохоос цаад мөн чанар, санаа нь адилхан байсан.

-Энэ хорвоо дээр хүн болж төрнө гэдэг маш том хувь тавилан. Энэ их хувь заяанд эзэн болж, амьдарсан шиг амьдарна гэдэг том бахархал юм. Таны хувьд амьдралын утга учир, юунд оршдог вэ?

-Би Монгол нутагт төрсөн хувь заяандаа өглөө босох болгондоо баярладаг. Бидний өвөг дээдсийн агуу их байгальч үзэл, би байгальч үзэл гэж нэрлэе л дээ. Байгаль ертөнцийн жам ёсонд тааруулж, хэрэглээгээ зохицуулах ухаан. Энэ бол ний нуугүй хэлэхэд хүн төрөлхтний хамгийн удаан оршин тогтнох арга ухааны гол үндэс байсан байна. Үүнийг судална гэдэг бол ганц монголчууд биш бүх хүн төрөлхтөнд хамаатай хэрэгтэй зүйл юм. Орчин үеийн технологийн хөгжлийг бүрэн үгүйсгээгүй байна. Энэ хөгжил маань аль болохоор байгалийн жам ёсонд харгалзсан, зохицсон байвал бидэнд хэрэгтэй юм шүү гэдэг талаас нь ярьж байгаа юм. Үүнд бидний судалгаа, хийж байгаа зүйл их чухал үүрэгтэй. Үүгээрээ Монголын урлаг соёл чухалд тооцогдож байна. Хязгааргүй хэрэглээ гэдэг бол хамгийн балмад зүйл. Тун бага зүйлээр сэтгэл ханамжтай, аз жаргалтай амьдарч болох байтал бид хэтрүүлээд үрэн таран хийсэн, дэндүү үрэлгэн хэрэглээтэй байсан. Энэ нь эргээд хүн төрөлхтөнд цохилт болохоор байна. Өөр гариг дээр очсон ч цэнхэр гариг дээр байсан шиг жаргалтай амьдарч чадахгүй болов уу. Байгаа зүйлдээ сэтгэл ханах, байгаа зүйлдээ ханах нь аз жаргалын эх үүсвэр юм шүү дээ.

-Таны амьдралдаа хамгийн их баярладаг бас харамсдаг зүйл юу вэ?

-Аав ээж хоёртоо л маш их баярлаж явдаг. Манай Баянхонгор аймгийн Баянбулаг суманд Сэрүүн булаг гэж сайхан зуслангийн газар байдаг. Аав ээж хоёр минь тэр зуслангийн газраас тэмээгээ ачаалаад малаа туугаад хичнээн хоног нүүж, Байдрагийн дунд сургуульд намайг сургах гэж халуун нар, хүйтэн бороонд шавшуулан өөрийнхөө ганц эрх хүүхдээ сургуульд сургах гэж ирж байсан үе надад тодхон санагддаг. Энэ бол өөр хэн ч хийж чадахгүй, хэзээ ч чадахгүй тийм зүйл юм. Тэр хүмүүсийн буянаар би энэ дайтай явж байна.

-Таныг аав ээжийнхээ өргөмөл хүүхэд байсан гэдэг?

-Тэгэлгүй яахав. Тэр үед миний эрх танхи, ааш авир гэж тэсвэрлэхийн аргагүй байлаа. Манай нутгийнхан Сэндэнжавын хүүхэд хэзээ ч хүн болохгүй гэж ярьдаг байсан. Одоо ч гайхдаг. Харин миний ээж, аав хоёр “Миний хүү жаахан огцом ууртай болохоос ухаантай хүү шүү. Сайн хүн болноо гэдэг байсан. Тэр их хайрыг би юутай зүйрлэхээ мэддэггүй. Жаахан байхдаа бол ээжийг үнээнд нь гаргадаггүй байлаа. Тэгээд аав, ээж хоёр минь ганц хүүгийнхээ нулимсыг бараад яахав гээд үнээгээ зэлээр нь, хонио холбоотой нь зарсан нэртэй айлд зүгээр өгч байсан юм шүү дээ. Намайг уйлуулахгүй гэж л тэр. Тэр хоёрыгоо бодохоос илүү баяр баясгалан гэж надад байхгүй.

-Аав ээжийгээ хожим яаж баярлуулсан бэ?

-Их сургуулийн багш болоод аав ээж хоёрыгоо нэгдлийн ялтай малнаас нь салгаж, Чингэлтэйд авчирч хашаа байшинд амьдруулсан. Хоёр үнээ авч өгсөн. Гэхдээ энэ бол хүүхэд бүрийн хийдэг л зүйл.

-Харин танд амьдралдаа харамсаж явдаг зүйл бий юу?

-Айхтар харамсдаг зүйл байхгүй ээ. Монголынхоо олон газраар явж чадаагүй гэж боддог. Миний уулзах ёстой байсан, маш их үнэ цэнтэй мэдээлэл агуулж байдаг нэргүй мэргэдүүдтэй уулзаж чадалгүй, мөнх бусыг үзүүлснийх нь дараа очсондоо харамсдаг. Хуучин цагт, 1984 онд би Увс аймагт явж байлаа. Наранбулаг суманд Ямаан самган гэж нэг удган байдаг гэж сонсоод очиж уулзъя гээд очсон. Тогтохын шил гээд их олон адилхан аараг толгодтой газар давхисаар байгаад арай чамай олсон. Гурван аараг толгодын дунд ганц гэр байлаа. Яваад орсон чинь нэг залуухан бүсгүй гал түлээд сууж байна. Нэг настай эмгэн буурал үстэй цаашаа хараад хажуулаад унтаж байна. Сэрэхээр нь аминдаа л бөө мөргөлийн тухай сонин сайхан юм сонсох гээд нэг өдөржин юм асуугаад надад юу ч хэлж өгөөгүй. Дэвтэрийн тал хуудас юм тэмдэглэж авсан юм. Яагаад надад ярихгүй байсан учрыг нь би жилийн дараа олсон. Тэр хүн маань бөөгийнхөө ажлаас болоод аймгийн аюулаас хамгаалахад байцаагдаад хамаг хувцас хэрэглэлээ хураалгасан байсан юм билээ. Харин охиныг нь намд элсүүлээд ээжийгээ ийм зүйл яриулж, хийлгэж болохгүй гэдэг хориг тавиад байж. Ярьж чадахгүй, айж байхад нь би очсон юм билээ л дээ. Намайг туршуул гэж бодсон байх. Жишээ нь үүнд би маш их харамсдаг. Бөөгийн тухай ямар ч мэдээлэлгүй үед тийм сайхан мэдээллийн эх сурвалжтай уулзчихаад юу ч олж мэдэж чадаагүй.

-Гэхдээ энэ таны буруу биш шүү дээ?

-Тийм л дээ. Гэхдээ л харамсалтай. Тэр хүн юу ярих байсан бол гэж боддог. Энэ бол ганц надад хамаатай зүйл биш. Монголын соёлын өв уламжлалын нэг цул алтыг би гээгдүүлсэн гэж бодогддог.


Categories
мэдээ цаг-үе

Авто худалдааны цогцолборт 2000 машины сул зогсоол үлджээ

– ӨМНӨД МОНГОЛЧУУДТАЙ ХАМТАРСАН “ДЭЛХИЙ ДАЯАРГЭХ КОМПАНИ АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРТ 500 МАШИНЫ ЗОГСООЛ ТҮРЭЭСЭЛДЭГ ГЭВ –

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу хуучин 22-ын товчоо орчим байрлах “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагааг сурвалжлахаар өнгөрсөн бямба гаригт очлоо. Уг нь цагаан сарын баяр дөхчихсөн, мөн амралтын өдөр болохоор автомашины худалдаа, наймаа ид явагдаж байх ёстой. Гэвч энэхүү авто худалдааны цогцолборт худалдан авагчид тун цөөхөн харагдаж байсан юм. Эгнүүлэн тавьсан төрөл бүрийн автомашинуудын дундуур алхсаар бөөгнөрөн зогссон хэсэг хүмүүс дээр очлоо. Эдгээр хүмүүс саяхан газраа чөлөөлсөн “1000 машины зогсоол”-ын авто худалдаа эрхлэгчид гэнэ. Юуны өмнө орж ирсэн “Приус-20” маркийн автомашины үнийг асуутал, 14 сая хэмээн хариулав. Бусад автомашины үнэ 12-45 сая төгрөгийн үнэтэй гэнэ. Автомашины худалдаа эрхлэгчид “Энэ цогцолбор байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Гэвч худалдан авалт үнэхээр тааруу байна. Монголын хамгийн том авто цогцолбор гэх сүртэй нэртэй ч өдөрт хоёр, гуравхан л машин зарагдаж байна” хэмээн ченжүүд онцлон хэлж байсан юм.

АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРЫН ЗОГСООЛЫГ “1000 МАШИНЫ ЗОГСООЛ”-ЫН ЧЕНЖҮҮД БОЛООД ХЯТАД КОМПАНИ ТҮРЭЭСЭЛЖ БАЙНАГЭВ

Өмнө нь “Да хүрээ” зах, “1000 машины зогсоол” дээр 10 гаруй жил автомашины борлуулалт хийж байгаад авто худалдааны цогцолборт ирсэн Б.Батдэлгэрээс худалдан авалт, зогсоолын үнэ ханш, авто цогцолборын үйл ажиллагааны талаар тодруулав. Тэрбээр “Энэ цогцолборыг анх нээгдэхээс эхлээд одоог хүртэл борлуулалт хийж байна. Үйл ажиллагаа нь эхлэснээс хойш таван сар өнгөрлөө. Өмнө нь “Да хүрээ” зах дээр зогсож байхад өдөрт л нэг машин зарчихдаг байсан. Гэтэл энэ газар долоо хоногт нэг ч машин зарж чадахгүй, зогсоолын төлбөрт унасаар байна. Уг нь автомашины сонголт, үнэ ханш бусад захуудтай адилхан байгаа. Гэхдээ монголчууд дассан, сурсан газраасаа очиж машин авах сонирхолтой байна. Мөн нийтийн тээвэр цөөхөн явж байгаагаас худалдан авагчид наашаа зорих нь ховор байх шиг. Энэ газрын зогсоолыг “1000 машины зогсоол”-ын ченжүүд болоод Хятад компани л түрээсэлж байна. Хятад компани ихэнх зогсоолыг нь түрээсэлсэн гэж сонссон.

Одоохондоо түрээслэгчид цөөхөн байгаа болохоор зогсоолын үнэ ханш тогтвортой байна. Гэхдээ цаашдаа авто цогцолборын үйл ажиллагаа өргөжих тусам зогсоолын үнэ тэнгэрт хадна. Тэр үед ихэнх зогсоолыг нь түрээслээд байгаа Хятад компани зогсоолоо өндөр үнээр монголчуудад түрээслэж магадгүй юм. Одоохондоо бидэнд худалдан авагчдыг сайжруулах нь асуудал болоод байна” гэв.

Нэг автомашины зогсоолын өдрийн хураамж нь 2000 төгрөг аж. Авто худалдааны цогцолборт 6375 авто зогсоол байдаг бөгөөд яг одоогийн байдлаар 2000 гаруй зогсоол сул байгаа хэмээн холбогдох албаны хүмүүс ярьж байна. Автомашин борлуулдаг ченжүүд дээрх зогсоолын ихэнхийг нь хятад иргэд худалдан авч, монголчуудад үнэтэй түрээслүүлж байдаг талаар мэдээлсэн. Энэ талаар бид тус цогцолборын Ерөнхий менежер Н.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш таван сар өнгөрчээ. Зогсоол түрээслэгч нар хэр их байна вэ?

-Өнгөрсөн намраас үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш одоо л жинхэнэ авто цогцолбор гэдэг утгаараа үйл ажиллагаа нь жигдэрч байна. Зогсоол түрээслэгчид өдрөөс өдөрт идэвхтэй нэмэгдсээр байгаа. Улаанбаатар хотод автомашины дугаарыг ганцхан энэхүү авто цогцолборт олгож байгаа болохоор иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсээр байна. Иргэд машин худалдаж авъя гээд энэ газарт ирэхэд сонголт арвин, авто худалдаатай холбоотой бүхий л үйлчилгээ нэг дор болохоор хурдан шуурхай үйлчилгээ авах бүрэн боломжтой. Яг одоогийн байдлаар зарагдах 820 машин байгаа. Манай нэг зогсоолын өдрийн төлбөр нь 2000 төгрөг. Үүнийгээ сараар нь төлвөл бонустай байгаа. Өөрөөр хэлбэл авто худалдаа эрхлэгчид нэг сарын түрээсээ төлсөн тохиолдолд үнэгүй нэг сар нэмэгдэнэ.

-6000 гаруй зогсоолын ихэнхийг нь хятад хүмүүс худалдан авсан гэх мэдээлэл байна. Энэхүү зогсоолтой холбоотой асуудлаар тодруулахгүй юу?

-Нийт зогсоолын 1800-д нь гаалийн бичигтэй автомашин зогсоно. Үлдсэн 4000 гаруй зогсоолыг авто худалдаа эрхлэгчдэд түрээсэлж байгаа. Үүнээс 2000 зогсоол нь эзэнтэй, үлд сэн 2000 нь эзэнгүй буюу түрээслэгдээгүй сул зогсоол байна. Хятад хүмүүс ихэнх зогсоолыг нь түрээсэлсэн гэдэг нь худлаа. Харин 500 машины зогсоол түрээсэлсэн “Дэлхий даяар” гэх Өмнөдмонгол, Япон хамтрагчтай Монгол компани бий. Үүнийг манайхан хятад компани гэж ойлгоод байгаа юм. Ер нь биднээс түрээсэлсэн зогсоолыг үнэ нэмж гурав дахь этгээдэд түрээслэхийг хориглосон журам бий. Тийм болохоор зогсоол түрээсэлсэн этгээд өөрийнхөө бизнесийг л хийх учиртай. Хэрэв тийм тохиолдол гарвал бидэнд мэдэгдэх ёстойг анхааруулж байна.

-Энэ компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Мэдээж хэрэг авто худалдааны бизнес эрхэлдэг компани. Япон, Солонгос зэрэг гадаад улсаас автомашин Монголд оруулж ирж борлуулдаг, хамтарсан компани юм. Түрээсэлсэн 500 зогсоолдоо дандаа орж ирсэн машин байрлуулж, борлуулж байгаа.

-Авто худалдааны цогцолбороор үйлчлүүлж буй иргэд, худалдан авагчид их цөөхөн байна. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй байгаатай холбоотой юу?

-Манайх руу өдөрт гурван удаа автобус ирдэг. Үүнээс болоод иргэд, худалдан авагчид цөөхөн байхыг үгүйсгэхгүй. Иргэдэд үйлчилж буй эдгээр автобуснууд Саппорогоос зорчигчдоо суулгаж хөдөлдөг. Хойшид Авто худалдааны цогцолбор руу чиглэсэн нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай юм.

-Саяхан “1000 машины зогсоол”-ын газрыг чөлөөлсөн. Энэхүү газарт авто худалдаа эрхэлж байсан иргэд энэхүү цогцолборт ирсэн үү?

-Тийм ээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Авто худалдааны цогцолборт ирсэн. Яваандаа “Да хүрээ” зах бусад авто захуудын худалдаа эрхлэгчид ирнэ гэж бодож байна.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Салхины эх одтой, хар бар өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 10, Буд гариг. Билгийн тооллын 24, Салхины эх одтой, хар бар өдөр. Өдрийн наран 8:31 цагт мандан, 17:24 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх ба сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангаргаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д Баабар “Ард түмэн нийтээрээ солиордог” хэмээн өгүүлжээ

“Өдрийн сонин”-ы Лхагва гарагийн дугаар хэвлэгдэн гарлаа.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Утаа, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад барилгын автомат, стандартын үйлдвэр том түлхэц болно хэмээн ярьсныг хүлээн авч үзээрэй .

УИХ-ын гишүүн Л.Болд: Татвар нэмж, бизнес эрхлэгчдийг багалзуурдчихлаа хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Баримт үзэл бодол” нүүрт Баабар “Ард түмэн нийтээрээ солиордог” хэмээн өгүүлсэн байна.

Солонгос судлаач, доктор Б.Лхагваа: Хоёр Солонгосын харилцааг царцанги байдлаас гаргана гэв хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч үзээрэй.

“Өдрийн сонин”-ы “Нийгэм” нүүрт Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч П.Баярхүү: Гэр хорооллын амьдрах орчинд хувьсал хийсэн жил байх болно хэмээн ярьжээ.

“Баримт, үйл явдал” нүүрт АМГТГ-ын мэргэжилтнүүд компаниудыг дарамталдаг, авлига авдаг, хуурамч нөөц батлуулдаг хэргийн мөрөөр… нийтлэл хэвлэгдсэн байна.

“Өдрийн сонин”-ы “Эдийн засаг” буланд МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав: Эдийн засаг дөнгөж сэргэж байхад татвараар дарамталбал бүр дордоно хэмээн ярьжээ.

“Урлаг, спорт” нүүрт “Guys” хамтлагийн дуучин А.Төгсбаяр: Од гэдэг бол орчин үеийн л гялгар үг хэмээн ярьсныг хүлээн авч үзээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

“Алтан өд-2017” наадмын шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

ЗурагМонголын зохиолчдын байгууллага үүсэн байгуулагдсаны 89 жилийн баяр өнөөдөр тохиож байна. Монголын зохиолчдын эвлэлийн 89 жилийн ойн өдрөөр утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2017” наадам Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд боллоо. Тус наадамд нийт 100 гаруй уран бүтээлч зохиол, бүтээлээрээ оролцож, найман төрөлд шилдгүүдээ тодруулсан юм.

2001 оноос эхтэй уг наадамд яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон болон богино хэмжээний бүтээл, хүүхдийн зохиол, орчуулга, шүүмж судлал, жүжиг, кино зохиол, шог хошин болон баримтат зохиол гэсэн төрөлд шалгаруулав. 2017 оны “Алтан-Өд” наадамд Яруу найргийн төрөлд “Ес дэх зүүдний аниргүй эрвээхэй” шүлгээр М.Амархүү, Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний төрөлд “Аугаа эрин” зохиолоор Б.Номинчимэд, Хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд “Цэцүүхэй” зохиолоор Ц.Ганболд, Хүүхдийн зохиолын төрөлд “Аз жаргалтай үлгэрүүд” хүүхдийн зохиолоор Ц.Энхтүвшин, Утга зохиолын орчуулгын төрөлд “Пигийн амьдрал” орчуулгаар Б.Сувддулам, Жүжиг, киноны зохиолын төрөлд Д.Жамъяны кино зохиолууд, Утга зохиолын судлал, шүүмжийн төрөлд О.Содномпил тэргүүтэй Уран зохиолын судлал шинжлэлийн редакци, Шог хошин болон баримтат уран зохиолын төрөлд “Цаг цагийн цагаан дурсамж” бүтээлээрээ З.Ядмаа нарын уран бүтээлчид тус тус шалгарлаа. Мөн МЗЭ-ийн 2017 оны шагналыг Н.Гантулга, Г.Дамба, Б.Зархум, Н.Минжинсайхан, Ц.Ням-Осор, Н.Пүрэвдагва, Л.Самбуу, Т.Сэнгэдорж, Д.Дашмөнх нарт хүртээлээ.

Categories
мэдээ спорт

Крис Пол 24 оноо авч багаа хожилд хөтлөв

Холбоотой Зураг

Өнөөдөр NBA-гийн талбайд Хьюстон Рокэтс, Чикаго Буллз багууд туллаа. Чикаго Буллзын Юнайтэд цэнтрт болсон тус тоглолтод 116-107-ийн харьцаатай зочин баг Хьюстон Рокэтс ялалт байгуулав. Пуужингуудаас Жэймс Хардэн тоглолтонд оролцоогүй бөгөөд түүнийг Эрик Гордон нөхөж гараанд гарсан юм. Тоглолтын шилдгээр холбон тоглогч Крис Пол 24 оноо 8 самбараас бөмбөг авалт 9 оновчтой дамжуулалт өгсөн бөгөөд түүнд хамгаалагч Жэймс Хардэн 24 оноогоор туслав. Харин талбайн эздээс жижиг довтлогч Дэнзэл Валинтин 19 оноогоор багаа тэргүүлсэн юм. Пуужингууд өнөөдөр хожсоноор 28-11 амжилттай өрнөд бүсийн хүснэгтийн хоёрдугаар байранд байгаа бол Чикаго Буллз 14-27 амжилттай өрнөд бүсийн 13-дугаар байранд бичигдэж байна.

Б.АМАРТҮВШИН



Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн ахмад Я.Цэлмэн: Сонголтдоо эргэлзсэн ч төрөлх сургуульдаа ажиллахаар шийдсэн

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхмийн ахлах багш, цагдаагийн ахмад Я.Цэлмэнтэй ярилцлаа. Тэрбээр Хууль сахиулахын их сургуулийн 2017 оны “Тэргүүний багш”-аар шалгарсан билээ.


Залуу эрдэмтэн, багш нарт үлгэр дуурайл болж, “Тэргүүний багш”-аар шалгарсан танд баяр хүргэе. Уг нэр хүндтэй шагналын эзнээр шалгарахад таны ажлын арга барил нөлөөлсөн биз ээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Нэр хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна. Энэхүү шагнал нь гэр бүл, сургууль, тэнхимийн хамт олон, багш, шавь нарын маань хамтын хөдөлмөрийн үр дүн гэж би боддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн тэнхимээс сонсогчдод гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг түлхүү заадаг. Энэ хүрээнд сургалтыг практиктай уялдуулах чиглэлийн ажлуудыг зохион байгуулдаг юм. Тэнхим, хамт олноороо улсын мөрдөн байцаах алба болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ялангуяа мөрдөх ажиллагааны чиглэлийн практик байгууллагуудтай хамтран ажилладаг.

Манайх цаг үргэлж төгсөгчдийнхөө практикт хэр үр бүтээлтэй ажиллаж байгаад дүгнэлт хийж, судалдаг. Цагдаагийн сургуулийн олон мянган төгсөгчид цагдаагийн газар, хэлтсүүдийн шилдэгээр шалгарч, ажил мэргэжлээрээ бусдыг манлайлж явааг нь харах багш бидэнд сайхан байдаг.

Улсын мөрдөн байцаах албанаас жил бүр зохион явуулдаг “Шилдэг мөрдөгч” тэмцээнийг Цагдаагийн сургууль хамтран зохион байгуулж ирсэн. Уг тэмцээний шүүгчийн бүрэлдэхүүнд манай тэнхимийн багш нар оролцон ажилладаг л даа. Тэмцээний явцад сургалтаа хэрхэн чанаржуулах, бидний сургалтын сул эсвэл давуу тал нь юу вэ гэдэгт дүгнэлт хийхийг эрмэлздэг.

Цагдаагийн сургуульд элсэн суралцагчид цагдаагийн аль нэг төрөл мэргэжлийн алба хаагч болно гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг. Би ч гэсэн тэдгээр суралцагчдын нэг байсан. Тиймээс мөрдөгчийн чиглэлээр түлхүү мэргэших хүсэлтэй суралцагчдыг сонгон бэлтгэх хэрэгтэй гэсэн шийдэлд хүрч клуб байгуулж байлаа.

Би мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад Хууль сахиулахын их сургуульд 2012 онд багшаар томилогдсон. Тухайн үед харьяалагдах тэнхимдээ мөрдөн байцаагч болох сонирхолтой сонсогчдыг бэлтгэх зорилготойгоор 2012 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр “Хууль сахиулагч” нэртэй клуб байгуулсан. Анх 45 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус клуб жил бүр шинэ элсэгч сонгон шалгаруулж клубын гишүүнээр элсүүлэн суралцагчдын хөгжлийг дэмжих үйл ажиллагаануудыг төлөвлөгөөний дагуу зохион явуулдаг.

“Хууль сахиулагч” клуб нь суралцагчдыг ирээдүйн хууль сахиулагч, мөрдөгчөөр мэргэшүүлэхэд илүүтэй анхаарч ажилладаг юм.

Манай сургууль, тэнхимийн удирдлага, багш, алба хаагчид уг клубын үйл ажиллагааг ихээхэн дэмжиж тусалдагт баярлаж явдаг. 2016 онд тус клуб нь гавьяат хуульч, хүндэт чекист, ХСИС-ийн анхны хүндэт доктор, хошууч генерал Д.Сандаг-Очир гуайн нэрэмжит болсон нь тус клубын гишүүн болон бидэнд их урам зориг өгсөн шүү.

Суралцагчдыг мөрдөгчдийн чиглэлээр мэргэшүүлэх, төгсөөд практикт хэр үр бүтээлтэй ажиллаж байгаад нь хяналт тавих гээд та үргэлж шавь нартайгаа холбоотой байдаг бололтой. Багш хүний хувьд юуг эрхэмлэдэг вэ?

-Хувь хүний төлөвшил, хүн чанар хамгаас чухал. Хичнээн сайхан хуульч, хууль сахиулагч байлаа ч харилцаа, зан чанар, төлөвшлийн хувьд бусдын итгэлийг алдах нь ийм мэргэжилтэй хүнд зохимжгүй. Бид сургалтын явцад хууль сахиулагчдын төлөвшилд ихээхэн анхаардаг. Үүний нэг нь Цагдаагийн сургуулийн хэмжээнд зохион явагддаг “Амьдрах сайхан” сэдэвт лекц юм. Түмэн олонд хүлээн зөвшөөрөгдсөн, сайн үйлсээрээ тэргүүлсэн эрхэмүүдийг урьж лекц, уулзалт зохион байгуулдаг.

Сургуулиа төгсөөд хүнтэй тулж ажиллах учраас төлөвшил чухал гэдгийг багш нар бидэнд үргэлж хэлж, сануулдаг байсан. Харин одоо би шавь нартаа энэ үгийг хэлдэг юм.

Учир нь анх мөрдөн байцаагчаар ажиллаж буй алба хаагчдын ажлын амжилтад хүрнэ гэсэн хүсэл эрмэлзлэлд нь харьцааны алдаа төвөгтэй байдал үүсгэх тохиолдлууд бишгүй гардаг.

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонирхож болох уу?

-Би багш хүн. Иймд үргэлж өөрийгөө хөгжүүлж, өөртөө шинэчлэл хийж байх ёстой гэж боддог. Миний хувьд ХСИС-ийн Ахисан шатны боловсролын сургуулийн докторантурын сургалтын танхимын хичээлээ дүүргээд одоо хууль зүйн доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Ж.Мөнхболд багшаараа удирдуулан судалгааны ажлаа хийж байна. Мөн Хууль сахиулахын удирдлагын академийн Захиргааны удирдлагын магистрын ангид суралцаж байгаа. Үүний хажуугаар өдрийн ажлаа төлөвлөж, тэр дагуу ажиллахыг хичээдэг.

Хамгийн түрүүнд сургалтад анхаарал хандуулдаг. Заах аргаа сайжруулахын тулд бусад багш нараас туршлага судлах, шинэ батлагдсан хуулиудтай холбогдуулан хичээлийн лекцэндээ баяжилт, шинэчлэлт хийх, мөн сургууль, тэнхимээс гаргасан зорилт болох заадаг хичээл болгоноор ном, сурах бичиг туурвих ажлаа хамт олныхоо дэмжлэгтэйгээр хийх, клубын болон бусад суралцагчдад хичээл заах, давтлага өгөх гээд багш хүний ажилд нэг өдөр заримдаа хүрэлцдэггүй.

Эрдэм шинжилгээний хуралд сонсогчдыг тогтмол удирдан оролцуулахыг хичээдэг. 2017 онд Монгол Улсын Хууль зүйн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутан залуусын дунд зохиогдсон “Мок Трайл” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд Цагдаагийн сургуулийн дэд захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг багшийнхаа шийдвэрээр сургуулийн багаа бэлдэн их сургуулиа төлөөлөн оролцож, хоёрдугаар байрт шалгарсандаа бид ихэд урамшсан. Мөн илтгэлийн уралдаануудад суралцагдчаа амжилттай бэлтгэж оролцууллаа. Энэ мэтээр өнгөрсөн онд Цагдаагийн сургууль, ЭХХШЭЗ тэнхим, миний болон хамт олон, шавь нарын минь хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.

Таныг Хууль сахиулахын их сургуулийн шилдэг суралцагчдын нэг байсан гэж сонссон. Та мөрдөгчийн ажлаа яагаад багш мэргэжлээр солих болов оо?

– Би Цагдаагийн академийн 2006 оны төгсөгч юм. Тухайн үед надад сургуульдаа багшлах саналыг багш нар тавьсанд одоо ч талархаж явдаг. Практик туршлагагүйгээр багшилна гэдэг манай тэнхимийн заадаг хичээлүүдийн хувьд боломжгүй. Анх ЦЕГ, УМБГ-ын мөрдөн байцаагчдын сонгон шалгаруултад тэнцэн, мэргэшсэн мөрдөн байцаагчийн сургалтад хамрагдан Завхан аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар томилогдож ажлын гараагаа эхлүүлсэн. Дараа нь 2008 онд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар шилжин ажилласан. Хэлтсийн баярын бичиг, өргөмжлөл, хугацааны өмнө цагдаагийн ахлах дэслэгч цолоор шагнуулан, эзэмшсэн мэргэжилдээ “дурлаж”, албандаа л зүтгэнэ гэсэн бодолтой байсан. Надад эрүүгийн процессын хичээл заасан багш минь цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбилэг юм. 2012 оны хавар багш над руу утсаар яриад “Чамайг ажилдаа дуртайг чинь мэднэ, гэхдээ багшлах сонирхол байвал, сургууль дээрээ ирээд уулз” гэсэн.

Дараа нь багштай уулзаад тэнхимийн хурлаар дэмжигдэн, Цагдаагийн сургуульд багшлах хүсэлтээ өгсөн. Хэдий мөрдөгчийн ажлаа багшаар солиход би чадах боловуу гэж эргэлзсэн ч төрөлх сургуульдаа ажиллаж, сургалт, судалгааны ажил хийхээр шийдсэн. Энэ сонголтыг хийхэд багш маань их нөлөөлсөн бөгөөд эцэг, эх, гэр бүл маань дэмжсэнд одоо ч баяртай байдаг.

Та суралцагчдад сургамж болохуйц зөвлөгөө өгөхгүй юу?

-Хэр зөв хүн болох нь бүхнээс чухал. Манай сонсогч, суралцагчдын хувьд сургалтын таатай орчин хэдийнэ бүрдсэн. Харин одоо тэд хичээж, цагтай уралдан, амжилттай суралцах хэрэгтэй юм. Суралцах хугацаанд зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэйг зөвлөе. ХСИС-ийн 2017 оны тэргүүний багшаар шалгарч, хөдөлмөрөө үнэлүүлсэндээ баяртай байна. Багшийн ажил хамтын хөдөлмөр байдаг. Намайг дэмждэг гэр бүл, удирдлага, хамт олон, шавь нартаа баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа үйл ажиллагаа, бодлого, зорилтыг олон нийтэд нээлттэй ил тод байлгах үүднээс “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлээд сар бүр олон нийтэд мэдээлэл хийж байна.

Categories
мэдээ нийгэм

УУХҮ-ийн сайд Өмнөговь аймагт ажиллав

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ажлаа авсан даруйдаа анхны томилолтоо 2017 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Өмнөговь аймгаас эхлүүлсэн юм. Тэрбээр Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Говийн бүсийн чуулга уулзалт”-нд оролцсоны зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой”, “Энержи ресурс”, “Оюутолгой” компаниудын үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн тухайн үед 100 гаруй км үргэлжлээд байсан нүүрс тээвэрлэлтийн машинуудын түгжрээг арилгах зорилгоор газар дээр нь очиж ажилласан билээ.