Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нефть импортлогчид шатахуун хязгаарлаж, иргэдийг бухимдуулсан хэвээр байна

Он гарснаас хойш шатахуун импортлогчид шатахууны зохиомол хомсдол үүсгэж, бензиний үнийг нэмж, иргэдийг ихэд бухимдуулсан.

Харин өнгөрсөн долоо хоногоос нефть импортлогчдод ногдуулж байсан онцгой албан татварыг тэглэсэн. Албан татвар тэглэх шийдвэр гарснаас хойш ихэнх шатахуун түгээх станцууд шатахуунаа нээлттэй худалдаалж эхлээд байсан юм. Гэвч өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнөх шиг шатахууны хязгаарлалт хийжээ.

Тиймээс өчигдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудаар явж сурвалжлага бэлтгэлээ. “Сансар”, “100 айл”, “13 дугаар хороолол” орчим байх шатахуун түгээх станцууд хэвийн ажиллаж байгаа ч нэгд нь АИ-92 бензинийг зарж байхад замын нөгөө талынхад нь зарахгүй байв.

Тухайлбал, Монгол гуравдугаар сургуулиас зүүн тийш “Сансарын тойрог” буюу “КТМС”-ийн уулзвар хүртэл “Шунхлай”, “Тэс петролиум”, “Петровис” гэх зэрэг таван колонк үйл ажиллагаа явуулж байна. Тэднээс “Сансарын колонк”-ын автобусны буудал дээр байх “Петровис”, “КТМС”-ийн урд байх “Шунхлай” хоёр АИ-92 бензинийг түгээж байна. Харин бусад колонкууд нь “АИ-92” дууссан, хэзээ ирэхийг мэдэхгүй байна гэх тайлбар өгч байв. Харин 11 дүгээр хорооллын уулзварын хажуугийн “Сити газ” шатахуун түгээх станц “АИ-92”-ыг 1620 төгрөгөөр худалдаалж байна. Бусад газар нь АИ-92 1630 төгрөг гэж байна. 100 айл дахь “Тэс Петролиум” болохоор огт ажиллахгүй байв.

Мөн өнгөрсөн амралтын өдөр Баянхошуу дахь “Содмонгол” картаар үйлчилнэ гэж байсан бол Тасганы овооны ойролцоох, Тэс Петролиум, Жаст-ойл зэрэг газрууд ажиллахгүй байсан ч өчигдрөөс ажиллаад эхэлжээ.

Мөн үүнээс гадна “Содмонгол”-ын 13 дугаар хорооллын салбар өнгөрсөн өдрүүдэд ажиллаагүй бөгөөд өчигдрөөс ажиллаж эхлэхдээ зөвхөн карттай хүнд бензин олгоно гээд, картгүй жолооч нарт огт өгөхгүй байгаа юм байна. Тус шатахуун түгээх компанийн нэг карт нь 50 мянган төгрөгийн үнэтэй ажээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн иргэн, жолооч Г.Батмөнхөөс тодруулахад “Том шатахуун түгээх станцууд бензин өгөхгүй биднийг хүнд байдалд оруулсан. Одоо ч энэ байдал нь хэвээр байна. Мөн зөвхөн карттай хүнд шатахуун өгнө гэдэг. Ард түмнээ боддоггүй олигарх компаниудад дургүй хүрч байна. Приус эзэмшигчдийн групп гэж фэйсбүүк хуудас байдаг. Манай группын бүх гишүүд, шатахуун импортолдог том компаниудаас огт шатахуун авахгүй. Яасан ч орлого оруулахгүй шүү гэж тохирцгоосон. Хааж боож байгаа юм шиг бензин дууссан гэдэг. Хэзээ ирэхийг мэдэхгүй гэнэ. Зарим нь засвартай байна манай засвар хэзээ дуусахыг мэдэхгүй байна гээд бензин дуусаад, машинаа түрээд, очсон ч өгөхгүй юм. Өвлийн ид хүйтнээр, ард түмэнд ингэж хандаж байгаад гомдолтой байгаа” гэж ярилаа.

Ер нь өчигдөр сурвалжлага хийж яваад тааралдсан жолооч болгон бухимдалтай, шатахуун хэрэглэдэггүй машин унах юмсан. Эсвэл Монголдоо нефтийн үйлдвэртэй болчихоосой гэж байв. Мөн жолооч О.Оюунбаатар ярихдаа “Төр засгаас асуудлыг нь шийдвэрлээд, онцгой албан татварыг нь тэглэж өгөөд байхад шатахуун түгээх станцууд хэвийн үйл ажиллагаандаа орохгүй байна.Нэг очиход бензин өгдөг, дараа очихоор өгөхгүй, эсвэл 20 мянган төгрөгөөс доош үнийн дүнд л өгнө гэж хааж боох юм. Үнэхээр бухимдахгүй байх арга алга. Өвлийн хэцүү цагт шатахууны хомсдол үүсгэхэд үнэхээр хүндрэл учирдаг юм байна. Таксины жолооч бид нэгдэж, нийлээд, хомсдлын үеэр бензин олгоогүй станцуудад цаашид орлого оруулахгүй шүү гэж ярьж тохирсон. Петровисоос бензин аваад явж байгаа харагдвал нэгэндээ хариуцлага тооцно гэж ярьцгаасан. “Содмонгол”-ын карт нь 50 мянган төгрөг, картаа аваад, дахин мөнгөөр цэнэглээд үйлчлүүлнэ. Мөнгөтэй хүмүүсээ дэмжиж, мөнгөгүй биднийг ад үзсэн зүйл хийж байна” гэж байлаа.

Шатахууны хомсдлын үеэр “М-Ойл”, Синчи-Ойл”, “Бадрал” “Сити газ” зэрэг жижиг колонкууд үнээ ч нэмэлгүй, иргэдэд өдөр шөнөгүй үйлчилж шатахуун түгээж байсан тул тэднээс авна гэж байлаа. Өчигдөр үдийн үед “Дарь-Эх”-ийн уулзварын урд байх “М-Ойл”-д ч нэлээд урт дараалал үүссэн байлаа.

Мөн хөдөө орон нутгуудад шатахууны хүрэлцээ хэр байгаа талаар утсаар холбогдож, асууж тодрууллаа. Өвөрхангай аймагт гэхэд л дизель түлш 2000 төгрөг аль хэдийнэ гарсан. Бүрд суманд зуд ихтэй, шатахуун хомсдолтой, зарим өдрүүдэд колонкууд нь шатахуун өгөхгүй болчихдог нь маш их хүндрэл учруулж байна. Өвс, тэжээл ачих, ус түлээгээ зөөх, гэрээ нүүлгэх, оторлох гээд бензин тосны хэрэг маш их гарч байгаа ч шатахууны хомсдлоос болоод, хамаг ажил зогсож, хүнд байдалд орж байна гэдгийг нутгийн иргэд хэлж байна. Мөн Төв аймгийн ихэнх сумдад бензин ховор, зарим зам даваа хаагдсан байгаа гэнэ. Харин Булган, Архангай, Хөвсгөл аймгуудад шатахууны хомсдол нэг их мэдэгдээгүй байгаа аж. Гэхдээ Хөвсгөлийн Цэцэрлэг сум нэлээд зудтай байгаа тул шатахууны хэрэглээ улам бүр нэмэгдэх хандлагатай байна.

Завхан аймагт бензиний нөөц ерөнхийдөө бага байгаа гэдгийг аймгийн Онцгой байдлын газарт шатахуун түгээх станцууд мэдээллэсэн байна. Ялангуяа АИ-92 бензиний нөөц маш бага байгаа гэжээ. Ховд аймгийн хувьд шатахууны үнэ сүүлийн хэд хоногт өөрчлөлт ороогүйгээс гадна үйл ажиллагаагаа хэвийн явуулсан байна. Гэхдээ Ховд аймагт бусад газраас шатахууны үнэ 200 төгрөгийн нэмэгдэлтэй байдаг гэнэ.

Нефть импортлогч компаниуд иймэрхүү байдлаар чирэгдэл учруулсаар байгаа нь автомашинтай хүн бүрийн дургүйцлийг хүргэж байна. Оросын бензин колонкийг оруулж ирэхийг жолооч нар дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Мөн шатахуун олдохгүй байгааг далимдуулан шатахуун түгээх зарим газар дутуу шахалт хийж байна гэж иргэн Б.Цогт ярилаа. Зэргэлдээ байдаг шатахуун түгээх станцууд хоорондоо ярьж тохиролцсон юм шиг нэг нь өгөхөөр нөгөөх нь өгөхгүй байх зэргээр ээлжилж ажиллаж байна.

Б. ДЭЛГЭРМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ нийгэм

Тавантолгой-Гашуунсухайтын авто тээврийн асуудлыг шийдвэрлэхийг хүслээ

БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөний урилгаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалд ИНЕГ, УБТЗ, АТҮТ, МТЗ, Далайн захиргааны удирдлагууд багтжээ.

Айлчлалын эхний өдөр ЗТХ-ийн сайд тэргүүтэй төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопөн хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд авто зам, агаарын тээвэр болон БНХАУ, ОХУ, Монгол Улсын хамтран байгуулахаар хэлэлцэж буй төмөр замын коридорын асуудлыг хэлэлцлээ.

Ли Сяопөн сайд уулзалтын эхэнд, 2014 онд хоёр улс “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” тогтоосноор бүх салбар, ялангуяа зам тээврийн салбарт онцгой анхаарч ажиллаж байна. БНХАУ-ын “Зам ба бүс” хөтөлбөртэй Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн бодлого бүрэн нийцэж байгааг онцоллоо. Мөн тэрээр 2011 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан Авто тээврийн хэлэлцээр одоогийн нөхцөлтэй нийцэхгүй байгаа учир хоёр улсын мэргэжилтнүүдийн ажлын хэсэг байгуулж, тус гэрээг яаралтай шинэчлэх шаардлагатай байгааг энэ үеэр илэрхийлсэн юм.

Зам, тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ “БНХАУ-ын зам, тээврийн үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэл зэргээс суралцаж, сургамж авах зүйл олон байна. Салбартаа тэргүүлж буй тус улсын хөгжлөөс хоцрохгүйн тулд хамтран ажиллаж, зарим зүйлд дэмжлэг, туслалцаа авах хүсэлтэй байна. Хамтын ажиллагааны хүрээнд яамнаас шалтгаалах ажлаа боломжоороо хурдан хийж гүйцэтгэх болно. Тиймээс БНХАУ-ын Тээврийн сайдын хувьд дараах асуудлыг нэн даруй шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг уулзалтын үеэр ноён Ли Сяопөнээс хүслээ. Үүнд:

  • Тяньжин-Улаан-Үүдийн авто замыг сайжруулах, хурдны зам тавих
  • Хоёр улс хоорондын төмөр замын шугамыг сайжруулах, тэлэх, ажиллах хүчийг нэмэгдүүлэх
  • Баруун, зүүн, хойд чиглэлийн дамжин өнгөрөх тээврийн чиглэлийг өргөжүүлэх
  • Нарийн сухайт, Шивээ хүрний чиглэлийн төмөр замын асуудал
  • Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын асуудлыг онцоллоо.

Мөн тэрээр “Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын тээвэрлэлт нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй. Тиймээс энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Эхний ээлжид холболтын цэгийг нэмэх талд анхаарч өгнө үү. Мөн Зүүнбаянгаас Ханги мандал хүртэл төмөр зам барих нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв энэ чиглэлд төмөр замын холболттой болчихвол ӨМӨЗО-ны нутаг дээрх Бугатын төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлж буй Монголын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн зай одоогийнхоос даруй 400 км-ээр дөт тээвэрлэх боломжтой бөгөөд Замын-Үүд-Эрээн боомтын ачаалал буурах юм” гэдгийг уулзалтын үеэр онцлон илэрхийлэв.

  • Харин агаарын тээврийн хувьд Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, бууж хөөрөх цаг олгоход анхаарахыг хүслээ. Мөн Улаанбаатар-Улаан-Үүд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж буй “Хүннү Эйр” ХХК-ийн нислэгийн чиглэлийг өргөтгөж, Улаанбаатар-Улаан-Үүд-Манжуур-Улаан-Үүд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх хүсэлт тавив. Энэ нь гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд хийгдэх агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаа болон аялал жуулчлалын салбарт томоохон ахиц авчрах болно хэмээн үзэж буйгаа салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ хэлсэн юм.

БНХАУ-ын тээврийн сайд уулзалтын төгсгөлд ярилцсан асуудлын хүрээнд хоёр талын ажлын хэсэг байгуулж судалгаа хийх шаардлагатай. Таны саналуудыг бид судлан үзээд бүх салбарт хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлээ.

Үүний дараа Монгол Улсын Далайн захиргаа болон БНХАУ-ын Далайн хэргийн газар хоорондын далайн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, БНХАУ-ын Тээврийн яамны тээврийн үйлчилгээний газартай хэлэлцээ хийсэн тухай протоколд талууд тус тус гарын үсэг зурав.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ дахь гурван байнгын хороо хуралдана.

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

2.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиудын хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Бусад.
Categories
мэдээ нийгэм

Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах ажлууд хийгдэж байна

eruul mend

Эрүүл мэндийн сайдын 2016 оны “Төгсөлтийн дараах үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн сургалтын чиглэл, индекс батлах тухай” тушаалаар Үндсэн мэргэшлийн сургалтын чиглэлд “Ерөнхий мэргэшил судлал” чиглэлийг шинээр зохион байгуулахаар баталж, 2017-2018 оны хичээлийн жилд уг сургалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн багтай хамтран “Ерөнхий мэргэшил судлал, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг 01 сарын 30-31-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтаар Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн, эмнэл зүйн чадамжид суурилсан байдлаар хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах арга зүйг эзэмшүүлэх юм.

Сургалтад Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалтыг зохион байгуулах Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн багш нар, Орхон, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмнэл зүйн сургагч багш, эмч нар, төгсөлтийн дараах сургалт эрхлэгч 19 байгууллагын сургалтын албаны ажилтнууд нийт 50 хүн оролцож байна. Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын “Анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн багийн урилгаар ирсэн тухайн чиглэлдээ хүлээн зөвшөөрөгдсөн Японы дөрвөн судлаач багш сургалтыг удирдан явуулж байгаа юм. Сургалтын үр дүнд дэлхий нийтийн жишигт нийцсэн байдлаар Ерөнхий мэргэшил судлал үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийн төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

​Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Засгийн газрын сайд нар өнгөрсөн долоо хоногоос эхлэн ОУВС-гийн төлөөлөгчтэй хэлэлцээр хийж, сарын орлого нь 1.5 сая төгрөгөөс дээш иргэдэд шатлалаар өндөр татвар ногдуулж эхэлснийг болиулж, хуучнаар нь 10 хувиар тогтоох болон хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох, ирэх жилээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар зөвшилцөж, ойлголцолд хүрсэн. Эдгээр асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хяналтынхан хугацаа тавиагүй хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг зөвлөв

Хугацаа тавиагүй хүнсний бүтээгдэхүүн зурган илэрцүүдЦагаан сар дөхөж гадуур худалдан авалт ихэссэнтэй холбогдуулан МХЕГ-аас хяналт, шалгалж хийсэн байна. Үүнтэй холбогдуулан зарим нэг худалдаа эрхлэгчид компаниудыг шалгажээ. “Хан талт ХХК”-ийн “Баянзүрх” хүнсний захад үйл ажиллагаа явуулж буй 12 иргэний нарийн боовны лангуунуудад хяналт шалгалт хийхэд “Амдэ ХХК”-ийн “Гандан”-ийн хэвийн боов, “Арвай” хэвийн боов, “Өгөөж архад ХХК”-ийн “Өгөөмж еэвэн”, “Хишигийн хур ХХК”-ийн “Өлзий” хэвийн боов, еэвэнгүүд нь үйлдвэрлэсэн он, сар, хугацаа, хаяг байршил тодорхойгүй байсан байна.

Шалгалтын явцад 12 иргэний 212 ширхэг нийт 381.600 мянган төгрөгийн хэвийн боов, есөн ширхэг нийт 72.000 мянган төгрөгийн еэвэнг газар дээр нь буцаан татан авалт хийлгүүлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. МХЕГ-аас иргэдийг он, сар, хугацаа тавиагүй хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг сэрэмжлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Санхүүгийн зохицуулах хороонд ирсэн 267 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ

Холбоотой ЗурагСанхүүгийн зохицуулах хороонд өнгөрсөн онд иргэд, үйлчлүүлэгчид, хөрөнгө оруулагч нараас нийт 267 өргөдөл, гомдол ирүүлжээ. Эдгээрийн дийлэнх нь буюу 54 хувь нь даатгалын компаниуд, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагаатай холбоотой байжээ. Үүнд даатгалын компани нөхөн төлбөр олгохоос үндэслэлтэй татгалзсан тохиолдлын тоо нийт өргөдлийн жар гаруй хувийг эзэлсэн байна.

Жолоочийн хариуцлагын албан журмын, тээврийн хэрэгслийн, орон сууцны зээлдэгчийн эрсдэлийн болон бусад төрлийн даатгалын тохиолдлуудад хамаарах 141 өргөдөл, гомдлыг хянан үзсэний үндсэн дээр даатгагчаас даатгуулагч иргэн, хуулийн этгээдийн нөхөн төлбөрт нийт 729.1 сая төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн давхар даатгагчаас нийт 1,849.3 сая төгрөгийг олгуулжээ.

Үнэт цаасны зах зээлтэй холбоотой өргөдөл, гомдол нийт өргөдлийн хорин зургаан хувийг эзэлсэн байна. Тэдгээрийн дийлэнх нь эзэмшигчийн зөвшөөрөлгүй хийгдсэн арилжаатай холбоотой гомдлууд байгаа аж. Эзэмшигчээс нь зөвшөөрөл авалгүй дур мэдэн үнэт цаас арилжаалсан үйлдлийг Хорооноос үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 17 брокер, дилерийн компани хийснийг тогтоожээ. Нийт 17 хувьцаа эзэмшигчийн үнэт цаасыг зөвшөөрөлгүй арилжаалсныг хянан шалгаж, гурван иргэний хохирлыг барагдуулсан байна. Түүнчлэн нэг иргэний дөрвөн ширхэг хувьцааг буцаан байршуулах, нэг иргэний 2006 оноос хойших ногдол ашгийг нөхөн олгуулах, 11 иргэний хохирлыг барагдуулах шийдвэр гаргажээ.

Банк бус санхүүгийн байгууллагуудтай холбоотой нийт 34 өргөдөл, гомдол ирсний ихэнхийг зээлийн хүү, алданги буруу тооцсон, барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй, зээлийн гэрээг тухайн ББСБ өөртөө давуу эрх олгох байдлаар байгуулсан, Зээлийн мэдээллийн санд шинэчлээгүйгээс зээлийн ангилалд сөргөөр нөлөөлсөн зэрэг гомдлууд эзэлжээ. Хадгаламж, зээлийн хоршоодод холбогдуулсан 19 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд хувь нийлүүлсэн хөрөнгийн болон гишүүдийн гэрээний маргаан ижил хэмжээтэй байсан байна. Өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэж, үүрэг даалгавар, чиглэл болон мэдэгдлийг өгч ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сараас эхлэн сугалааны тохирол шинэчлэгдсэн хувь хэмжээгээр явагдана

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 2 дугаар сарын сугалааны тохирол 18ы ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн таны 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой.

Энэхүү сугалааны тохирол нь 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул Сангийн сайдын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар батлагдсан Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарна. Өөрчлөлтийг доор зургаар үзүүллээ.


Categories
мэдээ нийгэм

Засгийн газар тэтгэврийн нас, хүүхдийн мөнгө, татварын асуудлаар хуралдана

ЗурагЗасгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр “Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой. Хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна. Иргэдийн илүү төлсөн татварын мөнгийг буцааж олгохоор ОУВС-тай ярьж тохирлоо. Цаашид нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төлөвлөсөн. Мөн төрийн албан хаагчдын цалин нэмэхээр болсон” хэмээн мэдэгдсэн.

Эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийг Засгийн газар өнөөдөр яаралтай горимоор хэлэлцэн лхагва гарагт УИХ-д өргөн барьж, чуулган завсарлахаас өмнө шийдвэрлүүлэх чигтэй ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Улсын онцгой комисс Увс аймагт ажиллалаа

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 11 сумын 787 айл өрх отроор явж байгаа бөгөөд эдгээр айл өрхөд жирэмсэн эх 28, өндөр настан 125, 0-5 насны хүүхэд 317, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 63 байна. Харин отроор 273024 мянган толгой мал явж байгаагаас бод 9578, бог 263446 толгой байгаа юм байна. Малчид 2017 онд өөрийн хэрэгцээнд өвс 50100 тн, тэжээл 1900 тн, давс, хужир 8020 тн бэлтгэхээс өвс 44737 тн, тэжээл 1185 тн, хужир шүү 5637 тн бэлтгэсэн бол аймгийн 2016 оны өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөнд 319 тонн өвс, 64.0 тонн тэжээл, 2017 онд шинээр нэмж 180.0 сая төгрөгөөр 300 тонн өвс, 180 тонн тэжээл бэлтгэжээ.

Сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөнд 685.9 тонн өвс, 188.3 тонн тэжээл бэлтгэсэн бөгөөд аймаг болон зудтай, зудархуу байгаа сумдын өвс, тэжээлийн нөөц дууссан гэж аймгийн Засаг даргын орлогч Ч.Батболд танилцууллаа. Тус аймагт улсын чанартай Улаан даваа, Боршоо, Наранбулаг, Сонгино зам даваанд шуурхай ажлын хэсгүүдийг ажиллуулж байгаа бөгөөд Цагаанхайрханы “Мөндөөхэй”, Хяргас “Нарийн зураа” зэрэг орон нутгийн чанартай чиглэлийн зам давааг өөрсдийн хүчээр гаргах ажлыг зохион байгуулан ажиллажээ.

Тус аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Наранбулаг, Өндөрхангай, Тэс, Хяргас сум зудтай, Зүүнхангай, Малчин, Улаангом зудархуу байгаа бөгөөд Завхан, Тариалан, Цагаанхайрхан сумын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч 5900 толгой мал хорогдоод байна. Тухайлбал: Тэмээ 7, адуу 187, үхэр 312, хонь 2122, ямаа 3209 хорогджээ. Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комиссын шуурхай бүлэгт хандан хэд хэдэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа.

Аймгийн аюулгүйн нөөцөнд өвс, тэжээл нэмж бэлтгэхэд 500 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, Хяргас сумын Засаг даргын тамгын газарт автомашины асуудлыг шийдвэрлэх, Бөхмөрөн, Тэс, Зүүнговь сумдын Эрүүл мэндийн төвүүдэд автомашины асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн Тэс сумын Улсын нөөцийн цэгийг Наранбулаг сум руу шилжүүлэх, Өндөрхангай суманд шинээр Улсын нөөцийн цэгийг байгуулах саналыг ч тавьсан юм.

Аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, сумдын өвс, тэжээлийн нөөц дууссан зэрэг аймаг, орон нутгаас тавьсан саналыг үндэслэн Увс аймагт улсын нөөцөөс 1060 тонн өвсийг үнэгүйгээр, 500 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэж, өвс, тэжээлийн эхний цувааг аймаг, орон нутагт хүлээлгэн өглөө.