Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын өвлийн наадам” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Тус өвлийн наадмын хүрээнд гэр бүлийн буухиа тэмцээн болон олс таталтын тэмцээнийг зохион байгуулах юм.

Гэр бүлийн буухиа тэмцээнд нэг багийн бүрэлдэхүүн /аав, ээж, эсвэл эмээ, өвөө, 12 хүртэл насны 1 хүүхэд/ 3 гишүүнтэй байх бол олс таталтын тэмцээний нэг баг 5 эрэгтэй, 3 эмэгтэй гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.

Гэр бүлийн буухиа тэмцээн 11:00-13:00 цагийн хооронд, олс таталтын тэмцээнийг тухайн өдрүүдийн 13:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна. Тэмцээн тус бүрт эхний 1, 2, 3 байрыг шалгаруулна. Байр эзэлсэн багуудад өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагналыг гардуулах юм.

“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр зохиогдох уралдаан тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг. Нийслэлийн иргэд та бүхэн улиран одож буй Гал тахиа жилээ үдэн гэр бүлийн хамт амралтын өдрүүдээ зугаатай өнгөрүүлээрэй гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга нагац ахынхаа алтан амийг аварсан элэгний донорыг эргэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд анх удаа элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 42 настай өвчтөний донор болох Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэнийг эргэж, хагалгаа амжилттай болсонд баяр хүргэлээ. Хагалгаа нийт 7 цаг 7 минут, донорын хагалгаа 5 цаг гаруй үргэлжилжээ. Хагалгааны явцад цус гараагүй учраас цус сэлбэх шаардлага гараагүй гэнэ. Донорыг хагалгаанаас 24 цагийн дараа тасагт шилжүүлжээ. Донорын бие баруун элэг тайрах хагалгааны дараах байдалтай байгаа бөгөөд эмчилгээ, шинжилгээ нь цагийн хуваарийн дагуу хэвийн явагдаж буйг эмч нар хэлж байв. Ийнхүү залуу хүний эр зориг, эрч хүчээр өөрийн бие, сэтгэлийг дайчлан амьд донор болж нагац ахынхаа алтан амийг аварсан Говь-Алтай аймгийн Цогт сумын иргэнд хотын даргын зүгээс аз жаргал, эрүүл энхийг хүсэв. гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Татварын нэмэгдлийг хүчингүй болгохтой холбоотой хуулийн төслийг өргөн барина

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зурган илэрцүүдЗасгийн газрын ээлжит бус хуралдаан болж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Цалин, хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг хуучнаар нь буюу нэг шатлалтай, 10 хувь болгохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Төсөл батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх дээшлэх бөгөөд бизнесийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болох давуу талтай гэж Засгийн газар үзлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний хуралдаанаар хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай байхаар тооцон энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ХСҮТ элэгний хатуурал, хавдартай 20 хүнд элэг солих хагалгаа хийхээр төлөвлөж байна

Хавдар судлалын үндэсний төвд анх удаа элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг энэ сарын 28-ны өдөр амжилттай хийсэн билээ. Энэ талаарх мэдээллийг НЗДТГ, ХСҮТ, “Элэг нэгт Монголчууд сан” хамтран өнөөдөр хэвлэлийнхэнд өгсөн юм.

Өвчтөн 42 настай, Улаанбаатар хотын иргэн бөгөөд нагац дүү нь түүнд өөрийн элэгний талыг “бэлэглэж” амьдрал хайрласан байна. Одоогоор донорын биеийн байдал сайжирч энгийн тасагт шилжжээ. Харин өвчтөний хувьд биеийн байдал нь тогтвортой, хэвийн, хагалгааны дараах эмчилгээндээ хамрагдаж байгаа аж.

Энэ үеэр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хүнд амьдрал бэлэглэнэ гэдэг бол үнэхээр сайхан зүйл. Бид бүхэн Хавдар судпалын үндэсний төвийн хамт олон Монгол Улсын эрүүл мэндийн салбарт маш том алхам хийж, элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн маш сайхан үйл явдлын гэрч болж байна. Яг 1 жилийн өмнө бид бүхэн энд цуглараад элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авч өгөх гэрээнд хамтарсан гарын үсэг зурж байсан. Тэр цагаас хойш үе шаттайгаар ажил өрнөж өнөөдөр ХСҮТ-ийн өргөтгөл ашиглалтад орж улмаар эхний өвчтөнд хагалгааг амжилттай хийж чадлаа. Нийслэлд Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг. Тиймээс тус мэс заслын хамгмийн эхний иргэн нийслэл хотын харьяа байлаа. Нийт нийслэлчүүдийнхээ өмнөөс ХСҮТ-ийн хамт олон, хагалгааны багийн хамт олон, “Элэг нэгт монголчууд сан”, Самсунг электроникс зэрэг хамтран ажилласан бүх хүнд талархаж байна. Монголчууд бид санаа нэгдээд хамтарч ажиллаж чадвал бүтэхгүй болохгүй зүйл үгүй юм гэдгийн бас нэгэн тод жишээ энэ боллоо” хэмээн онцлов.

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн “Хагалгаа нийт 7 цаг 7 минут, донорын хагалгаа 5 цаг гаруй үргэлжилсэн. Хагалгааны явцад цус гараагүй, цус сэлбэх шаардлага гараагүй. Хагалгааны дараах үе жигд явж байна. Бүрэн эдгэрээд гартал эмч бид тайвширдаггүй. Эмнэлгийн үүдээр гарахад л эдгэрлээ гэж ярьдаг.

Бидний гол зорьж байгаа зүйл элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэх. Элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэхэд энэхүү хагалгаа том алхам боллоо. Хагалгааны техник, процессын хувьд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг дээр хийгдэж байгаагаас ялгаагүй. УНТЭ-ийн хувьд 40 гаруй хагалгаа амжилттай хийсэн, туршлагатай.

Энэ жил манай төсөвт 650 сая төгрөг буюу 7 хагалгааны мөнгө Засгийн газраас тавьж өгсөн. Элэг нэгт Монголчууд хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт хийгдэж байгаа. Бид 2018 ондоо 7 хагалгаа, цаашид жилдээ 20 орчим хагалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна. Бид элэгний хатуурал дээр хавдартай хүнийг сонгож хагалгаагаа хийж байгаа.

Элэгний хорт хавдрын өвчлөл өндөр хэвээрээ байна. Эрт илрүүлэх тусам өвчлөлийн тоо нэмэгдэнэ. Гэхдээ өвчлөлийн тоо гэхээсээ илүү бид нас баралтаа бууруулахаар зорьж ажилладаг. Энэхүү хагалгааг амжилттай хийхэд маш том тус болсон “Элэг нэгт монголдчууд сан”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Самсунг электроникс болон Самсунг эрүүл мэндийн төвийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ө.Энхтүвшин: Гамшгийн эрсдэлийг бууруулах санд төсвийнхөө хоёр хувийг төвлөрүүлэх ёстой

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй Шуурхай бүлэг өнөөдөр (2018.01.30) Увс аймгийн Онцгой комиссыг хуралдуулав.

Увс аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын гишүүн Ц.Батболдын мэдээлснээр, Увс аймаг 17173 малчинтай, 8950 малчин өрхтэй, 12909 малтай өрхтэй. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 11 сумын 787 айл өрх отроор явж байгаа бөгөөд эдгээр айл өрхөд жирэмсэн эх 28, өндөр настан 125, 0-5 насны хүүхэд 317, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 63 байна.Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3,1 сая малтай.

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор Увс аймгийн ЗДТГ-т өвс, тэжээл худалдан авахад 30 сая, төсвийн тодотголоор 210.8 сая төгрөг олгов. Эдгээр санхүүжилтээр бэлтгэсэн Увс аймгийн нөөц дуусчээ.

Увс аймагт өнгөрсөн 7 хоногт агаартаа -35 хэмээс -47 хэм, хөрсөндөө -40.9 хэмээс -52хэмийн хүйтэн хоносон. Нийт 18 суманд 1см – 31см цастай байна. Сумдын өвөлжилтийн байдлыг үзүүлбэл:

Зудтай: Баруунтуруун, Зүүнговь, Наранбулаг, Өндөрхангай, Тэс, Хяргас.

Зудархуу: Зүүнхангай, Малчин, Улаангом.

Өвөлжилт хүндэрсэн: Завхан, Тариалан, Цагаанхайрхан.

Өнөөдрийн байдлаар: 5900 толгой мал хорогдоод байна. Тухайлбал: Тэмээ 7, адуу 187, үхэр 312, хонь 2122, ямаа 3209 хорогдсон байна.

Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комисст тавьсан саналаас заримыг дор онцлов.

1. Аймгийн аюулгүйн нөөцөнд өвс, тэжээл нэмж бэлтгэхэд 500 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх. /1000 орчим тонн өвс/

2. Хяргас сумын Засаг даргын тамгын газарт автомашины асуудлыг шийдвэрлэх.

3. Бөхмөрөн, Тэс, Зүүнговь сумдын Эрүүл мэндийн төвүүдэд автомашины асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “Танай аймагт 0-5 настай хүүхдийн эндэгдэл нэлээд өндөр буюу 2016 онд 55, 2017 онд 45 гарчээ. Сум, өрхийн эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нийгмийн үйлчилгээ үзүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй. Хүүхдээ аврах тал дээр илүү анхаарч ажиллаарай” гэв.

ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Ганхуягийн “Малын хорогдлын шалтгааныг тодруулж асуумаар байна. Тэмээ өвчилж байгаагийн онош юу вэ” гэсэн асуултад аймгийн ХАА-н газрын дарга “Тэмээний өвчлөл гарсан эхний хоёр сумдад антибиотикийн эмчилгээ хийснээс өвчлөл буурсан, одоогийн байдлаар өвчнөөс болж хорогдол гараагүй. Шинжилгээний дүнд малын гоц халдварт өвчин биш болох нь тогтоогдож байгаа” гэж хариуллаа.

ЗГХЭГ-ын референт Ч.Хүрэлчулуун “2017 онд Өмнөговь, Өлгий сумдад автомашин, 2018 онд Наранбулаг, Ховд сум, Баруунтуруу сумын Зүүнтуруу багт автомашин олгохоор төсөвт суулгаад байгаа, харин Хяргас сумын тухайд өвөлжилттэй холбоотойгоор шинээр үүссэн нөхцөл байдал гэж ойлгож байна. Сая тавьсан Увс аймгийн хүсэлтийг ЗГХЭГ-т танилцуулна” гэж мэдээллээ.

Онцгой комиссын хуралдааны төгсгөлд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин асуултыг аймгийн Онцгой комиссын гишүүдээс асуулаа. “Оросоос оруулж ирсэн тэжээлийг хэчнээн тонныг ямар нөхцлөөр борлуулав, ноосны урамшуулалд хэдэн төгрөг авахаар байгаа вэ, бусад аймагт отроор яваа малчдаа эргэж чадсан уу, Гамшгийн эрсдэлтэй тэмцэх хуулиар төсвийн 2 хувиар аймаг болгон нөөц бүрдүүлэх ёстой, Увс бүрдүүлсэн үү. Цэцэрлэг, сургуулийн ирц хэр байна, отроор яваа айлуудад ханиад томууны өвчлөл ямар байгаа бол?”

“Нийт 902 тонн буюу 318 сая төгрөгийн тэжээл орж ирсэн. Ноосны урамшууллаар 80 гаруй сая төгрөгийн тэжээл борлуулсан. Малчид ноосны урамшуулалд 1,5 тэрбум төг авахаар байгаа. Гамшгийн эрсдлийг бууруулах санд 280 сая төгрөг төсвөөс бүрдүүлсэн. Сумдын Засаг дарга нар отроор яваа малчдаа бүрэн эргэж очсон. Ханиад томууны өвчлөл нэлээд буурсан” гэж Увс аймгийн Онцгой комиссын гишүүд хариуллаа.

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Шуурхай бүлэг өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, шуурхай арга хэмжээ авч байна.

Мэдээлэл зөрүүтэй байхад шийдвэр оновчгүй гардгийг анхаарч, цаашид бид мэдээллээ үнэн зөв, тэгээд шуурхай өгч, авч баймаар байна. Аймаг бүр гамшгийн эрсдлийг бууруулах санд төсвийнхөө 2-оос доошгүй хувийг төвлөрүүлэх хуулийн заалтыг биелүүлж ажилла. Цаашид аймаг энэ үүргээ биелүүлэхгүй бол улсын төсвөөс нэмж үзүүлдэг тусламж дэмжлэгийг зогсоох хүртэл арга хэмжээ авах болно. Отор нүүдлээр яваа айл өрхөд хүнс болон шаардлагатай эд материалыг нь хүргэж өгөөд, уулзаж урам зориг өгч байгаарай” гэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Ус, бэлчээрийнхээ даацыг тооцоогүй, тоо хөөсөн чанаргүй мал аж ахуй хөгжүүлж яваагаа эргэж хармаар байна. Хүний ухаарч бодоогүйг зуд гүйцээгээд өгдөг юм байна. Аварга, шилдэг малчнаар малын тоо толгойг өсгөсөн гэхээсээ мал сүргийнхээ чанарыг дээшлүүлсэн, үүлдэр угсааг сайжруулсан, туршлагаа залуу малчдад зааж сургасан амжилтаар нь аваргуудаа шалгаруулах нь зүйтэй” гэв.

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Увс аймагт улсын нөөцөөс 1060 тонн өвс, 550 тонн тэжээл олгохоор болсноо мэдэгдээд, ирэх жил дахиад өвөл болно гэдгийг санаж бэлтгэлээ сайн базаахыг үүрэг болголоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мөсний шагайн харвааны УАШТ энэ амралтын өдрүүдэд болно

Олон зуун жилийн түүхтэй уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэх, харваачдийн залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлан цаашид төгөлдөржин хөгжих үндэс, нөхцөлийг бий болгох зорилгоор Монголын Үндэсний Мөсний Шагайн Холбооноос “Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг энэ сарын 2-4-ний хооронд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулна. Тус наадамд Архангай, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймаг, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан, Налайх дүүргийн төлөөлөл болох 10 аймаг, нийслэлийн 7 дүүргээс нийт 200 гаруй харваач оролцоно.

Мөсний шагай харвааны талбайг дэвжээ гэж нэрлэх бөгөөд дэвжээний өргөн 3-5 метр, урт 60-90 метр зайтай байдаг бөгөөд уламжлалын дагуу усны урсгал дагуу сум харвадаг байна. “Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр сонирхогчдод зориулан тусгай талбай зассан байх тул айлчлан ирж буй Шар Нохой жилийн аз хийморийг мөсөн шагайн харваагаар шинжихийг урьж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн явуулын хөдөлгөөнт пост ажиллаж байна

Хот хоорондын замаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын сахилга бат, хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, мал, мах, түүхий эд, мод, модон материалын хууль бус үйлдэлтэй тэмцэх ажил явагдаж байна. Үүний хүрээнд Архангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс албан хэрэгцээнд тусгай зориулалт бүхий “Ford Trasit” маркийн автомашиныг шийдвэрлэн хүлээлгэн өглөө.

Тус аймгийн Цагдаагийн газраас уг автомашиныг гадна орчны хөдөлгөөнийг хянах хяналтын камер байрлуулан тоноглож, хоёр алба хаагч амрах унтлагын ор, хүйтний улиралд ашиглах галлагааны пийшин, бичиг хэргийн ширээ, сандал, гал зуухны шүүгээ, хийн зуух болон гал тогооны иж бүрэн хэрэгслийг бэлтгэн хот хоорондын замд хөдөлгөөнт эргүүл, явуулын постыг байнга ажиллуулан хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Блэйк Гриффинийг Пистонс руу явууллаа

НБА-д солилцооны зах хаагдахад хэдхэн хоногийн хугацаа үлдээд байгаа билээ. Энэ хооронд НБА-д бас нэгэн өөрчлөлт гарч болохуйц эхний солилцоо хийгджээ. Тодруулбал энэ зун Крис Полыг алдаад байсан Лос Анжелес Клиппэрс сэргээн босголт хийж, удаан хугацааны тогтвортой байдлаа алдахгүйн тулд Блэйк Гриффинг явуулсан байна. Харин оронд нь Дэтройт Пистонсоос Тобаиас Харрис, Эвэри Брэдли, Бобан Марянович драфтын нэг болон хоёрдугаар тойргийн эрхүүдийг өөрийн болгосон байна.

Ингэснээр Дэтройт Пистонс Блэйк Гриффин, Андрэ Драммонд гэсэн самбарын хослолтой болж байгаа юм. Мөн хасагдах шатанд тэдэнд хэрэгтэй од тоглогчоо олж чадлаа. Харин Клиппэрсийн хувьд Гриффин, ДэАндрэ зэрэг тоглогчдыг ойрын ирээдүйд зүйгээр алдаж болох эрсдэлээс зайлсхийж ямар ч байсан роль тоглогчид болон драфтын эрхүүдийг цуглуулж чадлаа. Сүүлд гарсан мэдээллээр тэд ДэАндрэ Жордан болон Лью Уиллиамс нарыг хүртэл солилцоонд оруулахад бэлэн гэж мэдэгдээд байна.

Categories
мэдээ улс-төр

Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.30) УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хууль тогтоомжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа бусад хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах шийдвэрийн төслийг хамт боловсруулж, холбогдох тооцоо, судалгаа хийсэн байна” гэж заасан боловч Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгохдоо түүнд холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулаагүй байна.

Улсын Их Хурлаас Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг батлан гаргахдаа энэ хуулийг дагаж 8 хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталж, хууль тогтоомжийн уялдааг хангах ажлыг хийсэн боловч холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулалгүй орхигдуулсан нь хуулийн хийдэл, зөрчил үүсгээд байгаа нь энэхүү хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болж байна.

Хууль батлагдсаны дараа хууль тогтоомжийн уялдаа холбоо сайжирч, хуулийн хийдэл, зөрчил арилах хийгээд иргэд, хууль хэрэгжүүлэгч болон түүнийг хэрэглэгчдэд нэг мөр ойлгомжтой болох эерэг нөлөөтэй. Улсын болон орон нутгийн төсвөөс ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг байгуулах асуудлыг түр хойшлууллаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2018.01.30/ хуралдаан 10 цаг 34 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиудын хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ, Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлж баталсантай холбогдуулан иргэдээс 6700 гаруй өргөдөл, гомдол тус Байнгын хороонд ирүүлсэн. Уг асуудалтай холбогдуулан иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна гэж Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Батзандан Б.Энх-Амгалан, Л.Энхболд, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж, М.Билэгт нар үг хэлж, байр сууриа илэрхийлэхийн сацуу санал хэлж байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээ хийж буй энэ үед уг асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулахыг түр хойшлуулах тухай горимын санал гаргав. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан, эргэж буцсан шийдвэрүүдийг Засгийн газар гаргаж байна, эдгээр шийдвэрийн дүнд улсын төсөвт ямар хүндрэл учирж буй талаар тодруулахад Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбат хийсэн тайлбартаа, энэ оны хоёрдугаар сарын 10-н гэхэд эцсийн дүн гарна. Урдчилсан тооцоогоор, хуримтлагдсан татварыг эргүүлэн олгоход хүндрэл гарахгүй гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүд, Монгол Улс өрийн дарамтанд орж байх үед нэн хөнгөлттэй зээл авах шаардлагатай тулгарсан. Энэ үед Засгийн газар Олон улсын валютын сантай гэрээ байгуулснаар донор орнуудаас нэн хөнгөлттэй зээл авч, өмнөх өндөр хүүтэй өрийг барагдуулсан. Өнөөдөр эдийн засагт эерэг дүн гарч, Монголбанк 500 гаруй сая ам.долларын валютын нөөцтэй болсон төдийгүй тус сантай зөвшилцсөний дүнд Засгийн газраас УИХ-д хууль өргөн барих гэж байна. Эдийн засагт өнөөдөр эерэг үзүүлэлт гарснаар татварыг тэглэх боломж нээгдэж байна. Энэ шийдвэр бол эргэж буцсан шийдвэр биш гэдгийг ард иргэддээ ойлгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. Ийнхүү УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсэг байгуулах асуудлыг түр хойшлуулах тухай санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.