Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 16 градус хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 29-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун хойноос өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Суулга одтой, шар бич өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 16, Ангараг гариг. Билгийн тооллын битүүн, Суулга одтой, шар бич өдөр. Өдрийн наран 8:24 цагт мандан, 17:33 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч Д.Мөнгөндалай “ШХАБ-д элсэхийн ач холбогдол ба ашиггүй талууд” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Хоёр улс дамнасан нүүрс тээврийг Хятадын тал санаатайгаар зогсоож байгаа нь Ганцмодны хилийн боомт дээрх 400 гаруй хятад иргэний жагсаалаас тодорхой харагдаж байгаа билээ. Энэ талаарх сурвалжилгыг тэргүүн нүүрнээс хүлээж аваарай.

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа. Тэрээр уулзалтын үеэр “Дагуул хот байгуулахад хямд өртгөөр орон сууц барих боломжтой үйлдвэр бэлэн байна” хэмээжээ. Үүний тухай сурвалжилгыг нэгдүгээр нүүрнээс хүлээн авч үзээрэй.

УИХ-ын гишүүн С.Жавхлантай хийсэн ярилцлагыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс хараарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайн “ШХАБ-д элсэхийн ач холбогдол ба ашиггүй талууд” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

Өчигдөр МАН бүлэг хуралдсан юм. Хуралдаанд юу хэлэлцсэн талаар бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ. Улс төрийн дөрөвдүгээр нүүрэн дэх “Шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн компаниудад хариуцлага тооцно гэв” сурвалжилгаас уншаарай.

“Цэвэр зуух санаачилга” хөтөлбөрийн Монгол Улс дахь хэрэгжилтийн талаарх Дэлхийн банкны судалгаанаас хүргэж байгааг улс төрийн тавдугаар нүүрнээс үзэх боломжтой.

“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн” байгуулагдсан байна. Уг хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяртай хийсэн ярилцлагыг VI нүүрнээс хараарай.

Танин мэдэхүй нүүрнээс “Хөвгүүдийг саунд суулгаж, генийн өөрчлөлттэй тахианы мах идүүлбэл үргүй болно” сурвалжилгыг үзээрэй.

Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд” шагналт зохиолч, яруу найрагч З.Ядмаатай уулзаж хөөрөлдсөнийг уран бүтээлч нүүрнээс хараарай. Тэрээр “Пүрэвдорж багштан “Газар мундсан биш Галзуугийн больницид архи уухдаа яадаг байна” гэж даапаалсан” байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ нийгэм

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг НҮБ-ын суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2018.01.15) НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн эрхлэх асуудлын хүрээ, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар харилцан ярилцаж, хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов.

Хатагтай Наоми Китахара “Өнгөрсөн жилүүдэд бид амжилттай хамтарч ажилласан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг батлаж, Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж байна. Энэ онд нийгмийн хөгжлийн чиглэлээр хөрөнгө оруулах нь Тогтвортой хөгжлийн зорилтуудаа биелүүлэхэд эерэг үр дүнд хүргэнэ. Иймд цаашид бид НББСШУ-ны Байнгын хороотой хамтран залуучуудыг чадавхжуулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна.

НҮБ-ын Хүн амын сан ирэх гурван жилийн стратегийг боловсруулсан бөгөөд эхийн эндэгдэл, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох асуудал багтаж байгаа” гээд эдгээр зорилтуудад хүрэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Залуучуудын хөгжил, гэр бүл төлөвлөлтийн тал дээр манай Байнгын хороо анхаарлаа хандуулж ажиллах болно. 2018 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөн дээр бид нөлөөллийн сургалт, хэлэлцүүлгийн хэв маягыг өөрчлөх саналтай байна гэдгээ илэрхийлэв. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чиглэлээр тодорхой ажлууд хийгдэх гэж байгааг дуулгаад хамтран ажиллахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД МОТОЦИКЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХОРИГЛОЛОО

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны хугацаанд Мотоциклийн хөдөлгөөнийг түр хоригложээ. Захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр аймаг дахь Цагдаагийн газраас сумдын хэсгийн дарга, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт үүрэг, ажлын чиглэл өгч, эргүүлийн болон хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

ХУУЛЬ БУС АВТОМАТ ТОГЛООМЫН ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, гэнэтийн хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авчээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой нэр хаяггүй байранд автомат тоглоомын үйл ажиллагаа хууль бусаар явуулж байсан газруудын олсон орлого, автомат тоглоомд ашиглагддаг төлбөрийн карт зэргийг хураан авсан байна. Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан” зөрчлийг илрүүлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгалтын ажиллагааг хийж байна.Түүнчлэн тухайн тоглоомын газруудаар үйлчлүүлж байсан 21-50 насны 100 гаруй иргэнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгажээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 83 хувь нь эрэгтэй, үүнээс 18-35 насны залуус 80 гаруй хувийг нь эзэлж байгаа гэсэн тоон үзүүлэлт байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийх айлчлал үргэлжилж байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын үеэр нар, салхины эрчим хүчний төслүүдэд БНСУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий сайд маргааш БНСУ-ын Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийнэ.

Хөтөлбөр ёсоор Ерөнхий сайд яг одоо БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж байна. 2017 оны байдлаар Өмнөд Солонгост Монгол Улсын дөчин мянган иргэн сурч, ажиллаж амьдарч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнэ нэмсэн нефть импортлогчдод эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар А-95, 98 төрлийн нано шатахуунаа үнийг нэмж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн нефть импортлогчдыг шалгуулахаар прокурорт ханджээ. Ингэснээр тэдэнд хэрэг үүсгэж, шалгах бөгөөд хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх болно. Нефть импортлогчид А-95, 98 төрлийн шатахуунаа литр тутамд 250-300 төгрөгөөр нэмснээ өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн бөгөөд Засгийн газар шатахууны импортод ноогдуулах Онцгой албан татварынхаа үнийн дүнг бууруулахгүй бол цаашид A-95, 98 төрлийн шатахууныхаа үнийг нэмж, литр тутмыг нь 1950-1980 төгрөгөөр худалдаална гэдгээ мэдсэн юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Шунхлай”, “Сод монгол”, “Магнай трейд”, “Петровис”, “Тэс петролиум” зэрэг компаниудад таван сая хүртэлх төгрөгийн мөнгөн торгууль ногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Энэтхэгийн II бага хурал шинэ делид болов

Энэтхэгийн Засгийн газрын Соёлоор харилцах зөвлөл, Жавхарлал Неругийн нэрэмжит их сургууль, “Энэтхэг сан” болон Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яам хамтран Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны II бага хурлыг Шинэ Дели хотноо 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулав. Жавхарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн хурлын төвд болсон бага хурлын үеэр Монголын тухай сүүлийн хоёр жилийн хугацаанд Энэтхэгт хэвлэгдсэн ном товхимол, сэтгүүл, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэн үзүүлэв. II бага хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын Монгол судлалын холбооны Дэд тэргүүний хувиар ивээн тэтгэсэн юм.

Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яамд, хоёр улсын Их, дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагуудын оролцоотойгоор “Чингис хаан, түүний өв, Монгол, Энэтхэгийн соёлын харилцаа” сэдэвт анхдугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2016 оны 9 дүгээр сард зохион байгуулах үеэр ээлжит бага хурлыг Энэтхэг Улсад зохион байгуулахаар II бага хуралд шийдвэрлэсэн билээ.

ШУТИС-ын Бизнес удирдлага, хүмүүнлэгийн Их сургуулийн багш, Дэд професор Б.Пүрэвсүрэн, Нүүдлийн соёл иргэншилийг судлах олон улсын хүрээлэнгийн захирал, Профессор Д.Пүрэвжав, Боловсролын Их сургуулийн багш, Профессор А.Оюунтунгалаг, Элчин сайд, Профессор Пунчок Стобдан, Жавхарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн Ази судлалын тэнхимын захирал, Профессор Шарад Сони зэрэг эрдэмтэн, судлаачид оролцон “Монгол, Энэтхэгийн харилцаа,Монголын бичиг, соёлын түүхэн дурсгалууд” сэдвийг хэлэлцэв.

Монгол, Энэтхэгийн харилцааны II бага хурлыг нээж Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Ганболд, Соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөлийн ерөнхийлөгч В.Сахасрабудде, Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн захирал Ж.Кумар, “Энэтхэг сан”-гийн захирал хошууч генерал Д.Каточ нар үг хэлэв.

Эртний Энэтхэгийн самгарьд хэлнээс монголчуудын уламжлан авч нутагшуулан хэрэглэсэн, шинээр зохиосон бичиг үсгүүд дорно дахины мэдлэгийн их өвийг Монгол нутагт түгээн дэлгэрүүлэхэд хүчтэй нөлөөлсөн. Эрдэм соёл, оюун санааны ойр дотно харилцаатай явж ирсэн. Монгол, Энэтхэгийн ард түмний уламжлалт хэлхээ холбоо шинэ агуулга, хэлбэрээр баяжин хөгжихөд үе үеийнхний хүчин зүтгэл, түүний дотор Монголчуудын дунд “Элчин багш” хэмээн хүндлэгдэн өнөө жил мэндэлснийх нь 100 жилийн ой нь тохиож буй БНЭУ-ны Элчин сайд асан Кушок Бакулагийн идэвх чармайлт чухал үүрэг гүйцэтгэсэн. БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модийн 2015 оны 5 дугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлал Монгол, Энэтхэгийн харилцаанд тэмдэглэлт үйл явдал болсон бөгөөд тэрхүү айлчлалын үеэр яригдсан асуудлууд амжилттай хэрэгжиж байгааг үг хэлсэн хүмүүс цохон тэмдэглэв.

Түүнчлэн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрүүлийг хамгаалах салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож, Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн дараагийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар хэлэлцэн тогтов.

Categories
мэдээ нийгэм

Хөдөө орон нутагт С вирусийн идэвхжил тодорхойлох, сүрьеэгийн оношилгоог хийдэг болно

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 15-65 насны хүн амыг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжүүлтээр элэгний В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 353445 хүн хамрагдаад байгаа бөгөөд хамрагдвал зохих хүн амын 47.1 хувийг эзэлж байна.

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын лабораторийн тусламж, үйлчилгээг чадавхижуулах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран нийт 114,382,400 (нэг зуун арван дөрвөн сая гурван зуун наян хоёр мянга дөрвөн зуун) төгрөгийн үнэ бүхий LD-3100 загварын 97 ширхэг эмнэлгийн лабораторийн центрифугийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэхүү тоног төхөөрөмж нь цус болон биеийн бусад шингэнээс шинжилгээ хийх дээж ялгах зориулалттай лабораторийн үндсэн суурь төхөөрөмж бөгөөд нэг удаад 24 сорьцийг ялгадаг, автомат тохиргоотой, төрөл бүрийн хуруу шилэнд тохирсон хамгийн сүүлийн үеийн загварынх юм. “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн анхан шатны нэгж болох сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг энэ удаад хангаж байна.

Мөн Эрүүл мэндийн яам ДЭМБ, Солонгосын Олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн хүрээнд 2017 онд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгуудаас нэг нэг сум, Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс нэг өрхийн эрүүл мэндийн төв сонгон хэрэгжүүлж нийт 23 нэр төрлийн 310 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, 45 эмч, мэргэжилтнийг сурган бэлтгэж өгсөн бол, одоо 2 GeneXpert тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. Үүнийг бид сүрьеэгийн өвчлөл, тухайн аймгийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Увс, Сүхбаатар аймгуудад хуваарилан олгож байгаа.

Уг тоног төхөөрөмжээр сүрьеэгийн төгс оношилгоо, мөн орон нутагтаа С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх бүрэн боломж бүрдэж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үер хэлсэн үгэндээ тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийж, урвалж оношлуурыг хангалттай захиалж, эмч мэргэжилтнийг сургалтад хамруулж, зохих мэдлэг ур чадварыг эзэмшүүлэн өвчтөнд эмнэлгийн тусламжийг шуурхай хүргэхэд бэлэн байдлыг хангаж ажиллана.

Ийнхүү “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөр болон “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн болон техникийн дэмжлэг үзүүлж ихээхэн хувь нэмэр оруулж буй ДЭМБ-т Монголын эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хувиасаа талархал илэрхийлье. Лабораторийн центрифуг, GeneXpert тоног төхөөрөмж хүлээн авч байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн та нартаа ажлын амжилт хүсч байна гэлээ.